A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/219/

Сайн засаглал хямд санхүүжилт "даллана"

Дотоодын 15 орчим компани 32 тэрбум төгрөгийн бонд босгожээ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/219/


Хөрөнгийн зах зээлд үгүйлэгдэж байсан компанийн бонд эргэн ирлээ. 2000 оны эхээр эрчимжиж байсан компанийн бонд сүүлийн хэдэн жил татарсан. Харин өнгөрсөн оноос үндэсний хэд хэдэн компани дотоодод өрийн бичиг гаргаж, санхүүжилт татлаа. Зөвхөн 2017 онд дотоодын аж ахуйн нэгжүүд Монголын хөрөнгийн зах зээлээс нийт 8.8 тэрбум төгрөгийн бонд босгожээ. Харин энэ он гарсаар Монголын хөрөнгийн биржид компанийн бондын хүсэлт ирээгүй байна. “Гэхдээ компаниуд бонд гаргахаар зэхэж байгааг үгүйсгэхгүй” гэж Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай хэллээ. Харин гадаад зах зээлээс Монголын хувийн хэвшлийн төлөөлөл Худалдаа хөгжлийн банк 2015 оны тавдугаар сард 500 сая ам.долларын санхүүжилт татсан. Бондын эргэн төлөлтөө хугацаанд нь амжилттай хийж байгаа билээ. Үүнээс гадна Монголын тэргүүлэх компанийн нэг “Монголын алт компани” (МАК) энэ оны эхээр бондын танилцуулгаа олон улсад хийж эхэлсэн юм. Гэвч МАК-ийн шинэ бонд тодорхой шалтгааны улмаас хойшилсон гэдгийг холбогдох эх сурвалж мэдээлж байв.


Тэгвэл өнгөрсөн долоо хоногт олон улсын үнэлгээний “Fitch” агентлаг МАК-ийн зээлжих зэрэглэлийг “ССС+” түвшинд баталгаажуулсан байна. Тус агентлаг МАК-ийн зээлжих зэрэглэлийн урт хугацааны төлөвийг эерэгээр үнэлсэн бөгөөд үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын зардлаа танажчадна гэж дүгнэжээ. Ингэснээр тус компанийн үнэт цаас гаргах үйл явц хурдсах төлөвтэй байна. МАК ойролцоогоор 200 сая ам.доллараар хэмжигдэх бондын хөрөнгөөрөө банкуудаас авсан зээлээ эргэн төлөхөөр төлөвлөж буйгаа өмнө нь мэдээлж байсан. Эх сурвалжийн мэдээлж буй тус компанийн ам.доллараар нэрлэсэн шинэ бонд таван жилийн хугацаатай байх аж. Компанийн бонд нь бага зардлаар санхүүжилт татах, хөрөнгө оруулагчид найдвартай өгөөж хүртээхээс гадна санхүүгийн болон үйл ажиллагааны ил тод байдлыг бий болгодог. Компанийн бонд нь хувьцаатай харьцуулахад өгөөж доогуур ч эрсдэл багатай. Одоогоор аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт, эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг дунджаар 19-25 хувийн хүүтэй татаж байгаа. Харин хөрөнгийн зах зээлд компанийн бонд гаргаснаар бусад санхүүжилтийн өртгөөс 2-6 хувийн хүү хэмнэх боломжтой.

Тухайлбал, өнгөрсөн онд “Сүү” хувьцаат компанийн босгосон зургаан тэрбум төгрөгийн бонд 12 сарын хугацаатай, жилийн 17.5 хувийн хүүтэй байв. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд дунджаар жилийн 17-19 хувийн хүүтэй компанийн бонд гаргах боломжтой гэсэн тооцоог шинжээчид гаргажээ. Тиймээс аж ахуйн нэгжүүд санхүүжилтийн өртөг, барьцаа хөрөнгө зэрэг зээлийн шалгуураас зугтан дотоод болон гадаад зах зээлээс санхүүжилт татах хандлагатай байна. Гэхдээ ийн хямд санхүүжилт татахад компанийн засаглал чухал болохыг Санхүүгийн зохицуулах хорооноос сануулж байна. Үйл ажиллагааны цар хүрээ, санхүүгийн хүчин чадлаараа дотоод төдийгүй гадаад зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн компаниуд өнгөрсөн 30 орчим жилд Монголд бий болсон. Гэсэн ч орчин цагийн бизнесийн тулах цэг болох компанийн засаглалыг нь сайжруулах шаардлага тулгарсаар байгааг салбарынхан хэлж байна. Учир нь 2011 онд шинэчилсэн Компанийн тухай хуулиар Хязгаарлагдмал хариуцлагатай компани хөрөнгийн зах зээлд нээлттэй бонд гарган олон нийтээс хөрөнгө оруулалт татахыг хориглосон. Тиймээс компанийн засаглал, санхүү, үйл ажиллагааны ил байдал нь Монголын хөрөнгийн биржийн шаардлагад нийцсэн компаниудад бонд босгох боломж нээлттэй байгаа юм. Үүний нэг жишээ нь “Сүү” компани.

• Он гарсаар Монголын хөрөнгийн биржид компанийн бондын хүсэлт ирээгүй байна.
• Компанийн бонд нь хувьцаатай харьцуулахад өгөөж доогуур ч эрсдэл багатай.
• Компанийн бонд гаргаснаар бусад санхүүжилтийн өртгөөс 2-6 хувийн хүү хэмнэх боломжтой.

Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекст багтдаг тус компани 2017 оны зургадугаар сард 10 хүрэхгүй хоногийн дотор зургаан тэрбум төгрөгийн компанийн бонд босгож байв. Тус бондын андеррайтераар ажилласан “Голомт капитал” үнэт цаасны компанийн мэдээлснээр “Сүү” бонд эрэлт өндөр байсан бөгөөд саналыг нь 13 хувиар давсан захиалга хөрөнгө оруулагчдаас иржээ. 2001 оноос эхлэн дотоодын компаниуд Монголын хөрөнгийн зах зээлд бонд гарган хөрөнгө оруулалт татаж эхэлсэн байдаг. Компанийн анхны бондыг “Барилга корпораци” хувьцаат компани гаргаж байжээ. Үүнээс хойш дотоодын 15 орчим компани 32 тэрбум төгрөгөөр хэмжигдэх бонд босгосон байна. Нөгөө талд, дотоодын бондыг шингээх орон зай хөрөнгийн зах зээлд үүсээд буй. Учир нь бондын зах зээлийн гол тоглогч болох Засгийн газар сүүлийн хэдэн сар дотоодод бонд гаргахгүй байгаа.

Тэгвэл энэ орон зайг нөхөх боломж байсаар байгаа аж. Өнгөрсөн онд гэхэд дотоодын хөрөнгийн зах зээлийн нийт арилжааны 91 хувийг Засгийн газрын болон компанийн бонд бүрдүүлсэн бөгөөд үнийн дүн нь 782 тэрбум гаруй төгрөгөөр хэмжигдсэн юм. Өөрөөр хэлбэл, компанийн засаглалаа сайжруулж, бизнесийн зарчмыг дээшлүүлж чадвал хөрөнгийн зах зээлээс хямд өртгөөр санхүүжилт татах боломж байсаар байгаа аж. Түүнчлэн дотоодод босгосон бондын өгөөжийг монголчууд хүртдэг. 2015 онд гэхэд “Эрчим инженеринг” компани 500 сая төгрөгийн “Эрчим” бонд босгосон. 18.5 хувийн хүүтэй бондын эргэн төлөлтийг тус компани зургаан сарын дараа хийсэн бөгөөд өгөөжийг нь 100 гаруй монгол хүн хүртэж байсан юм.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Шүүхийн маргаан Монголын бондуудыг унагав

Бондуудын ханш энэ оны хоёрдугаар сараас савлаж эхэлсэн

 0 сэтгэгдэл

“Монголын алт корпораци”- ийн (МАК) олон улсын зах зээлд гаргах гэж буй бондын ханш ойрын өдрүүдэд тодорхой болж магадгүй гэж эх сурвалж мэдээллээ. МАК-ийн ам.доллараар нэрлэсэн шинэ бонд таван жилийн хугацаатай. Эхний хоёр жилд нь буцаан худалдаж авахгүй байх нөхцөлтэйг ойрын эх сурвалж онцолж байгаа. Энэ долоо хоногийн эхээр олон улсын үнэлгээний Fitch агентлаг “Монголын алт корпораци”-ийн зээлжих зэрэглэлийг “ССС+” түвшинд баталгаажуулсан. Олон улсын зах зээлд тус корпорацийн бондын хэлцэл амжилттай болж буй учраас ийн баталгаажуулснаа Fitch агентлаг мэдэгдэж байсан юм.

Мөн МАК-ийн бондын үндсэн нөхцөлд Нарийнсухайт ордын нүүрсний орлого болон тусгай зөвшөөрлийг нэмэлт барьцаа хөрөнгөөр тусгасныг тус агентлаг онцолж байв. МАК ойролцоогоор 200 сая ам.долларын бонд босгож, дотоодын банкуудаас авсан зээлээ эргэн төлөхөөр төлөвлөж буйгаа өмнө нь мэдээлсэн. Ийнхүү Монголоор овоглосон шинэ бондын сураг тодорч буйтай зэрэгцээд манай Засгийн газрын бондуудын ханш олон улсад сулраад байна. Өнгөрсөн оныг тогтвортой үдсэн бондуудын ханш энэ оны хоёрдугаар сараас савлаж эхэлсэн. Энэ долоо хоногийн мягмар гарагийн байдлаар манай улсын “отгон” үнэт цаас болох “Гэрэгэ” бондын ханш 97.870 нэгжид хүрээд байна. Энэ нь оны эхэнд 101 нэгжийг давж байсантай харьцуулахад мэдэгдэхүйц суларсан үзүүлэлт юм. Ийм уналт “Хуралдай” болон 10 жилийн хугацаатай “Чингис” бондын ханшид гарсан. Тухайлбал, өнгөрсөн оны гуравдугаар сард гаргаж байсан “Хуралдай” бондын ханш мягмар гарагт оны эхнээс дөрвөн суурь нэгжээр буурч, 111 нэгж боллоо. Монгол Улсын Засгийн газрын бондуудын үнэ хоёрдугаар сараас буурч эхэлснийг ханшийн муруйгаас харж болно. Тэгвэл мэдэгдэхүйц суларч эхэлсэн энэ үе нь “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбогдсон Арбитрын шүүхийн шийдвэр эргэн сөхөгдсөн хугацаатай давхцаж буй. Хэдийгээр Арбитрын шүүхийн эцсийн шийдвэр нь өнгөрсөн оны тавдугаар сард гарсан ч 2018 оны эхэн хүртэл энэ тухай тодорхой хүрээнийхэн мэдэж байв. Харин өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн хөрөнгийг битүүмжлэх асуудал сөхөгдсөнөөр энэ хэрэг Монголын нийгмийг доргиосон юм. 2009-2011 оны хооронд “Жаст” групп уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн санхүүгийн баталгааг хуурамчаар үйлдэн, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсныг Арбитрын шүүх тогтоосон. Тус шүүхээс “Эрдэнэт үйлдвэр”-ийг ”Стандарт банкинд 50.9 сая ам.долларын үндсэн төлбөр болон 44.3 сая ам.долларын торгууль, хүү төлүүлэхээр болсон.

Том компаниудын шүүхийн маргаан хөрөнгө оруулагчдыг түгшээжээ

Мөн үүний хүүгийн төлбөр нь сард дунджаар 870-900 мянган ам.доллараар нэмэгдэж байгаа бөгөөд 2018 оны дөрөвдүгээр сарын 17-ны байдлаар 104 орчим сая ам.долларт хүрээд байгаа юм. Монголын ард түмний өмчийг ийнхүү хууль бусаар ашигласан энэ хэрэг олон улс дахь манай улсын нэр хүндийг унагаад зогсохгүй хөрөнгө оруулагчдад түгшүүрийн дохио болж, бондын ханшид нөлөөлжээ. Энэ уналтаасаа дөнгөж өндийж байсан Монголын бондууд өнгөрсөн сард хоёр дахь давалгаанд цохигдов. Харин өнгөрсөн сарын дунд үеэс дахин суларч эхэлсэн юм. Энэ нь “Оюутолгой”-н хувьцаа эзэмшигч Turquoise Hill Resources компани Монгол Улсын Засгийн газрын эсрэг зарга үүсгэхээ мэдэгдсэн явдал. Татварын ерөнхий газраас энэ оны нэгдүгээр сард “Оюутолгой” компанийн 2013-2015 оны үйл ажиллагаанд 155 сая ам.долларын татварын акт тавьсан. Үүний эсрэг Turquoise Hill Resources компани гуравдугаар сард олон улсын арбитрын шүүхэд зарга үүсгэхээ мэдэгдсэн юм. Мөн “Оюутолгой”- н гэрээг байгуулсан болон шинэчилсэн төрийн өндөр албан тушаалтнуудыг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн. Тэрчлэн УИХ-аас “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээг шалгах Ажлын хэсэг байгуулсан юм. Энэ мэт “Оюутолгой” тойрсон үйл явдлууд олон улс дахь манай бондын ханшийг унагав. Уул уурхайн компаниудын хууль шүүхийн асуудал олон улсын хөрөнгө оруулагчдын санааг зовниулж буй аж. Өөрөөр хэлбэл, эдгээр үйл явдлыг хөрөнгө оруулагчид хэн нэгэн албан тушаалтан эсвэл хэсэг бүлэг төрийн албан хаагчдад хамаатай бус илүү том зургаар нь харж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Цаашид “Оюутолгой”, “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбогдсон эдгээр асуудлыг хэрхэн шийдэхээс олон улсад арилжиж буй Монголын бондуудын ханш тодорхой болох төлөвтэй. Цаашид “Оюутолгой”, “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбогдсон эдгээр асуудлыг хэрхэн шийдэхээс олон улсад арилжаалж буй Монголын бондуудын ханш тодорхой болох нь. Гэхдээ энэ нь бондын ханшийн богино хугацааны хэлбэлзлээр бодлогынхоо жанжин шугамаа тодорхойл гэсэн үг биш. Тухайлбал, “Оюутолгой”-н гэрээ Монголд өгөөж багатай нь батлагдсан тохиолдолд бондын ханшийн бага хэмжээний өөрчлөлтөөс эмээж, Монголын төр шийдвэрээсээ ухарч, зорилгоосоо хазайж болохгүй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байгаа. Харин олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарал татаж, маргаан дагуулсан асуудлуудад манай улсын төр засаг илүү нээлттэй, тодорхой хандаж, ямар бодлого баримтлахаа ил тодоор мэдээлвэл ойлголцол, тодорхой байдлын зөрүү үүсэхгүй гэсэн байр суурь ч байна. Гагцхүү Монголоор овоглосон үнэт цаасны ханшийн савлагаа нь Монголд өрнөж буй үйл явдал, төр засгийн шийдвэрүүд нь өвсөнд тавьсан түймэр шиг олон улсад түгэж, хөрөнгө оруулагчдад шууд нөлөөлдгийг эндээс харж болохоор байна. Харин энэ эрсдэлийг эс тооцвол 2018 онд манай бондуудын ханш харьцангуй тогтвортой байх боломжтой. Учир нь таваарын ханш тогтвортой, гадаад зах зээлд эерэг хандлага давамгайлж байгаа ажээ.



A

Жижиг

A

Дунд

A

Том

Финтек түшсэн нэгдэл эрчээ авлаа

Финтекийн хөрөнгө оруулалт хиймэл оюун ухаан хөгжүүлэлтэд чиглэж байна

 0 сэтгэгдэл


Санхүүгийн үйлчилгээг ухаалаг болгосон финтекийн хөрөнгө оруулалтын урсгал блокчейн, хиймэл оюун ухаан, биометр болон таних технологи, менежментийг сайжруулахад чиглэж байна. Олон улсын PwC-ийн DeNovo платформын судалгаагаар финтек старт-апуудын хөрөнгө оруулалт сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 41 хувиар өсөж, нийт хэмжээ нь 40 тэрбум ам.долларт хүрэв. Технологийн дэвшлийг ашиглан санхүүгийн үйлчилгээний шинэ бизнес эрхэлж буй финтекийн хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа нь санхүүгийн салбарт хэрхэн нөлөөлж, цаашдын хандлага яаж өөрчлөгдөх талаар PwC нэгэн сонирхолтой мэдээлэл хуваалцжээ. Уг судалгаанд 71 орны 1308 компани оролцсон бөгөөд банк, даатгал, давхар даатгал болон хөрөнгийн удирдлага, төлбөр тооцооны компаниуд, финтек гээд бүхий л төлөөллийн гүйцэтгэх удирдлага хамрагдсан байна. Тэдний ихэнх нь ирэх 3-5 жилд үйл ажиллагаагаа сайжруулж, финтек салбартай ойртохгүй бол бизнес нь эрсдэлд орох өндөр магадлалтай хэмээн үзжээ. DeNovo-ийн сар тутмын судалгаагаар санхүүгийн уламжлалт бус үйлчилгээний хэрэглэгчдийн тоо 30 хувиар нэмэгдэх төлөвтэй байна.

• Ази, АНУ, Европын санхүүгийн байгууллагуудын 82-89 хувь нь ойрын таван жилд финтект бизнесийн орон зайгаа алдах эрсдэлтэй гэж үзсэн байна.
• Финтекийн давалгаа эрчээ авч буй шалтгааныг технологийн хөгжлөөс гадна хүн ам зүйн талаас нь залуучуудын оролцоо их байгаа гэдгээр тайлбарлаж болох юм.
• Хиймэл оюун ухаан, блокчейн технологийн хөгжүүлэлтэд цутгаж буй их хөрөнгийн ачаар таны санхүүгийн хувийн зөвлөх тун удахгүй хиймэл оюун ухаант робот болох биз ээ

Харин 39 хувь нь уламжлалт үйлчилгээгээ авсаар байх болно гэж хариулсан аж. Шинжээчдийн дүгнэж буйгаар санхүүгийн үйлчилгээ сүүлийн таван жилд “танигдахгүй” болтлоо өөрчлөгдсөн. Цаашид ч энэ үйл явц улам эрчимжих төлөвтэй. Өнөөдөр гарч ирж байгаа инноваци маргааш ч хэрэгцээгүй болно гэж PwC тайландаа онцолжээ. Финтекийн давалгаа эрчээ авч буй шалтгааныг технологийн хөгжлөөс гадна хүн ам зүйн талаас нь залуучуудын оролцоо их байгаа гэдгээр тайлбарлаж болох юм.

Өөрөөр хэлбэл, банктай харьцдаггүй нийгмийн хэсэгт гар утсаар дамжуулан санхүүгийн үйлчилгээ үзүүлэх болсноор финтекийн салбарт маш том боломж гарч ирж буй. АНУ-д гэхэд гар утас, ухаалаг хэрэгслээр дамжуулан төлбөр тооцоо хийх, санхүүгийн үйлчилгээ авах эрэлт хэрэгцээ гурван их наяд ам.доллараар хэмжигдэж буй аж. Нөгөө талаар, залуучууд финтек үйлчилгээг Google, Apple, Facebook, Amazon-ын түвшинд л авахыг хүснэ. Азид бол Baidu, Alibaba, Tencent, Xiaomi-гийн дайтай ажиллаж байж финтек салбар амжилттай байх биз ээ. Тиймээс айсуй өрсөлдөөнд санхүүгийн үйлчилгээнийхэн нэг бол финтек старт-апуудтай нэгдэх, эсвэл өөрсдөө судалгаа хөгжүүлэлтдээ ихээхэн хөрөнгө хаях хэрэгтэй нь зайлшгүй юм. Гэхдээ эхний чиг хандлага улс орнуудад эрчимтэй явагдаж байна. Ази, АНУ, Европын санхүүгийн байгууллагуудын 82-89 хувь нь ойрын таван жилд финтект бизнесийн орон зайгаа алдах эрсдэлтэй гэж үзсэн байна. Тиймээс аль болох финтектэй ойртох бодлого баримтлахаа судалгаанд оролцогчдын 82 хувь нь илэрхийлжээ. Энд сонирхуулж хэлэхэд санхүүгийн салбарын одоогийн тоглогчдын 77 хувь нь 2020 он гэхэд үйлдвэрлэлийн тогтолцоогоо блокчейнд суурилсан бүтэцтэй болгохоор шийджээ. Тиймээс ч финтек салбарт хөрөнгө оруулж, хамтарсан төсөл хэрэгжүүлж буй компаниудын тоо санхүүгийн нийт оролцогчдын 20 хувийг эзэлж байна. Судалгаанаас үзвэл финтектэй нэгдэх явц ч эрчимтэй өрнөж байна.

Финтек үйлчилгээг нийт компаниудын 27 хувь нь санал болгож байна

2016 онд хамтын ажиллагаа 32 хувь байсан бол 2017 онд 45 хувь болж нэмэгджээ. Уламжлалт үйлчилгээг ухаалаг хэрэгслээр дамжуулан хүргэх санаачилга Герман, Бельги гэх мэт Европын өндөр хөгжилтэй орнуудад эрчимтэй өрнөж буй бол Азид Сингапур, Индонезид финтек түшсэн нэгдлүүд эрчимтэй явагдаж байгаа юм. Банк, даатгал, төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлдэг компаниуд финтектэй нэгдэх нь судалгаа хөгжүүлэлтдээ аутсорсинг хийх боломжтой болохын зэрэгцээ шинэ шийдлийг зах зээлд цаг алдалгүй турших давуу тал олгож буй аж. Финтек старт-аппуудын хувьд ч томоохон оролцогчдод аль хэдийнэ бий болсон дата, мэдээлэлд тулгуурлан бизнесийн илүү үр дүнтэй загвар хөгжүүлж, түүнийгээ илүү чанартай зах зээлд нийлүүлэх боломжтой болж буй юм. Тэгээд ч финтек старт-аппуудад биет хөрөнгө биш хэрэглэгчид байхад л хангалттай. Товчхондоо, санхүүгийн оролцогчид хүссэн, хүсээгүй технологи суурьтай үйлчилгээ зах зээлд нийлүүлэхээс өөр аргагүй болох нь. Финтект орон зайгаа алдах хамгийн их эрсдэлтэй хоёр салбар нь банк, даатгал болж байна. Судалгаанд оролцсон банкуудын 64 хувь нь хүмүүст зээл олгож, тал хэсэг нь хувь хүнд чиглэсэн үйлчилгээ үзүүлж байгаа нь финтекүүдэд орон зайгаа алдах хамгийн том шалтгаан болж байна. Хэрэглэгчид банкны үйлчилгээг шуурхай, шат дамжлага багатайгаас гадна 24/7 гэсэн хуваариар авах сонирхолтой нь банкууд цаашид энэ чиглэлд илүү анхаарах хэрэгтэйн дохио юм.

Гэхдээ банкируудын 63 хувь нь бүтээгдэхүүн, үйлчилгээгээ өргөжүүлэх гол гарцыг финтек гэж харж байгаа аж. 2016-2017 онд банк, финтекүүдийн хамтын ажиллагаа 12 хувиар нэмэгдэж, 54 хувь болсон байна. Харин даатгалынхан зах зээлээ дахин тодорхойлж, санхүүгийн бусад салбартай зааг ялгаагаа багасгахад ихээхэн анхаарч эхлэв. Финтект орон зайгаа тавьж өгөх магадлалтай гэдгээ оролцогчдын 52 хувь хүлээн зөвшөөрч, 58 хувь нь хүчтэй өрсөлдөгч гэж тодорхойлсон байна. Харин 45 хувь нь финтекийг түншээрээ сонгосон бөгөөд ирэх жилүүдэд энэ тоо 84 хувь болж нэмэгдэх нь.

Тэгвэл PayPal, Stripe, Due зэрэг төлбөрийн системийн томоохон компаниуд айсуй давалгаатай дасан зохицох чадвар хамгийн өндөр гэж өөрсдийгөө тодорхойлжээ. Финтект тулгуурласан үйлчилгээг нийт компаниудын 27 хувь нь санал болгож байна. Түншлэл ч гэсэн банк, даатгалын салбартай харьцуулахад харьцангуй идэвхтэй байх төлөвтэй байна. Гэхдээ ийм компаниуд финтекийг алсаас тун анхааралтай ажиглахын зэрэгцээ дата шинжилгээ, кибр аюулгүй байдлаа сайжруулах технологид хөрөнгө оруулж эхэлжээ. Энэ бүхэн ойрын жилүүдэд санхүүгийн үйлчилгээний дүр төрхийг тодорхойлно. Хиймэл оюун ухаан болон блокчейн технологийн хөгжүүлэлтэд цутгаж буй их хөрөнгийн ачаар таны санхүүгийн хувийн зөвлөх тун удахгүй хиймэл оюун ухаант робот болох биз ээ.


A

Жижиг

A

Дунд

A

Том

“Эрдэнэс Монгол” компанийн Бизнесийн хөгжил хариуцсан захирал О.Одбаяртай

2017” чуулганы үеэр ярилцлаа. Түүнээс юуны өмнө Восточный боомтоор дамжуулан Таван толгойн ордын нүүрсийг тээвэрлэх боломжтой эсэх, тийм бол Монгол Улсад ямар ашигтай талаар тодруулав.

 0 сэтгэгдэл

“Эрдэнэс Монгол” компанийн Бизнесийн хөгжил хариуцсан захирал О.Одбаяртай “Coal Mongolia 2017” чуулганы үеэр ярилцлаа. Түүнээс юуны өмнө Восточный боомтоор дамжуулан Таван толгойн ордын нүүрсийг тээвэрлэх боломжтой эсэх, тийм бол Монгол Улсад ямар ашигтай талаар тодруулав.

Тэрээр “Ерөнхийлөгчийн ОХУ-д хийж буй айлчлалын үеэр Монголд Восточный боомтын үүдийг нээх боломжтой талаар манай хойд хөршийн удирдлагууд мэдэгдлээ. Энэ нь байж болох хувилбар. Одоогоор Монгол Улс экспортын нийт нүүрснийхээ 96 хувийг өмнөд хөршийн Чалко гэх мэт хэдхэн компанид худалдаж байна. Хэрэв тэр айл нэг өдөр нүүрс авахгүй гээд зангаа хувиргавал бид яах вэ. Иймд дараагийн төлөвлөгөө, арын хамгаалалт бидэнд хэрэгтэй. Гэхдээ Восточныйд хүрэхийн тулд эхлээд дотоододоо дэд бүтцээ бэлтгэнэ. Төмөр замаар эсвэл авто замаар нүүрсээ тээвэрлэх 2 хувилбар бий. Би хувьдаа Таван толгойн ордоос хойшоо чиглэсэн авто зам тавих нь илүү өртөг багатай гэж үздэг. Тэгвэл бид 1,5-2 жилийн дотор зам тавина. Харин төмөр зам барихад илүү урт хугацаа шаардлагатай гэсэн юм.