A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1942/

Салхиа зарж, ам.доллар өвөртлөх боломж бидэнд байна

Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ бий болгох судалгааны дүнг танилцуулна

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1942/


Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээр дэлхийд БНХАУ, АНУ, Бразил, ХБНГУ, Канад хол тэргүүлсээр. Харин манай улс энэ салбарт хамгийн их нөөц, боломжтой орны нэгт тооцогдох атлаа шинэ тоглогчийн түвшинд яригдах төдий байна. Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ бий болгох ажлыг Монголд хэрэгжүүлэх болсноор судалгааны ажил нь 2017 онд эхэлсэн. Уг судалгааны үр дүн энэ онд тодорхой болох юм. Дэлхий нийтээр сэргээгдэх эрчим хүчний салбарт итгэл үзүүлж, тус салбарт чиглэсэн гадаад, дотоодын хөрөнгө оруулалт жил ирэх тусам нэмэгдэх болсон. Үүний нэг томоохон санхүүжүүлэгч нь Азийн хөгжлийн банк. Тус банк сэргээгдэх эрчим хүчний технологийг цаашид илүү дэмжиж, санхүүжүүлнэ гэдгээ 2017 оноос хойш маш тод илэрхийлж буй.

Ногоон эрчим хүчний үйлдвэрлэлийг олон улсын санхүүгийн байгууллагууд ч найрсгаар дэмжиж, хөрөнгө оруулахаа мэдэгдэх нь ердийн үзэгдэл мэт болжээ.

Сэргээгдэх эрчим хүчний салбарт хэрэгжиж буй олон улс дамнасан санаачилгын нэг нь “Азийн супер сүлжээ”. Үүнд Япон, БНХАУ, ОХУ, Монгол Улс нэгдэн орсон бөгөөд ус, нар, салхинаас гарган авсан эрчим хүчээ Япон, Өмнөд Солонгост нийлүүлэхээр эдгээр орон тохиролцсон билээ. Манай улсын хувьд нар, салхины арвин нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулж, экспортын орлогын шинэ эх үүсвэртэй болох боломж нь сэргээгдэх эрчим хүч болж байгаа юм. Хэрэв бид өөрсдийн энэхүү байгалийн бэлэн боломжоо үр дүнтэй ашиглаж чадвал эрчим хүчний коридорыг бий болгох стратегийн ашигтай байрлалын төвд байна.

Зүүн хойд Азийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг өөрсдийн үйлдвэрлэсэн сэргээгдэх эрчим хүчээр хангаж, улмаар валютын нөөцөө арвижуулах хэмжээний боломж дээрх санаачилгын хүрээнд нээгдсэн. Энэ бүсэд манайхаас гадна ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Япон улс багтдаг. Эдгээр орны эрчим хүчний эрэлт, хэрэгцээ ирэх 20 жилд дэлхийн дунджаас хоёр дахин нэмэгдэх тооцоо бий. Учир нь газрын тос, байгалийн хий, нүүрс болон сэргээгдэх эрчим хүчний баялаг нөөцтэй тус бүс нутагт дэлхийд эрчим хүчний хэрэглээгээрээ тэргүүлэгч орнууд оршдог. Тэд дэлхийн эдийн засгийн тавны нэгийг бүрдүүлдэг юм.

Зүүн хойд Азийн орнуудын эрчим хүчний салбар дахь нэгдэл өнгөрсөн онд эрчээ ялимгүй сааруулсан ч энэ оноос идэвхжиж эхэллээ. БНХАУ, БНСУ, Япон зэрэг улсад тулгамдаж буй сорилтын нэг нь эрчим хүчний хангамж болж, эдгээр орон экспортын томоохон зах зээл болж байна. Хөгжиж буй болон хөгжингүй эдийн засагт эдгээр орны эрчим хүчний импортын хамаарлын хувь хэмжээ өндөр хэвээр. Энэхүү хэрэглээг хангах нүүрс болон сэргээгдэх эрчим хүчний ихээхэн нөөц манай улсад бий. Нүүрсний төслүүдийг хөрөнгө оруулагчид тоож харахаа хэдийн больсон энэ үед сэргээгдэх эрчим хүчний төслүүд илүү дэмжлэг авч байна.

Нүүрснээс дутуугүй ашиг өгөх салбарт сэргээгдэх эрчим хүч ордог

Бүс нутгийн өсөн нэмэгдэж буй хэрэглээ эрчим хүч экспортлогчдын хараанд хамгийн ихээр өртөх болсон. Энэ нь өрсөлдөөн цаашид улам ширүүсэх эхлэл. Манай улсын хувьд нар, салхинаас гарган авсан эрчим хүчээ тэр хэрээр экспортлох боломж, бололцоо бүрдэх юм. Гэхдээ зах зээл байлаа гээд хувийн хэвшлээ дэмжих бус татвар болон хүнд суртлаар аргамжаад байвал бид орлогоо өсгөх боломжоо бусдад алдана гэсэн үг. Сэргээгдэх эрчим хүчний салбарт өдгөө хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, санаачилга давамгайлж байна. Энэ салбарт одоогийн байдлаар хагас тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгджээ. Үүний 430 гаруй сая ам.доллар буюу нийт санхүүжилтийн 90 орчим хувийг салхин цахилгаан станцын төслүүд татжээ.

Салхин цахилгаан станц гэвэл Салхит, Цэций, Сайншанд байна. Харин нарны цахилгаан станцад Моннаран, Дархан, Гэгээн, Говьсүмбэр ордог. Улсын хэмжээнд нийт суурилагдсан хүчин чадлын 11.8 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр үйлдвэрлэж байна. Сэргээгдэх эрчим хүчний техник, технологийн зардал дэлхий нийтээр буурч байгаа хэдий ч улс орны эрсдэл тухайн төслийн зардлыг нэмэгдүүлэх болсныг салбарынхан хэлж буй. “Азийн супер сүлжээ” санаачилгын хүрээнд, салхиа илүү ашиглан эрчим хүч үйлдвэрлэх замаар Зүүн хойд Азийн зах зээлд гарах боломж манай улсад байгааг олон улсын байгууллагууд үргэлж хэлдэг. 

Салхин цахилгаан станцын тариф 8.5-.9.5 цент байгаа нь олон улсад харьцангуй өрсөлдөхүйц хэмжээ аж. Дээрх бүс нутаг нь Азийн эдийн засгийн 70 орчим хувийг бүрдүүлж байна. Дэлхийн нийт эрчим хүчний тавны нэгийг дангаар хэрэглэдэг БНХАУ сэргээгдэх эрчим хүчний  үйлдвэрлэлээрээ дэлхийд эхний тавд багтдаг ч дотоод хэрэгцээгээ бүрэн дүүрэн хангаж чадахгүй байгаа юм. Энэ нь хил залгаа манай улсын хувьд нэг талаар эрчим хүчээ экспортлох зах зээл дэргэд байгааг илтгэнэ.

Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлогодоо тусган Сэргээгдэх эрчим хүчний тухай хуультай болсон нь саяхан. Үнэ тарифыг баталгаажуулан, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих санхүүжилтийн механизмыг ч тодорхой болгосон. Ингэснээр 2020 он гэхэд эрчим хүчний салбарт эзлэх сэргээгдэх эрчим хүчний хувь хэмжээг 20, 2030 онд 30 хувь хүртэл нэмэгдүүлж, экспортолно гэж зурагласан. Гэтэл энэ салбарын хууль эрх зүйн орчин дахин хөдөлгөөнд орж, салбарын сайд нь солигдох болгонд бодлого, чиглэл нь өөрчлөгдөж байна. Салбарынхан ам сайтай байсан Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж эхэлсэн. Ирэх хавар энэ салбарт шинэ зохицуулалт үйлчлэх бололтой. Одоогийн байдлаар хэрэглэж буй эрчим хүчний хэрэглээнийхээ долоон хувийг усан цахилгаан болон салхин станцаас гарган авч байна. Нүүрсний хэрэглээг хязгаарлах, сэргээгдэх эрчим хүчийг өргөн ашиглах, цахилгааны хэрэглээг хэмнэх шаардлага дэлхий нийтийн өмнө урган гарч буй. Нүүрснээс дутуугүй ашиг өгөх салбарт сэргээгдэх эрчим хүч ордог. Гэтэл үүний ач холбогдлыг манай улс гаргаж чадалгүй 2019 онтой золголоо.

Урд хөрш эрчим хүчний эх үүсвэртээ өөрчлөлт ид өрнүүлж байгаа бол ОХУ сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээгээ 2030 он гэхэд 11.3 хувь болгохоор зорьж байна. Үүнийг бий болгоход жилд 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай аж. Хойд хөрш одоогоор эрчим хүчний хэрэглээнийхээ дөнгөж 3.6 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байгаа юм. Сүүлийн арван жилд дэлхийд шинээр байгуулсан нүүрсэн галлагаат цахилгаан станцуудын 86 хувийнх нь өлгий нутаг болох Хятад, Энэтхэгт 100 гаруй шинэ төслийг царцаагаад байна. Дэлхийн дулаарлын аж үйлдвэрийн хувьсгалын өмнөх үетэй харьцуулахад цельсийн хоёр хэмээс үл хэтрүүлэх төлөвлөгөө энэ байдлаар барьцаа ахиулсаар. Нүүрстөрөгчийг нь шүүн тогтоодог системгүй дулааны цахилгаан станцыг энэ оноос хойш ганцыг ч барихгүй байж чадвал Парисын хэлэлцээрийн зорилт тодорхой хувиар биелэх магадлал байна. Цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг ийнхүү хөгжүүлэх нь улс орны хөгжилд төдийгүй иргэдийн амьжиргааны түвшинд эерэг нөлөө үзүүлэхээр байгаа төдийгүй энэ нь валютын орлого болж, төсөвт шинэ орлогын үүд нээх юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Үхэл таригч улаан бурхан ихэссэнд аав ээжүүдийг буруутгав

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хэрэглээгээрээ толгой цохидог ч ашгаараа сүүл мушгисаар

Цахим ертөнцийг цаг өнгөрөөх хэрэгсэл бус орлого олдог лангуу болгон харах нь чухал

 0 сэтгэгдэл


Хэрэглэгчийн тоогоороо Хятадын хүн амыг хоёр нугалсан “их гүрэн” орчин цагийн дэлхийд үүсээд цөөнгүй жилийг үдэж байна. Хил хязгаар, арьс өнгө, шашин шүтлэгээр хүн төрөлхтнийг үл ялгаж, нэгэн дээвэр дор нэгтгэсэн нийгмийн сүлжээний Facebook цахим хуудсыг идэвхтэй хэрэглэгчийн тоо 2018 оны дөрөвдүгээр улиралд 2.6 тэрбум давжээ. Facebook-ийг улс гэж үзвэл хүн амын тоогоор БНХАУ, Энэтхэгийг нийлүүлсэнтэй бараг дөхөж очих бол эдийн засаг, зах зээлийн чадал чинээгээр дэлхийн хамгийн хүчирхэг улсад зүй ёсоор тооцогдоно. Тэгвэл нийгмийн сүлжээний Instagram цахим хуудас хэрэглэгчийн тоо дэлхийн тэргүүлэх эдийн засаг болох АНУ-ын хүн амаас гурван дахин өндөр аж. Дэлхийн газрын зурагт тэмдэглээгүй ч, хүчирхэг гүрнүүдтэй зах зээлийн хүчин чадлаар дүйх, цахим ертөнц дэх шинэ бүлэг, нэгдлүүд улам хүрээгээ тэлсээр байгаа юм.

Бид ч энэ цахим талбарын гишүүд. Өнөөдөр гурван монгол хүн тутмын хоёр нь нийгмийн сүлжээнд нэгдэж, интернэт идэвхтэй ашиглаж байна. Манай интернэт хэрэглэгчийн тоо сүүлийн 20 гаруй жилд бараг 4400 дахин өсөж, 2018 оны дөрөвдүгээр улиралд 2.2 саяд хүрснийг Hootsuite платформд дурджээ. Ер нь Монголд нийгмийн сүлжээний аль нэг хуудсанд нэгдээгүй хүн олох хэцүү болсон төдийгүй хөгшин, залуугүй идэвхтэй хэрэглэж байна.

Үүнээс үзэхэд гишүүнчлэлийн тоо, хэрэглэгчдийн худалдан авах чадлаар нийгмийн сүлжээ, цахим зах зээл яалт ч үгүй шунал төрүүлж, хорхой хүргэм, арилжааны лангуу болчихоод байгаа юм. Гэвч бид эдгээр цахим хуудаст цаг заваа хайр гамгүй үрдэг атлаа нийгмийн сүлжээ дагасан хэрэглэгчдийн төвлөрлийг ашиглан арилжаа наймаа хийх, бизнесийн зорилгоор зөв зохистой, үр ашигтай ашиглаж буй нь хэр олон бол. Мэдээж, энэ төрлийн цахим хуудасны хэрэглээ, ашиглалтаар бид бүс нутаг төдийгүй дэлхийд дээгүүрт бичигддэг.

Гэтэл үүнийг дагасан бизнес, арилжааны шинж чанартай үйлчилгээ өнөө хэр зах замбараагүй, зохицуулалтгүй өрнөсөөр байна. Цахим худалдааны талбарт хамгийн том байр суурь эзэлж буй нийгмийн сүлжээн дэх арилжаа хар зах шиг үргэлжилсээр. Зарын шинжтэй цахим хуудсаар дүүрч, чанарын баталгаагүй, үнийн зөрүүтэй бараа бүтээгдэхүүн өнөө хэр борлуулж, худалдан авагчдыг хохироосоор байна. Сар шинийн баяраар гэхэд дэлгэцээр далдалсан цахим зах зээлээс чанаргүй бараа худалдан авч, хулхидуулсан иргэн цөөнгүй байв. Уг нь технологийн хөгжил дагасан энэ төрлийн үйлчилгээний үр ашиг, хэмнэлт, хялбар байдлыг хэрэглэгчид хүртэх учиртай ч иргэдийн итгэлийг буруугаар ашиглан, ашиг хонжоо хайх, хохироох увайгүй үйлдэл гарсаар байгаа аж.

Гурван монгол хүн тутмын хоёр нь интернэт идэвхтэй ашиглаж байна

Олон улсад цахим худалдааны бие даасан платформуудад түшиглэн хөгждөг бол манайд хэрэглэгчдийн хэрэглээ даган нийгмийн сүлжээнд төвлөрч байгаа юм. Гэтэл энэ хэсэгт нь цахим худалдааны соёл, дадал борлуулагчид төдийгүй хэрэглэгчдийн хувьд ч төлөвшин тогтоогүй хэвээр байна. Энэ хэрээр манайд дижитал эдийн засаг, цахим худалдааны тэлэлт зарим улсынхаас удаан, яст мэлхийн хурдаар урагшилж байна.

Дэлхийн мөнгөний урсгал цахим ертөнцийг чиглэх болж, энэ зах зээлээс хэд бол хэдэн зуун саятан төрөн гарсаар байна. Хэд хэдэн сэтгүүлийн жагсаалтаар орчин цагийн дэлхийн хамгийн чинээлэг хүнээр тодорсон, 130 орчим тэрбум ам.долларын хөрөнгөтэй (2018 оны байдлаар) Жефф Безос интернэт худалдааны салбараас мэндэллээ. Мөн АНУ-ын хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн өндөр үнийн дүнд бүхий IPO-ийг мөн л интернэт худалдааны салбарын компани болох Alibaba арилжсан. Үүнээс үзэхэд мөнгө, өсөлт, өгөөж яах аргагүй гарт баригдахгүй ч дэлхийг сүлжсэн интернэт худалдаанд байна.

Цахим худалдаа дэлхийг хавтгай болгож, зуучлагчгүй, ченжгүй, хил хязгааргүй мөнгөний урсгал цахим дэлхийг хэрж байна. Энэ шилжилтийг Хятад, АНУ хамгийн овжин ашиглаж, худалдаа арилжаагаа огцом өсгөж байна. Манай өмнөд хөршийн цахим худалдаа дэлхийн нийт худалдааны бараг тэн хагасыг бүрдүүлэхэд ойртлоо.

Цахим түрэлт тус улсын худалдааны бүх урсгал чиглэлд нэвтэрснээс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний онлайн худалдаа 46 хувь өсөж, 32 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнийг даган хойд хөрш ч цахим худалдааг хурдтай хөгжүүлж байна. Зөвхөн 2018 он гэхэд хятадын гурван сая өрх оросоос хүнсний бүтээгдэхүүн худалдан авчээ. Тухайлбал, оросын “Красный октябрь" шоколадны үйлдвэр нийт бүтээгдэхүүнийхээ 72 хувийг онлайнаар борлуулдаг болсон байна.

Улс орнууд цахим талбарыг мөнгө болгон ашиглаж байхад бид хэрэглээ талдаа хэнийг ч дагуулахгүй атлаа өгөөж хүртэх, мөнгө олохдоо ургаа хад шиг байгаа юм биш биз. Уг нь цаг зав хэмнэж, дундын зуучлагчийг халж, түрээс, нэмэлт зардлыг тэглэх энэ төрлийн бизнес худалдан авагч төдийгүй аж ахуйн нэгжүүдэд үр ашигтай. Хүссэн хэнийг ч худалдаачин болгож, бизнес эрхлэх боломжийг олгоно. Ер нь дэлхийн бизнесийн чиг хандлагыг танигдахын аргагүй болтол нь өөрчилсөн цахим худалдааны давуу тал, үр ашгийг дурдаад байвал дуусахгүй.

2030 он гэхэд дэлхийн худалдааны 99 хувь нь онлайн хэлбэрт шилжинэ гэж томоохон шинжээчид таамаглаж байна. Гэтэл арав хүрэхтэй үгүйтэй жилийн дараа болох энэ өөрчлөлт, хувьсалд бид бэлэн үү. Хүргэлтийн үйлчилгээ, хотжилт зэрэг цахим худалдааны дэд бүтцийг хөгжүүлэх нь чухал хэмээн салбарынхан учирладаг.

Тэр тусмаа далайд гарцгүй, хоёр их гүрний дунд хавчуулагдсан Монгол Улс зах хязгааргүй зах зээл рүү хөтлөх цахим худалдааг бусдаас илүү хурдтай хөгжүүлэх нь чухал. Интернэтийн хурд, хэрэглээгээрээ монголчууд бусад улсаас дутахгүй байж болох ч үүнийг үр ашигтай ашиглах, ажил хэрэгч, аж ахуйч байдлаар хандах нь илүү чухал биш гэж үү.

Манай зохицуулах байгууллагууд цахим орчин дахь иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг аль нэг хуулиар далайлган хаах боогдуулах гэж оролддог.

• Манай интернэт хэрэглэгчийн тоо сүүлийн 20 гаруй жилд бараг 4400 дахин өсөж, 2018 оны дөрөвдүгээр улиралд 2.2 саяд хүрснийг олон улсын Hootsuite платформд дурджээ. 

• Монголд нийгмийн сүлжээний аль нэг хуудсанд нэгдээгүй хүн олох хэцүү болсон төдийгүй хөгшин, залуугүй идэвхтэй хэрэглэж байна. 

• Манайд дижитал эдийн засаг, цахим худалдааны тэлэлт зарим улсынхаас удаан, яст мэлхийн хурдаар урагшилж байна.

Гэтэл цахим орчин дахь худалдаа үйлчилгээ, бизнесийн үйл ажиллагаа оновчтой зохицуулалт, анхаарал нэхсээр байна. Гэхдээ төр энэ зах зээлд оролцохдоо иргэн болон бизнес эрхлэгчийн аль алиных нь эрх ашгийг хөндөхгүй, харин ч ээлтэй байдлаар шийдэж чадвал цахим худалдаа хөгжих хөрсийг бий болгоно. Өөрөөр хэлбэл, иргэд ч, төр ч тэр цаг өнгөрөөх хэрэгсэл бус орлого олдог лангуу болгон харах нь чухал байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Шалгуур хангасан оффисыг зах зээл хүсэж байна

Оффисын зах зээлийн эрэлт жилд дунджаар 1100 орчим аж ахуйн нэгжээр нэмэгддэг

 0 сэтгэгдэл


Үл хөдлөх хөрөнгийн салбарт орон сууцны зах зээл олон нийтийн анхаарлын төвд байдаг ч оффисын талбарт онцлох үзүүлэлт цөөнгүй байна. Эн тэргүүнд, уг зах зээлийн эрэлт нь нийлүүлэлтээсээ давж эхэлснийг “Master Properties” компани тооцоолжээ. Улаанбаатар хотод өнгөрсөн онд оффисын зориулалттай 985 мянган ам метр ашигтай талбай бүхий 215 төсөл ашиглалтад оржээ. Үүний тэн хагас нь нийслэлийн цөм болох Сүхбаатар дүүрэгт төвлөрч байна.

Тус дүүрэгт байрлах нийт оффисын 72.9 хувь нь тансаг зэрэглэлийнх аж. Гэтэл нийслэлд үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгжийн 80 гаруй хувь 20 хүртэлх ажилтантай, жижиг, дунд бизнес эрхлэгчид. Тэд хотын төвөөс холгүй, тав тухтай, боломжийн үнэтэй ажлын байр сонирхдог байна.

Өөрөөр хэлбэл, худалдан авагчдын санхүүгийн чадамж болон барилгын компаниудын нийлүүлэлтийн хооронд үнийн цоорхой үүсчихээд буй нь энэ.

Оффисын зах зээл нь эдийн засгийн өсөлт даган, өгсөж, урууддаг. Ялангуяа, Улаан - баатарын шигтгээ болсон А зэрэглэлийн, шилэн оффисуудын нийт эрэлтийн 50 хувь нь аль нэг хэлхээгээр уул уурхайн салбартай учиг холбогдож байдгийг шинжээчид онцолж байгаа юм. Тиймээс 2017 оны сүүлчээс уул уурхай, макро эдийн засгийн идэвхжил дээшилснээр оффисын зах зээлд ч сэргэлт ажиглагджээ. Нийслэлд жилд дунджаар албан тасалгаа хайсан 1100 орчим аж ахуйн нэгж шинээр нэмэгддэг. Ам метрээр тооцвол 50-60 мянган ам метр ашигтай талбайн эрэлт хэрэгцээ үүсдэг гэсэн үг. Мөн одоогоор оффис түрээсэлж буй дотоодын компаниудын 40 орчим хувь нь албан байрандаа сэтгэл ханамжгүй байдаг нь тогтоогджээ. Үүнээс үзэхэд, ирэх жилүүдэд ч оффисын зах зээлийн эрэлт огцом биш ч тогтвортой өсөх төлөвтэй. Ойролцоогоор жилд найм давсан хувиар тэлэх таамгийг үл хөдлөх хөрөнгийн компаниуд танилцуулж байна.

Тэгвэл хэрэглэгчид ямар оффис хүсэж байна вэ. Энэ асуултад дотоодын аж ахуйн нэгжүүд байршлыг хамгийн чухалд тооцдог гэж хариулсан байна. Ялангуяа, Улаанбаатарын бизнесийн уур амьсгалын холгүй хэсэгт оффис түрээслэх болон худалдан авах сонирхолтой байна. Харин үүний араас үнэ, зэрэглэл, автомашины зогсоол зэрэг хүчин зүйл жагссан байна.

Хэрэв хэрэглэгчдийн тавьж буй эдгээр босгын аль нэгийг даваагүй бол аливаа оффисын барилга эдийн засгийн эргэлтэд амжилттай орох магадлал багасдаг гэж “Тэнхлэг зууч” компани мэдээллээ. Үүнээс гадна сүүлийн жилүүдэд хөрөнгийн менежмент хэмээх хүчин зүйл чухалд тооцогдох болжээ. Ер нь эдгээр хүчин зүйл тухайн оффисын өнөөгийн төдийгүй ирээдүйн үнэ цэнийг тодорхойлохоор байна.

Улаанбаатар хотын дүүргүүд дэлхийн томоохон хотуудын жишгээр төрөлжиж эхэлсэн нь үл хөдлөх хөрөнгийн салбарт өөрчлөлт дагуулж байгаа юм. Тухайлбал, байршил банк, төрийн үйлчилгээ, худалдаа зэрэг нь төвлөрснөөр ирээдүйн бизнес болон санхүүгийн дүүргийн өнгө төрх улам тодорч эхлээд байна.

• Аж ахуйн нэгжүүд өмнө нь аль болох хотын төв цэгт байрлах гэж зүтгэдэг байсан бол одоо үүнээс 0.5- 1 километрийн радиусын зайд байр авахад бэлэн байна. 

• Улаанбаатарын шигтгээ  болсон А зэрэглэлийн, шилэн оффисуудын нийт эрэлтийн 50 хувь нь аль нэг хэлхээгээр уул уурхайн салбартай учиг холбогдож байдаг. 

• Улаанбаатар хотын дүүргүүд дэлхийн томоохон хотуудын жишгээр төрөлжиж эхэлсэн нь үл хөдлөх хөрөнгийн салбарт өөрчлөлт дагуулж байна.

Бизнесийн дүүрэг болж төвлөрөхийн хэрээр энэ төрлийн үл хөдлөх хөрөнгийн үнэ цэн автоматаар өсдөг зүй тогтлыг дэлхийн томоохон хотуудаас харж болох юм. Түүнчлэн оффисын зах зээл манайд нэг оронтой тоонд өсөж буй бол 2018 онд оффисын зах зээлийн эрэлт Ази, Номхон далайн бүсэд 24 хувиар өссөн байна. Харин АНУ-д таван хувиар тэлжээ.

ЗГМ: ТОДРУУЛГА

Автомашины зогсоолгүй оффис борлогдох боломжгүй

“Мастер пропертис” компанийн ерөнхий захирал Ц.Дашцэрэнгийн ярилцлагыг хүргэж байна.

-Оффисын зах зээлийн энэ оны төлөвийг хэрхэн төсөөлж байна вэ?

-Өсөлттэй жил болох дүр зураг бууж байна. Ялангуяа, хэрэглэгчийн шаардлага хангасан оффисын түрээсийн талбайн дүүргэлт 80-аас дээш хувьтай байна. Энэ бол эерэг үзүүлэлт. Мөн түрээсийн талбайн үнэ өсөж буй. Ер нь манайд оффисын байрны түрээсийн үнэ харьцангуй өндөр буюу хөөстэй байдаг. Гэсэн ч үнэ ханш нь өсөж буй нь эдийн засгийн идэвхжлийг харуулж буй нэг хүчин зүйл. Харин оффис худалдан авах эрэлт нэмэгдэх төлөвтэй байна. Ялангуяа, аж ахуйн нэгжүүдийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан оффисын эрэлт өсөх болов уу гэж харж байна.

-Тэгвэл борлуулалтгүй оффисын талбай тоо болон хэмжээ өмнөх жилүүдэд нэмэгдсэний шалтгаан юу вэ?

-Ер нь оффисын зах зээлд хөрөнгө оруулагчид болгоомжтой ханддаг. Шинэ төслийн тоо нь орон сууцтай харьцуулахад цөөн гэж хэлж болно. Оффисын нийлүүлэлт талаас нь харвал А зэрэглэлийн буюу хотын төвийн бизнесийн дүүрэг дэх албан тасалгааны үнэ өндөр байдаг. Энэ нь ч учиртай. Яагаад гэвэл, энэ төрлийн үл хөдлөх хөрөнгийн үнэ цэн ирээдүйд өсөх хүлээлт өндөр байдаг учраас түүнийг борлуулах сонирхол бага байдаг. Мөн энэ төрлийн оффисуудыг харьцангуй санхүүгийн чадамжтай хөрөнгө оруулагчид эзэмшдэг учраас амархан борлуулаад байдаггүй. Ам метрийн үнэ нь ч 3000 ам.доллар болон түүнээс дээш байдаг.

Харин үүнээс доош зэрэглэлийн буюу орон сууцны хорооллуудын дунд байрласан, B болон С зэрэглэлийн оффисын барилгын дийлэнх нь хэрэглэгчийн тавьж буй гол шаардлагыг хангахгүй байна. Тиймээс амжилттай борлуулах магадлал бага байгаа юм.

-Тэгвэл дотоодын компаниуд оффисын барилга түрээслэх болон худалдан авахдаа ямар шаардлага тавьж байна вэ?

-Сайн мэдээ гэвэл Монгол Улсын дунд түвшний компаниуд харьцангуй хурдтай өсөн дэвжиж байна. Энэ хэрээр эрэлт нэмэгдэх нь тодорхой. 10 жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан, эдийн засгийн хямралын үед ч татвараа зогсолтгүй төлж буй 30 мянган аж ахуйн нэгж Монголд байгаа. Эдгээр компани өдгөө ажлын байр авах болон түрээслэхдээ олон улсын стандарт руу дөхсөн, ахисан түвшний шаардлага тавьж эхлээд байна. Энэ бол сайн дохио. Ирэх жилүүдэд ч дотоодын компаниуд дэлхийн чиг хандлагыг дагасан буюу илүү чөлөөтэй, ажлын бүтээмжийг дэмжсэн барилгуудыг түлхүү сонирхох болов уу. Харин уламжлалт хэв шинжийг агуулсан оффисын хэрэгцээ зах зээлээс шахагдана.

-Барилгын компаниуд өмнө нь автомашины зогсоолыг нэмэлт зардал гэж үзэн, төсөв, төлөвлөлтөөсөө хасдаг байсан. Одоо энэ хандлага өөрчлөгдсөн үү?

-Энэ хандлага зайлшгүй өөрчлөгдөх ёстой. Ер нь автомашины зогсоолгүй оффис борлогдох боломжгүй. Өөрөөр хэлбэл, энэ шалгуур оффис худалдан авахад тавьж буй үндсэн дөрвөн шаардлагын нэг болсон. Үүнээс гадна байршил чухалд тооцогдож байна. Өмнө нь аж ахуйн нэгжүүд аль болох хотын төв цэгт байрлах гэж зүтгэдэг байсан бол одоо үүнээс 0.5-1 километрийн радиусын зайд байр авахад бэлэн байна. Хоёрдугаарт, үнэ болон төлбөрийн нөхцөлд анхаарал хандуулж байна. Хэрэглэгчдийн дийлэнх нь ам метр нь 2.5 -3.5 сая төгрөгийн үнэтэй оффисыг арилжааны банкны 10-15 жилийн хугацаатай зээлээр авах хүсэлтэй байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Дэлхийн эдийн засаг энэ долоо хоногт инфляцаа шалгана

 0 сэтгэгдэл