A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1142/

Том таван лиг зуны солилцоонд 4.5 тэрбум евро зарцуулжээ

​Энэхүү дүнг 10 жилийн өмнөхтэй харьцуулахад 126 хувиар өсчээ​

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1142/


Хөлбөмбөгчдийн үнэ тэнгэрт хадаж, багууд солилцоо наймаанд улам их мөнгө зарцуулах болсныг өнгөрсөн зуны шилжилт хөдөлгөөн дахин баталлаа. Наймдугаар сарын 31-нд солилцооны цонх хаагдсаны дараа нийт гүйлгээг тооцож үзвэл Европын том таван лигийн багууд (Англи, Испани, Герман, Итали, Франц) шинэ тоглогч худалдаж авахад 4.5 тэрбум евро зарцуулсан нь тодорхой болжээ. Наймааны нийт дүн өнгөрсөн жил анх удаа дөрвөн тэрбумын босго давж, олныг алмайруулж байсан бол өнөө жилийн наймаа дээрх рекордыг дахин эвдсэн юм. Энэхүү дүнг 10 жилийн өмнөхтэй харьцуулахад 126 хувиар өсчээ. Английн Премьер лигийн багууд урьдын адил солилцоо наймаанд хамгийн идэвхтэй байлаа. Будант Альбионы 20 баг шинэ тоглогч худалдан авахад 1.4 тэрбум евро зарцуулсан нь нийт наймааны 31 хувийг эзэлж байгаа юм.


Сүүлийн жилүүдэд нам гүм байсан италийн Сери А-гийн багууд өнгөрсөн зун тун идэвхтэй байлаа. Улсынхаа лигт сүүлийн зургаан жил дараалан түрүүлээд буй “Юьентус” супер од Криштиану Роналдуг “реал”аас 117 сая еврогоор урвуулж дөнгөсөн нь өнгөрсөн зуны хамгийн чухал наймаа болов. Италийн багууд топ таван лигийн нийт зарцуулсан мөнгөний 25 хувийг бүрдүүлсэн нь 2009 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Их мөнгө гаргахын хэрээр багуудынх нь хүч сайжирсан хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна. Багуудын орлого жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь солилцоо наймааны тэсрэлт болоход нөлөөлсөн нь гарцаагүй. Ялангуяа, телевизийн гэрээний эрх тэдний санхүүг үлэмж бэхжүүлсэн юм. Английн Премьер лигээр жишээ авъя.

Телевизийн гэрээний эрх багуудын санхүүг үлэмж бэхжүүлсэн

Тус лиг 2019-2022 оны тоглолтуудаа шууд дамжуулах эрхийг Sky сувагт 4.46 тэрбум фунт стерлингээр зарж чадсан. Энэ нь дөрвөн жилийн өмнөх гэрээтэй харьцуулахад 70 хувиар өссөн дүн аж. Багууд энэ мөнгөнөөс чамгүй хишиг хүртдэг. тухайлбал, 2017-2018 оны улиралд “Манчестер Сити” багийн 26 тоглолт үндэсний телевизээр шууд гарсан тул нийт 149 сая фунт стерлинг авсан байна. Манчестер хотын нөгөө баг “Юнайтед” мөн энэ хэрийн мөнгийг телевизийн гэрээний эрхээс хүртсэн. Хамгийн цөөн буюу есөн тоглолт нь үндэсний телевизээр шууд гарсан “Вест Бромвич” гэхэд 94 саяыг халаасалжээ. Ингэснээр хүснэгтийн адагт бичигддэг, хомоол хамдаг багууд хүртэл 20, 30 саяар шинэ тоглогч авах хэмжээнд хүрээд байгаа юм. Үр дүнд нь тамирчдын үнэ тэнгэрт хадаж, жирийн нэг дундаж хөлбөмбөгч хүртэл 40, 50 саяар үнэлэгддэг боллоо. Уг нь 30 сая евро гэдэг дундаж хэмжээний нэг баг худалдаад авчих хэмжээний мөнгө.


Бразилын домогт довтлогч Роналдо гэхэд хэдхэн хоногийн өмнө Испанийн дээд лигийн “Вальядолид” багийг 30 сая еврогоор худалдаж авсан. Гэтэл ганц тамирчин 200 саяын үнэ хүрч байгаа нь шударга бус явдал, хэт хөөрөгдсөн үнэ гэдэгт мэргэжилтнүүд санал нэгддэг. Гэвч баян клубүүд үүнийг үл тоон шилдэг тоглогчдод мөнгө харамгүй цацаж байна. Дэлхийн хөлбөмбөгт 100 сая еврогоос дээш үнийн дүнтэй шилжилт долоо болсон. үүний зургаа нь сүүлийн гурван жилийн дотор хийгджээ. Энэ жил л гэхэд гурван ч тамирчин 100 болон түүнээс дээш сая еврогоор “зарагдан” буурь сэлгэсэн байна. Тамирчдын үнэ маш богинохон хугацаанд гэрлийн хурдаар өссөн нь эндээс харагдах биз ээ. Сонирхуулахад, 2009 оноос хойш Премьер лигийн багууд зөвхөн солилцоо наймаанд 9.6 тэрбум евро зарлагадсан нь ард бичигдэж буй Италийн лигээс даруй гурван тэрбумаар их гэсэн үг. Италийн Сери а өнгөрсөн 10 жилд 6.09 тэрбум евро үрсэн бол Испанийн Ла лиг 4.7, Германы Бундеслиг 3.5, Францын лиг 3.08 тэрбумаар шинэ тоглогч худалдаж авсан байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ирэх оноос ЭМД-аараа фитнесст явж болно

 0 сэтгэгдэл


ЭМД-ыг хүртээмжтэй, зохицуулалтыг нийтийн болгох үүднээс, үйлчилгээ авч чадахгүй байгаа хүмүүст зориулан фитесст хамрагдах боломжтой болох юм. Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.4-т “магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд урамшуулал олгох” гэж өөрчлөлт оруулсан бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.

Спортын клубуудыг сургалтын хөтөлбөртэй, стандартын тоног төхөөрөмж, хэрэглэх материалтай, мэргэжлийн багш, эмнэлгийн хяналттай байх зэрэг олон шалгуураар магадлан итгэмжлэлийн түвшинг тогтоосон. Спорт клубууд заавал биш, сайн дурын үндсэн дээр магадлан итгэмжлэлд хамрагдана.

Даатгуулагч ЭМД-аасаа огт хэрэглээгүй байх шаардлагатай бөгөөд гэр бүлийнхээ гишүүдийн даатгалыг мөн үүнд зарцуулж болно гэх мэт хуулийн зохицуулалттай юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Чөлөөт бөхийн тамирчид Казакстан улсад болох олон улсын тэмцээнд оролцохоор мордлоо

 0 сэтгэгдэл


Энэ сарын 23-25-нд Казахстаны Тарас хотод тус улсын нийгмийн нэрт зүтгэлтэн Динмухамед Кунаевын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын зургаа дахь удаагийн тэмцээнд болох юм. Уг тэмцээнд манай улсаас “Алдар” спорт хорооны дөрөв, “Цастын барс” клубийн нэг тамирчин оролцоно. Тодруулбал, 57 кг-ын жинд спортын мастер Б.Далайбаяр, 65 кг-д ОУХМ Б.Батмагнай, 70 кг-д ОУХМ Н.Лхамгармаа, 74 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн нар ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Наранбаатарын удирдлага дор хүч үзэх юм. Тус тэмцээнд манай улсын тамирчдаас 2013 онд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, 2014 онд гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ О.Үйтүмэн нар түрүүлсэн амжилттай. Энэ удаад дээрх амжилтаа ахиулах зорилго тавьжээ. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ү.Үүрийнтуяа Монгол Улсаас төрсөн арав дахь Их мастер болж, цолоо батлууллаа

 0 сэтгэгдэл


Энэ сарын 9-10-нд Лондон хотноо болсон Дэлхийн Шатрын холбооны хурлаар “Хан-Алтай” клубын тамирчин, Азийн Залуучуудын хошой аварга, Монгол Улсын аварга Ү.Үүрийнтуяагийн Эмэгтэй Их мастер (WGM) цолыг албан ёсоор баталсан байна. Тэрбээр 2016 онд Ази тивийн залуучуудын аварга цол хүртэж эмэгтэй Олон улсын мастерын болзол хангасан. Ингэснээр Монгол улсын арав дахь Их мастер болжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

UFC-гийн түүхэн дэх хамгийн дуулиант тулаан

​Ялагч Нурмагомедовыг холбооноос хөөх асуудал яригдаж эхэллээ​

 0 сэтгэгдэл


Тулааны урлагийн бүх л төрлөөр үзэлцэхийг зөвшөөрдөг UFC холбооны тоглолтууд сүүлийн жилүүдэд олны сонирхлыг асар их татах болсон. Хамгийн алдартай тулааны төрөл гэгддэг мэргэжлийн боксын байр суурийг UFC булаан авлаа гэж ярьдаг нь ч үнэний ортой. Тэгвэл уг холбоонд дэлхий даяар нэр алдар нь түгсэн хоёр тод од байсан нь Коннор Макгрегор, Хабиб Нурмагомедов нар. Ертөнцөд нэг л нар байдагтай адил тулааны спортод нэг л ялагч байх ёстой. Тиймээс UFC олны хүсэл сонирхол, хандлагыг зөв мэдэрч, хоёр шилдэг одыг хооронд нь тулалдуулах тохироонд хүрсэн нь өчигдөр биеллээ оллоо. Уг тулааныг Монголын спортын хорхойтнууд ч шимтэн үзсэн бөгөөд хөлбөмбөгийн ДАШТ болон лигийн тоглолтуудтай адил жирийн үзэгчдийн дунд ч сэтгэл догдлон үздэг спорт болж буйг онцолъё.

ИХ ТУЛААНЫ ӨМНӨ

Ирланд эр Макгрегор бол холимог тулааныг алдаршуудахад үнэтэй хувь нэмэр оруулсан, энэ холбооны нүүр царай болсон тамирчин. UFC-д 24 тулаан хийснээс 21-т нь ялсан үзүүлэлттэй. Гэвч сүүлийн хоёр жилийн турш нэг ч тулалдаагүй болохоор холбооноос аваргын бүсийг нь хураан авсан. Энэ хооронд Дагестан гаралтай Орос эр Хабиб бүсийг нь өөрийн болгоод байв. Коннорын хувьд 12 настайгаасаа боксоор хичээллэсэн нэгэн. Улмаар 17-тойдоо холимог тулаанаар хичээллэх болж, 2013 онд UFC-д анхны тулаанаа хийжээ. Домогт боксчин Флойд Мейведертэй тулахын тулд хэдэн сарын турш боксын бэлтгэлдээ анхаарч байв. Энэ хэрээр боксын ур чадвар нь илт сайжирсан болохоор өрсөлдөгчөө нам цохиж чадна гэж хөгжөөн дэмжигчид нь найдаж байв. Хабибын хувьд ихэнх Дагестан хүүхдийн нэгэн адил чөлөөт бөхөөр үндэс сууриа тавьсан. Хожим байлдааны самбо бөхөөр хичээллэж, дэлхийн аварга цол хүртсэн амжилттай. Тэр ч утгаараа өрсөлдөгчөө бөхийн мэхээр унагаж, боох, өчих нь түүний давуу тал.

Түүний чөлөөтийн багш нь дэлхийн хошой аварга Сажид Сажидов, боксын багш нь олимпийн мөнгөн медальт Нурмагомед Шанавазов гээд бодохоор мундаг хүмүүсийн удирдлага дор өсөж дэвжсэн байна. Өмнө нь холимог тулааны спортоор 26 удаа хүч үзэж бүгдэд нь ялалт байгуулжээ. Тэдний тулаан UFC холбооны түүхэнд хамгийн өндөр шагналын сантай болох нь эртнээс тодорхой болоод байв. Холбооны зүгээс албан ёсоор Коннорт гурав, Хабибд хоёр сая ам.долларын шагнал өгсөн. Харин телевизийн шууд дамжуулалтаас орж ирэх мөнгө болон бусад орлогыг тооцвол энэ мөнгө огцом нэмэгдэнэ. Тодруулбал, Коннор тулаанаас нийт 30 орчим саяыг халаасалсан бол Хабиб 10 гаруй саяыг олсон гэнэ. Тэдний тулааныг шууд үзэх эрхийг гурван сая хүн худалдан авсан нь UFC-гийн түүхэнд дээд амжилт болжээ. Төлбөртэй зөвшөөрлийг 1.6 сая хүн худалдан авч байсан нь өмнөх дээд амжилтад тооцогдож байв. Харин интернэт болон бусад сувгаар үзсэн хүний тоог гаргавал тэрбумаар яригдах болно. Хоёр тамирчин 70.3 кг-ын жинд тулалдах ёстой. Уг жинд орохын тулд Хабиб 18 кг, Коннор найман кг хассан гэнэ. Эндээс харвал хабиб өрсөлдөгчөөсөө хавьгүй биерхүү болох нь ойлгогдоно. Тулаан эхлэхийн өмнө Лас Вегасын 20 мянган хүний суудалтай T-Mobile ордон хөл гишгэх зайгүй дүүрсэн байлаа.

БОКСЫН ЭСРЭГ БӨХ

Ингээд хүсэн хүлээсэн тулаан эхэллээ. Тэд таван минутаар таван үе үзэлцэх ёстой. Тулаан эхлээд удаагүй байхад Хабиб давхар хамах мэхээр өрсөлдөгчөө унагааж авав. Дээрээс нь дарж байгаад цохих зэргээр давамгайлсаар энэ үеийг дуусгалаа. Коннор эхний үед ялагдаж эхэлсэн ч сандарсан шинж алга. Шийдсэн ганц цохилтоор тулааныг дуусгаж болно гэдгийг тэр сайн мэдэж байгаа. Гэтэл хоёрдугаар үе эхлээд удаагүй байтал тэр өөрөө Хабибын хүчтэй цохилтод өртөж тэрийн хадан унах нь тэр. Хабиб тэр даруй дээр нь гарч аваад нүдэж эхлэв. Мөн өчих мэхний оролдлого хийсэн нь амжилтад хүрэх тун дөхлөө. Ийнхүү хоёрдугаар үе тэр чигээрээ Хабибын давамгайлал дор болж өнгөрөв.

Тэдний тулааныг шууд үзэх эрхийг гурван сая хүн худалдан авсан

Дараагийн таван минутад Коннор өмнөхөөс хавьгүй дээр үзэлцсэн. Овоо өгөө аваатай үе боллоо гэж дүгнэж болно. Гэхдээ тэд таван үе дуустал тулалдах учиргүй байжээ. Дөрөвдүгээр үе талдаа орж байхад Орос эр Хабиб өрсөлдөгчийнхөө ард гарч, боолтонд оруулсан нь тулааны хувь заяаг шийдэв. Хүнд байдлаас гарах боломжгүйг ойлгосон Коннор бууж өгөхөөс аргагүйд хүрсэн юм. Хэрэв гүрийгээд байвал ухаан алдаж унан дэлхий даяар шившиг болох байлаа.

ДУУЛИАНТ ТУЛААНЫ ДУУЛИАНТ ТӨГСГӨЛ

Ийнхүү Хабиб Нурмагомедов 27 дахь тулаандаа дараалан ялж, аваргын бүсээ хамгаалж үлдэв. Гэвч энэ өдрийн гол дуулиан тулааны дараа дэгдэх нь тэр. Тулаан дуусаад удаагүй байтал Хабиб хашлага давж, үзэгчдийн дунд байсан Коннорын багийнхан руу дайран орж зодоон үүсгэв. Гэтэл түүний бэлтгэл хангагч чечень эр хашлага даван рингэнд орж ирээд Коннорыг хэд хэд цохиод авлаа. Ийм юм болно гэж төсөөлөөгүй байсан зохион байгуулагчид сандран гүйлдэж үймээнийг намжаахаар оролдож байгаа харагдана. Коннорын багийнхан түүнийг ордноос аван гарч явснаар эмх замбараагүй байдал намжлаа. Удалгүй UFC энэ тулаанд Хабиб ялалт байгуулсныг албан ёсоор зарлав. Гэхдээ түүнд аваргын бүсийг нь өгсөнгүй. UFC-гийн босс Дана Уайт “Ийм үймээн дэгдээсний дараа чамд аваргын бүс гардуулбал ордонд байгаа үзэгчдийн дургүйг хүргэнэ.

Магадгүй тэд чам руу дайрч, эмх замбараагүй байдал үүсгэж ч мэднэ” хэмээн тайлбарласан юм. Ийнхүү UFC “Зууны” гэх тодотголтой нэгэн супер тулааныг зохион байгуулж, өөрийн холбоог дэлхий нийтэд сурталчилсан ч төгсгөл хэсэг үймээн зодоонтой болсон нь харамсалтай. Эмх замбараагүй байдал үүсгэсэн хэргээр Хабибын багийн гурван ч хүнийг барьж, тэр даруй шоронд хийсэн мэдээ байна. Тэдний АНУ-д хөл тавих эрхийг насан туршид нь хасах гэнэ. Хабибын хувьд Коннорын хэлсэн үгийг марталгүй өс санаад явсан бололтой. Хэвлэлийн бага хурлын үеэр Коннор “Дагестанчууд бүгд новшийн хүмүүс” гэх зэргээр үндэс угсаагаар нь доромжилсон нь гал дээр тос нэмж орхисон юм. Тиймээс Хабиб тулаанд ялсан ч түүндээ ханалгүй дахин зодоон үүсгэсэн байх талтай. Гэвч түүний болчимгүй үйлдэл UFC дахь карьерийг нь бүрмөсөн дуусгаж магадгүй байна. UFC-гийн нэр хүндийг унагасан хэргээр түүнийг буруутгаж, холбооноос хөөх асуудал яригдаж эхлээд байгаа юм.