A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/247/

Тавантолгой цахилгаан станц төслийн түгжээ нь Rio Tinto

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/247/

Монголын эдийн засгийн ойрын болон дунд хугацааны хөгжлийн төлөв байдлыг тодорхойлох мега төслүүдийн томоохон нь өмнийн говьд хэрэгжиж байгаа. Эдгээр төслийн түүчээ нь Оюутолгой, Тавантолгой. Экспортын болон төсвийн орлого бүрдүүлэхэд өмнөд бүсийн үүрэг, оролцоо энэ хэрээр нэмэгдсэн. Тэгвэл өмнөд бүс нутагт эрчим хүчний найдвартай эх үүсвэр өнөөг хүртэл үгүйлэгдэж байна. Цаашдаа ч хүлээгдэж байгаа төслүүд өмнөд бүсэд олон. Төсөл болгон эрчим хүчээр тэжээгдэнэ. Эдийн засгийн ач холбогдлоо дагаад төмөр зам, эрчим хүч, баяжуулах үйлдвэр яах аргагүй уурхайн бүсэд байх ёстой дэд бүтэц. Энэ гурав байснаар олборлох түүхий эдээ бид нэмүү өртөг шингээж, бага зардлаар тээвэрлэх боломжтой. Тэрчлэн дэлхийн зах зээлийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулна гэсэн үг. Цахилгаан станцгүйгээр уул уурхайн ордын өгөөжөө өөдрөг төсөөлөхөд бэрх. Засгийн газар хоёр сарын өмнө “Оюутолгой” компанитай байгуулсан “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-г цуцалж, дөрвөн жилийн хугацаанд эрчим хүчээ дотоодын эх үүсвэрээс худалдан авах шаардлагыг тавьсан. Энэ бол 2009 онд байгуулсан “Оюутолгой” төслийн Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдсан заалт. Үүнийг мөрдөх даалгавар өгснөөр “Оюутолгой” эрчим хүчний эх үүсвэрийн эрэлд одоо л гарч байна. Угтаа “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-ний хүрээнд Тавантолгой цахилгаан станцын төсөлд “Оюутолгой” 2015 он гэхэд баталгаа гаргах байсан. Гэвч “Оюутолгой” төслийг Монголын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй Rio Tinto энэхүү төсөлд баталгаа гаргалгүй сунжирсаар өдийг хүргэсэн билээ. Өнөөдөр уг төслийн “түгжээ”-г эргэн харвал, Монгол Улсын Засгийн газар бус “Оюутолгой” болохоор байгаа юм. Ил уурхай үйл ажиллагаа явуулж, анхны баяжмалаа “Оюутолгой” экспортолсон 2013 оноос хойш БНХАУ-аас жилд 130-140 сая ам.долларын эрчим хүч худалдан авч байна. Гүний уурхайн олборлолт 2021 оноос эхэлнэ. Тэр үед жилд бараг 200 орчим сая ам.долларын эрчим хүч хэрэглэх тооцоо бий. Тавантолгойн цахилгаан станц үүнээс өмнө ашиглалтад орж, эрчим хүчээ өгөх боломж байсан. Харамсалтай нь, Rio Tinto группийн алгуурлал уг төсөл хэрэгжихгүй байхад гол саад тээг боллоо. Харин “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ” эрх зүйн чадамжгүй болсноор Монголын тал “Оюутолгой”-д шахалт үзүүлэх давуу эрхтэй болж, Хөрөнгө оруулалтын гэрээний заалт хэрэгжих нөхцөл бүрдсэн. 2014 онд байгуулсан дээрх гэрээг хүчингүй болгосноор Тавантолгой цахилгаан станцын төсөл хэвээр үргэлжлэх, эсэх нь эргэлзээтэй болж, шинэ хувилбар яригдаж эхэлсэн. Үүнээс хамгийн бодитой нь, Засгийн газар нэг тэрбум ам.долларын өртгөөр өндийх цахилгаан станцыг “Оюутолгой” компанид нэг мөсөн даатгаж, төслийн ТЭЗҮ-д задаргаа орох. Ингэснээр өмнөд бүсийн эрчим хүчний системд голлох үүрэг гүйцэтгэх 450 МВт- ын хүчин чадалтай станцын ашиглалтад орох хугацаа хойшилсон ч хэрэгжинэ гэсэн үг. Тэрчлэн станцын хүчин чадал болон хөрөнгө оруулалтын дүн ч энэ байдлаар өөрчлөгдөж мэдэхээр байна.
Хэрэв “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-гээр манайх замнасан бол Тавантолгойн цахилгаан станц 2022 он гэхэд ашиглалтад орох нь эргэлзээтэй. Учир нь энэхүү гэрээнд хэзээ цахилгаан станцтай болох хугацааг нарийн тодорхой заагаагүй нь Rio Tinto групп хугацаа алдах сул талыг олгосон. Тавантолгой цахилгаан станцын төслийн нэгж Rio Tinto баталгаа гаргачихвал төсөл хөдлөхөд бэлэн байна гэж сүүлийн гурван жилийн турш ярьж байна. Гэвч тус групп дотоодын эрчим хүчний төсөлд баталгаа гаргах бус өмнөд хөршөөс эрчим хүчээ авахаа илүүд үзсээр 2018 онтой золгосон юм.
Одоо нөхцөл өөрчлөгдөж, урьдын тооцоо, судалгааг дахин хийхээс аргагүй болсон тул цахилгаан станц ойрын хугацаанд бүтэх ажил биш болчихоод байна. “Оюутолгой”-н зүгээс дөрвөн жилийн дотор хэрэгжүүлэх боломжтой эрчим хүчний эх үүсвэрийн эрэлд өөрсдөө гарч, уурхай дээрээ цахилгаан станц барих хувилбар судлахаа хэдийнэ мэдэгдсэн. Тус компани өөрийн эзэмшлийн станцтай болсноор Тавантолгойн цахилгаан станц гол хэрэглэгчээ алдана гэсэн үг. Ийм байдал үүсвэл олон жилийн турш үргэлжилсэн эрчим хүчний мега төсөлд цэг тавихад хүрнэ. “Оюутолгой” компани цахилгаан станцын бэлтгэл ажлын хүрээнд шаардлагатай зөвшөөрлүүдийг авах ажлаа эхлүүлж, Эрчим хүчний яаманд хандахаа илэрхийлсэн. Тэдний хэлж буйгаар өөрсдийн уурхайн дэргэд цахилгаан станц байгуулбал энэ нь манай улсын хувьд төдийлэн ашигтай хувилбар биш. Нөгөө талаасаа өөрийн эзэмшлийн цахилгаан станц барих зардал гүний уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд багтаагүй тул хаанаас мөнгө хэрхэн босгохоо эхэлж судална. Энэ нь “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын өртгийг нийтэд нь нэмэгдүүлэх төдийгүй хувь эзэмшигчдийн хүртэх ногдол ашиг хүлээх хугацааг хойшлуулж, өр зээлийг нэмэгдүүлэх сул талтай. Гүний уурхайн хөрөнгө оруулалт 5.3 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа. Тэгвэл цахилгаан станцын өртгийг нэг тэрбумаар тооцсоноор даруй 6.3 тэрбум ам.доллар болж, өсөхөөр байна. Засгийн газрын хувьд “Оюутолгой”- г Хөрөнгө оруулалтын гэрээгээр дамжуулан шахаж буй. Ийм боломжийг “Өмнөд бүсийн Эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-г цуцалснаар олж авсныг дээр дурдсан. Хэрэв цахилгаан станцаа дөрвөн жилийн хугацаанд барьж чадахгүй бол 2009 онд байгуулсан үндсэн гэрээг эргэж харахаа хүртэл салбарын сайд хатуухан мэдэгдсэн удаатай. Засгийн газрын хувьд хугацааны хязгаар тавиагүй гэрээг цуцалсан нь нөгөө талдаа Rio Tinto яаравчлахад хүргэсэн юм. Тавантолгой цахилгаан станцын төсөл ашигтай байх гол баталгаа нь “Оюутолгой”.

• “Оюутолгой” дотоодын эрчим хүчний төсөлд баталгаа гаргах бус өмнөд хөршөөс эрчим хүчээ авахаа илүүд үзсээр 2018 онтой золгосон юм.
• Өмнөд бүс нутагт эрчим хүчний найдвартай эх үүсвэр өнөөг хүртэл үгүйлэгдэж байна.
• “Оюутолгой” компанид дөрвөн жилийн хугацаанд эрчим хүчээ дотоодын эх үүсвэрээс худалдан авах шаардлага тавьсан.


Гэвч “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ” хүчингүй болсноор Тавантолгойн цахилгаан станцад “Оюутолгой” баталгаа гаргах, эсэх нь бүрхэг болсон. Эндээс л Засгийн газар болон “Оюутолгой”-н өгч буй мэдээлэл хоорондоо зөрж эхэлсэн юм. Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т зааснаар “Оюутолгой” компани өөрийн эрчим хүчний нийт хэрэгцээг зөвхөн дотоодын эх үүсвэрээр хангах ёстой. Rio Tinto групп 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээг түшиглэн Тавантолгойн цахилгаан станцын төсөлд баталгаа гаргаж өгвөл Тавантолгойн цахилгаан станц 2022 он гэхэд сүндэрлэх боломж бий. Rio Tinto төсөлд баталгаа гаргасан нөхцөлд Тавантолгой цахилгаан станц хөрөнгө оруулагчдын анхаарал татах магадлал илүү өндөр. Уг станц өмнөд бүсийн уурхай болон үйлдвэр, сууринг эрчим хүчээр хангах стратегийн ач холбогдолтойг нийтлэлийнхээ эхэнд дурдсан. Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ Rio Tinto “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”- гээр үгүйсгэх бус биелүүлбэл Тавантолгой цахилгаан станц бодит ажил болох юм. “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ” болон Хөрөнгө оруулалтын гэрээний заалт хоорондоо зөрчилдөх тохиолдол байсан. Харин одоо Хөрөнгө оруулалтын гэрээгээр бүх зүйл шийдэгдэх учиртай. Тавантолгой цахилгаан станцын төслийн хувьд багагүй ажил урагшилсан. Төслийн хөрөнгө оруулагчаар тодорсон Японы “Марубени” болон дотоодын аж ахуйн нэгж болох “Эм-Си- Эс Энержи” уг төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг 2016 онд үзэглэсэн.

Уг гэрээ тодорхой бус байсан олон зүйлийг цэгцэнд оруулж, томоохон хэлэлцээрийн эхлэл тавьсан юм. Гэвч эдгээр ажил төслийн хамт нурахгүй байх баталгаа нь “Оюутолгой” болж байна. Тавантолгойн цахилгаан станцын “түгжээ” нь болж ирсэн Rio Tinto өнөөдөр нэг тэрбум ам.долларын өртөгтэй төслийг дэмжих нь илүү цаг хугацаа хэмнэхээр харагдаж байгаа. Хэрэв шинэ төсөл эхлүүлнэ гэвэл тоолуур нь гүйж эхэлсэн дөрвөн жил богинохон хугацаа. Үүнд амжлаа ч гэсэн Монголд ашигтай байх, эсэх нь улам эргэлзээ төрүүлж байна. Харин ТЭЗҮ нь бэлэн болсон, хөрөнгө оруулагч нь хэдийнэ тодорсон Тавантолгой цахилгаан станц төслийг өөд татах нь илүү ашигтай хувилбар биш гэж үү.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Органик бүтээгдэхүүнийг ялгах тэмдэглэгээ нэвтрүүлнэ

 0 сэтгэгдэл


"Органик хүнс, хөдөө аж ахуй" үндэсний III чуулганыг ХХААХҮЯ-аас олон улсын байгууллагуудтай хамтарч амжилттай зохион байгуулжээ. 2016 онд анхдугаар чуулганаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн органик хүнсийг Монгол Улсад бүрдүүлэх, энэ чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатайг хөндөж байлаа. Тэгвэл Адра Монгол олон улсын байгууллага, салбарын яамын хамтын ажиллагааны дүнд өнгөрсөн есдүгээр сараас нэг сая еврогийн санхүүжилттэй “Органик хөдөө аж ахуйн түншлэл” төслийг Сэлэнгэ аймагт эхлүүлээд байгаа юм.

Түүнчлэн Хүнсний тухай хуульд заасан органик хүнсийг бүртгэх цахим хуудсыг нээж, холбогдох байгууллагуудыг хөгжүүлэхэд анхаарахыг уриалсан. Ингэж бүртгэснээр “Органик” болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ, мэдэгдлийг бүтээгдэхүүнийхээ шошгод байршуулах боломжтой болох ажээ.

ХХААХҮЯ-аас нийт 12 тэмдгийг “Органик болохыг илэрхийлсэн” гэрчлэх тэмдгээр бүртгүүлэхээр ОӨУБЕГ-т хүргүүлж олон улсын оюуны өмчийн санд шүүлт хийлгэж байна. Мөн НХААГ, Нийслэлийн МХГ-тай хамтран зургаан томоохон сүлжээ дэлгүүрүүдэд "органик" гэсэн хуурамч хаяг шошготой бүтээгдэхүүний талаар тандалт судалгаа явууллаа. 

Чуулганаас боловсон хүчний нөөц дутмаг, баталгаажуулалт, итгэмжлэлийн зохицуулалтууд тодорхойгүй байгаа зэрэг асуудлыг дэвшүүлж, салбарын яам холбогдох байгууллагуудтай хамтран, нэгдсэн журам зохицуулалт хийх шаардлагатайг онцолжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Монгол Улсаас БНАЛАУ руу тусламжаар мянган толгой үржлийн хонь хүргүүллээ

 0 сэтгэгдэл

Өнөөдөр Чингис хаан нисэх онгоцны буудлаас Монгол Улсын Засгийн газраас Лаосын ард түмэнд буцалтгүй тусламж болгон өгч байгаа мянган толгой үржлийн хонийг ОХУ-ын ачааны онгоцоор тээвэрлэн хүргүүлжээ. 

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 8 сарын 15-ны өдөр 254 дүгээр тогтоол гаргаж Лаос улсад хүмүүнлэгийн тусламжаар 1000 толгой үржлийн хонь олгох тухай шийдвэрлэсэн. Үүнийг дагуу ХХААХҮЯ болон бусад холбогдох яамд, төрийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан Лаос улсад хүмүүнлэгийн тусламжаар үржлийн хонь олгох ажлыг  Монгол улсад суугаа Лаосын элчин сайдтай хамтран богино хугацаанд амжилттай зохион байгуулжээ.

Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 60 ортой "Монгол-Лаосын Найрамдал" эмнэлэг, 200 хонь, ямааны үржлийн аж ахуйг 1984 онд буцалтгүй тусламжаар байгуулж өгсөн түүхтэй. Сайн харилцааны үргэлжлэл болсон энэхүү тусламж нь Лаос Улсын мал аж ахуй, ялангуяа хонь, ямааны аж ахуйг хөгжүүлэхэд чухал түлхэц болох юм. 

Цаашид Монгол Улсаас Лаос Улсад хонь, ямааны гүн хөлдөөсөн мах, хивс, малын эм, вакцин, Лаос Улсаас Монгол Улсад цагаан будаа, элсэн чихэр, цай, кофе, модон эдлэл зэрэг бүтээгдэхүүн харилцан нийлүүлэх зэргээр хоёр орны эдийн засаг, худалдааны харилцааг өргөжүүлэхэд холбогдох албаныхан анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эрхүү муж Монголыг Ази руу гарах хаалга гэж үздэг

 0 сэтгэгдэл


ОХУ-ын ХАА, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний “Азийн хаалга” нэртэй үзэсгэлэн манай улсад жил бүр болдог уламжлалтай. Энэ удаад Эрхүү мужийн ХАА-н сайд Илья Сумароков болон дөрвөн бүсийн захирагч, томоохон үйлдвэрлэгчид болон шинжлэх ухаан, мал эмнэлэг, урлаг соёлын төлөөлөл оролцсон. Тус муж манай улстэй хийсэн худалдаа 30 сая ам.долларт хүрээд байгаа бөгөөд экспортынх нь 68 хувь Монголд оногдож байдаг ажээ.

Цаашид Алтанбулагийн эдийн засгийн чөлөөт бүсэд мах боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулах зорилго тавьж, судалгааны ажлаа эхлүүлээд байна. Түүнчлэн үр тариа, буудайн ургацаар Сибирьт тэргүүлдэг тус мужийнхан Монгол руу нийлүүлэх сонирхлоо илэрхийлнэ лээ.

Харин Ангарскийн мах боловсруулах үйлдвэр нь манай улсаас авдаг адуу болон хонины махаа 200 тонн болгон нэмэгдүүлсэн талаар, мөн Осинскийн районыхон арьс шир боловсруулах үйлдвэрлэлдээ түүхий эд авах сонирхолтойг үзэсгэлэнгийн уламжилсан. Тэд манай орныг Ази руу орох хаалга гэж үздэг тухайгаа ярьжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Монгол экспорт” хөтөлбөр байгаа оноосой

Экспортыг дэмжих хөтөлбөрт аялал жуулчлалыг багтаасангүй

 0 сэтгэгдэл



Дэлхийн зах зээл, улс төрийн нөлөөгөөр савладаг уул уурхайн салбарын экспортод эзлэх жинг бууруулах зорилтыг 2012 оноос хойших Засгийн газрууд тавьж ирсэн. 2013 онд баталсан “Экспортыг дэмжих хөтөлбөр”-т уул уурхайн бус экспортыг 30 хувьд хүргэх зорилт тавьсан ч түүндээ хүрч чадаагүй. Өнгөрсөн оны байдлаар нийт экспортын 79.5 хувийг эрдсийн, 20.5 хувийг уул уурхайн бус салбар эзэлжээ. Тэгвэл Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн хүрээнд ГХЯ-наас экспортыг онилсон шинэ хөтөлбөр боловсруулж, үүндээ олон нийтээс санал авч эхэллээ. Өмнөх хэд хэдэн хөтөлбөртэй ижил уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг өргөжүүлэх зорилготой “Монгол экспорт” хөтөлбөр нь 2018-2022 онд хэрэгжих бөгөөд хоёр үе шаттай. Эхний үе шат нь энэ онд эхэлж, 2019 онд дуусна. Энэ хугацаанд хууль эрх зүй, татварын таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнээс гадна үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмж, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх.


Харин 2021-2022 онд уул уурхайн бус салбарын эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмж, экспортын худалдааг хөнгөвчлөх, зах зээлийг тэлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулахаар хөтөлбөрт тусгажээ. Үүний үр дүнд, ноос, ноолуур, арьс шир, хөдөө аж ахуйн бусад түүхий эдийн нийлүүлэлтийн найдвартай сүлжээ бий болгож, боловсруулалтын түвшинг 60 хувьд хүргэнэ. Хөдөө аж ахуй, хүнсний салбарын экспортын орлогыг 2021 он гэхэд 50 хувиар нэмэгдүүлэх аж. Нийт экспортод хөдөө аж ахуйн гаралтай боловсруулах үйлдвэрлэлийн эзлэх хувийн жин ес байгааг 2021 он гэхэд 15-д хүргэхээр зорьжээ. Харин экспортын сагс дахь уул уурхайн бус бүтээгдэхүүний тоо 150 байгааг 225 болгож ахиулахаар тусгасан байна. Үүнээс үзвэл “Монгол экспорт” өмнөх хөтөлбөрүүдийн бодлогыг залгамжилсан гэж дүгнэж болохоор. Ноос, ноолуурын салбарт ихээхэн ач холбогдол өгч, мах, сүү, чацаргана зэрэг барааны үйлдвэрлэлийг нэмснээр экспортын орлогоо нэмэх боломжтой гэж тооцсон байна.

Хөдөө аж ахуй, хүнсний салбарын экспортын орлогыг 50 хувиар нэмэгдүүлнэ

Тэгвэл дөрвөн жил үргэлжлэх уг хөтөлбөр экспортоо тэлж чадахгүй байгаа үйлдвэрлэгчдэд бодит дэмжлэг болж чадах болов уу. Уул уурхайн бус бүтээгдэхүүний 2017 оны экспортын зах зээлийг авч үзье. Монголчууд Япон, БНСУ, АНУ, Канад болон Европын холбооны гишүүн орнуудад 300 сая ам.долларын ноолуур болон ноосон сүлжмэл эдлэл экспортолжээ. Ер нь уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын 20 орчим хувийг ноосон, ноолууран, арьс ширэн болон нэхий бэлэн бүтээгдэхүүн бүрдүүлж, түүхий болон хагас боловсруулсан байдлаар экспортод гаргасаар байгаа. Мөн БНХАУ болон ОХУ руу “Монгол экспорт” хөтөлбөр байгаа оноосой 70 орчим сая ам.долларын мах, махан бүтээгдэхүүн, 24 сая ам.долларын арьс шир, нэхий эдлэл борлуулсан. Энэ нь манай мах, махан бүтээгдэхүүний экспортын нөөцийн 15 хувийг эзэлж буй. Тиймээс дээрх бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг дэмжих нь эхний ээлжийн оновчтой алхам гэдгийг судлаачид хэлдэг. Уг хөтөлбөрт аймгуудад хорио цээрийн тусгаарлагдсан бүс байгуулах, тухайн бүсийн махны үйлдвэр, лабораторийг гадаадын шууд хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээлд хамруулан дэмжихээр тусгасан байна. Үйлдвэрлэгчдийг дэмжихийн тулд экспортод уялдсан худалдаа, үйлдвэрлэлийн сүлжээ бий болгохоор төлөвлөсөн.


• Экспортыг дэмжих хөтөлбөрийг нэг газар зангидаж, хариуцдаггүйгээс хүч тарамддаг тал бий.
• Европын холбоо, АНУ, Канад, ОХУ-ын зах зээлд хэрэглэгчийн эрэлт хэрэгцээний судалгаа хийнэ.
• “Экспортыг дэмжих хөтөлбөр”-т уул уурхайн бус экспортыг 30 хувьд хүргэх зорилт тавьсан ч түүндээ хүрч чадаагүй.

Мөн аль ч төрлийн бүтээгдэхүүн БНХАУ-ын зах зээлээс хараат байдаг тул Европын холбоо, АНУ, Канад, ОХУ-ын зах зээлд хэрэглэгчийн эрэлт хэрэгцээний судалгаа хийх зэрэг шинэ санаанууд багтжээ. Гэхдээ ажлын байр нэмж, экспортыг төрөлжүүлэх том зорилт тавьсан бол онилж буй салбараа зөвхөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр хязгаарлах нь тийм ч оновчтой бус. Тухайлбал, аялал жуулчлалын салбарыг татвар болон бусад хөшүүргээр дэмжих талаар “Монгол экспорт” хөтөлбөрт огт дурдсангүй. Мөн зах зээл нь өргөн, хэрэглэгч олонтой технологийн салбар, инноваци шингэсэн бүтээгдэхүүнийг бодитоор дэмжих асуудлыг орхигдуулжээ. Уг нь Засгийн газрын явуулж буй бодлого, төлөвлөгөөнд дээрх хоёр салбарыг дэмжих талаар байнга дурдагддаг ч “Монгол экспорт” хөтөлбөрийн гадна үлдэв. Хэрэв бодит тооцоо, судалгаатайгаар дэмжвэл аялал жуулчлал уул уурхайн экспорттой тэнцэхүйц ашиг орлого авчирч болохыг эдийн засагчид онцолдог. Манай улс экспортыг дэмжих хөтөлбөрийг нэг газар зангидаж, хариуцдаггүйгээс хүч тарамддаг тал бий. Ийм жишиг ч “Монгол экспорт” хөтөлбөрт харагдаж байна.

Тухайлбал, ноос, ноолуурын салбарыг түлхүү дэмжихээр тусгасан. Харин ХХААХҮЯ-наас “Ноос, ноолуур” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болоод байгаа билээ. Өмнө нь Засгийн газар болон яамдаас ноос, ноолуурын салбарт долоон төсөл хэрэгжүүлсэн ч төдийлэн үр дүнд хүрээгүй. Үүний гол шалтгаан нь байгууллага хоорондын уялдаа холбоо, яам болон албан тушаалтнууд нь хөтөлбөрөө өмчилдөгтэй холбоотой гэдгийг МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш Ч.Нарантуяа судалгаандаа дурдсан байдаг. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу санаачилсан “Монгол экспорт” хөтөлбөрийг улсын төсөв, Хөгжлийн банк, хөнгөлөлттэй зээл, тусламж болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлнэ. Үндэсний хэмжээний цөөнгүй салбарыг хамарсан энэ хөтөлбөрт багагүй хөрөнгө, мөнгө орох нь гарцаагүй. Тиймээс байгаа зөв онож, өмнөх олон хөтөлбөр шиг үр дүнгүй, нэр төдий хөтөлбөр бүү болоосой.