A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3532/

Театрын бурхан, найруулагчдын манлай Б.Мушгиа

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3532/
  • 30 жилийн дараа гавьяат болохдоо гурван багшаа л хамгийн их санаж билээ
  • 1951 онд Ардын хувьсгалын 30 жилийн ойгоор ЗХУ-д бэлтгэгдсэн анхны дээд мэргэжлийн найруулагчдын нэг С.Гэндэн “Лениний гэр бүл” жүжиг найруулснаар Лениний бага насыг бүтээх болжээ. Энэ бол Б.Мушгиа найруулагчийн Монголын анхны Ленин гэж хэлэгддэгийн учир 
  • "Гитлерийн зүүд" гэдэг ном Б.Мушгиа гуайн санаа сэтгэлийг тэр чигээр нь эргүүлсэн бөгөөд эргэлт буцалтгүй урлагийн хүн болоход нөлөөлжээ
  • Ю.Цэдэнбол дарга Хэнтийд саатахдаа театрт тоглолт үзжээ. Гэтэл ажил нь үнэлэгдэж намын "Үнэн" сонины тэргүүн нүүрт бичигдсэнээр түүнийг төв театр руу татсан ба ерөнхий найруулагчаар томилов


Драмын Мушгиа, баримтат киноны Хишигт гэх мэтээр хийсэн, хийдэг, хийж буй ажлаараа ард түмэндээ овоглуулдаг эрхмүүд Монголд цөөнгүй байлаа. Тэгвэл энэ удаагийн зочноороо олон түмэнд “Драмын ногоон Мушгиа” хэмээн танигдсан урлагийн гавьяат зүтгэлтэн, драмын урлагийн нэрт найруулагч Батмөнхийн Мушгиа гуайг урилаа. Монголын театрын амьд толь бичиг гэгдэх түүнээс сонсох зүйл их ч цаг давчуу учраас зөвхөн уран бүтээл, урлагт хэрхэн хөл тавьсан тухай л ярилцлаа. Өдгөө 90 насыг зооглосон Б.Мушгиа найруулагчийн ухаан санаа цэлмэг, хэл яриа цэгцтэй сайхан байхыг хараад бахархах сэтгэл төрөв. Өөрийнхөө архиваас эмхт гэсэн нэлээд хэдэн хуучны зураг, гар бичмэл тэргүүтнээ ширээний өмнө дэлгэж тавиад энэ бүхнийг л товчхон ярина даа. Хэр хугацаа орох бол гэсээр бидний ярилцлага эхэлсэн юм. Ингээд урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Мушгиа гуайн ярилцлагыг сийрүүлэн хүргэе. 

Урлагт хөл тавьсан он жилүүд Б.Мушгиа гуай хойд аав болон нагац эгчийнхээ гар дээр өссөн. Шүлэг сонирхдог хүүхэд байсных сумын клубээр гүйх дуртай нэгэн байж. Түүнийг аав, эгч хоёр нь цэргийн дарга болгох сонирхолтой байсан ч мань хүний урлагийн хүн болох хүсэл илүү давамгайлсан гэдэг. Энэ талаар тэрбээр ийн ярилаа. “Хэнтий аймгийн Ягаан клубт жүжиг үзэх дуртай хүүхэд байсан. Үзэхдээ мөнгө төлөхгүй. Үзэгчдийн хөл доогуур мөлхөнө, онгорхой цоорхой хаалгаар сэмхэн орно. Орсон хойноо хөшигний араас нууцаар үзнэ. Гэтэл нэг өдөр Ягаан театрын эрхлэгч Амаасүрэн гэж хүн “Намайг нууцаар жүжиг үзээд байна” гэж сургуулийн захиргаанд матдаг юм байна. Удаа дараа матсан шүү. Харин сургуулийн захиргаанаас хичээл хийхгүй байна гэж уурлаад, хөөнө гэв. Би ч дахиад тийм зүйл болохгүй, битгий хөөгөөч гэж гуйсан. Захиргаа ч ёсоор болголоо. Гэхдээ л жүжиг үзэх хүслээ хорьж дийлээгүй. Тэгсэн нэг өдөр өнөөх Амаасүрэн эрхлэгч намайг чихдэж өрөөндөө оруулаад “Чи яасан янзын хүүхэд вэ. Чи тийм их урлаг, уран сайханд дуртай юм бол үүнийг уншаад цээжил гээд нэг ном өгсөн. Тэр Лу.Цэнд-Очир гуайн “Гитлерийн зүүд” гэсэн ном байлаа. Уг номонд 


Ноён гитлер та, нойрсож л байна уу даа

Тавтай сайхан нойрс

Нохой ч битгий хуцуул

Ном дэвтэр ч битгий шагайлга гэж эхлээд

Амаа цангатал элдвийг донгосч байж

Амиа үрэв дээ, та 

Хохь чинь шүү, хохино гэж төгсдөг шүлэг байсан. Би түүнийг нь орондоо нэг, ширээний ард нэг, дэнгийн гэрэлд ч уншсаар цээжиллээ. Ангийнхандаа, клубт, бүр цаашлаад аймгийн цэргийн ангид хүртэл уншсан. Ингэж явсаар “Шүлэгч ногоон хүү” нэртэй болсон. Нэг өдөр Амаасүрэн гуай багшаас зөвшөөрөл аваад намайг дуудав. Яваад очтол “өнөөх шүлэг яав” гэхээр нь “надад байгаа” гэтэл “Тарваганы нүхэнд аваачиж хий. Хэнд ч битгий үзүүл. Дахиад тэр шүлгийг уншаад үзээрэй. Эсэргүү байна тэр чинь” гэж устгуулсан. Яагаад үүнийг ярив гэхээр энэ шүлгийг уншиж би урлагт уруу татагдсан хүн юм” гэв. Ерөөсөө “Гитлерийн зүүд” гэдэг ном Б.Мушгиа гуайн санаа сэтгэлийг тэр чигээр нь эргүүлсэн бөгөөд эргэлт буцалтгүй урлагийн хүн болоход нөлөөлжээ. Улаанбаатарт шинээр байгуулагдсан Урлагийн сургуульд хүүхэд элсүүлэх хүмүүс Норовлинд очиж шалгасан аж. Н.Жавзан, Д.Лхасүрэн, Б.Мушгиа гурав шилэгдэв. Тэд шуудангийн машинаар Улаанбаатар орохоор мордож. Энэ нь Б.Мушгиа гэдэг хүний урлагт амьдралаа зориулах их замын эхэн байлаа. Урлагийн сургуульд ирэхэд нь Э.Оюун гуай уулзаж хоёр, гурван асуулт асууснаа захиргаан дээр оруулаад “Урлаг, уран сайхны сургуулийн сурагч мөн болно” гэсэн үнэмлэх өгчээ. Ингээд багшид нь хүлээлгэж өгөхөд гавьяат жүжигчин Д.Чимэд-Осор гуай угтан авсан гэдэг. Хичээл дээр заавал хоёр гараа зөрүүлээд, номхон суух ёстой гэсэн ойлголттой явсан хөдөөгийн бор хүүд Д.Чимид-Осор багшийн хичээлийн хэв загвар маяг ихэд таалагджээ. Д.Чимид-Осор багш нь оюутнуудыг дугуйрч суулгаад чөлөөтэй ярилцаж байгаа зэрэг нь жигтэйхэн сайхан санагдаж сонирхлыг нь улам дэврээжээ. Үүнийгээ Б.Мушгиа найруулагч “Ингэж театр гэдгийг зөвхөн сургуулиар нь үнэртэж байлаа. Хоёр багш театрт жүжигт тоглоно. Бид даавуугаар цавуудаад наасан салбайсан улаан үнэмлэхээ өвөртлөөд өдөр бүр “Бөмбөгөр ногоон” руу гүйнэ. Багш нарын жүжиглэж байгааг харах нэг ёсны хичээл учраас байн байн үзнэ. Урлагт Г.Жамъян, Г.Дашпунцаг хоёроор уруу татуулж, Д.Цэрэндулам, Д.Чимид-Осор багш нараар хөтлүүлээд орж байлаа” хэмээн ярилаа. Сурагчдын зөвлөлийн дарга болсон тэрбээр шинэ жилээр шилдэг сурагч болж маршал Х.Чойбалсангаас бэлэг гарджээ. Түүнийг зарлахдаа “Урлаг, уран сайхны сургуулийн гавьяат жүжигчин Д.Чимид-Осор багшийн ангийн сурагч Батмөнхийн Мушига” гэхэд мань хүн жигтэйхэн баярласан гэдэг. Багш болон өөрийг нь өсгөсөн аавыгаа ингэж анх баярлуулсан учраас баярлахаас ч яах билээ. 

Монголын анхны Ленин болсон нь 

Театрт ажиллаад хоёр жил болж байтал Д.Намдаг гуайг хэцүү газраас гарч ирсэн тухай хүмүүс шуугижээ. Засгийн газрын ордны зүүн талд буюу одоогийн Хүмүүнлэгийн ухааны сургуулийн хажууд театрын ажилчдын байр байх. Нэг орой Э.Оюун багш нь урлагийн сургуулийн нэг ангийн төгсөгч С.Галсанжав, Б.Мушгиа нарыг Д.Намдагийнд оч гэж. Энэ бол түүний нэрт зохиолч Д.Намдагийн “Залуу үе” жүжигт тоглосон үе буюу алдарт зохиолч түүнд өөрөө дүр өгсөн уулзалт. Тэрбээр Д.Намдаг гуайнд очсон үеэ “Шинэ барьсан жижигхэн цагаан гэрт ортол хөх даалимбан ширдэгтэй, жижиг пийшин, бичгийн ширээ байна. Талханд хутга зоолттой, хажууд нь орос ёотонгийн амыг хайнгадуу урчихсан, шавар тавганд масло тавьчихсан. Цагаан цамц, хар өмдтэй цонхийсэн цагаан хүн цэрэг орон дээр сууж байна. Газраар хэдэн ном дэлгээстэй. Нүд нь их хурц, түргэн хөдөлгөөнтэй хүн бидэнтэй мэндэлж, ойр зуурын асуултад хариулж нутаг усаа мэдэлцлээ” хэмээн дурсан ярив. Д.Намдаг гуайн “Залуу үе” бол хүүхдэд зориулсан жүжгийн анхных нь. Уг жүжгийн Дэндэв гэх атаархуу, хорон санаатай хүүгийн дүрийг бүтээсний дараа хүүхдүүдэд чичлүүлж байснаа дурслаа. Тэгж байтал 1951 онд Ардын хувьсгалын 30 жилийн ойгоор ЗХУ-д бэлтгэгдсэн анхны дээд мэргэжлийн найруулагчдын нэг С.Гэндэн “Лениний гэр бүл” жүжиг найруулснаар Лениний бага насыг бүтээх болжээ. Энэ бол Б.Мушгиа найруулагчийн Монголын анхны Ленин гэж хэлэгддэгийн учир. Лениний бага насанд тоглохоор сургуулилт хийж байхад нь ардын жүжигчин Ц.Цэгмид байнга хөшигний цаанаас хараад зогсдог байж. Тэр мундаг хүнээс айж, сандарсандаа яагаад хараад байгааг нь асуухад “Би Лениний идэр насанд тоглох учраас чиний үргэлжлэл. Чи амьдралыг хэрхэн харж, сэтгэж байгаагаас чинь миний дүр шалтгаалах учраас хооронд нь уяж өгөх учиртай” гэжээ. Б.Муш гиа гуай театрт 50 гаруй жилийг өнгөрүүлсэн ч ердөө долоо, найман жүжигт дүрээ мөнхөлсөн нэгэн. Харин найруулагчийн хувиар 70 гаруй жүжгийг тайзнаа амилуулсан байна. Хамгийн сонирхолтой нь кино огт найруулж үзээгүй ч хожим нь Халхын голын ялалтын 70 жилийн ойд зориулсан кинонд дүрээ үлдээжээ. Энэ нь түүний 90 насны амьдралд тохиосон анхны бөгөөд сүүлчийн кино юм. 


45 хоногт "Интоорын цэцэрлэг"-ийг найруулж, 15 хоногт "Яндангийн дуу"-г босгов

Найруулагч Б.Мушгиаг 45 хоногийн дотор А.П.Чеховын “Интоорын цэцэрлэг” жүжгийг Монголын тайзнаа амилуулсан гэхээр одоо ч олон хүн гайхдаг. Гэхдээ тэр өөрөө хүссэндээ бус А.Таяа даргын тушаалаар дээрх бүтээлийг 45 хоногт багтаан найруулжээ. Энэ талаараа ярихдаа “Чехов гэдэг хүний ертөнцийг дутуу таньж, гүн нэвтэрч чадаагүй учраас тийм сайн жүжиг болоогүй байх. Хэрвээ үнэхээр сайн болсон бол өнөөдөр хүн бүхэн дурсана шүү дээ. Бас Б.Мөнхдорж Чеховын дотоод сэтгэлийг гүйцэд гаргаж чадаагүй учраас түүний найруулснаар олонд хүрсэнгүй. Антон Павлович Чехов өөрөө мөлжүүр ихтэй учраас дутуу орхисон” гэв. Хэдийгээр олны хүртээл болоогүй ч тухайн үеийн үзэгчдээс энэхүү жүжиг өндөр үнэлгээ авч чаджээ. “Интоорын цэцэрлэг”-ийг 45 хоногт багтаан найруулж, тайзнаа тавьсныг сонссон Азербайжаны иргэн уулга алдаж “Яаж халтуурдсан бол” гэж гайхширч, бас Б.Мушгиа найруулагчийн эр зориг, чадварыг үнэлжээ. Тэгвэл “Яндангийн дуу” жүжгийн зохиол, санааг зохиолч Ч.Чимид, найруулагч Б.Мушгиа нар 15 хоногийн дотор олсон байх юм. Ингэхдээ бас л даргын тушаалаар Зүүнбаянд очихдоо зохиолоо “босгожээ”. Ч.Чимид гуай зохиолоо дуусгаснаас хойш хоёр сарын дараа жүжиг эцсийн байдлаар бэлэн болж тайзнаа тавьсан байна. 

"Ромео Жульетта"-г монголчуудтай танилцуулсан нь 
Б.Мушгиа гуай мэргэжлийн найруулагч болсон анхны томилолтоороо Хэнтийг зорьсон байна. Гурван сарын томилолт гурван жил болж сунаад байтал Ю.Цэдэнбал дарга намын хорооны бүгд хуралд суугаад буцах гэтэл цаг агаар муудаж онгоц нисэхгүй хоёр хоног саатахдаа аймгийн театрын тоглолт үзжээ. Гэтэл ажил нь үнэлэгдэж намын “Үнэн” сонины тэргүүн нүүрт бичигдсэнээр түүнийг төв театр руу татсан ба ерөнхий найруулагчаар томилов. Ингээд уг албанд гурван жил ажиллахдаа ажилчин ангийн бодит амьдралаас урган гарсан “Яндангийн дуу”, “Алтан загасны үлгэр”, “Интоорын цэцэрлэг” зэрэг олон бүтээл найруулжээ. Тэгвэл түүний амьдралын түүхийн бас нэг салшгүй хэсэг нь Хүүхэд, залуучуудын театр. Тус театрын анхны даргаар очсон үедээ “Ромео Жульетта”-г тайзнаа тоглуулсан юм. Хамгийн сонирхолтой нь бас л дээрээс өгсөн даалгавар байлаа. 1966 онд Соёлын яамнаас С.Гэндэн найруулагчтай хамтран “Ромео Жульетта хоёр” жүжгийг тавих үүрэг өгчээ. Ингэснээр агуу хайрын бэлгэдэл болсон “Ромео Жульетта хоёр” жүжигтэй Монголын үзэгчид анх удаа танилцаж байлаа. Тухайн үед найруулагч Б.Мушгиа, С.Гэндэн нар анхны Ромеогийн дүрийг Ц.Готовт, Жульетагийн дүрийг Б.Энхтуяад ямар ч эргэлзээгүйгээр өгсөн гэдэг. Уг жүжгийг хамгийн сүүлд Төрийн соёрхолт Н.Наранбаатар тайзнаа амилуулсан бөгөөд энэ талаар ярихдаа “Би Н.Наранбаатарын найруулсан “Ромео Жульетта”-г хоёр удаа үзсэн. Түүний найруулан тавьсныг зөвшөөрөн хүлээн авч дэмжиж байгаа. Гол үзэгчид хэн бэ гэдгийг судалж XXI зууны шийдлээр тавьсан байна билээ. Зарим хүн Шекспирийн үнэр үзэл бодол хөндийрсөн байна гэж шүүмжилсэнтэй санал нийлэхгүй. 1960 онд ингэж тавихгүй. Цаг үеэ дагасан шийдэл нь зөв” хэмээн бодлоо хуваалцлаа. 

30 жилийн хүлээлт 

Б.Мушгиа найруулагч амьдралд бууж өгөлгүй хөдөөгийн Соёлын ордныг театр болгон өргөжүүлж, тухайн үедээ олон жүжиг найруулж, том хэмжээний концерт дэглэж, ёстой л урлагийн төлөө зүтгэсэн нэгэн аж. Түүнийг 1984 онд Дундговийн театрт ажиллаж байхад нь Урлагийн гавъяат зүтгэлтэн цолд тодор-хойлсон байна. Дундговь аймгийн соёл урлагийн 10 хоног Улаанбаатарт болоход Урлагийн гавъяат зүтгэлтэн болгох шийдвэр гарсан учраас Засгийн газрын ордонд дуудсан гэнэ. Гэтэл дарга нар хоёр цаг гаруй хуралдсаны эцэст бүх хүнийг шагнаж дууссаны дараа энгэрт нь “Алтангадас” одон зүүж өгчээ. Шалтгаан нь намын гишүүн, эвлэлийн дарга байсан хүн гэр бүлээсээ салсан шалтгаанаар Урлагийн гавьяат зүтгэлтэн цолыг буцаасан байж. Энэ тухай 90 настай тэрбээр дурсахдаа “Алтан гадас одон зүүгээд театр дээр очиход Э.Оюун багш “Ээ хоншооргүй золиг. Хэзээ нэгэн цагт чи энэ цолыг авах л болно доо” гээд уйлж байсан юм. Ажлын шаардлага, намын даалгавар эргээд намайг буруутгах шалтгаан болж, миний сэтгэлд насаар минь хар тамга дарсанд гомдож явдаг юм” гэв. Ингээд 2014 онд буюу анхны тодорхойлолтоосоо хойш 30 жилийн дараа урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ цоолсон билээ. Түүнээс 30 жил хүлээсэн шагналаа авахад танд юу бодогдсон бэ гэхэд “Хамгийн түрүүнд Э.Оюун гуай, Д.Чимид-Осор, Нямаа багш гурваа л бодлоо. Энэ гурвын гараар орсондоо баярлаж явдаг хүн. Амьдад нь тэр олон багшдаа гавьяат болсноо хэлж чадаагүйдээ харамсдаг. Мэдээж төр засаг, түмэн олны хайр хишгийг хожуу ч гэсэн хүртсэндээ баярлаж явна. УДЭТ-т дахин харьяалагдаж, хамт олонтойгоо нийлсэндээ баярлаж байна даа” гэж хэлээд нулимс бөмбөрүүлсэн юм. Энэ дашрамд, Б.Мушгиа гуай Улсын драмын эрдмийн театрын удирдлага, хамт олонд алтан үеийн уран бүтээлчдээ дурсан “Бид мартахгүй-Алтан тайзны эзэд” арга хэмжээг жил бүр зохион байгуулж, биднийгээ уулзуулдагт чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байгааг минь хэлж өгөөрэй гэснийг сониноороо дамжуулан уламжилъя. Түүнийг урлагийн янжинлхам бурхан ивээх болтугай.



















A

Жижиг

A

Дунд

A

Том

Хязгааргүй оддын доор унтаж, өвлийн тайгыг тольдоно гэдэг гайхамшиг

 0 сэтгэгдэл
  • Задгай тэнгэрийн дор 35­-40 хэмийн хүйтэнд, урцанд хононо гэдэг бас л сонирхолтой шүү дээ. Бид таван одтой зочид буудал гэж ярьдаг бол таны дээр долоон тэрбум од гялалзаж, тэр аниргүйд амар­на гэдэг маш гоё мэдрэмж. Нэг талаа­саа аялал бол сэтгэл зүйн эмчилгээ
  • Монголчууд сүүлийн үед аялалд ихээхэн татагдаж, адал явдлыг эрэлхийлэх болсон. Гэхдээ зөвхөн урин дулаан цагт л аяллын сезон ордог гэвэл эндүүрэл. Өвлийн улиралд ч мөн байгалийн сайхныг тольдож, аяллаар явах боломж бий. Энэ удаагийн “Амьдралын хэмнэл” буландаа өвлийн тайгын аялал зохион байгуулагч, Ebis travel ХХК-ийн захирал О.Эрдэнэбилэгийг урьж оролцууллаа. Тэрбээр өвлийн улиралд аялах боломжуудын талаар сонирхолтой мэдээлэл хуваалцсан юм

-Та анх яагаад аялал жуулчлалын салбарт хөл тавих болсон бэ?

-Аялал жуулчлал бол маш том салбар. Зарим улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 80 орчим хувийг зөвхөн энэ салбараас бүрдүүлдэг бол манай улсын хувьд 0.1-0.2 хувь байгаа нь харамсалтай санагддаг. Монголд зөвхөн зун биш дөрвөн улирлын турш аялуулах зах зээл байгааг анзаарсан учраас энэ салбарт хөл тавьсан. Би аяллын нэвтрүүлэг бэлдэж байх үеэрээ энэ санаагаа олсон юм. Хөтөлбөрийн дагуу аялдаг хүн олон зүйлийг үзэж харж чадахгүй өнгөрөөдөг юм билээ. Тийм болохоор ганцаараа тойрон аялал хийсэн. Баруун гурван аймгаар 60 хоног явж үзсэний дараа, говиор 50 хоног багийн аялалд гарсан. Маш олон зүйлийг мэдэж авч, өвөл заавал аялах хэрэгтэй юм байна гэж бодсон.

-Монголд аялах маш олон боломж байна. Яагаад заавал өвлийн аялал гэж?

-Намайг бага байхад маш гоё өвөл болдог байлаа. Цас будраад л, үнэхээр тансаг. Өвөл үзэсгэлэнтэй улирал шүү дээ. Гэхдээ нийслэл хотод тийм тансаг мэдрэмж авах боломж бага. Өвлийн аяллаар явж байхдаа тайгын цаатан ардын ахуй амьдралыг хараад энэ зүйлийг олон хүнд харуулах юмсан гэж бодсоны үндсэн дээр аяллаа зохиож эхэлсэн. Задгай тэнгэрийн дор 35-40 хэмийн хүйтэнд, урцанд хононо гэдэг бас л сонирхолтой шүү дээ. Бид таван одтой зочид буудал гэж ярьдаг бол таны дээр долоон тэрбум од гялалзаж, тэр аниргүйд амарна гэдэг маш гоё мэдрэмж. Нэг талаасаа аялал бол сэтгэл зүйн эмчилгээ.

-Өвлийн улиралд аялах нь ямар давуу талтай вэ?

-Хүний биеэ даах чадвар сайжирна. Хэрхэн даарахгүй байх вэ, яавал өвчлөлөөс сэргийлэх вэ гэх наад захын мэдлэгийн хүрээ ч тэлдэг. “Өвлийн аялалд яваад мөсөн дээр алхаж сурсан болохоор халтирч унахгүй явж чаддаг болсон” гэж багийнхан маань хошигнодог юм. Онгон зэрлэг байгалиар аялж байгаа учраас ховор, зэрлэг ан амьтдыг харах боломжтой. Жишээлбэл, зэрлэг гахай явлаа гэхэд мөр нь гарна. Мөр дагаад явахад тэр амьтныг заавал хардаг. Мөн хамгийн цэвэр тунгалаг агаар тайгад л бий шүү дээ. 

-Хүйтэн сэрүүний улиралд аялахдаа юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

-Шөнө унтахдаа л хамгийн их анхаарах хэрэгтэй. Дулаан гутал хувцастай явах ёстойгоос гадна зориулалтын мишок, гудас, хувцас хэрэглэлтэй байх ёстой. Мөн хөл үргэлж хуурай байх нь чухал. Толгойгоо хэрхэвч дааруулж болохгүй. Дээл бол аялалд хамгийн тохиромжтой, олон талын ашигтай хувцас. Манайх аялагчдадаа дээл бэлэглэдэг болоод байгаа. 

-Та өвлийн тайгын аялал зохион байгуулах тал дээр арвин туршлагатай. Энэ төрлийн аялалд хэдий хэмжээний зардал гардаг вэ? 

-Хамгийн түрүүнд -30 болон -50 хэмд зориулсан хоёр ээлжийн гутал шаардагдана. Дулаан дотортой өмд, олон тооны оймс, зориулалтын мишок, нарны шилнээс эхлээд хувцас хунар бэлтгэхэд дор хаяж 500 гаруй мянган төгрөг шаардлагатай. Манай аяллын хувьд 1.1 сая төгрөгийн төлбөртэй. Төлбөрт машин унаа, -45 хэмд тэсвэртэй майхан, жуулчны бааз, хоол хүнс, цаа бугын аялал, галын наадам гэх мэт зардал багтдаг. Галын наадамд хүмүүс хамгийн дуртай. Бидний байнга очдог зүүн тайгын овгийн ахлагч Цагаан Ганбаа гээд ах маань “Салют хэзээ буудуулах вэ” гээд л асуудаг. Түүнчлэн тэнд очсон гаднын жуулчид давхар Монголоор аялах боломжийн талаар мэдээлэлтэй болоод явдаг.

-Хөвсгөлийн тайгын аяллын маршрут ямар байдаг вэ. Ямар ямар газар үзэж, нүд сэтгэлээ баясгах боломжтой бол?

-Манайх энэ чиглэлээр Монголдоо анхдагч. Аяллын маршрутаа улирал тутам өөрчилдөг. Хамгийн ойрын аялал нэгдүгээр сард эхэлнэ. -40 градус давах Дархадын хотгороос эхлээд Зүүн тайга, Ар босготын хавцал, Хорьдолын даваа, Тэнгис, Шишгэд голын бэлчир, үзэсгэлэнт Жаргант гол гээд олон газрыг үзэж сонирхоно. Хорьдол сарьдагийн нурууг тэр чигээр нь харж, Хөвсгөл аймгийн Цагаан нуур суманд хүрч, зүүн тайгын цаатан ард дээр зочилдог. Үүний дараа ОХУ-ын Енисей мөрөнд цутгадаг Тэнгисийн гол, түүнтэй нийлдэг Шишгэдийн гол хоёрын бэлчир дээр долоон тэрбум одны доор хонодог. Нутгийн аялгаар Жаргант буюу Жаргалант гол нь өвөл хөлддөггүй үнэхээр үзэсгэлэнтэй байгалийн тогтоц. Мөн газар үзэхээс гадна сайхан найз нөхөдтэй болж, гэр бүлийн амьдрал зохиосон хүмүүс ч бий. Сонирхуулахад би аялж байхдаа эхнэртэйгээ учирсан. 





A

Жижиг

A

Дунд

A

Том

Юн Сок Хён: НДШ-ийн нэмэгдэлд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн талаар байр сууриа илэрхийлэхэд эрт байна

 0 сэтгэгдэл
  • Гадаад өрийн эргэн төлөлтийг хасаж тооцвол 2020 оны төсөв алдагдалгүй батлагдсан
  • Одоогоор Монгол Улстай хамтрах дараагийн хувилбарын талаар эрх баригчидтай ярилцаагүй байгаа, ирэх оны эхээр тодорхой болно
  • ОУВС хувийн хэвшил (Оюутолгой ХХК)-тэй холбоотой асуудалд шууд тайлбар хэлдэггүй.Монгол улс уул уурхайн салбартаа хөрөнгө оруулалт татах хэрэгтэй гэдгийг л хэлэх байна
  • 2020 оны парламентын сонгууль бодлогын тогтвортой байдлыг алдагдуулах гол эрсдэлтэй. Тэр дундаа мөнгө, сангийн бодлогын тогтвортой байдал алдагдаж магадгүй

2020 оны төсвийн хуульд төвлөрүүлэхээр тусгасан орлогын тодорхой хэсэг нь ирэх онд дахин нэмэгдэх нийгмийн даатгалын шимтгэлийн өсөлтөөс орж ирнэ. Сангийн яамны мэдээлж байгаагаар ирэх оны өсөлт нь зайлшгүй бөгөөд  Олон улсын валютын сангаас тавьж буй хатуу шаардлага аж. Засгийн Газрын Мэдээ сонин ирэх онд хаах тус сангийн  Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн явцын тухай Олон Улсын Валютын Сангийн Монгол дахь суурин төлөөлөгчөөр томилогдоод удаагүй байгаа Юн Сок Хёнтой ярилцлаа.

 -ОУВС, Монгол Улсын Засгийн газрын хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” ирэх оны тавдугаар сард дуусна. Хөтөлбөрийн хэрэгжилтэд та ямар үнэлгээ өгч байгаа вэ. Алдаж, оносон зүйл юу байна?

-Монгол Улсын макро эдийн засаг тогтворжиж, эдийн засаг өсөж байгаа нь сайшаалтай. 2016-2018 оны хооронд төсвийн тэнцэлд гарсан эерэг өөрчлөлт (ДНБ-ий 17 хувь) ОУВС-гийн хөтөлбөрийн түүхэнд гарсан хамгийн дорвитой өөрчлөлтийн нэг боллоо.Хөтөлбөрийн хүрээнд төсвийн бодлогод өргөн хүрээний шинэчлэл хийсэн. Засгийн газрын өрийн ДНБ-д харьцуулсан харьцаа 14 хувиар багаслаа. Мөн гадаад валютын цэвэр нөөц бараг гурав дахин өссөн. Өмнө нь буюу 2016 онд нэг орчим хувьд хүрч буураад байсан Монголын эдийн засгийн өсөлт бүрэн сэргэсний зэрэгцээ инфляц төв банкны зорилтот найман хувь орчимд тогтворжлоо. Нөгөө талаар бүтцийн шинжтэй шинэчлэл хангалтгүй байна. Энэ дунд санхүүгийн салбарын зарим шинэчлэл, банкуудыг капиталжуулах бүтцийн өөрчлөлтийн үр дүн алаг цоог байна. Мөн засаглал, хууль дээдлэх явдал сулаас авлигад эмзэг хэвээр байгаа нь хөгжилд тушаа болж, улсын эдийн засгийн хамгийн том эрсдэлд тооцогдож байна.

-2020 оны төсвийн хуулийн талаар та ямар бодолтой байна. Төсөв батлахаас өмнө Сангийн яаманд ОУВС ямар нэгэн зөвлөмж өгсөн үү. Танай зөвлөмжийг салбарын яам хэр биелүүлсэн гэж үзэж байна вэ?

-Төсвийн төслийг Засгийн газар УИХ-д өргөн барих үеэр ОУВС авч үзэх завшаан тохиолдсон. Ирэх оны төсөв ч улсын их өрийг бууруулахад чиглэх ёстой гэх зарчим дээр бид эрх баригчидтай тохиролцсон. 2020 оны төсөвт зардал өссөн нь өрийг бууруулахад гаргасан саяхны амжилтаа зарим талаар сулруулж байна. Гэхдээ сүүлийн хэдэн жилийн нааштай өөрчлөлтийн ачаар энэхүү зардлыг нөхнө гэж бид үзэж байгаа. Ер нь гадаад өрийн эргэн төлөлтийг хасаж тооцсон дүнгээр 2020 оны төсөв алдагдалгүй батлагдсан гэж үзэж байгаа. Эдийн засаг үргэлжлүүлэн өсөх учраас дүнд нь дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцах гадаад өрийн хэмжээ буурах боломжтой.

-Нийгмийн даатгалын шимтгэл нэмэхийг хөдөлмөр эрхлэгчид болон хувийн хэвшлийнхэн эсэргүүцсээр байна. Энэ  асуудлыг эргэн харах талаар Засгийн газраас танайд ямар нэг хүсэлт ирсэн үү. Ер нь энэ өсөлтийг эргэж харах боломж бий юу?

-ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахдаа ирэх гурван жилд нийгмийн даатгалын шимтгэлийг нийт  таван хувиар нэмэх үүргийг Монголын Засгийн газар хүлээсэн. Энэ үүргийнхээ дагуу эрх баригчид төрийн санхүүжилтийн тогтвортой байдлыг, ялангуяа (ойрын ирээдүйд өсөх тэтгэврийн хэмжээ тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээнээс хэтэрч алдагдал үүсэх) тэтгэврийн тогтолцоог сайжруулах зорилт тавьж байгаа. Монголын тэтгэврийн тогтолцоо нь хүн амын бага, дунд орлоготой хэсгийг дэмжих, орлогын дахин хуваарилалтад шийдвэрлэх үүрэгтэй. Цаашид ч энэ үүргээ биелүүлэхийн тулд хангалттай санхүүжилттэй байх ёстой.ОУВС-гийн тусламжийн хөтөлбөр эхэлснээс хойш төсвийн орлого сайн байгаа ч Монголын тэтгэврийн тогтолцоо эмзэг хэвээр. Шимтгэлийн хэмжээг нэмэхгүй бол 2016 онд ДНБ-ий хоёр хувь байсан тэтгэврийн сангийн алдагдал 2030 он гэхэд зургаа, 2050 онд бүр 11 хувьд хүрэх тооцоог Дэлхийн банк гаргасан. Монголын хүн амд тэтгэврийн насныхны эзлэх хувь нэмэгдэж байгаа энэ үед сангийн алдагдал өсөж байгаа нь эрсдэл мөн. Үүн дээр 2012, 2017 оны бодлогын өөрчлөлт тэтгэврийн тогтолцоонд сөргөөр нөлөөлсөн. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг өсгөөд ч алдагдлыг бүрэн нөхөж чадахгүй. Энэ алдагдлыг анхаарч арга хэмжээ авахгүй бол Засгийн газар татвар нэмэх, бусад зардлаа танах, тэртэй тэргүй их байгаа Монголын өрийн дарамтыг улам ихэсгэхээс аргагүйд хүрнэ.

-Нийгмийн даатгалын шимтгэл өсгөх заалттай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч мягмар гарагт 2020 оны төсвийн хуульд хэсэгчлэн хориг тавьсан. Энэ хоригтой уялдуулан ОУВС-гийн байр суурь өөрчлөгдөх үү?
-Бид 2020 оны төсвийн талаарх Ерөнхийлөгчийн арга хэмжээг сонссон. Одоо байдлыг судалж байгаа тул байр сууриа илэрхийлэхэд хэт эрт байна.

-ОУВС-гийн харж байгаагаар, тэтгэврийн сангийн алдагдлыг нөхөхийн тулд нийгмийн даатгалын шимтгэлийг өсгөхөөс өөр арга бий юу. ОУВС хөтөлбөрөөрөө нийгмийн эмзэг хэсгийг хамгаалах зорилготой ч бодит байдал дээр уг арга хэмжээ дундаж ангийг улам хумьж, ажилгүйдлийг ихэсгэх шалтгаан болж байна шүү дээ.

-ОУВС-гийн тусламжийн хөтөлбөрийн эн тэргүүний үр дүн бол макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, ядуусыг хамгаалах явдал гэж бид үздэг. Жишээ нь, инфляц ихсэх нь ядууст хамгийн уршигтай. Тогтвортой байдлыг хангаснаар эдийн засгийн өргөн цараатай өсөлт үүсгэхэд шаардлагатай хөрөнгө оруулагчдад ч итгэл өгнө.ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр бүр ч том зорилго тавьж, нийгмийн хамгааллын зардлыг хамгаалах, цаашид энэ төрлийн зардалд шаардлагатай бааз суурь бий болгохыг эрмэлзэж байгаа. Ийм зардлын үр өгөөжийг сайжруулах, тогтвортой санхүүжүүлэхийн тулд ОУВС түншүүдийнхээ хамтаар Монголын эрх баригчидтай хамтран ажиллаж байна.

-Бүтцийн шинэчлэл хугацаандаа хэрэгжиж чадахгүй бол Монголд ямар эрсдэл тулгарч болох вэ?

-Монгол Улсад дунд хугацаанд тулгарах сорилт бол нийтийн тогтвортой, сайн сайхан байдлыг хангахын тулд байгалийн нөөц баялгаа ашиглах. Үүний зэрэгцээ Хятадын эдийн засгийн удаашрал, зэсийн үнийн уналт, 2020 оны парламентын сонгуультай холбоотой тодорхойгүй байдал зэрэг ойрын хугацааны эрсдэл ч тулгарна.Ялангуяа төрийн болон хувийн салбарын өр их, банкны салбарын шинэчлэл бүрэн дуусаагүй, хөрөнгө оруулалтын уур амьсгал гадаадын шууд хөрөнгө оруулалтад төдийлэн таатай бус өнөөгийн нөхцөлийг харгалзан үзэх юм бол Монгол Улс эрсдэлд эмзэг хэвээрээ байна. Засаглалаа сайжруулж, авлигыг бууруулан, ил тод байдлыг бэхжүүлэх нь Монгол Улс хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт эдийн засгаа төрөлжүүлж, бизнесийн өрсөлдөөнт орчныг дэмжих замаар тогтвортой өсөлт үүсгэхэд чухал юм.

-Ирэх оны парламентын сонгуулийг угтаад бодлого тодорхойлогчид хэдийн популист мэдэгдлүүд хийгээд эхэлчихлээ. Үүнтэй холбоотой эрсдэл үүсэх болов уу?

-2020 оны парламентын сонгууль бодлогын тогтвортой байдлыг алдагдуулах эрсдэлтэй. Тэр дундаа мөнгө, сангийн бодлогын тогтвортой байдал алдагдаж магадгүй. Ирэх 2020 оны төсөв Засгийн газрын их өрийг багасгахад чиглэсэн хянуур байдлаа хэвээр хадгална гэж бид хэлэх байна. Үүний зэрэгцээ эрх баригчид макро тогтвортой байдлыг хангах нь ийм эрсдэлээс сэргийлэхэд тус болох ёстой. 

-“Оюутолгой”-н гэрээтэй холбоотойгоор Монголын парламентаас сүүлд гаргасан шийдвэрт ОУВС ямар байр суурьтай байна вэ. ОУВС-гийн хөтөлбөрийн дараа Монголд нийт 5.5 тэрбум ам.доллар зориулахаар болсон донор байгууллагууд үүнд хэрхэн хандаж байна. Донор байгууллагуудаас та бүхэнтэй холбогдсон уу?

-Хувийн компаниудын асуудалд ОУВС шууд тайлбар хэлдэггүйг анхааралдаа авна уу. Монгол Улс уул уурхайн салбартаа гадаадын хөрөнгө оруулалт татах нь туйлын чухал гэдгийг л бид хэлэх байна. Монгол Улс экспортын чадавхаа бүрэн ашиглах, дотооддоо нийгэм, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхэд энэ хөрөнгө оруулалт чухал шүү дээ. 

-Ирэх тавдугаар сард “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” дуусмагц юу болох вэ. Залгаад л УИХ-ын сонгууль эхэлнэ. Хөтөлбөр хэрэгжих гурван жилийн хугацаанд Монголын бодлого тодорхойлогчид цаашид улсаа тогтвортой залаад явчих сахилга бат суусан болов уу?

-ОУВС-гийн тусламжийн хөтөлбөр хэрэгжих явцад ахиц дэвшил их гарсан ч амжилтаа тунхаглахад эрт байна. Хөтөлбөр 2017 онд эхэлснээс хойш бодлогын суурь бэхжиж, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад эрэлт нэмэгдсэнээр эдийн засаг мэдэгдэхүйц сэргэлээ. Гэхдээ болзошгүй гадаад шокод Монгол Улс эмзэг хэвээр байгаа. Төсөв, санхүүгийн нөөц бололцоо болон гадаад зах зээлийн гэнэтийн нөхцөл байдлаас хамгаалах “зөөлөвч” (буффер) хангалтгүй хэвээр. Өргөтгөсөн санхүүжилтийн энэ удаагийн хөтөлбөр 2020 оны тавдугаар сард дуусгавар болох товтой. Одоогоор Монгол Улстай хамтрах дараагийн хувилбарын талаар эрх баригчидтай ярилцаагүй байгаа, ирэх оны эхээр тодорхой болно.ОУВС-гийн хөтөлбөр эхэлснээс хойш Монголын эрх баригчид уг хөтөлбөрийг хэрэгжүүлж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад мэдэгдэхүйц дэвшил гаргасан. Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах байр сууриа тууштай баримталсаар байгаа эрх баригчдын хүч чадварт бид ч итгэж байна.










 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Улаанбаатарын агаар угаартай хэвээрээ байна

 0 сэтгэгдэл
  • Агаарын найрлагад байгаа угаарын хорт хийний 40 хувь нь хуучин автомашины утаа гэсэн эрдэмтдийн дүгнэлтийг хүлээн зѳвшѳѳрлѳѳ
  • Хүн ам ихээр төвлөрсөн, оршин суугч олонтой нийслэл хотуудад хуучин автомашин, дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл оруулахгүй байхыг G20-ын гишүүн орнууд уриалж байна

Өнгѳрсѳн жилийн яг ѳдийд Улаанбаатар хотын утаа, угаар, агаарын бохирдлын индекс дээд хэмжээндээ тултал ѳсч, гамшгийн түвшинд хүрээд байв. Судлаачид үүнд маш их эмзэглэж, тѳрд анхааруулга ѳгч байлаа. Гэтэл “агаарын бохирдлыг ямар үзүүлэлтээр гаргачихаад гамшиг гээд байгаа юм бэ” гэж уцаарлах УИХ-ын гишүүн ч бий. Ингээд бодохоор танин мэдэхүйн түвшин мѳн ч хѳѳрхийлѳлтэй байж дээ. Одоо ч гэсэн ойлголтын зѳрүү ихтэй, түүгээр ч зогсохгүй агаарт байгаа угаарын найрлагатай холбоотойгоор улс тѳр хийж, үнэн байдлыг гуйвуулах хандлага дахин газар авлаа. Хэн нэгнийг л буруутган ѳѳрсдѳѳ тодорч байвал хѳгжил дэвшлийг ухраах юу ч биш болчихоод байгаад нийслэлчүүд дургүйцэж байна. Сайжруулсан түлшийг элдвээр муучилж, гоочлох нь хүрэн нүүрсийг яаж ийж байгаад эргэлтэд оруулчих болчимгүй бодол, зорилготой бүлэглэл байгааг ч хууль хяналтын байгууллага анхааралдаа хэдийн аваад байна. Засгийн газраа түлхчих бодол ганц сѳрѳг намд ч байгаа юм биш. Утаа угаарын ард ийм улс тѳр яваад байгааг ч үгүйсгэхгүй. Гэхдээ шинэ сонгуулийн жил хариугүй гарлаа. Ширвээд хаячихаж болохгүй юм гэж байна. Засгийн газар, банкны систем, залуусын элдэв хөдөлгөөнийг нурааж болохгүй. Утааны асуудал бараг шийдэгдсэн. Харин угаарын асуудал байсаар байна! Энэ бол бодитой дүгнэлт. Угаарын учрыг олох гэж цаг гарган суусны дүнд сонирхолтой зүйл ажигласнаа мэдээлэх гэсэн юм. Улаанбаатарын агаарын бохирдлыг минут тутамд гарган шинжиллээ. Яг одоо нийтлэл бичиж суугаа энэ ялдамд Улаанбаатарын агаарын бохирдол маш бага, Чингисийн ѳргѳн чѳлѳѳ хавиар бүр эрүүл гэж харагдаж байна. Ер нь сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлснээс хойших хугацаанд хэд хэдэн удаа эрүүл гэсэн ногоон гэрэл асч байв. Дэлхийн зарим мэдээллийн хэрэгслээр Улаанбаатар утааны асуудлаа шийдлээ гэж бичиж байна. Цаг, минутаар ажиглалт хийж үзэхэд ѳглѳѳний 9-11 цаг, оройн 17-19 цагийн орчимд агаар дахь хорт утааны найрлага ихсээд байна. Үүнийг ѳглѳѳ, оройны цай хоолтой анх холбон ойлгоод байтал тийм биш, харин түгжрэлтэй холбоотой болох нь нотлогдсон. Тээврийн хэрэгслийн яндангаар цацагд-сан угаар агаарын бохирдлыг ихэсгэж, нийслэлчүүд байнгын хордолттой, толгой тархины ѳвдѳлттэй явдаг нь ойлгомжтой боллоо. Шатахууны дутуу шаталтаар ялангуяа СО2, SО2 гэсэн угаарын хий онцгой ялгардаг. Энэ нь агаарын бохирдолд асар их нѳлѳѳтэй нь ойлгомжтой боллоо. Би өмнө нь хэд хэдэн нийтлэл бичиж байсан, тэнд тээврийн хэрэгслийн янданг шүүлтүүржүүлэх асуудлыг гарцаагүй хийх гурван зүйлийн нэг гэж дүгнэсэн. Үүнийг эргэн сануулахаар шийдлээ, цаашид ч давтан сануулсаар байх болно. Саяхан Мадридад болсон агаарын бохирдолтой тэмцэх дэлхийн тэргүүлэх орнуудын зѳвлөгѳѳн ажлаа дуусгаж, бүх улс орон зайлшгүй мѳрдѳх ёстой хэд хэдэн чухал дүгнэлтийг гаргалаа. Энэ зѳвлөгѳѳ нь есдүгээр сард АНУ-д болсон агаарын бохирдолтой тэмцэх саммитын үргэлжлэл, дэлхийн цаг уурын дулааралтай тэмцэх G20-ийн гишүүн орнуудын зѳвлөгѳѳний шийдвэрийг хэрэгжүүлэх чухал арга хэмжээнүүдийг хэлэлцсэн юм. “Галт уулын дэлбэрэлтээс үүссэн хорт бодисын нэгдэл, хуучин автомашины яндангийн утаа бол нэг юмны хоёр тал” гэсэн дүгнэлтийг хийлээ. Хүн ам ихээр тѳвлѳрсѳн, оршин суугч олонтой нийслэл хотуудад хуучин автомашин, дизель хѳдѳлгүүртэй тээврийн хэрэгсэл оруулахгүй байхыг улс орнуудад уриаллаа. Хотын тѳв рүү орж ирсэн хуучин машинд 90 еврогийн торгууль оногдуулж байх шийдвэр гаргасан Мадрид хотын шийдвэрийг дагахыг бас уриаллаа. Мөн Хойд мѳсѳн далайн мѳсний хайлалт нь дизель хѳдѳлгүүртэй холбоотой гэсэн эрдэмтдийн дүгнэлтийг хүлээн зѳвшѳѳрлѳѳ. Аль Монреалийн протоколоор хатуу хориглочихсон агаар бохирдуулагч аэрозоль-материалыг одоо хүртэл зарим орон хэрэглэсээр байгааг хатуу шүүмжилж, арга хэмжээ авах болно гэж мэдэгдлээ. Агаарын найрлагад байгаа угаарын хорт хийний 40 хувь нь хуучин автомашины утаа гэсэн эрдэмтдийн дүгнэлтийг хүлээн зѳвшѳѳрлѳѳ. Энэ зѳвлөгѳѳний дүгнэлт шийдвэрийг Монгол Улс мѳрдѳхѳѳс ѳѳр арга байхгүй ээ. Олон улсын байгууллагаас орж ирэх торгуулийг тѳлѳх хѳрѳнгѳ Засгийн газарт байхгүй, ядруу тѳсѳв даахгүй. Хуучин автомашинуудаа зайлуулахаас ѳѳр гарц байхгүй. Гэхдээ татвар, торгууль дээр нэмэгдүүлэн хэд хэдэн арга хэмжээ яаралтай авах шаардлагатай болж байна. Эндээс хамгийн чухал нь нийтийн тээврийн стандарт гарган хүрэлцээтэй, шуурхай, соёлтой болгох ажил зайлшгүй боллоо.










A

Жижиг

A

Дунд

A

Том

Ач санаж үл чадах аваас ядаж атаархаж жөтөөрхөх хэрэггүй

 0 сэтгэгдэл
  • Монгол хүн оюун санаа, сэтгэл зүрх, тархи толгой доторх энэ муухай хог, хир буртагнаасаа үтэр түргэн салах цаг болсон байна
  • Эдний амжилт, ашиг нь улстөрчдийн балайр ашиг сонирхол, шуналыг хөдөлгөчихөөд байна. Ц.Элбэгдорж нь ямар ч хамаагүй гэдгээ хэлчихсэн атал хамаатай болгох гэж дайрцгаагаад л...
  • Өнөөдөр 20 тэрбум төгрөг гаргаад Монголд анх удаа өвлийн спортын ордон барьчих хамт олон хэд байдаг юм бол!
  • Эрдэнэтэд ийм нэг биш хоёр биш, бүр 12 байдаг юм билээ. тэгээд атаархаж хонзогнож, адлаж байхаар тэр овоолгуудыг "ачит ихт"-ийнхэн шиг ашиглаач дээ
  • 190 гаруй тэрбум төгрөг төсөвт оруулж, 200 гаруй ажлын байр бий болгон мянга гаруй хүний амьдралд гэрэл гэгээ татуулан авч явж байгаа нь монгол хүн бүрт БАХАРХАЛ яагаад биш гэж


Эгдүү хүрээд ерөөсөө болдоггүй ээ. Нэг танил минь саяхан над руу утасдаад “Ачит Ихт” компанийн тухай бичсэн тэмдэглэлийг чинь уншлаа. Монгол Улсад маш мундаг компани мэндэлжээ хэмээн талархан баясаж байсан юм. Гэтэл новш гэж. Энэ чинь Ц.Элбэгдорж, П.Цагаан хоёрын компани байсан байна ш дээ” хэмээн агсарч байна. Цааш нь сонстол баахан улстөржиж бухимдаад, эцэст нь энэ баяжаад байгаа “п”-нууд үхвэл таарна гэж ирээд хараалыг ч ёстой нэг урсгаж байна аа. Би түүнд тайлбарлалаа. Тэгээд ойлгох ямар ч хүсэлгүй шинжтэй болохоор нь “Хэнийх нь ч байсан ер нь чи бид хоёрт ямар хамаа байна. Монгол Улсад, монголчуудад илт ашигтай нэг компани байгуулагдаад, төсөвт 160 гаруй тэрбум төгрөгийн орлого оруулаад, 200 гаруй хүнийг ажлын байртай болгон, мянга гаруй хүний ар амьдралыг дааж яваа нь үнэн байхад бусад нь тийм чухал уу! Тэр компанийн өндөр үр ашигтай ажиллаж байгаа нь чи бид хоёрт тэгээд гай болоод байгаа юм уу. Чи юундаа үхчих гээд бархираад байгаа юм бэ” гэж хариу чангарч, түүнээсээ болоод баахан бухимдчихдаг юм. Түүнийг ингэтлээ тавгүйтэн, өөрийнх нь хэлснээр цус харвачих шахаад байгааг нь бодлоо. Өөрийнхөө бухимдсаныг ч бодлоо. Надад ингэж бухимдах шалтгаан ер нь өдөр болгон шахуу гарч ирээд байдаг болж. Манай энэ улс оронд болж бүтэж байгаа юм ерөөсөө нэг ч алга болохоор тэр үү! Өнөөдөр Монголын нийгэм, хүмүүсийн амьдралыг өөлөх өөгүй, харлах сүүдэргүй гэж хэлэхгүй ч, бид өөрсдөө амьсгалах амьсгалынхаа тоогоор шахам тэр хар сүүдэр, өө сэвийг тодотгон харж, сэтгэлдээ ургуулан бодож, улмаар томруулан, тэрхүү “бүтээсэн” хиймэл бухимдалдаа бухимдсаар сүүлдээ бүр зовлонт дүрдээ итгэх болоо юу! Эрхгүй ингэж бодон эргэцүүллээ. Надтай бодол санал нийлж байна уу, үгүй юү гэдгээ эрхэм уншигч абугай та ч тунгаагаад нэг үзээрэй. Монголчууд бид язгуурын ийм шинжтэй эсэхийг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан миний мэддэг монгол хүний зан араншин, сэтгэл зүйд өнөөдөр маш том өөрчлөлт оржээ. Би өөрийгөө ч хамааруулж байна. Илт ажиглагдаж байгаагаар бид бүр өөрөөсөө бусдыг муулсан ард түмэн. Ажил хийж, амьдралаа додомдохын оронд эр, эмийн ямар ч ялгаагүй хов базаж, бусдад ямагт жөтөөрхөнө. Ийм байгаад байхаар чинь яаж бидний сэтгэлд гэрэл гэгээ тусах юм бэ? Дээр дурдсан танил маань Ц.Элбэгдорж, П.Цагаан хэмээх хоёр хүний тухай нарьгүй дээрээ юу мэдэх юм. Мэдэхгүй шүү дээ. Мэдэхгүй атлаа бухимдаж хараахын учир байна уу? Зүгээр л бидний нөгөө “би чадна”, “бид хамгийн ухаантай” хэмээх эмгэгийнхээ нөлөөнөөс болж “Шударга бусын хонгил” гэдэг нэр томъёо энэ хоёрын зөрчилдөөн дундаас л анх гарч ирсэн. Улстөрчид угаасаа увай муутай хэдий ч нэгэн цагт энэ улсын хувь заяаг атгаж явсан эрхмүүд ингэж эрээ цээрээ алдах үнэхээр муухай харагдсан. Хамгийн гол нь энэ хоёр хүний хоорондын харилцаанаас болж улс орноороо улам муухай харагдаад байгаа нь хэцүү байна л даа. Бусдыг хохироож, гомдоож бүр хэлмэгдүүлэх шахаж байна ш дээ. Н.Алтанхуягийн үеэл дүү нь “Ачит Ихт” компанийг хамт олон, түүнийг үүсгэн байгуулагч П.Цагаан гэдэг нөхөрт хортойгоор чиглэх болсон. Зүгээр л нэгэн цагтЦ.Элбэгдоржийн багт ажиллаж байснаасаа болж П.Цагаан гэдэг хүн болон “Ачит Ихт”-ийн хамт олон бизнесээрээ, хөдөлмөрөөрөө, амьдралаараа, нэр төрөөрөө хохирч болохгүй шүү дээ. Эдний амжилт, ашиг нь улстөрчдийн балиар ашиг сонирхол, шуналыг хөдөл-гөчихөөд байна. Ц.Элбэгдорж нь ямар ч хамаагүй гэдгээ хэлчихсэн атал хамаатай болгох гэж дайрцгаагаад л... Улс төрийн  Монголчууд 1974 оноос хойш ашиглах боломжгүй гэж овоолсон овоолгыг “Ачит Ихт” гэдэг компани маш сайн менежмент, маркетинг, хамгийн шилдэг технологи нэвтрүүлэн ашиглаж жилд 190 гаруй тэрбум төгрөг төсөвт оруулж, 200 гаруй ажлын байр бий болгон мянга гаруй хүний амьдралд гэрэл гэгээ татуулан авч явж байгаа нь монгол хүн бүрт БАХАРХАЛ яагаад биш гэж. Ийм боломж бусдад байна уу гэвэл байна. Эрдэнэтэд ийм овоолго нэг биш хоёр биш, бүр 12 байдаг юм билээ. Тэгээд атаархаж, хонзогнож, адлаж байхаар тэр овоолгуудыг “Ачит Ихт”-ийнхэн шиг ашиглаач дээ. Оролдож үзсэн нэг нь бусдыг хулхидаад, луйвардаад алга болцгоосон байдаг шүү дээ. “Ачит Ихт”-ийн талаар бичсэний дараа энэ “хулгайч” нарыг ингэж баяжаад байхаар атаа хөдлөөд байх юм байна ш дээ гэж олон хүн хэлэхийг сонслоо. Ийм юм сонсохоор хийж бүтээж байгаа нь бүү хэл гутдаг юм байна. Бид нээрээ ямар муухай болчихсон ард түмэн бэ гэж бодох. Ганц “Ачит Ихт” ч биш, ер нь амжилттай яваа компани, хамт олон, хувь хүн бүр ямар эрсдэл туулж, ямар бэрхшээлийг давж өнөөгийн амжилтад хүрч байгааг бид яагаад эргэцүүлдэггүй юм бол. Хов жив хөөцөлддөг хүн болгоны цаана атаа жөтөө дагалддаг нь хууль. Өнөөдөр 20 тэрбум төгрөг гаргаад Монголд анх удаа өвлийн спортын ордон барьчих хамт олон хэд байдаг юм бол! “Ачит Ихт” гэдэг компани ингэж чадаж байгаад нь яагаад бид баярлахгүй байна вэ? Баярлахгүй байх шалтгааныг би л лав олж харахгүй байна. Атаархал уг нь тийм ч муу зүйл биш л дээ. Сайхан өрсөлдөж, бусдын гаргасан шиг, бүр түүнээс давж гарсан амжилт гаргана. Илүү сайн сайхныг бүтээнэ, цогцлооно гэж атаархан хөдөлмөрлөдөг бол гайхамшигтай хөдөлгөгч хүч нөлөө үзүүлдэг тийм үү! Бусдынхаа сайн сайханд ингэж л хандах хэрэгтэй байна шүү дээ. Бид бие биедээ дургүй бол бусад улс үндэстэн бидэнд тэгж л хандана. Бид бие биеэ хайрлахгүй бол өөр ямар ч улс үндэстэн хайрлахгүй. Монгол хүн оюун санаа, сэтгэл зүрх, тархи толгой доторх энэ муухай хог, хир буртагнаасаа үтэр түргэн салах цаг болсон байна. Энэ их хуримтлагдсан хог, новшноосоо салж, цэлийж цэлмэтэл нь цэвэрлэх цаг одоо болсон байх аа. Цэвэр өөрсдөөс маань хамаарах зүйл шүү дээ. Хэн ч биш гэдгээ мэддэг хүн л бусдад атаархаж, сайн сайханд хорсож, шаналсаар тамыг бүтээдэг гэдэгт эргэлзэх хэрэггүй. Бусдын сайн сайхан яваа нь бодолд оруулж, толгойд тань өвчин болон зовоогоод байна уу. Тэгвэл тэдний сайн, өөрийн тань өөдгүй яваагийн шалтгаан бол өөрөө л байдаг юм байна гэдэгт би хувьдаа итгэдэг болсон. Атаа жөтөө, хонзогнол хувь хүнд төдийгүй улс оронд цэцэглэн хөгжих боломж бололцоог олгож өгөхгүй байна шүү дээ. Бид дотоод үнэт зүйлсээ тэлэхийг, хүчирхэг байлгахыг хүсвэл энэ муухай эмгэг, зуршлаасаа зоригтойгоор салах л хэрэгтэй болж байна. Тэгсэн цагт шал өөр зам биднийг тосох буй за. Мэдээж хамгийн хүчирхэг улс үндэстэн болох зам. Тиймээс над руу утасдаж бухимдаад байгаа танилдаа болон бүгдэд хамаатуулан хэлмээр байна. “Ачит Ихт” шиг компани Монголд мянга, түмээрээ бий болоосой гэж чин сэтгэлээсээ хүсцгээе! Бусдад ач санаж чаддаггүй юм бол атаа жөтөө үүсгэн шаналж тарчлахаа больцгооё! Би л лав хувьдаа ач тусын чухлыг ямагт эрхэмлэн бичих болно. Бүр дахин дахин шүү.