A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4207/

С.Хишгээ: Жирэмсэн эмэгтэйчүүд халдварт өртөх өндөр эрсдэлтэй

С.Хишгээ: Жирэмсэн эмэгтэйчүүд халдварт өртөх өндөр эрсдэлтэй

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4207/
  • Шинэ гарч буй коронавирусийн хувьд, өндөр халуурах, ханиалгах, амьсгал давчдах, булчин өвдөх, толгой өвдөх, суулгах зэрэг шинж тэмдэг илэрвэл хурдан эмнэлэгт хандах нь зөв

Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн зөвлөх, Монгол Улсын гавьяат эмч С.Хишгээтэй ярилцлаа. Тэрбээр хол хорио тогтоосон үед жирэмсэн эмэгтэйчүүд эмнэлэг дээр очиж, урт дараалалд зогсохоос аль болох зайлсхийн, цахимаар болон гар утсаар эмчтэйгээ холбогдож зөвлөгөө авах хэрэгтэй хэмээн хэлсэн юм.

-Шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтаас сэргийлж, жирэмсэн эмэгтэйчүүдийг хамгаалах чиглэлээр ямар ажил хийж байна вэ. Онцгой нөхцөлд яаж ажиллах ёстой вэ?­

-Шинэ төрлийн коронавирусийн тархалт эрчимтэй явагдаж, БНХАУ-­аас бусад улс оронд тархаж байна. Монгол Улсад ямар нэгэн халдварын эрсдэл байхыг үгүйсгэхгүй. Тиймээс жирэмсэн эхчүүд юун дээр анхаарах вэ гэдгийг хэлье. Жирэмсэн болсноор умайд, эхэс үүсэж, цусны эргэлт шинээр бий болж, биед өөрчлөлт ордог. Иймээс жирэмсэн эмэгтэйчүүдийн дархлаа муудах асуудал бий. Ийм үед гараа сайтар угаахыг анхааруулж байна. Ялангуяа жирэмсэн эхчүүд болон ээжүүд гараа маш сайн угаах хэрэгтэй. Ингэснээр үр хүүхэд, гэр бүлээ хамгаална. Хоёрдугаарт нь амны хаалтыг зөв хэрэглэх хэрэгтэй. Зөв хэрэглэх гэдэг нь хоёр цаг тутам сольж байх, олон нийтийн газар байнга зүүж байх зэргийг хэлнэ. Өвчтэй хүмүүс ойр орчимд нь байвал эсвэл өөрөө ханиад томуу хүрсэн тохиолдолд амны хаалт зүүх хэрэгтэй. Хөл хорио нэгэнт тогтсон учир өвчний голомт руу явахгүй байх. Жирэмсэн эхчүүд олон нийтийн газар явах шаардлагагүй. Болж өгвөл гэрээсээ тусламж авах хэрэгтэй. Хэвийн жирэмсэн эхчүүдийг хамгийн багадаа зургаан удаа эмчид үзүүлэх хэрэгтэй гэж заадаг. Тэгвэл хүндрэл гараагүй, биед нь өөрчлөлт ороогүй тохиолдолд эмчтэйгээ утас, фейсбүүк, онлайнаар холбогдож зөвлөгөө авч болох юм. Хэрвээ хүндрэл гарвал эмчид хандана. Эмчид хандахдаа тодорхой цагуудаар очиж урт дараалалд зогсох, олон хүний дунд орохгүй байх хэрэгтэй. 

-Энэ нь жирэмсэн эмэгтэйчүүдийг эрсдэлтэй бүлэг рүү оруулах шалтгаан болж байна уу?

­Ямар ч халдвар дархлаа муутай эсвэл дархлаа суларсан хүмүүст тусдаг. Тэгэхээр хүүхэд, өндөр настан жирэмсэн эхчүүд орно. Жирэмсэн эхчүүд цус багадалтай, суурь өвчтэй байх зэрэг нь халдварт өртөөд өвдөх магадлалыг нэмэгдүүлдэг. Эмчийн заасан амин дэм, эмчийн бэлдмэл, бусад эрдэс бодисыг хэрэглэх хэрэгтэй. Төмрийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүд гурван сартайгаас эхлээд төрөх хүртлээ хэрэглэдэг. ДЭМБ-­аас жирэмсэн эмэгтэй төмрийн бэлдмэлийг өдөрт 60 миллиграммыг уух хэрэгтэй гэж зөвлөдөг. Төрсний дараа ч үргэлжлүүлэн хэрэглэнэ.

-Үүнээс өмнө вирусийн халдварууд илэрч байсан. Тухайн тохиолдол бүрт жирэмсэн эмэгтэйчүүд эх нялхасыг хамгаалах урьдчилан сэргийлэх тал дээр юу хийж байв. Тухайлбал, 2010 оны H1N1 вирусын халдварын жишээг харж болох юм.­ Жил бүр улирлын томуу гэж гардаг. Одоо ч гэсэн гараад хүүхэд эмэгтэйчүүд томуугаар өвдөж байна. Одоогийн гарч буй томуугийн шинжилгээг харахад, A хүрээний вирусээр үүсгэгдсэн байгаа юм. 2009 оны аравдугаар сар гараад 2010 онд үргэлжлээд явсан H1N1 A хүрээний вирусийн халдварын үед жирэмсэн эхчүүд нэлээн их хүндэрч байсан. Хот хөдөөгүй орон нутгаас хүндэрсэн иргэд ирж байсан. Түүнээс гадна эмнэлэгт эрт хандах тусмаа хүндрэл нь гайгүй, эх хүүхэд хэвийн төрөх тохиолдлууд байсан. Шинэ гарч буй коронавирусийн хувьд, өндөр халуурах, ханиалгах, амьсгал давчдах, булчин өвдөх, толгой өвдөх, суулгах зэрэг шинж тэмдэг илэрвэл хурдан эмнэлэгт хандах нь зөв. Мөн зарим эмэгтэй жирэмсэн гэдгээ мэдээгүйгээс, вирусийн халдварын үед зулбах хүндрэл гардаг. 

-Хамгийн сүүлд авсан мэдээллээр, Ухань хотод жирэмсэн эмэгтэй төрөхөд, хүүхдэд нь 30 цагийн дараа халдвар илэрсэн. Энэ хэр аюулгүй вэ?

­Жирэмсэн эмэгтэйчүүд хэр өртөж байна вэ гэсэн албан мэдээллийг хайсан боловч баттай мэдээллүүд олж авч чадахгүй байна. Амьсгалын замын халдвартай, тэр нь хүндрээд амьсгалын стресс хам шинж, амьсгалын дутагдал зэрэгт орж байгаа үед ургийн бүтэлт үүсэх эрсдэл гарцаагүй байна. Шинэ коронавирусийн халдварын үед урагт хор хөнөөлтэй гэсэн зүйл уншиж мэдээгүй байна.

-Томуу, томуу төст өвчний вирусийн халдвараар нас барсан хүний тоо 2019 онд 431 хүрсэн гэж эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Нас барсан хүмүүсийн дийлэнх нь бага насны хүүхдүүд байна. Цаашдаа нярай бага насны хүүхдүүдийг өвчнөөс сэргийлэхийн тулд тусгай эмнэлэг байгуулах шаардлагатай юу?­

Жирэмсэн байх үеэс бид ургийг хамгаалах ажлыг эхлүүлдэг. Тухайлбал, халдвартай халдваргүйг тодорхойлж, ургийг хэт авиан шинжилгээгээр оношилдог. Аль ч халдварын үед хэрхэн урьдчилан сэргийлэх, төрөлтийг удирдах эмнэлгийн аргуудыг хэрэглэдэг. Эмнэлэг тусдаа байсан нь дээр гэж мэргэ­жилтний хувьд үзэж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

45-69 насныхны 51 хувь нь халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэлтэй

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгааны талаар судалгаа хийснээ өчигдөр олон нийтэд танилцууллаа. Тус судалгаанд 6600 гаруй иргэнийг хамруулсан байна. Сүүлийн жилүүдэд урьдчилан сэргийлэх боломжтой халдварт бус өвчин хүн амын дунд түгээмэл байгаа нь тулгамдсан асуудал болжээ. НҮБ-ын төрөлжсөн агентлагаас 2016 онд хийсэн судалгаанаас монголчуудын нас баралтын 77 хувийг халдварт бус өвчин эзэлж буйгийн дотор 32 хувь нь 30-70 насныхан байна. Энэ удаагийн судалгаанаас харахад халдварт бус өвчнөөр өвчлөх эрсдэлгүй бүлэг нь хүн амын 3.9 хувийг эзэлж байгаа нь эрүүл мэндийн салбарынхны санааг чилээсэн асуудал болов. Архи, тамхины шалтгаант эмгэг, хөдөлгөөний хомсдол, таргалалт, илүүдэл жин гээд хүн амын 22.7 хувь халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэлтэй гэсэн судалгаа гарчээ. Мөн 45-69 насны иргэдийн талаас илүү нь буюу 51.2 хувь нь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй гарсан нь судлаачдын анхаарлыг татжээ. ДЭМБ-аас зөвлөсөн давсны хэрэглээг бууруулах стратеги үр дүнтэй байгаа ч баруун бүсийнхэн хэрэглээгээ хоногт таван грамм буюу стандарт түвшинд хүртэл бууруулах шаардлагатайг онцоллоо.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хөл хорио хавдартай өвчтөнүүдийг бухимдуулж байна

  • Таван хүн тутмын нэг нь Улсын онцгой комиссын хөл хорио эмчилгээнд нөлөөлсөн хэмээн хариулжээ
  • Орон нутагт химийн тариа тасарснаас болж хотод ирэх шаардлага гарсан гэж хариулсан байна

Энэ цагийн хамгийн хэцүү өвчин бол хорт хавдар. Манай улсад жил ирэх тусам хорт хавдрын өвчлөл нэмэгдэж, залуужиж байна

2018 онд гэхэд 6073 хүн хавдартай болох нь оношлогдож, 4412 хүн хорт хавдрын улмаас нас барсан гэсэн статистик гарчээ. Харин 2019 онд 6045 хүн хавдраар өвчилж эмнэлэгт ханджээ. Дэлхий даяар тархсан цар тахал зарим хавдартай өвчтөнийг сэтгэл зүйн дарамтад өртүүлж байна. Энэ талаар Хавдрын үндэсний зөвлөлөөс судалгаа хийжээ. Тус байгууллага хавдартай өвчтөн, тэдний асран хамгаалагч нараар COVID-19-тэй холбоотой нөхцөл байдлыг үнэлэх тест бөглүүлсэн байна. Үүнд 179 хүн хамрагдсан бөгөөд тэдний 39.1 хувь нь хорт хавдартай өвчтөн, 60.9 нь өвчтөний асран хамгаалагч байжээ. COVID-19-ын үеийн хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээ нь хавдартай өвчтөн ба тэдгээрийн асран хамгаалагч нарын 31 хувийнх нь сэтгэл санааны байдалд нөлөөлсөн нь судалгаанаас харагджээ. Мөн дөрвөн хүн тутмын нэг нь хэдэн өдрийн турш, 10 хүн тутмын нэг нь бараг өдөр бүр бухимдаж, сэтгэл санаа тогтворгүй байдаг хэмээн хариулсан байна. Түүнчлэн таван хүн тутмын нэг нь Улсын онцгой комиссын хөл хорио эмчилгээнд нөлөөлсөн хэмээн хариулжээ. Зарим хүний эмчилгээний цаг хойшилсон, эмнэлэгт оруулахгүй болсноор эмчтэйгээ уулзаж чадахаа байсан, орон нутагт химийн тариа тасарснаас болж хотод ирэх шаардлага гарсан гэж хариулсан байна. Судалгаанд оролцсон иргэний 63.1 хувь нь санхүүгийн хямралд өртжээ. Цаашид хэрхэх нь ойлгомжгүй байгаа болохоор сэтгэлийн түгшүүртэй байгаагаа 45.3 хувь нь илэрхийлсэн байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Экологийн цагдаагийн албанаас “Иргэдийн индэр” арга хэмжээг зохион байгуулна

Экологийн цагдаагийн алба нь энэ оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэйгээр байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа юм. Тус албанаас гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхийн зэрэгцээ иргэд, олон нийтэд эрх зүйн мэдлэг олгох, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн дуу хоолойг үйл ажиллагаандаа авч хэрэгжүүлэх чиглэлээр “Иргэдийн индэр” олон нийтийн арга хэмжээг хэвлэл мэдээллийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулах бөгөөд дараах хуваарийн дагуу үйл ажиллагаа явагдана.

д/д

Иргэдийн индэр ажиллах байршил

Ажиллах огноо

Ажиллах цаг

1

Сүхбаатарын талбай

2020.06.30 /Мягмар/

12:00-13:00

2

Барилгачдын талбай

2020.07.01 /Лхагва/

12:00-13:00

3

Эрх чөлөөний талбай

2020.07.02 /Пүрэв/

12:00-13:00

4

Улсын их дэлгүүр

2020.07.03 /Баасан/

12:00-13:00

Мөн цахим орчинд “Экологийн цагдаагийн алба” пэйж хуудас, ecological.police.gov.mn/вэб сайтаар хандаж болох юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хичээлгүй өнжсөн жил хүүхдүүд түлэгдэж, гэмтэх нь нэмэгджээ

  • 1-4 насны хүүхдийн түлэгдэлт осол гэмтлийн хамгийн их хувийг эзэлж байна
  • ГССҮТ-д жилд дунджаар 1500 гаруй өвчтөн хэвтэн эмчлүүлдгийн 70-80 хувийг 0-15 насны хүүхэд эзэлдэг аж. Мөн 1-4 насны хүүхдийн түлэгдэлт, гэмтэл өвчлөлийн хамгийн их хувийг эзэлж байна. Түлэгдсэн хүүхдийн 80 гаруй хувь нь гэртээ байж байгаад осолд өртжээ
  • Сургууль, цэцэрлэг дээр хүүхэд багш нарын хараа хяналтад байдаг тул бэртэж, гэмтэх, түлэгдэх аюулаас хол өнгөрдөг. Гэтэл энэ жил гэмтэж, түлэгдэх нь эрс нэмэгджээ
  • Хүүхэд өсөж том болох тусам түлэгдсэн хэсгийн арьс таталдаж, умайдаг тул 18 нас хүртэл арьсыг нь тэнийлгэх мэс засал хийдэг. Түлэгдэлт биед төдийгүй сэтгэлд сорви үлдээдэг гэдгийг сэтгэлзүйчид хэлдэг

Сүүлийн хэдэн жил хүүхэд элдэв төрлийн гэмт хэрэг, осол гэмтлийн золиос болох үзэгдэл газар авлаа. Өдөр бүр л хүүхэд ямар нэг байдлаар осолдсон, эсвэл гэмт хэргийн хохирогч болсон, гэмтэж, бэртсэн таагүй мэдээ тасралтгүй сонсогдсоор. Энэ харгис нийгмийн золиос нь бяцхан үрс болж байна гээд хэлчихвэл дэгсдүүлсэн болохгүй. Хүчирхийлэл, гол усны үер, халуун хоол цайнд хүүхдээ түлж гэмтээсээр байна. Халдварт өвчин тархсанаас болж сургууль, цэцэрлэг хаасан нь хүүхдүүдэд том эрсдэл болжээ. Эцэг, эхчүүдийн хайхрамжгүй байдлаас болж гэмтсэн, буцалсан ус, халуун тогоонд түлэгдсэн хүүхдүүд гэмтлийн эмнэлгийн хаалгыг татсаар байгаа аж. Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчүүлэгчдийн дийлэнх нь хүүхэд болохыг эмч нар хэллээ. Тус эмнэлгийн Түлэнхий нөхөөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч О.Хишигсүрэнгийн хэвлэлд өгсөн мэдээлэл олны анхаарлыг татаж буй. ГССҮТ-д жилд дунджаар 1500 гаруй өвчтөн хэвтэн эмчлүүлдгийн 70-80 хувийг 0-15 насны хүүхэд эзэлдэг аж. Мөн 1-4 насны хүүхдийн түлэгдэлт, гэмтэл өвчлөлийн хамгийн их хувийг эзэлж байна. Түлэгдсэн хүүхдийн 80 гаруй хувь нь гэртээ байж байгаад осолд өртжээ. Сургууль, цэцэрлэг дээр хүүхэд багш нарын хараа хяналтад байдаг тул бэртэж, гэмтэх, түлэгдэх аюулаас хол өнгөрдөг. Гэтэл энэ жил гэмтэж, түлэгдэх нь эрс нэмэгджээ. ГССҮТ-өөс гаргасан статистикийг харахад 2020 он гарсаар 10 мянга орчим хүүхэд их, бага хэмжээгээр түлэгдэж, гэмтсэн байна. ГССҮТ-өөс гаргасан тандалт судалгаанаас харахад 2020 оны I улиралд буюу 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс гуравдугаар сарын 31-ний хооронд улсын хэмжээнд осол гэмтэл, гадны шалтгаанаар 31841 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 625 тохиолдол нь нас барсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад нас баралт 19 тохиолдлоор нэмэгджээ. Зөвхөн Улаанбаатар хотод ч биш орон нутагт ч хүүхдүүд түлэгдэж, гэмтэх тохиолдол элбэг байгаа талаар Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч Н.Сандуй ярьжээ. Тус аймгийн эмнэлгийн гэмтлийн тасгаар үйлчлүүлсэн иргэдийн 90 хувийг 0-5 насныхан эзэлж байгаа аж. Тэдний дийлэнх нь халуун хоол, цайнд түлэгджээ. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн статистик мэдээллээс харахад 0-5 нас хүүхдийн өвчлөлийн шалтгааны нэгдүгээр зэрэгт бичигдэж байна. ГССҮТ-ийн эмч нарын ярьж буй гаар хүүхэд нэгнийгээ харж, асарч үлдсэнээс болж ахуйн осолд өртдөг аж. Эмч Н.Ууганбаяр тавдугаар сард ГССҮТ-өөр гал түймрийн улмаас түлэгдсэн хүүхэд цөөнгүй ирснийг хэлсэн. Зуны улиралд түлэнхийн тасгийн үйлчлүүлэгчдийн тоо нэмэгддэг гэнэ. Учир нь хүүхдээ хөдөө явуулж, хараа хяналтгүй байлгадгаас болж халуун хоол цайнд түлэгдэх тохиолдол гарсаар байдгийг анхааруулсан байна. Ийн хүүхдүүд халуун хоол цайнд түлэгдэж, эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирч байна. Энэ бүхэн цэвэр эцэг, эхийн хариуцлагагүйгээс болж буйг эмч нар хэллээ.

Уг нь улс даяар “Эцэг, эхийн хариуцлагыг өндөржүүлье” сэдэвт аян өрнүүлж буй ч халдварт өвчний мэдээнд дарагдаад үр дүн нь төдийлэн харагдахгүй байгааг ч гэмтлийн эмч нар хэлж байв. Зарим хүнд хэлбэрийн түлэнхийн үед арьс нөхөн сэргээх эмчилгээ хийдэг бөгөөд бага насны хүүхдүүд жил бүр ийм эмчилгээ хийлгэх шаардлага тулгардаг аж. Түлэнхий бол хүүхдийн эрүүл мэндэд хамгийн хөнөөлтэй согог юм. Хүүхэд өсөж том болох тусам түлэгдсэн хэсгийн арьс таталдаж, умайдаг тул 18 нас хүртэл арьсыг нь тэнийлгэх мэс засал хийдэг. Түлэгдэлт биед төдийгүй сэтгэлд сорви үлдээдэг гэдгийг сэтгэлзүйчид хэлдэг. Энэ ч үнэний ортой. Бага насандаа нүүрээ түлж, шанаандаа том сорвитой болсон, М өдгөө насан туршдаа сэтгэлийн шархтай явна. Тэрбээр үсээ байнга шанаа руугаа унжуулж, түлэгдэж, атиралдсан арьсаа нуудаг. Түүн шиг бие, сэтгэлдээ насан турш шархтай амьдруулахыг хүсэхгүй л бол эцэг, эхчүүд хүүхэддээ санаа тавих хэрэгтэй. Гэхдээ хүүхдээ түлэгдэхээс хамгаалахыг байнга анхааруулдаг ч эцэг, эхчүүдийн хэнэггүй байдал хүүхдээ насан туршид нь согогтой болгож буй нь харамсалтай. Хүүхдийн түлэгдсэн талбай алга дарам хэмжээтэй байхад л амь насанд аюул учрах эрсдэлтэй болохыг эмч нар хэлдэг. Өдгөө түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 35 нь хүндэвтэр түлэгдсэн бөгөөд удаан хугацааны эмчилгээ хийлгэх шаардлагатай болжээ. Багадаа 20 гаруй хоног эмчлүүлэх хэрэгтэй болж байна. Ах, эгч нараар нь дүүг асруулснаас болж бага насны хүүхэд түлэгдэж, гэмтдэг гэдгийг эмч нар онцолсон. Дэлхийн олон оронд зөвхөн насанд хүрсэн эцэг, эх гэрийн асрагчаар бага насны хүүхдийг харуулж, асруулах дүрэмтэй байдаг бол манай улсад ийм журам байхгүй. Зургаан настай нэгдүгээр ангийн хүүхэд дүүгээ асрах үүрэг хүлээдэг. Найман настай эгчээр нь дүүг харуулж үлдээснээс болж галаа түлэх гэж байгаад гэрээ шатааж, хөрш нь харсан тулдаа унтрааж, хоёр хүүхдийн амийг аварсан жишээ саяхных. Гэтэл эцэг, эхчүүдийн хүүхдээ тохойн чинээ ах, эгчид нь даатгаж гэртээ хаядаг зан жаалуудыг гэмтлийн эмнэлгийн өвчтөн болгох шалтгаан болж байна. Хүүхэд хамгааллын тухай хуульд хүүхэд гэр бүлдээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах үүрэгтэй гэж заасан. Гэвч эцэг, эхчүүд хуулийн энэ заалтыг огт хайхардаггүйгээс болж хүүхэд эрсдэлд ороор байна. Нөгөө талаар үүргээ ухамсарлаагүй, хүүхдээ түлж гэмтээсэн эцэг, эхэд хариуцлага хүлээлгэдэггүй. Монголд хэрэгтэй, хэрэггүй өч төчнөөн хууль байдаг ч иргэд тэр бүр мэддэггүй. Бас хуулиа мөрдөггүй, хариуцлага хүлээлгэдэггүй байдал хүүхэд хамгааллыг улам сулруулж байна. Эцэг, эхийн хэнэггүй зан ч засагдахгүй нь бололтой. Хатуу харицлага хүлээлгэдэг бол хүүхэд бүх зүйлд хохирохгүй байх байлаа. Хүүхэд хамгааллын тухай хуульд нэг дутагдалтай тал бий. Хүүхдийг хүүхдээр асруулж болохгүй гэсэн заалт алга. Иймээс ах, эгчид нь даатгаж үлдээгээд ажилдаа явдаг эцэг, эхчүүдийг буруутгах боломжгүй юм. Жил бүр хүүхдийн түлэгдэлтийг хэвлэл мэдээллийг хэрэгсэл бишгүйдээ л хөндөж тавьдаг. Гэвч эцэг, эхчүүд болон холбогдох мэргэжлийн хүмүүс төдийлэн хайхарч үздэггүй. Хэрэв үр дүнд хүрдэг байсан бол өнөөдөр бага насны хүүхдүүд түлэнхийн тасгийг дүүргэж, шархны халуун болж шаналахгүй байх байлаа. Хүүхдийн байгууллагууд ч ах, эгч нараар нь бага насны хүүхдийг асруулж буйд төдийлэн ач холбогдол өгдөггүй. Энэ талаар нарийн судалгаа хийх шаардлагатай байна. Хэчнээн өрх хэдээс хэдэн насны хүүхдээр балчир дүүг нь харуулж, асруулдаг талаар судалгаа хийх хэрэгтэй болов уу.