A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/789/

Рави Моханка: Монгол Улс B, C вирусийн тархалтад анхаарах хэрэгтэй

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/789/


“Монголд элэгний өвчлөл их байгаа учраас тангараг өргөсөн эмчийн хувиар өвчтэй хүмүүст мэдлэг туршлагаа харамгүй зориулах хүсэлтэй байна. Монгол улс B, C вирусийн тархалтад маш их анхаарал хандуулах хэрэгтэй. Үрэвслийн шатанд нь эрт оношилж, хяналтад байлгахад анхаараасай гэж хүсэж байна” хэмээн Рави Моханка хэлсэн юм. Тэрбээр энэ сарын 8-9-нд Улаанбаатар хотод ажиллаж, B, C, D вирустэй, элэгний хатуурал болон хавдартай хүмүүст зөвлөгөө өгөх юм. Вашингтоны их сургуулийн эрдэмтэд дэлхийн 195 орны 1990-2016 оны хоорондох хорт хавдрын өвчлөлийн мэдээллийг боловсруулж, Global Burden of Disease (GBD) сэдэвт тайлан гаргасан байна. Уг тайланд 2016 оны байдлаар Монгол улсын 100,000 хүнд ногдох хорт хавдраас шалтгаалсан нас баралт 272 болж, дэлхийд тэргүүлснийг дурджээ. Монгол улсад 2017 онд хорт хавдрын 6073 шинэ тохиолдол оношлогдсон тухай дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Эрүүл мэндийн үзүүлэлт судалгаанд тусгасан юм.

Тэрхүү шинэ тохиолдлуудын 2312 нь элэгний хорт хавдар. өөрөөр хэлбэл, 2017 онд шинээр бүртгэгдсэн нийт хорт хавдрын зонхилох тохиолдлоор элэгний хавдар 38.1 хувьтай бичигджээ. Монголын элэгний хорт хавдрын өвчлөл 100,000 хүн амд 74.6 байгаа нь мөн л дэлхийд маш дээгүүр эрэмбэлэгдэх үзүүлэлт болж байна. Манай улсад өнгөрсөн онд 4004 хүн хорт хавдрын улмаас нас барсан ба Монгол улсын нийт нас баралтын 25.4 хувийг эзэлж буйг ДЭМБ тодотгосон. Тэгвэл “Глобал” олон улсын эмнэлгийн ахлах мэс засалч, Элэг шилжүүлэн суулгах тасгийн эрхлэгч, Элэг, цөс, нойр булчирхайн мэс засалч, олон улсын итгэмжлэгдсэн мэс засалч доктор Рави Моханкагийн хийсэн судалгаагаар Монгол улс элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийн дунджаас даруй зургаа дахин өндөр байгааг график харуулж байна. Манай улс сүүлийн жилүүдэд “Эрүүл элэг”, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлж буй. Мөн 2017 онд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг хэрэгжүүлэх хүрээнд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг Засгийн газар баталсан. Гэвч Монгол улс одоогоор энэхүү аймшигт өвчлөлөөр дэлхийд толгой цохисон хэвээр л байна. Мөн эмнэлгийн байгууллагын үзүүлж буй үйлчилгээ хүн бүрт хүртээмжтэй хүрч чадахгүй хэвээр байгаа.

Тиймээс энэ тал дээр олон улсын байгууллагууд анхаарал хандуулж хувь нэмрээ оруулж байна. Тэдний нэг нь “Глобаль” олон улсын эмнэлэг юм. Тус эмнэлгийн ахлах мэс засалч, Элэг шилжүүлэн суулгах тасгийн эрхлэгч, Элэг цөс, нойр булчирхайн мэс засалч, олон улсын хэмжээний итгэмжлэгдсэн мэс засалч Рави Моханка манай улсад ажиллаж иргэдэд үзлэг хийж, зөвлөгөө өгөх гэж байгаа юм. Тэрбээр салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, туршлагатай эмч. Тухайлбал, эрхтэн шилжүүлэн суулгалтаар АНУ-д нарийн мэргэжил дээшлүүлж, герман болон Итали улсад элэг, цөсний дурангийн болон робот мэс заслын сургалт, Канад улсын торонто хотын их сургуулийн эмнэлэгт эрхтэн шилжүүлэн суулгалтын дараах нөхөн сэргээх эмчилгээ, АНУ-ын Питсбург хотын Томас салзын нэрэмжит эрхтэн шилжүүлэн суулгах судалгааны төвд хэвлийн хөндийн эрхтэн шилжүүлэн суулгалт, АНУ-ын Нью-йоркийн Рочестерийн их сургуулийн эмнэлэг, Стронг Мемориал эмнэлэгийн эрхтэн шилжүүлэн суулгах клиник судалгааны хүрээлэнд докторын дараах сургалт зэрэгт хамрагджээ. Мөн өөрийн төрөлх БНЭУ-ын Нагпур анагаах ухааны улсын их сургуульд ерөнхий мэс заслын магистрын зэрэг хамгаалсан тэрбээр амьд болон амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах талаар 10, хүүхдийн элэг шилжүүлэн суулгах чиглэлээр 15 жилийн туршлагатай юм байна.

Элэг цөсний комплекс, дурангийн, робот мэс заслын чиглэлээр туршлагатайн дээр БНЭУ-ын хамгийн анхны бүдүүн гэдэс шилжүүлэн суулгах багт амжилттай ажилласан эмч аж. Энэ хугацаандаа БНЭУ-ын тэргүүлэх томоохон эмнэлгүүдэд элэг цөс, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмч, тасгийн эрхлэгч, ахлах мэс засалч, зөвлөх эмчээр ажиллаж байсан чадварлаг нэгэн. Энэтхэг улс жил тутам эрүүл мэндийн бодлогоороо өөрийн орноос гадна дэлхийн улс орнуудын хүн амын элэгний өвчлөлд анхаардаг. Тухайлбал, тус улсын эрүүл мэндийн салбар нийт иргэдийнхээ 95 хувийг вакцинд хамруулж чаджээ. Шинжилгээний тоног төхөөрөмж, эмч мэргэжилтний сургалт, эмчилгээний арга зүйн судалгаанд Энэтхэг их хэмжээний мөнгө зарцуулдаг нь энэ өвчлөлийн түвшин бага байгаагийн ач тус гэж болно. Энэтхэг хүмүүсээс элэг шилжүүлэн суулгасан тохиолдол ердөө 1000 байна. Энэ нь сүүлийн 10-аад жилийн турш бараг л өөрчлөгдөөгүй тоо аж. үүнийг тэрбум гаруй хүнтэй нь харьцуулахад маш бага үзүүлэлт. Түүнээс 350 орчим хагалгааг “Глобал” олон улсын сүлжээ эмнэлэг хийсэн бөгөөд хагалгааны үр дүнд амьдрах магадлал 96 хувь гэж үздэг байна. Урьдчилан сэргийлэх бодлогоо сайтар хэрэгжүүлж, нийт хүн амынхаа 60 хувийг жил бүр даатгалаар үзлэгт хамруулж чаддаг нь бас нэгэн онцлох мэдээлэл юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хөвгүүдээ хөсөр хаядаг уламжлалт сэтгэлгээг хэзээ халах вэ

Сүүлийн таван жилд их, дээд сургууль төгсөгчдийн 347 мянга нь эрэгтэй, 479 мянга нь эмэгтэй байна

 0 сэтгэгдэл


Хүүхэд болгон математикч болох албагүй, харин эцэг, эх болно гэдгийг анхаарах ёстой гэж сурган хүмүүжүүлэгч нэгэнбээр ХХ зуунд хэлсэн нь бий. Хүн бүр математикч болох албагүй нь үнэн боловч боловсрол эзэмшихгүй бол XXI зууны иргэн гэхэд гологдох нь гарцаагүй болжээ. Үүнээс гадна иргэдийн боловсролын түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувийн жин харьцангуй илүү гарч эхэлсэн нь арван жилийн дараагаас ноцтой үр дагавар бий болгохыг мэргэжлийн байгууллагынхан дүгнэж байгаа юм. Нийгэм дэх боловсролын түвшин ийн харьцангуй болж байгаа нь гэр бүлийн харилцаанд ч урхаг тарьж болзошгүйг Жендерийн үндэсний хорооны илтгэлд дурджээ. Харин ийм байдалд хүргэж байгаа шалтгааныг уламжлалт сэтгэлгээтэй холбон тайлбарлах нь олонтаа. “Хөвгүүд яахав учир нь олдоно, хөөрхий охин маань хэцүүднэ” гэдэг монголчуудын хандлагаас энэ байдал даамжирсан. Хөвгүүд сургууль завсардах, ерөнхий боловсрол эзэмшиж чадахгүй байгаагийн гол шалтгаан нь мал маллах, ажил хийлгэх гэсэн эцэг эхийн хүсэлтэй холбоотойг тоо, баримт тодорхой харуулж байна. БСШУСЯ-наас 2017 онд сургууль завсардсан 6-14 насны хүүхдийн тоог судалгаагаар илрүүлжээ. Түүгээр 682 хүүхэд сургуульд сурахгүй байгаагийн 463 нь хөвгүүд байв. Огт сургуульд ороогүй 514 хүүхдийн 318 нь хүү байна. Сургуульд суралцахгүй байгаа шалтгааныг тодорхойлсон судалгааг инфографикаас тодорхой харж болно. Сургуульд огт сурдаггүй хүүхдийн дийлэнх нь хогийн цэг дээр л байдаг гэсэн ойлголт бий.

Гэтэл эл судалгаагаар өөр дүгнэлт гарч байна. Тухайлбал, сурагч болж амжаагүй 6-11 насны 462 хүүхдийн 131 нь өвчний улмаас сургуулийн босго алхаж чадаагүй бол 331 нь ар гэрийн гачигдал, мал маллах шалтгаанаар суралцах эрхээ хасуулжээ. Тэдний дийлэнх нь өнөөх хөсөр хаягдсан хөвгүүд. Өөрөөр хэлбэл, мал дагуулах, хурдан морио адгуулах зорилгоор хөвгүүдийг сургууль завсардуулсаар байна. ХНХЯ-наас хийсэн судалгаагаар 2017 онд 10435 хүүхдийг морь унаач, малчны ажил хийлгэж байгаа гэсэн тоо гарчээ. Бага насны хөвгүүдээр морь унуулах, адуу мал арчлуулах зорилгоор сургууль завсардуулснаас эрсдэлд орж байгаа жишээ ч бас бий. Саяхан Сүхбаатар аймагт алдарт уяачийн морь малладаг 13 настай хүү жүчээнд амиа алдсан. Хөөрхийг эцэг, эх нь амьжиргаандаа нэмэр болгохоор хэдэн төгрөгний цалинтайгаар алдарт уяачийн жүчээнд ажиллуулж байсан тухай ХЭҮК-ын дарга ярьж байна лээ. Түүний адил сургууль завсардаж, морины хөлс хусаж зогсоо олон хүүхэд байгаа нь лавтай. Хөвгүүдээ суурь боловсрол эзэмшүүлээд л хөдөлмөрийн зах зээлд гарган амьжиргаагаа залгуулдаг айл ч олон байх. Ерөнхий боловсрол эзэмшиж буй хүүхдийн дийлэнх нь эмэгтэй. харин олон хөвгүүн 9 дүгээр ангиасаа суралцах боломжгүй болж байгааг тоо баримтаас харж болно. БСШУСЯ-ны мэдээллээр, сүүлийн хоёр жилд 9 дүгээр анги төгссөн буюу суурь боловсрол эзэмшсэн хүүхдийн 23.7 хувь нь 10 дугаар ангид элсэн ороогүй байна.

331 хүүхэд ар гэрийн гачигдлаас сурагч болох эрхээ хасуулжээ

Өөрөөр хэлбэл, 14.5 мянган хүүхэд МСҮТ болон ажлын талбарт гарч байгаа гэсэн үг. Тэдний 64.9 хувь нь эрэгтэй, 35.1 хувь нь эмэгтэй. Үүнээс өнгөрсөн жил 5809 хүүхэд МСҮТ-д элсэн орж, 3200 хүүхэд хөдөлмөрчин армид нэгджээ. Эдгээр хүүхдүүд мэдээж мэргэжилгүй учир мал маллахаас эхлээд барилгын туслах, барааны захын тэрэгчин, угаалгын газрын ажилтан болжбайгаа. 2016 онд салбарын сайдын баталсан “Хүүхдийг хөдөлмөр эрхлүүлэхийг хориглосон ажлын байрны жагсаалт” хэрхэн хэрэгжиж байгааг ХНХЯ, МХЕГ-ын хамтарсан ажлын хэсэг энэ жил шалгажээ. Тус шалгалтаар 495 хүүхдийг хууль бусаар хөдөлмөр эрхлүүлж байсныг илрүүлжээ. Тэдний 90 хувь нь 14-17 насны хөвгүүд аж. хөвгүүдийг хөдөө аж ахуй, автомашин угаалгын газар, барилга угсралт, бичил уурхай, зам засварын анги зэрэг биеийн хүчний ажилд дайчилдаг байж. Баригдсан нь л энэ болохоос шалгалтад өртөөгүй олон байгууллага бий гэдэгт эргэлзэхгүй байна. Сүүлийн хоёр жилд ерөнхий боловсрол эзэмшээгүй, МСҮТ-д орж чадаагүй түм, буман хүүхэд амьдралын дүрмийн дагуу ийн амьжиргаагаа залгуулж байгаа гэдэгт ч эргэлзэх шаардлага алга. МСҮТ-өөр дамжин мэргэжил эзэмшин ажлын талбарт гарч буй хүүхдийн талаар энд өгүүлээгүй гэдгийг хэлэх нь илүүц биз.

Харин “Хөвгүүд яахав учир нь олдоно” гэх уламжлалт сэтгэлгээ боловсрол нимгэн, боломж тааруу залуусын арми бэлтгэж буйг хэлээд байгаа хэрэг. Дээд боловсрол эзэмшсэн дэгжин шаавай эмэгтэйчүүдэд боловсролд нь дүйх, боломжинд нь таарах харчууд энэ хэрээр цөөрсөөр байгаа. Түүнээс болж өрх толгойлсон, ганц биеэр амьдарч буй эмэгтэйчүүдийн тоо ч буурахгүй байгаа юм. 2017 оны байдлаар 76.8 мянган эмэгтэй өрх толгойлон амьдарч байгаа ба хамтран амьдрагчийн хүчирхийллийн дарамтад өртсөн эмэгтэйчүүд 15 мянгаар хэмжигдэж байна. Нийгмийн боловсрол, мэдлэг дутуугаас хүчирхийлэл үйлдэх нь олонтаа тул боловсролтой эмэгтэйчүүд ганц биеэр буюу өрх толгойлж амьдрахыг илүүд үзэх болжээ. Тэр хэрээр хөөрхий охид хэцүүднэ гэсэн уламжлалт хандлага өөр утгаар биеллээ олох аж. Өнгөрсөн зургадугаар сард Английн Guardian сонин дээр “Хэтэрхий ухаантай, хэтэрхий амжилттай монгол хүүхнүүдэд нөхөр олдохгүй байна” гэсэн гарчигтай нийтлэл гарсан нь манайд нэг хэсэгтээ л ярианы сэдэв болсон. Монгол эрчүүдийн боловсрол бүсгүйчүүддээ гологдох болсон энэ байдал олон улсын хэмжээнд хүртэл яригдах болсны ганц жишээ энэ.

• “Хөвгүүд яахав учир нь олдоно, хөөрхий охин маань хэцүүднэ” гэдэг монголчуудын хандлагаас хөвгүүдийн боловсрох эрх зөрчигдөж байна.

• ҮСХ-ны мэдээллээр сүүлийн таван жилд 131.8 мянган эрэгтэй эсрэг хүйстнээсээ боловсролоор хоцорчээ.

• Хүүхэд бүр математикч болох албагүй ч хөвгүүд боловсролоос гээгдэж, боломжоос хоцрох ёсгүй билээ.

Ерөнхий боловсрол эзэмшсэн охидын дийлэнх нь их, дээд сургууль дүүргэдэг. ҮСХ-ны мэдээллээр сүүлийн таван жилд их, дээд сургууль төгсөгчдийн 347.7 мянга нь эрэгтэй, 479.5 мянга нь эмэгтэй байгаа тухай дурджээ. Уг нь Монголын хүн амын хүйсийн харьцаа бараг тэнцүү. Гэтэл 131.8 мянган эрэгтэй эсрэг хүйстнээсээ боловсролоор хоцорсон нь тодорхой байна. Байдал энэ хэвээр 10 жил үргэлжилбэл дээрх зөрүү 260 мянгад хүрч холдоно. Үүн дээр сургууль завсардсан, 9 дүгээр ангиас ажилчны эгнээнд нэгдсэн эрэгтэйчүүдийг нэмбэл бараг хагас саяд хүрнэ. Нийгэмд эрэгтэй, эмэгтэй иргэдийн боловсролын түвшин их ялгаатай болох нь жендерийн аливаа харьцаанд том өөрчлөлт оруулаад зогсохгүй гэр бүл салалтад чухал нөлөө үзүүлдэг тухай өнгөрсөн хавар төрийн ордонд танилцуулсан Жендерийн үндэсний хорооны тайланд дурдаж байсан. Төрийн зүгээс жендерийн тэгш байдлыг хангахад хүчирхийллийн асуудлыг эхэнд тавиад байгаа болохоос нийгмийг бүрдүүлэгч өрхийн гишүүдийн боловсролын тэгш байдлыг хангах чиглэлээр хангалттай ажиллахгүй байна. Өсвөр насны хөвгүүдийн ерөнхий боловсрол эзэмшилт охидынхоос хавьгүй дутуу, дээд боловсролоор эрчүүд хол хоцорч эхэлснийг дээрх тоо, баримт бэлхнээ харууллаа. Бид уламжлалт хандлагаа хэзээ өөрчилж, сургууль завсардахаас эхлээд ерөнхий боловсрол ч эзэмшиж чадахгүй байгаа хөөрхий хөвгүүдээ өөд татах вэ. Хүүхэд бүр математикч болох албагүй ч хөвгүүд боловсролоос гээгдэж, боломжоос хоцрох ёсгүй билээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хонь шиг өрлүүлэхээ больцгооё

Өрлүүлж байгаа хонь “Эзэн минь надад тэнгэр харуулж байна” гэж баярлан бодсоор амь тавьдаг юм гэсэн

 0 сэтгэгдэл


Өрлүүлж байгаа хонь “Эзэн минь надад тэнгэр харуулж байна” гэж боддог учраас эсэргүүцэлгүйгээр амь тавьдаг юм гэсэн. Хонь үнэхээр ингэж боддог эсэхийг хэн мэдлээ. Ямар ч байсан ямаанаас долоон дор “тэнэг” мал юмдаг. харин хүн хониноос дор байхын тухайд юу гэхийг ёстой мэдэхгүй юм. Байсхийгээд л бидний өрцөн дээр хутга тулгачих юм даа. Хэн гээч. Хэн дуртай нэг нь. “Энэ төрд эзэн байна уу” гэж мэргэжил нэгт нэг анд маань аргаа барсан байртай асуусан байх юм. Үнэхээр монголчууд бид эзэнгүй хонин сүрэг шиг ингээд яваад л байх уу? Бид дэндүү номхон, нунж дорой байгаагаасаа болоод төрөөр айл гэр болж тоглосон дурын нэгэнд л дарлуулж, даапаалуулаад л.., ядаж өөрсдийнхөө эрх ашгаа хамгаалахын тухайд ч бодохоо байж өдөр хоногийг аргацааж амьдрах боллоо шүү дээ. Яг хонин сүрэг шиг. Удаа дараагийн парламент, Засгийн газруудад ямагт хулхидуулсаар бүр сүүлдээ биднийгээ өр ширд баригдуулж, өлөн зэлмэн амьдруулдагт нь дасан зохицож, эвлэрч байх шиг байна. Эвлэрээд зогсохгүй зарим нэг нь бүр төрийн бодлого ийм л байдаг байх гэсэн ойлголттой болчихож. Дэндүү харамсалтай. Монголын ард иргэд тэр чигээрээ төрийнхөө бодлогын золиос болж амьдарч байна. Энэ бүхнийг нотлох түм, буман факт байна. хамгийн сүүлд гэхэд л хуулиар дархлагдсан “хулгайч” эрхмүүдийн ЖДҮХС-г хоосолсон тэрбум, тэрбумын зээл, авлига, шатахууны үнийн үндэслэлгүй өсөлтөөс шууд хамаарсан ард түмний амьжиргааны эрс доройтол гээд тэвчээр барсан ямар олон асуудал биднийг тарчлааж, цөхрөөж байна вэ?

Монголчуудын тэсвэр, тэвчээрийн хязгаарыг цааш ийнхүү сориод байх нь аюултай биш гэж үү! Хуулиас дээгүүр хальж гарсан энэ олон хүрэл толгойтой, ширмэн зүрхтэй нөхдийн явдал, суудал арай хэтэрлээ. Монгол улсын өр улам өссөөр. өртэй улс орон өөдөлдөггүйн жишээг бидний амьдрал харуулсаар л... Эдүгээ манай улсын зайлшгүй төлөх ёстой гадаад өр 26.2 тэрбум ам.долларт хүрсэн гэж байна. Хаашаа шингэж, хэнд наалдаж алга болсон мөнгө, өр билээ! Жирийн ард иргэдийн амьдралд наалдсан үртэс ч үгүй атлаа бид хүүхэд багачуудаасаа эхлээд хөгшин хөвөөгийн ялгаагүйгээр энэхүү өрийг төлөлцөж, ачааны хүндийг нь үүрэх болно. “Чингис” “Самурай” бондын тэр их мөнгө тэрбум, тэрбумаараа хаачив. Дийлэнх нь эрх мэдэлтнүүдийн халаасанд орсныг мэддэг ч амны зугаа болгож ярихаас хэтрэхгүй. Ярих зүрхтэн ч алга юм аа. Яагаад гэвэл Монголын төр засаглалынхаа бүх шатанд өмхийрч, ялзарч, бүгд ижилдээ ижил, адилдаа адил бохирдсон хүмүүсээр дүүрчихлээ. Бондын өрийг дахин бонд гаргаж дарна. Үүнийгээ эдийн засаг өндийж сэхлээ гэж худал сэвнэ, сурталдана. Сэтгэл, оюунд нь гэрэл тусахаа байж, ямар ч ёс суртахуун, моральгүй болсон нөхдүүдийн өмнө арчаагүйдэн, тэдний цадаж ханадаггүй, хязгааргүй шунал, тачаалын золиосонд хонь шиг өрлүүлэн тийчлэхээ больцгооё л доо!

Хуурамч тунхагаас цаашгүй явж ирсэн эрх чөлөө, шударга ёсныхоо төлөө тэмцдэг, ядаж л жагсдаг, дургүй байгаагаа чангаар хэлж чаддаг байхгүй бол цаашдаа ч хонин сүрэг шиг байж, хэн дуртайд нь дээрэлхүүлсээр байх болно! Ингэхдээ чулуу шидэж, байшин шатааж, хүч хэрэглэж, хэн нэгнийхээ амь насыг золиосолж болохгүй л дээ. Эргээд үнийн өсөлтийн хав халуунаараа байгаа сэдэв рүү хандъя. Яг энэ асуудал дээр эрх баригчид дүлий дүмбэ царайлж, шатахууны үнэ харьцангуй хямдарсан хэмээн худлаа ярьж байх хооронд АИ-92 маркийн шатахууны үнэ 2000 төгрөгт хүрчихлээ. Жил гаруйхны дотор шатахууны үнийг зургаа дахь удаагаа нэмж байгаа нь энэ. Ингэснээрээ өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тэр чигт нь хөдөлгөөд ард иргэдэд дарамт болж буулаа. Гэтэл ингэж үнэ нэмэх гадна, дотнын ямар ч шалтгаан байгаагүйг салбарын яамны мэргэжилтнүүд нь ярьж байх жишээтэй. Ердөө сарын өмнө нефть импортлогчдыг үндэслэлгүйгээр үнэ нэмж байна гэдгийг УУХҮЯ-наас нийтэд зарлаад асуудлыг шалгах тусгай ажлын хэсэг гаргасан. Хэрэв үндэслэлгүйгээр үнэ нэмсэн нь тогтоогдвол нефть импортлох эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгээ тун сүртэйгээр мэдэгдэж байв. Харин шалгалт ингэс тэгсхийгээд өнгөрсөн.

Иргэдийн шахалтгүйгээр үр дүн гардаггүй болохыг одоо л ухаарч байх шиг байна

Өдгөө цагт хэлсэндээ хүрч, зангарагтай загнадаг төрийн түшмэл алга болжээ. Хэн хамгийн ихээр худлаа ярьж, хамгийн томоор хулгай хийнэ, тэр хэрээр алдаршин үйлдэл нь хууль, дүрэмд хамаагүй нэгэн болж хувирдаг. Амь насаа алдсан ч хамаагүй хэмээн аймаар чухал царайлж байгаад амлаад байсан амлалтууд яалаа. Хариуцлага яалаа. Энэ бүхний оронд дүр эсгэсэн “ухаантнууд” ямар олон болоо вэ! шатахууны үнийг зохицуулж чадахгүй гэж манай Ерөнхий сайд албан ёсоор мэдэгдсэн. Зохицуулж чадахгүй байгаагаас нь болоод Монголд бүх юмны үнэ зохицуулагдахгүйгээр бас нэмэгдээд эхэлсэн. Шатахууны хувьд манай улс 100 хувь хараат байдаг хойд хөрш маань экспортын үнээ нэг центээр ч нэмээгүй байхад манайхан үнэ нэмээд байгаа шалтгааныг ойлгохгүй юм. Тэр ч байтугай ОХУ-ын Засгийн газар энэ сарын 1-ний өдөр нефтийн үнийг тогтворжуулах талаар нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч бүх компанитайгаа ярилцан тохирч, 2018 оныг дуустал үнэ нэмэхгүй байх гэрээг байгууллаа. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л Роснефть компани гэрээгээ үзэглэсэн байна.

Тэрхүү гэрээгээр хэрэв 2019 он гараад нефтийн бүтээгдэхүүний үнийг нэмэх шаардлага гарвал инфляцын жилийн дундаж өсөлтийн хэмжээнээс хэтрүүлж болохгүй гэдгийг тодорхой тусгажээ. Засгийн газар ард иргэддээ учирч болох дарамтын эсрэг ингэж л зохицуулалт хийж ажилладаг юм байна. Ганц хойд хөрш маань ч биш, Энэтхэг улс гэхэд л өнгөрсөн есдүгээр сард газрын тос, нефтийн бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн. Мэдээж энэ шийдвэрийг олон нийт нь эсэргүүцэн, хүлээж авсангүй. Тиймээс Энэтхэгийн Засгийн газар гаргасан шийдвэрээ цуцлан улмаар шатахууны үнийг нэмэгдэхийн өмнөх үнээс нь ч хямдруулчихаад байна. Өмнөд Солонгосын Засгийн газар ч ялгаагүй, удаашраад байгаа эдийн засгийн хөгжлөө дэмжихийн тулд газрын тос, нефтийн бүтээгдэхүүнд ногдуулдаг онцгой татвараа тэглэсэн. Үнийг тогтвортой байлгах хөтөлбөрөө баталсан. Зохицуулалт хийж чадахгүй байгаа манай Засгийн газарт энэ бүхэн ядаж жишээ болж болох юм. Үнэндээ бодлого, зохицуулалт ярих нь бүү хэл үүрэг, зорилгоо мэддэггүй төрийн олон байгууллага манайд бий.

Хамгийн ойрын жишээ татахад л тэдний нэгээр “шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар” хэмээх нэрнийхээ яг эсрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг нэрлэж болох байна. Төрийн алба үнэндээ тэр чигээрээ л “амьгүй албат”уудаар дүүрсэн. Ийм “амьтад” алба залгуулж байгаа хойно, Монголд энэ байтугай “тэнэг үзэгдэл”-ийг цааш улам олонтаа дэглэсээр байх биз. Харин Монгол улсын төр, Засгийн газрыг ард иргэдээ энэрдэг бусад улсын Засгийн газар шиг ажиллуулдаг болгохын тулд тэдэнд хариуцлага тооцохгүйгээр, иргэдийн зохион байгуулалттай шахалтгүйгээр ямар ч үр дүн гардаггүй болохыг одоо л нийгмээрээ ухаарч байх шиг байна. Хий дэмий харааж, бухимдаж, багтарч байхаар эрх ашгаа хамгаалж, ядаж л ШТС-уудаас бензин, түлш авахаа болиод жагсцгаая л даа. Хэн нэгэн худалч, хулхи нэгнийг улс төрд гаргахын төлөөнөө нохойд барьдаг мод нь болоод утга учиргүй жагсдаг шигээ, өөрсдийнхөө төлөө нэг өдөр ч болтугай бүгд ажлаа хаяад яагаад жагсаж чаддаггүй юм бэ, бид. Ард түмэн хүчтэй атлаа ийм арчаагүй байх аваас өнөөгийн улстөрч хэргэмтэй наймаачид дураараа даварч, дарлаад байх нь аргагүй ээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ээлгүй сургууль эдгэж буй шархыг сэдрээдэг

Хүчирхийллийн улмаас хэчнээн хүүхэд сургууль завсардаж, хичээл хоцрогдсон нь тодорхойгүй байна

 0 сэтгэгдэл


Тэвчих тэнхэлгүй болтлоо ар гэрийнхээ хүчирхийлэлд өртсөн өсвөр насны нэг хүүхэд гараа хурц ирмэгтэй зүйлээр сийчсэн байжээ. Энэ бол тэр амьдрах итгэлгүй болж, энэрэх ээж, аавгүйдээ гутарсны илрэл, магадгүй өөрийгөө ийм байдалд оруулчихвал эцэг, эх нь дахиж түүнийг зодож, цохихоо болино гэж горьдсон эндүүрэл, нөгөө талаар хүүхэд л болсон хойно үр дагаварыг нь тооцоолж чадаагүй болчимгүй үйлдэл байв. Гэхдээ өөрийгөө ийн тарчлаасан ч, ар гэрийнхээ хүчирхийллээс ангижирч чадсангүй, арга буюу зугтаж хамгаалах байранд иржээ. Түүнийг хамгаалах байрны хүүхэд хамгааллын мэргэжилтнүүд хуучин сургуулиас нь шилжүүлж, шинэ хамт олонтой болгосон юм. Хүчирхийлэгчид хүүхдийн аюулгүй байдалд халдаж, сурч боловсрох эрхийг нь зөрчиж болзошгүй учраас ийн шилжүүлсэн хэрэг. Гэтэл шинэ хамт олны дунд байр сууриа олохоор хичээлдээ шамдаж, үерхэл нөхөрлөл нь дөнгөж эхэлж байх үед нь сургуулийн нийгмийн ажилтан нэг нөхөр олны өмнө мөнөөх хүүхдийн нэр төрийг гутаан доромжилжээ. Түүний сорвитой гарыг нь өргөж “ийм муухай байна. Та нар энэ хүүхэд шиг болов” хэмээн чичлэн байж, онцлон ярьсан байна. Тэр жаалхүү хамгаалах байрандаа эргэж ирээд “Надад маш хэцүү байна. Би уг нь шинэ ангид ороод хичээлдээ дуртай, идэвхтэй болсон. олимпиадад орохоор бэлдэж байсан юм. Ангийнхан маань ч гэсэн намайг хүндэлдэг байсан.

Одоо миний итгэл үнэмшил,зориг маань алга болчихлоо. Хамт олон, найзуудаасаа ичиж байна” хэмээн сэтгэлзүйчид хэлжээ. Хүүхэд хамгаалагчид нийгмийн ажилтны зүй бус үйлдлийн талаар сургуулийн захиргаанд гомдол мэдүүлж, арга хэмжээ авахыг хүссэн байна. Энэ бол тун саяхан болж өнгөрсөн явдал. Манай улс хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах эрх зүйн тогтолцоогоо шинэчлээд хоёр жил өнгөрч байна. Эдгээр болон холбогдох бусад хуульд хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалахад цэцэрлэг , сургуулийн удирдлага, багш ажилчдын оролцоог чухалчилсан байдаг. Тэд хуулиар ажил үүргийн болоод ёс суртахууны өндөр үүрэг хүлээсэн. Харамсалтай нь боловсролын салбарт хүүхэд хамгаалах тогтолцоо бүрдээгүй, ажилчдынх нь харилцаа хандлага төлөвшөөгүй байна. Үүнээс болж олон хүүхэд сурч боловсрох эрхээ эдэлж чадахгүй, хичээлийн хоцрогдолтой, нэр төрөөрөө хохирсоор байна. Цаашлаад цөөн тооны боловсролын ажилтнууд хүүхэд хамгаалах төрийн үйлчилгээг хүртээмж муутай, ёс зүйгүй болгож байна. Энэ оны нэгдүгээр сарын 8-нд үүдээс нээснээс хойш “ид шидийн орон” хамгаалах байрт хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн 51 хүүхэд үйлчлүүлээд байна. Тэдний 20 орчим хувь нь 1-4 жилийн хугацаанд сургууль завсардсан, сурч боловсрох эрх нь зөрчигдсөн хүүхэд байгааг тус төвийн хүүхэд хамгааллын мэргэжилтэн, “ид шидийн орон” хамгаалах байрны зохицуулагч Г.Түшинжаргал ярилаа. 14 настай, албан бусаар боловсрол олгох сургалтад гурван жил хамрагдсан боловч уншиж, тоолж чадахгүй, нэрээ ч бичиж мэдэхгүй хүүхэд хүртэл ирсэн аж.

Түүнд хувийн багш хөлсөлж, хоёр сарын хугацаанд хичээл заахад нэгдүгээр ангийн хүүхдийн түвшинд хүрчээ. Бага боловсрол эзэмшүүлж, тусгай мэргэжлийн сургуульд суралцах эрхтэй болгохын тулд дахиад 3-4 жил хичээллэх шаардлагатай болж байна гэсэн үг. Гэр бүлийн хүчирхийлэлд буй хүүхдүүд мөнхийн айдас түгшүүртэй байдаг тул анхаарал нь төвлөрдөггүй, хичээлдээ дургүй болж сургуулиас завсардах тохиолдол их. Гэвч үүнийг барин тавим тоо баримтаар илэрхийлэх арга алга. Хүүхэд хамгааллын мэргэжилтнүүд нь хаанаа ч хүрдэггүй тул боловсролын байгууллагыг хүүхэд хамгаалах чиглэлд зайлшгүй тулахаас аргагүй болсон. Гэтэл өнөөх найдсан сургуулийн орчин хүүхдийн эрх зөрчигддөг хоёр дахь том газар болж хувираад байна. Энэ талаар “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ-ын зохицуулагч Б.Оюундарь “Боловсролын байгууллага бол эрх нь зөрчигдсөн болон гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд хамгийн чухал үүрэгтэй боловч багш, ажилчид нь хүчирхийлэлд өртсөн байж болох хүүхдийг илрүүлэх ур чадвар, мэдлэг дутмаг, харилцаа хандлага төлөвшөөгүйгээс төрийн үйлчилгээг ёс зүйгүй хүргэж байна” хэмээн ярьсан. Хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх эрх зүйн орчин шинэчлэгдсэний дараа сургалт явуулж буй боловч хууль, дүрэмд заасан үүргээ ойлгож, өдөр тутмын ажлынхаа нэг хэсэг болгож, хохирогч хүүхдийн нууцлалыг хадгалж, хариу үйлчилгээ үзүүлэх, хамгаалахад алдаа гаргаж байгааг мэргэжилтнүүд мөн хэлж байгаа юм.

Сургууль завсардсан шалтгааны дийлэнх нь тодорхойгүй

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг шилжүүлэн сургахад ихэнх сургуулийн удирдлага хүлээж авах дургүй байдаг гэж Г.Түвшинжаргал ярилаа. Тэрбээр “хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн ар гэрийн амьдрал дорой гэж харах, бусад хүүхдээс ялгаварлаж харьцах байдал маш түгээмэл. Хамгаалах байрны хүүхэд хуучин сургуульдаа явах боломжгүйг нь хэлээд шилжүүлэх хүсэлтээ аваад очиход ийм хүүхдүүд сурлага муутай, сахилгагүй, хэд хоног, хэдэн сар суучихаад буцаад явдаг, хамран сургах тойргийн хүүхэд биш учраас авахгүй гэх зэргээр дургүйцэх тохиолдол их л дээ” хэмээв. Харин өнгөрсөн сард БСШУЯ-ны сайдын баталсан “гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг суурь боловсролын үйлчилгээнд тасралтгүй хамруулах журам”ыг мөрдөөд эхэлбэл энэ байдал өөрчлөгдөнө гэж найдаж буйгаа Г.Түвшинжаргал хэллээ. “Үүнээс гадна зун болгон болдог багш нарын мэргэжил дээшлүүлэх гурав хоногийн сургалтад бусдын эрх, эрх чөлөөний тухай, тэрхүү эрх чөлөөнд халдвал яах уу, хувийн орон зайгаа хэрхэн хамгаалах вэ гэсэн сэдвээр хөтөлбөр оруулах нь үр дүнтэй. Ийм мэдлэгийг сурагчдад олгохгүй байгаа учраас орон зайг нь ТББ-ууд нөхөж байна шүү дээ” гэж Б.Оюундарь тайлбарлав. Хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн улмаас хичээлдээ сонирхолгүй болох, ээж аав нь сургуулиас нь хүчээр гаргах, ар гэрээ тэжээх, мөн сургууль дээр хувийн нууцлал алдагдсаны улмаас очих байх газаргүй болж хичээл завсардах нь их.

Ялангуяа хүн ам цөөн сум, орон нутагт эрх нь зөрчигдсөн хүүхдүүд амьдрах аргагүй болоод хотод шилжиж ирдэг тохиолдол олон. Энэ хичээлийн жилд ЕБС-д суралцдаггүй 6-14 насны нийт 354 хүүхэд байгаагийн 126 нь эмэгтэй хүүхэд байна. Мөн энэ жил сургуульд элсэх ёстой 287 хүүхэд сургуульд огт ороогүй бол 71 нь завсардсан байна. Харин суралцаагүй шалтгааны дийлэнхийг “тодорхойгүй” гэдэг хариулт эзэлсэн байна. Гэтэл үүнийг лавшруулж судлах бодит шаардлага амьдралаас урган гарч байна. Үндэсний хэмжээнд хийсэн “Жендэрт суурилсан хүчирхийллийн нүцгэн үнэн” судалгаагаар гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг нийт 985 эмэгтэйгийн 6-12 насны хүүхдийн 2.8 хувь нь сургуулиас завсардаж, 6.2 хувь нь хичээлдээ муу суралцаж, анги улирч байгаа гэсэн дүн гарчээ. Гэтэл энэ нь жирийн гэр бүлийн хүүхдүүдтэй харьцуулахад их байгааг судалгааны тайлбарт онцолжээ. Олон улсад хийсэн судалгаагаар хүүхэд насандаа хүчирхийлэлд өртөж байсан хүн энгийн хүнээс боловсролын түвшин доогуур, ажил эрхлэлт муу, орлого багатай, эрүүл мэндийн хувьд дархлаа муутай, хорт хавдар тусах эрсдэл өндөр гээд байнгын зовлон, сэтгэлийн шаналгаантай байдаг аж. Мөн насанд хүрээд хүчирхийлэлд өртөх, өөрөө үйлдэх эрсдэл нь энгийн хүнээс дөрөв дахин их байдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс одоо л ийм эмзэг хүүхдүүдэд сайн үйлчилгээ үзүүлж, хэвийн байдалд нь оруулж чадвал 10, 20 жилийн дараа амьдралд нь гарах сөрөг өөрчлөлтүүдийг бууруулж чадна. Эс чадвал ирээдүй хойч маань ямар аюултай, эрсдэлтэй амьдрал туулахыг таамаглахад хэцүү биш. Үүнд сургуулийн багш, ажилтнуудын хохирогчид ээлтэй харилцаа хандлага, орчин хамгийн чухал.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Худалдааны дайнаас дайжсан мөнгө зах зээл хайж байна

​Хятадад хуралдсан үйлдвэрлэлийн төвлөрөл худалдааны дайнаас үүдэн задарч эхэллээ​

 0 сэтгэгдэл


Зах зээл хайсан бизнес эрхлэгчдийн нүүдэл Зүүн өмнөд Ази даяар өрнөж байна. Урд хөршид ухаалаг утасны сэлбэг үйлдвэрлэдэг байсан дэвид бууриа сэлгэн, бизнесээ Бээжингээс Вьетнам руу шилжүүлжээ. Дэвид шиг олон бизнес эрхлэгч АНУ, БНХАУ-ын худалдааны дайны хөлд нэрвэгдэн, дассан зах зээлээсээ дайжиж байна. Хятадад үйлдвэрлэл эрхэлдэг байсан АНУ зэрэг орны иргэд гэлтгүй урд хөршийн үйлдвэрлэгчид ч аргагүйн эрхэнд эх орноо орхиход хүрчээ. Утасгүй чихэвч үйлдвэрлэдэг Хятадын Goertek компани үйлдвэрлэлээ Вьетнамд шилжүүлж байгаа бол телевиз, зургийн аппарат зэрэг цахилгаан бараагаар Монголчуудын эчнээ танил Panasonic компани БНХАУ дахь үйлдвэрүүдээ Тайланд, Малайз, Мексикт төвхнүүлээд удаагүй байна. Ийнхүү сүүлийн 20-иод жил эх газрын Хятадад хуралдаад байсан үйлдвэрлэлийн төвлөрөл АНУ, БНХАУ-ын худалдааны дайнаас үүдэн задарч эхэллээ. Өндөр тарифын өмнө өвдөг сөхөрсөн Хятадын компаниуд Америк дахь зах зээлээ алдаж эхэлжээ. Харин алдсан орон зайг нь Зүүн Азийн зарим орон хэдийнэ эзлээд авчихаж. Ялангуяа, Вьетнамын компаниуд худалдааны дайны далбаа дор шинэ зах зээлүүдэд амжилттай нэвтэрч буй төдийгүй энэ маргааны ялагчаар тодроод байна.

Өмнөд Хятадын Гуанжоуд төвтэй Америкийн худалдааны танхимын судалгаагаар АНУ, БНХАУ-ын бизнес эрхлэгчид Вьетнамын компаниудад зах зээлээ илүү алдаж буйгаа илэрхийлжээ. Харин АНУ-ын компаниудын БНХАУ дахь зах зээлд ХБНГУ, Япон хүч түрэн, нэвтэрч байгаа аж. 270 сая хүнтэй Индонез, 100 сая иргэнтэй Филиппин гээд хүн амын тоогоор дэлхийд дээгүүрт бичигдэх орнуудыг эгнээндээ нэгтгэсэн Зүүн өмнөд Азид эдүгээ 700 сая хүний бөөгнөрөл, ажиллах хүчний хүчирхэг бааз үүсчихээд байна. Apple-ийн ханган нийлүүлэгч Foxconn компанийн Хятадын лунхуа бүс дэх үйлдвэрийнх нь сарын дундаж цалин 315 ам.доллар. Гэтэл үүний талтай нь тэнцэх мөнгөөр вьетнамын 3.9 сая иргэн цалинжиж байна. Тус улсын амьжиргааны өртөгт суурилсан цалингийн хэмжээ 170 ам.доллар болохыг Вьетнамын статистик мэдээлэлд дурджээ. Ийм хямд ажиллах хүчийг даган худалдааны дайнд “хөөгдсөн” бизнес эрхлэгчид Зүүн өмнөд Азийг зорьж буй нь энэ. Уг нь АНУ, Хятадын бизнес эрхлэгчдийг хошууруулж буй Зүүн өмнөд Азийн орнуудаас бизнесийн орчны хувьд Монгол улс нэг их дутахгүй.

Олон улсын байгууллагуудын судалгаагаар ч бид эдгээр улстай эн тэнцүү өрсөлддөг үү гэхээс хоцордоггүй. Улс орнуудын бизнесийн орчныг шударгаар үнэлдэг дэлхийн банкны “Бизнес эрхлэхүй” индексээр Монгол улс бүс нутагтаа дээгүүрт бичигдэж, Вьетнам, Индонез зэрэг улстай зуузаа холбосоор ирсэн. Хэдхэн хоногийн өмнө дэлхий нийтэд ил болсон “Бизнес эрхлэхүй” индексийн шинэ эрэмбийг харцгаая. 2018 оны байдлаар Монгол Улс уг индексээр 190 орноос 74 дүгээрт бичигджээ. Харин бидний яг өмнө буюу 73-т Индонез, 69-д Вьетнам эрэмбэлэгдсэн байна. Тэгвэл эдгээрээс бусад буюу Шри Ланк, Филиппин, Камбож, Мьянмар зэрэг улс Монголоос тээр доор буюу 100-гаас хойш байранд жагсаж байна. Үүгээр зогсохгүй, Монгол Улс шинэ бизнес эхлүүлэх, барилгын зөвшөөрөл авах зэрэг үзүүлэлтээрээ Индонез, Вьетнамыг ардаа орхисон. Бас хүн ам цөөн хэдий ч Монгол улсад ажиллах хүч хямд. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Монгол хүний хөдөлмөрийн хөлсний голч болох медиан цалин одоогоор 280 ам.доллартай тэнцэж байна. Энэ мэт зах зээлийн барометрүүдийг нэгтгээд үзвэл манай бизнесийн орчин, нөхцөл бүс нутагтаа өрсөлдөх чадвартай.

Хямд ажиллах хүчийг даган бизнес эрхлэгчид Зүүн өмнөд Азийг зорьж байна

БНХАУ, АНУ-ын худалдааны дайн манай улсын түүхий эдийн экспортыг бууруулж болзошгүй ч уул уурхайн бус салбарын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих боломжтой хэмээн судлаачид үздэг. Тухайлбал, манай ноолуурын салбарт АНУ-ын хөрөнгө оруулалт татах боломж бийг Монгол дахь Америкийн худалдааны танхимын гүйцэтгэх захирал О.Адъяа хэлж байна. АНУ БНХАУ-ын оёмол, сүлжмэл эдлэлийн экспортын тарифыг өсгөснийг та дуулсан байх. Энэ хэрээр урд хөршийн бүтээгдэхүүний АНУ-ын зах зээл дэх өрсөлдөх чадвар буурч эхэлсэн. Тэгвэл үүнтэй зэрэгцэн Америк, Монголын Конгрессийн бүлгэмийн тед ёохо тэргүүтэй гишүүд Монголын ноос ноолуурын экспортыг дэмжих “гуравдагч хөршийн худалдааг дэмжих хууль”-ийн төсөл боловсруулж, өнгөрсөн долдугаар сард өргөн барьжээ. Шинжээчдийн дүгнэж буйгаар нэлээн эрчтэй урагшилж буй уг хуулийн төслийг АНУ-ын хоёр танхимд эхний байдлаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй.

Хэрэв энэ төсөл хууль болбол Монгол Улс зөвхөн ноос ноолууран бүтээгдэхүүнээ АНУ-ын зах зээлд хөнгөлөлттэй нийлүүлээд зогсохгүй тус улсын хөрөнгө оруулагчдыг энэ салбарт татна гэж О.Адъяа хэлсэн юм. Учир нь АНУ-д ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг компани олон биш учраас Монголыг сонирхох сонирхол нь өндөр байх ажээ. Ноолуураас гадна зай хураагуур Монголд үйлдвэрлэх боломж бийг судлаачид хэлдэг. Орчин цагийн хөрөнгө оруулагчдын хорхойг хүргэж буй энэ бизнесийг Монголд эрхэлнэ гэхээр хол, хоосон мэт сонсогдож болох юм. Гэхдээ яагаад болохгүй гэж. Учир нь энэ бүтээгдэхүүний үндсэн түүхий эдүүд болох лити, зэс зэрэг таваарын нөөц Монголд бэлэн бий. Одоо ч шинэ төрлийн түүхий эдүүд “Оюутолгой”н баяжмалтай хамт хилийн чанад руу гарсаар байгаа. Үүнийгээ ашиглаж чадвал тонн нүүрс, шуудай зэсийн баяжмал зарахаас илүүг бид халаасалж чадна. Үнэнийг хэлэхэд, АНУ-тай худалдаа, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх хамгийн боломжтой улсуудын нэг бол Монгол.

Хэдийгээр бид алдаж, онож буй ч Монгол улс АНУ-ын үлгэрлэсэн чөлөөт эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөг амжилттай нутагшуулж, нэр төртэйгээр хадгалж, ардчилсан орон хэмээх амаргүй нэр хүндийг 30-аад жил үүрч яваа. Бас манай хоёр улсын хооронд эдийн засгийн дээд түвшний түншлэлийн нэг болох Эдийн засгийн ил тод байдлын гэрээ хэрэгжээд эхэлсэн. Монголд хөрөнгө оруулалт татах, хөгжлийн бодлогыг чиглүүлэх үүрэгтэй үндэсний хөгжлийн газар зэрэг холбогдох байгууллагууд цаг хугацаатай уралдан хөдөлж чадвал бизнесийн орчин хайж буй шинэ түншүүдийг Монголд татах боломж байна. Цаашлаад эдгээр бизнест бид үүдээ цэлийтэл нээгээд, татвар, тарифын хөнгөлөлт эдлүүлчихвэл ирэх 10, 20 жилд Монголын эдийн засагт түлхэц үзүүлэх шинэ өсөлтийн хүч болохыг үгүйсгэхгүй. АНУ-тай ах, дүү, багш шавийн барилдлагатай Монгол Улс эрх чөлөөний оронтой эдийн засгийн боломжит харилцаагаа бүрэн ашиглаж чадахгүй суух зуур 50 хүрэхгүй жилийн өмнө бие биеийнхээ эсрэг цус асгаруулан дайтаж байсан Вьетнам цаашлаад Лаос, Камбож Улс Америктай эдийн засгийн харилцаагаа зузаатгаж байна.