A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2868/

Сэтгэл хэт хөдлөхөд тархи "түгжигддэг"

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2868/

Хэн нэгэн хашхирч эхлэхэд авах арга хэмжээ



“Сэтгэл хөдлөлөө жолоодох урлаг”, “Одоо цагт амьдрах урлаг”, “Ухаалаг сонголт” номын зохиолч, сэтгэл зүйч Э.Баярмаа дараах зөвлөгөөг өгч байна.


Өглөө автобусанд нэг залуугийн хөл дээр санаандгүй гишгэчихсэн чинь өөдөөс орилж уурлав. Эхнэр оройтож очихоор хашхирч загнана. Зарим өдөр ажил дээрээ алдаа гаргаж захирлын уурыг барна. Монгол аз жаргалын индекс хамгийн бага орон гэж үнэн байх. Ихэнх хүн над руу уурлаж, орилох юм. Энэ хүмүүстэй яаж харилцах вэ гэсэн асуултад “Сэтгэл хөдлөлөө жолоодох урлаг” номын зохиолч, сэтгэлзүйч Э.Баярмаагаас хариулт авлаа.

Хүний тархины сэтгэл хөдлөлийг хариуцдаг хэсэг ба ухамсрыг хариуцдаг хэсэг урвуу хамааралтай байдаг гэнэ. Сэтгэл хөдлөл давамгайлсан үед тархи “түгжигддэг” гэж хэлэхэд буруудахгүй. Тиймээс хэн нэгэн тань руу уурлаж байгаа бол даган уурлаж, “тархиа түгжих” хэрэггүй. Харин тархиа ажиллуулж хэрхэн түүнийг тайвшруулах арга замыг эрэх хэрэгтэй.

Хэн нэгний хэрэгцээ хангагдаагүй нөхцөлд уурлаж бухимддаг. Анхны болзоондоо яарч явтал нэг нөхөр гутлыг нь муухай болгочихдог. Ашигтай бизнес эхлүүлэх гэж байтал ажилтан нь бусниулчихдаг. Энэ нөхцөлд хүний уур хүрнэ шүү дээ.

Гэхдээ ихэнх сэтгэл хөдлөл тархинд үүссэн химийн урвалын өөрчлөлт байдаг. Өөрөөр хэлбэл, тархин дахь химийн урвал өөрчлөгдөхөд түүнд тохирох сэтгэл хөдлөл үүсдэг. Тархины химийн урвал хэвийн байдалд ороход сэтгэл санаа ч бас хэвийн байдалд орно. Тийм учраас ямар ч сэтгэл хөдлөл бол түр зуурынх. Тиймээс тэвчээртэй хүлээ. Мөн тань руу орилж байгаа хүний хэрэгцээг хангахыг нэн түрүүнд урьтал болго. Хашхирч байгааг нь сонс. Өөрийнх нь “хэрэгцээг” хангахыг хүсч байгаагаа мэдрүүл. Гутлыг нь арчих алчуур эрж хай, алдаагаа засах боломжийг танилцуул.

Харин та өөрөө уурлавал дараах аргыг хэрэглээрэй

Амьсгалдаа анхаарлаа төвлөрүүл

Нүдээ аниад амьсгал орж, гарах хэмнэлийг чагна.

Амьсгалах бүрт хэвлийн булчин хэрхэн ажиллаж буйг мэдэр.

Амьсгал гадагшлах бүрд сөрөг сэтгэл хөдлөл хар утаа болон хамрын зүүн нүхээр гарч байна гэж төсөөл.

Амьсгал авах бүрд эерэг энерги хамрын баруун нүхээр гарч байна гэж төсөөл.

Хэсэг хугацаанд амьсгалдаа анхаарлаа төвлөрүүлсний дараа биеийн хөдөлгөөндөө төвлөр. Үүний дараа аажим аажмаар орчин тойрныхоо зүйлсийг ажигла. Далд ухамсар одоо болж байгаа болон төсөөлж байгаа зүйлийг ялгадаггүй учир төсөөллийн арга хамгийн үр дүнтэй.

Баярлалаа. Зочиндоо

A

Жижиг

A

Дунд

A

Том

Өвөлтэй цуг үхэл айсуй юу

Утаа үзэгдэхгүй ч агаарын найрлага дахь хорт бодисын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 2-3 дахин ихэссэн байв

 0 сэтгэгдэл


Нийслэлээс шахмал түлшний асуудлаар нээлттэй сонсгол хийсэн. Зуухны судалгаа хийгээгүй, мэдээллээр хангаагүй байж шахмал түлшийг хэрэглээнд шууд нэвтрүүлсэн нь олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох шалтгаан болжээ гэдэгт үндсэндээ санал нэгдэв.

АГААРЫН ЧАНАРЫН ИНДЕКСИЙН БУДЛИАН ҮҮГЭЭР ДУУСАХГҮЙ. 0-50 БУЮУ “ЦЭВЭР” ГЭХ ҮЗҮҮЛЭЛТ ДОТОР АГААР ДАХЬ АЛЬ НЭГ ХОРТ БОДИСЫН ХЭМЖЭЭ 0-12 НЭГЖ БАЙХ ЁСТОЙ ГЭЖ ҮЗДЭГ БАЙСНЫГ ОДОО МӨРДӨГДӨЖ БАЙГАА ХЯТАД СТАНДАРТААР 0-35 БОЛГОЖЭЭ.

Энэ долоо хоногоос хүйтний эрч чангарч, “Түлшний багийнхан” жинхэнэ дүнгээ тавиу­лах цаг ирлээ. Энэ багт Ерөнхий сайдаас эхлээд “Тавантолгой түлш” үйлдвэрийн ажилтан, борлуулагч гээд өргөн фронтоор хүчин зүтгэдэг. Түүхий нүүрсийг халж, шахмал түлшинд шилжсэн зоригтой алхамд золиос байх ёстой гэж үзэх нэгэн ч бий. Тэгвэл өнөөдрийн байдлаар мянга шахам иргэн угаартаж, 10 хүн амь насаа золиослоод байна. Гэхдээ хохирогчид бүгдээрээ муу зуухтай, яндангаа хөөлөөгүй, хаалтаа хаасан, тэр бүү хэл түлш түлчихээд зуухнаасаа яндангаа салгаж унтсан гэх мэтээр өөрсдийн буруугаас болж хорвоог орхисон гэж буй. Сенсаацын дархлаатай монголчууд өнгөрсөн амралтын өдрүүдэд 35 иргэн угаарын хийн хордлогын улмаас эмнэлэгт хандсан тухай мэдээллийг огтхон ч ойшоосонгүй. Өвөл айсуй гэдэг үг “үхэл айсуй” гэсэн заналхийлэл шиг сонсогдох болсон энэ цаг үед иргэд галлагаандаа хариуцлагатай хандаж, гэр бүлээ хамгаалах нь чухал гэдгийг эрхбиш ойлгосон байх. Нүүрс асаж дуусаад, цогших үед нь дулааныг хадгалах зорилгоор хаалтаа хаадаг нь үхэлд хүргэх гол шалтгаан болж байгааг судлаачид туршилтаар гаргаж ирснийг онцолъё.

ШАХМАЛ ТҮЛШ ТӨГСГӨЛДӨӨ ХАМГИЙН ИХ СО ЯЛГАРУУЛДАГ


Бидний хэрэглэж заншсан хүрэн нүүрсэнд нүүрстөрөгчийн агуулга 60 хувь, дэгдэмхий бодисууд 40 хувь байдаг бол сайжруулсан шахмал түлш хийсэн чулуун нүүрсний 80-­90 хувийг нүүрстөрөгч үлдсэн хувийг нь дэгдэмхий эзэлдэг. Энэ нь шаталтын үеийн хаталт, хагарал, дэгдэлтийн процесс харилцан адилгүй явагдах шалтгаан болж байна. Химийн инженер, “Монгол нүүрс” ассоциацийн тэргүүн Ж.Золжаргал нарын эрдэмтэн Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнд уламжлалт зууханд түүхий нүүрс болон шахмал түлшийн шаталтын процесст шинжилгээ хийжээ. Есдүгээр сард манай сонинд тус хүрээлэнгийн захирал Б.Жаргалсайхан ярилцлага өгөхдөө хийн анализатор нь эвдэрсэн гэж байв. Харин судлаачид Агаарын чанарын албанаас хэмжигч багаж авч, туршилтаа хийсэн аж. Гурван цагийн турш үргэлжилсэн шаталтын төгсгөлд буюу цогшоод ирсэн үедээ түүхий нүүрсний ялгаруулж буй CO буюу нүүрстөрөгчийн дутуу исэл 860 ppm байсан бол шахмал түлшнийх хоёр дахин их буюу 1713 ppm байжээ. Энэ үед иргэд дулаанаа хадгалах зорилгоор зуухны хаалтаа хаадаг нь угаарын хий дотоод орчинд тархаж, үхэлд хүргэдэг гэх урьдчилсан дүгнэлт гаргав. Гэхдээ ийм туршилт 5­-10 удаа хийж байж, дундаж үзүүлэлтээр судалгаанд ашиглах боломж­тойг ШУТИС­ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн хими, инженерийн салбарын дэд профессор Д.Илчгэрэл онцолсон. Төгсгөлдөө хоёр дахин их угаарын хий ялгаруулж байгааг дутуу шаталттай холбон тайлбар­лаж буй. Шахмал түлш төгсгөлдөө ялгаруулсан үнсэн бүрхүүл дотроо дутуу шатаж, СО үүсгэдэг. Хуучин цагт эмгэд галын шилээврээр гуравхан татаад л үнсийг нь буулгаж, уугиж буй галаа дүрэлзтэл асаадаг байсныг энд дурдалтай ч биш дээ. Өнөөгийн гэр хорооллын иргэд галаа ч түлж чадахгүй болсны жишээ энэ.

УГААР МЭДРЭГЧИЙН СТАНДАРТЫГ ТҮРҮҮЛЖ ГАРГААРАЙ


Нийслэлээс шахмал түлшний асуудлаар нээлттэй сонсгол хийсэн. Зуухны судалгаа хийгээгүй, мэдээллээр хангаагүй байж шахмал түлшийг хэрэглээнд шууд нэвтрүүлсэн нь олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох шалтгаан болжээ гэдэгт үндсэндээ санал нэгдэв. Угаартаж үхэх аюулаас сэргийлэхийн тулд нийслэлээс 6.6 тэрбум төгрөгөөр айл бүрт CO мэдрэгч (дитектор) суурилуулах шийдвэр гаргасан. Арваннэгдүгээр сарын 1­-ний өдөр гэхэд суурилуулах чиглэл өгсөн ч 30­-ны өдөрт багтаан тараахаар хугацааг сунгажээ. Харин угаарын хийн дитекторыг эхэлж туршаад, дохио дуугарах хугацаа, хэмжээнд нь стандарт тогтоож, иргэдэд мэдээллийг сайтар хүргэхийг хэлэлцүүлгийн үеэр эрдэмтэд анхааруулсан юм. Тог тасарсан, цэнэг дууссан, мэдрэгч нь бохирдсон гэх мэт шалтгаанаар дитектор ажиллахгүй байх тохиолдолд дахин олноороо угаартах эрсдэлээс сэргийлэхийг онцгойлон анхааруулсан юм. Гэвч сар дундаа орж байхад энэ талын мэдээлэл “хар авдрандаа” хав дарагдаастай л байна. Агаарын бохирдлоор мөнгө хийж ирсэн, хийх гэсэн хүсэлтэй албан тушаалтнуудын лобби үүний цаана хүчтэй яваа талаар эх сурвалж хэлж байв. Товлосон хугацаа ирэхэд цэгцрэхгүй байх ч магадлалтай тул иргэд өөрсдөө пийшингийнхээ ан цавыг битүүмжилж, яндангаа хөөлж, аюулгүй байдлаа хангах хэрэгтэйг мөн онцолсон.

УТАА ГУРАВ ДАХИН БУУРСАН НЬ ИНДЕКСИЙГ ХОЁР ДАХИН ЗӨӨЛЛӨСӨНТЭЙ ХОЛБООТОЙ

“Утаа үнэхээр багасчихлаа” гэж баярлах нэгэн байхад, “гадуур явахад сонин юм үнэртээд, толгой өвдөөд байна” гэх хэсэг байна. Харин агаарын чанарыг хэмжих багаж өөр зүйл “хэлж” байна. Утаа үзэгдэхгүй ч агаарын найрлага дахь хорт бодисын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 2­3 дахин ихэссэн байв. Тухайлбал, хүхрийн давхар исэл (SO2) 2018 оны аравдугаар сард стандартаас давсан тохиолдлын тоо дөрвөн хувийг эзэлдэг байсан бол өнгөрсөн долоо хоногт 57 хувь болж өсжээ. Ийм үзүүлэлт долоо хоног бүрийн тайланд давтагдаж байна. Түүнчлэн PM10 тоосонцор 75 хувьд нь стандартаас давж байсан бол 89 хувь болж, нэмэгдсэн байна. 2018 оны аравдугаар сарын 10­-ны өдөр БОАЖ­-ын сайд Б.Цэрэнбатын тушаалаар “Агаарын чанарын индексээр агаарын чанарыг үнэлэх, мэдээлэх журам”­д өөрчлөлт оруулсан билээ. Энэ өөрчлөлтөөр 101­-200 нэгжийг “бага бохирдолтой” гэж, 201­-300 нэгж байвал “бохир долтой”, 301-­400 бол “их бохирдолтой”, 400-­500 бол “маш их бохир долтой” гэж тооцохоор зөөллөв. Энэ нь урд хөршид мөрдөгддөг стандарт аж. Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандартыг АНУ болон Европт мөрддөг. Үүгээр бол 101-­150 нэгж нь “бага бохир­долтой”, 151­-200 нь “бохир­долтой”, 201-­250 нэгж болоод ирэхэд “их бохирдолтой” гэж улаан өнгөөр аюултай байдлыг илэрхийлдэг. Гэтэл энэ нь манайд дөнгөж бохирдол эхлэх хэмжээ болсон юм. Агаарын чанарын индексийн будлиан үүгээр дуусахгүй. 0-­50 буюу “цэвэр” гэх үзүүлэлт дотор агаар дахь аль нэг хорт бодисын хэмжээ 0-­12 нэгж байх ёстой гэж үздэг байсныг одоо мөрдөгдөж байгаа хятад стандартаар 0-­35 болгожээ. Энэ зөрүү 23 нэгжид хамаарах бохирдлын хэмжээ, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн судалгаа одоогоор огт алга. Учир нь дор хаяж 3­6 сарын турш хэмжилт хийснээр илэрхийлэх боломжтой аж. Ингээд ил харагдах тоогоор ч, түүн дотор илэрхийлэх нэгжээр ч дахин дахин “зөөлрүүлж”, хорт бодисын хэмжээг аюулгүй гэж ойлгогдох бүхий л ажиллагааг хийжээ. Үнэхээр дэлхийн стандарт хэт “сүржигнэсэн” байгаад, манайд мөрдөж байгаа нь онц хохиролгүй бол аштай юу. Нөгөө талаас Б.Цэрэнбат сайд бас их “буянтай” шийдвэр гаргасан. Ядаж л бид “бага бохирдолтой” гэж бодоод сэтгэл санаагаар тайван аажмаар хор дож байгаадаа баярлах ёстой юм шиг байна.



Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодисын агууламж дахь хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2) өмнөх оны мөн үеийнхээс 2.1-3.5 дахин их байна.



A

Жижиг

A

Дунд

A

Том

Хүн төрөлхтөн тэнэгэрч буйн учир

Орчны бохирдол багатай дүүргийн сургуулийн сурагчдын оюуны чадавх дээгүүр гарсан байна

 0 сэтгэгдэл


Сүүлийн хагас зуун жил хүн төрөлхтөн ерөнхийдөө тэнэгэрсэн гэж эрдэмтэд дүгнэв. 1970­-аад оны дундаас IQ үзүүлэлт дараагийн үеийнхэн тутамд дунджаар долоон оноогоор буурчээ. Зарим судлаач үүнийг хүний хувьсалтай холбож үзсэн бол зарим нь генетикийн зүй тогтолтой, гуравдагч хэсэг нь технологийн үсрэнгүй хөгжлөөс шалтгаалсан гэж тайлбарладаг. Дээд палеолитын үеийн хүмүүс ба неандертальчуудын тархи биднийхээс том байсан. Тухайн үед эрэгтэй хүний тархи 1500 шоо сантиметр хэмжээтэй байсан бол одоогийнх 1425. Тэд өнөөгийн homo sapiens­ээс ухаантай байсан уу гэдэг нь маргаантай асуудал. Гэхдээ зарим судлаач тархины хэмжээ ба оюуны чадамжийн хооронд бага ч гэсэн эерэг хамаарал байдаг хэмээн нотолдог. Ант­ропологич Станислав Дробы­шевский эртний хүмүүсийн тархины хэмжээ амьдралын хатуу ширүүн нөхцөлөөс болсон гэж бичжээ. Кроманьон ба неандерталь хүмүүс бүх амин чухал мэдээллийг тархиндаа хадгалахаас өөр аргагүй байв. Тэр үед мэдээлэл хадгалах хиймэл хэрэгсэл ном бүтээг­дээгүй, амьдралын ажиглалт, туршлагатай өндөр настан маш ховор байжээ. Дундаж наслалт богино байсан хэрэг. Харин орчин үеийн хүмүүсийн хувьд эсрэгээр бараг хүлэмжийн нөхцөлд амьдардаг. Хувцас, хүнс, мэдээллийг бэлэн хэлбэрээр авч, олон үеэр хуримтлагдсан мэдээллийг хиймэл тээгчид хадгална. Ийм тохиолдолд хүний биеэс ялгардаг эрчим хүчний 20 хувийг хэрэглэдэг “ховдог” тархи хэрэггүй.

Иймээс сүүлийн 25000 жилд хүний тархи аажмаар хатах үйл явц үргэлжилж байж магадгүй юм. Түүнээс өмнөх арван мянган жилд бас таван хувь жижгэрчээ. Хөдөө аж ахуйн хөгжил, хотуудын үүсэл, анагаах ухааны дэвшил зэрэг нь байгалийн шалгарлыг бараг үгүй хийв. Хүн амын дунд ДНХ-­ийн муу мутацитай бодгаль олширсон байна. Үүний улмаас дундаж хүний оюуны чадамж доошилж эхлэв. Гэтэл ХХ зуунд оюуны чадам жийн түвшин дээшлэх хандлага ажиглагдсан юм. Америкийн сэтгэл зүйч Жеймс Флинн уг үзэгдлийг илрүүлсэн бөгөөд 1932-­1978 оны хооронд АНУ­-ын дундаж IQ 14 нэгжээр дээшилсэн хэмээн 1984 оны судалгаандаа онцолжээ. Энэ дүгнэлтийг дараа нь олон оронд баталсан байна. Гэвч өнгөрсөн жил Норвегийн эрдэмтэд 700 мянга орчим хүний тестийн үр дүнд анализ хийгээд 1970­-аад оноос хойш оюуны чадамжийн дундаж үзүүлэлт дараа гийн үе бүрд долоон нэг жээр буурч байгаа гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тухайлбал, 1969 онд төрөгсдийн IQ тэднээс долоон насаар ах хүмүүсийнхээс гурван баллаар их буюу тус бүр 102.3 ба 99.5 байгаа юм. Үүнээс хойш хандлага өөрчлөгдөж, сайн дурынхнаас авсан тестээс үзэхэд 1989 онд төрөгсдийн дундаж үзүүлэлт 99.4 балл болсон байлаа. Энэ хандлага гэр бүлд хүртэл ажиглагдаж, ах нар нь дүү нараасаа илүү өндөр оюуны чадамжтай байв. Үүнээс үзэхэд учир шалтгаан нь хүн ам зүйн төлөв буюу азгүй гений тархалтаас хамаарахгүй бололтой гэж эрдэмтэд бичсэн байна. IQ буурах үзэгдэл нэг талаас амьдралын технологийн хөгжил, хэв маяг, хүмүүжил, боловсролын өөрчлөлтөөс шалтгаалах боловч нөгөө талаас тест өөрөө орчин үеийн хүнийг үнэлэхэд нийцэхээ больсон байж магадгүй юм. Үүнээс гадна орчны бохирдлын улмаас хүний танихуйн чадамж буурсан байж болзошгүй гэж Испанийн эрдэмтэд таамаг­лажээ. Тэд Барселоны 39 бага сургуулийн орчны агаар дахь хорт бодисын хэмжилт хийж үзээд дараа нь сурагчдаас тест авсан аж. Орчны бохирдол бага тай дүүргийн сургуулийн сурагчдын оюуны чадавх дээгүүр гарсан байна. Түүнчлэн Британийн Ланкастерийн их сургуулийн судлаачид 18000 сурагчдын дунд мөн адил тест явуулахад агаарын бохирдол ихтэй дүүргийн сурагчдын дунд оюуны хоцрогдол илүү байгааг илрүүлжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ё.Ганболд: Нөхөн үржихүйн эрхтэн хадгалах хагалгааг Монголд анх удаа хийсэн

 0 сэтгэгдэл
  • Өсөлтгүй жирэмслэлт, үрэвсэлт өвчин ихэссэнээс үүдэн умайд хийх ажилбар нэмэгдсэн
  • Нөхөн үржихүйн эрхтнийг үлдээж, аварна гэдэг эхчүүд эмэгтэйчүүд, цаашилбал гэр бүлд нь хамгийн том баяр баясал үлдээж байна гэсэн үг


Ихэс түрүүлэх, ихэс шигдэх эмгэгийн хүндрэлийн үед эрхтэн хадгалах хагалгааг Монгол Улсад хийдэг болжээ. Эмчилгээний энэхүү шинэ аргыг нэвтрүүлсэн нийслэлийн “Амгалан” амаржих газрын Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, Ё.Ганболдтой ярилцлаа.


-Та бүхэн ихэс түрүүлэх эмгэгийн хүндрэлээс үүдэлтэй эрхтэн хадгалах хагалгааг анх удаа хийжээ. Энэ хагалгааг өмнө нь ямар шалтгааны улмаас хийх боломжгүй байсан бэ?

-Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд кесарево (кесар) буюу хийсвэр хагалгаагаар төрөх явдал ихэссэн. Манай оронд ч энэ хагалгаагаар төрөх давтамж нэмэгдэж байна. Уг хагалгааны давтамж нэмэгдсэн, эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин ихэссэн, умайд хийх ажилбарын тоо өссөн зэргээс үүдэн ихсийн буруу байрлалт буюу ихэс түрүүлэлт жирэмслэлтийн цөөнгүй тохиолдолд илэрдэг болсон. Тэр тусмаа олон удаа кесар хагалгаанд орсон эмэгтэйчүүдийн сорви руу буруу байрласан ихэс наалдаж улмаар давсаг руу шигддэг. Энэ бол эхийн амь насанд аюултай хүндрэл. Ихэс умайн ёроол буюу их биед байрлах үед хамгийн зузаан гурван давхар булчинд бэхлэгдэх ёстой. Гэтэл умайн доод хэсэг буюу умайг тагласан хэсгийн булчин маш нимгэн байдаг. Тиймээс эмчилгээний энэ арга барилыг бид нэвтрүүлэхээр шийдэж, амжилттай хэрэгжүүлээд байна. Өмнө нь ийм эмчилгээ нэвтрээгүй байсан учраас энэ хагалгааг Монголд хийдэггүй байсан. Харин энэхүү эмчилгээг нэвтрүүлсэн нь НЭМГ-аас жил бүр олгодог “Сайн туршлага” арга хэмжээний Эмчилгээний шинэ арга технологи төрөлд дэд байр эзэлсэн. Бид хагалгааны арга аргачлал, өөрсдийн багахан туршлагаа түгээхээр ажиллаж байна.

-Хагалгааны аргачлалыг хэрхэн нэвтрүүлэв. Баг хамт олныхоо талаар танилцуулбал?

-Би 2016 онд Москва хотод сургалтад суусан юм. Тэр үеэр энэ хагалгааг хийж эхлэх санаа төрсөн. Улмаар гадны орнуудаас туршлага судалж 2019 оны гуравдугаар сараас ихэс түрүүлсэн, ихэс шигдсэн үед умайг өөлж, эрхтэн хадгалах хагалгааг хийж эхэлсэн. Жирэмсний эмгэгийг эмчлэх тасгийн эмч Ч.Хонгорзул, Н.Төгсбаяр, Эрчимт эмчилгээний эмч Б.Бямбадагва, Б.Батсайхан болон миний бие баг болж, ажиллаж байна. Ур чадвар нэлээд шаарддаг, эрсдэл өндөр хагалгаа учир нэг баг болж ажиллаж байж л эмчилгээг амжилттай хийж байна. Түүнээс гадна хагалгааны сувилагч, нярайн эмч, эх баригч гээд арваад хүний бүрэлдэхүүнтэй баг ажилладаг.

Ихэс түрүүлэх үед доод тал нь 3 литр цус алдах эрсдэлтэй


-Одоогоор хэчнээн эхэд эрхтэн хадгалах хагалгаа хийсэн бэ. Нөхөн үржихүйн эрхтэн хадгалах хагалгааны ач холбогдлын талаар ярихгүй юу?

-Одоогоор арав гаруй хагалгаа хийсэн. Энэ хагалгаа хэд хэдэн төрлийн ач холбогдолтой. Тухайн эмэгтэйн бүх эрхтэн бүрэн бүтэн үлддэг. Дахин төрөх боломжтой, цус алдалт багасна, ор хоног цөөрнө гэх мэт. Хагалгаа хийсэн тохиолдлуудаас хүндэрсэн, дахин хагалгаа хийсэн үзэгдэл гарсангүй. Шинэ зүйл учраас эрсдэл байгаа. Харин бид цаашдаа улам боловсронгуй болгож, нутагшуулахаар ажиллаж байна. Тэр ч үүднээс бид оюуны өмчийн газар материалаа илгээсэн.

-Хагалгааны аргачлалыг энгийн үгээр тайлбарлаж өгөхгүй юу?

-Түрүүлсэн ихэс гадагшаагаа судасжилт үүсгэж, зэргэлдээ эрхтэнд шигддэг. Өөрөөр хэлбэл, ихэс умайгаас хальж, түүний улмаас судасжилт үүсэж, эрхтэн гэмтэх аюултай. Хүүхдийг кесар хагалгаагаар авахын тулд умайд 12-18 см зүсэлт хийнэ. Гэтэл энэ үед умайн судсаар минутад 700 мл цус эргэлдэж байдаг. Тэгэхээр цус алдах эрсдэл үүснэ гэсэн үг. Хагалгаа эхлэх үед үүссэн бүх судаснуудыг боож, умайн ёроолд зүсэлт хийж хүүхдийг авч, умайн доод талын нимгэрсэн хэсэг буюу эвэрхий үүссэн хэсгийг өөлж, ихсийг гарган, нөхөн сэргээх мэс засал хийнэ. Ихэс түрүүлэх үед доод тал нь 3000 мл цус алдах эрсдэлтэй байдаг. Энэ бол нэлээдгүй аюултай, эрсдэл дагуулсан хагалгаа. Эмэгтэй хүний хамгийн ариун эрхтэн бол умай. Эмэгтэй хүн анх сарын тэмдэг ирэхэд баярлах ёстой бол үүний дараа үр хүүхдээ хараад баяр баясал үздэг. Хүнд илүү эрхтэн гэж байхгүй. Энэ эрхтнийг үлдээж, аварна гэдэг эхчүүд эмэгтэйчүүд, цаашилбал гэр бүлд нь хамгийн том баяр баясгалан үлдээж байна гэж болно.

-Ихэс түрүүлэх, шигдэх эмгэг үүсэхэд олон хүчин зүйл нөлөөлдөг үү. Яг энэ эмгэгийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юү. Гол төлөв ямар шалтгааны улмаас энэ төрлийн хүндэрдэг юм бол?

-Сүүлийн үед өсөлтгүй жирэмслэлт, амьгүй төрөлт, эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин ихэссэнээс үүдэн умайд хийх мэс ажилбар нэмэгдсэн. Умайд ямар нэг ажилбар хийж, салст бүрхэвчинд нь өөрчлөлт орсон учраас ихэс умайн доод хэсэгт буюу буруу газар бэхлэгдэж байна. Нэг хэсэг зах дээрээс янз бүрийн эм авч, ууж зулбах тохиолдлууд их гарсан. Үүнээс болж умайг цэвэрлэх ажилбар хийдэг байсан. Эдгээрээс гадна кесар хагалгааны давтамж нөлөөдөг. Жишээлбэл, тав дахь кесар хагалгаа байх юм бол нийт хагалгааны 67 хувьд нь ихэс түрүүлэх эмгэг үүсдэг гэсэн судалгаа бий.

-Ихэс түрүүлэх эмгэгийн үед жирэмсэн эхэд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Жирэмсний эхний саруудын үед цус алдах шинж тэмдэг илрэх нь бий. Ер нь эмэгтэй хүн жирэмсэн болмогцоо эхний гурван сарын дотор хяналтад заавал орох ёстой. Тухайн эх хүүхдээ тээж чадах уу, янз бүрийн халдвар байна уу, эрт хугацаанд жирэмслэлтийг зогсоох уу, эмчлэх үү гээд олон асуудал бий. Мөн жирэмсний таван сарын дотор ургийн гажгийг оношилдог. Ихэс түрүүлэлт оношлогдсон нөхцөлд эмнэлгийн онцгой хяналтад байлгадаг. Дотуур үзлэгийг ч хориглодог. Яагаад гэвэл ихэс умайн хүзүүг тагласан байдаг учраас үзлэгийн үед цус алдах эрсдэлтэй.

-Үр хөндөлтийг эмийн болон мэсийн гэсэн хоёр аргаар хийдэг. Эмийн аргаар үр хөндүүлсэн эмэгтэйчүүдэд ч бас энэ эмгэг тохиолдох эрсдэлтэй юу? 

-Үр хөндүүлэх мэс ажилбар бол хүний гарын баримжаагаар далд хийгддэг хамгийн аюултай ажилбар. Эмээр үр хөндүүллээ гэж бодъё. Доошоо юм гарч байх үед үрэвсэл үүсэж, халдвар орох юм бол мөн л умайн салстыг гэмтээнэ. Өгсөх замын халдвар орох эрсдлийг үгүйсгэхгүй шүү дээ.

-Монгол эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдох өвчлөлийг умайн хүзүүний хорт хавдар тэргүүлж байна. Гэтэл умайн үрэвсэлтэй, өмнө нь үр хөндүүлж байсан эмэгтэйчүүдэд ихэс түрүүлэх эмгэг тохиолдох нь элбэг. Эмэгтэйчүүдийн өвчлөл газар авахад ямар хүчин зүйл нөлөөлж байна?

-Эмэгтэйчүүдийн хорт хавдрын нэгдүгээрт умайн хүзүүний хорт хавдар орж байна. Манай эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд маш муу. Нэг талдаа өмнө нь оношилж чаддаггүй байсан бол лабораторийн боломж сайжирсны хэрээр өвчлөлийн тоо нэмэгдсэн. Охид эрүүл бол улс эрүүл. Нөхөн үржихүйн гол үүргийг эмэгтэйчүүд л үүрнэ. Умайн хүзүүний хавдар үүсэхэд хүний биед байдаг хөхөнцөр вирус нөлөөлдөг. Мөн бэлгийн ганцхан хавьтагчтай байх хэрэгтэй. Жилд төрөлхийн тэмбүүтэй 50 хүүхэд төрж байна шүү дээ. 

өрөлхийн тэмбүүтэй хүүхэд эмчлэгддэг үү. Цаашдаа эрүүл мэндийн ямар нэгэн асуудал, бие эрхтний хөгжилд нөлөөлөх нөлөөлөл бий юу?

-Эмчлэгдэнэ. Гэхдээ вирус эмчлэгдэх боловч насан туршдаа тээгч болж амьдарна. Хүүхэд эцэг эхдээ л гомдох байх. Нарийн судалгааны дүн байхгүй. Энэ талаар цаашид судлах хэрэгтэй.

-Эдгээр нь иргэдийн эрүүл мэндийн боловсрол сул байгаатай холбоотой юу? 

-Тийм шүү. Эмэгтэйчүүд ч гэлтгүй манай иргэдийн эрүүл мэндийн боловсрол маш муу. Эрүүл мэндийн хичээлийг стандартын дагуу орохгүй байна. Хичээлийн цагийг гүйцээхийн тулд биологи эсвэл химийн багш бүр цаашлаад биеийн тамирын багшаар эрүүл мэндийн хичээл заалгаж байна. Хичээл ороод байгаа мэт боловч үр дүн багатай. Мөн цахимаар дамжуулан ам дамжсан зүйлсийг их хэрэглэх болжээ. Шинжлэх ухааны нотолгоонд суурилсан эмчилгээ л хийлгэх хэрэгтэй. Ер нь манайхны хувьд хүний эрүүл мэнддээ анхаарах анхаарал маш сул. “Эрүүл монгол хүн”, “Элэг бүтэн Монгол хүн”, “Хавдаргүй Монгол” гээд маш олон хөтөлбөр хэрэгжиж байна. Урьдчилан сэргийлэх үнэ төлбөргүй үзлэгт ор оо гээд зарлаж байхад ирэх хүн олдохгүй. Энэ бол хувь хүн болоод эрүүл мэндийн тогтолцоотой холбоотой. Эрүүл мэндийн үйлчилгээний үнэ өртөг бага байна. Гадны орнуудад бол өвдлөө гэхэд тухайн хүний эдийн засагт маш хүчтэй нөлөөлдөг, хамаг байдгаа л өгдөг учраас өвдөхөөс өөрийгөө урьдчилан сэргийлж байдаг.

-Жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд ямар төрлийн өвчлөл түгээмэл байна вэ. Жирэмслэхээс өмнө залуу гэр бүлүүд юуг ан-хаарч, энэ төрлийн эмгэг, жирэмсний бусад үеийн хүндрэлээс сэргийлэх ёстой вэ? 

-Жирэмсэн гэлтгүй эмэгтэйчүүдийн дунд шээс, бэлгийн замын халдвар их байна. Ер нь бөөр нь өвддөггүй эмэгтэй хүн нүдний гэм болжээ. Мөн ходоод, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл их байна. Эрүүл эхээс л эрүүл хүүхэд төрнө. Бүх эрхтэн систем, сэтгэл санааны хувьд эрүүл байгаа хүнийг л эрүүл гэнэ. Түүнээс биш зөвхөн өвчлөлийн тухай ярьж байгаа юм биш. Бие нь эрүүл ч гэсэн стресстэй, сэтгэл зүйн хувьд хүчирхийлэл дарамтад өртсөн байх юм бол эрүүлд тооцохгүй. Тохиолдлоор жирэмсэн болно гэдэг өнгөрсөн зууны асуудал. Одоо бол төлөвлөж, биеэ бэлдэж байж ээж болох ёстой. TORCH буюу таван төрлийн вирусийн халдварын шинжилгээг нөхрийнхөө хамт өгөх шаардлагатай. Жишээлбэл, уруул дээр юм гарахаар манайхан “хомхоо долоолоо” гэж яриад байдаг. Энэ бол герпес гэх вирусээс үүдэлтэй халдвар. Энэ вирусийн идэвхжил өндөр, эмчлүүлээгүй эмэгтэйгээс амьгүй ураг гарах магадлал 50 хувь байдаг.

















A

Жижиг

A

Дунд

A

Том

Ходоодны дуранг дахин ариутгаж хэрэглэсэн ч бактери тараадаг нь нотлогдов

 0 сэтгэгдэл
  • Жил бүр дунджаар 300 орчим хүн ходоодны мэс засал хийлгэдэг
  • 2018 оны статистикаас харахад элэгний өвчлөл нийт өвчлөлийн 6.9, ходоодных 2.9 хувийг эзэлж байна
  • Газарзүйн байршлын хувьд Орхон, Дархан-Уул, Увс, Сэлэнгэ, Хөвсгөл аймагт ходоодны хорт хавдар элбэг тохиолддог болжээ
  •  Ходоод дурандуулснаас болж АНУ, Европ даяар маш олон хүн өвчилж, амиа алджээ
  • Өнөөдрийн эрт илрүүлэг үзлэг маргаашийн өвчтөнг бий болгож байна


Манай улс ходоодны хорт хавдраар нас барагсдын тоогоор дэлхийд тэргүүлдэг. Хорт хавдар энэ цаг үеийн аюулын харанга болсон бөгөөд манай улсад элэгний хорт хавдрын өвчлөл тэргүүлж, ходоодны хорт хавдрын өвчлөл хоёрдугаар бичигдэж буй. Зөвхөн 2018 онд гэхэд л хавдрын 6073 шинэ тохиолдол бүртгэгдсэний 4412 нь хорт хавдрын шалтгаант нас баралт байв. Ийм статистикийг эрүүл мэндийн байгууллагаас гаргаад байна. 2017 онд нийт өвчлөгсдийн 36,1 хувь нь элэгний, 14,8 хувийг ходоодны хорт хавдар эзэлж байсан бол 2018 оны статистикаас харахад элэгний өвчлөл 6,9, ходоодных 2,9 хувийг эзэлж байна. Газарзүйн байршлын хувьд Орхон, Дархан-Уул, Увс, Сэлэнгэ, Хөвсгөл аймагт ходоодны хорт хавдар элбэг тохиолддог болжээ. Оношилгоо, илрүүлэг сайжирсан ч гэлээ ихэнх нь хожуу шатандаа орсон байдаг тул эдгэрэх найдваргүй болдог аж. Манай улс НҮБ-ын 2030 он хүртэлх “Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх хүрээнд 10,000 хүн амд хорт хавдраас шалтгаалсан нас баралтыг 10.5 хувиар бууруулах зорилго тавьсан. Үүний хүрээнд хавдрын эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд тодорхой насны заагтайгаар хамруулж байна. Хэдийгээр орон даяар хавдрын эсрэг үндэсний хэмжээний аян өрнүүлж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулдаг ч өвчлөл буурахгүй байгаа нь гачлантай. Харамсалтай нь энэ өвчин ихээхэн залуужиж байна. Жишээлбэл, 28 настай эмэгтэй ходоодныхоо 80 хувийг тайруу-лах хагалгаа хийлгэснээ ярилаа. Тэрбээр голдуу усаар л амь зогоож байна. Үндсэндээ ходоодныхоо 30 хувийг дүүргэх хэмжээний хоол идэх дэглэмтэй тул хатуу, хурц, хуурсан хайрсан хоол түүний хувьд мөрөөдөл төдий болжээ. Эмчийн зөвлөгөөний дагуу дэглэмээ нарийн баримталж чадвал хэдэн жил амьдрах боломж бий гэнэ. Хоёр хүүхдээ өнчрүүлэхгүйн тулд тэрбээр ийн буцалсан усаар гол зогоон өдөр хоногийг элээж явна. Эл эмэгтэйтэй ижил 38 настай Б мөн л усны хүчээр амьдарч яваагаа ярилаа. Энэ хоёр залуутай ижил оноштой 300 орчим хүн жил бүр мэс засалд ордог. Гэхдээ ийм оноштой таван хүн тутмын нэг нь ердөө таван жил амьдрах боломжтой байдаг аж.


ДЭЛХИЙ ДАХИНД ДУРАНГИЙН ОНОШИЛГООГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

Монголын эмч нар ходоодны хорт хавдрын шалтгааныг давсны хэрэглээ, хеликобактеритай холбон тайлбарладаг. Үзлэг шинжилгээгээр илрүүлсэн өвчлөлийн дийлэнх нь буюу 72 хувь нь хеликобактериас үүдсэн байдаг аж. Хеликобактерийн халдвар нь хувь хүн болон зоогийн газруудын ариун цэвэр, халдваргүйжүүлэлттэй холбоотой. Шүлсээр дамжин халдварладаг уг бактери аяга, халбагаар тархдаг. Болж өгвөл зоогийн газраар бага үйлчлүүлж бай гэж эмч нар зөвлөдгийн цаад санаа нь энэхүү хеликобактерийн халдвараас сэргийлж буй юм. Гэхдээ энэ нь хорт хавдар үүсгэх зөвхөн нэг л шалтгаан нөхцөл нь. Үүнээс гадна хүнс, хоол, орчны бохирдол гээд олон зүйл бас нөлөөлдөг. Магадгүй ходоодоо дурандуулах нь бүр аюултай эрсдэлтэй байж болохыг олон улсын эрдэмтэд ярьж эхэллээ. Сүүлийн үед дэлхий дахинд ходоодны дурангийн оношилгоог илт эсэргүүцэх болов. Учир нь дурангаар ходоодны хорт хавдар тархдагийг АНУ-ын эмч нар батлаад байна. Хэрэглэх бүртээ ариутгаад олон дахин ашигладаг тус багаж нь эрүүл хүмүүст бактери тараадаг аж. Дуранд наалдсан бактери зааврын дагуу ариутгасан ч арилдаггүйг тогтоожээ. Ходоод дурандуулснаас болж АНУ, Европ даяар маш олон хүн өвчилж, амиа алджээ. Бүрэн гүйцэд ариутгагдаагүй дуран нь антибиотикт тэсвэртэй эмчлэх боломжгүй бактери тараадаг нь трушилтаар нотлогдсон тухай Умард Каролинагийн их сургуулийн халдварт өвчнийг хянах төслийн захирал Уилльям Рутала New York Times сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Энэхүү ноцтой асуудлыг дэлгэсэн эмч, мэргэжилтнүүд АНУ-ын Хүнс, эмийн хэрэг эрхлэх газарт (FDA) хандаж, ходоодны дуран үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнээ сайжруулахыг шаардах, эсвэл ходоодны дурангийн эмчилгээг хориглохыг уриалсан байна. 

ҮЗЛЭГИЙН АРГА, ТЕХНИКЭЭ ӨӨРЧЛӨХ БОЛЖЭЭ

Манай зарим эмч, эмнэлэг аймаг бүрт очиж илрүүлэг оношилгоо хийж байна хэмээн хүн бүрийг нэг дурангийн багажаар үзэж байна. Энэ нь магадгүй халдвар улам тараах хүчин зүйл болж буйг үгүйсгэхгүй шүү дээ. Эмчилгээнд тэсвэртэй бактери тарааж байна гэж дэлхий нийтэд анхааруулсаар байхад манай эмнэлгүүд нэг дурангийн багажаар үзэж оношлох нь хэр зохистой вэ. Ариутгасан хэдий ч тэсвэртэй бактери тараадаг багажаар хэдий хүртэл хүмүүсийг үзэж оношлох вэ. Дэлхийн том гүрэн АНУ дурангийн оношилгооноос татгалзаж байхад манай улс өнөөх л “зэвсэг”-тэйгээ зууралдсаар сууна. Мөн дурангийн хагалгаа хийх нь эрсдэлтэй бөгөөд мэс заслын үеэр халдвар дамжих эрсдэлтэй гэж олон улсын мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Манай улсад дурангийн ариутгал халдваргүйтэл шаардлага хангахгүй байсан нь МХЕГ-ын шалгалтаар илэрч сануулга авч байсан эмнэлэг ч бий. Шинжлэх ухааны шинэ нээлт, дэвшил нь заримдаа хожим хойчдоо хор уршигтай байдгийг хуванцар сав, транс тосноос бид олж мэдсэн. Тухайн цаг үедээ гайхашруулж байсан сод нээлтүүд ч үнэндээ эрүүл мэндийг сүйтгэх дайсан хавдрын өвчлөлөөр Өмнөд Солонгос дэлхийд тэргүүлж буйг дурдсан юм. Тус улс 2017 онд ийн дэлхийд тэргүүлэх эгнээнд бичигдэж байсан бол нэлээд хүчин чармайлт гаргасны дүнд эдүгээ наймдугаар байрт жагсаж байна. Энэ улсын хоол, хүнс хавдрын өвчлөлийг нэмэгдүүлэх шалтгаан болдгийг нэгэн судлаач тэмдэглэсэн удаатай. Гэтэл манай улсад сүүлийн жилүүдэд солонгос хоолны газар олширсон. Солонгос хоол халуун ногооны орц ихтэй. Иймээс эрс тэс уур амьсгалтай, сэрүүн бүсэд амьдардаг хүмүүсийн биед төдийлэн зохицохгүйг эмч мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Мөн хайрсан, хуурсан, даршилсан давслаг хүнс эрүүл мэндэд тус болохоос илүү хор болдог. Бусад улс орны соёлыг биширч хоол хүнсийг нь байнга хэрэглэх нь монгол хүний биеийн онцлогт тохирох эсэхийг эргэцүүлэн бодох нь хувь хүний бас нэг хариуцлага яах аргагүй мөн. Ялангуяа хүүхэд, залуус шарсан хайрсан хүнс, солонгос хоолыг шимтэн зооглох нь тийм ч таатай биш аж. 


ХОДООДНЫ ХОРТ ХАВДРЫН ҮЕД ИЛРЭХ ЭХНИЙ ШИНЖ ТЭМДЭГ:

● Хэвлийгээр өвдөх, халуу оргих

● Цээж гашуу оргих эсвэл хоолны шингэц муудах зэрэгДараах шинж тэмдгүүд илэрч болзошгүй

● Бага хэмжээний хоол идсэн ч цадах

● Дотор муухайрах, бөөлжих

● Хоолны дуршил буурах, турах

● Гэдэс цардайх

● Шалтгаангүйгээр ядарч, сульдах

● Цустай бөөлжих

● Өтгөн хар өнгөтэй гарах

ХОДООДНЫ ХОРТ ХАВДРЫН ШАЛТГААН: Ходоодны хорт хавдрын шалтгаан тодорхойгүй боловч дараах хүчин зүйлс хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг.

● Тамхи татах

● 50-аас дээш насанд

● Эрэгтэй хүнд эмэгтэйчүүдээс илүү тохиолдох

● Хелико бактерийн халдвартай байх

● Утсан, даршилсан, давсалсан хоол хүнс их хэрэглэх, шинэ ногоо болон жимс бага хэрэглэх

● Ходоодны хорт хавдраар удмын хүмүүсээс өвдөж байсан

● Шархлаа өвчний улмаас ходоодоо хэсэгчлэн тайруулсан бол тайруулснаас хойш 20 гаруй жилийн дараа

● Удамшлын генийн өөрчлөлтүүд буюу бүдүүн гэдэсний булчирхайлаг ургацагтай болон ургацаггүй хорт хавдар зэрэг удамшлын өвчнүүд хамаарна.