A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4801/

О.Бат-Өлзий: 37 гэдэг нь миний хүүгийн утасны дугаарын арын тоо

О.Бат-Өлзий: 37 гэдэг нь миний хүүгийн утасны дугаарын арын тоо
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4801/

“Фантастик” продакшны дэлгэцийн олон ангит бүтээл “37-р точка” олны анхаарлыг татаж, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Гэтэл уг киноны талаар хотын дарга асан Э.Бат-Үүл “Энэ киноны нэр их муу ёрын. 37 дугаар точка байхдаа яах вэ дээ. 37 он руу заагаад, заналхийлээд байгаа аятай” гэж хэлсэн юм. Харин үүнд киноны ерөнхий найруулагч Б.Тамирын аав гавьяат жүжигчин О.Бат-Өлзий цахим хуудсаараа дамжуулан тайлбар өгчээ. Тэрбээр “Парламент сувгаар ярилцлага үзлээ. Миний найз болон миний үеийн нэртэй улстөрч хүмүүс ярьж байна. Тэд хувьсгалын гэж, сэхээтнүүд хувьсгал хийдэг тухай ярьж байснаа урлагийн тухай тэр тусмаа уран сайхны кино яриад эхлэлээ. Бүр “37-р точка”-г өөрсөд дээрээ нааж байна. Энэ кино та нарын тухай биш. Тэр тусмаа хувьсгалчдын тухай биш, захиалгаар ч хийсэн юм биш. Бат-Үүлээ 37 гэдэг нь миний хүүгийн утасны дугаарын сүүлийн тоонууд юм. Чиний хүчээр холбох гээд байгаа он цаг нь 1930-1938 он юм шүү дээ. 37 гэдэг муу ёрынх биш зүгээр л 38-ын өмнө байдаг тоо. Түүхэн баримтат кинонд харин чи мөнхөрч үлдсэн шүү дээ. Энэ “37-р точка” бол найз нөхөрлөлийн, тэр дундаа эрчүүдийн яс чанарыг өгүүлсэн кино. Та нар тэр балиар улс төрийн заваан нүнжиггүй амьдрал руугаа битгий чих, битгий сандар. Та нарын зүс төрхтэй ч дөхөж очсон царай байхгүй. Социализмын үед улс төрийн товчооны үзэл суртлын хэлтэс бүрэн бүрэлдэхүүнээрээ “Хүний мөр” киноны хоёрдугаар ангийг үзээд нэг иймэрхүү зүйл ярьж байсан гэдэг” хэмээн хатуухан бичжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сэлэм ба медальонаар баян генерал

 0 сэтгэгдэл

Хошууч генерал Б.Баярмагнай хоёр төрлийн хобби цуглуулдгаараа олноо танигдсан нэгэн. Тэрбээр өөрийн цахим хуудсандаа “Намайг 2009 онд бригадын генерал цол хүртэхэд ЗХЖШ-аас цэрэг сэлмийг дурсгаснаар миний сэлэмний цуглуулга эхэлсэн. Удалгүй Батлан хамгаалахын сайд Л.Болд зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүнд эртний монгол цэргийн хийц бүхий сэлэм дурсгалаа. Дараа нь "Монгол генерал төв" ТББ-аас бүх генералууддаа ганган хийцтэй орос сэлэм бэлэглэв. 2011 онд АНУ-д айлчлах үеэр Төвийн командлалын холбогч офицерууд АНУ-ын Тэнгисийн явган цэргийн сэлэм бэлэглэж дөрвөн сэлэмтэй болсноор цуглуулга болгох санаа төрсөн юм” хэмээн бичжээ. 

Б.Баярмагнай генерал “Нарантуул” захаас япон офицер болон цэрэг сэлэм тус бүр нэгийг худалдаж авснаар сэлэмний цуглуулга нь зургаа болжээ. Тэрбээр жил бүр боломжийн хэрээр цуглуулгаа баяжуулсаар өдгөө 18 сэлэмтэй болоод байгаа аж. Байрныхаа буланд эгнүүлж өрдөг жижиг тавиур хийлгэсэн нь цуглуулгаа эмх цэгцтэй болгожээ. Зай ч эзлээд байхгүй хадгалахад хялбар болсныг сонирхуулллаа. Цуглуулгаасаа герман сэлэм хоёр, америк сэлэм нэгийг хүнд дурсгажээ. Түүний цуглуулгад хоёр ижил хэрнээ өөр дугаар кодтой сэлэм байдаг байна. Мөн тэрбээр цэргийн байгууллагын медальоны цуглуулгатай. Өдгөө түүний медальоны тоо 800 гаруй болоод байгаа аж.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ш.Чимэдцэеэ: Бурхан надад бүхнийг өгсөн ч ханийн заяаг л харамлаж дээ

 0 сэтгэгдэл
  • Анх надад дууны сайхныг мэдрүүлж, аялгууд хайртай болгосон хүн бол миний ээж
  • Уртын дууны нотыг зохиосон хүн нь би юм шүү дээ. Миний зохиосон нот 24, дэлхийн дуу хөгжмийн нот долоо байдаг. Уртын дуунд долоон нот дэндүү багадана
  • Өөрийн биш хөрөнгөд шунах ямар олигтой байв гэж дээ. Үр хүүхдийнхээ амьдралын өмнө бул хар чулуу овоолж буйтай л ижил хэрэг. Юм гэдэг хариутай. Би энэ мөнгийг сэтгэл бардам төлж байна. Тэр хүний авъя гэсэн цөвүүн сэтгэл миний үр хүүхэд дээр ирээд тусчихвал би яах билээ

“Жаахан шарга”, “Алгирмаа”, “Тэнгэр ээж минь өршөө” зэрэг дууг бидний сэтгэлд хоногшиж, чихэнд сонсогдтол урлаж дуулсан МУАЖ Ш.Чимэдцэеэ бол Монгол түмний хайртай уран бүтээлчийн нэг. Тэрбээр гурван октав бүхий хоолойгоороо дэлхийд гайхагдаж явсан ховорхон авьяастай уран бүтээлч юм. Түүний энэ чадалтай хоолойд зориулсан, чансаа шалгах уран бүтээлийг Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай зохиож өгсөн нь одоо ч сонсогчдын сонорыг мялаасаар буй. Ард түмний хайртай уран бүтээлч, аугаа дуучин Ш.Чимэдцэеэ мандаж ч, гундаж ч явсан нэгэн. Гэхдээ зовлон, жаргалын алинд ч мөн чанар, хүн мөсөө алдахгүй гэсэн жанжин шугамыг түүнтэй хөөрөлдөх зуураа ойлгосон юм. Биднийг очиход тэрбээр үйл мэтгэж, олбог ширж суулаа.

-Сайн байна уу, та. Үйл уран уу. Таныг олбог ширж, худалдаалж байгаа гэж сонссон. Оёдол эсгүүрийг ээжээсээ сурсан уу?

-Намайг хүүхэд байхад айл бүхэн л оёдол, үйл хийдэг байлаа. Бидний үеийнхэн томчуудын оёж, ширэхийг харж байгаад л дуурайж мэтгэнэ. Тэгж хатгаад, ингэж оёно гэж хэн ч заахгүй шүү дээ. Гуравдугаар ангид байхад ээж минь хөллөгөө ширсэн юм. Хөллөгөө гэдэг чинь айхтар зузаан эд. Анх тэр хөллөгөөг ээжтэйгээ хамт ширж байсан гэхээр ширээсний хатууг эхэлж үзсэн байгаа биз. Гэхдээ насанд хүрээд нэг их үйл хийгээгүй. Хааяа өөрөө хэрэглэх ганц нэг олбог, дэвсгэрээ л ширдэг байлаа. Харин саяхнаас санхүүгийн хэрэгцээ тулгарч, өөрийгөө дайчлаад, үйл мэтгэж сууна даа.

-Хөл хорио тогтоосноос хойш дуу, хуурын ажил зогсож, урлагийнхны орлого хумигдаж байх шиг байна?

-Тийм шүү. Энэ аюултай өвчнөөс хойш урлагийн ажил нам зогссон. Тэгэхээр хэд, гурван цаас маань хумигдаад эхэлнэ шүү дээ. Би гурван ачтайгаа амьдардаг. Эднийхээ хоол, хүнсийг базаах хэрэгтэй. Цаанаас нэхэгддэг “сүрхий” мөнгө ч бий. Тэр нэхээсэнд тэтгэврийнхээ талыг өгдөг юм. Тэгээд л арга сүвэгчилж, ширдэг, олбог ширж сууна. Монголын ард түмэн надад хайртай юм даа, хөөрхий минь. Гадуур зарж байгаа ганган, чамин эдлэлээс минийх гавихгүй л дээ. Гэхдээ л таниар оёулж авмаар байна гэсэн хүн их ирдэг. Одоо захиалгаа ч дийлэхээ байсан.

-Жилийн өмнө таныг Д.Түвшинжаргал гуайгаас салах өргөдлөө өгтөл хөрөнгөө хуваах хэрэгтэй болсон талаар хэвлэлүүд хэсэг шуугисан шүү дээ. Цаанаас нэхдэг мөнгө гэснийг үүнтэй холбоотой гэж ойлголоо? 

-Тийм ээ. Шүүхийн шийдвэр нь гарчихсан болохоор энэ муу байраа алдчихгүй санаатай мөнгийг нь төлөх гээд мачийгаад байна. Уг нь энэ байраа би 82 сая төгрөгөөр л авсан юм. Гэтэл 360 гаруй сая төгрөгөөр үнэлүүлчихсэн юм билээ. Тэгээд л тэр мөнгөний талыг нь төлөх хэрэгтэй болчихсон. Одоо гэхдээ 100 хүрэхгүй сая төгрөг үлдсэн. Эрүүл байвал болох биз. Өөрийн биш хөрөнгөд шунах ямар олиг байв гэж дээ. Үр хүүхдийнхээ амьдралын өмнө бул хар чулуу овоолж буйтай л ижил хэрэг. Юм гэдэг хариутай. Би энэ мөнгийг сэтгэл бардам төлж байна. Тэр хүний авъя гэсэн цөвүүн сэтгэл миний үр хүүхэд дээр ирээд тусчихвал би яах билээ. Амьд байгаа дээрээ тэр мөнгийг нь өгчихсөн нь зөв гэж бодох болсон.

-10 гаруй жил ханилсан хань нь хүний сэтгэлд буумгүй муухай авирласанд хүмүүс их гайхаж, зэвүүцсэн шүү дээ. Та ч бишгүй л гомдож, цөхөрсөн байх? 

-Бид хоёр амьдарсан нэр л зүүсэн болохоос Түвшээ манайд ирэн, очин л байдаг байсан. Би тэр хүнд нэг их айхтар гомддоггүй юм. Түүнийг байсан байгаагүй би бүхнийг болгоно доо л гэж боддог. Ер би ухаан муутай хүнд гомддоггүй юм шиг байгаа юм. Би Түвшээд гомдоод, шаналж, цурхираад байгаагүй ч намайг хүнд байдалд орсуулсныг сонсох ард түмэнд тун бэрх байсан биз. Тухайн үед надад элдэв зурвас, дуудлага их ирдэг байлаа. Надад ирсэн зовлонг өөрөө л үүрэх хэрэгтэйг тэр үед би ойлгосон. Түмнийг зовоох хэрэг байхгүй юм билээ. Тиймээс энэ асуудлын талаар дахин хэвлэлд огт яриагүй. 

-Дуучин Т.Баясгаланг Б.Түвшинжаргал гуайд байр өгсөн гэж нэг хэсэг яригдаад байсан. Сүүлд танд байр өгчээ л гээд байсан. Аль нь үнэн байсан бэ? 

-Түвшинжаргалыг манайд амьдарч байхад Т.Баясгасан цагаан сараар ирж золгодог л байлаа. Тоглолтоо хийхдээ надаас ганц, нэг дээл авч өмсдөг үе ч түүнд байсан. Ер нь бид гэм, хоргүй л харилцаатай байсан. Түвшээ бид хоёрыг гэрлэлтээ цуцлуулсны дараа, Т.Баясгаланг надад байр өгчээ гэж гадуур яригдаж л байсан. Тийм зүйл болоогүй ээ. Би тэр хүнээс авлагатай биш. Надад өгье гэсэн ч би авахгүй. Муухай шүү дээ. Эцэгтээ өгөх нь зөв байх. Надад хоолой байна, ухаан, чадал ч бий. Өөрийнхөө хүчээр, өөрийгөө аваад л явна. Олон түмэн минь ч их дэм болж байна. Олны хүч оломгүй далай гэдэг үгийг би биеэрээ мэдэрсэн хүн. Дээхнэ үед бэр минь өвдөөд, би бас осолд ороод нэг хэсэг их хэцүү байлаа. Бүр сүүлдээ телевизэд хандаад, түмэн олноос тусламж хүссэн. Хандивын тоглолт ч хийсэн. Тэгтэл хэдхэн хоногийн дараа би хөл дээрээ босоод ирсэн шүү дээ. Эмнэлгээр ч нэг их явсангүй, учиргүй хадуулж, үдүүлсэнгүй. Олон хүний сэтгэлийн далай, “босоод ирээсэй” гэсэн их хүч хүнийг хөл дээр нь босгоод л ирдэг юм билээ. Ард түмэн гэдэг чинь шидтэй шүү дээ. Нэг хүн ийм олон хүний хайран дунд амьдарна гэдэг бурхны бэлэг л байх. Надад бурхан бүх л зүйлийг өгсөн. Гэхдээ юу ч тэгш байдаггүй хорвоо болохоор ханийн заяаг л харамлаж дээ гэж боддог юм. 

-Та Сүхбаатар аймгийн Уулбаян сумынх байх аа. Танай нутгийнхан хурд ихтэй шүү дээ. Хүүхэд байхдаа хурдан морь унадаг байв уу. Таны гийнгооны талаар гаргасан ном, CD байдаг юм билээ? 

-Орлой адууг бий болгосон хүн нь Орлойн баян Сувд шүү дээ. Би тэр хүний ач охин. Тэгэхээр багаасаа л морьтой ойр байж, хурдан морь унаж өссөн. Ер нь манай нутаг хурд ихтэй. Биднийг хүүхэд байхад морь уядаггүй айл гэж бараг байдаггүй байлаа. Би Мишиг гэж айлын гэлтэн, будан нэртэй хоёр азаргыг унадаг байсан юм. Тэднийх их хурдтай. Одоо хүү нь М.Баазар гэж алдартай уяач бий. Гэхдээ ганц Мишиг гуайнх ч биш тэр хавийн ихэнх айлын морийг хурдлуулна. Өөрийнхөө морийг ч унадаг байсан. Жижигхэн биетэй, сэргэлэн хүүхэд байсан юм гэнэ лээ. Нас өнжихгүй, наадам алгасахгүй л цогино доо. Тухайн үед одоогийнх шиг шагнал, мөнгө байх биш. Өвлийн үрээ унахаар зээрийн оноо заяа чанаж өгнө. Зуны үрээ унавал хоёр ёотон, хоёр чихэр, нэг төгрөг өгнө. Түүнийг аваад л бид чинь башийна шүү дээ. Би багадаа их сүрхий гийнгоолдог байсан юм. Манай нутагт гийнгоог марзай гэж ярина. Марзайд их учир бий. Түүний утга учир, билэг ерөөл үгүй болох вий гэж их санаа зовдог. Одоо унаач бүү хэл уяачид ч гийнгоог сайн мэдэхгүй болж. Би гийнгоог судлахад амьдралынхаа 10 орчим жилийг зориулсан хүн. Сүүлд CD ч гаргасан. Дэлхийн монголчууд их авдаг.

-Та цөөнгүй ном бичиж, олон CD гаргасан хүн шүү дээ. Одоо ч үйл урлаж, хойч үедээ ширэх, хатгахыг үлгэрлэж сууна. Завгүй байх таны имиж бололтой?

-Тийм шүү. Намайг гүйгүүл одонд төрсөн гэдэг юм. Тэгээд ч тэр юм уу, насаараа л борви, бохис хийсэнгүй. Гэхдээ өөрийнхөө дуртай ажлыг хийж байсан болохоор нэг их ядраагүй л дээ. Одоогоор 10 орчим ном бичиж, 20 гаруй CD гаргасан байна. Монгол Улс уртын дууны сургалтын сурах бичиггүй байсан юм билээ. Би энэ оны эхээр уртын дууны цогц мэдээлэл бүхий ном гаргасан. Олон жилийн судалгаа шингэсэн бүтээл юм. Төвөнхийн цохилго, шуранхай зэрэг дуулах эрдмийг заасан CD ч бий. Үүнээс гадна, уртын дууны нотыг зохиосон хүн нь би юм шүү дээ. Миний зохиосон нот 24, дэлхийн дуу хөгжмийн нот долоо байдаг. Уртын дуунд долоон нот дэндүү багадна. Миний зохиосон нотыг дүрс нот гэж нэрлэдэг юм.

-Таныг “Хоолой” гэх газар төрсөн гэж сонссон. Төрсөн газрын нэр төөрөг, заяанд нь нөлөөлсөн гэж боддог уу?

-Дуу, дуучин хоёр нутгаа дуурайж төрдөг гэсэн эртний үг бий. Би хөхөө сард “Хоолой” гэдэг газар төрсөн. Манай Н.Жанцанноров миний тоглолтыг хөтөлж байхдаа “Чимэдцэеэ сайхан хүүхэн тийм ээ” гэсэн чинь үзэгчид нир хийтэл инээж байна. Тэгсэн араас нь “Энэ Чимэдцэеэ “Хоолой” гэдэг газар төрж гэнээ. Тэгээд л ийм байна. Харин би Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Хондлой” гэдэг газар төрсөн юм. Тэгээд л пад шүү дээ” гэж авсан. Наргианч хүн шүү. Би нээрээ хоолойн дээрээ мэнгэтэй. Ер нь учиргүй зүйл гэж нэгээхэн ч үгүй. Чи бид хоёрын өөд, өөдөөсөө хараад сууж байгаа ч учир, ерөөл шүү дээ. Ер нь яаж амьдрах, юугаар хоолоо олж идэхийг хүнд цаанаас нь өгчихсөн байдаг юм шиг санагддаг. Түүнийгээ олж, хөгжүүлэх л чухал.

-Чадалтай сайхан хоолойтой ч түүнийгээ олж хөгжүүлээгүй хүн цөөнгүй байдаг. Урлагийн замд хөл тавьсан түүхээсээ хуваалцахгүй юу. Таныг аугаа дуучин Н.Норовбанзад гуайн шавь гэж сонссон?

-1974 онд манайх Хайлантай гэдэг газар хаваржиж байсан. Тэр газар, тэр хавар миний хоолой задарсан гэж боддог. Тухайн үед би суурийн ахлагч байсан юм. Одоогийнхоор дарга нь гэсэн үг. Нэгдэл намайг яагаад суурийн ахлагчаар сонгосон юм, бүү мэд. Манайх хоньтой бригадын айл учир 1000 хониор суурилна. Төллөхөөрөө 2000 хүрнэ. Жилбэ муутай төллөсөн хонь хургаа голчихдог. Өдөрт 30 гаруй дуу дуулж, хургыг эхэд нь авхуулна шүү дээ. Тэгэхээр хоолой задрахгүй байхын аргагүй. Ер нь уртын дууч хөдөө нутгаас төрдөг гэж би боддог. Хургыг эхэд нь амархан авахуулаад байсан чинь нутгийнхан “Шарын бүсгүй тун сайхан хоолойтой юм. Хурга хонь хоёр амархан эх, үр болгож байна. Дуучин болох шинжтэй” гэж ярьж гэнэ. Энэ яриа манай сумын соёлын төвийн эрхлэгч Н.Дандар гэж хүний чихэнд хүрч, удалгүй Уулбаян сумын Улаан булангаас манайд бичиг ирдэг юм байна. Тэр нь намайг урлагийн үзлэгт оруулах тухай. Тэгээд л сумын төв ороод ээжээсээ сурсан “Жаахан шарга”-ыг дуулсан даа. Анх тайзан дээр гарсан болохоор Улаан булангийн тайз алхаж барагдахгүй санагдаж билээ. Тэндээсээ шалгарч, аймаг дээр ирээд мөн л тэнцээд хот явах болсон. Ганцхан “Жаахан шарга”-аа л дуулаад, шалгараад байсан хэрэг. Тэр нь Соёлын яамны бодлогоор, дуучин болох хүүхдүүдийг сонгож, сургах зорилготой шалгаруулалт байсан юм билээ. Хотод очтол Н.Норовбанзад багшийн багш Ж.Дорждагва гуай, МУАЖ Н.Норовбанзад багш, МУГЖ С.Сүглэгмаа, Б.Лхамжав гэсэн дөрвөн хүн А.Нэргүй, Ж.Нансалмаа, Г.Тэрбиш бид хэдэд дууны техник, арга ухааныг зааж, урлагийн өндөр босгыг алхуулж байлаа шүү дээ. Одоо цөм МУГЖ, МУАЖ болсон байна. 16, 17-той жаахан хүүхдүүд өөрсдийгөө Ардын жүжигчин болно чинээ санаагүй л явлаа, тэр үед.

-Ээжээсээ сурсан “Жаахан шарга”-ыг дуулж, шалгаруулалтад орж байсан гэлээ. Ээж нь сайхан дуулдаг хүн байв уу. Авьяас удамшдаг шүү дээ?

-Анх надад дууны сайхныг мэдрүүлж, аялгууд хайртай болгосон хүн бол миний ээж. Ижий минь тун сайхан дуулна. Ярих юм биш. Би хажууд нь зүгээр л “хар зураг”. Нэг түүх ярихад, манайх Гушуун худаг гэж газар намаржиж байлаа. Намар шивээн толгой ганхаад л сонин шүү дээ. Тэр бүүдгэр намрыг миний ижийн хоолой л хөглөнө. Тухайн үед би 10 гаруй настай л байсан болов уу даа. Манай нутгийнхан чингэлэг тэргээр аргал түүдэг юм. Ээж минь намайг дагуулаад, дуу дуулаад л аргалаа түүнэ. “Хүрэн толгойн сүүдэр”, “Жаахан шарга”, “Алгирмаа” зэргийг юман дээр хээ тавьж байгаа юм шиг урлаж дуулахыг нь яана.“Ооны хоёр эврийг ороож барьж болдоггүй Орчлон хорвоогийн явдлыг оргүй орхиж болдоггүй” гэх мэт янз, янзын дуу аялж гарна. Одоо хэн ч дуулдаггүй олон сайхан дуу ээжийн маань эгшиглүүлж байснаар сэтгэлд хоногшиж дээ. Би ээжийнхээ дуулж явсан тэр сайхан бүтээлүүдийг дуулж, үлдээе гэж боддог юм.

-10 настай байхдаа сонсож байсан дууны үг, ая одоо ч таны сэтгэлд хоногшсон байна гэхээр аргагүй тод, сайхан дуулдаг хүн байж?

-Тэр намар тэр чигээрээ сэтгэлд үлдсэн байна. Одоо ч миний нүдэнд харагдаж байна. Бид хоёр гэрээсээ гараад зүүн урагш чингэлэг түрээд л алхана. Ижий минь дуугаа дуулаад л, би сонсоод “Дуу ямар гоё юм бэ, ээж яасан сайхан дуулдаг юм бэ” гэсэн бодол хэлхэнэ. Хүмүүс намайг “Алгирмаа”­г сайхан дуулдаг л гэдэг юм. Би тэр дууг ижий шигээ дуулж чадахгүй л байгаа. Ер нь өнөө хүртэл ээжтэйгээ дүйх хоолойтой дуучин сонсоогүй. Миний ээж зүс, царай ч сайтай хүүхэн байлаа. Адууных шиг яралзсан цагаан шүдтэй, нэг их гэзэгтэй, дүрлэгэр нүдтэй жигтэйхэн сайхан эмэгтэй байсан.

-“Тэнгэр ээж минь өршөө” дууны үгийг ижийдээ зориулж бичээд, гайхалтай сайхан амилуулсан шүү дээ. Одоог хүртэл олон хүний сонсох дуртай дууны нэг. Сонсох бүрт эрхгүй ээжийгээ санаж, аньсага чийгтдэг болохоор шидтэй бүтээл гэж би боддог юм?

-Ээж минь их гүдэсхэн зантай хүн байсан. Ээжийнхээ ачийг хариулах санаатай шүүдэр цохиод очтол “За Чимэдцэеэ чи ингэж шүүдэр, мүүдэр гэж дэмийрч явахаар ажлаа л сайн хийвэл барав” гэдэг юм байна. Хийсэн бүхэн минь ээжийн сэтгэлд хүрэхгүй байх шиг санагдаад, ачийг нь хэрхэн хариулах тухай бодолд дарагдаад л явдаг байсан юм. Нэг удаа урлагийн бригадаар явж байхдаа ижийгээ жигтэйхэн санаад, шүлэг бичлээ. Маргааш өглөө нь н.Батсайхан гэж найзаараа ая хийлгээд, үд гэхэд дуу бэлэн болчихсон. Тэгээд л дуун дээрээ бүжээд л, таанц эргээд, наргиж байлаа. Залуу ч байж дээ. Удалгүй ээжийгээ зорьж очоод, дуугаа дуулж өгтөл ижий минь намайг ойр, ойрхон илээд л “Миний хүүхэн ээжийнхээ өндийж, хөхүүлсэн бүх л ачийг хариуллаа гэж бодоорой. Ээж нь их шүү башийлаа” гэсэн дээ. Дотроо нулимс нэрж л суусан байх, хөөрхий минь. Ээжээсээ тэр үгийг сонсох уул шиг алт өгснөөс ч илүү сайхан байсан. “Тэнгэр ээж минь өршөө” дууг сонссон хэн бүхэн ижийгээ сүсэлдэг. Чулууг бурхан гээд шүтээд байтал бурхан болчихсон түүх бий шүү дээ. Энэ олон хүний сэтгэлийн давлагаа тэр дууг минь тэнгэр болгочихсон хэрэг.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Загвар өмсөгч О.Ариунзул Английн загварын агентлагийн гишүүн болжээ

 0 сэтгэгдэл

Хар тамхи хэрэглэдэг нь илчлэгдсэнээр нөхрийнх нь карьер дууссан ч загвар өмсөгч О.Ариунзул өөрийн карьераа өсгөхөөр зүтгэж явна. Тэрбээр Английн Zone models загварын агентлагт харъялагдаж, Arie нэрээр танигдаж эхэлжээ. О.Ариунзул англи хэлний сургалтад сууж тархиа цэнэглэж, хүчний бэлтгэл хийх зэргээр зүгээр суухгүй өөрийгөө хөгжүүлж байгаа аж. Английн загварын Zone models агентлаг нь бүртгүүлсэн хүмүүсийн хүсэлтийг хүлээн авч тодорхой хугацааны дараа хариу илгээдэг бөгөөд гишүүн модель сонгон шалгаруулахдаа тийм ч хатуу шалгуур тавьдаггүй гэнэ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Шинэ үсгийн багш Тулгаа

 0 сэтгэгдэл

Энэ удаагийн “Хуучны танил” буландаа “Шинэ үсгийн багш” МУСК-ны Тулгаагийн дүрээр үзэгчдийн сэтгэлд хоногшсон Бунтарын Гарьдыг онцолж байна. Тэрбээр энэ кинонд 200 гаруй хүүхдээс сонгогдсон бөгөөд өмнө нь хоёр ч кинонд тоглосон туршлагатай хүү байсан учир найруулагчийн шалгуурыг амжилттай давжээ. Тугал өргөдөг Лагсаг, дурлалт бүсгүй Дунжидмаа, тоодон Чойжоо тэргүүтэй малчдад бичиг үсэг зааж, хөглөж явсан Тулгаа хүү өдгөө аавынхаа мэргэжлийг өвлөн авч, найруулагч, жүжигчнээр ажиллан, урлагийн салбарт гялалзаж байна. Тэрбээр “Шинэ үсгийн багш” киноноос гадна “Цэц магнай”, “Халаасны өрөө” зэрэг бүтээлүүдэд хүүхэд насныхаа дүрийг мөнхөлсөн билээ.