A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3154/

Соёлын өвөө устгаж, газрыг нь авах санаархал биелэв

Улаанбаатар газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог ч бүх зүйлийг газар хөдлөлтөд тэсвэргүй хэмээн нурааж, сүйтгэх нь зохисгүй байлтай.

Соёлын өвөө устгаж, газрыг нь авах санаархал биелэв
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3154/

Дэлхийн улс гүрнүүд хуучны дурсгалт барилгуудаа хамгаалан үлдээж, сэргээн засварлаж, жуулчдыг татах үзмэр болгодог. Харин Монгол Улс эсрэгээр нь нурааж, шинээр барих шийдвэр гаргадаг. Улаанбаатар хотын түүх соёлын нэг хэсэг болох барилгуудыг актлах тухай 2011 оны үеэс яригдаад удлаа. Өнөөдөр ч энэ асуудал маргаан дагуулсаар байна. Байгалийн түүхийн музейн барилгаас эхлээд үүдийг нь дангинатал цоожлоод нэлээд хугацаа өнгөрөв. 70-80 жилийн настай барилгуудын хувь заяа ерөнхийдөө актлагдах гэдэг ганцхан үгээр шийдэгдэв. Нурааж дахин барих барилгын жагсаалтад Төв номын сан, Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр гэсэн биет соёлын өвүүд багтаж байна. Театр, сүм, музей бол дэлхий дахинд уран барилга гэсэн ангилалд хамаардаг. Гэтэл манай улс хосгүй үнэт өвд тооцогдох барилгуудаа газрын хөрснөөс арчиж хаяхаар зэхэж сууна. Ерөнхий сайд асан П.Гэндэнгийн амьдарч байсан байр агаад Хэлмэгдэгсдийн музейг гурав хоногийн дотор нураачихлаа. Нураах амархан бүтээн байгуулах хэцүү. Хоёр давхар модон барилгын суурин дээр 22 давхар шилэн барилга сүндэрлүүлэх болсноо олон нийтэд зарлаад байна. Музей, театрын зориулалтын барилгуудыг цаг тухайд нь сэргээн засварлаад явсан бол балгас болтлоо муудаж, нурж унатлаа салбайхгүй байсан биз. Хойд хөршийн Эрхүү хотынхон жуулчны гудамжныхаа хоёр давхар дүнзэн байшингуудыг өдгөө улам өнгөтэй болгож, зорьж очсон жуулчдад соёлоо хэрхэн хадгалж хамгаалдгаа гайхуулсаар. Эрминтажийнхаа музейг дайны үед цэргээр мануулж, хамгаалж байсан тухай түүх судлаачид хэлдэг юм билээ. Гэтэл манайд балгас болгочихоод нураахаас өөр зам үлдээгүй гээд олон тайлбар нурших юм.

Хэзээ нэгэн өдөр үр хойчдоо ийм загвартай музей, театрын барилга байсныг ийм болгосон гээд зураг харуулаад түүх хүүрнэх эмгэнэлтэй бид нүүр тулах нь.

Агуу театрыг нь нураахаар алтан үеийнхнийг

гомдох вий

Германы архитекторч Герхард Коселийн зураг төслөөр сүн­дэрлэсэн Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын түүхийг сөхвөл, 1927 онд нээгдсэн Ардын цэнгэлдэх хүрээлэнг өргөтгөн мэргэжлийн түвшинд хүргэх зорилгоор 1931 онд Улсын төв театрыг байгуулжээ. Ингээд 1934 онд Д.Нацагдоржийн ”Учиртай гурван толгой” дуулалт жүжгийг ард түмний дунд дэлгэрсэн ардын дуунуудын аяар харилцан дуулж, нийтэд үзүүлсэн нь Монголын театрын урлагт хөгжимт, дуулалт жүжиг, дуурь тоглох эхлэл болжээ. Алтан үеийнхний ажиллаж, бүтээлээ туурвиж байсан театрын барилга шинэ цагийн шилэн барилгаар солигдож мэдэхээр болоод байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас газар хөдлөлтөд тэсвэргүй, ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гаргасан уг барилга Улаанбаатар хотын давтагдашгүй ур загвартай үнэт эд, бас түүх өгүүлэх нандин газар. Манайхан л болохгүй бүтэхгүй гэдэг болохоос гаднын мэргэжилтнүүд асуудалгүй гэсэн байгаа юм. Тодруулбал, 2016 онд Энгельберт, Золнер нарын Австрийн мэргэжилтнүүд ирж Дуурийн театрын барилгын элэгдэл, эвдрэлийг нарийн багаж төхөөрөмжөөр шалгаад “Бүх зүйл хэвийн” гэсэн дүгнэлтийг гаргажээ. Архитекторууд ч театрын барилгыг хамгаалж үлдээх хэрэгтэй гэж үзэж байна. Гэтэл улс төрд шургалж, шуналдаа идэгдсэн бирдүүд нурааж газрыг нь авах гэж санаархах болов.

Хуулиараа ч гэсэн үнэт өвд тооцогдох учиртай. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3.1.2-т “Соёлын биет өв” гэж түүхэн тодор­хой орон зай, цаг үеийг төлөөлөх, биетээр оршин байгаа дурсгалыг хэлнэ гэж заасан байдаг. Тэгэхээр дуурийн театр энэ өвд тооцогдох барилгын нэг төлөөлөл зүй ёсоор мөн билээ.

Хотын дурсгалт газрын эмгэнэлт хувь заяа

Улсын драмын эрдмийн театрын барилгыг ч мөн эмгэнэлт хувь заяа хүлээж байна. Хотын дурсгалт газрын тоонд зүй ёсоор бичигдэх эл театр 1956 онд Нийслэлийн хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүдийн санаачилгаар Залуучуудын ордон барихаар хуримтлуулсан хөрөнгөөр барьж байжээ. Зураг төслийг Монголын анхны архитектор Б.Чимэд, А.Хишигт нар зохиож, 1957 онд барилгын суурийг тавьж, 1960 оны аравдугаар сард ашиглалтад оруулжээ. Залуучуудын ордон барьсан энэ газарт Ардын засгийн Гаалийн хорооны уужим том хашаа байв. 1963 онд Улсын драмын театрыг Улсын дуурь бүжгийн театраас салган Залуучуудын ордонд Ардын дуу, бүжгийн чуулгын хамт оруулж байжээ. Энэ цагаас эхлэн тус барилгыг “Драмын театрын барилга” гэх болсон байна. Тус барилга нь 200 шахам өрөө тасалгаатай, 700-800 хүний суудалтай жүжгийн хоёр танхим, 500 хүний багтаамж бүхий бүжгийн танхимтай. Баганууд нь морин толгойтой учраас дэлхийд байхгүй ур хийц гэж үздэг байна. 2010 онд Ази, Номхон далайн Архитекторуудын холбоо (ARCASIA)-ноос ARCASIA HERITAGE хэмээх хоёр боть каталог хэвлэн гаргасан бөгөөд 50, түүнээс дээш настай архитектурын шилдэг өвүүдийг багтаасан байна. Уг каталогид манай улсын архитектурын есөн дурсгал буюу Эрдэнэ зуу хийд, Гэр хэлбэрт модон дуганууд, Амарбаясгалант хийд, Төвхөн хийд, Чойжин ламын сүм, Жанрайсиг сүм, Монгол гэр, Гадаад хэргийн яамны барилга, Драмын эрдмийн театрын барилга орсон талаар архитекторчид ярьсан юм.

УДЭТ-ын барилгыг нураах болсон шалтгаан мөн л газар хөдлөлтөд тэсвэргүй гэх тайлбар. Хэдийгээр Улаанбаатар газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог ч бүх зүйлийг газар хөдлөлтөд тэсвэргүй хэмээн нурааж, сүйтгэх нь зохисгүй байлтай. Олон улсын мэргэжилтнүүдийн өндөр технологийн багаж ашиглаж хийсэн үнэлгээтэй зөрчилдөж байгаа дүгнэлт үнэн байлаа ч барилгыг хүчитгэж, газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлж болмоор. Монгол Улсын ганц эмэгтэй архитекторч З.Оюунбилэгийн хэлснээр “Үл хөдлөх дурсгал болох барилга, архитектур, хөшөө, бунхан, археологийн дурсгалыг тухайн нутаг, эх газарт нь хүрээлэн байгаа орчных нь хамт хадгалан хамгаалж байж түүний түүхэн ач холбогдол, үнэ цэнэ оршдог” аж.

Энэ жил 380 нас хүрч байгаа Улаанбаатар хотод түүх, соёлын өвд тооцогдох барилга тийм ч олон биш. Гэтэл түүх, соёл уламжлалаа устгах гэж улайрах боллоо. Устгахаас илүү хадгалж, хамгаалж үлдээж чадвал хожим архитектурын музей байгуулж болохоор санагдана. Манай улсад тэгээд ч сэргээн засварладаг газар ч алга. 1973 онд түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах газар байгуулсан ч 1995 онд хувьчилж, арчилж тордох газаргүй болгожээ. Эрт үед сүм хийдүүд дуганч лам ажиллуулдаг байсан нь учиртай юм байна. Дуганч лам сүмийн дээврийн цасыг цэвэрлэх, шугам хоолойн бөглөрлийг шалгах, будаг нь халцарч өнгө нь гундвал сэргээн засуулах арга хэмжээ авхуулдаг хүн байж. Харин сүүлийн үед арчилж, тордохгүй хаяснаас болоод түүх, дурсгалын барилгууд хуучирч муудан, балгас болоход ойрхон байна.

Байгалийн түүхийн музейг хамгаалах боломжгүй болжээ

Улаанбаатар хотын төвд орших Байгалийн түүхийн музейн барилга анхнаасаа зориулалтын бус байр байсан талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэллээ. Тэрбээр “1952 онд ХАА тех­никумын сургуулийн зориу­лалтаар барьж байсан барилга. Үлэг гүрвэл байсан том заал бол биеийн тамирын заал байсан юм. Б.Ширэндэв гуай ШУА-ийн ерөнхийлөгч байхдаа байгалийн түүхийн зориулалтаар ашигламаар байна гэсэн хүсэлт гаргаж байсан. Ингээд Байгалийн түүхийн музей болсон юм. Энэ барилгыг газар хөдлөлтийн эсрэг бэхэлгээгүй барьсан учраас нурах аюултай барилгын жагсаалтад орсон. 2013 онд тухайн үеийн ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл барилгыг шаардлага хангахгүй гэж үзэж үйл ажиллагааг нь зогсоох тушаал гаргасан юм билээ. Намайг сал­барын сайдаар томилогдоход барих барилгынх нь зураг төсөл гарсан. Үйл ажиллагааг нь зогсоогоод зургаан жил болжээ. Үнэхээр хүнд нөхцөлтэй дахин ашиглах боломжгүй бол Чингис хааны музей байгуулж, хотоос гаргая гэсэн шийдвэр гаргасан” гэлээ.

ШУТИС-ийн Барилга архи­тектурын сургуулийн шинжээч, профессор З.Биндэрьяа “Тоосгоны зуурмаг газар хөдлөлтийн нөх­цөлийг тэсвэрлэх чадвар нь 25 марк байх ёстой. Байгалийн түүхийн музейн барилгынх 10 марк байсан. Үнэлгээ хийснээс хойш чийгшлээс болоод улам муудсан байна. Чулуун суурьтай учраас ашиглалтын шаардлага хангахгүй. Модон хучилттай учраас өмхөрч унаж байгаа учраас газар хөдлөлт болбол тэсэхгүй гэж үзсэн” хэмээв.

Тиймээс Байгалийн түүхийн музейг дахин шинээр барихаас өөр аргагүйд хүрчээ.

Барилгыг хүчитгээд ч олигтой сайжрахгүй. Хөрөнгө, мөнгөний гарз болно гэсэн тайлбарыг шинжээч З.Биндэрьяа хэллээ. Гуравдугаар давхрын даацын хананууд нь цуурсан гээд аяндаа нурж эхлээд байна. Музейн барилгын хашааны гадна “Соёлын өвөө аваръя, түүхийн дурсгалт барилгаа нураахаас хамгаалья” гэсэн лоозон наасан харагдсан. Гэхдээ ингэж тэмцээд ч Байгалийн түүхийн музейн барилга даацаа даахаа байсан нь дотор орсон хүмүүсийн нүдэнд бэлхэн харагдаж байв. Нэгдүгээр давхрынх нь дээврийн моднууд цуурч, цаанаас нь нунтаг шавар бутарч унаж байна. Мөн хананых нь шавар гар хүрэх төдий үйрч байв.

Театр, музей

барих мөнгө сонгуулийн “салхинд” хийсчих вий

Хоёр музейн барилга ийн гэрэл зургийн хальсанд үлдлээ. Харин содон өвөрмөц архитектурын шийдэлтэй театрын барилгуудаа хамгаалж үлдэх хэрэгтэй. Хэдийгээр газар хөдлөлтөөс болгоомжлох нь зөв ч тэсвэргүй гэх шалтгаар соёлын дурсгалт барилгуудыг нураагаад байж боломгүй. Цаашид сэргээн засварлах мэргэжилтнүүдийг бэлтгэж, тусгай төвтэй байх шаардлага тулгарч байна. Түүнчлэн маш нарийн технологийн дагуу сэргээн засварладгийг мартаж болохгүйг ахмад архитекторчид зөвлөж байна билээ. Нөгөөтэйгүүр зарим нэг эрх мэдэл бүхий нөхдөд газар хөдлөлтөөр далимдуулж газрыг нь булаах гэсэн санаархал нуугдаж байж мэдэх юм. Ийм хардлагыг ч олон нийт тээж байна. Аотын хамгийн үнэ цэнэтэй барилгууд дахь Музей, театр, номын санг нурааж, дахин барих нэрийдлээр төсвөөс мөнгө замшигдуулахыг ч үгүйсгэхгүй. Шинээр музей, театр барихад чамгүй их мөнгө зарцуулах тооцоо гаргаж, төсөвлөөд байгаа. Тодруулбал, Байгалийн түүхийн музейг шинээр Их тэнгэрийн аманд барих бөгөөд төсөвт өртөг нь 94.4 тэрбум төгрөг. Үүнээс 2020 оны төсөв 31.9 тэрбум төгрөгийг нь тусгажээ. Мөн Яармагт Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барихаар төсөвт таван тэрбумыг тусгаад байна. Одоо байгаа Байгалийн түүхийн музейн суурин дээр 53 тэрбум төгрөгөөр Чингис хааны музей байгуулах шийдвэр гаргасан. Харин Улсын драмын эрдмийн театр болон Дуурь бүжгийн эрдмийн театр, Төв номын санг шинээр барихад тус бүр дөрвөн тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Үндэсний урлагийн их театр барих хэрэгцээ шаардлага бас тулгараад байгаа гэнэ. Үүнийг барихад хамгийн их буюу 152.5 тэрбум төгрөг шаардагдах бөгөөд эхний ээлжинд 30 тэрбумыг 2020 оны төсвөөс зарцуулахаар тусгаад байна. Ийн театр, музей барихад чамгүй их мөнгө зарцуулахаар шийдээд байгаа. Гэвч 2020 онд улс төрийн сонгууль болно. Театр, музей барихаар тусгасан санхүүжилт нь сонгуулийн “салхинд” хийсчих вий дээ. Тэгвэл энэ улс өв соёл, түүх рүүгээ нулимсан зэрлэг улс болж дэлхийд бичигдэх биз.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Цар тахлын үед боловсролдоо хөрөнгө оруулахад тань туслах олон улсын хөтөлбөрүүд

 0 сэтгэгдэл
  • Харвардын их сургуулиас зарласан онлайн сургалтад үнэ төлбөргүй хамрагдах боломжтой

COVID-19 бидний ажил, сургууль, амьдралын хэв маягт цөөнгүй өөрчлөлт авчирлаа. Ялангуяа боловсролын салбарт өөрчлөлт, шинэчлэл өрнөсөөр байна. Цагаан шохой, хар самбар, хичээлийн танхимаар л боловсрол олгоно гэх олон жилийн турш амь бөхтэй оршсоор ирсэн үзэл цар тахлын нөлөөгөөр эрс өөрчлөгдөв. COVID-19 тархсанаас хойш хүүхэд залуучууд хурууныхаа үзүүрийг хөдөлгөх төдий л google-ээс хүссэн мэдээллээ авч, дэлхийн топ сургуулиудын хичээлийг зөөврийн компьютероо ашиглан бие даан суралцах боломж бүрдээд байна. Цар тахалтай холбогдуулан дэлхийн шилдгүүдийн нэг Кембрижийн их сургууль хүртэл сургалтын үйл явцдаа өөрчлөлт оруулж, цахимаар лекц, сургалтуудаа явуулж эхэллээ. Тиймээс зөвхөн залуучууд гэлтгүй насанд хүрэгчид ч COVID-19-ийн хөл хориог ашиглан дэлхийн түвшний боловсрол эзэмших боломж бүрдээд байна. Таны боловсролд нэмэр болох үүднээс шилдэг их сургуулиудын цахимаар олгох тэтгэлэгт хөтөлбөр болон сургалтуудыг танилцуулъя. 

Харвардын их сургууль 

Харвардын бизнесийн их сургуулиас 

  • Entrepreneurship Essentials 
  • Global business 
  • Management Essentials 
  • Sustainable Business Strategy
  • Leading in Turbulant times зэрэг хичээлээр үнэ төлбөргүй онлайн сургалт явуулж байна. Та www.hbs.me сайтад бүртгүүлэн хичээлээ судалж болох юм. 

Стэнфордын их сургууль 

Каринтинд байх хугацаандаа инженер, технологийн чиглэлээр суралцах сонирхолтой хүмүүст зориулан сертификат олгох цахим хичээлийг санал болгож байна. Тус сургалтад зургадугаар сарын 20- ноос өмнө https://online.stanford. edu/-д бүртгүүлэн суралцах боломжтой юм. 15 хоногийн цахим сургалтын төлбөр 295 ам.доллар. 

Оскфордын их сургууль 

Тус сургууль энэ зун хичээллэх цахим сургалтуудынхаа жагсаалтыг хэдийн гаргажээ. Оксфордын их сургууль түүүхэндээ анх удаа цахим хөтөлбөр зарлаж байгаа нь энэ юм. Хөтөлбөрийн жагсаалтанд 90 гаруй төрлийн хичээл багтах бөгөөд хугацааны хувьд урт, богино гэдгээр ялгагдаад зогсохгүй мэргэжил эзэмшүүлэх хөтөлбөр хүртэл байна. Цахим сургалтын эхний хичээлүүд зургадугаар сарын 15-22-ны хооронд явагдах юм. 10 хүртэлх долоо хоногийн хугацаатай энэ сургалтын төлбөр 935 евро.

https://www.conted.ox.ac.uk/ 

University of the People, АНУ 

University of the People бол Америкт магадлан итгэмжлэгдсэн, онлайн хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг, ашгийн бус гэсэн статустай, мэргэжлийн зэргээ дээшлүүлэх хүсэлтэй хүмүүст зориулагдсан сургууль юм. Тус сургууль 2020-2021 оны магистр болон баклаврын зэрэг горилогчдод зориулан 100 хувийн цахим тэтгэлэгт хөтөлбөрөө зарлаад байна. Бизнесийн удирдлага, эрүүл мэнд, мэдээлэл технологийн чиглэлээр тавдугаар сарын 28 хүртэл өргөдөл хүлээн авна. 

https://www.scholars4dev.com 

Бирмингемийн их сургууль, Их Британи 

Тус сургууль олон улсын хөгжил судлалаар магистрын зэрэг олгох алсын зайн сургалтыг санал болгож байна. Энэхүү сургалтаар сүүлийн 50-60 жилийн хугацаанд олон улсын хөгжил хэрхэн явагдсан талаарх ойлголт болон практиктийг судлах боломжтой. Мөн Их Британийн хөгжил ба ядуурал, орчин үе, хараат байдал, неолиберализм ба хямрал, олон улсын хөгжлийн байгууллага, улс орнуудын олон улсын хөгжилд чиглэсэн үүрэг оролцоо, мөнгөний болон нийгмийн бодлогыг судлах юм. Хэлний оноотой байх нь тус тэтгэлгийн гол шалгуур үзүүлэлт.

https://www.scholars4dev.com

Квинсийн их сургууль, Их Британи 

Белфаст дахь Квинсийн их сургууль нь хүнсний аюулгүй байдлын чиглэлээр магистрын зэрэг горилогчдод зориулсан цахим тэтгэлэг олгох гурван жилийн хугацаатай сургалт санал болгож байна. Сургалтын явцад оюутнууд сургалтын материалаар хангагдахаас гадна хичээлийн хэлэлцүүлэгт оролцон, видео хичээлүүдийг үзэж, их сургуулийн зайн сургалтын платформоор дамжуулан хүнсний аюулгүй байдлын мэргэжилтнүүд болон багш нарын зөвлөгөөг сонсох боломжтой. 

http://www.qub.ac.uk/courses 

A

Жижиг

A

Дунд

A

Том

COVID-19-ийн дараах шинэ ертөнцөд цахимаар ажиллах чадвар эрэлттэй байна

 0 сэтгэгдэл
  • Коронавирусийн дараах ертөнцөд өөрийгөө бэлдэх хамгийн сайн арга бол технологийн ур чадвар эзэмших юм

COVID-19-ийн халдвар дууссаны дараа биднийг огт өөр ертөнц угтах тухай мэргэжилтнүүд сануулсаар буй. Энэ талаар манай сонин өмнө нь дэлгэрэнгүй мэдээлж байсан билээ. Харин энэ удаа коронавирусийн дараах ертөнцөд хамгийн эрэлттэй байх ажил мэргэжил, эзэмшвэл зохих ур чадваруудыг танилцуулж байна. Дэлхийн эдийн засгийн форумын оролцогч, зохиолч Бернарда Маррагийн “Форбес” сайтад оруулсан мэдээллийг орчуулан сонирхуулъя. 

Дасан зохицох чадвар ба уян хатан байдал

Шинэ ертөнц бий болоход компаниудын үйл ажиллагаа, ажиллах арга хэлбэр өөрчлөгдсөн байх аж. Дэлхий ертөнц хурдацтай өөрчлөгдөж байгаа хэдий ч цар тахал үүнийг улам бүр түргэсгэх аж. Тиймдээ ч ирээдүйн дэлхий ертөнцөд хэрэгцээтэй хэдхэн ажил мэргэжил үлдэх гэнэ. Коронавирусийн дараах ертөнцөд амжилтад хүрэхийг хүссэн хэн бүхэн өдрөөс өдөрт өөрчлөгдөж буй ажлын байрандаа дасан зохицох чадвартай байх ёстойг онцолж байна. 

Техникийн хэмнэлт 

Коронавирусийн дараах ертөнцөд өөрийгөө бэлдэх хамгийн сайн арга бол технологийн ур чадвар эзэмших аж. COVID-19-ийн нөлөөнөөс үүдэн компаниуд үйл ажиллагаагаа өөрчилж, хурдацтайгаар цахим хэлбэрт шилжиж байгаа нь ирээдүйд үүсэж болох эрсдэлд бэлдэж буйн жишээ. Үнэн хэрэгтээ хиймэл оюун ухаан хийгээд интернэт орчин дахь мэдээллүүд тухайн бизнесийг учирч болох хүчин зүйлсийг уян хатан, хохирол багатай даван туулахад тус болох аж. Шинэ ертөнцөд үйлдвэр эсвэл оффисын алинд нь ч ажилладаг бай дээрх техникийн арга хэрэгслүүдийг зөв, үр дүнтэй ашиглаж сурах нь чухал юм. 

Бүтээлч байдал, шинэ санаа

Цар тахлын үед бүтээлч байдал, инновац нэн чухал болохыг хэдийн олж харсан байх. Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ бодитой, хүртээмжтэй хүргэхийн сацуу нөхцөл байдалд дасан зохицож, өөрчлөлт хийж чадсан нь (Mercedes F1 уралдааны машинаас амьсгалын аппарат хийсэн) тахлын үед бизнесээ авч үлдэх боломжтой. Коронавирусийн дараах ертөнцөд шинэ бүтээгдэхүүн, ажлын арга барил бий болгоход бүтээлч, шинийг эрэлхийлэгч байдал хамгаас чухал болохыг судлаачид онцолж байна. 

Мэдээлэл ба мэдлэг 

Аж үйлдвэрийн IV хувьсгалын эрин үед компаниудын хувьд мэдээлэл хамгийн үнэт зүйл болох ба зөв өгөгдөлтэй мэдээллийг мэдлэг болгон хувиргаж чадвал цар тахал хийгээд түүний дараах хүнд үеийг төвөггүй даван туулах аж. Тиймдээ ч COVID-19-ийн үед дэлхий дахинд үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниуд өөр өөрийн онцлогт тохирсон өөрчлөлт шинэчлэлийг нэвтрүүлээд эхэлжээ. Ажилчин, боловсон хүчний хувьд ч тэр өгөгдөл, мэдээллийг мэдлэг, туршлага болгон хувирган чадваргүй бол цомхотголд орох нь дамжиггүй. Ирээдүйд мэдээлэл, мэдлэгтэй мэргэжилтнүүд ажил олгогчдын анхаарлын төвд байх гэнэ. 

Шүүмж сэтгэлгээ

COVID-19-өөс үүдсэн хямралын дараа дэлхий нийтэд хэрэг болох бас нэгэн хүчин зүйл бол шүүмжлэлт сэтгэлгээ юм. Тахлаас үүдсэн интернэт орчин дахь “үймээн”, хуурамч мэдээ, мэдээлэлд хянуур, шүүлтүүртэй хандахыг хүсэж байна. Олон янзын эх сурвалжаас авсан мэдээлэл дундаас аль нь үнэн бодитой болохыг ялгаж салгадаг байх нь чухал. Бүх мэдээлэл үнэн гэсэн баталгаа байхгүй учир компанийн удирдлагууд болон ажилтнууд шийдвэр гаргахдаа мэдээллийн үнэн бодит эсэхийг давхар нягталж байх нь чухал аж. 

Дижитал ба кодлох ур чадвар

Коронавирусийн улмаас компаниудын дижитал өөрчлөлтүүд идэвхжсэн. Тиймээс кодчилол, вэб хөгжүүлэлт, дижитал маркетинг зэрэг ур чадвар бүхий мэргэжилтнүүд харьцангуй эрэлттэй болох гэнэ. Тиймдээ ч аж ахуй нэгж компаниуд хүссэн хүсээгүй үйл ажиллагаандаа цахим шинэчлэл хийх шаардлагатай нүүр тулах ба дагаад боловсон хүчинд ч тийм шаардлага тавигдах аж. 

EQ буюу сэтгэл зүйгээ удирдах 

Цар тахал мэт цаашид хэрхэх нь тодорхойгүй, алхам бүрт аз сорьсон цаг үед хамгийн чухал манлайллын чадвар бол EQ буюу сэтгэл зүйгээ удирдах чадвар аж. Сэтгэл хөдлөлөө ухамсарлах, илэрхийлэх, хянах чадвар хийгээд бусдын сэтгэл хөдлөлийг мэдэрч чаддаг байх нь удирдах, манайлах чадварын суурь болдог. Бизнесийн үйл ажиллагаа нь тодорхойгүй болж, доголдож эхлэх үед сэтгэл хөдлөлөө хянаж, удирдаж сурах нь компанийн удирдлагууд болоод жирийн ажилчдад тавигдах зүй ёсны шаардлага болдог. Тиймдээ ч хүчтэй EQ-тэй хүмүүс ирээдүйд илүү боломж эдлэх аж. 

Насан туршдаа сурч боловсор

Ердөө таван жилийн дараа өнөө үед үнэ цэнтэйд тооцогдож буй мэдлэг, ур чадварын 35 хувь нь өөрчлөгдөх тухай Дэлхийн эдийн засгийн форумын үеэр онцолсон. Коронавирус төдийгүй өөр ямар ч цаг үе, нөхцөл байдалд үнэ цэнээ алдахгүй чадвар бол насан туршдаа суралцах болох юм. Хөдөлмөр эрхлэлтийн хатуу чанга зах зээл бүхий ирээдүй дэлхий ертөнцөд илүү уян хатан, хөрвөх чадвар бүхий мэргэшсэн боловсон хүчин эрэлт хэрэгцээтэй хэвээр байх бөгөөд ажил олохын тулд хүч бага зарцуулах болно. COVID-19-ийн үед таны ур чадварыг дээшлүүлэхэд хэрэг болох үнэгүй онлайн сургалтууд хэдэн зуугаараа байна. Тухайлбал, хиймэл оюун ухаан, IT, инженерчлэл гээд нэрлээд байвал дуусахгүй. Coursera, edX, Udacity, FutureLearn, iversity зэрэг платформ дээр хөгжүүлэхийг хүсэж буй ур чадвараа хайж олоорой. Хөл хорионд байх энэ үеэ боломж хэмээн харж, өөрийн ур чадварыг сайжруулснаар COVID-19-ийн дараах ажлын талбарт аль хэдийн бэлтгэгдчихсэн гарах болно.  

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сураггүй болсон сургалтын зээлийг тайлбарлах газар алга

 0 сэтгэгдэл
  • Хөрөнгө байсан бол оюутнуудад одоо зээлийг нь олгочихмоор байна

Коронавирусийн халдварын тархалтаас сэргийлэхийн тулд бүх шатны боловсролын байгууллагын хөл хориог ирэх намар хүртэл зогсоосон. Гэхдээ энэ нь үйл ажиллагааг нь зогсоосон гэсэн үг биш, онлайн сургалт хэвийн үргэлжилж буй. Гэвч хөл хориог тэг зогсолт гэж ойлгосон төрийн байгууллагын буруугаас болж олон оюутан хохирч эхэллээ. Тодруулбал, 2019­-2020 оны хичээлийн жилд олгох оюутны сургалтын зээл буюу Оюутны хөгжлийн зээлийг одоо хүртэл олгоогүй байна. Үүнээс болоод зээлээр сурч буй оюутнууд хичээл сонголтоо хийж чадахгүй, завсардах нөхцөл үүсчээ. Бүр “эдийн засаг хүнд байгаа энэ үед оюутнуудад зээл олгохгүй” гэх яриа олон нийтийн дунд тараад байна. Энэхүү мэдээлэл үнэн эсэхийг албаны хүмүүсээс тодрууллаа. Оюутны хөгжлийн зээлийг хэзээ олгох талаар Боловс­ролын зээлийн сангийн захи­рал Ж.Ариунболдоос тодруу­лахад “БСШУСЯ-наас зээлд хамрагдах оюутнуудын квот баталж өгөөгүй. Мөн Сангийн яамнаас коронавирустэй холбоотойгоор санхүүжилт олгохгүй байна. Хөрөнгө байсан бол оюутнуудад одоо ч зээ­лийг нь олгочихмоор байна. Боловсролын зээлийн сан зөвхөн санхүүжилт олгодог. Тиймээс Сангийн яамнаас санхүүжилтийн талаар, харин БСШУСЯ-­наас квот баталсан эсэхийг асуугаарай” гэв. Оюутнууд зээл авч чадаагүйгээс болж хичээл сонголтоо хийх, шалгалтаа өгч чадахгүй хохирч байгаа талаар хэлэхэд “БСШУС­-ын сайд Ё.Баатарбилэг оюутны хөгжлийн зээлийг удахгүй олгох тул зээлд хамрагдах хүсэлтээ өгсөн оюутнуудыг хичээл сонголтод хамруулах чиглэлийг их, дээд сургуулиудад өгсөн” хэмээн тэрбээр нарийн мэдээлэл өгсөнгүй. Тус салбарын яам “Манайх Сангийн яам руу хамтарсан тушаалын төслийн саналаа бэл­дээд явуулсан. Хугацааны хувьд оройтож хоцорсон юм байхгүй. Тавдугаар сард Сангийн яам болон манай сайдын хамтарсан тушаалаар квот тогтоодог” хэмээлээ. Харин санхүүжилтийг хэзээ олгох талаар Сангийн яамнаас тодруулахад “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам мэдэх ёстой” гэлээ. Ийнхүү бие бие рүүгээ чихэж, булзааруулж байгаа нь зээл авах хүсэлтээ өгсөн оюутнуудын хүлээлт талаар болж, энэ жил суралцах боломжгүй болох магадлалтай байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Роботуудад ажлаа алдах мөч ойрхон ирснийг коронавирус бидэнд санууллаа

 0 сэтгэгдэл
  • Дэлхий ингэж хурдтай өөрчлөгдөж, техник технологиос улам бүр хараат болж буй энэ үед бид өөрчлөлтөд бэлэн үү. Өөрөөр хэлбэл, ирээдүйд үнэ цэнээ алдахгүй мэргэжилтэн бэлдэж чадаж байна уу

Роботууд хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх давалгааг коронавирус улам идэвхжүүлж орхилоо. Энэ давалгаа цаашид эрчээ авна гэдэгт эргэлзэх хэрэггүй

2025 он гэхэд ажлын байрны 47 хувь нь бүрэн автомат хэлбэрт шилжих судалгааг Оксфордын их сургуулийн эрдэмтэд өдгөөгөөс таван жилийн өмнө хийсэн. Судалгааны багийнхан хамгийн түгээмэл 702 мэргэжилд дүн шинжилгээ хийхэд ойрын ирээдүйд тэдгээрийн 47 хувийг нь роботууд хийх боломжтой гэсэн дүн гарч байв. Тэгвэл дэлхий даяар тархаад буй коронавирус ажлын байр автоматжуулах явцыг улам хурдлуулсан талаар BBC бичжээ. “Хүн хоорондын амьд харилцаагүйгээр бүтэх ажил ховор гэж ихэнх нь боддог. Гэвч тэдний энэ бодлыг коронавирус өөрчилж байна” хэмээн роботуудын эдийн засагт үзүүлэх нөлөөний талаар ном бичсэн Мартин Форд BBC-д ярьсан байна. Өдгөө компаниуд ажилчдаа аль болох гэрээс нь ажиллуулах, тэдний тоог цөөлж, ажлыг нь роботоор нөхөх арга замыг эрэлхийлэх болжээ. Жишээ нь Америкийн жижиглэн худалдааны хамгийн том сүлжээ Wallmart коронавирусийн энэ үед роботуудаар шалаа угаалгаж эхэлсэн бол БНСУ-д роботууд иргэдийн халууныг үзэж, гарыг ариутгаж байна. Хэт ягаан туяаны халдваргүйжүүлэгч робот үйлдвэрлэдэг Данийн компани бүтээгдэхүүнээ хэдэн зуугаар нь Хятад, Европын эмнэлгүүд рүү явуулах болов. Хүнсний дэлгүүр, ресторанууд ч цар тахлын үед роботуудыг ихээр ашиглаж эхэллээ. Тэгвэл вирусийн тархалт намжсаны дараа нөхцөл байдал хэрхэн үргэлжлэх бол. Үүнийг төсөөлөхөд тийм ч хэцүү биш. Байгууллагууд өндөр үнээр авсан роботуудаа гудамжинд гаргаад хаячихгүй. Нэгэнт даалгасан ажлыг нь хийж чадаж байгаа бол харин ч ажилтнаа цөөлж, роботуудыг илүү ихээр ашиглах болно. Учир нь роботууд ажил тасалж алга болохгүй. Цалин нэхэхгүй, их ажил даалгалаа гэж гомдоллохгүй, эвдэрчихгүй л бол хоногийн 24 цагаар ч ажиллаж чадна гээд давуу тал их. Тиймдээ ч роботууд хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх давалгааг коронавирус улам идэвхжүүлж орхилоо. Энэ давалгаа цаашид бүр эрчээ авна гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Өндөр хөгжилтэй орнууд робот нэвтрүүлээ л биз, тэр нь Монголд орж ирээд, бидний ажлыг булаах хүртэл өдий гэж зарим нь бодож магадгүй. Гэхдээ ингэж тайвширч суух хооронд дэлхий асар хурдтай өөрчлөгдсөөр байна. ЛэндМН гэхэд хиймэл оюунд суурилсан технологи нэвтрүүлж, олон хүн олон цаг зарцуулж хийдэг ажлыг хөнгөвчлөв. Тэр ч байтугай робот зөөгчтэй ресторан хүртэл манайд ороод ирлээ. Нэг үеэ бодвол Монголын компаниуд томорч, техник технологиор хоорондоо өрсөлдөх болсон. Угаас технологийн дэвшлийг ашигласан нь өрсөлдөөнд тэсэж үлддэг болсон дэлхий. Тиймээс технологийн дэвшил хүссэн хүсээгүй Монголд нэвтрэх болно. Коронавирус дэгдсэн энэ хэдхэн сарын хугацаанд дэлхий ертөнц ямар хурдан өөрчлөгдөж буйг бид бүгд харж байна. Энэ өөрчлөлт Монголд ч мэдрэгдэж байгаа. Гэрээсээ ямар их ажил амжуулж болдгийг бид харлаа. Байгууллагууд ч цаашид энэ чиглэл рүү явах байх. Түүнчлэн ямар ч байгууллага цахимаар хуралдаж болно гэдгийг цар тахал бидэнд харуулав. Мөн хүний оролцоо аль болох бага байлгахад үйл ажиллагаагаа чиглүүлэх шаардлагатайг сануулсан нь өөрчлөлтийн давалгаа эхлүүлэх хамгийн гол хүчин зүйл байв. Дэлхий ингэж хурдтай өөрчлөгдөж, техник технологиос улам бүр хараат болж буй энэ үед бид өөрчлөлтөд бэлэн үү. Өөрөөр хэлбэл, ирээдүйд үнэ цэнээ алдахгүй мэргэжилтэн бэлдэж чадаж байна уу. Харамсалтай нь энэ тал дээр бид тун ч хол хоцрогджээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2017 онд хийсэн нэгэн судалгаагаар их, дээд сургууль төгсөгчдийн 60 гаруй хувь нь бизнесийн удирдлага, багш, боловсрол судлал, олон улсын харилцаа, анагаах ухаан, инженер гэсэн хэдхэн мэргэжлийг сонгосон байв. Улмаар өнөөгийн Монголд хуульч, эдийн засагч, бизнесийн удирдлага, нягтлан бодогч, түүхч, философич, улс төр судлаач, сэтгүүлч, нийгэм судлаач гэх мэргэжил хамгийн их илүүдэлтэй байгааг тэрхүү судалгаанд дурджээ. Гайхалтай нь ирээдүйд дэлхий дахинд хамгийн их эрэлттэй байх мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүд Монголд хамгийн дутагдалтай гэсэн дүгнэлт гарсан байна. Хэдийгээр судалгаа нь 2017 оных ч тэр үеэс хойш нөхцөл байдал нэг их өөрчлөгдөөгүй байх. Өндөр хөгжилтэй улс орнууд ирээдүйд ямар мэргэжил эрэлттэй байх, ямар нь шаардлагагүй болохыг эртнээс тооцож, үүнийхээ дагуу боловсон хүчнээ бэлддэг. Ингэж байж технологийн эрин үед иргэдээ ажлын байрнаас шахагдах эрсдэлийг бууруулж чадна. Мэргэжилтнүүдийн тооцоогоор бол ойрын ирээдүйд нягтлан бодох бүртгэл, оёдолчин, аялал жуулчлалын менежер, хуульч, банкны теллер, кассчин, дэлгүүрийн худалдагч, такси болон ачааны машины жолооч тэргүүтэй олон мэргэжил эрэлт хэрэгцээгүй болж, роботуудад зайгаа тавьж өгнө. Харин энэ өөрчлөлтийг бид соргогоор мэдэрч, мэргэжилтэн бэлдэхдээ анхаарч байгаа бил үү. Хуульч, эдийн засагч, улс төр судлаач угаас илүүдэлтэй байхад бид жил бүр хэдэн зуугаар нь бэлдсээр байгаад хэн анхаарлаа хандуулах вэ. Энэ янзаараа бол дээд боловсролын дипломтой хүмүүст худалдагчийн ажил ч олдохоо болино. Алс холын мэт санагдаж байсан ирээдүй тун ойрхон ирснийг бидэнд ойлгуулсан нь коронавирусийн нэг ач холбогдол юм даа. “Нийтээрээ ажилгүй болж, хүн амын дундах тэгш бус байдал газар авахаас сэргийлэхийн тулд боловсролын салбарт хөрөнгө оруулах, хөдөлмөрийн хүчээ хөрвөх чадвартайгаар бэлтгэх, насанд хүрэгчдийг дахин сургах нь нэн чухал болоод байна” хэмээн Дэлхийн эдийн засгийн форумыг үндэслэгч Клаус Шваб хэлснийг эцэст нь сануулъя.