A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1391/

Рубль-Юанийн тооцоог цуцлав

​2019 оны хавар гэхэд нэг ам.долларын ханш 140 рубльд хүрч өснө гэжээ​

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1391/


Ердөө сар гаруйхны өмнө дөө. Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад БНХАУ-ын төрийн тэргүүн оролцоод дөнгөж буцсаны бараг маргааш нь Оросын эсрэг санкцад Хятад нэгдлээ гэсэн бухимдал, зэмлэл Москвагаас гэнэт цуурайтлаа. Владивостокт эдийн засгийн форум амжилттай зохион байгуулж, тэр үеэр ОХУ нь бусад гадаад улс орнууд, гадаадын компаниудтай олон тэрбум рублийн гэрээ, хэлцэл хийлээ хэмээн оросын хэвлэл мэдээллээр дуулиантай сурталчилж байсныг тэр дор нь гутаав уу гэлтэй алхам Хятадын талаас хийсэн болж таарав. Юу гэвэл Оросын төв банкнаас Хятадад суугаа төлөөлөгчийн газрын тэргүүн Владимир Данилов гэдэг нөхөр тэр тухай ярихдаа АНУ, Европын холбооноос оросын эсрэг тавьсан санкцаас шалтгаалан Оросын компаниудтай тогтоосон мөнгө шилжүүлэх хэлэлцээрээсээ Хятадын банкууд татгалзлаа гэв. Түүний хэлснээс үзвэл Оросын төв банк, Хятадын ардын банк хүчин чармайлт тавьж байгаа ч Хятадын арилжааны банкууд Оростой “bank transaction” буюу банкны гүйлгээний шилжүүлэг шууд хийхгүй болж таарчээ.

Бүр тодруулбал, Оросын эсрэг хоригт нэр заагдсан хувь хүн, компани, аж ахуйн нэгжтэй рубльюанийн шууд гүйлгээ хийхгүй, харин америкийн банкуудаар дамжуулан ам.доллараар тооцоо хийе гэсэн тулгалт хийжээ. Хятадын банкууд ийм арга хэмжээ авахдаа Европын холбоо, АНУ-ын хоригийг эшлэж, Оросын банкуудад үйлчилгээ үзүүлэх үндэслэл алга байна гэж хариу өчсөн ба Хятадад ийм алхам хийснээр Хятад дахь Оросын бизнес эргэлзээтэй байдалд хүрэх магадлалтай, ерөөсөө орост хохиролтой болж дуусах аж. Үнэндээ ч хохиролтой байх нь аргагүй. Өмнө нь үндэсний хоёр валют болох рубль, юаниараа транзакц хийж болоод байсан, мэдээж тэдгээрийн ихэнх хэсэг нь долларжиж хадгалагддаг. Гэтэл АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын туслах Маниша Сингх гэдэг хүн Оросын эсрэг дахин шинээр пакет санкц тавина хэмээн зарламагц Хятадын банкууд өлгөн авч тийм шийдвэр гаргасанд, тэр тусмаа уг шийдвэрээ химийн зэвсэг Британид хэрэглэлээ гэх Орост тохсон ялын дараах санкцтай холбогдуулж гаргаж байгаад нь Москвад үнэхээр гомдолтой байсан, одоо тэр гомдол бүр даамжирчээ.

Энд мэдээж улс төрийн агуулга байхгүй хэмээн Хятадын талаас нотолно. Цаг үе нь тэгж давхцав уу, эсвэл Хятадын зүгээс Орос руу хандуулж ямар нэгэн мессеж өгч байгаа нь тэр үү гэдэгт яаран дүгнэлт хийлтгүй. Монгол руугаа татаж авчран бас нэг тайлбар хийе. Владивостокт манай дарга нарын тохиролцоод ирсэн, ОХУ-ын Сангийн яамнаас өндөр шаардлага тавьж буй 100 тэрбум рублийн зээлийн асуудлыг нэн яаралтай шийдвэрлэж, цаг нартай өрсөлдөж УБТЗ-аа шинэчлэхгүй бол тэрхүү олон тэрбум рубль чинь АНУ-аас тавих дараалсан санкцын гайгаар, бас Хятадууд Оросын мөнгийг үл хэрэгсэх зам руу эргэлтгүй орж байгаа энэ цаг үед ердөө л “овоолгоотой цаас” болж хувирвал яах вэ? Хятадын арилжааны зарим банк рубль-юанийн төлбөр тооцоог зогсоочихоод байгаа нь монголд огт падгүй гэж үү? Энэ талаар монголын шийдвэр гаргагчид, банк санхүүгийнхэн яагаад таг чиг байна вэ? манай улсын их өр 30 тэрбум ам.доллар руу дөхсөн. 100 тэрбум рубль зээлдүүлэх гэж байгаа хөрш маань нөгөө хөршдөө бас өртэй.

Рубль нь юаньд хаягдчихлаа. АНУ ба өрнөдийн зүгээс санкц тавиулсаар удаж буй нөхцөлд Монгол-Оросын эдийн засгийн бодит хамтын ажиллагаа, тэр дундаа гурван улсын эдийн засгийн коридорын хувь заяа юу болох бол, яаж өрнөх бол гэдэгт монголын төр засаг, бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид давхар тооцоолж байхгүй бол болохгүй цаг үе бидэнд тулгарах юм биш биз? рублийн тухай сэдэвтээ эргэж оръё. Оросын эдийн засагч Владимир Левченко гэдэг нөхөр бүр аюумшигт прогноз хийгээдэхлээ. 2019 оны хавар гэхэд нэг ам.долларын ханш 140 рубльд хүрч өснө гэсэн мэргэ төлөг хийжээ. Манайхан дотроо будилж, цэцэрхэж, бас биенээ хардсаар суугаад ирэх оныг хүргэчихвэл нөгөө 100 тэрбум рубль чинь ханшийн өсөлтийн энэ хайчинд тас цохиулбал яана гэхээс дотор эвгүйцмээр. Левченкогийн ярьснаар Оросын үндэсний валют сулрах шатандаа орох нь гайхмаар үзэгдэл биш аж. Өнөөгийн оросын эдийн засгийн бүтцийг өөрчлөхгүй л бол рубль унаад байх ёстой юм гэнэ. “Валют сулрах шат” ноцтой, удаан үргэлжилнэ. Тэр уналт одоо эхлээд явж байгаа, долоон сар үргэлжлээд 140 рүү дөхнө хэмээн Левченко лүндэгдэв.

2014 он Орос-Хятадын харилцааны шийдвэрлэх жил байжээ

Харин Оросын Сангийн дэд сайд Владимир Колычев муу ёрлосон Левченког няцаажээ. 2018 оны сүүлч гэхэд рублийн сулралд цэг тавьчихна. Сулраад байсан нь дэлхийн зах зээлийн савлагаанаас болсон, тэр савлагаа оны төгсгөлд тогтворжино гэв. Мөн Игорь Ковалев гэж шинжээч рублийн “тэсвэр”-ийг тэмдэглэжээ. Газрын тосны үнэ багаслаа гэнэ. Энэ бол хөгжиж буй орнуудын зах зээлд байдаг л үзэгдэл. Орост тулгарсан болохоос рубль чадваргүйдээ унаад байгаа юм биш гэж тэр яриад бүтэлгүй гэмээр нэг санал гаргажээ. Долларыг л сайн худалдаад бай. Долларыг хүчтэй, нэр хүндтэй байлгаж болохгүй. Тэгвэл ойрын үед ам.долларыг 69 рублиэс өсгөхгүй байж болно. Ерөөсөө 68.50 байлгаад байхад боллоо гэснийг бас нэг шинжээч Владислав Антонов дэмжжээ. Хөрөнгө оруулагчид Оросын дотоод байдлаас түгшээд байгаа юм биш. АНУ-аас Хятад, Канадтай хийж буй худалдааны хэрүүлээс түгшиж байна. АНУ, Британи Оросын эсрэг санкцаа чангарууллаа гэхэд долларын ханшийг үсрээд 80.12 рубль хүргэнэ. Үүнийг тэсч гарч чадна хэмээн тэрбээр ярьжээ.

Сергей Козловский гэж өөр нэг шинжээч үнэнд ойрхон таамаг дэвшүүлсэн байж болно. Оросын санхүүгийн зах зээл шинэ санкцаас болоод хүчтэй дарамтанд байна. Ерөөсөө хөгжиж буй зах зээлүүдээс капитал маш хүчтэй гадагшилж байна гээд Оросын зах зээлийг хөгжиж буй орны гэсэн нь анхаарал татахаар дүгнэлт юм. Үүнтэй холбоотой, нийтлэлийн эхний хэсэгт хөндсөн асуудал тун ноцтой. Оросын санхүү ийнхүү савлагаатай байгаагаас шалтгаалан Бээжин их тоглоомдоо Москваг хөзрийн карт болгон ашиглаж буй тухай Орос судлаач Сергей Шелин гэдэг хүн хилэгнэн бичсэнийг энд сануулах нь зөв байх. Хэрэв Хятад-Америкийн харилцааны зохицуулалт гэж Бээжинд байдаг бол Оростой тогтоосон найрамдал гэдэг нь төв байрыг эзлэхгүй, зүгээр л Орос бол хөзрийн карт юм. Орос ч өөрийгөө изоляцад оруулж дууслаа, Хятад ч түүн дээр нь гайхамшигтай тоглолт хийж байна хэмээн тэрбээр бичжээ. Шелиний гаргаж ирсэн тоо баримт анхаарал татна.

2017 оноор авчээ. ДНБ-ийг нь худалдан авах чадвартай нь тооцоолоод гаргаад иртэл Хятад $23.2 их наяд, Америк $19.4 их наяд, Орос $4 их наяд гэсэн байх юм. Хятадын эдийн засаг нь Оросынхоос зургаа дахин том, харьцдаг ханшаараа мөнгөн дүнгээр найм дахин том ($12 ба $1.5 их наяд), холбоотон хоёр улс гэхэд даан ч тэнцвэр алга хэмээн шелин халаглан бичсэн байх юм. Хятад-Америкийн худалдааны тухай шинэхэн тоо баримт ($600 тэрбум) байна. 2017 онд Орос-Хятадын худалдааны үзүүлэлтээс долоо дахин давжээ. Оростой хийж буй худалдаандаа Америкийг залхааж, Оросоос түлхүү авна, АНУ-аас занарын нефть авахгүй, Оросоос нефть импортоо нэмэгдүүлнэ хэмээн Бээжинд ярьдаг ч цагаа тулахаар худлаа, цаагуураа АНУ-тай худалдааны нягт сүлбээтэй гэсэн нь үнэний ортой байж болно. Бараг ч үнэн л дээ. Оросуудын хүссэнээр Хятадын зах зээл Оросын хувьд гол зах зээл нь болж чаддаггүй. 2018 оны эхний хагас жилээр аваад үзэхэд Орос-Хятадын худалдааны эргэлт Хятадын зах зээлд 15.2 хувь эзэлж, тэр нь $50 тэрбум гарсан бол Европын холбооны эзлэх жин 43.8 хувь ($144 тэрбум) болж, хойшдоо ч Хятад зах зээлийн энэхүү харьцаагаа барьж байх сонирхолтой ажээ. Шелин цэргийн зардлын тоон харьцуулалт хийн эх орноо баалж, Хятадыг хардсан байна. 2017 онд Хятадын цэргийн зардал Оросынхоос гурав дахин давж, $228 тэрбумыг харьцах нь $66 тэрбум болжээ.

Шелин ингэж бичихдээ эрх баригчдадаа хандаж “Хүнд бэрх цагт Хятадууд тусламжийн гараа сунгана хэмээн Кремль итгэсээр. Манай телевиз үзэгчид Хятад, Орос хоёр сайн найзууд, тэр ч бүү хэл холбоотнууд гэж боддог байх. Саяхан болтол тийм байгаагүйг тооцдоггүй” гээд бүр ч ноцтой анхааруулга өгчээ. Юу гэвэл төв ази дахь хуучин Зөвлөлтийн бүгд найрамдах улсуудыг БНХАУ аж ахуйн эргүүлэгтээ татан оруулж, тив дамнасан тээврийн сүлжээ болох шинэ торгоны замаа бүтээн босгож, түүндээ хэд хэдэн бага түншийнхээ нэгээр Оросыг санал болгож байгааг дурджээ. Шелиний үзэж байгаагаар 2014 он Орос-Хятадын харилцааны шийдвэрлэх жил, цэрэг-улс төрийн холбоо байгуулах зааг үе байжээ. Гэтэл түүнийг нь Хятад хатуу няцаасан, Хятад нь “нэг талын хандлага, протекционизм” гэдгээр нэр хаяггүй хэн нэгэн этгээдийг шүүмжлээд байхаас Оросуудын хүссэнээр тэр нь АНУ мөн хэмээн огт нэрлэхгүй байна. Дүгнэвээс хэдийгээр Орос нь түүхий эд, газрын тос, байгалийн хий, зэвсэг, зэвсэглэлээр дэлхийд гайхшируулахаар худалдаа эрхэлдэг гэдэг ч экспортолдог хэмжээгээр өмнүүрээ дэлхийн гүрнүүдийг биш юм аа гэхэд Нидерланд, Өмнөд Солонгос,Бельги, бүр жижиг Хонконг, Сингапурыг оруулчихсан, араасаа Швейцарь, Тайваньд гүйцэгдэхээр яваа нь ямар нэг нэмэлт тайлбаргүйгээр Орос хэн бэ гэдгийг өнөөд цагт хэлээд өгчихсөн байж болно.

Ерөөс Орос орон сүүлийн жилүүдэд нефтийн хямрал, рублийн уналт, өрнөдийнхний санкц гээд юм юм л үзлээ. Оросын эдийн засаг сэхэх үү, мөхөх үү гэдгийн ирмэг дээр байнга байж, цохилт их амслаа. Эдийн засаг унаж, экспорт, гадаад хуримтлал багасч, доллартай харьцах рубль девальвацад орж, эдийн засгийн хямрал дараална. Орост инфляц байсаар байна. Худалдаа хумигдлаа. Капитал гадагшилж, макро эдийн засгийн таагүй үзүүлэлтүүд микро эдийн засагтаа нөлөөлж эхэллээ. Хятадын нэг хэвлэлд бичсэнээр бол Оросын эдийн засаг буланд шахагдсан араатан шиг байна. СССР нурснаас хойших хамгийн хүнд эдийн засгийн хямралтай тулгарлаа. Хятад ийм нөхцөлд Орост 400 тэрбум рублийн зээл олгоно. Москва-Казанийн хурдны төмөр зам тавихад тэр зээл зориулагдана. Тэр зам Орост анхных нь хурдны зам болно. Шингэрүүлсэн хий үйлдвэрлэхэд нь зориулж Хятадын Экспорт импортын банк, Хятадын хөгжлийн төрийн банк 93 тэрбум евро, 9.8 тэрбум юанийн зээл олгоно. Мөн алс дорнодод хөдөө аж ахуйн төсөл хэрэгжүүлэхэд зээл олгох Хятадын хөрөнгө оруулалттай банк ажиллана. Хятадын тусламжгүйгээр Оросын эдийн засаг ийм дээрээ туллаа гэсэн санаагаар Хятадын хоёр ч сайтад биччихсэн мэдээллийг хөрвүүлэхэд ийм байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Донтогсдыг муу зуршлаасаа салахад нь бүгдээрээ тусалъя

​Мансуурах донтой өвчтөнүүдтэй үр дүнтэй ажиллах бүтэц алга​

 0 сэтгэгдэл


Мансууруулах бодисын донтолтоос гарахаар сайн дураараа дахин дахин эмнэлэг бараадаж буй өвчтөнүүдийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн статистикийг харвал энэ оны эхний есөн сарын байдлаар мансууруулах болон сэтгэцэд хүчтэй нөлөөлөх эм бэлдмэлд донтон, давтан эмчлүүлж буй таван хүн байна. Харин сүүлийн дөрвөн жилийн байдлаар ийм хүмүүсийн тоо 14 болжээ.

Давтан эмчлүүлж буй шалтгааныг мэргэжилтнүүд өвчтөнтэй ажиллах иж бүрэн тогтолцоо бүрдээгүйтэй холбон тайлбарлаж байна. СЭМҮТ-ийн их эмч Д.Баттөр “Мансууруулах бодист донтох өвчний эдгэрлийн тойрогт хамгийн аюултай нь халтиралт юм. Эмчилгээ хийлгээд явж байгаа ч гэсэн эрсдэлтэй орчин, зан байдалд хүрвэл өнөөх бодисоо дахиад л хэрэглэчихдэг тул амархан сэдэрдэг. Тиймээс өвчтөний гэр бүл, нийгмийн орчинтой нь сайн ажиллаж, гэр бүл, эрүүл мэнд, хуулийн болон нийгмийн олон талт үйлчилгээ үзүүлэх зайлшгүй шаардлагатай. Ядаж л эмнэлгээс гарсных нь дараа мансууруулах бодис хэрэглэхгүй амьдрах сэдлийг үргэлж төрүүлж байдаг өөртөө туслах бүлгэмд хамруулах хэрэгтэй” гэв.

Нөгөөтэйгүүр, мансууруулах бодис хэрэглэх нь Зөрчлийн хуулиар эрүүгийн гэмт хэрэгт тооцогддог тул өвчтөнүүд хэн нэгнээс нээлттэй тусламж авах, мансуурах донтой орчноосоо салах боломжийг хааж байгаагаараа хамгийн том саад болж байна. Үүнийг хууль тогтоогчид, бодлого боловсруулагчид олж харж байна уу. Гэтэл үүнийг олж харахгүйгээр мансууруулах бодисын аюулаар улс орноо аварсан туршлага тун бага аж.

Хар тамхины эсрэг дайнд хүн төрөлхтөн үргэлж ялагдаж ирсэн. өдгөө Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте үүний эсрэг сүр дуулиантай тэмцэж буй удирдагч. Тус улсын үндэсний цагдаагийн газрын тоон мэдээллийг харвал энэ оны есдүгээр сарын байдлаар хар тамхитай холбоотой хэргээр 4798 хүнийг баривчилсан бөгөөд цагдаагийн газраас орон даяар явуулсан ажиллагаанд 1011 хүн, цагдаагийн 10 албан хаагч амь үрэгдсэн байна. Харин 1507 хүн хар тамхитай ямар нэг байдлаар холбоотой шалтгаанаар амиа алдсаныг олон улсын хэвлэлүүд онцолжээ.

• Давтан эмчлүүлж буй шалтгааныг мэргэжилтнүүд өвчтөнтэй ажиллах иж бүрэн тогтолцоо бүрдээгүйтэй холбон тайлбарлаж байна.

• Цус асгаруулсан, ширүүн ширүүн тэмцлээр улс орноо хар тамхины аюулаас холдуулсан туршлага үгүй.

• Хүний эрхийг дээдэлсэн, халтирсан нэгнээ нийтээрээ тулж, түшдэг хандлага сэтгэлээр хар тамхины үр дагавар, хэрэглээг бууруулсан түүх бий.

Харамсалтай нь, ийм ширүүн, цус асгаруулсан, хатуу чанга арга барилаар улс орноо хар тамхины аюулаас холдуулсан туршлага бараг л үгүй аж. Тиймээс ч Филиппиний тэмцэл онцгой биш гэж тодотгосон шинжээчдийн үгийг энд онцолъё. Үүний оронд хүний эрхийг дээдэлсэн, халтирсан нэгнээ нийтээрээ тулж, түшдэг хандлага сэтгэлээр хар тамхины үр дагавар, хэрэглээг бууруулсан амжилттай түүх Португал, Швейцарт бий аж. 40 жилийн дарангуйллыг халсны дараа Португал улс эдийн засгийн хувьд сэргэж, бие даахаас гадна хар тамхитай эрчимтэй тэмцэж чадсан юм. Португалчууд мансууруулах бодисоос хамааралтай, хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүсээ манайхан шиг хүний тооноос хассангүй. Харин ч өршөөж, нөхөн сэргээх эмчилгээнд хамруулж, эргээд нийгэмд нэгтгэх хууль эрх зүйн боломж, үйл ажиллагааны бүтцийг бий болгосон байна. Харин Швейцар Улс мансууруулах бодисын хор уршгийг бууруулахад чиглэсэн бүхий л төрлийн үйлчилгээ үзүүлж, хажуугаар нь соён гэгээрүүлэх мэдээлэл сурталчилгааг эрчимтэй явуулсан түүхтэй аж.

Хамгийн гол нь энэ бол мансууруулах бодистой холбоотой аливаа үйл ажиллагааг тэр чигт нь гэмт хэрэг гэж үздэг уламжлалт хандлагыг халж, хэрэглэгчид нь хохирогч, өвчтөн тул бүх нийтээрээ тусалж, дэмжих ёстой гэсэн соёл, сэтгэлгээний өөрчлөлт юм. Нэршлийн хувьд ч ялгаагүй. Мансууруулах бодис хэрэглэсэн бол нийгмийн “хог шаар” гэж ойлгодог, нэрлэдэг байсан бол одоо мансууруулах бодист донтох эмгэгтэй хүмүүс зэрэг нэршил бий болсон нь нийгмийн хандлагыг өөрчилсөн маш том ахиц байсан аж. Энэ бол хүмүүсийн муу, хор уршиг ихтэй зуршлыг өөгшүүлсэн хэрэг биш. Харин бодит байдалтайгаа нүүр тулж, хар тамхитай тэмцсэн түүх бас ололт гэхэд буруудахгүй.

Манай улсад уг нь иймэрхүү дэвшилтэт үзэл санаа шингээсэн нэг хөтөлбөр бий. “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг батлаад яг нэг жил найман сар өнгөрч байна. Гэхдээ өнөөг хүртэл хөтөлбөрийн үр дүнг хэлэлцээгүй байгаа нь бас л цаастайгаа хамт шарлаад үлдэх болов уу гэж эмзэглэмээр. Мансууруулах бодис өсвөр үеийнхэн, залуучуудыг заналхийлж байна гэж маш их, бүр маш их ярьж байгаа атлаа өвчтөн, хохирогчдод чиглэсэн үйлчилгээ алга. Уг нь тэдэнд зориулсан төв босгож, эмчилгээ үйлчилгээ үзүүлнэ гэж үндэсний хөтөлбөртөө бичсэн юм билээ. Гэвч ирэх оны төсөвт ийм үйлчилгээ, төв байгуулахаар барилгын санхүүжилт олгох санал хүргүүлсэн ч тусгагдаагүй гэдгийг Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн Г.Базархүрэл хэллээ. Бас нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн эмнэлгийн өнөө маргаашгүй нурах гэж буй барилгыг ч сэргээх төсөв тусгаагүй аж.

Тиймээс мансууруулах бодист донтсон, муу зуршилтай иргэдээ хүний тооноос хасаж, ялгаварлан гадуурхсаар байгаа төрийн энэ хариуцлагагүй, хүйтэн хандлагыг таслан зогсоохын тулд бүгдээрээ шахаж шаардъя. Уг нь эмчилгээ үйлчилгээг нь сайжруулаад өгвөл адилхан асуудалтай хүмүүс нэгнийхээ үгийг илүү хүлээн авч, ойлгодог, тэр хэрээр эмчилгээ үр дүнтэй болдгийг СЭМҮТ-ийн эмч нар хэлсэн. тиймээс ч манайд хордлого тайлах болон сэтгэл заслын хосолсон 21 хоногийн эмчилгээний үр дүнд жилийн дараа өвчтөн мансууруулах бодис дахин хэрэглэх магадлал 50-70 хувь буурдаг нь дэлхийн жишгээс их өндөр үзүүлэлт.

Өнөөдөр бид мансууруулах бодисын хэрэглээг гэмт хэрэг гэхээсээ илүү нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал гэж үзэж бодлого, арга зүйгээ зангидах шаардлагатай байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Шинээр илэрсэн газар хөдлөлтийн хагарал хотын төвийг дайрч байна

​Суурьшлын бүсэд газар хөдөлвөл гамшиг болдог​

 0 сэтгэгдэл


Улаанбаатар хотын төвөөр шавааруулан барьсан өндөр барилгуудыг “ширэнгэн ой”-той зүйрлэж болмоор. Төлөвлөлтгүй, тооцоолоогүй, эмх замбараагүй барьсан энэ олон барилга байгууламж, хүн амын хэт бөөгнөрлөөс үүдэлтэй бий болсон гээд их хотын асуудал их. Гэвч энэ их суурьшил болон барилга байгууламжийг сүйрүүлэх ноцтой нөхцөл бий болжээ. Тодруулбал, Улаанбаатар хотод газар хөдлөлтийн шинэ хагарал илэрлээ. Энэ хагарлын эхний цэг нь Улаанчулуутын хогийн цэг бол нөгөө нь Богд уулын хойд хормой буюу Скай резорт цанын баазын ойролцоо болох нь тогтоогджээ. Ийнхүү нийслэлийн яг төв хэсгээр хагарал үүсэхийг ОБЕГ-ын дарга Т.Бадрал онцолсон удаатай. Хамгийн аюултай нь энэ хагарал хотын төв дундуур буюу төрийн байгууллага, хүн амын суурьшил хамгийн ихтэй газрыг дайрахыг нь тогтоогджээ. Японы ЖАЙКа байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд тус улсын эрдэмтдийн судалгаагаар дээрх хагарлыг илрүүлэв. Газар хагарлын шугам шулуун байдгийг мэргэжилтнүүд анхааруулсан ба яаж хагарч байгааг ажиглах, мэдэх боломжгүй хэмээн ШУА-ийн одон орон геофизикийн хүрээлэнгийн газар хөдлөл судлах салбарын эрхлэгч М.Өлзийбат хэлж байна. Учир нь тэр шугамын дагуу барилга байгууламж их барьсан учир судалгаа хийхэд тун төвөгтэй байгаа аж.

Хүнд мэдрэгдэх хэмжээний газар хөдлөлт 4-5 удаа болсон

Тэрбээр “Уртааш нь тооцоод үзэхээр 30 гаруй км бий. Гэхдээ нэг хагарал мөн эсэхийг судална. Сансраас авсан зурганд юу ч харагдахгүй учир бид ажиглаж чадахгүй. Америкчууд 1960-аад оноос 2-3 жилийн үе шаттайгаар Монголын нутаг дэвсгэрийг бүрхсэн хэмжээний сансрын зураг авч байсан. Японы эрдэмтэд энэхүү хагарлыг илрүүлэхдээ тус тагнуулын зургийг ашиглаж илрүүлсэн хэмээн дам сонссон. Илрүүлэхэд хүндрэлтэй байсан” гэв. Гол нь хүн ам олноор суурьшсан хотын төвд ийм ноцтой аюул учрахаар буйг нэгэнт тогтоосон тул яаралтай анхаарч үзэх ёстой. Нийслэл хотод 1950, 1960 онд найман магнитудын газар хөдөлж байсан. Тэр үед хүн ам сийрэг байсан учир мэдэгдээгүй. Харин одоо ийм хэмжээний газар хөдлөлт болоход асар их хэмжээний хохирол учирна гэдгийг мэргэжлийнхэн хэллээ. Тодруулбал, суурьшлын бүсийн ойролцоо газар хөдөлвөл гамшиг болдгийг дэлхийн бусад оронд болсон газар хөдлөлт баталдаг байна.

Энэ талаар ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлах салбарын эрхлэгч М.Өлзийбатаас тодрууллаа

-Ер нь нийслэл хотод газар хөдлөлтийн хэчнээн хагарал үүсээд байна?

-Бидний хийсэн судалгаагаар Улаанбаатар хотыг тойроод нийт долоон идэвхтэй хагарал байсан. Тодруулбал, Хустайн, Эмээлт, Шархай, Авдар уул, Гүнжийн болон Багануурын хагарал гэж байдаг. Судалгааны үр дүнгээр Улаанбаатар хотыг тайван бус газар хөдлөлтийн идэвхтэй нутаг гэж үзсэн. 2005 оноос эхлээд Улаанбаатарт болж байгаа газар хөдлөлт огцом өссөн. Жилдээ 100 гаруй удаа газар хөдөлдөг байсан бол зарим жилд 2800 хүрсэн. Хүнд мэдрэгдэх хэмжээний газар хөдлөлт 4-5 удаа боллоо. Жишээлбэл, 2015 онд болсон гүнжийн газар хөдлөлт улаанбаатар хотод мэдрэгдсэн.

-Одоо илрээд байгаа хагарал урьд нь илэрсэн хагаралуудтай адилхан уу?

-Яагаад газар хөдлөлт идэвхжив гэдгийг бид судалж үзсэн. тэгээд зургаан хагарал илрүүлсэн бөгөөд энэ нь 6.5-7.5 магнитуд хүртэлх газар хөдлөлт үүссэн гэдгийг тогтоосон. Энэ хагарлыг шулуун гэж үзсэн тохиолдолд яг хот дундуур байна гэсэн үг. Судалгааны үр дүн гарахаар бүх зүйл тодорхой болно. Японы эрдэмтдийн илрүүлсэн хагарал нь бидний үзэж байгаагаар урьд нь илэрсэн хагарлуудтай адилхан байгаа. Манай судлаачид Богд уулын хэсэгт ажилласан. Хэзээ идэвхжсэн хагарал, газар хөдлөл нь хэзээ болсон, хагарал үүссэн эсэх талаар судалгаа хийж, лабораторийн шинжилгээнд явуулсан. Японы эрдэмтэд энэ оны сүүл юм уу, дараа оны эхээр судалгааныхаа үр дүнг өгөхөө мэдэгдсэн.

-Хагарал илэрсэн учир газар хөдлөлт удахгүй болох магадлалтай гэсэн үг үү?

-Газар хөдлөлт шинээр болсон гэсэн үг биш. Одоогоос хэдэн мянган жилийн өмнө болсон газар хөдлөлтийн ул мөр л дөө. Тухайлбал, хустайн хагарал гэхэд улаанбаатар хотод илрүүлээд байгаа хамгийн том идэвхтэй хагарал. Бидний хийсэн судалгаагаар одоогоос 900-1000-аад жилийн өмнө газар хүчтэй хөдөлснөөс цууралт үүссэн гэсэн дүн гарсан. Ийм хагарал Улаанбаатарт зургааг илрүүлсэн. Цаашид дахин илрэх магадлалтай. Олон жил хийсэн судалгааны үр дүнгээс харахад тухайн үед Улаанбаатарт олон удаагийн хүчтэй газар хөдлөлт болж байсан. Газар хөдлөлт энд тэнд олон цуурал үүсгэдэг. Тиймээс газар хөдлөлт болох магадлалтай гэсэн үг.

Албаны хүн ийн хэлж байна. Шинжлэх ухаанд газар хөдлөлтийг урьдчилан хэлэх боломж байдаггүй бөгөөд хүчтэй газар хөдлөлтийн голомт болно гэдгийг л тогтоодог аж. Өөрөөр хэлбэл, газар хөдлөлт болж байсан газар дахин ийм үзэгдэл давтдагддаг юм байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Үхвэл үх, эм байхгүй, төсөв дууссан

​Яагаад монголчууд үнэ өртөг хайрлахгүйгээр гаднын эмнэлгийн үйлчилгээг сонгодог болов ​

 0 сэтгэгдэл


“Эрүүлийг хүсвэл эмнэлгийг хүс” гэдэг үгийг би эрүүл мэндийн салбарын дээд зэргийн чанар, үйлчилгээтэй холбон ойлгож явдаг хүн. Тэгэхээр эрүүл мэндийн үйлчилгээний чанар тааруу байх нь хүн ам эрүүл саруул байхад төдийгүй эмч, эмнэлгийн ажилтнууд, эрүүл мэндийн салбарын ёс зүй, мэргэжлийн нэр төрд нь халгаатай асуудал болж таардаг. Би өөртөө болон миний ойр дотнын найз нөхдөд тохиолдсон жишээн дээр тулгуурлан манай улсын эрүүл мэндийн үйлчилгээ гаднаа гял цял, дотроо паланцаг болжээ гэж бодох болсон.

Яагаад ч юм энэ сэдвээр бичих болгонд салбарынхан нь асар их эсэргүүцэл, эгдүүцлээ илэрхийлдэг юм. Энэ бичвэрийн минь дараа ч ялгаагүй хувь, хувьсгалын чиглэлээр янз бүрээр гоочилж эхлэх нь баталгаатай биз ээ! Давтан хэлэхэд манай эмнэлгүүдийн маш чанаргүй үйлчилгээний тухай өгүүлж байгаа юм. Яагаад монгол хүн энэ хорвоо ертөнцийн хамгийн эко орчинд амьдардаг атлаа хамгийн их өвчин эмгэгээр зовж, шаналсан улс, үндэстэн болчихов доо. Элэгний хорт хавдраар өвчлөгсдийн тоогоороо дэлхийд хоёрт, ходоодны хорт хавдарт нэрвэгдэгсдээрээ бүр нэгд цоллогдсоор яваа биш үү, бид!

Яагаад монголчууд үнэ өртөг хайрлахгүйгээр гаднын эмнэлгийн үйлчилгээг сонгодог болов оо. Энэ хандлага, урсгал яагаад татрахгүй байна вэ. Хариулт бол маш тодорхой. Монголчуудад ердөө Монголын эрүүл мэндийн салбарын үйлчилгээ туйлын гологдож байгаа учраас л тэр. Үнэхээр бид эрүүл мэндийнхээ төлөө чанартай үйлчилгээ авч чадахгүй байна. Энэ салбарыг өөд татах нэг ч алхам хийдэггүй атлаа төсөвлөсөн хөрөнгө, мөнгө бага учраас хэмээн үйлчилгээ тааруу болсон шалтгаанаа тайлбарладаг сайд, дарга нарын үгэнд үнэн огт байдаггүй юм. Энэ бол салбараа мэддэггүй, эрүүл мэндийн үйлчилгээ гэж юу болох талаар огт ойлголтгүй явдаг хүний амнаас гардаг “жижүүр” үг. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд хамгийн чухал эрүүл мэндийн салбарыг иймэрхүү “жижүүр” үгнээс хальдаггүй нөхдүүд тэргүүлэх болсонд эмч, эмнэлгийн ажилтнууд ч дургүйцдэг болжээ. Монгол эмч нарын ур чадвар дэлхийд гологдохгүй гэдгийг мэднэ. Гагцхүү салбар нь сүүлийн 20 гаруй жилийн турш бодлогогүй болж, дэндүү дампуу явж ирлээ. Эрүүл мэндийн үйлчилгээнд чанар эрхэмлэхээсээ илүү мөнгийг чухалчилдаг болсон явдал монголчуудыг ёстой л “алах” болоод удлаа.

Өнөөдөр аль ч дүүргийн эмнэлгүүдээр очоод харж болох жишээ татъя. Хэвтэж эмчлүүлж байгаа өвчтнүүдэд ямар эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг болохыг бараг бүх хүн мэддэг болсон доо. Гарын таван хуруунд багтах цөөн нэр төрлийн эмчилгээтэй болохоор тэр. Тухайн хүний биеийн байдал ямар байгаа эсэхээс үл хамаарч ерөнхий ижил эмчилгээ л хийнэ. Энэ бол эмнэлгүүдэд нийтлэг болсон үзэгдэл. Хэрэв зээ, гүтгэж байна хэмээн үзэх нэгэн байх аваас надтай заргалдаж болно. Ямар ч өвчтөнд хийж болдог хэдхэн нэр төрлийн эм тариа буй. Түүнээс нь хальж, илүү эмчилгээ, эм тариаг хүсвэл өөрөө олж ир гэсэн хариуг түгээмэл сонсох болно. Тэгээд тэрхүү эм, тариагаар үйлчилдэг газрыг уриалгахнаар зааж өгнө. Тэр газар нь тухайн эмчтэй ихэнхдээ ямар нэгэн холбоо хамааралтай байж таараад байдаг юм. Эмнэлгийн үйлчилгээ, эмчилгээ бизнес болсны нэг жишээ энэ юм л даа. Тухайн өвчтөнд хийх ёстой эм, тариа улсын эмнэлгүүдэд байдаггүй, ховор хэрнээ хувийн эмнэлэг, эмийн сангуудаар дүүрэн байдаг нь сонин санагддаггүй гэж үү.

Эмнэлэг мөнгөгүй байж болох ч, эмнэлгийн ажилтнууд сэтгэлгүй байж болохгүй

Хэдхэн сарын өмнө болсон явдал санаанаас гарахгүй байсаар үүнийг бичихэд хүргэлээ. Надтай хамт эмнэлэгт хэвтэж байсан нэг настай ах миний нүдэн дээр бараг үхэх шахсан нь сэтгэлийг минь асар эмзэглүүлсэн билээ. Тэр хүний бие гэнэт л эвгүйцээд, үг яриа нь сонин болоод эхэлсэн. Өөрөө үүнийгээ сайн мэдэж байсан юм.

Тэгээд эмч, сувилагч нарт хандан миний даралт ихсээд байна, эм өгөөч гэж гуйгаад удаан тэссэн юм даг. Харин эмч, сувилагч нарт нэг ширхэг ч эм байгаагүй юм. Айл, гэр болгонд шахуу байж байдаг ердөө л нэг даралтын эм шүү дээ. Улмаар ар гэр рүүгээ утсаар ярьж байж эмээ авчруулж уунгуутаа тайвшраад унтаад өгч билээ. Тэр хүнд илэрсэн өөрчлөлт намайг үнэхээр айлгасан. Хүн тэгж шаналж байхад эмч, ажилтнуудын хэнэггүй, хайхрамжгүй байгаа байдал, хандлага түүнээс ч илүү айлгасан юм. Дургүй ч их хүрсэн. Энэ чинь эмнэлэгт болж байгаа явдал шүү дээ. Тэгээд тэсэлгүйгээр яагаад ийм арчаагүй байдгийг нь асуухад шуудхан “Эм байхгүй ээ. Энэ жилийн төсөв дууссан” гэж ямар ч цочроогүйгээр хариулсан юм даг. Тэдэнд сэтгэл үнэхээр алга байлаа. Даанч дээ гэмээр.

Хэрвээ уншигч та эмнэлэгт хэвтэж байсан бол ийм дүр зураг харсан эсэхээ санаарай. Саяхан нэг найз маань дүүргийнхээ эмнэлэгт хэд хоног хэвтэж эмчлүүлээд гарлаа. Эмнэлгийн үйлчилгээний талаар бас л үгээ барж байна билээ. Ялангуяа, эмнэлгийн ажилтнууд өвчтөнүүдтэй яг л мөрдөн байцаагч хэрэгтэнтэй харилцаж байгаа юм шиг хандаж байна хэмээн гомдоллож байв. Би ч гэсэн эмч, сувилагч нарын ийм хар яр хийсэн харилцааг зөндөө харсан. Өнөө цагт наад захын шаардлагатай эм, тариагаар хангагдаагүй эмнэлэгт хэвтсэн өвчтөн эдгэрэх эсэх эргэлзээтэй. Эмнэлэг мөнгөгүй байж болох ч, эмч эмнэлгийн ажилтнууд сэтгэлгүй, хүйтэн, харгис байж болохгүй. Чин сэтгэлийн, халуун дотно харилцаа ямар ч эм, тарианаас илүү тухайн өвчтөнг эдгээдэг гэдгийг эмч, эмнэлгийн ажилтнууд мартсан баймааргүй.

Хүн амын дунд зонхилж буй өвчин эмгэгийг оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх эм бэлдмэлгүй бол аль ч улсын эрүүл мэндийн албаны төгс үйл ажиллагааг төсөөлөхөд бэрх. Гэтэл манай улсын олон эмнэлэгт эм, тарилга, бэлдмэл хангалтгүй байна. Дээр нь эмнэлгүүдийн эрүүл мэндийн үйлчилгээний чанарын асуудлыг хөндөх аваас бага байна гэж байнга гомдоллоод байдаг хөрөнгө, мөнгө бол гол шалтгаан биш юм шиг санагддаг. Үнэн хэрэгтээ эрүүл мэндийн үйлчилгээний чанарын баталгаажилтын амин сүнс нь хүний эрүүл мэндийг л хамгаалах асуудал байх ёстой. Тиймээс өнөөдрийн байгаа хөрөнгө нөөцийнхөө хүрээнд хамгийн дээд үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх учиртай.

Төсөв байхгүй гэж ярьж суух нь эмч, эмнэлгийн ажилтнуудын мэргэжлийн ёс зүй, өргөсөн тангарагт нь харш явдал. Эрүүл мэндийн асуудлаар шийдвэр гаргагсдын хувьд харин ч хөрөнгө, нөөцийн хязгаарлагдмал нөхцөлд өндөр түвшний чанартай үйлчилгээг хэрхэн үзүүлж чадах вэ гэдэгт хамгаас түрүүнд санаа зовж шийдлийг нь олдог баймаар байлтай. Чухам үнэндээ эрүүл мэндийн үйлчилгээний доголдсноос болж монгол хүний эрүүл мэнд хохирохоос гадна улс орны эдийн засгийн нөхцөл байдалд ч муугаар нөлөөлж байна. Хамгийн харамсалтай нь Монгол Улсын эрүүл мэндийн бодлогыг тодорхойлох учиртай салбарын яам нь хүн ардад үзүүлж байх эрүүл мэндийн чанартай үйлчилгээний оронд ажил мэргэжил, албан тушаал, ашиг сонирхлын шинжтэй бизнест илүү ач холбогдол өгч, тэргүүн зэрэгт эрэмбэлдэг болоо юу даа гэсэн хар надад төрөх болсон. Хэдийгээр зарим сайн хандлага гарч байгааг үгүйсгэхгүй ч эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээ хамгийн хоцрогдсон, хүнд сурталтай хэвээрээ. Салбарынхаа үйл ажиллагааг зөвхөн магтуулахын төлөө хайр найргүй зарцуулдаг хөрөнгө, мөнгийг чухам л эмнэх, эмчлэх үйлчилгээнийхээ чанарыг сайжруулахад зориулдаг болоосой гэж харуусмаар санагддаг.

Уг нь яг энэ асуудлаар 2017 оны арваннэгдүгээр сарын 13-нд Эрүүл мэндийн сайдын гаргасан А-477 тоот тушаал байдаг юм билээ л дээ. Эмнэлзүйн заавар, хөтөч боловсруулах журмыг шинэчлэн батлах тухай тэрхүү тушаалдаа өнөө үүссэн энэхүү эрүүл мэндийн сэтгэлгүй үйлчилгээг өөрчлөх шаардлагатайг онцлоод эмнэлзүйн зааврын талаар жагсаалт гаргаж, эмнэлгийн үйлчилгээнд шаардлагатай зардлыг жил бүрийн төсөвт илүү тодорхой тусгахыг холбогдох албан тушаалтнууддаа үүрэг болгосон юм билээ. Гэвч эмнэлгүүдийн үйлчилгээ дордож, эмчилгээнд шаардлагатай эм тариагаар дутагдсан хэвээрээ. “Үхвэл үх, эм байхгүй” гэсэн үйлчилгээг ард иргэд авсан хэвээр. Хэрэгждэггүй юм бол тушаал гаргаад яахсан. Энэ бол салбарт бодлого гэх зүйл огт байхгүй болсны шинж юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хөвгүүдээ хөсөр хаядаг уламжлалт сэтгэлгээг хэзээ халах вэ

Сүүлийн таван жилд их, дээд сургууль төгсөгчдийн 347 мянга нь эрэгтэй, 479 мянга нь эмэгтэй байна

 0 сэтгэгдэл


Хүүхэд болгон математикч болох албагүй, харин эцэг, эх болно гэдгийг анхаарах ёстой гэж сурган хүмүүжүүлэгч нэгэнбээр ХХ зуунд хэлсэн нь бий. Хүн бүр математикч болох албагүй нь үнэн боловч боловсрол эзэмшихгүй бол XXI зууны иргэн гэхэд гологдох нь гарцаагүй болжээ. Үүнээс гадна иргэдийн боловсролын түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувийн жин харьцангуй илүү гарч эхэлсэн нь арван жилийн дараагаас ноцтой үр дагавар бий болгохыг мэргэжлийн байгууллагынхан дүгнэж байгаа юм. Нийгэм дэх боловсролын түвшин ийн харьцангуй болж байгаа нь гэр бүлийн харилцаанд ч урхаг тарьж болзошгүйг Жендерийн үндэсний хорооны илтгэлд дурджээ. Харин ийм байдалд хүргэж байгаа шалтгааныг уламжлалт сэтгэлгээтэй холбон тайлбарлах нь олонтаа. “Хөвгүүд яахав учир нь олдоно, хөөрхий охин маань хэцүүднэ” гэдэг монголчуудын хандлагаас энэ байдал даамжирсан. Хөвгүүд сургууль завсардах, ерөнхий боловсрол эзэмшиж чадахгүй байгаагийн гол шалтгаан нь мал маллах, ажил хийлгэх гэсэн эцэг эхийн хүсэлтэй холбоотойг тоо, баримт тодорхой харуулж байна. БСШУСЯ-наас 2017 онд сургууль завсардсан 6-14 насны хүүхдийн тоог судалгаагаар илрүүлжээ. Түүгээр 682 хүүхэд сургуульд сурахгүй байгаагийн 463 нь хөвгүүд байв. Огт сургуульд ороогүй 514 хүүхдийн 318 нь хүү байна. Сургуульд суралцахгүй байгаа шалтгааныг тодорхойлсон судалгааг инфографикаас тодорхой харж болно. Сургуульд огт сурдаггүй хүүхдийн дийлэнх нь хогийн цэг дээр л байдаг гэсэн ойлголт бий.

Гэтэл эл судалгаагаар өөр дүгнэлт гарч байна. Тухайлбал, сурагч болж амжаагүй 6-11 насны 462 хүүхдийн 131 нь өвчний улмаас сургуулийн босго алхаж чадаагүй бол 331 нь ар гэрийн гачигдал, мал маллах шалтгаанаар суралцах эрхээ хасуулжээ. Тэдний дийлэнх нь өнөөх хөсөр хаягдсан хөвгүүд. Өөрөөр хэлбэл, мал дагуулах, хурдан морио адгуулах зорилгоор хөвгүүдийг сургууль завсардуулсаар байна. ХНХЯ-наас хийсэн судалгаагаар 2017 онд 10435 хүүхдийг морь унаач, малчны ажил хийлгэж байгаа гэсэн тоо гарчээ. Бага насны хөвгүүдээр морь унуулах, адуу мал арчлуулах зорилгоор сургууль завсардуулснаас эрсдэлд орж байгаа жишээ ч бас бий. Саяхан Сүхбаатар аймагт алдарт уяачийн морь малладаг 13 настай хүү жүчээнд амиа алдсан. Хөөрхийг эцэг, эх нь амьжиргаандаа нэмэр болгохоор хэдэн төгрөгний цалинтайгаар алдарт уяачийн жүчээнд ажиллуулж байсан тухай ХЭҮК-ын дарга ярьж байна лээ. Түүний адил сургууль завсардаж, морины хөлс хусаж зогсоо олон хүүхэд байгаа нь лавтай. Хөвгүүдээ суурь боловсрол эзэмшүүлээд л хөдөлмөрийн зах зээлд гарган амьжиргаагаа залгуулдаг айл ч олон байх. Ерөнхий боловсрол эзэмшиж буй хүүхдийн дийлэнх нь эмэгтэй. харин олон хөвгүүн 9 дүгээр ангиасаа суралцах боломжгүй болж байгааг тоо баримтаас харж болно. БСШУСЯ-ны мэдээллээр, сүүлийн хоёр жилд 9 дүгээр анги төгссөн буюу суурь боловсрол эзэмшсэн хүүхдийн 23.7 хувь нь 10 дугаар ангид элсэн ороогүй байна.

331 хүүхэд ар гэрийн гачигдлаас сурагч болох эрхээ хасуулжээ

Өөрөөр хэлбэл, 14.5 мянган хүүхэд МСҮТ болон ажлын талбарт гарч байгаа гэсэн үг. Тэдний 64.9 хувь нь эрэгтэй, 35.1 хувь нь эмэгтэй. Үүнээс өнгөрсөн жил 5809 хүүхэд МСҮТ-д элсэн орж, 3200 хүүхэд хөдөлмөрчин армид нэгджээ. Эдгээр хүүхдүүд мэдээж мэргэжилгүй учир мал маллахаас эхлээд барилгын туслах, барааны захын тэрэгчин, угаалгын газрын ажилтан болжбайгаа. 2016 онд салбарын сайдын баталсан “Хүүхдийг хөдөлмөр эрхлүүлэхийг хориглосон ажлын байрны жагсаалт” хэрхэн хэрэгжиж байгааг ХНХЯ, МХЕГ-ын хамтарсан ажлын хэсэг энэ жил шалгажээ. Тус шалгалтаар 495 хүүхдийг хууль бусаар хөдөлмөр эрхлүүлж байсныг илрүүлжээ. Тэдний 90 хувь нь 14-17 насны хөвгүүд аж. хөвгүүдийг хөдөө аж ахуй, автомашин угаалгын газар, барилга угсралт, бичил уурхай, зам засварын анги зэрэг биеийн хүчний ажилд дайчилдаг байж. Баригдсан нь л энэ болохоос шалгалтад өртөөгүй олон байгууллага бий гэдэгт эргэлзэхгүй байна. Сүүлийн хоёр жилд ерөнхий боловсрол эзэмшээгүй, МСҮТ-д орж чадаагүй түм, буман хүүхэд амьдралын дүрмийн дагуу ийн амьжиргаагаа залгуулж байгаа гэдэгт ч эргэлзэх шаардлага алга. МСҮТ-өөр дамжин мэргэжил эзэмшин ажлын талбарт гарч буй хүүхдийн талаар энд өгүүлээгүй гэдгийг хэлэх нь илүүц биз.

Харин “Хөвгүүд яахав учир нь олдоно” гэх уламжлалт сэтгэлгээ боловсрол нимгэн, боломж тааруу залуусын арми бэлтгэж буйг хэлээд байгаа хэрэг. Дээд боловсрол эзэмшсэн дэгжин шаавай эмэгтэйчүүдэд боловсролд нь дүйх, боломжинд нь таарах харчууд энэ хэрээр цөөрсөөр байгаа. Түүнээс болж өрх толгойлсон, ганц биеэр амьдарч буй эмэгтэйчүүдийн тоо ч буурахгүй байгаа юм. 2017 оны байдлаар 76.8 мянган эмэгтэй өрх толгойлон амьдарч байгаа ба хамтран амьдрагчийн хүчирхийллийн дарамтад өртсөн эмэгтэйчүүд 15 мянгаар хэмжигдэж байна. Нийгмийн боловсрол, мэдлэг дутуугаас хүчирхийлэл үйлдэх нь олонтаа тул боловсролтой эмэгтэйчүүд ганц биеэр буюу өрх толгойлж амьдрахыг илүүд үзэх болжээ. Тэр хэрээр хөөрхий охид хэцүүднэ гэсэн уламжлалт хандлага өөр утгаар биеллээ олох аж. Өнгөрсөн зургадугаар сард Английн Guardian сонин дээр “Хэтэрхий ухаантай, хэтэрхий амжилттай монгол хүүхнүүдэд нөхөр олдохгүй байна” гэсэн гарчигтай нийтлэл гарсан нь манайд нэг хэсэгтээ л ярианы сэдэв болсон. Монгол эрчүүдийн боловсрол бүсгүйчүүддээ гологдох болсон энэ байдал олон улсын хэмжээнд хүртэл яригдах болсны ганц жишээ энэ.

• “Хөвгүүд яахав учир нь олдоно, хөөрхий охин маань хэцүүднэ” гэдэг монголчуудын хандлагаас хөвгүүдийн боловсрох эрх зөрчигдөж байна.

• ҮСХ-ны мэдээллээр сүүлийн таван жилд 131.8 мянган эрэгтэй эсрэг хүйстнээсээ боловсролоор хоцорчээ.

• Хүүхэд бүр математикч болох албагүй ч хөвгүүд боловсролоос гээгдэж, боломжоос хоцрох ёсгүй билээ.

Ерөнхий боловсрол эзэмшсэн охидын дийлэнх нь их, дээд сургууль дүүргэдэг. ҮСХ-ны мэдээллээр сүүлийн таван жилд их, дээд сургууль төгсөгчдийн 347.7 мянга нь эрэгтэй, 479.5 мянга нь эмэгтэй байгаа тухай дурджээ. Уг нь Монголын хүн амын хүйсийн харьцаа бараг тэнцүү. Гэтэл 131.8 мянган эрэгтэй эсрэг хүйстнээсээ боловсролоор хоцорсон нь тодорхой байна. Байдал энэ хэвээр 10 жил үргэлжилбэл дээрх зөрүү 260 мянгад хүрч холдоно. Үүн дээр сургууль завсардсан, 9 дүгээр ангиас ажилчны эгнээнд нэгдсэн эрэгтэйчүүдийг нэмбэл бараг хагас саяд хүрнэ. Нийгэмд эрэгтэй, эмэгтэй иргэдийн боловсролын түвшин их ялгаатай болох нь жендерийн аливаа харьцаанд том өөрчлөлт оруулаад зогсохгүй гэр бүл салалтад чухал нөлөө үзүүлдэг тухай өнгөрсөн хавар төрийн ордонд танилцуулсан Жендерийн үндэсний хорооны тайланд дурдаж байсан. Төрийн зүгээс жендерийн тэгш байдлыг хангахад хүчирхийллийн асуудлыг эхэнд тавиад байгаа болохоос нийгмийг бүрдүүлэгч өрхийн гишүүдийн боловсролын тэгш байдлыг хангах чиглэлээр хангалттай ажиллахгүй байна. Өсвөр насны хөвгүүдийн ерөнхий боловсрол эзэмшилт охидынхоос хавьгүй дутуу, дээд боловсролоор эрчүүд хол хоцорч эхэлснийг дээрх тоо, баримт бэлхнээ харууллаа. Бид уламжлалт хандлагаа хэзээ өөрчилж, сургууль завсардахаас эхлээд ерөнхий боловсрол ч эзэмшиж чадахгүй байгаа хөөрхий хөвгүүдээ өөд татах вэ. Хүүхэд бүр математикч болох албагүй ч хөвгүүд боловсролоос гээгдэж, боломжоос хоцрох ёсгүй билээ.