A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3172/

“Тэнгэрт тулж” байсан махны үнэ 4700 төгрөг болж буурчээ

Ченжүүдэд хүнсээ “хураалгаж”, зохиомол хомсдол үнийг ташуурдах эрсдэлээс сэргийлэх хэрэгтэй байна

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3172/
С.Батсайхан /ЗГМ

Энэ оны долдугаар сарын байдлаар махны үнэ хамгийн дээд цэгтээ хүрсэн гэж хэлэхэд буруутахгүй байх. Тодруулбал, хонины ястай мах 10,110 төгрөг байсан бол цул мах 11,500, харин үхрийн ястай мах 12,500, цул нь 14,800 төгрөг байсан. Тэгвэл адууны ястай мах 9,400, ямааны ястай мах 8,550 төгрөгт хүрсэн байлаа. Ерөнхий сайд махны үнэ буулгахыг танхимын сайдынхаа “толгойтой” ярих хатуухан чиглэл өгснөөс хойш байдал ямар болсныг сонирхлоо.

Махны жижиглэнгийн үнэ 3000 төгрөгөөр хямдарчээ

Мах болон хүнсний ногооны үнэ ханшийг судлахаар хүмүүсийн хамгийн ихээр үйлчлүүлдэг “Хүчит шонхор” захыг зорилоо. Тус зах дээр үхрийн цул махны жижиг­лэнгийн үнэ 13,500 байсан бол 10,500 төгрөг болж, 3000 төг­рөгөөр хямдарсан сайн мэдээтэй угтлаа. Харин хонины ястай мах 8700 байснаа 8000 төгрөг бол­сон байна. Тэгвэл хонины цул мах 9500-аас 8500 төгрөг болж хямдарсан байв.

Мөн адууны яастай мах 8800 төгрөгөөс 8000 болж буурчээ. “Хүчит шонхор” захын худалдагч Б.Чимгээ “Махны үнэ долоо, долоо хоногоор бууж л байна. Махны үнэ “тэнгэрт тултал” өссөн зургаа, долдугаар сарын үеэ бодвол хүмүүсийн худалдан авалт нэмэгдсэн. Өдөр бүр бүх махаа дуустал зарж байна” хэмээв. Иргэдийн хувьд үнэ тодорхой хэмжээгээр буурч байгаад сэтгэл хангалуун байлаа. Тус захаар үйлчлүүлэгч Чингэлтэй дүүргийн иргэн Ц.Даваасамбуу “Махны үнэ 3000 орчим төгрөгөөр буурч байгаа нь сайшаалтай. Энэ чигээрээ үнэ өсөхгүй, тогтвортой байгаасай гэж хүсэж байна. Цалин багатай хүмүүст махны үнэ өсч байгаа нь дарамт болдог. Хоёр килограмм мах авах мөнгөөр ганцханыг авдаг байлаа” гэсэн юм.

“Нарантуул-2” зах дээр мах хамгийн хямд байна

Тэндээс гараад “Нарантуул-2” захаар орж үнэ судаллаа. Өнгөрсөн тавдугаар сард хонины мах гулуузаар нь авахад 6000-9000 төгрөгийн үнэтэй байсан бол өнөөд­рийн байдлаар 4700-7500 төгрөг болж буурсан байв. Харин адууны ястай мах 7000, цул нь 8000 төгрөг, хонины ястай мах 6800 бол цул нь 8000 төгрөгөөр худалдаалагдаж байв.

Харин ямааны цул мах 8400, үхрийн цул 8000, гуяны “шулаа” 10,500 төгрөг аж. Тус захын худал­­дагч С.Сарантуяа “Өнгөр­сөн сарын дундуур махны үнэ бууж эхэлсэн. Манайд бусад захыг бодвол мах харьцангуй хямд байдаг. Хүмүүсийн мах худал­дан авах чадвар төдийлөн сайн биш учраас хамгийн ихдээ 10 килог­раммыг авдаг. Ихэнх нь 2-4 килог­раммаар л авна. Өглөө эрт ирээд бужигналдаад дуусдаг” гэв. Тус зах дээр махны үнэ хямд гэдгийг хүмүүс мэддэг бололтой. Цөөхөн лангуу махтай байгаа харагдав.

Хүнсний ногоо 200-1000 төгрөгөөр буурчээ

Харин хүнсний ногоо “Хүчит шонхор” зах дээр энэ сарын 2-ны өдрийн үнийн судалгаатай харьцуулахад 200-1000 төгрөгөөр буурсан байлаа. Тухайлбал, төмс 600, лууван, байцай 1000, манжин 1500, сонгино 2500 төгрөгийн үнэтэй байсан юм. Ногоо зарж байсан 30 орчим насны нэгэн эмэгтэй “Ногооны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад хамаагүй хямд байгаа. Олон килограммаар нь авбал бүр хямд өгнө” гэв. Энэ жил хүнсний ногооны үнэ буухгүй байгаа болохоор тэр үү, үйлчлүүлэгч багатай байлаа. Ногоо зарж байгаа хүмүүс хийх зүйлээ олж ядан, дэмий л утсаа “маажиж” сууна. Ногооны үнэ сонирхож буй хүмүүсийг “Манайхаас хямд үнээр аваарай” хэмээн дуудаж байв. “Нарантуул-2” захын нөхцөл байдал мөн ялгаагүй. Хөл хөдөлгөөн цөөнтэй, нам гүм байсан юм. Үнийн хувьд “Хүчит шонхор” захаас 100-200 төгрөгийн илүү байсан юм. “Хүмүүс хүнсний ногооны үнэ буухгүй, үнэтэй байна гэдэг. Гэтэл ногоо тарьж байгаа хүмүүсийн хөдөлмөрийг ерөөсөө үнэлдэггүй. Ногооны үнэ буухгүй байх шалтгаан байдаг. Тухайлбал, Дарханы замаас болж машин техник эвдрэх, үүнээс болж зардал их гардаг. Тийм хэцүү замыг туулж ирсэн хүн ногоогоо бага үнээр зарвал алдагдал үүснэ. Үүнээс илүү үнэ буух боломж байхгүй” хэмээн ярилаа.

Харин “Гацуурт”-ын нэрийн дэлгүүрт хүнсний ногоог хамгийн хямд үнээр зарж байв. Тухайлбал, төмс 400, хүрэн манжин 700, харин шар нь 800, лууван 650, сонгино 1650 төгрөг гэж байсан юм. Хүмүүс ч ийм хямд үнэтэйг мэддэг бололтой, шуудай шуудайгаар нь хүнсний ногоо авч байгаа харагдана. “Үнэ хямд, чанартай учраас үйлчлүүлэх дуртай” хэмээн үйлчлүүлэгчид нь ам сайтай байв.

Ийнхүү хүнсний ногоо, махны үнэ хямдарсан нь бүсээ чангалж буй иргэдийн хэтэвчид тодорхой хэмжээний хэмнэлт үзүүлж байгаа нь сайшаалтай. Баян намрын улиралд элбэгшсэн хүнсний хүртээмжээ дагаад зах зээлийн хуулиар үнэ хямдарч байна уу, эсвэл салбарын сайд нь толгойгоороо хариуцсан учраас махны үнэ буурав уу гэдгийг олон нийт ойлгож байгаа. Харин өвлийн идэшний үеэр ченжүүдэд хүнсээ “хураалгаж”, зохиомол хомсдолд үнээ ташуурдуулах эрсдэлээс сэргийлэхийн тулд төрийн бодлого чиглэх ёстой билээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хүн барьцаалсан хэргийг захиалгат аллага хэмээн сэжиглэж буйгаа илэрхийлэв

 0 сэтгэгдэл
  • Хэрэгтнүүд хутга, буугаар зэвсэглэсэн байжээ

Өнгөрсөн бямба гарагт Ховд аймгийн дулааны цахилгаан станцын даргыг барьцаалж, хутгалж гэмтээсэн хэрэг гарсан. Тодруулбал, бямба гарагийн өглөө 08:00 цагийн үед Ховд аймгийн “Бадамлах дөл” ДЦС-­ын дарга Д.Сурмаажавыг 18­-35 насны дөрвөн эрэгтэй хүч хэрэглэн барьцаалж, маши­наар авч зугтжээ. Тухайн өдрийн 12:00 цагийн орчимд хохирогчийн хүүхдүүд цагдаагийн байгууллагад “Аав маань Жаргалант сумын нутагт машинтай явж байгаад алга болчихлоо” гэх дуудлага ирүүлсний дагуу Ховд аймгийн цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан гэмт этгээдүүдийг Завхан аймгийн Сонгино сумаас баривчилсан байна. Энэ талаар ЦЕГ­-ын хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Барьцаалагдсан иргэнийг эмнэлэгт хүргэсэн” гэв. Хэргийн талаар хохирогчийн хүү, иргэн  Б-­тэй холбогдож, тодруулга авлаа.

- Хэвлэл мэдээллийн хэрэгслээр аавыг тань хоёр удаа хутгалж, их хэмжээний мөнгө нэхсэн талаар мэдээлж байна?­ 

- Аавыг маань хоёр удаа ч биш нэлээд хэдэн удаа хутгалсан. Мөн зодож, цохиж бэртэл учруулсан. Мөнгө нэхсэн эсэх талаар би сайн мэдэхгүй байна. Биед нь байсан бэлэн мөнгө болон картанд нь байсан мөнгийг авсан байсан. Бид энэ хэргийг захиалгат аллага гэж сэжиглэж байна.

- Хэргийг цагдаад шуурхай мэдээлсэн байсан. Та аавыгаа барьцаалагдлаа гэдгийг яаж мэдсэн юм бэ? ­

- Аав руугаа хэд хэдэн удаа залгаад утсаа авахгүй байсан учраас сэжигтэй санагдаад цагдаад дуудлага өгсөн юм.

- Аавын тань биеийн байдал хэр байна вэ. Ухаан орсон уу?

- Биеийн байдлын талаар нарийн хэлэх боломжгүй байна. Ямар ч байсан ухаан орсон. Манай ар гэр болон аавын маань сэтгэл санааны байдал хүнд байна. Зарим хэвлэл болон олон нийтийн сүлжээгээр аавын маань талаар худлаа мэдээлэл цацагдаж байгаад харамсаж байна. Мөнгө нэхэж барьцаалсан гэсэн мэдээлэл гарсан байна лээ. Тийм зүйл байхгүй. Хэрэгтэн тус бүр хоёр, хоёр хутгатай, машиндаа буу зэвсэг авч явсан байсан. Аавыг маань алах л зорилготойгоор авч явсан байх.







A

Жижиг

A

Дунд

A

Том

Байгалийн түүхийн музейн барилгыг нураах тендерийг шүүхээс түдгэлзүүлэв

 0 сэтгэгдэл
  • Гомдол гаргагч тал “музейгээр бизнес хийж, мөнгө угаах зорилго өвөртөлж байна” гэв
  • Музейн захирал урсгал зардлын төсвөөр жил бүр 200-400 сая төгрөг авдаг байсан
  • Байгалийн түүхийн музейн барилгыг энэ сарын 31-ний дотор буулгахаар үүрэгдсэн байжээ.

Байгалийн түүхийн музейг нураах тухай Засгийн газрын 280, 281 дүгээр тогтоолын эсрэг шүүх хурал өчигдөр болов. Улмаар музейн барилгыг нураах тендерийг түдгэлзүүлэхээр бол­жээ. Мөн музейг нураах шийд­вэрийг хөндлөнгийн шинжээчээр шалгуулахаар болсон байна. Энэ талаар хуульч Б.Мэргэн “Өнгөрсөн долдугаар сард нийслэлийн соёлын өв болох байгалийн түүхийн музейг нураах 280, 281 дүгээр тогтоол гарсан. Улмаар боловсрол соёл, Шинжлэх ухаан спортын яаманд байгалийн түүхийн музейн барилгыг нурааж, шинээр босгох тендер зарлахыг үүрэгдсэн. Тус тендерт “Аяа” ХХК шалгаран, байшинг энэ сарын 31-­ний дотор буулгахаар болсон юм. Хэрэв барилгыг үгүй хийчих юм бол бидний соёлын өвийг хамгаалах ажил үр дүнгүй болж, шүүхдэх шаардлагагүй болно. Тиймээс анхан шатны шүүхээс өмнө тус барилгыг нураахыг эсэргүүцэн нэхэмжлэл хүргүүлсэн. Үүний дагуу өнөөдөр шүүх хурал болж, нураах тендерийг түдгэлзүүллээ. Манай хуулийн ферм “Эрх зүйн соёл” төрийн бус байгууллагынхаа хүрээнд нийтийн эрх ашгийг хөндсөн уг асуудал дээр ажиллаж байна. Шүүх хуралд хариуцагч талаас БСШУСЯ болон Засгийн газар, байгалийн түүхийн музейн удирдлага оролцлоо. Харин нэхэмжлэгч талаас ХҮН намынхан болон Ардчилсан намын эмэгтэйчүүдийн холбоо, Зон олны нам болон төрийн бус байгууллагууд ирсэн. Би уг асуудлыг музейгээр бизнес хийж, мөнгө угаах зорилго өвөртөлж байна гэж харж байна” хэмээв. Байгалийн түүхийн музейг нураах шийдвэрийг “Улаанбаатар иргэдийн форум”­-ын залуус эсэргүүцэж буй. Улмаар тэд нэгдэж, байгалийн музейг аврах хөдөлгөөнийг өрнүүлсэн байна. Уг хөдөлгөөний тэргүүлэгч Ц.уянга “Байгалийн түүхийн музейг нураах тендерийг өнгөрсөн сарын 25-­нд зарлаж, энэ сарын 31­-ний дотор барилгыг нураах шийдвэр гарсан. Бид эл ажлыг түдгэлзүүлэх нэхэмжлэл гаргасан. Улмаар өчигдөр шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болж музейн барилгыг нураах тендерийг түдгэлзүүлэх шийдвэр гарлаа. Шүүхийн шийдвэр гарснаас хойш 10 хоногийн дотор хариуцагч тал гомдол гаргах эрхтэй. Байгалийн түүхийн музейг нураах нь соёлын өвийг үгүй хийж буй хэрэг юм. Тус музей нь сүүлийн зургаан жилийн турш мэргэжлийн хяналтын дүгнэлтийн улмаас үйл ажиллагаагаа зогсоосон. Гэвч 17 жилийн турш музейн захирлын алба хашиж буй Н.Зоригбаатар жил бүр урсгал зардлын төсвөөр улсаас 200­-400 сая төгрөг авдаг байсан. Тодруулбал, 2016 онд 240 сая төгрөг, 2017 онд 300 сая төгрөг, 2018 онд 350 сая төгрөг авсан ч барилгад ямар ч засвар хийгээгүй төдийгүй үйл ажиллагааг нь зогсоосон юм. Харамсалтай нь үүнийг шалгасан байгууллага ч алга. Тэр их мөнгийг юунд ашигласан нь ч эргэлзээтэй байна. Бид уг асуудал дээр мэргэжлийн архитекторчдоос зөвлөгөө авч ажиллаж байна. Түүхэн барилгыг хадгалан, сэргээн засварлах нь хамгийн зөв шийдэл байдаг. Дэлхийн олон оронд ийм жишээ бий. Харин аргагүй байдалд орох буюу дайн болох, гал түймэр, байгалийн гамшиг зэргийн улмаас барилга ул мөргүй устаж үгүй болсон тохиолдолд шинээр босгодог. Ингэхдээ хуучин хэв маягийг нь хадгалан, түүхэн ач холбогдлыг нь тодотгодог. Байгалийн түүхийн музейг нураахгүй байх боломж, шийдэл олон байна” гэж ярилаа.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хурд сааруулагчийн стандарт буюу хэн ч тоодоггүй сэдэв

 0 сэтгэгдэл
  • Замын компаниуд стандартаа мэддэг ч хэрэгжүүлдэггүй
  • Гэр хороолол, орон сууцны хороололд зам тавьж, түүндээ хурд сааруулагч хийж буй замын компаниуд огт зөвшөөрөл, зөвлөмж авдаггүй гэв
  • Улсын нэгдсэн гуравдугаар эмнэлгийн зүүн талын хойд зүг рүү чиглэсэн замд ердөө ганцхан хурд сааруулагчтай. Гэхдээ тэр нь мөн л стандартыг зөрчжээ. Бүр 70 мм-ээр илүү буюу стандартаас хоёр дахин өндөр байгаа юм
  • Нийслэлд гардаг авто ослын таван хувь нь стандарт бус хурд сааруулагчтай холбоотой байдаг



Зайсангийн автобусны эцсийн буудлаас Америк сургууль орох гэж явсан суудлын автомашинтай иргэн хурд сааруулагчаас болж яндангаа цоолж орхив. Яндангаа цоолсон иргэн М 65 мянган төгрөгөөр гагнуулжээ. Хамгийн гол нь тэрбээр энэ асуудлаар хаана, хэнд хандахаа огт мэдэхгүй явахтай нь таарсан юм. Учир нь, тухайн хурд сааруулагчийг ямар компани тавьсан нь тодорхой бус. Эндээс юу хэлэх гээд байна вэ гэхээр манай улсад авто замын хурд сааруулагчийн стандарт алдагдаад багагүй хугацаа өнгөрчээ. Стандарт бус зүйлд эзэн холбогдогч байдаггүй, хяналт шалгалт ч бараг хийдэггүйн нэгэн жишээ энэ. Гэтэл стандартыг нь 10 жилийн өмнө буюу 2009 онд баталсан байгаа юм. 2009 оны арваннэгдүгээр сарын 1­нээс мөрдөж эхэлсэн MNS 5968:2009 гэх уг стандартаар манайд гурван ангилал байна. Нэгдүгээрт, тээврийн хэрэгс­лийн нэг чигийн хөдөлгөөнтэй болон хэсэгчилсэн бүсийн чанартай авто замын орчимд байрлах сургууль, цэцэрлэгийн дэргэдэх замд тавина. Энэхүү хурд сааруулагч нь 70 мм өндөр, 4200 мм өргөн, зорчих хэсгийн өргөнтэй тэнцүү урттай байх стандарттай. Хоёрдугаарт, үзэгдэх орчин хязгаарлагдсан гарцын өмнө тавина. Тэр нь 50 мм өндөр, 350 мм өргөн, зорчих хэсгийн өргөнтэй тэнцүү урттай байх ёстой. Гуравдугаарт, хүнд даацын ачааны автомашин явахад зөвшөөрөгдсөн замд зориулсан хурд сааруулагч нь 75 мм өндөр, 900 мм өргөн, зорчих хэсгийн өргөнтэй тэнцүү урттай тавих шаардлагатай. Ийм гурван стандартыг сүүлийн 10 жилийн турш мөрдлөг болгож иржээ. Хурд сааруулагчийг нь халуун, хүйтэн орчинд болон механик үйлчилгээг тэсвэрлэх чадвартай нийлэг /синтез/ буюу резинэн материалаар хийсэн байна. Асфальтан хольц болон цемен­тэн бетоноор зорчих хэсэгт хийж болно. “Хурд сааруулагч” мэдээлэх тэмдгийг хурд сааруу­лагчийн шууд өмнө тавина.­ Хурд сааруулагч тавьсан газраас 50­100 метрт анхааруулах тэмдэг байрлуулна. ­Хурд сааруулагчийн гадар­гуунд цагаан, шар өнгийн гэрэл ойлгогч материалаар тэмдэглэл хийнэ. Энэ бол Монгол улсад мөрдөж буй албан ёсны стандарт. Гэтэл уг стандартыг мөрддөг хувь хүн, байгууллага нэн ховор. Тэд холбогдох газраас ямар нэгэн зөвшөөрөл, заавар авахгүйгээр дур мэдэн хурд хязгаарлагч тавьж орхино. Харин тухайн хурд сааруулагчаас үүдэлтэй аваар осол, машины эд ангид эвдрэл гарсан тохиолдолд эзэн холбогдогч, хариуцагч олддоггүй нь гайхалтай. Монголын тэр тусмаа нийслэлийн эвдрэлтэй замаас гадна хэт өндөр, стандарт бус хурд сааруулагчийн балгаар суудлын тэрэгний тэнхлэг тохиргоо алдагддагийг Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг томоохон авто сервисийн засварчид хэлж байна. Ер нь манай улсад машины тэнхлэг тохиргоо алдагдах нь түгээмэл болсон нь авто замтай шууд холбоотой гэхэд хилсдэхгүй. Машины тэнхлэг тохиргоо алдагдаж эхлэх үед дугуйны хээ жигд бус элэгдэх, жолооны хүрд аль нэг тийш булаах, эргэх үйлдэл хийхэд дугуй чахарч дуугарах, шатахуун зарцуулалт нэмэгддэг аж. Нийслэлийн авто замын хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Ширэндэв хэлэхдээ “Монголд уг нь MNS 5968:2009 стандартыг мөрддөг. Гэвч сүүлийн үед хувь хүн, аж ахуй нэгжүүд зориулалтын бус материалаар стандартгүй хурд сааруулагч тавьдаг болсон. Бидний зүгээс бүгдэд нь хяналт тавьж чаддаггүй. Бидэнд шалгалт хийж, хариуцлага тооцох ч эрх байхгүй. Гэр хороолол, орон сууцны хороололд зам тавьж, түүндээ хурд сааруулагч хийж буй замын компаниуд биднээс огт зөвшөөрөл, зөвлөмж авдаггүй. Уг нь стандартаа бүгд мэддэг хэрнээ дур зоргоороо байдаг” гэв. Харин хяналт тавьж, хариуцлага тооцох эрхтэй Мэргэжлийн хяналтын газар нь замын асуудал, цаашлаад хурд сааруулагчид ач холбогдол өгдөггүй бололтой. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраар ороход дээрх сэдвээр хариулт өгөх хүн олдсонгүй. Улаанбаатар хотод тавьсан стандарт бус хурд сааруулагчийн хэд хэдэн жишээ дурдъя. Зайсанд тавьсан хурд сааруулагч дээр дурдсан Монголд мөрдөж буй стандартаас даруй таван см-­ээр өндөр. Таван см өндөр байхад л стандарт алдагдаж, автомашинд ямар нэгэн байдлаар хохирол учруулдаг. Эд хөрөнгөөрөө хохирсон иргэн М хэнд хандахаа мэдэхгүй хэсэг зогсож байгаад Замын цагдаад ханджээ. Харин замын цагдаа өмнөөс нь “Бид үүнд хяналт тавьдаггүй. Замын цагдаагийн үндсэн үүрэг бол хөдөлгөөний аюулгүй байдал, хөдөлгөөнд зохицуулалт хийх” гэсэн тайлбар өгсөн гэнэ. Угаасаа тэдний хариуцах ажил биш болохоор тайлбар нь ойлгомжтой байсан биз. Жолооч М стандарт бус хурд сааруулагчийг дайрч гарахдаа 20 орчим км/цагийн хурдтай явсан гэх. Дээрээс нь тухайн газарт “хурд сааруулагч байна” гэх тэмдэг, тэмдэглэгээ огт байгаагүй аж. 

МОНГОЛД АЛДАГДСАН СТАНДАРТ  

Стандарт бус хурд сааруу­лагчийг ихэвчлэн гэр хороолол, хотоос зайдуухан орон сууцны хороололд тавьдаг аж. хэд хэдэн жишээ хэлье. баянхошууны 70 давхрын зам байна. Замын хойд талд чимээгүй хот, харин урд талд нь гэр хороолол бий. Гол зам нь баянхошууны хөтөлөөс дэнжийн мянга дахь “хүчит шонхор” зах хүртэл үргэлжилнэ.  Замын урт 2.2 км орчим. Энэ хооронд арваад хурд сааруулагч байх бөгөөд бүгд стандарт бус. Өөрөөр хэлбэл, нэг хэсэг нь хэт намхан бол зарим нь өндөр, бас өргөн. Эдгээр хурд сааруулагч нь манай улсад мөрдөж буй стандартаас дунджаар таван см өндөр. Дээрээс нь хурд сааруулагчийн тэмдэг, тэмдэглэгээ бараг байхгүй. Үүнээс гадна Шархадны хоёрдугаар буудлаас Цахлай зах хүртэл хоёр хурд сааруулагчтай атлаа хоёулаа стандарт бус. бас л зохих стандартаас хоёр см­ээр өндөр байв. Зайсан, “тэсо”­гийн уулзвараас “Алтан тариа” компани хүртэлх байгалийн чулуун замыг ч нэрлэж болно. түүнчлэн улсын нэгдсэн гуравдугаар эмнэлгийн зүүн талын хойд зүг рүү чиглэсэн замд ердөө ганцхан хурд сааруулагчтай. Гэхдээ тэр нь мөн л стандартыг зөрчжээ. бүр 70 мм­ээр илүү буюу стандартаас хоёр дахин өндөр байгаа юм. ингээд стандарт бусыг нь хайгаад явбал стандартаасаа олон ч юм шиг. хурд сааруулагчтай холбоотой өөр нэг зөрчил улаанбаатарт түгээмэл. тэр нь тэмдэг, тэмдэглэгээний зөрчил. Стандартаараа бол 50­100 метрийн зайд тэмдгийг тавихаар заажээ. Гэтэл манайхан хурд сааруулагчийнхаа яг хажууд тэмдэглэгээ тавьсан байх нь энгийн үзэгдэл. угтаа бол хурд сааруулагчийн тэмдэглэгээ харсан жолооч хурдаа аажим аажмаар хасах ёстой. харин манайхан хурдтай явж байгаад хурд сааруулагч харахаараа огцом тоормос гишгэдэг. улмаар энэ нь осол гарах эрсдэл дагуулдаг байна. Нийслэлд гардаг авто ослын таван хувь нь стандарт бус хурд сааруулагчтай холбоотой байдаг аж. Яг дээрх шалтгаанаар жолооч нар огцом тоормос гишгэхэд арын машин зайгаа барьж яваагүйн улмаас, эсвэл хурдтай явж байгаад мөргөх тохиолдол элбэг гардаг тухай Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн байцаагч, ахлагч Б.Мөнхбаяр ярьсан. 

ОЛОН УЛСАД РЕЗИНЭН ХУРД СААРУУЛАГЧ ХЭРЭГЛЭДЭГ 

Хурд сааруулагчийг ямар зорилгоор авто замд тавьдаг вэ. Ерөөсөө л осол аваараас сэргийлэхийн тулд шүү дээ. Ингэхдээ дэлхийн ихэнх оронд, ялангуяа Азид резинэн хурд сааруулагчийг зөвшөөрдөг байна. Ингэснээр жолооч нар автомашиныхаа эд ангийг эвдэхгүйгээр хурдаа сааруулна. Түүнчлэн хурд сааруулагчийн тэмдэглэгээ дор хаяж 100 метрийн зайтай, тод өнгийн цацруулагч, гэрэлтүүлэгтэй байдаг гэнэ. Монголд хамгийн ойрын жишээ нь БНХАУ. Тус улсад резинэн хурд сааруулагчийг зөвшөөрдөг бөгөөд өндөр нь 50 мм байдаг. Харин манай улсад резин, бетон, чулуу, асфальт, шар шавартай цемент гээд дуртайгаа сонгодог. Ингэхдээ ихэнх газарт аль болох хямд өртгөөр хийхийг илүүд үздэг. Бас хурд сааруулагчийн олонх нь тодосгогчгүй, таних тэмдэггүй байдаг учраас үүнийг стандарт бус гэж тодорхойлж байгаа юм. 

ДҮГНЭЛТ

Нийслэлчүүд нийслэлдээ эрх чөлөөтэй, элдэв стрессгүй амьдармаар байдаг. Гэвч өдөр бүр шахам стресстэх асуудал гарч ирсээр. Утаа угаар, замын түгжрэл, замын эвдрэл, хог шороо гээд л нийгэмд шийдэх ёстой олон асуудал байна. Тэдний нэг нь замын хурд сааруулагч гэдгийг мартаж болохгүй, бас орхигдуулж болохгүй. Энэ бол жижиг юм шиг хэрнээ маш том асуудал гэдгийг жийп унадаг хотын удирдлагууд ойлгоосой. Хотын дарга С.Амарсайхан, ерөнхий менежер Т.Гантөмөр, орлогч дарга Ж. Батбаясгалан, мөн засгийн эрх барьж буй намын удирдлагууд аа. Аз жаргалтай гэх тодорхойлолттой хотод эдийн засгаараа, эд хөрөнгөөрөө хохирмооргүй байгаа учраас энэ асуудлаа шийдвэрлэж өгөөрэй, дарга нар аа. Бухимдах сэдэв олон байхад дээрээс нь стандартгүй тавьсан хурд сааруулагчаас болж давхар стресст ормооргүй байна. Лизингээр, зээлээр авсан төмөр хүлгээ таван жил ч болтугай тайван унамаар л байна шүү. 









A

Жижиг

A

Дунд

A

Том

“Эрдэнэс-Тавантолгой” компани МУИС-тай найман чиглэлээр хамтарч ажиллана

 0 сэтгэгдэл


  • "Эрдэнэс-Тавантолгой" ХК 2020 онд үнэт цаас гаргана
  • 1072 хувьцааны талаар оюутан, багш ажилчдад мэдээлэл түгээнэ
  • “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компани 2020 онд хөрөнгийн зах зээлд IPo гаргана.Ингэснээр тодорхой төслүүдээ санхүүжүүлэх хөрөнгө оруулалт босгохоор ажиллаж байгаа юм
  • МУИС-ийн багш нарын шилдэг санал, бүтээлийг үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлэхэд “Эрдэнэс-Тавантолгой“ компани дэмжлэг үзүүлнэ
  • Тавантолгойн уурхайн үр ашгийг дээшлүүлж, өндөр технологи нэвтрүүлэх, нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гаргах, ялангуяа эрчим хүчний нүүрснээс 125 нэр төрлийн бүтээгдэхүүн гаргах боломжтой

Үндэсний тэргүүлэгч компанийн нэг “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компани нийгмийн хариуцлагын хүрээнд хоёр байгууллагатай хамтран ажиллахаар боллоо. Тодруулбал, өнөөдрөөс эхлэн МУИС, Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнтэй албан ёсоор хамтарч ажиллахаар болж, хамтын ажиллагаагаа үзэглэлээ. Уг арга хэмжээнд “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн захирал Б.Ганхуяг, МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхан тэргүүтэй албаныхан оролцсон юм. МУИС-тай гэрээ байгуулснаар Монголын уул уурхайн салбарын чадавхыг дээшлүүлэх, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхтэй холбоотой талуудын эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын захиалгат ажлуудыг зохион байгуулах,  холбогдох бусад бүх чиглэлд мэргэжлийн туслалцаа үзүүлэн хамтран ажиллах боломж бүрдэх аж. МУИС­ийг 2016-­2024 онд хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөнд “МУИС-­ийн алсын хараа нь дэлхийн түвшний их сургууль болоход оршино. Үүний тулд 2024 онд МУИС нь чөлөөт мэдлэг буюу либерал арт уламжлалд суурилсан, бүс нутгийн хэмжээнд тэргүүлэх байр суурьтай судалгааны их сургууль болж улмаар Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд багтаж орно” хэмээн зорьж энэхүү зорилгодоо хүрэх, стратегийн тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлжээ. Таван бүрэлдэхүүн, хоёр харьяа сургууль бүхий 22 мянган оюутан, 1500 орчим багштай тус сургуультай “Эрдэнэс-Тавантолгой” компани албан ёсны гэрээг үзэглэснээр МУИС-ийн ирээдүйн зорилгод маш их хувь нэмэр оруулахыг хоёр тал онцлов. Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурахын өмнө МУИС-­ийн захирал Я.Төмөрбаатар үг хэлэхдээ “Өнөөдөр манай сургуулийн хувьд маш чухал ач холбогдолтой өдөр тохиож байна. Хоёр байгууллагын гарын үсэг зурах гэрээ нь олон ач холбогдолтой, бас өгөөжтэй. 77 жилийн түүхтэй манай сургууль 2016 онд буюу гурван жилийн өмнө стратеги төлөвлөгөөгөө шинэчилсэн. Уг төлөвлөгөөнд МУИС шинжлэх ухааны ололт амжилт, нээлтүүдийг нийгэмд түгээн дэлгэрүүлэх, нийгмийн тусын тулд тулгамдсан асуудлаар судалгаа хийх, улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, төр, хувийн хэвшил, аж үйлдвэр, их сургуулийн түншлэлийг хөгжүүлэх нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн манлайлж явна. Хоёр манлайлагч байгууллага хамтран ажиллах болсон нь таатай хэрэг. Бид улсын ууган манлайлагч сургуулийн хувьд багш нарынхаа шинэ технологи, мэдлэг, бүтээгдэхүүнийг хэрэг­лээнд, үйлдвэрлэлд нэвт­рүүлэх, инновацын соёлд онцгой анхаарал хандуулж байна” хэмээн онцлов. Харин “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Манай компани ес дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй бөгөөд ирэх онд 10 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлнэ. Өнгөрсөн хугацаанд манай хамт олон нийгмийн хариуцлагын чиглэлээр олон ажил зохион байгуулсны нэг нь энэхүү арга хэмжээ юм. Бид шинжлэх ухаанд суурил­сан уул уурхайг хөгжүүлэхэд чиглэн ажилладаг. “Эрдэнэс­Тавантолгой” компани олон улсын хөрөнгийн зах зээлд нийт хувьцааныхаа 30 хувьд IPoхийж, хөрөнгө оруулалт босгож, дагалдах төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх бөгөөд эхний төсөл хөтөлбөрүүддээ хөрөнгө оруулалт хийн ажиллаж байна. Мөн удахгүй компанийн урт болон дунд хугацааны стратеги төлөвлөгөөгөө ТУЗ хэлэлцэж эхэлнэ. Энэ бүхэнд шинжлэх ухаанч судалгаатай зөвлөмж, зөвлөгөө шаардлагатай тул танай сургууль болон ШУТИС-­ийн эрдэмтэн багш нарын хамтын ажиллагаа чухал юм. Түүнчлэн нь тавантолгойн уурхайн үр ашгийг дээшлүүлж, одоогийн технологийг сайжруулах, эрчимт өндөр технологи нэвтрүүлж, нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гаргах судалгаа, туршилт, эрдэм шинжилгээний ажил, үүнтэй холбогдох бүх чиглэлээр хамтран ажиллах зорилготой байна. Миний хувьд төдийгүй манай хамт олны олонх нь танай сургуулийн төгсөгчид байдаг хэмээгээд 1500 эрдэмтэн багш, 22000 оюутантай өнөр бүлд ажлын өндөр амжилт хүсье” гэв. МУИС нь зөвхөн 2019-­2020 оны хичээлийн жилд л гэхэд Монголын төдийгүй гадаадын 20 гаруй байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Тухайлбал, “Рио тинто”, “Багануур”, “Эрдэнэт”, “Оюутолгой”, “Эрдэнэс­-Тавантолгой” зэрэг Монголын төсвийг бүрдүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэж буй компанитай хамтран ажиллаж байгааг сургуулийн удирдлагууд онцоллоо. “Эрдэнэс­-Тавантолгой” компанийн гүй­цэтгэх захирал Б.Ганхуяг дээрх сургуульд докторын зэрэг хамгаалсан бөгөөд энэ үеэрээ хамтран ажиллах талаар ярилцаж байжээ. Хоёр талын санамж бичгийн хүрээнд МУИС-­ийн оюутнуудыг “Эрдэнэс­т-Тавантолгой” компанид үйлдвэрлэлийн болон танилцах дадлага хийхэд дэмжлэг үзүүлэх, төгсөгчдийг ажлын байранд зуучлах, МУИС-­ийн сургалтын орчин, материаллаг бааз, эрдэм шинжилгээ, судалгаанд хэрэглэж буй тоног төхөөрөмж, программ хангамжийг сайжруулахад дэмж­лэг үзүүлэх, МУИС-­д ахисан түвшний оюутны тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх, “Эрдэнэс­-Тавантолгой” компанийн үйл ажиллагааны чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын захиалгат ажил хийх, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, “Эрдэнэс­-Тавантолгой” компанийн хүний нөөцийг бэхжүүлэх, ажилтан албан хаагчдын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх богино болон урт хугацааны сургалтад хамрагдах, боловсролын зэргээ дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх болон “Эрдэнэс­-тавантолгой” ХК-­ийн үйл ажиллагаа, 1072 хувьцааны талаар оюутан суралцагч, багш ажилчдад мэдээлэл түгээх зэргээр хамтран ажиллах юм. 

ШИНЖЛЭХ УХААНАЫ АКАДЕМИЙН ЭРДЭМТЭД "ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ"-ТОЙ ХАМТАРНА

“Эрдэнэс-­Тавантолгой” ХК Шинжлэх ухааны академийн хими, химийн технологийн хүрээлэнтэй хамтран ажиллахаар боллоо. Хамтран ажиллах санамж бичгийг “Эрдэнэс­-Таван­толгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, ШУА-­ийн хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал, доктор Л.Жаргалсайхан нар үзэглэв. Энэхүү санамж бичиг бай­гуулснаар таван толгойн уурхайн үр ашгийг дээшлүүлж, одоогийн технологийг сайжруулах, эр­чимт өндөр технологи нэвт­рүүлж, нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гаргах судалгаа, туршилт, эрдэм шинжилгээний ажил зэрэг холбогдох бүхий л чиглэлээр хамтран ажиллах аж. “Эрдэнэс­-Тавантолгой” хувьцаат компанийн захирал гүйцэтгэх захирал Б.Ганхуяг энэ үеэр компанийн үйл ажиллагаа болон УИХ, Засгийн газрын тогтоолын хэрэгжилттэй холбоотой ажлаа танилцуулж, тавантолгойн уурхайн үр ашгийг дээшлүүлж, өндөр технологи нэвтрүүлэх, нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гаргах, ялангуяа эрчим хүчний нүүрснээс 125 нэр төрлийн бүтээгдэхүүн гаргах боломж хийгээд үүнийг ажил болгох судалгаа шинжилгээний чиг­лэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа онцолсон юм. Харин хими, химийн техно­логийн хүрээлэнгийн захирал, доктор Л.Жаргалсайхан хэлэх­дээ “Тавантолгойн уурхайн үр ашгийг дээшлүүлж, нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гаргах судалгаа, туршилт, эрдэм шинжилгээний ажилд хамтарч ажиллах бидний саналыг хүлээж авсанд талархаж байна. Хүрээлэнгийн маань дэргэд 11 судалгааны лабораторитой бөгөөд эдгээр нь нүүрсний олон шинж чанарын үзүүлэлтийг тодорхойлох, судлахад түшиц болох төв байж чадна” гэв. Мөн судалгааны үр дүнгүүдийг нэгтгэн төслийн тайлан хамтран боловсруулах, түүхий нүүрсний шинж чанарыг тодорхойлж, түүхий нүүрс болон балансын бус нүүрсийг угааж баяжуулах туршилт судалгаа хийх, нүүрс угааж баяжуулах үйлдвэрээс гарах хог хаягдлыг баяжуулах технологийн туршилт судалгааг хамтран хийхээр болжээ. Мөн нүүрсний давхаргын метан хийн боловсруулалт, синтезээр нийлэг байгалийн болон шингэрүүлсэн байгалийн хий үйлдвэрлэх технологийн судалгааг хамтран хийх, нүүрсний давхаргын метан хийнээс нэмүү өртөг шингэсэн химийн бүтээгдэхүүн үйлд­вэрлэж, экспортлох боломжийн судалгаа хийх зэргээр хамтран ажиллахаар ярилцжээ. 

"Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг:

- Цаг хугацааны хувьд маш чухал үе тохиож байна. Манай компани хүсэлт гаргасан юм. 2020 онд бид хөрөнгийн зах зээлд IPo гаргана. Ийн тодорхой төслүүдээ санхүүжүүлэх хөрөнгө оруулалт босгохоор ажиллаж байгаа юм. УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэр гарсан. Дотооддоо шийдвэрлэх ажлын 90 гаруй хувийг гүйцэтгэж дууссан. Одооноос олон улсын зөвлөх компаниудтай ажиллах ажлууд маань аравдугаар сараас эхэлж байна. Энэ хүрээнд дотоодын эрдэмтэн, судлаач, санхүүгийн чиглэлийн мэргэжилтнүүд оролцож, нэг талаар дэм үзүүлэх, нөгөө талаар Монголын хөрсөнд буулгах ажлыг зохион байгуулах үүрэг хүлээсэн. Үүнийг МУИС, ШУТИС зэрэг томоохон боловсролын байгууллагатай хамтарч хийнэ. 

МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар:

- Манай сургууль дээд боловсролын тэргүүлэх байгууллагын хувьд үндэсний компаниудтай гэрээ байгуулж байна. “Эрдэнэс­-Тавантолгой” компанитай хамтарч ажиллахаар боллоо. Уг гэрээг гурван жил хэрэгжүүлнэ. Олон чиглэлээр хамтран ажиллахаар гэрээнд тусгалаа. Юун түрүүнд манай багш нарын шилдэг санал, бүтээлийг үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлэхэд “Эрдэнэс-Тавантолгой“ компани дэмжлэг үзүүлэх юм. Мөн манай сургуулийн төгсөгчдийг ажлын байраар хангах таатай боломж бүрдлээ. Түүнчлэн ахисан болон бакалаврын түвшний оюутнуудад тэтгэлэг өгөх ба хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээс эхлээд олон талын хамтын ажиллагааны хүрээнд хийнэ. Энэ нь МУИС-­ийг судалгааны их сургууль болгох чухал ач холбогдолтой.