A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2275/

Тэгш бус зохицуулалт өндөр хүү рүү түлхэв

Тэгш бус шаардлага далд зах зээлийг дэмжихээс хэтрэхгүй

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2275/


Мөнгөний бодлогын жолоог атгагчид нэг сумаар хоёр туулай буудаж буй. Энэ оноос эхлэн хэрэглээний зориулалтаар авсан иргэдийн зээлийн хугацаа болон өр, орлогын харьцаанд тааз тогтоож, санхүүжилтийн босгыг өндөрсгөсөн юм. Ингэснээр нэгдүгээрт, өмд, гутал, үнэтэй утас авахын тулд өмнөд хөрш руу урсгадаг валютын эргэлтийг дотоодод хазаарлаж, ам.долларын ханшийн өсөлтийг тогтоон барих, хоёрдугаарт, иргэдээ өрийн дарамтаас хамгаалж, иргэдийн хэрэглээний зээлийн санхүүжилтийг бизнес рүү чиглүүлэх зорилготой байв.

Давхар давхар зорилго тээсэн төв банкны бодлого ч байгаа онож, хэдхэн сарын хугацаанд Монголын санхүүгийн зах зээлд мэдэгдэхүйц өөрчлөлт авчирлаа. Хэрэглээний зээлийн хугацааг 2.5 жил, өр, орлогын харьцааг 70 хувиар хязгаарласан эхний гурван сарын хугацаанд зээл олголт буурч, импортын өсөлт бараг гурав дахин саарлаа. Гадагш урсах валютын хэмнэл  саарснаар ам.долларын ханш ч гэнэт тогтворжив. Хэрэгжүүлсэн бодлого нь цаг үеэ ч, цэгээ ч тэр оносон тул төв банк улам урамшиж, энэ аргаараа үргэлжлүүлэн давшиж байна. Энэ сараас эхлээд арилжааны банкны хэрэглээний зээлийн босгыг дахин өндөрсгөж, иргэдийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 60 хувиар тогтоов. Ингэснээр телевиз, тоос сорогч зэрэг ахуйн бараа, хурим найр, хүүхдийн сургалтын төлбөр зэрэг амьдралын аливаа үйл явдалд зориулсан зээл улам уруудах нь. Сүүлийн хоёр сард гэхэд арилжааны банкуудын шинээр олгосон хэрэглээний зээл энэ оны эхний хоёр сард өмнөх оны мөн үеэс бараг гурав дахин буурчээ.

Харин энэ хугацаанд ББСБ-уудын зээл өссөн байх юм. Зээлийн өсөлт үргэлжилсээр байгаа гэж нэрээ нууцалсан ББСБ-ын ажилтан мэдэгдлээ. Одоогоор банк бус санхүүгийн салбарын энэ оны эхний улирлын үзүүлэлтүүд олон нийтэд ил болоогүй байгаа ч үлэмж өсөлтүүд эхнээсээ ажиглагдаж эхлэв. Тухайлбал, “ЛэндМН” ББСБ-ын энэ оны эхний хоёр сард олгосон зээлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 6.8 дахин өндөр байна. Тус банк бус санхүүгийн байгууллага 194 тэрбум төгрөгийн зээл олгосон нь төлөвлөгөөгөө давсан үзүүлэлт болохыг санхүүгийн тайландаа дурдсан байх юм.

Арилжааны банкуудыг босгыг өндөрсгөчихсөн тул мөнгөний гэнэтийн хэрэгцээ шаардлага тулгарч, сандарсан иргэд санхүүгийн зах зээлийн жижиг тоглогчдын үүдийг тогшиход хүрээд байна. “Банкнаас бусад санхүүгийн зах зээлд зээлийн эрэлт өсөх хандлагатай байна” гэж “инвескор” ББСБ-ын ТУЗ-ийн гишүүн, дэд захирал Р.Мөнхтөр телевизийн ярилцлагадаа хэлжээ. Ер нь ББСБ сүүлийн жил гаруйн хугацаанд санхүүгийн зах зээлд цахиур хагалж, зээл олголт, өөрийн хөрөнгө хэмжээгээ огцом ахиулж байгаа.

Иргэд ББСБ-ууд руу хошуурч, зээл авах нь нэмэгдсэнийг анзаарсан зарим сүйхээтэй бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа эрс өөрчилж, банк бус санхүүгийн үйлчилгээ үзүүлж эхлээд байна. Бас зарим худалдааны компани дэргэдээ санхүүгийн бичил үйлчилгээ үзүүлж, бараа бүтээгдэхүүнээ борлуулж буй нь цөөнгүй. Гар утас, цахилгаан бараа, гэр ахуйн тавилга, үнэтэй хувцас хэрэглэл гээд хэрэглээний зориулалттай бараа бүтээгдэхүүнээ лизингээр борлуулсаар байна.

Тухайлбал, худалдаа, үйлчилгээний А компани гэхэд дэргэдээ бичил санхүүгийн байгууллага байгуулж, сард 1.8-1.9, жилийн 21-23.8 хувийн хүүтэй зээлээр импортын бараагаа иргэдэд борлуулсаар. Энэ хэрээр хэрэглээний зээл бичил тоглогчдоос авах иргэдийн тоо нэмэгдэж, импортыг хазаарлан, өрийн дарамтаас хамгаалах гэсэн давхар зорилго тээсэн зохицуулах байгууллагын бодлого нь яг адилхан үйлчилгээ үзүүлж, ив ижилхэн нөлөө дагуулж буй зах зээлийн зарим хэсэгт огт үйлчлэхгүй өдий хүрлээ. Зохицуулах байгууллагуудын сул орхисон энэ хэсэгт зай бий болж, зах зээлд үүссэн тэрхүү цоорхойгоор хэрэглээний зээл хяналтгүй урссаар.

Ялангуяа, санхүүгийн бичил тоглогчид нийт зээлийнхээ 80-90 хувийг иргэдэд олгож, бизнесээ тэжээдэг. Тэдний зээл олголт өсөхийн хэрээр иргэдийн нуруун дээрх өрийн дарамт улам нэмэгддэг. Албаны зарим хүмүүсийн зах зээлд бага жин дардаг хэмээн тодорхойлж буй ББСБ-ууд гэхэд хэдийн 250 мянган иргэнд 900 орчим тэрбум төгрөгийн зээл олгочихоод байна.

Хэдийгээр манай санхүүгийн зах зээлд банк давамгайлдаг ч сүүлийн жилүүдэд бусад тоглогчид хурдтай томорч эхэлсэн. Бичил санхүүгийн зах зээлийн томоохон тоглогч болох ББСБ-уудын хөрөнгийн хүчин чадал буюу актив өсөж, 1.3 их наяд төгрөг рүү дөхөж, тэргүүлэгч  Монголын топ зургаан банкны нэгтэй эн зэрэгцээд байна. Ингэснээр санхүүгийн зах зээлийн нэг хэсэгт хязгаарлалт тавиад, нөгөөг нь сул орхиод байгаа нь энэ. Өөрөөр хэлбэл, ижил зах зээлийн тоглогчдын заримыг нь “ивий минь”, “хөөрхий минь” хэмээн илт өрөвдөж толгойг нь илээд, бусдыг хавчиж хязгаарлаад байна гэсэн үг.

Гэтэл шударга зарчмаар өрсөлдөх учиртай ижил зах зээлийн тоглогчдод тэгш бус шаардлага тавиад эхлэхээр энэ нь эргээд санхүүгийн салбарт сөрөг нөлөө дагуулахаас хэтрэхгүй. Банкны шаардлагыг хүчээр өндөрсгөөд эхлэхээр мөнгө хайсан иргэд хаашаа хандах бол. Арга мухардсан иргэд арилжааны банкнаас өндөр хүүтэй санхүүгийн үйлчилгээний үүдийг татахаас өөр аргагүй болно.

Банкнаас бусад санхүүгийн зах зээлд зээлийн эрэлт өсөх хандлагатай

Цаашлаад өдрийн зээл, ломбард зэрэг мөнгө хүүлэл рүү түлхэж, далд хэлбэрийн зах зээл хүрээгээ тэлэхэд хүрнэ. ингэснээр иргэдээ өрийн дарамтаас хамгаалж, импортыг хумих зорилготой төрийн бодлого жинхэнэ мөнгө хүүллийг дэмжиж ч болзошгүй.

Төр үнэхээр л иргэдээ өрийн дарамтаас хамгаалахыг зорьж байгаа бол иргэдийн зээлээр амь зогоодог бичил санхүүгийн байгууллагуудад тохирсон зохицуулалтыг хариуцдаг газрууд нь хийх шаардлагатай байна. Эс бөгөөс нуухыг авах гээд иргэдийг өндөр хүүтэй өрийн дарамт руу улам түлхэх вий.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Тайванийн Ерөнхийлөгчид өрсөлдөх Терри Гоу

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Атганд багтах технологи ХАА-н хувьсгалыг удирдана

Хятад улс технологи ашиглан хүн амаа эрүүл хүнсээр хангахаар зорьж байна

 0 сэтгэгдэл


Өвгөн Ли талбайгаа усалж байна. Гэхдээ тариан талбайд насаа элээсэн энэ буурал суваг шуудуй гаргаж, шугам хоолой татан хөл болсонгүй. Харин мойногшсон гартаа автомат удирдлага атгачихаад, дрон нисгэж, талбайгаа усаар шүршиж байна.

Орчин үеийн Хятадын хөдөө аж ахуй бидний санаанд хоногшин үлдсэн шиг борви бохис хийлгүй ажилладаг, хүний хүчээр нүдсэн хоцрогдсон салбар байхаа нэгэнт больжээ. Харин шинжлэх ухаан, технологиор хүч нэмж, бүтээмжээ зузаатган, будаг нь ханхалсан төмөр хүлэг шиг дүүхэлцэж байна. Ялангуяа өмнөд хөршийн газар тариалангийн түшиц бүсэд сүүлийн жилүүдэд шинжлэх ухаан, технологи хурдтай нэвтэрч, тариаланчид талбайнхаа захаас товчлуур дараад л тариа, будаагаа ургуулж байгаа юм.

Ер нь зөвхөн Хятад гэлтгүй дэлхийн хөдөө аж ахуй өдгөө аварга машин, тоног төхөөрөмж, асар олон хүний хөлс, хүч нэхдэг хүнд хүчир салбар байхаа больжээ. Харин машин тоног төхөөрөмж улам хөнгөн, хялбар, хэмнэлттэй болж, энэ хэрээр хөдөлмөрийн бүтээмж, ургацын гарц нь дээшилсэн урвуу хамаарал харагдах болов.

БНХАУ-ын зүүн хойд зүгийн гурван том бүсийн нэг Жилин аймгийн газар тариалан, ойн аж ахуйнууд “Жилин 1” хэмээх хиймэл дагуулыг өргөнөөр ашигладаг байна. БНХАУ-ын Changguang Satellite Technology компанийн бүтээсэн энэ хиймэл дагуул цаг гаруйн хугацаанд 200 ам километр талбайн зураглал гаргадгаас гадна үрсэлгээний түвшин, өсөлтийн хурд, хөрсний нөхцөлийг тогтмол эзэндээ “илтгэдэг” аж.

Хиймэл дагуулаас гадна алгын чинээ камераар аварга талбайг хянаж буй тариаланч ч цөөнгүй. 190 грамм жинтэй уг камер жижигхэн биедээ баймгүй их ажил амжуулдаг. Ургамлын өсөлт хөгжил, хор хөнөөл дагуулдаг хортон шавжийн байдал зэрэг тариан талбайн бүх мэдээлэл, өгөгдлийг дамжуулдаг байна. Ингээд зогсохгүй уг мэдээлэлдээ үндэслэн хэрэгжүүлж болох хариу арга хэмжээг ч санал болгодог байх юм. Тухайлбал, талбай дахь хортон шавжны мэдээллийг цуглууллаа гэхэд түүнийг устгах бүтээгдэхүүнийг санал болгох жишээтэй. Энэ төрлийн технологиуд нь бүтээмжийг өсгөж, өртөг бууруулдгийг тариаланчид онцолж байна.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хянах хөдөлгөөнт төхөөрөмжийн үйлдвэрлэл Хятадад хурдтай хөгжиж байна. Энэ нь нэг талаас бүтээмжийг дэмжихээс гадна хүнсний аюулгүй байдлыг улам бататгаж, цахим худалдаа, хөдөө аж ахуйн аялал жуулчлалыг ч давхар хөгжүүлэх давуу талтай. ASKCI Consulting компанийн тооцоогоор одоогоос дөрвөн жилийн өмнө 13.7 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан Хятадын хөдөө аж ахуйн салбарын ухаалаг технологийн зах зээл 2020 он гэхэд хоёр дахин өсөхөөр байна.

Хятадын хөдөө аж ахуйд техник технологийн асар том эрэлт бий болсныг анзаарсан компаниуд ч энэ салбарт хүч сорьж, тухайн бүс нутгийн шинжлэх ухааны институтуудтай хамтран шинэ бүтээгдэхүүн хөгжүүлж байна.

Хятадын урдаа барьдаг технологийн гол компанийн нэг Alibaba групп гахайн аж ахуйд зориулсан технологи нэвтрүүлж, эрүүл мэндийг нь хянах боломж олгож байна. Мөн цахим худалдааны JD.com компани хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний түгээлтийг сайжруулахаар зорьж байгаа бөгөөд дэлхийн хаанаас ч 48 цагийн дотор Хятадын айл өрхүүдэд жимс жимсгэнэ хүргэх боломжтой болгоно хэмээн тус компанийн удирдлагууд амлаад буй. Ингэснээр тус компани фермерүүдийг хэрэглэгчидтэй нь шууд холбосон дэд бүтцийн хэлхээ холбоо байгуулах аж. Эдгээрээс гадна Alibaba-гийн гол өрсөлдөгч болох Tencent, бидний андахгүй мэдэх болсон Huawei, Baidu гээд хөдөө аж ахуйн технологийг хөгжүүлэгчдийг нэрлээд байвал дуусахгүй.

Хятадын хөдөө аж ахуй төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд уламжлал, шинэчлэлийг хослуулан өрсөлдөх чадвараа өсгөж, улам хүчирхэгжиж байгаа. Энэ хувьсал шинэчлэлийг тус улсын төр засаг ч хүчтэй дэмжиж улам ч түлхэж байна.

1.4 тэрбум давсан иргэнийг эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь давахад бэрх даваа. Тиймээс Хятадын Засгийн газар шинжлэх ухаан, технологийн хүчийг ашиглан энэ толгойны өвчнөөсөө  салахаар зүтгэж байна. Үүний хүрээнд томоохон аж ахуйн нэгжүүдийг дэмжихээс гадна хоол тэжээлээр хангах ажлын багагүй хэсгийг орон нутгийн эгэл жирийн өрхүүдэд үүрүүлж, жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмжихээр зорьж байгаа аж.

Хамгийн гол нь ухаалаг технологиуд нь Хятадын эгэл жирийн тариаланчдад давуу тал олгож, иргэд жижиг аж ахуйгаа хялбараар эрхэлж, амьжиргаагаа залгуулахад дэм болох аж. Цаашлаад эгэл жирийн ногоочид, загасчид зэрэг орон нутгийн иргэд технологийн дэвшил ашиглан дэлхийн зах зээлтэй холбогдох боломж бүрджээ.

Ер нь дэлхийн хөдөө аж ахуй өртөг зардал, хүн хүч шаардсан нүсэр салбар байхаа больчихоод  байгаа. Энэ шинэчлэл барууны орнуудаас эхлээд Бразил, Аргентин, Австрали, ОХУ зэрэг хөдөө аж ахуйн хүчирхэг орнуудад ч биеллээ олоод байна.

• Зөвхөн Хятад гэлтгүй дэлхийн хөдөө аж ахуй өдгөө аварга машин, тоног төхөөрөмж, асар олон хүний хөлс, хүч нэхдэг хүнд хүчир салбар байхаа больсон. 

• Хятадын хөдөө аж ахуйн салбарын ухаалаг технологийн зах зээл 2020 он гэхэд хоёр дахин өсөхөөр байна. 

• Хятадын хөдөө аж ахуйд техник технологийн асар том эрэлт бий болсныг анзаарсан компаниуд ч энэ салбарт хүч сорьж байна.

Нэгэн цагт хөдөө ахуйн салбарын хөгжил нь хуучирч хоцрогдоод байсан манай хойд хөрш барууны орнуудын тавьсан хоригийн “ачаар” энэ салбартаа эргэлт хийгээд авлаа. Сүүлийн таван жилд хойд хөршийн хөдөө аж ахуйн салбар үсрэнгүй хөгжиж, өнөөдөр ОХУ дэлхийн газар тариалангийн салбарын хамгийн хүчирхэг тоглогчдын тоонд зүй ёсоор бичигдэж байна. Ийнхүү улс орнууд хүнс, тэжээлийн гол үүцээ шинэчлэн сайжруулж, ухаалаг хөдөө аж ахуйг улам цогцлоож байна.

Харин бид ямар байдалд байна вэ. Сүүлийн хэдэн жилийн шинэчлэлийг эс тооцвол энэ хэр манай газар тариалангийн салбар нүргээн ихтэй, өртөг зардал өндөртэй нүсэр тоног төхөөрөмжөөсөө салаагүй. Жилийн жилд тэнгэрийн хур, бусдын гарт хоол хүнсээ даатгадаг хоцрогдсон байдал одоо ч хэвээр. Байсхийгээд ганд нэрвэгдэж, буудайгүйн гачланд уначихна. Бадар барьж бусдаас гуйж байж, хүн амаа хоолгүй хоцрох аюулаас гэтэлгэдэг. Хэрэв аз таарч тэнгэр хангай нар, хураа харамгүй хайрлан, ногоо тариа ургалаа гэхэд ургацаа цасанд даруулчилгүй хураан авна гэдэг жил бүрийн намрын зовлон. Улс орнууд ургамал тариагаа цаг минутаар хэмжиж, ширхэг будааг ч өсгөн үржүүлэхээр зорьж байхад бид бүтэн зуны турш тэнгэрийг харж, гараа хумхиж суусаар намар нь хоолгүй хоцорчихдог. Техник технологи, инновац, шинжлэх ухааны дэвшлийг ашигладаггүй бидний гачлан энэ. Хятад 1.4 тэрбум хүнээ тэжээхээр зүтгэж байхад төв Азийн өргөн уудам нутагт оршин суудаг Монгол Улс гурван сая хүнээ эх орны хүнсээр хангачихаж чадахгүй сууна. Дээрээс нь дэлхийн шар буурцаг, тосны ургамал, сахар, үр тарианы хамгийн том хэрэглэгчийн нэг Хятад улс АНУ-тай худалдааны маргаан үүсгэсний улмаас зарим төрлийн хүнсээр гачигдаж эхэллээ.

Ийнхүү дэлхийн зах зээлийн нөхцөл байдал, дотоодын эрэлт хэрэгцээгээ бодоод үзсэн ч тэр бид хуучирч хоцрогдсон хөдөө аж ахуйн салбараа шинэчлэх шаардлага тулгарсаар байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Төр мөнгөгүйдээ бус менежмент хийж чадахгүйгээсээ алдагдалд орж байна

Гишүүдийн тойрогтоо гэсэн бүхнийг хийнэ гэвэл төсөв өрнөөс салахгүй

 0 сэтгэгдэл


Сонгуулийн өмнөх жил гэдэг утгаар энэ оны улсын нэгдсэн төсөв түүхэндээ байгаагүй хэмжээгээр тэлсэн. төсвийн хөрөнгө оруулалтын зардал өмнөх жилүүдтэй харьцуулахад бараг гурав дахин нэмэгдэж, мөнгөн дүнгээрээ 1.2 их наяд төгрөгт хүрсэн билээ. Дийлэнх нь үүнийг сонгууль гэж хардсан. Угаасаа ч сонгууль ойртсон үед хамаг нөөц, боломжоо эрх баригчид шавхдаг. Сонгуультай жилүүдэд төсвийн зардал орлогын төсөөллөөсөө давдаг болов. Харин үүнийг олон нийт байх л ёстой үзэгдэл мэтээр хүлээж авдаг болж байна. Эргэн сануулахад, сүүлийн гурван удаагийн парламентын сонгууль тохиосон жилүүдэд эдийн засгийн өсөлт саарч, төгрөгийн ханш ердийнхөөс огцом суларч байв.

Ийм үед гадаад валютын улсын нөөц дундарч, инфляц иргэдийн халаасыг холгох нь гэм биш зан болсон. Сонгуулийн мөчлөг эдийн засаг, бизнесийн орчны хэмнэлийг өөрчилж, төсвийн сахилга бат гэж ярих улам хүнд болох шинжтэй.

Нээлттэй нийгэм форум тэргүүтэй иргэний нийгмийн байгууллагууд төсөв батлах үеэр л өөрсдийн байр сууриа илэрхийлж, тухайн жилийн төсвийн алдаа, оноог шүүн хэлэлцдэг. Гэвч төсвийг тэр чигт нь батлах буюу хөндлөнгийн байгууллагын дүгнэлтийг үл тоох нь түгээмэл. 2012 оноос хойш эдийн засгийн цар хүрээ тэлж, төсвийн орлогын хэмжээ хэдэн их наядаар яригддаг болсон.

“Оюутолгой” түүчээлсэн уул уурхайн томоохон төслүүд хэрэгжих болсноор манай улсын эдийн засаг суурь бүтцээрээ өргөжсөн. Үүнийг дагаад улсын төсвийн зардал, орлого, хөрөнгө оруулалт ч 1990-ээд онтой харьцуулахад төрөл арилжсан гэж хэлж болно. Төсвөөс орон нутагт буюу аймаг, сум руу хуваарилах мөнгөний хэмжээ ч тэрбумаар тоологдож, их мөнгөний эргэлт энд үүссэн. Ингэснээр төсвийн хөрөнгө оруулалтын ажил дагасан компани олширч, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, замын тендер авна гэдэг улам өрсөлдөөнтэй болж эхэллээ.

Хамгийн гол нь төсвийн хөрөнгө оруулалт нэрээр татвар төлөгчдийн мөнгө энэ зуур үрэгдэж, үнэгүйдэж байгаа жишээ цөөнгүй. Ялангуяа, он дамжих замаар тухайн барилга, байгууламжийн өртөг үлэмж нэмэгдэх хандлага төсвийн нөөц боломжоос давж байна. Сонгуулийн дараа дуусгаагүй байшин барилга, зам, гүүр олноор үлдэж, энэ нь царцсан гэх тодотгол зүүдэг. Он дамжих барилга байгууламжийн зардал гэхэд өнгөрсөн хугацаанд 2-5 дахин өсөөд байна. Барилга, бүтээн байгуулалт угтаа хийгдэж байгаа мэт боловч төсвийн мөнгө тарамдах үзэгдэл сүүлийн жилүүдэд хавтгайрах болсон. Нээлттэй нийгэм форумын хийсэн судалгаагаар 2019 онд нийт 2.5 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 887 төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг санхүүжүүлэхээр Засгийн газар төлөвлөсөн. Үүнээс нийт 1.2 их наядын төсөвт өртөгтэй 515 төсөл, арга хэмжээг энэ онд эхлүүлэхээр байна. Шинээр эхлүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн 32.9 хувь нь ирэх онд багтаж дуусах бол бусад нь он дамжих аж.

Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын зардлын гуравны нэг нь 2019 онд тууз хайчлах төлөвлөгөөтэй байна. Энэ оны төсөвт 2010-2014 онд эхэлсэн ч дуусаагүй төслүүдийн санхүүжилтийг мөн тусгасан. Нэг талаар төсөв “чөтгөрийн тойрог”-т орсон гэж хэлж болох юм.

Төсөвт ачаалал үүсгэдэг томоохон зардлыг их засвар эзэлж байгаа. Энэ онд гэхэд нийт 84.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 75 их засварын ажлыг шинээр эхлүүлэхээр байна. Гэхдээ их засварын ажлын төсөвт өртгийн дийлэнх хувь нь зам тээврийн салбарт хийгдэхээр тусгажээ.

Манай улс энэ онд нийт 102.4 тэрбум төгрөгөөр 42 тоног төхөөрөмж шинээр худалдан авах учиртай. Хэрэв төгрөгтэй харьцах ам.доллар тэргүүтэй валютын ханш цаашид чангараад байвал энэ зардал өсөх эрсдэл бий. Судлаач Ж.Сайнзаяа “Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлэх бодлого баримтлах учиртай. Гэвч энэ бодлого алдагдсан тал харагдаж байна. Сонгуулийн өмнөх жилийн төсөв гэдэг утгаараа зардлыг хэт тэлсэн. Гэтэл он дамнах барилга байгууламж их байна. Он дамжих хэрээр төслүүдийн үнэ өөрчлөгдөж, зардал нэмэгддэг. Энэ байдал дахиад үргэлжлэх шинжтэй” гэв.

• “Оюутолгой” түүчээлсэн уул уурхайн томоохон төслүүд хэрэгжих болсноор манай улсын эдийн засаг суурь бүтцээрээ өргөжсөн. 

• Сонгуулийн дараа дуусгаагүй байшин барилга, зам, гүүр олноор үлдэж, энэ нь царцсан гэх тодотгол зүүдэг. 

• Хөрөнгө оруулалтын зардлын гуравны нэг нь 2019 онд тууз хайчлах төлөвлөгөөтэй байна.

Он дамжсан төслүүдийн өртөг зардал өөрчлөгдөж байгааг өмнө нь дурдсан. Олон жил болсон  ч дуусдаггүй 32 барилгын төсвийг 2-9 жилийн хугацаанд улсын төсөвт суулгаж ирсэн байна. Анхны төсөвт өртөг нь энэ хугацаанд 2-5 дахин өссөн барилга, ажил үйлчилгээ ч байна. Зарим нь 4-5 жил зогссон байх жишээтэй. Он дамжин удаж байгаа барилгуудын төсөвт өртөг нэмэгдэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Тухайлбал, жилд баталж байгаа төсөв нь хэт бага байгаагаас болж он дамнахад хүрдэг. Мөн тендерийн маргаан эсвэл тендер цаг хугацаандаа зарлагддаггүйгээс дээрх байдал үүсдэг байна.

Хэт олон нэн шаардлагатай бус барилга байгууламж төсвийн хөрөнгө оруулалтаар барихаар аймаг, сум болгонд зэрэг эхлүүлж, энэ нь санхүүжилтгүйн улмаас зогсох эрсдэл хамгийн өндөр байна. Төсвийн удирдлагын менежмент алдагдах болсныг эдийн засагчид хэлдэг. Тэдний үзэж буйгаар, төсвийн нийгэм, эдийн засгийн үр ашгийг нарийн тооцоолох цаг хэдийн болжээ. УИХ-ын гишүүн болгоны тойрогтоо гэсэн бүхнийг биелүүлнэ гэвэл төсөв өр, алдагдлаас өндийхгүй аж.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эрдсийн экспорт эхний улиралд өслөө

Нүүрсний экспорт өссөн ч төлөвлөсөн орлогоо олох эсэх нь өнөө хэр асуултын тэмдэг хэвээр байна

 0 сэтгэгдэл


Монголын эдийн засгийн өсөлтийн суурь болдог уул уурхайн экспорт энэ оны эхний улиралд ялимгүй өслөө. Монголын эдийн засгийг уул уурхайн хэд хэдэн төрлийн түүхий эд тэжээдэг. Эдгээр эрдсээс нүүрс болон зэсийн экспорт нийт орлогын гол орцыг бүрдүүлдэг билээ. Тэгвэл Монгол Улсын нийт экспортын орлогын ойролцоогоор 25 хувийг дангаараа бүрдүүлдэг нүүрсний нийлүүлэлт энэ оны эхний гурван сард 15 хувиар өсөж, 7.8 сая тоннд хүрсэн байна. Ингэснээр нүүрснээс бид 644 сая ам.доллар олоод байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 130 сая ам.доллараар өссөн үзүүлэлт аж.

Өнгөрсөн оны нэгдүгээр сард манай улсын түүхий эдийн нийлүүлэлтийн гол хаалга болох Гашуунсухайт-Ганцмод боомтын экспорт тасалдаж, нүүрсний гарц огцом буурсан.

Харин энэ оны эхний улиралд нүүрсний нийлүүлэлт хэвийн тогтвортой үргэлжилж байгаа аж. Гэхдээ “Бадарчин баярлах болоогүй”. Хэдийгээр оны эхний улирлуудад нүүрсний экспорт өсдөг ч жилийн сүүл саруудад БНХАУ-ын татан авалт саарч, хил гаалийн хяналт чангарснаар нийлүүлэлт багасдаг нийтлэг дүр зураг сүүлийн жилүүдэд ажиглагдах болсон. 2018 онд ч ийм үйл явдал болж, нүүрсний экспорт буурсан юм. Тодруулбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас манай нүүрсний экспорт огцом буурч, арванхоёрдугаар сард бараг зогсох дөхсөн билээ.

Өөрөөр хэлбэл, эхний саруудын өсөлт жилийн сүүлийн улиралд хөөс болсон нь энэ. Монгол Улс төсвийн орлогынхоо арван төгрөг тутмын нэгийг нүүрснээс олохоор төлөвлөсөн. Хэдийгээр нүүрсний экспорт өсөж байгаа ч энэ онд төлөвлөсөн нэг их наяд төгрөгөө олох эсэх нь өнөө хэр асуултын тэмдэг хэвээр байна.

Тэгвэл нүүрстэй дүйх орлогыг Монголын эдийн засагт авчирдаг зэсийн баяжмалын экспорт биет хэмжээгээр долоон хувиар өсөж, 361.4 мянган тоннд хүрчээ. Харин мөнгөн дүнгээр есөн хувиар өсөж, хагас тэрбум ам.долларыг манай улс улбар шар түүхий эдээс олсон байх юм.

Манай зэсийн баяжмалын гол экспортлогч “Оюутолгой” компани гүний уурхайн хоёрдугаар босоо амны бүтээн байгуулалтыг ирэх аравдугаар сард дуусгахаар төлөвлөж буйгаа хөрөнгө оруулагч “Turquoise Hill Resources” мэдээлсэн. Тус компани экспортын зах зээлээ төрөлжүүлэхээр Япон руу зэсийн баяжмал туршилтаар экспортолсон ч тээвэр, логистикийн бэрхшээл учирч буйг “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес онцолсон байна. Монгол Улс өнгөрсөн улиралд зэсийн баяжмалаа 100 хувь өмнөд хөршид нийлүүлжээ.

Зэс, нүүрснээс гадна чамлахааргүй орлого авчирч, улсын эдийн засагт дэм болдог бусад төрлийн түүхий эдийн экспорт мэдэгдэхүйц өссөн байна. Тухайлбал, төмрийн хүдрийн экспортын орлого 66 хувиар өсөж, 106.5 сая ам.доллар гэж үндэсний статистикийн хороо мэдээллээ. Үүнээс гадна жоншны экспортын орлого 62 хувиар өсөж, 40.5 сая ам.долларт хүрсэн байна. Өнгөрсөн улиралд манай улс 110.6 мянган тонн жонш экспортолжээ. Жоншны экспортын 69 хувь БНХАУ, 30 хувь нь ОХУ-ыг чиглэсэн байна. Харин ердөө нэг хувийг БНСУ-д нийлүүлжээ.

Засгийн газар хайлуур жоншны үйлдвэрлэл, экспортыг дэмжих зорилтот хөтөлбөрийг 2019-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Геологи хайгуулын судалгаа нь олборлолтоосоо хоцрох болсон энэ салбарын жоншны нөөцийг нэгтгэн тогтоох, нөөцийн татварыг шинэчлэх шаардлагатай гэж салбарынхан үзэж байна.

Тэгвэл цайрын экспортын орлого мөнгөн дүнгээр дөрвөн хувиар өсөж, 62.6 сая ам.доллар болжээ. Лондоны металлын биржид цайрын ханш энэ он гарсаар эргэн сэргэж, 19 хувиар өсөөд байна. Нэг тонн цайрын фьючерс ханш 2928 ам.доллар болжээ. Одоогоор цайрын экспортын 75 орчим хувийг “Цайрт минерал”, үлдсэнийг нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “шин шин” компани экспортолж байна.