A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1941/

Тэд хэр удаан тэсэж чадах бол

Атга гурил, боорцогны үнэтэй төр ийнхүү эрээгээ бардаг юм

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1941/


Манай улстөрчдөд ямар ч үнэ цэн алга. Монгол Улсын Ерөнхийлөгч, парламентын спикер, Ерөнхий сайд нарт бүр ч алга. Бурхан минь! Үнэндээ ямар их шившиглэгдэж байгаагаа тэдэнд  мэдрэх чадвар ч алга.

Ард түмний шилдэг төлөөлөл гэгдсэн 76-тай энэ тухай ярих ч юм биш. Тэднийг зүгээр л “хулгайч”, “луйварчин” гэж захын хүн нулимна шүү. үүнээс илүү доройтол гэж байх уу.

Магадгүй XIII зуунаас мандаж бас буурч өнөөг хүрсэн найман зуунд Монгол төрийн алтан аргамжийг атгаж ирсэн бодлоготнууд, төрийн түшээд ингэтлээ шившиглэгдэн, уруудаж байсан түүх үгүй байх. Манж нар дор хоёр зууны турш эрхшээгдэхдээ ч, хоёр хөршийнхөө хүчинд автан тусгаар тогтнолоо эвдүүлэн, автономит засаглалыг тулгуулж байхдаа ч, монгол хүний төрдөө итгэх итгэл алдарч байсангүй, дээдэлж, хүндэтгэх хүндлэлтэйгээ байлаа.

Эдүгээг харвал бидний хөл, толгой хаана байгаа нь мэдэгдэхээ байж, Монгол Улс, Монгол төр,  монголчуудын мандан бадрах тэр эрхэм, ихэмсэг оршихуй алга болжээ. Зүйрлэвээс, эзэнгүй, жолоо цулбуургүй, ядарч туйлдаад, сөхөрч унаж буй морь лугаа болжээ бид гэдгийг надаар хэлүүлэлтгүй гадна, дотнынхон бүгд мэдэх болсон бөлгөө.

Бид төрт ёсыг анхлан дэлхийд таниулсан ард түмэн шүү дээ уг нь. Ийм ард түмний төрийн бодлогыг захын нэг дуулдаг, барилддаг болгон аваад явж чадна гэж бүр итгэлтэйгээр боддог болох гэж. Дэндүү хямдхан үнэлэмж тогтсон байгаа биз.

Бид өөрсдөө ч ийм хүмүүсийг төлөөллөө болгон төрд илгээдэг хямдхан ард түмэн болсон шүү дээ. Төр барих эрхээ атга гурил, боов боорцогны үнээр худалддаг ард түмний төр эцэстээ ийм гутамшигтай байдалд хүрч, эрээгээ бардаг юм байна.

Ийнхүү эрээ цээргүй болчихоор сэтгэл мэдрэлийн өвчтөн, эрүүгийн гэмт хэрэгтэн, бага ангийн багш, гудамжинд жагсагч, цаас эрээчигч, тэтгэврийн хөгшин, тайчигч, биеэ үнэлэгч, дөнгөж дөрөв, таван жил юу ч хамаагүй сураад сургууль төгсөгч нар хүртэл төр барьж чадна гэж орилцгоодог болдог юм байна. Тэгээд ч барьцгаадаг боллоо.

Үр дүн нь үндэстнээрээ хамгийн ядуу зүдүү, өвчин эмгэгт баригдсан, утаандаа хордсон, хогондоо дарагдсан, боловсролгүй, хөгжилгүй, ямар ч бодлогогүй, өрөнд баригдсан Монгол Улс юм.

Улс орон ийнхүү доройтоод ирэхээр ичиж, зовох алив ёсон үгүй болж, өрөм тосонд орсон өт шиг төрийн түшмэд таргалан, тэд хулгай, луйварт яг л уралдаан тэмцээн лугаа өрсөлдөж, түүнээ ил тодоор зарлан тунхаглах хэмжээнд хүртлээ ёс суртахууны доройтолд ордгийг бид зүгээр л хараад сууцгаадаг цаг ирдэг юм байна.

Гурван сая монгол хүний тал нь амьдардаг Улаанбаатар хот хэдэн сараар удирдах эзэнгүй, УИХ нь хуралдахаа байж, яам, газар даргагүй байж болдог юм санж. Улс орон ийн эзэнгүй байх  тусмаа амьдрал улам уруудан, улстөрчид өндийн бужигнаж эхэлж байгааг одоо харцгааж байна.

Гэмт хэргийн халдлагаас ганцхан жилийн дотор (2018 онд) 569 иргэн амь насаа алдсан байхад, улстөрчид утааг устгах бус бизнесийн зорилгоор улам өтгөрүүлж тэрбум тэрбумаар ашиг олж байхад, (өнгөрсөн таван жилд 750 тэрбум төгрөг зарсан атал утаа улам ихэссэн) хууль, шүүх алагчилж үйлчилж, үзэмжээр шийдвэр гаргадаг болсон байхад, улс орны гадаад өр 27.9 тэрбум ам.долларт (2018 онд) хүрч, авлига, хахуульд автагдсан байдлаараа дэлхийд хамгийн эхэнд нэрлэгдэж, хорт хавдраар хэдэн зуугаараа өвчилж, үхэж, шаналж байхад, үйлдвэр, аж ахуйн газрууд шинээр нэг ч нэмэгдээгүй байхад улс орон мундаг байлаа, хөгжиж эхэллээ гэж ярьж чаддаг эрх баригчидтай байгаа маань бидний өнөөдрийн цор ганц “бахархал” байж болох юм даа.

Бусдын бүтээсэн, хийж босгосон бүхнийг харлуулан, магадгүй бүхнээс төгс хүн гэж өөрсдийгөө бодсон улстөрчид гарч ирээд юу дуртайгаа хийж, юу дуртайгаа чалчиж, хаана л олон цугласан байна тэнд хоолойн дээд өнгөөр хашхичиж, нийгмийг хямруулж, юунд ч юм уриалдаг боллоо. Зарим нэг нь хэтэрч давраад, хэн нэгнийг буудаж устгаж болох санаагаа бүр УИХ-ын танхимд ил тод зарлахыг бид сонслоо.

• Эрдэнэтийн 49 хувийг гаднынханд худалджээ гэсэн цуу гүтгэлэг, Тавантолгойг 100 хувь гаднынханд өгөх гэж байжээ гэсэн итгэл үнэмшилгүй яриаг популистууд цаашид улам олноор “үйлдвэрлэж” чадна. 

• Нийгэм, олон түмэн харанхуй, мэдлэггүй байх тусам тохиолдлын, мэдлэггүй улстөрчдийн популизм гаардгийг бид 90–ээд оноос хойш хангалттай харлаа.

Улстөрчдийн бие биендээ өширхсөн өш хонзон ийм байдалд хүрч ирлээ. Тэгэхээр одоо яах ёстой вэ. Ямар ч үзэл бодол, итгэл үнэмшилгүй, хаашаа л бол хаашаа холбирсон, яг үнэндээ хувийнхаа агуу эрх ашгийнхаа төлөө бараг солиорсон гэмээр зарим нэгнийг дагаж, улс орон улам хямарч байна. Ийм хүмүүс өөрсдийгөө эх орончид, хувьсгалчид гэж цаг ямагт хашхирдаг эмгэгтэй байдгийг бид мэдэх болсон цаг. Тэд өдөр өдрөөр бухимдаж, тэвчээрээ барж буй ард түмний сэтгэл зүйд тохируулан хэн нэгэн хулгайч, улсын өмч, хөрөнгө идсэн уусан тухай ярьж, тэдэнтэй тэмцэн цөхөрч байгаагаа ярьдаг ганцхан сэдэвтэй байдаг.

Харамсалтай нь, ярьж байгаа шигээ өөрсдөө хулгайч, завшигчдын нэг байдаг. Гагцхүү нөгөөдүүлээсээ ялгарах тэдний ялгаа нь асуудал тулгарахад хамгийн түрүүнд амиа боддог, нөхөрлөлийн үнэ цэнгүй, эр хүний жудаг чанаргүй, ичгүүр сонжуургүй, дэндүү увайгүйгээр яаж ч хувирч, хэнээс ч урваж харин ч нэг чаддаг.

Монголд тэдгээр нөхдийн турхираад байгаа шиг хувьсгал аюултай. Яагаад ч юм өнөөдрийн улс төр гучаад оны түүхийг санагдуулах боллоо. Өмч хөрөнгө хураах, хийж бүтээж байгаа нэгнээ гаднынхантай хүчээр холбон Монголыг цөлмөх гэж байгаа тухай фантааз яриа, болж бүтэхгүй байгаа болгонд хэн нэгнийг буруутгах гэсэн хандлага илтээр цухалзаж байгаа нь ийн бодогдуулахад хүргэж байна.

Дээр өгүүлэхдээ одоо яах вэ. Хэмээн асуугаад орхисон. Уг нь ард түмэнд энэ асуултын хариулт бий. Бид үнэхээр үндсэн хуульд заасан шигээ төрийн эрхийг төлөөллөөрөө дамжуулан барьдаг эзэд мөн юм бол эзэд шигээ байх хэрэгтэй байна. Нэгэнт бидний төлөөлөл хэмээн сонгосон сонголт буруу байх аваас даруй түүнээ засах эрх ард түмэнд байх учиртай. Яагаад бид төр барих эрхээ ийн хийсвэрлэн, халтуурдаж ойлгоод, дараа нь бухимдан, ядарч зүдэрч, өөрсдийнхөө сонголтод дарлуулж байдаг юм бэ.

Улс төрийг сайн дурын уран сайханч “хог, новш”-нуудаас салгах, тэднийг хазаарлах, эрх баригчдыг цадиг замбараатай болгох, төрийн дээр сандайлах болсон улс төрийн намын амбийцийг дарж эрэмбэд оруулах, төрд жинхэнэ түшээдийг гаргаж, цэрээ цээжинд, бөөрөө бөгсөндөө байлгаж, улс орноо эмх цэгцтэй, сахилга баттай, өндөр хөгжилтэй болгох нь ард түмний ухамсар, мэдлэгээс шууд хамаардаг гэдэг билүү.

Нийгэм, олон түмэн харанхуй, мэдлэггүй байх тусам тохиолдлын, мэдлэггүй улстөрчдийн популизм гаардаг болохыг бид 90-ээд оноос хойш хангалттай харлаа.

Монголын бүтэлгүйтэл бүхэн ганц хүнтэй холбоотой хэмээх туйлшрал, Эрдэнэтийн 49 хувийг гаднынханд худалджээ гэсэн цуу гүтгэлэг, Тавантолгойг 100 хувь гаднынханд өгөх гэж байжээ гэсэн итгэл үнэмшилгүй яриаг популистууд цаашид улам олноор “үйлдвэрлэж” чадна.  Монголын Улс төр дэх хамгийн том эмгэг өвчин энэ юм.

Төрийн ордон, гудамж талбай болон хаана ч тэр өнөөгийн улстөрч, төрийн түшээд хэмээх эрхмүүд ард иргэдтэй таарах, зөрөх бүрийдээ сүү долоосон гөлөг шиг гөлөлзөн, бушуухан холдохын түүс болж явдгийг бид мэднэ. Тэдний хэн нь ч бусадтай саатан нүүр бардам ярьж чаддаггүйн учир юу билээ. Шалтгаантай болохоор тэр биз.

Гагцхүү Монголын эрх баригчид, эрхэм түшээдэд маань ийм үнэ цэнгүй, ард түмнээсээ өчүүхэн ч хүндлэлгүй байх нь ичгүүртэй санагддаггүй бололтой. Тэд тэгээд хэр удаан тэсэж чадах бол оо.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Монополь компаниудад чиглэсэн өрсөлдөөний хуулийн шинэчлэл

Эрх зүйн орчин нь зах зээлийн харилцаанаасаа арван жилээр хоцорчээ

 0 сэтгэгдэл


Шатахуун түгээх станцууд АИ-92 бензинээ дарж, шатахуун авах гэсэн жолооч нар уртаас урт дараалал үүсгэж асан өдрүүд яг жилийн өмнөх. Онцгой албан татвар нэмснийг эсэргүүцсэн монополь импортлогчдын энэ үйлдэл Монголын засаг төрийг тэвдүүлж, ард иргэдийг бухимдуулж чадсан юм. Эцэстээ Засгийн газар импортлогчдод бууж өгөн зарим төрлийн шатахууны татварыг тэглэснээр байдал намжиж байв. Энэ бол өрсөлдөгчгүйгээр зах зээлд тоглолт хийдэг монополь компаниудын үйл ажиллагааг зохицуулах бодит шаардлага бий болсны нотолгоо.

Зөвхөн шатахуун төдийгүй Монголын бизнесийн олон салбарт монополь зарим тохиолдолд бүр олигополь болж ноёрхдог нь нууц байхаа больсон. Бизнесийн орчны эрүүл, шударга өрсөлдөөнийг зохицуулдаг шударга бус өрсөлдөөнийг зохицуулах тухай хуулийг 2010 онд баталсан. Тухайн үед Монгол Улсын төсвийн орлого 2.3 их наяд төгрөг байсан бол өнөөдөр /2019 оны баталсан төсвөөр/ 9.6 их наяд төгрөгт хүрээд буй. Энэ бол зөвхөн төсвийн үзүүлэлт бөгөөд, бизнесийн маш олон салбарт шинэ тоглогчид төрж, тэлж, томорч байгааг илтгэнэ. Зах зээлийн харилцаа нь ийн гүнзгийрч байгаа ч арван жилийн өмнөхөөрөө байгаа эрх зүйн орчныг нь ирэх хаврын чуулганаар шинэчлэн найруулахаар парламент зэхэж байгаа юм. Өрсөлдөөний тухай хуулийн төслийн гол шинэчлэл нь дээр өгүүлсэн давамгай үйл ажиллагаатай компаниудад чиглэж байгаа аж.

МОНОПОЛЬ ЭСЭХИЙГ НЬ УРЬДЧИЛАН ТОГТООХГҮЙ

Юуны түрүүнд зах зээлд шударга өрсөлдөөнийг боомилсон, хэрэглэгчийг хохироосон давамгай байдалтай аж ахуйн нэгжийг хэрхэн тодорхойлохыг тусгажээ. Одоо байгаа хуулиар монополь аж ахуйн нэгжийг урьдчилсан байдлаар тогтоохоор зохицуулсан. Тэгэхээр Монголд байгаа 80 орчим мянган аж ахуйн нэгжийг үйл ажиллагаа явуулж байгаа салбар бүрээр нь давамгай байдалтай эсэхийг тогтоох ёстой болдог. Энэ нь хүн хүч, цаг хугацаа, хөрөнгө мөнгө  ихээхэн шаарддагаас гадна бодит байдалд хэрэгждэггүй. Харин шинэ хуулиар өрсөлдөөнийг бодитоор хязгаарлаж, хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан эсэхийг тогтоох явцдаа давамгай байдалтай байгаа эсэхийг тогтооно.

Хөөн хэлэлцэх хугацааг 3-5 жил байдагтай нийцүүлнэ

Харин урьдчилан тогтоож байгаа ач холбогдолгүй бөгөөд бараг шаардлагагүй ажлыг хуулийн орчноор халах аж. Өөрөөр хэлбэл зөвхөн зөрчлийг хянан шалгах явцдаа л тухайн аж ахуйн нэгж монополь эсэхийг тогтоодог болохоор хуулийн төсөлд тусгажээ.

НЭГДЭН НИЙЛЭХ БҮХ ПРОЦЕССЫГ ШӨХТГ ХЯНАНА

Дараагийн өөрчлөлт компаниудын нэгдэн нийлэх, өөрчлөгдөх үйл явцад хамаатай. Зарим монополь тоглогчид өрсөлдөгчөө өөртөө нэгдэн нийлэх шахалт үзүүлэх, эсвэл ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компанитай нэгдэх байдлаар өөрчлөн зохион байгуулагдаж монополь компани болдог. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар монополь компани гэдгийг нь урьдчилан тогтоосон аж ахуйн нэгж бусад компанитай нэгдэн нийлэх, өөрчлөгдөх, эсвэл ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компанийн энгийн хувьцааны 20-иос дээш хувь, давуу эрхийн хувьцааны 15-аас дээш хувийг худалдан авахад шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас “Энэ нь зах зээлд сөргөөр нөлөөлөх эсэх” дүгнэлт гаргуулдаг. Гэвч давамгай аж ахуйн нэгжийн тоонд ордоггүй хэд хэдэн компани нэгдэн нийлэх үйл ажиллагаа явуулахад зах зээлд хэт төвлөрөл бий болох тохиолдол гарч байсан юм. Энэ нь улмаар өрсөлдөөнийг хязгаарладаг аж.

Тиймээс хуулийн этгээд нэгдэн нийлэх гэж байгаа бол монополь эсэхээс үл хамааран шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандан өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөх эсэх дүгнэлт гаргуулдаг байхаар төсөлд тусгасан байна.

ЗӨРЧЛИЙГ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГ НЭМНЭ

Монополь компаниуд хуйвалдан зах зээлд шударга бус өрсөлдөөн бий болгодог зөрчил дийлэнхдээ л нууц, далд байдлаар үйлдэгддэг. Харин үүнийг хянан, шалгах ажиллагаа бас л нууц, далд байдлаар хийгдэх ёстой. Гэтэл төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу хяналт шалгалт хийх талаар шалгуулагч этгээдэд урьдчилан мэдэгддэг нь үр дүнгүй болгодог.

Түүнээс гадна энэ төрлийн зөрчлийг хөөн хэлэлцэх хоёр жилийн хугацаа нь хүрэлцдэггүй. Олон улсын дунджаар ийм зөрчлийг хөөн хэлэлцэх хугацааг 3-5 жил байдагтай нийцүүлэхээр хуулийн төсөлд тусгасан байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сангуудаас илэрсэн зөрчлийг ирэх долоо хоногт дэлгэнэ

Засгийн газрын өр ДНБ-ий 74 хувьд хүрснийг 62 хувь болтол бууруулсан

 0 сэтгэгдэл


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын сангуудыг татан буулгахтай холбоотой болон ОУВС-гийн санхүүжилтийн хөтөлбөрийн тухай сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

-Өнгөрсөн сарын сүүлээр ОУВС-гийн төлөөлөгчид манай улсад ирж ажилласан. Тэд ямар дүгнэлттэй буцсан бэ?

-ОУВС-гийн ажлын хэсэг манай улсад ирсэн. Тэд “Монголын Засгийн газартай хамтарсан ажлууд үр дүнтэй болсон” гэж дүгнэсэн. Тухайлбал, Монголын эдийн засгийн өсөлт долоон хувьд хүрэхээр байгаа. Энэ нь зөвхөн эдийн засгийн бодлого тогтвортой тууштай байснаас гадна төсвийн сахилга бат, хариуцлага дээшилсэн, хөрөнгө оруулалтыг дэмжсэн, Засгийн газрын өрийг бууруулсан зэрэг нь нөлөөсөн гэж үзсэн. Монгол Улсын Засгийн газрын өр ДНБий 74 хувьд хүрээд байсныг бид 62 хувь болтол бууруулсан. ОУВС-гийн ажлын хэсэг тус сангаас хөтөлбөр хэрэгжүүлж буй орнуудаас Монгол Улстай хамтарсан хөтөлбөр хамгийн амжилттай байна гэж дүгнэсэн.

-Тэд мөн Монголбанкны удирдлагуудтай уулзсан гэсэн. Уулзалтаар ямар асуудал хэлэлцсэн бэ?

-Арилжааны банкуудын AQR үнэлгээтэй холбоотой хийсэн ажлуудаас тодруулах зүйлс байна гэдгийг ажлын хэсгийнхэн Монголбанктай уулзсаны дараа хэлсэн. Тэр нь арилжааны банкууд дүрмийн сан, өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай байгаа гэсэн үг. Тэгэхдээ нэмэгдүүлсэн хөрөнгийн эх үүсвэр хаанаас гарсан, цэвэр эсэхийг тайлагнах хэрэгтэй юм.

-Ойрын хугацаанд Засгийн газраас гадаадын байгууллагуудад төлөх өр бий юу?

-2019, 2020 онд Засгийн газарт гадаад өрийн дарамт бага байгаа.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих 500 гаруй тэрбум төгрөг бэлэн байгаа

-Тусгай сангуудыг шалгасан дүнг Засгийн газрын хуралдаанд яагаад танилцуулахгүй байгаа юм бэ?

-Засгийн газрын 29 сан дээр Сангийн яамнаас тодорхой арга хэмжээ авахаар төлөвлөчихсөн.  Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар төлөвлөсөн байсан ч ХХААХҮ-ийн сайдын эрхлэх хүрээний зээл олгодог гурван сантай холбоотойгоор хойшлуулсан. Салбарын сайд нь гадаадад томилолттой байгаа учраас ирэхээр нь танилцуулах нь зөв гэж шийдсэн юм. Ер нь татан буулгах сангууд байна. Үйл ажиллагааг нь сайжруулах шаардлагатай сан ч байна. Хамгийн гол нь дээрх сангуудын үйл ажиллагааг ил тод болгох шаардлагатай. Нэг сангаас зээл аваад нөгөө санд тушаадаг байдал ч илэрсэн. Тиймээс олгосон бүх зээлийн мэдээллийг Монголбанкны Зээлийн мэдээллийн санд бүртгэх шаардлагатай байна. Энэ мэтчилэн зохион байгуулалтын ажлыг хийж цэглэх зайлшгүй шаардлагатай олон сан байгаа. Нэлээд хэдэн санг татан буулгана. Энэ талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулсны дараа дэлгэрэнгүй мэдээлнэ.

-ЖДҮХС-г татан буулгах гэж байгаа учраас төсвөөс мөнгө хуваарилаагүй юм уу?

-Тус сангийн үйл ажиллагаа болохгүй байгаа учраас 2018, 2019 онд төсвөөс мөнгө суулгаагүй юм. Учир нь төсвөөс олгосон мөнгөнөөс зээл олгоод, өмнө нь өгсөн эргэлтийн хөрөнгөнд анхаарал бага хандуулж байсан. Үүнийг цэгцэлсний дараа төсвөөс мөнгө олгохгүй бол үр дүнгүй зүйлд зарцуулчих гээд байсан л даа. Уг нь жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд хангалттай их мөнгө бий. ЖДҮХС-д 300 гаруй тэрбум төгрөг эргэлдэж байгаа бол “Жайка”-гийн хоёр үе шаттай 150 сая ам.доллар, Азийн хөгжлийн банкны мөнгө гээд 500 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэр бэлэн бий. Үүнийг л зөв ашиглаач гэдэг саналыг Сангийн яамнаас Засгийн газрын хуралдаанд оруулахаар бэлдчихсэн.

-ЖДҮХС-гийн зээл буух эзэн буцах хаягтай. Харин бусад сангийн хөрөнгө хариуцах эзэнгүй зарцуулсан зүйлс байна гэж яригдсан. Тухайлбал, ямар сангийн хөрөнгө ийм байдалтай байна?

-Шалгалтын дүнгээ ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанд танилцуулсны дараа нээлттэй дэлгэнэ. Тэр үед нь ямар зөрчлүүд байгааг олон нийт мэдэх боломжтой. Магадгүй бидний олж хараагүй зөрчлүүдийг ч гаргаж ирэхийг үгүйсгэхгүй. Тэр тохиолдолд Засгийн газар шуурхай арга хэмжээ авах байх.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ургийн гаждалтай төр

Манай улс парламентын тогтолцоотой гэдэг нь худлаа

 0 сэтгэгдэл


Ургийн гаждал гэдэг нь “situs inversus” гэдгийн гайхамшигтай орчуулга, эмнэл зүйн салбарт бараг энэ хөрвүүлгээр явж байгаа түлхүүр утга (инекстерм) юм. Эмнэл зүйн нэр томьёоны 2004 оны эмхэтгэлд “гаж урвалж” гэдгээр орсон. Орчин цагийн нийгэм зүйд энэхүү ойлголт нэлээд хэрэглэгдэх болсон, үндсэндээ нийгмийн сэтгэл зүй гэдэг шинэ шинжлэх ухааны чухал нэр томьёо болон тогтлоо. Нийгмийн хөгжлийн зүй тогтлоос гажсан үзэгдлийн гарвал, эх сурвалжийг хэлээд байна л даа.

Сүүлийн жилүүдэд манайд нэлээд даамжирсан төрийн хямрал нь мөчлөгийн үзэгдэл юм, гэхдээ ардаа ямар нэгэн эх сурвалжийг хадгалсан, тов тодорхой угшилтай байгаа нь ойлгомжтой харагддаг. Энэ нь одоо мөрдөгдөж яваа үндсэн хууль мөн гэдгийг шууд хүлээн зөвшөөрөх ёстой. Энийг зоригтойгоор хэлэх ч ёстой. Асуудалд ингэж хандах нь энэ үндсэн хуулийг цаашид удаан байлгаж болохгүй, хямрал дахин дахин давтагдсаар байх болно гэдгийг ойлгоход дөхөм болгоно. Өнгө заслын хувьсгал гэж байхгүй, нэгэнт л хувьсгал хийхээр зорьсон бол углуургаар нь биш үндэс сууриар нь чанарын өөрчлөлт хийж, шинэ тогтолцоо, системийг бүтээн байгуулах ёстой юм. Ингэж гэмээ нь хөгжлийн чиг шугам зөв голдиролдоо орж, улмаар шинэ зам дурайх болно. Мэдээж хүндээ байна гэцгээн хүнээ солиод эхэлчихлээ, гэхдээ зэрэгцүүлээд тогтолцоогоо өөрчлөхгүйгээр чанарын өөрчлөлт гарах уу. Тогтолцоог өөрчлөхөд хамгийн их чөдөр тушаа тээг болж байгаа юм бол сэтгэлгээний хоцрогдол мөн. Нийгэм зүйн чухал чухал түлхүүр утгыг буруу зөрүү ойлгон, түүнийгээ эрх зүйн орчинд шургуулж, нийгмийн сэтгэлгээнд тулгаж байгаа нь зөндөө, энэ ч гэсэн төрийн тогтолцооны гажуудал. Тэр их хоцрогдлыг хадгалан үргэлжлүүлээд байгаа ай сав нь тогтолцоо.

“УЛСТӨРЧИД ОЙЛГОЛТЫН ЗӨРҮҮНЭЭСЭЭ ГАРЧ ЧАДАХГҮЫ БОЛ ЮУ Ч ШИНЭЧЛЭГДЭХГҮЙ"

Манай улс парламентын тогтолцоотой гэдэг нь худлаа. Парламентын тогтолцоотой орон гэхээр хаант засаглалтай, парламентын сонгодог тогтолцоотой Их Британийн жишгээр явж байгаа Норвег, Швед, Канад, Австрали, Дани, Голланд, Люксембург, Тайланд, Шинэ Зеланд зэрэг 17 орныг хэлнэ. Дээр нь парламентын бүгд найрамдах улс гээд Герман, Итали зэрэг цөөхөн орон бий. Гэхдээ Герман өөрийгөө парламентын эрх давамгайлсан холимог тогтолцоотой улс гээд тунхаглачихсан. Итали бас Ерөнхийлөгчийн эрх давамгайлсан холимог тогтолцоотой улс гэдгээ зарласан. Ийнхүү жишиг болгоод дуурайчихаар парламентын БНУ бараг үлдсэнгүй. Монгол Улс бол засаглалын холимог тогтолцоотой орон, гэхдээ Ерөнхийлөгчийн эрх давамгайлсан (semipresident) байх уу, эсвэл парламентын эрх давамгайлсан канцлерын засаглал байх уу гэдгээ тунхаглаагүй юм билээ. НҮБ аливаа улс оронд ямар засаглал байхыг заадаггүй, гэхдээ ямар засаглалтай байгааг бүртгэдэг. Парламенттай улс орнуудын жагсаалтад Монгол Улс байгаа, гэхдээ парламент давамгайлсан БНУ, эсвэл Ерөнхийлөгчийн эрх мэдэл түлхүү байх БНУ гэдгээ албан ёсоор зарлаагүй учир НҮБ-ын нарийвчилсан бүртгэлд манай улс багтаж чадахгүй явсаар өнөөг хүрчээ. Ийм байхад, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаас эхлээд хэд хэдэн гишүүн яагаад, ямар зорилгоор “манайх парламентын засаглалтай орон” гэж тоть шиг давтаж суудаг юм бэ. Мэдлэггүй, юм үзээгүй тал байдаг л байх, гол нь парламентаар түрээ барьж намын жанжлал (гегемони)-ыг барих гэсэн aрга саам юм уу гэж бодож явдаг. Энэ бол ойлголтын маш том зөрүү. Монгол Улс холимог тогтолцоотой орон, гэхдээ юуг, яаж, юутай хольчихсон нь мэдэгдэхгүй, учир нь тайлагдахын аргагүй болчихсон, зориудын санаа сэдлээр хутгаад хольчихсон, үндсэн хуулийн сул талыг ашиглан босгосон олигархийн тогтолцоотой улс гэдгийг дахин хэлье! Энэ бол хардлага биш үнэн үг, ардаа аргументтай, хөдөлшгүй үндэслэлтэй дүгнэлт.

“ЗАСГИЙН ЭРХ БАРИГЧ НАМ" ГЭДЭГ НЬ МОНГОЛЧУУДЫН ЗОХИОСОН ХИЙСВЭР НЭР ТОМЪЁО МӨН

Ийм ухагдахуун нийгэм зүйд байхгүй, засгийн эрхийг нам нь барих ёстой юу. Мэдээж үгүй. Эрүүл саруул улс орнуудад нам нь төр засгийн байгууллагыг удирдах нь бүү хэл оролцдоггүй. Герман, Франц зэрэг орнуудад сонгуулийн бус жилүүдэд төрийн үйл ажиллагаанд нам оролцохыг хуулиар хориглосон байдаг. Парламент дотор үзэл баримтлал, бодлогоор нэгдсэн фракциуд байхаас намын бүлэг гэж инээдтэй субъект байхгүй. Энэ ч бас л үндсэн хуулийн гажуудал. Харьцангуй түргэн хөгжиж байгаа улсуудын парламентад боловсон хүчний томилгоо хийгээд балайраад суух зав байдаггүй, манайд бол урвуугаар. Томхон компанийн хүний нөөцийн газрын ажил хийгээд, томилогдож байгаа хүмүүст захиа даалгавар дайгаад сууж байдаг хөгжилтэй парламент манайхаас өөр ямар ч оронд байхгүй. Чуулган хуралдах үедээ ихэнхдээ парламент биш намын өргөтгөсөн хурал гэж харагддаг, тийм л байх ёстой мэтээр ард иргэдийнхээ тархийг зад угаадаг. Энэ ч бас үндсэн хуулийн алдаа, тогтолцооны гажуудал, ойлголтын том зөрүү.

УЛС ТӨРИЙН НАМ ГЭДЭГ НЬ ОЙЛГОЛТЫН ГАЖУУДАЛ

Орос хэлнээс “политика” буюу “бодлого” гэсэн утгатай агуулгыг улс төр гэж ташаа орчуулснаас үүдсэн солиорол. Улс төрийн нам гэж ойлголт монголоос өөр хаана ч, ерөөсөө байхгүй, улс төрийн клуб гэж бий, бодлогын нам гэж бас бий, угаас нам бол язгуураараа бодлогын институт юм. Улс төрийн гэдэг тодотгол гагцхүү төрд хамаатай, улс төрийн бодлого бол төрийн бодлого, зөв нь энэ. Бүр сүүлдээ намын хэсэг бүлгийн тохиролцоогоо “улс төрийн шийдвэр” хэмээн жанжин малгай өмсгөж байгаад төрд тулгадаг болсон. Соёл иргэншилтэй улс орнуудад улс төрийн шийдвэр гэдэг ухагдахуун хэрэглэх нь бий, гэхдээ тэр нь намын биш дандаа төрийн шийдвэр байдаг юм. 

Энэ мэтээр ойлголтын зөрүү маш их байна, энийг би нийтлэл болгондоо хэлж байгаа, цаашид ч хэлсээр байх болно. Гаждалтай үндсэн хуулиа даган гажуудалтай үйл ажиллагаа хөврөнө. Гажуу төрийн гаргасан шийдвэр болгон гажиг, логикоор ингэж л ойлгогдож байна. Тиймээс ядаж 1997 оноос хойш үйлдвэрлэгдсэн, ялангуяа уул уурхайтай холбогдож гарсан бүх хууль, эрх зүйн актуудад хөндлөнгийн эксперт оруулан заалт нэг бүрээр нь эргэж харах ёстой. Энэ бол нүсэр ажил, гэхдээ улс орон ард түмнийхээ нийтлэг эрх ашгийг намын ашиг сонирхлоос дээгүүр эрэмбэлэх зарчмын үүднээс заавал хийх ёстой ажил мөн.

ХУВИЙН БОЛОН ХЭСЭГ БҮЛГИЙН ЭРХ АШГАА НИЙТЛЭГ ЭРХ АШИГТ ЗАХИРУУЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЮУ Ч ШИНЭЧЛЭГДЭХГҮЙ

Манайд, хувийн болон хэсэг бүлгийн ашиг сонирхлууд өөр хоорондоо уралдаж, уралцаж нийт улсын эрх ашиг хаягдаж байна. Аливаа сонирхлуудыг эрэмбэлэхгүйгээр ардын ардчилал гээч юм орж ирэхгүй гэдгийг эх оронч Санжаасүрэнгийн Зориг агсан анхааруулан хэлж байсан. Хэдэн хүн цуглаж суугаад нам байгуулах зохиол бичдэг. Аймаар сүрдмээр уриа лоозон гарган тунхагладаг, тэр урианыхаа чухам утгыг өөрсдөө ч сайн мэддэггүй. Бусад намуудын ажиллагааг шүүмжилж, хүмүүсийг нь долоон уулын цаагуур далд ортол нь гоочилдог, унагадаг, өөрсдийгөө элдэвлэн магтаж тодрохыг эрмэлздэг, ердөө энэ. Зүй нь бол намууд иргэний хөдөлгөөн дундаас тодорч гарч ирэх ёстой л доо. Намын тэмдэг духан дээрээ наачихсан сект маягийн хэсэг бүлгүүд, жаахан сэхээд ирэхээрээ хулгай хийгээд эхэлдэг. Хулгайн сангаа, эвтэй байхад хүчтэй гэцгээн төсвөөс босгоно, дараа нь хөрөнгийг нь хуваах дээрээ түнжин хагарч уралцана, биесээ илчилнэ түмний дунд булайгаа дуудалцана. Уучлаарай гэж сулхан дуугараад хариуцлагаас мултарна, дараагийнхаа идүүрийг зохион бүтээх ажилдаа ханцуй шамлан орно.

Төсөл, хөтөлбөрүүд ч ялгаагүй өөрийн технологитой. Эхлээд асуудал үүсгэнэ. Малаа зориудаар өвчлүүлнэ, мал эмнэлгийн хөтөлбөр байгуулж хөрөнгө төвлөрүүлнэ. Агаарын бохирдлыг бодлогоор бий болгоно, гамшиг зарлаад хэдэн зуун тэр бумын төсөл, хөтөлбөр хийж хөрөнгө зарлагадна. Сургуулийн хүүхэд турж үхэх гэж байгаа юм ярьж байгаад зөв хооллолт нэрийн дор нэг олигархид зах зээл бэлдэж өгнө. Банкнуудын талаар сайн хэлэх юу ч байхгүй, иймэрхүү байдлаар ард түмний тавлаг орчин, иргэний нийгэм энээ тэрээ нь хоосон лоозон болоод үлдэнэ. Нэг хулгайчийг хөөгөөд явуулж болно, гэхдээ нөгөө дордсон хулгайч нь оронд нь суугаад хулгай луйврын технологио үргэлжлүүлнэ, бодит байдал гэвэл ийм л байна. Энэ чөтгөрийн тойргоос гарах цорын ганц арга нь тогтолцоог дээр доргүй өөрчлөх реформ юм.

ТОГТОЛЦООГ ӨӨРЧЛӨХГҮЙГЭЭР ЮУ Ч ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ

Tогтолцоо гэдэг ухагдахууныг мэдээж явцуу утгаар нь авч үзэх шаардлага байгаа. Ухаандаа төрийн тогтолцоо гэхээр явцуу утга, гэхдээ тэнд үнэхээр том том асуудлууд хуримтлагдсан нь үнэн. Энэ нь яах ч аргагүй үндсэн хуулиар тавигдчихсан байгаа юм. Монтегьёгийн үндэслэлээр бол төрийн гурван өндөрлөг гэдэг нь гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглал,  шүүх засаглал байх учиртай. Гэтэл Монголд энэ зарчмыг хялбарчлаад Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэчихээд шүүх засаглалаа Цэцтэй нь базаад уих нь хармаандаа хийчихсэн тогтолцоо. Өндөрлөгүүд нь үүрэг функцээ хувааж эдэлдэг, биесээ тойруулан хянах тогтолцоотой, нэгдмэл удирдлага гэж юм байхгүй. Үндсэн хуулиар тогтоочихсон энэ завхарсан системийн уршгаар төрийн өндөрлөгүүд эрх мэдлээ булаалдан, зарим нь суудалтайгаа үхэлдэн зууралдаж төр бүхэлдээ хямарлаа. Төр нь нийгмийн хөгжил дэвшил, ард түмний амьдралын тавлаг орчин бүтээн байгуулахад түүчээ болж явахын оронд урвуугаар чөдөр тушаа болон чулуун овоо шиг лаглайна. УИХ нь рационал мэдлэггүй, томилгоо, хэрүүл хоёроос өөр ажилгүй, Ерөнхийлөгч нь бас нэг ажилгүй билэгдэл, ЕС нь шуурхай ажиллах гэхээр эрх мэдэлгүй, нөгөө тэнэг 76-гийнхаа дарамт дор...ийм хошин шогийн тогтолцоо байж болох уу. УИХ-ын дарга огцорсон ч хуримтлагдсан асуудлууд шийдэгдэхгүй дахиад л сунжрах төлөвтэй, энэ нь төрийн гаж тогтолцоотой зайлшгүй холбоотой юм. Toгтолцоогоо өөрчлөхгүйгээр урагшлах зам хаалттай байна, дахиад л хажуу тийшээ заримдаа арагш ухрах нөхцөл бодитоор оршсоор байна.

Монгол Улс засаглалын холимог тогтолцоотой орон

Гүйцэтгэх засаглал нь бие даан улс орноо удирддаг, хийсэн үйлдэл алдсан хариуцлагынхаа төлөө ард түмний шүүлтээр ордог, ийм эрүүл тогтолцоотой орнууд түргэн хөгжиж байна. Манайх болохоор парламент нь улсаа, эдийн засгаа, Засгийн газраа, төрийг бүхэлд нь удирдах гэж зүтгээд байдаг нь үнэхээр явуургүй, үүнээс болж л төр бүхэлдээ хямарч байна. УИХ бол намын байгууллага шүү дээ, нам нь төрийхөө дээр торгон олбог дэвсэж суучхаад мэдлэггүй хэдэн битүү баагий том том юм яриад суудаг тогтолцоотой улс гэж дэлхийд байхгүй. Монгол Улс, юм бүхнээр сүүл барьж, муугаар дуудуулж, ард түмнээ ичгүүртэй байдалд оруулсаар байгаагийн чухам учир нь энэ. Зүгээр л УИХ-д гарч ирсэн 76-гийнхаа мэдлэг, ёс зүй амнаас нь унаж байгаа үгийг л тогтоод харчих, бүх зүйл ойлгогдоно. тэд ард түмний шилдгийн шилдгүүд мөн үү. Ийм юмнуудын гаргасан хууль ямар байх вэ?

Эдийн засгийн тогтолцоонд ч асуудал байгаа. Тэр нь стратегийн чиг шугамаа зөв тодорхойлоогүйгээс үүдэлтэй. Хөгжлийн өнөөдрийн өндөрлөгөөс эргээд харахаар эдийн засгийн хөгжлийн чиг шугамаа зориуд алдаатай тогтоосон нь ойлгомжтой байдаг, хувийн ашиг сонирхол хавчуулагдсан байхыг ч үгүйсгэхгүй, одоо ч түүнийгээ засахгүй байгаа нь ардаа түмэн учир шалтгаантай. Монгол Улсын эдийн засгийн стратеги нь уул уурхай, ингэж  л тогтоосон. Хойд хөршийнх болохоор зам тээвэр, Германых болохоор технологийн дэвшил, Францынх иргэдийн тавлаг орчин, Австри улсын стратегийн шугам нь хүүхдийн ирээдүйн амьдрахуйн даатгал гэх мэтээр соёл иргэншлийнхээ түвшнээс шалтгаалан янз бүр байна. Улс  орныг хөгжүүлэх стратеги нь эдийн засгийг тэлж тавлаг орчин бий болгох биш, урвуугаар, өрхийн үйлдвэрлэлийг дэмжин иргэдээ орлоготой болгосноор эдийн засгаа хөгжүүлэх гээд тунхаглачихсан улс орнууд ч байна, тухайлбал Скандинавын орнууд. Тэнд бидний туулаад өнгөрсөн социализмыг байгуулж байна. Соёл иргэншлээр дэлхийн дээвэрт гарчихсан орнууд гэгддэг. Уул уурхайн бүтээгдэхүүний орлого ихэнх нь монгол банкаар дамждаггүй, дамжлаа ч шударга хуваарилагддаггүй, хулгайд идэгдчихсэн байдал нь стратеги юм шиг л байдаг. Стратегийн орд гэхээр хэдэн олигархийн идүүр мэтээр ард түмний сэтгэлгээнд тусдаг. УИХ дээр л чухал царайлан “стратегийн орд” гээд яриад байдаг, жирийн иргэдэд тэр нь хулгайн газар л гэж ойлгогддог юм. Эрдэнэт, Оюутолгой, Таван толгойг 28 жил “стратегийн” гэсээр байгаад тавиад туучихаа биз дээ. Стратегийн гэдэг нь монголоор “хулгайн” гэсэн утга болж хувирсан.

Тогтолцоог том зургаар нь, түгээмэл талаас нь бас харж болно. Энэ нь аймгууд, салбарын тогтолцоо юм. Засаг захиргааны хуваарь өөрчлөгдөөгүй маш удаж байна, шинэчлэл хүрээгүй талбар гэвэл энэ байна. Сонгуулийн тойргуудаа муж болгон цөөлөхөөс нааш олигтой өөрчлөлт гаргахгүй нь ойлгомжтой боллоо. Польш улс, социализмыг халсан тэр даруйдаа 46 аймгаа цөөлөн 13 муж болгон томсгосон, маш зөв байсан нь амьдрал дээр нотлогдчихлоо. Манайх тэр жишгийг аваад хэрэглэж яагаад болохгүй гэж. Аймгууд төсвөөс хараат байдаг явцуу эрх ашгийг арилгаж мужуудын бие даасан регионал бодлого нь стратеги болон хэрэгжинэ, улс түүнийг дагаад хөгжинө.

Салбаруудын тогтолцоо бүр замаа алдсан. Жишээ нь, эрүүл мэндийн даатгал нь эрүүл мэндийн салбарынхаа мониторинг болж явдаг, аль ч улсад тийм. Гэтэл манайд сайдыг хянах ёстой систем нь сайдынхаа гарт төвлөрчихсөн, мэргэжлийн бус сайд толгой хаялаа л алхаж явна, үр дүнд нь ард иргэд эмийнхээ үнийг даатгалаар төлж чадахгүй байна. Ингэж болдог юм уу. ЭМИЙН салбарын нэг мэргэжилгүй сайд нийт ард түмний эрүүл мэндийн даатгалаар тоглоод толгой хаялаад сууж болдог юм уу. Хувийн сургуулиар, мөнгөөр эмч бэлтгэдэг систем Монголоос өөр хаана байна, ийм байж таарах уу. Эмч гэдэг нь хүн алахын тулд биш, үхэх гэж байгаа хүнийг аврахын тулд бэлтгэгдэн тангараг өргөдөг мэргэжил биз дээ. Анагаахын хувийн дээд сургууль төгссөн эмч нарын онош яаж тавьдгийг УИХ-ын гишүүн А.Сүхбат нэг удаа хатуу хэлж байсан даа. Гишүүн үнэн хэлсэн, ард түмний дунд байдаг л яриа.

Ажил хийж чадахаа болиод тамирдаад ядраад ирэхийн үедээ авч хэрэглэнэ дээ гээд ард иргэд хуруу хумсаа хуйхлан, шүд зууж байгаад хэд гурван төгрөг нийгмийн даатгал нэрээр хуримтлуулж төрдөө итгэн хадгалуулдаг. Хаана байна тэр их мөнгө. Үе үеийн нийгмийн сайд нараас яагаад энийг асуухгүй байна. Нийгмийн даатгалын сангийн өр нь их наяд руу дөхөж яваа юм байна, засаг түүнийг нь хөдөлмөр эрхлэгчдийн татвараар төлдөг гэнэ ээ. Ийм юм байж болдог юм уу? Нийгмийн даатгалын институт нь арилжааны банкуудад зээл олгодог, тийм аймшгийн хэрэг гарчээ, хэн ч энийг ярихгүй байгаагийн ард нь хэн байна. Энэ бүхэн нь босоо тэнхлэгт байгаа тогтолцооны гажуудал. хүнийг нь огцрууллаа ч өөр нэг хулгайч орж ирээ л давж хулгай хийнэ, эцэс төгсгөлгүй процесс давтагдана.

СУУРЬ ШИНЭЧЛЭЛ БОЛ ТОГЛООМ ТОГЛОЛТ БИШ

Mонголчууд улс төрөөр их тоглодог болсон байна, тоглоод сурчхаж, түүндээ гаршчихаж. Муушиг тоглож байгаа юм шиг л хэдэн залуу нийлээд “битүү орноо” хэмээн хаачдаг болж. Залуучуудын битүүрдэг газар төр юм уу. Зарим нь их идсэний дараа өнжиж хэсэг чимээгүй байснаа нөгөө л дадсан сурсан зангаараа өрвөлзөөд, буцаад ороод ирнэ. Улс төр бол хувийн явцуу сонирхлыг гүйцэлдүүлдэг бэлэн сайхан талбар биш шүү дээ, мэдээж хэвэндээ эвэндээ орох нь гарцаагүй, ийм цаг ирж байна. Үүний тулд л суурь шинэчлэл хийх ёстой болж байна. Гэхдээ дүгнэлтийн энэ хэсэгт хэдэн зүйлийг чухалчлан хэлье.

1. Суурь шинэчлэл бол тоглоом биш. Яарч адгах хэрэггүй, одоо байгаа парламентыг тараагаад ард түмний ч гэнэ үү,ардын ч байг хамаагүй, хайш яайш тогтолцоог босгох гэж оролдвол, тэр нь босохгүй. хуучныг зайлуулж баталгаатай орчин эхлээд бий болгох нь чухал. Хуучин нөхцөлийг нураахгүйгээр шинийг цогцлоох боломжгүй гэдгийг агуу гегель хэлчихсэн юм. Шинэ тогтолцоог босгохын тулд хуучин тогтолцооны суурь фундаментыг эвдэж бүрэн нурааж дуусгах ёстой, энэ бол цаг зүтгэл шаардсан нөр ажил.

2. Ямар ч концепцигүйгээр шинэ тогтолцоог босгох арга байхгүй. Юу хийх гээд байгаагаа мэдэхгүй, онолын баримтлал байхгүй, ихэнхдээ мэдлэггүй хэдэн ойворгон залуус нийлж нам байгуулчхаад хүн бүхнийг юм бүхнийг шүүмжлээд, бид илүү шүү гээд цээж хагсаа дэлдээд орилоод байснаар шинэ тогтолцоо босохгүй ээ. Суурь шинэчлэл бол шинэ үзэл баримтлал.

3. Гүйцэтгэх засаглал үүргээ сайн хэрэгжүүлж, үүрэгтээ тохирсон эрх эдлэх нь хөгжлийг авчрах хамгийн зөв тогтолцоо гэдгийг түргэн хөгжиж чадаад байгаа улс орнууд харуулчихлаа.  Энийг дахин дахин хэлмээр байна. Улс орон ард түмэн эзэнтэй байх ёстой юм байна, нэгдмэл удирдлагатай байх нь зөв юм байна гэдгийг нийгмээрээ мэдээд авлаа. Тэгэхээр одоо ерөнхийлөгчийн хагас маягийн (semipresident) төртэй байх уу, эсвэл канцлер байдлаар ЕС-ын эрх мэдлийг өргөөд үндсэн ачааллыг үүрүүлээд явах уу гэдгээр референдум хийх ёстой, ард түмнээсээ асуух нь зүйтэй. Маш өндөр мэдрэмжтэй ард түмэн шүү дээ.

4. Гүйцэтгэх засаглал давамгайлсан тогтолцоог сонгох дээр ойлголтоо нэгтгэвэл, парламентын тогтолцоог өөрчилж заавал хоёр танхимтай байлгах учиртай. Үндэслэл нь тийм юм.

5. Үндсэн хуулийн цэц гэсэн том нэртэй, хийсэн ажилгүй, УИХ-ын хармаанд оршдог тэтгэврийн байгууллагыг татан буулгаж, үндсэн хуулиа хамгаалдаг, процесс явуулдаг институттэй болж шүүхийн нэр хүндийг өргөн, төрийн өндөрлөгт аваачих ёстой. Тэр нь үндсэн хуулийн трибунал  байвал манай улсын онцлогт яв цав тохирно. Энэ маягаар Монтегьёогийн зарчмыг хангах, биелүүлэх ёстой юм.

Үндсэн хуулиа шинээр хийх үү, эсвэл одоо мөрдөгдөж байгаа үндсэн хуульдаа тогтолцооны өөрчлөлт хийгээд цааш явах уу гэдэг дээр ойлголтоо нэгтгэх шаардлагатай. Эндээс бүх юм эхэлнэ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

НҮБ-ын төсөв

НҮБ-ын нийт төсвийн 0.005 хувийг Монгол Улс төлдөг

 0 сэтгэгдэл


Манай улс НҮБ-ын татварт хэчнээн төгрөг төлдөг бол? Жирийн монгол хүний санаанд энэ тухай сэтгэх цаг зав гарахгүй л дээ. Албатай ч биш. Гэхдээ улсын нууц шахуу авч үздэг учраас тэр тоог нууцалдаг. Доллараар төлж  таарна. Хэрэв ил зарлаад, жил бүр мэдээлдэг болгочихвол нэг бодлын амар. Гэхдээ одоо цаг нь биш. Монголын гурван хүн тутмын нэг нь байнга шахуу ядуу зүдүү явдаг, аж төрөх гэж үхэлтэй нүүр тулж байгаа тул “НҮБ-д ямар их мөнгө өгдөг юм”, “ямар ашиг байна”, “яах гэж төлдөг юм”, “ядуурлыг бууруулахад НҮБ юугаар тусалсан юм” гэж ирээд л туйлшрахад манайхан яг зэхээстэй байгаа.

Надад болон миний амьдралд ямар ашигтай юм гэх шалгуур тавьдагийг нь буруутгах гэсэнгүй. Гэхдээ санааг нь амруулах ганцхан баримт дурдсу. Гишүүн орнуудын татвараас бүрддэг НҮБ-ын нийт төсвийн 0.005 хувийг Монгол Улс төлдөг юм. Үгчилбэл ТЭГ МЯНГАНЫ TAВАН ХУВЬ. Ойролцоогоор жилдээ 124 мянган ам.доллар.

НҮБ-ын төсөв гэж ингэхэд юу юм бэ? Энэ нь тус байгууллагын байнгын төсөв, энхийг сахиулах ажиллагааны төсөв, олон улсын эрүүгийн шүүхэд зориулах үлдэгдэл төсөв гэж гурван янз буй. НҮБ-ын дүрмийн дагуу Ерөнхий ассамблей төсөв хэлэлцэж батална. НҮБ-ын гишүүн орнуудад ногдох татварын хувь хэмжээг Ерөнхий ассамблей гурван жилээр (жил бүр төд гэхчлэн) тогтоож өгнө. Захиргааны ба төсвийн асуудал эрхлэх зөвлөлдөх хороо гэж 18 гишүүнээс бүрдэх мэргэжилтний ажлын хэсгээс төсвийн төслийн анхны хувилбар бэлтгэгдэж, тэр нь Ерөнхий ассамблейн 5 дугаар хороогоор хэлэлцэгдэнэ. Тус хороонд гишүүн бүх улс харьяалагдана. Энэ тухай un.org/ ru/ga/fifth сайтаас тодруулж болно.

Ногдуулсан татвараа цагтаа төлөөгүй, өр болж үлдсэн улс орнууд НҮБ-д санал өгөх эрхээ хасуулах хүртэл шийтгэлтэй. Ийм шийтгэлийн заналхийлэлд манай улс нэг бус удаа өртөж, анхааруулга авч байсан юм билээ.

НҮБ-ын төсвийг хоёр жилийн хугацаагаар баталдаг. Нэг санхүүгийн жил нь нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31 хүртэл үргэлжилнэ. 2018-2019 оны төсвийг 5.397 тэрбум ам.доллараар баталсан ба одоо хэрэгжиж байна. Юунд зарцуулах нь ойлгомжтой. Нью-Йорк дахь НҮБ-ын нарийн бичгийн дарга нарын газар, Женев, Вена, Найроби дахь салбар оффисуудын хөтөлбөрийн үйл ажиллагааг санхүүжүүлнэ. мөн НҮБ-ын бүс нутгийн эдийн засгийн комиссууд, бусад болон тусгай улс төрийн үйл ажиллагааг санхүүжүүлнэ.

Санхүүжилтийн цаана гишүүн орнуудаас татварт хандивлах мөнгөн дүн их чухал. Хэн их мөнгө төлнө, тэр хэрээр НҮБ-д илүү эрх дарх эдэлнэ гэсэн бичигдээгүй дүрэм үйлчилнэ. Гишүүн орнуудын төлбөрийн чадвар, түүнийг тооцоолох шалгуур нь сүүлийн жилүүдийн макро эдийн засгийн үзүүлэлт, үндэсний нийт орлого, үндэсний валютынх нь ханшийн савлагаа, хүн ам тутамд ногдох орлогын хэмжээ гэхчлэн олон хүчин зүйлээр тооцоолж байж татварын хувь хэмжээ тодордог. Нэг улс НҮБ-ын татварын 22 хувиас дээш хувиар төлөхгүй байх, хамгийн ядуу гишүүн улс байлаа гэхэд ногдуулах татвар нь 0.001 хувиас буухгүй байхаар хязгаарласан. Нэг удаа АНУ 28.4691 хувийн татвар төлж байсан тохиолдол байдаг юм билээ.

2015 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 70 дугаар чуулганд оролцох хувь надад тохиож байв. Тэр үед 2016-2018 оны төсөв баталсныг би сайн санаж байна. Тэр хуваарилалт (хүснэгтээс харна уу) одоо ч мөрдөгдөж байгаа болов уу. Ямар ч гэсэн өндөр татвар төлөгч эхний 10 гишүүн улс дээр ийм хувь хэмжээ гарч байсан даа. Энхийг сахиулах ажиллагааны төсвийг нэг жилээр баталж мөрдөнө. НҮБ-ын жил тутмын төсвөөсөө энэ төсвийг гаргах учраас санхүүгийн жил нь хуанлийн 12 сараар байх албагүй. Жил бүрийн долдугаар сарын 1-нээс дараа жилийн зургадугаар сарын 30-ны хооронд санхүүгийн жилээ тооцно. 2017-2018 оны нэг жилд 6.8 тэрбум ам.доллар төсөвлөсөн. Герман энэ төсвийн 6.39 хувийг гаргаж, дэлхий дахинд энхийг сахиулахад мөнгөн хандив өргөсөн дөрөв дэх улс боллоо гэсэн мэдээ явж байв.

Одоо яг хаана төсөв зарцуулагдаж байна вэ. Жишээ татвал Сомалид материал-техникийн хангамжийн томхон бааз, Италийн Бриндизид үйлчилгээний глобал төв, Испанийн Валенсид холбоо нөөц төв, Угандын Энтебб дэх бүс нутгийн үйлчилгээний төв, бусад үйл ажиллагаа гэхчлэн 7.316 тэрбум ам.долларыг 2018 оны зургадугаар сарын 30 хүртэл зарцуулсан баримт буй. Энэ тухай un.org/peacekeeping; peacekeeping. un.org гэх сайтуудад бичээтэй байна. Мөн unmissions.org сайтаас мэдээлэл авч болно.

Уг төсөвт НҮБ-ын бүх гишүүн улс татвараа хандивлана. Татварын хувь хэмжээг тогтооно. Татвар төлөлөгчдийг гурван бүлэгт хуваана. Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд онцгой хариуцлага үүрдэг гэдгээрээ НҮБ-ын аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүд таван улсад ногдуулах татвар өндөр. Хоёр дахь бүлэг нь хөгжингүй орнуудаас бүрдэх ба НҮБ-ын байнгын төсөвт төлдөг шигээ хэмжээний татварыг энхийг сахиулахад төлнө. Гурав дахь бүлэг орнуудад хөгжиж буй орнууд орох ба дотроо хэд хэдэн салбар бүлэгтэй. Хөгжлийн ялгаа зөрүү бий гэдгээрээ ангилагддаг. Гэхдээ НҮБ-ын байнгын төсөвт төлдгөөсөө багыг төлнө.

Хэн их мөнгө төлсөн нь илүү эрх эдэлнэ гэсэн бичигдээгүй дүрэм үйлчилдэг

Олон улсын эрүүгийн шүүхэд зориулах төсөв гэдэг нь хоёр жилийн хугацаагаар батлагдана. Жилийн эхний өдрөөс сүүлчийн өдөр хүртэл мөрдөнө. Өмнө нь руандагийн талаар ажилласан олон улсын эрүүгийн шүүх, хуучин Югославын талаарх олон улсын шүүхийн зардалд төсөв нь үлэмж зарцуулагдаж байв. 2016-2017 онд 131.97 сая ам.доллар төсөвлөсөн, 2018 онд зарцуулсан нь үлэмж хязгаарлаад 87.79 сая доллар байсан. Төсвийг бүрдүүлэхдээ арифметикийн дундаж хэмжээгээр улсуудад хуваарилан хувь тогтооно.

Ингэхэд татвараа цагт нь төлөөгүйн төлөө Ерөнхий ассамблейн санал хураалтад оролцох эрхээ хасуулж байсан тохиолдол бий болов уу? Энэ тухай НҮБ-ын дүрмийн 19 дүгээр заалт гэж бий. Өмнөх түүхэнд байсан уу гэвэл байсан юм билээ. 2018 оны есдүгээр сарын 25-ны байдлаар гурван улс татварын тооцоотой хэмээн санал хураалгах эрхээ хасуулж байжээ. Тэдгээр нь Коморын арлууд, Сан-Томе ба Принсипи, Сомали улс аж.

Манай улс арай ч ийм дээрээ тулахгүй нь тодорхой. Гэхдээ татвар төлөх нь гарцаагүй. Өртэй үлдэж болохгүй. Жилдээ ойролцоогоор 124 мянган ам.доллар төлж байгаа нь нэг хэсэгтээ үргэлжилнэ. Харин ШХАБ мэтийн бүс нутгийн олон улсын байгууллагад элсвэл төлөх татвар нь энэ дүнгээс даруй хоёр дахин, түүнээс ч илүү даваад явчих магадлалтай.

Ингэхэд НҮБ-ын татвар бүрдүүлэлт дээр БНХАУ идэвхийлээд байгаад анхаарал хандуулах хэрэгтэй. Дэлхий нийтээрээ л тэгж байна. Өөрсдийгөө хөгжиж байгаа орон гэж нэрлэх, тэгсэн хэрнээ аж үйлдвэржсэн хөгжингүй орнуудыг ардаа орхиод татвар төлөлтөөр манлайлаад эхэлсэн, гайхаш бараад ч байх шиг.

НҮБ-ын төсөв бүрдүүлэлт дээр Герман, Франц, Британийг алгасаад явчихсан, одоо гуравт бичигдэж байгаа нь тус улсын жин нөлөө, дуу хоолойг дэлхийн хамтын нийгэмлэгт нэмэгдүүлж байна, нэмэгдэх ч болно. Тун удахгүй НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, төрөлжсөн байгууллагуудын даргаар хятадын дипломатч сонгогдоод гараад ирэхэд гайхах зүйлгүй болж байх шиг.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнъин гэдэг нөхөр ингэж ярьсан байгаа юм. Юу гэвэл НҮБ-ын төсөв бүрдүүлэх гол зарчим бол гишүүн орнуудын төлбөрийн чадвараас шалтгаалдаг. Хятадын эдийн засгийн ерөнхий потенциал их боловч нэг хүн тутамд ногдох орлогын түвшин доогуур. Тэгэхээр хөгжиж буй орон хэвээрээ байна. Энэ бол хятад хувьд төлбөр тооцоо хийх чадварын гол үндэс болно гэжээ.

Хятадын өөрийнх нь мэдээлж байгаагаар НҮБ-ын байнгын төсвийн хөрөнгө нийлүүлэгч хоёр дахь том гишүүн улс, мөн энхийг сахиулах төсвийг бүрдүүлэгч хоёр дахь том нь болсон гэжээ. Энэ тухай хуа Чүнъин хэлэхдээ “НҮБ-ын саяхан баталсан шийдвэрээр ирэх гурван жилд Хятад нь НҮБ-ын байнгын төсөв, энхийг сахиулах төсвийн зардлыг бүрдүүлэх хэмжээгээ эрс нэмэгдүүлж, байнгын төсвийн 12 хувь, энхийг сахиулах төсвийн 15.2 хувийг тус тус бүрдүүлэх боллоо. Энэ бол Хятад нь дэлхийн хоёр дахь том эдийн засаг (эдийн засгийн цогц хэмээн өөрсдөө нэрлэдэг) болж, эдийн засгийн ерөнхий хэмжээ, нэг хүнд ногдох улсын эдийн засаг нэмэгдсэний үр дүн, мөн олон улс дахь Хятадын нэр нөлөө нэмэгдсэний илэрхийлэл мөн” гэжээ.