A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4573/

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ макүүчид дахин барилдана

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ макүүчид дахин барилдана
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4573/
  • Тэрүнофүжи хаврын башёг арван даваатай дуусгаснаар Макүүчид дэвших болзлоо хангав 
  • Түүний хувьд 2019 оны гуравдугаар сараас хойш жонидан, макүүшита, жюүрёод тус бүр хоёр башё барилдан ирэх тавдугаар сарын тэмцээнээс дээд зиндаанд зодоглохоор боллоо

Цагтаа мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд түрүүлж, дээрээсээ хоёр дахь том цол болох озэки болж явсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хоёр жилийн дараа дахин макүүчид дэвшихээр боллоо. Өдгөө 28 настай тэрбээр 2018 оны зургадугаар сард хоёр өвдгөндөө мэс засал хийлгэсэн. Улмаар одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2019 оны гуравдугаар сарын башёд жонидан зиндаанд барилдсанаар өөрийн карьераа дахин цоо шинээр эхлүүлсэн билээ. Тэрбээр 2019 оны гуравдугаар сарын 10-нд жониданд анхны даваагаа авсны дараа сэтгүүлчдэд “Дохён дээр гаралгүй удсан болохоор бага зэрэг эвгүй байлаа. Нэг л сонин мэдрэмж төрж байв. Үзэгчдийн дэмжин хашхирч байгааг сонсоод баярласан. Илүү сайн барилдаж, хурдан дээшээ ахихын төлөө хичээнэ” хэмээн ярьж байв. Тэгвэл дахин барилдаж эхэлснээсээ хойш яг нэг жилийн дараа макүүчид дэвших болзлоо хангаж байгаа нь энэ. Тэрүнофүжи доороос дээшээс мацахдаа макүүшитад нэг ч уналгүй түрүүлж, улмаар 2020 оны нэгдүгээр сарын башёд жюүрёод дэвшин барилдахдаа дахин түрүүлсэн. Ингээд хаврын тэмцээнд жюүрёогийн тавдугаарт эрэмбэлэгдэхдээ 10 даваатай башёг өндөрлүүлэв. Озэки цолтой, дээд зиндаанд түрүүлж байсан бөх жонидан руу уруудсан түүх сүмод байхгүй. Харин манай бөх жониданаас буцаад дээд зиндаа руу дэвших зорилгоо нэг жилийн дотор ийнхүү биелүүлэв. Түүний хувьд 2019 оны гуравдугаар сараас хойш жонидан, макүүшита, жюүрёод тус бүр хоёр башё барилдан ирэх тавдугаар сарын тэмцээнээс дээд зиндаанд зодоглохоор боллоо. Макүүчигийн хэдэд эрэмбэлэгдэх нь дөрөвдүгээр сард гарах банцүкэгээс тодорхой болно. Тэрбээр хамгийн сүүлд 2018 оны гуравдугаар сарын башёд жюүрёогийн тавдугаарт эрэмбэлэгдэн барилдахдаа зургаан даваа, есөн унаатай тэмцээнээ дуусгаж байлаа. “Исэгахама” дэвжээнд харьяалалтай манай бөх 2011 онд мэргэжлийн сүмод анхны барилдаанаа хийж, 2014 оны гуравдугаар сард анх удаа дээд зиндаанд дэвшсэн юм. Тэрүнофүжи Мэргэжлийн сүмод нийт 271 ялалт байгуулж, 196 ялагдан, 44 барилдаан өнжжээ. Есөн жилийн хугацаанд макүүчи, жюүрёо, макүүшитад тус бүр нэг түрүүлж, гарамгай барилдааны шаг налыг нэг, дайчин барилдааны шаг налыг гурван удаа хүртээд байгаа юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

А.Чеферин: Аваргуудын лигийг цуцлах боломжтой

 0 сэтгэгдэл

Коронавирусийн нөхцөл байдал есдүгээр сар хүртэл энэ хэвээрээ үргэлжилбэл Аваргуудын лиг болон Евролигийн тоглолтууд бүр мөсөн цуцлагдахыг Европын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Александр Чеферин мэдэгдлээ. Мөн Чеферин хаалттай хаалганы цаана үзэгчгүй тоглолт явуулах нь цуцалснаас илүү үр дүнтэй арга гэдгийг онцолсон байна. Тэрбээр “Хэрвээ хяналтын албаныхан тэмцээнээ зохион байгуулахыг зөвшөөрөхгүй бол бид  дагахаас өөр аргагүй. Дэлхийд ялангуяа Европт үүсээд буй энэ аймшигтай нөхцөл байдалд бид ахиц гарахыг хүлээж байна. Хаалттай хаалганы цаана үзэгчгүй тоглож, тоглолтуудаа зурагтаар үзэх нь хүмүүст хэрэгтэй. Тэд ч үүнийг хүсч байгаа. Ядаж ингэсэн нь хүмүүст эрч хүч, урам зориг өгнө шүү дээ. Энэ нь л хүмүүст эерэг эрч хүчийг авчрах хэрэгтэй зүйл нь. Магадгүй долоо, эсвэл наймдугаар сард тэмцээнүүд үргэлжлэх боломжтой. Харин бид тэмцээнүүдээ ес, аравдугаар сард зохион байгуулах боломжгүй” гэжээ. Аваргуудын лиг, Евролиг болон эмэгтэйчүүдийн Аваргуудын лигийн шигшээ тоглолтууд ирэх тавдугаар сард зохион байгуулагдах байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон.

A

Жижиг

A

Дунд

A

Том

2021 оны зургадугаар сарын 29-нд олимпын эрх олгож дуусна

 0 сэтгэгдэл
  • Тамирчдыг бэлтгэлээ бүрэн хангах боломжтой болтол эрхийн тэмцээн зохиохгүй

“Токио 2020” олимпын наадамд оролцох тамирчдад эрх олгож дуусах сүүлийн хугацааг олон улсын спорт холбоодтой зөвшилцсөний үндсэн дээр 2021 оны зургадугаар сарын 29-ний өдрөөр тасалбар болголоо. Иймд спорт холбоо бүр дээрх хугацаанаас өмнө тухайн спортын төрөлд хэрхэн эрх олгох, эрх олгох тэмцээн уралдааныг зохион байгуулах газар, хугацаа, олимпын эрхийг хэрхэн баталгаажуулах зэрэг асуудлын талаарх журмыг шинэчлэн ОУОХ-гоор батлуулахаар болжээ. Гэвч COVID-2019 цар тахлын тархалт болон үр нөлөөнөөс шалтгаалан эрх олгох тэмцээн уралдаан зохион байгуулагдах улс орон, цаг хугацааг эцсийн байдлаар тодорхойлох боломжгүй байгаа юм. 

Олимпын эрх олгох журам

Тиймээс олон улсын спорт холбоодын баримтлах журам, үйл ажиллагаа болон тавигдах шаардлага зэрэг асуудлыг дөрөвдүгээр сарын гурав дахь долоо хоногт багтаан тодорхой болгох зорилго тавьжээ. “Токио 2020” олимпын наадамд оролцох эрхээ авсан тамирчдын эрх хэвээр хадгалагдах бөгөөд шаардлагатай тохиолдолд олон улсын спорт холбоод нь тамирчдад тавигдах насны хязгаарыг өөрчлөх боломжтой гэнэ. Олон улсын спорт холбоодын чансааны жагсаалтаар эрх олгодог спортын хувьд хуучин журмын дагуу эрхээ авах магадлал өндөртэй байсан тамирчдын хувьд харамсалтай ч “Токио-2020” олимпод шилдгийн шилдэг тамирчдыг оролцуулах зорилтын хүрээнд 2021 оны улиралд шилдэг амжилт үзүүлсэн тамирчдад эрх олгохоор болсон байна. Түүнчлэн өндөр зэрэглэлийн тамирчид бэлтгэл сургуулилтаа хийх, цугларалтад гарах боломжгүй болсон. Тиймээс тамирчид, багуудыг бэлтгэл сургуулилтаа бүрэн хангах боломжтой болтол эрх олгох тэмцээнүүдийг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэлээ. Мөн тамирчдын эрүүл мэндийг хамгаалах нь нэн тэргүүний зорилт гэдгийг ОУОХ-ны удирдлагууд олон улсын спорт холбоодод уламжилж, хорио цээр тавигдсан үед олимпын эрх олгох тэмцээнүүдийг албан ёсны хуваарьтаа оруулахыг зөвлөжээ.

Олимпын бүтээн байгуулалтад анхаарлаа хандуулна

ОУОХ-ноос “Токио-2020” олимпын үйл ажиллагааны төлөвлөлтөд оруулах шаардлагатай өөрчлөлтүүдийг судлах ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэг нь тэмцээн уралдааныг зохион байгуулах цэнгэлдэх хүрээлэн, барилга байгууламж, олимпын тосгон, хэвлэл мэдээллийн төв, тээвэр зуучлал, зочид буудалд гол анхаарлаа хандуулж ажиллах юм. Олимпын наадам нэг жилээр хойшилсонтой холбогдуулан энэ сард зохион байгуулах ёстой байсан бүх сорил тэмцээнийг цуцалж шинэ хуваарь гаргах аж. Үүнээс гадна олимпын наадам хойшилсон тул тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрийг үргэлжлүүлэн олгохоор болсон байна. Энэ хөтөлбөрт манай улсаас найман спортын төрөлд 17 тамирчин багш дасгалжуулагчдын хамт хамрагдаж байгаа юм. ОУОХ-ноос тамирчдад зориулсан Athlete365 платформ дээр COVID-19 цар тахлын талаар сүүлийн үеийн мэдээлэл, бэлтгэл сургуулилтаа хангах зөвлөмж, бие бялдар, сэтгэл зүйн эрүүл мэнд, Дэлхийн допингийн эсрэг байгууллага болон Олон улсын шинжилгээний агентлагийн мэдээллийг тогтмол хүргэх аж. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хөлбөмбөгийн багууд дампууралд ойрхон байна

 0 сэтгэгдэл
  • Дээрээсээ гурав дахь дивизионд тоглодог "Транмер роверс" багийг эзэн Марк Палиос хэрэв улирлын үлдсэн тоглолтуудыг үзэгчгүй явуулбал түүний баг 500 мянган фунтын алдагдал хүлээх болно хэмээн ярьжээ

Францын мэргэжлийн клубүүдийн тал хувь нь COVID-19 вирусийн улмаас дампуурч магадгүй хэмээн “Сент Этьен” клубийн ерөнхийлөгч Бернар Каиззо ярьсан нь тус улсад багагүй үймээн дэгдээж орхив. Европын ТОП таван лигийн багууд коронавирусийн улмаас хэдийн дөрвөн тэрбум еврогийн алдагдал хүлээгээд байгааг ВВС мэдээллээ. Хөрөнгө зоорь ихтэй том багууд хямралыг яаж ийгээд даваад гарах бол өдөр хоногоо арай ядан аргацаадаг багачууд энэ дарамтыг тэсэж чадалгүй дампуурахад ойрхон байгааг Английн гуравдугаар дивизионы “Гиллингэм” багийн эзэн Пол Скалли тайлбарлав. “Доод лигийн багууд зардлаа хэрхэн бууруулах талаар байнга зөвлөлдөж байгаа. Гэхдээ Премьер лигийн зүгээс биднийг ямар нэг байдлаар дэмжих нь маш чухал байна. Хэрэв дээд удирдлагаас дэмжлэг ирэхгүй бол дампуурлаа зарлах клуб маш олон байх болно” хэмээн тэр ярьжээ. Английн хөлбөмбөгт мэргэж­лийн болон хагас мэргэжлийн ангиллын 700 гаруй баг бий. Амжилт гаргавал дээш өгсөж, тааруухан тогловол доош урууддаг энэхүү системийг бий болгож, багуудыг өнөөгийн хэмжээнд хүргэхэд 100 гаруй жил шаардагдсан. Тэгвэл коронавирус хэмээх аюулт өвчин энэхүү системийг ганцхан жилийн дотор үгүй хийж магадгүй болжээ. Цагтаа Английн шигшээд тоглож явсан Жейми Реднапп Премьер лигийн багуудыг доод лигийнхэндээ туслах ёстой гэсэн санааг мөн илэрхийлсэн байна. Хэдийгээр Премьер лигийн багууд Английн хөлбөмбөгийг дэлхий дахинд төлөөлдөг ч жижиг багууд бүхий энэ систем үгүй бол Английн хөлбөмбөг оршин тогтнох аргагүй болно. “Гиллингэм”­-тэй адил дээрээ­сээ гурав дахь дивизионд тоглодог “Транмер Роверс” багийн эзэн Марк Палиос хэрэв улирлын үлдсэн тоглолтуудыг үзэгчгүй явуулбал түүний баг 500 мянган фунтын алдагдал хүлээх болно хэмээн ярьжээ. “Транмер” шиг жижиг багийн хувьд хагас сая фунт гэдэг асар их мөнгө гэдэг нь тодорхой. Нөхцөл байдал зөвхөн Англид хүндрээд байгаа юм биш. Францын багуудад ч дампуурал гэдэг үг тун ойрхон сонсогдож байна. Францын мэргэжлийн клубүүдийн тал хувь нь COV­ID­-19 вирусийн улмаас дампуурч магадгүй хэмээн “Сент Этьен” клубийн ерөнхийлөгч Бернар Каиззо ярьсан нь тус улсад багагүй үймээн дэгдээж орхив. Тус улсын багуудын амссан алдагдал бараг тэрбум еврод дөхөж очоод байгаа юм. “Хэрэв энэ хөл хорио зургаан сарын турш үргэлжилбэл Францын хөлбөмбөгийн маш олон клуб дампуурлаа зарлах болно” хэмээн тэрбээр өгүүлжээ. Гэхдээ коронавирусийн халдвар хөлбөмбөгт сайнаар нөлөөлөх талтай гэнэ. Учир нь энэ их хямралын дараа багууд солилцоо наймаанд асар их мөнгө зарцуулдаг эрүүл бус үзэгдэл арилна гэж үзэж буйгаа “Бавари Мюнхен” клубийн ерөнхийлөгч асан Ули Хёнесс илэрхийлжээ. “100 болон түүнээс дээш сая еврогийн үнийн дүнтэй наймаа ойрын жилүүдэд дахин болохгүй биз ээ. Энэ хямрал хөлбөмбөгийн солилцоо наймааны солиорлыг хөрсөнд нь буулгаж байгаагаараа сайн талтай. Ингэж байж хөлбөмбөгийн ертөнц эрүүлжинэ” хэмээн Хёнесс өгүүлсэн байна. Байдал хүндхэн байгааг хүн бүр ийнхүү хүлээн зөвшөөрч байна. Тэдний хувьд хөл хорио тийм ч удаан үргэлжлэхгүй байх гэсэн өөдрөг сэтгэл тээсээр яваа. Хэрэв карантин дахин хагас жилийн турш үргэлжилбэл спортын маш олон клуб дахин сэргэхгүйгээр дампуурах эрсдэл нүүрлэх нь.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Токио-2020” олимп 2021 оны долдугаар сарын 23-нд эхэлнэ

 0 сэтгэгдэл
  • Өнөөдрөөс спорт холбоод олимпын эрхийн тэмцээний шинэ хуваариа гаргахаар ажилдаа орно гэсэн үг

Шинэ төрлийн коронавирусийн улмаас хойшилсон зуны спортын XXXII наадмын эцсийн товыг ОУОХ, “Токио­-2020” наадмыг зохион байгуулах хорооноос албан ёсоор тогтоожээ. Тус олимпыг 2021 оны долдугаар сарын 23-­нд эхлүүлэхээр тохиролцсон байна. Энэ тухай мэдээллийг Японы “Майничи” сонин, NHK телевиз мэдээлжээ. Талууд тамирчдын бэлтгэл, олимпын эрхийн тэмцээнүүд, ирэх онд болох томоохон тэмцээн уралдааны хуваарь зэрэг олон зүйлийг харгалзсаны эцэст дээрх хугацаан дээр санал нэгджээ. XXXII наадам олимпын харти, дүрмийн дагуу 16 хоног үргэлжлэх юм. Олимпын наадмын товыг ийн тогтсон бол өнөөдрөөс спорт холбоод эрхийн тэмцээний шинэ хуваариа гаргахаар ажилдаа орно гэсэн үг. Чөлөөт бөх, бокс тэргүүтэй спортын 20 орчим төрлийн олимпын эрхийн тэмцээний шинэ хуваарь тодорхой бус байсан бөгөөд бүхнийг дахин цоо шинээр төлөв­лөхөөр болж байгааг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ненад Лалович онцолсон байна. Үүнээс өмнө олимпыг ирэх оны 4­5 сард, хоёр дахь хувилбар нь 7­8 сард зохион байгуулах боломжтой гэсэн хувилбар дээр талууд ярилцаж байв. Дээрх хугацааг товлоход олимпыг шууд дамжуулах бүрэн эрхт Америкийн NBC телевизийн санал чухалчлах үүрэг гүйцэтгэсэн нь тодорхой. 2021 оны 7­8 сард хөнгөн атлетик болон усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох хуваарьтай. Харин ОУОХ, “Токио­-2020” наадмыг зохион байгуулах хороо­ныхон дээрх хоёр спортын холбоотой тохиролцоонд хүрч чадсан бололтой. Харин паралимпийн наадам 2021 оны наймдугаар сарын 24-­нд эхлэх тов зарласан байна.