A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4144/

Тайз баяртай гэж хэлэхдээ үргэлж бэлэн байдаг

Тайз баяртай гэж хэлэхдээ үргэлж бэлэн байдаг
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4144/
  • Сонгодог урлагийг ойлгох албагүй. Харин таашаал авах хэрэгтэй. Үзнэ, мэдэрнэ, судална. Эцэст нь ойлгоно
  • Эрэгтэй хүний хувьд 25 жил тасралтгүй бүжиглэнэ гэдэг хүнд. Бэртэл ч ихэсдэг. Дөч гарчихаад бүжиглээд байдаг. Гэтэл хажууд бүжиглэж байгаа 20-той хүүхэд янгир л гэсэн үг. Формондоо орж, бэлтгэлээ арав дахин илүү хийж байж л тэр хүнтэй эн зэргэцэнэ. Хажууд янгир цойлоод байхад хөгшин харагдвал шууд гологдоно
  • Хаа ­газар ­Монголын ­балетчин­ гэхээр ­эгдүүрхэж, ­үл ­ойшооно. Та тайзан­ дээр ­ур ­чадвараа ­үзүүлж,­ авьяасаараа илүүрхэж­ байвал ­гоцлол­ бүжигчин. ­Чадахгүй­ бол,­ баяртай ­гэж­ хэлэхэд­ байнга бэлэн­ байдаг ­учраас ­тайзыг­ харгис­ гэж­ хэлдэг. Энэ шалгуурыг­ давсан­ учраас ­л ­гоцлол ­бүжигчин­ байсан
  • Балетыг найман жил сураад, найман жил туршлага хуримтлуулж байж, дараагийн найман жил төгс хэлбэрт нь оруулж, бүжиглэх бололцоотой болдог

Балетыг залуу насны урлаг гэдэг. Тайзан дээр гоо үзэсгэлэн, залуу насаа үлдээгээд байраа тавьж өгөхөөс өөр аргагүй. Дэлхийн таван орны долоон театрт 25 жил тасралтгүй бүжиглэж, гоцлол гэсэн байр сууриа алдахгүй цахилна гэдэг тийм ч амар бус. Байрныхаа гадаах тоглоомын талбайгаас Киевийн бүжгийн сургууль, Киевээс тив тивийн тайз хүртэл замнасан УДБЭТ-ын уран сайхны удирдагч, МУСТА Б.Түвшинбаттай ярилцлаа.

-Залуу насны тань талаар ярилцлагаа эхэлье. Та сургуулиа төгссөнийхөө дараахан Москвад болсон олон улсын балетын тэмцээний тусгай, токиогийн тэмцээний алтан медаль гээд хэд хэдэн тэмцээнд амжилттай оролцсон. Яагаад АНУ-ыг зорихоор шийдэв?

-Би 1987 онд сургуулиа төгсөж ирээд театртаа гоцлол бүжигчнээр орсон. Ардын жүжигчин Ю.Оюун гуайтай хамт бэлтгэлээ хийж, бүжиглэж байлаа. 1989 онд Москвагийн олон улсын V наадамд оролцоод дэлхийн балетын урлагийн хөгжил ямар түвшинд очсоныг нүдээрээ харж, биеэрээ мэдэрсэн. Тэр үед орон орны театрын багш, удирдах түвшний хүмүүсийн хараанд өртсөн гэж хэлж болно. Өвөл нь Японы Очи балетын эзэн Очи сан эхнэр Кумикогийн хамт ирэхдээ намайг театртаа гоцлол бүжигчнээр урьж, хамтран ажиллах санал тавьсан юм. Гэхдээ “Улсын зардлаар гадаадад сурсан хүүхэд. Өрөө төлөх ёстой” гээд театраас явуулаагүй юм. 1991 онд ардчилал ялсны дараа цаг үе ч хэцүү болж, цалин мөнгө тасалдаж эхэлсэн. Ингээд Очи сантай холбогдож, Япон руу бүжиглэхээр явж байлаа. 

-АНУ-ыг хожим зорьсон байх нь?

-Тухайн үед хаана ч очсон Америк гэж ярина. Н.Р.Макарова, Р.Х.Нуреев, М.Н.Барышников гээд Оросын алдартай гэсэн бүх л бүжигчид Америк руу гарсан байлаа. Лондон явах гэж байгаад би гэнэт шийдвэрээ өөрчилж, АНУ-ыг зорьсон. Тэнд чи хэн ч байсан авьяастай л бол гоцлооч гэсэн зарчим үйлчилдэг нь энэ сонголтод нөлөөлсөн. Европт бол арай өөр.

-Та таван орны долоон театрт гоцлол бүжигчнээр ажиллаж байсан. Анх бүжиглэхээр очиж байхад ямар уур амьсгал угтаж байв. Монголд сонгодог урлаг бий гэхээр гайхаж байсан гэдэг? 

-Тийм ээ. Япон, Унгар, Герман, Америк болон эх оронтойгоо нийлээд таван орны, долоон театрт ажилласан. Хаа газар Монголын балетчин гэхээр эгдүүрхэж, үл ойшооно. Урлаг бол тэр чигээрээ өрсөлдөөн. Та тайзан дээр ур чадвараа үзүүлж, авьяасаараа илүүрхэж байвал гоцлол бүжигчин. Чадахгүй бол, баяртай гэж хэлэхэд байнга бэлэн байдаг учраас тайзыг харгис гэж хэлдэг. ЗХУ задраад уран бүтээлчид нь гадаадын орнуудад олноороо гарсан тул оросууд их өрсөлдөнө. Би тэдэнтэй яг адилхан, мөр зэрэгцэн өрсөлдөж байсан. Яагаад гэвэл би Вагановын системийн нарийн нандин нууцыг найман жилийн турш сурч, Украины ардын жүжигчин, Оросын ардын жүжигчин гээд мундаг хүмүүсээр балет заалгасан. Тэдэнтэй ном хаялцсан ч, тайзан дээр гараад бүжиглэсэн ч давна уу л гэхээс дутахгүй. Давсан учраас ч гоцлол бүжигчин нь байсан. Эхний үедээ гадуурхах маягтай байж байгаад сүүлдээ хүлээн зөвшөөрдөг болсон. Юу ч ярьсан тайзан дээр гараад үзүүлж байхад өөр юм хэлж чадахгүй. Хэрвээ чи үнэхээр муу байвал балетын үзэгчид түүхий өндөг шидэж ч мэднэ.

-Одоо мэдээж тэр үеийнхээс өөрчлөгдсөн байх. Манай уран бүтээлчид сонгодог урлаг өндөр хөгжсөн, эртний түүх тэй орнуудтай эн тэнцүү өрсөлдөж, амжилт үзүүлж байгааг харахад ур чадварын хувьд дутах зүйлгүй санагддаг. Монголын сонгодог урлагийн хөгжил ямар хэмжээнд үнэлэгддэг вэ?

 -Солонгосын сонгодог урлаг гэрлийн хурдаар хөгжиж байна. Дуурийн дуулаачид нь Австри, Италид бэлтгэгдэж байна. Азидаа өрсөлдөх ч хэцүү болж эхэллээ. Астанагийн театр, Улаан-Үүдийн балетын театр гээд театрууд нь улам бүр хөгжиж байна. Бэл бэнчинтэй, хөгжилтэй орнууд яалт ч үгүй илүүрхдэг. Манайхан мөр зэрэгцэх гэж хичээж байна. Гэхдээ улс оронд соёл урлагийн бодлого гэж байх ёстой. Соёлыг зүгээр л нэг хавчуургад авч явна гэдэг үнэхээр явцуу. Ядуу буурай орон соёл урлагийн бодлогоо чанд барьж, түүгээрээ үнэлэгдэж, оршиж байдаг. Дэлхий хавтгай болж байна. Соёл урлаг, ёс заншлаа авч үлдсэн улс үндэстэн л оршин тогтноно.

-Сонгодог урлаг хаана ч нэг л стандарттай. Гэхдээ тухайн улс үндэстний онцлог, театрын хэв шинж гэж бий байх. Энэ талаар ярихгүй юу

-Европод нэг театрт дуурь, балет, найрал хөгжим гээд бүгдийг нь багтааж авч явдаг. Харин АНУ-д нэг дээвэр доор боловч төрөл төрлөөрөө хөтөлбөрөө гаргаж, тусдаа ажилладаг. Япон, Солонгос зэрэг Азийн орнуудад жижиг компаниуд олон. Герман, Унгарын театрууд маш хатуу дэг журамтай, бүх ажилчдаа сонгон шалгаруулж авдаг. Америк оросуудад улс төрийн харилцаанаас болоод дургүй хэрнээ бүжигчдийг нь авахаас татгалздаггүй байсан. Миний мэдэхийн оросгүй балетын компани байдаггүй байсан. Миний ярих дуртай зүйл бол театрын дотоод журам, уран бүтээлчтэй хийсэн гэрээ. Гэрээгээ маш хатуу сахидаг. Үзүүлбэрийн үеэр тайзан дээр нэг аяга аваад тавихдаа л гэрээнд зааснаас өөрөөр хийвэл сануулга авах жишээний.

-Таныг урлагийн хүн болоход ээж тань нөлөөлсөн үү. Яагаад балетчин болохоор шийдсэн бэ? 

-Манай ээж уран нугараач, аав маань их эмч хүн. Намайг балетчин болоход ээжээс илүү эмээ маань нөлөөлсөн. Бага байхаас л театр руу дагуулж явж, балет, дуурь үзүүлж урлагаар хүмүүжүүлсэн гэж хэлж болно. “Балетын чиглэлээр Орос руу сургуульд явуулна. Хүүхдүүд шалгаж авч байна” гэж радиогоор зарласан юм билээ.Тэр үед би балетчин болох тухай төсөөлж ч байгаагүй. Хөлбөмбөг, лапто тоглоод л. Гэртээ иртэл эмээ “Орос явах уу” гэж асуухад нь уухайн тас “тэгье” гэж хариулж байлаа. 

-Киевийн бүжгийн сургуульд хэдэн жил суралцсан бэ. Та тэр үед хэдэн настай байв. Гэрээ санана гэж айгаагүй юу?

-Орос багш ирж, шалгалт аваад таван эрэгтэй, таван эмэгтэй хүүхэд суралцуулахаар болсон. 1979 онд гэхээр би гуравдугаар ангийн хүүхэд байж. Гэрээ санах үе гарна. Гэхдээ хүүхэд гэдэг их сонин, анзаардаггүй юм билээ. Найман жил суралцдаг, хагас цэрэгжилтийн байдалтай хүмүүжиж ирсэн. Социализмын үед сурч байхад үнэхээр сайхан байсан. Бүх зүйл цагийн хуваарьтай, янз бүрийн дугуйлан хичээллэж, хүүхдийг олон талаас нь төлөвшүүлэх гэж анхаардаг байсан. Мэдээж үзэл суртал байсан. Төгсөх курсийн шалгалт дээр “Шинжлэх ухааны коммунизмаар тайзан дээр бүжиглэхгүй шүү дээ” гэж хэлээд сайн дүн авч байлаа. Би ээж, ааваасаа илүү эмээгээ санадаг байсан.

-Эмээ тань их “айхтар” хүн байж ээ?

-Тийм ээ. Эмээ маань айхтар өндөр боловсролтой хүн байгаагүй. Гэхдээ намайг маш зөв хүмүүжүүлж, хүн болгосон. “Хөгшин настай хүнд тусалж бай, Нохой хооллож бай. Өнчин өрөөсөн, өлсөж явдаг амьтан шүү” гэж сургадаг байлаа. 1983 онд эмээ маань өөд болоход аав, ээж хэлэхээс айгаад нуучихсан байсан. Тухайн үед юу ч мэдээгүй хэрнээ би орондоо нэг их уйлж хоносон юм. Хожим бодоход эмээ өөд болсон цаг хугацаатай давхцаж байсан.

-Эмээ тань өндөр боловсролгүй ч таныг сонгодог урлагт дурлуулж, маш зөв хүмүүжүүлсэн байна. Урлагийг ойлгоно гэдэг зөвхөн боловсролоор хэмжигддэг зүйл биш юм шиг ээ? 

-Сонгодог урлаг маш олон жилийн түүхийг туулж, оршиж байна. Тэр байтугай Пикассог ч тухайн цаг үед нь ойлгодоггүй байсан. Би сонгодог урлагийг ойлгох албагүй гэж боддог. Харин таашаал авах хэрэгтэй. Эхлээд шүү. Дуурийн театраас үзэгч бэлтгэх бодлого баримталж байна. Өнгөрсөн жилээс эхлээд хүүхэд, залуучуудад зориулсан балет, дуурь тавих болсон. Хүүхдүүд анх үзэхдээ тоох ч үгүй. Хоёр дахь удаагаа ороод сониучирхана. Сүүлдээ үзэж эхэлнэ. Нас биед хүрээд судалдаг болно. Ингэж байж урлагийг ойлгоно. Энэ нийгэмд сонгодог урлаг байх ёстой. Ширээн дээр талх, цай байдагтай л ижил. 

-Сонгодог урлагийг бүх хүн мэдэх албагүй. Зарим хүн “Сонгодог, сонгодог л гэх юм” ч гэдэг. Тэгвэл чухам юундаа тийм их үнэ цэнэ, хээнцэрлэл оршдог юм бэ?

-Урлагийг үнэ цэнээр хэмжээлшгүй. Пикассогийн уран зургууд 80 сая ам.доллараас эхлээд хэдэн зуун сая ам.доллар хүрч байна. Тухайн хүний урлагаас авч буй мэдрэмж, ухаарал л үнэ цэнийг нь илэрхийлнэ. Тэр хүнд сая ам.доллар байна уу, арван ам.доллар байна уу падлий ч байхгүй. Манай нийгэмд юм бүхнийг мөнгөөр үнэлэх гэдэг болж. Үнэтэй бүхэн чанартай биш. Шуудхан хэлэхэд ямар ч балет, дуурийг маркетинг ашиглаж үнэд хүргэж болно. Тоглолтын чанар нь “уучлаарай” гэж хэлэхээр байхад сурталчилсаар байгаад өндрөөр үнэлэх жишээний. Нийгмийн соёл, боловсрол, ухамсраас шалтгаалж иймэрхүү аргууд хэрэглэж байна. 

-Манай орон Оросоос олон зүйл авсан, олон ч зүйл хийлгэсэн. Цирк, сонгодог урлагийн школ яах аргагүй  Оросоос эхтэй. Уран бүтээлчид маань ч дэлхийд үнэлэгдэж байгаа нь үүнтэй холбоотой байх?

-Намайг суралцаж байх үед Оросын боловсролын систем төгс гэхэд арай дүйцэхгүй ч төгс рүү нэлээн дөхөж, зөв шугам руу явж байсан. Одоо баруунд ч хүлээн зөвшөөрөх болж. Би найман жил Вагановын системээр мэргэжлийн боловсрол 
эзэмшсэн. Дэлхийд балетын таван урсгал бий. Өнөөдөр хаана ч энэ системээр л зааж байна. Вагановын систем зөвхөн балет биш жүжиглэлт, түүх, хөгжим гээд бүх зүйлийг цогцоор нь заадаг. Бид нот цээжилж, төгөлдөр хуурын шалгалт өгдөг байлаа. Манайд энэ системийг ашиглаж байгаа болов уу гэсэн горьдлого надад байдаг. Дийлэнх багш нар нь миний үеийн, хамт Киевт сурч байсан нөхөд маань. Тиймээс дээд боловсролыг заавал шаардах хэрэгтэй. “Олон жил бүжиглэсэн юм, туршлагатай юм” гэж хэн дуртай нь багшлаад байвал суралцах хэрэггүй биз. Энд заавал дурдах ёстой хүн бол Анастасия Иванавно Филатова Цэдэнбал. Тэр хүн Монголын соёл урлагийн хөгжилд үсрэнгүй дэвшил авчирсан. Хүүхдийн театр, цирк, “Найрамдал” зуслан гээд олон ч бүтээн байгуулалт хийсэн. Тухайн үед ч улсаас соёл урлагийг бодлогоор маш сайн дэмждэг байж. Өнөөдрийн Г.Ариунбаатар, Э.Амартүвшин нарын багш ч социализмын үед Оросын боловсролыг авсан, тэндээс суралцсан. Тэр эрдмээ тайзан дээр гарч, мах цусаараа мэдэрсэн туршлагатайгаа хослуулж, шавь нартаа заасан нь дэлхийд үнэлэгдэж байна. Бид яах аргагүй школыг нь өвлөж авсан. Өнөөдөр манайд хаана ч гологдохооргүй авьяастай хүүхдүүд бэлтгэгдэж байна. Гэхдээ олон улсад дан ганц авьяасаар үнэлэгдэж чадахгүй. Театрт хэдэн жил нухлуулж, дэлхийн жишиг болсон дуурь, балетыг амилуулан, туршлага хуримтлуулж байж зах зээлд гарвал амжилтад хүрнэ. Дөнгөж сургуулиа төгсөөд гадаадад очвол чамайг хэн ч ажилд авахгүй. “Авьяастай байна. Ийм хүүхдүүд өчнөөн бий” гэж хариулна.

-Та 25 жил бүжиглэж байна. Балетыг залуу насны урлаг гэдэг. Энэ олон жил формоо алдахгүй барьж, урлагаасаа хөндийрөхгүй байна гэдэг тийм ч амар биш байх? 

-Хөдөлмөрийн хуулиар 20 жил бүжиглээд тэтгэвэртээ гардаг. Гэхдээ энэ бол Орос, Монголын жишиг Америкт чадаж байгаа л бол бүжиглэнэ гэсэн зарчимтай. Таныг тайзан дээр гарч ирэхэд алга ташихаа больж, тасалбар чинь зарагдахгүй
байвал баяртай гэж хэлдэг. Эрэгтэй хүний хувьд 25 жил тасралтгүй бүжиглэнэ гэдэг хүнд. Бэрхшээл нь хамтран бүжиглэгчээ өргөхөд нуруу өвдөхөөс эхэлж байгаа юм. Бэртэл ч ихэсдэг. Дөч гарчихаад бүжиглээд байдаг. Гэтэл хажууд бүжиглэж байгаа 20-той хүүхэд янгир л гэсэн үг. Формондоо орж, бэлтгэлээ арав дахин илүү хийж байж л тэр хүнтэй эн зэрэгцэнэ. Хажууд янгир цойлоод байхад хөгшин харагдвал шууд гологдоно. Балет гэдэг гоо зүй, үзэмжийн урлаг. Үнэхээр харгис. Сүүлийн таван жил бэлтгэлээ хэд дахин илүү хийж байж, формоо барьдаг байсан.

-Урлагийг хатуу харгис л гэдэг. Гэтэл гадна өнгөн дээрээ урлаг шиг уянгалаг зүйл байхгүй биз дээ? 

-Урлагт диктатур хэрэгтэй гэж ярихаар сүүлийн үед “Цаг үе өөр болсон” гэж хэлэх болж. Сонгодог урлаг цаг үеэс хамаардаг зүйл биш. Өөрийн гэсэн хэв жаяг, хөгжлийн голдрилтой зүйл. Үүнийг л бид ард түмэндээ хүргэж, соён гэгээрүүлж, хүмүүжүүлж үзэгчид түүнээс хүссэн, төсөөлсөн мэдрэмжээ авах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр урлаг гарын авлага биш. Сонгодог урлагийг номыг нь уншиж, жүжгийг нь үзэж, хөгжмийг нь сонсож, мэдэрч байж ойлгоно, таашаал авна. Ийм өндөр хэмжээний урлагийг үзэгчдэд хүргэхийн тулд бид өндөр боловсролтой, соёлтой, ёс суртахуунтай, урлагийн төлөө гэсэн чин сэтгэл зүрхтэй байх ёстой. 

-Балетын жүжигчдийг бид тайзан дээр гоё сайхан байхад нь л хардаг. Бидний мэдэхгүй тэр амьдралын тухай ярьж өгөөч. Харж чадахгүй байгаа харгислалын тухай ч юм уу?

-Балет өөрөө маш том дэглэм учраас л харгис гэж хэлдэг. Чи дэглэмээ барьж чадахгүй бол, өдөр тутам дасгал сургуулилт хийхгүй бол хэзээ ч балетчин болж чадахгүй. Энэ урлагт хамгийн том дайсан бол бэртэл. Гоо сайхан хөдөлгөөн хийж чадахгүй бол хагархай толь шиг л харагдана. Балетыг найман жил сураад, найман жил туршлага хуримтлуулж байж, дараагийн найман жил төгс хэлбэрт нь оруулж, бүжиглэх бололцоотой болдог. Дахиад найман жил тэр хэмжээний өндөр шалгуурыг давж, чанд сахиж байж тайзнаасаа буухгүй байх боломжтой.

-Илүү энгийнээр асууя. Балетчин хүний хөл хамгийн чухал. Цус нь шүүрч, хумсаа хугартал бэлтгэл хийж байж, тайз руу гардаг. Энэ өвдөлтийг бүх бүжигчид даван туулдаг уу?

-Үнэн, үнэн. Ялангуяа эмэгтэй бүжигчдийн хувьд маш хүнд. Тэр хатуу каскиг өмсөөд хуруун дээрээ зогсоно. Эхлээд цаг гаруй дасгалаа хийнэ. Дараа нь хоёр цагийн турш бэлтгэл хийдэг. Үргэлжлүүлээд тоглох гэж буй бүжгэн жүжгээ бэлдэнэ. Бид шинэ гутал өмсөөд хөл холгоход яадаг билээ. Хоёр цаг тайзан дээр бүжиглэхэд уурхайчны найман цагийн хөдөлмөртэй тэнцэнэ гэж ярьдаг. Хуруун дээрээ бүжиглэдэг учраас хумс нь хугарна, унана, арьс нь зулгарна, холгоно. Уйлж байгаад л бүжиглэдэг. Хамгийн аймшигтай нь тэглээ гээд гомдоллох эрхгүй. Хэрвээ хөл маань бэртчихлээ гэвэл “Баяртай, дараагийнх нь” гэж дуудна. Тийм л өрсөлдөөнтэй. Тэр байраа алдахгүйн тулд цус нь гарч байсан ч инээгээд л зогсож байна. Энэ зовлонг давж байж, уран бүтээлээ үзүүлж, үзэгчдээс алга ташилт авдаг. Тэр нь хамгийн том аз жаргал. Дөрөв, таван сартай жирэмсэн хэрнээ үзэгчдэд мэдэгдэхгүй, нууцаар бүжиглээд явж байсан тохиолдол ч бий. Балетыг мах цус, булчин шөрмөсөөрөө мэдэрч байж л сурна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Минионууд” таван жилийн дараа дахин дэлгэцнээ

 0 сэтгэгдэл

“Минионууд: Грюгийн Сэргэн Мандалт” кино ирэх долдугаар сарын 3-нд нээлтээ хийх аж. Энэхүү кинонд 1970-аад оны үйл явдал гарах ба балчир Грю, минионуудын адал явдлын тухай өгүүлэх юм. Хамгийн шилдэг хорт этгээд шалгаруулах тэмцээнд орохын тулд бяцхан Грю ба шадар гурван минион явж буй тухай харуулдаг бөгөөд тэдний ур дүйгүй байдал үнэхээр хөгжилтэй хийгээд инээдэмтэй. Тус киног “Иллюминейшн Энтертайнмент”-ийг үүсгэн байгуулагч хийгээд гүйцэтгэх захирал Кристофер Меледанри, түүний олон жилийн хамтрагч Жанет Хили, мөн Крис Рено нар хамтран бүтээжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Уран зургийн нууцаас

 0 сэтгэгдэл


Уншигч таны оюун боловсролд хөрөнгө оруулах зорилгоор дэлхийн шилдэг уран зургуудын тухай мэдээлэл бэлтгэлээ. Эдгээр зургийг өдгөө суут бүтээл хэмээн нэрийдэж, үнэ цэн нь хэдэн зуун сая ам.доллараар хэмжигдэж байна. Гэвч урлагийн үнэ цэн мөнгөн өртөгт бус гагцхүү өгч буй таашаал, мэдрэмждээ оршдог билээ.

“Сальвадор Мунди” Леонардо Да Винчи

Сэргэн мандлын үеийн зохион бүтээгч, агуу сэтгэгч, зураач Леонардо Да Винчигийн бүтээл “Сальвадор Мунди” буюу “Ертөнцийг аврагч” хэмээх бүтээл дэлхийн хамгийн өндөр үнэтэй уран зурагт тооцогддог. Тус зургийг 2017 онд 450.3 сая ам.доллараар Cаудын Арабын анхны хунтайж Бадр бин Абдулла худалдан авч байв. Да Винчигийн бурхны зургууд өөртөө хүний шинж чанарыг агуулсан гэдгээрээ бусад зураачийн бүтээлээс ямагт ялгардаг. Жишээлбэл, энэхүү зурагт Христ баруун гараараа загалмайг дүрсэлсэн байгаа нь бүгдийн эзэн хаан гэсэн утгатай бөгөөд үхлийнхээ дараа амилсан төрхийг нь амгалан тайван, хүчирхэг дүрээр илэрхийлсэн байна.

“Хоёр хөшигний дунд” Фрида Кола

Фрида Калогийн бүтээлүүд түүний амьдралын тусгал болж байдгаараа онцлогтой. Тэрбээр энэхүү зургийг 1937 онд Лев Троцкийд зориулан бүтээжээ. 1938 онд Нью-Йоркод зохион байгуулагдсан Фридагийн бие даасан үзэсгэлэнд уг зургийг дэлгэхдээ “Хоёр хөшигний дунд” гэх нэртэйгээр үзүүлсэн аж. Октябрийн хувьсгалын толгойлогчдын нэг, социалист удирдагч Лев Троцкий 1936 онд Зөвлөлт холбоот улсаас цөлөгдөж, Фридагийн нөхөр Диого Риверагийнд амьдарч байсан ба энэ хугацаанд Фридатай янаг амрагийн харилцаа үүсгэсэн байна. Зураг дээр Фридагийн баруун гартаа барьж буй захианд “Өөрийн бүхий л зүрх сэтгэлийн хамт уг зургийг 1937 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр Лев Троцкийд зориулав” гэж бичжээ.

“Хашгираан” Эдвард Мунк

Норвегийн нэрт зураач Эдвард Мунк энэхүү алдарт бүтээлээ 1893 онд зуржээ. Зураач уг бүтээлд Осло хотод нар жаргаж буй агшныг харж буй өөрийн дурсамжаа мөнхөлсөн нь энэ аж. “Хашгираан” бүтээл дөрвөн хувилбартай бөгөөд тэрбээр энэ зургийг сэтгэлийн зовлон шаналлаа бүрэн илэрхийлэхийн тулд олон дахин зурсан гэх таамаг бий. Тухайлбал, зурагт цусан улаан тэнгэр дүрсэлсэн нь түүний сэтгэлийн түгшүүрийг илэрхийлдэг. Өдгөө энэхүү бүтээлийг Норвегийн нийслэл Осло хотын Үндэсний уран зургийн музейд хадгалж байна.

“Сувдан ээмэгтэй бүсгүй” Йоханнеса Вермер 

Дэлхийн шилдэг арван уран зургийн нэг болох тус бүтээлийг 1665 онд Голландын зураач Йоханнеса Вермер зуржээ. “Сувдан ээмэгтэй бүсгүй”-г “Голландын Мона Лиза” гэж нэрлэх нь ч бий. Тухайн үед бүсгүйчүүд толгойдоо алчуур зүүдэггүй байсан бөгөөд үүнийг зураачийн нууц тэмдэглэгээ гэж үздэг аж. Йоханнес Вермер бүсгүйг яагаад хөмсөггүй зурсан, энэ бүсгүй хэн болох гээд зурагтай холбоотой олон нууц бий. Бүсгүйг зураачийн хайртай эмэгтэй гэх таамаглал ч байдаг.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Хийморь” уран сайхны киноны нэрэмжит цом бэлэн болжээ

 0 сэтгэгдэл

Монголын кино урлагийн салбарт түүх бүтээж яваа “Хийморь” уран сайхны кино хазаар таталгүй “давхиж”, олон улсын кино наадам, соёлын өдөрлөгүүдэд тасралтгүй оролцож буй билээ. ХБНГУ-ын Олденбургийн наадмын Spirit of cinema буюу хийморьлог кино шагналыг ирэх жилээс тус киноны нэрэмжит болгохоор болсон талаар найруулагч, жүжигчин Г.Эрдэнэ билэг манай сонинд өгсөн ярилцлагадаа дурдаж байв. Тэгвэл энэхүү нэр хүндтэй шагналын эздэд олгох цом бэлэн болсон бөгөөд зохион байгуулагчид цомын загварыг албан ёсоор баталж, олон нийтэд зарлалаа. Энэхүү номинацийг олон улсын наадмын шүүгчид тус кинонд зориулан шинээр нэмсэн бөгөөд манай уран бүтээлчид энэ шагналыг “Хийморь” киноны нэрэмжит болгох хүсэлт тавьж, загварыг нь гаргахаар болсон юм. Шүүгчид тус киног үзээд “энэ кинонд заавал шагнал өгөх ёстой” гэж үзсэн аж. Монгол морины дүрстэй, хийморьлог, сүнслэг байдлыг бэлгэдсэн тус цом энэ оноос эхлэн Олденбургийн кино наадмын Spirit of cinema буюу хийморьлог кино номинацийн ялагчид очих болно.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Стив Морел: Миний хайртай бүхэн Монголд байдаг учир монгол бүсгүйтэй гэр бүл болохыг хүсдэг

 0 сэтгэгдэл
  • Харахыг, мэдрэхийг хүссэн бүхэн минь Монголын хөдөө байсан юм. Нэг улсад хоёр ертөнц оршиж байгаа юм шиг гайхамшигтай шүү
  • Үнэнийг хэлэхэд заримдаа шантрах үе гардаг л юм. Энэ бүхнийг дуусгаж, эх орондоо очмоор санагдах ч үе бий. Гэхдээ морин хуураа харахаар энэ бодол маань замхардаг. Хуур надад үг хэлдэггүй ч өөртөө итгэх итгэл, урам зориг, хайр өгдөг
  • Би энд ирээд их өөрчлөгдсөн. Миний дотор орших Стив Монголд ирээд шинээр мэндэлсэн гэж хэлж болно. Монгол ёс заншил, язгуур соёлыг судалж эхэлснээр ухамсрын маань түвшин дээшилсэн
  • Би хэдийгээр сайн талаараа өөрчлөгдөж, өсөн дэвжсэн ч муу тал бас байна. Тухайлбал, би хүнд итгэдэггүй, өмнөхөөсөө илүү хашир болсон. Учир нь зарим монгол хүн маш хариуцлагагүй, хэлсэндээ хүрдэггүй. Энэ нь ажил хийхэд хүндрэл учруулдаг
  • Би энэ нутгийг их хүндэлдэг. Хүүхэдтэй болохоороо хамгийн түрүүнд монгол бичиг заана гэж мөрөөддөг

"Хуурын аялгуу дэлхийд энх тайван тогтоох шидтэй” хэмээдэг нэгэн эрхэмтэй уулзаж ярицлаа. Түүнийг “Тэнгэрээс буусан од” киноны Стивийн дүрээр монголчууд хэдийн мэддэг болсон. Монголын уугуул соёл уламжлал, зан заншлыг судалж буй түүнтэй ярилцсан цөөн хоромд “харийн хүн бидний өв, уламжлалыг хүндэтгэн хайрлаж байхад бид ямар байдаг билээ” гэх бодол эрхгүй төрсөн юм. Францын иргэн хэдий ч Монголын төлөө сэтгэлтэй Стив Морелын ярилцлагыг хүргэе. 

-Бидний саналыг хүлээн авсанд баярлалаа. Таны Монголд ирэх болсон шалтгаан, морин хууртай хэрхэн холбогдсон талаар хүмүүс дахин ярихааргүй мэддэг болсон. Тиймээс манай улсад анх ирэхэд төрсөн сэтгэгдлээс яриагаа эхэлье? 

-Сайн байна уу, сайхан өвөлжиж байна уу. Анх морин хуурын аялгуу сонсоод л Монгол Улсын тухай судалж эхэлсэн. Интернэтээс бичлэг үзэж, Францад амьдардаг монголчуудтай уулзаж, ярилцдаг байлаа. Гэхдээ цэнхэр тэнгэр, цэлгэр талтай, уулс сүндэрлэж, ус мөрөн урссан нутаг намайг хүлээж байна гэж төсөөлсөөр анх нийслэлд хөл тавьсан. Мөн үсээ сүлжиж, дээлээр гоёсон эмэгтэй, морь унаж, уурга сугалдаргалсан эрчүүд байдаг болов уу гэж төсөөлдөг байв. Гэтэл онгоцноос буухад төсөөллөөс минь тэс өөр ертөнц намайг угтсан даа. Бүр “Онгоц маань буруу газар буучихсан юм болов уу” гэж гайхаж байлаа. Зургаан жилийн өмнө нийслэлийн өнгө төрх одоогийнхоос тэс өөр байсан. Онгоцны буудлын эргэн тойронд хог, хягдал ихтэй, зарим газар автомашины замгүй, архитектурын өвөрмөц шийдэл бүхий барилга, байгууламж ч цөөн байсан. Надад яг л засвар хийж байгаа улс юм шиг санагдаж, нэг үгээр би цочролд орсон. Хэл мэдэхгүй, таньдаг хүнгүй, танихгүй газар ганцаараа иртэл бүх зүйл төсөөлснөөс огт өөр болохоор хэцүү санагдаж байлаа. Тэгээд удалгүй нутаг буцах тухай ч бодож эхэлсэн. Яг энэ үед Ховд аймаг явсан юм. Тэнд очоод хайсан бүхнээ олсон. Харахыг, мэдрэхийг хүссэн бүхэн минь Монголын хөдөө байсан юм билээ. Нэг улсад хоёр ертөнц оршиж байгаа юм шиг гайхамшигтай шүү. 

-Зургаан жилийн хугацаанд Улаанбаатар их өөрчлөгдсөн гэж ярилаа. Тэгвэл анх Монголд ирсэн Стив Морел энэ хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн бэ? 

-Би Монголд ирснээсээ хойш нэг л удаа нутагтаа очсон. Намайг очиход гэрийнхэн, найз нөхөд маань “Стив чи танихгүй хүн шиг өөрчлөгдчихөж” гэж байсан. Үнэхээр би энд ирээд их өөрчлөгдсөн. Миний дотор орших Стив Монголд ирээд шинээр мэндэлсэн гэж хэлж болно. Монгол ёс заншил, язгуур соёлыг судалж эхэлснээр ухамсрын маань түвшин дээшилсэн. Би хэдийгээр сайн талаараа өөрчлөгдөж, өсөн дэвжсэн ч муу тал бас байна. Тухайлбал, би хүнд итгэдэггүй, өмнөхөөсөө илүү хашир болсон. Учир нь зарим монгол хүн маш хариуцлагагүй, хэлсэндээ хүрдэггүй. Энэ нь ажил хийхэд хүндрэл учруулдаг. Хэдий соёлын ялгаа, улс үндэстний онцлог байж болох ч хотын соёлтой, эрх чөлөөт нийгэмд хариуцлагагүй байх зохимжгүй. Улс орны хөгжилд ч дөнгө болно гэж боддог. 

-“Тэнгэрээс буусан од” кинонд тоглосноос хойш монголчууд таныг илүү мэддэг болсон. Тус уран бүтээлд монгол бүсгүйд хайртай болдог гадаад залуугийн дүр бүтээсэн шүү дээ. Тэгвэл бодит амьдрал дээр та монгол бүсгүйтэй гэр бүл болохыг хүсдэг үү. Эсвэл эхнэрээ эх орноосоо сонгох бодолтой байна уу? 

-Миний хайртай бүхэн Монголд бий учир монгол бүсгүйтэй гэр бүл болохыг маш их хүсдэг. Гэхдээ би хэчнээн хүссэн ч дүр төрх, цус минь монгол биш учир монгол хүнтэй гэрлэж болох эсэхэд эргэлздэг. Шинэ амьдрал, итгэл, урам зориг хайрласан энэ нутгаас бүсгүйг нь ч мөн авах нь шунасан хэрэг болох болов уу гэж боддог. Эсрэг, тэсрэг энэ бодол намайг хүлсээр, би өнөөдрийг хүртэл ганц бие явна. Хурим найраа хийж байгаа найзуудаа хараад дээл өмсөж, морь унаад хурим хийх юмсан гэж их боддог. Мөн хүүхдүүдээ монгол уламжлал, уугуул соёлтой ойр өсгөхийг хүсдэг. 

-Монгол бүсгүйтэй гэр бүл болохыг хүсдэг ч эх орноос нь эмээдэг гэж ойлголоо. Манай нутгийг их хүндэтгэдэг бололтой. Мөн хүүхдүүдээ язгуур соёлтой ойр өсгөхийг хүсдэг нь сайхан санагдаж байна? 

-Тийм ээ, би энэ нутгийг их хүндэлдэг. Хүүхэдтэй болохоороо хамгийн түрүүнд монгол бичиг заана гэж мөрөөддөг. Миний хүүхдүүд хэзээ ч крил бичиг сурчихаад, хүмүүн бичиг галиглахгүй. Учир нь босоо бичиг сүнстэй. Энэ бичгийн нуруу нь Монголын өв соёлыг чиглүүлэгч гэж би боддог. Тиймээс язгуур өв соёлтой ойр байхын тулд зайлшгүй монгол бичиг сурах хэрэгтэй. Хэрэв би өөр улсын эхнэртэй болчихвол энэ хүсэл минь талаар болно. Магадгүй над шиг Монголд үнэн сэтгэлээсээ хайртай, өв соёл, ёс уламжлалыг нь зүрх сэтгэлээрээ мэдэрч, судалдаг гадаадын иргэн таарвал гэр бүл болж болох байх (инээв). Гэхдээ одоогоор Монголыг над шиг мэдэрдэг гадаад хүнтэй таараагүй л байна.

-Та хувь тавиланд итгэдэг үү? 

-Би хувь тавиланд итгэдэг. Надад сонголт байгаагүй юм шиг, би яг энд байж, ингэж амьдрах ёстой юм шиг санагддаг. Үнэнийг хэлэхэд заримдаа шантрах үе гардаг л юм. Энэ бүхнийг дуусгаж, эх орондоо очмоор санагдах үеч бий. Гэхдээ морин хуураа харахад л энэ бодол маань замхардаг. Хуур надад үг хэлдэггүй ч өөртөө итгэх итгэл, урам зориг, хайр өгдөг. Нэг үгээр, хуур миний дэлхий ертөнц, агаар ус. Хоёрхон чавхдаст нь хорвоогийн алаг өнгө бүхэлдээ багтдаг энэ хөгжимд дэлхийн хаана ч байхгүй шид бүхэн шингэсэн байдаг юм. Юун лам, гандан, шашин шүтлэг, хэрэг байхгүй. Ид шидтэй морин хуурыг сүнсээрээ мэдэрч байхад ямар ч асуудал тулгарахгүй гэж боддог. Би морин хуур эгшиглүүлж, Монголд ирэхийн тулд ээж, аавтайгаа харилцаагаа таслахад хүрч байсан удаатай. Яг үнэнийг хэлэхэд хуур миний хувьд ээж, аав, элгэн нутаг гээд үнэ цэнтэй бүхнээс минь илүү чухал. Учир нь энэ гайхалтай соёл хэдэн мянганы түүхтэй, алдаж боломгүй гайхамшиг. Хуурын аялгуу дэлхийг аварч, хаана ч энх тайван тогтоох чадалтай хөгжим гэж би боддог. Үүгээр ч зогсохгүй нар, бороо дуудаж, тэмээ, мал уярааж, уйлуулах чадалтай шүү дээ. Гэхдээ уртын дуу, морин хуурыг онолтой хэт хослуулах нь зохимжгүй байж магадгүй. Учир нь сүнстэй хөгжим болохоор зөвхөн онолоор тоглож, дуулж болохгүй юм шиг санагддаг. Мэдрэх хэрэгтэй. 

-Аав, ээжийнхээ тухай өгүүлж болох уу? 

-Өмнө нь би ээж, аавынхаа тухай нэг их ярьж байгаагүй л дээ. Учир нь монгол хүний хувьд гэр бүл хамгийн чухал. Тэд ээжийгээ бурхантай, аавыгаа уул, устай зүйрлэн шүтдэг. Харин миний хувьд байдал эсрэгээрээ. Тиймээс энэ тухай ярих амаргүй байдаг юм. Үнэнийг хэлэхэд морин хууртай учрах хүртэл миний амьдралын хамгийн том асуудал аав, ээж минь байсан. Танд муухай сонсогдож магадгүй. Гэхдээ 27 жилийн турш тэд надтай их муухай харьцаж “Стив чи юу ч чаддаггүй амьтан, чи онцгой биш” гэдэг байлаа. Харин монгол соёл, морин хуур надад хэзээ ч ингэж хандаагүй. Надад цус, амьдрах итгэл өгч, “би хог биш хүн” гэх бодол, итгэл төрүүлсэн. Тиймээс би морин хуурыг сонгосон юм. Мэдээж энэ сонголтыг гэр бүлийнхэн минь эсэргүүцсэн л дээ. Би тэдэнд намайг байгаагаар минь хүлээж авахгүй бол цаашдаа харьцах хэрэггүй гэдгийг хэлсэн. Танд болон монгол хүмүүст энэ бүхэн зүй бус санагдана. Гэхдээ би гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, аав ээжийн халуун хайрыг мэдэрч өсөөгүй. Монголд ирээд л гэр бүл гэж юу болохыг ойлгосон. Ямар гайхалтай санагдсан гэж санана. 

-Та Монголын өв соёл, урлаг, зан заншлыг мэдэрч, судалж байна. Мөн олон мянган жилийн түүхтэй соёл уламжлалыг маань түгээн дэлгэрүүлэхийн тулд хичээж байгаа шүү дээ. Гэтэл монгол залуус үүнд их хойрго ханддаг. Морин хуур тоглож, монгол бичиг судалдаг хүн цөөн. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ? 

-Зарим соёл хөгжиж, зарим нь үхдэг. Энэ магадгүй дэлхийн хууль байх. Монгол өв соёлд би үнэхээр хайртай, энэ миний амьдрал учир аль болох удаан оршиж, олон хүнд итгэл хайрлаасай гэж хүсдэг. Гэхдээ хатуу хэлэхэд, магадгүй мөхөх тавилантай бол мөхөх л байх. Үүний тулд хэн нэгнийг өөрчлөх шаардлагагүй. Тиймээс залуус өөрсдийн хүслээр л амьдрах хэрэгтэй. Миний бодлоор монгол залуучууд Европт очиж үзэх хэрэгтэй байх. Магадгүй тэнд амьдарч үзээд монгол өв соёлоо илүү ойлгож, хайрлах болов уу. Монголчууд соёлоо мэдэрдэггүй, автомат байдлаар ханддаг юм шиг анзаарагдсан. Зарим нь өв соёлоо шүтдэг ч яагаад гэдгээ мэддэггүй юм шиг санагддаг. Амьгүй хоосон шүтлэг үнэ цэнгүй. Сүнсийг нь мэдрэхийн тулд өөр улсад очиж, өөр соёлтой танилцах ёстой болов уу. Гэхдээ бусдын бодол, хандлагыг өөрчлөхөөс илүү чухал зүйл бол соёлын өвийг хадгалах юм. 

-Та “Уугуул төв” сургалтын төвөөр дамжуулан монгол, гадаад хүмүүст морин хуур заадаг юм билээ. Энэ төвийг байгуулаад хэр удаж байна. Хэчнээн хүнд хуурын аялгуу заасан бэ? 

-Үнэнийг хэлэхэд би сургасан, заасан гэдэг үгэнд дургүй. Би бусдад зааж байна гэхээс илүү мэдээлэл хуваалцаж байна гэж боддог. “Уугуул төв”-ийг өнгөрсөн жил нээсэн. Одоогоор 100 орчим шавьтай болсон. Манай сургалтын төв зарчимд баригддаггүй. Хэдий хотод байгаа ч хөдөөгийн хэв маягтай хичээллэдэг. Зарим нь өдрийн турш амарч, хичээллэдэг бол зарим нь 1-2 цаг давтаад явдаг. 

Ярилцсанд баярлалаа