A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2810/

Парламентын бүрэн эрхийн хугацааг таван жил болговол дэлхийн жишигт нийцнэ

Зөвшилцлийн ажлын хэсэг Ерөнхийлөгчийн саналыг дэмжихээр тохирчээ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2810/


Парламентын ардчиллыг төлөвшүүлэх зорилгоор үндсэн хуульд нэлээд өөрчлөлт оруулахаар талууд саналаа дэвшүүлээд байгаа. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тэргүүтэй 62 гишүүний өргөн барьсан төсөлд парламентын үйл ажиллагаа, гишүүний эрхтэй холбоотой есөн заалт санал болгосон бол Ерөнхийлөгчийн зүгээс зургаан заалтыг нэмэлт өөрчлөлтөөр хөндөхөөр зөвшилцөх ажлын хэсэгт хүргүүлээд байгаа юм. Мөн АН-ын зөвлөл УИХ-аас Ерөнхийлөгчийг сонгох, гишүүнийг эгүүлэн татах хоёр санал “тулгасан”.

ДӨРВӨН ГИШҮҮНИЙГ САЙД БОЛГОХ САНАЛ ХАСАГДАВ

УИХ-ын 62 гишүүний парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах хүрээнд үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн саналуудыг Ерөнхийлөгч дэмжиж буйгаа тодорхой илэрхийлсэн. Харин тэрбээр УИХ-ын 4-5 гишүүн Засгийн газарт орж ажиллах саналыг хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлж оронд нь зөвхөн Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байж болно гэсэн саналыг өөрийн төсөлдөө тусгасан юм. Өнгөрсөн долоо хоногт хуралдсан зөвшилцлийн ажлын хэсгийнхэн Ерөнхийлөгч болон УИХ-ын өргөн барьсан төслөөс зарим зүйл заалт дээр санал нэгдсэн байна. Тухайлбал, Ерөнхийлөгчийн төсөлд тусгасан “Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байх бөгөөд Засгийн газрын бусад гишүүд УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч үл болно” гэсэн заалтыг намын бүлэг болон байнгын хороо, чуулганы хуралдаанд танилцуулахаар тохирчээ. Харин дөрвөн гишүүнийг сайдаар “шагнах” заалт хасагдав.

Олон улсад энэ заалтыг аль алинаар нь хэрэглэж байгаа судалгаа байна. УИХ-ын тамгын газраас хийсэн судалгаанд хамрагдсан 38 орны 14 нь “давхар дээл”-ийг хүлээн зөвшөөрчээ. Тухайлбал, Австрали, Дани, Индонез, Исланд, Испани, Их Британи, Сингапур, Турк, Унгар, Япон, Канад, Польш, Бангладеш, Израил зэрэг улс багтаж байгаа бол АНУ, ОХУ, Бельги, Норвег, Швед, Финланд, Франц, ХБНГУ зэрэг өндөр хөгжсөн 24 орон “давхар дээл”-гүй байна. Сайд парламентын гишүүний албыг давхар хашихгүй байх зохицуулалттай боловч зарим тохиолдолд хүлээн зөвшөөрдөг орны зохицуулалтаас сонирхуулбал бельгийн хаан парламентын танхимуудын депутатыг сайдаар томилсон тохиолдолд уг сайд Парламентын хуралдаанд гишүүний хувиар оролцох эрхгүй болдог аж. Мөн болгарын үндэсний ассамблейн  гишүүн сайдаар томилогдвол гишүүнийх бүрэн эрхийг нь түдгэлзүүлэлгүйгээр түүнийг орлох журмыг тусгай хуулиар зохицуулдаг байна.

УИХ-ЫН НЭГ ГИШҮҮНД ГУРВАН АЛБАН ТУШААЛ ДАВХАР НООГДОХ НЬ

Манай орны хувьд УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хаших нь улс төрийн шагнал, намдаа нэр нөлөөтэй байгаагийн илэрхийлэл болдог гажиг үзэгдэл бий. Мөн зарим намын уламжлалыг тооцон үзвэл Ерөнхий сайд болсон УИХ-ын гишүүн гурван ч албыг давхар хаших магадлалыг баталгаажуулж байна. Намын даргад Ерөнхий сайдын албыг өгөхгүй бол эрх мэдэл дутдаг гэх гомдлыг МАН-ын удирдах түвшинд гаргаж зөвхөн энэ шалтгаар Засгийн газрын тэргүүнийг хоёр ч удаа сольж байв. Үндсэн хуульд Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байх ёстойг заачихвал гурван албан тушаал нэг хүнд зайлшгүй оногдох болж байна. Тэгэхээр Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн саналыг заавал уихын гишүүн байх албагүйгээр хуульчилбал оновчтой болох талтай.

ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭХ САНАЛ МАРГААН ДАГУУЛСАН ХЭВЭЭР

Парламентын ардчиллыг төлөвшүүлэх хүрээнд үндсэн хуульд орж буй чухал заалт бол Ерөнхийлөгчийн гаргасан парламентын гишүүдийн тоог нэмэх санал юм. Зөвшилцөх ажлын хэсгээс энэ саналыг тэр чигт нь хоёрдугаар хэлэлцүүлэгт оруулах саналтай байгаа дуулдана. Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох саналыг тайлбарлахдаа “хүн амын өсөлт, улс орны байршил, баялгийн нөөц, хөгжлийн түвшин зэрэг онцлогыг харгалзан... хэт цөөхөн гишүүнтэй байгаагаас улбаалсан уршигт байдал УИХ-ын нэр хүндийг улам бүр доройтуулж, засаглалыг бүр ч ноцтой хямралд хүргэж мэдэх аюул ойрхон байна” гэсэн. Олон улсын жишгээс харахад ихэнх орон хүн амынхаа тодорхой хувийг төлөөлүүлэн парламентын гишүүдийн тоог нэмсээр иржээ. Манай улсын хувьд ч ийм шаардлага бий. 1992 онд үндсэн хуулийг батлах үед Монгол Улсын хүн ам хоёр сая гаруй байсан бөгөөд өдгөө 3.2 саяд хүрснийг тооцвол УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох нь шударга санал. Гэхдээ иргэдийн зүгээс “өмнөх 76 гишүүнээ “тэжээж” ядаж байж нэмээд 32 хүний “ууж, идэх”-ийг татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргана гэдэг байж боломгүй” гэсэн саналтай байгаа юм. Мөн парламентын үйл ажиллагааг дорой, сул гэж нийтээрээ шүүмжилж байгаа энэ үед УИХ-ын гишүүний бүрэн эрхийг таван жил болгох Ерөнхийлөгчийн санал ямар ач холбогдолтойг танилцуулсан дэлгэрэнгүй тайлбар алга. Гэхдээ олон улсад парламентын бүрэн эрхийн дундаж хугацаа таван жил байдаг. Дэлхийн 104 орон ийм мөчлөгт хамаарч байгаа бол дөрвөн жил тутамд парламентаа шинэчилдэг 48 улс байна. Харин Сири, Руанда, Тажикистан зэрэг есөн улс долоон жил, Австрали, Шинэ Зеланд, Фижи зэрэг улс гурван жил тутам сонгууль явуулж байна. Тэгвэл Дани, Грек гэх мэт дөрвөн улс тогтсон хугацаа заагаагүй байдаг аж. Манай улс хэрэв парламентын бүрэн эрхийн хугацааг таван жил болговол дэлхийн жишигт нийцэж олонхын тоонд багтах юм.

ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ХУГАЦААГ СУНГАСНААР АЖЛЫН БҮТЭЭМЖ НЭМЭГДЭНЭ

УИХ-ын үйл ажиллагааг сайжруулах, хуулийн боловсруулалтыг үр дүнд хүргэх нэг заалт нь ээлжит чуулган ажлын 50 өдөр хуралддаг байсныг 75-аас доошгүй өдөр чуулах өөрчлөлт хийж байгаа. Энэ нь 1992 оны заалтыг сэргээж байгаа агуулгатай. Дэлхийн 44 улсыг оролцуулсан судалгаанаас үзвэл парламентын хуралдах хугацаа харилцан адилгүй байна. Тухайлбал, үндсэн хуульдаа чуулганы эхлэх болон дуусах хугацааг тодорхой заасан улс 35, тусгай дэгээр зохицуулдаг улсад ОХУ, Польш, Финланд, Бангладеш, Болгар, Латви, Доминикан зэрэг долоон орон байна. Харин БНХАУ, Дани, Исланд, Их Британи, Македон, Словак, Чех зэрэг улсад чуулган нь завсарлагагүй үргэлжилдэг байна.

ГИШҮҮДИЙН ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГЫГ НЭМЭХЭД ЭГҮҮЛЭН ТАТАХ ЗААЛТ ЗААВАЛ БАЙХ ЁСТОЙ

Парламентын үйл ажиллагаа гэхээсээ хувь гишүүдийн хариуцлага, хэмжээ хязгаарыг тогтоож өгөх хоёр өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байгаа нь хуулийг нийт гишүүдийн олонхоор батлах, шинэ зардал нэмсэн хууль санаачлах эрхийг хязгаарлах санал юм. Аль аль нь парламентын хариуцлагыг нэмэгдүүлэх заалт учраас зөвшилцөөд байх шаардлагагүй батлах биз ээ. Үүн дээр нэмээд АН-ын зөвлөлийн шаардаад буй УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах боломж, гаргалгааг үндсэн хуульд тусгах нь нийгмийн захиалгыг биелүүлсэн шийдвэр болж түүхэнд үлдэх боломжтой.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг МАН 100 хувийн саналаар батлав

 0 сэтгэгдэл
  • Ардчилсан нам хулхидуулж, Ардын нам “хүчиндэв”


Монгол Улсын түү­хэнд тэмдэглэг­дэх том үйл явдал өчигдөр тохиов. Хаврын чуулганы төгсгөлд УИХ-­ын 62 гишүүний санаачилгаар өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн гуравдугаар хэ­лэлцүүлгийг хийж баталсан нь энэ удаагийн парламентын хамгийн том амжилт болов. Гуравдугаар хэлэлцүүлгийн гол зорилго АН-­аас дэвшүүлсэн гурван саналыг хэлэлцэх, хоёр­дугаар хэлэлцүүлгээр баталсан 10 гаруй заалтын эцсийн най­руулгыг хийж эцэслэн батлах байв. Үдээс өмнө парламент Үнд­сэн хуулийн нэмэлт, өөрчлөл­тийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төс­лийг хэлэлцсэн юм. Энэ хуу­лийн төслийг гуравдугаар хэлэлцүүлгийн өмнө хэлэл­цэхийг зарим гишүүн буруу гэж үзсэн. АН-­ын зөвлөлийн даргаД.Эрдэнэбат дагаж мөрдөх журмыг хэлэлцэхээс өмнө “Ямар заалт 57 гишүүний босго давахыг мэдээгүй байж нийцүү­лэх журмаа батлах гэж байгаа нь алдаатай” гэж Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлгийг түрүүнд нь хийх горимын санал гаргасан боловч МАН-­ын гишүүд дэмжээгүй юм. Улмаар Д.Эрдэнэбат нарын гаргасан УИХ­-ын сонгуулийн холимог тогтолцоог 2020 оноос хэрэгжүүлэх заалтыг дэмжих боломжгүй гэж үзэн, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг баталж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.Дараа нь УИХ­-ын гишүүд гурав­дугаар хэлэлцүүлэгт шилжсэн. Эхэнд нь зөвшилцлийн хүрээнд АН­-аас дэвшүүлсэн гурван саналыг хэлэлцсэн бөгөөд Ерөн­хий сайдад танхимаа бүрдүүлэх эрх олгох заалтын талаар хэлэлцсэн гишүүдийн дийлэнх олонхоор дэмжсэн ч Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, УИХ­-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах хоёр санал 57 гишүүний босго давж чадсангүй. Уг нь сонгуулийг холимог тогтолцоог Үндсэн хуульд тусгах саналыг МАН­-ын бүлэг болон Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн шийдвэр гаргасан ч гуравдугаар хэлэлцүүлгийн явцад эрх баригч гишүүд байр сууриасаа буцав. Энэ нь АН­-ын хувьд мэхлүүлсэн явдал болсон бөгөөд АН­-ын зөвлөлийн дарга ч ийм байдал гаргасан эрх баригчдад гомдож байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр “Үндсэн хуулийг өөрчлөхийн төлөө АН хичээсэн. Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуульд орох бүхий л санал дээр хамтарч ажиллан та бүхэнд итгэж найдаж байсан. Харамсалтай нь АН­-аас гаргасан зарчмын гурван саналын хоёрыг нь дэмжсэнгүй. Зөвшилцлийн үр дүн гарсангүй. Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтийг ийм доголон байдлаар баталж болохгүй. Тиймээс энэ мөчөөс эхлэн АН-­ын зөвлөл, зөвшилцөл болон гуравдугаар хэлэлцүүлгээс гарч байгаагаа албан ёсоор мэдэгдье” гэсэн юм. Харин АН­-ын гишүүн Б.Пүрэвдорж “Үндсэн хуулийг батлах ажлыг та нар үнэхээр гурилдаж байна. Унасан саналаа хурууны хээ унших төхөөрөмжид чихээд босгож баталж байна. Энэ хурууны хээгээр санал хураах төхөөрөмж зүгээр ажиллаж байгааг АН-­ын жигүүрт суусан гишүүд нэг ч удаа тийм асуудал гараагүйгээс харж болно. Өнөөдөр нэр хүнд нь унасан УИХ­-аар Үндсэн хуулийг батлуулж болохгүй гэж ярьсаар л байгаа. Өнөөдөр Үндсэн хуульд орж байгаа нэмэлт өөрчлөлт чинь Ховд аймгийн захын суманд байгаа иргэний амьдралд нөлөөлөхгүй. Та нарын өнөөдөр тогтоосон сонгуулийн хэлбэр, тоглоомын дүрмээр чинь 2020 оны сонгуулиар ард түмэнтэйгээ хамт хариугаа өгнө гэдгийг хэлье” хэмээн гомдлын үг чулуудаад гарч одов. АН-­ын зөвлөлийг ийн хэлэл­цүүлгээс гарснаа мэдэгдсэний дараа МАХН­-ын гишүүн О.Баасан­хүү “Үндсэн хуульд намын үүргийг “улсын хэмжээнд бодлого хэрэг­жүүлж ажиллана” гэсэн заалт орлоо. Уг нь намыг Үндсэн хуульд болон хөгжлийн бодлогод нийц­сэн үйл ажиллагаа явуулна гэж тусгаж болох байсан. Би ийм санал гаргасан ч хүлээж авсангүй. Тиймээс би ч бас гуравдугаар хэлэлцүүлгээс гарч байгаагаа мэдэгдэж байна” гэв. Мөн тэрбээр үгийнхээ төгсгөлд “АН энэ удаа молигодууллаа. Хамгийн харамсалтай нь анхнаасаа МАН­-д хулхидуулна даа гэж АН­-д хэлж байсан ч үгэнд ороогүй” хэмээн эрх баригчдыг “хатгачихаад” чуулганы танхимаас гарсан юм.Үүний дараа УИХ­ын дарга Үндсэн хуулийн өөрчлөлтийн хоёр­дугаар хэлэлцүүлгээр баталсан заалт болон зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж, гишүүд 57­-гоос дээш санал өгснөөр гурав ду­гаар хэлэлцүүлгийг дуусгасан юм. Ингэснээр АН Үндсэн хууль батлах үйл явцад цэвэр хулхидуулж МАН гишүүдийн олонхоор нэмэлт өөрчлөлтийг “хүчиндэв”. Гуравдугаар хэлэлцүүлгийн төгсгөлд спикер Г.Занданшатар энэ удаагийн өөрчлөлтөөр Үндсэн хуульд тусгаж буй зүйл, заалтыг цэг, таслал алгасалгүй уншиж танилцуулсан. Тэдгээрээс онцлох заалтуудыг дурдвал, Ерөнхий сайдын нэрийг өргөн барьснаас хойш 30 хоногийн дотор УИХ баталж чадахгүй бол Ерөнхийлөгч парламентыг тараах, хариуцлага алдсан шүүгчийг огцруулах болон сахилгын шийтгэл оногдуулах сахилгын хороог байгуулах, УИХ-ын гишүүн өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол эгүүлэн татах, УИХ-ын сонгууль явуулахаас нэг жилийн өмнөөс холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглох Ерөнхий сайдад танхимаа өөрөө бүрдүүлэх, сайд нараа огцруулах эрх олгох, Засгийн газрын гишүүдийн дөрөв нь парламентын гишүүн байж болохыг зөвшөөрсөн заалт орлоо. Харин Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-­ын гишүүдийн дөрөвний нэг санал гаргасан тохиолдолд парламентаар гурав хоногийн дотор хэлэлцэж 10 хоногийн дотор шийдвэр гаргаж байхаар болов. Мөн Ерөнхийлөгчид 50 нас хүрсэн сүүлийн таван жил эх орондоо оршин суусан иргэнийг нэг удаад зургаан жилээр сонгоно.Үндсэн хуульд орсон эдгээр өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-­ны өдрийн 12:00 цагаас улс орон даяар мөрдөхийг төгсгөлд нь тусгажээ. Гишүүд санал өгсний дараа УИХ-­ын дарга Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулсан, гурван шатны хэлэлцүүлэгт бэлтгэсэн, зөвшилцөл хэлэлцүүлэгт оролцсон, саналаа өгсөн бүхий л хүмүүст талархсанаа илэрхийлж, чуулганы танхим алга ташилтаар мялаав. Үндсэн хуулийн шинэ өөрчлөлтийг баталсныг тохиолдуулан Төрийн дуулал эгшиглэж гишүүд алга ташин баяр хүргэлээ. Хуралдааны төгсгөлд УИХ­-ын дарга нэмэлт, өөрчлөлт оруулсан Үндсэн хуулийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гардуулснаар УИХ чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хороогоор 36 удаа, 105 цаг хэлэлцэж, дөрвөн сарын хөдөлмөр зарцуулсан түүхэн үйл явдлыг ард гарснаа зарлав. 
















A

Жижиг

A

Дунд

A

Том

Боловсруулах үйлдвэрээ дэмжих бус сөхрүүлэх төлбөрт “баяртай” гэж хэлье

 0 сэтгэгдэл

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ИХ СУУДЛЫН ХУРАЛДААНЫ ШИЙДВЭР АЛДАГДАЛ НЬ ХОЁР ИХ НАЯД ДАВСАН 2020 ОНЫ ТӨСӨВ, ТҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАСГИЙН ГАЗАРТ ХҮНДХЭН БУУЛАА. СОНГУУЛИЙН ДАРАА АМЬДРАЛ УРЬДЫНХААРАА ҮРГЭЛЖИЛНЭ, УЛС ОРОНД ТУЛСАН ӨР ТӨЛБӨРӨӨ БАРАГДУУЛАХ ХУГАЦАА ЗОЛГОНО. ХАРАМСАЛТАЙ, ТӨСВӨӨ БАЙДГААРАА ТЭЛСЭН ЗАСГИЙН ГАЗАР ЗӨВХӨН ӨНӨӨДРӨӨ БОДОН АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ АШИГЛАЛТ ТӨЛБӨР АВАХ НЭРЭЭР БОЛОВСРУУЛАХ САЛБАРАА БАЛЛАЖ МЭДЭХЭЭР БАЙНА.

Засгийн газар зөвхөн өнөөдрөө бодон Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авах нэрээр боловсруулах салбараа баллаж мэдэхээр байна. Ирэх жилийн төсөв тойрсон маргаан намжих шинжгүй байна. Түүхэндээ байгаагүй өндөр зарлагатай төсөв УИХ-д өргөн мэдүүлсэн Засгийн газар уул уурхайгаас хамаг орлогоо олно гэж тооцоолсон. Сонгуулийн жил учраас байгаа нөөц, боломжоо тэд тултал нь ашиглахаар шийдсэн хэрэг. Гэвч Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр алдагдал нь хоёр их наядаар хэтэрсэн 2020 оны төсөв, түүнийг хэрэгжүүлэх Засгийн газарт хүндхэн буулаа. Сонгуулийн дараа амьдрал урьдынхаараа үргэлжилнэ, улс орон тулсан өр төлбөрөө барагдуулах хугацаатай золгоно. Харамсалтай нь, төсвөө байдгаараа тэлсэн Засгийн газар зөвхөн өнөөдрөө бодон Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авах нэрээр боловсруулах салбараа баллаж мэдэхээр байна. 12.9 их наяд төгрөгийн орлоготой байхаар төлөвлөсөн төсөв АМНАТ-ийн шийдвэрээс болоод 1.3 их наяд төгрөгөөр буурахаар болж байгаа. Баахан хөрөнгө оруулалт хийхээ зарлачихсан эрх баригчдад энэ хэмжээний орлого дутна гэдэг аюул. Төсвийн алдагдал ийм тохиолдолд одоо байгаагаас улам талийж өгнө гэсэн үг. Үүнийг бууруулъя гэвэл хөрөнгө оруулалтаа үр ашгаар нь эрэмбэлж, өөрсдийн үрэлгэн зардлыг хумих учиртай. Зөвхөн сонгуулийн жилийн төсвийг санхүүжүүлэхийн тулд дөнгөж хөл дээрээ тэнцэж буй боловсруулах үйлдвэрийнхээ өсөлт, хөгжлийг боомилж боломгүй. Эдийн засгийн тусгаар тогтнол аж үйлдвэржилт, хүнд үйлдвэрээс эхэлдэг. Тиймээс төсвийн орлого бодож холын зорилгоо умартана гэдэг төрийн зорих хэрэг биш юм. Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгосноор Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр үгүй болж байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цухалдан байж илэрхийлсэн. Түүний эгдүүцэх нь аргагүй байх, төсөв нь орлогогүй болж байхад. Гэхдээ 1.3 их наяд төгрөгийн орлого олохын тулд хэдэн арван их наяд авчрах үндэсний аж үйлдвэрийн бодлогоосоо Монгол Улс ухарч болохгүй. Уул уурхайн салбарт ухаад зөөдөг нь бус угааж боловсруулдаг нь, нэмүү өртөг шингээдэг нь илүү хэрэгтэй байна. Улс орны амьдралд ч энэ хэрээр өөрчлөлт, дэвшил гардаг нь хууль. Уул уурхайн салбараас Засгийн газар 3.2 их наяд төгрөгийн орлого олох бөгөөд үүний гуравны нэгийг Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр бүрдүүлэхээр байсан. Татвар бус төлбөрийн орлого. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд дээрх Үндсэн хуулийн Их суудлын хуралдааны гаргасан шийдвэртэй холбогдуулан Сангийн сайдтай эсрэг байр суурьтай байгаагаа хэвлэлээр илэрхийлсэн. Цэцийн шийдвэр гарсан цагаас хойш төсвөөс илүү АМНАТ олон нийтийн анхаарлын төвд байна. “Хоёр удаа АМНАТ авч болохгүй” хэмээн УИХ-ын даргаар ажиллаж байсан эрхэм хэлсэн. Монголын ашигт малтмалаар ажиллаж, амьдардаг 140 гаруй боловсруулах үйлдвэр бий. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарахаас өмнө бүгд АМНАТ-ийг дахин төлөхөөр байв. Өөрөөр хэлбэл, АМНАТ давхардсан байлаа. Энэ нь УИХ-ын хариуцлагагүй байдлаас улбаатай болохыг судлаачид хэлж байгаа юм. Гол хэргийн эзэн нь хууль тогтоох УИХ гэсэн үг. Дээрх Цэцийн гаргасан шийдвэрээс үүдэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар Засгийн газар ажиллаж эхэллээ. Энэ оны гуравдугаар сарын 26-нд Засгийн газрын хуулийг батлахаас өмнө Монгол Улс жонш баяжуулах, зэс баяжуулах, нүүрс угаах, гангийн үйлдвэр зэргээс дээрх татварыг авдаггүй байсныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга онцолсон. Харин хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бүгдээс нь авдаг болохоор өөрчилжээ. Уул уурхайн салбарт боловсруулах үйлдвэр хоёр янз байгаа бөгөөд дэргэдээ боловсруулах үйлдвэртэй компаниудад АМНАТ давхардахгүй юм. Харин тусдаа байгуулсан үйлдвэрт давхардал үүсээд байгаа аж. Боловсруулах үйлдвэрээ дэмжих бус сөхрүүлэх хуулийн өөрчлөлтийг УИХ даруй засахгүй бол байгаа үйлдвэрүүд нь хаалгаа барихад хүрэх нь. Иргэн С.Баярмаагийн Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэл ч ихээхэн ул суурьтай байж, нэг бүтээгдэхүүнээс гурван хэлбэрээр төлбөр авахаас гадна НӨАТ гээд нийт дөрвөн төрлийн татвар авч байгааг гаргаж тавьсан. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт бус УИХ-ын баталсан хууль өөрөө асуудлын бай, маргааны шалтгаан болоод буй. Боловсруулах үйлдвэрээ дэмжиж аж үйлдвэрийн цогцолбор байгуулах нь манай улсын олон жилийн хүсэл мөрөөдөл. Үүнийг бодит ажил болгоход боловсруулах үйлдвэрүүдэд АМНАТ ихээхэн чирэгдэл удахаар байгаа юм. Аж үйлдвэр хөгжсөн орнуудад боловсруулах үйлдвэр ДНБ-ий 30-40 хувийг эзэлж байхад манай улсад энэ дүн 10 хувиас ч хэтрэхгүй. Үүнийг хоёр, гурав дахин нэмэгдүүлж чадвал ам.долларын ханш буурна, айл өрхийн орлого ч нэмэгдэнэ гэсэн үг. Эрх баригч намын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт ч томоохон ордыг түшиглэн нүүрс угаах, гүн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжихээ амласан. Гэвч одоо үүсээд буй нөхцөл байдал энэ бүхний эсрэг байна. Засгийн газар ч уг асуудал дээр санал зөрөлдөж эхэллээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам боловсруулах үйлдвэрлэлээ авч үлдэхээр зүтгэж байгаа бол Сангийн сайд төсвийн орлого бодон гэдийж сууна. 







A

Жижиг

A

Дунд

A

Том

Хүүхэд бүрт мөнгө олгоход ₮20 гаруй тэрбум шаардлагатай

Тэтгэмжийг 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгохоор тусгажээ

 0 сэтгэгдэл


Хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгөн тэтгэмж олгох “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна. Өнөөдрийн байдлаар өрхийн орлогын онооноос хамаарч нийт хүүхдийн 80 орчим хувьд нь хүүхдийн мөнгө олгож байгаа. Гэхдээ төрийн өндөр албан тушаал хашдаг, бизнес эрхэлдэг айлын хүүхдүүд энэ мөнгийг авахгүй байж болно. Харин амьдралд нь энэ мөнгө үнэхээр хэрэгцээтэй хүмүүст өгье гэдэг агуулгаар тогтоолын төслийг өргөн барьсан гэж уг төслийг санаачлагчдын нэг С.Бямбацогт хэлж байна. Уг тогтоолын төслийг 2018 онд өргөн барьсан бөгөөд жил гаруй хүлээгдэж байж парламентын босго давж буй юм. Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгодог болохын тулд 20 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай юм байна. Энэ хөрөнгийг 2020 оны төсвийн төсөлд суулгасан тул тогтоолын төсөл батлагдсан тохиолдолд мөнгө олгоход бэлэн гэсэн үг аж. Улмаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт сар бүр бэлэн мөнгөөр олгосугай” хэмээн өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Түүнчлэн тогтоолын төсөлд тэтгэмжийг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн олгохоор тусгажээ.






A

Жижиг

A

Дунд

A

Том

Aлбан тушаал амлаж дэнчин авах хуулийн гаргалгаа байхгүй

Намын санхүүжилтийг дэнчингийн мөнгөөр бүрдүүлэх нь хуулиар хориотой

 0 сэтгэгдэл


ПАРЛАМЕНТАД СУУДАЛТАЙ НАМД ТӨРӨӨС ОЛГОХ САНХҮҮЖИЛТИЙН ДЭМЖЛЭГИЙГ СОНГУУЛИАР АВСАН САНАЛ БҮРИЙГ НЬ 1000 ТӨГРӨГӨӨР ТООЦОЖ ДӨРВӨН ЖИЛД НЭГ УДАА, УИХ-ЫН ГИШҮҮНИЙ СУУДЛЫГ НЬ 10 САЯ ТӨГРӨГӨӨР ЖИЛ ТУТАМ “МЯЛААДАГ”. МАН 2016 ОНЫ СОНГУУЛИАР АВСАН 569.5 МЯНГАН САНАЛДАА 569.5 САЯ ТӨГРӨГ ХҮРТСЭН БОЛ АН 62.3, МАХН 4.2 САЯЫГ АВЧЭЭ. МӨН ГИШҮҮНИЙ МӨНГӨ ГЭЖ ДӨРВӨН ЖИЛИЙН ХУГАЦААНД МАН 2.5 ТЭРБУМ, АН 340 САЯ, МАХН 40 САЯ ТӨГРӨГ АВАХ ЮМ.

Хэдхэн хоногийн өмнө шүүхээс төрийн эрхийг хууль бусаар авах зорилготой хуйвалдаан зохиосон гэх үндэслэлээр Ц.Сандуй, С.Ганбаатар нарт дөрвөн жилийн ял оноосон. 2014 оноос эхтэй энэ үйл явдлын гол буруутгал нь төрийн албыг үнэлж, зарахыг оролдсон гэх тодотголтой. М.Энхболдыг ч яг энэ үндэслэлээр УИХ-ын даргын албан тушаалаас огцруулж, эрх баригчдын хоёрдугаар ээлж “хоолондоо” орсон түүх хуучраагүй байна. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт АН-ын ҮБХ УИХ-ын гишүүнд нэр дэвших эрхийг 100 сая төгрөгөөр үнэлэн, буцаан олгохгүй нөхцөлтэйгөөр дэнчин хэлбэрээр цуглуулах шийдвэр гаргаснаа мэдэгдэв. Мөн мөнгө өгсөн хүмүүсийг албан тушаал олгох жагсаалтад бүртгэх гэнэ. 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийн “ханш” 50 сая төгрөг байсан бол өдгөө хоёр дахин нэмэгдээд байгаа нь энэ. МАН-ынхан ч АН-аас ялгаагүй нэр дэвшигчээс мөнгө хурааж сонгуулийн санхүүжилтэд зарцуулж ирсэн нь нууц биш. Энэ өдрүүдэд ч нэг тойргийн үнэлгээг хэдээр тогтоохоо судалж суугаа. АН нэр дэвшигчийн ханшийг 100 сая төгрөгт хүргэсэн учраас МАН ч хүчний давуугаа хадгалахын тулд “ёсыг дагах” нь лавтай. Сайдын суудлыг мөнгөөр зарж, албан тушаалын наймаанд шан татсан арвин туршлагатай намын хувьд энэ тал дээр АН-аас илүү гарна уу гэхээс дутахгүй. Жижиг намуудын хувьд энэ дүнд хүрэхгүй ч “хөнжлийнхөө” хэрд таарсан мөнгөн дүн хэлэхээр бэлтгэн суугаа биз. Албан тушаалын “наймаа”, нэр дэвшигчийн ханш ийм тодорхой байхад хэн нь хэнийгээ хэлж, “хэрээ хэрээнийхээ харыг гайхах” вэ. Монголын улс төр, төрийг сонгох процесст бугшсан энэ үйлдэл яах аргагүй төрийн өндөр албан тушаалын “урьдчилсан төлбөр” болж харагдаад байна. Шулуухан хэлэхэд төрийн албыг үнэлэн зарж байгаа нь төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан гэмт хэрэг биз дээ. УИХ-ын 76 тойрог, Засгийн газрын 16 суудал, 13 дэд сайд, 29 агентлагийн дарга, цаашилбал, УИХ-аас томилдог байгууллагын удирдлага гээд улс төрийн томилгоо хийдэг олон албан тушаалыг дэнчинд тавьж, үнэлэн зарж байгаа нь Ц.Сандуй нарын холбогдсон гэмт хэргээс юуны ялгаа. АН-ын ҮБХ сонгуульд ялсан тохиолдолд дэнчингийн мөнгө өгсөн хүмүүсийг хамгийн түрүүнд албан тушаалд томилохоо ил цагаан зарлалаа. Үүнийг дээрх албан тушаалын аль нэгэнд горилж байгаа бол мөнгөө урьдчилаад өгчих өө, бид төрийн эрхийг мөнгөөр авъя гэсэн санаа биш гэх үү. Намын санхүүжилтийг дэнчингийн мөнгөөр бүрдүүлэхийг хязгаарласан байтал ийм улаан цагаандаа гарсан явдлыг хүлээн зөвшөөрөх гэж үү. Улс төрийн намын тухай хууль болон Сонгуулийн тухай хуульд намд зөвхөн хандив өгөхийг зөвшөөрснөөс дэнчинболон бусад байдлаар мөнгө бэлэглэхийг зөвшөөрөөгүй. Тэр дундаа ашиг сонирхол дагуулсан мөнгө өгөх бүр ч хориотой. Улс төрийн намын тухай хуульд намын санхүүг гишүүний татвар, дэмжигч хуулийн этгээд, иргэний хандив, төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг, намын хэвлэл мэдээлэл, сурталчилгааны болон хөрөнгө зарж, түрээсэлсний орлого, намын мөнгийг банкинд хадгалуулсан хүү гэх зэрэг долоон төрлөөр бүрдүүлэхээр заасан байгаа. Энд дэнчингийн мөнгө хэлбэрээр санхүүжилт авах тухай нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Нэр дэвших эрхийн 100 сая төгрөгийг хандив гэж тооцвол тус хуулийн 18.3-т “Намд зориулж нэг удаа өгөх хандивын дээд хэмжээ хуулийн этгээдээс арван сая, иргэдээс нэг сая төгрөгөөс хэтэрч болохгүй бөгөөд нэг хандивлагч намын нэг байгууллагад жилд хоёроос дээш удаа хандив өгөхийг хориглоно. Намд хандив өгсний төлөө албан тушаал, хувийн эрх ашиг хөөцөлдөх, шахалт үзүүлэхийг хориглоно” гээд бүр тодорхой тусгасан бий. Цаашилбал намдаа 100 сая төгрөг өгөх нь ч дээрх заалтаар хориотой юм. Мөн сонгуулийн тухай хуульд хамааруулах гэж байгаа бол тэнд ч дэнчингийн мөнгөний талаар үг, үсэг огт тусгаагүй. АН дөрвөн жил гудамжинд “өлссөнийг” ойлгож болох ч хуулийн эдгээр заалтын дээгүүр харайх нь арай хэтийдсэн хэрэг биш үү. МАН ч баярхалгүй тэдний араас нэр дэвших эрхийг мөнгөөр үнэлж “хам хэрэгтэн” болох магадлал өндөр. Тэдний булайг дурдаж, “далайг” хутгаж суухуйд намын санхүүжилтийг төрөөс даадаггүйд бурууг тохох өнгө аяс цухалзаж байна. Төрөөс харж үздэггүйгээс хойш санхүүжилтээ хууль зөрчин босгохоос яах вэ гэсэн тунирхал ч хууль бус үйлдлийн тайлбар болох янзтай. Дэлхий нийт төрөөс шууд дэмжлэг үзүүлснээр улс төрийн намаа хүчирхэг компаниудын “халааснаас” хамгаалж байгаа. Ардчилал өндөр хөгжсөн Япон, Герман, Испани, Их Британи, Франц, Канад, Итали, амьдрах хамгийн таатай нөхцөл бүрдүүлсэн Швед, Швейцар, Норвег, Дани зэрэг 65 оронд төрөөс намын санхүүжилтийг олгож байна. Манай улс ч энэ зүгт хэд хэдэн удаа алхам хийх гээд УИХ-аараа унагасаар “илжиг модон хударгандаа” үлдсэн нь энэ. Уг нь тус хуулиар төрөөс олгох дэмжлэгийг УИХ-д суудалтай эсэхээс үл хамааран бүх намд өгөх санхүүжилт авсан нам дөрвөн удаагийн сонгуульд дараалан оролцоогүй бол татан буулгах, санхүүжилтийн 30 хувийг хөгжлийн бодлого боловсруулахад зарцуулах зэрэг дэлхийн чиг хандлагад дөхсөн заалтууд байгаа. Улс төрийн голлох хоёр хүчин хуулиа засахын оронд хууль бусыг сонгож байгаа нь харамсалтай. Хэрэв хуулиа өөрчилсөн бол шүүхээс гэмт хэрэг гэж үзсэн үйлдлийг өөр хувилбараар хэрэгжүүлэх оролдлогогүй, парламент “халаасны” гишүүдээр дүүрч, ашиг сонирхол ханхлуулахгүй байх боломжтой байсан юм.