A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/433/

Тоогоогүй орхисон том зах зээл дотоодын жуулчлал

Дотоодын аялал жуулчлалын мэдээлэл, тоо баримт гэх алга дарам цаас ч алга

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/433/

Өнөөдөр Монгол улсын аялал жуулчлалын салбарт 613 тур оператор, 349 жуулчны бааз, 468 зочид буудалд 50 гаруй мянган хүн ажиллаж байна. 2017 онд аялал жуулчлалаас олсон орлого 400 сая ам.долларт хүрсэн. 2016 оны эхний 10 сарын байдлаар гадаадын 410 гаруй мянган жуулчин Монгол улсад ирж 278 сая ам.долларын орлого оруулжээ. Харин өнгөрсөн оны дээрх үед жуулчдын тоо 60569-өөр нэмэгдэж 360 гаруй сая ам.долларыг монголчуудад үлдээжээ. БОАЖЯ-наас 2020 он гэхэд нэг сая гадаад жуулчин хүлээн авах зорилго тавин ажиллаж байгаа юм. Гадаад жуулчдын тоо, зарцуулсан мөнгийг нь ийм тодорхой гаргаж болж байна. Гэтэл дотоодын аялал жуулчлалын мэдээлэл, тоо баримт гэх алга дарам цаас ч алга. Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 613 тур оператор зөвшөөрөл авснаас ердөө тав нь л 1992 онд батлагдсан аялал жуулчлалын тухай хуулийн дагуу дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх эрх авсан байх юм. Дэлхийн олон оронд “Дотоодын аялал жуулчлал” гэж ангилаад сүйд болдоггүй.

Гэхдээ тусад нь бодлогоор зохицуулж орлого олоод байгааг БНХАУ-ын дотоодын аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байгаагаас харж болно. Харин манайд цэвэр дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж зөвшөөрөл авсан компани, тур оператор Улаан-Үүд Манжуурын аяллыг дотоодын аялал жуулчлал гээд ойлгочихсон аялагч “зөөж” байна. Буугаарай, суугаарай, ороорой, гараарай, босоорой, яваарай гэсэн жижүүрийн хэдэн орчуулгатай энэ аяллыг бас гадаад аялал гэхэд инээдэмтэй. Бас дотоодын бус гадаадын аялал жуулчлалд хөрөнгө оруулалт хийгээд байгаа нь инээдэмтэй гэхээсээ эмгэнэлтэй. Манай тур операторт бүртгэлтэй дотоодын аялал жуулчлалын урсгал сургуулийн хүүхдүүдэд Цонжин болдог, 13-р зуун, Аглаг бүтээлийн хийд үзүүлэхээс хэтрэхгүй байгаа нь чамлалттай. Дотоодын аялал жуулчлал гэхээр анги, хамт олон, гэр бүлээрээ гарч давхиад байгалийн үзэсгэлэнт газар, рашаан сувилал, амралтад хэд хонохыг бас хэлдэггүй байна. Нэг талаас нь харвал аялаад, юм үзээд нүд, сэтгэл баясаад яваа боловч нөгөө талаасаа нэгдсэн журмаар, тур операторт хамрагдаж яваагүй учраас энэ ангилалд багтдаггүй аж. Өөрөөр хэлбэл “дотоодын аялал жуулчлал” гэж тур операторт бүртгүүлээд түүхэн дурсгалт, байгалийн үзэсгэлэнт, соёлын нөөц бүхий аялал жуулчлалын бүс нутагт амралт, танин мэдэхүйн зорилгоор, тогтсон маршрутаар аялуулахыг хэлдэг байна. Мөн явган аялал хийдэг хобби бүлэг, автомашин сонирхогчдын клубүүдийн тогтсон маршруттай аялал ч нэгдсэн журмаар тур операторт хандаагүй гэдгээр энэ ангилалд багтахгүй. 1992 онд батлагдаж, 2000 онд шинэчлэн найруулсан Аялал жуулчлалын тухай хууль хуучирч өнөөгийн аяллын “ая даах”-аа хэдийнэ больжээ. БОАЖЯ-наас “Аялал жуулчлалын тухай” шинэчлэн найруулсан хуулийн төслийг өргөн бариад байгаа. Тус хуулийн төсөлд дотоодын аялал жуулчлалыг үндсэн ангиллаар нь хөгжүүлэхэд шахалт үзүүлэх хэд хэдэн заалт орж байгаа юм.

Тухайлбал, байгалийн үзэсгэлэнт газар, дархан цаазат, тусгай хамгаалалттай газарт түр буудаллахад төлбөр ногдуулахаар болж байгаа. Өмнө нь дотоод гадаадын жуулчид тусгай хамгаалалттай, дархан цаазат газрын үүдэнд л “таксаа” төлсөн бол дураар буудаллаж, гал түлэн мах шарж, газар сайгүй хог тарих “эрх” авсан мэт аашилдаг. Энэ байдлыг засахаар хуулийн “буулганд” оруулж зохицуулалт хийх шаардлага байгаа юм. Үүнийг хуульчилсан төлбөрийг тусад нь хураах заалт ч нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Тэгэхээр монголчуудын дуртай газраа бууж хөрс, ус бохирдуулдаг явдал хумигдах магадлалтай. Мөн хуулийн шинэчилсэн найруулгад явган болон дугуй, автомашины, амьтан ажиглах болон ан хийх, түүх, соёлын болон байгалийн аяллыг ямар шаардлага хангасан тур оператор зохион байгуулахыг нарийвчлан зааж өгөх учраас дур мэдэн давхидаг байдал цэгцэрнэ гэж найдаж байгаа юм. Өнөөгийн байдлаар дотоод аялал жуулчлалд төрийн зохицуулалт хийгдээгүйгээс олон алдаа дутагдал гарсан. Түүний нэг жишээ 2016 онд Улаанбаатар-Мөрөн чиглэлийн автозам ашиглалтад орсноос үүдэлтэй Хөвсгөл далай үзэх гэсэн дотоодын аялал жуулчлалын “төвөргөөн” юм. Хэдийгээр Монголын дотоод аялал жуулчлал хөгжих яагаа ч үгүй гэдгийг тэр үйл явдал харуулсан ч энэ салбарт том зах зээл байгааг баталлаа. Өнгөрсөн жилүүдэд дотоодын аялал жуулчлалаас оруулж буй мөнгөн урсгал далд эдийн засагт том тоо болж байгааг судлаачид ч ярьж байгаа. Ийм байхад төрийн зүгээс зүгээр ажиглаад сууна гэдэг хангалтгүй. Өнөө жил л гэхэд Дорнод аймгийн Буйр нуур, Завханы Улаагчийн хар нуурын эрэг дээр стандартад нийцсэн “далайн эрэг” байгуулах гэж байгаа. Үүн дээр жил бүр болдог Говь-Алтайн “Элсний баяр”, Баянхонгорын “Сарлагийн баяр”, Хөвсгөлийн “1000 цааны баяр” зэргийг нэмбэл дотоодын аяллын урсгалыг татах олон арга хэмжээ болох нь байна. Хэсэг бүлгээрээ маршрут зохиож мөнгөө зарахаар алгаа үрж байгаа хүмүүс ч цөөнгүй. Эдгээрээс далд эдийн засагт цутгах мөнгөнд хэдхэн зохицуулалт хийгээд улсын төсөвт “ашиг” гаргаж болохоор байна. Тухайлбал тогтсон маршрут баталж зорчигсдоос болон тэнд ажиллаж байгаа хувийн хэвшлийнхнээс НӨАТ авдаг болчиход л овоо мөнгө Сангийн яамны дансанд шилжчихээр харагдаад байгаа. Тэр мөнгийг дотоодын аялал жуулчлалын хөгжилд зарцуулахад улсын төсвөөс үл хамаараад энэ чиглэл хөгжиж болж байна. БОАЖЯ-ныхан аяллын тогтсон маршрут гаргах, зорчигчдоос төлбөр хураамж авахаар Ажлын хэсэг байгуулсан ч дөнгөж маршрутаа судлах хэмжээнд яваа нь дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд “сэтгэл гаргахгүй” байгааг харуулж байгаа юм. Энэ хооронд манайхны “тоогоогүй” мөнгийг өөрийн эдийн засагт татахаар өмнөд хөршийн бодлого хүчтэй орж ирлээ. Хэд хоногийн өмнөөс ӨМӨЗО-ны үзэсгэлэнт газруудаар аялуулах сурталчилгааны том самбарууд нийслэлд харагдах болсон нь үүний илэрхийлэл.


Мөн зөвхөн дотоодын аялал жуулчлалаас зулгаагаад зогсохгүй өвлийн аялал жуулчлалд өрсөлдөх төслийг өвөрмонголчууд бодоод олчихжээ. Хөвсгөл нууранд болдог мөсний баяртай өрсөлдөх мөсөн завины уралдааныг ӨМӨЗО-ны Шилийн голд өнгөрсөн өвөл анх удаа зохион байгуулсан байна. Завины доор тэшүүр суурилуулсан эл уралдаан 100 болон 200 метрийн зайд болсон бөгөөд хятадын мужуудаас ирсэн 300 баг өрсөлджээ. Мөн жуулчид сонирхох маягаар өрсөлдөж олон улсын шинж чанартай болж өргөссөн байна. Ирэх жил энэ тэмцээнд 23 орны “тамирчид” оролцохоор болсон нь жаахан сэтгэл тавихад л асар том боломж бий болдгийг өмнөд хөршийн энэ тэмцээн батлан харууллаа. Манайд ч дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх олон боломж байгаа. Бурхан халдун ууланд “олсон” Чингисийн онгонд хөрөнгө хаяж аялал жуулчлалын том цогцолбор болгочиход дотоодын төдийгүй өвөрмонголчуудын урсгал хөвөрнө дөө. Түүнийг олж харах “билгийн мэлмий” л бидэнд дутаад байна.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Э.Ганзориг: Бодибилдингийн спорт хүний генийг өөрчилдөг

Хүч, биед төдийгүй оюун ухаанд сэргэлт, чадамж өгдөг

 0 сэтгэгдэл


Өнгөрсөн ням гарагт болсон “Монголын мистер-2019” бодибилдингийн улсын аваргын тэмцээний үнэмлэхүй аваргаар гурав дахь удаагаа шалгарсан Э.Ганзоригтой ярилцлаа.

-Монголын мистер болсонд баяр хүргэе. Хэдэн жилийн хөдөлмөр өнөөдрийн алдрыг авчирсан бол?

-Баярлалаа. Би 2003 онд энэ спортод хөл тавиад, одоо 16 дахь жилдээ хичээллэж байна. Авга ах Монголын мистер Д.Бат-Эрдэнийгээ дагаж энэ спортод орсон. Анх хичээллэж байхад хамаг бие буларч, шантарч байсан үе бий. Эхний гурван сар л их хэцүү байсан. Ахыгаа дуурайгаад тамирчны ачааллаар бэлтгэл хийчихсэн болохоор хүнд туссан л даа.

-Бодибилдингийн спортын онцлог юу вэ?

-Энэ бол бүх спортын суурь болж өгдөг. Бөх, дугуй, шатар, цана гээд ямар ч төрлөөр хичээллэдэг хүмүүс бэлтгэл хийж булчингаа хөгжүүлдэг. Бодибилдингийн тамирчдын хувьд маш хүнд нөхцөлөөр хичээллэнэ. Жишээлбэл, 100 кг-аар цээжний шахалт хийдэг байлаа гэхэд нэг оролтоороо 1.2 тонн, үүнийгээ 4-5 удаагийн давталтаар хийхэд 5-6 тонн ачаа нэг орой зөөсөнтэй тэнцэнэ шүү дээ. Ингэхээр нэг оройн бэлтгэлд 30-40 тонн ачаа зөөсөнтэй ижил ачаалал авдаг.

-Энэ зөвхөн мэргэжлийн тамирчдын хувьд биз дээ?

-Анх орж ирж байгаа хүнд ч ачааллын хувьд ижил. Хэвтээ шахалтыг 30 кг-аар хийе гэж бодъё л доо. Тэгвэл түүнийгээ 10 оролтоор таван удаа давтахад л 1.5 тонныг өргөсөнтэй адилхан шүү дээ. Заавал хүнд, хөнгөнийг өргөснөөрөө биш, тухайн хүний биед тохирсон хамгийн их ачааллыг өгдөг болохоор амар биш л дээ.

-Дээр дурдсан, шатрын спортод ч бодибилдинг суурь болдог гээд… Шатарчдад ямар хэрэгтэй гэж?

-Хүний булчин чанга, сайн хөгжилтэй байж л бүх биеийн эд эс, түүн дотроо тархины эсийн ажиллагаа эрчимждэг. Бодибилдингээр хичээллэдэг, бэлтгэл хийдэг байсан хүмүүс мэднэ дээ, биеийн булчин жаахан хөгжихөд л өөртөө итгэлтэй, өөдрөг болоод ирдэг. Ийм үедээ сэтгэн бодох чадвар нэмэгдэж, бүтээлч болдог. Харин бэлтгэлээ таслаад булчин сулраад ирэхээр өөртөө итгэх итгэл буурч, идэвхгүй, залхуу болчихдог. Нөгөө хүчтэй мэдрэмжээ авахгүй болохоор тэр шүү дээ. Ер нь хүч гэдэг биед төдийгүй оюун ухаанд сэргэлт, чадамж өгдөг юм.

-Ийм мэдрэмж авч чадаагүй залуус “gym”-д хичээллэхээс няцдаг байх?

-Залуус зорилго тавилгүй, зүгээр найзуудаа дагаад ч юм уу, цаг нөгцөөх гэж бэлтгэл хийж эхэлдэг. Тэдний хувьд жаахан дасгал хийсний дараа биед үүсэх хөндүүр, булраагаа тэвчиж чадахгүй бэлтгэлээ орхидог. Ингэж шантрахгүй, өөрийгөө ялан дийлж чадсан хүн аливаа асуудалд хэрэглэж, кали, кальц, нүүрсус гээд алдсан энергиэ зайлшгүй нөхөх шаардлагатай. Үүнд ойролцоогоор 3-4 сая төгрөг зарцуулдаг. Харин энгийн үед бол хамаагүй бага зардалтай. Дэглэмийн хоолоо өөрөө бэлдээд явдаг болохоор их хэмнэлттэй. Нэг өдөр гадуур хооллоод явах мөнгөөр л долоо хоногийн зардлаа болгочихдог.

-Эрүүл мэндийн хувьд хэр эрсдэлтэй вэ. насны суурь өвчинтэй болох уу?

-Тамирчны хувьд өөрийн өргөх жингийнхээ 80 хувиар дасгалаа хийдэг. Жишээлбэл, хэвтээ шахалтаар 100 кг-ийг найман удаа өргөдөг хүн бол бэлтгэлээ 80 кг-аар хийнэ гэсэн үг. Ингэхгүй, тулсан жингээр нь өргөөд байвал бэртэх магадлалтай.

МОНГОЛЫН ТАМИРЧИД ДЭЛХИЙД ДАНСТАЙ БОЛСОН


-Монголын бодибилдинг, фитнесийн нэгдсэн холбооны үйл ажиллагаанд хэр оролцоотой вэ?

-Би МБФНХ-ны удирдах зөвлөлийн гишүүн. Тэмцээн хамаарч бүгд явж чадахгүй байх.

-Танай “Чийрэг Монгол” клуб “Монголын мистер-2019”-д багаараа нэгдүгээр байранд орсон байх аа?

-“Монголын мистер 2019” тэмцээнээс манай клуб таван алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль авч багийн дүнгээр нэгдүгээр байранд орсон. Авга ах Д.Бат-Эрдэнэ маань мастер ангилалд, залуучуудын ангилалд Б.Хэрлэн хоёр төрөлд, Т.Мөнх-Эрдэнэ 65 кгын жинд, дээр нь миний бие +80 кг-д тус тус алтан медаль авсан. Мөн миний төрсөн дүү Э.Чинзориг эрэгтэй атлетик болон 75 кг-ын жинд хоёр мөнгө, тусгай ангилалд Г.Батжаргал бас мөнгөн медаль авсан.

-Тусгай ангилал гэж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрөл үү?

-Тийм ээ. Г.Батжаргал маань өнгөрсөн жил түрүүлсэн, энэ жил мөнгөн медаль авлаа. Манай клуб 2010 оноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үнэ төлбөргүй хичээллүүлж эхэлсэн. Г.Батжаргалын хувьд анх ирэхдээ их туранхай, сул биетэй байсан. Гэхдээ энэ хүүхэд маш их тэвчээртэй, зорилготой. Тасралтгүй бэлтгэлийн үр дүнд арав гаруй кг-аар жин нэмж, булчингийн масс нь ч өссөн. Одоо хэвтээ шахалтаар 60-70 кг-ыг өргөдөг, буруу хийж байгаа хүнд ч заачихдаг болсон. Анх өөрөө бараг явж чадахгүй уначих гээд байдаг байсан бол одоо бэлтгэлдээ хэрэглэдэг 15 орчим кг жинтэй модон вандангаа түүртэлгүй аваад явдаг болсон.

ГЭМТ ХЭРЭГТ ӨРТӨЖ БОЛЗОШГҮЙ БҮЛГИЙН ХҮҮХДҮҮДИЙГ КЛУБТЭЭ ҮНЭГҮЙ ХИЧЭЭЛЛҮҮЛДЭГ


-Төлбөргүй хичээллэх боломжийг өөр ямар хүмүүс эдэлж болох вэ?

-“Чийрэг Монгол” клубээ 2012 онд байгуулаад сургуулийн ахлах ангийнхныг үнэ төлбөргүй хичээллүүлдэг байсан. Саяын тэмцээнээс алтан медаль авсан Т.Мөнх-Эрдэнэ тэр үед хичээллэж эхэлсэн хүүхэд шүү дээ. 2016 оноос санхүүгийн хүндрэлээс болж хүүхдүүдийг үнэгүй хичээлүүлж чадахгүй болсон. Харин одоо энэ оноос сэргээнэ. Ингэхдээ Чингэлтэй дүүргийн 17-р хороо буюу Зургаан буудалд байрлах “Чийрэг Монгол” салбартаа хойд чиглэлийн гэр хорооллын хүүхдүүдийг хамруулахаар зорьж байна. Би ЕБС-уудаар эрүүл мэнд, хорт зуршлын талаар лекц уншдаг байсан. Мөн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийнхэнтэй хамтарч гэмт хэрэгт өртөж болзошгүй 14-21 насны залуусыг клубтээ хичээллүүлдэг байсан. Энэ мэтээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ.

-Яагаад заавал гэр хорооллын хүүхдүүд гэж?

-Би өөрөө Дэнжийн мянга, Долоон буудалд өссөн. Фитнес маань хотын төвд, би байнга алхчихдаг байсан. Хэрэв гэрт ойрхон байсан бол илүү их цагийг бэлтгэлд зарцуулж, үүнээс бага хугацаанд амжилтад хүрч болох байсан. Гэр хорооллын хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх газар хомс. Сагсны талбай ч ховор шүү дээ. Тиймээс хойд зах руу салбараа нээж, хүүхдүүдийн спортод дурлах, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрөөхөд нэмэр болохыг хичээгээд тав дахь жилээ угтаж байна.

-“Чийрэг Монгол”-ыг овоглосон тамирчдаас нь гадна нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулсан ажлуудаар нь олон сонсож байсан юм байна. Санхүүгийн хувьд их боломжтой газар байх?

-Бид анхнаасаа ашгийн төлөө клуб байгуулаагүй. Клубын тамирчдаас гадна хичээллэгсдийн талаас илүү хувь нь үнэ төлбөргүй бэлтгэл хийдэг. Гэсэн ч клубийнхэн маань санал нэгдэж, өөрсдийн хандиваар жижиг хүмүүнлэгийн ажлууд тогтмол явуулдаг. Бид хойшоо чиглэлд алхдаг. Замд овоолоогүй ч жижиг сажиг хог, тамхины иш тасралтгүй тааралддаг хэрнээ хогийн сав байхгүй. Тиймээс бид энэ хавар зам дагуу хогийн сав байрлуулахаар төлөвлөгөөгөө гаргаж, төсөв зардлаа шийдчихсэн. Эх орныхоо төлөө гэж цээжээ дэлдэх биш, энгийн жижигхэн зүйлээр нэмэр болж явахыг л чухалчилдаг юм.

Биеийн булчин жаахан хөгжихөд л өөртөө итгэлтэй, өөдрөг болоод ирдэг

-Олны танил болохоор хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байна уу?

-Өөрчлөгдөөгүй байх аа. Би ч өмнө харьцдагаараа л хандаад явдаг болохоор анзаардаггүй байх. Одоогийн залуус жим-д их хичээллэдэг болж, бодибилдингийнхнийг ч таньдаг болж. Би өөрөө уудаггүй ч гэсэн уушийн газарт орчихвол буруугаар ойлгосон шинжтэй харцтай их л тулгарна шүү дээ.

-Найз нөхдийн хувьд хамтран зүтгэж, эсвэл уруу татаж, холдож одсон... аль нь олон бэ?

-Багын хэдэн найз маань одоо ч дэргэд хэвээрээ. Тэмцээний бэлтгэлд ороод завгүй үед ч ирж уулзчихаад явдаг, намайг сайн дэмждэг. Хамт энэ спортод зүтгэсэн нь харин байхгүй, бүгд л тус тусынхаа ажлыг хийж яваа. Холдож явах нь бүү хэл гэр бүлээрээ найзлаад улам өнөр болоод байна.

-Ярианд олон дурдсан авга ахынхаа тухай сонирхуулаач?

-Монголын дөрвөн удаагийн мистер Д.Бат-Эрдэнэ миний аавын дүү. Бид нэг гэрт өссөн. Ах маань бодибилдингээр хичээллэж эхлэх үед би жаахан хүүхэд байсан л даа. Нүдэн дээр л бие нь өөрчлөгдөөд, намайг энэ спортод эрхгүй дурлуулсан. Одоо дүү нар маань бас тамирчны хэмжээнд орж ирлээ. Бодибилдингийн спорт хүний генийг өөрчилдөг. Сул дорой байсан эд эс идэвхжээд ирэхээр хүүхдүүд нь тэр хүчтэй генийг өвлөж төрдөг. Бөхийн удам гэдэг шиг хадгалагдаж өвлөгдөж явдаг.

-Гэр бүлээ танилцуулахгүй юу? 

-Манай гэр бүлийн хүнийг Б.Туяасайхан гэдэг. Бид фитнест хамт явдаг байсан юм. 2008 онд гэр бүл болсон. Одоо хоёр хүүхэдтэй. Намайг хамгийн сайн ойлгож, дэмждэг хүн шүү дээ. гэр бүлийн хүн маань тусалдаг учраас би өдий зэргийн амжилттай явж байгаа.

-Алсын зорилгоосоо хуваалцвал?

-Би богино хугацааны зорилго тавьдаг. 2016 онд хоёр жил бэлтгэлээ багасгаж, амралтын байдлаар булчингийн массаа өсгөх зорилго тавьсан. Харамсалтай нь гэнэт бие өвдөж, эмчилгээ хийлгэсээр энэ хугацааг өнгөрөөсөн. Ингээд өнгөрсөн жилээс бэлтгэлдээ ороход биеийн хөгжил маань таван жилээр ухарчихсан байсан ч тамирчны хэмжээнд бэлтгэлээ хангасаар дахин “мистер” боллоо. Одоо ирэх гурван жил бэлтгэл, дэглэмээ спортын түвшинд авч явна. Тэгээд гурван жилийн дараа цаашдын зорилгоо тавина даа.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Төр засаг ханиаданд бууж өглөө

Ханиадыг дарж чадахгүй нь, өөрсдөө учраа олцгоо гэснээс өөрцгүй

 0 сэтгэгдэл


Өнгөрсөн лхагва гарагт болсон Засгийн газрын хуралдаанаар ханиадтай хүүхдээ асарч буй эцэг эхчүүдэд ажлаас нь 3-5 хоногийн цалинтай чөлөө олгох шийдвэр гаргав. Гэхдээ энэ хөнгөлөлт зөвхөн төрийн албан хаагчдад очно. Харин төрийн албан хаагчдын цалинг төлсөн татвараараа бүрдүүлдэг хувийн хэвшлийнхэнд энэ зохицуулалт үйлчлэх албагүй. Хэрэв тухайн байгууллага хүсвэл цалинтай чөлөө олгоно, хүсэхгүй бол яах ч аргагүй гэсэн үг. Эрүүл мэндийн сайдын энэхүү мэдэгдэл эцэг эхчүүдэд сайхан л сонсогдсон. Харин хувийн хэвшилд ажилладаг зарим нь төрийн албаныханд багахан атаархсан биз.

Гэхдээ ийм шийдвэр гаргаснаараа Засгийн газар, Эрүүл мэндийн яам аль хэдийн хяналтаасаа алдсан ханиад томуугийн дэгдэлтэд бууж өгснөө “зарласан” хэрэг болж байна. Нэг ёсондоо “бид ханиад томууг дарж чадахааргүй болчихлоо. Та нар хэд хоног гэртээ хүүхдээ асарч, эдгээхийг бод” гэж хэлсэнтэй агаар нэг сонсогдож байна.

Уг нь хариуцсан яам, агентлаг, сайд, дарга нар томуугийн тархалтаас урьдчилан сэргийлж, газар авахуулалгүй намжаах үндсэн үүрэгтэй.

Гэвч ажлаа хангалттай хийгээгүйн улмаас ханиадыг бүх нийтийн цар тахлын хэмжээнд хүртэл нь хүндрүүлчихлээ. Ингээд эцэст нь гал унтраах төдий өрөвдөлтэй арга хэмжээ авдгаа хэзээ болих вэ.

Өнгөрсөн 12 дугаар сард жирэмсэн болон бага насны хүүхэдтэй ээжүүдийг цэвэр агаарт тав хоног амрааж, зардлыг нь улс даах марзан гэмээр санал дэвшүүлж байв. Энэ санаачилгаа хэрэгжүүлэхийн тулд 8.7 тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргана хэмээн хэсэг шуугисан. Гэвч олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад аргагүйн эрхэнд саналаа эргүүлэн татахад хүрсэн. “Бид нар утааг арилгаж чадахгүй нь ээ. Тиймээс та бүхэн утаанаас гадуур тав хоног амарчихаад ир. Мөнгийг нь улсын төсвөөс өгчихнө, санаа зоволтгүй” гэж буй нь олны дургүйцлийг төрүүлэхээс яахав. Тэгвэл өвдсөн хүүхдээ гэртээ асрах эцэг эхэд цалинтай чөлөө өгөх шийдвэр үүнээс огт ялгаа алга. Ханиад томуу угаасаа гардаг юм, бид нар дарж чадахгүй юм байна, та нар өөрсдөө учраа олцгоо гэж буйгаас өөрцгүй сонсогдож байна.

Эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээ муу, эмнэлгийн хүртээмж тааруу, эм тарианы хангалт дутуу болохоор ханиад ингэж газар аваад байгааг манай дарга нар мэдэж байна уу? унхиагүй төрийн шуналтай түшмэд агаарын бохирдлын эсрэг ажил хийхээр төсөвлөсөн хөрөнгийг хувааж идсээр байгаад агаар нь угаар болж, өвөл туссан улирлын томуу шууд хатгаа болон бидний нялх үрсийг тарчлаасаар байна. Дайны үеийн цэргийн эмнэлэг шиг зөрөх зайгүй шахам эгнэж хэвтсэн ханиад, хатгаатай хүүхдүүд яаж ч хурдан эдгэж, эмнэлгээс гарах вэ дээ. Гарлаа ч өнөөх л угаараараа амьсгалж, уушги нь буцаад гэмтэж байна. Зүй нь, олдохгүй байгаа эм тарианы хүртээмжээ сайжруулж, эмнэлгийн үйлчилгээгээ чанаржуулж, багачуудаа вакцинд хамруулах замаар томуутай тэмцэх ёстой баймаар. Гэтэл дорвитой арга хэмжээ авахгүй байсаар хүндрүүлчихээд дараа нь чөлөө авч хүүхдээ асар гэж хэлэх ч гэж дээ. Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрнө гэж л энийг хэлэх байх.

Эм тарианы хангалт дутуу болохоор ханиад ингэж газар аваад байна

Дарга нарын оффисыг ганц зуны дотор барьчихдаг, хүүхдийн эмнэлгийг арван жил сунжруулдаг сэтгэлгүй төртэйгөө улам ихээр мэдэрч сууна даа, энэ өдрүүдэд.

Амьсгалах аргагүй боллоо, агаарын бохирдол хэтэрлээ хэмээн шүүмжлээд эхлэхээр “Ээжүүдийг хүүхдүүдтэй нь хамт тав хоног сувилалд амраана” гэв. Бүхэл бүтэн цэцэрлэг барьчих мөнгөөр ердөө тав хоног цэнгэг агаар амьсгалуулах засгийн шийдвэрийг шүүмжлээд эхлэнгүүт “болилоо” гэсэн. Гэтэл одоо ханиад томуу хэтэрлээ гэхээр “цалинтай чөлөө олгоё” гэж хадуурав. Ниргэсэн хойно нь хашхирах биш, урьдаас сэргийлж, арга хэмжээ авахыг л та нараас хүсээд байгааг хэзээ ойлгох вэ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Цагаан сарын бэлэгний мөнгө Эрээнийг дэмжсээр байна

357.3 тэрбум төгрөг зөвхөн бэлэгт зориулж гадагш нь урсгаж байна

 0 сэтгэгдэл


Монголчуудын уламжлалт сар шинийн өдрүүд болоход ердөө хоёр долоо хоногийн хугацаа үлджээ. Энэ хугацаанд дор бүрнээ амжиж бэлэг, идээ шүүсээ бэлдэх гэсэн хүмүүс Мишээл, Дүнжингарав зэрэг томоохон худалдааны төвүүдэд бужигнаж байна. Хүнсний болон барааны захуудыг чиглэсэн автомашины түгжрэл ч амралтын өдрүүдэд огцом нэмэгдэж, “уртасгасан цагаар ажиллаж” эхэллээ.

Хол ойрын ахан дүүс, ураг төрлүүд жилдээ нэг удаа өргөн дэлгэр цугладаг сар шинээр гарын бэлэг гэгч зүйл өрхийн төсөвт хамгийн том дарамт болдог. Гэсэн ч ёс ёмбогор учраас айл бүр зочдын алгыг өөд нь харуулахын тулд цалин, тэтгэврийн зээл авч, хойд хормойгоороо урд хормойгоо нөхдөг. Нийтлэг энэ үзэгдлийн улмаас монголчууд жилд дунджаар 357.3 тэрбум төгрөгийг гадагш урсгаж байна гэсэн тооцооллыг үндэсний статистикийн хороо хийжээ. Улсын хэмжээнд нийт өрхийн 64 орчим хувь нь цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэдэг бөгөөд нэг өрх идээ ундаа, гарын бэлэгт зориулж хамгийн багадаа 1.5 сая төгрөгийн зардал гаргадаг байна.

Статистикийн хорооны мэдээллээр, цагаан сарын баярыг 572.6 мянган өрх тэмдэглэж, нийтдээ улсаараа 845.2 тэрбум төгрөг зарцуулдаг гэхээр санхүүгийн хувьд яалт ч үгүй нүсэр баяр. Бэлэгний 80 орчим хувийг импортын бараа, бүтээгдэхүүн эзэлдэг бөгөөд дунджаар 357.3 тэрбум төгрөг зарцуулж байна. Харин MMCG судалгааны байгууллагын хийсэн тооцоогоор цагаан сар тэмдэглэхэд санхүүгийн хувьд өрхөд хамгийн их дарамт болдог зүйл нь гарын бэлэг гэж иргэд хариулсан байдаг. Ийм хэмжээний мөнгө тэр чигтээ өмнөд хөршийн эдийн засгийг дэмжиж байна гэж бодохоор харамсалтай.

• Энэ сар гарсаар төгрөгтэй харьцах юанийн ханш 393.49 төгрөгтэй тэнцэж, Монголбанкны зарласан албан ханш бүх цаг үеийнхээ хамгийн өндөр түвшинд хүрээд байна. 

• УБТЗ өнгөрсөн онд таван цонхоор зэрэг үйлчлээд ачааллаа дийлээгүй. Энэ жил 10 цонхоор зэрэг үйлчлэхэд мөн л ачаалалтай байна. 

• Сар шинээр бусдаас авсан бэлэг хэрэгцээтэй байж чаддаг уу гэсэн асуултад оролцсон иргэдийн 64 хувь нь хэрэгцээгүй гэж хариулжээ.

Энэ сар гарсаар төгрөгтэй харьцах юанийн ханш 393.49 төгрөгтэй тэнцэж, Монголбанкны зарласан албан ханш бүх цаг үеийнхээ хамгийн өндөр түвшинд хүрээд байна. Үүнийг албаныхан сар шинийн баяр ойртсон тул юанийн эрэлт өссөн гэдгээр тайлбарласан юм.

Уламжлалт баяраар үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хөдөлгөөн, хувь хүний санаачилга цахим  орчинд өрнөдөг, уг нь. Арга ядаад, facebook тэргүүтэй нийгмийн сүлжээнд “бэлэг бэлгийн дээд бэлэн мөнгө” гэсэн үг хүртэл гарсан. Хэдий тийм ч эл санаачилга төдийлэн газар авахгүй, Эрээн хотыг зорих олны урсгал буурахгүй байгаа юм. Зам тээврийн үйлчилгээ сайжирснаар эл урсгал бүр идэвхжээд байна. Монголын хамгийн хол аймаг, сумын худалдаачид, иргэд ч цагаан сарын бэлэг авахын тулд нийт 4000 гаруй км туулж, Эрээн хотод бөөнөөрөө саатах жишээтэй. Үүнээс болж энэ сард төмөр зам болон авто тээврийн ачаалал эрс нэмэгдсэн байна. “Улаанбаатар төмөр зам”-ын тасалбар худалдаалах төвийн дарга П.Оюунцэцэг “Өвлийн улиралд галт тэргээр зорчих үйлчлүүлэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Цагаан сарын бэлтгэл хангагдах нэгдүгээр сард урд чиглэлд зорчигчдын тоо эрс нэмэгддэг. Бид нийт тасалбарынхаа 50 хувийг урьдчилсан захиалгаар борлуулдаг. Иргэдэд чирэгдэлгүй үйлчлэхийн тулд цахим захиалгын үйлчилгээ нэвтрүүлсэн. 5-6 вагон нэмэлтээр тогтмол аялуулж байна. Суудлын дүүргэлт хоёр талдаа 100 хувьтай байгаа. Ялангуяа, пүрэв, баасан гарагт ачаалал эрс нэмэгддэг. Бид өнгөрсөн онд таван цонхоор зэрэг үйлчлээд ачааллаа дийлээгүй. Энэ жил 10 цонхоор зэрэг үйлчлэхэд мөн л ачаалалтай байна” гэв.

Авто тээврийн үндэсний төвийн Зорчигч тээврийн тасгийн мэдээллээр, Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд энэ сарын 17-ны байдлаар нийт 784 зорчигч тээвэрлэсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 41 хувиар өсчээ. Рейсийн тоогоо таваар нэмэгдүүлсэн байна. Тэгвэл Улаанбаатар-Эрээн-Улаанбаатар чиглэлд 3124 иргэн тээвэрлэжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 39 хувиар өссөн байна. Харин нэмэлт рейс 23 болжээ.

Дорнын соёлтой, цагаан сар тэмдэглэдэг Азийн орнууд манайх шиг уламжлалт баяраараа харь орны эдийн засгийг дэмжээд байдаггүй. Харин ч үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн худалдан авалт хамгийн их хийдэг. Гэтэл манай улсад энэ соёл, дадал бүрэн суугаагүй, урьдын жишгээр Эрээн хотыг зорьсоор. MMCG-ийн хийсэн цагаан сарын хандлагын судалгаагаар, сар шинээр бусдаас авсан бэлэг хэрэгцээтэй байж чаддаг уу гэсэн асуултад оролцсон иргэдийн 64 хувь нь хэрэгцээгүй гэж хариулсан байна. Бэлэгний сонголт хийхдээ 36 хувь нь үндэсний үйлдвэрлэлийн бараа, бүтээгдэхүүн авдаг гэжээ.

Нөгөө талаар, дотоодын эдийн засагт үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж 350 гаруй тэрбум төгрөг үлдээх боломж байгаа гэсэн үг. Үүнийг иргэдийн сонголт, хандлага, дотоодын үйлдвэрлэгчдийн үнийн бодлого, бүтээгдэхүүний чанар шийднэ. Сонгинохайрхан дүүргийн иргэн Ж.Пүрэвсүрэн “Би хүнд архи дарс, овор хэмжээ ихтэй, хэрэг болох эсэх нь мэдэгдэхгүй зүйл өгснөөс чанартай, эдэлж хэрэглэж болохуйц бэлэг өгье гэж боддог. Тийм учраас дотоодын үйлдвэрлэлээ сонгож худалдан авалт хийж байна. Хэдий импортын бараа, бүтээгдэхүүнтэй харьцуулахад үнэтэй боловч чанар сайтай, тэр бүр давтагдаад байдаггүй, дараа нь бэлэг өгсөн хүндээ дурсагдаж байх юм болов уу гэж сонголтоо хийдэг” хэмээн өгүүлсэн юм.

Гэхдээ л үндэсний үйлдвэрлэлээ сонгох нь одоо болтол мөрөөдлийн жагсаалт хэвээр байна. Gogo.mn сайтын явуулж буй “Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ? гэсэн цахим судалгаанд пүрэв гарагийн байдлаар 2370 иргэн саналаа өгсөн байна. Уг судалгааны дүнгээс харахад, хэт үнэтэй гэж нийт оролцогчдын 58 хувь нь хариулсан бол өнгө үзэмж тааруу гэж долоон хувь, олдоц багатай хэмээн гурван хувь саналаа өгчээ. Харин үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд өөр бодолтой байна.

Тухайлбал, “Хүлэг тайж” компанийн захирал Б.Хүлэгтбаатар “Манайх хатгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Энэ жилийн хувьд цагаан сард зориулж даалин урласан. Дотоодын үйлдвэрлэлийн бараа, бүтээгдэхүүн үнэтэй байна гэж ярьдаг. Өмнөд хөрштэй харьцуулахад бидний хувьд үйлдвэрлэлийн өртөг, түрээсийн зардал өндөр. Зээлийн эх үүсвэр үнэтэй, бизнесийн орчин төдийлэн сайн биш. Үүнийг бас манай иргэд ойлгож хүлээж аваасай гэж боддог. Үйлдвэрлэлийн нөөц боломжоос шалтгаалаад нэг дор олноор үйлдвэрлэж чаддаггүй. Хатгамлын бүтээгдэхүүн хийгээд бид долоо, найман жил болж байна. Үндэсний бүтээгдэхүүнээ худалдан авах иргэдийн хандлага жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Хэдий тийм боловч импортын бараа, бүтээгдэхүүн бэлгийн гол сонголт хэвээр байна” гэв.

Сүүлийн жилүүдэд бэлгэнд хэт их ач холбогдол өгч, чамирхал газар авсан. Угтаа бэлэг өгөх нь ёс төдий гар цайлгах эртний уламжлал. Гэвч үүнийг хавтгайруулж, бэл бэнчинг харуулах нэг аргаа болгосон. Ингэснээр цагаан сарын утга учир алдагдаж, валютын ханшийн дарамттай үед Эрээний эдийн засгийг дэмжиж, өөрсдийн эдийн засгаа ч унагаж, зүдэрч байна. Үндэсний үйлдвэрлэгчид нь Эрээнтэй өрсөлдөхөөс аргагүй болсон. Үнэхээр бэлэг өгөхийг тэргүүнд үзэж байгаа бол бэлэн мөнгө эсвэл дээр үеийн уламжлалаар чихэр, боовоо өгөхөд юу буруудах билээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Гамшгийг хохирол багатай туулах бодит шийдэл хэрэгтэй

Урьдчилан сэргийлэхэд зарцуулсан $1 хохирлыг долоо дахин буруулдаг

 0 сэтгэгдэл


Монголд чөмөг ташим хүйтэрдэг идэр ес үргэлжилж буй эдгээр өдрүүдэд дэлхийн өмнөд хагаст цельсийн 50 хэмд дөхөж, шатаж байна. Австрали тивд гурван өдөр дараалан агаарын температур цельсийн 48.9 хэмд хүрч, шөнөдөө 33 хэмээс буухгүй байна.

Уур амьсгалын энэхүү онц ноцтой үзэгдэл наашлаад Зүүн Өмнөд Ази, Номхон далайн эргийн орнуудад үер, хуй салхи зэрэг байгалийн гамшиг тохиож болзошгүй байгааг хэвлэлийнхэн, цаг уурчид, шинжээчид анхааруулж байна. Ази тивд эх дэлхий дээр болж буй байгалийн нийт гамшигт үзэгдлийн 50-60 хувь тохиодог бөгөөд ирээдүйд нийт хохирлын 40 хувь нь ногдоно гэж таамаглаж буй. Байгалийн гамшгийн улмаас дэлхийн эдийн засгийн голлох өсөлтийг хангаж буй энэ тивийн боловсрол, эрүүл мэнд, амьжиргаа зэрэг эдийн засгийн боломжууд хумигдаж байна. Тиймээс ч байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, хохирол багатай даван туулахад дэлхий нийтийн бодлого тодорхойлогч, хөгжлийн жолоог атгагчдад уриалж буй юм.

“Азид буурай хөгжилтэй орнууд их тул гамшигт эмзэг. Тийм учраас дэлхий дахин гамшгаас хэрхэн сэргийлэх, яаж хохирол багатай даван туулах тухай л ярьж байна” хэмээн манай гамшгийн асуудал хариуцсан албаны эх сурвалж онцолсон юм.

Монголын хувьд уур амьсгалын өөрчлөлт хамгийн эрчтэй явагдаж байгаа орон. Бид өндөр хөгжилтэй орнууд шиг нүүрснээс татгалзаж, эрчим хүчээ ногооруулах замаар агаарын температурыг цельсийн 1.5 хэмээр бууруулна гэх амбийцтай бодлого хэрэгжүүлэх боломж, бололцоо байхгүй. Хамгийн гол нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь чухал. Үүний тулд гамшийн эрсдэлийг бууруулахад л бодлогоо чиглүүлэх ёстойг гамшгийн мэргэжилтнүүд хэлж байна.

Сүүлийн жилүүдэд хур тунадасны хэмжээ өвөлдөө ихсэж, зундаа багасаж буйг мэргэжилтнүүд онцлох болсон. Өвөл цас их орох нь яалт ч үгүй уур амьсгалын өөрчлөлтийн үр дүн аж. Тиймээс ч НҮБ-аас 2001 онд зудыг байгалийн гамшигт албан ёсоор бүртгэсэн. Гэтэл бид хамгийн их тохиолддог зудыг хамгийн хохирол багатай даван туулах арга замаа одоо хэр нь олоогүй. Тун саяхны жишээ гэхэд, 2016-2017 онд Монголд зудын улмаас нийт малын зургаан хувь нь үрэгдэж, 157 мянган хүн өртсөн. Үүнд 2500 жирэмсэн эх, таваас доош насны 26 мянган хүүхэд, ахмад настан 13 мянга байсан байна. Зудын улмаас махны болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 10 хувиар өсөж, Монгол Улс олон улсын хүмүүнлэгийн байгууллагаас 6.6 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж авсныг Ази, Номхон  далайн гамшгийн тайланд дурджээ. Уг нь гамшгийн эрсдэлийг шилжүүлэх олон арга бий. Тухайлбал, зудын эрсдэлийг бууруулахын тулд малын индексжүүлсэн даатгал маш үр дүнтэй байдаг аж. Эдийн засгийн хувьд ч үр дүнтэй шийдэл. Гэвч жилийн жилд л зуданд малаа алдагсад төв суурин руу нүүдэллэж, ажилгүйдэл, ядуурлын тоог улам нэмсээр.

2018 онд гамшиг, ослын үед авах арга хэмжээ, хохирол барагдуулахад Засгийн газраас гаргасан нөөц хөрөнгө 15 тэрбум төгрөгт хүрсэн. Албаныхны хэлж буйгаар энэ хэмжээ жилийн жилд нэмэгдэж буй нь бид гамшгийн эрсдэлийг шилжүүлж, менежмент хийж чадахгүй байгаагийн илрэл аж.

Уг нь эрсдэлээс сэргийлж чадвал энэ мөнгийг долоо дахин хэмнэх боломж бий. Олон улсад гамшгийн дараа учирсан долоон ам.доллар бүр урьдчилан сэргийлэхэд зарцуулсан нэг ам.доллартай тэнцдэг гэсэн судалгаа байдаг. Тиймээс дээрх хэмжээний хөрөнгийг жилийн жилд барилга байгууламжаа хүчитгэх, эрчим хүчний шонгийн суурийг сайжруулах, замаа засаж, үерийн далан, шуудуу баривал чухам хэрэгтэй баймаар. Гэтэл 2018 онд нийслэлд нэг ч үерийн далан, суваг нэмж барьсангүй. 1966 оны үерийн дараа барьсан далан, сувгуудын 80 хувь нь эвдэрсэн нь 2015 онд Улаанбаатар хотын гамшгийн эрсдэлийн үнэлгээгээр тодорхой болжээ. Тиймээс үер болвол Сонгинохайрхан дүүрэгт л гэхэд 100 хүний ес нь, Чингэлтэй дүүрэгт 100 хүн тутмын дөрөв нь амиа алдах эрсдэлд амьдарч байна.

Тиймээс ядаж л олон нийтийн сүлжээг урьдчилан сэргийлэхэд идэвхтэй ашиглах бүс нутгийн хандлагатай хөл нийлүүлмээр байна. Индонезид AtmaGo аппликейшний тусламжтай үерээс сэргийлэх анхааруулга явуулснаар нэг өрхөд учрах хохирлыг жилд 324 ам.доллараар буулгаж чадсан байна. Харамсалтай нь, манайд хүмүүсийн нас, онцлогт нь тохирсон контентоор урьдчилан сэргийлэх ажил хийж чадахгүй байгааг ОБЕГ-ын гамшгийн эрсдэлийн удирдах газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэн хэллээ. Мөн салбар дундын хамтын ажиллагаа хамгийн их хэрэгтэй байгаа ч төрийн ихэнх байгууллага санхүүжилт байхгүй гэдэг шалтгаанаар хойш суусаар байна.

Байгалийн гамшиг, түүнийг даван туулах чадавх муу байгаа нь Монголд төдийгүй бүс нутагт ч хөгжлийн хурдыг хойш чангааж буй тул энэ асуудалд шийдэл даван туулах чадавх муу байгаа нь Монголд төдийгүй бүс нутагт ч хөгжлийн хурдыг хойш чангааж буй тул энэ асуудалд шийдэл олохоор өнөө жил давосын эдийн засгийн чуулганы эрхэм зочид ухаанаа уралдуулж, шинэ санаагаа хуваалцах аж.

ЗГМ: ТОДРУУЛГА

Д.БААСАНСҮРЭН: ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛСАН

ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдах газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэнгээс зарим асуултад хариулт авлаа.

-Гамшгаас сэргийлэхэд ямар бодлого хэрэгжүүлж байна вэ?

-Саяхан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл байгууллаа. Энэ зөвлөлийг Ерөнхий сайд ахалж, бүх яам, агентлагийн удирдлагаас гадна хувийн хэвшил, ТББ-ын төлөөлөл оролцож байгаа. Улсын онцгой комиссоос ялгаатай нь гамшиг, үймээн самуун, гоц халдварт өвчин тархаагүй үед ч хуралдаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах юм. Гамшгаас сэргийлэхэд салбар дундын уялдааг хангаж, эрсдэлийг бууруулахад хэрэгтэй томоохон хөрөнгө оруулалтыг шийдэх зорилготой. Гамшгаас сэргийлэх, даван туулахад зөвхөн Засгийн газрын нөөц сангаас бус тухайн орон нутгийн засаг даргын нөөц хөрөнгийн 30 хувиас багагүй  хэсгийг зарцуулахаар болсон.

-Хүн амын хэчнээн хувийг гамшигт эмзэг хэсэг эзэлж байгаа вэ?

-Хүн амын мэдээллийн нэгдсэн сангаас тодорхой тоо гарах байх. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхэд, эмэгтэйчүүдээ тооцоход нийт хүн амын 20-30 хувь нь гамшигт эмзэг хэсэг гэж үздэг. Амьжиргааны түвшин доогуур болон гэр хорооллын өрхүүдийг тооцвол эмзэг хэсэг бүр нэмэгдэнэ. Ер нь Ази, Номхон далайн бүсэд гамшигт өртөгсдийн 70 гаруй хувь нь бага орлоготой өрх байдаг.

-Нийслэлийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг тооцсон юм байна. 1966 оных шиг үер нийслэлд буувал нөхцөл байдал ямар болох талаар танд төсөөлөгдөж байна уу?

-Тэр үеийнх шиг байтугай өнгөрсөн зун 30 минут хүрэхгүй хугацаанд бороо ороход л хот тэр чигтээ үерт автаж, гэр хорооллын өрхүүд сүйдэж, хүний амь үрэгдсэн. 1966 оноос хойш хот газар нутгаараа гурав дахин тэлж, гэр хороолол хэдэн арав дахин томорч, нягтрал нэмэгдсэн. Үерийн аюулын зургаас харахад хэдхэн газар л үер болдог. Эдгээр газартаа л арга хэмжээ аваад, төлөвлөлтдөө анхаарахад эрсдэл буурна. Манайх төсөв мөнгө хуваарилдаг, захиран зарцуулдаг байгууллага биш учраас бид холбогдох газруудад зөвлөмж өгч, шаардлага хүргүүлэхээс хэтэрдэггүй. Гамшгаас сэргийлнэ гэдэг байгууллага, хүн бүр оролцож байж үр дүнтэй болно. Тиймээс байгууллагууд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой.