A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3054/

Тоо ярихаасаа өмнө чанар ярья

Нүүрсний экспортын биет хэмжээгээ бид өсгөхийг илүүд үзэх бол харин бусад нь чанарт ач холбогдол өгч байна

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3054/


Дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн эрхмүүд цагийн зөрүүнд хэмнэлээ алдаж, гархилсан нүдтэй, гартаа баримт бичгийн хавтас барьсаар хар өнгийн Mercedes маркийн суудлын тэрэгнээс буув. Зарим нь ганц, хоёр туслах дагуулсан харагдана. Бээжингийн чанх төвд, Засгийн газрын ордноос нь ердөө тав хүрэхгүй километрийн зайд ОХУ, Австрали, Монгол, Индонез, Энэтхэг, АНУ тэргүүтэй орны нүүрсний салбарынхан хоёр өдөр өөрсдийн өмнө тулгарч буй асуудлаа ярилцахаар ирж байгаа нь энэ. Уул уурхайн бизнес эрхлэхийн зовлон, жаргалыг ойлгож, мэддэг эдгээр эрхмүүд гол худалдан авагч БНХАУ-ын нийслэлд нүүрс хэр ирээдүйтэй болохыг тандахаар яваа гэж хэлж болно.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, үүний эсрэг их гүрнүүдийн авч хэрэгжүүлж буй бодлого нүүрсээр амьдрах орнуудад тун хүндхэн тусахаар байгаа. Ялангуяа, дэлхийн тэргүүлэх том эдийн засаг болох БНХАУ олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ ягштал биелүүлж, ногоон үйлдвэрлэлд аажмаар шилжих болсон нь дээрх орнуудад шууд мэдрэгдэж буй. Бохирдол их гаргадаг дотоодын үйлдвэрүүдээ хүртэл захиргааны аргаар хааж, аж үйлдвэрлэлийн салбараа дахин шинээр байгуулахаар өмнөд хөрш нутаг зааж эхэлсэн. Энэхүү өөрчлөлт, шинэчлэл нүүрсний салбарт томоохон доргилт авчрах нь тодорхой болж, компаниуд ч шинэ бүхэнд бэлэн байх гэж эрмэлзэх болов.

Тэгвэл нөхцөл байдалд дасан зохицох үүднээс ган үйлдвэрлэгчид техник технологийн дэвшил рүү хөрөнгө оруулалт хийж байна. Худалдан авч буй бүтээгдэхүүндээ ч чанар бас дахин чанар ярьдаг боллоо. Австралийн нүүрс илүү чанартай, сайн чанарын ган үйлдвэрлэхэд тохиромжтой гэх бол тэндээс манайх илүү гэж нэг Монгол өндөлзөх. Тэдний яриан дундуур индонез мөн орж ирэх бөгөөд БНХАУ-ын зах зээлд их гурвал болсон эдгээр орнуудтай зэрэгцэн оху гэсэн шинэ тоглогч дуугаа бас хадаах. Өмнөд хөршийн нүүрсний импорт хэмжээтэй. Энэ зах зээлд байр сууриа бататгах “амбиц”-аа хойд хөрш өрсөлдөөнөөс гадна улс төрийн аргаар дэмжлэг авах гэж оролдож буй. Энэ эриний эдийн засгийн чиг хандлагыг тодорхойлох өмнөд хөрш 2010 онд японыг гүйцэж, дэлхийн нөлөө бүхий хоёр дахь эдийн засагтай орон болсон.

Тус улс өнөөдөр нүүрсний асар их нөөцтэй орнуудын шүтээн гэгдэж, ахиу нүүрс зарчих юмсан  гэсэн нэгнийх нь их хүслийн оройд заларна. Наймдугаар сарын цухал халууныг тэвчин нүүрсний салбарынхан уулзахдаа нэг зүйлийг сүрхий гэгч нь ойлгож авчээ. Энэ нь чанар.

Хятадын зах зээлд тоогоор бус чанараар өрсөлдөх шаардлагатай боллоо

Хятадын зах зээлд цаашид тоогоор бус чанараар өрсөлдөх ёстой юм байна гэдгээ дор бүрнээ  анзаарч, хамгийн гол хэрэглэгч орны таашаалд бүтээгдэхүүнээ нийцүүлэхээр шамдаж байна.

Энэ сарын эхээр Улаанбаатарт болсон олон улсын Coal Mongolia чуулга уулзалтын үеэр нүүрсний боловсруулалт мөн л судлаач, шинжээчдийн ярианы сэдэв болсон юм. Манай улс гэхэд энэ онд 42 сая тонн нүүрс өмнөд хөршид борлуулахаар төлөвлөсөн. Нүүрсний экспортын биет хэмжээгээ бид өсгөхийг илүүд үзэх бол харин бусад нь чанарт ач холбогдол өгч байна. Үүний тод жишээ Австрали, ОХУ.

Компаниуд зөвхөн нүүрсээ олборлох бус боловсруулах, тоос шорооноос нь хүртэл салгаж, ангилж байж өмнөд хөршийн зах зээлд өрсөлдөх эрхтэй болох нь ээ. Худалдан авагчийн хүсэл, дэлхийн нийтийн шаардлага нүүрсийг нүүрсээр нь бус нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох “хувьсгал” руу хөтөлж байна. Монголын баяжуулагчдын холбооны ерөнхийлөгч Б.Чинзориг “Чанар багатай нүүрсийг баяжуулж, хэрэглэгчдийн шаардлага, стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх замаар экспортын орлогоо нэмэгдүүлэхээр цөөнгүй үйлдвэрүүд ажиллаж байна” хэмээн онцолсон. Тэгвэл байгаа хэддээ бардах бус ахиад л боловсруулалт, баяжуулалтын талаар ярихаас аргагүй болж байна.  Хувийн хэвшлүүд олборлосон бүтээгдэхүүнээ боловсруулж байхад төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” тэргүүтэй компаниуд баяжуулах үйлдвэр барина гэж хэлээд арав гаруй жилийг үдэж байна. Хэрэв олон жил дамнасан баяжуулах үйлдвэр ашиглалтад орчихвол өмнөд хөршийн зах зээлд бидний орон зай тэр хэрээр тэлж, чанараар бид илүүрхэнэ гэсэн үг.

Нүүрсээ боловсруулж, баяжуулснаар байгаль орчинд хүртэл үзүүлэх сөрөг нөлөө буурна. Тоосжилт дарагдаж, авто замын эвдрэл хүртэл багасна. Эдийн засгийн бодит үр ашиг энд бий болно. Монгол Улс нүүрсний эх орон гэвэл дэгсдэхгүй. Шинжлэх ухааны доктор Д.Бат-Эрдэнийн судалгаагаар манай улсын газар нутгийн хэмжээнд 12 нүүрсний сав газарт илрүүлэх боломжтой нүүрсний геологийн нөөц баялгийг 150 орчим тэрбум тонн гэж тооцоолсон бол өнөөдрийн байдлаар улсын нөөцийн санд 32.6 тэрбум тонн нүүрсний баттай нөөц байна. Нөөц баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулахад зөвхөн олборлоод зөөх хангалттай биш болчихлоо. Харин тодорхой хэсгийг нь боловсруулж байж өрсөлдөөнт зах зээлд өнгөлөх боломж бидэнд бүрдэх нь.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Оюунтолгой”-н далд уурхай зогсвол...

 0 сэтгэгдэл


-"Оюутолгой"-н гэрээнд өөрчлөлт оруулахтай холбоотой Ажлын хэсгийн тогтоолын төслийг МАН-ын бүлэг УИХ-ын чуулганд танилцуулахаар зэхэж байна. Тэгвэл үүнтэй зэрэгцээд нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбогдуулан гаргасан Ерөнхий сайдын 2015 оны 27, 99, 123 дугаар бүхий захирамжуудыг хүчингүй болгов.

-С.Асланбек: Гэрээ хүчингүй болохыг Захиргааны хэргийн шүүх шийддэггүй

-“Оюутолгой”-д өнөөдөр 14 мянган хүн ажиллаж байгаа бөгөөд нийт ажилтны 54 хувийг гүний уурхайн төслийн ажилчид эзэлдэг.


Манай улсад жилд орж ирж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны санхүүжилт дангаар бүрдүүлж байгаа. 2010 оноос хойш энэ оны гуравдугаар улирал хүртэлх хугацаанд үндэсний худалдан авалтад нийт гурван тэрбум ам.долларыг энэхүү төсөл зарцуулжээ. “Оюутолгой”-д өнөөдөр 14 мянган хүн ажиллаж байгаа бөгөөд нийт ажилтны 54 хувийг гүний уурхайн төслийн ажилчид эзэлдэг. Эндээс уг төслийн нийгэм, эдийн засгийн үр өгөөж, цар хүрээг баримжаалж болох юм. Төслийн хөрөнгө оруулалтын гэрээг албан ёсоор баталсны 10 жилийн ой энэ онд тохиож байна. Гуравдагч орны хөрөнгө оруулалт татсан 10 жилийн босгон дээр нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн даваа гарагийн хуралдаанаар “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбогдуулан гаргасан Ерөнхий сайдын 2015 оны 27, 99, 123 дугаар бүхий захирамжуудыг хүчингүй болголоо. Анхан шатны шүүхээс гаргасан энэхүү шийдвэртэй холбогдуулан “Оюутолгой” болон “Эрдэнэс Оюутолгой” компаниас тодруулсан боловч албан ёсны шүүхийн шийдвэртэй танилцаагүй байгаагаас гадна дээрх мэдээллийг албан бусаар дөнгөж хүлээн аваад байгаагаа хэллээ. Тиймээс албан ёсны байр суурь илэрхийлэх боломжгүй байгаагаа тайлбарласан юм. “Дархан монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагаас тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн дээрх захирамжууд нь илт хууль зөрчсөн гэж үзэж, хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаад байсан юм. Шүүх хурал удаа дараа хойшилж байсан ч өчигдөр шүүхээс тус төрийн бус байгууллагын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ хэмээн өөрийн цахим сайтдаа мэдээлжээ. Шүүхийн мэдээлэлд дурдсанаар “Дархан монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагын нэхэмжлэлийн шаардлагад,

1.
“Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор төслийн ажилд шаардагдах нэмэлт хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаар хэлэлцээ хийх, холбогдох төлөвлөгөө боловсруулах /Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаар захирамж/,

2.
“Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нарт зөвшөөрсөн Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 99 дүгээр захирамж,

3.
Монгол Улсын Засгийн газар буюу хувь нийлүүлэгчийг төлөөлж “Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө”-нд гарын үсэг зурахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нарт зөвшөөрснийг /Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 123 дугаар захирамжийг /тус тус илт хууль бус болохыг тогтоолгохоор нийслэл дэх захиргааны хэргийн анхан шүүхэд хандсаныг шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв” гэсэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаар “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг Дубайн гэрээнд хууль бусаар гарын үсэг зурсан болж, улмаар энэхүү гэрээ хүчинтэй эсэх тухай асуудал хөндөгдөж байна. Гэхдээ Засгийн газар шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй. Энэхүү гэрээг байгуулахад оролцсон Ч.Сайханбилэгийн Засгийн газартай өнөөдөр хариуцлага тооцох боломжгүй, Дубайн гэрээ олон улсын гэрээ учраас олон улсын Арбиртаар шийдэх, төрийн бус байгууллагын нэхэмжлэл хэр үндэслэл байсан, шүүхийн шийдвэр ямар дүгнэлт, мэдээлэл дээр үндэслэсэн гээд олон асуулт хариулт нэхэж байна. Өмнө нь энэ хэрэг дээр ажиллаж байсан “Эрдэнэс Монгол” компанийн хуулийн мэргэжилтэн С.Асланбек "Гэрээ хүчингүй болохыг Захиргааны хэргийн шүүх шийддэггүй, хуулийн хувьд гэрээг хүчингүй болгоно ч гэх ойлголт байдаггүй. Гэрээг "Хүчин төгөлдөр бус" гэж эсвэл "Хүчин төгөлдөр бусад тооцуулах" тухай ойлголт байдаг. Гэрээг ямар тохиолдолд дуусгавар болох, цуцлах, татгалзах, хүчин төгөлдөр бус гэж үзэхийг тухайн гэрээний өөрт эсвэл тухайн гэрээтэй холбоотой гарсан маргаанд талуудын хэрэглэхээр тохиролцсон хуулийн дагуу тайлбарладаг. Дубайн гэрээ гээд байгааг тус гэрээнд заасны дагуу ямар тохиолдолд хүчин төгөлдөр бус гэж үзэх вэ. Түүнтэй холбоотой маргааныг аль улсын шүүх, арбитраар аль улсын хуулийг хэрэглэж шийдэх эсэхээс хамаарч гэрээний хүчин төгөлдөр бус, эсвэл дуусгавар болох зэрэг асуудал яригдана” хэмээн нүүр номын хуудсандаа бичжээ. “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр манай улсын эдийн засаг жилд 6-7 хувиар өсөж буй. Энэ оны хувьд ДНБ-ий өсөлт зургаан хувиас буурахгүй гэж олон улсын байгууллагууд онцолсон. Энэхүү өсөлтийн хөрс суурь нь “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалт болж байгааг тэмдэглэж байгаа юм. Эргэн сануулахад, энэ гэрээг 2015 оны тавдугаар сард байгуулсан бөгөөд Улаанбаатар, Өмнөговь аймаг, Сингапур, Лондон хотод хэлэлцээрүүд үргэлжилж Дубай хотод “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан билээ. Үүгээр 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг огт хөндөөгүй бөгөөд зөвхөн далд уурхайн бүтээн байгуулалтыг яаралтай эхлүүлэхээр хоёр тал тохиролцсон юм. Хоёр жил, хоёр сар царцаад байсан далд уурхайн төсөл Дубайн гэрээгээр урагшилж, өнөөдрийн бүтээн байгуулалт, эдийн засгийн сэргэлт бий болсныг эдийн засагчид онцолж буй.

A

Жижиг

A

Дунд

A

Том

300 гаруй албан тушаалтны ХОМ-ийг нарийвчлан шалгаж байна

 0 сэтгэгдэл
  • АТГ, Татварын ерөнхий газрын хамтарсан ажиллагааны хүрээнд есөн мэдүүлэг гаргагчийн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувь эзэмшдэг аж ахуйн нэгжээс 569.3 сая төгрөгийн зөрчил илрүүллээ 
  • Өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг үндэслэлтэй тайлбарлаж, нотолж чадаагүй нэр бүхий 21 албан тушаалтанг Мөрдөн шалгах хэлтэстээ шилжүүлсэн

АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхтэй ярилцлаа.


-АТГ-ын Мэдүүлгийн бүрдүүлэлтийн албаны чиг үүрэг юу вэ. Албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг авахаас өөр ажил хийдэггүй гэж ойлгогддог?

-АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс Авлигын эсрэг хуульд заасны дагуу албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах, хянан шалгахаас гадна судалгаа, дүн шинжилгээ хийх, хариуцлага хүлээлгэх, сургалт сурталчилгаа явуулах үндсэн чиг үүрэгтэй. 2007 оноос төрийн албан хаагчид зөвхөн хөрөнгө орлогоо мэдүүлдэг байсан бол 2012 онд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын байдлаа давхар мэдүүлэх болсон төдийгүй, нийтийн албанд томилогдоход ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх асуудлыг тус хэлтсээс хянан үздэг болсон. Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний алба нь сургалт сурталчилгаа явуулах урьдчилан сэргийлэх чиг үүргээс гадна судалгаа дүн шинжилгээ хийх, цахим системийн бүртгэл хяналтын үйл ажиллагааг давхар хариуцдаг. 

-Хичнээн хүн хөрөнгө орлогоо мэдүүлэх ёстой вэ?

-Авлигын эсрэг хуульд заасны дагуу албан тушаалтнууд өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Өмнө нь зөвхөн төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийг олон нийтэд мэдээлдэг байсан бол цахим системийн үйл ажиллагааг сайжруулснаар 2018 онд 35700, 2019 онд 36800 орчим мэдүүлэг гаргагчийн ХОМ-ийн хураангуйг АТГ-ын цахим мэдээллийн сүлжээнд байршуулсан. Ингэж мэдүүлгийг нээлттэй, ил тод байршуулж, иргэдийн хяналтад өгч байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чухал үйл ажиллагаа болсон. Нөгөө талаас нийтийн албан тушаалтан шударга ажиллаж байгаагаа нээлттэй харуулах баталгаа болж байгаа юм.

- Эдгээр хөрөнгө, орлогын мэдүүлэгт хэрхэн хяналт тавьж ажилладаг вэ? 

-Авлигатай тэмцэх газраас албан тушаалтны ХОМ-ийг иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол мэдээллийн мөрөөр, төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд нарийвчлан хянан шалгадаг. Өнөөдрийн байдлаар нийт 300 гаруй албан тушаалтны ХОМ-ийг нарийвчлан хянан шалгаж байна. Үүнээс иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн мөрөөр 20 орчим хувийг үлдсэн хувийг нь төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд хянан шалга сан бай-на. Шалгалтаар зөр-чил гаргасан, ор-лого хөрөнгөө ху дал мэдүүлсэн нийт 37 ал бан тушаалтанд са нуулах, цалин буу-руулах нийтийн ал-банаас халдах хүртэлх сахилгын арга хэмжээ тооцуулснаас найман албан тушаалтныг нийтийн албанаас чөлөөлүүлсэн байна. Мөн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг хууль ёсны дагуу бий болгосныг үндэслэлтэй тайлбарлаж, нотолж чадаагүй нэр бүхий 21 албан тушаалтанг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж Мөрдөн шалгах хэлтэс, Гүйцэтгэх ажлын хэлтэстээ шилжүүлсэн. 

-Танайх Татварын ерөнхий газартай хамтарч ажиллаад 600-аад сая төгрөгийн зөрчил илрүүлсэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Өнгөрсөн есдүгээр сараас бид Татварын ерөнхий газарт нэр бүхий албан тушаалтнуудын мэдүүлсэн орлогын байдлыг нягтлуулах, татварт гаргаж өгсөн тайлан мэдээтэй нийцэж байгаа эсэхийг шалгуулахаар тус байгуулагад хандсан. Нийт есөн мэдүүлэг гаргагчийн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувь эзэмшдэг 10 гаруй аж ахуйн нэгж байгууллагад орлого нь хууль тогтоомжид нийцсэн эсэх, татварын байгууллагад тайлангаа үнэн зөв мэдүүлсэн эсэх, татвараас зайлсхийсэн үндэслэл байна уу гэх мэт асуудлаар хамтарсан шалгалт хийсэн. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн Татварын хэлтэсийн улсын байцаагчид холбогдох хяналт шалгалт хийж, нэр бүхий мэдүүлэг гаргагч, тэдгээрийн үүсгэн байгуулсан, хувь эзэмшиж буй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд иж бүрэн хяналт, шалгалт явууллаа. Компанийн санхүү, татварын тайлан тэнцэл, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, банкин дахь харилцах дансны хуулга, гэрээ бүртгэл тооцоо зэрэг анхан шатны санхүүгийн баримтад холбогдох хяналт шалгалтыг тавьсан. Шалгалтаар Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон Татварын ерөнхий хуулийг зөрчсөн санхүүгийн зөрчил илэрсэн. Нийт 569 сая гаруй төгрөгийн зөрчил илэрснээс Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Татварын ерөнхий хуульд заасныг үндэслэн гурван иргэн, гурван аж ахуйн нэгж байгууллагад 42 сая төгрөгийн шийтгэл ногдуулсан.

-Цаашдаа энэ тоо өсөх үү?

-Цаашдаа бид бүртгэлийн бусад байгууллагатай нягт хамтран ажиллана. АТГ дангаараа 40 мянган албан тушаалтны ХОМ-ийг бүртгэж, хянаж чадахгүй. Иймд байгууллага бүрт нэг эрх бүхий албан тушаалтан томилогддог. Жишээ нь аймгийн ЗДТГ-т нэг, ИТХ-ын ажлын албанд нэг хүн ажиллана гэсэн үг. Тэд үндсэн ажлаа хийхийн сацуу ХОМ-ийг бүртгэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиг үүргийг байгууллагадаа хэрэгжүүлдэг, мөн бидэнд тайлан мэдээллээ ирүүлдэг. Харин бид мэдээлэл, арга зүйгээр ханган хамтран ажиллах үүрэгтэй. Улсын хэмжээнд 1625 салбар нэгжид ХОМ-ийг бүртгэн, хянадаг. Одоогийн байдлаар төрийн байгууллага, бүртгэл хяналтын байгууллагаас цахимаар мэдээлэл лавлагааг шууд авдаг. Тухайлбал Авто тээврийн үндэсний төв, Ул-сын бүртгэлийн газраас цахимаар мэдээлэл лавлагааг шууд авдаг бөгөөд тээврийн хэрэгслийн эзэмшил, өмчийн хөдөлгөөн, аж ахуйн нэгжийн бүртгэлийн өөрчлөлт зэргийг судалж, нуугдмал хөрөнгийг илрүүлэхэд хяналт тавин ажиллаж байна. 

-АТГ төрийн албанд томилогдох гэж байгаа хүний ашиг сонирхлын зөрчлийг шалгадаг. Гэхдээ илт зөрчил тогтоогдсон ч тухайн хүн томилогддог. Энэ ямар учиртай юм бэ?

-Тус газраас нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн мэдүүлгийг хянан үзэхдээ томилогдохоор нэр дэвшсэн байгууллага болон харъяа салбар нэгжид түүний эрхлэх асуудлын хүрээнд шууд болон шууд бусаар нөлөөлөх хүчин зүйл байгаа эсэх, түүнчлэн гэр бүлийн болон хамаарал бүхий этгээдийн шууд захирах, захирагдах ажлын байранд томилогдож байгаа эсэх, ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбогдох хувь хүн хуулийн этгээд байгаа эсэх, тухайн ажлын байранд тавигдах болзол шаардлагыг хангасан, зохих журмын дагуу сонгон шалгаруулалтад хамрагдсан болон Төрийн албаны тухай хууль, салбарын хууль, тогтоомжийг зөрчих асуудал байгаа эсэхийг зайлшгүй харгалзан үздэг. Өмнө Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.7-д “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй” гэж заасан байдаг. Гэвч энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар илт зөрчилтэйг нь АТГ тогтоосон ч томилохыг нь эрх бүхий байгууллага шийдвэрлэхээр зохицуулж өгсөн. Өөрөөр хэлбэл, илт ашиг сонирхлын зөрчилтэй байсан ч томилогдож болох эрх зүйн орчин бий болсон.








A

Жижиг

A

Дунд

A

Том

Бичил уурхайг "нинжа"-гаар төсөөлөх нь өрөөсгөл

 0 сэтгэгдэл
  • Бичил уурхайг албан ёсны болгосноор Монгол Улсад 10 гаруй мянган хувиараа ашигт малтмал олборлогч иргэн нэгдсэн зохион байгуулалтад оржээ. Ингэснээр журамд заасны дагуу нөхөрлөл, төрийн бус байгууллагын хэлбэрээр үйл ажиллагаа явуулж, 500 га талбайд 2017 оноос хойш нөхөн сэргээлт хийсэн байна
  • Бичил уурхайгаас өдгөө 60 орчим мянган хүний ажил, амьдрал хамаарч байна. Тэгвэл дэлхийн 71 улс бичил уурхайн үйл ажиллагааг өөрсдийн түвшинд хөгжүүлж, үүнд 100 сая хүн ажиллаж, 400 гаруй сая хүний амьжиргааны эх үүсвэр хэдийн болжээ
  • Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор бичил уурхайн эрх зүйн орчин илүү цэгцэрсэн
  • Хэдий тийм боловч хууль, журам үйлчилдэггүй, түүнийг дагаж мөрддөггүй хууль бус “нинжа” нарын уршгаас болоод хариуцлагатай бичил уурхайн хувь заяа өнөөдөр хурцаар хөндөгдөж эхэллээ  
  • Нинжа болон бичил уурхайчны хооронд тэнгэр, газар шиг их ялгаа бий

Бичил уурхайг албан ёсны болгосноор Монгол Улсад 10 гаруй мянган хувиараа ашигт малтмал олборлогч иргэн нэгдсэн зохион байгуулалтад оржээ. Ингэснээр журамд заасны дагуу нөхөрлөл, төрийн бус байгууллагын хэлбэрээр үйл ажиллагаа явуулж, 500 га талбайд 2017 оноос хойш нөхөн сэргээлт хийгээд байна. Өөрөөр хэлбэл, хуулийн этгээд болж, татвар, хураамж улсад төлж эхэлсэн гэсэн үг. Том зургаар нь авч үзвэл, хариуцлага хүлээж, улс орны ачаанаас үүрэлцэж байна Бичил уурхайгаас өдгөө 60 орчим мянган хүний ажил, амьдрал хамаарч буй. Тэгвэл дэлхийн 71 орон бичил уурхайн үйл ажиллагааг өөрсдийн түвшинд хөгжүүлж, үүнд 100 сая хүн ажиллаж, 400 гаруй сая хүний амьжиргааны эх үүсвэр хэдийн болжээ. Бөмбөрцгийн хэмжээнд нийт олборлож буй ашигт малтмалын 25  хувийг бичил уурхайчид олборлож байна. Дээрх өөрчлөлтийн үр дүнд байгаль орчинд ээлтэй хоргүй технологийг манай улс ашиглаж хэвшсэн төдийгүй шударга олборлолтын стандартыг хэрэгжүүлээд багагүй хугацааг үдлээ. Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр болон хөдөлмөрийн мөлжлөг ашиглаагүй, мөнгөн усаар илрүүлээгүй, байгаль орчинд сөрөг нөлөө багатай, хариуцлагатай, ёс зүйтэй олборлосон алтыг эко гэж нэрлэдэг. Тэгвэл манайх энэ төрлийн ногоон буюу эко алт олборлож, олон улсад үүнийгээ нийлүүлж, улсын гадаад валютын албан нөөцийг зузаатгаж байна. Мөн бичил уурхайчид  алтнаас гадна жонш олборлож байгаа. Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор бичил уурхайн эрх зүйн орчин илүү цэгцэрсэн гэж болно. Хэдий тийм боловч хууль, журам үйлчилдэггүй, түүнийг дагаж мөрддөггүй хууль бус “нинжа” нарын уршгаас болоод хариуцлагатай бичил уурхайн хувь заяа өнөөдөр хурцаар хөндөгдөж эхэллээ. Өөрөөр хэлбэл нөхөрлөл, төрийн бус байгууллагын эгнээнд нэгдээгүй нөхөн сэргээлт хийдэггүй, буух эзэн, буцах хаяггүй, хуулийн өмнө хариуцлага хүлээдэггүй 40, 50 мянган хүмүүсийн хяналтгүй бусармаг үйлдлээс болж албажиж буй хариуцлагатай бичил уурхай салаа замын уулзварт иржээ. 40, 50 мянган “нинжа”-г цаашид албажуулах, хариуцлагатай болгох, нөхөрлөл, төрийн бус байгууллагын хэлбэрт оруулах, улмаар өөр ажлын байранд шилжүүлэх эсвэл тэднийг илүү  олон болгох уу гэсэн хүндхэн сорилт төрийн өмнө тулгарлаа. Нинжа, болон бичил уурхайчны хооронд тэнгэр, газар шиг их ялгаа бий. Тэд хоорондоо гал, ус мэт харш бөгөөд нэг нэгнээ үл хүлээн зөвшөөрнө. Нинжа нар байгалийн баялгийг сорчлон олборлох, мөнгөн ус ашиглахаас гадна биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийхгүй, орон нутагт татвар,  хураамж бас төлдөггүй. Том, том техникийн хүчээр газар орныг ухан сэндийлж, нэгээс нөгөө рүү нүүдэллэнэ. Тэгвэл нөхөрлөл, хоршооны хэлбэрээр зохион байгуулалтад орсон бичил уурхайчин сум, орон нутгаас олгосон тусгай зөвшөөрөлтэй талбайд хөдөлмөрийн наад захын аюулгүй ажиллагааг сахин хангаж, нийгмийн хариуцлага хүлээн тогтвортой ажиллаж байна. Нийгмийн даатгал төлж, орон нутагтай хамтын ажиллагааны гэрээ хүртэл байгуулж, ядуурал, ажилгүйдлийг бууруулахад тодорхой дэмтэй үүрэг гүйцэтгэж байгаа нь энэ. Тэгвэл “Нинжа” нарын муу нэр, тарьсан хэрэг хууль сахин ажиллах 10 хүрэхгүй мянган бичил уурхайчдад буудаг. Нийгэм ч тэднийг нэг хамт олон гэж харах нь түгээмэл. Гэтэл нөхцөл байдал өнгөрсөн хугацаанд хувьсан өөрчлөгдөж, нинжа, бичил уурхайчны ялгаа улам томорч байна. Бид бичил уурхайчныг “нинжа”-гаар төсөөлөх нь өрөөсгөл болжээ. Улс оронд нүүрлэсэн зуд, эдийн засгийн хямрал, нийгмийн шилжилт, хөдөлгөөний явцад ажлын байргүй болсон олон мянган иргэн өнөөдөр бичил уурхай руу эр, эм, хөгшин залуугүй орсон. Үүнээс өөр сонголт үнэндээ бидэнд байгаагүй хэмээн зарим нь учирладаг. Тэгвэл тэднийг зөнд нь орхих бус өөрөө өөртөө ажлын байр бий болгож, амьжиргаагаа залгуулах бичил уурхайг нь албажуулах, хууль ёсны болгох, хүлээн зөвшөөрөх шийдвэр гараад 13 жил болж байна. Энэ хугацаанд “нинжа” байсан нь хариуцлагатай бичил уурхай руу шилжиж, амь амьдралаа дээшлүүлж чаджээ. Зарим нь бичил уурхайгаас хуримтлал үүсгэн өөр салбарт шилжин ажиллаж байна. Ийм хүмүүсийн нэг нь П.Мөнхзаяа юм. Тэрбээр одоо Ховд аймгийн Алтай сумын “Гоолингоо” оёдлын цехийн захирлаар ажиллаж байна. Өмнө нь амьдралын шаардлагаас үүдэн хэцүү бэрхээс халгасан ч үр хүүхдээ тэжээж тэтгэхийн тулд “нинжа” болж, улмаар нөхөрлөлийн зохион байгуулалтад шилжсэнээр хариуцлагатай бичил уурхайчны эгнээнд оржээ. Эмэгтэй хүнд ахдах ажлыг нуруундаа үүрсэн тэрбээр одоо уран оёдол шаглах цехийн эзэн болсон байна. Бичил уурхайчдын нэгдсэн дээвэр холбоо, Канадын хөгжлийн сантай хамтран хэрэгжүүлсэн “Уурхайчнаас үйлчин бүсгүй” төслийн хүрээнд гурван аймгийн долоон сумын 21 эмэгтэй бичил уурхайчнаас өөр ажлын байранд шилжжээ. П.Мөнхзаяатай адилхан олон бүсгүйн хувь заяа уг төслийн үр дүнд өөрчлөгдсөн аж. Төслийн хүрээнд оёдлын цехийн тоног төхөөрөмжийг мөн олгожээ. “Гоолингоо” оёдлын цех бүр орон нутагтаа ажил олгогч болсон байна. “Нинжа” давамгайлсан энэ салбар хэдхэн жилийн өмнө гэмт хэргийн үүр оромж болж байлаа. Харин албан ёсны болсноор хууль үйлчилж, ёс зүй, хариуцлага урьдын байдлыг засан өөрчилжээ. Хүмүүс амьдралаа залгуулах ажлын байрнаасаа ичиж эмээх, цагдаа сэргийлэхээс зугтааж, хөөлгөж туулгадаг байсан бол бичил уурхайг албажуулж, нөхөрлөл, төрийн бус байгууллагын зохион байгуулалтад орсноор хүн гэдгээ мэдэрч, хууль дүрэм чанд сахин урам зоригтой ажилладаг болжээ. Бүхий л насаараа хүн бичил уурхай эрхлэх боломжгүй. Тиймээс өөр ажлын байранд шилжих, өрхийн үйлдвэрлэл эрхлэх зэргээр бичил уурхайчид амьдралын чанараа сайжруулсаар байна.













A

Жижиг

A

Дунд

A

Том

“Эрдэнэс-Тавантолгой” компани МУИС-тай найман чиглэлээр хамтарч ажиллана

 0 сэтгэгдэл


  • "Эрдэнэс-Тавантолгой" ХК 2020 онд үнэт цаас гаргана
  • 1072 хувьцааны талаар оюутан, багш ажилчдад мэдээлэл түгээнэ
  • “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компани 2020 онд хөрөнгийн зах зээлд IPo гаргана.Ингэснээр тодорхой төслүүдээ санхүүжүүлэх хөрөнгө оруулалт босгохоор ажиллаж байгаа юм
  • МУИС-ийн багш нарын шилдэг санал, бүтээлийг үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлэхэд “Эрдэнэс-Тавантолгой“ компани дэмжлэг үзүүлнэ
  • Тавантолгойн уурхайн үр ашгийг дээшлүүлж, өндөр технологи нэвтрүүлэх, нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гаргах, ялангуяа эрчим хүчний нүүрснээс 125 нэр төрлийн бүтээгдэхүүн гаргах боломжтой

Үндэсний тэргүүлэгч компанийн нэг “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компани нийгмийн хариуцлагын хүрээнд хоёр байгууллагатай хамтран ажиллахаар боллоо. Тодруулбал, өнөөдрөөс эхлэн МУИС, Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнтэй албан ёсоор хамтарч ажиллахаар болж, хамтын ажиллагаагаа үзэглэлээ. Уг арга хэмжээнд “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн захирал Б.Ганхуяг, МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхан тэргүүтэй албаныхан оролцсон юм. МУИС-тай гэрээ байгуулснаар Монголын уул уурхайн салбарын чадавхыг дээшлүүлэх, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхтэй холбоотой талуудын эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын захиалгат ажлуудыг зохион байгуулах,  холбогдох бусад бүх чиглэлд мэргэжлийн туслалцаа үзүүлэн хамтран ажиллах боломж бүрдэх аж. МУИС­ийг 2016-­2024 онд хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөнд “МУИС-­ийн алсын хараа нь дэлхийн түвшний их сургууль болоход оршино. Үүний тулд 2024 онд МУИС нь чөлөөт мэдлэг буюу либерал арт уламжлалд суурилсан, бүс нутгийн хэмжээнд тэргүүлэх байр суурьтай судалгааны их сургууль болж улмаар Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд багтаж орно” хэмээн зорьж энэхүү зорилгодоо хүрэх, стратегийн тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлжээ. Таван бүрэлдэхүүн, хоёр харьяа сургууль бүхий 22 мянган оюутан, 1500 орчим багштай тус сургуультай “Эрдэнэс-Тавантолгой” компани албан ёсны гэрээг үзэглэснээр МУИС-ийн ирээдүйн зорилгод маш их хувь нэмэр оруулахыг хоёр тал онцлов. Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурахын өмнө МУИС-­ийн захирал Я.Төмөрбаатар үг хэлэхдээ “Өнөөдөр манай сургуулийн хувьд маш чухал ач холбогдолтой өдөр тохиож байна. Хоёр байгууллагын гарын үсэг зурах гэрээ нь олон ач холбогдолтой, бас өгөөжтэй. 77 жилийн түүхтэй манай сургууль 2016 онд буюу гурван жилийн өмнө стратеги төлөвлөгөөгөө шинэчилсэн. Уг төлөвлөгөөнд МУИС шинжлэх ухааны ололт амжилт, нээлтүүдийг нийгэмд түгээн дэлгэрүүлэх, нийгмийн тусын тулд тулгамдсан асуудлаар судалгаа хийх, улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, төр, хувийн хэвшил, аж үйлдвэр, их сургуулийн түншлэлийг хөгжүүлэх нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн манлайлж явна. Хоёр манлайлагч байгууллага хамтран ажиллах болсон нь таатай хэрэг. Бид улсын ууган манлайлагч сургуулийн хувьд багш нарынхаа шинэ технологи, мэдлэг, бүтээгдэхүүнийг хэрэг­лээнд, үйлдвэрлэлд нэвт­рүүлэх, инновацын соёлд онцгой анхаарал хандуулж байна” хэмээн онцлов. Харин “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Манай компани ес дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй бөгөөд ирэх онд 10 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлнэ. Өнгөрсөн хугацаанд манай хамт олон нийгмийн хариуцлагын чиглэлээр олон ажил зохион байгуулсны нэг нь энэхүү арга хэмжээ юм. Бид шинжлэх ухаанд суурил­сан уул уурхайг хөгжүүлэхэд чиглэн ажилладаг. “Эрдэнэс­Тавантолгой” компани олон улсын хөрөнгийн зах зээлд нийт хувьцааныхаа 30 хувьд IPoхийж, хөрөнгө оруулалт босгож, дагалдах төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх бөгөөд эхний төсөл хөтөлбөрүүддээ хөрөнгө оруулалт хийн ажиллаж байна. Мөн удахгүй компанийн урт болон дунд хугацааны стратеги төлөвлөгөөгөө ТУЗ хэлэлцэж эхэлнэ. Энэ бүхэнд шинжлэх ухаанч судалгаатай зөвлөмж, зөвлөгөө шаардлагатай тул танай сургууль болон ШУТИС-­ийн эрдэмтэн багш нарын хамтын ажиллагаа чухал юм. Түүнчлэн нь тавантолгойн уурхайн үр ашгийг дээшлүүлж, одоогийн технологийг сайжруулах, эрчимт өндөр технологи нэвтрүүлж, нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гаргах судалгаа, туршилт, эрдэм шинжилгээний ажил, үүнтэй холбогдох бүх чиглэлээр хамтран ажиллах зорилготой байна. Миний хувьд төдийгүй манай хамт олны олонх нь танай сургуулийн төгсөгчид байдаг хэмээгээд 1500 эрдэмтэн багш, 22000 оюутантай өнөр бүлд ажлын өндөр амжилт хүсье” гэв. МУИС нь зөвхөн 2019-­2020 оны хичээлийн жилд л гэхэд Монголын төдийгүй гадаадын 20 гаруй байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Тухайлбал, “Рио тинто”, “Багануур”, “Эрдэнэт”, “Оюутолгой”, “Эрдэнэс­-Тавантолгой” зэрэг Монголын төсвийг бүрдүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэж буй компанитай хамтран ажиллаж байгааг сургуулийн удирдлагууд онцоллоо. “Эрдэнэс­-Тавантолгой” компанийн гүй­цэтгэх захирал Б.Ганхуяг дээрх сургуульд докторын зэрэг хамгаалсан бөгөөд энэ үеэрээ хамтран ажиллах талаар ярилцаж байжээ. Хоёр талын санамж бичгийн хүрээнд МУИС-­ийн оюутнуудыг “Эрдэнэс­т-Тавантолгой” компанид үйлдвэрлэлийн болон танилцах дадлага хийхэд дэмжлэг үзүүлэх, төгсөгчдийг ажлын байранд зуучлах, МУИС-­ийн сургалтын орчин, материаллаг бааз, эрдэм шинжилгээ, судалгаанд хэрэглэж буй тоног төхөөрөмж, программ хангамжийг сайжруулахад дэмж­лэг үзүүлэх, МУИС-­д ахисан түвшний оюутны тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх, “Эрдэнэс­-Тавантолгой” компанийн үйл ажиллагааны чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын захиалгат ажил хийх, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, “Эрдэнэс­-Тавантолгой” компанийн хүний нөөцийг бэхжүүлэх, ажилтан албан хаагчдын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх богино болон урт хугацааны сургалтад хамрагдах, боловсролын зэргээ дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх болон “Эрдэнэс­-тавантолгой” ХК-­ийн үйл ажиллагаа, 1072 хувьцааны талаар оюутан суралцагч, багш ажилчдад мэдээлэл түгээх зэргээр хамтран ажиллах юм. 

ШИНЖЛЭХ УХААНАЫ АКАДЕМИЙН ЭРДЭМТЭД "ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ"-ТОЙ ХАМТАРНА

“Эрдэнэс-­Тавантолгой” ХК Шинжлэх ухааны академийн хими, химийн технологийн хүрээлэнтэй хамтран ажиллахаар боллоо. Хамтран ажиллах санамж бичгийг “Эрдэнэс­-Таван­толгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, ШУА-­ийн хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал, доктор Л.Жаргалсайхан нар үзэглэв. Энэхүү санамж бичиг бай­гуулснаар таван толгойн уурхайн үр ашгийг дээшлүүлж, одоогийн технологийг сайжруулах, эр­чимт өндөр технологи нэвт­рүүлж, нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гаргах судалгаа, туршилт, эрдэм шинжилгээний ажил зэрэг холбогдох бүхий л чиглэлээр хамтран ажиллах аж. “Эрдэнэс­-Тавантолгой” хувьцаат компанийн захирал гүйцэтгэх захирал Б.Ганхуяг энэ үеэр компанийн үйл ажиллагаа болон УИХ, Засгийн газрын тогтоолын хэрэгжилттэй холбоотой ажлаа танилцуулж, тавантолгойн уурхайн үр ашгийг дээшлүүлж, өндөр технологи нэвтрүүлэх, нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гаргах, ялангуяа эрчим хүчний нүүрснээс 125 нэр төрлийн бүтээгдэхүүн гаргах боломж хийгээд үүнийг ажил болгох судалгаа шинжилгээний чиг­лэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа онцолсон юм. Харин хими, химийн техно­логийн хүрээлэнгийн захирал, доктор Л.Жаргалсайхан хэлэх­дээ “Тавантолгойн уурхайн үр ашгийг дээшлүүлж, нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гаргах судалгаа, туршилт, эрдэм шинжилгээний ажилд хамтарч ажиллах бидний саналыг хүлээж авсанд талархаж байна. Хүрээлэнгийн маань дэргэд 11 судалгааны лабораторитой бөгөөд эдгээр нь нүүрсний олон шинж чанарын үзүүлэлтийг тодорхойлох, судлахад түшиц болох төв байж чадна” гэв. Мөн судалгааны үр дүнгүүдийг нэгтгэн төслийн тайлан хамтран боловсруулах, түүхий нүүрсний шинж чанарыг тодорхойлж, түүхий нүүрс болон балансын бус нүүрсийг угааж баяжуулах туршилт судалгаа хийх, нүүрс угааж баяжуулах үйлдвэрээс гарах хог хаягдлыг баяжуулах технологийн туршилт судалгааг хамтран хийхээр болжээ. Мөн нүүрсний давхаргын метан хийн боловсруулалт, синтезээр нийлэг байгалийн болон шингэрүүлсэн байгалийн хий үйлдвэрлэх технологийн судалгааг хамтран хийх, нүүрсний давхаргын метан хийнээс нэмүү өртөг шингэсэн химийн бүтээгдэхүүн үйлд­вэрлэж, экспортлох боломжийн судалгаа хийх зэргээр хамтран ажиллахаар ярилцжээ. 

"Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг:

- Цаг хугацааны хувьд маш чухал үе тохиож байна. Манай компани хүсэлт гаргасан юм. 2020 онд бид хөрөнгийн зах зээлд IPo гаргана. Ийн тодорхой төслүүдээ санхүүжүүлэх хөрөнгө оруулалт босгохоор ажиллаж байгаа юм. УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэр гарсан. Дотооддоо шийдвэрлэх ажлын 90 гаруй хувийг гүйцэтгэж дууссан. Одооноос олон улсын зөвлөх компаниудтай ажиллах ажлууд маань аравдугаар сараас эхэлж байна. Энэ хүрээнд дотоодын эрдэмтэн, судлаач, санхүүгийн чиглэлийн мэргэжилтнүүд оролцож, нэг талаар дэм үзүүлэх, нөгөө талаар Монголын хөрсөнд буулгах ажлыг зохион байгуулах үүрэг хүлээсэн. Үүнийг МУИС, ШУТИС зэрэг томоохон боловсролын байгууллагатай хамтарч хийнэ. 

МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар:

- Манай сургууль дээд боловсролын тэргүүлэх байгууллагын хувьд үндэсний компаниудтай гэрээ байгуулж байна. “Эрдэнэс­-Тавантолгой” компанитай хамтарч ажиллахаар боллоо. Уг гэрээг гурван жил хэрэгжүүлнэ. Олон чиглэлээр хамтран ажиллахаар гэрээнд тусгалаа. Юун түрүүнд манай багш нарын шилдэг санал, бүтээлийг үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлэхэд “Эрдэнэс-Тавантолгой“ компани дэмжлэг үзүүлэх юм. Мөн манай сургуулийн төгсөгчдийг ажлын байраар хангах таатай боломж бүрдлээ. Түүнчлэн ахисан болон бакалаврын түвшний оюутнуудад тэтгэлэг өгөх ба хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээс эхлээд олон талын хамтын ажиллагааны хүрээнд хийнэ. Энэ нь МУИС-­ийг судалгааны их сургууль болгох чухал ач холбогдолтой.