A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2653/

Спортын аялал жуулчлалаас мөнгө босгох арга “түүхий” байна

Харилцан уялдаатай салбаруудыг хоёр яаманд хувааснаас бодлогын алдаа гарсан

Спортын аялал жуулчлалаас мөнгө босгох арга “түүхий” байна
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2653/


Монголын аялал жуулчлалын бодлого аль болох олон жуулчин татаж, тэднээс мөнгө “саах” зорилго агуулж буй энэ үед аяллын салбар бүрийн үзүүлэлтийг дээшлүүлэх нь гол зорилт юм. 2018 онд Монголд зочилсон жуулчдын тоо 529.3 мянгаар хэмжигдэж, 569.5 сая ам.долларыг Монголын эдийн засагт оруулсан байна. Тэдний дийлэнх буюу 76 хувь нь унаган байгаль, түүх, нүүдлийн соёл ахуйтай танилцахаар ирдэг бол 10 хувь нь адал явдалт экстрим аялал хийхээр, 10 хувь нь бизнесийн зорилгоор ирдэг аж. Үлдсэн нь “бусад” гэсэн ангилалд өчүүхэн бага хувийг эзэлж байна. Тэр өчүүхэн хувь дотор спортын аялал жуулчлал гэсэн дэлхийд тэргүүлж буй салбар багтаж буй нь хэтэрхий чамлалттай.

Саяхан манай оронд болсон 3х3 сагсан бөмбөгийн 18 насны ДАШТ болон олон улсын чанартай хоёр ч тэмцээнд оролцогчдоос бид эдийн засагтаа юу нааж чадсан бэ. Ганц зочид буудал л хоногийн буудлын хөлс олж бусад нь бор зүрхээрээ л санхүүжилт цацаж зохион байгууллаа.

43 орны тамирчин, дасгалжуулагч, арын албаны 1000 гаруй хүнээс хэдэн төгрөг манай эдийн засагт орсон тухай мэдээлэл алга. Урьдчилан тооцоолсон зорилтын тухай бүр ярилтгүй.

Уг нь олон улсын чанартай спортын арга хэмжээг дагаж агаарын болон дотоод тээвэр, зочид буудал, хоолны үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний худалдан авалт нэмэгдэж эдийн засагт том хөрөнгө оруулалт болдог. Дэлхийн олон орон тив, дэлхий, олон улсын чанартай тэмцээн уралдааныг нутагтаа зохион байгуулсныхаа шанд олон тэрбум ам.доллар олоод зогсохгүй хэдэн мянган ажлын байр бэлтгэж эдийн засагтаа нэмэрлэж байна. Тухайлбал, 2018 онд хойд хөрш маань хөл бөмбөгийн ДАШТ-ээс 31 тэрбум ам.доллар “зулгааж”, 220 мянган ажлын байраар иргэдээ хангажээ. Мөн “Sport England” судалгаанд Англи улс спортоос жилдээ 20.3 тэрбум еврогийн орлого бүрдүүлж, 400 мянган ажлын байр бий болгодог гэжээ.

Манай улс энэ төрлийн аялал жуулчлалаас хэчнээн төгрөгийн орлого олдог талаарх сүүлийн үеийн судалгаа мэдээлэл байхгүй. Соёл, спорт, аялал жуулчлалын салбар нэг яаманд харьяалагдаж байх үед хийсэн ганц судалгаа бий. Тэр судалгаанд “Монгол Улс 2016 онд олон улсын чанартай 12 тэмцээн зохион байгуулахад 80 орны 2000 гаруй тамирчин, дасгалжуулагч албаны хүмүүс ирж эдийн засагт 3.2 тэрбум төгрөгийн шууд орлого өгсөн” хэмээжээ. Жил бүр ийм судалгааг хийсэн бол энэ салбарын бодлого тодорхой болж эдийн засагт нөлөө үзүүлэх төлөвлөгөөг зорилт болгон хэрэгжүүлэх боломж байв.

Спорт аялал жуулчлал яагаад хөгжихгүй байгаа талаар БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалан “Энэ төрлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд засаглалын алдаа гарсан. Нэг яамны харьяанд байсан уялдаа бүхий хоёр салбарыг салгачихаар бодлогын алдаа болчихоод байна. Хэдий тийм ч аялал жуулчлалын салбар соёл, спортын салбартайгаа хамтарч ажиллаж байна. Тэмцээнд оролцсон тамирчин, дасгалжуулагчид манай улс таалагдвал дараа гэр бүлээрээ аялах нөхцөл үүсэх учраас энэ төрөлд анхаарахаас аргагүй” гэв. Мөн БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг “Спорт, аялал жуулчлал гэдэг нэг яаманд байх ёстой гэдэг нь үнэн. Түүнээс гадна спортын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд спортын холбоод БОАЖЯ болон БСШУСЯ-тайгаа уялдаагаа сайжруулах нь чухал байна. Спортын холбоод төрөөс санхүүжилт аваад алга болчихдог, тайлангаа өгдөггүй, тэмцээний талаар мэдээллээ ирүүлдэггүйгээс эдийн засагт орж байгаа тоо баримтыг тодорхой гаргаж болдоггүй байсан. Өнөө жилээс бүх тэмцээний тайланг авч судалгаа хийхээр зорьж байна. Түүний дараа эдийн засагт илүү орлого оруулах зорилт тавигдана” гэж ярилаа.

Спорт хариуцсан яаманд мэргэжлийн спортын холбоод тайлангаа өгдөггүй, аялал жуулчлалын салбарт спорт аялал жуулчлалын судалгаа байдаггүйгээс эдийн засгийн том салбар манай улсад ор мөр төдий байна. Тэр хэрээр эдийн засгийн үзүүлэлтийг ч тооцох боломжгүй байгаа юм. Уг нь аялал жуулчлал өндөр хөгжсөн орнууд спортын фанатуудыг эх орондоо “уяж”, төрөл бүрийн үйлчилгээгээр мөнгийг нь саах боломжийн төлөө уралдаж байна. Дэлхийд спорт аялал жуулчлалыг хотын хөгжлийн нэг түлхүүр болгох өрсөлдөөн ч ширүүн байгаа. Энэ чиглэлээр БНСУ дэлхийд цахиур хагалж Сөүл, Пусан хотуудаа спортын тэмцээн хүлээн авч, жуулчдын халаасыг сэгсэрдгээр нь алдартай болгосон.

Манай улс, тэр дундаа Улаанбаатар, Дархан хотууд спортын аялал жуулчлалын чиглэлээр дагнан хөгжих бүрэн боломж ч цухуйж эхэллээ. Дархан хотод 20.000 м2 талбай бүхий Спорт цогцолборт баригдаж дуусаж байна. Тэнд 2200 хүний суудалтай спорт заал, 240 хүний суудалтай олон улсын стандартад нийцсэн усан бассейн, тамирчдад зориулсан 120 хүний ортой зочид буудал, зоогийн газар баригдаж буй. Үүнээс гадна өвлийн спортын ордон ч бас бий. Улаанбаатар хотод БуянтУхаа цогцолбороос гадна битүү дээвэртэй “Мөсөн ордон”, 2020 онд зохион байгуулах Азийн хүүхдийн наадамд зориулсан спортын хотхон баригдаж байгаа. Харин эдгээр барилгыг “үхмэл” хөрөнгө болгохгүйн тулд спорт аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон улсын тэмцээн уралдааныг тогтмол зохион байгуулах ёстой. Тэр хэрээр зочид буудал, үйлчилгээ, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын эдийн засгийн эрэлт нэмэгдэнэ.

Маркетинг муу бол дахин тэмцээн зохион байгуулах эрх авч чадахгүй

Ийм боломж дүүрэн байгааг өнгөрсөн хавар болсон Шатрын Ази тивийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс харж болно. Тус тэмцээнд оролцсон тамирчин, дасгалжуулагч зэрэг 67 жуулчин манай улсад 10 хонохдоо эдийн засагт 190.4 сая төгрөг үлдээгээд явжээ. Тухайлбал агаарын тээвэрт 66 сая, дотоод тээвэрт 7.4, зочид буудал хоолонд 79.4, Цонжин болдог, Чингисийн өргөө, Говь кашмер, Аръяабал хийд зэргийн үйлчилгээнд 36.5 сая төгрөг үржээ. Гэхдээ энэ тэмцээн олон улсын түвшинтэй харьцуулахад түүхий байгаа нь олон зүйлээр илэрч байна. Дээрх зардал дээр нэмээд бэлгэдэл буюу маскотын загвар худалдах, түүний дүрстэй өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйлс үйлдвэрлэх зэрэг мөнгө олох маркетингийн олон аргыг хэрэглэсэн бол илүү их мөнгө “сааж” чадах байлаа. Наад зах нь тэмцээний онцлогийг харуулсан малгай, өмсгөлийн борлуулалтаас боломж байсан л юм.

2019 онд Монгол Улсад олон улс, тив, дэлхийн чанартай 13 тэмцээн зохион байгуулахаар мэргэжлийн спортын холбоод Засгийн газраас болон холбогдох олон улсын мэргэжлийн байгууллагаас эрхээ авчээ. Тухайлбал өнгөрсөн хавар чөлөөт бөхийн өсвөрийн ААШТ, гандболын төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Энэ сард гэхэд л саяхан аваргуудаа тодруулсан 3х3 18 насны ДАШТ, Гимнастикийн ААШТ, Бадминтоны олимпын эрхийн төлөөх тэмцээн зохион байгуулагдах хуваарьтай. Мөн ирэх саруудад Жижүцү, бокс, ширээний теннисийн ААШТ, самбо бөхийн ДАШТ, бодибилдинг, жүдо бөхийн олон улсын тэмцээн болно. Эдгээр тэмцээнээс бид эдийн засагтаа өсөлт нэмэх боломжуудыг өөрсдийн хэмжээнд “тултал” ашиглах хэрэгтэй. Ядаж л дээрх тэмцээнийг зохион байгуулагчид жижиглэн худалдааны маркетинг хийж, үзэгчдийг татах олон төрлийн уран ухаан сийлэн төсвөөс гаргасан зардлыг нөхмөөр байна. Тэгэхгүй бол эдийн засгийн үр өгөөжгүй зөвхөн нэг талыг бодсон уралдаан тэмцээн зохион байгуулдаг орон болчхоод байна. Нөгөө талаар энэ байдал нь ч эргээд сөргөөр нөлөөлөх явдлууд ч гарсаар байгаа. Тухайлбал, манай улсын мэргэжлийн холбоодод тэмцээн зохион байгуулах эрх олгосон олон улсын байгууллагууд тэмцээний маркетинг муу байгааг шүүмжилж, үзэгчдийн тоог голон маркетинг, эдийн засгийн үр өгөөжийн судалгаа, баталгаа нэхдэг болсон.

Дараа жил Ерөнхийлөгчийн ивээл дор “Азийн хүүхдүүд” спортын наадам болно. Тус наадамд спортын 21 төрөлд өрсөлдөхөөр 57 орны 3700 орчим тамирчин болон албаны хүн хүрэлцэн ирэх тооцоо бий. Мөн хүүхдүүдээ дэмжихээр олон тооны жуулчин ирнэ. Тэдэнд ая тухтай үйлчлэхийн зэрэгцээ эдийн засагтаа нэмэр болгох, аялал жуулчлалдаа үсрэнгүй хөгжил авчрахын төлөө өнөөдрөөс тархиа ажиллуулахгүй бол дараагийн эрх олгох том тэмцээн уралдаанд бид гологдоход ойрхон байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Яннисын баг #24, Леброны баг #2 дугаартай өмсгөлөөр гангарна

 0 сэтгэгдэл

NBA-­ийн 2020 оны “Бүх оддын тоглолт” эхлэхэд ердөө хоёр хоног үлджээ. 69 дэх удаагийн NBA­-ийн “Бүх оддын тоглолт” энэ сарын 16-­ны бямба гарагт Чикаго хотын “Юнайтэд центр”-­т зохион байгуулагдана. Бүх оддын тоглолтод оролцож буй Лэброн Жэймсийн баг #2 дугаартай, харин Яннис Антетокоумпогийн баг #24 дугаартай өмсгөл өмсөхөөр болжээ. Энэ нь онгоцны ослоор нас барсан алдарт Коби Брайант болон түүний охин Жианна нарыг хүндэтгэж буйн илрэл аж. Ер нь 69 дэх удаагийн “Бүх оддын тоглолт”-ын үеэр Коби болон түүний охины гэгээн дурсгалд зориулсан олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Бямба гарагт залуу оддын тэмцээн болох бол ням гарагт ур чадвар, слэм данк, холын зайн шидэлтийн тэмцээнтэй. Харин даваа гарагт “Бүх оддын тоглолт” болно. Эхний өдөр болох залуу оддын тэмцээнд “Майами Хит”-­ийн Херро бэртлийн улмаас оролцохгүй нь тодорхой болжээ. Түүний оронд “Кливлэнд Кавальерс”­-ын Сикстон залуу оддын тоглолтод оролцоно. Үүнээс гадна “Детройт Пистонс”-­ын Деррик Рөүз ур чадварын тэмцээнд оролцох боломжгүй болжээ. Харин түүний оронд “Оклахома Сити Тандер”­-ын Шай Гилжис Алек сандрыг сонгосон байна.

Шинэ дүрмээр тоглоно

Багийн ахлагч болох Леброн Жэймс, Яннис Антэтокунмпогийн сонгогдсоноор хоёр баг болж хуваагдана. Тоглолтын эхний гурван үе энгийн дүрмээр тоглож, дөрөвдүгээр үед багуудын оноо 0:0-­ээс эхлэх юм. Энэ үе эхлэхэд тоглолтын цагийг зогсоож, Хожлын оноог тодорхойлно. Хожлын оноог тодорхойлохдоо гурван үеийн дараах байдлаар тэргүүлж буй багийн авсан оноон дээр Коби Брайантын дугаар болох 24-ийг нэмж тооцох аж. Тогтоосон оноо тодорхой болсноор багууд цагийн хязгааргүй дөрөвдүгээр үеийг тоглон түрүүлж тогтоосон оноонд хүрсэн баг 2020 оны “Бүх оддын тоглолт”-ын ялагч болох юм. Жишээ нь, хоёр багийн эхний гурван үеийн нийт оноо 100:95 байлаа гэж үзвэл түрүүлж 124 оноо авсан баг нь ялагч болох учиртай. Эхний гурван үед 100 оноо авсан баг нь 24 оноо, 95 оноо авсан баг нь 29 оноо авч байж ялагч болох юм. Эхний гурван үе тус бүрт оноогоор тэргүүлж дуусгасан баг 100 мянга, нийт 300.000 мянган ам.долларыг сонгогдсон байгууллагад хандивлах эрхтэй болно. Харин дөрөвдүгээр үеийн буюу “Бүх оддын тоглолт”-­ын ялагч баг 200 мянган ам.долларыг сонгогдсон байгуулагад хандивлах эрхтэй болох юм.


Ур чадвар, слэм данк, холын зайн шидэлтийн тэмцээнд оролцох тоглогчдыг танилцуулъя.

Ур чадварын тэмцээн

Бам Адебайо (Майами Хит)

Патрик Беверли (ЛА Клипперс)

Спэнсер Динвийде (Брүүклин Нэтс)

Крис Миддлетон (Милуоки Бакс)

Шай Гилжис Александр (Оклахома Сити Тандер)

Домантас Сабонис (Индиана Пэйсерс)

Паскал Сиакам (Торонто Рэпторс)

Жэйсон Тэйтум (Бостон Селтикс)

Холын зайн шидэлтийн тэмцээн

Дэвис Бертанс (Вашингтон Визардс)

Дэвонте Грэхам (Шарлотт Хорнетс)

Жо Харрис (Брүүклин Нэтс)

Бадди Хийлд (Сакраменто Кингз)

Зак Лавин (Чикаго Буллс)

Дамиан Лиллард (Портлэнд Трэйл Блэйзерс)

Данкан Робинсон (Майами Хит)

Трэй Янг (Атланта Хаукс)


Слэм данкийн тэмцээн

Дуайт Ховард (ЛА Лейкерс)

Деррик Жонс ЖР (Майами Хит)

Аарон Гордон (Орландо Мэжик)

Пэт Коннаутон (Милоуки Бакс)


“Лейкерс” болон “Уорриорс” $4 тэрбумын үнэлгээтэй баг боллоо

Forbes сэтгүүлийн гаргасан судалгаагаар NBA­-ийн багуудын үнэлгээ өнгөрсөн жилээс 14 хувиар өсч, дундаж нь 2.12 тэрбум ам.доллар болжээ. NBA-ийн багуудын жагсаалтыг “Нью-Йорк Никс” уламжлал ёсоор тэргүүлжээ. Тэдний үнэлгээ 4.6 тэрбумд хүрсэн бол араас нь “Лос-Анжелес Лэйкерс” 4.4 тэрбум, Голден Стэйт Уорриорс 4.3 тэрбумын үнэлгээгээр удаалав. Тэгвэл “Чикаго Буллз” 3.2, “Бостон Селтикс” баг 3.1 тэрбумаар айрагдав. Энэ жил багуудын дундаж үнэлгээ анх удаа хоёр тэрбум ам.доллар давсан. 2011 оны байдлаар лигт тэрбум давсан үнэлгээтэй баг огт байгаагүй юм. Багуудын үнэлгээ ийн өсөхөд нөлөөлсөн гол хүчин зүйл нь телевизийн гэрээ. 2016-20­17 оны улирлаас TNT болон ESPN-тэй лигийн удирдлагууд 24 тэрбум “ногоон”-­ы гэрээ байгуулсан. Энэ гэрээнээс орж ирэх мөнгийг 30 багт тэнцүү хуваадаг билээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

А.Гантулга: Н.Төгсцогт маань улам хүчтэй болоод эргэж ирэх байх аа

 0 сэтгэгдэл
  • Олон ялалтын хажуугаар ганц нэг ялагдах нь тамирчин хүнд их зүйл өгдөг юм. Одоо алдаанаасаа суралцах нь хамгийн чухал байна
  • Одоо хүүхдүүд маань "Багшаа, бэлтгэл хэзээ орох вэ" гэж байнга асуугаастай. Хорио тавигдах үеийг л хүлээж байна даа. Хүүхдүүд байхгүй болчихоор эл хуль оргиод эвгүй юм
  • Мэдээж энэ олон хүүхэд бүгдээрээ улсын аварга болж, олимп, дэлхийгээс медаль авахгүй. Гэхдээ тэднийг зөв хүн болгож хүмүүжүүлэх юмсан гэж боддог юм

Гавьяат дасгалжуулагч А.Гантулга “Алдар” спорт хороотой амьдралаа холбоод 30 шахам жилийг үджээ. Анх цэргээс халагдаад боксын тамирчнаар ирж байсан бол хожим дасгалжуулагчийн албанд шилжиж, олон шилдэг тамирчныг төрүүлэн гаргасан юм. Түүнийг Н.Төгсцогт гавьяатын багш гэдгээр нь хүмүүс андахгүй. Саяхан болсон Н.Төгсцогтын тулаан болон “Алдар”-ын тамирчдын амжилтын талаар ярилцахаар А.Гантулга дасгалжуулагчийг сониныхоо зочноор урилаа.

-Таны унаган шавь Н.Төгсцогт мэргэжлийн боксын WBC холбооны дэлхийн аваргын төлөөх тулаанд ялагдлаа. Тулааны талаар ямар сэтгэгдэлтэй үлдэв?­

Яах вэ дээ, тоглолт болдгоороо л боллоо. Манай хүн сайн ажилласангүй. Нөгөөх нь аргагүй сайн тамирчин юм. Олон тоглолт хийсэн гэдэг утгаараа туршлага яах аргагүй илүү байна лээ. 20 тоглолт илүү хийнэ гэдэг том зөрүү шүү.

-Тулааны өмнө өөртэй нь холбогдож, зөвлөгөө өгсөн үү?

­Хэлэх юмаа хэлэлгүй яахав. “Миний хүү сандралгүй тайван тоглоорой. Аль болох олон ажиллаарай. Хүний темпэнд орж болохгүй шүү” гэж захисан. Би уг нь хожчих байх гэж бодож байсан ч тоглолт нь сайн гарч өгсөнгүй дээ. Миний бодлоор сэтгэл зүй тал дээр дутуу байх шиг байна лээ. Нөгөөдөх нь арга туршлага, хурд гээд юм зүйлээрээ илүү байсныг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Хойд талын солгой гарт нь оногдоод байсан. Уг нь тоглолтын өмнө “Бэлтгэл сургуулилт дажгүй, бэртэл гэмтэлгүй сайхан байна” гэж байсан юм.

-Өөрийнх нь дайчин, гялалзсан тоглолт харагдаагүй. Бэлтгэл таараагүйгээс тийм байдалд орох уу?­

Бэлтгэл гэхээсээ илүү тоглолтын арга барил, тактикийн тал дээр алдаа гаргачихав уу гэж бодсон. Уг нь гоё гоё цохилтууд байсан. Энэ дээрээ давтаад явчихмаар л санагдаж байлаа. Дараа дараагийн тоглолтуудад алдаагаа засах байлгүй дээ.

-Зурагтаар үзээд суухад ямар мэдрэмж төрөх юм. Гүйж очоод зөвлөгөө өгчихмөөр санагдаж байв уу?­

Тэгэлгүй яахав (инээв). Хойд гар нь хүрч байгаа үедээ гэдэстэй холбосон цохилт хийчихээч гэж хэлмээр л санагдаж байлаа. Их л догдолсон доо. Бас хажуугаар нь айдас төрнө. Н.Төгсцогт маань ямар ч байсан хоёр удаа 12 раунд тоглочихлоо. Одоо бэлтгэлээ сайн хийж, алдаа дутагдлаа засаж, өөрт байхгүй чадвараа байлгахын төлөө ажиллах хэрэгтэй. Ингэж чадвал дараа дараагийнхаа тэмцээнд амжилт гаргана аа. Хамгийн гол нь шат ахих тусам өрсөлдөгчид чангарна гэдгийг бодолцох ёстой. 

-Телевизийн тайлбарын үеэр Ч.Цэвээнпүрэв гавьяат “Төгсцогт гадаад дасгалжуулагчаа солих хэрэгтэй. Монгол дасгалжуулагчийнхаа удирдлагад тогловол илүү амжилт гаргана” гэж хэлсэн. Та үүнтэй санал нийлэх үү?­

Багш нарыг тэгж буруутгаж болохгүй л дээ. Өөрөөс нь л бүх зүйл шалтгаална. Манай хүн өөрийнхөө тоглолтыг чөлөөтэй гаргаж чадаагүй. Ер нь олон ялалтын хажуугаар ганц нэг ялагдах нь тамирчин хүнд их зүйл өгдөг юм. Н.Төгсцогт дараа дараагийн тэмцээн дээр илүү хүчтэй болоод эргэж ирэх байх аа.

-Н.Төгсцогтыг анх секцэнд ирэхэд та аваагүй гэдэг байх аа? 

Анх 2005 онд эмээтэйгээ хамт манайд ирж байлаа. Тухайн үед секцний бүртгэл дуусчихсан байсан болохоор авахгүй гээд буцаасан юм. Гэтэл эмээ нь гуйсаар байгаад оруулсан. Өөрөө их ухаантай, хурдан сэтгэдэг, юмыг сурахдаа амархан хүүхэд байсан. Боксоор хичээллээд жилийн дараа л өсвөрийн улсын аварга болсон. Дараа нь Сахад болсон Азийн хүүхдийн наадмаас хүрэл медаль авчихаад “Гадаадынхан бид нараас илүү юм байдаггүй л юм байна” гэж байсан. 2009 онд насанд хүрэгчдийн улсын аварга болж, тэр жилдээ Азийн аваргаас хүрэл, дэлхийгээс мөнгөн медаль хүртсэн дээ. Өөрийнх нь гол онцлог гэвэл сийрэг ухаантай, авьяастай. Боксыг их хурдан сурсан шүү дээ. Тэр чанар нь миний хүүг олимп, дэлхийн медальтай болгосон юм.

-2009 онд 17-той хүүхэд дэлхийгээс медаль аваад ирнэ гэж та төсөөлж байв уу?­

Мэдээж багш хүн шавийгаа медаль аваад ирээсэй гэж л хүснэ. Азийн аваргад ороход нь би хамт явсан юм. Тэр үед “Миний шавь том тэмцээнээс медаль авчих боломжтой юм байна даа” гэж бодсон. Үүнийгээ ч дэлхийн аварга дээр харуулсан.

-Н.Төгсцогт 2015 оноос мэргэжлийн бокст шилжсэн. Та тухайн үед мэргэжилд орох шийдвэрийг нь хэрхэн хүлээж авсан бэ?­

Би уг нь шавийгаа Риогийн олимпоос аваагүй алтан медалиа авчихаасай гэж бодож байсан. Хэрэв орсон бол түрүүлэх бүрэн боломжтой шүү дээ. Өөрөө шийдээд л мэргэжил рүү орсон. Гэхдээ буруудсан юм байхгүй ээ.

-Дараагийн Төгсцогтууд тан дээр бэлтгэгдэж байна уу?­

Зөндөө зөндөө. Хүүхдүүд бужигнаж л байна. Энэ дундаас л олимп, дэлхийн медальтнууд төрнө шүү дээ. Одоо олимпын эрхийн тэмцээнд хэдэн шавь маань явах гээд бэлтгэлээ базааж байна. Х.Энхмандах, Б.Чинзориг, Н.Шинэбаяр, Т.Болортуул нар явна. Х.Энх-Амар маань уг нь 57 кг-д улсын аварга болсон ч оронд нь Э.Цэндбаатарыг явуулах шийдвэрийг холбоо гаргачихлаа. Улсын аваргад түрүүлчихээд эрхийн тэмцээнд явахгүй гэхээр харамсалтай байхгүй юу. Хэрэв Э.Цэндбаатарыг 57-д тоглуулах байсан юм бол улсын аваргаар энэ жинд нь оруулахгүй яасан юм. Миний хувьд гомдолтой л байна. Ядаж хооронд нь сорилт тоглолт ч хийсэнгүй. Өнгөрсөн жил Х.Энх-Амар бас л улсын аварга болсон ч дэлхийн аваргад оруулаагүй шүү дээ. Улсын аварга шалгаруулах тэмцээн гэдэг үнэ цэнгүй болж гүйцлээ. Ингэх байсан юм бол улсын аварга зохиох хэрэг байна уу.

-“Алдар” спорт хорооны баг өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн улсын аваргад тогтмол дээгүүр өрсөлддөг. Үүнээс үүдээд А.Гантулгыг шигшээ багийн дасгалжуулагч болгох ёстой гэж үзэх хүн бий. Та өөрөө ямар бодолтой явдаг вэ?­

Ах нь тийм юм ерөөсөө бодож байгаагүй. Би анх тамирчны замналаа “Алдар”­-аас эхэлсэн хүн. Х.Магван багш дээр бэлтгэл хийдэг байлаа. Багш маань намайг дасгалжуулагч болгох гол үүргийг гүйцэтгэсэн юм. Манайхан одоо нас насанд амжилттай тоглож байна. Хүүхдүүдээ өсвөрөөс нь эхлээд нас насанд бэлддэг болохоор сайн тамирчид ар араасаа гарч ирсээр байдаг. 10, 11­-тэйгээсээ хичээллэсэн хүүхэд 16, 17 хүрэхээрээ насанд хүрэгчидтэй үзэх арвин туршлагатай болсон байдаг юм. Одоо шигшээ багт очих тухай биш, “Алдар”-­ын хэдэн хүүхдээ амжилтад хүргэчих юмсан гэж л бодож явна.

-Таныг “Алдар”-ын дасгалжуулагч болсноос хойш хэчнээн хүүхэд гараар чинь дамжсан бол. Багцаа тоо гаргаж үзсэн үү?

-Мянга гаруй хүүхэд лав байгаа. Би анх 1994 оноос хүүхдүүдтэй ажиллаж эхэлсэн. Багш маань намайг тамирчин байхад дасгалжуулагч болох замыг нээж өгсөн. Би бэлтгэлээ хийхийн хажуугаар секцэнд ирсэн хүүхдүүдтэй ажилладаг байлаа. Ер нь “Алдар” спорт хороо боксын мундаг уламжлалтай. Олимп, дэлхийн медальгүй л болохоос бүх тэмцээнд манай үе үеийн тамирчид амжилт гаргаж байсан. Одоо “Алдар”­-ын ах нар надад “Миний дүү “Алдар”­-ыг сайхан авч явж байна. Олимп, дэлхийн медальтантай болчихлоо шүү дээ” гэж урам өгнө. Би үүнд нь их баярладаг юм.

-Бужигнасан олон хүүхэдтэй ажиллах сайхан биз?

­Хүүхдүүдтэй ажиллана гэдэг хамгийн сайхан байхгүй юу. Хүүхэд гэдэг гэгээлэг, сайхан энергитэй болохоор элдэв юм бодогдохгүй, стресс багатай ажил. Нөгөө хэдтэйгээ хэрэлдэж уралцаад өдрийг өнгөрөөнө. Хамгийн сайхан баяр баясгалан энэ заалан дотроос гарна шүү дээ. Мэдээж энэ олон хүүхэд бүгдээрээ улсын аварга болж, олимп, дэлхийгээс медаль авахгүй. Гэхдээ тэднийг зөв хүн болгож хүмүүжүүлэх юмсан гэж боддог юм. Хамгийн гол нь хооронд нь эвтэй найртай байлгахыг хичээдэг. Сахилга баттай, ёс суртахуунтай, биеэ зөв авч явдаг болгож хүмүүжүүлээд өгвөл эд нар аяндаа өөрсдийгөө аваад явчихна. Ер нь секц дугуйланд явсан хүүхэд хамт олны уур амьсгалыг мэддэг, хамт олонтойгоо байж сурдаг юм. Одоо манайхан нэг нь өвдвөл эргэж очно. Нэгнийх нь төрсөн өдөр болвол тэрүүхэн тэндээ хөөрхөн баярлуулчихна.

-Арваадхан настай хүүхдээ бокст оруулахаар багаасаа толгой руугаа цохиулаад өвчин эмгэгтэй болчих вий гэсэн болгоомжлол эцэг эхчүүдэд бий. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

­Боксоор яваад тархи толгойны өвчтэй болно гэж юу байх вэ дээ. Тэд чинь байнга зодолдоод байхгүй. Багаас нь суурийг нь зөв тавьж, техникийг нь сургаад өгвөл бэртэл гэмтэл аваад байхгүй ээ. Манай эцэг эхчүүд сүүлийн үед үүнийг маш сайн ойлгодог болсон. Одоо хүмүүс сахилгагүй, хөдөлгөөнтэй хүүхдээ боксчин болгох гэж авчирч өгөөд байгаа. Ер нь тиймэрхүү хүүхдүүд сайн тамирчин болох магадлалтай байдаг юм. Н.Төгсцогт л гэхэд их сахилгагүй хүүхэд байсан шүү дээ. Одоо энэ хүүхэд маань дэлхийн хэмжээнд амжилт гаргаж, Монголын нэг бахархал болчихоод байгааг харах сайхан байдаг юм. Залгаад гарч ирэх олон хүүхэд бий. Одоо хүүхдүүд маань “Багшаа, бэлтгэл хэзээ орох вэ” гэж байнга асуугаастай. Хорио тавигдах үеийг л хүлээж байна даа. Хүүхдүүд байхгүй болчихоор эл хуль оргиод эвгүй юм. Өглөө ирээд л бужигнасаар байгаад бүр сурчихаж. Эд нар маань л баяр баясгалан авчирдаг юм байна гэдгийг улам бүр ойлгож сууна. 

-Ярилцсанд баярлалаа.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Н.Төгсцогт: Тоглолтын хэмнэлээ алдсан нь миний буруу

 0 сэтгэгдэл

Мэргэжлийн боксын рингэнд 12 дахь тулаанаа хийж, анхны ялагдлаа хүлээсэн King Tug хочит Н.Төгсцогтоос fighthype.com сайт товч ярилцлага авчээ. Уг ярилцлагыг хүргэе

-Тоглолтоо хэрхэн дүгнэж байна вэ?

-Ялахын төлөө хичээсэн ч санаснаар болсонгүй. Арай тайван тоглох шиг боллоо. Би муу тоглосон. Гэри Рассель шилдэг аварга. Түүнийг хүндэлж байна.

-Хоёр онооны зөрүүгээр ялагдлаа. Шүүгчийн шийдвэрийн талаар ямар бодолтой байна вэ?

-Ер нь Расселыг ялна гэдэгт итгэлтэй байсан. Шүүгчийн шийдвэртэй санал нийлнэ ээ.

-Тоглолтын дундуур сайн тулалдсан. Тэр хэмнэлээ яагаад дуустал нь хадгалж, илүүрхэж чадсангүй вэ?

-Хэмнэлээ алдчихлаа. Рассел сулраад байсан болохоор тайвширсан нь миний алдаа.

-Та 11, Рассел 31 тулалдсан. Рассел аварга цолоо дөрвөн ч удаа хамгаалсан. Туршлага хэр их нөлөөлөв?

-Их нөлөөлсөн. Би 2019 оны нэгдүгээр сард IBO холбооны аварга болсон. Түүнээс хойш 13 сар тулалдаагүй байсан юм. Тулааны мэдрэмжээ алдчихаж. Эдгээр хүчин зүйл энэ тоглолтод их нөлөөлсөн.

-Гэри Расселын тоглолтын талаар юу хэлэх вэ?

-Хурдтай юм. Бусдаар бол надаас илүү юм байгаагүй ээ.

-Тэгэхээр энэ тоглолтод хурд нөлөөлсөн гэсэн үг үү?

-Би өөрөөсөө болж ялагдсан. Хэтэрхий тайван тоглолоо. Цохилт гаргаж, хэмнэлээ мэдэрч чадсангүй.

-Рассел тантай дахиж тулалдахгүй гэвэл яах вэ?

-Зүгээр ээ. Угаасаа тэр надтай тоглохгүй байх.

-Өнөөдөр монголчууд олноороо таныг ирж дэмжсэн?

-Намайг үргэлж дэмждэг монгол түмэндээ баярлалаа.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Туршлага яллаа

 0 сэтгэгдэл
  • Н.Төгсцогт: Намайг ирж дэмжсэн монголчууддаа баярлалаа. Монгол Улс мандтугай

Америкийн Аллен тауны PPL Center-­т мэргэжлийн боксын дэлхийн аваргын бүсийн төлөө хоёр тоглолт боллоо. Хамгийн том тулаан нь олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогтынх байв. Мэргэжлийн бокст 11 тулалдаж, бүгдэд нь ялсан манай тамирчин ялалтынхаа есийг нь хүнд цохилтоор авч байлаа. Харин түүний өрсөлдөгч нь WBC холбооны бүсийг эзэмшигч АНУ-­ын Гэри Рассель байв. 31 тулаан хийхдээ ердөө нэг ялагдсан тэрбээр 18 ялалтаа хүнд цохилтоор авсан. Ингээд хүсэн хүлээсэн тулаан эхэллээ. Н.Төгсцогт уламжлал ёсоороо улсын арслан Р.Пүрэвдагваар Хар сүлдээ бариулсаар гарч ирсэн. Харин Гэри бүжигчин бүсгүйчүүдийг сонгожээ. Түүний бүжигч бүсгүйчүүд аваргыг сарнайн дэлбээн дээгүүр алхуулсаар рингэнд гаргасан. Тулаан эхнээсээ Гэригийн үл ялиг давамгайлал дор үргэлжилсэн бөгөөд 12 үеийн дараа шүүгчид 115:113­ аар ялалтыг Гэри Рассельд өгчээ. Манай тамирчин нас залуу байна, дараагийн боломж удахгүй ирэх болно. Мэргэжлийн боксын топ, шилдэг тамирчинтай тулалдах ямар байдгийг Н.Төгсцогт ойлгосон нь мэдээж. Энэ тулаанд туршлага илүүрхлээ. “Монголчууддаа баярлалаа” гэж хэлээд танхимыг орхисон Н.Төгсцогтын мэргэжлийн боксын анхны том шалгуур, хичээл нь энэ байлаа. Тэгвэл Гари Расселлыг ялагчаар зарласны дараа “Өрсөлдөгч Н.Төгсцогт маань хэдийгээр олимпын мөнгөн медальтай ч мэргэжлийн бокст цөөн тулаан хийсэн нь өнөөдрийн тэмцээнд нөлөөллөө” гэв. Үүнээс гадна тэрбээр тулааны дараах уулзалтад Н.Төгсцогтод хандан “Бэлтгэлээ үргэлжлүүлэн сайн хий. Чи асуудалгүй аварга болно. Би мэдэж байна. Чамд ирээдүй байгаа” хэмээн хэлсэн байна. Харин Н.Төгс­ цогт тэмцээний турш хүлээж тоглосноо хүлээн зөвшөөрсөн юм.