A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/249/

Тариаланчид үр тээсэн галт тэрэг хүлээсээр

Буудайн үрээс үүдсэн хүндрэл тасрахгүй байна

Тариаланчид үр тээсэн галт тэрэг хүлээсээр

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/249/


Үрээс үүдсэн үймээн энэ хавар өрнөж байна. Хаврын тариалалт хэзээ мөдгүй эхлэх гэж буй энэ үед импортын үр хүлээсэн тариаланчид Сэлэнгийн Хөтөлд хэд хонож буй аж. Энэ оны тариалалтад 60 мянга орчим тонн улаанбуудайн үр шаардлагатай. Үүний дунджаар 50 мянга гаруй тонн нь Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон тариаланчдын өөрсдийнх нь нөөцөлсөн үр. Үлдсэн 6000 орчим тонн үрийг ОХУ- аас импортлохоор болсон юм. Гэвч хаврын тариалалтын хугацаа тулчихаад байхад хойд хөршөөс ирэх импортын үр оройтож, тариалан эрхлэгчдэд чирэгдэл учруулаад байгаа аж. Импортын үр авч, үржүүлнэ гэж горьдсон цөөнгүй тариаланч үр тээсэн галт тэрэг хүлээн олон өдрийг барж байгаа нь энэ. Гантай жилийн дараах хавар буудайн үрээс үүдсэн энэ мэт хүндрэл уламжлал мэт болов. Өдгөөгөөс хоёр жилийн өмнө, хаврын тариалалт дөхчихөөд байхад тариаланчид үрээ голж, үймээн дэгдээж байв. Оросоос импортолсон үрийн буудай чанаргүй, бүр хортой гэх шуугиан дэгдэж, хаврын тариалалтыг хойш татсан бараан түүх бий. Ер нь бид ган тохиож, ургацаа алдмагц, хойд хөршөөс үр тариа гуйдаг.

Гуйж авчирсан үр тариа нь гологдож, хэл ам, хэрүүл, маргааны халуун сэдэв хэсэгтээ болдог жишиг энэ хавар ч давтагдаж байна. Үрийн нийлүүлэлт удаж буйг салбарын яамнаас тодруултал, шалтгааныг “Импортын үрийн дийлэнхийг тариаланчдад хуваарилсан. Үлдсэн хэсгийг нь тээвэрлэн, авчирч байгаа гэж Оросын талаас мэдээлсэн” хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мэдэгдэж байна. Уг нь импортын үрийг цаг тулгаж, тариаланчдад хүндрэл учруулахгүйгээр шийдчих боломж байсан хэмээн тариаланчид учирлах аж. Үрийн буудай дутах нь өнгөрсөн оны найм, есдүгээр сард тодорхой болсон. Үүнээс хойших долоо, найман сард импорт хийх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулж, эртнээс бэлдэх ёстой байсан хэмээн тариаланчид шүүмжилж байна. Уг нь улаанбуудайгаар улсынхаа хэрэгцээг баталгаатай хангачихдаггүй юмаа гэхэд үүний хэдхэн хувьтай тэнцэх үрийн буудайг бусдаас царайчлалгүй, дотоодоосоо нийлүүлчихдэг байхсан. Гэтэл ургац алдсан жил үрээ бэлдээгүйн улмаас дээр, дооргүй сандран, бусдын гарыг хараад суухаас өөр сонголтгүйд хүрээд байгаа юм. Одоо бүр голж шилэх нь бүү хэл олдсоныг нь л авдаг болсон. Заримдаа бүр үр олдоогүйгээс төлөвлөсөн тариалалтаа багасгаж байсан хэмээн энэ сарын эхээр Төрийн ордонд болсон Тариаланчдын улсын зөвлөлгөөний үеэр хэд хэдэн тариалан эрхлэгч хэлээд амжсан. Энэ нь үрийн бодлогоо үндсээр нь үгүй хийсний үр дагавар гэж туршлагатай тариаланчид үзэж байна. Монгол Улс буудайн үрийг нэгдсэн бодлогоор үржүүлж байсан түүх бий. Үр тойрсон эрдэм шинжилгээ, туршилтын станцуудтай, бүр үрийн аж ахуй, талбайтай байв.


Таримал ургамлын сортын тухай хуулийг шинэчилнэ


“Ер нь тариалан эрхлэлтэд төр засаг, эрдэм шинжилгээний байгууллага, тариаланчид нэг баг болж, эрдэмтэд удирдлаганд нь ажилладаг байсан” хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд асан, хөдөө аж ахуйн ухааны доктор, гавьяат агрономич Ш.Гунгаадорж ярилаа. Гэтэл одоо энэ тогтолцоо үлгэн салган болжээ. Угтаа үр үржүүлэх нь гинжин хэлхээ бүхий нарийн ажиллагаа. Шинэ сортын үр үүсгэх, өсгөх, турших, үржүүлэх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх гээд нарийн агаад үе шаттай үйл явц. Гэтэл энэ нарийн хэлхээ холбоо, хэсэг бүтцүүд тарж бутран, салж хөндийрчээ. Тухайлбал, салбарын тулгуур шинжлэх ухааны байгууллага болох Дархан-Уул аймагт байрлах Ургамал, газар тариалан, сургалт эрдэм шинжилгээний хүрээлэн гэхэд өдгөө БСШУ СЯ-ны харьяанд, Улсын үрийн нөөцийн газар нь Онцгой байдлын ерөнхий газрын мэдэлд байна. Үр тойрсон бүтэц, хэсгүүдийн малгай байгууллагууд ондоошихын хэрээр хоорондын харилцаа, хамтын ажиллагаа нь хөндийрөөд байгааг ч салбарынхан байнга анхааруулдаг. Ийн хэдэн хэсэг салсан бүтэцтэй энэ системээс үүдэн манай үрийн бодлого хөсөр хаягдаад байгаа аж.


Одоогоос олон жилийн өмнө Монголын үрийн аж ахуйн гол голомт нь Дарханы Хонгор сум байв. Гэтэл монголчуудын хүнс, тэжээлийн бааз суурь гэгдэж байсан энэ сумын багагүй хэсэг өдгөө талхлагдан доройтоод буй. Үрийн бодлого алдагдсаны нэг баталгаа энэ. Тэрчлэн одоо бид тариалалт эхлэхийн өмнө үрийн буудай импортолж байна. Гэтэл өмнө нь гаднаас орж ирсэн шинэ сортын үрүүдийг олон жил туршиж байж тариалалтад ашигладаг байжээ. Цаашлаад тухайн үрийг баруун, зүүн бүсийн алинд нь сайн ургахыг хүртэл шинжилж судалдаг байсныг ахмад тариаланчид хуучилж байна. Ер нь газар тариалангийн судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага цөөрсөн. Үүнээс үүдэн үр үржүүлэх үйл явц нь үлбийж сулбайсан нь бодит үнэн юм. Энэ салбарын гол шинжлэх ухааны байгууллага болох Ургамал, газар тариалан, сургалт эрдэм шинжилгээний хүрээлэн жилд 500 тонн үр үрслүүлэх хүчин чадалтай аж.


Гэтэл бидэнд дор хаяж 3000 тонныг үржүүлэх шаардлага тулгараад байна. Ийм хэмжээний үрийн нөөц бэлтгэх хүчин чадалтай болж байж гурилын буудайнхаа үрийг бусдаас гуйхгүй болох нь. Ийнхүү Монгол Улс газар тариалангийн эх үндэс болсон үрийн асуудлаа шийдэж чадаагүй байтал биднээс үл хамаарсан сорилтууд хэдийнэ тулгарч эхэлсэн. Тариалалт эхлэхэд төдийлэн таатай биш манай орны цаг уур улам хувьсан өөрчлөгдсөөр. Үүнтэй зэрэгцээд хөрсний үржил шим буурч, байгаль цаг уурын өөрчлөлтөд амархан өртдөг, эмзэг болсныг Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн захирал, доктор Б.Баярсүх хэлсэн. Өөрөөр хэлбэл, эх орныхоо эрүүл хөрсөнд ургамал, газар тариалан эрхлэх улам амаргүй болж, биднээс илүү их арчилгаа шаардах боллоо. Тэгвэл үүний эх үндэс болсон үрийн бодлогоо цэгцлэхгүйгээр хүн амаа эрүүл, аюулгүй хүнсээр тогтвортой хангах талаар бодоод ч хэрэггүй болж байна. Учир нь улаанбуудайн үр нь зөвхөн хэдэн тариаланчдын сэтгэлийг чилээсэн зүйл төдий ч биш. Монгол Улс, тэр дундаа гурван сая гаруй иргэний гурилын хэрэгцээтэй холбоотой асуудал. ХХААХҮЯ-ны хийсэн судалгаагаар айл өрхийн хэрэгцээний 40-50 хувийг гурил, гурилан бүтээгдэхүүн эзэлдэг. Өөрөөр хэлбэл, гурилын хэрэгцээ махны дараа бичигддэг. Иймд үр нь хүн амын эрүүл мэндээр зогсохгүй цаашлаад үндэсний аюулгүй байдлыг ч хөндөж мэдэхээр сэдэв. Тиймээс салбарыг цэгцтэй, оновчтой, нэгдсэн бодлогоор хангах шаардлага тулгараад байна. Салбарын яам ч үүнд анхаарч эхэлсэн бөгөөд Таримал ургамлын сортын тухай хуулийг шинэчлэхээр ажиллаж эхэлжээ. Тус хуулийн шинэчилсэн төслийг 2018-2019 онд багтаан батлуулахаар төлөвлөж байгаа аж.


Байр суурь

Үр үржүүлэх 10 тусгай зөвшөөрөл олгосон

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга

Ц.Болорчулуун

Энэ хаврын тариалалтад шаардлагатай үрийн нөөцийг бүрэн бэлдээд байна. Энэ онд сортын бус элит үр худалдан авч, үрслүүлж байгаа. Үрийн буудайг тонн тутмыг нь 570-660 мянган төгрөгөөр борлуулж байна. Түүнчлэн энэ чиглэлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд үрийн 10 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгосон. Хэдхэн хоногийн өмнө тэдэнтэй уулзлаа. Ажил нь амжилттай урагшилж байгаа. Энэ эрчээрээ бол хэрэгцээт үрийн үйлдвэрлэлийг ойрын жилүүдэд хөгжүүлж чадна. Мөн 22 мянган тонн шатахуун, есөн тонн ариутгалын бодис, 3700 тонн бордоо шаардлагатай учраас нөөц бүрдүүлэхэд зориулж, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас урьдчилгаа төлбөртэй зээл олгохоор болсон. Тариалангийн салбарт хэрэгжүүлэх томоохон арга хэмжээнээс дурдвал, ОХУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Сэлэнгэ аймагт 2000 тонн үрийн агуулах бүхий 15 мянган тонн багтаамжтай элеватор, Улаанбаатар хотод төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, махны хадгалалт, борлуулалтын цогцолбор төв байгуулахаар төлөвлөж байна.


Үрийн бодлого үндсэндээ алдагдлаа

УИХ-ын гишүүн, Монголын тариаланчдын үндэсний холбооны ерөнхийлөгч

Ж.Энхбаяр

Төрийн нэгдсэн бодлого, эрхзүйн зохицуулалт, судалгаа, төлөвлөлт, хяналт үгүйлэгдэж байна. Үрийн бодлого үндсэндээ алдагдлаа. Шинжлэх ухааны байгууллагууд, хөдөө аж ахуйн хүрээлэнгийн байгууллагууд үйлдвэрлэлээсээ бүрэн хөндийрсөн. Шинжлэх ухаан, хөдөө аж ахуйн салбар хоёр хоорондоо хамтарч ажиллаж чадахгүй байна. Хөрсний үржил шим тасралтгүй багасаж байна. Хүнсээ хангасан төр засаг тогтвортой, тайван байдаг. Атрын IV аяныг эхлүүлэх цаг болжээ. Хөдөө аж ахуй , шинжлэх ухааны байгууллага, хүрээлэнгүүд, хөдөө аж ахуйн их сургууль, мэргэжил сургалтын төвүүд, хяналтын байгууллагуудыг нэгдсэн бодлого, удирдлагаар хангах хойшлуулшгүй шаардлага байна. Өнөөдөр салбарын оролцогчид тус тусдаа яамны харьяанд, нэгдсэн зохицуулалтгүй явж байна.


Байхгүйн зовлон ийм хэцүү

Төв аймгийн Угтаалцайдам сумын тариаланч

Ш.Рэнцэндорж

Буудайн үр хангалттай олдвол 2.3 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөж байна. Гэсэн ч өнөө хэр үрээ нөөцөлж амжаагүй. Импортоор ирэх үрийг хүлээж байна. Уг нь Монгол Улс тусгаар тогтносон, бие даасан улс байлтай. Ургацаа алдахаар бадар бариад улаанбуудайн үр гуйдгаа болих хэрэгтэй. Бид ч үрийн хүрэлцээ муугийн улмаас импортын үр хүлээсээр. Байхгүйн зовлон ийм хэцүү. Хэрэв хангалттай үр байсансан бол өдийд хаврын тариалалтдаа бэлтгэж байгаа шүү дээ. Гэтэл хугацаа тулчихаад байхад хэдэн га талбайд тариалалт хийхээ ч мэдэхгүй л явж байна.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Өрсөлдөх чадвар сайтай аймгуудад орон сууцны худалдан авалт өндөр байна

  • 2012-2019 онд нэрлэсэн дүнгээр аймгуудын ДНБ-ий нийт хэмжээ 2.5 дахин нэмэгджээ
  • Орон сууцны борлуулалт Дорноговь, Орхон, Дорнод, Дархан-Уул аймагт хамгийн өндөр байна

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс найм дахь жилдээ аймгуудын өрсөлдөх чадварыг эрэмбэлж, олон нийтэд зарласан. Хамгийн сүүлд гаргасан 2019 оны ээлжит тайлангаар аймгуудыг Орхон, Өмнөговь, Дорноговь нийт оноогоороо тэргүүлж байна. “Эхний байруудыг эзэлсэн гурван аймаг дотроос өнгөрсөн онд Дорноговь хамгийн их эерэг өөрчлөлт гаргаж, өрсөлдөх чадварын үзүүлэлтээ 10 оноогоор нэмэгдүүлж чадсан“ хэмээн дээрх судалгааны төвийн удирдах зөвлөлийн дарга П.Цагаан онцолсон юм. Ийм оноо авахад бизнесийн үр ашиг, дэд бүтцийн үзүүлэлт голлон нөлөөлжээ. Тодруулбал, худалдааны салбарын борлуулалт нэмэгдсэн, чанаргүй зээлийн үлдэгдэл буурсан төдийгүй түгээлтийн сүлжээ сайжирч, тохижилтын ажлууд нэмэгдсэн байна. Мөн гэмт хэргийн гаралт буурчээ. Үүнээс гадна Монголын ипотекийн корпорацийн мэдээлснээр, орон сууцны худалдан авалтаар орон нутагт Дорноговь, Орхон, Дорнод, Дархан-Уул аймагт хамгийн өндөр байна. Эдгээр аймгууд өрсөлдөх чадварын оноогоор улсын хэмжээнд тэргүүлж байгаа юм. Судалгаанаас харахад, аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноо жилээс жилд өсөх хандлагатай байна. Өөрөөр хэлбэл, өрсөлдөөн улам ширүүсэх болжээ. Эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын болон, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн үзүүлэлтээр аймгуудын өрсөлдөх чадварыг хэмждэг. 2012-2019 онд нэрлэсэн дүнгээр аймгуудын ДНБ-ий нийт хэмжээ 2.5 дахин нэмэгдсэн байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Үсрэнгүй баяжиж буй тэрбумтнууд буюу гахай үржүүлэгчид

  • Тэрбээр Bloomberg-ээс гаргадаг дэлхийн тэргүүн баян 500 эрхмийн жагсаалт дорторх хамгийн шуурхай баяжсан тэрбумтнаар тодроод байна
  • Хятадын Наньнин дахь бөөний худалдааны захад борлуулахаар авчирсан гахайнууд

Хэрэглэгчдэд дарамттай гахайн махны хямрал БНХАУ-ын инфляцыг өнгөрсөн сард үнэмлэхүй өсгөсөн ч хүнд бэрх цаг үеэс харин ч хожоо гаргасан захирлууд бий. Ийм захирлын нэг нь Чин Инлин. Muyuan Foodstuff Co-гийн захирал тэрбээр компанийнх нь зах зээлийн үнэлгээ дөрөв дахин өсөж, 8.6 тэрбум ам.доллар хүрэхийг энэ жил үзэх хувьтай байжээ. Тэрбээр Bloomberg-ээс гаргадаг дэлхийн тэргүүн баян 500 эрхмийн жагсаалт доторх хамгийн шуурхай баяжсан тэрбумтнаар тодроод байна.Хятадын Худалдааны яамны статистикаар, тус улсад энэ онд гахайн махны үнэ хоёр дахин өсжээ. Африк гахайн шүлхий өвчнөөр олон сая гахай хорогдсон нь тус улсад инфляц сүүлийн долоон жилийн үнэмлэхүй түвшинд өсөхөд хүргэсэн юм. Muyuan-ы орлого энэ оны гуравдугаар улиралд жилийн өмнөх үеэс 260 хувь нэмэгдсэн нь үндсэндээ гахайн махны үнийн өсөлтөөс шалтгаалжээ. Fitch Ratings-ын судалгаанаас үзвэл мөн хугацаанд алдагдлаа нөхөж дийлэхээ байсан жи жиг фермүүд зах зээлээс шахагдаж, Muyuan зэрэг том үйлдвэрлэгчид зах зээлд байр сууриа бэхжүүллээ. “Гахайнх нь тоо толгой хорогдсон компаниудад л маш хүнд үе. Бусдынх нь хувьд орлого эрс өссөн сайхан цаг” хэмээн Fitch Ratings-ын шинжээч Ли Чэнь тайлбарлав. Хямралыг мөнгө болгосон хүн ганц Чин ч биш. Гахайн махны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг, Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй WH Group, гахай үржүүлэгч, малын тэжээл үйлдвэрлэгч New Hope Group ч асар их орлого олсон. New Hope-ын захирал Лю Юнхаогийн хөрөнгө өдгөө 11 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа нь 2018 оны сүүл үеийнхээс хоёр дахин нэмэгдсэн хэрэг юм. Чин Инлиний хөрөнгө Muyuan-ы хувьцааны 60 хувь болдог. Анх 22 толгой гахайтай эхэлсэн түүний бизнес өдгөө жилдээ таван сая толгой нядалдаг аварга аж ахуй болон өргөжөөд байна. Muyuan компани тээврийн машинуудыг бүрэн халдваргүйжүүлж, гахайн тэжээлийг халааж ариутган, Африк гахайн шүлхий тархахаас сэргийлэн фермийн агаарыг байнга сэлгэдгийг Чин захирал South China Morning Post сонинд гуравдугаар сард ярилцлага өгөхдөө тайлбарласан юм.







A

Жижиг

A

Дунд

A

Том

Б.Соёлтуяа: Мэдлэгт суурьтай малчин бизнесмэн бий болгох нь бидний зорилго

  • Малчдын орлогын гол эх үүсвэр болсон махыг хямдхан байх ёстой гэсэн улс төрийн тоглолт хийдэг байж болох уу

Малчдын орлогыг нэмэгдүүлж, тэднийг “малчин бизнесмэн” болгох чиглэлээр ажиллаж буй “Чинээлэг Малчин Бойжуулах Төв” ТББ-ын зохицуулагч Б.Соёлтуяатай ярилцлаа.

-Саяхан болсон хэвлэлийн хурлын үеэр таныг малчдад чиглэсэн үндэсний хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төслийн арын албыг хариуцаж байгааг мэдлээ. 

-Тийм ээ. Арын алба хариуцсан хэвээрээ шүү. 

-Зохион байгуулах, олон нийтэд хүргэх ажилд та их туршлагатай хүн шүү дээ. 

-Баярлалаа. Арын алба бол арын алба байдаг. Хэн тайзан дээр гарах нь бус хариуцсан ажил бүхэлдээ ойлгомжтой хүнд хүрэх нь чухал. “Чинээлэг малчин” хөтөлбөрийн баг мэргэжлийн, туршлагатай, асуудлаа мэддэг. Сүүлийн таван жил тасралтгүй судалгаа шинжилгээний ажлаа хийлээ. Ийм сайн санаачилга, том ажлын нэг хэсэг байж хүч өгөх нь мэдээж сайхан.

-Энэ жил өнтэй сайхан урт намар боллоо. Бүх хүн ийм бодлоор аажуу тайван байхад яагаад гэнэт хэвлэлийн бага хурал зарлан “Өвөлжилт хүндэрлээ” гээд эхлэв ээ? 

-Дундговь, Өвөрхангай аймгуудад аль хэдийн отор нүүдэл эхэлчихсэн. Ес эхлээгүй байна. Бэлчээрийн даац гээд малчдын маань хувьд өвөлжилт хүндхэн л байгаа. Ер нь өвөлжилт гэхээр дан ганц агаарын хэм, салхи шуурганы хурд, цасны зузааныг хэлэхгүй. Би сая хэллээ,малын бэлчээрийн даац хэтэрсэн, малчдын өрхийн орлого эрс хумигдсан. Малчид өөрсдөө байдал хүнд байгаагаа мэдээд цаг хүндрэхээс өмнө хэдэн малаа борлуулж, мөнгөтэй болж, шаардлагатай тэжээл, ахуй амьдралдаа хэрэгцээт зүйлсээ бэлдэж авъя гэсэн. Гэтэл Засгийн газар нь махны экспорт, бэлтгэлд хориг тавиад, квот буюу дээд хязгаар тогтоочихсон. 

-Сая буцаад гаргаж эхэлнэ гэж мэдээлсэн шүү дээ.

-Тэгэх ёстой. Нөхцөл байдал шаардаж байна. Дулаан байхад энэ ажил саадгүй явж байсан бол малчид арай бага эрсдэл үүрэх байлаа. Малчдынхаа эдийн засгийн эрх чөлөөг боогдуулсан шийдвэрийг энэ Засгийн газар гаргалаа шүү дээ. 

-Малчид ер нь баян чинээлэг амьдарч, эдийн засгийн эрх чөлөөнд хүрэх боломж бий юу? 

-Байлгүй яахав. Бүрэн боломж байна. Малчид маань өөрсдөө тэр боломжуудыг олж харахгүй байна, ер нь бид хаа хаанаа хуучирсан сэтгэлгээ хандлагаасаа салж чадахгүй яваад бас их учир бий. Малчдын эдийн засгийн эрх чөлөө нэмэгдэхийн хэрээр том эдийн засагт эерэг нөлөөтэй. Малчдаа нэн түрүүнд мэдлэг мэдээлэлтэй, илүү боловсролтой болгох хэрэгтэй нэн шаардлагатай болчихоод байна. Үүний тулд манай Төрийн бус байгууллага үндсэн гурван чиглэлээр ажилладаг. Тухайлбал, малчдын сэтгэлгээ хандлагыг өөрчлөх ёстой. Мөн Монгол орны цаг уур, байгалийн онцлогт таарах, тэр тусмаа малчны хотонд тохирсон хамгийн ашигтай бизнес загвар танилцуулан санал болгож буй. Харин эцэст нь малчид бизнес хийхтэй холбоотой эх сүргээ бэлдэх, малынхаа чанар чансааг сайжруулах, үржил селекцийн ажлын мэргэжлийн зөвлөгөө өгөх гэсэн үндсэн гурван чиглэлд ажиллаж байна. Энэ тухай малчдад зориулж “Малчин бизнесмэн” гарын авлагыг хэвлүүлж, одоогийн байдлаар 1500 орчмыг малчны гар дээр тараасан байна. 

-Сургалтын ажил маш чухал байх шүү. 

-Тэгэлгүй яахав. Хамгийн чухал асуудал. Зөвхөн малчид гэлтгүй нийгмээрээ сэтгэлгээ хандлагаа өөрчлөх цаг аль хэдийн болчихоод байдаг. Цаг хугацаа нисээд байдаг. Харин бид хөгжлөөс хоцорсоор байгаа нь том асуудал шүү. Энэ сэтгэлгээ хандлага гээч зүйл өөрчлөгдөөгүй цагт юу ч ярьж, ямар ажил хийгээд үр дүн багатай. Сайшаалтай нь малчид сургалтад маш сайн хамрагдаж байна. Хөдөөгийн иргэдийн нийтийн хурал, багийн дарга нар манайхтай хамтран ажиллах саналууд их тавьж байгаа. Малчид ганц нэгээрээ холбогдох нь ч бий. Өчигдөр гэхэд л “Хотод малчны зөвлөгөөн болох гэж байгаа юм байна, танайх сургалт хийх үү” гээд Архангайгаас утасдаж байх жишээтэй. Ер нь миний утас малчдын лавлах утас болсон доо. 

-Хоёулаа цаг үеийн асуудалдаа эргээд оръё. Махны үнийн асуудлыг асуухгүй өнгөрч чадахгүй нь. Зарим хэсэг импортын хориг тавьснаар махны үнэ буурна гэж үзэж байгаа. 

-Хүмүүс Засгийн газар хориг тавьж байж л махны үнийг буурууллаа гээд, баярлаад байх юм. Та бод доо. Жилийн жилд идэш хийх цагаар мах элбэгшдэг, бас хямдардаг. Айлууд савныхаа багтаамж, санхүүгийн боломждоо тааруулан идшээ хийдэг. Ажилтай нэг нь борцолж хатаана. Тэр нөөцөө өвөл, хавар, зундаа иднэ. Нийлүүлэлт, худалдан авалтынхаа харьцааны зарчмаар л мах дотоодын зах зээл дээр хямдарч байна. Гэхдээ одоохондоо. Сайд, дарга нар ухаантай мундагтаа хориг тавиад махны үнэ буулгаад байгаа зүйл огтхон ч байхгүй. Харин ч тэд энэ байдлыг ашиглан хувийн эрх ашгаа махны бизнест шургуулж, малчдын мах борлуулах зах зээлийг хумьж, төрийн нэрээр далайлгаж өрсөлдөгчгүй бизнес хийн, өөрсдөө өндөр ашиг олж,байгаа. Ийм болохоор л бид малчдынхаа “Малаа зарж, мөнгөтэй болж өвөл, хавартаа бэлдмээр байна” гэсэн дуу хоолойг төр засагт нь дамжууллаа. 

-Манай улсын хүн амын гуравны нэг нь мал аж ахуйн салбартай холбоотой. Тэгэхээр малчдын орлогыг бодитоор нэмэгдүүлэх ажил үнэхээр чухал шүү.

-Малчдыг уламжлалт нүүдлийн соёл ахуйгаа хадгалах соёлын өв тээгч байхын зэрэгцээ нийгэм, эдийн засгийн харилцаанд илүү эрх чөлөөтэй, нээлттэй, тодорхой байр суурьтай, хүчирхэг оролцогчид байх боломжийг нь нээж өгч, малчин бүр мэдлэгт суурилсан бизнесмен болох, малчин өрх бүр чинээлэг дундаж давхарга болох гээд ямар их боломж байгааг таниулж ойлгуулах нь бидний ажлын гол зорилго. Хүмүүс “Загасыг өгөх бус барих аргыг нь зааж өгье” гэж ярьдаг. Нөгөө талаасаа бид малчдынхаа дуу хоолой болохыг хүсэж байна. Ажил, амьдралын эрхээр уул уулын аманд нутаглаж байгаа малчид дуу хоолойгоо нэгтгэж, эрх ашгийнхаа төлөө жагсаал цуглаан хийгээд гүйгээд байх боломж нь хязгаарлагдмал. Энэ байдлыг далимдуулж бизнесийн эрх чөлөөг нь боомилдог байж болохгүй. Малчдын орлогын гол эх үүсвэр болсон махыг хямдхан байх ёстой гэсэн улстөрийн тоглолт хийдэг байж болох уу? Тиймээс бид өөрсдөө малчин айл руу очиж ярилцан санал бодлыг нь нэгтгэж, олон нийтэд дамжуулсаар байх болно. 

-Мах малчны орлогын гол эх үүсвэр бол хот суурин газрын иргэдийн өрхийн төсвийн гол жинг дардаг бүтээгдэхүүн. Тиймээс махны үнэ хямд байх ёстой гэсэн улс төр яваад байгаа байх. 

-Үнэхээр махны үнэ танай өрхийн санхүүд дарамт болоод байгаа бол хоолныхоо махны орц хэмжээг танах арга хэмжээ авч болно. Айлын тогоо руу өнгийх муухай. Гэхдээ бид Coca Cola, SNICKERS-ийг хямд байх ёстой гэхгүйгээр л худалдаж авдаг. Тэгэхээр махны үнийн тухайд малчидтай зах зээлийн зарчмаар наймаалцах нь шударга. Юунд төр засгийн шийдвэрээр далайлгаж, хүчээр зохицуулалт хийгээд байгаа юм бэ? Малчин Дорж, Дулмаа таны хийсэн талх, оймсыг таны хэлсэн үнээр л авдаг. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг сургуулиас тогтоосон жишгээр л төлдөг. Монголчууд бид нэгэнт 30 жилийн өмнө ардчилсан, чөлөөт нийгмийг сонгочихсон юм бол сонгол тондоо үнэнч, итгэл үнэмшилтэй л байх хэрэгтэй гэж би боддог. 

-Малчдын дуу хоолойг төр засагт дамжууллаа гэлээ. Та ер нь өөрөө малчны ахуй амьдрал хэр мэддэг хүн бэ?

-Чинээлэг малчин хөтөлбөр их олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл шингэн явж байна. Тэгэхээр та зөвхөн надаар дамжуулж дүгнэх гэж битгий оролдоорой. Саяхныг хүртэл би малчдын талаар ойлголт, мэдлэг маш бага байсан. Хавар, зун, намар гээд жил тойрон Дорноговь, Өмнөговь, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудаар явж, малчин айлуудаар орлоо, малчидтай ярилцлаа. Малд ч нүдтэй болдог юм байна. Малчны хотонд аз жаргал, амар сайхан, асуудал, гарц шийдэл бүгд л байна. Миний хувьд аль эрт гэрээсээ гараад хотод суурьшчихсан хөдөөгийн залуугаас дутахааргүй л хөдөөний зах зухтай болчих шиг боллоо шүү. Дээр нь нэмээд хэлэхэд би чинь хөдөө гадаа өвөө эмээдээ “хаягдаж” өссөн Монгол хүн шүү дээ. 

-Тиймдээ. Монгол хүнд малч ухаан төрөхөөс заяасан өгөгдөл байх. 

-Бидний хийж байгаа ажлын гол суурь нь эх сүргийн чанарыг сайжруулах юм. Тийм ч учраас малын чанар сайтай зүүн аймгуудаар явж, энэ жилийн төл малаас сонгож 500 хуцан хурга худалдаж авсан. Улмаар Говьсүмбэр аймгийн малчидтайгаа гэрээ байгуулж хуцан хургануудаа өгсөн. Энэ ажлыг хийгээд өдөржингөө хотон дотор хурга жинлээд, шинжээд байхаар чинь нүдэн баримжаа айхтар хөгждөг юм байна. /инээв/ 

Ярилцсанд баярлалаа.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Хятадад цагаан баавгайн чинээ гахай үржүүлжээ

Bloomberg News

Хятадын өмнөд нутгийн нэгэн фермд туйлын баавгайтай адил жинтэй гахай үржүүлж байна. 500 кг жинтэй уг гахайг аварга гахайн сүрэг бий болгох ажлын хүрээнд гарган авчээ. Ийм гахайн махны үнэ 10000 юаньд хүрэхээр байгаа нь жирийн гахайныхаас гурав дахин их орлогыг Жианси мужийн фермер Пан Коны аж ахуйд оруулах юм. Хятадад гахайн махны хомсдол үүсээд буй үед том л бол сайн гэдэг үзэл санаа газар авах төлөвтэй байна. Зүүн өмнөд нутгийн Жилин мужид гахайн махны үнэ өссөнөөс фермерүүд гахайгаа бордон шахаж 200 кг хүртэл таргалуулж байгаа нь дундаж 125 кг жингээс нэлээд давсан үзүүлэлт. Ийм хандлага жижиг аж ахуйнуудаар зогсохгүй томоохон компаниудыг хүртэл хамарч, нядалгааны жин нь дунджаар 110 байсан гахайн жин одоо 140 кг болж, ашгийг 30 хувиар нэмэгдүүлснийг шинжээчид тэмдэглэв.