A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1501/

Сайжруулсан түлшний борлуулалт удааширчээ

Хувийн үйлдвэрүүд ямар ч түүхий эдгүй болж, гацжээ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1501/


Нийслэлийн гэр хорооллын өрхүүдийн түүхий нүүрсний хэрэглээг хориглосон шийдвэр хэрэгжиж эхлэхэд зургаахан сар үлдлээ. Ирэх өвөл нүүрсний оронд хэрэглэх түлшээ туршиж үзэх хүсэлтэй иргэд ч цөөнгүй байна. Тиймээс манай сонин нийслэлийг сайжруулсан түлшээр хангах бэлтгэл ажил ямар шатандаа явж буй талаар сонирхлоо. Улаанбаатарын 220 гаруй мянган өрх жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш хэрэглэнэ гэсэн тооцоо гарсан. Энэ хэрэгцээг төрийн өмчит “Тавантолгой түлш”-ээс гадна “Монголын шахмал түлш үйлдвэрлэгчдийн нэгдэл”-ийн гишүүн 12 үйлдвэр хангахаар төлөвлөсөн. Энэ үйлдвэрүүд энэ сард бүтээгдэхүүнээ борлуулалтад гаргана гэж байсан ч өнөөдрийн байдлаар нэг нь ч албан ёсоор шахмал түлш борлуулж эхлээгүй байна.

УЛСЫН ДӨРВӨН ҮЙЛДВЭРТЭЙ БОЛНО

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэргэдэх “Тавантолгой түлш” компани нийслэлчүүдийн шахмал түлшний хэрэглээний 70 хувийг дангаараа хангахаар зорьж байна. Тус компани сайжруулсан түлшний дөрвөн үйлдвэр ажиллуулахаар  төлөвлөж буй. Эхнийх нь өнгөрсөн наймдугаар сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн “ТЭЦ-2”-ын дэргэдэх шахмал түлшний үйлдвэр. Шаардлага хангаагүй, технологийн зөрүүтэй тоног төхөөрөмж авчирч суурилуулснаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон уг үйлдвэрийн зөвхөн шахах цехийг “Тавантолгой түлш” компани ашиглаж байгаа юм. Харин энэ онд багтаж Сонгинохайрхан дүүрэг дэх толгойтод шахмал түлшний хоёр том үйлдвэр ашиглалтад оруулах бөгөөд эхнийх нь энэ баасан гарагт нээлтээ хийнэ. Түүнчлэн Налайх дүүрэгт бас ахин нэг үйлдвэр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Биднийг Баянгол дүүргийн 20 дугаар хороонд, “ТЭЦ-4”, “ТЭЦ-2”-ын ойролцоо байрладаг “Тавантолгой түлш” компанийн агуулахад очиход наймдугаар сараас хойш 350-360 тонн буюу 14 мянга гаруй шуудай шахмал түлш нөөцөлсөн байлаа. Туршилт хийхэд багагүй хугацаа шаардсан тул төдийлэн их нөөц бүрдүүлж чадаагүй юм байна. Харин баасан гарагт нээлтээ хийх толгойт дахь үйлдвэрийн хашаанд мөн ийм хэмжээний шахмал түлш бий аж. Өөрөөр хэлбэл, “Тавантолгой түлш” компани одоогоор нийт 700 орчим тонн шахмал түлшний нөөцтэй байна. Нэг өрх жилд 2.5-3 тонн сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг гэж тооцвол энэ нь 280 орчим өрхийн л жилийн хэрэгцээг хангах хэмжээ юм. Гэхдээ тус компанийнхан шинэ үйлдвэрүүд ашиглалтад орчихвол ирэх намар гэхэд нийслэлчүүдийн нүүрсний хэрэглээний 70 хувийг хангахуйц нөөцтэй болж чадна гэж тооцож буй аж. “Тавантолгой түлш” компани бүтээгдэхүүнээ энэ сард багтаж худалдаанд гаргах юм байна. Нийслэлийн хороо бүрт 3-4 борлуулах цэг байгуулах тул борлуулагч нартай гэрээ байгуулж эхэлжээ. Хэрэв “Тавантолгой түлш”-ийн шахмал түлшийг хэрэглэж үзье гэвэл агуулахаас нь очиж авахаас өөр аргагүй. Одоогоор энгийн шуудайнд савласан бөгөөд албан ёсоор борлуулахаар бол тусгай лого бүхий шуудайнд ууталж зарах аж. Саяхан тус компанийн шахмал түлшийг нэгэн хувийн компани өөрсдийнхөө үйлдвэрлэсэн түлш хэмээн иргэдэд сурталчилж, зарсан тохиолдол ч гарсан юм байна. Тиймээс худалдаанд гаргахаас өмнө багагүй бэлтгэл шаардаж буйг “Тавантолгой түлш” компанийн төлөөлөл хэллээ. 

“Тавантолгой түлш” энэ сард багтаж шахмал түлшээ борлуулж эхэлнэ

Уг түлшийг нийслэлийн агаарын бохирдлын нэгдүгээр бүсэд багтдаг Сонгинохайрхан дүүргийн 10 орчим хорооны өрхөд туршиж байгаа аж. “Уг нь бид одоо байгаа нөөцөө зарж, борлуулахад бэлэн. Гэхдээ Засгийн газраас шахмал түлш борлуулах үнийг яг таг тохирсон шийдвэр гараагүй байгаа. Хэрэв энэ шийдвэр гарчихвал борлуулж эхэлнэ. Одоогоор нэг шуудайг нь 3750 төгрөгөөр борлуулна гэж байгаа ч үнэ нь дээшээ, доошоо бага зэрэг хэлбэлзэж магадгүй байна” гэж тус компанийн мэргэжилтэн Н.Янжмаа хэлсэн юм.

ХУВИЙН ҮЙЛДВЭРҮҮДЭД НЭГ Ч ШУУДАЙ ТҮЛШНИЙ НӨӨЦ АЛГА

Дорноговь, Дархан, Говьсүмбэр, төв аймагт байсан шахмал түлшний үйлдвэрүүдийг өнгөрсөн хавар нийслэлийн Налайх болон Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд төвлөрүүлсэн. ингэснээр тээврийн зардал багасаж, бүтээгдэхүүний үнэ ч буурна гэж тооцсон. Гэвч Монголын шахмал түлш үйлдвэрлэгчдийн нэгдлийн эдгээр 10 гаруй үйлдвэрт одоогоор нэг ч шуудай шахмал түлшний нөөц алга. Үйлдвэрүүд техник, технологио шинэчилж, бэлтгэлээ хангаад буй ч түүхий эдээ авч чадаагүйгээс ийнхүү зогсонги байдалд оржээ. Хувийн үйлдвэрүүд нэг тонн шахмал түлшээ 150 мянган төгрөгөөр худалдаална. Харин үйлдвэрлэсэн нэг тонн тутамд нь 50 мянган төгрөгийн татаас олгохоор олон сар ярьсан. Энэ асуудал өнгөрсөн даваа гарагт л шийдэгдэж, уржигдар БОАЖЯ болон Монголын шахмал түлш үйлдвэрлэгчдийн холбоо гэрээ байгуулжээ. Гэхдээ татаасаа гурав хувааж олгохоор болсон байна. Эхний ээлжинд үйлдвэрүүдэд татаасны 30 хувийг олгох бөгөөд үлдсэнийг нь бүтээгдэхүүнээ борлуулж эхэлмэгц 40 ба 30 хувиар хувааж өгөхөөр гэрээлжээ. Тиймээс дээрх үйлдвэрүүд эхний ээлжийн санхүүжилтээ хүлээж байна. Гэхдээ санхүүжилт орж ирсэн ч бас нэг бул хар чулуу үйлдвэрүүдийн ажлыг гацааж, дөнгөлчихөөд байна.

ТЭЭВЭРЛЭЛТ АЖИЛ ГАЦАХ ГОЛ ШАЛТГААН БОЛЖЭЭ

Улаанбаатарт хэрэглэх шахмал түлшийг зөвхөн “Энержи ресурс” болон “Тавантолгой” ХК-ийн баяжуулсан эрчим хүчний нүүрсний медлинг буюу завсрын бүтээгдэхүүнээр хийхээр болсон. Өөрөөр хэлбэл, дээрх компаниуд баяжуулсан эрчим хүчний нүүрсний хэмжээ жижигтэй учраас шигшигдэж үлдсэнийг нь шахмал түлшний үйлдвэрүүдэд үнэгүй өгөхөөр болсон юм. “Энержи ресурс” компанийн хашаанд гэхэд одоогоор 2.4 сая тонн ийм нүүрс овоолоостой бий. Гэвч үүнийг тээвэрлэх ажлыг зөвхөн төрийн компани гүйцэтгэнэ гэсэн шийдвэр гарсан нь ажил гацах гол шалтгаан болжээ. Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь Ухаахудаг, Тавантолгой орд Улаанбаатар хотоос 500 гаруй км зайтай. Хувийн жижиг үйлдвэрүүдэд тээврийн зардал хүндээр тусч, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхээр байгаа тул төр зохицуулах хэлэлцээрт хүрсэн юм. Гэвч бизнес эрхлэгчид баярлан хүлээж авсан энэ шийдвэр хувийн компаниудад одоо тус биш ус болчихоод байна. Үйлдвэрүүд түүхий эдээ татъя гэхээр “Төрийн компани зохион байгуулах учраас хувийн компаниудад тээвэрлэх зөвшөөрөл өгөхгүй. Та нар хүлээж бай” гэсэн хариуг холбогдох албан тушаалтан өгчээ. Үйлдвэрлэгчид энэ шийдвэрийг хүлээхгүйгээр чанарын шаардлага хангасан өөр нүүрсээр түлшээ үйлдвэрлэе гэсэн ч мөн л хориглосон аж. Төрөөс татаас авах дээрх үйлдвэрүүдийг зөвхөн ухаахудаг, тавантолгойн медлингийг ашиглахыг шаардаж буй. Хэрэв өөр нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэсэн тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллага шалгаж, үйлдвэрийг нь хаах хүртэлх арга хэмжээ авна гэжээ. Тиймээс үйлдвэрүүд ямар ч нүүрсгүй, агуулах нь хов хоосон байгааг “Монголын шахмал түлш үйлдвэрлэгчдийн нэгдэл”-ийн төлөөлөл хэллээ. Уг нь эдгээр үйлдвэр жилд 150 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. хэдийгээр “Тавантолгой түлш” компанийн дөрвөн үйлдвэрийн хүчин чадал нийлээд 600 мянган тонн буюу нийслэлийг 100 хувь хангах чадалтай ч энэ бол зөвхөн онолын хэмжүүр. Бодит байдал дээр үйлдвэрүүд хүчин чадлынхаа дөнгөж 50 хувийг л ашигладаг учраас нийслэлчүүдийг түлшээр хангахад хувийн үйлдвэрүүдийн хүч, оролцоо шаардлагатай гэдгийг эх сурвалж хэллээ. Тэгээд ч төлөвлөсөн дөрвөн үйлдвэрийн нэг нь “ТЭЦ-2”-ийн цех, хоёр нь ашиглалтад орох болоогүй байгаа учраас үүргээ бүрэн гүйцэтгэнэ гэж тооцоход бэрхтэй.

• Хувийн үйлдвэрүүдийн шахмал түлшний тонн тутамд 50 мянган төгрөгийн татаас олгоно.

• Нийслэлийн хороо бүрт 3-4 борлуулах цэг байгуулах тул борлуулагч нартай гэрээ байгуулж эхлээд байна.

• Төр, хувийнх гээд нуруу нуруугаа харуулаад суучихгүй, ирэх жилийн өвөл ойрхон гэдгийг санаж ажлаа хурдан урагшлуулмаар байна.

Ийнхүү түүхий нүүрсийг орлох шахмал түлшний улсын болон хувийн үйлдвэрүүд төрийн шийдвэрийг хүлээж сууна. Тэрнээс, энэнээс болсон гээд хөлөө жийлцээд ажлаа урагшлуулахгүй байвал төсвийн хэдэн тэрбум төгрөг үрэгдэж, иргэд өвлийн хүйтэнд түлх түлшгүй хоцрох вий. Төр, хувийнх гээд нуруу нуруугаа харуулаад суучихгүй, ирэх жилийн өвөл ойрхон гэдгийг санаж ажлаа хурдан урагшлуулмаар байна. Сайжруулсан түлш гэдэг үгийг мянгуужингийн үлгэртэй адил төсөөлөхөд хүргэсэн өмнөх бүтэлгүй түүхүүдийг давтахгүйн тулд шахмал түлшний үйлдвэр, нөөц бүрдүүлэх ажилд эртнээс анхаарах шаардлагатай байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

ӨРСӨЛДӨӨНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ БОЛНО.

 0 сэтгэгдэл


Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Азийн хөгжлийн банкны институт, Японы шударга худалдааны хороотой хамтран 2019 оны 7 дугаар сарын 09-өөс 10-ны өдрүүдэд Зүүн Азийн Өрсөлдөөний байгууллагын удирдлагуудын 15 дугаар дээд хэмжээний уулзалт /ЕАТОР/-ыг Нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд, Ерөнхийлөгчийн тамгын газар, Улсын Их Хурал, Засгийн газар, Яам, Агентлагийн удирдлагууд болон БНХАУ, БНСУ, Малайз, Индонез, Тайланд, Вьетнам, Япон, Сингапур, Филиппин, Индонез, Австрали, Мянмар, Лаос, Канбожи Улсын Өрсөлдөөний байгууллагуудын дарга, удирдлагууд, /ADBI/ Азийн хөгжлийн банкны удирдлагуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцоно.

“ЕАТОР-Зүүн Азийн өрсөлдөөний байгууллагуудын дээд хэмжээний уулзалт”-аар өрсөлдөөнийг зохицуулах чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын төлөөлөгчид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хил дамнасан эсвэл олон улсын хэмжээн дэх Шударга бус өрсөлдөөнийг зохицуулах талаар харилцан ойлголцлоо улам бэхжүүлэн өрсөлдөөний тухай хууль, ирээдүйн стратегийг хэрэгжүүлэхэд тулгарч буй сорилтуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, гарц шийдлийг тодорхойлох чухал ач холбогдолтой уулзалт болно.

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

A

Жижиг

A

Дунд

A

Том

Залуус хөнгөлөлттэй үнээр сувилалд эмчлүүлэх эрхтэй

Сувилуулах шаардлагатай гэсэн эмчийн бичиг хөнгөлөлт эдлэх гол “тасалбар” юм

 0 сэтгэгдэл


Урин дулаан зун цаг ирэхтэй зэрэгцэн амралт, сувиллын газрыг зорих урсгал нэмэгддэг. Гэхдээ сувиллын газраар зөвхөн ахмадууд л үйлчлүүлэх эрхтэй гэсэн нийтлэг ойлголт бий. Тэгвэл эрүүл мэндийн даатгалаа ашиглан нас харгалзахгүйгээр хөнгөлөлттэй үнээр рашаан сувилалд явах эрхтэй гэдгийг та мэдэх үү.

Эрүүл мэндийн даатгал төлдөг л бол хэдэн ч удаа сувилалд хэвтэн эмчлүүлэх боломжтой болохыг албаны хүмүүс хэлж байна. “Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлсөн даатгуулагч ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг хариуцдаг тусламж, үйлчилгээг өөрийн эрэлт хэрэгцээнд тохируулан авах боломжтой. Тиймээс рашаан сувиллын тусламж үйлчилгээг авах эрх нь бүрэн нээлттэй. Зөвхөн ахмад настнууд амарна гэсэн журам байхгүй учраас нас харгалзахгүй гэсэн үг. Тухайн даатгуулагч даатгалын гэрээтэй эмнэлэг, рашаан сувилал, эмийн сангаар дамжуулан үйлчилгээ авах боломж нь нээлттэй” хэмээн ЭМДЕГ-ын Бодлогын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн Н.Хишигсүрэн ярилаа.

Сувилалд хэвтэн эмчлүүлэх гэж буй хүмүүс нэн түрүүнд аймаг, дүүргийнхээ нэгдсэн эмнэлгийн эмчээр “сувилуулах шаардлагатай” гэсэн илгээх бичиг авах ёстой. “Эмчийн заалтаар зайлшгүй шаардлагатай гэсэн тохиолдолд л хэвтэн эмчлүүлнэ” гэдгийг ахлах мэргэжилтэн Н.Хишигсүрэн онцлон сануулж байлаа. Учир нь рашаан сувилалд сувилуулах боломжгүй эсрэг заалт гэж байдаг аж. Тодруулбал, хэт өндөр даралттай, амьсгал болон зүрх судасны дутагдалтай юм уу, хавдартай хүмүүс сувилалд явж болохгүй. Иймээс заавал мэргэжлийн эмчид үзүүлээд “Рашаан сувилалд явж болно” гэсэн тодорхойлолт авах нь хөнгөлөлт эдлэх гол “тасалбар” болох юм. 

ЭМД-ЫН САНГААС 110 МЯНГАН ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛДЭГ

Нэг сувиллын ор хоногийн төлбөр 40 мянган төгрөг байлаа гэж бодоход, долоо хоног сувилуулахад 280 мянган төгрөг төлөх шаардлагатай болно.

Өнгөрсөн онд сувилалд эмчлүүлсэн хүмүүст 10.1 тэрбум төгрөг зарцуулжээ

Үүнээс 110 мянган төгрөгийг нь хасуулаад үлдсэн мөнгөө өөрөө төлөх зарчмаар энэхүү хөнгөлөлт хэрэгждэг. Тиймээс сувиллуудын ор хоногийн төлбөрөөс хамааран даатгуулагчийн төлөх мөнгө харилцан адилгүй байх юм.

Өнгөрсөн онд 91,400 хүн рашаан сувилалд хэвтэн эмчлүүлсэн бөгөөд ЭМД-ын сангаас 10.1 тэрбум төгрөг зарцуулжээ. Хөнгөлөлт эдэлсэн хүмүүсийн нас, хүйсийн талаарх дэлгэрэнгүй тайланг нарийвчлан гаргадаггүй болохыг албаны хүмүүс хэлж байсан юм. Харин энэ оны эхний хагас жилийн байдлаар 3.8 тэрбум төгрөг зарцуулаад байгаа аж.

Даатгуулагч эрүүл мэндийн даатгалаа сар бүр төлснөөр ЭМД-ын сангаас 16 төрлийн үйлчилгээ авах эрх үүснэ. Үүн дотор рашаан сувиллын үйлчилгээ багтдаг. Энэхүү үйлчилгээ нь дотроо 10 гаруй төрөл байдаг аж. Тодруулбал, рашаан уух, рашаанд орох, шавших, шавар эмчилгээ, халуун шавар, хүйтэн шавар элсний үйлчилгээ, бариа засал, сэргээн засах, зүү төөнүүр, уламжлалт гэх мэт эмчилгээ бий. Зөвхөн рашаан сувилалд амарч байгаа иргэдийн хувьд эдгээр үйлчилгээг авах боломжтой. Тиймээс иргэд эрүүл мэндийн байдлаасаа шалтгаалж сэргээн засах сувилалд хэвтэх, рашаан эмчилгээ хийлгэх, эсвэл шавар эмчилгээнд явах эсэхээ сонгон үйлчлүүлэх юм байна.

Одоогийн байдлаар улсын хэмжээнд нийт 50 гаруй рашаан сувиллын газар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулан ажиллаж байна. Үүний 29 нь Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр газрын нэр, хаяг болон холбоо барих утасны дугаарыг ЭМДЕГ-ын цахим сайтаас (www.emd.gov.mn) авах боломжтой.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Бодлогогүй боловсролын завхрал

Боловсролын салбар үе үеийн сайдуудын тоглоомын талбар байх ёсгүй

 0 сэтгэгдэл


Танил маань “Надад үр хүүхдэдээ өвлүүлээд байх үнэтэй эд хэрэглэл алга. Тэгэхээр боловсролд нь л илүү анхааръя. Багаас нь сайн багшийн ангид оруулж, толгойд нь жаахан мэдлэг хийгээд өгчихвөл алсдаа сурсан зүйлээрээ хоолоо олж иднэ биз” гэж ярилаа. Түүн шиг эцэг, эх олон. Гэхдээ манай боловсролын чанар эцэг, эхчүүдийн хүсэж буй шиг сайн байгаа эсэх нь эргэлзээтэй. Уг нь суурь боловсролыг нь чанартайхан тавьчихвал хүүхэд аяндаа сурдаг гэж насаараа багшилсан эмэгтэй ярьж суухыг сонсож билээ. Гэтэл сүүлийн үед туршиж буй олон сургалтын хөтөлбөрт эцэг, эхчүүд толгой нь эргэчихээд байгаа. Олон хөтөлбөр туршсанаас болоод боловсролын чанар илт дордсон талаар хэн хүнгүй ярих боллоо. Боловсролын салбарыг толгойлсон сайд бүр дур зоргоороо загнаж, янз бүрийн хөтөлбөр гаргаж туршсаар байтал хэн ч биш хярамцаг болж гүйцлээ.

Ё.Отгонбаяр сайд байхдаа санаачилж хэрэгжүүлэхээр зорьсон “Кембрижийн хөтөлбөр” хөрсөндөө огт буугаагүй. Багш нар хүртэл энэ хөтөлбөрийг монгол хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирдоггүй гэж шүүмжилдэг.

Зарим нэг багшийн хэлж буй нь Барууны боловсролын систем Монголд тийм ч сайн тохирохгүй. Манай монгол хүүхдүүдэд ёс суртахууны хүмүүжил хэрэгтэй. Барууны боловсролын хэв маяг бол нэлээд задгай, нээлттэй, хүүхдийн эрх ашгийг дээдэлсэн байдаг. Тэгэхээр “Кембриж” бол төдийлэн нийцэхгүй хөтөлбөр шиг санагддаг хэмээсэн юм.

БАГА АНГИЙНХНЫ ЦҮНХТЭЙ АЧАА ХӨНГӨРӨХ ҮҮ

Одоо явж буй “Цөм” хөтөлбөр хэдийгээр агуулга сайтай болсон ч сурах бичгийн алдаа мадаг нь тамтаггүй гээд өөлөх зүйл гарч ирсээр. Түүхийн хичээлийн агуулга ч бүр түүхийрч гүйцэж. Элсэлтийн шалгалтад түүхийн хичээлээр шалгалт өгсөн хүүхдүүдийн нь бүдэрсэн тухай хэн хүнгүй ярьж байна.

“Цөм” хөтөлбөр хэрэгжүүлснээр бага ангийнхан цүнхээ даахаа байсан. Багаас нь даахааргүй хүнд ачаа үүрүүлж, мэдлэгээр бөмбөгдсөөр байтал мэдрэлийн ядаргаанд орж дууслаа. Хичээл дээрээ баахан юм судлахын хажуугаар элдэв төрлийн дугуйлан, сонгон гээд насандаа ахадсан ачаа үүрээд зарим хүүхэд залхдаг бололтой юм билээ. Нэг ёсондоо энэ хөтөлбөр бол  Японы боловсролын системээс хуулбарласан хэлбэр. Багш нар “Цөм” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсний дараа ямар сурах бичиг хэрэглэхээ мэдэхгүй хэсэгтээ л мунгинасан. Хөтөлбөртөө тохирсон агуулгатай сурах бичгээ боловсруулж, хэвлэж амжаагүй болохоор бид хүүхдүүдийнхээ өмнө юугаа барих вэ гээд зогсож байсан багштай ч таарч л байлаа. Анхнаасаа нарийн системтэй бодлого төлөвлөлтгүй, ямар эрдэм чадалтай, хүмүүжилтэй хүмүүс бэлтгэх вэ гэдэг зорилт, зорилгоо салбарын яам нь тодорхойлдоггүйн гайгаар хүүхдүүд хэлмэгдэж байна.

Ер нь манай боловсролын систем яг хаашаа яваад байгааг ойлгох юм алга. Хэтэрхий мэдлэгээр бөмбөгдөөд суурь хүмүүжил, ёс суртахуунд нь анхаарахаа байлаа. Эцэг, эх бидний ойлголтоор сургууль бол хүүхдийг бүрэн төлөвшүүлэх үүрэгтэй газар байх учиртай. Боловсролын салбарын бодлого ийм маягаар явбал алс хэтдээ хүмүүжлийн доголдолтой нөхдүүдээр энэ улс дүүрч мэдэх нөхцөл байдал үүссэн. Гэхдээ энэ байдлыг одоогийн сайд Ё.Баатарбилэг засаж залруулахаа амлаад байгаа.

• Хэтэрхий мэдлэгээр бөмбөгдөөд суурь хүмүүжил, ёс суртахуунд нь анхаарахаа байлаа. 

• Боловсролын чанарын үнэлгээгээр Өмнөд Солонгос эхний байрт араас нь Финланд, гуравдугаарт Норвеги, дөрөвт ОХУ оржээ. 

• Сайн гэсэн хөтөлбөр бүрийг хуулсаар байтал эцэстээ боловсролын ямар системтэй улс вэ гэдэг нь ойлгомжгүй боллоо.

“Цөм” хөтөлбөрийг цөмлөнө гэж сайд болмогцоо ам алдсан нь олны анхаарлыг татсан. Энэ амлалт хэрэгжиж, багачуудын ачаа бага зэрэг хөнгөрвөл ядаж нурууны өвчин тусахгүй байх. Нэг жил хүрэхтэй үгүйтэй хугацаа үлдсэн энэ үед олон ажил хийж, алдаа дутагдлыг нь засаж залруулна гэдэг амаргүй. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолно гэгч болж бүр дордуулчихаж мэдэх юм. Багш нартай уулзахаар Финландын боловсрол чанараараа дэлхийд дээгүүрт ордог. Энэ улсын боловсролыг нутагшуулж болох эсэх талаар судалж байгааг хэлж байсан. Сайн гэсэн хөтөлбөр бүрийг хуулсаар байтал эцэстээ боловсролын ямар системтэй улс вэ гэдэг нь ойлгомжгүй болж байгаа юм.

200 ОРНООС 81 ДҮГЭЭРТ БИЧИГДСЭН БОЛОВСРОЛЫН ЧАНАР

Элсэлтийн шалгалтад хамгийн бага оноо авсан нөхдүүдийг багшийн сургуульд оруулчихдаг байсан нь олон нийтийн шүүмжлэлд өртөж, арай дөнгүүр хүмүүсийг элсүүлэхээр болсон нь саяхны шийдвэр. Тэгэхээр өнөө бага оноотой багшийн сургуульд элсэж байсан нөхдүүд одоо бидний хүүхдэд хичээл зааж байгаа гэсэн үг. Багшийн эрдэм шавиас гэж зүгээр ч нэг хэлсэн үг биш. Багш нь мундаг байж л хүүхэд нь мэдлэг чадвартай иргэн болох ёстой. Гэтэл зарим багшийн мэдлэг, заах арга барил дулимагхан байдаг нь нууц биш.

Өнгөрсөн сард улс даяар элсэлтийн шалгалт болж, эцсийн дүн гарлаа. Энэ эцсийн дүнгээс сургалтын чанар, чансаа ямар байгаа нь харагддаг. Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн хэлэхдээ “Сурлагын чанар өнгөрсөн жилийн жишиг л байлаа” гэж бөөрөнхийлөв. Тэгэхээр яг тодорхой үнэлэлт өгч чадахгүй байна. Дэлхий нийтэд манай боловсролын чанарын үнэлгээ ямар түвшинд байдаг талаар интернэт ухаж сонирхлоо. Олон улсын боловсролын мэдээллийн сангийн судалгаагаар 200 орноос 81 дүгээрт бичигджээ. Эхний байрт Өмнөд Солонгос, араас нь Финланд, гуравдугаарт Норвеги, дөрөвт ОХУ оржээ. Монголчуудын хуучин нийгмийн үед мөрдөж байсан хойд хөршийн боловсролын систем тэгэхээр муугүй байсан нь энэхүү жагсаалтаас харагдаж байна.

Мэдээж цаг үеэ дагаад сургалтын хөтөлбөр, агуулгаа өөрчилсөн ч нэг дор ааг амьсгаагүй зүтгээгүйг орос сургуульд нэлээд хэдэн жил багшилсан эмэгтэй ярьж байв. Хойд хөрш 11 жилийн боловсролын систем рүү алгуур шилжсэн хэдий ч тухайн хүүхдэд хүнд ачаа үүрүүлдэггүй аж. Багш хүүхэд бүртэй тулж ажилладаг бөгөөд чөлөөтэй, нээлттэй болгоход их анхаардаг юм байна. Анги бүрийн хүүхдийн тоог тогтоосон стандартаар нь мөрддөг агаад хүн болгож төлөвшүүлэх ёстой гэсэн хатуу зарчим баримталдаг. Орос школыг манай боловсрол яаж гүйцэх юм бэ хэмээн сэтгэл дундуур өгүүлсэн. Манайх шиг нэг ангид 50 хүүхэд чихэж суулгачихаад багш нь самбарын өмнө бархираад байж байдаггүй л юм байна.

ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГО БА БҮХЭЛ МАХ

Манай боловсролын салбарт долоо хэмжиж нэг огтолсон 20, 30 жилийн системтэй бодлого хэрэгтэй байна. Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого гэж 2014-2024 он хүртэл хэрэгжүүлэх ёстой баримт бичиг бий. Энэ баримт бичигт багш ямар байх вэ, сургалтын агуулга нь ямар байх, анги дүүргэлт, хүүхдийн суурь хүмүүжлийг хэрхэн төлөвшүүлэх талаар ерөнхийд нь ганц өгүүлбэрээр тусгачихсан болохоос стандарт, нарийн шалгуур үзүүлэлтийн талаар тодорхой оруулж өгсөнгүй. Тухайлбал, тус баримт бичгийн 1.2-т Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын зорилго нь иргэн бүр авьяас, чадвараа хөгжүүлэн, үр бүтээлтэй хөдөлмөрлөж, аз жаргалтай амьдрахад шаардагдах мэдлэг, чадвар, чадамжийг эзэмшин, ёс суртахуун, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахиж, үндэсний нийтлэг үнэт зүйлсийг өвлөн насан туршдаа суралцах боломжоор хангах зорилго бүхий үйл ажиллагааны цогц тогтолцоо бүрдүүлэхэд оршино гэсэн байгаа юм.

Ийм хүмүүжилтэй, ийм бие хүн болгож төлөвшүүлэх ёстой гэсэн нарийн тодорхой заалт байхгүй. Нэг ёсондоо бүхэл мах шиг л юм болж дээ. Эмх цэгцтэй, алсын хараатай хүнийг хүн болгож төлөвшүүлэх бодлого энэ салбарт үгүйлэгдэж байна. Бас багш бэлтгэхдээ тодорхой бодлого барих хэрэгтэй болов уу.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Яг түүн шиг” шоуны эхлэл, бас төгсгөлд нь байгаадаа таатай байна

Өөртөө итгэлтэй гэхээс илүүтэй бүтээх гэж буй дүрээ сайн гаргахыг маш их хичээж байна

 0 сэтгэгдэл


Universe Best songs 2010 тэмцээнээс од болон гялалзсан дуучин П.Баярцэнгэл яг одоо Holly dolly-г дуулсаар тайзан дээр гэрэлтэж байна. Хоолой нь сөөсөн байгаа нь “Яг түүн шиг” шоуны финалын бэлтгэлтэй холбоотой болов уу. Тэрбээр сайн жүжигчин, өвөрмөц дуучин гэдгийг бид андахгүй. Мөн Монголын ард түмнийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж чаддаг “Яг түүн шиг” шоуны анхны шилдэг оролцогч билээ. Ингээд жүжигчин, дуучин П.Баярцэнгэлтэй ярилцсанаа хүргэе.

-“Яг түүн шиг” шоуны тайзнаа эргэн ирсэн сэтгэгдэл ямар байна вэ?

-Сэтгэгдэл маш сайхан байна. Энэ шоуны хамгийн анхны дугаарт оролцож байсан бол одоо сүүлийнхэнд нь мөн оролцож байна. Эхлэл бас төгсгөлд нь байгаадаа таатай байна. Энэ бол нэг үеийн уран бүтээлчид оролцож түүх бүтээж буй шоу Хөгжилтэй, дурсамжтай түүхийн нэг хэсэг болсондоо үнэхээр их баярлаж байна.

-Тэгвэл хувирахад хамгийн хэцүү дүр аль нь байв?

-Ер нь бүх л дүр амаргүй байсан. Анхны шоунд сүүлийн шатны Бруно Марсын ялагч болдог үзүүлбэр маш хэцүү байсан. Харин энэ шоунд Лэди Гагаг дуурайх амаргүй байлаа. Бүжгийн бэлтгэлээс авахуулаад дуулалт гэх мэт зүйлс хүндрэлтэй байсан.

-Та Бруно Марсыг дуурайгаад ялагч болсон. Мөн энэ улиралд Лэди Гагагийн Аlways remember us this way дуугаар түрүүлсэн гэхээр хэцүү хүнд байх тусам танд ээлтэй байдаг юм биш үү?

-Бэлтгэл их хийж, маш их хичээсэн болохоор тэр юм болов уу (инээв).

-Энэ жилийн шоу анхныхаас юугаараа ялгаатай байна вэ?

-Энэ жилийн шоунд өмнө нь 10 дугаарыг давж ялагч болсон шилдгүүд оролцож байгаагаараа  онцлог. Туршлагатай хүмүүс байгаа болохоор илүү үзүүштэй, өрсөлдөөнтэй, чанартай сайхан болсон болов уу. Мөн Боловсрол телевиз шоунд анхаарлаа сайн хандуулсан байна лээ. Тайз засал, цаашлаад хамт ажиллаж буй багийн хувьд ч тэр бүх зүйл нь илүү шинэлэг болсон байна.

-Бруно Марсаар гайхшируулж байсан үе саяхан санагдаж байна. Финалын бэлтгэл хангагдсан уу. Өөртөө хэр итгэлтэй байна вэ?

-Бэлтгэл дажгүй ээ. Финалын бэлтгэлээс болоод хоолой сөөчихөөд явж байна даа. Өөртөө итгэлтэй гэхээс илүүтэй бүтээх гэж буй дүрээ сайн гаргахыг маш их хичээж байна. Үзэгчдэдээ финал дээр гэнэтийн бэлэг барина аа.

-Шоугаа дуусгаад уран бүтээлдээ орох уу?

-Одоо ч гэсэн уран бүтээлдээ анхаарал хандуулж байна.

-Ёодлоо хэзээ ч орхихгүй гэж байсан. Ёодлоороо уран бүтээл хийж байгаа юу?

-Одоогоор барьж авсан уран бүтээл алга. Ерөнхийдөө ярьж тохирсон зүйлүүд бий. Хийж дуусгаад л мэдэгдэнэ дээ.

-Та ёодлыг цаашид хөгжүүлэхийн тулд багшлах бодол бий юу?

-Ёодлын фестивальд явахад 10 мянга орчим хүн оролцсон. Дийлэнх нь европчууд байна лээ. Ер нь Азид ёодлын хөгжил муу. Тэр дундаа Монголд энэ төрөл огт хөгжөөгүй. Тиймээс суръя гээд ирсэн хүнийг түлхэхгүй ээ. Гэхдээ онол талаас нь зааж чадахгүй байх. Учир нь би өөрөө youtube багштай, сонсголоороо сурсан хүн шүү дээ.

-Цөөнгүй кинонд тоглоод амжсаныг мэдэх юм. Уран сайхны кинонд хэчнээн дүр бүтээгээд байна вэ. Өөртэйгөө төстэй дүрд төглож байв уу?

-Яг тоолж байгаагүй юм байна. Анх 2011 онд “Аз жаргалын эрэлд” гэдэг кинонд тоглож байлаа. Надад ихэвчлэн хөгжилтэй талын дүр оногддог юм. Энэ нь амьдрал дээр зохиолынхоо баатартай төстэй шинж юм уу даа. Ерөнхийдөө найруулагч хүн зохиолоо уншчихаад баатартай нь тохирох хүнийг сонгодог учраас бүх дүрд төстэй тал бий.

-Та дуулах авьяасаа аав, ээжээсээ өвлөж авсан гэж ярилцлагадаа өгүүлж байсан. Харин таны авьяасыг хүүхдүүд тань өвлөж авсан уу?

-Одоогоор айхтар мэдэгдсэн юм алга. Гэхдээ дуу хуурт их дуртай. Саяхан манай хоёр морин хуур нэхсээр байгаад авахуулсан. Хоёулаа бие биедээ таарсан жижиг морин хууртай болсон. Хэрэв өөрсдөө сонирхоод байвал цаашдаа хөгжүүлнэ гэж бодож байгаа.

-Та хүүхдүүддээ ёодол зааж өгөх гэж оролдож байв уу. Ер нь гэр бүлдээ хэр их цаг зарцуулдаг вэ?

-Оролдож байгаагүй. Гэр бүлдээ бол цаг сайн зарцуулдаг. Шоуны бэлтгэл гээд зав муутай байгаа ч гэр бүлдээ зарцуулах цагаасаа хумслахгүй ээ.

-Хэзээ ч санаанаас гардаггүй, сэтгэлд хоногшсон бага насны дурсамжаасаа хуваалцвал?

-Манай аав Пүрэвсүрэн гэж соёлын тэргүүний ажилтан, дуучин хүн байдаг юм. Сүхбаатарын соёлын ордон гэж байхад гавьяат Ш.Чимидцэеэ гуай аавтай хамт ажилладаг байлаа. Би таван настай байсан юм. Тэр үед манай жаазанд Ш.Чимэдцээеэ гуайн аавтай авахуулсан залуугийн зураг нь байдаг байв. Нэг өдөр би тэр зургийг ширтээд их уджээ. Аав анзаарчихаад “Миний хүү юу харсан юм” гэсэн чинь “Гүй ээ мөн сайхан хүүхэн юм аа” гэсэн гэдэг. Аав ээж хоёр одоо хүртэл үүнийг ярьж шоолдог юм.

• Шоуны бэлтгэл гээд зав муутай байгаа ч гэр бүлдээ зарцуулах цагаасаа хумслахгүй ээ. 

• Энэ удаагийн шоунд Лэди Гагаг дуурайх хамгийн хэцүү байлаа. 

• Нэгэн үеийн уран бүтээлчид оролцож түүх бүтээж буй шоу. Хөгжилтэй, дурсамжтай түүхийн нэг хэсэг болсондоо үнэхээр их баярлаж байна.

-Та багадаа ямар хүүхэд байв. Ямар хичээлд дуртай байсан бэ?

-Мэдээ орсон цагаасаа л дуу хуур, урлаг, уран сайхан, хөгжимд өлгийдүүлсэн. Тиймдээ ч хичээл номонд нэг их дуртай биш. Зохиолын дуу сонсох дуртай. Тэр дундаа дуучин Ч.Бат-Эрдэнэ, С.Жавхлангийн дууг их сонсдог хүүхэд байлаа. Урлагийг хайрладаг, хүндэлдэг байсан, одоо ч хэвээрээ.

-Та урлагт ийм их хайртай мөртлөө яагаад дуучин биш жүжигчний мэргэжлийг сонгосон бэ?

-Одоо би хоёуланг нь хослуулж байна. Энэ л миний харсан ирээдүй юм даа. Дуучин хүмүүс ихэвчлэн дуулна, бүжиглэнэ, жүжиглэнэ олон талын авьяастай байдаг. Тиймээс тал бүрийн авьяасаа хөгжүүлэх хэрэгтэй юм байна, жүжигчний мэргэжил эзэмших хэрэгтэй гэдэг үүднээс 2007 онд Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуульд элсэж, 2011 онд төгссөн. Үндсэн мэргэжлээсээ гадна дуулалтаа хөгжүүлж эхэлсэн. Залуу хүмүүс өөрийгөө хөгжүүлж л байх хэрэгтэй.

-Хамгийн анхны бүтээлээ хийчихээд өөрөө үзэхэд ямар сэтгэгдэл төрж байв?

-Сайн санахгүй байна. Гэхдээ их л ичиж байсан болов уу. Яагаад гэвэл тэр үед мөнгө багатай болохоор энд тэндээс гуйж түүж байгаад чанар муутай бүтээл хийж билээ. Үүнээс илүү гоё хийсэн бол гэсэн бодол төрж байсан шүү.

-Танд үлгэр дуурайл авдаг урлагийн хүн бий юу?

-Дэлхийн болоод Монголын үе үеийн шилдэг дуучид, жүжигчдийг хүндлэлгүй яахав. Тэр дундаа Жеки Чаныг хамгийн ихээр хүндэлдэг. Тэр хүн бол агуу жүжигчин, мөн мундаг тамирчин. Зургаан хэлээр ярьдаг, муугүй мэдлэгтэй хүн. Хамгийн гол нь хөдөлмөрч, тэвчээртэй. Олон удаа ясаа хугалж байсан мөртлөө хэзээ ч шантарч кино урлагийг орхиогүй. Түүний авьяас, хөдөлмөр, тэвчээрийг хүндлэхгүй байхын аргагүй.