A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4576/

Тоон үзүүлэлтүүд унаж, таагүй ирээдүйг зөгнөж эхэллээ

Тоон үзүүлэлтүүд унаж, таагүй ирээдүйг зөгнөж эхэллээ
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4576/
  • Нийт бараа эргэлт 21.3 хувиар буурсан нь Монголын эдийн засагт том цохилт болно
  • Өргөн хэрэг­лээний бараа, бүтээгдэхүүний эргэлт огцом буурч буй нь жижиг, дунд бизнес эрхлэгч иргэдийн амьдралд хүнд тусахаар байна
  • Гадаад худалдаа 2019 оны эхний хоёр сард 256.1 сая ам.долларын ашигтай гарч байсан бол энэ оны эхний хоёр сард дөнгөж 20.7 сая ам.доллар байгаа юм

Шинэ коронавирусийн COVID-19 халдвар Монголын эдийн засаг, бизнесийн орчинд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлох нэг хүчин зүйл нь гадаад худалдааны эргэлтийн тоон үзүүлэлт юм. Үүнийг экспорт, импортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс ямар ялгаатай байгаагаар тодорхойлж болно. 2019 оны хоёрдугаар сарын гаалийн статистик мэдээллийг энэ оны мөн үеийнхтэй харьцуулахад бараа эргэлтийн бүх үзүүлэлт буурсан нь илт мэдэгдэж байна. Өнгөрсөн жилийн хоёрдугаар сард гадаад худалдааны нийт бараа эргэлт эхний хоёр сарын гүйцэтгэлээр 1.9 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оныхоос 23.4 хувиар өссөн үзүүлэлттэй байжээ. Бүр экспорт импортоос давж, гадаад худалдаа 256.1 сая ам.долларын ашигтай гарч байсан аж. Тэгвэл энэ оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр нийт эргэлт 1.5 тэрбум ам.доллар болж, 21.3 хувиар буураад байна. Нийт бараа эргэлт ийн буурсны гол “цохилт” улсын төсөвт гэхээсээ бизнес эрхлэгч, хувийн аж ахуй нэгжүүдэд хүндээр тусаж, ашиг орлогод муугаар нөлөөлж буй нь ойлгомжтой. Улсын төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг уул уурхайн бүтээгдэхүүний экспортын алдагдлыг нөхөх төлөвлөгөөг холбогдох яам гаргаж, тээвэрлэлтийг эхлүүлсэн учраас алдагдалд орох магадлалыг багасгасан. Харин хувийн сектор дахь гадаад худалдааны эргэлтэд ахиц гарахгүй байгаа нь дотоодын эдийн засагт муугаар нөлөөлөх нь гарцаагүй. 

Хүнсний бүтээгдэхүүн, мал амьтны гаралтай бүтээгдэхүүний экспорт огцом хумигджээ

Экспортын бууралтад мал, амьтны гаралтай бүтээгдэхүүнээс гадна хүнсний бэлэн бүтээгдэхүүний экспортын огцом бууралт анхаарал татаж байна. Тухайлбал, хүнсний бэлэн бүтээгдэхүүний экспорт 2018 оноос тогтмол өсөж 15.8 сая ам.долларт хүрч байсан ч хорио цээрээс болж 4.7 сая болтлоо буураад байна. Мөн амьд мал, мал, амьтны гаралтай түүхий эдийн экспорт өнгөрсөн оны хоёрдугаар сарынхаас 8.2 сая, ноос ноолуур болон нэхмэл эдлэл 5.7 сая ам.доллараар буурчээ. Үүний цаана үндэсний үйлдвэрлэгч, малчдын гарт очих орлого төдий хэмжээгээр буурсан гэсэн үг. Ноолуурын салбарт монголчууд гол тоглогч хэвээр байгаа ч өмнөд хөршид байдал хэвийн болтол хүлээх шаардлага тулгарч байна. Жилдээ 10 мянган тонн ноолуур бэлтгэдэг манай орны хувьд угаасан, самнасан ноолуурын 70 гаруй хувийг БНХАУ-д худалддаг. Харин дотоодын үйлдвэрүүд 2700 тонныг хэрэглэдэг юм. Энэ жил ноолуур болон нэхмэл эдлэлийн экспорт 5.7 сая ам.доллараар буурсан нь үндэсний үйлдвэрүүдийн орлогод шууд сөргөөр нөлөөлж эхэллээ. Мал, махны тухайд 2019 оны хоёрдугаар сард хонь, ямааны мах 544.6 тонныг гадагшаа гаргаж байсан бол энэ оны мөн үед 309.2 тонныг экспортолжээ. Ингэснээр махны экспорт 43 хувиар буурсан байна. Хэдийгээр БНХАУ халдвар гарсантай холбоотойгоор импортоо багасгасан нь ойлгомжтой боловч ийм хэмжээний алдагдал манай компаниудын үйл ажиллагаа, цаашлаад малчдын орлогод нөлөөлөх нь тодорхой. Мөн хүнсний бүтээгдэхүүний экспорт огцом хумигдсан нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид таагүй байдалд орсныг ч илтгэж байна. Харин улсын төсвийн орлогын гол бүрдүүлэгч эрдэс буюу уул уурхайн бүтээгдэхүүний экспорт 186.5 сая, үнэт болон хагас үнэт чулуу, сувд, үнэт металлынх 115.5 сая ам.доллараар буурсан нь анти үзүүлэлтийг тэргүүлэв. Эрдэс бүтээгдэхүүн дотроо чулуун нүүрс, зэсийн баяжмал, боловсруулаагүй нефтийн экспорт буураад байгаа. Тухайлбал, нүүрс өмнөх оны хоёрдугаар сарын үзүүлэлтээс 1.2 сая тонн, зэсийн баяжмал 37.1 мянга, түүхий нефть 723.7 мянган тонноор буурчээ. 

Цагаан будааны импортоо нэмэхгүй бол хомсдолд орох эрсдэл ойрхон 

2019 оны эхний хоёр сард импорт 837.5 сая ам.долларт хүрч, өмнөх оныхоосоо 15.4 хувиар өсөөд байсан бол энэ онд 750 сая ам.долларт болж, 10.4 хувиар буурлаа. Энэ бууралтад төрөл бүрийн тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд, ангийн импорт 56.2 сая, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгслийн импорт 26.9 сая ам.доллараар буурсан нь нөлөөлөв. Ялангуяа суудлын автомашины импорт 2019 оны хоёрдугаар сарынхаас 4087 ширхгээр багассан нь иргэдийн худалдан авах чадварт онцгой өөрчлөлт гарсны бодит жишээ. Үүнийг дагаад автомашины сэлбэгийн борлуулалт муудаж, импорт ч багасжээ. Мөн нэхмэл, оёмол болон төмөр, хуванцар, хаймраар хийсэн бүтээгдэхүүний импорт буурсан байна. Тэр дундаа оёмол, нэхмэл бүтээгдэхүүн буюу бэлэн хувцасных 950 мянган ам.доллараар буурлаа. Энэ нь халдварт өвчний хорио цээр иргэдийн худалдан авалтыг багасгаснаар бэлэн хувцасны худалдаа хумигдаж, зах, худалдааны төвд хоосон лангуу олшрох гол шалтгаан болжээ. Харин хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт хэвийн явж байгаа аж. Гэхдээ зарим нэр төрлийн импорт эрс багассан дүнтэй байна. Хамгийн их хомсдол үүсгэж болзошгүй хүнсний бүтээгдэхүүнд цагаан будааг нэрлэж болохоор. 2019 оны хоёрдугаар сард манайхан 3.8 сая тонн цагаан будааг БНХАУ, Вьетнам, ОХУ, Казахстан, Тайландаас оруулж иржээ. Харин энэ оны хоёрдугаар сарын байдлаар 2.2 сая тонн цагаан будаа импортолсон нь өмнөх жилийнхээс 1.6 сая тонноор бага байгаа юм. Энэ нь цагаан будааны нөөцөө дариу нэмэхгүй бол хомсдолд хүргэх эрсдэл дагуулж эхэллээ гэсэн үг. Мөн инфо графикт үзүүлсэн нэр төрлийн бүтээгдэхүүнийг ч өмнөх жилийн хэмжээнд хүргэхгүй бол эрэлт үүсгэх магадлалтай. 

Гадаад худалдааны алдагдал 10 дахин нэмэгджээ

Гаалийн мэдээллээс гадаад худалдаанд дүн шинжилгээ хийхэд дээрх дүр зураг гарч байна. Тэгвэл статистик мэдээллээр гадаад худалдааны тэнцэл 2019 оны эхний хоёр сард 256.1 сая ам.долларын ашигтай гарч байсан бол энэ оны эхний хоёр сард дөнгөж 20.7 сая ам.доллар байгаа юм. Энэ нь гадаад худалдааны алдагдал өмнөх оныхоос арав дахин хумигдсан гэсэн гэсэн үг. Тэр хэрээр бизнесийн ашиг багассан байна. Гадаад худалдаа, экспорт, импортын хэмжээ буурснаас гадна, дотоодын бараа бүтээгдэхүүний борлуулалт ч таагүй үр дүнтэй байгаа. 2020 оны эхний хоёр сарын байдлаар аж үйлдвэрлэлийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2.1 их наяд болж, өмнөх оны үеийнхээс 733 тэрбум төгрөгөөр буурав. Үүнд уул уурхайн бүтээгдэхүүн голлож байгаа ч боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, тэр дундаа бөөний худалдааны эргэлт 31 тэрбум төгрөгөөр дутаж нэрмээс болжээ. Түүнчлэн нийслэлийн худалдааны салбарын борлуулалт гэхэд өмнөх оны хоёрдугаар сарынхаас 34.2 тэрбум төгрөгөөр бага байгаа юм. Үүн дээр үйлчилгээний салбарын алдагдлыг нэмбэл гол харлам тоо гарна. Зөвхөн нийтийн хоол, баар рестораны үйлчилгээний нөхцөл байдлыг харахад өмнөх оныхоос эрс багассан нь ойлгомжтой. Бараг байхгүйтэй адил болсон тухай энэ салбарт бизнес эрхлэгч захын цайны газрын тогооч хэлнэ. Үзвэр үйлчилгээний хувьд 0 зогсолт хийгээд байгааг хэн хүнгүй мэднэ. Тэр хэрээр худалдааны салбарын үзүүлэлт, Монголын эдийн засгийн хөгжлөөс хойш чангаах нь мэдээж. Эцэст нь өгүүлэхэд гадаад худалдааны алдагдал 10 дахин нэмэгдэж, нийт бараа эргэлт 21.3 хувиар буурч, дотоодын худалдааны эргэлт хасах үзүүлэлттэй гараад байгаа энэ үед УИХ, Засгийн газраас COVID-19 халдвараас эдийн засагт үүссэн “өвчлөл”-ийг хязгаарлах төлөвлөгөө батлахгүй байгаа нь бизнес эрхлэгч төдийгүй иргэдийн амьдралд үзүүлж буй заналхийллийг үл тоосноос ялгаагүй байна. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Трампын “анд” Хятадын нэр хүндийг сэргээхэд хувь нэмэр оруулж байна

 0 сэтгэгдэл
  • Өрнөдийн баячууд буяны хандив тогтмол өргөж улстөрчдийн магтаал хүлээдэг ч Хятад оронд филантроп харьцангуй шинэ үзэгдэл

Alibaba Group Holding Ltd-гийн тэргүүний суудлаа өгснөөс хойш Жэк Магийн хүч нөлөө дэлхий даяар ихэссээр байна. БНХАУ-ын тэргүүн баян буяны үйлст чухал үүрэг гүйцэтгэж байгаа нь дэлхийн хүн ам, эдийн засгийг сүйрүүлж буй COVID-19-ийн улмаас унасан Хятад орны нэр хүндийг сэргээх Ши Жиньпин даргын хүчин чармайлтад тустай юм. Нью-Йорк муж улсын захирагч Эндрю Куомо 1,000 ширхэг хиймэл амьсгалын аппарат хандивласан Жэк Ма, Аlibaba-г хамтран үндэслэгч Жо Цай, БНХАУ-ын засгийн газарт бямба гарагт талархал илэрхийлсэн юм. Дональд Трамп хүртэл Жэк Маг үнэлж “миний анд”, “энэ хандивыг бид өндөр үнэлж байна” хэмээн магтлаа. АНУ-ын Ерөнхийлөгч “хятад вирус” хэмээн өөрөө нэрлэсэн коронавирусийн эсрэг тэмцэлд шаардлагатай мэдээллээр хангахгүй байна хэмээн Бээжинг буруутгаж байсан юм. Жэк Ма Африкаас Европ, АНУ-аас ОХУ хүртэлх дэлхийн 100 гаруй улсад лавтай 18 сая ширхэг амны маск, тестийн хэрэгсэл болон бусад шаардлагатай зүйлс хандивлаад байна. БНХАУ-ын засгийн газраас тавьж буй туслах саналд сэжиглэнгүй хандацгааж буй өнөөгийн нөхцөлд Жэ Магийн хандив эх орных нь сайн санааны илрэл болох ёстой. Билл Гэйтс зэрэг өрнөдийн баячууд буяны жинтэй хандив тогтмол өргөж улстөрчдийн магтаал хүлээдэг ч Хятад оронд филантроп харьцангуй шинэ үзэгдэл. Хятадын Коммунист Нам, тэрбумтнуудыг хувийн салбарт өсөлт үүсгэж иргэдийн орлогыг дээшлүүлэх нөлөөтэй тэвчихээс аргагүй гай зэтгэр, хэт хүчирхэгжвэл эргээд аюул учруулж болзошгүй хүмүүс гэж үздэг. “Хятад нь удаан хугацаанд албан ёсны суртал ухуулга, хилийн чанад дахь аварга хөрөнгө оруулалтыг зөөлөн хүчний хэрэглүүр болгон ашиглаж ирсэн улс” хэмээн Бакнелийн их сургуулийн (Bucknell University) олон улсын харилцааны тэнхимийн эрхлэгч, Хятадын гадаад бодлогын тухай олон бүтээл бичсэн Жу Жичунь тайлбарлав. “Тэрбумтны филантроп бол Хятадын хувьд шинэ арга. Мэдээж бизнесийн үүднээсээ нийгэмтэй харилцаа тогтоох бас нэг боломж.” Вирусийн эсрэг хамтын хүчээр тэмцэхийг уриалж ирсэн Жэк Ма “Нэг ертөнц, нэг тэмцэл!”, “Хамтаараа бид чадна!” гэсэн үг хэллэг ашиглаж байна. Тэрбээр дөрөвдүгээр сарын нэгэнд Weibo-д оруулсан постоороо сангийнх нь хандиваас зарим хүлээн авагч татгалзсан тухай “онлайн цуу”-г няцааж, нийлүүлж буй эм, эмнэлгийн бүтээгдэхүүн нь чанартай болохыг батлав. “Магтуулах, хүлээн зөвшөөрөгдөх гэж хандив өргөдөггүй учраас шүүмжлэл, зэмлэлээс эмээх шалтгаан бидэнд байхгүй” хэмээн Жэк Ма бичжээ. Хятадын технологийн бусад аварга ч өглөг буяны үйлст идэвхтэй оролцож байна. Тэрбумтан Лэй Жунь үндэслэгчийнх нь нэг, холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Xiaomi Corp ихээхэн орлого олдог зах зээл нь болох Энэтхэг улсад коронавирусийн эсрэг тэмцэлд хандив өргөхөө амлав. Тэрбумтан Рэнь Жэнфэй үндэслэсэн Huawei Technologies Co Канад улсад нэг сая гаруй амны маск илгээгээд байна. “Нэр нөлөөтэй хятад бизнесмэнүүд ийм алхмыг коммунист намын зөвшөөрөлгүйгээр хийхгүй” хэмээн 1980-аад онд зөөлөн хүчний концепц оруулж ирсэн, Харвардын профессор Жозеф Ние үзэж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Төсөв тэлсэн учраас мөнгөний бодлогын орон зай бага байна

 0 сэтгэгдэл
  • Зээлийн хүүгийн дарамтад орсон байгууллагуудад татаас олгох замаар одоо хүндэрснийг дэмжих хэрэгтэй байна

Зээлийн хүүг хүчээр буулгачихвал бид өвчний шалтгааныг нь оношлохгүйгээр халуун бууруулах гэж байгаатай л адилхан зүйл болно

Санхүү, эдийн засгийн их сургуулийн багш, эдийн засагч, судлаач Ж.Дэлгэрсайхантай төсөв, мөнгөний бодлого, COVID-19 цар тахлын үед эдийн засгаа дэмжих арга хэмжээний талаар ярилцлаа.

-Төв банк мөнгөний бодлого талаас арга хэмжээ авч, бодлогын хүүгээ нэг хувиар бууруулж, 10 болгосон. Хэдий тийм боловч зарим хүмүүс бодлогын хүүг гурван хувь болгох ч боломжтой гэж яриад байна. Тийм огцом бууруулах боломж, бодлогын орон зай байгаа юу? 

-Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын үед Монголбанк, Засгийн газар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Засгийн газар буюу сангийн бодлого нь түрүүлж хөдлөөд, эдийн засгийг хамгаалах, сэргээх хөтөлбөрөө урьтаж зарлаж, хэрэгжүүлэх байсан гэж бодож байгаа. Түүнийг нь дагаж мөнгөний бодлого нь хөдөлсөн бол илүү оновчтой байсан. Харин төв банк арай хурдтай хөдөлж, олон арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Бодлогын хүүг буулгасан, зайлшгүй шаардлагатай нөөцийн хэмжээг мөн буурууллаа. Эдийн засаг агшиж байгаа энэ үед төв банк бодлогын хүүгээ 1-2 хувиар буулгах боломжтой гэж харж байсан. Харин Мөнгөний бодлогын хороо нэг хувиас илүү буулгах орон зай байгаагүй гэж үзсэн байх. Монголд төв банкны бодлогын хүүг бууруулах орон зай хоёр шалтгааны улмаас их бага. Нэгдүгээрт, төсвөө айхтар тэлчихсэн. Монгол Улсын эдийн засаг гэдэг нэг л сав. Тэр саван дотор төсөв, мөнгөний бодлого гэсэн хоёр томоохон бодлого хамтдаа багтаж, хэрэгжиж байдаг. Мөнгөний нийлүүлэлт гэж байна. Төсөв гэж байгаа. Энэ хоёр том орон зай Монгол Улсад тодорхой хэмжээнд хязгаарлагдаж байж эдийн засаг зөв зохистой мөнгөний эргэлтээ хангана. Харин тун нь хэтэрвэл валютын ханш өсөх, инфляц нэмэгдэх зэрэг сөрөг тал нь давамгайлж эхэлдэг. Одоо төсөв нэлээд тэлэлттэй байгаа учраас мөнгөний бодлогын орон зай бага байна. Хоёрдугаарт, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өнөөгийн нөхцөл эрсдэл өндөртэй. Дээрээс нь манайд мөнгө хязгаарлагдмал учраас хүү өндөр байгаа. Тийм учраас хүүг байвал зохих хэмжээнээс нь хэт доогуур аваачиж тавьбал мөнгөний шилжих урсгал явагдана. Хадгаламжаас мөнгө дайжих, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдалд алдагдах үзэгдэл болох магадлалтай. Тиймээс хүү хэт доогуур байх боломжгүй гэж үздэг. Мөнгөний бодлогын хүүг гурван хувь болгох боломжтой гэж яриад байгаа хүмүүст нарийн тооцоолсон тооцоо судалгаа ховор байх шиг харагддаг. Тэр хүмүүсээс яг ямар боломжид суурилж ингэж яриад байгааг асуух нь зүйтэй болов уу. Бидний хувьд Монгол Улсын нөхцөл байдалд тохирсон хүүгийн бодлого барих нь зөв гэж үздэг. Түүнээс биш хэн нэгэнд таалагдах гээд хүү бага байх ёстой гэж хэлж чадахгүй нь. Аливаа зүйлд шинжлэх ухаанчаар хандах хэрэгтэй. Монгол Улс мөнгөгүй, ядуу, эдийн засаг, улс төр, нийгмийн нөхцөл байдал нь тогтворгүйгээс шалтгаалж хүү өндөр байгаа. Ийм байхад зээлийн хүүг хүчээр буулгачихвал бид өвчний шалтгааныг нь оношлохгүйгээр халуун бууруулах гэж байгаатай л адилхан зүйл болно. Суурь хүчин зүйл нь сайжраагүй байхад бодлогын болон бусад хүүг хүчээр бууруулах гэж оролдвол олон гажуудал үүсэх магадлалтай гэж үздэг. 

-Бэлэн мөнгө ашиглахаа больсон, цахимаар, картаар гүйлгээ хийж байгаа үед заавал байлгах нөөцийн хувь өндөр байх шаардлагагүй гэж яриад байна. Энэ талаар та юу хэлэх вэ? 

-Заавал байлгах нөөц гэдэг мөнгө бэлэн, бэлэн бусаас хамаарахгүй. Банк итгэлцлийн байгууллага. Иргэдийн мөнгийг харилцах, хадгаламж гэх мэт олон эх сувгаар төвлөрүүлж, санхүүгийн зуучлалын арга хэрэгслээр дамжуулах буюу зээл олгох гэх мэтээр мөнгө олдог л газар. Заавал байлгах нөөцийн үндсэн зорилго нь банкуудын явуулж байгаа бизнест тодорхой хэмжээний эрсдэл тулгарвал түүнээс хамгаалах хэрэгсэл. Тиймдээ ч банкууд мөнгөнийхөө 10 гаруй хувийг Монголбанкинд байлгаж, 90 хувиар нь үйл ажиллагаагаа явуулдаг. 90 хувьд нь эрсдэл тулгарвал 10 хувиараа нөхдөг гэсэн үг шүү дээ. Гэтэл эрсдэл төлбөр тооцоог бэлэн мөнгөөр хийж байна уу, цахимаар уу гэдгээс огт хамаарахгүй. Банкны олгож байгаа зээлд янз бүрийн, одоогийнх шиг эрүүл мэндийн шалтгаанаас үүдээд эрсдэл тулгарвал түүнийг хаах хөрөнгө. Тиймээс заавал байлгах нөөцийг төлбөр тооцооны хэлбэртэй хамаатуулж тайлбарлах нь оновчтой биш. 

-Зээлийн хүүг бууруулах чиглэлээр Монголбанк огт ажиллахгүй байна гэж дайрч байна. Зээлийн хүүг бууруулах ямар боломж байна вэ? 

-Зээлийн хүүг бууруулах ёстой гэж үзэж буй хүмүүстэй санал нэгтэй байгаагаа дахин хэлье. Гэхдээ мөнгө хүүлэлт, арилжааны хүү гэдэг ойлголтыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Дэлхийн олон оронд хүүгийн тааз буюу дээд хэмжээг тогтоох бодлого хэрэгжүүлж байсан. Өндөр хөгжилтэй орнууд ч байна. Манайхан ч ийм хууль гаргах ёстой гэж яриад л байгаа. Мөнгө хүүлэлт гэдгээ эхлээд сайн ойлгох хэрэгтэй. Мөнгө хүүлэлт гэдэг нь тухайн эдийн засгийн орчинд байх боломжгүй хүүг тогтоох. Мөн эрсдэлтэй, төлж чадахгүй байж болзошгүйг мэдсээр байж тодорхой дарамт үүсгэх байдлаар тулгаж, бусдад мөнгө зээлдүүлэх замаар ашиг олохыг хэлээд байгаа юм. Энэ бараг гэмт хэргийн шинж чанартай үйлдэл. Манай банк, санхүүгийн байгууллагууд зээлдэгчидтэй ярилцаж, тохироод, өнөөгийн эдийн засгийн орчны түвшинд тохирсон хүүтэй зээл олгож, гэрээ байгуулж байгаа учраас огт өөр. Харин Нарантуул, Хархорин захад байдаг өдрийн зээл олгодог нөхдүүд байна. Наймаа хийж амьдралаа болгож байгаа хүмүүс, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд сардаа 20, 30, жилдээ 200, 300 хувийн хүүтэй зээл олгодог. Энэ бол мөнгө хүүлэлт. Иргэдийн санхүүгийн мэдлэг муутай байдлыг далимдуулж байгаа мөнгө угаагчдын үйлдлээс сэргийлэхийн тулд мөнгө угаалтын эсрэг хууль гаргаж болно. Монголд Улсад зээлийн хүү жилдээ 40, 30 хувиас давсан байвал гэж ч зааж өгч болно л доо. Түүнийгээ эдийн засгийн судалгаа хийж, нарийн тооцох ёстой. Улмаар 30 хувиас давсан байвал мөнгө хүүлэлт гэж үзнэ гээд хуульчлаад өгчихвөл ломбардуудаас эхлээд бусад байгууллагуудын зүй бус мөнгөн урсгал хаагдах магадлалтай. Харин манай зарим хүмүүс арилжааны хүү, мөнгө угаалт хоёроо ялгахгүйгээс болоод хүүгийн тааз тогтоох талаар ярьж, өндөр хөгжилтэй орнуудын жишээг татах явдал байна. Тэр хүмүүс асуудлаа сайн ойлгох хэрэгтэй. Зээлийн хүү гэдэг чинь ерөөсөө л бараа бүтээгдэхүүний үнэтэй адилхан зүйл. Талхны үнэ гэдэг шиг мөнгөний үнэ байхгүй юу. Мөнгө орон зай болгондоо тохирсон үнэтэй байдаг. Яагаад баруунд мөнгөний үнэ, зээлийн хүү бага байгаа юм гэдгийг судалж мэдэх хэрэгтэй. Дэлхий дээр Монголтой ойролцоо зээлийн хүүтэй улсуудыг ажиглахад, улс төр нь тогтворгүй, эсвэл дайн болж байгаа орон л байдаг. Манайх зээлийн хүүг бууруулъя гэвэл эдийн засгийн тогтвортой бодлого авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Иргэдээ орлоготой болго, эдийн засгаа солонгоруул. Нөгөө талд нь мөнгөний бодлого тодорхой хэмжээнд нөлөөлнө.

-Эдийн засаг хүндэрч байгаа энэ үед зах зээлд мөнгө нийлүүлэх хэрэгтэй байгаа нь мэдээж. Харин яг ямар бодлого ийм үед оновчтой вэ. Засгийн газраас НДШ, ХАОАТ-ыг зургаан сарын хугацаанд авахгүй байх гэх мэт шийдэл гаргалаа. Энэ бодлогыг та юу гэж харж байна, зөв бодлого мөн үү? 

-Цаг хугацааны хувьд хожимдсон ч гэсэн Засгийн газрын гуравдугаар сарын 27-нд зарласан, УИХ-д өргөн бариад хэлэлцүүлж байгаа энэ хөтөлбөр хүндрэлд орсон нөхцөл байдлаас иргэд, аж ахуйн нэгжүүдийг аврах, эдийн засгийг тэтгэх цогц арга хэмжээ мөн үү гэвэл мөн. Тодорхой хэмжээний сангууд үүсгэх замаар эдийн засаг руу мөнгө оруулах бололтой юм. Хамгийн гол анхаарах, байгаа онох, анхаарах ёстой хэсэг нь энэ. Эдийн засаг руугаа мөнгө оруулах ёстой юу гэвэл тийм. Хөл хорио, огцом зогсолтоос болж эдийн засаг хүндрэлд орж байгаа. Энэ цаг үед Сангийн яам Монгол Улсын эдийн засагт нөлөөлөх нөлөөллийн түвшнийг тодорхойлсон судалгааг маш яаралтай гаргаж, зарцуулах мөнгөө аль салбарт оруулж, яаж дэмжих нь зүйтэй вэ гэдгийг тодорхойлох ёстой. Дэмжих арга механизм нь банк, санхүүгийн байгууллагаар дамжих юм уу, төр өөрөө сангаар дамжуулж бодлогоо хэрэгжүүлэх үү гэдгийг шийдэх хэрэгтэй. Миний санал болгох гол хувилбар нь, энэ мөнгийг судалгаатайгаар, эдийн засгийг дэмжвэл зохих салбар руу оруулах. Өөрөөр хэлбэл, аль салбарт хамгийн их цохилт ирж байна. Аль салбараа дэмжвэл эдийн засгийн хүндрэлийг саармагжуулах, эргэн сэргээх, хурдыг нь нэмэгдүүлэх боломжтой вэ гэдгээ судлах ёстой. Энэ бол Сангийн яамны үүрэг. Энэ ажлаа л хий. Онцгой сангуудыг бий болго, бага хүүтэй зээлүүдийг олго. ЖДҮХС шиг гурван хувийн хүүтэй зээлийг олгох нь чухал. Зээлийн хүүгийн дарамтад орсон байгууллагуудад татаас олгох замаар одоо хүндэрснийг дэмжих хэрэгтэй байна. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Монгол Улс өрийн хямралд ороход ойрхон байна

 0 сэтгэгдэл
  • Нэг хүнд 28.3 сая төгрөгийн өр ногдож байна

Азийн хөгжлийн банк ээлжит тайлангаа энэ сарын эхээр танилцуулах үеэр Монгол Улс өрийн хямралд орж болзошгүй байгааг анхааруулсан. Гадаад өрийн эрсдэл тэр хэрээр эмзэг байгааг цохон тэмдэглэсэн хэрэг. Манай улсын гадаад өр сүүлийн таван жилд 35 хувиар өсжээ. Засгийн газрын нийт өр дунд гадаад өрийн хэмжээ хамгийн өндөр байна. Энэ онд нийт 115 төслийг 1.2 их наяд төгрөгийн зээлээр хэрэгжүүлэхээр байгаа. Зээл тусламж нөхцөл өөр боловч өр болдог. Өрөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр үр ашигтай байсан эсэх эцсийн дүндээ чухал болоод байна. Төв банкны 2019 оны жилийн эцсийн гадаад өрийн статистик үзүүлэлтээс харахад, Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ өнгөрсөн оны байдлаар 30.6 тэрбум ам.долларт хүрчээ. 2018 оны жилийн эцэстэй харьцуулахад, нийт өрийн хэмжээ 1.9 тэрбумаар нэмэгджээ. Өрийн хэмжээ өсөхөд хувийн хэвшил болон Засгийн газрын өр нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна. Гадаад өрийн хэмжээг задалбал, Засгийн газрын зээл 7.7 тэрбум ам.доллар, төв банкны зээл 1.9 тэрбум ам.доллар байна. Манай улс ирэх онд 2.9 тэрбум ам.долларын гадаад өр төлбөр барагдуулахаар байгаа. Гэвч үүнийг эргэж төлөх хуримтлал энэ хугацаанд төвлөрүүлж чадсангүй. 2020 оны төсвийн алдагдал хоёр их наяд төгрөг бөгөөд улсын гадаад болон дотоод өрийн хэмжээ нэмэгдсээр. Нийт гадаад өрийн хэмжээг өнөөдрийн ханшаар төгрөгт шилжүүлбэл, 85 их наяд төгрөг болж байгаа бөгөөд нэг хүнд 28.3 сая төгрөгийн өр ногдож байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Улс орнуудын мөнгөний тэлэх бодлого туйлдсан эдийн засгийг эмчилнэ

 0 сэтгэгдэл
  • Дэлхийн төв банкууд түүхэндээ байгаагүйгээр бодлогын хүүгээ бууруулж байна
  • Хөгжиж буй орнуудын хувьд хөгжингүй орнуудтай харьцуулахад төсөв, мөнгөний тэлэх бодлого хэрэгжүүлэх орон зай хязгаарлагдмал. Энэ зовлонг манай улсын төв банк амсаж буй

Дэлхийн эдийн засаг хад мөргөн унаж байна. Туйлдсан эдийн засгаа сэргээх эрчимт эмчилгээг улс орнууд дор бүрнээ эхлүүллээ. Мөнгөний бодлогоо түүхэнд байгаагүйгээр зөөллөж, Засгийн газрууд урьд хожид үзэгдэж дуулдаагүйгээр асар их мөнгөн дүнтэй хөтөлбөр хэрэгжүүлэхээр болов. Тамирдсан эдийн засгийн “цусны эргэлт”-ийг сайжруулахаар мөнгө цутгаж эхлэх нь. COVID-19 цар тахлын үеийн мөнгөний бодлого хямралын эсрэг чиглэлээ. Дэлхий даяар мөнгөний тэлэх бодлогоор замнаж байна. Эдийн засгийн нөхцөл байдал өдөр бүр хувьсан өөрчлөгдөж, тодорхойгүй байдал ноёлсоор. Европын төв банк COVID-19 вирустэй тэмцэх бодлогын хүрээнд нэмэлт 750 тэрбум еврогийн үнэт цаас худалдан авах шийдвэр өнгөрсөн сард гаргасан. Энэ онд худалдан авах бондын дүн нь 1.14 их наяд еврод хүрлээ. Евро бүсийн эдийн засаг уруудах чиглэлдээ орсныг эндээс харж болно. Хамтын валют эзэмших Европ тивийн орнууд ар араасаа хямралын өмнө барьц алдаж, эдийн засгийн хүч нөлөө нь суларсаар. Мөнгөний бодлого эдийн засгийг тогтвортой барих хамгийн шилдэг хэрэгсэл гэж барууны эдийн засагчид үздэг. Английн төв банк бодлогын хүүгээ хоёр удаа бууруулж, түүхэн доод түвшинд буюу 0.1 хувьд хүргэлээ. Мөн үнэт цаас худалдан авах хөтөлбөрийн дүнг 200 тэрбумаар нэмж, энэ онд ДНБ-ийхээ 30 хувьтай тэнцэх хэмжээний үнэт цаас худалдаж авахаар болов. Өөрөөр хэлбэл, эдийн засгийнхаа 30 гаруй хувьтай тэнцэх хэмжээний мөнгө зах зээлд нийлүүлэхээр болж байна. Дэлхийн эдийн засгийн зүтгүүр Америкийн төв банк Засгийн газрын бонд, ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас хязгааргүй хэмжээгээр худалдаж авахаа мэдэгдсэн. Энэ хэрээр ам.долларын ханш сулрах төлөвтэй байна. Тэрчлэн арилжааны банк болон яаралтай бэлэн мөнгө шаардлагатай санхүүгийн байгууллагад хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн билээ. АНУ-тай худалдааны маргаан 2019 оны турш өрнүүлсэн БНХАУ-ын эрх баригчид эдийн засагт үүсээд буй сөрөг нөлөөг саармагжуулах бодлогын арга хэмжээг илүү эрчимтэй авч хэрэгжүүлэх хүлээлт зах зээлд хэдийн үүсээд байна. 

Хятадын Ардын банк буцах нөхцөлтэй санхүүжилтийн хүүг 0.2 нэгж хувиар бууруулж, 2.2 хувьд хүргэсэн. Ингэснээр зах зээлд 50 тэрбум юань нийлүүлэв. Энэ нь бодлогын хүүгээ 0.4 нэгж хувиас илүүгээр буурах угтал болов. Эдгээрээс гадна заавал байлгах нөөцийн хувийг 1.5-2.0 нэгж хувиар бууруулах хүлээлт хэвээр байна. Азийн бар эдийн засгуудын нэг БНСУ-ын төв банк бодлогын хүүгээ түүхэн доод түвшинд хэвээр үлдээхээр боллоо. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага COVID-19 цар тахлын хэмжээнд хүрлээ гэж зарласнаас тав хоногийн дараа БНСУ-ын төв банк өнгөрсөн сард сүүлийн 10 гаруй жил гаргаагүй шийдвэрт хүрсэн. Тодруулбал, бодлогын хүүгээ 0.5 нэгж хувиар бууруулж, 0.75 хувь болгосон юм. Шинжээчдийн таамаглаж байсны дагуу энэ удаа хүүг өөрчлөлгүй, өнжихөөр шийджээ. Азийн дөрөв дэх том эдийн засаг мөнгөний зөөлөн бодлогоор эдийн засгийн хүндрэлийг даван туулахаар байна. Эдийн засгийн хүндрэл хурдацтайгаар газар авснаар ажилгүйдэл нэмэгдэж болзошгүй. Тиймээс дэлхийн улс орны мөнгөний бодлого үүнийг сөрж байна. Японы төв банк эдийн засгийн үсрэнгүй хөгжилд нэн чухал үүрэг гүйцэтгэсэн. Газар нутаг нь хязгаартай арлын орон хэдий ч хөгжин дэвших орон зай нь хязгааргүй Япон эдийн засаг дахь иенийн нийлүүлэлтээ нэмэхээр шийдлээ. Японы төв банк 9.2 тэрбум ам.доллараар Засгийн газрын бонд худалдан авахаа мэдэгдсэн. Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засагт жин дарах Сингапур долларын ханш суларч, экспортын өсөлтийг дэмжих мөнгөний бодлого хэрэгжүүлэхээ зарласан. Сингапурын төв банк ханшаа суллаж, мөнгөний эргэлтийг хурдасгах бодлого зах зээлд санал болголоо. Польш, Колумби, Филиппин, Өмнөд Африк зэрэг орнуудын төв банк хоёрдогч зах зээл дээрх Засгийн газрын болон хувийн хэвшлийн бонд худалдан авалтаа нэмэгдүүлж байна. Бразил болон Чехийн төв банк хоёрдогч зах зээл дээрх Засгийн газрын бонд худалдан авах эрхгүй байдаг тул хуульдаа өөрчлөлт оруулахаар болжээ. Бразил 233 тэрбум ам.долларын дүнтэй эдийн засгийг дэмжих багц арга хэмжээ хэрэгжүүлэхээ зарласан. Хөгжингүй орнууд дунд хамгийн өндөр дүнтэй санхүүжилтийн багц энэ болоод байна. Хөгжиж буй орнуудын хувьд хөгжингүй орнуудтай харьцуулахад төсөв, мөнгөний тэлэх бодлого хэрэгжүүлэх орон зай хязгаарлагдмал. Энэ зовлонг манай улсын төв банк амсаж буй. Улсын төсөв хэт тэлсэн, гадаад валютын албан нөөц дорвитой биш, экспортын орлого уул уурхайн салбараас үлэмж хамааралтай учраас бодлогын хүүг зоргоор өөрчлөх боломж хумигдсаар. Хөгжиж буй орнууд эдийн засгийн хүндрэлээс гарахад мөнгөний бодлогоос илүү төсвийн бодлого чухал үүрэг гүйцэтгэхээр байна.