A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4174/

Сайжруулсан түлшний “алдааг” шинэ үйлдвэртээ залруулах боломжтой юу

Сайжруулсан түлшний “алдааг” шинэ үйлдвэртээ залруулах боломжтой юу
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4174/
  • Түлштэйгээ “танилцаж” дууслаа, одоо зуухаа сайжруулах “даваа” хүлээж байна
  • Шинээр барих үйлдвэрт одоо хэрэглэж буй түлшний дутагдалтай талыг залруулж, шинэ дамжлага, технологи нэмэх замаар агаар дахь хүхэрлэг хийг бууруулах боломжтой гэж судлаачид үздэг
  • Өвөлдөө ₮3 саяар дулаанаа шийддэг байсан Аж ахуйн нэгж одоо ₮10 саяыг зарцуулаад байна
  • Гар ажил­лагаатай нам даралтын зуухаа цаг тутамд дүүргэх тул түлшний хэрэглээ өмнөх оныхоос бараг дөрөв дахин их байгааг учирлаж байна

Түүхий нүүрсний хэрэглээнд хязгаарлалт тавьж, сайжруулсан шахмал түлш түлэх шийдвэр гарснаас хойш Улаанбаатарыг хөмөрсөн утаан “тогоо” нимгэрсээр хавартай золгох мөч дөхлөө. Цаг уур орчны шинжилгээний газрын тайланд РМ2.5, РМ10 тоосонцрын хэмжээ өнгөрсөн оноос 40 гаруй хувиар буурсан үзүүлэлттэй. Харамсалтай нь агаарын найрлага дахь хорт хийн хэмжээ өссөн дүнтэй гарч байна. Ялангуяа хүхэрлэг хийн хамгийн их агууламж нь хүлцэх хэмжээнээс 7-9 дахин их байна. Үүнийг бууруулах арга технологийг эрдэмтэн, судлаачид, ажлын албаныхан эрэлхийлж, туршсаар байгаа юм. Тухайлбал, нүүрсний салбарт 40 гаруй жил судалгаа хийсэн доктор Г.Бадамхатан тэргүүтэй судлаачид эх орны түүхий эдээр хүхэрлэг хийг дөрөв дахин бууруулах боломжтой гэсэн санаа дэвшүүлээд байна. Мөн шахмал түлшний үйлдвэрт шохойн уусмал бүхий дамжлага нэмснээр хүхэрлэг хийг бууруулж болох санал ч зарим инженерээс гаргадаг. Хэт хүйтэрсэн, салхи тогтуун үед утаа ихсэж, өмнөх жилүүдтэй адил гэмээр болдгийг түүхий нүүрс түлсэнтэй холбоотой гэж албаныхан тайлбарладаг. Том хэмжээний талбай халаадаг 100 кВт-аас дээш чадалтай нам даралтын зуухтай аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрлөөр яндандаа шүүлтүүр тавьж түүхий нүүрс хэрэглэх журамтай. Гэвч шүүлтүүрийн үнэ өндөр учраас авах боломжгүй, цахилгааны зардал их гардаг тул ажиллуулдаггүй, зарим тохиолдолд эвдэрсэн зэргээр жигд ажиллагааг хангадаггүй зөрчил гарсаар байна. Мөн талбайн хэмжээ, нам даралтын зуухны чадал заасан хэмжээнд хүрэхгүй аж ахуйн нэгжүүд шахмал түлш түлэх ёстой ч өндөр зардал гарч байна гэх шалтгаанаар түүхий нүүрс нууцаар түлдэг үзэгдэл буурахгүй байгаа аж. Эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар холбогдох албаныхан, инженер, судлаачдын байр суурийг нэгтгэж, нөхцөл байдал болон хэрэгжүүлж болох гарцын талаар хөндлөө. Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд орших худалдаа, үйлчилгээний төв, нийтийн байр түрээслэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн Б.Алтанцэцэг 700 ам метр талбайтай хоёр объектоо шахмал түлшээр халаадаг аж. Гэвч гар ажиллагаатай нам даралтын зуухаа цаг тутамд дүүргэх тул түлшний хэрэглээ өмнөх оныхоос бараг дөрөв дахин их байгааг учирлаж байна.

Өмнөх жилүүдэд түүхий нүүрс түлэхдээ гурван сая төгрөгөөр өвлийг давдаг байсан бол одоо арваад сая төгрөгийг шахмал түлшинд хийсгээд байгаа гэнэ. Тэрбээр хоёр объектынхоо тус бүр 70 кВт хүчин чадалтай зууханд шүүлтүүр тавьж, түүхий нүүрс түлэх зөвшөөрөл авах хүсэлтэй аж. Гэвч 16-100 кВт хүчин чадалтай нам даралтын зууханд түүхий нүүрс түлэхийг хориглосон. Ийм хүчин чадалтай зууханд шахмал түлш түлэх шаардлагатай 2209 аж ахуйн нэгж бий. Тэдгээрийн дийлэнхэд нь дээрх бэрхшээл тулгараад байна. Тиймээс үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд заримдаа хэмнэлт хийж, түүхий нүүрс сэмхэн түлэхээс буцдаггүй бололтой. Харин мэргэжлийнхэн зуухаа солихыг зөвлөж байна. Автомат ажиллагаатай, өндөр хүчин чадалтай бүрэн шаталтын зууханд шахмал түлш түлэхэд гар ажиллагаатай зуухнаас 50-60 хувиар бага хэрэглэдэг аж. 2016 оноос автомат ажиллагаатай нам даралтын зуух үйлдвэрлэж эхэлсэн “Галч” ХХК-ийн захирал Х.Силам хэлэхдээ, “700 ам метр объектыг ойролцоогоор 70 кВт чадал бүхий зуухаар халаана. Энэ нь 7.2 сая төгрөгийн үнэтэй. Өөр дээрээ хуурай фильтертэй. Орон нутагт нунтаг түүхий нүүрс хэрэглэж болно, харин нийслэлд шахмал түлш түлнэ. Цахилгааны зарлаас 15 дахин, хийн халаагуураас 10 дахин, энгийн гар ажиллагаанаас 50-60 хувь бага зардалтай халаалтын онцгой шийдэл юмШинэ үйлдвэрт алдааг залруулж чадах уу илүү нэг тийм... Мөн тэднийх усан фильтер үйлдвэрлээд эхэлсэн байна. Хөдөлгүүр, механик шүүлтүүр, насос зэрэг эд ангиас бүрдэх усан шүүлтүүрийн үнэ дөрвөн сая төгрөг ажээ. Утааг бууруулах нэг гол арга нь бүрэн шаталттай зуух гэдгийг Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн захирал Б.Жаргалсайхан манай сонинд ярилцлага өгөхдөө онцолж байсан. Үнэхээр ч ойрын хугацаанд нийслэлээ утаанаас салгахын тулд өндөр технологийн бүрэн шаталттай зууханд шилжих хэрэгтэй гэдэгтэй инженерүүдийн дийлэнх нь санал нэгддэг. Тиймээс гар ажиллагаатай нам даралтын зуухандаа шахмал түлш түлж “шатаж” байгаа аж ахуйн нэгжүүдээ бүрэн шаталттай нам даралтын автомат зуухаар хангахад “ногоон” зээлд хамруулах, хөнгөлөлттэй үнэ санал болгох зэргээр төрөөс дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. 

Шинээр барих үйлдвэртээ хүхэр шүүх дамжлага нэмэх хэрэгтэй байна

Баянзүрх дүүрэгт шахмал түлшний үйлдвэр байгуулах шийдвэр гарсан. Шинээр барих үйлдвэрт одоо хэрэглэж буй түлшний дутагдалтай талыг залруулж, шинэ дамжлага, технологи нэмэх замаар агаар дахь хүхэрлэг хийг бууруулах боломжтой гэж судлаачид үздэг. Тэгвэл “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар давчуу хугацаанд барихаар үүрэгдсэн үйлдвэрт шинэ технологи шууд хэрэглэх боломжгүйг учирласан. Тэднийх одоогоор нийслэлийн гэх хорооллын иргэдээ гал алдуулахгүйн тулд түгээлт, хүртээмжийн асуудалд гол анхаарлаа хандуулдаг. Уг нь милдингээ шохойн уусмал дундуур явуулж, хүхрийг багасгах арга бийг эрдэмтэд хэлдэг ч ийм дамжлага нэмэхийн тулд засвар үйлчилгээ хийх өдрүүдэд шахмал түлш тасалдаж, нийслэл даяар хомсдолд орох эрдсэлтэйг албаныхан онцолсон. Тиймээс шинээр барих үйлдвэртээ шохойн уусмал бүхий дамжлагыг шийдэж өгвөл ирэх жил агаарын найрлага дахь хүхэрлэг хий буурах боломжтой гэсэн санааг инженерүүд дэвшүүлсээр байгааг үүгээр уламжилъя. Мөн дутуу шаталтын явцад л үүсдэг угаарын хийд иргэд олноор угаартах болсны нэг шалтгааныг шахмал түлшний хэлбэр, хэмжээтэй холбож тайлбарладаг. Дундаа нүхтэй, дөрвөлжин хэлбэрээр хийх зэргээр гадаргын талбайг ихэсгэх нь шаталтыг дэмжих нэг арга гэж үздэг. Мөн хэмжээг хоёр дахин жижгэрүүлэх, барьцалдуулагчийг багасгах гэх мэт олон санал шинэ үйлдвэрт биеллээ олоосой гэж найдан хүлээж байна.

Нийслэлд бүхэл нүүрс оруулахыг хориглох хэрэгтэй

Б.Жаргалсайхан Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн захирал

-Нам даралтын зуухтай аж ахуйн нэгжүүдэд л нүүрс түлэхийг зөвшөөрсөн. Тиймээс бүхэл нүүрс оруулахыг хориглох хэрэгтэй. Учир нь автомат ажиллагаатай, бүрэн шаталттай, өндөр технологийн нам даралтын зуухуудад нунтаг нүүрс л түлдэг. Манай хүрээлэнгийн зохион бүтээсэн зууханд л гэхэд 0-25 мм-ийн хэмжээтэй нүүрс түлдэг. Тэгэхээр нунтаг нүүрсийг гэр хорооллын энгийн уламжлалт зууханд түлэх боломжгүй тул одоогийн гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхэд дэм болох юм. Хот руу нүүрс оруулахыг хориглох, цахилгаан болон хийн халаагуурт шилжүүлэх, шахмал түлш түлэх гурван аргаар агаарын бохирдлыг бууруулах гэж үзэж байна. Гэтэл утааг бууруулах хамгийн гол зүйл бол бүрэн шаталттай зуух гэдгийг албаныхан уг нь мэдэж байгаа. Харамсалтай нь өнөөдөр шинээр зуух тараана, туршина гэвэл их хэмжээний эсэргүүцэлтэй тулгарна. Тиймээс үр дүнд хүрэхэд түвэгтэй л дээ.

Шинэ үйлдвэр барихад БСНУ-ын эрдэмтэдтэй хамтарч байна

М.Ганбаатар“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал

-Хүхэрлэг хий бууруулах эрдэмтдийн санал, өөр олон дэвшилтэт санаа ирдэг. Гэвч энэ бүхэн нь туршигдаж, нотлогдоод үйлдвэрлэлд хэрэглэхэд хүлээн зөвшөөрөгдсөн байх хэрэгтэй. Бид бүгдтэй нь хамтарч ажиллаж, цаашид түлшээ улам сайжруулахын төлөө зүтгэж байна. Баянзүрх дүүрэгт барих үйлдвэрийн судалгаанд БНСУ-ын эрдэмтэдтэй хамтарч ажиллаж байгаа. Шинэ төрлийн вирусийн нөлөөгөөр одоогоор нутаг буцчихсан байна. Өнөөдөр 7000 орчим хүний хөдөлмөрөөр нийслэлийг сайжруулсан шахмал түлшээр хангаж байна. Үүн дээр Монголын нүүрсний салбарын бүх л эрдэмтэд судалгаа, шинжилгээний ажлаар дэмжлэг болж байна. Хэлбэр хэмжээг өөрчлөх боломж одоогоор алга. Нүхтэй түлш хийхэд цутгалтын арга хэрэглэдэг тул одоо нэвтрүүлсэн үйлдвэрлэлийн технологи бүхлээрээ солигдох шаардлагатай болно гэсэн үг. Энэ үйлдвэрийг байгуулахын тулд судалгаа, шинжилгээ, туршилт гээд маш их хугацаа зарцуулсан шүү дээ. Мэдээж бид илүү сайжруулахын төлөө ажиллаж байна. Гэхдээ санал санаачилгууд судалгаа, туршилтын шатаа давж, стандартаа тогтоолгосны дараа үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой болно.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Дахин давтагдашгүй “Дэгжин гоо” брэнд

 0 сэтгэгдэл
  • “Дэгжин гоо” брэнд нь бүтээгдэхүүнээ зөвхөн онлайнаар борлуулдаг
  • “Дэгжин гоо” брэнд нь 22-43 размерын эрэгтэй, эмэгтэй болон хүүхдийн гэсэн гурван төрлийн эсгий гутал хийж байгаа аж.  Харин загварын тухайд балерина, хагас болон нэхмэл түрийтэй зэрэг хийцээсээ хамааран 30-40 төрөл бий

Эсгий урлал Монголд эрчимтэй хөгжиж буйг илтгэх Made in Mongolia шошготой үндэсний үйлдвэрүүд нэмэгдсээр байна. Дулаан явбал мянган лан гэдэг. Гэхдээ өвлийн улиралд дулаан атлаа загварлаг байх боломжийг “Дэгжин гоо” брэндийг энэ удаагийн “Би үйлдвэрлэгч” буландаа онцолж байна.

Хүйтэн газар эсгий шаахай аминд орсон

Хэдийгээр эсгий гутал үйлдвэрлээд жил болж байгаа ч өнөөдрийг хүртэл чамлахааргүй олон үйлчлүүлэгчтэй болжээ. “Дэгжин гоо” брэндийг үүсгэн байгуулагч Т.Рэнцэнханд өөрийн хоббигоо хөгжүүлэн 2012 оноос загварын чиглэлээр ажиллаж байгаа аж. Тэрбээр МУИС-ийн Олон улсын харилцааны анги төгссөн боловч мэргэжлээрээ нэг ч удаа ажиллаагүй байна. Сургуулиа төгсөөд ажлынхаа гарааг агаарын тээврийн Korean air болон МИАТ компанид онгоцны үйлчлэгчээр ажилласнаар эхэлжээ. Гэвч өөрийн хүсэл сонирхлыг хөгжүүлэх боломж төдийлэн байгаагүйгээс зургаан жилийн дараа онгоцны үйлчлэгчийн ажлаа орхисон байна. Ингээд хувцас загварын чиглэлээр тууштай ажиллаж эхэлсэн аж. Анх Монголын уламжлалт болон европ загварын хувцасны дизайн гаргаж, урласаар цөөнгүй тооны захиалагчтай болсон байв. Т.Рэнцэнханд “Одоогоос хоёр жилийн өмнө БНХАУ-д байхад хөл их даараад дулаан, хөлд хөнгөн эсгий гутал гэр бүлийнхэн рүүгээ захисан юм. Гэтэл эсгий гутал байхгүй, дандаа гэрийн шаахай байв. Тэгээд ээж маань арьсан ултай, угладаг гэрийн шаахайтай хамт ноолууран оймс өгч явуулсан. Дулаан болохоор тайлах дургүй, заримдаа гадаа гарахдаа ч шаахайгаа өмсөнө. Гэхдээ гэрт өмсөх зориулалттай хувцас гадаа мэдээж хөл дааруулна. Тухайн үед “Яагаад гадаа өмсөх боломжтой эсгий гутал байдаггүй юм бол” гэсэн бодлоос бизнесийн санаагаа олсон юм. Хүн өөрт хэрэгцээтэй зүйлээ л хийдэг юм шиг санагдсан. Тэр хүйтэн газар эсгий гэрийн шаахай аминд орсон юм даа” хэмээн ярилаа. 

Зориулалтын будаг ашиглан лаборторидоо өнгө оруулдаг

Тэрбээр өнгөрсөн оны нэгдүгээр сард эх орондоо ирээд, шууд эсгий гутал хийхийг сурсан аж. “Дэгжин гоо” брэнд нь 22-43 размерын эрэгтэй, эмэгтэй болон хүүхдийн гэсэн гурван төрлийн эсгий гутал хийдэг. Харин загварын тухайд балерина, хагас болон нэхмэл түрийтэй зэрэг хийцээсээ хамааран 30-40 төрөл бий. Эсгий гутлынхаа нэхмэл түрийг гэртээ хүүхдээ хараад ажилгүй байдаг эмэгтэйчүүдээр нэхүүлдэг. Үйлдвэр дээр дөрөв, оффист хоёр гээд нийт зургаан ажилтантай, тусдаа будгийн лабораторитойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Бүтээгдэхүүний хувьд улаан, хар, цэнхэр, саарал, ягаан, хүрэн улаан, бор гэсэн долоон өнгөтэй. Нэг долоо хоногт хар, дараагийн долоо хоногт цэнхэр зэрэг нэг өнгө дагнаж, бүтээгдэхүүнээ гаргадаг. “Хэзээ ч гар аргаар ноосыг будаж болохгүй. Энэ нь эрүүл мэндэд маш сөрөг нөлөөтэй” гэж Т.Рэнцэнханд хэлэв. Тиймдээ ч цөөн ажилтантай, цомхон үйлдвэртээ заавал лаборатори нээхийг чухалчилсан байна. Харин Германаас авчирсан зориулалтын будгаар өнгө оруулдаг. “Энэхүү будаг нь хивсний будагтай ижил учир угаах, өмсөх үед будаг гарахгүй. Тиймээс хивс цэвэрлэгчээр цэвэрлэх боломжтой. Харин бохирдол бага үед зөөлөн үстэй сойтог ашиглахад хангалттай. Их хэмжээгээр бохирдсон үед аяга угаагч эсвэл хивс цэвэрлэгчийн хөөсөөр арчиж, усаар зайлаад хатаана. Ингэхдээ их норгож болохгүй. Хүмүүс шууд угаалгын машинд хийж, угаах гээд байдаг. Тэгж болохгүй. Ноос учраас эсгийрээд улам жижиг болдог” хэмээн бүтээгдэхүүнээ хэрхэн цэвэрлэх талаар Т.Рэнцэнханд тайлбарлав. 

Намраас үйлдвэрээ өргөжүүлж, бүтээгдэхүүнийхээ тоог нэмнэ

“Дэгжин гоо” брэнд нь эсгий гутлын загвараа байнга шинэчилдэг. Тиймээс нэг загварын гутал олон тоогоор гаргадаггүй аж. Т.Рэнцэнханд “Би хэзээ ч хүний хийсэн зүйлийг дуурайдаггүй. Яагаад гэвэл аливаа зүйлийг дуурайхаар өөрөө хөгждөггүй. Тиймээс ургуулан бодож загвараа гаргадаг. Шинэ загвараа өөрөө өмсөж үзээд, хөлд ямар байна гэж туршиж үзсэний л дараа борлуулна” гэв. Хавраас эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн кэтэн загварууд гаргах аж. Харин намраас гуталтайгаа ижил ноосон пальто оёхоор төлөвлөжээ. Цаашид оймс, цамц, өмд гээд ноосоор хийж болох бүгдийг хийхээр судалж эхэлснээ ярилаа. “Энэ зунаас ажилчдаа сургаж, бэлтгэе гэж бодож байгаа. Тэгээд намраас үйлдвэрээ өргөжүүлээд бүтээгдэхүүнийхээ тоог нэмнэ. Одоо ажиллаж байгаа ажилчид маань дараагийн хүмүүсээ сургах юм” хэмээн Т.Рэнцэнханд ярив. Сард 100-200 бүтээгдэхүүн гаргадаг. Наадмын үеэр жуулчид олноор ирдэг. Мөн гадаадад сурч, амьдардаг ч эх орондоо түр ирсэн монголчууд “Дэгжин гоо” брэндийн бүтээгдэхүүнийг сонгодог учир ачаалал энгийн үеэс хоёр дахин нэмэгддэг юм. Мөн хамтран ажиллах санал ч их ирдэг ажээ. Одоогийн байдлаар АНУ, Австрали, Англи, ОХУ болон Европын орнууд руу бүтээгдэхүүнээ цөөн тоогоор гаргаж байна. Хавраас үйлдвэрийн гурван давхар объектоо барихаар төлөвлөжээ. Т.Рэнцэнханд “Өөрийн хүсэл мөрөөдөл болсон эсгий бүтээгдэхүүний үйлдвэр байгуулж, эх орондоо үндэсний үйлдвэрлэл хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг боддог. Мөн дэлхийн олон оронд Монголынхоо нэрийг гаргасан нэрийн дэлгүүрээ нээхийг хүсдэг” хэмээв. 

Эсгий гутлууд 85-140 мянган төгрөгийн үнэтэй

“Дэгжин гоо” брэндийн бүтээгдэхүүнийг жилийн дөрвөн улиралд өмсөх боломжтой учраас ажил зогсоно гэсэн ойлголт байхгүй. Гуталны хувьд 85-140 мянган төгрөгийн үнэтэй. Ноосоо малчдын гар дээрээс авдаг болбол үнээ бууруулах боломжтой гэнэ. Т.Рэнцэнханд “Ноос их үнэтэй. Дамжлагаар авдаг болохоор нэг кг нь 25-35 мянган төгрөгт хүрдэг. Манай улсад үйлдвэрлэл эрчимтэй хөгжөөгүй. Үүнээс болоод үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд үнэтэй гардаг. Манайх гэхэд өдөрт 10-20 ширхэг бүтээгдэхүүн л гаргаж байна. Гэтэл үйлдвэрлэгч орнуудын хувьд өдөрт 200-300 мянгаар нь хийдэг. Их хэмжээгээр гаргаж, олон газар руу илгээж байна. Гэтэл бид цөөхөн хийгээд ажилчдаа цалинжуулах, татвар, шимтгэл гээд олон талд орлогоосоо тушаах хэрэг гарна. Их хэмжээгээр зарагдаад, худалдан авах чадвар байвал хямдхан зарах боломжтой. Ноос хямд авбал үнээ хямдруулна” гэсэн юм. Ноосоо дотоодын хоёр харилцагчаас авдаг бөгөөд тэд малчдаас авч, хэд хэдэн дамжлагаар угааж цэвэрлэн, хогноос нь салгаад өгдөг аж.

Бүх үйлчилгээг нэг дороос авах боломжтой болно

“Дэгжин гоо” брэнд нь бүтээгдэхүүнээ зөвхөн онлайнаар борлуулдаг. Гурван давхар үйлдвэрт нь урлан, борлуулалтын цэг, агуулах, цэвэрлэгээ болон ноос угаах цех зэрэг нь нэг дор төвлөрөх аж. Тэд ирэх жилийн өвөл цахилгаантай, өвдөг хүртэлх урт түрийтэй зэрэг олон загвар гаргахаар зэхэж байна. Эсгий бүтээгдэхүүнийг жилийн дөрвөн улиралд өмсөх боломжтой бөгөөд эсгий нь өвөл хоёр дахин зузаан, бусад улиралд нимгэн байдаг. Бусад эсгий гутлаас ялгарах онцлог нь өнгө жигд байхаас гадна эсгий нь ямар ч оёдолгүй гэдгээрээ давуу талтай аж.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Зэсийн ханш мөддөө сэргэхгүй нь

 0 сэтгэгдэл
  • Дэлхийн хоёр дахь том эдийн засаг хүндхэн сорилттой тулгарсан нь түүхий эдийн ойрын эерэг төлөвийг үгүйсгэж, хөрөнгө оруулалт хумигдах, зэсийн шинэ төслүүд царцах төвөгтэй байдал үүсгэлээ
  • Merrill Lynch-ийн шинжээчдийн таамгаар, зэсийн ханш 2020 оноор зогсохгүй дунд хугацаанд буурах төлөвтэй байна

Дэлхий нийтийг түгшээх болсон шинэ төрлийн вирусийн дэгдэлт таваарын зах зээлд гэнэтийн эрсдэл дуудлаа. Зэс гэхэд сүүлийн 14 хоногт тасралтгүй буурч, тонн нь 5641 ам.доллар болоод байна. “Манай улсын экспортын бараг 60 хувийг зэс, нүүрс эзэлдэг. Энэ утгаараа зэсийн үнийн уналт төсөв болон эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхээр байна” хэмээн эдийн засагч Н.Энхбаяр өгүүлсэн юм. Энэ оны улсын төсөвт зэсийн ханшийг ихээхэн өөдрөг буюу 5991 ам.доллар гэж төсөөлсөн. Ингэснээр 1.1 их наяд төгрөг зөвхөн зэсийн борлуулалтаас олохоор болсон юм. Гэвч зэсийн ханш цаашид ч үргэлжлэн буурахаар байгаа нь сангийн бодлого тодорхойлогчдын толгойны өвчин болж мэдэхээр байна. Дэлхийн зэс баяжуулах үйлдвэрлэлийн дийлэнх хэсэг өмнөд хөршөөс хамаардаг. Ийм нөхцөлд худалдааны зөрчлөөс гадна шинэ төрлийн вирусийн дэгдэлт улам даамжирвал зэсийн ханшийн түвшин одоогийнхоос ч уруудаж магадгүйг Citigroup анхаа руулсан юм. Bloomberg-ийн мэдээллээр, зэсийн ханш сүүлийн өдрүүдэд хамгийн их өөрчлөлт ажиглагдах болов. Merrill Lynch-ийн шинжээчдийн таамгаар, зэсийн ханш 2020 оноор зогсохгүй дунд хугацаанд буурах төлөвтэй байна.Дэлхийн эдийн засгийн өсөлт, уналтыг илтгэдэг үндсэн түүхий эдүүдийн нэг нь зэс. 2020 оны төсвийн орлого 11.7 их наяд төгрөг бөгөөд таваарын зах зээлийн уналтыг харгалзан Засгийн газар өөрсдийн хэрэгжүүлэх төсөвт зайлшгүй тодотгол хийх шаардлагатайг Н.Энхбаяр эдийн засагч анхааруулсан юм. Төсвийн орлого дээрх нөхцөл байдлаас үүдэн нэгэнт бүрдэхгүй нь тодорхой болж байгаа энэ эгзэгтэй үед эх баригчид зардлаа танахаас өөр аргагүй болох нь. Хэрэв тодотгол хийхгүй, зардлаа 13.8 их наяд төгрөгт хэвээр үлдээвэл төсвийн алдагдал улам тэлэхээр байна. УИХ 2020 оны төсвийг ДНБ-ий таван хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай баталсан. Зэсийн ханш суларсаар байгаа нөхцөлд хоёр их наяд төгрөгийн алдагдал дахин нэмэгдэнэ гэсэн үг. Дэлхийн зэсийн үнэ болон хэрэглээний хэмжээг өсгөж буй гол орон бол БНХАУ. Харамсалтай нь шинэ төрлийн вирусийн тархалтаас болж өмнөд хөршийн эдийн засаг суларч байна. Олон улсын худалдааны эргэлт саарч, эрдэс түүхий эдийн эрэлт буурч, үнэ нь уруудсаар. Дэлхийн зах зээл дээрх металлын ханшийн уналт биржийн үнэ ханшид хүртэл давхар, давхар нөлөөлж байна. Өдгөө Хятадын биржүүд 2008 оны хямралын түвшинд хүрээд буй. Зах зээлийн ийм таагүй байдал зэсийн олборлолт эрхэлдэг компаниудад хүндээр тусахаар байна. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг хүндхэн сорилттой тулгарсан нь түүхий эдийн ойрын эерэг төлөвийг үгүйсгэж, хөрөнгө оруулалт хумигдах, зэсийн шинэ төслүүд царцах төвөгтэй байдал үүсгэлээ. Зэсийн үнэгүйдэл “Эрдэнэт” болон “Оюутолгой”-н 2020 оны орлого 2019 оныхоос буурахад нөлөөлөх нь дамжиггүй. Ил уурхайгаасаа олборлолт хийж, гүний уурхайн бүтээн байгуулалтаа эрчимтэй урагшлуулах “Оюутолгой” компанийн хувьд зэсийн ханшийн уналт, ирэх сонгуулийн өмнөх улс төрийн эрсдэл хамгийн том даваа болохоор байна. Тус компани өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар 28.4 мянган тонн зэс олборлосон. Энэ нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 27.8 хувиар бага үзүүлэлт юм. Харин зах зээлийн үнэ улам суларсаар байвал олборлолт болон борлуулалтын орлого багасна гэсэн үг. Ил уурхайн баяжмал дахь зэсийн агууламж буурч байгаа энэ үед зэсийн ханш доошилсон нь уг төслийн үйл ажиллагааны зардлыг мөн тэлэхээр байна. Манай улс өнгөрсөн онд 1.4 сая тонн зэсийн баяжмал экспортолж, 1.79 тэрбум ам.долларын орлого олсон. Тэгвэл энэ онд зэсийн орлого буурах магадлал улам нэмэгдсээр. Зэсийн ханш 6000 ам.доллараас доош орсноор баяжмал дахь зэсийн агууламж бага, өндөр өртөг зардлаар түүхий эд олборлож, тээвэрлэдэг уурхайнуудын нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэй байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Монгол Улс 5G-д бэлэн биш

 0 сэтгэгдэл

5G сүлжээ дэлхийн харилцаа холбооны ирээдүйд тооцогдож, их гүрнүүдийн өрсөлдөөний гол хөзөр болж буй ч 4G-г ч бүрэн ашиглахгүй байгаа
Монголын хөрсөнд энэ технологи нэвтрэх цаг хараахан болоогүй гэж салбарынхан үзэж байна.

Шинэ эриний 5G сүлжээ хүн төрөлхтөнд өргөн боломж нээж буй ч дэлхий ертөнцийг хоёр туйл адил хуваагдахад хүргээд байна. Уяж зангидах утас гэж үгүй атлаа дэлхийг хэрсэн хил хязгаар үгүй хэлхээ холбоо бий болгох энэ технологи эцэстээ их гүрнүүдийн сөргөлдөөний нэг зангилаа болж, талцал маргаан, таамаг, мэдээллийн төв цэг боллоо. 

Технологиор түүчээлэгчдийн нэг БНСУ өнгөрсөн дөрөвдүгээр сард 5G технологийг дэлхий дахин анхлан нэвтрүүлж, сүүлийн хоёр сарын хугацаанд сая давсан хэрэглэгчийг эгнээндээ элсүүлээд байна. Энэ давлагаанаас АНУ ч хоцрохгүйн төлөө зүтгэж буй бөгөөд Атланта, Даллас, Хьюстон, Канзас хотдоо 5G сүлжээг хэдийнэ нэвтрүүлсэн. Удахгүй Чикаго, Лос Анжелес, НьюЙорк, Финикс, Вашингтон хотыг шинэ сүлжээнд шилжүүлэхээр төлөвлөж буй аж. Тэгвэл 5G-гээр ирэх жилүүдэд тэргүүлэх хамгийн өндөр магадлалтай байгаа БНХАУ төр, хувийн хэвшлийн дөрвөн компанидаа тус сүлжээний тусгай зөвшөөрөл олгосон. Одоогоор China Mobile, China Telecom, China Unicom Hong Kong компани 5G сүлжээг Бээжин, Шэньжэнь зэрэг хотод туршиж байна.

Утасгүй уг сүлжээ улс орнуудад хурдтай тархаж, 5G технологиор тэргүүлэхийн төлөөх их гүрнүүдийн өрсөлдөөн улам ширүүссээр дайны гал авалцахад хүргэлээ. Тэгвэл энэ ширүүн тэмцэл дунд Монгол Улс нүдэн балай, чихэн дүлий явж байгаа юм биш биз. Мэдээж бид энэ технологиор их гүрнүүдтэй өрсөлдөж, зах зээл булаацалдахгүй нь тодорхой. Гэхдээ ирэх хэдэн жилд дэлхийн харилцаа холбооны хөгжлийг өнгөлөх энэ технологиос монголчууд бултаж чадахгүй нь ойлгомжтой. Тэгвэл бид энэ шинэчлэлийн хаана нь явж байна вэ. Хил хязгааргүй энэ сүлжээнд монголчууд бэлэн эсэхийг хөндөхөөс урьдаад их гүрнүүд үхэн хатан зүтгээд буй 5G гэж чухам юу болохыг цухас дурдъя. Технологийн салбарынхан 5G сүлжээний давуу тал, хүчин чадлыг шагшиж, ам уралдан магтацгааж буй. Энгийнээр тайлбарлавал, та хоёр цаг үргэлжлэх уран сайхны киног 3G-гээр 26 цаг, 4G ашиглан зургаан минут татдаг. Харин 5G технологиор бүрэн хэмжээний уран сайхны киног нүд ирмэхийн зуур буюу ердөө 3.6 секундэд татан авах боломжтой аж. Алга урвуулахын адил ийм өндөр хурдтай, хил хязгааргүй харилцаа холбооны боломжийг 5G сүлжээ дагуулж буй аж. Дэлхийн түүхэнд анх 1998 онд бий болсон 3G сүлжээг монголчууд одоогоос 10 жилийн өмнө эх орондоо нутагшуулж байжээ. Харин 4G сүлжээ Монгол Улсад 2016 онд нэвтэрч байсан аж. Одоогоор өндөр хурдны, хөдөлгөөнт энэ сүлжээ манай улсын 21 аймаг, 330 суманд нэвтэрсэн. Үүний үр дүнд Монгол Улсын өнцөг бүрт ажиллаж, амьдарч буй иргэд 3G-гээс 10 дахин хурдтай 4G-гээр дамжуулан мэдээлэл хүлээн авч байна. Энэ сүлжээг байгуулахын тулд харилцаа холбооны нэг оператор компани л гэхэд 80 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байжээ. 

Ингэснээр манай улсын дата хэрэглээ эрс нэмэгдсэн. Одоогоор монголчуудын дата хэрэглээ дэлхийн дунджаас өндөр. Сүүлийн найман жилд дата хэрэглэгчдийн тоо 14 дахин өссөн. 2018 оны эхний хагасын байдлаар манай улсын дата хэрэглэгчдийн тоо 2017 оны мөн үеэс 8.7 хувиар өсөж, 2.8 саяд хүрсэн. Үүний 31.2 хувийг 4G сүлжээний хэрэглэгчид бүрдүүлж байна. Ингэснээр дата хэрэглээ 71.9 мянган терабайтад хүрсэн гэж Харилцаа холбоонызохицуулах хороо мэдээлэв. Энэ нь жилийн өмнөхөөс 90 хувиар, харин 2015 онтой харьцуулахад долоо дахин өссөн үзүүлэлт аж. Дата хэрэглээ ийн тэлэхэд үүрэн холбооны оператор компаниуд зах зээлд шинэ багц, үйлчилгээ санал болгосон нь нөлөөлсөн гэж салбарынхан тайлбарлаж байна. Хэдийгээр бидний хэрэглээнд өндөр өсөлтүүд ажиглагдаж байгаа ч Монгол Улс одоогоор 4G сүлжээг бүрэн ашиглахгүй байгааг “Мобиком” корпораци мэдээлсэн. Дэлхийд нэвтрээд 10, Монголд гурван жил болж буй 4G технологийг өнөө хэр бид бүрэн хүчин чадлаар нь ашиглахгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл, бидний хэрэглээ технологийн дэвшлийн хурдаас хоцорч, хүчин чадалд нь балчирдаж байгаа нь энэ. “5G технологи олон давуу тал бий болгож, маш их мэдээллийг нэгэн зэрэг дамжуулах хүчин чадалтай. Гэхдээ хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралд 5G сүлжээ үнэхээр хэрэгтэй юу гэдэг нь хамгийн чухал” хэмээн “Мобиком” корпорацийн гүйцэтгэх захирал Тацүяа Хамада Bloomberg Tv Mongolia телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ. Монгол Улсад 5G технологийг нэвтрүүлэх урьдчилсан төлөвлөгөө одоогоор гараагүй байна. Мөн нэвтрүүлэх хугацаа нь болоогүй гэж үүрэн холбооны оператор компаниуд үзэж байна. 

Монгол Улсын радиодавтамжийн дунд хугацааны замын зураглал буюу 2018-2023 он хүртэлх төлөвлөгөөнд тусгаснаар Монгол Улс олон улсын чиг хандлагыг харгалзан 5G-г нутагшуулахаар заажээ. Өөрөөр хэлбэл, бид Дэлхийн радио холбооны төлөвлөгөө, чиглэлийн дагуу урагшилна. Өнгөрсөн онд болсон тус холбооны хурлаар 5G технологийг олон улстай уялдуулах ажлыг 2019 оны сүүлчээр эхлүүлнэ. Улмаар стандартын шаардлага хангасан 5G технологийн эхний туршилтыг 2020 оны дундуур хийхээр төлөвлөжээ. 

АНУ, Хятад зэрэг их гүрнүүд л олон улсаас түрүүлэн 5G-г туршиж, тус технологийн хойноос хөөцөлдөж байхад дэлхий даяар дагаж мөрдөх, нэгдсэн стандартыг өнөө хэр мэргэжлийн байгууллага нь батлаагүй байна. Харин энэ оны аравдугаар сард Дэлхийн радио холбооны их хурал Египет улсад болно. Энэ хурлаар шинэ технологийн талаарх олон улсын ч, Монголд ч тэр бодлого чиглэл, төлөвлөгөө зураглал илүү тодорхой болох төлөвтэй. Гэхдээ салбарынхан Монгол Улсад ойрын 3-5 жилд 5G технологийг дэмжих төхөөрөмж хэрэглээнд нэвтрэхгүй хэмээн үзэж байна. Intel компани тооцоогоор 2035 он гэхэд дэлхийн эдийн засагт 10 гаруй их наяд ам.долларын өгөөж авчрах энэ технологи их гүрнүүдийн өрсөлдөөний гол хөзөр байж болно. Гэхдээ энэ гайхамшгийг хүн хэрэглэж, үр ашгийг нь мэдрэхгүй л бол мянга сайхан шинэ эриний технологи байгаад нэмэргүй. Монгол Улс ч технологийн томчуудыг даган дарцаг шиг хийслээ гээд манай одоогийн хөрсөнд буухгүй бол хайран хөрөнгө оруулалт л болж хувирна. Иймд хэрэглээгээ дээшлэхийг хүлээн, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийн, хэдэн жил хүлээхээс өөр арга алга.