A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2629/

Спортод талцал биш дэмжлэг хэрэгтэй байна

Хэрэлдэж тэмцэх биш, нэгдэн нийлчихвэл ямар ихийг бүтээх бол

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2629/


3х3 төрлийн сагсчид сүүлийн хэдэн өдөр монголчуудыг огшоож чадлаа. Том ах нар нь даштий шилдэг наймд шалгарсан амжилтыг 17, 18-тай дүү нар нь давтаж, дэлхийд хүчтэй өрсөлдөх баг байх болно гэдгээ чангаар зарлав. Ш.Энхийн-Од тэргүүтэй манай хөвгүүдийг өөр орны багууд авахаар яриа хэлэлцээ хийгээд эхэлсэн сураг сонсогдох болов. Монголд багийн спорт хөгжихгүй гэх яриа үүгээр дуусгавар болж байна.

Яг энэ үйл явдалтай зэрэгцэн Энэтхэгийн Бангалор хотноо 2021 оны сагсан бөмбөгийн Азийн АШТ-ий сугалаа явагдав. Урьдчилсан шатыг давж гарсан шилдэг 24 баг зургаан хэсэгт хуваагдаж, хэн хэнтэй нүүр тулахаа мэдэж авав. Харамсалтай нь энэ дунд монголын шигшээ алга. Урьдчилсан сорилгыг давж чадаагүйдээ биш л дээ. Харин холбоодын хоорондын зөрчлөөс болоод монголын шигшээг олон улсын тэмцээнд оролцуулахгүй байх шийдвэрийн гор ийн гарч байна. Ингэснээр Т.Санчир, Б.Билгүүн тэргүүтэй өнөө цагийн шилдэг сагсчид бас нэгэн том тэмцээнийг гэртээ зурагтаар үзэхээс аргагүйд хүрэв. Хоёр холбооны хооронд өрнөсөн эцэс төгсгөлгүй маргааны золиосонд тамирчид хэлмэгдсэн ганцхан жишээ энэ. Таван хүнтэй сагсан бөмбөгийн үндэсний шигшээ 2014 оны азийн наадмаас хойш олон улсын нэг ч тэмцээнд оролцоогүй нь өнөөх тэмцэл, хагарлын гай.

Уг нь манайд сагсан бөмбөгийн спорт ямар гоё хөгжиж байгааг хүн бүр хэлж байна. Дээд лигийн финалын тоглолтын тасалбарыг 10 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн ч Спортын төв ордон хөл гишгэх зайгүй болтлоо дүүрсэн тул зохион байгуулагчид ордны гадна том дэлгэц байрлуулж, орж чадаагүй фанатуудын цангааг тайлав. Ивээн тэтгэгчид олшрохын хэрээр асар их мөнгөн дүн яригддаг болж, тэр хэрээр тамирчдын орлого нэмэгдэх боллоо. Нэг сайн тамирчныг багтаа авахын тулд өндөр цалингаас гадна хоёр өрөө байр амлах тохиолдол энгийн үзэгдэл болов.

3х3 төрлийн сагсчид айсуй олимпын наадам өрсөлдөх магадлал тун өндөр байна. Хэдэн жилийн өмнө монголчууд сагсаар олимпод орно гэж яривал хүмүүс шоолж инээлдэх байсан биз. Гэтэл холын гэгдэж байсан мөрөөдөл тун ойрын зорилго болон хувирчээ. Манайхан тэмцээнээ ч өндөр түвшинд зохион байгуулж, үзэгчдэд сэтгэл ханамж бэлэглэж чадаж байна. Үзэгчтэй байна гэдэг энэ спорт цааш оршин тогтнохын үндэс юм.

Эмээлийн бүүрэг шиг хоёр тийш харчихсан, тус тусдаа үйл ажиллагаа явуулж буй холбоод ингэж ажиллаж байгаа юм чинь нэгдэн нийлчихвэл ямар ихийг бүтээх бол. Энэ бол сагсан бөмбөг, спорт сонирхогчдын хамгийн их хүсдэг, хоорондоо ярилцдаг сэдэв.

Холбоо хоёр хуваагдахын зовлонг сагсан бөмбөгийн эх орон америкчууд хүртэл туулаад гарсан юм. 1946 онд Америкийн сагсан бөмбөгийн холбоо (ABA) байгуулагдан үйл ажиллагаа явуулж байтал гурван жилийн дараа үндэсний сагсан бөмбөгийн холбоо (NBA) бий болж, тэдэнтэй өрсөлдөж эхэлсэн түүхтэй. Тэд тамирчдаа булаацалдаж, үүнээс болж үзэгчид ч хоёр хуваагдаад байв. Зөрчил хурцдахын хэрээр нэр хүндээ улам алдаж буйг ойлгосон хоёр холбооны удирдлагууд ширээний ард сууж, нэгдэх гэрээнд гарын үсэг зурснаар бидний сайн мэдэх NBA мэндэлсэн түүхтэй. Энэ үеэс хойш NBA хүрээгээ улам тэлсээр өдгөө жилд долоон  тэрбум ам.долларын орлого олдог хүчирхэг холбоо болжээ. тухайн үед хоёр холбооны удирдлага хувийн эрх ашиг, явцуу сонирхлоо хойш тавьж, энэ спортын хөгжлийн төлөө нэгдэж чадсан нь өнөөгийн их амжилтын үндэс болжээ.

• Хоорондоо учраа олохгүй бол тив, дэлхийн тэмцээнүүдэд оролцуулахгүй байх хориг тавьсан нь одоо ч үйлчилсээр байна.

• Зөрчил хурцдахын хэрээр нэр хүндээ улам алдаж буйг ойлгосон хоёр холбооны удирдлагууд ширээний ард сууж, нэгдэх гэрээнд гарын үсэг зурснаар бидний сайн мэдэх NBA мэндэлсэн түүхтэй. 

• Зөвхөн сагсан бөмбөг ч гэлтгүй бусад спорт холбоод ч хуваагдал, тэмцэлтэй нүүр тулсаар олон жилийг үдэв.

Харин одоо монголын сагсан бөмбөгт яг ийм нэгдэл л хэрэгтэй байна. Бид өнгөрсөн жилүүдэд хагарал тэмцлээс юу хожив. Тэдний хоорондын зөрчлөөс болж тамирчид хоёр хуваагдаж, аль холбоонд харъяалагдахаа мэдэхгүй ацан шалаанд ороод байна. Том тэмцээнд оролцох гэж буй 3х3 төрлийн шигшээгийнхэнд бэлтгэл хийх заал олдохгүй байгаа тухай мэдээ хүртэл сонсогдож байлаа. Эцэст нь олон улсын холбооноос манай дотоод хэрэгт оролцохдоо тулж, хоорондоо учраа олохгүй бол тив, дэлхийн тэмцээнүүдэд оролцуулахгүй байх хориг тавив. Ингээд эх орныхоо төлөө нэрээ гаргаж явах учиртай тамирчид ид үеэ хий дэмий өнгөрөөхдөө туллаа. Энэ хориг цаашид хэр удаан үргэлжлэхийг хэн ч үл мэднэ.

Зөвхөн сагсан бөмбөг ч гэлтгүй бусад спорт холбоод ч хуваагдал, тэмцэлтэй нүүр тулсаар олон жилийг үдэв. Монголын чөлөөт бөхийн холбоо 1970-аад онд хэрүүл тэмцэлтэй байсан, одоо ч хэвээрээ. Энэ зөрчил намжих нь байтугай улам дэвэрч, өнөө цагт бүр оргилдоо хүрлээ. Сүүлдээ сөргөлдөгч талууд нөгөө талынхаа тамирчдыг хавчин гадуурхах, шагнал урамшуулал өгөхгүй байх, бэлтгэл хийх боломжийг нь тасалдуулах хүртлээ тэмцэл хурцдав. Үр дүнд нь эрэгтэй чөлөөтийнхөн 1980 оноос хойш олимпын наадмын бараа хараагүй явна.

Монголын үндэсний бөхийн холбооны хэрүүл шүүх, цагдаадаа тулж олон жил сунжирсан ч үл ойлголцол улам газар авсаар. Мөн л хэдэн бөхчүүдээ хоёр хувааж, нөгөө талынхаа зохион байгуулсан барилдаанд очиж барилдахгүй байхыг сануулдаг болсон гэнэ. Эцэс сүүлдээ олон хүний хандив тусламж, хөдөлмөрийн үр дүнд боссон бөхийн өргөөгөө төрд алдах дээрээ тулж ирэв. Хамгийн харамсалтай нь монгол эр хүний үлгэр дуурайл гэгдсэн бөхчүүдийн нэр хүнд олны дунд навс уналаа. Шинэ үеийн залуус үндэсний бөх шимтэн сонирхох нь улам багассаар байгаа нь тэдний буруу биш. Муу муухай бүхэн энэ спортоос сонсогдоод байдаг болохоор үзэх хүсэл яаж төрөх билээ. Хүү төрвөл бөх болгоно гэж ярьдаг байсан эртний сайхан үг одоо цагт тохиромжгүй тохуурхал мэт сонсогдох болов. Энэ бүхэн эцэс төгсгөлгүй хэрүүл тэмцлийн л үр дүн, өөр юу ч биш.

Одоо монголын спортынхон хэрүүл тэмцлээ зогсоож, нэгдэн нийлэх цаг иржээ. Нэгдэн нийлж, нэгэн зорилгын төлөө зүтгэвэл юунд ч хүрэх боломжтойг манай тамирчид эхнээсээ нотлон харуулж байна. Сагсчдаа олимпын наадамд өрсөлдөж, чөлөөтийнхнөө олимпоос медаль авахыг хүн бүр л харахыг хүсэж байгаа биз дээ. Тэдэнд хэрүүл тэмцэл биш, дэмжлэг юу юунаас илүү хэрэгтэй байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Шигшээ багийн тамирчид бэлгийн дарамтад өртдөг байсан нь ил боллоо

“Алдах зүйл ихтэй тамирчид дарамтад өртөх нь их байна”

 0 сэтгэгдэл


Спортын салбарт, тэр тусмаа үндэсний шигшээ багийн түвшинд бэлгийн дарамт далд хэлбэрээр оршиж буй нь судалгааны үр дүнд тодорхой болоод байна. Манай сонины зүгээс энэхүү зүй бус, бусармаг зүйлийн эсрэг нэгдэж, дуу хоолойгоо өргөхийг Монголынхоо сор болсон эмэгтэй тамирчдад уриалж байна. Энэ талаарх судалгааг хийсэн судлаач М.Болормаатай уулзаж ярилцлаа.

Манай улсад далд хэлбэрээр оршиж байсан бэлгийн дарамт, түүнтэй холбогдох хэргүүд аажим аажмаар ил болж, төрийн өндөр албан тушаалтнууд ч нэр холбогдох болсон. Тэгвэл нийгмийн хамгийн гэгээтэй салбар болох спортынхны дунд бэлгийн дарамт гэх зүй бус үзэгдэл далд хэлбэрээр олон жил оршиж байсан нь ил боллоо. Нэрээ нууцалсан тамирчдын яриа, спортоо гомдолтойгоор орхисон охид бүсгүйчүүд үнэнийг бага багаар илчилсээр байна. Ажлын байрны бэлгийн дарамт, хүйсийн тэгш эрхийн чиглэлээр 2002 оноос хойш тасралтгүй ажиллаж буй “Эмэгтэй удирдагч” сангийн тэргүүн, жендэрийн шинжээч, судлаач М.Болормаатай энэ талаар ярилцлаа. Тэрбээр энэ онд “Спортын салбар дахь жендэр ба эмэгтэй тамирчдын эрх” сэдвээр жендэрийн шинжилгээ хийж, судалгааны үр дүнгээ саяхан танилцуулсан юм.

Жин үздэг хяналтын баг, шүүгч, дасгалжуулагчид ихэнхдээ эрэгтэйчүүд байдаг. Ямар ч тамирчин хэчнээн эр зоригтой байлаа ч гэсэн эмэгтэй хүнийхээ хувиар шав шалдан жингээ үзүүлээд зогсож байна гэдэг байж болохгүй үзэгдэл.

СУДАЛГААНЫ ГАНЦААРЧИЛСАН УУЛЗАЛТАД ХАМРАГДСАН ЕСӨН ХҮН СПОРТЫН САЛБАРТ БЭЛГИЙН ДАРАМТ БАЙГАА, ГАРЧ БАЙСАН ТОХИОЛДЛУУДЫН ТАЛААР ХЭЛСЭН БОЛ БЭЛГИЙН ДАРАМТАД ӨРТӨЖ БАЙСАН Ч ӨӨРТ НЬ МУУ ЗҮЙЛ ТОХИОЛДОХООС АЙЖ, ХЭЛЭХЭЭС ТАТГАЛЗСАН 15, ӨӨР ТАМИРЧИНД ИЙМ ЗҮЙЛ ТОХИОЛДСОН ТАЛААР СОНССОН 20 ТАМИРЧИН БАЙЖЭЭ. ХАРИН ЭНЭ ТӨРЛИЙН ДАРАМТАД ӨРТСӨН ТАЛААР ГОМДОЛ ИРЖ БАЙСАН УУ ГЭЖ АСУУХАД УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДЫН 50 ХУВЬ НЬ “ТИЙМ” ГЭЖ ХАРИУЛСАН БАЙНА.

-Судалгааны тайланд хэд хэдэн ноцтой тохиолдлууд дурдагдсан байсан. Спортын ямар төрөлд бэлгийн дарамт хамгийн их байна вэ?

-Энэ удаагийн жендэрийн судалгааг спортын ганцаарчилсан төрлийн тамирчдаас авсан. Судалгааны дүгнэлтээс үзэхэд жүдо, чөлөөт бөх, буудлага, бокс, хүндийг өргөлтийн тамирчдын дунд бэлгийн дарамтад өртөх тохиолдолууд гарч байсан байна.

-Ер нь ямар шалтгааны улмаас бэлгийн дарамт үйлдэгдэж байна вэ?


-Спортын салбарын онцлогоос хамаараад бэлгийн дарамт үйлддэг юм байна. Тухайлбал, жүдо, чөлөөт бөх, хүндийг өргөлт зэрэг спортын төрлүүд нь өөрөө харилцан контакт дээр суурилдаг, тухайн тамирчны биед нь дасгалжуулагч хийгээд хэн нэгэн хүрэхээс өөр аргагүй. Гэхдээ биед нь хүрэх зайлшгүй нөхцөлийг далимдуулах, бэлгийн дарамтын шинжтэй үйлдэл болгохгүй байх ёстой. Мөн хохирогчид хүлцэн тэвчиж тэднийг улам бүр давраадаг, хангалттай ойлголт, мэдээлэлгүй байгаа нь ч нөлөөлдөг байна.

-Буудлагын шигшээ багийн нөлөө бүхий дасгалжуулагч, мөн чөлөөт бөхийн гурав, жүдогийн хоёр ч дасгалжуулагч бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдож, тухайн үед спортын холбоод дотроо асуудал үүссэн ч, чимээгүй дарагдаад өнгөрсөн мэдээллүүд байна. Эдгээр спорт бол манайд ТОПгэж нэрлэгддэг төрлүүд. Гэтэл судалгааны үр дүнд дээрх спортын тамирчид бэлгийн дарамтад их өртөж байна гэж гарчээ. Тамирчдад ихэвчлэн ямар байдлаар бэлгийн дарамт үзүүлдэг вэ?


-Үндэсний шигшээ багийн тамирчдад ийм асуудал тохиолдсон юм билээ. Дасгалжуулагчид тухайн тамирчнаар өөрийн дур хүслээ гүйцэлдүүлэхийн тулд янз бүрийн саналууд тавьдаг байж. Өөртэй нь дотно харьцаанд орохгүй бол тэмцээн уралдаанд нь явуулахгүй байх, хээрийн бэлтгэл хийх, гадагшаа, дотогшоо тэмцээн уралдаанд явж, нэг дор байрлах үеэр далимдуулах, шигшээ багаас хасахаар сүрдүүлэх, “Чи ерөөсөө болохгүй байна. Гэхдээ надтай ойртвол дасгалжуулагч нь зохицуулаад өгье” гэх мэт өөрт байгаа эрх хэмжээ, тамирчдын амжилт гаргах эрмэлзлийг ашиглаж, барьцаалсан байдлаар дарамт үзүүлсэн байсан. Мөн мэх заах, өргөлтийн техник заах нэрийдлээр тамирчдын эмзэг газарт нь давтамжтай хүрэх тохиолдлууд байсан. Тавьсан саналыг хүлээн авахгүй бол тэмцээн уралдаанд явуулахгүй байх болов уу, багаасаа хасагдах болов уу гэсэн айдас тамирчдад төрдөг байна.

-Эмэгтэй тамирчид жингээ үзүүлэхийн тулд олон эрчүүдийн дунд нүцгэлэх шаардлага тулгардаг, өөхлөлтөө үзүү-лэхийн тулд биеийнхээ эмзэг хэсгүүдээс атгуулах, бариулахыг зөвшөөрдөг гэсэн. Энэ нь ичгүүртэй байдалд ороод зогсохгүй бэлгийн сэдэл үүсгэх нөхцөл болдог байх. Зөвхөн манай улсад л ийм байдаг уу?


-Спортын салбар өөрөө хатуу дэг журамтай. Тухайн тамирчин хэрвээ 55 кг-ын жинд орж байгаа бол яг л тэр жиндээ байх ёстой. Жин нь 100 гр л илүү байвал дотуур хувцсаа тайлахаас өөр аргагүй болдог. Зарим тамирчин үсээ хүртэл тайруулсан тохиолдол бий. Жин үздэг хяналтын баг, шүүгчид, дасгалжуулагчид ихэнхдээ эрэгтэйчүүд байдаг. Ямар ч тамирчин хэчнээн эр зоригтой байлаа ч гэсэн эмэгтэй хүнийхээ хувиар шав шалдан жингээ үзүүлээд зогсож байна гэдэг байж болохгүй үзэгдэл. Энэ бол зөвхөн манайд л байгаа асуудал. Бид судалгааны үр дүнд үндэслэн эмэгтэй тамирчны жинг үзэхэд хяналтын багт зөвхөн эмэгтэйчүүд л байх ёстой гэсэн саналыг зөвлөмждөө тусгасан. Энэ асуудал дээр Биеийн тамир, спортын газраас цаашид анхаарч ажиллахаар болсон.

-Бэлгийн дарамтад өртсөн, эсвэл найз нөхдөд нь ийм асуудал тулгарсан хүмүүс яагаад зоригтой дуугарч чадахгүй байна вэ. ХЭҮК-д ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой 13 гомдол ирсэн байна. Судалгааны үр дүн, бодит байдалтай харьцуулахад энэ бол бага тоо. Мэдээж хэрэг нэр төр, карьер, айдас гэх мэт олон хүчин зүйл нөлөөлдөг байх. Гэвч өөр шалтгаан байна уу?


-Хохирогчид өөрсдийгөө бэлгийн дарамтад өртөж байна гэдгээ ойлгож, мэдэхгүй байх тохиолдол их байна. Мэдлээ гэхэд хаана, хэнд хандах талаар тодорхой ойлголтгүй байдаг. Ихэнх эмэгтэй “би үүнийг давж туулах л ёстой, ийм зүйл угаасаа л байдаг юм байна” гэж хүлцэн тэвчдэг. Нөгөөтэйгүүр хохирогч эмэгтэйчүүд гомдол гаргасан ч эргээд өөрөө хохирогч болох тохиолдол их байна. Учир нь үүнийг эцэслэн шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх хуулийн санкц алга. Зөвхөн спортын бус, бусад салбарт ч бэлгийн дарамтад өртсөн эмэгтэйчүүд хохирч үлдсээр байгаа нь харамсалтай. Шүүх дээр хавтаст хэрэг очоод, шийдвэрлэгдэх болоод ирэхээр хохирогчоос нотлох баримт шаарддаг. Бэлгийн дарамт нь хоёр хүний хооронд л болж буй үйл явц. Мессеж илгээсэн бол хадгалах, яриаг нь бичиж авах л боломжтой болохоос бодит байдал дээр өөр хэлбэрээр бие махбодид үзүүлж буй дарамтыг нотлох, баримт цуглуулах боломж тун хомс. Мөн үйлдэж буй этгээд нь ихэнхдээ эрх мэдэлтэй хүмүүс байдаг учраас хэргийн явцад нөлөөлөх, хэрэг дарагдаад өнгөрч байгаа нь өнгөрсөн хугацаанд ажиглагдсан. Бид сургалтынхаа үеэр хэрвээ ажлын байранд тухайн хүнд үзүүлж байгаа бэлгийн дарамтын давтамж их болж байвал өөрийгөө хамгаалах тодорхой арга замуудыг зааварчилдаг. Тухайлбал, бэлгийн дарамтад өртөж байгаа нөхцөлд найз нөхөд, хамт олондоо хэлэх, бэлгийн дарамт үзүүлж буй албан тушаалтан дуудлаа гэхэд өөр хэн нэгэнд хэлж, тухайн хүн араас нь санаандгүй мэтээр орох ч гэдэг юм уу гэрчтэй байх хэрэгтэй.

-Бэлгийн дарамтад өртсөн тамирчдаас гомдол ирдэг гэж удирдах албан тушаалтнууд хариулсан байсан. Гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн бол?


-Холбогдох удирдлагууд нь тамирчин болон дасгал-жуулагчтайгаа уулзаж, ярилцах замаар шийдвэрлэсэн хоёр гуравхан тохиолдол байсан. Нуун дарагдуулсан, одоог хүртэл шийдвэрлээгүй тохиолдлууд байгааг ч хэлж байсан. Тамирчны эрх ашиг зөрчигдөөд өнгөрч байхад тухайн дасгалжуулагч болон спортын нэр хүндээ хамгаалаад өнгөрөх гэсэн явцуу хүрээнд асуудлыг авч үзэж байгаа нь харамсалтай. Тамирчинг өөр багт шилжүүлж, дасгалжуулагчийг нь солих арга хэмжээ авсан тохиолдол бол байдаг юм билээ.

-Бэлгийн дарамтаас болоод спортоо орхисон тамирчин байсан уу. Ер нь ийм тохиолдол хэр их байдаг бол?


-Манай улсад ийм тохиолдол ер нь цөөн. Ихэнх тамирчин “Би үүнийг давж гарах ёстой. Ийм зүйл байдаг л юм шиг байна” гэж боддог, зорьсондоо хүрэх ёстой гэсэн тамирчин хүний шинж чанараасаа болоод тэвчих, чимээгүй өнгөрөх, нөгөө талаас жендэр, эмэгтэйчүүдийн эрх, ажлын байрны бэлгийн дарамтын талаарх мэдээлэл хомс байгаа нь бэлгийн дарамтыг тэсвэрлэж, спортоо орхихгүйгээр үргэлжлүүлэхэд нь нөлөөлж байна. Тухайн тамирчин дахиад ингэвэл би яах вэ, цаашдаа яах вэ гэсэн сэтгэл зүйн дарамтад орсноор карьерт нь, даамжирвал гэр бүлд нь ч нөлөөлнө. Улмаар спортоо орхиход хүрнэ шүү дээ.

-Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын холбогдсон асууд лыг та хэрхэн дүгнэж байна. Энэ хэрэгтэй холбоотой дүгнэлт хийсэн байх?


-Энэ хүний гаргасан үйлдэл бол Д.Одбаяр хэн байхаас үл хамаараад охид эмэгтэйчүүдийн эрхийг бүдүүлгээр зөрчсөн явдал. Олон нийтийн сэтгэгдэл, хэргийн үйл явц зэргээс харахад манай иргэд хүүхдүүддээ багаас нь эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай бусдын биед зөвшөөрөлгүй хүрч болохгүй гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Хоёрдугаарт, эмэгтэйчүүд л өөрсдөө эхэлдэг, эмэгтэй хүн сэдэл өгдөг гэсэн хандлагыг өөрчлөх, хууль, эрх зүйн орчноо сайжруулах хэрэгтэй байгааг энэхүү үйл явдал харуулж байна.

-Манай улсад энэ асуудалтай холбоотой хууль эрх зүйн орчин хангалттай бус. Нөгөөтэйгүүр нийгмийн тогтсон хандлага нь хохирогчдыг буруутгахад чиглэдэг, өгзгөнд нь хүрэх, гараас нь атгах гэх мэт үйлдлийг хэвийн мэт хүлээж аваад байх шиг. Цаашид энэ чиглэлээр ямар бодлого барьж ажиллах хэрэгтэй вэ?


-Бид жендэрийн үнэлгээг хийхдээ спортын салбарт олон улсад ямар бодлого баримталж байгаа талаар судалсан. Эмэгтэй тамирчид олноор хичээллэдэг спортын төрлүүдэд эмэгтэй дасгалжуулагч хангалттай хэмжээгээр бэлтгэх бодлогыг Европын холбооны гишүүн орнууд баримталж байна. НҮБ, ОУОХ-ноос энэ асуудалд анхаарлаа хандуулж, гэрээ конвенц, бодлогын баримт бичгүүдийг гаргаж, хэрэгжүүлээд эхэлсэн. Манай улс ч бас цаашид дээрх гэрээ конвенцуудтай уялдуулан мөрдөхөөс гадна Боловсролын яам энэ асуудалд анхаарал хандуулж, эмэгтэй дасгалжуулагчдыг бэлтгэх чиглэлээр системтэй ажиллах хэрэгтэй. Биеийн тамирын багш, дасгалжуулагч гэх хоёр мэргэжлийн ялгааг хүүхдүүдэд ойлгуулах, системийг сайжруулах гэх мэт. Боловсролын энэ тогтолцоо өөрөө асуудалтай байгааг холбогдох салбарынх нь хүмүүс хэлж байсан. “Эмэгтэй удирдагч” сан спортын салбарт эмэгтэй тамирчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр тамирчин, дасгалжуулагчийн хооронд байгуулдаг гэрээнд ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой заалт оруулж өгөх нь зүйтэй гэж зөвлөмждөө тусган, Биеийн тамир, спортын газартай хамтран ажиллах санамж бичгийг үзэглэсэн. Удахгүй олон үйл ажиллагаа хэрэгжүүлнэ. Мөн ирэх долоо хоногоос тамирчид, дасгалжуулагчдад чиглэсэн цуврал сургалтуудыг зохион байгуулж эхэлнэ. Хамгийн гол нь охид эмэгтэйчүүд ажлын байрны бэлгийн дарамтын талаар мэдлэгтэй, үүнээс урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах чадвартай болох хэрэгтэй. Төрийн албаны тухай хуульд энэ чиглэлээр тодорхой заалтууд орсон. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хуулийн зүйл заалтыг таниулан сурталчлах хэрэгтэй байна. Мөн ажилтныхаа гаргасан гомдлыг хүлээн авах, шийдвэрлэхэд байгууллагын соёл, хүний эрхийг дээдлэх, эрхэмлэх ёс зүй маш чухал.

-Танай байгууллага боловс-ролын салбарт судалгаа хийсэн юм билээ. Ер нь ямар хүмүүс бэлгийн дарамтад их өртөж байна вэ?


-Ажлын байрны бэлгийн дарамт нь тухайн хүн хүсээгүй байхад ямар нэгэн зүйлээр барь цаалан албадах хэлбэрээр үйлдэгддэг. Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх ТББ-уудын эвслээс бусад салбарт хийсэн судалгаагаар энэ төрлийн хэргийг ихэнхдээ эрх мэдэлтэй хүмүүс үйлддэг гэсэн статистик мэдээллүүд бий. Тухайлбал, албан тушаал ахиулъя, цалинг нь нэмье, ажлаас нь хална гэх мэтээр өөрийн эрх мэдлийн давуу байдлыг ашиглаж байна. Мөн боловсролын салбарт хийгдсэн судалгаагаар ахимаг насны багш нар эмэгтэй оюутнуудад бэлгийн дарамт үзүүлэх тохиолдол их байсан. Оюутанг шалгалтанд нь унагаах, дүнгээ тавиулъя гэж бодож байгаа бол тийм газар ир гэх мэтээр дарамталсан тохиолдол цөөнгүй. Хэдэн жилийн өмнө МУИС-ийн нэг эмэгтэй оюутан бидэнд буурал толгойтой, профессор багш асуугдаж байхад нь урдуур хойгуур нь гарч өгзгийг нь базах, хөхөнд шүргэх зэрэг үйлдэл гаргаж байсан тухай уйлаад ярьж байсан. Тэр багшийн шалгалт шүүлгээс бүх л эмэгтэй оюутан айдаг, эмээдэг байсан байгаа юм. Цаашид бид урлагийн салбарт энэ чиглэлээр судалгаагаа хийх төлөвлөгөөтэй байна. 2017 онд ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой заалтуудыг эрүүгийн хуульд тусгасан боловч хасагдсан. Хууль эрх зүйн орчныг сайжруулах талаар манай эвслийн баг шаргуу ажиллаж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Какүрюү М.Ананд Монгол Улсын иргэншлээс татгалзжээ

 0 сэтгэгдэл

Мэргэжлийн cумо бөхийн 71 дэх их аварга Какүрюү М.Ананд Монгол Улсын иргэншлээс гарах хүсэлтээ илэрхийлжээ. Монгол Улсын харьяаллаас гарах болсон шалтгаан нь сумо бөхийн Изицү дэвжээг өвлөж авахтай холбоотой аж. Аварга М.Анандын харьяалагддаг Изүцү дэвжээний багш Сакахоко өнгөрсөн сард өөд болсон. Тиймээс дэвжээний хамгийн өндөр цолтой бөхийн хувьд Какүрюү М.Анандад дэвжээгээ ахлах үүрэг хариуцлага ирсэн байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэрбээр энэ сарын башёгаас эхлэн японы нэр дээр зарлуулж барилдах бололтой. Какүрюү М.Ананд японы иргэн болохоо зарлуулснаас хойших анхны башёдаа Япон аваргын нэр төрийг хамгаалж барилдана гэдгээ илэрхийлсэн гэж Kyodone­ws.jp мэдээлжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Жүдогоор залуучуудын эмэгтэй дэлхийн аварга төрлөө

 0 сэтгэгдэл
  •  Мароккогийн Марракеш хотод жүдо бөхийн залуучуудын ДАШТ болж байна. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 52 кг-д залуучуудын олимпын мөнгөн медальт Л.Сосорбарам түрүүлж, Монголын жүдочдын түүхэнд хоёр дахь, эмэгтэйчүүдээс анхны алтан медалийг авлаа.

Энэ удаагийн залуучуудын ДАШТ-д нийт 81 орны 517 жүдоч (294 эрэгтэй, 223 эмэгтэй) оролцож байгаа юм. Манай улсаас 15 жүдоч (7 эрэгтэй, 8 эмэгтэй) хүч сорьж буй. Эхний өдөр болсон эмэгтэйчүүдийн 52 кг-д залуучуудын олимпын мөнгөн медальт Л.Сосорбарам эхний даваанд Германы Анника Вурфелийг, хоёрдугаар тойрогт Узбекистаны Сита Кадамбоеваг, хэсгийн аваргын төлөө Нидерландын Наоми ван Кревелийг ялсан. Улмаар медалийн төлөөх барилдаанд Бразилын Ларисса Пиментаг нэмэлт цагт вазари үнэлгээгээр буулган авчээ. Харин аваргын төлөө Тайванийн жүдоч Сү Лин Сүаныг цэвэр ялснаар Мароккогийн ордонд төрийн дууллаа эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа мандуулав. Л.Сосорбарамаас өмнө Ө.Дүүрэнбаяр таван жилийн өмнө үеийн тамирчдаа манлайлан аваргалсан түүхтэй. Монголын жүдочид 2018 оныг эс тооцвол 2008 оноос хойш жил бүр залуучуудын ДАШТ-ээс ямар нэгэн медаль хүртсээр ирсэн. Манай жүдочид залуучуудын ДАШТ-ээс нийт 17 медаль хүртээд байна.





A

Жижиг

A

Дунд

A

Том

Жилд 1.5 сая ам.долларын санхүүжилт хийж байна

 0 сэтгэгдэл



•Монголд хөлбөмбөгийн ирээдүй гэрэлтэй харагдаж байна

•Шинэ талбайнууд битүү дээвэртэй болохоор өвлийн цагт ч хөлбөмбөг тоглож, тэмцээн уралдаан зохион байгуулах боломжтой болно.

• Хөлбөмбөгийн талбайг Air dome ашиглан битүү дээвэртэй болгохоор тохиролцсон бөгөөд шаардлагатай зардлыг хоёр талаас 50, 50 хувиар гаргахаар болжээ. 

• Японд 45 мянган хөгжөөн дэмжигчийнх нь өмнө тоглох амаргүй. Японд 6:0-ээр хожигдоно гэдэг хөгжлийн алхам.


Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жианни Инфантино манай улсад айлчилж, FIFA­гийн төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй танилцаад буцлаа. Монголын хөлбөмбөгийн холбооны тэргүүн А.Ганбаатарын урилгаар FIFA­гийн ерөнхийлөгчийн хувиар дахин ирсэн нь энэ. Түүний хувьд зургаан жилийн өмнө буюу 2013 онд Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа манай улсад анх удаа ирж байв. Дээр дурдсанчлан Жианни Инфантино МХБХ­ны одоогийн үйл ажиллагаа, ирээдүйн зорилго зорилт, FIFA Forward төслийн хэрэгжилтийг бодитоор харах зорилготой ирсэн аж. Тэрбээр нэг өдрийн айлчлалынхаа хүрээнд Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзаж, FIFA Forward хөтөлбөрийн хүрээнд Шинэ Яармагт барьсан ногоон талбайн нээлтэд оролцов. Жианни Инфантиногийн хамтаар Францын шигшээ багт тоглож 1998 оны дэлхийн аварга, 2000 оны Европын аварга монгол цустай гэгддэг Юрий Жоркаеф иржээ. Жоркаеф нь FIFA­гийн төслийн менежерийн албан тушаал хашиж байгаа гэнэ. Жианни Инфантино Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзахдаа одоо байгаа хөлбөмбөгийн талбайuгаас хоёрыг нь Air dome ашиглан битүү дээвэртэй болгохоор тохиролцсон бөгөөд шаардлагатай зардлыг хоёр талаас 50, 50 хувиар гаргахаар болжээ. Шинэ Яармаг дахь хөлбөмбөгийн талбайн нээлтийн үеэр FIFA­гийн ерөнхийлөгч Жианни Инфантинотой цөөн хором ярилцлаа. 


-Юун түрүүнд монгол оронд тавтай морил?­ 

-Баярлалаа. Монголд маш тааламжтай цагаар ирлээ. Энэ өдрүүдэд Ази тивд 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ­-ний урьдчилсан II шатны тоглолт болж байна. Монголын баг ч чамлахааргүй амжилттай орол­цож байгаа. Монголд хөлбөмбөг хэмээх гайхалтай спортыг хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж буй хүн бүхэнд чин сэтгэлээсээ баяр хүргэе.

-Өнөөдөр /өчигдөр/ та шинэ талбайн нээлтэд оролцлоо. Ямар сэтгэгдэл төрж байна вэ?­

-Би энд ирсэндээ маш их баяртай, бас бахархалтай байна. Монголд бас нэг сайхан хөлбөмбөгийн талбай, спортын цогцолбор байгуулж, сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа Монголын хөлбөмбөгийн гайхалтай, сэтгэл хөдөлгөм түүхийн нэг хэсгийг бичиж байна. Ингээд гурван стандарт хэмжээний талбайтай боллоо. Шинэ талбайнууд битүү дээвэр­тэй болохоор өвлийн цагт ч хөлбөмбөг тоглож, тэмцээн уралдаан зохион байгуулах боломжтой болно. Зөвхөн шигшээ баг гэлтгүй, хөвгүүд, охид, мөн клубуудын аварга шалгаруулах тэмцээнээ ч улирал харгалзахгүй явуулах боломжтой. Ер нь Монгол улс тэр чигээрээ спортын орон шүү дээ. бөхийн барилдаан гээд ганцаарчилсан спортын төрлөөр хэдийн дэлхийд гялалзсан. одоо бас хөлбөмбөг хүчтэй хөгжиж байна. Хөлбөмбөг хамгийн гайхамшигтай спорт. Энэ бол багийн спорт. Үнэндээ сургуульд, амьдралд, хүүхдүүдэд багаар ажиллах, өрсөлдөгч, шүүгч гээд бусдыг хүндлэх төдийгүй ялах, ялагдах гээд маш олон ур чадвар суулгадаг спорт. Энд байгаа хөвгүүд, охид үүнийг харуулж байгаа шүү дээ. Энэ бол ердөө л эхлэл. Бид хамтдаа шаардлагатай байгаа барилга байгууламжийг барьж байна. Монголд хөлбөмбөгийн ирээдүй гэрэлтэй харагдаж байна. Танайд дэлхийд гялалзах техникийн ур чадвар, биеийн хүчний давуу тал бий. Тэгэхээр энэ бүхний төлөөх үйл ажиллагаа, үр дүн гайхалтай байна гэдэгт итгэлтэй байгаа.

-FIFA Forward хөтөлбөрийн хүрээнд монголд хэрэгжсэн төслүүдийн тухай юу хэлэх вэ?­

-Энэ хөтөлбөр бол шинэ зүйл. Би гурван жилийн өмнө FIFA-­гийн ерөнхийлөгч болсноосоо хойш үүнийг хэрэгжүүлж байгаа. Одоо харин бид энэ хөтөлбөрийн хүрээнд жилд 1.5 сая ам.долларын санхүүжилт Монголд хийж байна.
Бидний зогсож буй энэ талбай, бас талбайн битүү дээврүүд үүний нэг хэсэг. Бас холбооны үйл ажиллагаа, тэмцээний зохион бай гуулалтад санхүүжилт хийж байгаа шүү дээ. FIFA Forward хөтөлбөрийн хүрээнд Монголын хөлбөмбөг зохион байгуулалт тун сайтай болж байгаад талархаж байна. Тун удахгүй үүний үр дүн харагдана. Хэдхэн арван жилийн өмнө Европын орнуудад үүний үр дүн харагдсан. Тиймээс Монголд ч гэсэн адилхан.

-МХБХ-ны сүүлийн жилүүдийн үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ?

-Би зургаан жилийн өмнө Монголд ирж байснаас хойш тун гайхалтай хөгжиж. Би танай улсад хоёр дахь удаагаа ирж байна. Энэ удаад ОУХБХ-ны ерөнхийлөгчийн хувиар. ОУХБХ-ны зүгээс сүүлийн гурав, дөрвөн жил санхүүжилт хийсний дараа шүү дээ. Ер нь улс орон даяараа сүүлийн зургаан жилд их өөрчлөгджээ. Бас үндэсний шигшээ багийн амжилт дээшилж байна. Зөвхөн үндэсний шигшээ ч гэлтгүй, өсвөр залуус, эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн эхлэл тавигдаж, хөгжиж байна. Бурхан тэнгэр танай багийн амжилтыг харж байгаа юм шиг. Монголын баг 6:0­ээр Японд хожигдсон. Мэдээж Японд тоглох амаргүй. 45 мянган дэмжигчийнх нь өмнө. Бразилчууд ДАШТ-ний хагас шигшээд өөрсдийнхөө цэнгэлдэхэд 7:1­ээр Германд хожигдож байсан шүү дээ. Тэгэхээр 6:0­ээр Японд хожиг­доно гэдэг хөгжлийн алхам.  Хэдхэн жилийн өмнө байсан бол Монголчууд Японд 30:0­ээр хожигдох байсныг ч үгүйсгэхгүй. Энэ бол сайны дохио. Яг өнөөдрийн хувьд үр дүн тийм ч чухал биш болов уу. Хамгийн гол нь Монголд хөлбөмбөгийн хөгжил өндөр түвшинд гарах ажлыг одооноос эхлүүлж байна. Монголын холбоо маш их хичээж ажиллаж байгаа. Тиймээс бид ч бүх талаар туслахад бэлэн. Магадгүй тав, арван жилийн дараа арай өөр үр дүн харагдаж болох юм.


Дашрамд сонирхуулахад, FIFA-­гийн төслийн менежер Юрий Жоркаеф Монголын эмэгтэй хөлбөмбөгийг хөгжүү­лэхэд анхаарал хандуулах бөгөөд ирэх онд дэлхийн шилдэг хөлбөмбөгчидтэй хамт манай улсад ирж нөхөрсөг тоглолт зохион байгуулах гэнэ. Тэрбээр “Би Монголд анх удаа ирлээ. Аавынхаа талаас би монгол цустай. Тиймээс энд ирсэндээ их бахархалтай байна. Дараа нь би гэр бүлтэйгээ нэг өдөр энд дахиад ирнэ гэж төлөв­лөсөн. Надад Монгол улс, хүмүүс маш их таалагдаж байгааг хэлье. Мэдээж энд хөлбөмбөгийн төлөө хийх зүйл маш их байна. Би дэлхий даяарх өсвөр насныхан, сургуулийн хүүхдүүдийн хөлбөмбөгийн хөгжлийн хөтөлбөр дээр ажилладаг. Тэгэхээр Монголд ч гэсэн түүнийг хэрэгжүүлэх тухай бодох болно. Учир нь энд хөлбөмбөг тоглох гэсэн хүсэл эрмэлзэл их байгааг би харлаа. Тиймээс ямартай ч би буцаж ирнэ” гэв.