A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/734/

Сумдын дэд бүтцийг алхам алхмаар сайжруулж байна

​Дорноговь, Өмнөговь аймгуудад 21.9 сая ам.долларын өртөгтэй төсөл хэрэгжиж байна​

Сумдын дэд бүтцийг алхам алхмаар сайжруулж байна
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/734/


Говийн алслагдмал сумыг эзэнтэй байлгана гэдэг орон нутгийн захиргааны хувьд тун хүнд “даалгавар”. БНХАУ-тай хил залгадаг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ч сургуульд сурахаар аймгийн төв, нийслэлийг зорьсон хүүхэд, залуусаа нутагт нь эргүүлэн авчрах амаргүй болсон. Замын-Үүд хилийн боомт газар гэдэг утгаараа хөл хөдөлгөөн ихтэй, хамгийн олон хүнтэй сумдын нэг. Байнгын оршин суугчдын олонх нь хил орчимд үйлчилгээ, худалдаа эрхэлдэг бол 18.4 мянган хүн амын гуравны нэг орчим нь буюу 6500-8000 нь явуулынхан байдаг өвөрмөц “амьдралтай” сум. Хэдийгээр эдийн засгийн чөлөөт бүс, боомт хот болох том төлөвлөгөөтэй, хоёр улсын худалдаа, ачаа эргэлтийн хэмжээ нэмэгдэж байгаа ч сумын иргэдийн амьдралд энэ нь төдийлэн үр ашгаа өгөхгүй байна. Хилийн зурвасын цаана хэдхэн км-ын зайтай эрээн хотын хөгжлийг Замын-Үүд сумынхтай харьцуулбал тэс өөр дүр зураг харагддаг. Харин сүүлийн хэдэн жилд Азийн хөгжлийн банк (АХБ)-ны буцалтгүй тусламжаар хэрэгжсэн хот байгуулалт, дэд бүтцийн төслийн үр дүнд иргэдийн амьдрах орчин, тав тух сайжирчээ. Тухайлбал, сумын төвийн суурьшлын бүс бүхлээрээ цэвэр, бохир усны шугамд холбогдоод байна. Төслийн хүрээнд 13.4 км цэвэр усны, 7.87 км бохир усны шугам тавьж, ус түгээх гурван байр, нэг бохир усны насосны станц барьжээ. Мөн 4.28 км урт дулааны шугам, дулаан дамжуулах гурван төв, мөн тооны дизель цахилгаан үүсгүүртэй болсон байна. Түүнчлэн сумын хог хаягдлын менежментийг сайжруулахын тулд хогны хашаа барьж, ангилан ялгадаг хогны савуудыг сумын төвд тараан байршуулах зэргээр багагүй хөрөнгө, хүч зарсан нь харагдаж байлаа. Эдгээрт нийт 3.6 сая ам.доллар зарцуулжээ.

Өвөрхангай, Өмнөговьд цэвэрлэх байгууламжийн барилгын ажил эхэлжээ

Ундны усаа гэрийн хананаас авдаг болов

Говь нутгийнханд ус юу юунаас чухал. Тиймээс алслагдсан сум ч гэлээ амины орон сууц, тэр байтугай таван ханатай монгол гэрийг цэвэр, бохир усны шугамтай холбох нь иргэдийн, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хөдөлмөрийг хөнгөвчилнө гэж АХБ-ны мэргэжилтнүүд үзэж байна. Одоогоор Замын-үүд суманд гэр хорооллын 200 гаруй өрх цэвэр, бохирын шугамыг гэр рүүгээ татжээ. Ингэхэд зайнаас хамаарч 500 мянгаас хоёр сая хүртэлх төгрөг зарцуулдаг байна. Энэ зардлын 40 хувийг өрхүүд, үлдсэн 60 хувийг ус хангамжийн компаниуд гаргадаг аж. 70 настай У.Норжинлхам гуай 2016 онд хамгийн анх цэвэр усны шугамыг монгол гэрт холбосон. Тэрбээр хилийн зурвасын ойролцоо хоол, цай зардаг бөгөөд худгаас ус зөөлгүй, хананаасаа ус авч буй нь ажлыг нь тун их хөнгөлж байгааг хэлж байв. Замын-Үүдэд төслийн хүрээнд барьсан гурван худаг нь ухаалаг системтэй. Тус сумынхны ихэнх нь хил дээр худалдаа, үйлчилгээгээ эрхэлдэг учраас шөнийн цагаар хүссэн үедээ ус авдаг болсон. Өмнө нь иргэд нэг худгаас өдөрт 7-8 тонн ус авдаг байсан бол өдгөө 60-70 тонн болж, хэрэглээ нь бараг 10 дахин нэмэгджээ. Энэ нь ус түгээх байрыг хүртээмжтэй болгох эрэлт, хэрэгцээ сумын төвийнхөн дунд ямар их байсныг харуулж буйг төслийн зохицуулагч Б.Оюун хэлж байлаа. Мэдээж сумын төвийн сургууль, цэцэрлэгүүд ч цэвэр, бохирын шугамд холбогдсон. Сумын төвийн захад байрладаг хоёрдугаар сургууль гэхэд өмнө нь машинаар хэрэглээнийхээ усыг зөөдөг байжээ. “Зарим хүүхэд 2-3 км алхаж ирдэг учраас сургуулийн орчинд тэдний тав тухыг хангах шаардлагатай байсан. Одоо цэвэр, бохирын шугамд холбогдсоноор хүүхдүүд ч ахуйн соёлд суралцаж эхэлсэн” гэж тус сургуулийн захирал өгүүлсэн.

Явуул иргэдийн тарьсан хогийг нутгийнхан цэвэрлэдэг

Биднийг сумын төвөөс 19 км зайтай байгуулсан шинэ хогийн цэг рүү явах замд хэдэн км үргэлжилсэн задгай хог харагдаж байв. Хогийг долоо хоногт нэг удаа цэвэрлэдэг ч иргэд хогоо ил, задгай асгасан нь ийнхүү салхинд туугдан тарчихдаг аж. Үүний ихэнх нь Замын-Үүдэд зочлоод морддог явуулын гийчдийн тарьсан хог. Тус сумын хогны хэмжээ жил бүр нэмэгдсээр байгаа учир хогны менежментийг зайлшгүй хийх шаардлагатай болсон аж. Сумын төвийн зочид буудал, орон сууц, худалдааны төвүүдийн ойролцоо гурван өнгөөр ялган будсан хог ангилах савууд тааралдана. Эдгээр саванд цугларсан хогийг тусгай өргөгч машинаар зөөж, 100 тоннын хүчин чадалтай хог нягтаршуулах байгууламжид аваачна. хогийг өндөр даралтаар нягтаршуулсны дараа төслийн хүрээнд байгуулсан хогийн цэгт булдаг. Энэхүү хог нягтаршуулагч төхөөрөмж найман машин хогийг нэг машины хэмжээтэй болгож нягтаршуулдаг учраас эдийн засгийн хувьд тун хэмнэлттэй аж. Өөрөөр хэлбэл, хогийн цэг рүү найман удаа зөөх хогийг нэг автомашины тээшинд багтаадаг. Ийм технологийг Монголд анх удаа туршиж эхэлсэн нь энэ бөгөөд тун амжилттай хэрэгжиж байгаа учраас бусад аймаг, сумдад хэрэгжүүлэхэд болохгүй зүйлгүй гэж төслийн мэргэжилтнүүд тайлбарлаж байлаа. азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд барьсан хогийн цэгт зориулж орон нутгаас 40 га газар гаргаж өгчээ. Одоогоор үүний нэг га-г нь л ашиглаж байна. Ингэхдээ эхний ухсан талбай хогоор дүүрмэгц дараагийн талбай руу шилжинэ. Энэ хооронд хог булсан талбайг эрүүл хөрсөөр хучиж, ногоон ургамал тарин цэцэрлэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Харин орон нутгийн зүгээс хогоо булахдаа эрүүл хөрсөөр биш элсээр даруулан, түүнийгээ усаар норгон дагтаршуулах төлөвлөгөөтэй байгаагаа хэлсэн.

Цэвэрлэх байгууламжийн шинэчлэл говийн аймгуудаас эхэллээ

Замын-Үүд сумын иргэдэд үр ашгаа өгсөн АХБ-ны дээрх дэд бүтэц, хот байгуулалтын төсөл ганцхан энэ суманд хэрэгжээгүй. Дорноговийн Сайншанд, Замын-Үүдээс гадна Өмнөговийн Даланзадгад, Гурвантэс, Ханбогд, Цогтцэций сумдад дэд бүтцийн шинэчлэл хийж байна. Тус банкнаас хоёр аймгийн зургаан сумын дэд бүтцийг сайжруулахад нийт 21.9 сая ам.доллар зарцуулсан. Үүний 15 сая ам.долларыг АХБ буцалтгүй тусламжаар олгосон бол үлдсэн 6.9 саяыг Засгийн газар гаргажээ. Хүн амын тоо өсөхийн хэрээр суурин газруудад цэвэрлэх байгууламжийн асуудал хүндэрч байна. Зөвхөн Улаанбаатарт ч биш олон аймгийн цэвэрлэх байгууламж ашиглалтын шаардлага хангахгүй болсон. Тиймээс ийм байгууламжуудыг шинэчлэх ажил говийн аймгуудаас эхлээд байна. Одоогоор АХБ-ны төслийн хүрээнд Өвөрхангай, Өмнөговь аймгуудын цэвэрлэх байгууламжийн барилгын ажил эхэлсэн. Харин Дорноговь аймгийнх ирэх намар эхлэх бол архангай аймагт барилгын гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж байгааг АХБ-ны Суурин төлөөлөгчийн газрын дэд бүтэц хариуцсан ахлах ажилтан Б.Туул хэллээ. Монгол инженерүүд зураг төслийг нь гаргаж, барилгын ажлыг нь ч монголчууд хийж байгаа аж. Төслийн зохицуулагч Б.Оюун “Засгийн газраас энэ төслийг үр дүнтэй гэж үзсэн учраас АХБ-ны зээлээр дахин хэд хэдэн аймагт барьж өгөх хүсэлт гаргасан юм байна. Тиймээс Булган, Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар аймгуудын төвд бохир усны цэвэрлэх байгууламж барих санхүүжилт энэ оны гуравдугаар улиралд багтаан батлуулахаар ажиллаж байна” гэв. Хил орчмын сумдын дэд бүтцийг сайжруулах төслийн үр шимийг одоогоор сумын төвийн 74300 оршин суугч хүртэж байна. Харин 2025 онд дээрх сумдын хүн ам өссөнөөр 125 мянган хүн ая тухтай амьдрах техникийн боломж бүрдэнэ хэмээн мэргэжилтнүүд тайлбарлалаа.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ноолуур 100 мянга хүрэх сургаар ченжүүд авахаа больжээ

 0 сэтгэгдэл
  • Малчид ноолуураа хаана, хэнд өгөхөө мэдэхгүй мунгинаж, ченжүүд авахгүй гэсэн үгээр ам таглаж сууна
  • Засгийн газраас ноолуурын ханшийг 100 мянган төгрөг болгосноос хойш ченжүүд авахаа больсон. Дэлхийн зах зээлд ханш нь унасан, хятадууд авахгүй байгаа болохоор хаана өгөх гэж ноолуур авах юм билээ. Ноолуур өгөх гэж ирсэн малчид борлуулж чадалгүй буцаж байгаа

Урин дулааны улирал наашилж, малчны хотонд төлийн дуу цангинахтай зэрэгцэн өрнөдөг нэг том ажил бол ямаа самнах. Малын түүхий эдээс хамгийн үнэ хүрдэг дөнгүүр таваар нь ноолуур учраас малчид ч ноолуурын ханшийг чих тавин чагнаж суудаг. Энэ жил дэлхий даяар халдварт өвчин тархаж, үйлдвэрлэл зогсож, бүхий л түүхий эдийн ханш унаад байна. Ялангуяа урд хөршид түүхий эдийн үнэ унасан нь манай улсын зах зээлд бэрхшээл учруулж буй. Эдийн засаг хүндэрч буй энэ цаг үед нэг килограмм ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс буулгахгүй хэмээсэн Засгийн газрын мэдэгдэл малчин бүрийн магнайг тэнийлгэлээ. Гэхдээ малчид баярлахад эрт байна. Ид ямаа самнаж буй энэ цаг үед ноолуур худалдаж авах газар алга. Түүхий эдийн ченжүүд ноолуур булаацалддаг байсан үе өнгөрчээ. Харин одоо айдаг болсон байна. Ноолуур өгөхөөр очсон хүний өөдөөс “авахгүй” гэж ам уралдан толгой сэгсэрч бараг л хөөж явуулах нь холгүй авирлах юм. Манай сонины сурвалжлах багийнхан өчигдөр Сонгинохайрхан дүүрэгт орших Эмээлт түүхий эдийн зах орлоо. Энэ өдөр Эмээлт зах нам жим байна. Ноос, ноолуур, түүхий эд авна гэсэн хаягтай ихэнх газар хаалгаа дангинатал цоожилжээ. Хаалган дээрээ “ноолуур авна” гэсэн бичиг наасан жижигхэн цагаан байшин руу орвол “хэн бэ” гэсээр дунд зэргийн нуруутай 30 эргэм насны залуу угтлаа. “Ноолуур авах уу” гэхэд “Одоогоор авахгүй байгаа. Энэ хавиар ноолуур авч байгаа газар байхгүй дээ. Засгийн газраас ноолуурын ханшийг 100 мянган төгрөг болгосноос хойш ченжүүд авахаа больсон. Дэлхийн зах зээлд ханш нь унасан, хятадууд авахгүй байгаа болохоор хаана өгөх гэж ноолуур авах юм билээ. Ноолуур өгөх гэж ирсэн малчид борлуулж чадалгүй буцаж байгаа. Зарим хүн нэг килограмм ноолуурыг 60-70 мянган төгрөгөөр авч байгаа сураг сонсогдсон. Машиныхаа хаалган дээр ноолуур авна гэсэн бичиг наасан залуус хааяа ирдэг юм. Тэд хямд үнээр ноолуур худалдаж аваад хэсэг хугацааны дараа ханш нь өсвөл дундаас нь ашиг унагах зорилготой л авдаг байх” хэмээн ярилаа. Ченж залуутай ийн хэдэн үг солиод замын баруун талд байрлах цэлгэр том хашаа руу алхлаа. Гадна талынхаа том самбарт “Их зам транс” гэсэн бичиг хадсан эл хашаагаар дүүрэн адуу, үхрийн шир, хонины нэхий овоолоостой. Заримыг нь наранд сэврээхээр дэлгэн тавьжээ. Хэдэн хятад шаагилдаж, чиргүүлтэй Зил-130 машинд нэхий, шир ачиж байв. Үйлдвэр комбинатад байрлах арьс ширний үйлдвэрүүдэд түүхий эд нийлүүлдэг ганц газар нь эднийх аж. Тиймдээ ч бусдыгаа бодоход хөл хөдөлгөөнтэй байлаа. Хашааны зүүн урд буланд нэг машины тэвш дүүрэхээр нэхий овоолж орхижээ. Гэмтэлтэй болохоор бараг л хаягдал болсон тухай ажилтан нь хэлэв. Малчид ямаа, хонины шийрийг авалгүй арьсанд нь явуулчихдаг нь ихээхэн төвөг уддаг аж. Хонь, ямааны арьсыг шийрнээс нь салгаж янзлахад ихээхэн цаг зарцуулдаг тухай тэндхийн ажилтнууд хэллээ. Сард хэдэн машин хаягдал шийр ачуулдаг аж. Малын түүхий эд үнэгүйдэж, цоорхой нэхий, шийр хаягдал болоод байхаар нь 22-ын товчооны ойролцоо техникийн цавуу боловсруулах үйлдвэр байгуулснаа “Их зам транс” компанийн удирдлагууд учирлаж байв. Манай улсын Засгийн газар хилээр боловсруулаагүй бүтээгдэхүүн гаргахыг хориглосон бол Хятад улс хог хаягдал хилээрээ оруулахыг хориглосон нь хагас боловсруулсан бүтээгдэхүүн хийж зах зээлд нийлүүлэхээс өөр гарцгүй болгожээ. Техникийн цавууны үйлдвэр хагас жилийн хугацаанд овоо дориун ажилласан ч коронавирус гарснаас хойш үйл ажиллагаагаа зогсоосон байна. Ингээд өнөөх цоорхой нэхий, шийр дахиад л хэрэггүй хог хаягдал болжээ. Арьс, ширний наймаачид халдварт өвчнөөс болоод бүх зүйл зогсчихоод байгаа хэмээн халаглацгааж байна. 

Хятадад ноолуурын ханш унасан болохоор авахгүй байгаа 

Бид 10 гаруй жил түүхий эдийн наймаа эрхэлж буй Ц.Мөнхзул гэх эмэгтэйтэй уулзлаа. Тэрбээр “Манай малын түүхий эдийн ханш улам л унадаг боллоо. Хагас боловсруулсан бүтээгдэхүүн хилээр гаргадаг болсноос хойш адууны шир, хонины нэхий үнэ хүрэхээ байсан. Уг нь ноолуур алдагдалгүй наймаа байсан юм. Гэтэл энэ жил Засгийн газраас нэг килограмм ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөр тогтоосон болохоор бидэнд ямар ч ашиг алга. Хэд хоногийн өмнө килограмм ноолуурыг 60-70 мянган төгрөгөөр авч байсан. Харин 100 мянга гэж зарласнаас хойш ноолуур худалдаж авахаа больсон. Алдагдалд орж мэдэхээр нөхцөл байдал үүсчихлээ. Малчид ноолуур өгөх гэж ирж л байна. Гэвч Эмээлтэд л лав авч байгаа газар байхгүй болохоор хот руу аваад явдаг. Үйлдвэрүүдэд л өгдөг байх. Хятадад малын түүхий эдийн ханш унасан” гэж ярилаа. БНХАУ-ын зах зээлд тансаг зэрэглэлийн цагаан, цайвар ноолуур килограмм нь 420 юанийн ханштай байгаа аж. Төв банкны нэрлэсэн ханшаар нэг юань 390 төгрөгтэй тэнцэж байна. Ингээд бодохоор монгол төгрөгийн ханшаар 163,800 болох юм байна. Гэхдээ бүх ноолуур тансаг зэрэглэлийнх биш учраас Засгийн газраас тогтоосон ханш олон улсын зах зээлд нийцэхгүй байгаа гэж үзэх наймаачид ч таарлаа. 

Ноос, ноолуурын холбооныхон тайлбар өгөхөөс татгалзав

Ченжүүд ноолуур авахгүй байгаа болохоор малчид хаана өгөхөө мэдэхгүй мунгинаж сууна. Дундговь аймгийн малчин Ж.Цэндтэй бид утсаар холбогдож ноолуураа хаана тушаасан тухай лавласан юм. Тэрбээр “Манайх энэ жил 300 гаруй ямаа самнаж байгаа. Одоо 200 гаруйг нь самнаад байна. Хүн хүч муутай болохоор хүмүүс хөлсөлж ямаагаа самнуулсан. Нэг ямаа самнахад 7000 төгрөг өгч байна. Ноолуураа хаана өгөх вэ гэдэг асуудал болчихлоо. Бид нэг килограмм ноолуураа 100 мянган төгрөгөөр өгнө гэж тооцоод баярлаад байгаа. Гэтэл аймгийн төвд ноолуур авч байгаа газар алга” хэмээв. Бид Монголын ноос ноолуурын холбоо руу холбогдлоо. Гэтэл тус холбоо ямар нэг тайлбар хийхгүй гэв. “ХХААХҮЯ л мэднэ. Бидэнд ямар ч мэдээлэл ирээгүй. Ирэх долоо хоногоос яамны төлөөлөлтэй уулзаж, нэгдсэн шийдэлд хүрнэ” гэсэн хариу хэлээд утсаа таслав. Монгол Улсын Засгийн газраас “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд түүхий эд бэлтгэлийн санхүүжилтэд зориулан 300 тэрбум төгрөгийн зээлийг жилийн гурван хувийн хүүтэйгээр олгох тогтоол гаргасан. Уг тогтоолоор Хөгжлийн банкнаас 12 хувийн хүүтэй зээл өгч, хүүгийн зөрүү есөн хувийг Засгийн газраас олгох аж. Цаашид зээл олголтод хяналт тавих Ажлын хэсгийг ХХААХҮЯ, Монголын ноос, ноолуурын холбоотой хамтран байгуулж ажиллахаар төлөвлөсөн. Гэвч ид ямаа самнах цагаар малчид нь мэдээлэлгүй, МННХ өөрсдөөсөө зайлуулж, нэгдсэн шийдэлд хүрээгүй гэсэн тайлбар хэлээд сууж байна. Хөдөө аж ахуйн бирж өнгөрсөн сард ноолуурын арилжаа хийсэнгүй. Салбарын яам малчдыг ноолуураа зарах гэж яараад хэрэггүй, хадгал гэж зөвлөлөө. Гэвч банкны зээлд хүлээстэй малчдын хувьд ноолуураа борлуулж, өрөө дарах нь хамгийн чухал асуудал болоод байна. Нөгөөтэйгүүр ноолууран бүтээгдэхүүний гол хоёр том зах зээл Итали, АНУ хилийн хорио цээр тогтоосон тул бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нийлүүлэх боломжгүй байгаа аж. Тэгээд ч дэлхийн зах зээлд тансаг хэрэглээнд тооцогддог ноолууран эдлэлийн борлуулалт буурчээ. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Монгол сувилагч Берлинд коронавирусийн голомтод ажиллана

 0 сэтгэгдэл

ХБНГУ-д коронавирусийн халдварын тархалт эрчимжиж, 80 мянга руу дөхсөн. Тэгвэл тус улсад ажиллаж, амьдардаг Т.Хөвсгөлдалай гэх бүсгүй Берлин хотын хамгийн том эмнэлэгт коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдийг асарч, сувилахаар болжээ. Тэрбээр гурван жилийн турш тус улсад сувилагчаар ажиллаж байгаа аж. Энэ талаар өөрийн цахим хуудастаа бичихдээ “Дэлхийд тэргүүлэгч ХБНГУ-ын эрүүл мэндийн салбарт хөл тавиад 3.6 жил хугацаа өнгөрлөө. Өөрийнхөө хэмжээнд хичээж овоо л мэдлэг чадвар цуглууллаа. Хатуужил, тэвчээр, зориг, золиос шаардсан энэ салбарт болон дэлхийн бүх улсад хүлээн зөвшөөрөгдсөн лицензтэй нэгэн болсон байдаг юм. Хоёр хоногийн өмнө санаанд оромгүй ажлын томилолт авлаа. Тэр нь Бeрлин хотод коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдийг дагнан эмчлэх болсон Халдвартын тасагт гар биe оролцон ажиллах. Коронавирусийн талбарт нэвтэрч үзмээр санагдаж байна. Бас бодит байдалтай танилцаж, нүүр тулж үзьe гэж бодлоо. Мэдээж айдас байгаа ч миний сувилагчийн мэргэжил энэ хатуу давалгаа, сорилтыг мэдрэхгүй, харахгүй байна гэдэг харамсалтай санагдаж байна. Та нар минь надад урам зориг хайрлаарай. Мэдээж хамгаалалтын хувцас хунар хангалтгүй санагдвал шууд татгалзана гэж бодож байгаа. Байдал таалагдвал, аюул бага байвал дуустал нь зүтгэнэ дээ. Тасгийнхаа эрхлэгчтэй мөр зэрэгцэн коронавирусийн халдвар авсан иргэдэд Монгол Улсынхаа нэрээр овоглон эмчилгээ, сувилгаа үзүүлэх боломж олдсонд нэг талаасаа олзуурхаж, бахархах сэтгэгдэл өвөрлөөд ханцуйгаа шамлаад орохоор шийдлээ” гэжээ. Т.Хөвсгөлдалай нь мэс заслын тасгийн сувилагч бөгөөд тасаг нь хаагдаж, мэс заслууд нь тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан аж.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хунтайж Гарри Хатан хааны гэр бүлийг албан ёсоор орхилоо

 0 сэтгэгдэл
  • Хатан хаан Элизабетаг өөд болсны дараа залгамжлалын дэс дараалалд эхлээд түүний хүү Чарльз, том ач хүү хунтайж Уильям, жич Жорж, Шарлотта, Луи нар жагсаж байгаа учир Гаррид бараг боломж байхгүй гэсэн үг

Британийн Хатан хааны бага ач хүү хунтайж Гарри болон түүний хатан Меган Маркл нарын шилжилтийн хугацаа дуусаж, албан ёсоор Хатан хааны гэр бүлийн гишүүн гэдэг алдар хүндийг цуцалсан боловч Сассексийн гүнтэн ба гүнгийн хатан хэргэмээ хадгалж үлдэв. Нэгдүгээр сарын 13-нд хатан гэр бүлийн гишүүд яаралтай хуралдаж, гуравдугаар сарын 31 хүртэл Гарри, Меган нарыг Британийн Эзэн хааныг төлөөлж болно гэсэн тохиролцоонд хүрсэн. Тиймээс энэ сарын 1-нээс гүнтний гэр бүл алдар хүнд болон татвар төлөгчдийн мөнгөнөөс салж байгаа илүү эрх чөлөө олж авлаа. Энэ бүх өөрчлөлтийг үл харгалзан хунтайж Гарри Британийн Хааны титмийг залгамжлах эрхтэй үлдсэн агаад залгамжлалын журамд өөрчлөлт ороогүй. Хатан хаан Элизабетаг өөд болсны дараа залгамжлалын дэс дараалалд эхлээд түүний хүү Чарльз, том ач хүү хунтайж Уильям, жич Жорж, Шарлотта, Луи нар жагсаж байгаа учир Гаррид бараг боломж байхгүй гэсэн үг. Одоогоос Гарри, Меган нарыг Хааны удмын эрхэм дээдэс гэж дуудахаа болино. Тэд ямар овог авах хэд хэдэн хувилбар бий. Сассексын Гарри ба Меган гэж нэрлэх магадлал байгаа ч хүү Арчигийн адилаар Маунбеттен-Виндзор гэсэн овог авахыг хүсэж болох юм.

Тэд Хатан хааны гэр бүлээс гарснаар төрөөс олгодог тэтгэмж хүртэхээ болино. Гэхдээ уг мөнгө Гарригийн орлогын дөнгөж таван хувийг бүрдүүлдэг тул онц хохирол учрахгүй. Түүний эцэг хунтайж Чарльзын эзэмшилд байгаа Корноуллын гүнлигээс орж ирдэг 20 сая фунтээс Гарри өөрийн хувиа авах эрхтэй юм. Хамгийн маргаантай зардал нь одоо гүнтний гэр бүлийн хамгаалалтын төсвийг хаанаас гаргах нь асуудал болоод буй. Шинээр амьдралаа эхэлж буй хос Хатан хааны гэр бүлийн бусад гишүүнээс ялгаатай нь ажил, бизнес эрхэлж мөнгө олох бодолтой байна. Тэдэнд ийм эрх олгох эсэхийг нэг жилийн хугацаанд шийднэ. Гэхдээ Меган зөвшөөрлийг хүлээлгүй бүр өнгөрсөн оны сүүлээс Disney-н кинонд дуу оруулж эхэлсэн. “Заан” гэдэг нэртэй уг баримтат киног энэ сараас стриминг үйлчилгээгээр цацаж, Меганы цалинг буяны байгууллагад хандивлах аж. Тэрээр кино, телевизийн салбарт ажиллах туршлагатай боловч ном бичвэл зөвхөн урьдчилгаанд найман сая фунт авах боломжтойг мэргэжилтнүүд тооцсон байна. Түүнчлэн Сассексын гүнтэн, гүнгийн хатан нар нэг удаа лекц уншаад 500 мянган ам.доллар олно гэх тооцоо бий. Үүнээс гадна тэд Instagram нийгмийн сүлжээнээс ашиг олъё гэвэл арилжааны ганц пост тавиад 85 мянган фунт авах боломжтой гэнэ. Нэг үгээр хэлбэл, Хатан хааны гэр бүлээс хасагдсан ч ядууралд нэрвэгдэхгүй. Канадад түр амьдарсан гүнтний гэр бүл 2020 он гараад АНУ-д нүүж ирсэн агаад Лос-Анжелест Меганы хамаатнууд, найз нөхөд амьдардаг Холливудын ойролцоох дүүрэгт байшин худалдан авч сууршихаар төлөвлөж буй. Ийнхүү дээдсийн амьдралын нарийн ширийнд дурлагсдыг Холливудын киноноос дутахааргүй драм хүлээж байна. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Нууц тэрбумтан

 0 сэтгэгдэл

Алдарт хос Жефф, МакКензи нар 2009 онд Нью-Йорк хотын Plaza зочид буудалд зохион байгуулсан шагнал гардуулах ёслолын үеэр

Amazon-ы анхны цөөн ажилтны нэг, тэрбумтан, зохиолч МакКензи Безос

Аз болж МакКензи Безос ямбатай эмэгтэй байсангүй. Учир нь 1996 онд Amazon-ы төв байранд ямбалан суух цаг, зав байсангүй. Тэрбээр тал хэсгийг нь гал тогооны өрөө болгон тохижуулсан оффистоо залуу ажилчдын хамт ажилладаг байв. Түүнийг өдөрт 12 цагийн турш санхүүгийн тооцоо гаргаж байх зуур ойр хавиар нь ажилтнууд чихцэлдэн орж, богино долгионы зуух ашигладаг байжээ. Харин шөнө болоход тэрбээр агуулахын байранд очиж, захиалсан бараануудыг хайрцагладаг байв. Amazon-ы долоо дахь ажилтан Майк Хэнлон түүнийг “агуу хувь нэмэр оруулсан хүн” хэмээн тодотгож “Тэрбумтны эхнэр болоход авьяас чадвар бүдгэрдэг бол МакКензигийн авьяас гялалзсаар байсан” хэмээв. Өдгөө 49 настай МакК ензигийн нууцлаг байд лыг анхнаасаа сайтар боловср уулсан төлөвлөгөө гэлтэй. Amazon-ы эхэн үеэс л нэрээ нууцалсан тэрбээр 2019 оны нэгдүгээр сард Жефф Безосоос гэрлэлтээ цуцлуулах болсон тухай мэдээлэл тархсанаас хойш ч ярилцлага өгсөнгүй. Гэр бүл цуцлах ажиллагаа долдугаар сард эцэслэхэд МакКензи Amazon компанийн дөрвөн хувийг эзэмшиж үлдсэн юм. Ийнхүү эзэмшдэг хувьцааных нь үнэлгээ 36.1 тэрбум ам.доллараар хэмжигдэж буй тул МакКензи энэ жилийн Forbes 400 эрэмбэд 15 дугаар байрт шууд бичигдэж байна. Amazon-ы анхны хөрөнгө оруулагчдын нэг Ник Ханауэр “МакКензи компанийнхаа 50 хувийг авах ёстой байсан. Түүнийг Жеффтэй эн тэнцүү зүтгэсэн гэж хэлж болно” гэв. Хэдийгээр МакКензи нийтлэлийн гол дүр боловч бидэнд ярилцлага өгсөнгүй. Дүрээ илүү тодотгохын тулд найз, нөхөд, хуучин ажлын хамт олон гэх мэт 100 гаруй хүнтэй уулзаж, олон хоног хөөцөлдсөн боловч үнэндээ түүнийг хаалттай боловч авьяаслаг, амьдралынхаа үе шат болгонд чимээгүйхэн амжилт гаргаж байсан эмэгтэй гэх бүдэгхэн зураглалаас илүүг гаргаж чадсангүй. Сан-Францискод өссөн, айлын дунд хүүхэд МакКензи дөнгөж зургаан настайдаа The Book Worm хэмээх 142 хуудастай ном бичиж байжээ. Аав нь санхүүгийн мэргэжилтэн, ээж нь гэрийн эзэгтэй байсан бөгөөд МакКензи Коннектикут муж дахь дотуур байртай Хочкис сургуулийг нэг жилээр урьдчилж төгсжээ. Улмаар Кембриж, Принстоны их сургуульд англи хэл шинжлэлээр суралцаж, Нобелийн шагналт зохиолч Тони Моррисоноор судалгааны ажлаа удирдуулж байв. Түүнд англи хэл зааж байсан профессоруудын нэг Жефф Нунокава “Тэр ерөнхийдөө даруу, төлөв зантай, дуугай, авьяаслаг оюутан байв” гэсэн юм. Тэрбээр сургуулиа амжилттай төгссөн D.E. Shaw хеж санд ажиллаж байхдаа Жеффтэй болзож эхэлсэн бөгөөд 1994 онд Amazon-ыг үүсгэн байгуулахын тулд ажлаасаа гарчээ. Түүний оролцоо анхнаасаа маш өндөр байв. “Хэнд ч, ямар ч албан тушаал байгаагүй... Тиймээс МакКензи бараг бүгдийг хийдэг байсан” хэмээн анхны ажилчдын нэг Тод Нельсон дурссан юм. МакКензи зөгнөлт зохиол бичих ажилдаа шамдан орох үүднээс Amazon-ыг олон нийтэд нээлттэй болсон 1997 онд компанийхаа ажлаас хөндийрчээ. 2005 онд хэвлэлийн компани HarperCollins анхны ном The Testing of Luther Albright-ыг нь хэвлэх хүртэл МакКензи олны анхааралд өртөлгүй явж чадсан юм. Тони Моррисон түүний зохиолыг “ховор бүтээл” хэмээн дүгнэдэг. МакКензигийн дараачийн бүтээл бол 2013 онд хэвлэгдсэн Traps юм. Харин сүүлийн үеийн амьдралынх нь талаар мэдэх эх сурвалж бараг байсангүй. Жефф, МакКензи нар гэр оронгүй иргэдийг байртай болгох, сургуулийн өмнөх боловсролын төлөөх ашгийн бус байгууллагуудыг дэмжих үйлсэд зориулж хоёр тэрбум ам.доллар хандивлах амлалтыг 2018 онд өгсөн билээ. Түүнчлэн, МакКензи тавдугаар сард гэр бүл цуцлах ажиллагаа дуусах үеэр Giving Pledge амлалтад нэгдэж, хөрөнгийнхөө тэн хагасыг сайн үйлсэд зориулна хэмээн амласан юм. Харин тэрхүү олон тэрбум ам.доллар хэрхэн зарцуулагдахыг МакКензи хэлсэнгүй.