A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4199/

Трампыг цагаатгаснаар импичмент өндөрлөв

Трампыг цагаатгаснаар импичмент өндөрлөв
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4199/
  • Тэрээр албан тушаалаа өгөхөөс зайлсхийж чадсан гурав дахь Ерөнхийлөгч боллоо
  • Сенат дахь олонхын бүлгийн ахлагч Митч МкКоннел “Импичмент Ардчилсан намынхны хувьд асар том улс төрийн алдаа боллоо” хэмээв

АНУ-ын сенат Дональд Трамп эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, конгрессын мөрдөн байцаалтад саад учруулсан гэдэг хоёр асуудлаар санал хурааж, Ерөнхийлөгчийг цагаатгасан шийдвэр гаргалаа. Хоёр намын хооронд түүхэнд үзэгдээгүй хурц тэмцэл өрнөсөн боловч эцсийн цэгийг 11 дүгээр сард сонгогчид тавих ёстой. 12 дугаар сард АН олонхтой төлөөлөгчдийн танхим Трампт үл итгэх асуудлыг босгосон хэдий ч тэрбээр албан тушаалаа өгөхөөс зайлсхийж чадсан гурав дахь Ерөнхийлөгч боллоо. Юта муж улсаас сонгогдсон БНН-ын сенатч намын шугамын эсрэг санал өгч, Трамп Украины Засгийн газарт шахалт үзүүлснээр улс төрийн давуу тал олохыг оролдсонд буруутай гэж үзэв. Гэвч тэрбээр конгресст саад учруулсан гэдэг асуудлаар Ерөнхийлөгчийг цагаатгахыг дэмжжээ. БНН олонхыг бүрдүүлж буй АНУ-ын конгрессын дээд танхим болох сенат эрх мэдлээ хэтрүүлсэн асуудлаар 52:48, конгресст саад учруулсан гэдэг асуудлаар 53:47 саналын харьцаагаар Трампыг авч үлдсэн байна. Лхагва гарагийн санал хураалт Трампын дахин сонгогдох сурталчилгаанд түлхэц өгч, конгрессын мөрдөн байцаалтад хавчигдахааргүй болжээ. Гэхдээ түүнийг хоёр намын сенатчдын хамтарсан саналаар цагаатгана гэсэн Трампын найдвар биелсэнгүй. Ардчилсан намаас хэн ч түүнийг хамгаалж саналаа өгөлгүй намынхаа шугамыг хатуу баримталсан байна. Ерөнхийлөгч твиттертээ “Импичментийн луйврын эсрэг манай улсын ялалтын талаар пүрэв гарагт үгээ хэлнэ” гэжээ. Трампын өмгөөлөгчид Ерөнхийлөгч АН-аас нэр дэвшигч Жо Байдены талаар мөрдөн байцаалт явуулахыг Украйнаас шаардсан байлаа ч энэ нь түүнийг огцруулах шалтгаан биш гэсэн стратеги баримталсан. Үүнийг БНН-ынхан зөв гэж үзсэн бололтой. Трамп өөрөө Цагаан ордны Зууван танхимаас зөвлөхүүдийнхээ хамт ажиглаж, үр дүнд сэтгэл хангалуун байсныг эх сурвалж мэдээлжээ. Сенат дахь олонхын бүлгийн ахлагч Митч МкКоннел “Импичмент Ардчилсан намынхны хувьд асар том улс төрийн алдаа боллоо” хэмээв. Мягмар гарагт Дональд Трамп конгресст хэлсэн үгэндээ сонгогчдод хандаж, импичментийн дараах зорилтуудыг тодорхойлсны дээр өөрийн амжилтыг тодруулж, Ардчилсан намын бодлого, үнэт зүйлийг шүүмжилсэн. Үг хэлж байх үед ард нь төлөөлөгчдийн танхим дахь АН-ын олонхын бүлгийн дарга ерөнхийлөгчийн хэлсэн үгийн бичмэл эхийг урж, хандлагаа хачирхалтайгаар илэрхийлсэн нь олны анхаарлыг татав. АН Ерөнхийлөгчийг огцруулахад хангалттай гуравны хоёрын саналыг сенатад авч чадахгүй гэдгээ мэдсээр байж, импичментийн асуудлыг зүтгүүлснийхээ улс төрийн үр дагаврыг амсах болно. Хоёр нам хоёулаа 11 дүгээр сард Ерөнхийлөгчийн сонгуульд импичментийн үр дүнг ашиглах гэж оролдох нь гарцаагүй. Gallup-ын судалгааны төвөөс явуулсан санал асуулгаас үзэхэд Трампыг дэмжигчдийн тоо 49 хувьд хүрсэн байна. Америкчууд импичментийн асуудлаар тэнцүү шахам хоёр хуваагдаад байгааг эндээс харж болно. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Италид Covid-19-ийн халдвараар 12 хүн нас барлаа

 0 сэтгэгдэл

Covid-19-ийн халдвар авсан хүний тоо дэлхий даяар 81 мянга давж энэ вирусээр нас барагсдын тоо 2,700 гараад байгаа юм. Хамгийн анх энэ өвчин гарсан газар буюу БНХАУ тэр дундаа халдварын голомт Ухань хотод вирусийн тархалт нэмэгдэх нь илт багасаж, уг вирусийн халдварыг тогтоон барьж хяналтдаа авсанд албан бусаар тооцогдоод байгаа бол БНСУ, Иран, Италид халдвар авагсдын тоо эрс нэмэгдэж аюулын харанга дэлдлээ. 

Итали улсад маш хурдацтай буюу нэг шөнийн дотор 147-оор нэмэгдэж, халдвар авсан хүмүүсийн тоо нийтдээ 470 болоод байгаа бол одоогийн байдлаар БНСУ-тай адил 12 хүн нас бараад байна. Тус улсын хойд хэсэгт байрлах тархалтын голомт болоод буй 11 тосгоныг хөл хорионд оруулж, олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулахыг хориглосон бөгөөд сургууль цэцэрлэг, кино театруудыг хаажээ. Сүүлийн хоёр хоногт Бразил, Австри, Хорват, Грек, Норвеги, Швейцарь, Гүрж, Умард Македон улсад Covid-19-ийн шинэ тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Эдгээр халдвар авсан хүмүүсийн ихэнх нь Италид очоод эх орондоо эргэж ирсэн хүмүүс байжээ. Тухайлбал, Латин Америкт илрээд байгаа анхны өвчтөн Италид бизнес уулзалтад оролцсон байжээ. 

Үүнтэй холбоотойгоор Италийн бүлэглэл өчигдөр Хятад эзэнтэй үсчний газар луу халдсан байна. Тэд эх оронд нь Covid-19-ийн халдвар тархсанд тэднийг буруутай гэж үзжээ. 

Эх сурвалж: www.worldometers.info

www.reddit.com

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сарьсан багваахай хүн төрөлхтний дайсан болжээ

 0 сэтгэгдэл
  • 2003 оны SARS-ын вирусийг сарьсан багваахайнаас үүсэлтэй гэж үздэг 
  • Британийн Sun сонинд “Нисдэг зандалчин. Ийм учраас сарьсан багваахай хүн төрөлхтний гол дайсан, түүхэнд хамгийн муу өвчнөөр хэдэн сая хүнийг хөнөөсөн буруутан” хэмээн бичсэн байна

Нисдэг хулгана хэмээх энэ амьтныг Эбола, халуун ханиад, Ойрх Дорнодын амьсгалын замын синдром гэх мэт зүсэн зүйлийн халдварт буруутгаж байсан бол одоо шинэ коронавирусийн буруутан боллоо. Сүүн тэжээлтний төрөлд багтдаг сарьсан багваахай үхлийн аюултай олон вирусийг тараадаг тул “хүн төрөлхтний гол дайсан” хэмээх нь бий. Үнэхээр тийм гэж үү. Сарьсан багваахай судлаач, Шведийн эрдэмтэн Юхан Эклеф Уханийн халдвар тарж эхлэхэд “Одоо ийм яриа эхэлнэ дээ” гэж бодож байжээ. Үүнээс ердөө хоёр хоногийн дараа шинэ коронавируст сарьсан багваахайг буруутгасан өгүүллүүд шил дараалан гарч иржээ. Генетикийн шинжилгээнээс үзэхэд коронавирус үнэхээр уг амьтнаас хүнд дамжсан болохыг илрүүлсэн. Эхэндээ могойг сэжиглэж байсан ч хуучин буруутны нэр шинээр дурдагдаж эхлэв. Британийн Sun сонинд “Нисдэг зандалчин. Ийм учраас сарьсан багваахай хүн төрөлхтний гол дайсан, түүхэнд хамгийн муу өвчнөөр хэдэн сая хүнийг хөнөөсөн буруутан” хэмээн бичсэн байна. Энэ сүүн тэжээлтэн аюултай вирус дамжуулдаг хэд хэдэн шалтгаан бий. Хувьслын үүднээс авч үзвэл энэ амьтан маш эртнийх. Сарьсан багваахай 65 сая жилийн өмнө төгссөн үлэг гүрвэлийн эринд ч амьдарч байжээ. Ийм урт түүхийн явцад олон тооны вирус хуримтлуулсан нь гарцаагүй. Дэлхий дээр олон төрлийн вирус хүн, амьтан, ургамал болон бусад организм дотор оршин байдаг. Гэхдээ сарьсан багваахай шиг вирустэй зохицож чаддаг амьтан ховор. Орчин үед түүнээс хүнд халдсан вирус үхлийн аюул тарьдаг ч өөрт нь хөнөөлгүй юм. Упсалийн их сургуулийн вирусолог Аке Лундквист шинэ вирусийг сарьсан багваахайд удаан хадгалагдсан байж магадгүй хэмээн таамаглажээ. Тэрээр “Вирус өөр организмд шилжихийн өмнө хэдэн мянга, сая жилээр ч байгалийн эзэндээ оршиж болно. Шилжилт гол төлөв хүний үйлдлээр хийгддэг” гэсэн юм. Сарьсан багваахай халдварыг яагаад ийм түргэн тараадаг өөр шалтгаан бас бий. Энэ амьтан сүүн тэжээлтнээс ганцаараа нисдэг учир өргөн уудам нутагт хурдан тархан оршдог. Үүнээс гадна хүнтэй маш ойр амьдардаг. Африкт болон Хятад, Вьетнам зэрэг оронд сарьсан багваахайг хүнсэнд хэрэглэдэг учир халдвар дамжуулж болзошгүй. 2003 онд дэгдсэн SARS-ын вирус сарьсан багваахайнаас үүсэлтэй гэж үздэг. Энэ амьтныг эрт дээр үеэс цус сорогч, муу шид агуулагч, харанхуйн үүсгэл мэтээр цоллож ирсэн. Саяхан Хятадын блогчин Ван Мэньюн сарьсан багваахайн шөл ууж буй бичлэгээ онлайнд тавьсан боловч эрс эсэргүүцэлтэй тулгарч, арилгахад хүрчээ. “Энэ амьтан нэг орой 3000 орчим шавжаар хооллодог тул хүний биед тустай байж болох юм” хэмээн доктор Эклеф бичжээ. Sun сонины өгүүлэлд “Сарьсан багваахай тоймгүй олон хүний амийг авч байгаа атал бид яагаад энэ амьтныг тэвчих ёстой гэж” хэмээн асуужээ. Гэвч үнэндээ шинэ коронавирус болон бусад аюулт өвчнийг тараадаг гол буруутан нь хүн өөрөө юм. Хэрэв энэ амьтныг Уханьд хаалттай орчинд хашаагүй бол, зарим газар түүхийгээр нь идээгүй бол, судалгааны зорилгоор бариагүй бол олон вирусийн халдвараас зайлсхийх байлаа. Шведийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн дэд захирал Лийз Берндтсон “Зүүн Азиас ханиадны бараг бүх нян тархдаг нь тохиолдлын хэрэг бус. Тэнд вирус амьтнаас хүнд онцгүй нөхцөл байдалд халдварладаг” хэмээн тайлбарлажээ. Сүүлийн коронавирусийн халдвараас авах гол сургамж нь хэрэв амьтнаас хүнд вирус дамжиж байгаа бол хүн өөрөө олонх тохиолдолд буруутай. Ирээдүйд сарьсан багваахайг амар тайван орхих хэрэгтэй гэжээ.  

A

Жижиг

A

Дунд

A

Том

McDonald’s, Starbucks дахин ашигладаг савлагаа хөгжүүлж байна

 0 сэтгэгдэл

Уншигч та ирээдүйд McDonald’s юм уу Starbucks-д кофе захиалах энэ үед өмнө өөрийн тань хаа нэгтээ ашиглаж байсан аяганд аягалж өгөх болно. “Ухаалаг”, дахин ашигладаг, хоёр төрлийн аягыг энэ долоо хоногт хэрэглээнд нэвтрүүлэхээр туршиж эхлэх уг хөтөлбөрөөр АНУ-ын Калифорни муж улсын Сан-Франциско, Пало-Альто дахь кофе шопын олон сүлжээг ийм бүтээгдэхүүнээр хангах юм. Байрлалыг нь тодорхойлох үүднээс RFID чип юм уу QR код суулгасан, үндсэндээ хуванцар материалаар бүтээсэн ийм аяга нь Starbucks Corp, McDonalds’s Corp тэргүүтэй үйлдвэрлэгчдийн NextGen Cup Challenge хэмээх хоёр жилийн судалгааны хөтөлбөрийн үр дүн аж. Зөвхөн энэ хоёр сүлжээ гэхэд л жилдээ хэдэн тэрбум ширхэг цаасан аяга хаядаг. Цаасан аяганы дийлэнх нь хуванцар дотортой учраас дахиварт ашиглах боломж бараг байдаггүй. NextGen групп мөн байгальд хаягдаж задрахаараа бордоо болдог, нэг удаагийн хэрэглээний аягыг Оклендэд турших төлөвлөгөөтэй байна. Эх дэлхийдээ хөнөөл бага учруулах гэвэл материалын сонголт ач холбогдол бага. Учир нь цаас, хуудсан хөнгөн цагаан, хуванцрын алинаар нь ч хийсэн нэг удаагийн хэрэглээний аяга байгальд сөрөг нөлөөтэй. Иймд NextGen олон дахин ашигладаг, эдэлгээ сайтай аяга хийхэд гол анхаарлаа чиглүүлжээ. Энэхүү хүчин чармайлтын дүнд хүн төрөлхтөн цуглуулж, цэвэрлэдэг, дахин хуваарилж, дижитал технологийн тусламжтай хянахдаа, дахин ашигласан тоог, тодорхойлж болдог аяга хэрэглэх гэж байна. Хоёр төрлийн шинэ аягыг энэ долоо хоногоос Калифорнийн кофе шопуудад туршиж эхэлнэ. Сан-Францискод Muuse стартапаас их дээд сургуулиудын кампуст турших аяга нь гаднаа QR кодттой байх юм. Хэрэглэгч уг аягыг хэрэглэхээр авах, хэрэглэж дуусаад хураах цэгт өгөх болгондоо кодоор нь бүртгүүлнэ. Харин Пало-Альтод Cup-Club стартапаас турших аяганы дизайныг Лондонд амьдардаг Сафиа Куреши хэмээх архитектор 2015 онд гаргажээ. Аягыг хот доторх, тод шар өнгөөр тэмдэглэсэн хураах цэгүүдэд хялбархан хурааж болно. Хуримтлагдсан аягыг автомашинаар зөөж цэвэрлэх цэгүүдэд хүргэх аж. Өөртөө RFID чиптэй ийм аягыг кофе шоп, хураах цэгүүд скан нердан бүртгэж авах аж. Шинэ системээ албан байгууллага, компаниудад борлуулах зорилготой Cup-Club дахин ашигладаг аяга нь лэндфилийн аргаар устгадаг хаягдлыг 40 хувиар бууруулж чадна хэмээн тайлбарлажээ. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Дуут дохио дураараа хангинуулагчдыг шийтгэх өвөрмөц арга

 0 сэтгэгдэл

Замын хөдөлгөөний дүрмээр дуут дохиог зөвхөн аюултай нөхцөлд дуугаргах ёстой. Харин ногоон гэрэл асахыг хүлээж буй адгуу жолооч тэсвэр алдан дуут дохио “орилуулах” байдлаар уураа гаргах нь Энэтхэгт түгээмэл. Ууртай жолоочийн тааллаар ногоон гэрэл хурдан асахгүй ч үүсгэж буй чанга дуу чимээ ойр орчны хүмүүсийн чихний хэнгэрэгт халгаатай. Замын хөдөлгөөнд орол­цогчдын бүдүүлэг авирыг Энэтхэгийн Мумбай хотын эрх баригчид өвөрмөц аргаар засахаар шийдлээ. Тус хотын замын уулзварын гэрлэн дохионуудад автомашины дуут дохио бичиж хэмждэг микрофон давхар суурилуулдаг болов. Дуут дохионы чимээ 85 децибелээс хэтэрч чихэнд чийртэй түвшинд хүрэх тохиолдолд улаан гэрэл дахин 90 секундээр уртсах тул жолооч нар хүлээх хугацаагаа өөрсдөө уртасган шийтгэл хүлээж буй хэрэг. YouTube-­д байршуулсан бичлэгээс үзвэл ааштай гэрлэн дохионд анх гайхдаг байсан жолооч нар “дохио дуугаргах тусам удаан хүлээх”-­ээ ойлгоод тэвчээртэй, хүлээцтэй болон соёлжиж байгаа ажээ.