A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/198/

Тариалалтад 60 мянган тонн буудайн үр шаардлагатай

Тариалалтад шаардлагатай техник хэрэгслийн засвар 80 хувьтай байна

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/198/


Хаврын дунд сар талдаа орж байна. Энэ улиралд хөдөө аж ахуйн, тэр дундаа газар тариалангийн салбарынхны гол ажил эхэлдэг. Улсын хэмжээнд хаврын тариалалтын бэлтгэл ажил ид өрнөж байна. Энэ жил хагас сая гаруй га талбайд тариалалт хийхээр төлөвлөөд байна. Үүнээс 408.9 мянган га талбайд үр тариа, 390.4 мянган га-д улаан буудай, 15.5 мянган га-д төмс, 8.4 мянган га-д хүнсний ногоо, 32 мянган га-д тэжээлийн таримал, 41.9 мянган га-д тосны ургамал, 6.5 мянган га-д жимс жимсгэнэ тариалах аж. Харин ургац хураалтын хувьд 538.4 тонн үр тариа, 518.7 мянган тонн улаан буудай, 171.2 мянган тонн төмс, 101.9 мянган тонн хүнсний ногоо, 64 мянган тонн малын тэжээл, 34.2 мянган тонн тосны ургамал, гурван мянган тонн жимс, жимсгэнэ авахаар төлөвлөжээ. Үр тариа, тос, тэжээлийн ургамлын тариалалтыг 14 аймгийн 1480 гаруй аж ахуйн нэгж, иргэн гардан гүйцэтгэнэ. Харин төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийн тариалалтыг 370 гаруй аж ахуйн нэгж, хоршоо, 35 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэлээ хангаад буй.


Мөн “атрын III” аяныг үргэлжлүүлэхээр болсон байна. Одоогийн байдлаар хаврын тариалалтад 3200 гаруй трактор, 2200 үрлүүр болон хөрс боловсруулах техник ажиллуулахаар төлөвлөсөн бөгөөд тэдгээрийн засварын ажил 80 хувьтай үргэлжилж байна. Энэ хаврын тариалалтад нийт 60 мянган тонн буудайн үр шаардлагатай. Аж ахуйн нэгжүүд өнгөрсөн оны ургацаас 24 мянган тонныг нөөцөлсөн бол тариалан эрхлэлтийг дэмжих санд 25.8 мянган тонн, ОБЕГ-ын улсын үрийн нөөцийн салбарт гурван мянган тонн гээд нийт 52.8 мянган тонн үрийн нөөц бүрджээ. Үр тариаг хугацаандаа багтаан суулгахгүй бол ургац оройтох эрсдэлтэй. Ялангуяа, улаан буудайн үрийг тавдугаар сарын эхээр суулгах ёстой бөгөөд хожимдвол буудайн болц оройтохыг тариаланчид сануулж буй. Гэхдээ цаг агаарын төлөв байдлаас шалтгаалан түр хойшлогдох тохиолдол гардаг. Учир нь улаанбуудайн үрийг д,%хүйтэнд суулгавал соёолдоггүй байна. Сүүлийн жилүүдэд хаврын тариалалт эхлэх үед хур тунадасны хэмжээ 5.6-12.4 хувиар буурч, ууршилт 3-4 дахин нэмэгдсэн. Цаашид ууршилтын хэмжээ 7-10 дахин нэмэгдэх төлөвтэй байгаа юм.


Өнгөрсөн жилүүдэд гэхэд зуны улиралд агаарт 31-40, хөрсөн дээр 46-68.2 хэм хүрч халсан. Энэ бол үр тариа ургах тохиромжтой температураас 5-14 хэмээр илүү гэсэн үг. Агаарт 30 хэмээс дээш халсан өдрийн тоо 15-22 хоног үргэлжилснээс болж ургац 30-50, зарим жилд 65-70 хувиар буурсан байгаа юм. Энэ мэтчилэн Монгол орны уур амьсгал хувьсан өөрчлөгдөж байгаа нь буудайн ургалтын эхэн үед төдий л нөлөөлөхгүй ч цэцэглэлт, үр цутгалтын үед олон хоног үргэлжлэн халах нь ургац огцом буурахад нөлөөлөх эрсдэлтэй. Иймд хөрсний чийгийн нөөц, хангамжийг нэмэгдүүлэх гол эх үүсвэр болох хур тунадасыг хөрсөнд бүрэн шингээж хуримтлуулах, эрдэс бодис, шим бордоог системтэй хэрэглэх замаар хөрсний үржил шимийг сайжруулах зайлшгүй шаардлагатай байгаа аж. Шуа-ийн ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн газар тариалангийн секторын эрхлэгч, доктор Ж.Намбар “Сүүлийн жилүүдэд уриншаа чанаргүй боловсруулсан, үр сортын бодлого алдагдсан, тариалах агро технологийн доголдол, хөрсний үржил шим буурч байгаагаас ургацын хэмжээ болон чанар буурсаар байна. Улсын хэмжээнд хийсэн шинжилгээний дүнгээр нийт 579.3 мянган га талбайн хөрсний 76.3 хувь нь 2.5 хувиас бага ялзмагтай, ургамалд хурдан ашиглагдах шим тэжээлийн бодисын хангамж 50 гаруй хувиар доогуур байгаа юм.


Тухайлбал, тогтвортой ургац авахад шаардагдах нитратын азотын агууламжаар нийт талбайн 59.7, фосфороор 42.3, калигаар 88.5 хувь нь дутагдаж байгаа нь манай тариалангийн хөрс хүнээр зүйрлэвэл өлсгөлөнд байгааг харуулж байна. одоогийн байдлаар ирэх саруудын цаг агаарын төлөв албан ёсоор гараагүй боловч тав, зургадугаар сард олон жилийн дунджийн орчим хур тунадастай байна. Гэхдээ цаг агаар халж мэдэхээр байгаа тул тариаланчид ган болно гэж урьдчилан тооцож, тариалах технологио талбай бүрээр боловсруулан мөрдөж ажиллах шаардлагатай” гэв. Цаг уурын үзүүлэлтээс харахад ирэх сард дунджаар 5-14 хэмийн дулаан, хур тунадас олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй.

• Улсын хэмжээнд 52,8 мянган тонн үрийн нөөц бүрджээ.

• Жилийн энэ үед хур тунадасны хэмжээ 5.6-12.4 хувиар буурч, ууршилт 3-4 дахин нэмэгддэг болжээ.

• Хаврын тариалалтад 3200 гаруй трактор, 2200 үрлүүр болон хөрс боловсруулах техник ажиллуулна.

харин зургадугаар сард 25 хэм хүртэл дулаарч, хур тунадас ихэнх нутгаар 8-28 мм, зарим нутгаар 29-46 мм орох төлөв гарчээ. уриншилсан талбайн ашигтай чийгийн нөөц Булганы тэшиг, Дорнодын халх гол, Сэлэнгийн Ерөө, Баруунбүрэн, Номгон, Алтанбулаг, Хушаат, Төв аймгийн Жаргалант, Хөвсгөлийн Эрдэнэбулганд хангалттай. Харин Архангайн Түвшрүүлэх, Булганы Хутаг-өндөр, Сэлэнгэ, Сэлэнгийн Зэлтэр, Цагааннуур, Орхон, Зүүнбүрэн, Дархан-Уул аймгийн дөрөв, тавдугаар бригад, Алтангадас, Цайдам, Төвийн Баянчандмань, Хөвсгөлийн Тариаланд хөрсний чийгийн хэмжээ дундаж үзүүлэлттэй байна. Түүнчлэн Булганы Бүрэгхангай, Өвөр-Хангайн Хархорин, Сэлэнгийн Баруунхараа, Зүүнхараа, Төвийн Угтаалцайдам, Эрдэнэ-сант, Борнуур, Цээл, Хэнтийн Хурх, Биндэр, Яргайт, Орхоны Улаантолгойд хаврын тариалалт хийхэд цаг агаарын таатай нөхцөл бүрдээгүй байна

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Монгол экспорт” хөтөлбөр байгаа оноосой

Экспортыг дэмжих хөтөлбөрт аялал жуулчлалыг багтаасангүй

 0 сэтгэгдэл



Дэлхийн зах зээл, улс төрийн нөлөөгөөр савладаг уул уурхайн салбарын экспортод эзлэх жинг бууруулах зорилтыг 2012 оноос хойших Засгийн газрууд тавьж ирсэн. 2013 онд баталсан “Экспортыг дэмжих хөтөлбөр”-т уул уурхайн бус экспортыг 30 хувьд хүргэх зорилт тавьсан ч түүндээ хүрч чадаагүй. Өнгөрсөн оны байдлаар нийт экспортын 79.5 хувийг эрдсийн, 20.5 хувийг уул уурхайн бус салбар эзэлжээ. Тэгвэл Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн хүрээнд ГХЯ-наас экспортыг онилсон шинэ хөтөлбөр боловсруулж, үүндээ олон нийтээс санал авч эхэллээ. Өмнөх хэд хэдэн хөтөлбөртэй ижил уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг өргөжүүлэх зорилготой “Монгол экспорт” хөтөлбөр нь 2018-2022 онд хэрэгжих бөгөөд хоёр үе шаттай. Эхний үе шат нь энэ онд эхэлж, 2019 онд дуусна. Энэ хугацаанд хууль эрх зүй, татварын таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнээс гадна үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмж, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх.


Харин 2021-2022 онд уул уурхайн бус салбарын эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмж, экспортын худалдааг хөнгөвчлөх, зах зээлийг тэлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулахаар хөтөлбөрт тусгажээ. Үүний үр дүнд, ноос, ноолуур, арьс шир, хөдөө аж ахуйн бусад түүхий эдийн нийлүүлэлтийн найдвартай сүлжээ бий болгож, боловсруулалтын түвшинг 60 хувьд хүргэнэ. Хөдөө аж ахуй, хүнсний салбарын экспортын орлогыг 2021 он гэхэд 50 хувиар нэмэгдүүлэх аж. Нийт экспортод хөдөө аж ахуйн гаралтай боловсруулах үйлдвэрлэлийн эзлэх хувийн жин ес байгааг 2021 он гэхэд 15-д хүргэхээр зорьжээ. Харин экспортын сагс дахь уул уурхайн бус бүтээгдэхүүний тоо 150 байгааг 225 болгож ахиулахаар тусгасан байна. Үүнээс үзвэл “Монгол экспорт” өмнөх хөтөлбөрүүдийн бодлогыг залгамжилсан гэж дүгнэж болохоор. Ноос, ноолуурын салбарт ихээхэн ач холбогдол өгч, мах, сүү, чацаргана зэрэг барааны үйлдвэрлэлийг нэмснээр экспортын орлогоо нэмэх боломжтой гэж тооцсон байна.

Хөдөө аж ахуй, хүнсний салбарын экспортын орлогыг 50 хувиар нэмэгдүүлнэ

Тэгвэл дөрвөн жил үргэлжлэх уг хөтөлбөр экспортоо тэлж чадахгүй байгаа үйлдвэрлэгчдэд бодит дэмжлэг болж чадах болов уу. Уул уурхайн бус бүтээгдэхүүний 2017 оны экспортын зах зээлийг авч үзье. Монголчууд Япон, БНСУ, АНУ, Канад болон Европын холбооны гишүүн орнуудад 300 сая ам.долларын ноолуур болон ноосон сүлжмэл эдлэл экспортолжээ. Ер нь уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын 20 орчим хувийг ноосон, ноолууран, арьс ширэн болон нэхий бэлэн бүтээгдэхүүн бүрдүүлж, түүхий болон хагас боловсруулсан байдлаар экспортод гаргасаар байгаа. Мөн БНХАУ болон ОХУ руу “Монгол экспорт” хөтөлбөр байгаа оноосой 70 орчим сая ам.долларын мах, махан бүтээгдэхүүн, 24 сая ам.долларын арьс шир, нэхий эдлэл борлуулсан. Энэ нь манай мах, махан бүтээгдэхүүний экспортын нөөцийн 15 хувийг эзэлж буй. Тиймээс дээрх бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг дэмжих нь эхний ээлжийн оновчтой алхам гэдгийг судлаачид хэлдэг. Уг хөтөлбөрт аймгуудад хорио цээрийн тусгаарлагдсан бүс байгуулах, тухайн бүсийн махны үйлдвэр, лабораторийг гадаадын шууд хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээлд хамруулан дэмжихээр тусгасан байна. Үйлдвэрлэгчдийг дэмжихийн тулд экспортод уялдсан худалдаа, үйлдвэрлэлийн сүлжээ бий болгохоор төлөвлөсөн.


• Экспортыг дэмжих хөтөлбөрийг нэг газар зангидаж, хариуцдаггүйгээс хүч тарамддаг тал бий.
• Европын холбоо, АНУ, Канад, ОХУ-ын зах зээлд хэрэглэгчийн эрэлт хэрэгцээний судалгаа хийнэ.
• “Экспортыг дэмжих хөтөлбөр”-т уул уурхайн бус экспортыг 30 хувьд хүргэх зорилт тавьсан ч түүндээ хүрч чадаагүй.

Мөн аль ч төрлийн бүтээгдэхүүн БНХАУ-ын зах зээлээс хараат байдаг тул Европын холбоо, АНУ, Канад, ОХУ-ын зах зээлд хэрэглэгчийн эрэлт хэрэгцээний судалгаа хийх зэрэг шинэ санаанууд багтжээ. Гэхдээ ажлын байр нэмж, экспортыг төрөлжүүлэх том зорилт тавьсан бол онилж буй салбараа зөвхөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр хязгаарлах нь тийм ч оновчтой бус. Тухайлбал, аялал жуулчлалын салбарыг татвар болон бусад хөшүүргээр дэмжих талаар “Монгол экспорт” хөтөлбөрт огт дурдсангүй. Мөн зах зээл нь өргөн, хэрэглэгч олонтой технологийн салбар, инноваци шингэсэн бүтээгдэхүүнийг бодитоор дэмжих асуудлыг орхигдуулжээ. Уг нь Засгийн газрын явуулж буй бодлого, төлөвлөгөөнд дээрх хоёр салбарыг дэмжих талаар байнга дурдагддаг ч “Монгол экспорт” хөтөлбөрийн гадна үлдэв. Хэрэв бодит тооцоо, судалгаатайгаар дэмжвэл аялал жуулчлал уул уурхайн экспорттой тэнцэхүйц ашиг орлого авчирч болохыг эдийн засагчид онцолдог. Манай улс экспортыг дэмжих хөтөлбөрийг нэг газар зангидаж, хариуцдаггүйгээс хүч тарамддаг тал бий. Ийм жишиг ч “Монгол экспорт” хөтөлбөрт харагдаж байна.

Тухайлбал, ноос, ноолуурын салбарыг түлхүү дэмжихээр тусгасан. Харин ХХААХҮЯ-наас “Ноос, ноолуур” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болоод байгаа билээ. Өмнө нь Засгийн газар болон яамдаас ноос, ноолуурын салбарт долоон төсөл хэрэгжүүлсэн ч төдийлэн үр дүнд хүрээгүй. Үүний гол шалтгаан нь байгууллага хоорондын уялдаа холбоо, яам болон албан тушаалтнууд нь хөтөлбөрөө өмчилдөгтэй холбоотой гэдгийг МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш Ч.Нарантуяа судалгаандаа дурдсан байдаг. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу санаачилсан “Монгол экспорт” хөтөлбөрийг улсын төсөв, Хөгжлийн банк, хөнгөлөлттэй зээл, тусламж болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлнэ. Үндэсний хэмжээний цөөнгүй салбарыг хамарсан энэ хөтөлбөрт багагүй хөрөнгө, мөнгө орох нь гарцаагүй. Тиймээс байгаа зөв онож, өмнөх олон хөтөлбөр шиг үр дүнгүй, нэр төдий хөтөлбөр бүү болоосой.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Тариаланчид үр тээсэн галт тэрэг хүлээсээр

Буудайн үрээс үүдсэн хүндрэл тасрахгүй байна

 0 сэтгэгдэл


Үрээс үүдсэн үймээн энэ хавар өрнөж байна. Хаврын тариалалт хэзээ мөдгүй эхлэх гэж буй энэ үед импортын үр хүлээсэн тариаланчид Сэлэнгийн Хөтөлд хэд хонож буй аж. Энэ оны тариалалтад 60 мянга орчим тонн улаанбуудайн үр шаардлагатай. Үүний дунджаар 50 мянга гаруй тонн нь Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон тариаланчдын өөрсдийнх нь нөөцөлсөн үр. Үлдсэн 6000 орчим тонн үрийг ОХУ- аас импортлохоор болсон юм. Гэвч хаврын тариалалтын хугацаа тулчихаад байхад хойд хөршөөс ирэх импортын үр оройтож, тариалан эрхлэгчдэд чирэгдэл учруулаад байгаа аж. Импортын үр авч, үржүүлнэ гэж горьдсон цөөнгүй тариаланч үр тээсэн галт тэрэг хүлээн олон өдрийг барж байгаа нь энэ. Гантай жилийн дараах хавар буудайн үрээс үүдсэн энэ мэт хүндрэл уламжлал мэт болов. Өдгөөгөөс хоёр жилийн өмнө, хаврын тариалалт дөхчихөөд байхад тариаланчид үрээ голж, үймээн дэгдээж байв. Оросоос импортолсон үрийн буудай чанаргүй, бүр хортой гэх шуугиан дэгдэж, хаврын тариалалтыг хойш татсан бараан түүх бий. Ер нь бид ган тохиож, ургацаа алдмагц, хойд хөршөөс үр тариа гуйдаг.

Гуйж авчирсан үр тариа нь гологдож, хэл ам, хэрүүл, маргааны халуун сэдэв хэсэгтээ болдог жишиг энэ хавар ч давтагдаж байна. Үрийн нийлүүлэлт удаж буйг салбарын яамнаас тодруултал, шалтгааныг “Импортын үрийн дийлэнхийг тариаланчдад хуваарилсан. Үлдсэн хэсгийг нь тээвэрлэн, авчирч байгаа гэж Оросын талаас мэдээлсэн” хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мэдэгдэж байна. Уг нь импортын үрийг цаг тулгаж, тариаланчдад хүндрэл учруулахгүйгээр шийдчих боломж байсан хэмээн тариаланчид учирлах аж. Үрийн буудай дутах нь өнгөрсөн оны найм, есдүгээр сард тодорхой болсон. Үүнээс хойших долоо, найман сард импорт хийх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулж, эртнээс бэлдэх ёстой байсан хэмээн тариаланчид шүүмжилж байна. Уг нь улаанбуудайгаар улсынхаа хэрэгцээг баталгаатай хангачихдаггүй юмаа гэхэд үүний хэдхэн хувьтай тэнцэх үрийн буудайг бусдаас царайчлалгүй, дотоодоосоо нийлүүлчихдэг байхсан. Гэтэл ургац алдсан жил үрээ бэлдээгүйн улмаас дээр, дооргүй сандран, бусдын гарыг хараад суухаас өөр сонголтгүйд хүрээд байгаа юм. Одоо бүр голж шилэх нь бүү хэл олдсоныг нь л авдаг болсон. Заримдаа бүр үр олдоогүйгээс төлөвлөсөн тариалалтаа багасгаж байсан хэмээн энэ сарын эхээр Төрийн ордонд болсон Тариаланчдын улсын зөвлөлгөөний үеэр хэд хэдэн тариалан эрхлэгч хэлээд амжсан. Энэ нь үрийн бодлогоо үндсээр нь үгүй хийсний үр дагавар гэж туршлагатай тариаланчид үзэж байна. Монгол Улс буудайн үрийг нэгдсэн бодлогоор үржүүлж байсан түүх бий. Үр тойрсон эрдэм шинжилгээ, туршилтын станцуудтай, бүр үрийн аж ахуй, талбайтай байв.


Таримал ургамлын сортын тухай хуулийг шинэчилнэ


“Ер нь тариалан эрхлэлтэд төр засаг, эрдэм шинжилгээний байгууллага, тариаланчид нэг баг болж, эрдэмтэд удирдлаганд нь ажилладаг байсан” хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд асан, хөдөө аж ахуйн ухааны доктор, гавьяат агрономич Ш.Гунгаадорж ярилаа. Гэтэл одоо энэ тогтолцоо үлгэн салган болжээ. Угтаа үр үржүүлэх нь гинжин хэлхээ бүхий нарийн ажиллагаа. Шинэ сортын үр үүсгэх, өсгөх, турших, үржүүлэх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх гээд нарийн агаад үе шаттай үйл явц. Гэтэл энэ нарийн хэлхээ холбоо, хэсэг бүтцүүд тарж бутран, салж хөндийрчээ. Тухайлбал, салбарын тулгуур шинжлэх ухааны байгууллага болох Дархан-Уул аймагт байрлах Ургамал, газар тариалан, сургалт эрдэм шинжилгээний хүрээлэн гэхэд өдгөө БСШУ СЯ-ны харьяанд, Улсын үрийн нөөцийн газар нь Онцгой байдлын ерөнхий газрын мэдэлд байна. Үр тойрсон бүтэц, хэсгүүдийн малгай байгууллагууд ондоошихын хэрээр хоорондын харилцаа, хамтын ажиллагаа нь хөндийрөөд байгааг ч салбарынхан байнга анхааруулдаг. Ийн хэдэн хэсэг салсан бүтэцтэй энэ системээс үүдэн манай үрийн бодлого хөсөр хаягдаад байгаа аж.


Одоогоос олон жилийн өмнө Монголын үрийн аж ахуйн гол голомт нь Дарханы Хонгор сум байв. Гэтэл монголчуудын хүнс, тэжээлийн бааз суурь гэгдэж байсан энэ сумын багагүй хэсэг өдгөө талхлагдан доройтоод буй. Үрийн бодлого алдагдсаны нэг баталгаа энэ. Тэрчлэн одоо бид тариалалт эхлэхийн өмнө үрийн буудай импортолж байна. Гэтэл өмнө нь гаднаас орж ирсэн шинэ сортын үрүүдийг олон жил туршиж байж тариалалтад ашигладаг байжээ. Цаашлаад тухайн үрийг баруун, зүүн бүсийн алинд нь сайн ургахыг хүртэл шинжилж судалдаг байсныг ахмад тариаланчид хуучилж байна. Ер нь газар тариалангийн судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага цөөрсөн. Үүнээс үүдэн үр үржүүлэх үйл явц нь үлбийж сулбайсан нь бодит үнэн юм. Энэ салбарын гол шинжлэх ухааны байгууллага болох Ургамал, газар тариалан, сургалт эрдэм шинжилгээний хүрээлэн жилд 500 тонн үр үрслүүлэх хүчин чадалтай аж.


Гэтэл бидэнд дор хаяж 3000 тонныг үржүүлэх шаардлага тулгараад байна. Ийм хэмжээний үрийн нөөц бэлтгэх хүчин чадалтай болж байж гурилын буудайнхаа үрийг бусдаас гуйхгүй болох нь. Ийнхүү Монгол Улс газар тариалангийн эх үндэс болсон үрийн асуудлаа шийдэж чадаагүй байтал биднээс үл хамаарсан сорилтууд хэдийнэ тулгарч эхэлсэн. Тариалалт эхлэхэд төдийлэн таатай биш манай орны цаг уур улам хувьсан өөрчлөгдсөөр. Үүнтэй зэрэгцээд хөрсний үржил шим буурч, байгаль цаг уурын өөрчлөлтөд амархан өртдөг, эмзэг болсныг Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн захирал, доктор Б.Баярсүх хэлсэн. Өөрөөр хэлбэл, эх орныхоо эрүүл хөрсөнд ургамал, газар тариалан эрхлэх улам амаргүй болж, биднээс илүү их арчилгаа шаардах боллоо. Тэгвэл үүний эх үндэс болсон үрийн бодлогоо цэгцлэхгүйгээр хүн амаа эрүүл, аюулгүй хүнсээр тогтвортой хангах талаар бодоод ч хэрэггүй болж байна. Учир нь улаанбуудайн үр нь зөвхөн хэдэн тариаланчдын сэтгэлийг чилээсэн зүйл төдий ч биш. Монгол Улс, тэр дундаа гурван сая гаруй иргэний гурилын хэрэгцээтэй холбоотой асуудал. ХХААХҮЯ-ны хийсэн судалгаагаар айл өрхийн хэрэгцээний 40-50 хувийг гурил, гурилан бүтээгдэхүүн эзэлдэг. Өөрөөр хэлбэл, гурилын хэрэгцээ махны дараа бичигддэг. Иймд үр нь хүн амын эрүүл мэндээр зогсохгүй цаашлаад үндэсний аюулгүй байдлыг ч хөндөж мэдэхээр сэдэв. Тиймээс салбарыг цэгцтэй, оновчтой, нэгдсэн бодлогоор хангах шаардлага тулгараад байна. Салбарын яам ч үүнд анхаарч эхэлсэн бөгөөд Таримал ургамлын сортын тухай хуулийг шинэчлэхээр ажиллаж эхэлжээ. Тус хуулийн шинэчилсэн төслийг 2018-2019 онд багтаан батлуулахаар төлөвлөж байгаа аж.


Байр суурь

Үр үржүүлэх 10 тусгай зөвшөөрөл олгосон

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга

Ц.Болорчулуун

Энэ хаврын тариалалтад шаардлагатай үрийн нөөцийг бүрэн бэлдээд байна. Энэ онд сортын бус элит үр худалдан авч, үрслүүлж байгаа. Үрийн буудайг тонн тутмыг нь 570-660 мянган төгрөгөөр борлуулж байна. Түүнчлэн энэ чиглэлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд үрийн 10 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгосон. Хэдхэн хоногийн өмнө тэдэнтэй уулзлаа. Ажил нь амжилттай урагшилж байгаа. Энэ эрчээрээ бол хэрэгцээт үрийн үйлдвэрлэлийг ойрын жилүүдэд хөгжүүлж чадна. Мөн 22 мянган тонн шатахуун, есөн тонн ариутгалын бодис, 3700 тонн бордоо шаардлагатай учраас нөөц бүрдүүлэхэд зориулж, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас урьдчилгаа төлбөртэй зээл олгохоор болсон. Тариалангийн салбарт хэрэгжүүлэх томоохон арга хэмжээнээс дурдвал, ОХУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Сэлэнгэ аймагт 2000 тонн үрийн агуулах бүхий 15 мянган тонн багтаамжтай элеватор, Улаанбаатар хотод төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, махны хадгалалт, борлуулалтын цогцолбор төв байгуулахаар төлөвлөж байна.


Үрийн бодлого үндсэндээ алдагдлаа

УИХ-ын гишүүн, Монголын тариаланчдын үндэсний холбооны ерөнхийлөгч

Ж.Энхбаяр

Төрийн нэгдсэн бодлого, эрхзүйн зохицуулалт, судалгаа, төлөвлөлт, хяналт үгүйлэгдэж байна. Үрийн бодлого үндсэндээ алдагдлаа. Шинжлэх ухааны байгууллагууд, хөдөө аж ахуйн хүрээлэнгийн байгууллагууд үйлдвэрлэлээсээ бүрэн хөндийрсөн. Шинжлэх ухаан, хөдөө аж ахуйн салбар хоёр хоорондоо хамтарч ажиллаж чадахгүй байна. Хөрсний үржил шим тасралтгүй багасаж байна. Хүнсээ хангасан төр засаг тогтвортой, тайван байдаг. Атрын IV аяныг эхлүүлэх цаг болжээ. Хөдөө аж ахуй , шинжлэх ухааны байгууллага, хүрээлэнгүүд, хөдөө аж ахуйн их сургууль, мэргэжил сургалтын төвүүд, хяналтын байгууллагуудыг нэгдсэн бодлого, удирдлагаар хангах хойшлуулшгүй шаардлага байна. Өнөөдөр салбарын оролцогчид тус тусдаа яамны харьяанд, нэгдсэн зохицуулалтгүй явж байна.


Байхгүйн зовлон ийм хэцүү

Төв аймгийн Угтаалцайдам сумын тариаланч

Ш.Рэнцэндорж

Буудайн үр хангалттай олдвол 2.3 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөж байна. Гэсэн ч өнөө хэр үрээ нөөцөлж амжаагүй. Импортоор ирэх үрийг хүлээж байна. Уг нь Монгол Улс тусгаар тогтносон, бие даасан улс байлтай. Ургацаа алдахаар бадар бариад улаанбуудайн үр гуйдгаа болих хэрэгтэй. Бид ч үрийн хүрэлцээ муугийн улмаас импортын үр хүлээсээр. Байхгүйн зовлон ийм хэцүү. Хэрэв хангалттай үр байсансан бол өдийд хаврын тариалалтдаа бэлтгэж байгаа шүү дээ. Гэтэл хугацаа тулчихаад байхад хэдэн га талбайд тариалалт хийхээ ч мэдэхгүй л явж байна.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Тавантолгой цахилгаан станц төслийн түгжээ нь Rio Tinto

 0 сэтгэгдэл

Монголын эдийн засгийн ойрын болон дунд хугацааны хөгжлийн төлөв байдлыг тодорхойлох мега төслүүдийн томоохон нь өмнийн говьд хэрэгжиж байгаа. Эдгээр төслийн түүчээ нь Оюутолгой, Тавантолгой. Экспортын болон төсвийн орлого бүрдүүлэхэд өмнөд бүсийн үүрэг, оролцоо энэ хэрээр нэмэгдсэн. Тэгвэл өмнөд бүс нутагт эрчим хүчний найдвартай эх үүсвэр өнөөг хүртэл үгүйлэгдэж байна. Цаашдаа ч хүлээгдэж байгаа төслүүд өмнөд бүсэд олон. Төсөл болгон эрчим хүчээр тэжээгдэнэ. Эдийн засгийн ач холбогдлоо дагаад төмөр зам, эрчим хүч, баяжуулах үйлдвэр яах аргагүй уурхайн бүсэд байх ёстой дэд бүтэц. Энэ гурав байснаар олборлох түүхий эдээ бид нэмүү өртөг шингээж, бага зардлаар тээвэрлэх боломжтой. Тэрчлэн дэлхийн зах зээлийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулна гэсэн үг. Цахилгаан станцгүйгээр уул уурхайн ордын өгөөжөө өөдрөг төсөөлөхөд бэрх. Засгийн газар хоёр сарын өмнө “Оюутолгой” компанитай байгуулсан “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-г цуцалж, дөрвөн жилийн хугацаанд эрчим хүчээ дотоодын эх үүсвэрээс худалдан авах шаардлагыг тавьсан. Энэ бол 2009 онд байгуулсан “Оюутолгой” төслийн Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдсан заалт. Үүнийг мөрдөх даалгавар өгснөөр “Оюутолгой” эрчим хүчний эх үүсвэрийн эрэлд одоо л гарч байна. Угтаа “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-ний хүрээнд Тавантолгой цахилгаан станцын төсөлд “Оюутолгой” 2015 он гэхэд баталгаа гаргах байсан. Гэвч “Оюутолгой” төслийг Монголын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй Rio Tinto энэхүү төсөлд баталгаа гаргалгүй сунжирсаар өдийг хүргэсэн билээ. Өнөөдөр уг төслийн “түгжээ”-г эргэн харвал, Монгол Улсын Засгийн газар бус “Оюутолгой” болохоор байгаа юм. Ил уурхай үйл ажиллагаа явуулж, анхны баяжмалаа “Оюутолгой” экспортолсон 2013 оноос хойш БНХАУ-аас жилд 130-140 сая ам.долларын эрчим хүч худалдан авч байна. Гүний уурхайн олборлолт 2021 оноос эхэлнэ. Тэр үед жилд бараг 200 орчим сая ам.долларын эрчим хүч хэрэглэх тооцоо бий. Тавантолгойн цахилгаан станц үүнээс өмнө ашиглалтад орж, эрчим хүчээ өгөх боломж байсан. Харамсалтай нь, Rio Tinto группийн алгуурлал уг төсөл хэрэгжихгүй байхад гол саад тээг боллоо. Харин “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ” эрх зүйн чадамжгүй болсноор Монголын тал “Оюутолгой”-д шахалт үзүүлэх давуу эрхтэй болж, Хөрөнгө оруулалтын гэрээний заалт хэрэгжих нөхцөл бүрдсэн. 2014 онд байгуулсан дээрх гэрээг хүчингүй болгосноор Тавантолгой цахилгаан станцын төсөл хэвээр үргэлжлэх, эсэх нь эргэлзээтэй болж, шинэ хувилбар яригдаж эхэлсэн. Үүнээс хамгийн бодитой нь, Засгийн газар нэг тэрбум ам.долларын өртгөөр өндийх цахилгаан станцыг “Оюутолгой” компанид нэг мөсөн даатгаж, төслийн ТЭЗҮ-д задаргаа орох. Ингэснээр өмнөд бүсийн эрчим хүчний системд голлох үүрэг гүйцэтгэх 450 МВт- ын хүчин чадалтай станцын ашиглалтад орох хугацаа хойшилсон ч хэрэгжинэ гэсэн үг. Тэрчлэн станцын хүчин чадал болон хөрөнгө оруулалтын дүн ч энэ байдлаар өөрчлөгдөж мэдэхээр байна.
Хэрэв “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-гээр манайх замнасан бол Тавантолгойн цахилгаан станц 2022 он гэхэд ашиглалтад орох нь эргэлзээтэй. Учир нь энэхүү гэрээнд хэзээ цахилгаан станцтай болох хугацааг нарийн тодорхой заагаагүй нь Rio Tinto групп хугацаа алдах сул талыг олгосон. Тавантолгой цахилгаан станцын төслийн нэгж Rio Tinto баталгаа гаргачихвал төсөл хөдлөхөд бэлэн байна гэж сүүлийн гурван жилийн турш ярьж байна. Гэвч тус групп дотоодын эрчим хүчний төсөлд баталгаа гаргах бус өмнөд хөршөөс эрчим хүчээ авахаа илүүд үзсээр 2018 онтой золгосон юм.
Одоо нөхцөл өөрчлөгдөж, урьдын тооцоо, судалгааг дахин хийхээс аргагүй болсон тул цахилгаан станц ойрын хугацаанд бүтэх ажил биш болчихоод байна. “Оюутолгой”-н зүгээс дөрвөн жилийн дотор хэрэгжүүлэх боломжтой эрчим хүчний эх үүсвэрийн эрэлд өөрсдөө гарч, уурхай дээрээ цахилгаан станц барих хувилбар судлахаа хэдийнэ мэдэгдсэн. Тус компани өөрийн эзэмшлийн станцтай болсноор Тавантолгойн цахилгаан станц гол хэрэглэгчээ алдана гэсэн үг. Ийм байдал үүсвэл олон жилийн турш үргэлжилсэн эрчим хүчний мега төсөлд цэг тавихад хүрнэ. “Оюутолгой” компани цахилгаан станцын бэлтгэл ажлын хүрээнд шаардлагатай зөвшөөрлүүдийг авах ажлаа эхлүүлж, Эрчим хүчний яаманд хандахаа илэрхийлсэн. Тэдний хэлж буйгаар өөрсдийн уурхайн дэргэд цахилгаан станц байгуулбал энэ нь манай улсын хувьд төдийлэн ашигтай хувилбар биш. Нөгөө талаасаа өөрийн эзэмшлийн цахилгаан станц барих зардал гүний уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд багтаагүй тул хаанаас мөнгө хэрхэн босгохоо эхэлж судална. Энэ нь “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын өртгийг нийтэд нь нэмэгдүүлэх төдийгүй хувь эзэмшигчдийн хүртэх ногдол ашиг хүлээх хугацааг хойшлуулж, өр зээлийг нэмэгдүүлэх сул талтай. Гүний уурхайн хөрөнгө оруулалт 5.3 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа. Тэгвэл цахилгаан станцын өртгийг нэг тэрбумаар тооцсоноор даруй 6.3 тэрбум ам.доллар болж, өсөхөөр байна. Засгийн газрын хувьд “Оюутолгой”- г Хөрөнгө оруулалтын гэрээгээр дамжуулан шахаж буй. Ийм боломжийг “Өмнөд бүсийн Эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-г цуцалснаар олж авсныг дээр дурдсан. Хэрэв цахилгаан станцаа дөрвөн жилийн хугацаанд барьж чадахгүй бол 2009 онд байгуулсан үндсэн гэрээг эргэж харахаа хүртэл салбарын сайд хатуухан мэдэгдсэн удаатай. Засгийн газрын хувьд хугацааны хязгаар тавиагүй гэрээг цуцалсан нь нөгөө талдаа Rio Tinto яаравчлахад хүргэсэн юм. Тавантолгой цахилгаан станцын төсөл ашигтай байх гол баталгаа нь “Оюутолгой”.

• “Оюутолгой” дотоодын эрчим хүчний төсөлд баталгаа гаргах бус өмнөд хөршөөс эрчим хүчээ авахаа илүүд үзсээр 2018 онтой золгосон юм.
• Өмнөд бүс нутагт эрчим хүчний найдвартай эх үүсвэр өнөөг хүртэл үгүйлэгдэж байна.
• “Оюутолгой” компанид дөрвөн жилийн хугацаанд эрчим хүчээ дотоодын эх үүсвэрээс худалдан авах шаардлага тавьсан.


Гэвч “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ” хүчингүй болсноор Тавантолгойн цахилгаан станцад “Оюутолгой” баталгаа гаргах, эсэх нь бүрхэг болсон. Эндээс л Засгийн газар болон “Оюутолгой”-н өгч буй мэдээлэл хоорондоо зөрж эхэлсэн юм. Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т зааснаар “Оюутолгой” компани өөрийн эрчим хүчний нийт хэрэгцээг зөвхөн дотоодын эх үүсвэрээр хангах ёстой. Rio Tinto групп 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээг түшиглэн Тавантолгойн цахилгаан станцын төсөлд баталгаа гаргаж өгвөл Тавантолгойн цахилгаан станц 2022 он гэхэд сүндэрлэх боломж бий. Rio Tinto төсөлд баталгаа гаргасан нөхцөлд Тавантолгой цахилгаан станц хөрөнгө оруулагчдын анхаарал татах магадлал илүү өндөр. Уг станц өмнөд бүсийн уурхай болон үйлдвэр, сууринг эрчим хүчээр хангах стратегийн ач холбогдолтойг нийтлэлийнхээ эхэнд дурдсан. Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ Rio Tinto “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”- гээр үгүйсгэх бус биелүүлбэл Тавантолгой цахилгаан станц бодит ажил болох юм. “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ” болон Хөрөнгө оруулалтын гэрээний заалт хоорондоо зөрчилдөх тохиолдол байсан. Харин одоо Хөрөнгө оруулалтын гэрээгээр бүх зүйл шийдэгдэх учиртай. Тавантолгой цахилгаан станцын төслийн хувьд багагүй ажил урагшилсан. Төслийн хөрөнгө оруулагчаар тодорсон Японы “Марубени” болон дотоодын аж ахуйн нэгж болох “Эм-Си- Эс Энержи” уг төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг 2016 онд үзэглэсэн.

Уг гэрээ тодорхой бус байсан олон зүйлийг цэгцэнд оруулж, томоохон хэлэлцээрийн эхлэл тавьсан юм. Гэвч эдгээр ажил төслийн хамт нурахгүй байх баталгаа нь “Оюутолгой” болж байна. Тавантолгойн цахилгаан станцын “түгжээ” нь болж ирсэн Rio Tinto өнөөдөр нэг тэрбум ам.долларын өртөгтэй төслийг дэмжих нь илүү цаг хугацаа хэмнэхээр харагдаж байгаа. Хэрэв шинэ төсөл эхлүүлнэ гэвэл тоолуур нь гүйж эхэлсэн дөрвөн жил богинохон хугацаа. Үүнд амжлаа ч гэсэн Монголд ашигтай байх, эсэх нь улам эргэлзээ төрүүлж байна. Харин ТЭЗҮ нь бэлэн болсон, хөрөнгө оруулагч нь хэдийнэ тодорсон Тавантолгой цахилгаан станц төслийг өөд татах нь илүү ашигтай хувилбар биш гэж үү.