A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2361/

Приус машины батарей сэргээх Монгол дахь анхны үйлдвэр

Нөхөн сэргээсэн батарейндаа зургаан сарын баталгаа өгдөг

Приус машины батарей сэргээх Монгол дахь анхны үйлдвэр
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2361/


Нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож буй автомашины дунд приус багагүй хувийг эзэлдэг.  Тэгвэл Улаанбаатарт анх удаа приус машины батарей нөхөн сэргээх лаборатори үйлдвэр байгуулагджээ. “ДЦС-III”- ын хойно байрлах “Форвард Моторс” ХХК-ийн авто үйлчилгээний төвд байрладаг уг үйлдвэрийг “Би үйлдвэрлэгч” буландаа онцоллоо. Цаашид зөвхөн приусээр хязгаарлахгүй, гибрид хөдөлгүүртэй бүх төрлийн машины батарейг нөхөн сэргээх зорилт тавьжээ. Тус үйлдвэрийн талаар “Форвард Моторс” ХХК-ийн ерөнхий захирал Г.Орхонтуяатай ярилцлаа.

-Манай улс анх удаа батарей нөхөн сэргээх үйлдвэртэй болсон байна. Үйлдвэрийнхээ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-“Тоёота” Корпорацын дэмжлэгтэйгээр Дэнсо корпорацид боловсруулсан технологид үндэслэн гибрид батарейг нөхөн сэргээх үйлдвэрийг Монголдоо байгууллаа. Судалгаа хийж үзэхэд Монгол Улсад 150 мянга гаруй приус загварын автомашин байна. Тиймээс энэ үйлдвэр манай улсад ашигтай ажиллах бүрэн боломжтой. Эдгээр машины гибрид батарейг Япон улсад 10 гаруй жил хэрэглэсэн байдаг учир манай улсад орж ирээд 5-6 жил болоод муудчихдаг. Японоос нөхөн сэргээх батарей авах гэхээр зардал их байдаг. Тиймээс иргэдийн эрэлт дээр үндэслэн “Тоёота” автомашинтай хэрэглэгчдэд зориулж гибрид батарейг нөхөн сэргээх үйлдвэрийг байгуулсан. Манай үйлдвэрийн хувьд “Дэнсо” корпорацын хилийн чанадад байгуулсан анхны үйлдвэр. Япон нөхөн сэргээсэн батарей манай улсад зарагддаг. Гэхдээ тухайн батарейг Японд нөхөн сэргээгээд нааш нь авчрах хугацаанд цэнэгээ алдана. Тиймээс тухайн газар нь хийвэл ашиглалт сайн байдаг. Үүнээс гадна цэнэг алдсан тохиолдолд дахин сэргээх боломжтой.

-Батарейг хэрхэн нөхөн сэргээдэг тодорхой тайлбарлахгүй юу?

-Хүмүүс өөрийнх нь машинд байгаа батарейг шууд цэнэглэнэ гэж ойлгоод байгаа юм. Тийм биш. Приус автомашины батарей 28 модулиас бүрддэг. Нэг батарейг зургаан үзүүлэлтээр шалгаж үзнэ. Хэдэн ч модуль эвдэрсэн байж болно.

Манай улсад нэг батарейнаас 1-2 модуль гардаг

Солих шаардлагатай модулийг бусад модультай ижил үзүүлэлтээр тэнцвэржүүлээд угсардаг. Дараа нь төхөөрөмж дээр угсарсан батарейны цэнэгийг нь алдуулаад буцааж цэнэглэн ажиллагааг нь тогтворжуулна. Ингэснээр найдвартай ажиллагаатай батарей болж байна гэсэн үг. Түүнээс биш вольтоор нь хэмжээд, энэ батарей нурсан бусад нь зүгээр гээд өөр батарей хийвэл жаахан яваад л алдаа гардаг. Ингэж нэг, хоёроор нь солилоо гээд үр дүнгүй. 

-Хүмүүст нэг, хоёроор нь солих хямд тусдаг байх. Батарейгаа бүхэлд нь нөхөн сэргээлгэхэд хэд орчим төгрөг зарцуулагдах бол. Үнийн хувьд ялгаа бий юу?

-Батарейг бүхэлд нь шалгахад нэг өдрийн ажил болдог. Тухайн хүн машинтайгаа ирж, ажлын хөлсөө төлөөд батарейгаа шалгуулан ашиглаж болох нь хэд байна гэдгийг мэдэж болно. Тухайлбал, арван модуль нь зүгээр байлаа гэхэд буцаан угсраад үлдсэнийг нь хийж болдог. Гэхдээ батарей нь бүхэлдээ ашиглаж болохооргүй болсон тохиолдолд цаг болон мөнгөний гарз болно. Ийм тохиолдолд бүхэлд нь сольсноос ялгаагүй өртөгтэй байдаг. Бүхэлд нь солиход 800 мянган төгрөг байдаг юм.

-Хүмүүсийн ашиглахаа боль - сон хуучин батарейг яадаг вэ?

-Япон улсад хэрэглэхээ больсон нэг машины батарейнаас 7-9 ширхэг модулийг дахин ашиглах боломжтой гэсэн тооцоолол гарсан байна. Гэтэл манай улсад 1-2, зарим батарейнаас нэг ч модуль гардаггүй. Тиймээс бүхэлд нь сольж байгаа юм. Яагаад гэвэл стандартын бус завсар буюу зөвхөн вольтоор нь үздэг. Сайн вольттой хэрнээ хэрэглэж болохгүй батарей байж болно. Батарейгаа бүхэлд нь биш нэг нэгээр нь сольсон тохиолдолд зүгээр байсан модулийг муутгадаг учир дахин ашиглах боломжгүй. Тиймээс хэрэггүй болсон батарейг нэгдсэн байдлаар цуглуулаад Япон руу гаргадаг. Одоогоор гурван контейнер гарсан байгаа. Зарим хүн хуучин батарейгаа өгөхгүй гээд аваад явдаг.

-Хуучин батарейгаа Япон руу явуулдаг нь ямар учиртай юм бэ?

-Гибрид батарей нь дотроо никель, алт гэх мэт олон нарийн бодистой. Тэр болгоныг нь ялгаж аваад устгалд оруулан түүхий эд болгож дахин үйлдвэрлэдэг. Хог хаягдлаа үлдээхгүй гэдэг утгаар Япон улс руу буцаан гаргаж байгаа юм.

-Өмнө нь нөхөн сэргээсэн батарейгаа туршиж үзсэн байх. Туршилтаа хэдий хугацаанд хийсэн бэ?

-Такси үйлчилгээ эрхэлдэг зургаан машинд тавьж, хоёр жилийн хугацаанд туршилт хийсэн. Өдөрт 150-200 км явдаг. Энэ хугацаанд ямар нэгэн асуудал гараагүй. Бид нөхөн сэргээсэн батарейндаа зургаан сарын баталгаа өгч байгаа.

-Зөвхөн приус машины батарейг нөхөн сэргээх юм уу. Цаашид хэрхэн өргөжих вэ?

-Цаашид гибрид батарейтай бүх төрлийн машины батарейг нөхөн сэргээнэ. Одоогоор судалгаа, шинжилгээний ажил хийж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Арьсан бүтээгдэхүүний зах зээлд өнгө нэмэх “Aмка” брэнд

 0 сэтгэгдэл
  • Японд 500 мянган төгрөгөөр худалдаалдаг цүнх Монголд хоёр дахин хямд зарагддаг
  • Өнгөрсөн жилээс хүү маань бидэнд захиалга өгдөг болсон. Эхнэр бид хоёр зөвхөн захиалсан бүтээгдэхүүнийг нь үйлдвэрлэдэг. Бусад ажилд нь оролцдоггүй юм. Залуу хүн бие дааж дорвитой хийж үзэг гэж боддог юм. Үндсэндээ миний хүү бидэнд ажил олгож, дэм болж байна
  • Хоёр жилийн дараа АНУ руу докторт сурахаар төлөвлөж байна. Харин энэ хугацаанд брэндээ хөгжүүлж, би байхгүй байсан ч тогтмол үйл ажиллагаа явуулдаг байх хүсэлтэй ажилладаг. Өөрөөр хэлбэл, намайг сурч байхад дансанд мөнгө орж байх хэмжээнд хүргэх

“Паскаар эхэлсэн бизнесээ зах зээлд өрсөлдөхүйц брэнд болгохын тулд багагүй хөлс дуслуулсан, одоо ч хичээсээр байна. Мэдээж шантрах үе бишгүй тохиолддог. Гэвч бууж өгөөгүй, өгөх ч үгүй” хэмээх шавилхан биетэй, хөдөлмөрч залуугийн үүсгэн байгуулсан “Aмка” брэндийг энэ удаагийн дугаартаа танилцуулж байна. Арьсан эдлэлийн зах зээлд өөрийн гэсэн дүр төрхийг бий болгоод буй тус брэндийн үүсгэн байгуулагч У.Амарбат 23 настай экологич мэргэжилтэй. Залуу хүнд мөнгө, туршлагаас илүү зориг, зорилго тэмүүлэл хэрэгтэйг үлгэрлэж буй тэрбээр бизнесээ нэг жилийн өмнөөс эхлүүлсэн ч богино хугацаанд цэцэглүүлж чаджээ. Учир нь тус брэнд дотоодын зах зээлд танигдаад зогсохгүй БНХАУ, АНУ-д бүтээгдэхүүнээ гаргаад амжсан байна.

Аав ээждээ ажил олгож байна

Түүний аав С.Ундрахболд, ээж Л.Эрдэнэчимэг нь Японы хөрөнгө оруулалттай “Тод гэрэл жидай” компанитай хамтарч Hushtug брэндийн арьсан цүнх үйлдвэрлээд гурван жил болж байгаа аж. Тэд тус брэндийн бүтээгдэхүүнийг захиалгаар хийдэг бөгөөд сард дунджаар 600-800 цүнх Японы зах зээлд нийлүүлдэг байна. Харин өнгөрсөн жилээс хүү У.Амарбат нь мөн тэдний үйлдвэрт захиалга өгч бүтээгдэхүүн хийлгэдэг болсонд тун баяртай байгаагаа илэрхийлж байв. С.Ундрахболд “Манай үйлдвэр үйл ажиллагаагаа явуулаад найман жил болж байна. Өнгөрсөн жилээс хүү минь бидэнд захиалга өгдөг болсон. Эхнэр бид хоёр зөвхөн захиалсан бүтээгдэхүүнийг нь үйлдвэрлэдэг. Бусад ажилд нь оролцдоггүй юм. Залуу хүн бие дааж дорвитой юм хийж үзэг гэж боддог. Үндсэндээ миний хүү бидэнд ажил олгож, дэм болж байна. Анх “ааваа би нэрийн брэндтэй болохоор төлөвлөж байна” гэхийг нь сонсоод чадах эсэхэд нь эргэлзэж л байсан. Гэтэл бодсоноос ч илүү үр дүнтэй ажиллаж байгааг нь хараад баярладаг” гэж хүүгээрээ бахархан өгүүллээ. Тэдний арьсан урлалын үйлдвэр 10 гаруй хүнийг ажлын байраар хангаж, нийгмийн даатгалын шимтгэл, татвар төлдөг хариуцлагатай компани юм. Мөн тэд ихэнхдээ захиалгын дагуу бүтээгдэхүүн гаргадаг аж. Тодруулбал, хамтарч ажилладаг “Тод гэрэл жидай” компани нь мөнгөө урьдчилж төлөөд, захиалгаа өгөх системээр үйл ажиллагаа явуулдаг байна. Ингэснээр төлөвлөгөөний дагуу ажиллах боломжтой бөгөөд бүтээгдэхүүний илүүдэл гарах, хэрэглэгч хайх зэрэг хүндрэл үүсдэггүй байна. Тиймээс “Aмка” брэнд ч тус арга барилаар ажиллаж, захиалгын дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Гэхдээ Монголын нөхцөлд зөвхөн энэ аргаар борлуулалт хийх боломжгүйг онцоллоо. Монгол арьсаар дэлхийд таашаагдсан эцсийн бүтээгдэхүүн гаргах зорилготой тус брэнд одоогоор үйлдвэртээ болон “Улаанбаатар галлериа”-д бүтээгдэхүүнээ борлуулдаг бөгөөд Ard.mn онлайн шопоор дамжуулан хэрэглэгчдэд хүрдэг байна. Мөн өөрсдийн цахим хуудсыг хөгжүүлж, хүмүүст танигдаж буй бөгөөд энэ нь бүтээгдэхүүний захиалга авах, борлуулах нэг чухал суваг гэнэ.

Японд 500 мянган төгрөгөөр худалдаалдаг цүнх Монголд хоёр дахин хямд зарагддаг

Hushtug брэндийн цүнх гурван удаагийн хяналт шалгалтыг давж байж зах зээлд гардаг байна. Японы зах зээлд чанараараа танигдах зорилготой брэнд учир эдэлгээ удаантай, бат бөх бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь тэдний эрхэм зорилго. Үнийн хувьд, нэг цүнхийг дунджаар 500 мянган төгрөгөөр борлуулдаг байна. Харин тус үйлдвэрийн дотоодын хэрэглэгчдэд зориулан урлаж буй “Aмка” брэндийн цүнх үүнээс хоёр дахин хямд үнээр зарагддаг. Чанарын хувьд Япон улс руу гаргадаг цүнхнээс ялгарах зүйлгүй төдийгүй загвараа дотоодын хэрэглэгчдийн онцлогт нийцүүлэн урладаг байна. У.Амарбат “Манай үйлдвэрийн ажилчид чадварлаг, туршлагатай. Үйл ажиллагаа нь жигдэрсэн учир хамтарч ажиллахад таатай байдаг. Мөн аав, ээж хоёр маань хариуцаж ажилладаг болохоор надад бүтээгдэхүүнээ чанарын шаардлага хангаагүй гарах вий гэх айдас байдаггүй юм. Тэд цүнхээ үйлдвэрлэхдээ ширхэг утсанд хүртэл анхаарч, нарийн хийцтэй урладаг. “Aмка” брэндийн бүтээгдэхүүн Hushtug-ын цүнхтэй ижил чанартай гардаг нь манай бас нэг онцлог. Харин загварын хувьд дотоодын хэрэглэгчдэд тохируулан бага зэрэг өөрчилж урладаг юм. Тухайлбал, монголчууд хаяг, лого бүхий чамин хийцтэй бүтээгдэхүүн хэрэглэх сонирхолтой. Харин япон хүмүүс ямар нэг гоёл чимэггүй энгийн загвар их захиалдаг. Мөн Хятад, АНУ-д бүтээгдэхүүнээ гаргахдаа ч хэрэглэгчдийн судалгаа их хийдэг. Улс, үндэстэн бүхний онцлогт тохирох зүйл хийж байж л хүмүүст хүрнэ. Тиймээс зах зээлээ мэдэрч, загвараа гаргахыг хичээдэг. Гэхдээ үнийн хувьд манай бүтээгдэхүүн хоёр дахин бага байдаг. Үүнд тээвэрлэлт мэдээж нөлөөтэй. Гэхдээ Hushtug-ын цүнхний зөвхөн борлуулалт дээр зургаан хүн ажилладаг болохоор ажилчдаа цалинжуулахаас эхлээд өртөг ихтэй. Харин би бүтээгдэхүүн борлуулах, хөгжүүлэх, орлого зарлагаа тооцох зэрэг ажлыг өөрөө л хийдэг. Ингэснээр багагүй мөнгө хэмнэдэг юм. Сургуулиа төгсөөд удаагүй, хуримтлуулсан мөнгө багатай бизнес эхлүүлнэ гэдэг амаргүй юм билээ. Мөн би энэ тал дээр ямар ч мэдлэггүй, номын дуу сонсоогүй хүн. Гэхдээ болохгүйгээс болгох хүртэл нь л зүтгэж байна. Бизнес эрхлэгчдийн сургалтад сууж, аль болох өөрийгөө цэнэглэхийг хичээдэг. Хажуугаар нь мэргэжлийн ажлаа хийдэг юм. Мастертаа ч сурдаг. Хоёр жилийн дараа АНУ руу докторт сурахаар төлөвлөж байна. Харин энэ хугацаанд брэндээ хөгжүүлж, намайг эзгүйд ч тогтмол үйл ажиллагаа явуулдаг болгох хүсэлтэй ажилладаг. Өөрөөр хэлбэл, намайг сурч байхад дансанд минь мөнгө орж байх хэмжээнд хүргэх мөрөөдөлтэй” гэлээ.

Амка брэнд бүтээгдэхүүнээ Монгол арьсаар хийдэг

Арьсаар бүтээгдэхүүн урлахад хамгийн чухал зүйл бол түүхий эд байдаг. Тус үйлдвэр түүхий эдээ дотоодоосоо хангадаг байна. Учир нь Монгол арьс бат бөх, чанар сайтай, эдэлгээ удаан зэрэг олон давуу талтай. Мөн тэд дотоодын үйлдвэрээ дэмжиж хамтарч ажиллахыг хүсдэг гэнэ. Гэхдээ бүсний арал, цүнхний цахилгаан зэрэг туслах бүтээгдэхүүн хийдэг үйлдвэр ховор учир тэдгээрийг дотоодоос хангах боломжгүй байдаг аж. Энэ талаар “Бид бүтээгдэхүүнээ “Мон ирээдүй” үйлдвэрийн боловсруулсан арьсаар хийдэг. Хятадын арьсаар хийж болох ч нимгэлгээ авахдаа муу, бат бөх биш зэрэг цөөнгүй сул талтай юм билээ. Гэхдээ монгол малын арьс бэлчээрлэлтээс шалтгаалсан шарх, өвчлөлөөс үүссэн сорви ихтэй байдаг. Энэ нь бүтээгдэхүүн гаргахад бага зэрэг хүндрэл учруулдаг юм. Бидний хамтарч ажилладаг “Мон-Ирээдүй” компани арьсаа өндөр түвшинд боловсруулдаг. БНХАУ, Итали, Турк, Япон, БНСУ зэрэг орнуудад боловсруулсан арьсаа гаргадаг юм билээ. Мөн Michael Kors, ZARA зэрэг дэлхийн алдартай брэндүүд тэдний арьсаар цүнх хийдэг. Түүнийгээ Монголд оруулж ирээд шаггүй үнэтэй зардаг шүү дээ. Манай үйлдвэр маш сайн боловсруулсан түүхий эд хэрэглэдэг учир бүтээгдэхүүнээ нүүр бардам худалдаалдаг” гэлээ. Тус брэндийн хамгийн гол давуу тал нь Японы зах зээлд хөлөө олсон брэндтэй эн зэрэгцэж, туршлага судалж, бүтээгдэхүүнээ гаргаж байгаа явдал юм. Түүнчлэн арьсан эдлэлийн дотоодын үйлдвэрүүдтэй харьцуулахад үнэ ч хямд байлаа. Тухайлбал, Монголд нэг бүс дунджаар 50-60 орчим мянгаар борлуулдаг бол энд 20-30 мянган төгрөг. Харин цүнх 200-300 мянган төгрөгөөр худалаалж байв. Мөн загвар давтахгүйг хичээж, чанарыг эрхэмлэдэг нь тэдний онцлог. Үүнээс гадна, бүтээгдэхүүндээ нэг жилийн баталгаа өгдөг бөгөөд энэ хугацаанд гарсан эвдрэл, гэмтлийг үнэ төлбөргүй засаж өгдөг нь хэрэглэгчдийн таашаалд хэдийн нийцжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Үрдээ сайныг өмсгөх гэсэн сэтгэл үндэсний үйлдвэр болон хөгжсөн нь

 0 сэтгэгдэл
  • Сайн чанарын материал орж ирэх болсон тул оёдлын үйлдвэрүүд сэргэж эхэлжээ
  • Тэрбээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас гадагшаа явж бараа бүтээгдэхүүн болон хийх материалаа судлаад хоёр сар орчим туршиж, наймдугаар сарын сүүлээр албан ёсоор үйлдвэрээ ажиллуулж эхэлжээ
  • Зөвхөн өөрийнхөө санаанд нийцсэн хувцсыг хүүхдэдээ өмсгөх гэсэн эхийн сэтгэл “Намуу” нэртэй үндэсний үйлдвэр болон хөгжжээ
  • Харахад энгийн мэт боловч хагийн их ажиллагаа шаарддаг зүйл бол дотуур хувцас аж. Дотуур хувцсыг биед эвтэй, харшил өгөхгүй, сайн чанарын даавуугаар хийсэн байх ёстой байдаг
  • Одоогийн байдлаар өнгө, размерын сонголттой 18 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, зах зээлд борлуулж байгаа аж

Эмэгтэй хүн хүүхэд төрүүлж, гэртээ суух хугацаанд мэргэжлийн хувьд өсч дэвжих, магадгүй албан тушаал өгсөх, карьераа нэмэгдүүлэх боломжоо алддаг нь нууц биш. Гэхдээ ямар ч эмэгтэй нялх үрээ асарч, өсгөх энэ хугацааг золиос гэж боддоггүй бөгөөд амьдралын аз жаргал гэж хүлээж авдаг нь хамгийн сайхан. Харин ч өөрийн бизнесээ эхлүүлээд амжилтад хүрсэн олон эмэгтэй гэртээ хүүхдээ харж байхдаа бизнесийн санаагаа бодож олсон талаарх олон түүхийг уншиж байлаа. Эдгээр эмэгтэйн нэг төлөөлөл бол А.Батжаргал. Тэрбээр хүүхдийн биед эвтэйхэн чанартай дотуур хувцас хайгаад олоогүй учир өөрөө хийхээр шийджээ. Зөвхөн өөрийнхөө санаанд нийцсэн хувцсыг хүүхдэдээ өмсгөх гэсэн эхийн сэтгэл “Намуу” нэртэй үндэсний үйлдвэр болон хөгжсөн түүхийг энэ удаагийн “Би үйлдвэрлэгч” буландаа онцолж байна. 

18 төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргаж байна

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах тус үйлдвэрийг зорьж очиход оёдлын машин тасралтгүй тачигнаж, оёдолчин эмэгтэйчүүд биднийг анзаарах сөхөөгүй ажиллаж байв. А.Батжаргал биднийг үйлдвэрийн байрны зохион байгуулалт, үйлчин эмэгтэйчүүдийн гараас “Намуу” брэндийн хувцас хэрхэн “төрж” буй процесстой танилцууллаа. Тус үйлдвэр эсгүүр гаргах өрөө, оёдол, индүүдлэг гэсэн ерөнхий гурван хэсэгтэй. А.Батжаргал “Өнөөдөр захиалга их байгаа болохоор ажилчид маань завгүй л байна. Зарим нь гадуурх ажлаа амжуулахаар явсан” гэв. Тэрбээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас гадагшаа явж бараа бүтээгдэхүүн болон материалаа судлаад хоёр сар орчим туршиж, наймдугаар сарын сүүлээр үйлдвэрээ албан ёсоор ажиллуулж эхэлжээ. “Монголын нөхцөлд сайн чанарын хөвөн зөөлөн материалтай дотуур хувцас олдоц багатай байдаг. Өдөр тутамдаа байнга хэрэглэдэг эдгээр хувцсыг ихэвчлэн гадаадаас авдаг байсан. Харин хүүхдээ хараад гэртээ сууж байхдаа өмсөх хувцсаа заавал гадаадаас авах шаардлага юу байна. Яагаад эх орондоо үйлдвэрлэж болохгүй гэж бодоод туршилтаар хувцас хийж эхэлсэн” гэж А.Батжаргал ярьсан юм.

“Намуу”-г сонгосон үйлчлүүлэгч дараа заавал дахин ирдэг

“Намуу” брэнд нь дотуур хувцас, нимгэн өмд, халаад, майк шортны хослол, футболк, унтлагын болон жирэмсний хувцас зэргийг үйлдвэрлэдэг. Одоогийн байдлаар өнгө, размерын сонголттой 18 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, зах зээлд борлуулж байгаа аж. Бүтээгдэхүүнээ гаргаад зургаан сар болж байгаа боловч аль хэдийн байнгын үйлчлүүлэгчтэй болоод амжжээ. Нэг удаа “Намуу”-г сонгосон үйлчлүүлэгч дараа заавал дахин ирдэг байна. Улмаар тус үйлдвэрийн дизайнеруудад өөрсдийн хүсэл сонирхлын дагуу захиалга өгч, хувцас хийлгүүлэх болсон аж. Тухайлбал, гэрийн өмдний тухайд илүү загварлаг байлгахыг хүссэн байна. Тиймээс үйлчлүүлэгчдийнхээ саналыг хүндэтгэн үзээд өнгө, загвар, материалаа шинэчилж, өвдөг гардаггүй материалтай, суудал өндөртэй, биед эвтэйхэн загвартай болгосон байна. Мөн үйлчлүүлэгчдийн сонирхлын дагуу эмнэлэгт өмсөх хамбан материалтай халаад хүртэл хийжээ. Тэднийх материалаа БНХАУ болон БНСУ-аас авдаг. Үйлдвэрийн дэлгүүр нь Төв номын сангийн урд байрлах Выставка буюу Сарны титэм худалдааны төвд байдаг аж. Мөн “И-март”, “Номин”, “Миний дэлгүүр” зэрэг томоохон сүлжээ дэлгүүрүүдэд бүтээгдэхүүнээ борлуулахаас гадна олон хүнд хүргэх зорилгоор “Номин”-гийн орон нутгийн салбар супермаркетуудаар борлуулдаг.

Хүчин чадлынхаа 50 хувийг л ашиглаж байна

Харахад энгийн мэт боловч хамгийн их ажиллагаа шаарддаг зүйл бол дотуур хувцас аж. Дотуур хувцсыг биед эвтэй, харшил өгөхгүй, сайн чанарын даавуугаар хийсэн байх ёстой байдаг. “Олон төрлийн дизайнаас бүтээгдэхүүн болох загварыг сонгодог. Хувцасны материалаа үнэтэй авдаг учраас бүтээгдэхүүн зах зээл дээр хямд гарах боломжгүй. Гэхдээ бид аль болох өндөр үнээр борлуулахгүй байх төлөвлөгөөтэй ажилладаг” хэмээн А.Батжаргал хэлсэн юм. Одоогоор тус үйлдвэр есөн ажилтантай бөгөөд захиалга ихтэй үед гэрээгээр оёдолчин авч ажиллуулдгаа дуулгав. Мөн үйлдвэрийнхээ хүчин чадлын 50 хувиар ажиллаж буйгаа хэлсэн юм.

Хувцас урлалын зах зээл өрсөлдөгч олонтой

Тус үйлдвэрийн хувцаснууд төрлөөсөө хамааран 3500-45000 төгрөгийн үнээр зах зээлд гарч байна. Хамгийн үнэтэй нь 65 мянган төгрөгийн үнэтэй хамба хилэн материалтай гэрийн халаад байв. А.Батжаргал “Монголчууд хувцсаа хаанаас авч буйг судалж үзсэн. Ажил, амины шугамаар гадаад явдаг хүмүүс тухайн орнуудаас хувцсаа авчихдаг. Харин тийм боломжгүй хүмүүс ямар нэгэн брэндийн хямдарсан хувцсыг авч өмсдөг. Дэлхийд алдартай брэндүүд нэг төрлийн хувцсыг маш олноор үйлдвэрлээд, үлдсэн бараагаа 50-70 хувь хямдруулж зардаг. Харин монголчууд ихэнхдээ ингэж хямдарсан хувцсыг авч өмсдөг бөгөөд, гадаадад ийм үнэтэй байдаг гэж ойлгодог. Гэтэл тийм биш. Тухайн компани бүх ашгаа хийчихээд үлдэгдэл бараагаа дуусгах зорилгоор хямдруулж байхад гадаадын бүтээгдэхүүн хямд байхад бараагаа хямдруул гэж дотоодын үйлдвэрлэгчдэд хэлдэг” хэмээн тайлбарлалаа. Тэрбээр “Бид бүтээгдэхүүний оёдол, эсгүүрт онцгойлон анхаарч, өдөр тутамдаа сайжруулсаар олон улсын стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүн Монголдоо үйлдвэрлэхийн төлөө чармайн ажиллаж байна” гэсэн юм. Хувцас урлалын зах зээл өрсөлдөгч ихтэй. Учир нь БНСУ-аас чанартай, олон төрлийн даавуу орж ирдэг болсон учраас оёдлын үйлдвэрүүд сэргэж, хувь хүмүүс хүртэл гэрээр хүүхдийн хувцас, баривч зэрэг олон зүйл үйлдвэрлэх болсон байна. А.Батжаргал Чехэд бизнесийн удирдлага чиглэлээр мэргэжил эзэмшсэн ч цаашид хувийн бизнесээ өргөжүүлэхээр төлөвлөжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Монгол чанарыг дэлхийд мэдрүүлэхээр зорьж буй “Эхлэл”-ийнхэн

 0 сэтгэгдэл
  • Сард 100 гаруй мянган бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсын зах зээлд экспортолж байна
  • Залуус "Эхлэл"-ийнхний үйлдвэрлэж буй чихэвч, зөөврийн цэнэглэгч, гар утасны дагалдах хэрэгслийг их хэрэглэх болжээ. Үзэмж давгүй чанарын хувьд ч гайгүй санагдсан талаар залуус сонирхуулж байлаа
  • Нэг килограмм төмрийг түүхийгээр нь экспортлох, халбага хийгээд гаргах хоёрын хооронд том зөрүү бий. Нэмүү өртөг шингэсэн технологийн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд нэлээд үнэтэй байдаг. Иймээс зах зээлд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргахыг зорьж, электроникийн чиглэлийн үйлдвэрлэл эрхэлж байгаа
  • Алс хэтдээ компьютер, цахилгаан машин үйлдвэрлэлийн салбарт хүч сорих хүсэл тээж яваагаа сонирхууллаа. Тэд технологийн бүтээгдэхүүнийг өөрсдөө бүтээж, гадаад валютын урсгалыг эх орон руугаа татах зорилго тээн ажиллаж байна

“Дуслуулсан хөлс бүр чинь үр дүн авчирна”. Ийн хэлэх эрхэм бол “Эхлэл” брэндийг үүсгэн байгуулагч Ч.Батзаяа гэх 30 эргэм насны залуу юм. Тэрбээр таван жилийн өмнө хуушуур хийж, захиалгаар хүргэж өгдөг байжээ. Тэр үед Монголд анхны электрон хэрэгслийг үйлдвэр байгуулах том зорилго сэтгэлдээ тээж, бизнесээ босгох шат өөд зугуухан алхаж явснаа дурсав. Тэрбээр “Амжилтын түлхүүр хүн бүрийн гарт анх төрөхөд л атгаатай байдаг. Тэр бол зүтгэл. Амжилтыг холоос хайх хэрэггүй. Зүтгэл байсан цагт чиний амжилтад хүрэх тасалбар хүчинтэй гэсэн үг” хэмээн хэлэх дуртай. Монголчууд гар утас, компьютер үйлдвэрлэнэ гэхээр зарим хүний санаанд багтдаггүй. Тэртээ тэргүй улс орнууд хийж байгаа зүйлийг бид хийж яах юм бэ, тэгээд ч бидний хийсэн бүтээгдэхүүн төгс байж чадах уу гэж эргэлзэх хүмүүс бий. Гэвч бид бусад үндэстнүүдтэй л ижилхэн зүрх, тархитай төрсөн. Тиймээс агуу зүйлийг бүтээх, дэлхийг байлдан дагуулах авьяас билиг ч бидний дотор оршиж буй. Хүн бүр хичээл зүтгэл гаргаж, зогсолтгүй хөдөлмөрлөж чадвал бүхнийг бүтээнэ гэж Ч.Батзаяа үздэг аж. 

Залуус “Эхлэл”­-ийнхний үйлдвэрлэж буй чихэвч, повер зөөврийн цэнэглэгч, гар утасны дагалдах хэрэгслийг ихээр хэрэглэх болжээ. Үзэмж давгүй, чанарын хувьд ч гайгүй санагдсан талаар тэд сонирхуулж байлаа. Тэрбээр компани байгуулсан түүхээсээ бидэнтэй хуваалцсан юм. “Эхлэл”-­ийн түүх 2007 оноос бичигджээ. Хоёрдугаар курсийн оюутан залуу цагийн ажил хийхийн хажуугаар Amjilt.com Ehlel.com Miniih.com зэрэг сайт ажиллуулж эхэлсэн байна. Бүх төрлийн программ татдаг варез сайт болохоор тухайн үеийн залуусын сонирхлыг татаж чаджээ. Эдгээр сайтыг ажиллуулж байхдаа тэрбээр дотроо Microsoft шиг болно хэмээн бодож зүтгэж байв. Ингээд 2011 оноос hostmongol гэж нэрээр Монголд анх удаа .MN домэйн нэрийг 25 ам.доллараар худалдаалах боломжийг нээж, хоёр жил шахуу энэ үйл ажиллагаагаа эрхэлжээ. Энэ бүхэн өнөөдрийн электроникийн үйлдвэр байгуулах шат гишгүүр болсон байна. Ч.Батзаяа “Би багаасаа л Солонгосын Sam­sung, LG, Японы Toyota, Honda, Германы Benz, Хятадын Lenovo шиг брэндийг Монголдоо бий болгоно гэж мөрөөдөж явсан. Үүнийгээ бодит болгох нь миний зорилго, тэмүүлэл. Тийм ч учраас брэндийнхээ уриаг see your dream come to life буюу мөрөөдөл тань амьдрал дээр хэрхэн биелэхийг хар гэсэн утгатайгаар өгсөн. 2016 оны аравдугаар сард компаниа байгуулж, оюуны өмчөө бүртгүүлэх, худалдаалах зүйлсээ үйлдвэрлэх, Aliba­ba-­гийн хятад сапплэйр эрх авах зэрэг ажлуудаа маш нарийн хийсэн. Хятадын зах зээл, бизнесийн орчин, бизнесийн соёл нь миний бодсоноос тэс өөр байсан болохоор түүнийг ойлгох, мэдрэх гэж, бага биш хугацаа зарцуулсан. Наад зах нь хэлний бэрхшээл. Гэвч ямар ч байсан өнөөдөр бол Хятадын зах зээлийг ойлгох ойлголт, арга зам, гарц, хэл ус, дадал зуршил маань хамаагүй дээрдсэн шүү. Ер нь үйлдвэрлэгч, бүтээгч, экспортлогч тэр дундаа олон улсад худалдаа хийж суръя гэвэл бид Америк, Орос, Европ гэхээсээ илүүтэй хятадуудаас л сурах хэрэгтэй юм шиг санагддаг” гэлээ. Монголын технологийн салбарт цахиур хагалах бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхий дахинд “Made in Mongo­lia”-­г таниулах хүсэл зорилготой бизнесээ эхлүүлжээ. Түүнийг анх бизнесээ эхэлж байхад санхүү, хөрөнгө босгох амаргүй байсан ч хичээл зүт­гэлийн хүчээр хүнд үеийг давж гарчээ. Тэрбээр “Манай улс нүүрс, алт, зэс, ноос ноолуурын чиглэлээр дэлхийн зах зээлд танигдсан хэдий ч голдуу түүхийгээр нь олон улсад гаргаж байна. Их хэмжээгээр гаргасан нөхцөлд эдийн засгийн үр өгөөж гайгүй байдаг ч багаар экспортлоход ашиг нь буурдаг. Тиймээс хүмүүсийн орчин үеийн хэрэглээн дээр тулгуурлаж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж олон улсын зах зээлд нийцүүлэхээр зорьсон. Нэг килограмм төмрийг түүхийгээр нь экспортлох, халбага хийгээд гаргах хоёрын хооронд том зөрүү бий. Нэмүү өртөг шингэсэн технологийн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд үнэтэй байдаг. Иймээс зах зээлд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргахыг зорьж, электроникийн чиглэлийн үйлдвэрлэл эрхэлж байгаа. Технологийн бүтээгдэхүүний хэрэглээ улам нэмэгдэж байна. Ойрын 10 жилд илүү өсөх хандлагатай байгаа. Тэгэхээр би зах зээлээ зөв мэдэрч үйлдвэрлэл явуулж байгаа гэж боддог. Манай компани одоогоор 100 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үүнээс долоон нэр төрөл нь гар утасны дагалдах хэрэгсэл. Монголчуудын хувьд импортын бүтээгдэхүүн давамгайлсан байдаг учраас зах зээлд үнэтэй байгаа юм. Гэхдээ өөрсдөө дотооддоо үйлдвэрлэдэг учраас гаалийн татвар, тээврийн зардал багасдаг тул өртөг хямд байдаг. Эх орондоо үйлдвэрлэхээр үнэтэй байдаг гэж иргэд ойлгодог. Тийм биш. Бид чанарт илүү анхаарал хандуулж байна. Гар утасны холбогч л гэхэд тасрахгүй бат бөх байж удаан эдэлгээ даахуйц байлгахад анхаардаг” гэж ярилаа. “Эхлэл” компа­нийнхан Энэтхэг, ОХУ, Казахстан руу бараагаа экспортлох гэрээ хэлэлцээр хийгээд байгаа аж. Том зах зээлд хөл тавихын тулд үйлдвэрийн хүчин чадал сайн байх ёстой. Үүнд ихээхэн анхаардаг ч нарийн мэргэжлийн боловсон хүчин дутагддаг хэмээсэн юм. Чадалтай залуус өөрсдийгөө үнэлдэг гадаад зах зээлд ажил­ладаг болохоор Монголоос сайн мэргэжилтэн олно гэдэг амар биш гэдгийг тэд хэлж байв. Тиймээс залуусыг сургаж, тогтвортой ажиллуулахаар зорьж буй аж. Одоогоор сард 100 гаруй мянган бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй бөгөөд энэ хүчин чадлынхаа хүрээнд олон улсын зах зээлд бараагаа нийлүүлж байна. Дараагийн үйлдвэрүүдээ ашиглалтад оруулсны дараа бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдэнэ гэж үзжээ. Дахин хоёр ч үйлдвэр ашиглалтад оруулахаар төлөвлөж буйгаа дуулгасан. Эхний ээлжинд Энэтхэгийн Бангалор руу бүтээгдэхүүн гаргаж буй юм байна. Тус хот 20 сая хүн амтай болохоор овоо дориун зах зээл бий гэж “Эхлэл”-ийнхэн онцолж байв. Энэ жишгээр Монголын бизнесмэнүүд дэлхийн зах зээлд гарах гэж чармайж байна. Гэхдээ олон бичиг баримт бүрдүүлэхээс эхлээд тийм ч амар байдаггүйг Ч.Батзаяа хэлж байв. Бизнесийн орчин хэт нүсэр байхаар цаг хугацаа алддаг, энэ нь бүтээмжийг хойш татаж байна хэмээн тэрбээр нэмж хэлсэн юм. Бизнес эрхлэгчдэд тулгамддаг асуудал нь хаана, бооно, торгоно гэсэн эрх зүйн санкцууд байдаг аж. Төрийн энэ дарамт бизнесийн орчныг сулруулж байдгийг тэрбээр шүүмжилж байлаа. Ч.Батзаяа “Манайх төрөөс элдэв хөнгөлөлттэй зээл, дэмж­лэг авч байсангүй. Өөрийн боломжоо ашиглаад л зүтгэж байна. ЖДҮ­-ийг дэмжих зээл, элдэв татаас төрөөс үзүүлэхгүй байж болно л доо. Харин бизнес эрхлэгчдэд илүү чөлөөт өрсөлдөөнийг л бий болгож өгөх хэрэгтэй. Гадаад зах зээлд гарахад чөлөөтэй байлгамаар байна” гэлээ. Өмнө нь Монголд элект­роникийн үйлдвэрлэл эрхэлж байсан туршлагатай бизнесмэн байдаггүй болохоор амаргүй байсныг дурдаж байв. Түүнчлэн хамтраад ажиллах, туршлага солилцох нөхцөл боломж хязгаарлагдмал байдгийг ч нуусангүй. Электроникийн чиглэлээр бизнес эрхлэх, үйлдвэрлэл явуулахыг зорьж буй хүмүүст “Эхлэл”-­ийнхэн зам гаргаж өгөгч нь болж байна. Алс хэтдээ компьютер, цахилгаан машин үйлдвэрлэлийн салбарт хүч сорих хүсэл тээж яваагаа сонирхууллаа. Тэд технологийн бүтээгдэхүүнийг өөрсдөө бүтээж, гадаад валютын урсгалыг эх орон руугаа татах зорилго тээн ажиллаж байна. Ч.Батзаяа “Бизнесийг хүн баяжих гэж хийдэггүй юм. Бусдыг идэх хоолтой, өмсөх хувцастай байлгах, сайн сайхан амьдруулах гэж хийдэг юм” хэмээн ярьдаг. Тиймээс ч ажилгүйдлийг бууруулж, баялаг бүтээхэд хүчин зүтгэж яваа ажээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Бусдын сайн сайханд хувь нэмрээ оруулж буйдаа баяртай байдаг

 0 сэтгэгдэл
  • Бид өдрийн ихэнх цагийг хамт өнгөрөөдөг учир нэг гэр бүл шиг л дотно
  • Орчин нөхцөл сайтай тул бид ажлаас хойш суудаггүй. Цаг, нар бүр ч хамаагүй. Манайхан ажилтай, захиалгатай л бол сайхан гэдэг хүмүүс 
  • Xэрэгцээ шаардлагад нь нийцүүлэн, судалгаанд үндэс, бараа бүтээгдэхүүнээ урлаж байна

Өрхийн бизнес эрхлэх сонирхолтой эмзэг бүлгийн ээжүүдэд ажлын байр бий болгож буй “Ховор угалз” эмэгтэйчүүд хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцахаар тус төвийг зорилоо. Өрх толгойлсон, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, бага насны хүүхэдтэй зэрэг хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал эмэгтэйчүүдийг монгол гутал урлах, эсгий, ноосоор бүтээгдэхүүн гаргах зэрэг ур чадварт үнэ төлбөргүй сургаж, ажлын байр олгодог энэхүү төвд нийт 60 гаруй эмэгтэй үйлдвэрлэл эрхэлдэг. Тэднийг үйл ажиллагааг СХД-ийн Засаг даргын тамгын газраас дэмжиж, 145 метр квадрат талбай бүхий гурван өрөө байраар хангажээ.

Ажлын байраа хувийн сууц шиг тохижуулжээ

Биднийг зорьсон газраа хүрч, үүдээр нь ормогц нас, насны эмэгтэйчүүд тус, тусын үйлийг хийгээд, тун завгүй байлаа. Түүнчлэн, ажлын байрныхаа хана, шалыг өнгө, өнгийн эсгий, ноосон хивсээр чимсэн байх бөгөөд сувд, шүр бүхий чамин зүүсгэл энд тэндгүй өлгөсөн харагдана. Мэнд мэдээд, цааш алхтал ижил өнгийн цамцаар гоёж, эсгий шаахай өмссөн эмэгтэйчүүд “улавч өмсөөрэй” гэв. Ингэхдээ “бид энд гэртээ байгаа юм шиг л тухалдаг учир гаднын гутал, хувцастай байдаггүй юм. Мөн ихэнх нь хүүхэдтэйгээ ирдэг учир ариун цэвэр маш чухал” хэмээн тайлбарлав. Үнэхээр ч тэд ажлын байраа оффис гэхээс илүү гэр орон шигээ тохижуулжээ. Тун тохилог бөгөөд цэвэрхэн энэ байшинд ажилчид өдрийн ихэнх цагийг өнгөрөөдөг бөгөөд усанд орох, угаалга хийх зэрэг ахуйн ариун цэврийг ч мөн сахидаг аж. Энэ талаар “Монгол угалз” урлаачдын холбооны гүйцэтгэх захирал Ж.Жавзан “Манай ажилчид ажилдаа их дуртай. Дуртай зүйлээ хийж байгаа тул өглөө ирээд, шөнө л харьдаг. Зарим үед эндээ хонох нь ч бий. Мөн ихэнх нь үр хүүхэд, ач зээ нараа аваад ирдэг учир хүүхдийн өрөө гаргаж, тохижуулсан юм. Дэвсгэр, хөнжил, тоглоом, наадгай, сандлын бүтээлэг, ханын чимэглэл зэрэг бүх л зүйлийг бид өөрсдөө урлаж, эсгэсэн. Мөн ажилчдад болон хүүхдүүдэд өдөрт гурван удаа хоол хийж өгдөг юм. Үүнээс гадна, угаалгын машин, улавч, шаахай, алчуур саван зэрэг ахуйн хэрэглээний бүх л зүйл манай төвд бий. Тиймээс бид эндээ усанд ороод, угаалгаа хийчихдэг. Эгч нь 70 насны босго давсан хүн. Өдий хүртэл ажиллаж, амьдрахдаа ийм ажлын байр, хамт олон үзээгүй. Орчин нөхцөл сайтай тул бид ажлаас хойш суудаггүй. Цаг, нар бүр ч хамаагүй. Хэт оройтчихвол зарим нь эндээ хононо, заримыг нь захирал хүргээд өгчихдөг. Манайхан ажилтай, захиалгатай л бол сайхан гэдэг хүмүүс. Мөн өдрийн ихэнх цагийг хамт өнгөрөөдөг учир бид нэг гэр бүл шиг л дотно болчихсон. Хүүхдүүд минь хүртэл бие, биетэйгээ нөхөрлөж, гар урлалтай ойр өсөж байна” хэмээн ажлын байраа танилцууллаа. Гар урлал хийж буй ажилчид бүтээсэн бүтээл, гаргасан урла­лаараа цалинждаг аж. Тухайлбал, гутлын хээ гаргах, хэв дарах, эсгий өнгө, хэлбэрт оруулах зэрэг үйл бүхэн тодорхой тарифтай. Түүнчлэн хэн юу хийхээ ажилчид өөрсдөө сонгож, санал гаргадаг бөгөөд тогтсон ажлын цаггүй учир аль завтай үедээ ирээд ажиллах боломжтой аж. Харин захиалсан бүтээгдэхүүнийг цагт нь өгснөөр тэдний ажлын бүтээмж хэмжигддэг байна. СХД-­ийн 20 дугаар хорооны иргэн Н.Нямсүрэн “Манай гэр эндээс хоёр гудамжны зайд байдаг. Би өглөө зээ охиноо цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд ажилдаа ирдэг юм. Одоо сургууль амарчихсан тул охиноо авч ирээд ажиллаж байна. Заавал өглөө 9:00 гэж ирээд орой тарах ёстой гэсэн дүрэм, журамгүй учир их амар. Зарим захиалга цагтаа багтахгүй болчихвол гэрлүүгээ авч яваад хийх нь ч бий” гэлээ. 

1000 гаруй хүнд өөрийн ур чадварыг өвлүүлэн, эзэмшүүлсэн 

60 орчим хүнийг ажлын бай­раар хангаж, олон мянган ээжийг урлах, эсгэх эрдэмд сургаж буй тус төвийн захирал М.Сувд-Эрдэнэ гар урлалын чиглэлээр мэргэшээд 20 ор­чим жил болж байгаа аж. Түүнчлэн энэ хугацаанд 1000 гаруй хүнд өөрийн ур чадварыг өвлүүлэн, эзэмшүүлсэн төдийгүй “Дэлхийн зөн” олон улсын байгууллагатай хамтарч, хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдэд ч ажил, орлогын шинэ боломж нээж өгдөг байна. Түүний нө­хөр Я.Баттулга шинэ зүйл сурахаар ирсэн бүсгүйчүүдэд эсгийгээр бүтээгдэхүүн урлахыг заадаг бөгөөд загвар зохион бүтээдэг байна. Автын инженер мэргэжилтэй тэрбээр урлах эсгэх чиглэлээр ажиллаад 10 орчим жил болж байгаа аж. Я.Баттулга “Эхнэрийгээ шөнө, үдэшгүй арьс, эсгий бариад суухад нь дургүйцдэг л байлаа. Гэтэл нэг мэдэхэд өөрөө өглөө, үдшийг ялгалгүй эсгий нухаж, элдэв дүрс зурж суудаг болсон. Бидний ур ухаан, сэтгэл зүрхээ шингээж хийсэн бүтээлийг хүмүүс хэрэглэж, сэтгэлийн таашаал авна гэдэг хамгийн сайхан. Мөн олон шавьтай болсон. Сургалтад суугаад гарсан шавь нар маань гутал урлаж, эсгийгээр бүтээл хийгээд борлуулсан мөнгөөрөө машинаа томруулсан, малаа өсгөсөн гэх нь л хамгийн сайхан санагддаг. Бусдын амьд­ралын сайн, сайханд хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байдаг юм” хэмээв.

Бүтээгдэхүүнээ олон улсын болон орон нутгийн зах зээлд нийлүүлж эхэлжээ 

“Ховор угалз” эмэгтэйчүүд хөгжлийн төв хэрэглэгчдийн захиалгаар бүтээгдэхүүн урлаад зогсохгүй гадаадын болон орон нутгийн зах зээлд хөл тавиад эхэлжээ. Энэ талаар “Ховор угалз” эмэгтэйчүүд хөгжлийн төвийн захирал М.Сувд­-Эрдэнэ “Бид зөвхөн нийслэлийн хэрэглэгчдэд бүтээг­дэхүүнээ хүргээд зогсохгүй олон улсын болон орон нутгийн зах зээлд хөл тавиад эхэлсэн. Ингэхдээ хэрэгцээ шаардлагад нь нийцүүлэн, судал­гаанд үндэслэн, бараа бүтээгдэхүүнээ урлаж байна. Жишээ нь Өвөрмонгол хүмүүс ширмэл ширдэг, эсгий гутал хэрэглэх сонирхолтой байдаг бол япончууд өнгө, загварт нь илүү ач холбогдол өгдөг. Харин БНХАУ-­ын иргэд дулаан, тохитойд нь татагддаг. Цаашдаа бид хүрээгээ улам тэлж, илүү олон улсад хүрэхээр ажиллаж байна. Мөн сургалтад хамрагдах сонир­холтой хүний тоо ч өссөөр байна. Бид өмнө нь Баянхошууны эцэст сургалтаа зохион байгуулж, үйлд­вэрлэлээ эрхэлдэг байсан юм. Харин иргэдээ ажилтай, орлоготой байл­гах үүднээс дүүргийн Засаг даргын тамгын газраас биднийг энэ байраар хангасан. Тохилог сууцтай, хүмүүст ойр болчихоор худалдан авалт ч, сургалтад сууж, ажиллах сонирхолтой хүмүүс ч нэмэгдэж байна” хэмээлээ. “Ховор угалз” төв нь нярай хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг гэрээс гарах боломжгүй эмэгтэйчүүдийг гэртээ ажиллаж, орлого олох боломжоор хангадаг байна. Ингэхдээ, ширдэг ширэх, гутлын хээ гаргах зэрэг гар аргаар үйлдвэрлэх боломжтой зүйлийг гэрт нь хүргэж өгдөг байна.

Хонины ноосоор амны хаалт үйлдвэрлэж байна

 “Ховор угалз” эмэгтэйчүүд хөгжлийн төв амны хаалт үйлдвэрлэхээр туршиж байна. Ингэхдээ эсгий, ноос ашиглаж байгаа аж. Тэд амны хаалтын дотор байрлах шүүлтүүрийг цэнхэр спиртээр ариутган, эсгий­рүүлсэн хонины ноосоор хийжээ. Харин гадна талыг нь давуугаар оёсон бөгөөд урд нь зориулалтын шүүлтүүр байршуулжээ. Энэ нь агаар гадагш нэвтрүүлдэггүй бөгөөд гаднах бохирдлыг шүүж, үлддэг онцлогтой аж. Энэ талаар М.Сувд-­Эрдэнэ “Японд автома­шины агаар шүүгчийг хонины ноосоор хийдэг. Тиймээс амны хаалтын шүүлтүүрийг ч мөн энэ аргаар хийж болох юм гэж бодогдсон. Хонины ноосны бүтэц шигүү хэдий ч агаар нэвтрүүлэх чадвар сайтай. Мөн гадны үйлдвэрлэж буй амны хаалт агаар нэвтрүүлэх чадвар муу тул дотор тал нь чийгтэх, шил цантах зэрэг хүндрэл үүсдэг. Харин ноосон шүүлтүүртэй маск гадагш агаар нэвтрүүлэх чадвар сайтай тул шил цантахгүй. Бид туршиж үзсэн” хэмээлээ. Тэд энэхүү санаагаа төрийн байгууллагуудад уламжлан, үйлдвэрлэх эрх авахаар ажиллаж буй гэнэ. Харин одоогоор зах зээлд гаргаж эхлээгүй тул борлуулах үнэ тодорхойгүй байв. Ажил хийхийг хүссэн хэн хүн бүрд тус төвийн үүд хаалга нээлт­тэй. Түүнчлэн эдгээр хүмүүс олон эмэгтэйд амьдралыг харах өнцөг, хандах хандлагыг өөрчилж, өөртөө итгэх итгэл, өөдрөг алхах даль жигүүр бэлэглэжээ.