A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2754/

Трамп цэрэггүй бүсэд зочилсон ч Ким буулт хийсэнгүй

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2754/


АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч нар хоёр Солонгосыг заагласан цэрэггүй бүсэд айлчилж байсан ч хойд тал руу дурандахаас хэтэрч байгаагүй билээ. Харин ноён Трамп уламжлалыг эвдэж, твиттерээр уригдсан Умардын удирдагч Кимтэй тус хил дээр уулзлаа. Үүгээр зогсохгүй тэрбээр хилийн шугамыг даван хэдэн алхам хийснээр Хойд Солонгосын нутагт хөл тавьсан АНУ-ын анхны Ерөнхийлөгч болов. Трамп “Хилийн шугамыг алхсан нь нэр төрийн хэрэг байлаа” гэжээ. Тэрбээр цаг гаран үргэлжилсэн уулзалтын үеэр Кимийг АНУ-д айлчлахыг урьжээ.

Хойд Солонгосын удирдагч уулзалтыг “түүхэн” хэмээн үнэлээд таамаглаагүй үр дүнд хүргэх боломжтой гэв. Трамп ийм айлчлал хийхдээ нэгийг бодсон нь лавтай боловч шүүмжлэгчид Ким Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоох талаар зохих алхам хийсэнгүй хэмээн буруутгаж буй. Энэхүү гэнэтийн уулзалтаас гарсан ганц үр дүн гэвэл хоёрдугаар сард ханойд амжилтгүй дууссан хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцсон явдал байв.

Хэлэлцээг сэргээхийг амжилт гэж үзлээ ч Цагаан ордны нэгэн албан тушаалтны хэлснээр Хойд Солонгосын тал “цөмийн зэвсгийг хураах” гэдгийг хэрхэн ойлгож буйгаа тодорхойлоогүй байгаа аж. Умардын төлөөлөгчид цөмийн асуудлыг хэлэлцэх эрхтэй эсэх нь ч тодорхойгүй байсныг албаныхан ярьдаг. Цөмийн асуудлаар Хойд Солонгостой хэлэлцээ хийх өмнөдийн төлөөлөгч асан Чун Юн Ву “хэрэв Пхеньян дахиад ийм байр суурьтай ирэх юм бол дараагийн хэлэлцээ юунд ч хүргэхгүй” хэмээн анхааруулав.

Ноён Чун Хойд Солонгос цөмийн зэвсгээ тасралтгүй сайжруулж байгааг дурдаад саяны уулзалтын талаар “Нухацтай дипломат арга хэмжээ гэхээс илүүтэй шоу, зураг авалт болсон. Би хэлэлцээг Хойд Солонгос цөмийн чадамжаа хэрхэн багасгаж буйгаар үнэлнэ” гэжээ. Трамп хэлэхдээ Пхеньяны эсрэг хориг үргэлжилнэ гэсэн боловч хэлэлцээний явцад зөөлрүүлэх боломжтойг цухуйлгав. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ ин цэрэггүй бүс дэх яриа хэлэлцээний зарим хэсэгт оролцсон агаад Ким Ёнбионы цөмийн байгууламжийг бодитойгоор татан буулгасны дараа хоригийг зөөлрүүлэхийг санал болгожээ.

Ямар ч гэсэн ийнхүү Кимийн хувьд илүү сайн нөхцөл олж авлаа. Гэвч тэрбээр Хойд Солонгосын дэглэм амьд үлдэх ганц хүчин зүйл гэж үздэг цөмийн хөтөлбөрөө хумих амлалт өгөөгүй боловч нэг жилийн дотор мухардлаас гарах саналаа ирүүлнэ гэж амласан бололтой. Ахиц гаргалгүйгээр дарангуйлагчтай байн байн уулзах нь түүний байр суурийг бэхжүүлж болзошгүй. Ерөнхийлөгчийн энэ уулзалт АНУ, Пхеньяны цөмийн статусыг хүлээн зөвшөөрсөн мэт сэтгэгдэл төрүүлэх эрсдэл байгааг шинжээчид анхааруулжээ.

Трампын жишээгээр бусад орны удирдагч нар Кимтэй уулзах нь олширсон. Зургадугаар сарын эхээр Ши Жиньпин Хойд Солонгост ирж, 14 жилд анх удаа айлчилсан Хятадын удирдагч гэх нэр хүлээв. Умардын худалдааны гол түншийн хувьд Хятад улс АНУ-ын тэргүүлсэн хоригийг хэрэгжүүлэхэд гол үүрэгтэй юм. Кимд ч бас дарамт шахалт ирж байгаа. Тэрбээр Трамптай хоёр удаа уулзсан боловч хоосон буцсан. 38North вебсайтын редактор Женни Таун “уулзалтууд нь тодорхой хугацаанд үр дүнд хүргэж, цэрэг зэвсгийн бодлого руу буцаахгүй байх ёстой” гэжээ.

Ням гарагт уулзалт хийхдээ Трамп бодлогоо дотроо тооцож, улс төрийн сайн шоучин гэдгээ харуулав. Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хэлэлцүүлгээс америкчуудын анхаарлыг хөндийрүүлж, хэвлэлийн мэдээ Трамп дээр төвлөрлөө. Аавтайгаа хамт цэрэггүй бүсэд ирсэн Иванка Трамп уулзалтыг “онц гойд” хэмээн дүрсэлжээ. Гэвч New American Security төвийн зөвлөх Дуён Кимийн хэлснээр “Аюулгүй байдлын ноцтой асуудлыг театрчилсан тоглолт, ид шидийн аргаар шийдэх боломжгүй” юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Юн Сок Хён: НДШ-ийн нэмэгдэлд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн талаар байр сууриа илэрхийлэхэд эрт байна

 0 сэтгэгдэл
  • Гадаад өрийн эргэн төлөлтийг хасаж тооцвол 2020 оны төсөв алдагдалгүй батлагдсан
  • Одоогоор Монгол Улстай хамтрах дараагийн хувилбарын талаар эрх баригчидтай ярилцаагүй байгаа, ирэх оны эхээр тодорхой болно
  • ОУВС хувийн хэвшил (Оюутолгой ХХК)-тэй холбоотой асуудалд шууд тайлбар хэлдэггүй.Монгол улс уул уурхайн салбартаа хөрөнгө оруулалт татах хэрэгтэй гэдгийг л хэлэх байна
  • 2020 оны парламентын сонгууль бодлогын тогтвортой байдлыг алдагдуулах гол эрсдэлтэй. Тэр дундаа мөнгө, сангийн бодлогын тогтвортой байдал алдагдаж магадгүй

2020 оны төсвийн хуульд төвлөрүүлэхээр тусгасан орлогын тодорхой хэсэг нь ирэх онд дахин нэмэгдэх нийгмийн даатгалын шимтгэлийн өсөлтөөс орж ирнэ. Сангийн яамны мэдээлж байгаагаар ирэх оны өсөлт нь зайлшгүй бөгөөд  Олон улсын валютын сангаас тавьж буй хатуу шаардлага аж. Засгийн Газрын Мэдээ сонин ирэх онд хаах тус сангийн  Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн явцын тухай Олон Улсын Валютын Сангийн Монгол дахь суурин төлөөлөгчөөр томилогдоод удаагүй байгаа Юн Сок Хёнтой ярилцлаа.

 -ОУВС, Монгол Улсын Засгийн газрын хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” ирэх оны тавдугаар сард дуусна. Хөтөлбөрийн хэрэгжилтэд та ямар үнэлгээ өгч байгаа вэ. Алдаж, оносон зүйл юу байна?

-Монгол Улсын макро эдийн засаг тогтворжиж, эдийн засаг өсөж байгаа нь сайшаалтай. 2016-2018 оны хооронд төсвийн тэнцэлд гарсан эерэг өөрчлөлт (ДНБ-ий 17 хувь) ОУВС-гийн хөтөлбөрийн түүхэнд гарсан хамгийн дорвитой өөрчлөлтийн нэг боллоо.Хөтөлбөрийн хүрээнд төсвийн бодлогод өргөн хүрээний шинэчлэл хийсэн. Засгийн газрын өрийн ДНБ-д харьцуулсан харьцаа 14 хувиар багаслаа. Мөн гадаад валютын цэвэр нөөц бараг гурав дахин өссөн. Өмнө нь буюу 2016 онд нэг орчим хувьд хүрч буураад байсан Монголын эдийн засгийн өсөлт бүрэн сэргэсний зэрэгцээ инфляц төв банкны зорилтот найман хувь орчимд тогтворжлоо. Нөгөө талаар бүтцийн шинжтэй шинэчлэл хангалтгүй байна. Энэ дунд санхүүгийн салбарын зарим шинэчлэл, банкуудыг капиталжуулах бүтцийн өөрчлөлтийн үр дүн алаг цоог байна. Мөн засаглал, хууль дээдлэх явдал сулаас авлигад эмзэг хэвээр байгаа нь хөгжилд тушаа болж, улсын эдийн засгийн хамгийн том эрсдэлд тооцогдож байна.

-2020 оны төсвийн хуулийн талаар та ямар бодолтой байна. Төсөв батлахаас өмнө Сангийн яаманд ОУВС ямар нэгэн зөвлөмж өгсөн үү. Танай зөвлөмжийг салбарын яам хэр биелүүлсэн гэж үзэж байна вэ?

-Төсвийн төслийг Засгийн газар УИХ-д өргөн барих үеэр ОУВС авч үзэх завшаан тохиолдсон. Ирэх оны төсөв ч улсын их өрийг бууруулахад чиглэх ёстой гэх зарчим дээр бид эрх баригчидтай тохиролцсон. 2020 оны төсөвт зардал өссөн нь өрийг бууруулахад гаргасан саяхны амжилтаа зарим талаар сулруулж байна. Гэхдээ сүүлийн хэдэн жилийн нааштай өөрчлөлтийн ачаар энэхүү зардлыг нөхнө гэж бид үзэж байгаа. Ер нь гадаад өрийн эргэн төлөлтийг хасаж тооцсон дүнгээр 2020 оны төсөв алдагдалгүй батлагдсан гэж үзэж байгаа. Эдийн засаг үргэлжлүүлэн өсөх учраас дүнд нь дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцах гадаад өрийн хэмжээ буурах боломжтой.

-Нийгмийн даатгалын шимтгэл нэмэхийг хөдөлмөр эрхлэгчид болон хувийн хэвшлийнхэн эсэргүүцсээр байна. Энэ  асуудлыг эргэн харах талаар Засгийн газраас танайд ямар нэг хүсэлт ирсэн үү. Ер нь энэ өсөлтийг эргэж харах боломж бий юу?

-ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахдаа ирэх гурван жилд нийгмийн даатгалын шимтгэлийг нийт  таван хувиар нэмэх үүргийг Монголын Засгийн газар хүлээсэн. Энэ үүргийнхээ дагуу эрх баригчид төрийн санхүүжилтийн тогтвортой байдлыг, ялангуяа (ойрын ирээдүйд өсөх тэтгэврийн хэмжээ тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээнээс хэтэрч алдагдал үүсэх) тэтгэврийн тогтолцоог сайжруулах зорилт тавьж байгаа. Монголын тэтгэврийн тогтолцоо нь хүн амын бага, дунд орлоготой хэсгийг дэмжих, орлогын дахин хуваарилалтад шийдвэрлэх үүрэгтэй. Цаашид ч энэ үүргээ биелүүлэхийн тулд хангалттай санхүүжилттэй байх ёстой.ОУВС-гийн тусламжийн хөтөлбөр эхэлснээс хойш төсвийн орлого сайн байгаа ч Монголын тэтгэврийн тогтолцоо эмзэг хэвээр. Шимтгэлийн хэмжээг нэмэхгүй бол 2016 онд ДНБ-ий хоёр хувь байсан тэтгэврийн сангийн алдагдал 2030 он гэхэд зургаа, 2050 онд бүр 11 хувьд хүрэх тооцоог Дэлхийн банк гаргасан. Монголын хүн амд тэтгэврийн насныхны эзлэх хувь нэмэгдэж байгаа энэ үед сангийн алдагдал өсөж байгаа нь эрсдэл мөн. Үүн дээр 2012, 2017 оны бодлогын өөрчлөлт тэтгэврийн тогтолцоонд сөргөөр нөлөөлсөн. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг өсгөөд ч алдагдлыг бүрэн нөхөж чадахгүй. Энэ алдагдлыг анхаарч арга хэмжээ авахгүй бол Засгийн газар татвар нэмэх, бусад зардлаа танах, тэртэй тэргүй их байгаа Монголын өрийн дарамтыг улам ихэсгэхээс аргагүйд хүрнэ.

-Нийгмийн даатгалын шимтгэл өсгөх заалттай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч мягмар гарагт 2020 оны төсвийн хуульд хэсэгчлэн хориг тавьсан. Энэ хоригтой уялдуулан ОУВС-гийн байр суурь өөрчлөгдөх үү?
-Бид 2020 оны төсвийн талаарх Ерөнхийлөгчийн арга хэмжээг сонссон. Одоо байдлыг судалж байгаа тул байр сууриа илэрхийлэхэд хэт эрт байна.

-ОУВС-гийн харж байгаагаар, тэтгэврийн сангийн алдагдлыг нөхөхийн тулд нийгмийн даатгалын шимтгэлийг өсгөхөөс өөр арга бий юу. ОУВС хөтөлбөрөөрөө нийгмийн эмзэг хэсгийг хамгаалах зорилготой ч бодит байдал дээр уг арга хэмжээ дундаж ангийг улам хумьж, ажилгүйдлийг ихэсгэх шалтгаан болж байна шүү дээ.

-ОУВС-гийн тусламжийн хөтөлбөрийн эн тэргүүний үр дүн бол макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, ядуусыг хамгаалах явдал гэж бид үздэг. Жишээ нь, инфляц ихсэх нь ядууст хамгийн уршигтай. Тогтвортой байдлыг хангаснаар эдийн засгийн өргөн цараатай өсөлт үүсгэхэд шаардлагатай хөрөнгө оруулагчдад ч итгэл өгнө.ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр бүр ч том зорилго тавьж, нийгмийн хамгааллын зардлыг хамгаалах, цаашид энэ төрлийн зардалд шаардлагатай бааз суурь бий болгохыг эрмэлзэж байгаа. Ийм зардлын үр өгөөжийг сайжруулах, тогтвортой санхүүжүүлэхийн тулд ОУВС түншүүдийнхээ хамтаар Монголын эрх баригчидтай хамтран ажиллаж байна.

-Бүтцийн шинэчлэл хугацаандаа хэрэгжиж чадахгүй бол Монголд ямар эрсдэл тулгарч болох вэ?

-Монгол Улсад дунд хугацаанд тулгарах сорилт бол нийтийн тогтвортой, сайн сайхан байдлыг хангахын тулд байгалийн нөөц баялгаа ашиглах. Үүний зэрэгцээ Хятадын эдийн засгийн удаашрал, зэсийн үнийн уналт, 2020 оны парламентын сонгуультай холбоотой тодорхойгүй байдал зэрэг ойрын хугацааны эрсдэл ч тулгарна.Ялангуяа төрийн болон хувийн салбарын өр их, банкны салбарын шинэчлэл бүрэн дуусаагүй, хөрөнгө оруулалтын уур амьсгал гадаадын шууд хөрөнгө оруулалтад төдийлэн таатай бус өнөөгийн нөхцөлийг харгалзан үзэх юм бол Монгол Улс эрсдэлд эмзэг хэвээрээ байна. Засаглалаа сайжруулж, авлигыг бууруулан, ил тод байдлыг бэхжүүлэх нь Монгол Улс хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт эдийн засгаа төрөлжүүлж, бизнесийн өрсөлдөөнт орчныг дэмжих замаар тогтвортой өсөлт үүсгэхэд чухал юм.

-Ирэх оны парламентын сонгуулийг угтаад бодлого тодорхойлогчид хэдийн популист мэдэгдлүүд хийгээд эхэлчихлээ. Үүнтэй холбоотой эрсдэл үүсэх болов уу?

-2020 оны парламентын сонгууль бодлогын тогтвортой байдлыг алдагдуулах эрсдэлтэй. Тэр дундаа мөнгө, сангийн бодлогын тогтвортой байдал алдагдаж магадгүй. Ирэх 2020 оны төсөв Засгийн газрын их өрийг багасгахад чиглэсэн хянуур байдлаа хэвээр хадгална гэж бид хэлэх байна. Үүний зэрэгцээ эрх баригчид макро тогтвортой байдлыг хангах нь ийм эрсдэлээс сэргийлэхэд тус болох ёстой. 

-“Оюутолгой”-н гэрээтэй холбоотойгоор Монголын парламентаас сүүлд гаргасан шийдвэрт ОУВС ямар байр суурьтай байна вэ. ОУВС-гийн хөтөлбөрийн дараа Монголд нийт 5.5 тэрбум ам.доллар зориулахаар болсон донор байгууллагууд үүнд хэрхэн хандаж байна. Донор байгууллагуудаас та бүхэнтэй холбогдсон уу?

-Хувийн компаниудын асуудалд ОУВС шууд тайлбар хэлдэггүйг анхааралдаа авна уу. Монгол Улс уул уурхайн салбартаа гадаадын хөрөнгө оруулалт татах нь туйлын чухал гэдгийг л бид хэлэх байна. Монгол Улс экспортын чадавхаа бүрэн ашиглах, дотооддоо нийгэм, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхэд энэ хөрөнгө оруулалт чухал шүү дээ. 

-Ирэх тавдугаар сард “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” дуусмагц юу болох вэ. Залгаад л УИХ-ын сонгууль эхэлнэ. Хөтөлбөр хэрэгжих гурван жилийн хугацаанд Монголын бодлого тодорхойлогчид цаашид улсаа тогтвортой залаад явчих сахилга бат суусан болов уу?

-ОУВС-гийн тусламжийн хөтөлбөр хэрэгжих явцад ахиц дэвшил их гарсан ч амжилтаа тунхаглахад эрт байна. Хөтөлбөр 2017 онд эхэлснээс хойш бодлогын суурь бэхжиж, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад эрэлт нэмэгдсэнээр эдийн засаг мэдэгдэхүйц сэргэлээ. Гэхдээ болзошгүй гадаад шокод Монгол Улс эмзэг хэвээр байгаа. Төсөв, санхүүгийн нөөц бололцоо болон гадаад зах зээлийн гэнэтийн нөхцөл байдлаас хамгаалах “зөөлөвч” (буффер) хангалтгүй хэвээр. Өргөтгөсөн санхүүжилтийн энэ удаагийн хөтөлбөр 2020 оны тавдугаар сард дуусгавар болох товтой. Одоогоор Монгол Улстай хамтрах дараагийн хувилбарын талаар эрх баригчидтай ярилцаагүй байгаа, ирэх оны эхээр тодорхой болно.ОУВС-гийн хөтөлбөр эхэлснээс хойш Монголын эрх баригчид уг хөтөлбөрийг хэрэгжүүлж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад мэдэгдэхүйц дэвшил гаргасан. Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах байр сууриа тууштай баримталсаар байгаа эрх баригчдын хүч чадварт бид ч итгэж байна.










 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ипотекийн зах зээл зургаан жилийн дотор 5.3 дахин өсжээ

 0 сэтгэгдэл
  • Найман хувийн хүүтэй зээлийн хүртээмж улам хумигдах жил айсуй
  • Ирэх онд ипотекийн хөтөлбөрөөс төв банк гарч, Засгийн газар хэрэгжүүлнэ. Сонгуулийн жил ипотекийн санхүүжилт нэмэгдэх бус эсрэгээрээ хорогдлоо


Найман хувийн хүүтэй ипотек хэрэгжээд даруй зургаан жил болжээ. Энэ хугацаанд нийт 95 мянган иргэн энэхүү зээлд хамрагдаж, уг хөтөлбөр өдгөө дөрөв дэх Засгийн газрын нүүрийг үзэж байна. Төв банкны хоёр ч ерөнхийлөгчийн гараар орлоо. Орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөр 2013 оноос хэрэгжиж эхэлсэн. Тэгвэл энэ оны гуравдугаар улирлын байдлаар шинээр 6899 иргэн ипотек авчээ. Өнгөрсөн онд нийт 9.3 мянган иргэн энэхүү хөтөлбөрт хамрагдаж байсан бол хөтөлбөр анх хэрэгжиж эхэлсэн үетэй харьцуулахад зээл олголт өнөөдөр 2-3 дахин хумигдсан. Өөрөөр хэлбэл, санхүүжилт тэр хэрээр багассан гэсэн үг. Хэдий тийм боловч ипотекийн зах зээл зургаан жилийн дотор 5.3 дахин өсжээ. Тэрчлэн хөтөлбөр хэрэгжихээс өмнө иргэдийн авдаг ипотекийн дундаж хэмжээ 39.1 сая төгрөг байсан бол 72.8 сая болж өсөв. Үүнээс гадна ипотекийн зээлийн хугацаа 17.2 жил болж уртассан байна. Өмнө нь буюу 2012 онд 13.2 жил байв. Өндөр хүүтэй орон сууцны зээлийн тогтолцоотой үед сарын 3-4 сая төгрөгийн орлоготой иргэдэд олддог байсан зээл уг хөтөлбөрийн үр дүнд 1-1.5 сая төгрөгийн орлоготой өрхөд ч хүртээмжтэй болсон. Тэрчлэн өрхийн хэрэглээний бүтцийг өөрчилж, хуримтлал болон үл хөдлөх хөрөнгийн өмчтэй болоход ипотек дэмжлэг болсон юм. Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд ч ипотек томоохон байр суурь эзэлдэг боллоо. Ипотекийн хоёрдогч зах зээлд ипотекийн зээлээр баталгаажсан бондыг нэвтрүүлж, энэ нь хөрөнгийн зах зээлийн хөгжилд хүч сэлбэсэн билээ. Ипотекийн зээлийн үлдэгдэл өнөөдөр 4.53 их наяд төгрөг болж, харьцангуй нэмэгдсэн байна. Энэ нь 2020 оны улсын төсвийн зарлагын гуравны нэгтэй тэнцэх дүн юм. Энэ оны есдүгээр сарын байдлаар хөтөлбөрийн нийт зээлийн 92 хувийг Монголын Ипотекийн Корпораци худалдан авчээ.Тус корпорацийн худалдан авсан зээл нийт ипотекийн үлдэгдлийн 67 хувийг эзэлж байна. Энэ нь 3.9 их наяд төгрөг аж. Худалдаа, үйлдвэрлэл, барилга, үйлчилгээний салбарт ипотек эерэг нөлөө үзүүлсэн төдийгүй нийгмийн даатгалын салбарыг ч дэмжсэн гэж болно. Иргэд нийгмийн даатгал төлж, улсын Нийгмийн даатгалын сангийн орлого сүүлийн зургаан жилд тогтмол нэмэгдсэн байна. Ялангуяа, барилгын салбарт буюу дотоодын барилгын материалын үйлдвэрлэлд энэхүү хөтөлбөр шууд нөлөө авчирсан юм. Гэвч Засгийн газар жил ирэх тусам ипотекийн санхүүжилтийг хумих болов. Тухайлбал, ирэх онд 60 орчим тэрбум төгрөг орон сууцны зээлийн санхүүжилтэд хуваарилсан нь олон өрхийн орон сууцтай болох найдварыг үгүй хийх нь. Төсөвт тусгасан санхүүжилтийг энэ он болон өнгөрсөн онтой харьцуулахад 2-3 дахин буурсан үзүүлэлт. Өнгөрсөн онд 9.3 мянган иргэн орон сууцтай болсон бол санхүүжилтийн буурснаар энэхүү хэмжээ 2020 онд хоёр дахин буурахаар байгаа юм. Уг нь нийслэлийн агаар болон хөрсний бохирдлыг бууруулах хамгийн бодитой шийдэл нь орон сууцжуулалт билээ. Харамсалтай нь, Засгийн газар уг хөтөлбөрт гар татсан хэвээр. Ирэх оноос ипотекийн хөтөлбөрөөс төв банк гарч, уг хөтөлбөрийг цаашид Засгийн газар хэрэгжүүлэх учиртай. Сонгуулийн жил ипотекийн санхүүжилт нэмэгдэх бус эсрэгээрээ улам хорогдлоо. Төв банк найман хувийн зээлд зориулан энэ оны 11 сарын байдлаар 155.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2000 гаруй иргэнд олгожээ. Харин Засгийн газрын эх үүсвэр үүнээс хоёр дахин бага байгаа юм. Эргэн сануулахад, 2013 онд орон сууцны борлуулалт хоёр дахин нэмэгдсэн бөгөөд үүний 63 хувийг ипотекийн зээлээр борлуулж байв. Тодруулбал, жилд 38.2 мянган орон сууц эзэнтэй болсон бол өнөөдөр зээлийн санхүүжилтийг хумих хэрээр зээлийн олдоц эрс багассан. Иргэдийн авч буй зээлийн дундаж хэмжээ 55.3 сая төгрөг байгаа бол зээлдэгчдийг авч үзвэл, 70 гаруй хувь нь нийслэлд орон сууц худалдан авчээ. Орон нутагт гэвэл, Дархан-Уул, Орхон аймгийн иргэд хамгийн их орон сууц зээлээр авсан байна. Зээл авсан иргэдийн 54 хувь нь хувийн хэвшилд ажиллаж байгааг Монголын Ипотекийн Корпорациас мэдээллээ. 








A

Жижиг

A

Дунд

A

Том

Өв залгамжлал болон Тансаг хэрэглээний татвар авдаг болъё

 0 сэтгэгдэл
  • Дэлхий нийтээр дээрх хоёр төрлийн татварыг хамгийн өргөн ашиглаж буй
  • Эдийн засаг, бизнесийн орчныг дэмжих шинэчлэл хэмээн үүнийг албаныхан ихэд онцлох боловч үр шимийг нь хүртэх учиртай хувийн хэвшлийнхэн сэтгэл гонсгор байна 
  • Дэлхий нийтээр дээрх хоёр төрлийн татварыг хамгийн өргөн ашиглаж буй



Татварын багц хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжинэ. Ингэснээр бүхэлдээ шинэ систем манай улсад үйлчилж эхэлнэ гэсэн үг. Иргэн, аж ахуйн нэгж дор бүрнээ ирэх сарын сүүлийн цалингаасаа татварын хувь, хэмжээ хэрхэн өөрчлөгдсөн болохыг хэтэвчээрээ мэдэрнэ. Эдийн засаг, бизнесийн орчныг дэмжих шинэчлэл хэмээн үүнийг албаныхан ихэд онцлох боловч үр шимийг нь хүртэх учиртай хувийн хэвшлийнхэн сэтгэл гонсгор байна. Үг, өгүүлбэр нь салаа утгатай, ойлгомжгүй гэгдэх татварын хууль энэ удаа илүү энгийн хялбар болсныг Татварын ерөнхий газар мэдээлж байгаа. Гэтэл бизнес эрхлэгчид тэдний өгч буй мэдээлэлд ихээхэн эргэлзсэн, үл итгэсэн янзтай сууна. Товчхондоо, хардах маягтай. Татварын шинэчлэл эхэлсэн цагаасаа л шүүмжлэл дагуулсан. Өнгөрсөн хугацаанд багц хуулиа сурталчлах аяныг татварынхан зохион байгуулж, иргэд, аж ахуйн нэгж рүү чиглэсэн цөөнгүй хэлэлцүүлэг болж өнгөрлөө. Энэ үеэр тодорхой бус заалтыг цэгцэлсэн талаар албаныхан танилцуулж, гарсан гол, гол өөрчлөлт, шинэ, хуучин ялгааг тайлбарлаж байсан. Гэвч татварын шинэчлэл тал талын дэмжлэг авахад ихээхэн хүнд байна. Эрх баригч нам 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө татварын хувь хэмжээг нэмэхгүй гэж зарласан. Гэвч эрх мэдлийн сэнтийд хүрсэн хойноо тэд хэлсэндээ хүрээгүйд ажил олгогчид ууртай байна. Төсвийн түүхэнд байгаагүй өндөр зардлагатай ирэх оны төсвийн орлогыг бүрдүүлэх тулгуур гурван баганын нэг нь татварын шинэчлэл болж буй. 11.7 их наяд төгрөг олж байж Засгийн газар өөрсдийн боловсруулсан төсвийн хөрөнгө оруулалтаа бодит ажил болгох учиртай. Хэдий тийм боловч татварын багц хуулийн шинэчлэл нийгмийн эсэргүүцэлтэй тулгарсаар. Хэрэгжээгүй атлаа олон нийтийн бухимдлын шалтгаан болж буй шинэчлэл хэрэгжсэн цагаасаа эхлэн ямар асуудал тарих нь анхаарал татна. Бизнес эрхлэгчдийн нэгдмэл дуу хоолой болдог Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын бизнесийн зөвлөл татварын ачаалал, дарамт хэтэрхий өндөр байгааг шүүмжилж, өөрсдийн байр сууриа ч ширүүхэн илэрхийлж эхэлсэн. Тэгвэл манай улсад татварын орлогыг өсгөх өөр олон боломж байна. Урьд өмнө огтхон ч ашиглаж байгаагүй хэд хэдэн хуулийг нэвтрүүлснээр байгаагаа хувь хэмжээгээр нь өсгөх бус тодорхой түвшинд тогтвортой хадгалах гарц байгаа юм. Өөрөөр хэлбэл, байхгүй байгаа татварыг нэвтрүүлэх нь илүү оновчтойг баялаг бүтээгчид өөрсдөө хэлж буй. Тодруулбал, Өв залгамжлал болон Тансаг хэрэглээний татварыг хэрэгжүүлснээр баялгийн хуваарилалт шударга явагдаж, далд эдийн засаг ил болох боломжтойг судлаачид хэлдэг. Тэрчлэн энэ төрлийн татвартай улсад авлигын хэмжээ буурдаг байна. Дэлхий нийтээр дээрх хоёр төрлийн татварыг хамгийн өргөн ашиглаж буй. 1990 оны зах зээлийн шилжилтийн үед бий болсон өрхийн бизнесүүд өнөөдөр үндэсний хэмжээний монополь компани болтлоо тэлж, үйл ажиллагаа нь олон салбарт шилжсэн. Тухайн үед дөнгөж компани байгуулж явсан залуу захирлууд өнөөдөр үр хүүхэддээ компаниа өвлүүлэх хэмжээнд зарим нь ирсэн байна. Сүүлийн үед Монголд өв залгамжлал хамгийн эрчимтэй өрнөж, компаниуд шинэ захирлаар удирдуулах болсон. Мөн тансаг хэрэглээ нийгмийн чинээлэг хэсэгт хамгийн өндөр байр суурь эзлэх төдийгүй тэдний үнэмлэмжийн нэг хэсэг болон хэвшиж байна. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, хүн амын нийт хэрэглээнд хамгийн ядуу бүлгийн хүн амын хэрэглээ улсын хэмжээнд энэ оны гуравдугаар улиралд 7.9 хувийг, хамгийн чинээлэг бүлгийн хүн амын хэрэглээ 39.8 хувийг эзэлж байна. Энэ нь хүн амын хамгийн чинээлэг 20 хувийнхны хэрэглээний дундаж хэмжээ хамгийн ядуу 20 хувийнхнаас тав дахин их байгааг эндээс харж болох юм. 2013 онд Сангийн яамнаас боловсруулсан Татварын багц хуулийн төсөлд өв залгамжлагчдаас татвар авах тухай заалт орж байсан ч уг төслийг хэлэлцэх явцад орхигдсон. Манай улсад ийм төрлийн татварын зохицуулалт байхгүй.













A

Жижиг

A

Дунд

A

Том

Хувийн хэвшилд халтай таван жилд өрийн дарамт нэмэгдлээ

 0 сэтгэгдэл
  • Монгол Улсын хөгжилд үлэмж нөлөө үзүүлэх учиртай мега төслүүд бага багаар урагшилж байна.

Монголын эдийн засаг, бизнесийн орчинд сүүлийн таван жилд гарсан өөрчлөлтийг бид онцоллоо. Тав гэж тодотгохын учир нь манай сонин уншигчдын хүртээл болоод таван нас хүрч байна. Энэ хугацаанд улс орны аж амьдрал, нийгэм эдийн засгийн хөгжилд онцгой тус нэмэр болох, болохгүй өчнөөн шийдвэр гарч, өсөлт уналт үүнтэй хамт зэрэгцэн тохиож байсан түүхийг бичилцлээ. Хамгийн том онцлох чухал үйл явдал гэвэл хоёр жил гаруй зогссон “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжүүлтийн төлөвлөгөөнд 2015 оны тавдугаар сарын 18-нд Дубай хотноо талууд гарын үсэг зурж, баталгаажуулсан явдал. Ингэснээр гүний уурхайн төслийг дахин эхлүүлсэн билээ. Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Засгийн газрын урт удаан хугацааны турш үргэлжлүүлсэн хэлэлцээрийн үр дүн өнөөдөр эдийн засагт гарч байна. “Оюутолгой” төсөл өнөөдөр 14 мянган хүнийг ажлын байраар хангаж байгаа бөгөөд үүний 54 хувь нь гүний уурхайд ажиллаж буй. Манай улсын эдийн засгийн итгэл найдвар нь уг төсөл хэдийн болжээ. Монголыг сонирхох хөрөнгө оруулагчдад төслийн хоёр дахь шат эхэлсэн нь эерэг мэдээ байв. Төслийн хувь заяаг нэн эргэлзээтэй болгох шийдвэр УИХ-аас гарсан өдөр ийн бичиж буй нь хачирхалтай тохиолдол аж. “Оюутолгой” төслөөс гадна “Тавантолгой” төсөл хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байж ирсэн. Гэвч энэхүү төсөл багагүй саад бэрхшээлийг туулж, ирэх онд олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа бүртгүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Уг төслийг хэрэгжүүлэх “Эрдэнэс Тавантолгой” компани өрийн хавхнаас гарч, 2018 оноос ашигтай ажиллах болсноор иргэдэд эзэмшүүлсэн 1072 ширхэг хувьцаанд ногдол ашиг тараах хэмжээнд тус компанийн санхүүгийн үзүүлэлт сайжирсан. Өдгөө сонгуулийн өмнө Хонгконгийн хөрөнгийн биржээр хувьцаагаа арилжаалж, тэрбум гаруй ам.доллар босгохоор төлөвлөж байгаа. Монгол Улсын хөгжилд үлэмж нөлөө үзүүлэх учиртай мега төслүүд бага багаар урагшилж байна. “Тавантолгой” төслийн хэлэлцээр ихээхэн маргаан дагуулж байгаа талаар манай сонин 2015 оны хоёрдугаар сарын 3-ны дугаартаа хөндөж байв. Эдийн засагт гарсан сайн зүйл гэвэл гадаад валютын албан нөөц нэмэгдэж, 3.8 тэрбум ам.долларт хүрсэн үе. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, алтны салбарынханд татварын хөнгөлөлт үзүүлснээр төв банкинд тушаах алтны хэмжээ эрс нэмэгдэж, түүхэн дээд түвшинд хүрсэн билээ. Тодруулбал, 2018 онд алт тушаалт оргил цэгтээ хүрч, 22 тоннд очсон. Энэ нь дотоодын валютын нөөцийг өргөж, төгрөгтэй харьцах ам.долларын ханшийн өсөлт тогтворжих хөрс бүрдсэн. Гэвч саарал жагсаалт, Засгийн газар уул уурхайн компаниудын үйл ажиллагааг хоморголон хаах болсноор төгрөгтэй харьцах ам.долларын ханш чангарсан хэвээр байна. Энэ болгон хөрөнгө оруулагч үргэх, Монголоос зайгаа барихад хүргэв. Эргэн сануулахад, хямралд нэрвэгдээд байсан эдийн засаг эргэн сэргэж, энэ оны гуравдугаар улиралд 6.3 хувиар өсөв.

Энэхүү өсөлтийг бий болгоход худалдаа, үйлчилгээ, уул уурхайн салбар голлох нөлөө үзүүллээ. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хувийн хэвшил бий болгож байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд зэс, нүүрс тэргүүтэй уул уурхайн бараа бүтээгдэхүүний үнэ сэргэж, өсөлттэй, тогтвортой байснаар төсвийн орлого давж эхэлсэн. Үүнээс гадна ОУВС-гийн тусгай хөтөлбөр хэрэгжих болсноор төсөв, мөнгөний бодлого хумигдсан. ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-т Монгол Улс дахин орж, 430 сая ам.долларын зээл авахаар болсон. Гэвч уг хөтөлбөрт зогсонги байдалд ороод байна. Хэдий тийм боловч эдийн засагт тулгарч буй сорилт цөөнгүй. Тухайлбал, 2021 оноос олон улсын зах зээлээс босгосон өндөр дүнтэй бондуудын өр төлбөрөө барагдуулж эхэлнэ. Гэгээтэй мэдээ бас байна. Монголын хөрөнгийн зах зээлд сүүлийн таван жил ихээхэн ээлтэй байлаа. Энэ хугацаанд арилжааны хэмжээ 6.3 дахин өсөж, шинээр арав гаруй компани хөрөнгийн биржид бүртгэлтэй болж, олон нийтийн засаглалтай боллоо. Мөн татварын хоёр шатны шинэчлэлд эрх баригчид цэг хатгаж, бизнесийн орчинд хал ихтэй татварын бодлого үйлчилж байна. Инфляц тогтворжиж, валютын ханш огцом хэлбэлзсэн, төсвийн алдагдал эрс тэлсэн, төр хувийн хэвшил рүү халдан довтлох нь улам нэмэгдсэн он жилүүд бидний ард үлджээ.