A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2110/

Торонто “Эрдэнэс Тавантолгой”-н IPO хийх замыг заслаа

“Эрдэнэс Тавантолгой” 2019 онд 18 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөжээ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2110/


Олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд өнгөрсөн долоо хоногийн турш Торонто байв. Канадын хайгуул, олборлогчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг энэ удаагийн чуулган эрдэс, таваарын зах зээлийн гол тоглогчдыг уулзуулж, хөрөнгө оруулагчдын хараанд өртөх боломжийг уул уурхайн баялагтай орнуудад олгодог. Бид үүнээс хоцорсонгүй. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ахлуулсан манай улсын баг өнөө жил “Эрдэнэс тавантолгой”-н IPO гэсэн шинэ “хөзөр” дэлгэн оролцож, өөрсдийн давуу талаа энд танилцуулаад ирсэн юм. Өөрөөр хэлбэл, нэг сумаар хоёр туулай буудсан гэсэн үг.

Дэлхийн 135 орноос 3500 гаруй хөрөнгө оруулагчийг нэг дор авчирсан PDAC-ийн чуулганы үеэр “Эрдэнэс Тавантолгой”-н төлөвлөж буй IPO, компанийн өнөөгийн байдал, санхүүгийн үзүүлэлт ирсэн зочдын сонорт хүрсэн.

Гаднын биржээр дамжуулан тус компанийн нийт хувьцааны 30 хүртэлх хувийг хөрөнгө оруулагчдад арилжаалахаар болсныг албан ёсоор торонтогоос дэлхий нийтэд зарлалаа. Үүний бэлтгэл ажил үргэлжилж байгаа бөгөөд энэ улиралд андерайтерийн үйлчилгээ үзүүлэх  зөвлөх компанийг сонгон шалгаруулахаар болсныг компанийн зүгээс мэдээлсэн юм. Зөвлөх үйлчилгээний төлбөрт “Эрдэнэс Тавантолгой” 283 тэрбум төгрөг төсөвлөжээ. Үүнийг хөрөнгө оруулалтын зардалд яагаад тусгасны учрыг зарим эдийн засагч компаниас лавласан. Иргэдэд ногдол ашиг бага өгөхийн тулд хөрөнгө оруулалтын зардлаа өсгөсөн гэсэн хардлага тус компанийг 2019 оны төсвөө эргэж харахад хүргэж мэдэхээр байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газрын түвшинд бүрэн дэмжлэг авсан “Эрдэнэс Тавантолгой” сүүлийн хоёр жил дараалан ашигтай ажиллаж, хөрөнгө оруулагчдын өмнө нүүр бардам төсөл, хөтөлбөрөө танилцуулах хэмжээнд ирсэн. Зах зээлийн үнэ сайн байснаар нийт экспортын 40 гаруй хувийг нүүрс эзэлдэг боллоо. Эдийн засагт үзүүлэх коксжих нүүрсний нөлөө ч нэмэгдэж байна. 7.6-8 тэрбум тонн сайн чанарын нүүрсний нөөцтэй “Эрдэнэс Тавантолгой” өнгөрсөн онд 13 сая тонн нүүрс экспортолсноор дотоодод тэргүүлж, хятадын коксжих нүүрсний импортын 17 хувийг дангаараа бүрдүүлсэн. Анхны нүүрсээ олборлосноос хойш 2018 оныг дуустал тус компани нийт 45.8 сая тонн нүүрс олборлож, 2.1 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан байна. Энэ онд гэхэд 18 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөжээ.

IPO хийснээр “Эрдэнэс Тавантолгой” 20 гаруй төсөл хэрэгжүүлэхээр судалгаа хийн, бэлтгэл ажлаа хангаж байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хэлсэн. УИХ-ын дэмжлэг авч чадалгүй, хөрөнгийн зах зээлд гарах боломжоос удаа дараа мултарч байсан “Эрдэнэс Тавантолгой”-н 30 хувьд хэн хөрөнгө оруулалт хийх нь сонирхол татсан хэвээр байна. Монголын уул уурхайн олборлогч компаниуд хятад руу бүтээгдэхүүнээ гаргахад тулгарч буй хамгийн том бэрхшээл нь дэд бүтэц.

БНХАУ-ын талаас манай улстай хиллэдэг хэд хэдэн боомт руугаа төмөр зам барьж, түүхий эдийн худалдаа хийх нөхцөл бүрдүүлсэн ч үүнийг бид өөрсдийн алдаатай бодлогын уршгаас болоод ашиглаж чадахгүй байна. Хэрэв 2011 оноос хойш төмөр замаа тавьчихсан бол “Эрдэнэс Тавантолгой”-н нэгж хувьцааны үнэлгээ өсөж, хөрөнгө оруулагчдын сонирхлыг эрс татах байлаа. Төмөр замаар бус авто тээврээр нүүрсээ зөөж байгаа компанийн хувьд 13 сая тонн гэдэг чамлах үзүүлэлт биш юм.

Гэхдээ үүний цаана олон мянган жолоочийн амь амьдрал, хүний эрх, байгаль орчны асуудал яригдахаас аргагүй болж байна. Нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулагчид юуны өмнө үүнийг л харгалзан үздэг болсон. Мөн тухайн компани өмнө нь хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тарааж байсан эсэхийг хардаг. Ийм түүх байгаа юу, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хэрхэн хамгаалж байсан талаар лавладаг.

Тэрчлэн компанийн засаглалд ач холбогдол өгдөг болсон. Зөвхөн ашигт ажиллагаа, нүүрсний үнэ, нөөцөөс гадна дээрх шаардлагууд “Эрдэнэс Тавантолгой”-д ээлжит сорилт болж байна. Канадад хуран чуулсан хөрөнгө оруулагчид 2010 оноос хойш хөдөлж чадахгүй, улс төрийн болон үндэсний хэт үзлийн “золиос” болсон “Тавантолгой” төсөл эргэн ирж байгааг салбарын  сайдынх нь үгнээс тодорхой харагдсан болов уу. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой”-н урт настай IPO хөрөнгө оруулагчдад илүү итгэл үнэмшил төрүүлэхээр байгаа юм.

Хөрөнгө оруулагчдын хувьд IPO сонирхлын цэг бол дотоодын иргэдийн хувьд 1072 ширхэг хувьцааны ногдол ашиг иргэдийн дунд өндөр хүлээлттэй байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ  оны нэгдүгээр улиралд багтаан “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны ногдол ашгийг олгох талаар чиглэл өгсөн нь хувьцааны нэрийн дансаа нээлгэж амжаагүй иргэдийг улам шавдуулна.

Зөвлөх үйлчилгээний төлбөрт 283 тэрбум төгрөг төсөвлөжээ

Ирэх сарын эхээр “Эрдэнэс Тавантолгой” хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийх бөгөөд энэ үеэр нэгж хувьцааны ногдол ашгийн дүн тодорхой болно гэж компанийн зүгээс мэдэгдсэн юм.

Олон улсын хөрөнгийн зах зээлийг горилж буй тус компани нэг тонн нүүрсээ 63 ам.доллараар борлуулж байгаа. Үүнийг нэмэгдүүлэх зах зээлийн орон зай өмнөд хөршийн зах зээлд үүссэн. Австралиас авах нүүрсний худалдаанд БНХАУ сар гаруйн хугацаанд хориг тавьснаар манай улсын хувьд нүүрсний одоогийн үнэ ахиулах боломж байгаа юм. “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсний үнээ өсгөж, зардлаа танаснаар хувьцаа эзэмшигчдэд хүрэх ногдол ашгийг энэ онд хамгийн багадаа нэг их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой аж. Судлаачдын тооцсоноор, “Эрдэнэс Тавантолгой” 20 ам.доллараар борлуулалтын үнээ өсгөж чадвал иргэдэд очих ногдол ашиг 800 тэрбум төгрөгөөр өсөхөөр байна.

Ногдол ашгийн хувьд тодорхой бус байдал үүссэн. Хэдий компанийн удирдлагууд ногдол ашиг тараана, олгоно гэж оны өмнөөс мэдэгдсэн ч ногдол ашиг тараах тухай шийдвэр өнөөдрийг хүртэл албан ёсоор гараагүй байна. Компанийн тухай хуулийн 46.5-д “ТУЗ нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна” гэжээ. Хуулийн хугацаа хоёрдугаар сарын 19-нд дуусгавар болсон бөгөөд үүнээс хойш ногдол ашигтай холбоотой шийдвэр гараагүй байна. “Эрдэнэс Тавантолгой” өөрийн бэлтгэлээ сайтар хангаж, дотоод асуудлаа шийдэж чадвал олон улсын зах зээлээс гурван тэрбум ам.долларыг түүртэлгүй босгох боломж байгааг торонтогийн уур амьсгал илтгэлээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Австрали цагаачдын тоогоо цөөлөх бодлого баримтална

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эдүгээгийн бодлогодоо ирээдүйг багтаахыг зөвлөв

Зөвхөн улс орон гэлтгүй хувь хүн, айл өрх, бизнесийн байгууллага алсыг харах нь чухал

 0 сэтгэгдэл


Автомат жолоодлоготой машины туршилтыг АНУ-ын Калифорни, Мичиган зэрэг мужид хийхээс өмнө буюу 2014 онд Сингапур улс энэ “ухаант” хүлгийг хэрхэн зохицуулахаа хэлэлцэж байжээ. Хэдхэн жилийн өмнө төсөөлөл төдий байсан жолоочгүй автомашины туршилтууд ар араасаа амжилттай болж эхэлснээр 2017 онд Сингапур замын зарим дүрмээ шинэчилж эхэлсэн аж. Гэтэл автомат жолоодлоготой машин дэлхийн тээврийн хэрэгслийн ирээдүй болох нь хэдийн тодорхой болж, томоохон компаниуд энэ үйлдвэрлэл рүү хошуурч эхлээд байхад дэлхийн дийлэнх улсад энэ өөрчлөлт үл таних, шинэ зүйл хэвээр байна.

Айсуй өөрчлөлтийн салхийг соргогоор мэдэрч, урьдаар бэлтгэж эхэлсэн Сингапурын энэ жишээг ирээдүйд чиглэсэн сэтгэлгээ, алсын хараа хэмээн дэлхий нийт үзэж байна. урагшлах бүртээ ирээдүйг тооцож алхах нь аливаа улс орны дэвжин дээшлэх, хүртээмжтэй өсөлтийг бий болгох нэг хөшүүрэг болчихоод байгааг азийн хөгжлийн банкны шинжээчид хэлж байгаа юм. Эдүгээ иргэдэд ээлтэй өсөлтөөрөө дэлхий нийтэд гайхагдаж буй Финланд, Сингапур, Австрали улсын хөгжлийн нэг хөзөр нь яах аргагүй алсын хараа, ирээдүйд чиглэсэн бодлого байсныг тэд онцолж байгаа юм.

Тухайлбал, дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар тодорсон Финланд улсын парламентад ирээдүйн асуудал эрхэлсэн байнгын хороо ажилладаг байна.  Тус улсын парламент нийгэм, эдийн засаг, экологийн аливаа асуудлыг хэлэлцэхдээ заавал 13 гишүүнтэй ирээдүйн асуудал эрхэлсэн байнгын хорооноос санал авдаг. Финланд улсад хууль тогтоох байгууллагын түвшинд алсын хараатай бодлого боловсруулахад анхаардаг бол Сингапурт үүнийг Засгийн газар хэрэгжүүлдэг байна.

Зөвхөн улс орон гэлтгүй хувь хүн, айл өрх, бизнесийн байгууллага алсыг харах нь чухал. Тухайлбал, дэлхийн хүнсний салбарын томоохон тоглогчдын нэг Coca Cola одоогоос 15-20 жилийн өмнө эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ эрчимжүүлж эхэлжээ. Хийжүүлсэн ундаа дэлхий нийтийг байлдан дагуулж байсан 1990 оны сүүлчээр тус компани амжилтдаа ташууралгүй, ирээдүйн хэрэглэгчдийн хүсэл сонирхлыг судалж байсан. Улмаар хэтдээ хэрэглэгчид элсэн чихэр их хэмжээгээр агуулсан хүнснээс татгалзана гэдгийг эртнээс таамаглаж байсан тул шинэ төрлийн бүтээгдэхүүний хөгжүүлэлтэд анхаарч эхэлсэн. Улмаар элсэн чихэр агуулаагүй Coca Cola Zero ундааг 2005 онд зах зээлд танилцуулж байжээ.

• Финландын парламент Ирээдүйн асуудал эрхэлсэн байнгын хороотой.

• Ирээдүйгээ ийн төлөвлөснийхөө ачаар Coca Cola компани өнөөг хүртэл дэлхийн хамгийн шилдэг 100 компанийн тоонд багтаж, 200 гаруй оронд бүтээгдэхүүнээ борлуулж байна.

• Урагшлах бүртээ ирээдүйг бодолцон алхах нь аливаа улс орны дэвжин дээшлэх, хүртээмжтэй өсөлтийг бий болгох нэг хөшүүрэг болдог.

Ирээдүйгээ ийн төлөвлөснийхөө ачаар тус компани өнөөг хүртэл дэлхийн хамгийн шилдэг 100 компанийн тоонд багтаж, 200 гаруй оронд бүтээгдэхүүнээ борлуулж байна.

Өөрчлөлт, хувьслыг эртнээс илрүүлж, бодлого төлөвлөлтөө бодит байдлаас түрүүлж боловсруулах нь тогтвортой, хүртээмжтэй өсөлт, өгөөж дагуулдаг аж. Тэгвэл Монгол Улсад ирээдүйг угтсан бодлого төлөвлөлт бий юу. Алс хэтийг харах нь байтугай улсыг жолоодох бодлого сонгуулийн мөчлөгийн цаг хугацааны хайчинд орж, улс орны хөгжил ирээдүй рүү бус хөмөрсөн тогоон дотор эргэсээр.

Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого гэж урт бөгөөд сүржин нэртэй баримт бичиг бий. Үүнийг баталснаас хойш даруй долоон жил улирсан ч стратегийн 105 зорилтын ердөө ганц хувь, 436 дэд зорилтын 4.1 хувь нь л биелсэн хэмээн албаныхан мэдээлж байв.

“Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги” гэдэгчлэн эдүгээгийн бодлогодоо ирээдүйг хавчуулж, багтааж байх нь эрчтэй хөгжиж буй орнуудад чухал болохыг Азийн хөгжлийн банкны шинжээчид уламжилж байна. Төрийнхөө туг болохуйц бодлогыг тунхаглаж, түүндээ хүрэхийн төлөө иргэн бүр өдөр тутам зүтгэж, тэмүүлснээр тогтвортой өсөлтийг бий болгодог хэмээн тайванийн тамкангийн их сургуулийн ирээдүйн бодлогын судалгааны төвийн захирал Сун Мэй Мэй хэлсэн юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

АНУ-ын фермерүүд Хятадад ургацаа худалдахыг хүсчээ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Тэрбумтан төрүүлдэг зах зээлд монголчууд “өлгий”-тэй байна

Интернэт тоглоомын ертөнцөөс төрөх тэрбумтнуудын тоо нэмэгдсээр

 0 сэтгэгдэл


Хэрэглэгчийн тоо нь 2.3 тэрбум давсан ертөнц үүсээд 20 хүрэхгүй жил болж байна. Гэхдээ шинэ зуунтай зэрэгцэн үүссэн энэ ертөнц дэлхийн бизнесийн салбарын хамгийн өсөлттэй зах зээлд тооцогдож, хөрөнгө оруулагчдыг хошууруулсаар. Монголчуудын ашиг орлого олохоосоо илүү зугаацах, алжаал тайлах хэрэгсэл болгон түлхүү ашигладаг интернэт тоглоомын ертөнцөөс дэлхийн бизнест цахиур хагалсан шинэ тэрбумтнууд төрсөөр байна.

Зэр зэвсэг хайж, амьд үлдэхийн төлөө тэмцдэг Free Fire тоглоомыг хөгжүүлэгч Sea компанийн хувь эзэмшигч, хятад гаралтай Форрест  Ли 41 насандаа дэлхийн тэргүүн баячуудын эгнээнд бичигдэж эхэлснийг Bloomberg хэдхэн хоногийн өмнө мэдээллээ. Тус компанийн бүтээсэн виртуал ертөнцөд элсэгчдийн тоо АНУ-ын хүн амыг хэдийн давжээ. Форрест Ли Сингапурт төвтэй Sea компанийн хувьцааны 13.8 хувь буюу нэг тэрбум орчим ам.долларын хөрөнгө эзэмшиж байна. Эхний тэрбумтан нь Форрест ли биш юм. Тулаанчдын тэмцлийг өгүүлэх Fortnite тоглоомыг бүтээсэн, тэрбумтан  Тим Суини мөн энэ тоглоомоос мэндэлсэн түүхтэй.

Ийнхүү гарт үл баригдах хийсвэр ертөнц дэлхий нийтийг соронз мэт татаж, чиглэх хөрөнгө, санхүүгийн урсгал ч үржихийн хүрдээс хурдтай өсөж байна. Ухаалаг төхөөрөмжөөс хэт хамаатай болсон орчин цагийн дэлхийд видео тоглоомын байлдан дагуулалт үргэлжилсээр байна.

ТЕХНОЛОГИЙН МАНЛАЙЛАГЧИД ТОГЛООМ РУУ ХОШУУРАВ

Хэрэв та үргэлж биш юмаа гэхэд үе үе гар утсаараа тоглоом тоглож цаг нөхцөөх эсвэл тархиа  амраадаг бол аль хэдийн энэ ертөнцийн нэг гишүүн болсон гэсэн үг. Ер нь дэлхийн хаана л бол хаана утаснаас уяатай байдаг хэрэглэгчид тоглоомын зах зээлийг тэлж, хөрөнгө оруулалт, хөгжигсдийн тоо нь нэмэгдэх гол шалтгаан болоод байна. Интернэт тоглоом нийт орлогынхоо талаас илүүг нь зөвхөн хөдөлгөөнт утаснаас олдог байна.

Newzoo-гийн мэдээлснээр энэ зах зээлийн хэмжээ 2018 оны байдлаар 137.9 тэрбум ам.долларт хүрчээ. Хүний бүтээсэн, хийсвэр хорвоо ертөнцийг чиглэх мөнгөний хэмжээ сүүлийн жилүүдэд тасралтгүй нэмэгдэж буй бөгөөд ирээдүйд ч өсөлтөө хадгалах өөдрөг таамгийг шинжээчид танилцуулж байгаа юм. 2021 онд гэхэд нийт орлого нь 180 тэрбум ам.доллар давах төлөвтэй.

Тоглоом ийнхүү ашиг олж болох “авдар” болж эхэлсэн тул технологийн компаниуд энэ салбар луу хошуурсан. Тухайлбал, БНХАУ-ын Tencent Holdings компани нийтлэлийн эхэнд өгүүлсэн хоёр тэрбумтны компанид хувь эзэмшдэг. Зөвхөн Tencent Holdings гэлтгүй бидний сайн мэдэх Microsoft, Apple, Sony зэрэг технологийн манлайлагчид тоглоомын ертөнцийн гол тоглогчид юм. Алдарт Apple л гэхэд хамгийн ашиг хүртдэг компаниудын нэгд тооцогддог бөгөөд өөрийн программ хангамжийн онлайн дэлгүүр буюу App store-оор дамжуулан, энэ төрлийн тоглоом борлуулж байна. Үүнээс гадна монгол залуусын түгээмэл тоглодог World of Warcraft -ийг бүтээгч Activision Blizzard-ийн зах зээлийн үнэлгээ 29.93 тэрбумаар хэмжигдэж байна. Ер нь эдгээр компани тоглоом сонирхогчдыг тоглохоос өөр аргагүй болтол нь сонирхол, хүслийг нь төрүүлээд зогсохгүй мөнгөн урсгалыг ч соронз шиг татдаг байна.

ӨСӨЛТИЙН ИРЭЭДҮЙ ЭНЭТХЭГ, БНХАУ

Энэ зах зээл рүү урсаж буй гурван ам.доллар тутмын нэг нь  Хятадын зах зээлийнх аж. Хүн амын тоогоор тэргүүлэгч энэ гүрэн дэлхийн интернэт тоглоомын зах зээлийн өлгий нутагт тооцогдох боллоо. Үүнээс гадна сүүлийн жилүүдэд хамгийн ирээдүйтэй зах зээлээр Энэтхэг улс нэрлэгдэж байна. Энэтхэгийн интернэт тоглоомын зах зээл хурдтай өсөж, үүнийг нь ч соргогоор анхаарсан Хятадын Alibaba, Tencent зэрэг компани тус улсад үүрээ засаж эхэлжээ. Уг нь БНХАУ, Энэтхэг улс бол монголчуудад хамгийн ойр зах зээл. Мөнгө буцалж буй энэ зах зээлийн хамгийн эрэлттэй бүс нутаг, улс орнуудтай Монгол Улс улс төр, эдийн засаг, хүн хоорондын нягт харилцаатай оршин тогтнож байна гэсэн үг.

Ингээд бодохоор дэлхийн том компаниуд хүртэл хошуурч буй энэ бизнест монголчууд зөвхөн хэрэглэгчийн байр сууринаас оролцох бус орлого олох боломж байсаар байна. Сүүлийн жилүүдэд манай технологийн салбарын залуус хамтран энэ төрлийн гарааны бизнесүүдийг хөгжүүлж буй ч өнөө хэр олон улсын түвшинд өрсөлдөхүйц тоглоом бүтээсэн нь тун ховор. Гэхдээ хэд хэдэн компани олон улсад бүтээгдэхүүнээ нэвтрүүлжээ. Тухайлбал, монгол залуусын Nomadic Bear Games компани сүүлийн таван орчим жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн онд дэлхийн зах зээлд хоёр ч бүтээгдэхүүнээ амжилттай нэвтрүүлсэн компанийн нэгэн тоглоомыг олон улсын хэрэглэгчид 12 сая удаа татжээ.

Тус компани тоглоомын зах зээл дэх гар утсанд суурилсан, Hyper Casual буюу хэцүү биш хэдий ч тоглоход таатай мэдрэмж төрүүлдэг төрлийн тоглоом бүтээдэг аж. Ингэхдээ өөрсдийн үзэл санааг шингээж, дэлхийн дийлэнх хэрэгчдийн сонирхолд нийцүүлэхийг зорьдог байна. Дэлхийн маш олон залуустай бид өрсөлддөг ч монгол хүний ур ухаан, сэтгэлгээний чадвараараа бусдаас ялгарахыг зорьдог хэмээн компанийн үүсгэн байгуулагч Х.Хангай ярилаа.

Ер нь манай тоглоом бүтээгчдийн дийлэнх нь сонирхогчийн шинж чанартай, бор зүрхээрээ энэ салбарт ажиллаж байна. Тиймээс Монголын тоглоом сонирхогчдын дунд Mongolian Game Developers Contest тэмцээн энэ өдрүүдэд болж байна. Одоогоор нэгдүгээр шат нь үргэлжилж буй бөгөөд 54 багийн 167 оролцогч бүртгүүлж, 19 бүтээл ирүүлжээ.

Басхүү Монгол Улс интернэт тоглоомын салбарын хэрэглэгчдийн хувьд дэлхийгээс нэг их хоцролгүй, зэрэгцэн алхаж байгаа гэхэд болно. Цаашлаад энэ төрлийн тоглоомд хүүхэд залуус донтох, зүй бусаар ашиглах зэрэг сүүдэртэй талууд ч түгээмэл болж буй. Харин тоглоом бүтээх, бий болгох, орлого олж, ашиг хүртэхдээ монголчууд хоцорч, унхиагүй байсаар.

Уг нь хил хязгаар гэж үгүй энэ салбар Монгол шиг далайд гарцгүй, жижиг зах зээлтэй улсад орлого олж болох талбар. Дээрээс нь дэлхий дахинд энэ төрлийн тоглоом нь зөвхөн арилжаа, сурталчилгаанаас орлого олоод зогсохгүй тоглоомын дүрүүдийнх нэр, хувцас, хэрэглэл нь чамлахааргүй мөнгө авчирдаг байна. Гэхдээ Монгол Улс өнөө хэр энэ хорхой хүргэм зах зээлд олон улстай өрсөлдөхөд бэлэн биш, “өлгий”-тэй хэвээр байна.