A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4201/

С.Бямбацогт: Одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрх нь нээлттэй

С.Бямбацогт: Одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрх нь нээлттэй
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4201/
  • Эрх зүйн байдлыг дордуулах хуулийн заалтыг хэрэгжүүлэхгүй
  • Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны хоногийг 15 болгон богиносгосон

Өнгөрсөн хаврын чуулган төдийгүй энэ удаагийн парламентын ажлын гол үр дүн болж буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ирэх тавдугаар сарын 25-­наас хэрэгжиж эхэлнэ. Харин Ерөнхийлөгчтэй хол­боотой зохицуулалтыг 2025 оноос хэрэгжүүлэхээр анхны төсөлд тусгаад байсан юм. Гэвч Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдын санаатай, санамсаргүйн үйлдлээр хэрэгжих хугацааг мөн 2020 оны тавдугаар сараас болгосноор монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгад дахин нэр дэвших боломж олгоогүй талаар улс төрийн хүрээнийхэн мэдээлж эхэлсэн. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгчид зөвхөн нэг удаа, зургаан жилээр сонгогдоно гэж суулгасан билээ. Харин үүнд Төрийн бай­гуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт тайлбар өгөв. Тэрбээр “50­-иас дээш настай, сүүлийн таван жил эх орондоо тогтвортой амьдарсан, Монгол Улсын иргэнийг Ерөнхийлөгчөөр зөвхөн нэг удаа зургаан жилийн хугацаагаар сонгоно. Хуулийн төслийг Д.Лүнджээжанцан нарын гишүүд өргөн барихдаа энэ заалтыг 2025 оноос хэрэгжихээр өргөн мэдээлсэн. Хэлэлцүүлгийн явцад 2020 оны тавдугаар сарын 25­-наас эхлэн хэрэгжүүлье гэдэг саналууд гарсан. Үүнтэй холбоотойгоор ажлын хэсэг, Ерөнхийлөгчийн тамгын газрын даргатай ярилцсан. Хуульд эрх зүйн байдлыг дордуулах хуулийн заалтыг хэрэгжүүлэхгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн заалт хэрэгжиж эхлэхэд одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрх нь нээлттэй байна гэдэг зарчмын хүрээнд 2020 оны тавдугаар сарын 25-н болгож өөрчилсөн” гэв. Тэрбээр мөн хаврын чуулган завсарлахаас өмнө баталсан УИХ болон орон нутгийн сонгуулийн хуулийн талаар “Байнгын хороо УИХ-­ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажилтай танилцсан. Мөн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга, УИХ­ ын гишүүний ёс зүйн дүрмийг баталсан. Энэ намрын чуулганаар Их хурлын сонгуулийн хуулийг баталсан. Бид Сонгуулийн хуулийг долоо дахь удаагаа баталж байна. Энэ удаагийн хуульд хэд хэдэн өөрчлөлт оруулсан. Сонгуулийг олон мандаттай, цөөн тойргоор явуулна. Мөн Аймаг, Нийс­лэлийн ИТХ­-ын сонгуулийн тухай хуулийг баталсан. Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны хоногийг 15 болгон богиносгосон. Санал хураалтыг 21:00 цагт дуусгах өөрчлөлт мөн оруулж өгсөн. Түүнчлэн Их хурлын сонгуулийн товыг тогтоосон. Зургадугаар сарын 24­-нд сонгуулийн санал хураалт явуулна. 29 тойргоос Их хурлын гишүүд сонгогдоно” гэсэн мэдээллийг өгсөн юм. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эрчим хүчний компаниудад бүтцийн өөрчлөлт хийнэ

 0 сэтгэгдэл
  • 2019 онд ойролцоогоор 11 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан
  • Шаардлагагүй орон тоонуудыг бий болгосон байгаа юм. Тэгж байж шахааны хүмүүсээ оруулсан зүйл бий

Сонгуулийн циклээр буюу дөрөв дөрвөн жилээр эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилчид болон удирдах албаны хүмүүсийг сольсон нь системийн хэмжээнд хөгжил удаашрах, бодлого буруу явах үндсэн шалтгаан болсон гэж Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэллээ. Тиймээс цаашид энэ байдлыг гаргуулахгүйн тулд хүний нөөцийн дэд бүтцээ сайн хөгжүүлж, эрчим хүчний салбарын дунд хугацааны хөтөлбөрийг баталсан гэв. Эрчим хүчний салбар өнгөрсөн онд хийсэн ажил, энэ жилийн төлөвлөгөөгөө танилцуулсны дараа зарим зүйлийг тодрууллаа.

-Та эрчим хүчний салбарын хүний нөөцөд бодлогын шинэчлэл хийх талаараа ярилаа. Одоо энэ салбарын хүний нөөцийн чадавх ямар байгаа вэ?

-Тооны хувьд хэтэрхий данхайсан байна. 100-200 хүн ажиллах станц дээр мянгаараа ажиллаж байна. Үүнийг л өөрчилье гэж байгаа юм. Гэхдээ өөрчлөхийн тулд станцыг автоматжуулж, өндөр технологи оруулж ирэх ёстой. Өндөр технологи оруулж ирэхийн тулд хүн нь бэлэн байх ёстой. Тиймээс хүний нөөцөө чадавхжуулах, сургахад энэ жил анхаарч ажиллана. Сургасан хүмүүс маань Монголдоо буцаж ирэхгүй байх үзэгдэл их байна. Тиймээс энэ хүмүүстээ салбартаа ажиллах боломжийг олгоё гэж байгаа юм. 

-Мэргэжлийн бус хүн эрчим хүчний салбарт хэр олон байгаа вэ?

-Удирдлагын түвшинд байсныг нь бид өөрчилсөн. Мэдээж инженерийн ажлын байран дээр эдийн засагч томилчихсон байгаагүй. Гэхдээ шаардлагагүй орон тоонуудыг бий болгосон байгаа юм. Тэгж байж шахааны хүмүүсээ оруулсан зүйл бий. Тиймээс бид компаниуд дээр үе шаттай бүтцийн өөрчлөлт хийнэ.

-Импортын эрчим хүчийг бууруулахын тулд ямар ажил хийх вэ?

-Монгол Улс эрчим хүчний нийт хэрэгцээний 19 хувийг импортоор авч байна. Гол хэрэглээ “Оюутолгой” дээр байна. Жил гаруйн өмнө яг энэ өрөөнд станц барих тухай гэрээг “Оюутолгой”-той байгуулсан. Гэвч хөрөнгө оруулагч тал элдэв шалтаг тоочоод ажил хийхгүй байна.

-”Оюутолгой”-н цахилгаан станцын ТЭЗҮ батлагдсан юм биш үү?

-ТЭЗҮ батлаагүй. Зөвхөн саналууд ирсэн. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчээр хангая гэдэг ч юм уу хүлээж авахааргүй саналууд хэлж байна.

-Эрчим хүчний салбар алдагдалтай ажиллаж байгаа. Энэ алдагдлаа хэрхэн бууруулах вэ

-2019 онд ойролцоогоор 11 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Өөрөөр хэлбэл бид гаргасан зардлаа орлогоороо нөхөж чадахгүй байна. Тиймээс хөрөнгө оруулалт, техникийн шинэчлэлээ хийж чадахгүй байна. Инфляцын өсөлттэй уялдуулан эрчим хүчний үнийг нэмж, техникийн шинэчлэлээ хийе гэхээр бүгд эсэргүүцнэ. Өнгөрсөн жил эрчим хүчний үнэ нэмэгдсэн. Энэ нь дэмжих тариф буюу нар, салхины станцтай холбоотой. 90 мегабайтын нар, салхины станцыг дэмжих тариф орсон учраас эрчим хүчний үнийг нэмсэн. Үүн дээр л асуудал үүссэн. Ам.долларын ханш 1240 байсан бол өнөөдөр 2700 төгрөг давчихаад байна. Тэр хэмжээгээр бид алдагдал хүлээж байгаа. Бид гаднаас тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, түлш авч байна. Гэхдээ тарифын үнээ өсгөөгүй учраас систем алдагдалтай ажиллаж байна.

-Хэрэглэгчид, цахилгаан халаагуур хэрэглэж байгаа айл өрхүүд эрчим хүчний үнийн өсөлтийн дарамтыг хамгийн их мэдэрч байна?

-Энэ асуултыг Эрчим хүчний зохицуулах хороонд тавих ёстой. Үнэ тарифын асуудал бодлогод байхгүй. Мэдээж хамгийн үр ашигтай байх бүтцээр ажиллая гэж ярьж буй. Харин таны тавьж буй асуултыг 2002 оноос хойш хуулиараа Эрчим хүчний зохицуулах хороо шийдээд явж байна. Тэнд гурван төлөөлөл байгаа. Хэрэглэгчийн эрх ашиг, компаниуд, Засгийн газрыг төлөөлсөн талууд ярьж байгаад тарифыг шийдэж байна. Бидний хувьд гомдолтой байдаг нь хөрөнгө оруулалт хийж чадахгүйгээр алдагдал хүлээж байгаа явдал. Нэг зүйлийг хэлэхэд айл өрхийн нэг гишүүний гар утасны төлбөрөөс хямдаар эрчим хүч нийлүүлж байгаа. Гэтэл суурь болсон эрчим хүчний систем нурчих гээд байна. Тиймээс л хүний нөөцөө бууруулъя, ухаалаг болгоё, зардлаа таная гэж байна. Цалингийн зардлаа бууруулах чиглэл рүү явж буй юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хагас өндөржүүлсэн бэлэн байдлыг 28 хоногоор сунгалаа

 0 сэтгэгдэл
  • Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн импортлогч ААН-ийн гаалийн татварын хоёр сараар хойшлуулах санал гаргав
  • Цагаан сараар орон нутгийн авто замын хөдөлгөөнийг хязгаарлах эсэхийг улсын онцгой комисс өнөөдөр шийднэ

Covid-19 вирусийн тархалт дахин нэг сар үргэлжлэх магадлалтай нөхцөлд уялдуулан Засгийн газар хагас өндөржүүлсэн бэлэн байдлыг гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Засгийн газраас гаргасан эл шийдвэрийн талаар Улсын онцгой комиссын дэд дарга Н.Энхболд танилцуулахдаа “Нэгдүгээр сарын 30-нд Улсын онцгой комиссоос байгуулсан ажлын хэсгээс хийсэн судалгаагаар коронавирус тархах эрсдэлийн үнэлгээ өндөр гэж гарсан. Дахин үнэлгээгээр зөөвөрлөгдөж орж ирэх эрсдэл өндөр байх дүгнэлт гарсан. Мөн эрүүл мэндийн байгууллагынхан халдварын нууц үеийг ажиглахын тулд 28 хоног зарцуулах шаардлагатай гэж үзсэн учраас Засгийн газраас хагас өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах тогтоол баталлаа” гэв. Мөн тэрбээр “Спорт зааланд олон нийтийг хамарсан тэмцээн уралдаан зохион байгуулахгүй гэсэн чиглэл өгсөн болохоос найз нөхөд, хэсэг бүлгээрээ цуглаад спортоор хичээллэхийг хориглоогүй” гэсэн юм. Засгийн газрын хурлаар хорио цээрийн дэглэмийг сунгасантай холбогдуулан эдийн засаг, нийгэмд үүсэх хүндрэлийг шийдвэрлэхээр болжээ. Энэ талаар салбарын сайд нар дараах зүйлийг ярив.

Ч.Хүрэлбаатар: Засгийн газраас өөрт олгогдсон эрхийнхээ дагуу цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тос, хүнсний болон үрийн улаан буудай зэрэг барааны гаалийн татварыг хоёр сараар хойшлуулах хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн барихаар боллоо. Мөн нүүрс, газрын тосны экспортыг саадгүй хийхийн тулд БНХАУ-ын талтай ойлголцох, экспортлох боломжийг хангах чиглэл өглөө. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан нөхцөл байдал үүсээгүй учраас төсөв тодотгох шаардлагагүй. Харин сайд нар,төсвийн ерөнхийлөн захирагч нар өөр өөрийн төсвийн багцдаа тохируулга хийх бүрэн бололцоо бий гэж үзсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улсын төсвийн орлого 202.7 тэрбум төгрөгөөр тасалдсан байдалтай байгаа. Хэрэв нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл нэг их наяд төгрөгийн орлого дутна. 

Б.Энх-Амгалан: Засгийн газрын хурлаар цагаан сарын битүүн, шинийн нэгнээс гуравны хооронд орон нутгийн авто замын хөдөлгөөнийг хязгаарлах эсэхийг ярилцлаа. Зорчих хөдөлгөөний 90 хувь нь хувийн тээврийн хэрэгслээр явж байгаа учраас хязгаарлах шаардлагатай гэж үзсэн. Гэхдээ маргааш (өнөөдөр) Улсын онцгой комисс хуралдаж баталгаажуулах эсэхийг шийдвэрлэнэ. Харин аймаг, нийслэл доторх хөдөлгөөнийг хязгаарлахгүй. 

Ё.Баатарбилэг: Хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоох хугацааг сунгаснаар сурагчдын зуны амралт, элсэлтийн ерөнхий шалгалтын хугацааг хойшлуулахгүй. Шинэ нөхцөл байдалтай холбогдуулан сурагчдын гуравдугаар улирлын амралтыг цуцалсан бөгөөд хоёр сарын хугацаанд даваагаас бямба гарагт хичээллэнэ. Мөн анги дэвших болон төгсөх шалгалтын долоо хоногийг хичээлийн долоо хоногт шилжүүлж, шалгалтыг хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанд багтаан зохион байгуулна. Элсэлтийн ерөнхий шалгалтыг зургаадугаар сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгуулж, их, дээд сургуулийн элсэлтийг зургаадугаар сарын 15-нд дуусгахаар төлөвлөж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Х.Булгантуяа: Жижиг бизнес эрхлэгчдэд учирсан бэрхшээлийг Засгийн газарт танилцуулна

 0 сэтгэгдэл
  • Засгийн газраас БНХАУ-д сэтгэлийн дэмжлэг үзүүлэх аян өрнүүлж, данс нээлээ

Засгийн газраас БНХАУ-д туслах “Мөнхийн хөршид сэтгэлийн дэмжлэг” аяныг санаачилсан ажлын хэсэг байгуулж, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулжээ. Тус ажлын хэсгийн гишүүд болох Н.Цэрэнбат, ГХ-ны сайд Д.Цогтбаатар, дэд сайд Б.Батцэцэг, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар хандивын данс нээж байгаа мэдээлэл хийлээ. Ажлын хэсгийн ахлагч Н.Цэрэнбат “Манай урд хөршид шинэ төрлийн коронавирус буюу Covid-19 өвчний халдвар гарч эдийн засаг болон нийгмийн байдал нь хүндэрлээ. Хөрш орны хувьд Монголын ард түмэн хүмүүнлэгийн аянд нэгдэж, хүндрэлийг даван туулахад нь сэтгэлийн дэм өгөх зорилгоор данс нээж байгааг албан ёсоор зарлаж байна" гэсэн юм.

Мөн тэд цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

-БНХАУ-д байгаа монгол иргэн эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлсэн гэсэн. Тэднийг авчрах ямар ажил хийж байна вэ?

Д.Цогтбаатар: -Одоогоор 336 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлсэн. Тэднийг авахаар БНХАУ-ын талтай ярилцаж байгаа. Бид тус улсаас иргэдээ авчрахын тулд хугацаа зааж, боломж гаргасан боловч тодорхой тооны иргэд үлдчихлээ. Тус улсад карантин тогтоож, хөдөлгөөнийг хязгаарласан. Ийм эхний ээлжинд монгол иргэдээ Эрээнд цуглуулах ажлыг зохион байгуулж байна.

Б.Батцэцэг: -Хэдийгээр хил хаасан ч гэсэн өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын талтай ярилцаж, 106 иргэнийг хил нэвтрүүлсэн. Тэд Хятадын олон хотоос цугласан байсан. Гэтэл дахин Шанхайн тойргоос 180, Бээжинд 56, Эрээнд 100, Хөх хотод тодорхой тооны иргэд хил нэвтрэх хүсэлт илэрхийлсэн. Тэднийг ойрын хугацаанд авахаар ярилцаж байна.

-Тэд зардлаа өөрсдөө хариуцах уу, төсвөөс гаргах уу?

Б.Батцэцэг: -Яамнаас визний хугацаа хэтэрсэн төлбөр, унааны болон Замын-Үүдэд тусгаарлах байрны зардлыг хариуцахаар зохицуулалт хийсэн. Харин 14 хоног тусгаарлах хугацааны хоол, хүнсний зардлаа иргэд гаргана. Гэвч энэ зардлыг өөрсдөө хариуц гэхээр төлбөрийн чадваргүй иргэд олон байна.

-Манай уул уурхайн бүтээгдэхүүний экспортод сөргөөр нөлөөлж эхэллээ. Энэ нь төсвийн бүрдүүлэлтэд яаж нөлөөлөх вэ?

Х.Булгантуяа: -Дэлхийн хамгийн том эдийн засагтай оронд өвчин гарсан нь бүс нутаг төдийгүй, Европ, Америк тивийн эдийн засагт ч амаргүй нөхцөл байдал үүсгэх төлөвтэй. Монгол Улсын энэ оны эхний саруудын төсвийн орлого өмнөх оныхоос харьцангуй багассан үзүүлэлттэй байгаа. Гэхдээ төсвийн тодотгол хийх хэмжээнд хүрээгүй.

-Эдийн засагчид коронавирустэй холбогдуулан Засгийн газраас дөрвөн тэрбум төгрөг гаргасан учир төсвийн тодотгол хийнэ гэсэн байр суурь илэрхийлж байна?

Х.Булгантуяа: -Төсвийн тухай хуулиар төсөвт тодотгол хийх нөхцөлийг тодорхойлсон заалт бий. Тэр хэмжээнд хүрээгүй. Ер нь эхний улиралд экспорт, бүтээн байгуулалтын ажлууд бага байдаг онцлогтой. Харин хорио цээр тогтоосон хугацааг сунгавал төсөвт тодотгол хийх асуудлыг хөндөж, Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ.

-Нөхцөл байдлаас шалтгаалан ЖДҮ эрхлэгчид, жижиглэн худалдаа эрхлэгчид эрсдэлд орж, эдийн засагт нөлөөлөх хэмжээнд хүрлээ. Үүнийг яаж зохицуулах гэж байна?

Х.Булгантуяа: -Засгийн газрын хуралдаанд үүссэн нөхцөл байдлыг танилцуулна. Өгсөн чиглэлийн дагуу ямар арга хэмжээ авах нь тодорхой болно. Түүнээс биш иргэн ААН-тэй хийсэн гэрээг өөрчлөх, зээлийн хүүг бууруулах, чөлөөлөх тухай асуудал байхгүй.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Цахим” цагаан сараар банкууд шимтгэл авахгүй

 0 сэтгэгдэл

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “цахим цагаан сар” хийх уриалга гаргахтай зэрэгцээд УИХ-ын дарга Г.Занданшатар банкуудад сар шинийн өдрүүдэд хийх гүйлгээнээс шимтгэл авахгүй байх чиглэлийг Монголбанк болон Банкуудын холбоонд өгөх тухайгаа дуулгалаа. Мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаж, монголчууд гэрээсээ гаралгүй ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлж болох жишиг тогтоохоор бэлдэж буй энэ үед төрийн байгууллагаас энэ мэт хөнгөлөлтөөр дэм болох нь сайшаалтай. Банкууд ч спикерийн саналыг нааштай шийдвэрлэж, өдөрт хэдэн зуун саяар эргэлддэг гүйлгээний шимтгэлээсээ татгалзаж чадна гэдэгт итгэж байна.