A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3952/

Сайхан болох гээд сайн дурынхнаар тоглуулсаар байх уу

Сайхан болох гээд сайн дурынхнаар тоглуулсаар байх уу
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3952/
  • Маникюрын мах авдаг хэрэгсэл, шүдний чигчлүүр, сахлын татуурга гээд арьс гэмтээж, цус гаргах багаж ашигладаг бүх л үйлчилгээ халдвар тараах эрсдэлтэй
  • 2019 онд мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гоёлын гоо сайхны 186 газар хяналт шалгалт хийж, нян судлалын шинжилгээ, физик хэмжилт авахад зарим эмнэлэг, гоо сайхны газрууд эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн шаардлагыг хангахгүй байгаа нь илэрчээ
  • Гоо сайхны үйлчилгээ аваад хохирсон нэгэн эмэгтэй “15 мянгаар булган сормуус суулгуулсан. Гэтэл маргаашаас нь эхлээд нүд тэсэхийн аргагүй загатнаж, сормуусны сүв маань улайж үрэвссэн” гэж бидэнд ярилаа
  • Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төвд хумсны өвчлөлтэй холбоотойгоор 2016 онд 422, 2017 онд 360, 2018 онд 377 иргэн хандсан байна. Харин 2019 оны эхний 10 сарын байдлаар хумсны өвчлөлийн 476 тохиолдол бүртгэгдсэн нь энэ төрлийн өвчлөл ихсэж байгааг харуулж байна

Анхааралгүй орхиж боломгүй баримт Арьсны өвчин судлалын үндэсний төвийн жил жилийн тайлангаас харагдлаа. Энэ бол хумсны өвчлөл бөгөөд 2016 оноос хойш ийм эмгэгээ эмчлүүлэх гэсэн иргэдийн тоо тасралтгүй өсөж ирсэн байна. Тухайлбал, 2016 онд 422 хүн дээрх оношоор эмчилгээ хийлгэсэн бол, 2017 онд 360, 2018 онд 377 харин өнгөрсөн оны эхний 10 сарын байдлаар хумсны өвчлөлийн 476 тохиолдол бүртгэгдсэн нь энэ төрлийн өвчлөл ихсэж байгааг харуулж буй. Хумс засал бол ердийн л гоо сайхны үйлчилгээ. Гэтэл энгийн үйлчилгээ авсныхаа төлөө эмнэлгийн хаалга татах хэмжээнд хүрч буй нь гоо сайхны стандарт хангаагүй салон, гол чадвараа сураагүй гоо сайханчидтай холбоотой юм. Монголд Make up artist гэсэн шошгыг өөртөө наасан захын сайн дурын “уран сайханч” гоо сайханчаар ажиллаж байна. Энэ салбарт хумс будаж сураад маникюрчин, сормуус нааж чаддаг бол сормуус артист, нүүрээ дажгүй будчихдаг нь шивээсчин, сургалтын төв гэж бичээд сургуулийн хэмжээнд үнэлэгддэг газрууд олон болжээ. Харин өнөөх сургалтын төвийг төгссөн нөхөд өөрсдийгөө мэргэжлийн артист гэж нэрлэн, сормуус суулгах, хумс засал, нүүр будах үйлчилгээг гэрээр хүртэл хийж байгаа нь дээрх өвчний үндсийг тавьж байгааг эрүүл мэндийн салбарынхан анхааруулж байна. Охид бүсгүйчүүдийн мэдээллээ хуваалцдаг цахим сүлжээнд “Сормуус суулгуулах гэж очоод нүдээ гэмтээчихлээ, хумсаа засуулах гээд цусыг нь гаргачихлаа” гэх сэтгэгдлүүд олонтаа харагдана. Зориулалтын салонууд хүртэл шаардлага хангахгүй байхад гэрээр очиж үйлчилгээ үзүүлдэг “тэнэмэл” гоо сайханчдын балаг түүнээс ч их. Бүр энэ төрлийн явуулын ажлын байрны ард орон байрны хулгайн гэмт хэрэгтнүүд ч нуугдаж байсан тохиолдол бий. 

Сандал ширээ тавьсан болоод салоны үйлчилгээ амлаж буй газруудыг онцгойлон анхаарах хэрэгтэй

Гэрээр очиж үйлчилгээ үзүүлдэг сургалтын төвийн болсон болоогүй сертификаттай, энд тэндхийн булан тохойд сандал ширээ тавьсан болоод салоны үйлчилгээ амлаж буй газруудыг онцгойлон анхаарах хэрэгтэй. “Сормуус суулгуулахаар мөнгөө төлсөн. Гэтэл нүд маань хатгаж өвдөөд, хэд хоног нулимс гоожлоо. Өөрт нь хэлэхээр тоохгүй юм” гэх зэрэг гомдлыг цахим ертөнцөд олон харсан. Сэтгэгдэл хэсэгт нь гоёлын гоо сайхны үйлчилгээ аваад хохирсон хүүхнүүд хэдэн зуугаараа орж ирнэ. Тэдний дийлэнх нь хямд үнэтэй баталгаагүй гоо сайхны үйлчилгээ авсны улмаас хохирогч болох аж. Хумсаа будуулах, хөмсөг шивүүлэх, сормуус суулгах, нүүр будуулах, вакс хийлгэх гээд эмэгтэйчүүдийн энэ төрлийн үйлчилгээний эрэлт барагдахгүй. “Дуудлагаар очиж гелен хумс, бүх төрлийн будалт хийнэ” гэсэн зарын дагуу залгахад “Яг одоо яваад очих боломжтой. Гелен будалт 5-10 мянга, гелен хумс 15-30 мянгаар хийнэ” гэлээ. Эрүүл ахуйн стандартыг хэрхэн хангах талаар тодруулахад “Хумс будахын төдий халдвар авна гэж юу байхав. Би чанартай будаг хэрэглэж, багажаа зориулалтын уусмалаар ариутгадаг. Мөн мэргэжлийн сертификаттай” гэж хариулсан юм. Багаж, зүү тариурыг ариутгахдаа спиртээр арчдаг арга үеэ өнгөрөөж, зориулалтын туяагаар шарж, битүүмжлэн хадгалдаг, аль эсвэл нэг удаагийн багаж хэрэглэдэг болоод өчнөөн удаж буйг энд дурдах хэрэгтэй. 2019 онд мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гоёлын гоо сайхны 186 газар хяналт шалгалт хийж, нян судлалын шинжилгээ, физик хэмжилт авахад зарим эмнэлэг, гоо сайхны газрууд эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн шаардлагыг хангахгүй байгаа нь илэрчээ. Харин эмчилгээний гоо сайхны 57 эмнэлгийн найм нь үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн чиглэлд мэргэшсэн эмчгүй, Монгол улсад бүртгэлгүй өвчнийг оношлох, урьдчилан сэргийлэх шинэ техник, технологи, арга хэрэгсэл ашигласан, өөрсдийн баталсан эмнэл зүйн заавраар эмчилгээ явуулж байжээ. Мөн мэс заслын тусламж, үйлчилгээ явуулж буй эмнэлгүүдийн 59 хувь нь шаардлага хангаагүй агааржуулалтын системтэй, мэс заслын дараа шархны халдварын байдалд тандалт, судалгаа хийдэггүй, мэргэшсэн ариутгагчгүй, ариутгалын хэсэг нь шаардлага хангаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Маникюр, сормуус суулгах, хөмсөг шивэх зэрэг үйлчилгээнүүд хүний арьс салстад ажилбар хийдэг, гэмтээх эрсдлийг агуулдаг гэдгийг санах хэрэгтэй. Гоо сайхны үйлчилгээ аваад хохирсон нэгэн эмэгтэй “Сормуус суулгахаар нүд тодроод ирдэг учраас баярын өмнө үйлчилгээ авахаар шийдсэн. Эмэгтэйчүүд янз бүрийн л үйлчилгээ хийлгэдэг шүү дээ. Цаг зав бага, бас мөнгөний боломжиндоо тааруулан дуудлагаар сормуус хийнэ гэсэн охинд хандсан. 15 мянгаар булган  сормуус суулгуулсан. Гэтэл маргаашаас нь эхлээд нүд маань тэсэхийн аргагүй загатнаж, сормуусны сүв маань улайж үрэвссэн. Хийлгэсэн хүнтэйгээ холбогдсон боловч намайг блок хийгээд алга болсон. Халдварт өвчин аваагүйдээ баярлаж сууна. Бохир орсны улмаас үрэвссэн юм билээ” гэж бидэнд ярилаа.

Эмчилгээний гоо сайханд стандарт бий ч гоёлын гоо сайханчдад тавигдах шаардлага хангалттай бус

Хүний арьсны гоо сайхантай холбоотой эмгэгийг эмчлэх, мэс засал хийх, арьс гэмтээх үйлчилгээг үзүүлж, эмчлэхэд чиглэсэн зөвлөгөө өгөх эрх бүхий, тусгай зөвшөөрөлтэй, мэргэжлийн байгууллагын үйлчилгээг эмчилгээний гоо сайхан гэнэ. Харин гоёлын гоо сайхны үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд арьс салстыг гэмтээх үйлчилгээ үзүүлэх эрхгүй. Зөвхөн массаж, нүүр будалт, маникюр, педикюрын үйлчилгээ үзүүлэх эрхтэй. Манайд үйл ажиллагаа явуулдаг үсчин, гоо сайхны салон гэсэн газрууд гоёлын гоо сайхны үйлчилгээг үзүүлдэг. Журмандаа маникюр, педикюрын үйлчилгээ үзүүлж болно гэсэн заалт байдаг боловч, тэдэнд тавигдах шаардлага тодорхой бус. Гэтэл В,С,D вирус нь арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдсан үед буюу цусаар мөн бэлгийн  замаар халдаж болно. Маникюрын мах авдаг хэрэгсэл, шүдний чигчлүүр, сахлын татуурга гээд арьс гэмтээж, цус гаргах багаж ашигладаг бүх л үйлчилгээ халдвар тараах эрсдэлтэй аж. Халдварт өвчин судлалын үндэсний төвд өдөрт 30 хүн үйлчлүүллээ гэхэд тэдний 10-15 хувь нь гоёлын гоо сайхны үйлчилгээнээс халдвар авсан байгааг мэргэжлийн эмч онцолж байв. Баталгаагүй үйлчилгээний цаана таны насан туршийн эрүүл мэнд, гоо сайхан золиос болох аюултай тул хямд үнээр үйлчилгээ үзүүлэхийг санал болгож буй явуулын гоо сайханчид, баталгаагүй газруудаар үйлчлүүлэхгүй байхыг уншигчдадаа зөвлөе. 

Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч, Д.Дэлгэрбаяраас тодрууллаа. 

-Сүүлийн жилүүдэд маникюр, педикюрын сургалт олширч байна. Энэ төрлийн сургалтын үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад ямар шаардлага тавьдаг вэ? 

-Сургалтын байгууллагууд Хөдөлмөр, нийгэм, хамгааллын яамнаас зөвшөөрлөө авдаг. Манайх эрх зүйн хүрээнд сургалтын төвүүдэд хяналт шалгалт хийх эрхгүй. Өнгөрсөн онд төлөвлөгөөт шалгалтыг үсчин, гоо сайхны газруудад хийсэн. 

-Гоёлын гоо сайхны үйлчилгээ эрхлэгчдэд тавигдах нэгдсэн стандарт гэж бий юу? 

-Багажаа ариутгах, эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан эсэх, мэргэжлийн ур чадвар нь ямар хэмжээнд байна гэхчлэн хумс гоо заслын үйлчилгээ тодорхой хэмжээний эрсдэл дагуулдаг. Ширээ, сандал тавиад л үйлчилгээ үзүүлж байна. Гэвч үсчин, гоо сайхны газрын стандарт гэж байдаг ч маникюр, педикюрын үйлчилгээний стандарт гэж байхгүй нь асуудал дагуулж байна. Яам нэгдсэн стандарттай болгохоор ажиллаж байгаа юм билээ. Зөвхөн маникюр, педикюрын үйлчилгээ үзүүлэгчдэд төлөвлөгөөт шалгалт хийх боломжгүй учир иргэдээс ирсэн гомдлын дагуу шалгалт хийдэг. Гэхдээ гоо сайхны газруудад төлөвлөгөөт шалгалт хийхдээ хамт хяналт тавьж, шаардлагатай зөрчлийг арилгуулах арга хэмжээ авдаг. 

-Ихэвчлэн ямар төрлийн зөрчил илэрдэг вэ. Эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулсан бол тухайн газрыг хаах боломжтой юу? 

-Ерөнхийдөө мэргэжлийн бус хүмүүс үйлчилгээ үзүүлж байна. Ариутгал, эрүүл ахуйн нөхцөл хангалтгүй гэх мэт нийтлэг зөрчил бүртгэгддэг. Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авна. Харин үйл ажиллагааг нь шууд зогсоох эрх бидэнд байхгүй. Хуулийн дагуу прокуророос зөвшөөрөл авах ёстой. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Охинтой аавууд урт насалж, стресс бухимдалд бага өртдөг

 0 сэтгэгдэл

Охидууд эцэг, эхдээ аз жаргал дагуулан авчирдаг төдийгүй аавдаа урт удаан амьдрал бэлэглэдэг гэдэг. Нэг охин төрөхөд аавын амьдрах хоног 74 долоо хоногоор уртасдаг аж. Судалгаанаас үзэхэд охинтой аавууд бусад аавтай харьцуулахад илүү удаан амьдарч, төрөл бүрийн өвчнөөс хол байдаг. Хүүхэдтэй болох нь эцгийн эрүүл мэнд, бие махбодод хэрхэн нөлөөлдөг талаар төдийлөн сайн мэддэггүй тул гүн гүнзгий ухах зорилгоор Ягеллонский их сургуулийн судлаачдын хийсэн судалгааг Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сувилагч М.Буянхишиг танилцуулж байна. Эрэгтэй, эмэгтэй хүүхэдтэй аавуудыг хоёр бүлэгт хувааж, тэдний биеийн болон сэтгэхүйн эрүүл мэндийг шинжилж үзсэн аж. Судалгаагаар охинтой аавууд илүү удаан амьдарч, стресс бухимдлаас хол байдаг төдийгүй эрүүл саруул, амар тайван амьдардаг болох нь тогтоогджээ. Охидтой аавууд илүү урт наслах хандлагатай байдаг бөгөөд охидын тоо олон байх тусам аавуудын амьдрах хугацаа уртасдаг байна. Мөн өөр нэгэн судалгаанаас үзэхэд хүйс хамаарахгүй хүүхэдтэй болох нь эцэг, эхчүүдийн амьдрах хугацааг илүү уртасгадаг хэмээжээ. Тэд аав ээждээ аз жаргал бэлэглэж, ажлын стресс бухимдлыг нь тайлж, олон төрлийн өвчнөөс ангид байх боломжийг “бэлгэлдэг” аж.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хоолны дуршлаа өөрчлөн, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлээрэй

 0 сэтгэгдэл

Хэт чихэрлэг эсвэл тостой хоолонд дуртай хүн цөөнгүй. Түүнчлэн халуун ногоотой, давс ихтэй хүнс хэрэглэх сонирхолтой ч хүмүүс бий. Махан хоолны дараа амттай хүнс хэрэглэж, хоолоо чихэрлэг шингэнээр даруулж уух тохиолдол ч элбэг. Мөн эдгээр дуршил зарим үед нэмэгдэж, заримдаа буурдаг. Тэгвэл энэ хүсэл нь физиологийн эсвэл сэтгэл санааны байдлаас үүдэлтэй аж. Тухайлбал, стресст өртөх, хоолны чанга дэглэм барих, нойр дутуу байх, дотор эрхтний өөрчлөл бий болох зэрэг үүнд нөлөөлдөг байна. Мөн хүний биед хэрэгцээтэй шим тэжээл ихдэх эсвэл багадах үед идэх дуршил өөрчлөгддөг аж. Тэгвэл энэ удаагийн дугаартаа хэрхэн идэх дуршлаа зөв зохицуулж, эрүүл амьдрах талаар Natural Diet төслийн мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хүргэж байна.

Уураг ихтэй бүтээгдэхүүн их идэх нь амттаны хүсэлд автуулдаг

Мах, махан бүтээгдэхүүн эсвэл уураг ихтэй хүнс хэрэглэдэг хүмүүс амттанд дуртай байх нь олонтоо. Мөн ихэнх хүнд махан хоол идсэний дараа чихэрлэг зүйл амтлах хүсэл төрдөг. Учир нь уургийн хэмжээ хэтэрснээр хоол боловсруулах системд ачаалал ирж шингээхийн тулд ходоодонд их хэмжээний хүчил ялгардаг байна. Улмаар чихэрлэг зүйл идэх хүсэлд автдаг. Ийнхүү уургийн хэмжээгээ хэтрүүлж, чихрийн хэрэглээг идэвхжүүлэх нь бие физиологид сөрөг нөлөөтэй. Үүнийг шийдвэрлэхийн тулд махнаас бүрэн татгалзах хэрэггүй бөгөөд ердөө л хэмжээг нь тохируулахад хангалттай юм.

 Ус бага ууснаар давстай хүнс хэрэглэх хүсэл төрнө

Давстай хоол идэх хүсэл нь бие организм дахь ус болон давсны тэнцвэр алдагдсаныг илтгэдэг аж. Энэ тохиолдолд та усны хэрэглээндээ дүгнэлт хийх хэрэгтэй. Гэхдээ зөвхөн бага ус уусны улмаас давсны хэрэглээ нэмэгддэг бус хэт их ус уух нь ч биед хортой. Тиймээс өөрийн биеийн хэмжээнд тохирсон усыг хэрэглэж хэвшээрэй.

Шим тэжээлээ буруу хувиарилах нь түргэн хоол идэх хүсэл төрүүлдэг

Хоолны тэжээллэг чанарыг буруу хуваарилснаас үүдэн эрүүл мэндэд төдийлөн тустай биш хоол хүнс идэх хүсэл төрдөг. Тухайлбал, өглөөний цайгаа уухгүй гарч, өдөр, орой хэт хүнд хоол иддэг бол таны хоолны дэглэм буруу гэсэн үг. Ийнхүү шим тэжээлийн хуваарилалтаа зөв хийгээгүйн улмаас түргэн хоол идэх хүсэл бий төрдөг байна. Үүнийг шийдвэрлэх маш энгийн арга бий. Тухайн өдрийн гол хоолоо өдрийн цагаар идэх хамгийн чухал аж. Энэ үеэр хоол боловсруулах үйл ажиллагаа идэвхтэй байдаг тул идсэн хоолыг хурдан шингээдэг. Ингэснээр түргэн хоол, амттан идэх дуршил буурна. Харин өглөөний цайнд хэт их өөх тостой, их хэмжээний хоол идэх нь зохимжгүй. Учир нь био хэмнэлийн дагуу энэ үеэр хүний бие организм сэргэж, бүх систем идэвхжиж байдаг. Тиймээс бие организмоо хэт ачаалуулахгүй байх нь чухал юм.

Исгэлэн амт дулаацуулж, тайвшруулдаг

Амт бидэнд дутагдаж буй мэдрэмжийг нөхдөг шидтэй. Йогийн багш, амьдрах ухааны зөвлөх, Happy, Healthy, Sexy номын зохиолч Кейти Силкокс чихэрлэг амт нь зөөлөн, дулаан тэврэлтийг санагдуулдаг учир тухайн мэдрэмж дутагдах үед бид зүсэм бялуу болон бусад ижил төрлийн чихэрлэг амт руу тэмүүлдэг болохыг тогтоожээ. Харин исгэлэн амт дулаацуулж, тайвшруулдаг байна. Мөн анхаарлаа илүү сайн төвлөрүүлэхэд тусалдаг учир амьдралд юу хийхээ мэдэхгүй, будилсан үедээ давслаг зүйл идэхийг хүсдэг гэнэ. Харин амьдралд тань адал явдал, шинэ мэдрэмж үгүйлэгдэх үед халуун ногоотой зүйл идэх хүсэл төрдөг бол гашуун амт нь бид өөрсдийгөө хязгаарладаг болохыг илтгэнэ. Ийнхүү амт бидний мэдрэхийг хүссэн мэдрэмжийг орлуулах шидтэй ч хэтрүүлэн хэрэглэх нь сөрөг нөлөөтэй. Тухайлбал, зөвхөн амтнаас таашаал авдаг хүн цөөнгүй. Улмаар хоол нь таатай харилцаа, сонирхолтой ажил, шинэ мэдрэмжийг орлож, таашаал авах байнгын эх үүсвэр болдог бөгөөд донтолт үүсдэг байна. Улмаар тархинд хуурамч өлсгөлөн бий болж бялуу, пицца, мөхөөлдөс нэхэж эхэлдэг. Энэ мэдээж эрүүл мэнд, сэтгэл санаанд асар их хор хөнөөлтэй учир үүнээс хэрхэн гарах аргыг хүргэж байна.

 Үнэхээр өлссөн үедээ хоолло

“Жинхэнэ өлсгөлөн бие организмд буюу ходоодонд эхлээд мэдрэгддэг. Үүний дараа тархи өлссөн гэсэн дохио хүлээж авна. Мөн биеийн байдалд өөрчлөлт орж, ходоод хоржигнож, гэдэс хоосон оргиж, толгой эргэн, хүч чадалгүй болох зэрэг шинж тэмдэг илэрнэ. Харин хоол идсэний дараа дээрх мэдрэмж арилдаг. Мөн хуурамч өлсгөлөнгийн үед амтгүй, үзэмж муутай хоолонд дуршил хөдөлдөггүй бол жинхэнэ өлсөж байгаа үед ямар ч хоолыг идэхээс буцахгүй" гэж эрүүл хоолны зөвлөх Екатерина Ермакова хэлжээ. Тиймээс хоолноос таашаал авахгүйн тулд өөрийнхөө үнэхээр өлсөж буй эсэхийг шинжээрэй. 

Хоолноос авч буй мэдрэмжийг өөр зүйлээр орлуулах

Сэтгэл санааны байдлаас болж идэх хүсэл төрж байгаа эсэхээ анзаарч, бодол санаагаа цэгцлэх нь хамгийн чухал юм. Ямар мэдрэмж дутагдаж байгаагаа олж илрүүлэн, хоолноос өөр зүйлээр орлуулахыг хичээгээрэй. 

Завгүй байх нь идэх дуршил бууруулах  нэг арга юм

Ямар ч хүн ажил ихтэй үед хоолны тухай боддоггүй. Тиймээс өөрийгөө завгүй байлгаж, чөлөөт цагаараа сонирхдог зүйлээ хийгээрэй. Ингэснээр хоолноос мэдрэх таашаалыг өөр зүйлээр орлуулах боломжтой. Гэхдээ шим тэжээлтэй хоол хүнсийг тохируулан хэрэглээрэй.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Коронавирусийн улмаас Индонезид саримсны үнэ огцом өсжээ

 0 сэтгэгдэл

Коронавирусийн тархалтаас шалтгаалж Хятадын нийлүүлэлт тасалдах түгшүүр үүсмэгц Индонезид саримсны үнэ огцом өслөө. БНХАУ дэлхийн саримсны нийлүүлэлтийн 80 хувийг дангаараа хангадаг. Харин Индонезын саримсны импортын 90 хувь нь БНХАУ-д оногддог. Вирусийн тархалтын улмаас Хятадын тээвэр зогсож болзошгүй болсон нь Индонезийн нийслэл Жакартад ганц долоо хоногийн дотор саримсны үнийг 70 хувиар хөөргөдөв. “Коронавирус зах зээлийн уур амьсгалыг өөрчилснөөс худалдаачид үнээ хадаачихлаа. Манай импорт ердөө ганц улсаас шалтгаалдаг болохоор аргагүй” хэмээн Индонезийн зах зээлийн арилжаачдын холбооны тэргүүн Абдулла Мансури тайлбарлав. Хятадын хямралт нөхцөл зэсээс эхлээд пуужингийн түлш хүртэлх таваарын эрэлтийг унагасан үед үнэ нь өссөн олон таваарын нэг бол саримс. Дэлхийн санхүүгийн зах зээлд чухал хэмжүүр биш ч Индонезийн үндэсний хоол хүнсний чухал бүрдэл болдгийнхоо хувьд саримс нь тус улсад инфляц хөөргөдөх эрсдэлтэй. Дэлхийд саримсны тэргүүлэх худалдан авагч-Индонез жилдээ 500 мянган тонныг импортолдог. Сүүлийн долоо хоногт тус улсын зарим зах зээлд нэг килограмм саримсны үнэ бараг хоёр дахин өсөж, 80,000 рупиа буюу ойролцоогоор 5.8 ам.доллар болжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

С.Хишгээ: Жирэмсэн эмэгтэйчүүд халдварт өртөх өндөр эрсдэлтэй

 0 сэтгэгдэл
  • Шинэ гарч буй коронавирусийн хувьд, өндөр халуурах, ханиалгах, амьсгал давчдах, булчин өвдөх, толгой өвдөх, суулгах зэрэг шинж тэмдэг илэрвэл хурдан эмнэлэгт хандах нь зөв

Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн зөвлөх, Монгол Улсын гавьяат эмч С.Хишгээтэй ярилцлаа. Тэрбээр хол хорио тогтоосон үед жирэмсэн эмэгтэйчүүд эмнэлэг дээр очиж, урт дараалалд зогсохоос аль болох зайлсхийн, цахимаар болон гар утсаар эмчтэйгээ холбогдож зөвлөгөө авах хэрэгтэй хэмээн хэлсэн юм.

-Шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтаас сэргийлж, жирэмсэн эмэгтэйчүүдийг хамгаалах чиглэлээр ямар ажил хийж байна вэ. Онцгой нөхцөлд яаж ажиллах ёстой вэ?­

-Шинэ төрлийн коронавирусийн тархалт эрчимтэй явагдаж, БНХАУ-­аас бусад улс оронд тархаж байна. Монгол Улсад ямар нэгэн халдварын эрсдэл байхыг үгүйсгэхгүй. Тиймээс жирэмсэн эхчүүд юун дээр анхаарах вэ гэдгийг хэлье. Жирэмсэн болсноор умайд, эхэс үүсэж, цусны эргэлт шинээр бий болж, биед өөрчлөлт ордог. Иймээс жирэмсэн эмэгтэйчүүдийн дархлаа муудах асуудал бий. Ийм үед гараа сайтар угаахыг анхааруулж байна. Ялангуяа жирэмсэн эхчүүд болон ээжүүд гараа маш сайн угаах хэрэгтэй. Ингэснээр үр хүүхэд, гэр бүлээ хамгаална. Хоёрдугаарт нь амны хаалтыг зөв хэрэглэх хэрэгтэй. Зөв хэрэглэх гэдэг нь хоёр цаг тутам сольж байх, олон нийтийн газар байнга зүүж байх зэргийг хэлнэ. Өвчтэй хүмүүс ойр орчимд нь байвал эсвэл өөрөө ханиад томуу хүрсэн тохиолдолд амны хаалт зүүх хэрэгтэй. Хөл хорио нэгэнт тогтсон учир өвчний голомт руу явахгүй байх. Жирэмсэн эхчүүд олон нийтийн газар явах шаардлагагүй. Болж өгвөл гэрээсээ тусламж авах хэрэгтэй. Хэвийн жирэмсэн эхчүүдийг хамгийн багадаа зургаан удаа эмчид үзүүлэх хэрэгтэй гэж заадаг. Тэгвэл хүндрэл гараагүй, биед нь өөрчлөлт ороогүй тохиолдолд эмчтэйгээ утас, фейсбүүк, онлайнаар холбогдож зөвлөгөө авч болох юм. Хэрвээ хүндрэл гарвал эмчид хандана. Эмчид хандахдаа тодорхой цагуудаар очиж урт дараалалд зогсох, олон хүний дунд орохгүй байх хэрэгтэй. 

-Энэ нь жирэмсэн эмэгтэйчүүдийг эрсдэлтэй бүлэг рүү оруулах шалтгаан болж байна уу?

­Ямар ч халдвар дархлаа муутай эсвэл дархлаа суларсан хүмүүст тусдаг. Тэгэхээр хүүхэд, өндөр настан жирэмсэн эхчүүд орно. Жирэмсэн эхчүүд цус багадалтай, суурь өвчтэй байх зэрэг нь халдварт өртөөд өвдөх магадлалыг нэмэгдүүлдэг. Эмчийн заасан амин дэм, эмчийн бэлдмэл, бусад эрдэс бодисыг хэрэглэх хэрэгтэй. Төмрийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүд гурван сартайгаас эхлээд төрөх хүртлээ хэрэглэдэг. ДЭМБ-­аас жирэмсэн эмэгтэй төмрийн бэлдмэлийг өдөрт 60 миллиграммыг уух хэрэгтэй гэж зөвлөдөг. Төрсний дараа ч үргэлжлүүлэн хэрэглэнэ.

-Үүнээс өмнө вирусийн халдварууд илэрч байсан. Тухайн тохиолдол бүрт жирэмсэн эмэгтэйчүүд эх нялхасыг хамгаалах урьдчилан сэргийлэх тал дээр юу хийж байв. Тухайлбал, 2010 оны H1N1 вирусын халдварын жишээг харж болох юм.­ Жил бүр улирлын томуу гэж гардаг. Одоо ч гэсэн гараад хүүхэд эмэгтэйчүүд томуугаар өвдөж байна. Одоогийн гарч буй томуугийн шинжилгээг харахад, A хүрээний вирусээр үүсгэгдсэн байгаа юм. 2009 оны аравдугаар сар гараад 2010 онд үргэлжлээд явсан H1N1 A хүрээний вирусийн халдварын үед жирэмсэн эхчүүд нэлээн их хүндэрч байсан. Хот хөдөөгүй орон нутгаас хүндэрсэн иргэд ирж байсан. Түүнээс гадна эмнэлэгт эрт хандах тусмаа хүндрэл нь гайгүй, эх хүүхэд хэвийн төрөх тохиолдлууд байсан. Шинэ гарч буй коронавирусийн хувьд, өндөр халуурах, ханиалгах, амьсгал давчдах, булчин өвдөх, толгой өвдөх, суулгах зэрэг шинж тэмдэг илэрвэл хурдан эмнэлэгт хандах нь зөв. Мөн зарим эмэгтэй жирэмсэн гэдгээ мэдээгүйгээс, вирусийн халдварын үед зулбах хүндрэл гардаг. 

-Хамгийн сүүлд авсан мэдээллээр, Ухань хотод жирэмсэн эмэгтэй төрөхөд, хүүхдэд нь 30 цагийн дараа халдвар илэрсэн. Энэ хэр аюулгүй вэ?

­Жирэмсэн эмэгтэйчүүд хэр өртөж байна вэ гэсэн албан мэдээллийг хайсан боловч баттай мэдээллүүд олж авч чадахгүй байна. Амьсгалын замын халдвартай, тэр нь хүндрээд амьсгалын стресс хам шинж, амьсгалын дутагдал зэрэгт орж байгаа үед ургийн бүтэлт үүсэх эрсдэл гарцаагүй байна. Шинэ коронавирусийн халдварын үед урагт хор хөнөөлтэй гэсэн зүйл уншиж мэдээгүй байна.

-Томуу, томуу төст өвчний вирусийн халдвараар нас барсан хүний тоо 2019 онд 431 хүрсэн гэж эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Нас барсан хүмүүсийн дийлэнх нь бага насны хүүхдүүд байна. Цаашдаа нярай бага насны хүүхдүүдийг өвчнөөс сэргийлэхийн тулд тусгай эмнэлэг байгуулах шаардлагатай юу?­

Жирэмсэн байх үеэс бид ургийг хамгаалах ажлыг эхлүүлдэг. Тухайлбал, халдвартай халдваргүйг тодорхойлж, ургийг хэт авиан шинжилгээгээр оношилдог. Аль ч халдварын үед хэрхэн урьдчилан сэргийлэх, төрөлтийг удирдах эмнэлгийн аргуудыг хэрэглэдэг. Эмнэлэг тусдаа байсан нь дээр гэж мэргэ­жилтний хувьд үзэж байна.