A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4500/

С.Билгүүн: Шатрын спорт үзэгчгүй учраас ивээн тэтгэгч олддоггүй

С.Билгүүн: Шатрын спорт үзэгчгүй учраас ивээн тэтгэгч олддоггүй
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4500/
  • Их мастер цолны нэр хүндийг өргөж явах том хариуцлага надад ногдож байна
  • Их мастер С.Билгүүний олон улсын чансаа 2454 бөгөөд үүнийгээ энэ онд ахиулах зорилготой аж
  • Ер нь нэлээд сахилгагаүй, бас сэргэлэн хүүхэд байлаа. Харин одоо хүлээцтэй, ул суурьтай ханддаг, хийж буй үйлдэл бүхнээ цэгнэдэг, илүү, дутуу хөдөлгөөн хийх дургүй

Монгол Улсаас төрсөн шатрын тав дахь эрэгтэй их мастер Сумьяагийн Билгүүнтэй ярилцлаа. Шатрын спортоор 16 жил хичээллэж буй тэрбээр Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)­д болсон ФИДЕ­-гийн 90 дэх удаагийн конгрессын үеэр түүнийг их мастер болсныг албан ёсоор зарлав. Ховд нутгаас анхны их мастер цолтон төрсөн нь энэ. Түүний хувьд 2018 оны наймдугаар сард зохион байгуулсан “Biel Mas­ter Tournament” олон улсын өндөр зэрэглэлийн нээлттэй тэмцээний дараа гадаад чансаа 2503 хүрсэн байсныг үндэслэжээ. Болзол хангасан 30 их мастерын дунд Монголын 22 настай шатарчин С.Билгүүн ийнхүү багтав. С.Билгүүн их мастерын гурван баллыг Швейцарь, Португал, БНХАУ-­ын нэр хүндтэй тэмцээнд 2018-­2019 онд биелүүлсэн аж. Ингээд түүний ярилцлагыг хүргэе. 

-Юун түрүүнд шатарчин хүний мөрөөдөл, хамгийн дээд цолонд хүрсэнд томоос том баяр хүргэе?

-Маш их баярлалаа. Энэ амжилтад хүрэхийн тулд 16 жилийн хугацааг туулжээ.

-Энэ хүртэлх аяллын зам, маршрут дардан байгаагүй болов уу. Одоо сэтгэлээ онгойлгоод яривал?

-Долоон настай байхдаа шатрын спортоор хичээллэж эхэлсэн. Аав, өвөө хоёрынхоо хажуугаас харж байгаад л шатар сурсан. Энэ спортод суралцаж эхэлсэн даруйдаа л өөртөө том зорилго тавьсан юм. Анхнаасаа их мастер цолонд хүрэх эрмэлзэлтэй байсан учраас тууштай хичээллэлээ. Амжилтаа ахиулахын тулд 16 жилийн хугацаанд олон багшаар заалгаж, бие дааж хүртэл суралцаж үзсэн. Клубын систем, компьютертэй ажиллах, ганцаарчилсан бэлтгэл гээд бүх шатны дамжлагаар явсан. Эцэст нь зорьсондоо хүрсэн. Сэтгэл маш хангалуун байна. Би эхний нормоо 2017 оны арванхоёрдугаар сард, дараагийнхыг нь 2018 оны наймдугаар сард, 2019 оны хоёрдугаар сард сүүлчийн нормоо авсан. Ингэхдээ бүх болзлоо биелүүлсэн байлаа. Яагаад гэвэл их мастерын хоёр дахь нормоо биелүүлэхдээ гадаад чансаагаа 2500 хүргэсэн байв. Өөрөө буруу мэдээлэлтэй байснаас бага зэрэг удааширсан.

-Их мастер болсноо мэдэх тэр мөчид яг юу бодогдов. Ямар мэдрэмж төрж байх юм?

-Оргил цолонд хүрснээ хамгийн түрүүнд аавдаа үзүүлсэн. Аав намайг 16 жилийн турш дэмжиж, бүх зүйлд боломжоороо тусалж, дэмжсэн хүн. Энэ амжилтын багагүй хэсэг нь аавтай шууд холбоотой шүү дээ. Зардал мөнгөний хувьд ч би гэр бүлээсээ байнга хамааралтай байсан. Тэр утгаараа аав маш их баярласан. Миний гэр бүлийнхэн ч их баярласан. Өөрийнхөө зорилгоо биелүүлж, оргилд нь гарсан учраас өөрөөрөө бахархах нь зүйн хэрэг. Гэхдээ цаашид их мастер цолны нэр хүндийг хэрхэн авч явах, ямар хэмжээнд өргөх вэ гэдэг том хариуцлага надад ногдож байна.

-Яг өнөөдрийн их мастер Билгүүн, өмнөх Билгүүнээс ямар ялгаатай вэ. Бас хэр өөрчлөлт орж байгаа бол?

-Оролцсон тэмцээн бүрийг хүмүүс анхааралтай ажиглах болов уу. Ялангуяа аливаа тэмцээнд оролцож буй амжилт харна. Мэдээж нэг хэвийн байж болохгүй. Амжилтаа улам ахиулж, чадвараа нэмэгдүүлэх ёстой. Шинэ их мастерын тоглолтын арга барил хүмүүсийн анхаарлын төвд орох байх.

-Танай гэрийнхнийг шатрын спортод ээлтэй, элэгтэй гэдгийг мэднэ. Ялангуяа аав тань монголын шатрын холбоонд удирдах албан тушаал хашиж явсан нэгэн. Таныг шатарчин болоход аав тань их нөлөөлөв үү?

-Миний аав зүгээр л шатрын хорхойтон байсан. Шатар нүүх дуртай. Тэгээд намайг шатарчин болохоор шийдсэнээс хойш аав надад тусалж, үргэлж хамт явсны эцэст энэ спортын ирээдүйг арай гэрэлтэй болгохын тулд, зөвхөн миний гэлтгүй өсвөрийн олон шилдэг тамирчны ирээдүйн төлөө 2007 онд Монголын өсвөрийн шатарчдын клубүүдийн холбоог байгуулсан юм. Улмаар 2008 онд Монголын шатрын холбооны их хурлаар сонгогдоод Ерөнхий нарийн бичгийн даргын албанд очсон юм. Өөрийнхөө хэмжээнд шатрын спортын хөгжлийн төлөө сайн ажилласан гэж боддог. Харин миний хувьд математикт багаасаа сонирхолтой байлаа. Нэгдүгээр ангид орохоосоо өмнө тоо үзэж, уншаад сурсан байсан учраас зав чөлөө ихтэй болсон. Чөлөө завыг зөв ашиглаж өөрийгөө хөгжүүлэх ёстой гэдэг үүднээс шатрыг сонгосон юм.

-16 жилийн өмнөх шатрын клуб одоогийнхоос юугаараа ялгаатай байв?

-Монголд төдийгүй дэлхийд компьютерийн хэрэглээ арай бага байж. Клуб цөөхөн, хүүхэд их учраас нэг ангид 30-40 сурагчтай. Ихэвчлэн сурах бичиг, багштайгаа харьцаж бэлтгэл хийнэ. Ер нь клубын систем илүү хөгжсөн байлаа. Харин өнөөдөр маш өргөн хүрээтэй дэлгэрчээ. Клуб нэмэгдсэн, тэдний хүчин чадал сайжирсан. Нэг клубт хичээллэх хүүхдийн тоо багасахын зэрэгцээ ганцаарчилсан байдлаар ч хичээллэж болно. Эцэг, эхчүүд хүүхдээсээ шууд амжилт шаарддаг, нэхдэг үе иржээ. Аль болох ганцаарчилсан сургалтын систем рүү шилжсэн байна. Компьютерийн хэрэглээ ч нэмэгдсэн байна. Өндөр төлбөр төлж, мэргэжлийн түвшинд өөрийгөө бэлтгэдэг болсон нь дэвшил юм. Ингэснээр дэлхийд өрсөлдөх чадвартай өсвөрийн шатарчин олноор нэмэгдэх магадлалтай.

-Шатрын спорт Билгүүнд яг юу өгөв. Шатрын спортыг сонгосноос хойш хувь хүн талаас ямар өөрчлөлт гарсан бэ?

-Нэлээд сахилгагүй, тогтвор муутай, хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Тэмцээнд орохдоо хүртэл өөрийнхөө нүүдлээс илүү бусдынхыг харах дуртай. Тоглолтын хамаг цагаа хажуу ширээнийхээ тоглогчийн өрөг дээр өнгөрүүлнэ. Түүнээсээ болж аавдаа загнуулна. Ийм л хүүхэд байсан. Ер нь нэлээд сахилгагүй, бас сэргэлэн хүүхэд байлаа. Харин цаг хугацаа өнгөрөх тусам аливаад хүлээцтэй, ул суурьтай ханддаг, хийж буй үйлдэл бүхнээ цэгнэдэг, илүү, дутуу хөдөлгөөн хийх дургүй болжээ. Нэг ёсондоо төлөвшсөн гэх үү дээ. Нэлээн даруухан хүн болсон шүү. Сэтгэн бодох чадвар дээшилж, IQ талаасаа сайжирсан. Энэ бол шатрын спортоор хичээллэснээс хойш надад гарсан хамгийн том эерэг өөрчлөлт юм.

-Спорт хүнээс ямар нэгэн байдлаар золиос шаарддаг. Тэгвэл та өнөөдрийн өндөрлөгт хүрэх хүртлээ юу золиослов?

-Хүүхэд өсвөр насаа дурсамжтай өнгөрүүлэх ёстой. Харин надад тийм зүйл байгаагүй. Зав ч гардаггүй байсан. Чөлөөт цаг гарвал бэлтгэлээ л хийнэ. Ялангуяа 12-13 наснаас хойш хүүхдүүд хичээл хийхийн зэрэгцээ зуны амралтаа утгаар нь өнгөрүүлдэг. Гэтэл надад тийм зүйл байгаагүй. Өдөр бүр бэлтгэл хийж, амралтын өдрийг мартсан. Мэдээж найз нөхдийн хүрээлэл багассан. 11-р ангиийн сурагч байхдаа ЭЕШ-д бэлдэхдээ ангийнхантайгаа дотно болж билээ. Золиос гэвэл энэ л байх. Түүнээс биш би өөрийнхөө хүмүүжлээр бахархдаг. Би өдийг хүртэл рc тоглож үзээгүй, архи, тамхи огт хэрэглэж үзсэнгүй. Энэ нь миний амжилтад маш том эерэг нөлөө үзүүлж байна гэж боддог.

-Хүнтэй бэлтгэл хийх, компьютертэй бэлтгэл хийх хоёрын аль нь илүү үр дүнтэй вэ?

-Хоёулаа л өөрийн гэсэн давуу тал, онцлогтой. Багшаас зөвлөгөө авахад суурь мэдлэг сайжирдаг. Шатрын тухай ойлголттой байвал шат ахихад дөхөм. Харин компьютер дээр бэлтгэл хийхэд тодорхой деталиуд дээр илүү нээлттэй ажиллах боломжтой. Эргэлзээтэй гараан дээр бидний ажлыг хамгийн их хөнгөвчилдөг зүйл нь компьютер юм. Цаг хэмнэхэд чухал ач холбогдолтой.

-Анхдагч юм бүхэн хүний амьдралд хамгийн тод дурсамж болж үлддэг гэж ярьдаг шүү дээ. Та анхны тэмцээн, амжилтынхаа талаар дурсахгүй юу?

-Шатраар хичээллэж эхэлснээс хойш ердөө хоёр сарын дараа улсын аваргад оролцож, 16 дугаар байр эзэлсэн. Хоёрхон сар шатар тоглож байгаа хүний хувьд энэ нь том амжилт. Эндээс урамшсан. Улмаар зургаан сар хичээллээд анхны хүрэл медалиа зүүсэн. Ер нь ганцхан жилийн дотор сайн багш нарын ачаар хурдтай сайжирсан гэж боддог. Гурван жил хичээллэж байгаа хүүхдийн хажууд зургаан сар хичээллэсэн би медаль авна гэдэг сайн байсны шинж. Тэгээд есөн настайдаа улсын аварга болдог юм байна. Энэ бүх дурсамжаа тод санадаг шүү. 

-Ингэхэд тантай өрсөлдөөд явж байсан үе чацуутнуудаас өнөөдөр мэргэжлийн шатарчин болсон хүн хэр олон байна вэ?

-ФИДЕ мастер Г.Энхнар, Ц.Лхагвасүрэн хоёр л үлдсэн. Бусад нь сонирхогчийн журмаар хичээллэж, ганц хоёр тэмцээнд оролцоод спортоо орхисон. Нэг насанд 2-3 хүүхэд мэргэжлийн тамирчин болж, үлдсэн нь хувийн карьераа хөөдөг юм байна.

-Тэмцээн уралдаанд оролцоход ямар зарчим баримталдаг вэ?

-Монголдоо бол би топ таван тамирчны нэг. Тиймээс найдвартай гэсэн байрлалыг сонгож тоглодог. Тухайн орны лидер тамирчид үүргээ гүйцэтгэх нь шатарчин хүний баримтлах гол зарчим юмуу даа. 

-Сэтгэлд тод үлдсэн тэмцээнээ нэрлэж болох уу?

-Багийн тэмцээнүүд. Олимпиад, азийн багийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлж олуулаа оролцдог учраас тэр бүхэн маш гоё дурсамж үлдээдэг. Үүн дээр нэмээд 2007 оны өсвөрийн шатарчдын ДАШТ-ийг нэрлэж болох юм. Туркийн Анталияд болсон тус тэмцээнд Монголоос 50 орчим тамирчин оролцоход би 16 дугаар байр эзэлж, Монголын тамирчдаас хамгийн өндөр амжилт үзүүлж билээ. Цаг агаар гоё, анх удаа далайн эрэг дээр очиж үзсэн болоод тэр үү Турк надад гоё дурсамжийг үлдээсэн. Ер нь шатарчид аль болох тайван нөхцөлд тоглохыг илүүд үздэг. Тэр утгаараа зохион байгуулагчид улс, орныхоо хамгийн үзэсгэлэнтэй бөгөөд тайван, стресс багатай бүс нутгийг сонгон авдаг. Энэ нь ч шатарчдын амжилтад эерэг нөлөө үзүүлсээр ирсэн. Хамгийн тайван газарт сэтгэлзүйн дарамтгүйгээр тоглох нь чухал. Тиймээс ФИДЕ ийм газруудад анхаарал хандуулдаг юм.

-Манай тамирчид сэтгэлзүйн тал дээр учир дутагдалтай байдаг. Ялангуяа шийдвэрлэх үед сэтгэл зүйн бэлтгэл дутуугаас болоод том алдаа гаргах нь их харагдах болсон. тэгвэл та энэ тал дээр ямар вэ?

-Би өөрийгөө сэтгэл зүй сайтай гэж боддог. Хамгийн том алдаа гэвэл 2017 онд Хэнтийд болсон УАШТ дээр сүүлийн өрөгт олон улсын мастер У.Насанжаргалтай тоглоход гарааны буруу сонголт хийснээс болж ялагдаж байлаа. Гараа буруу байсан учраас маш богино хугацаанд ялагдсан. Үндэсний бөхөөр бол өрсөлдөөн үзүүлж чадалгүй барьцгүй хавсруулсан гэсэн үг. Энэ тоглолт миний санаанаас одоо хүртэл гардаггүй. Яагаад гэвэл өөрийнхөө чадварыг харуулж чадаагүй учраас үргэлж тод санадаг. Уг тоглолтын дараа сэтгэлээр их унасан. Үүнийг эс тооцвол том алдаа гаргасангүй, сэтгэл зүйн бэлтгэл ч сайтай байгаа. 



-Та дэлхийн шилдэг мастеруудаас хэнтэй тоглож үзэхийг хүсч байна вэ?

-Дэлхийн аварга Магнус Карлсен.

-Тэгвэл таньтай тоглосон шатарчдаас хамгийн өндөр чансаатай нь хэн байв?

-Блицийн дэлхийн аварга дээр Арменийн Аронянтай тоглохдоо дэлхийн топ одтой тоглох ямар байдгийг мэдэрсэн.

-Шатарчид тэмцээн уралдаанд оролцох зардлаа өөрөө гаргадаг. Энэ бүхэнд санхүүгийн асуудлаа яаж зохицуулдаг байв?

-Зардал мөнгөний асуудал хүнд байлгүй яах вэ. Нэг явахдаа 2-3 тэмцээнд шууд явна. Аав, дүүтэйгээ явдаг учраас хамгийн бага зардлыг сонгоно. Улаан-Үдээс ороод цаашаа нисэх, очсон газраа буудалд орох бус байр түрээсэлдэг байлаа. Буудалд байрлахад нэг хүнийг 70-90 ам.доллар болно. Гурван хүн 210-270 ам.доллар төлөх шаардлага гардаг. Энэ нь ердөө ганц өдрийн төлбөр шүү дээ. Тэгвэл байр түрээслэхэд үүнээс хоёр дахин бага зардал гардаг. “Сүлд” спорт хороо, “Чингис” клубээс тус бүр хоёр жил цалинжсан. Үүнийг эс тооцвол гэрийнхээ бизнесээс илүүчилж, тэмцээн уралдааны зардлаа бүрдүүлсээр ирсэн дээ. Миний амжилтын төлөө гэр бүлээс минь гарсан золиос юм уу даа. Ивээн тэтгэгчтэй байдаг гэдэг тамирчин хүнд том дэмжлэг юм. Заримдаа гэр бүлийн санхүүгээ хүндрүүлэхгүйн тулд оролцохыг хүссэн тэмцээнээ нүдээ аниад алгасах үе олон байлаа. 

-Ивээн тэтгэгч хайж үзсэн үү?

-Байнгын ивээн тэтгэнэ гэдэг хэцүү. Ганц, нэг удаагийн дэмжлэг, туслалцаа авч байснаас ивээн тэтгүүлээд явсан тохиолдол үгүй. Шатар өөрөө үзэчгүй спорт, олны хараа хяналтаас хол байдаг. Тиймээс өөрийнхөө нэрийг гаргахын тулд жүдо, бокс, чөлөөт бөх гэх мэт илүү олонд танигдсан спортыг ивээн тэтгэх сонирхол нь давамгайлсан байдаг юм билээ, манай бизнесмэнүүдэд. Шатрын спортыг дэмжих хандлага ер нь бага шүү дээ. Гэхдээ удахгүй шигшээ багтай болно гэсэн эерэг мэдээтэй. Сайн цаг ирж, шатрын спортыг дэмжигсэд олноороо нэмэгдэнэ гэдэг итгэлтэй явдаг. Ядаж л төр засаг нь оюуны спортыг топ түвшний спортуудтай адилтгаж дэмжих цаг ирнэ гэж найдаж байна.

-Ойрд ямар тэмцээнд оролцохоор төлөвлөж байна вэ?

-Улсын аваргын хагас шигшээ, шигшээ тэмцээнд оролцоно. Цаашлаад Москва хотод шатрын олимпиадтай, мөн Азийн аварга, дэлхийн цомын эрх олгох тэмцээнд ач холбогдол өгнө. Шатрын олимпиадад өмнөх амжилтаа ахиулах зорилготой. Ер нь жилд хамгийн багадаа долоон тэмцээн оролцох төлөвлөгөөтэй. Ингэж байж чансаагаа, формоо хадгална.

-Таны цаашдын зорилго, мөрөөдөл юу вэ?

-Шатрын дэлхийн том тэмцээнийг Монголын үзэгчдэд тайлбарлахыг мөрөөдөж байна. Энэ цаг удахгүй байх. Шилдэг тамирчдын тоглолтыг тайлбарлах тийм амар биш. Жүдо, чөлөөт, сүмо бол ойлгоход энгийн спорт. Зорилго нь ч тодорхой. Гэтэл шатар өөр. Ядаж л тухайн шатарчин өрсөлдөгчөө мадлахын тулд ямар тактик баримталж байгааг мэдэхэд хэцүү. Ер нь тайлбар хийхийн тулд олон талын мэдлэг хэрэгтэй. Шатрын спортод тайлбар хэрэгтэй гэдэг үүднээс зорьсон.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хөлбөмбөгийн багууд дампууралд ойрхон байна

 0 сэтгэгдэл
  • Дээрээсээ гурав дахь дивизионд тоглодог "Транмер роверс" багийг эзэн Марк Палиос хэрэв улирлын үлдсэн тоглолтуудыг үзэгчгүй явуулбал түүний баг 500 мянган фунтын алдагдал хүлээх болно хэмээн ярьжээ

Францын мэргэжлийн клубүүдийн тал хувь нь COVID-19 вирусийн улмаас дампуурч магадгүй хэмээн “Сент Этьен” клубийн ерөнхийлөгч Бернар Каиззо ярьсан нь тус улсад багагүй үймээн дэгдээж орхив. Европын ТОП таван лигийн багууд коронавирусийн улмаас хэдийн дөрвөн тэрбум еврогийн алдагдал хүлээгээд байгааг ВВС мэдээллээ. Хөрөнгө зоорь ихтэй том багууд хямралыг яаж ийгээд даваад гарах бол өдөр хоногоо арай ядан аргацаадаг багачууд энэ дарамтыг тэсэж чадалгүй дампуурахад ойрхон байгааг Английн гуравдугаар дивизионы “Гиллингэм” багийн эзэн Пол Скалли тайлбарлав. “Доод лигийн багууд зардлаа хэрхэн бууруулах талаар байнга зөвлөлдөж байгаа. Гэхдээ Премьер лигийн зүгээс биднийг ямар нэг байдлаар дэмжих нь маш чухал байна. Хэрэв дээд удирдлагаас дэмжлэг ирэхгүй бол дампуурлаа зарлах клуб маш олон байх болно” хэмээн тэр ярьжээ. Английн хөлбөмбөгт мэргэж­лийн болон хагас мэргэжлийн ангиллын 700 гаруй баг бий. Амжилт гаргавал дээш өгсөж, тааруухан тогловол доош урууддаг энэхүү системийг бий болгож, багуудыг өнөөгийн хэмжээнд хүргэхэд 100 гаруй жил шаардагдсан. Тэгвэл коронавирус хэмээх аюулт өвчин энэхүү системийг ганцхан жилийн дотор үгүй хийж магадгүй болжээ. Цагтаа Английн шигшээд тоглож явсан Жейми Реднапп Премьер лигийн багуудыг доод лигийнхэндээ туслах ёстой гэсэн санааг мөн илэрхийлсэн байна. Хэдийгээр Премьер лигийн багууд Английн хөлбөмбөгийг дэлхий дахинд төлөөлдөг ч жижиг багууд бүхий энэ систем үгүй бол Английн хөлбөмбөг оршин тогтнох аргагүй болно. “Гиллингэм”­-тэй адил дээрээ­сээ гурав дахь дивизионд тоглодог “Транмер Роверс” багийн эзэн Марк Палиос хэрэв улирлын үлдсэн тоглолтуудыг үзэгчгүй явуулбал түүний баг 500 мянган фунтын алдагдал хүлээх болно хэмээн ярьжээ. “Транмер” шиг жижиг багийн хувьд хагас сая фунт гэдэг асар их мөнгө гэдэг нь тодорхой. Нөхцөл байдал зөвхөн Англид хүндрээд байгаа юм биш. Францын багуудад ч дампуурал гэдэг үг тун ойрхон сонсогдож байна. Францын мэргэжлийн клубүүдийн тал хувь нь COV­ID­-19 вирусийн улмаас дампуурч магадгүй хэмээн “Сент Этьен” клубийн ерөнхийлөгч Бернар Каиззо ярьсан нь тус улсад багагүй үймээн дэгдээж орхив. Тус улсын багуудын амссан алдагдал бараг тэрбум еврод дөхөж очоод байгаа юм. “Хэрэв энэ хөл хорио зургаан сарын турш үргэлжилбэл Францын хөлбөмбөгийн маш олон клуб дампуурлаа зарлах болно” хэмээн тэрбээр өгүүлжээ. Гэхдээ коронавирусийн халдвар хөлбөмбөгт сайнаар нөлөөлөх талтай гэнэ. Учир нь энэ их хямралын дараа багууд солилцоо наймаанд асар их мөнгө зарцуулдаг эрүүл бус үзэгдэл арилна гэж үзэж буйгаа “Бавари Мюнхен” клубийн ерөнхийлөгч асан Ули Хёнесс илэрхийлжээ. “100 болон түүнээс дээш сая еврогийн үнийн дүнтэй наймаа ойрын жилүүдэд дахин болохгүй биз ээ. Энэ хямрал хөлбөмбөгийн солилцоо наймааны солиорлыг хөрсөнд нь буулгаж байгаагаараа сайн талтай. Ингэж байж хөлбөмбөгийн ертөнц эрүүлжинэ” хэмээн Хёнесс өгүүлсэн байна. Байдал хүндхэн байгааг хүн бүр ийнхүү хүлээн зөвшөөрч байна. Тэдний хувьд хөл хорио тийм ч удаан үргэлжлэхгүй байх гэсэн өөдрөг сэтгэл тээсээр яваа. Хэрэв карантин дахин хагас жилийн турш үргэлжилбэл спортын маш олон клуб дахин сэргэхгүйгээр дампуурах эрсдэл нүүрлэх нь.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Токио-2020” олимп 2021 оны долдугаар сарын 23-нд эхэлнэ

 0 сэтгэгдэл
  • Өнөөдрөөс спорт холбоод олимпын эрхийн тэмцээний шинэ хуваариа гаргахаар ажилдаа орно гэсэн үг

Шинэ төрлийн коронавирусийн улмаас хойшилсон зуны спортын XXXII наадмын эцсийн товыг ОУОХ, “Токио­-2020” наадмыг зохион байгуулах хорооноос албан ёсоор тогтоожээ. Тус олимпыг 2021 оны долдугаар сарын 23-­нд эхлүүлэхээр тохиролцсон байна. Энэ тухай мэдээллийг Японы “Майничи” сонин, NHK телевиз мэдээлжээ. Талууд тамирчдын бэлтгэл, олимпын эрхийн тэмцээнүүд, ирэх онд болох томоохон тэмцээн уралдааны хуваарь зэрэг олон зүйлийг харгалзсаны эцэст дээрх хугацаан дээр санал нэгджээ. XXXII наадам олимпын харти, дүрмийн дагуу 16 хоног үргэлжлэх юм. Олимпын наадмын товыг ийн тогтсон бол өнөөдрөөс спорт холбоод эрхийн тэмцээний шинэ хуваариа гаргахаар ажилдаа орно гэсэн үг. Чөлөөт бөх, бокс тэргүүтэй спортын 20 орчим төрлийн олимпын эрхийн тэмцээний шинэ хуваарь тодорхой бус байсан бөгөөд бүхнийг дахин цоо шинээр төлөв­лөхөөр болж байгааг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ненад Лалович онцолсон байна. Үүнээс өмнө олимпыг ирэх оны 4­5 сард, хоёр дахь хувилбар нь 7­8 сард зохион байгуулах боломжтой гэсэн хувилбар дээр талууд ярилцаж байв. Дээрх хугацааг товлоход олимпыг шууд дамжуулах бүрэн эрхт Америкийн NBC телевизийн санал чухалчлах үүрэг гүйцэтгэсэн нь тодорхой. 2021 оны 7­8 сард хөнгөн атлетик болон усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох хуваарьтай. Харин ОУОХ, “Токио­-2020” наадмыг зохион байгуулах хороо­ныхон дээрх хоёр спортын холбоотой тохиролцоонд хүрч чадсан бололтой. Харин паралимпийн наадам 2021 оны наймдугаар сарын 24-­нд эхлэх тов зарласан байна. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

FIBA бүх цаг үеийн шилдэг 10 тоглолтын нэгээр Монголыг нэрлэв

 0 сэтгэгдэл
  • Монголын сагсчид дэлхийд тэргүүлэх боломжтой

Олон улсын 3x3 сагсан бөмбөгийн холбооноос бүх цаг үеийн шилдэг 10 тоглолтыг нэрлэжээ. Уг жагсаалтын долдугаарт манай улсын Ulaanbaatar MMC Energy team 2018 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Австралийг шигшээ багтай хийсэн финалын тоглолт багтсан байна. Уг тэмцээнээс манай тамирчид мөнгөн медаль хүртэж байв. Тус холбооны сайтад “Магадгүй Монгол Улсын тамирчид сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр өөр аль ч орноос илүүтэй дэлхийн хэмжээнд хүрэх боломжтой. Ердөө гурван сая хүн амтай Зүүн Азийн энэ улс 3х3 тэмцээнд эрэгтэй, эмэгтэй аль аль төрлөөр нь тэргүүлж байв. Тэд 2018 оны Азийн аваргын финалд Австралийн шигшээ багийн эсрэг хамгийн шилдэг тоглолтыг үзүүлсэн. Нэмэлт цаг сунгасны дараа Австралийн тоглогч Томас Гарлеп гурвын зайнаас хоёр удаа шидэх хүртэл тэд нэр хүндээ хамгаалж чадсан” хэмээжээ. Өдгөө манай улсын 3x3 үндэсний эрэгтэй шигшээ баг дэлхийн чансааны наймдугаарт, Ази тивд хоёрдугаарт жагсаж буй. Харин эмэгтэй шигшээ баг дэлхийн чансааны тав, Ази тивд мөн л хоёрдугаарт жагсаж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

"Токио-хорь-хорь" олимп "нохойгоо хорив"

 0 сэтгэгдэл
  • Оросууд “од шүүрэх” ухаан сийлж, олимпын наадмын эрхийг Москва хотод яг одоо шууд шилжүүлэхийг уриалсан нь идэвхтэй ч юм шиг, инээдтэй ч юм шиг
  • Олимпын төлөө 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн Япон улс одоо наад зах нь 4.5 тэрбум ам.дол- ларын хохирол амсах нь. Зарим мэргэжилтний тооцоогоор үнэ 2.7 тэрбум ам.доллараар өсч, 277 тэрбум ам.долларын ашиг олох тооцоонд хүндрэл учирсан аж. Олон олимпыг шууд дамжуулах эрхийг эзэмшдэг, АНУ-ын телевизийн магнат NBC нь нэг тэрбум ам.долларын алдагдал хүлээх эрсдэлтэй болжээ
  • Оросын гимнастикч, олимпын хошой аварга, ДУМ-ын гишүүн асан С.Хоркина “Токиогийн олимп хойшилж буй нь ОХУ-ыг олимпоос хасан гомдоож, бурхан тэнгэрийг хилэгнүүлсний нүгэл” гэж мэдэгдсэн байх юм

Жүгдэрийн Отгоцагаан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн

Цар тахал, хар мягмар гараг

Хүн төрөлхтний хоног тоолон хүсэн хүлээсэн зуны XXXII олимпын наадмын нээлтийн ёслолын “нохойн дуу” нэн ойртож байтал яг 122 хоногийн өмнө “Токио-хорь-хорь” гэнэт “нохойгоо хорьлоо”. Гуравдугаар сарын 24-ний “хар мягмар” гариг буюу хоёр хар мэнгэтэй, модон хохимой, улаан бар өдөр Олон улсын олимпын хороо (ОУОХ), “Токио-2020” Зохион байгуулах хороо (ЗБХ)-ны хамтын шийдвэрээр баг тамирчид, үзэгч олны эрүүл мэндийг дээдлэх үүднээс энэ зуны олимпын хөшгийг түр хааж, Грекээс залсан галт бамбараа түр “амрааж”, гарааны цагаа түр зогсоож, сая сая хүний цээжинд “шар ус хуруулав”. Гайтай хөөтэй цар тахлаас сэргийлсэн дээрх дипломатын зөв агаад зоригтой шийдвэрийг дэлхий нийтээрээ гүнээ ухаарч, олимпын их гэр бүлийнхэн бүрэн дүүрэн дэмжин, олимпизмийн үйл хэргийн төлөө атгасан гар мэт нэгдэж чаддагаа илтгэн харууллаа. 

Ах нь сонсож, дүү нь сургадаг цаг

Аюулт коронавирус анхны давшилтаа хийж эхлэх үед ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах, “Токио-2020” ЗБХ-ны дарга Ёширо Мори нар дархалсан олимпын наадмыг хойшлуулах ямар ч үндэслэлгүй, болдгоороо л болно хэмээн огт халгаахгүй нэлээн гүрийсэн. Мэдээж энх амгалан цагт ийм супер бэлтгэлтэй олимпын цэнгэл баяраа хойшлуулна гэдэг хэний ч санаанд багтамгүй бодол. Гэтэл хар тахал дэлхийг улам нөмөрсөөр COVID-19-ийн эсрэг тэмцэлд ялалт байгуулах уу, “Токио-2020” олимпод медалийн ялалт байгуулах уу гэдэг тулгамдсан асуудал нэн хурцдан, эцсийн сонголт шаардан буланд шахлаа. ОУОХ-ны сэнтийд 1978 оноос хойш заларсан (манай Ш.Магван гуай 1977 oны эрэмбэтэй), 78 настай нөлөө бүхий эрхэм гишүүн Дик Паунд олимп хойшлуулах талаар шууд мэдэгдлийг “гэрэлд цохиулж”, төдөлгүй түүний төрсөн нутаг Канадын ҮОХ баг тамирчдаа Япон руу илгээхгүй хэмээн хамгийн түрүүнд эсэргүүцлээ цацах нь тэр. Дараа нь Австрали, АНУ, Франц, Их Британи, Испани, Норвег, Серб, Хорват, Швейцарын ҮОХ дээрх саналыг дуу дуугаа авалцан, үтэр түргэн хойшлуулахыг шаардав. Тэр ч бүү хэл одой улс Люксембург хүртэл томчуудыг даган далдганаж, “жон жон” дуугараад авав. Харин энэ эгзэгт үед ОУОХ, Дэлхийн допингийн эсрэг агентлагийн (WADA) давхар “нуман тулгуурт” буй оросууд “од шүүрэх” ухаан сийлж, олимпын наадмын эрхийг Москва хотод яг одоо шууд шилжүүлэхийг уриалсан нь идэвхтэй ч юм шиг, инээдтэй ч юм шиг. Дээр нь Эфиопийн иргэн Тедрос Абханоны тэргүүлдэг ДЭМБ-ын хатуу заавар сэрэмжлүүлгийг бөмбөрцөг даяараа ягштал мөрдөх дүрэмтэй тул 116 настай ОУОХ “ах” нь өөрөөс нь 54 жилээр дүү “цагаан халаaдтай” Word Health Organisation (WHO)-ий үгэнд орохоос аргагүй болсон нь үнэн. Дээрх олон хүчин зүйлээс шалтгаалж, олимпын наадмын “эзэн” ОУОХ нь “Хай” хэмээн инээмсэглэсээр, “харакири” хийлгэхгүйгээр хаах лүндэн буулгахад баяр, зовлонгийн алинд ч “модон тахиа” шиг царайлж чаддаг шинэ Рейва үеийн түшмэдүүд “наашаа харан инээж, цаашаа харан уйлсаар” 2021 он хүртэл тэвчихээр түр “качикоши” дүрд хувирч чадлаа, хөөрхий. Харин Токио хотын засаг даргаар 2016 онд сонгогдсон хатагтай Юрико Койке л одоо болтол энэ шийдвэрт туйлын сэтгэл дурамжхан байгаа сурагтай. Аргагүй дээ, өөрийнхөө ноёрхлын үед олимпын гэсэн тодотгол зүүж чадсан бол түүний цаашдын улс төрийн карьерт их нэмэртэй байсансан. Одоо бол хамтын хүчээр коронавирусийг хоггүй болтол шүүрдэн цэвэрлэж, өдрийн сайныг өнжин хүлээж, өлзий дэмбэрэл бүрдсэн үхэр жилдээ Токиогийн олимпын наадмын асар майхныг “Япон толгойд” дэрвүүлэх л үлдлээ дээ. 

Наран улсын нартай, сартай олимпын замнал 

Ер нь Их Наран улсын олимпын түүх бас л адармаатай, адал явдалтай, амаргүй замыг туулсан. Анх нихончууд 1940 онд зуны XII олимпын наадмыг Токио хотноо зохион, самурайн сүр хүчийг дэлхий дахинаа илтгэн харуулна хэмээн улайрч дөвчигнөсөн үедээ дэлхийн II дайныг өдөөгчдийн нэгээр тодорч, өргөн нутаг булаах санаархалдаа автан, өнөөх наадмаа ардаа “дэлбэлж” орхив. Дайны дараа дориун хүмүүжсэн Наран улс нь Азидаа анх удаа зуны олимпын наадмыг Токио хотноо зохиож, 24 жилийн дараа дутагдлаа зассан нэгэн. Түүнчлэн “Саппоро-1972”, “Нагано-1998” цагаан олимпыг арлын нутагтаа урьж чадсан, Ази тивдээ анхдагчид. Бас “Москва-1980” олимпыг Америк ахынхаа ятгалгаар бойкотлон, олон тамирчнаа хохироогоод авсан. Японы нөлөө бүхий улстөрч Таро Асо 40 жил тутамд олимпын тэнгэрийн хараал хүрч, гэсгээл хүртэж буй талаар хэвлэл мэдээллийнхэнд өгсөн “галтай” ярилцлагад олонх нь гайхсангүй. Харин Оросын гимнастикч, олимпын хошой аварга, ДУМ-ын гишүүн асан С.Хоркина “Токиогийн олимп хойшилж буй нь ОХУ-ыг олимпоос хасан гомдоож, бурхан тэнгэрийг хилэгнүүлсний нүгэл” гэж мэдэгдсэн байх юм. Светлана Васильевна ажаа өөрөө олимпын аварга болохдоо ертөнцийн эзнээ аргадсан юм байх даа, зайлуул. Үнэхээр 1940 онд дайнаас болж “амандаа орсон шар олимпоо хэлээрээ түлхэж”, 1980 онд олимпыг хүндэтгэх шалтаггүйгээр тасалж, 2020 оны олимп нь гэнэтхэн гай барцадтай тахлын гацаанд орсныг цадиг түүх гэрчилнэм. Япончууд 2016 оны олимпын төлөө “ногт ганзагалж” очоод хоёрын даваанд Бразилын Рио, Испанийн Мадрид хотуудын гарын аяыг даалгүй толгой гудайн буцсан. Харин одоогоос долоон жилийн өмнө Аргентины нийслэл Буэнос-Айрес хотноо хуралдсан ОУОХ-ны 125-р чуулганаар зуны XXXII олимпын наадмын эрхийн төлөө Турк, Испани улстай даагаа нэхэн өрсөлдөж, үзүүр түрүүнд Токио хот Истанбулыг 60:36 саналаар “иппон савж”, 126 сая япончууд баяр хөөрт умбасан нь саяхан гэлтэй. Их ялалтын дараа ч элдэв ээдрээтэй асуудал бас л мундсангүй. Угаасаа ч уриалгахан BID COMMITTEE нь хэргээ бүтээснийхээ дараа урагшгүй BAD COMMITTEE болдог нь нууц биш. “Токио-2020” олимпын наадмын онцлох тэмдэг (Logo)-ний уралдаанд түрүүлсэн зураач Кенжиро Саногийн бүтээл нь Льеж хотын театрын логог улаан цайм “хулгайлсан” хэмээн бөөн хэл ам үүсч, Бельгийн дизайнер Оливьер Дебье гэгч ОУОХ-той зад зарга үүсгэлээ. Удаж төдөлгүй эрх баригчид “НО”-той гэгдэх бүтээлийг хүчингүй болгож, аргагүйн эрхэнд “наймаа буцсан” тааруу дуулиантай. Тэгээд л дахин бөөн зардал чирэгдэл бүхий том уралдаан зарлаж байж нийслэлийн иргэн Асао Токологийн бүтээл шалгарч, санаа нь амрав. Энэ нь ашгүй аль нэгэн театрыг дуурайсангүй, Эдогийн хаанчлалын (1603-1867) үеийн уламжлалт хөхөвтөр чимэглэлийг дүрслэн (шатрын хөлөгтэй төстэй), олон түмний эв нэгдлийг илэрхийлсэн лого ажээ. Дараа нь “гэгээн цагаан өдөр гэрэлт цахилгаан цахих” мэт шуугиан дэгдэж, Японы ҮОХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Цүнекацү Такеда руу Францын сэтгүүлчид гэнэт дайрч довтлон, маркетингийн “Денцү” компанитай холбон, хээл хахууль, авлигын асуудлаар зохиомол гүтгэх давалгаа дэгдээж, том зүтгэлтэн, даруухан дарга “зодгоо тайлсан” нь харамсалтай. Дахиад л том маргаан. Олимпын нээлтийн ёслолд зориулсан цоо шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн дизайны гэрээ байгуулсан Их Британийн иргэн, ирак бүсгүй Заха Хадидийн төсөв нь хоёр тэрбум ам.долларт хүрч, анхны тооцооноосоо хоёр дахин өссөнд ЗБХ-ныхны нүд нь орой дээрээ гарч, Японы татвар төлөгчдийн мөнгийг ийм үрэлгэн зарцуулж болохгүй хэмээн “луу унжсаар” бас л наймаа буцан, гэрээ цуцлагдаж, бөөн хэл ам дэгдсэн юмдаг. Эцэст нь яг барианы зурхай руу сэтгэл шулуудсан “Токио-2020” олимпод балиар сарьсан багваахай баахан гай тотгор тарих нь энэ. 

Шаталт гэж байдаг бол шархаа нөхнө гэж бас бий

Хором бүхэн нь мөнгөөр хэмжигддэг бизнес, арилжааны дэлхийн том гүрэн Японы хувьд олимпын гацаа хэр хохиролтой вэ? “Мөнгө бол мөнгө биш, харин цаг бол мөнгө мөн” гэдэг зарчим ноёрхсон орчин цагт товлосон цагаа цуцлан, дахин товлох л үлэмжийн ярвигтай гэдэг нь ойлгомжтой. Гэвч одоо бол ухрах газар үгүй, бас олимпоо алдана ч гэж гонжийнжоо! Олимпын төлөө 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн Япон улс одоо наад зах нь 4.5 тэрбум ам.дол- ларын хохирол амсах нь. Зарим мэргэжилтний тооцоогоор үнэ 2.7 тэрбум ам.доллараар өсч, 277 тэрбум ам.долларын ашиг олох тооцоонд хүндрэл учирсан аж. Олон олимпыг шууд дамжуулах эрхийг эзэмшдэг, АНУ-ын телевизийн магнат NBC нь нэг тэрбум ам.долларын алдагдал хүлээх эрсдэлтэй болжээ. Бас нэгэн чухал үзүүлэлт болох сонгон шалгаруулалтыг давсан, хамаг ажлыг нугалах 80 мянган сайн дурынхан ирэх жил гэхэд эргэн ажиллахад бэлэн, зав чөлөөтэй гэж үү? Токио хотын Кабүкичо дүүрэг гэхэд л дотоод, гадаадын зочдын чөлөөт цагаа өнгөрүүлэх аятай тухтай газраа зориуд бэлдэн, англи-япон хэл дээр 40 мянган өнгөт танилцуулга товхимол хэвлүүлэн “хөөрхөн шатсан”-аа дурджээ. Хорин оны олимпын дараа далайн булангийн дүүрэгт сүндэрлэсэн тамирчдын тосгоны шинэ байрыг худалдаж авах гэрээтэй, урьдчилгаа мөнгөө төлсөн 12 мянган оршин суугчийн асуудал бас үүсч, “Мицүй Фүдосан” компанийн утас 24 цаг хангинаастай гэнэ. Ер нь Япон даяараа л их, бага бөөн шаталт. Олимпын албан ёсны ивээн тэтгэгчид, түнш, ханган нийлүүлэгчидтэй гэрээгээ сунган шинэчлэх, тэднийхээ хөлд нь аятайхан сууж, алдахгүй байх гээд түг түмэн экстра ажил ундарлаа. ОУОХ, ҮОХ-д, Олон улсын спортын холбоод ч бас “шарх энэлэлтэй”, олон цаас бичгээ базан шидэж, шинэ хуваарь төлөвлөгөө тэрлэхээс эхлээд мундахгүй ажил өрнөлөө. Дээр нь Наран улсыг зорих онгоцны тийз, зочид буудал, спортын тасалбараа захиалсан (ихэнх нь бүр худалдан авсан!) олон зуун мянган жуулчин, хөгжөөн дэмжигчдэд бас л бөөн “толгойны өвчин” нэмлээ гэж. За энэ ч яахав, эрүүл явбал ирэх жилийн наадмыг үзэж л таараа! Шаталт гэж байдаг бол шархаа нөхнө ч гэж бас бий шүү! 

Энэ жилийн онх, ирэх жилийн цонх

Тэгвэл зуны XXXII олимпын наадам Токио хотноо хэзээ нижигнэнхэн эхлэх вэ? Японы талын бодол бол энэ оны намрын налгар сард эхлэхэд бэлэн буйгаа илэрхийлж буй бол оросууд ирэх хаврын сакура цэцэглэх цагийг илүүтэйд үзэж байна. Харин ихэнх орон COVID-19-ийг үүрд булшилсны дараа 2021 оны зун нь найдвартай гэж хаширлаж буйг буруутгах аргагүй. Тэгээд хэзээ гэж? Ямар ч гэсэн ОУОХ, “Токио-2020” ЗБХ-той хамтран энэ зунаас өмнө буюу дөрвөн долоо хоногийн дотор олимпын шинэ товыг шуурхай зарлана гэдгээ мэдэгдсэн. Хэдийгээр 2021 онд болсон ч “Токио-2020” гэсэн нэрээ огт солихгүй. Ер нь ОУОХ-ны дүрэм ёсоор цуцлагдсан олимпын эрэмбийг хэвээр үлдээдэг эртний Грекийн ёсыг баримталж, “Берлин-1916” (VI), “Токио-1940” (XII), “Лондон-1944” (XIII) тасарсан наадмуудын дэс дугаарыг нь хүртэл “яс” оноон хадгалсан юм. Гэхдээ ингэж жилийн чөлөө авч байсан тохиолдол огт үгүй. Ирэх жил уламжлал ёсоор зохиогдох теннисний их дуулга “Уимблдон” (VI сарын 28-наас VII сарын 11) ба АНУ-ын нээлттэй тэмцээн (VII.24-VIII.9)-ий дунд нь Токиогийн олимпыг шигтгэх ёстой хэмээн шахалт маягийн хүсэлт ирсэн гэх мэдээлэл бий. Мөн 2021 онд товлогдсон дэлхийн хоёр ланжгар сунгаатай. АНУ-ын Орегон мужийн Юген хотод болох хөнгөн атлетикийн ДАШТ (VIII.6- 15), Японы Фүкүокад нээгдэх усан спортын ДАШТ (VII.16-VIII.01)-ий эрхийг асар их өрсөлдөөний эцэст өвөртөлж чадсан том хотууд ч бас хугацаагаа хөдөлгөхгүй гэсэн хатуу байр суурьтай байна. Гэхдээ ОУОХ-ны герман босс Т.Бах олимпын төрлийн холбоод олимпын наадмынхаа төлөө сэтгэл гарган, хамтран ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ. Дашрамд дурдахад, 2021 оны зургадугаар сарын сүүлчээр товлогдсон ОУОХ-ны ерөнхийлөгчийн сонгууль ч дагаад хойшлох шинжтэй. Ер нь энэ жилийн хувь төөргийн онх яаж буух вэ, ирэх жилийн спортын зай завсаргүй хуваарьт цонх яаж гарах вэ гэдэг дээр л олон улсын тэргүүлэх мэргэжилтнүүд нойр хоолгүй ажиллаж байна. Дөрвөн бэрх л буулгана даа! 

Here we are шуурхай ажлын хэсэг байгуулагдав

ОУОХ-ноос “Токио-2020” олимпын наадмыг хариуцсан шалган зохицуулах комиссын дарга, Бах боссын баруун гар, Австралийн иргэн Жон Коутс, ОУОХ-ны олимпын наадам хариуцсан гүйцэтгэх захирал Кристиан Дюби нар олимпын төрлийн 33 спортын холбоотой нягт хамтран, Here we are гарц гаргалгаа хайсаар, ухсаар сууна. Ер нь бодитоор дүгнэхэд хоёр хувилбар бий. Эхнийх нь III-IV сар. Хаврын энэ улиралд том тэмцээний нягтрал харьцангуй бага, харин ч Токиогийн зуны шатам халуунаас болж марафон, спорт алхааны тэмцээн нь хойд мужийн Саппоро хотод зохиогдох таагүй байдлаас гарч, нэг дороо нэгдэнэ гэсэн үг. Гэхдээ яг энэ үеэр Үндэсний сагсан бөмбөгийн холбоо (NBА), Оюутны сагсан бөмбөгийн (NCAA) шувтаргын тоглолтууд тачигнах тул олимпын шууд дамжуулалтын хамгийн том түнш Америкийн NBC зөвшөөрөхгүй нь лавтай. Бас олимпын эрхийн тэмцээнүүдийг тас зоох эгзэгтэй үе. Дараагийн буюу хамгийн магадлал өндөртэй нь VII-VIII сар бөгөөд америк хөлбөмбөгийн улирал яг хөшгөө хаах тул өөр тээглүүр үгүй. Дээр дурдсан хөнгөн атлетик, усан спорт, теннис, бас Тур-де-Франс уралдааныхантай хэл амаа олно гэж бүрэн найдаж буй. Here we are амжилт хүсмой! 

Хойтон жилийн наадам хол байа даа, хол байна, гэвч...

“Токио-2020” олимпын наадамд хүрэлцэн ирэх ОУОХ-ны гишүүн 206 орны 11000 тамирчны ихэнх нь сэтгэл гонсойсон байх. Гэхдээ энэ бол түр хойшлолт болохоос хүйтэн дайны цөвүүн цагийн үеийнх шиг бүрмөсөн бойкот биш гэдгийг л сайн ойлгуулах хэрэгтэй. Олимп руу зорих өдрөө хуруу даран тоолж, нойр нь хүрэхгүй орондоо тормолзож байсан тамирчид, ялангуяа анх удаа оролцох гэж дэгэж дэрвэсэн залуус олон байсан нь тодорхой. Tэдний дэвэргэн сэтгэлийн буруу юу байхав. Саяхан тулгууртай харайлтаар алдарт С.Бубкагийн танхимын дэлхийн рекордыг хоёронтаа эвдсэн 20 настай швед залуу “Мондо” Армандо Дуплатис bummer (Ээ чааваас даа!) хэмээн халаглан хашгирсан бол хөнгөн гэмтэлтэй Америкийн эмэгтэй чөлөөтийн олимпын анхны аварга Хелен Марулиус үүнд баярлаж буйгаа нуусангүй. Гэтэл Японы урдаа барьдаг cпорт жүдогийн баг олимпын хүчтэй бүрэлдэхүүнээ эцэcлэн зарласан бөгөөд саяын нөхцөл байдалд яаралтай дүгнэлт хийн, дээрх шийдвэрийг хүчингүй хэмээн зарлахад “почоонкоо” өвөртлөөд байсан дэлхийн гурван удаагийн аварга, Риогийн олимпын хүрэл медальт Наохиса Такато ихэд ундууцах жишээтэй. 

Насаа нэгээр даравч насан туршийн наадам хэвээрээ

Атомын бөмбөг, газар хөдлөлт, цүнами гээд өч төчнөөн гачлан зовлон туулсан Япон улс энх цагийн энхрий олимпын наадмаа ингээд хойшлуулна гэж яахин санах билээ. Ёстой л япончууд “Шиката ганай” буюу “Яалтай ч билээ” хэмээн шүүрс алдавч, гаднаа модон тахиа царайлан “Гамбаре” зорилгодоо хүрч чадах хөдөлмөрч, тэсвэртэй ард түмэн. Өглөө бүр хар дарсан зүүд-цар тахлын аймшигт мэдээг халган халган шүүрдэхэд АНУ, БНХАУ, Итали, Испани, Франц, Герман, БНСУ, Их Британи, Швейцар, Иран улс өвчний халдвар, нас баралтаар эхний аравт бичигдэж буйг хараад зүрх шимширнэ. Уг нь бол энэ супер гүрнүүд олимпын наадмын багийн дүн, медалийн тоогоор дэлхийн TOП-10-т жагсдаг томчууд юмсан даа. Олимпын наадмын он тоолол ийнхүү нэгээр огших нь. Ерээд онд анх удаа Тайваньд очсон чинь тэнд тэс өөр он тоолол мөрддөг юм байна. Григориaны цагалбараар аж төрдөг бид нутгийн хуанлийг буруу гэж бодрол төртөл анхны тусгаар тогтносон Хятад улсыг (Жүнхуа Минюгүо) 1912 онд байгуулсан Сүн Ят-Сений дурсгалыг мөнхжүүлсэн нь тэр бөгөөд өдгөө Формоза аралд 109 он сөхөгдсөн шүү! Тэгэхээр ийм хүнд бэрх цаг дор олимпын он ганцханаар дэвшихэд алдах юм алга. Одоо бол бид хөвчийн ойд хөхөө шувуу донгодохоос өмнө “Токио-2020” олимпын дашням, балжиннямтай шинэ өдрийн товыг л даруухан хүлээх цаг. Олимпийг “окоoпонд”, журмын нөхдийг “журмын хашаанд” журамласан хорон муу “Хорооноо” новшийг даран сөнөөж, дэлхий ертөнц, эх орноо анагааж, эрүүл саруулаар наадмын галаа өрдөе! 

Citius Altius Fortius АНУ, Оклэнд хот