A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1399/

Сүрьеэг эрүүл мэндийн салбар дангаараа дийлэхгүй

​Сүрьеэтэй өвчтөнүүдийн 70 хувь нь санхүүгийн дарамтад өртсөн​

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1399/


Үе үе бөгшүүлэн ханиаж буй турж эцсэн нэгнээс ойр орчмынхон нь үл мэдэг дөлнө. Гудамжинд, автобусанд, ажлын байранд, тэр бүү хэл гэр бүлийнхэн нь хүртэл сүрьеэ туссан нэгнийг илт ялгаварлан, зай барьдаг хандлага монголчуудад бий. Үүнийгээ “цагаан тахал” гэж нэрлэгдэх хүртлээ гаарч, олон хүний амь насыг авч одсоор байгаа сүрьеэ өвчнөөс сэрэмжилж буй гэж ойлгодог. Харин эсрэг өнцөгөөр харвал, өвчтөнд сэтгэл санааны маш хүнд дарамт учруулдаг араншин. Монголд жил бүр 4000 гаруй хүн энэ өвчнөөр шинээр өвчилж байна. Одоогоор 22 мянга гаруй хүн сүрьеэгийн халдвар тээж яваа гэсэн ноцтой мэдээлэл бий. Сүрьеэгийн вирус нь олон төрлийн эмэнд дасал болсон, хүнд шатандаа орсон иргэдийн хувьд ажил, хөдөлмөр эрхэлнэ гэдэг амаргүй. Хэдийгээр улсаас эмчилгээний зардлыг даадаг ч эмнэлэг явах унаа, эмийн гаж нөлөөг бууруулах эм авах гэх мэт шууд зардлууд эмчилгээнийхээс хоёр дахин их гардаг байна. Энэ хугацаанд ажил хийж орлого олох боломжоо иргэд хэдэн сар, жилээр алддаг.

ДЭМБ-аас Монголд сүрьеэгээр өвчилсөн иргэдийн 45.5 хувь буюу бараг тал нь ажилгүй болсон гэсэн судалгаа гаргажээ. Өвчтөнүүдийн 39 хувь нь тогтмол орлогогүй болсон, эмчилгээний бусад зардлаа олохын тулд банкнаас зээл авсан байна. Өөрөөр хэлбэл, сүрьеэгээр өвдсөн гурван хүн тутмын нэг нь зөвхөн энэ өвчнөөс салахын тулд өр, зээлтэй амьдарч байгаа юм. Хүндээр өвчлөх нь зөвхөн тухайн хүний бэрхшээл биш. Гэр бүлийнхэнд нь ч эдийн засаг болон сэтгэл санааны дарамт болдог. ДЭМБ-ын дээрх судалгаанд сүрьеэтэй өвчтөн, түүний гэр бүлийнхний 70 хувь нь ямар нэг байдлаар санхүүгийн дарамтад ордог гэсэн дүн гарчээ. Тус байгууллагаас уг өвчний улмаас учирч буй зардал өрхийн жилийн орлогоос 20 хувь хэтэрсэн бол санхүүгийн дарамтад өртсөн гэж үздэг. Монголын хувьд бусад оронтой харьцуулбал өрхөд учрах санхүүгийн дарамт харьцангуй өндөр үзүүлэлттэй. Тухайлбал, манай улс багтдаг Номхон далайн баруун бүсийн орнуудад уг үзүүлэлт 30-60 хувьтай байдаг юм байна.

Монголд сүрьеэгийн гурван тохиолдлын дөнгөж нэгийг нь илрүүлдэг

Ер нь буурай хөгжилтэй орнуудад сүрьеэгийн тархалт их. ийм орнуудад эрүүл мэндийн үйлчилгээ хүртээмжгүй, иргэдийн эрүүл мэнддээ тавих анхаарал сул, санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг зэргээс болоод эмчилгээгээ таслах, зогсоох, эсвэл бүр эмчлүүлэхгүйгээр вирус тээсээр байх явдал байсаар байна. Манай улсад гэхэд сүрьеэгээр өвчлөгсдийн 10 хувь нь эмчилгээгээ тасалдуулдаг аж. Унаа, эмийн мөнгөгүйгээс эмчилгээ таслах эсвэл бүр мөсөн орхих тохиолдол маш олон байна. Ялангуяа, эмзэг бүлгийн болон архинд донтсон иргэдэд бүрэн эмчилгээ хийнэ гэдэг хамгийн том бэрхшээл гэдгийг эмч нар хэлж байна. Гэтэл халдвартай хэлбэрийн сүрьеэтэй нэг өвчтөн жилд дунджаар 10-15 хүнд өвчний вирусээ халдаадаг аж. “Уг нь энэ өвчнийг анхан шатанд нь, сахилга баттайгаар эмчлүүлж чадвал 200-300 мянган төгрөг л шаардлагатай. Харин хамгийн хүнд шатандаа буюу вирус нь бүх эмэнд дасалтай болчихвол 20-30 сая төгрөг зарцуулдаг. Өвчнөө даамжруулах тусам эмчилгээний бусад зардлууд өсдөг. Анхан шатанд эмчлүүлсэн өвчтөний зардлын 39 хувийг эмчлгээний бус зардал эзэлнэ.


Харин эмэнд тэсвэртэй болсон бол энэ зардал 45 хувь болж нэмэгддэг” гэж ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт, судалгааны албаны дарга Д.Энхмандах тайлбарлалаа. Сүрьеэ бол XIX зуунд дэлхийг нөмөрч байсан “тахал”. Сүүлийн жилүүдэд сүрьеэгийн тархалт буурч байгаа ч жилд олон сая хүн хорвоог орхисоор буй. 2017 онд дэлхий даяар 10 сая хүн өвчилж, 1.6 сая нь нас барсан. Номхон далайн баруун эргийн орнуудад л гэхэд өнгөрсөн онд 1.8 сая хүн ийм төрлийн вирусээр өвджээ. Харин энэ дунд манай улс шинэ өвчлөлийн тохиолдол болон ирээдүйд өвчлөх магадлалтай хүний тоогоор дээгүүрт бичигдэж буй. Дэлхий нийт сүрьеэ өвчинтэй зуун дамжин тэмцэж байгаа. НҮБ-аас 2030 он гэхэд сүрьеэгийн өвчлөлийг тэг болгож, вирусийн тархалтыг бүрэн зогсоох зорилт тавьсан. Гэвч Монголд сүрьеэгийн гурван тохиолдлын дөнгөж нэгийг нь л илрүүлж чадаж байгаа нь харамсалтай гэхээс илүү аюулын харанга дэлдэж буй. Тэгвэл сүрьеэгийн вирус тээж яваа гурван хүн тутмын хоёр нь өөрийгөө ийм өвчин туссан гэдгээ ч мэдэхгүй, мэдсэн ч эмчид очдоггүй гэсэн үг.

Тиймээс энэ “цагаан тахал”-ын вирусийг устгахын тулд бодлогоо шинэчлэх цаг ирснийг мэргэжилтнүүд хэлж байна. Олон улсад энэ бэрхшээлийг нийгмийн халамжийн бодлогоор дамжуулан арилгахыг хамгийн тохиромжтой арга гэж үзэж байна. Тухайбал, сүрьеэгээр өвчилсөн хүмүүсийг ажлын байртай болгох, бага ч гэсэн эмчилгээгээ таслахгүй байхаар зардлыг нь халамж хэлбэрээр өгдөг жишээ байдаг аж. Түүнчлэн, орчин үеийн оношилгооны аргууд, дэвшилтэт технологийг ашиглан, эрүүл мэндийн тогтолцооны чадавх, хүртээмжийг сайжруулах шаардлагатай байгааг ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн сүрьеэ, лепрозын хэлтсийн зохицуулагч таухид ислам онцолсон юм. Ийнхүү сүрьеэ араасаа ядуурлыг дагуулсаар байгаа бол иргэд ядуурлаас үүдэн өвчнөө эмчлэхгүй, бусдад халдаах тохиолдол улам даамжирсаар байна. Тиймээс Монголд сүрьеэгийн тархалтыг бууруулахын тулд хүч хаях цаг хэдийн болжээ. Үүний тулд ганцхан төлөвшиж амжаагүй эрүүл мэндийн салбарт даатгаад орхих биш, нийгмийн халамж, хууль, санхүү, иргэний нийгэм зэрэг бусад салбаруудтай хамтрах шаардлагтай байна. Наад зах нь ядуугийн улмаас үхэлд хүргэх халдварт өвчин тээж байгаа иргэдийг илрүүлж, эмчлүүлэхэд ганц эрүүл мэндийн салбарын хүч хүрэхгүй нь.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Менингококкийн халдварын эсрэг вакцин хийж байна

 0 сэтгэгдэл


ХӨСҮТ-д даваагаас баасан гарагуудад 8.30-14.30 хүртэл менингитийн вакцин хийж байна. Сайн дурын дархлаажуулалтыг тус эмнэлгийн 114 тоот өрөөнд хийх ба 13500 төгрөгийн үнэтэй. Зургаан сараас доош насны хүүхдэд хийх хориотой юм байна. 

Жил бүрийн хавар менингит өвчний тохиолдол бүртгэгддэг. Энэхүү өвчин нь менингококк гэдэг вирусаар халдварладаг  бөгөөд  халдвар авсан үед үнэрлэх эд, эрхтэн болон цусаар дамжин төв мэдрэлийн системд халддаг. Халдварын шинж тэмдэг нь тайван бус болох, өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, дотор муухайрахгүйгээр бөөлжих, арьс, сонсгол, хараа хэт мэдрэг болох, дагзны булчин хөших, шөрмөс татаж, үе мөч салганах зэрэг шинж  тэмдэг илэрдэг байна. 
Өвчний 2-5 хоногт их хэмжээний үсэрхийлсэн тууралт, цөөн тохиолдолд бэржрүүт тууралт үүснэ. Тууралт нь од хэлбэртэй ихэнхдээ өгзөг, их биеийн хажуу хэсгээр гардаг. Зарим тохиолдолд өвчний эхний өдрөөс менингитийн шинж рүү шилжиж, эмнэлзүйн шинж 24 цагийн дотор илрэх бөгөөд эмчилгээ хожимдвол амархан хүндэрч, амь насанд эрсдэл үүсэх магадлал өндөр байдаг аж. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

САРС хүндэрвэл хүүхдээ тээх эсэхийг эмч нар шийдэхээс аргагүй

38 болон 39 долоо хоногтой төрөх тохиолдол их байна

 0 сэтгэгдэл


Цахим хуудастаа бичсэн эмчийн үг. “Иргэд H1N1 вирусийг энгийн ханиад гэж ойлгоод байна. Энэ чинь цар тахалд хүргэдэг вирус” хэмээн бичжээ. Мөн сар шинийн баярын дараа хэдэн хүүхэд эндэх бол гэдгээс айж буйгаа илэрхийлсэн байв.

Анх 2003 онд САРС нэрээр Монголд тархаж байсан цартахал болох H1N1 вирус өдгөө улирлын томуу нэрээр манай улсад “нутагшиж” он гарснаас хойш эрчимтэй газар авсан. Ялангуяа, бага насны хүүхдүүд олноороо өвдөж, эмнэлгийн коридороор дүүрэн хэвтэж байлаа. Өдгөө ч хол хөдөлгөөн татраагүй байна. 1-4 дүгээр сарыг ханиад, томууны улирал гэдэг. Тиймээс ханиад хүрсэн хүмүүс эмчид үзүүлэхгүй өөрөө дур мэдэн эм уух тохиолдол их байдаг. Энэ нь эрүүл мэндийн байгууллагууд H1N1 вирусийн халдварыг энгийн ханиад мэтээр ойлгуулснаас ч болсон байх талтай. Бага насны хүүхэд, нялхсыг хамраад байсан уг вирусын дэгдэлт жирэмсэн ээжүүдийг ч сандаргаж байна.

Энэ талаар тодруулахаар нийслэлийн “Өргөө” амаржих газарт очиход H1N1 вирусийн халдвартай 12 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байлаа. Гэхдээ уг амаржих газар үүнээс дээш долоо хоногтой жирэмсэн эхчүүдийг л хүлээж авдаг. Харин 36-аас доош долоо хоногтой эхчүүд дүүргийнхээ эмнэлэгт ханддаг байна. Өөрөөр хэлбэл, бусад шатлалын эмнэлэгт өшөө олон ээж хандсан болж таарах нь. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд он гарснаас хойш уг вирусийн халдвар авснаас жирэмсэн 12 эх хэвтэн эмчлүүлжээ.

“Эмчид үзүүлэхгүй гэртээ байж байгаад ханиад нь хүндэрсэн тохиолдол их байгаа. Жирэмсэн эх удаан ханиалгаснаар сав базалж, төрөлт хурдан явагддаг. Үүнээс болж төрөх хугацаанаасаа өмнө буюу 38 болон 39 долоо хоногтой төрөх тохиолдол их байна” хэмээн Нийслэлийн Өргөө амаржих газрын хавдар, тархвар судлаач эмч Т.Энхбаатар ярилаа.

Үүнээс гадна, ургийн хөгжилд өөрчлөлт гарах эрсдэлтэй гэдгийг ч эмч нар хэлж байна. “Ханиад нь улам хүндэрсэн тохиолдолд ургийн хүчилтөрөгчийн цусан хангамж багасаж, улмаар хөгжил нь саатах, өсөлтгүй болох, дутуу төрөх, зулбах эрсдэлүүд байдаг” хэмээн Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн Эх барих эмэгтэйчүүдийн ахлах эмч Д.Батбилэг ярив. Тус эмнэлэгт уушгины эд эсийг хамарсан, хүндэрсэн хатгаатай жирэмсэн эхчүүд ирдэг байна. Ханиад нь үүнээс илүү хүндэрсэн тохиолдолд амьсгалын дутагдалд ордог. Ингэснээр эхийн амь нас дээсэн дөрөөн дээр ирж, улмаар хүүхдээ цааш тээх эсэхийг эмчийн зөвлөгөөнөөр шийдэхэд хүрдэг байна. Өөрөөр хэлбэл, төр нь хүртэл бууж өгсөн H1N1 вирусийн улмаас өвдсөн жирэмсэн эмэгтэйн тээж буй үрийнх нь амийг таслах хүртэл арга хэмжээ авах аюултай гэсэн үг юм.

Тиймээс амьсгалын замын халдварт өвчнийг эрт илрүүлэх, аль болох уг вирусээр өвдөхгүй байхыг сануулдаг аж.

Мөн H1N1 вирус нь энгийн ханиадыг бодвол хоруу чанар ихтэй. Тиймээс халдварыг нь цаашид нэмэгдүүлэхгүй байхын тулд эрүүл мэндийн байгууллагууд ямар нэгэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй.

Нийслэлийн эрүүл мэндийн газраас ханиад, томууны эсрэг ямар арга хэмжээ авч, жирэмсэн эхчүүдээ хамгаалж байгаа талаар тодруулахад “Жирэмсэн эхчүүдэд зориулсан арга хэмжээ аваагүй. Тусад нь үйлчилгээ үзүүлнэ гэж байхгүй. Хяналтандаа орж, эмчдээ тогтмол үзүүлэх ёстой байдаг. Өнгөрсөн оны аравдугаар сард зорилтод бүлгийн хүмүүсийг вакцинд хамруулсан” гэдгээс өөр тайлбар өгсөнгүй.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сэргээн засах хөгжлийн төв өдөрт 500 орчим хүүхдэд үйлчилнэ

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьсан уг төвийн нийт өртөг $30 сая юм

 0 сэтгэгдэл


Хүүхдийнх нь сонсгол хэвийн бус байгааг анзаарсан ээж өрхийн эмнэлэгтээ хандахад “Танай хүүхэд сонсохгүй байх шиг байна, дүүргийн эмнэлэг рүү очсон нь дээр байх” гэнэ. Дүүргийнхээ эмнэлэгт очихоор “Манайд сонсгол шалгах тоног төхөөрөмж байдаггүй, гуравдугаар шатлалын эмнэлэгт ханд” гэж хаалга мөргүүлнэ. Харин гуравдугаар шатлалын эмнэлэгт үзүүлэхийн тулд 10-21 хоног хүлээх шаардлага үүсдэг гэж “хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоо”ны удирдах зөвлөлийн гишүүн Д.Тунгалаг ярилаа. Энэ мэт эмнэлгийн хүртээмжгүй байдалд эцэг эхчүүд шантарч, хөдөө орон нутгийнхан нь хүүхдийнхээ бэрхшээлийг эрт илрүүлж чадахгүй, сэргээн засах эмчилгээ сувилгаанд хэт оройтож орох тохиолдлууд олон гардаг байна. Тэгвэл өнөөдрөөс эхлэн Монгол Улсад байгаа хөгжлийн бэрхшээлтэй 11 мянга орчим хүүхдийг асарч, сувилах, нөхөн сэргээх, эмчилгээ хийх төвийг нээлээ. Энэ төвд харьяа дүүрэг, хот хөдөө, оочир дараалал гэхгүйгээр шууд үзүүлж, хүүхдийнх нь аль эрхтэн хөгжлийн бэрхшээлтэй байгааг оношлуулах бүрэн боломжтой. Мөн төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай тохиолдолд жирэмсэн ээжид нарийн үзлэг, оношлогоо хийх аж.

УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачилгаар нэг ээлжиндээ 250 хүүхэд хүлээн авч хэвтүүлэх, 500 хүүхэд амбулаториор үзэх боломжтой уг төвийг Баянгол дүүргийн хорьдугаар хороо, сонсголонгийн гүүрний хойд талд нээв.

Хамгийн гол нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эцэг, эхийн хамтаар 14-21 хоногоор хэвтэн нарийвчилсан шинжилгээ, оношлогоо, сэргээн засах хөдөлгөөн засал, ахуй засал, хэл заслын эмчилгээнд хамрагдах боломжтой. БНХАУ-ын 100 хувийн буцалтгүй тусламжаар барьсан уг төвийн барилга, тоног төхөөрөмжийн зардлын нийт өртөг 30 сая ам.доллар юм.

Тус төвд ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтэн зэрэг 350 хүнийг БНХАУ-д сургаж, дадлагажуулах ажлыг мөн зохион байгуулахаар болжээ.

Харин одоо сонсголонгийн гүүрнээс тус төвийн хашаа хүртлэх замыг эцэг эхчүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ авч явах боломжтой байдлаар тохижуулах, засах ажил үлджээ. Гэхдээ энэ ажил Монголын талаас хамаарах юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хүүхдийн орны ачаалал 3.6 хувь хүртэл буурчээ

 0 сэтгэгдэл


Ням гарагт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар томуу, томуу төст өвчний хүрээнд өнөөдөр Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллажээ. 
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг насанд хүрэгчдийн 90 орыг хүүхдийн оронд шилжүүлэн нийт 170 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Сүүлийн 4-5 хоногт эмнэлгийн орны ачаалал харьцангуй буурч, 143 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж. 
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хувьд нийт батлагдсан хүүхдийн 165 ортой бөгөөд насанд хүрэгчдийн орыг нэмэлтээр хүүхдийн оронд шилжүүлж, нийт 230 орыг ажиллуулж, 200 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа юм.СХД-ийн зарим хорооны насанд хүрэгчдийн болон амбулторийн үзлэгийг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх түр хугацаагаар "Ачтан” эмнэлэгт шилжүүлсэнх юм байна. Мөн дүүргийн эрүүл мэндийн төвийн Дотрын өвчин судлалын 1-р тасгийг 70 ортой хүүхдийн хэвтүүлэн эмчлүүлэх тасаг болгон нээж, хүлээн авах, яаралтай тусламжийн бэлэн байдлыг ханган ажилласан ажээ. 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Удахгүй болох уламжлалт сар шинийн баярын өдрүүдэд томуугийн халдвар нэмэгдэж болзошгүй тул эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар 0-5 хүртэлх насны хүүхдээ гэрээр асарч сувилж байгаа эцэг эхчүүдэд 3-5 хоногийн цалинтай чөлөө олгох шийдвэрийг гаргасан. Эцэг эхчүүд маань бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулж, аминдэм ихтэй тэжээллэг хоол хүнс хэрэглэх, олон нийтийн газраар аль болох дагуулж явахгүй байх, улирлын байдалд нь тохируулан дулаан хувцаслах, дархлааг нь дэмжих зэргээр гэрийн нөхцөлд сайтар асарч сувилах шаардлагатай байна. Ялангуяа олон вирус эргэлтэнд орж байгаа улирлын томуугийн үед зөвхөн хүүхэд гэлтгүй томчууд ч эрүүл мэнддээ онцгойлон анхаарч, урьдчилан сэргийлэх аргуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна” гэж анхаарууллаа.

Дашрамд дуулгахад, Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн ихэнх нь хавсарсан суурь ѳвчтэй юмуу дархлаа султай байгаа нь томуугийн халдвар авч, хүндрэх эрсдлийг үүсгэж байна. Мѳн эцэг эхчүүдийн хараа хяналт сул, болгоомжгүй байдлаас болж хүндээр бэртэж гэмтсэн хүүхэд ч цѳѳнгүй ирж байгааг эмнэлгийн удирдлагууд энэ үеэр хэлж байлаа.