A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2802/

Торгуулиа төлөөгүй бүх тээврийн хэрэгсэл төмрийн сэг болох нь

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2802/

Иргэн та автомашин худалдан авах гэж байгаа бол түр хүлээж, байдлыг харзнаарай. Учир нь өр зээл тавьж авах таны шинэ хүлэг удахгүй хэнд ч хэрэггүй төмрийн сэг болон хувирч магадгүй. Бага зэрэг хэтрүүлэгтэй сонсогдож байж болох ч эрх баригчид биднийг ийм байдал руу тун боловсноор түлхэн оруулж байна. Нийслэлийн авто замын шинэ бүсчлэлийн талаар яриад буйг та ойлгосон байх.

Хоёр хоногт нэг удаа унах машинаар яах вэ 

Нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал туйлдаа хүрч, жолооч нар түгжрэлд хамаг цаг зав, нерв, шатахуунаа барж байгааг хүн бүр мэднэ. Манай улсад сар бүр 5-8 мянган автомашин импортоор орж ирж буйг албаныхан хэлдэг. Хэрэв байдал энэ хэвээрээ үргэлжилбэл 2025 он гэхэд хотын зарим хэсэгт 0 зогсолт хийх хэмжээнд хүрч магадгүй гэсэн юм.

Ингээд шийдвэр гаргах түвшнийхэн судалж байгаад нэгэн мэргэн санаа олсон нь нийслэлийн замыг гурван бүсчлэлд хуваах байв. Өмнө нь нийслэлийн удирдлагууд түгжрэлийг бууруулахын тулд автомашиныг улсын дугаараараар нь ангилан хөдөлгөөнд оролцуулахаар шийдсэн. ингэснээр иргэд долоо хоногт нэг удаа машинаа унах эрхгүй болсон юм. Тухайн үед хүмүүс “Машинтай байхын ч хэрэг алга” хэмээн шогширч байсныг санаж байна. Тэгвэл энэ зохицуулалт одоо хэрэгжих гэж буй хоригийг бодвол хамаагүй зөөлөн санагдах нь гарцаагүй. 

Шинэ зохицуулалт хэрэгжиж эхэлснээр хотын төвийн А бүс рүү нэвтрэх машиныг тэгш, сондгойгоор нь ангилах болно. Өөрөөр хэлбэл, хэрэв та хотын төв хэсэгт ажиллаж, амьдардаг бол хоёр хоног тутмын нэгд нь машинаа унах эрхгүй гэсэн үг. Хэрэв торгуулиа төлөөгүй, улсын үзлэгт хамрагдаагүй бол А, Б бүс рүү нэвтрэх эрхгүй. Санаатай болон санамсаргүйгээр нэвтэрсэн бол Зөрчлийн хуулийн дагуу торгууль хүлээж байна. 

Энэ талаар иргэд үзэл бодлоо янз бүрээр илэрхийлсэн харагдана. гэхдээ дийлэнх нь эсэргүүцлээ. “Энэ ажил угаасаа торгууль хураах л зорилготой. А бүсэд дандаа яам, агентлаг, төрийн байгууллагууд байна. Тэгэхээр дарга нар, баячууд нь түгжрэлгүй явах гэсэн арга” хэмээн нэгэн хүн сэтгэгдлээ илэрхийлжээ. Мөн өөр нэг хүн “Тэгээд А, Б бүсээс бусад газраар зөрчилтэй, эвдэрхий, үзлэгт ороогүй, торгууль төлөөгүй, өөрөөр хэлбэл хамаг болж бүтэхгүй хүмүүс нь явцгаа гэсэн үг үү. Нэртэйгээр нь иргэдээ бас гурван бүсээр ангилчих хэрэгтэй” хэмээн бухимджээ.

Түүнчлэн замын цагдаа асан Ц.Улз өөрийн facebook-тээ “Зона буюу бүс гэсэн долоон тэмдгийг ОХУ-д ашиглаж байна. Венийн конвенцийн гишүүн орон болох ОХУ-ын замын тэмдэг, түүнийг хэрэглэх стандартын заалтууд нь уг конвенцийн шаардлагад бүрэн нийцэж байна гэжээ. Харин татвар, даатгал, торгуулиар бүсчлэх тухай ойлголт алга байна. Байх ч ёсгүй юм” хэмээн бичжээ. Олон нийт ийн бухимдсаар байгаа нь нэг талаар үнэний ортой. Үнэнийг хэлэхэд шууд бэлэн мөнгийг нь төлөөд машин авчих чадалтай хүн тун ховор. Ихэнх нь лизингийн хүчээр хөл дүүжлэх унаатай болж байгаа. Ийнхүү арайхийж авсан машин чинь долоо хоногийн нэг өдөрт нь гарахгүй. Харин одоо дүрэм зөрчиж торгуулсан бол хотын төв хэсэг рүү нэвтрэх эрхгүй болох нь. Хэрэв хотын төвд ажилладаг бол машинаа 100 айлд тавьчихаад алхаж очих болно гээд төсөөл дөө.

Нийтийн тээврээ сайжруулах тал дээр анхааръя

Уг нь түгжрэлийг бууруулахаар албаныхан аргаа барж буйг ойлгож байна. Гэхдээ иргэдийн халаас руу шууд гар дүрсэн, зорчих эрхийг нь хязгаарласан мунаг зохицуулалтаар үүнийг шийдэж боломгүй санагдана. Үнэнийг хэлэхэд өдгөө нийслэлд ямар нэг байдлаар торгууль хүлээгээгүй жолооч нэн ховор. Ялангуяа, Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш жолооч нарт очих торгуулийн хэмжээ улам нэмэгдсэн. Амьдралаа залгуулах гэж ядаж яваа тэдний хувьд эдгээр торгууль маш том дарамт болж байгаа. Гэтэл одоо торгуультай гээд хотын төв рүү орох эрхийг хязгаарлана гэдэг бүр ч том дарамт учруулна. “Хэдэн тэрбумын авлига авсан нөхдүүд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гээд ялгүй өнгөрч байгаа, “ЖДҮ” -чин зальт этгээдүүд эрх ямба эдэлсээр байхад жирийн иргэд ийн эрхээ хасуулж, халаасаа тэмтрүүлэх нь шударга бус” хэмээн бухимдахаас аргагүй. Ингэж хааж боож, хорих тусам иргэдийн зовлогоо зовоож авсан автомашины үнэлгээ буурч, үнэ цэнэ нь багасах болно.

“Хүн машин унах нь угаасаа хэрэгцээ шаадрлага. Нийтийн тээврээрээ явцгаа, явган алх” гэж эрхэм дарга нар дарамталдаг. Гэтэл үнэндээ манай нийтийн тээврийн хүртээмж, чанар, үйлчилгээ гэж авах юмгүй. Автобусандаа багтахгүй шахам чихэлдэж, хоорондоо хэрэлдэж, халаасны хулгайчийн олз болохоос айж эмээж явна гэдэг хүсэхээр зүйл биш. Өвлийн цагт бол автобус хүлээж буудал дээр зогсох нь багагүй тэвчээр шаардсан ажил.

Тиймээс энгийн иргэдээ хотын төв рүү оруулахгүй гэж дарамтлахын оронд нийтийн тээврээ сайжруулах тал дээр анхаарвал яасан юм бэ. Сүүлийн хэдэн жилийн турш метро, тусгай замын автобус гээд олон ч сайхан юм ярилаа. бүтсэн нь нэг ч алга. Метротой болох нь холын мөрөө- дөл юм байж. тэгвэл ядаж замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн ний- тийн тээврийг зорчуулдаг дүрмээ ягштал хэрэгжүүлэх тал дээр анхаар л даа. ингэвэл ядаж л хэдэн автобус нь иргэдийг хүлээлгэж зутраахгүй, энэ хэрээр үйлчлүүлэх хүний тоо ч нэмэгдэх учиртай.

Автомашины замаа бүсчлэлээр хуваах нь дэлхийн бусад хотод ч байдаг шийдэл. гэхдээ манайх шиг боож, хориглохын оронд тодорхой хэмжээний татвар авч нэвтрүүлдэг. Тухайн бүс рүү нэвтэрсэн тээврийн хэрэгслийг камераар бүртгэж, татварын мөнгийг гэрийн хаягаар нь хүргүүлдэг жишиг цөөнгүй хотод бий. Өмнөд хөршийн нийслэл бээжингийн тухайд хотын төв рүү нэвтрэхдээ карт уншуулж, төлбөр төлдөг тогтолцоотой. үнэхээр хотын төв хэсгийн түгжрэл дийлдэхгүй байгаа бол ядаж бусад хотын жишгээр тодорхой хэмжээний татвар авч, нэвтрүүлж болохгүй гэж үү.

Энэ мэтээр энгийн иргэдийн эрх ашгийг хөндөлгүйгээр асуудлыг шийдэж болмоор. гэвч манай дарга нар урьдын адил хааж бооно, торгоно гэсэн ганц аргаа хэрэглэж, дарга нарт бялдуучилсан, иргэдэд хатуурхсан ээлжит шийдвэр гаргалаа. удахгүй хэрэгжиж эхлэх энэ шийдвэр энгийн иргэдийн амьдралыг улам хүндрүүлнэ гэдгийг бодолцож үзсэн болов уу.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ардчилсан залуусын шинэ давлагаа

Ардчилсан нам 2019 оныг залуусын хөгжлийг дэмжих жил болгон зарласан

 0 сэтгэгдэл


“Хонины бэлчээрт модон шилбүүр барьж явснаас тайзан дээр микрофон бариад үг хэлнэ гэж төсөөлсөнгүй явлаа. Энэ бол залуус бидэнд олдсон тэгш боломж”.....хэмээн Увс аймгийн Баруунтүрүүн сумын малчин бүсгүй ярьж байна. Эдүгээ 20 гаруй настай малчин бүсгүй ардчиллын алган дээр өсч, өндийсөн “Ардчиллын бүтээгдэхүүн” хэмээн өөрийгөө тодорхойлсон юм.

Ардчилсан нам энэ оныг “Залуусын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд “Шинэ давлагаа” бүсийн чуулгануудыг амжилттай зохион байгуулж байна. Одоогоор зүүн, баруун, хангайн бүсийн залуус “Шинэ давлагаа”-нд нэгдсэн бол тун удахгүй Төвийн бүсийн залуус чуулж, ирэх сард говь нутгийн хөгжлийн түүчээ болсон залуус “Шинэ давлагаа”-нд нэгдэхээр зэхэж буй.

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутаг Улаагчны хар нуурын эрэгт гурван өдрийн турш зохион байгуулагдсан “Шинэ давлагаа” баруун бүсийн чуулганд оролцогчид үнэхээр ч энэ цагийн эзэд болсон 18-35 насныхан байв. Энэ удаагийн чуулганд Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгаас гадна нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан дүүргийн залуусын төлөөлөл бүхий 800 гаруй хүн оролцож, Ардчиллын үнэт зүйл, Ардчилсан намын Үзэл баримтлал, орон нутгийн хөгжил, улс төр дэх залуусын оролцооны талаар хэлэлцэж, сургалтад хамрагдлаа. Үүний зэрэгцээ Улаагчны хар нуурын эрэгт цугласан залуус гар бөмбөг, олс таталт зэрэг спортын наадамд хурд хүч, авхаалж самбаагаа сорьж, урлагийн наадамд авьяас чадвараараа өрсөлдөж, уйдах завгүй гурван өдрийг өнгөрүүлсэн юм. Баруун бүсийн залуусын чуулга уулзалт нээлтийн арга хэмжээнээсээ эхлээд шинэлэг, өнгөлөг байв. Энэ үеэр нутаг, нутгийн хоолны соёл, идээ ундааны онцлогийг харуулсан “FOOD FESTIVAL”, “Ардчилсан оюутны холбоо”-ны “Хувь хүний эрх чөлөө”, “Эдийн засгийн эрх чөлөө” сэдвээр зохион байгуулсан илтгэлийн тэмцээн, галын наадам, сургалтууд гээд онцлох зүйлс олон байв. “FOOD FESTIVAL”- ийн үеэр Өлгийчүүд казаар дайлж, Завханчууд хар нуурынхаа загасаар зоог барьж, олон ястны өлгий нутаг Ховдчууд шинэ ургацынхаа ногооны дээж болох амтат тарвас, жимс, Алтайчууд нутгийн брэнд болсон амтат дарс, ааруул, хурууд, чацарганаар оролцогчдыг дайлсан юм. Баруун бүсийн чуулганд 800 гаруй залуус авьяас чадвар, авхаалж самбаагаа сорьсноос Говь-Алтай аймаг шилдгээр шалгарч, цомын эзэн болов. Удаах байрт Ховд, гуравдугаар байранд Увс аймаг тус тус шалгарсан юм. “Ардчилсан оюутны холбоо”-ноос зохион байгуулсан илтгэлийн тэмцээнд Ховд аймгийн илтгэгч тэргүүлж, Баянгол дүүрэг удаах байрыг эзэлж, Увс аймгийн илтгэгчид гурав, дөрөвдүгээр байрт шалгарлаа.

"УРАМ ЗОРИГТОЙ ИРЭЭДҮЙ, ҮНЭТ ЗҮЙЛСТЭЙ ЗАЛУУС, ҮЗЭЛ БАРИМТЛАЛТАЙ АРДЧИЛАЛ"

Зүүн бүсийн залуусын чуулга уулзалт Дорнод аймгийн Баянтүмэн суманд зохиогдсон бол Хангайн бүсийн залуус Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт чуулсан юм. Хангайн бүсийн чуулга уулзалтад Булган, Орхон, Дархан-Уул, Хөвсгөл, Сэлэнгэ, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн 1000 орчим залуус оролцсон. Хангайн бүсийн чуулга уулзалтад Булган аймгийн залуус багийн дүнгээрээ тэргүүн байрт орж, шилжин явах цомын эзэн болсон бол Орхон аймаг хоёрдугаар байрт, нийслэлийн Хан-Уул дүүрэг гуравдугаар байрт тус тус шалгарлаа. Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд “Шинэ давлагаа” чуулганы үеэр Ардчилсан намын Үзэл баримтлалыг таниулах сургалтыг сонирхолтой хэлбэрээр зохион байгуулж байгаа нь оролцогчдод өндөр сэтгэгдэл үлдээсэн тухай залуус хэлж байна. Түүнчлэн “Хоггүй чуулцгаая” уриалгыг дэвшүүлж, дараа, дараагийн чуулганд оролцогчдыг байгаль орчинд ээлтэйгээр чуулахыг уриалсан нь Хангайн бүсийн чуулга уулзалтын онцлог байв. Оролцогчдыг таван хэсэгт хувааж “Хувь хүний эрх чөлөө”, “Эдийн засгийн эрх чөлөө”, “Улс төрийн эрх чөлөө”, “Шударга ёсны эрх чөлөө”, “Үндэсний эрх чөлөө” гэсэн үндсэн сэдвийн хүрээнд өртөөчлөн сургалт зохион байгуулж, залуусын идэвхи, оролцоо өндөр, асар дүүрэн хүнтэй өрнөсөн юм.

Сургалтын багийн ахлагчаар Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Б.Ган-Очир ажиллаж байгаа бөгөөд тэрбээр “Мөнгө, албан тушаал нэгдүгээрт бичигддэг цаг өнгөрч байна. Цаашид улс төрийн намд Үзэл баримтлал тэргүүнд бичигдэх болно. Энэ бол шинэ давлагаа юм. Өнгөрсөн 30 жилийн турш засаг, төрөөс эхлээд нийгмийн ухамсар бүхэлдээ мөнгө, албан тушаал гэсэн хоёрхон зүйл дээр төвлөрч, харанхуй руу унасан. Тэгвэл цаашид Монгол Улс хаашаа чиглэх юм бэ. Мөнгө, албан тушаалыг чухалд тооцсоор, харанхуй нүхэндээ байсаар байх уу. Ардчилсан залуус үүнийг хүсэхгүй байна. Монголын залуус өөр зүйлийг хүсч байна. Аргалаад өнгөрөх бус, зохицоод явах биш болно гэдэг зүйлд итгэж, үнэмших нь чухал. Нам гэдэг мөнгөтэй болох арга хэрэгсэл биш, албан тушаалд хүрэх гүүр бус. Үзэл баримтлалаараа нэгдэж, бусдын төлөө ажилладаг хүмүүсийн нэгдэл байх ёстой. Энэ соёлын давлагаа бол шинэ давлагаа юм” гэв.

Чуулганы үеэр “Ардчилсан залуучуудын холбоо”-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболд “Ардчиллын анхдагч болсон залуус өвлийн тэсгим хүйтнийг сөрж, ардчиллын төлөөх тэмцлийг анх эхлүүлж байлаа. Залуус бол улс орны хөгжлийг түүчээлэгч, шинийг эрэлхийлэгчид байдаг. Ирээдүйг гэрэлтүүлэх сайн сайхан бодол бүх хүнд нэгэн зэрэг төрдөггүй. Гэгээн цагаанаар ирээдүйгээ төсөөлдөг урам зориг, итгэл төгс залуусын толгойд эхэлж төрдөг. Иймээс бид орон нутагтаа манлайлагч залууст шинэчлэгдсэн Ардчилсан намын Үзэл баримтлалыг ойлгуулан, таниулахыг хүссэн юм” гэлээ.

Залуус улс төрийн намыг албан тушаалд хүрэх гүүр, мөнгөтэй болох гаргалгаа бус, “цүнх баригч”, “бөгс долоогч”, хэн нэг даргыг аялдан дагалдагч гэдэг нийгмийн ухамсарт тогтсон нэр, томъёолол, үг хэллэг, ойлголтоос татгалзаж, нийгэмдээ оролцоотой амьдрахыг хүсч байгаагаа чуулга уулзалтын үеэр илэрхийлж байлаа. “Нийгэмдээ оролцоотой амьдрахыг улс төрд орох гэж хэлнэ. Бид сум, орон нутгаа хөгжүүлмээр байна, нийгэмдээ оролцоотой амьдрахыг хүсч байна. Үүний тулд улс төрийн намыг дэмжиж, гишүүнээр нь элсдэг. Гэтэл залуус улс төрийн намд элсэхээр нийгэм “Цүнх баригч”, “Бөгс долоогч” хэмээн тодорхойлдог. Бид нийгэмд тогтсон энэ харанхуй ойлголтыг өөрчлөхийг хүсч байна” хэмээн 20 настнууд хэлж байна. “Урам зоригтой ирээдүй, үнэт зүйлтэй залуус, Үзэл баримтлалтай Ардчилал” уриан дор Ардчилсан залуус шинээр давлагаалж байна. Эерэг хандлагыг түгээж, байгаль орчиндоо ээлтэй, хоггүй чуулж, Үзэл баримтлалынхаа туган дор нэгдсэн залуус шинээр давлагаалж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эдийн засгийн “эрх чөлөө” хүссэн хотын парламентын санал

Хот, тосгоны эрх зүйн зохицуулалт үүргээ гүйцэтгэж чадахгүй байна

 0 сэтгэгдэл


Олон улсад хүний материаллаг болон оюуны хэрэгцээг хангах, материаллаг баялаг үйлдвэрлэх, улс төр, эдийн засаг, оюун санааны төв гэж үздэг тодорхойлолтод Улаанбаатар болон Дархан, Эрдэнэт хот тэнцэх үү.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-аар ид хэлэлцэж буй өнөө үед дээрх асуултад нэг мөр хариулт олох хэрэгтэйг олон нийт хэлж байна.

Монгол Улсын Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу тэдгээрийн захирагчдад эдлүүлэх эрх, үүрэг зарим талаар гүйцэт хэрэгжиж, төлөвшиж чадаагүй, заримдаа засаг захиргааны нэгжийн эрх үүрэгтэй хутгалдсан гэж судлаачид үзэж байна. Засгийн газраас төсөв санхүүгийн хувьд хэт хараат Улаанбаатар хот биеэ даахыг эрэлхийлж, хуучин улсын зэрэглэлтэй байсан Дархан, Эрдэнэтийн иргэд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болгох санал хүсэлтийг тасралтгүй илэрхийлсээр ирсэн. Шинэ тогтолцоогоо оновчтой зохион байгуулж чадаагүйгээс хотууд хуучнаа санагалзаж, харин нийслэл Улаанбаатар “эрх чөлөө” хүсэж буйг буруутгах аргагүй. Угаасаа олон улсад хот нь төсвөө бие даан бүрдүүлдэг, дэд бүтэц болон барилга байгууламж, хотын хэлбэр дүрсээрээ өөрийгөө тодорхойлдог, төсөв хөрөнгөө захиран зарцуулдаг, бусдаас буюу Засгийн газар, засаг захиргааны нэгжээс хараат бусаар бие даан хөгжих чадвартай байх ёстой гэж үздэг аж. 

Тэгвэл НИТХ-аас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд оруулах саналаа хүргүүлжээ. Тэгэхдээ хуулийн төслийн 57.2 дугаар заалтад ихээхэн ач холбогдол өгсөн байна. 

1992 онд баталсан шинэ Үндсэн хуулийн тус заалтад “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн ганцхан өгүүлбэр л бий. Харин өнгөрсөн 27 жилийн хугацаанд тус заалтын үзэл санаагаар амьдарч ирсэн нийслэл хот хэрхэн хөгжив.

“Энэ хугацаанд та бидний ажил, амьдралд хангалттай ашигтай байж чадсан уу гэвэл дундуурхан гэж хэлэх байх. Энэ заалт тухайн цаг үедээ л үүргээ гүйцэтгэсэн байж магадгүй. Тиймээс цаашид тухайн заалтаар бүгдийг зохицуулах боломжгүй болсоор байгаа юм. Захиргааны болон санхүүгийн эрх мэдлийг нээх үзэл санааг Үндсэн хуульд тусгуулах нэн шаардлагатай байна” гэж НИТХ-ын дарга Р.Дагва ярив.

Хоттой холбогдолтой Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэлийг Үндсэн хуулийн шинэчлэлтэй холбогдуулан хийнэ. Тиймээс хүсээд байгаа эрх, статусаа Үндсэн хуулийн үзэл санаанд суулгах ёстой гэж “хотын парламент”-ын гишүүд үзэж байна.

Мөн хуулийн төслийн дөрөвдүгээр бүлэгт буй нутгийн удирдлагын тогтолцоо, нутгийн удирдлагын байгууллагын эрх зүйн үндсийг өөрчлөх шаардлагагүй гэж тус саналд тусгажээ. Төсөлд тусгаснаар Монгол Улсын нутгийн өөрөө удирдлагын үндсэн нэгж нь сум, дүүргийн ИТХ байх. Мөн аймаг, нийслэлийн ИТХ-ыг сум, дүүргийн хурлаас бүрдүүлэхээр оруулсан.

Нийслэлийн ИТХ дүүрэг дээр очоод, сонгуулийн тодорхой тойргоос сонгогдож байна. Гэтэл дүүргийн ИТХ мөн л иргэдээсээ сонгогддог. Өөрөөр хэлбэл, давхардал үүсч байгаа учраас НИТХ-ыг дүүргүүдийн хурлаас бүрдүүлдэг байхаар төсөл санаачлагчид тайлбарласан.

Харин үүнийг яг аль хурал нь нутгийн удирдлагын үндсэн байгууллага байх, чадамжаараа аль нь илүү хүчтэй гэдгийг бодолцох ёстой гэж НИТХ-ын төлөөлөгчид саналдаа тусгасан байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Халхын гол ба СССР-ийн тоглолт

Ямар ч их гүрэнд амбиц, эрх ашиг гэж бий

 0 сэтгэгдэл


Халхын голын байлдаан дайн. “Бои на Халхин-Голе” (11 мая-15 сентября 1939 годa) хэмээн ru.wikipedia.org сайтад биччихсэн байхад байлдаан, тулалдаан гэж хөрвүүлчихмээр юм. Дөрвөн сарын ширүүн “дайн” хэмээн шат ахиулан нэрлэснээрээ Эх орны дайн гэдэг шиг түүхнээ мөнхрөх болж байна. Гэхдээ ирээдүй хойч үе маань юу гэхийг үл мэднэ. Монгол-Японы харилцаа энэ эрчээрээ хөгжиж, стратегийн түншлэл нь бэхжиж, шат ахисаар байвал орчин цагийн Монголын балчир, залуу, дунд үеийнхний тархинд Япон улс ид шидийн орон мэт санагдаж, тус улс руу тэмүүлэх бодол суусаар байвал бид Халхын голын дайны ялалтын ойг өнөөгийн 80 жилийн хэмжээнд тэмдэглэх үү гэдэг эргэлзээтэй. Японы зөөлөн хүчний бодлогод хамгийн их автсан Азийн улс гэх имижтэй яваа Монголд БНХАУын зөөлөн хүчний бодлогыг нутагшуулах гээд Хятадын удирдагчдын тархийг хичнээн их гашилгаж байгааг мэдэрдэг хятад судлаачийн хувьд би бичиж байна.

ОХУ-д хүчний байгууллагын төлөөлөл, цэрэг-улс төрийн цогцолборын төлөө цогтой зогсогч, цэрэг-эх оронч үзлээр Оросын залуусыг уриалан дуудагч, цэрэг-спортын тамирчин Путин засгийн хязгааргүй эрх барьж буйд нь баяр хүргэхийн сацуу тэр хүний хувийн голдуу үзэл бодол, итгэл үнэмшлээс үүдэлтэй баярыг бид хамтран тэмдэглэж буй нь нууц биш. Путины дараагийн Оросын удирдагч үүнийг авч үзэх ч үгүй байж мэднэ.

Өдөр бүр төв телевизийн мэдээллээр Халхын голын дайны ялалтын 80 жилийн ой д зори улсан булан ажиллуулж, заримдаа доозыг нь хэтрүүлэх шиг л болох юм. Аль социализмын үед 1969, 1979, 1984 онд тэгж тэмдэглэж байхад нь ярьсансан бол болох л байж. XXI зууны цоо шинэ эрин үед “Монгол-Зөвлөлтийн дайчдын гайхамшигт ялалт”, “Улаан армийн цэргийн урлаг, операц”-ын тухай улиг болтол цэргийн эрдэм шинжилгээний эрдэмтдээр яриулах хэрэг  байна уу. Миний сайн танил хурандаа дунд нь орчихсон ярьж харагдана. СССР гэж байх үед тэнд цэргийн академи дүүргэсэн хүмүүс тэнд заалгаснаа өнөөдөр сүрхий царайлан ярих нь залуу хойч үед инээдэм болох вий. Милитарист Япон нь БНМАУ-ын тусгаар тогтнолыг устгаж, Монголын ард түмнийг боолчлох харгис дайн өдөөгөөд тас цохиуллаа хэмээн тэртээх 1970-аад онд бичдэг, ярьдаг байсныг бүү давтаасай гэсэндээ би инээдэм гэж нэрлэлээ.

Энэ дайныг ялалтад хүргэсэн маршал Жуковт хязгааргүй их гавьяа ногдохыг энд үгүйсгэж байгаа юм биш ч бас нэг тайлбар хэлэхгүй бол болохгүй нь. Цагийн хэлхээ, түүх, бодит байдлыг ялгаж салгах нь манай үзэгчид, уншигчдын үүрэг биш ч зөв, үнэн мэдээлэл тэдэндээ түгээх учиртайсан.

Үнэндээ коммунизм байгуулах их үйлсэд жирийн бие хүн бол хэн ч биш гэдгийг Жуков Халхын голд чухам нотлон харуулсан гэдгийг үгүйсгэж болохгүй. “Жуков судалгаа” эрчээ авсан Британид хэвлэгдсэн нэгэн бүтээлээс үзвэл Халхын голд “гайхамшигтай дайтсан”-ыг нь харлуулах нэг баримтыг олоод нээчихжээ. Гурван сард Moнгoлын дорнод хил дээр тулалдахдаа Жуков улаан армийн 600 орчим цэрэг офицерт цаазын ял оноож, харин шагналд 83-ыг тодорхойлсон байх юм. Жуковын гаргасан эхний тушаалд нь бууж өгсөн, хулчийсан улаан цэргүүдийг өчиггүй бууд!

Жуков маршал цолтой ирж энэ дайныг удирдаагүй юм. Тэрбээр доод шатны нэг генерал л байсан. Дайн эхэлснээс дуустал нь командлаад ялалтад хүргэсэн юм биш. Тэр гавьяаг хуваалцах Оросын өч төчнөөн генерал бий. Зөвхөн ганцыг нь нэрлэе. Николай Владимирович  Фекленко хэмээх генералыг хэн ч дурсахгүй, ярихгүй байгаад би гайхдаг. Энэ хүн 1937 оны зунаас Монгол дахь буудлагын 57 дугаар онцгой корпуст алба хашиж, ингэхдээ механикжсан долдугаар, танкийн онцгой 32 дугаар бригадыг командалж, 1938 оны намраас корпусаа захирч байхдаа 1939 оны хавар, зуны эхэн сарын дайны галыг өөр дээрээ авсан гавьяатан. Өөрөөр хэлбэл, Монголын ард түмний тусгаар тогтнолын төлөөх эхний тулалдаануудыг энэ хүн удирдаж, давуу хүчтэй Японы цэрэгтэй тулж байжээ. Энэ нөхрийг Жуковын матаасаар (илтгэл) командлагчаас нь хусаж хаяад, Жуковыг оронд нь томилжээ.

Халхын голын дайн ямар зорилгоор дэгдсэн, эсвэл дэгдээсэн бэ гэдэгт эрүүл саруул хариулт хайя. Милитарист Япон нь БНМАУ-ын тусгаар тогтнолыг устгаж, Монголын ард түмнийг боолчлох харгис дайн өдөөсөн гэдэг нь үлгэр болсон. Тэгвэл өөр ямар зорилго байж таарах вэ. Дахиад л эшлэе: ru.wikipedia. org сайтад “Советско-японские пограничные конфликты, период между 1935 и 1939 годами” буюу “Зөвлөлт-Японы хилийн мөргөлдөөн” гэснийг бодохул тэр үеийн БНМАУ-ыг тусгаар улс гэж тооцолгүй, тэд хоорондоо үзчихсэн юм шиг сэтгэгдэл бууна.

Халхын голын дайныг хойч ирээдүй маань юу гэж тодорхойлохыг үл мэднэ

Түүх сөхөж тайлбар хэлье. Халхын голоос хамаагүй өмнө 1904 онд Орос, Япон хоёр дайтахад хойд хөрш үзэшгүй муухайгаар ялагдаж, Порт-Артур, Сахалины өмнөд хэсгээ тэр чигт нь Японд булаалгасан. 1907 онд улс төрийн ерөнхий асуудлаарх Орос-Японы хэлэлцээр, түүнийг дагалдуулсан нууц гэрээн Петербургт байгуулсан. Манжуурын төмөр замаас гадна нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Хятадын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, Хятад дахь худалдаа, аж үйлдвэртээ тэгш эрхтэй байх асуудал тэр гэрээгээр хөндөгдсөн. Манжуур дахь Оросын (умард) ба Японы (өмнөд) нөлөөний хүрээний зааг хил гэгчийг тогтоон, нууц гэрээний III зүйлд Гадаад Монголд Орос нь тусгай ашиг сонирхолтойг Япон хүлээн зөвшөөрчээ. Оросын энэхүү эрх ашигт хохирол учруулах хөндлөнгийн аливаа оролцооноос зайлсхийнэ гэсэн хатуу заалт орсон нь Монгол руу Япон өнгөлзөх хууль, эрхзүйн үндэсгүй гэсэн үг байв. 1925 онд СССР болон Япон улс Бээжинд Харилцааны үндсэн зарчмуудын тухай конвенц гэрээ байгуулснаар Октябрийн хувьсгалаар саатсан харилцаа бүрэн хэвийн болсон. Яг ийм нөхцөлд Хасануур, Халхын голд энэ хоёр улс нүдэлдээд авсан нь түүхэн шоглоом, оньсого гэлтэй.

1938, 1939 онд Зөвлөлт-Японы хилийн мөргөлдөөн (байлдаан) Хасан-нуур, Халхын голд тохиосон боловч дипломат харилцаа нь тасраагүй гэхээр бүр ч эргэлзээтэй. Дайтагч хоёр талын дээдсүүд Москва, Токиод ёслолын уулзалт хийж, хундага тулгаад л, хил дээр юу болж байгааг ард түмэн нь бараг мэдээ ч үгүй.

Дайтах болсон гол шалтгааныг манай өмнөд хөршөөс хайгаад олж болно. Хятадын хувьсгалын найдвартай ар талын баазын үүргийг тэр үедээ Монгол гүйцэтгэчихсэн юм биш үү. Түүхнээ Японы түрэмгийлэл Хятад руу 1931 онд дэгдсэн гэж тэмдэглэжээ. Үүнийг “ЯпонХятадын дайн 1931-1933 он” гээд сайтаас лавлаад үзэж болно. Хятад руу Япон халдсанаараа 1927-1936 онд Хятадад дэгдсэн Гоминдан, Коммунист намын хоорондын иргэний дайныг түр зогсоолгож, Хятадын эв нэгдлийг хангуулжээ. Гэтэл 1937 оны долдугаар сарын 7-нд Японы цэрэг Хятад руу өргөн хүрээтэй давшилт эхлүүлжээ. Хятадын цэргийн үхээнц байдлыг Зөвлөлтийн цэргийн сургагч нар мөн ч их муулж бичсэн дээ. Харьцуулаад үзэж болно. Хятадын хоёр сая цэрэг (командлагч нь Чан Кайши) 300 мянган япон цэргийн давшилтыг яаж ч чадалгүй ялагдаж ухарсан. Японы хүчинд 150 мянган цэрэг бүхий Манж-Го-гийн арми хавсарч байлдаад Хятадыг туйлдуулжээ. Хятадын улаан арми (өнөөгийн Ардын чөлөөлөх арми) ухраад, хүчээ нөөгөөд байснаас бус дайтаагүй, дайсны галын хүчийг өөртөө татаж хохирсон нь Чан Кайшийн арми болов.

СССР-ийн хувьд дэлхийн хувьсгалын төвийн өнцгөөс “Хувьсгалч хувьсгалт нэг л Хятад” хэрэгтэй. Хувьсгалт зүүний хоёр нам (Улс ардын нам, Коммунист нам) хоорондоо үзэлцэх нь байдаг л асуудал, харин дайнч, амбицтай, эртний өс хонзонтой Японд Хятадыг алдана, Хятад суларна, ялагдана гэж Москвагийн хувьд байж боломгүй. Зэвсэг техник муутай, цэргийн эрдэм тааруу, тариачны армийг СССР зэвсэглэсэн, санхүүжүүлсэн, цэргийн нэртэй сургагч зөвлөгч нараа илгээсэн нь үр дүн муутай нь илт болсон учраас өмнө тийш давшиж яваа Японы тэр их армийг арагш нь шилжүүлж байлдуулах стратегийг хэрэгжүүлэх цаг тулгарчээ. Хятадын үлэмж нутаг дэвсгэрийг хянаж буй Япон нь хүн хүч, зэвсэг техникээ умард зүг рүү хөдөлгөөнд оруулах, өмнө зүгийн давшилтаа зогсоохоос аргагүй байдалд оруулах дайныг хойд хил дээр нь өдөөж өгөх ёстой боллоо. 1938 онд Хасан нуурын орчимд хоёр долоо хоног Зөвлөлт, Японы цэрэг байлдаад Япон ялагдлаа. Энэ ялагдал аль алинд нь хангалттай байсангүй. Япон нь Хятадын нутгийн гүн рүү давшсаар, Москвагаас ажиглаж суухаас аргагүй нэг жил өнгөрлөө.

Бас нэг эвгүй мэдрэмж орос нөхдөд төржээ. БНМАУ-МанжГо хоёр улсын хэлэлцээний явцыг ажваас ар, өвөр монголчууд (тэр үедээ баргууд гэж яригдана) байлдахгүйгээр барахгүй, ерөөсөө Японтой зөрчилгүй болж таарах гээд байв. Гэтэл дэлхийн хувьсгалын онолоор хувьсгалт Хятад Японд цохиулаад сулраад байх нь байж боломгүй. Тиймээс хоёр Монголыг нөхөрлүүлэхгүйгээр Японтой нь хутгаж байгаад байлдааны гал өрдчих хувилбар Москвад яригдав. Ерөөсөө Хаант Оростой тохиролцчихоод Манжуурт тэр тохиролцоогоо зөрчиж төмөр зам тавиад, бүтээн байгуулалт хийгээд (Японоос зөөж авчирсан олон үйлдвэр) бэхжээд байх нь гэрээ зөрчсөн өөдгүй алхам болох тул түүнийг нь хүчтэйхэн таслан зогсооё, түүнд бэлхэн талбар нь Халхын гол нэртэй хот суурин, хүн, малгүй зэлүүд нутаг байна гэсэн стратегийн төсөөлөл улаан армийн дарга нарын тархинд, штабт, цэргийн байр зүйн зураг дээр гараад ирэх нь тэр. Дайн нөхцөлдсөн үндсэн шалтгаан нь энэ.

Байлдахгүй байх, хүний амь түйвээхгүй байх, Монголын газар нутгийг ашиглуулахгүй байх талынхныг “1937 он”-ы махны машинд мянга мянгаар нь оруулаад хэрчээд дууссан. Одоо энх тайвны тухай яриа паг, ам ангайх хүн байхгүй, ам ангайвал амьгүй.

Энэ жил зөвхөн Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэж байгаа юм биш. Олон олон “80 жилийн ой” ярайж байна. Бүгд нэг нэгнээсээ хамаарах, бас логик холбоотой үйл явдлууд юм. Өнөө, маргаашгүй нэгэн лут “80 жилийн ой” тохионо. Халхын голд халуун зунаар ид тулалдаж байх үед Москвад хэд хэдэн яриа хэлэлцээ-дипломат наймаалцал болж, Зөвлөлтийн Гадаад хэргийн ардын комиссариат тун завгүй, Кремль ч бас завгүй өнгөрөв. Наймдугаар сарын 17-нд Британи-Францын төлөөлөгчдийг бараг хөөгөөд шахуу буцаав. Нацист Германы эсрэг, дэлхийн II дайн дэгдээлгэхгүй байх тухай гурван талаараа ярилцаж байснаа элдэв шалтаг зааж гоморхож байснаа холбоотон гэгддэг тэр хоёртой хэлэлцээгээ бүрмөсөн зогсоожээ. 1939 оны дөрөвдүгээр сард эхлүүлэн, гурван сар сунжран нууцаар хуралдсан нь үр дүнгүй дууслаа.

Зөрүүлээд нөгөөдөр нь буюу наймдугаар сарын 19-нд Зөвлөлт-Германы худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Геополитикийн том тоглолт хийв. Дэлхийг ба Европыг хуваах тухай ярих л үлдлээ. Төд удсангүй Баянцагааны тулалдаанд Зөвлөлт, Монголын цэрэг Японыг бут ниргэсэн тэр өдөр III Рейхын Гадаад хэргийн сайд Риббентроп Москвад заларлаа. Дайснаа дарсан, дархан цолоо мандуулсан өдрөө Германы сайдыг хэргээр урьжээ. 1939 оны наймдугаар сарын 23нд СССР-ийн Засгийн газрын тэргүүн Молотов Германы Гадаад хэргийн сайдтай Үл довтлох тухай Гэрээ буюу Пактад гарын үсгээ Кремльд зуржээ.

• Жуков маршал цолтой ирж энэ дайныг удирдаагүй юм.

• Дайтах болсон гол шалтгааныг манай өмнөд хөршөөс хайгаад олж болно.

• Энэ жил зөвхөн Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэж байгаа юм биш.

Дагалдах нууц протоколуудад ч гарын үсэг зурсан. Түүнийгээ 28-ны өдрөөр огноолсон байгаа юм. Молотов-Риббентропын Пактаар Польшийг Висла мөрнөөр хоёр хувааж, Польшийн төрт-улсыг устгах, Прибалтикийн гурван улс ба Баруун Белорусс, Баруун Украин, Молдавын баруун хэсэг-Бессарабыг СССР-т өглөө. Харин Финландыг хөндөж болохгүй гэснийг нь СССР зөрчөөд тэр өвөл дайн өдөөж ялагдан, дараа нь их үнээр ялсан болж зарим хэсгийг нь өөртөө нэгтгэсэн. Москвад ийм том наймаа явагдаж байхад Сталин Риббентропт Монголын тухай ганцхан өгүүлбэр хэлсэн байгаа юм. “Монголд Японы муусайн цэргийг шалба цохилоо. Азийнхантай ингэж хатуухан ярихгүй бол болохгүй байгаа юм. Энэ талаар санаа зовохгүй. Танай холбоотныг (Японыг нь хэлж байна) цаашаа хөндөхгүй” гэх нь тэр. Юун БНМАУ-ын тусгаар тогтнол, хувь заяа манатай яриа ингэсгээд мартагджээ.

Бас нэг “80 жил”. Халхын голд байлдаад байдаг. Баянцагааны тулалдаанаар Японы цэрэг ялагдсан болохоос эцсийн ялагдал биш. Ялалт, ялагдлыг олон улсын эрх зүйн баримт бичигт суулгаж, гарын үсэг зурж баталгаажуулж байж эцэслэдэг. 1939 оны есдүгээр сарын 15нд Халхын голын районд байлдааны үйл ажиллагааг зогсоох тухай хэлэлцээрт Молотов, Японы Элчин сайд Сигэнори Того нар гарын үсэг зурав. Ингэж гарын үсэг зурсан хийгээд Халхын голын районы газар нутаг, гал зогсоосон шугамын талаар БНМАУ-д дуулгасан ч үгүй. Дайн зогссоныг мэдээгүй, Мана уулаа чөлөөлөхөөр мордсон Монголын морьт цэргийг улаан армийнхан агаараас дайрч зогсоосон тухай чих дэлсэх нь үнэний ортой.

Бас нэг, гэхдээ бүр ч таагүй “80 жил”-ийг энэ жил тэмдэглэнэ. Тэр нь 1939 оны есдүгээр сарын 28-нд Москвад Молотов, Риббентроп нарын гарын үсэг зурсан СССР ба Германы хоорондын Найрамдал, хилийн тухай Гэрээ. Сарын өмнө Москвад зочилж байсан Нацистын Рейхийн сайд нэг сарын дараа дахин морилжээ. Халхын голд гал зогсоож, энх тайвныг хангаад ердөө маргааш нь Улаан армийн ангиудыг баруун хил дээрээс хөдөлгөн нэг далайлтаар Польш, Балтийн гурван улс, Баруун Белорусс, Баруун Украин, Бессарабыг эзлээд авлаа. Польшийг цаанаас нь Германы Вермахт устгаж цохиж хөөгөөд Варшавыг нь буулгаад авчихсан. Холбоотон хоёрЗөвлөлт, Германы хамтарсан ялалтын парад Брестэд боллоо. Түүнийг албажуулж олон улсын эрх зүйгээр баталгаажуулахын тулд Риббентроп Москвад ирээд тэрхүү Найрамдал, хилийн тухай Гэрээнд гарын үсгээ зуржээ. Ийнхүү хамтран хуйвалдагч, нөлөөний хүрээг хуваалцагч байсан хоёр улс Найрамдал, хилийн тухай Гэрээгээрээ холбоотон болж авлаа.

Монголын дорнод талд нам гүм. Хэн хэн яасан, нутаг хаана байна, улсын хил гэж байна уу, монголчуудад ер падгүй. Чив чимээгүй явсаар 1940 оны зургадугаар сарын 09нд БНМАУ-ын улсын дорнод хилийг Зөвлөлтийнхөн Японтой хамтраад тогтоогоод өглөө. Энэ талаар Москвад суугаа Элчин Ж.Самбууд ямар ч мэдээлэл хаанаас ч очсонгүй. СССР-ийн Гадаад яаманд урьж уулзан, ядаж нэг тайлбарладаг байгаа даа.

Энд би СССР-ийн гадаад бодлогын түүхээс хөндөж байна. Одоо оросууд ил бичдэг нуухгүй болчихсон баримтыг дэлгэж байна. Энэ бичлэгээрээ өнөөгийн ОХУ ба Ерөнхийлөгч Путиныг яллах ямар ч санаа агуулаагүй. Бүү мушгиарай!

Ерөөсөө Зөвлөлт Холбоот Улсыг ч яллаж байгаа юм биш. Геополитикийн өнцгөөс яривал зөвлөлтийнхөн Монголоор тоглолт хийх эрхээ их гүрний статусаараа олоод авчихсан. Нийгмийн байгууллаас үл хамааран ямар ч их гүрэнд амбиц, эрх ашиг гэж байдаг. Түүнд нь манай мэт Монгол хэн ч биш, ашиглагдах тавилантай. Энэ бол геополитикийн хатуу хууль. Монгол-Зөвлөлтийн найрамдал гэдгийг гиншигнэн мөрөөддөг, өнөөгийн оросуудаа “ах нар” гэж авгайлж байгаад бэлгийн хороолол үнэгүй бариулаад авчих санаатай салан задгай монголчууддаа хандаж бяцхан түүх сөхлөө шүү!

A

Жижиг

A

Дунд

A

Том

Улсын тусгай хамгаалалттай газрыг 1.3 сая га-гаар нэмнэ

 0 сэтгэгдэл


Засгийн газрын хуралдаанаар Хөвсгөл нуурын эрэг орчмыг эко аялал жуулчлалын бүс болгох, зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, аврах анги байгуулах зэргийг хэлэлцэн шийдвэрлэв. Мөн төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого, Биеийн тамирыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг баталжээ.

ХӨВСГӨЛ НУУРЫГ "ЭКО АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС" БОЛГОНО

Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, цаашид хүрээлэн буй орчинд ээлтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор тус бүс нутгийг “Эко аялал жуулчлалын бүс” болгохоор шийдвэрлэв. Тус шийдвэрийн хүрээнд Хөвсгөл нуурын “Эко аялал жуулчлалын бүс”-д ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй, ус ашиглах гэрээ байгуулж, эрхийн бичиг аваагүй, усны тоолуургүй болон холбогдох үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, стандартын шаардлага хангаагүй иргэн, хуулийн этгээд аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэхийг хоригложээ. Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт аялал жуулчлалын зориулалтаар 129 иргэн, аж ахуйн нэгжид газар олгогдсон бүртгэлтэй байгаа боловч 2018 онд хийгдсэн хяналт шалгалтаар зөвшөөрөлтэй 55 иргэн, аж ахуйн нэгж, зөвшөөрөлгүй 160 орчим гэр буудал үйл ажиллагаа явуулж байгаа аж.

ЗАРИМ НУТГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАВ

Байгалийн унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүй, экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай УИХын тогтоолын төслийг хэлэлцэн зургаан аймгийн 13 сумын нутаг дэвсгэрийг хамарсан 1.3 сая га газрыг Улсын тусгай хамгаалалтад авахаар болов. Тухайлбал Увс, Баян-Өлгий заагт орших Ачит нуур, Завхан аймгийн Дөрвөлжин сумын Хомын тал, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн давааХөмүүл голын эх, Баянхонгорын Хан уул, байглийн цогцолборт газрын ангиллаар, Алтан хөхий уулын байгалийн нөөц газрын заагт Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсэг, Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Хөхнуур-Бумбат орчмын газар, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адарга сумын нутагт орших Хурх хүйтний хөндий орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар, Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар тусгажээ.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГЫГ БАТАЛЛАА

Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг “Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлт”-д дэлхийн 136 орноос Монгол Улс 102 дугаарт эрэмбэлэгдэж байна. Жуулчин хүлээж авах өнөөгийн ор/ хоногийн даацыг тооцвол манай улс зуны гурван сард 1,6 сая гадаадын жуулчин хүлээж авах боломжтой гэж Засгийн газар үзжээ. Тиймээс Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр баримтлах бодлогыг баталж, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөв, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгаж, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг холбогдох яамдын сайд нарт үүрэг болгожээ.