A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/918/

Тээгч эх арилжааны “хэрэгсэл” болох вий

Хуулиа эхнээс нь "цоорхой"-гүй баталж байж эмэгтэйчүүдээ хамгаалж чадна​

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/918/


Амьдралын буруу хэвшил, халдварт өвчин, стресс зэрэг олон шалтгааны улмаас үргүйдлийн тохиолдол улам нэмэгдсээр байна. Эмчлэх боломжгүй, найдвар тасарсан хосуудад туслах олох арга шинжлэх ухаанд бий ч хамгийн “төгс” нь тээгч эх гэж үздэг. Хосууд тээгч эхээр дамжуулан өөрсдийн генийг өвлөсөн хүүхэдтэй болох боломж 1980-аад онд бий болсон. Үүнээс хойш олон мянган хүүхэд тээгч эхээс биологийн эцэг, эхийнхээ гар дээр очжээ. Зөвхөн АНУ-д гэхэд 1976-2008 онд 28 мянга гаруй хүүхэд тээгч эхээс төрсөн байна. Энэ тоо сүүлийн арван жилд бүр л хурдацтай өсөж буй аж. Өмнө нь зөвхөн эцгийн эсийг тээгч эхэд суулгадаг байсан бол өдгөө эцэг, эх хоёулангийнх нь генийг хүүхдэд өвлүүлдэг болсон. Тээгч эх болохыг зарим оронд нээлттэй хүлээж авдаг бол зарим нь маш өндөр шалгуур тавьдаг. Ийм орнуудын нэг хэсэг нь бүр мөсөн хориглодог бол үлдсэн хэсэгт нь ямар ч зохицуулалт байдаггүй. Тухайлбал, Хятад, Герман, Итали, Япон, Франц, Турк зэрэг оронд үүнийг хуулиар хориглосон.

Харин Украйн, АНУ, ОХУ, Энэтхэг, Тайланд, Бельги, Канад зэрэг олон оронд ямар нэг байдлаар хүлээн зөвшөөрдөг. Тухайлбал, хүүхэд тээх гэж буй эмэгтэй гэрлэсэн байхыг зарим оронд шаарддаг бол цөөн хэд нь ганц бие эмэгтэйн тээгч эх болох эрхийг нээсэн байдаг. Гэхдээ ихэнхдээ арилжааны бус хүмүүнлэгийн зорилготойг нь л хуулиар хүлээн зөвшөөрчээ. Харин манай улсад өнгөрсөн зургадугаар сард л тээгч эхтэй холбоотой хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа. Үүнээс өмнө манайд ямар нэг зохицуулалт байгаагүй. Гэсэн ч бодит байдал дээр үр шилжүүлэн суулгах, тээгч эх болох явдал байсаар ирсэн. 2017 оны байдлаар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, “Си эйл даблью эйч”, “Өөжин мед”, “Баянгол” зэрэг эмнэлэгт үр шилжүүлэн суулгах эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд нэг эмнэлэгт жилд 300-500 хос хандаж, оношилгоо, эмчилгээ хийлгэж байгаа юм. Үндэсний статистикийн хорооны гэрлэсэн ба хамтран амьдрагчтай 15-49 насны 8674 эмэгтэйн дунд хийсэн судалгаанаас харахад тэдний 11.9 хувь нь үргүйдэлтэй гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

• Үр хүүхэдтэй болох гэсэн хосууд ихэнхдээ Энэтхэг, Украйн эсвэл Тайландыг зорьдог нь хямд төлбөртэй холбоотой.

• Хэт арилжааны болохоос сэргийлсэн хууль батлахгүй бол Монгол Улс хамгийн хямд тээгч эхтэй орон болж ч мэднэ.

• Тээгч эхийг Хятад, Герман, Итали, Япон, Франц, Турк зэрэг орнуудад хуулиар хориглосон. Харин Украйн, АНУ, ОХУ, Энэтхэг, Тайланд, Бельги, Канад зэрэг олон оронд ямар нэг байдлаар хүлээн зөвшөөрдөг.

Харин интернэтээс шүүж үзвэл тээгч эх болох хүсэлтэй эмэгтэйчүүдийн сэтгэгдэл, зар тун олон тааралддаг. 2-3 өрөө байраар хүүхэд тээх тухай зар ч цөөнгүй байна. Тиймээс тээгч эхийн асуудлыг ямар нэг байдлаар хуулиар зохицуулах цаг болжээ. Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөлд анх удаа тээгч эх болохыг хуулиар хүлээн зөвшөөрөх тухай заалт багтсан. Мөн тээгч эх болон хүүхэдтэй болох гэж буй хосууд ямар шаардлага хангах ёстойг тусгажээ. Тухайлбал, тээгч эх нь 23-35 настай, хоёр хүртэлх насны нэгээс доошгүй хүүхэдтэй бөгөөд эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байх шаардлагатай. Харин хүүхэдтэй болох гэж буй хосууд нь гэрлээд хамгийн багадаа таван жил болсон, хүүхэдтэй болох боломжгүй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон байх шаардлага тавьжээ. Гэхдээ зарим орны туршлагаас харахад зайлшгүй анхаарвал зохих “цоорхой” дээрх хуулийн төсөлд мөн харагдаж байна билээ.

Хэрэв хуулийн төслийг “цоорхой”-той баталбал хамгийн түрүүнд тээгч эх болох эмэгтэйчүүд хохирдог. 2002 онд Энэтхэг улс анх удаа арилжааны зорилгоор тээгч эх болох боломжийг хуулиар нээснээр “хүүхдийн үйлдвэр” хэмээн “цоллуулах” болсон юм. Ингэснээр бусдын хүүхдийг тээж их хэмжээний мөнгө олох гэсэн эмэгтэйчүүдийн “арми” үүссэн. Бүр нөхөр нь эхнэрээ ийм аргаар мөнгө олохыг шахаж шаардсан тохиолдол ч гарч байжээ. Үр хүүхэдтэй болох гэсэн хосууд ихэнхдээ Энэтхэг, Украйн эсвэл Тайланд зэрэг хөгжиж буй орнуудыг зорьдог байна. Мэдээж, энэ нь хямд төлбөртэй холбоотой. Ялангуяа, Энэтхэгт тээгч эхийн нөхөн төлбөр нь 30 орчим мянган ам.доллар байв. Энэ нь АНУ-ынхаас 20-30 мянган ам.доллараар хямд үнэ. Гэхдээ арилжааны зорилготойгоор бусдын хүүхдийг тээж, төрүүлэх нь сүүлдээ эмнэлэг, хуулийн байгууллагад илүү ашигтай, тэдний бизнесийг дэмжсэн үйл ажиллагаа болж хувирчээ.

Иймд Энэтхэг 2015 онд гаднын компаниудыг хууль зүйн үйлчилгээ үзүүлэх, зуучлах, үр шилжүүлэн суулгах зэрэг тээгч эхтэй холбоотой үйлчилгээ явуулахыг хориглосон. Мөн 2016 онд хуулиа чангаруулж, энэ мөнгөний урсгалыг хаах шийдвэр гаргасан. Тус улс тээгч эхийг бүр мөсөн хориогүй ч арилжааны зорилготойг нь хумих бодлого барьж буй. Энэ мэт жишээнээс харахад тээгч эхийн тухай хуулийг батлахдаа зарим зүйлийг зайлшгүй анхаарч, долоо хэмжиж, нэг огтлох шаардлагатай болж байна. Нэгд, хэт арилжааны шинжтэй болохоос сэргийлж нэг эмэгтэйг хоёроос дээш удаа тээгч эх болохыг хориглох. Эс бөгөөс залуу эмэгтэйчүүд мөнгөний төлөө бие, эрүүл мэндээ золиослох магадлалтай. Ер нь тээгч эх болж буй эмэгтэйчүүдийн олонх нь өрөө төлөх, мөнгөтэй болох зорилготой байдаг аж. Тэд ихэнхдээ ядуу, боловсролгүй байдаг. Тиймээс хэт бага төлбөр авах, захиалагч талд илүү ашигтай хувилбараар гэрээ хийх магадлалтай. Мөн тээгч эх болохын бараан тал нь хүүхэд хүний наймааны золиос болох эрсдэл бий.

Тээгч эхээс төрсөн хүүхдийг биологийн эцэг, эх нь цааш үрчлүүлэх буюу өөр хүнд дамжуулах өгөхгүй байх тухай заалт ч хэрэгтэйг хүний эрхийн хууль ч нар хэлдэг юм билээ. Нөгөө талаас харвал, тээгч эх нь хүүхдээ төрүүлээд өгөхгүй гэвэл яах вэ гэсэн асуудал тулгардаг. Зарим оронд үүнийг хуулиар хүлээн зөвшөөрдөг бол ихэнхэд нь тодорхой зохицуулалт алга. Манайд уихаар хэлэлцэгдэх гэж буй төсөлд ч энэ талаар тусгасангүй. Үр хүүхэдтэй болохыг хүссэн хүмүүст туслах нь дээдийн буян. Гэхдээ хэт арилжааны болохоос сэргийлж, хуулиа эхнээс нь “цоорхойгүй” батлах ёстой. Эс бөгөөс Монгол улс хамгийн хямд тээгч эхтэй орон болж ч мэднэ гэдгийг хүний эрхийн төлөөх мэргэжилтнүүд анхааруулдаг. 30 мянган ам.доллар буюу одоогийн ханшаар 73 сая орчим төгрөг санал болгож буй Энэтхэг рүү “шуурч” байхад манайх шиг 2-3 өрөө байрны буюу 100-150 сая төгрөгөөр хүүхэд тээх санал тавьж байгаа орон “Хүүхдийн бизнес”-ийн талбар болж хувирахгүй гэсэн баталгаа алга. Нөхөн үржихүйн насны залуу эмэгтэйчүүд олноороо тээгч эх болбол гэр бүл, цаашлаад улсын хүн ам зүйд ноцтой аюул учирч ч мэднэ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Донтогсдыг муу зуршлаасаа салахад нь бүгдээрээ тусалъя

​Мансуурах донтой өвчтөнүүдтэй үр дүнтэй ажиллах бүтэц алга​

 0 сэтгэгдэл


Мансууруулах бодисын донтолтоос гарахаар сайн дураараа дахин дахин эмнэлэг бараадаж буй өвчтөнүүдийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн статистикийг харвал энэ оны эхний есөн сарын байдлаар мансууруулах болон сэтгэцэд хүчтэй нөлөөлөх эм бэлдмэлд донтон, давтан эмчлүүлж буй таван хүн байна. Харин сүүлийн дөрвөн жилийн байдлаар ийм хүмүүсийн тоо 14 болжээ.

Давтан эмчлүүлж буй шалтгааныг мэргэжилтнүүд өвчтөнтэй ажиллах иж бүрэн тогтолцоо бүрдээгүйтэй холбон тайлбарлаж байна. СЭМҮТ-ийн их эмч Д.Баттөр “Мансууруулах бодист донтох өвчний эдгэрлийн тойрогт хамгийн аюултай нь халтиралт юм. Эмчилгээ хийлгээд явж байгаа ч гэсэн эрсдэлтэй орчин, зан байдалд хүрвэл өнөөх бодисоо дахиад л хэрэглэчихдэг тул амархан сэдэрдэг. Тиймээс өвчтөний гэр бүл, нийгмийн орчинтой нь сайн ажиллаж, гэр бүл, эрүүл мэнд, хуулийн болон нийгмийн олон талт үйлчилгээ үзүүлэх зайлшгүй шаардлагатай. Ядаж л эмнэлгээс гарсных нь дараа мансууруулах бодис хэрэглэхгүй амьдрах сэдлийг үргэлж төрүүлж байдаг өөртөө туслах бүлгэмд хамруулах хэрэгтэй” гэв.

Нөгөөтэйгүүр, мансууруулах бодис хэрэглэх нь Зөрчлийн хуулиар эрүүгийн гэмт хэрэгт тооцогддог тул өвчтөнүүд хэн нэгнээс нээлттэй тусламж авах, мансуурах донтой орчноосоо салах боломжийг хааж байгаагаараа хамгийн том саад болж байна. Үүнийг хууль тогтоогчид, бодлого боловсруулагчид олж харж байна уу. Гэтэл үүнийг олж харахгүйгээр мансууруулах бодисын аюулаар улс орноо аварсан туршлага тун бага аж.

Хар тамхины эсрэг дайнд хүн төрөлхтөн үргэлж ялагдаж ирсэн. өдгөө Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте үүний эсрэг сүр дуулиантай тэмцэж буй удирдагч. Тус улсын үндэсний цагдаагийн газрын тоон мэдээллийг харвал энэ оны есдүгээр сарын байдлаар хар тамхитай холбоотой хэргээр 4798 хүнийг баривчилсан бөгөөд цагдаагийн газраас орон даяар явуулсан ажиллагаанд 1011 хүн, цагдаагийн 10 албан хаагч амь үрэгдсэн байна. Харин 1507 хүн хар тамхитай ямар нэг байдлаар холбоотой шалтгаанаар амиа алдсаныг олон улсын хэвлэлүүд онцолжээ.

• Давтан эмчлүүлж буй шалтгааныг мэргэжилтнүүд өвчтөнтэй ажиллах иж бүрэн тогтолцоо бүрдээгүйтэй холбон тайлбарлаж байна.

• Цус асгаруулсан, ширүүн ширүүн тэмцлээр улс орноо хар тамхины аюулаас холдуулсан туршлага үгүй.

• Хүний эрхийг дээдэлсэн, халтирсан нэгнээ нийтээрээ тулж, түшдэг хандлага сэтгэлээр хар тамхины үр дагавар, хэрэглээг бууруулсан түүх бий.

Харамсалтай нь, ийм ширүүн, цус асгаруулсан, хатуу чанга арга барилаар улс орноо хар тамхины аюулаас холдуулсан туршлага бараг л үгүй аж. Тиймээс ч Филиппиний тэмцэл онцгой биш гэж тодотгосон шинжээчдийн үгийг энд онцолъё. Үүний оронд хүний эрхийг дээдэлсэн, халтирсан нэгнээ нийтээрээ тулж, түшдэг хандлага сэтгэлээр хар тамхины үр дагавар, хэрэглээг бууруулсан амжилттай түүх Португал, Швейцарт бий аж. 40 жилийн дарангуйллыг халсны дараа Португал улс эдийн засгийн хувьд сэргэж, бие даахаас гадна хар тамхитай эрчимтэй тэмцэж чадсан юм. Португалчууд мансууруулах бодисоос хамааралтай, хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүсээ манайхан шиг хүний тооноос хассангүй. Харин ч өршөөж, нөхөн сэргээх эмчилгээнд хамруулж, эргээд нийгэмд нэгтгэх хууль эрх зүйн боломж, үйл ажиллагааны бүтцийг бий болгосон байна. Харин Швейцар Улс мансууруулах бодисын хор уршгийг бууруулахад чиглэсэн бүхий л төрлийн үйлчилгээ үзүүлж, хажуугаар нь соён гэгээрүүлэх мэдээлэл сурталчилгааг эрчимтэй явуулсан түүхтэй аж.

Хамгийн гол нь энэ бол мансууруулах бодистой холбоотой аливаа үйл ажиллагааг тэр чигт нь гэмт хэрэг гэж үздэг уламжлалт хандлагыг халж, хэрэглэгчид нь хохирогч, өвчтөн тул бүх нийтээрээ тусалж, дэмжих ёстой гэсэн соёл, сэтгэлгээний өөрчлөлт юм. Нэршлийн хувьд ч ялгаагүй. Мансууруулах бодис хэрэглэсэн бол нийгмийн “хог шаар” гэж ойлгодог, нэрлэдэг байсан бол одоо мансууруулах бодист донтох эмгэгтэй хүмүүс зэрэг нэршил бий болсон нь нийгмийн хандлагыг өөрчилсөн маш том ахиц байсан аж. Энэ бол хүмүүсийн муу, хор уршиг ихтэй зуршлыг өөгшүүлсэн хэрэг биш. Харин бодит байдалтайгаа нүүр тулж, хар тамхитай тэмцсэн түүх бас ололт гэхэд буруудахгүй.

Манай улсад уг нь иймэрхүү дэвшилтэт үзэл санаа шингээсэн нэг хөтөлбөр бий. “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг батлаад яг нэг жил найман сар өнгөрч байна. Гэхдээ өнөөг хүртэл хөтөлбөрийн үр дүнг хэлэлцээгүй байгаа нь бас л цаастайгаа хамт шарлаад үлдэх болов уу гэж эмзэглэмээр. Мансууруулах бодис өсвөр үеийнхэн, залуучуудыг заналхийлж байна гэж маш их, бүр маш их ярьж байгаа атлаа өвчтөн, хохирогчдод чиглэсэн үйлчилгээ алга. Уг нь тэдэнд зориулсан төв босгож, эмчилгээ үйлчилгээ үзүүлнэ гэж үндэсний хөтөлбөртөө бичсэн юм билээ. Гэвч ирэх оны төсөвт ийм үйлчилгээ, төв байгуулахаар барилгын санхүүжилт олгох санал хүргүүлсэн ч тусгагдаагүй гэдгийг Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн Г.Базархүрэл хэллээ. Бас нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн эмнэлгийн өнөө маргаашгүй нурах гэж буй барилгыг ч сэргээх төсөв тусгаагүй аж.

Тиймээс мансууруулах бодист донтсон, муу зуршилтай иргэдээ хүний тооноос хасаж, ялгаварлан гадуурхсаар байгаа төрийн энэ хариуцлагагүй, хүйтэн хандлагыг таслан зогсоохын тулд бүгдээрээ шахаж шаардъя. Уг нь эмчилгээ үйлчилгээг нь сайжруулаад өгвөл адилхан асуудалтай хүмүүс нэгнийхээ үгийг илүү хүлээн авч, ойлгодог, тэр хэрээр эмчилгээ үр дүнтэй болдгийг СЭМҮТ-ийн эмч нар хэлсэн. тиймээс ч манайд хордлого тайлах болон сэтгэл заслын хосолсон 21 хоногийн эмчилгээний үр дүнд жилийн дараа өвчтөн мансууруулах бодис дахин хэрэглэх магадлал 50-70 хувь буурдаг нь дэлхийн жишгээс их өндөр үзүүлэлт.

Өнөөдөр бид мансууруулах бодисын хэрэглээг гэмт хэрэг гэхээсээ илүү нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал гэж үзэж бодлого, арга зүйгээ зангидах шаардлагатай байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сүрьеэг эрүүл мэндийн салбар дангаараа дийлэхгүй

​Сүрьеэтэй өвчтөнүүдийн 70 хувь нь санхүүгийн дарамтад өртсөн​

 0 сэтгэгдэл


Үе үе бөгшүүлэн ханиаж буй турж эцсэн нэгнээс ойр орчмынхон нь үл мэдэг дөлнө. Гудамжинд, автобусанд, ажлын байранд, тэр бүү хэл гэр бүлийнхэн нь хүртэл сүрьеэ туссан нэгнийг илт ялгаварлан, зай барьдаг хандлага монголчуудад бий. Үүнийгээ “цагаан тахал” гэж нэрлэгдэх хүртлээ гаарч, олон хүний амь насыг авч одсоор байгаа сүрьеэ өвчнөөс сэрэмжилж буй гэж ойлгодог. Харин эсрэг өнцөгөөр харвал, өвчтөнд сэтгэл санааны маш хүнд дарамт учруулдаг араншин. Монголд жил бүр 4000 гаруй хүн энэ өвчнөөр шинээр өвчилж байна. Одоогоор 22 мянга гаруй хүн сүрьеэгийн халдвар тээж яваа гэсэн ноцтой мэдээлэл бий. Сүрьеэгийн вирус нь олон төрлийн эмэнд дасал болсон, хүнд шатандаа орсон иргэдийн хувьд ажил, хөдөлмөр эрхэлнэ гэдэг амаргүй. Хэдийгээр улсаас эмчилгээний зардлыг даадаг ч эмнэлэг явах унаа, эмийн гаж нөлөөг бууруулах эм авах гэх мэт шууд зардлууд эмчилгээнийхээс хоёр дахин их гардаг байна. Энэ хугацаанд ажил хийж орлого олох боломжоо иргэд хэдэн сар, жилээр алддаг.

ДЭМБ-аас Монголд сүрьеэгээр өвчилсөн иргэдийн 45.5 хувь буюу бараг тал нь ажилгүй болсон гэсэн судалгаа гаргажээ. Өвчтөнүүдийн 39 хувь нь тогтмол орлогогүй болсон, эмчилгээний бусад зардлаа олохын тулд банкнаас зээл авсан байна. Өөрөөр хэлбэл, сүрьеэгээр өвдсөн гурван хүн тутмын нэг нь зөвхөн энэ өвчнөөс салахын тулд өр, зээлтэй амьдарч байгаа юм. Хүндээр өвчлөх нь зөвхөн тухайн хүний бэрхшээл биш. Гэр бүлийнхэнд нь ч эдийн засаг болон сэтгэл санааны дарамт болдог. ДЭМБ-ын дээрх судалгаанд сүрьеэтэй өвчтөн, түүний гэр бүлийнхний 70 хувь нь ямар нэг байдлаар санхүүгийн дарамтад ордог гэсэн дүн гарчээ. Тус байгууллагаас уг өвчний улмаас учирч буй зардал өрхийн жилийн орлогоос 20 хувь хэтэрсэн бол санхүүгийн дарамтад өртсөн гэж үздэг. Монголын хувьд бусад оронтой харьцуулбал өрхөд учрах санхүүгийн дарамт харьцангуй өндөр үзүүлэлттэй. Тухайлбал, манай улс багтдаг Номхон далайн баруун бүсийн орнуудад уг үзүүлэлт 30-60 хувьтай байдаг юм байна.

Монголд сүрьеэгийн гурван тохиолдлын дөнгөж нэгийг нь илрүүлдэг

Ер нь буурай хөгжилтэй орнуудад сүрьеэгийн тархалт их. ийм орнуудад эрүүл мэндийн үйлчилгээ хүртээмжгүй, иргэдийн эрүүл мэнддээ тавих анхаарал сул, санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг зэргээс болоод эмчилгээгээ таслах, зогсоох, эсвэл бүр эмчлүүлэхгүйгээр вирус тээсээр байх явдал байсаар байна. Манай улсад гэхэд сүрьеэгээр өвчлөгсдийн 10 хувь нь эмчилгээгээ тасалдуулдаг аж. Унаа, эмийн мөнгөгүйгээс эмчилгээ таслах эсвэл бүр мөсөн орхих тохиолдол маш олон байна. Ялангуяа, эмзэг бүлгийн болон архинд донтсон иргэдэд бүрэн эмчилгээ хийнэ гэдэг хамгийн том бэрхшээл гэдгийг эмч нар хэлж байна. Гэтэл халдвартай хэлбэрийн сүрьеэтэй нэг өвчтөн жилд дунджаар 10-15 хүнд өвчний вирусээ халдаадаг аж. “Уг нь энэ өвчнийг анхан шатанд нь, сахилга баттайгаар эмчлүүлж чадвал 200-300 мянган төгрөг л шаардлагатай. Харин хамгийн хүнд шатандаа буюу вирус нь бүх эмэнд дасалтай болчихвол 20-30 сая төгрөг зарцуулдаг. Өвчнөө даамжруулах тусам эмчилгээний бусад зардлууд өсдөг. Анхан шатанд эмчлүүлсэн өвчтөний зардлын 39 хувийг эмчлгээний бус зардал эзэлнэ.


Харин эмэнд тэсвэртэй болсон бол энэ зардал 45 хувь болж нэмэгддэг” гэж ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт, судалгааны албаны дарга Д.Энхмандах тайлбарлалаа. Сүрьеэ бол XIX зуунд дэлхийг нөмөрч байсан “тахал”. Сүүлийн жилүүдэд сүрьеэгийн тархалт буурч байгаа ч жилд олон сая хүн хорвоог орхисоор буй. 2017 онд дэлхий даяар 10 сая хүн өвчилж, 1.6 сая нь нас барсан. Номхон далайн баруун эргийн орнуудад л гэхэд өнгөрсөн онд 1.8 сая хүн ийм төрлийн вирусээр өвджээ. Харин энэ дунд манай улс шинэ өвчлөлийн тохиолдол болон ирээдүйд өвчлөх магадлалтай хүний тоогоор дээгүүрт бичигдэж буй. Дэлхий нийт сүрьеэ өвчинтэй зуун дамжин тэмцэж байгаа. НҮБ-аас 2030 он гэхэд сүрьеэгийн өвчлөлийг тэг болгож, вирусийн тархалтыг бүрэн зогсоох зорилт тавьсан. Гэвч Монголд сүрьеэгийн гурван тохиолдлын дөнгөж нэгийг нь л илрүүлж чадаж байгаа нь харамсалтай гэхээс илүү аюулын харанга дэлдэж буй. Тэгвэл сүрьеэгийн вирус тээж яваа гурван хүн тутмын хоёр нь өөрийгөө ийм өвчин туссан гэдгээ ч мэдэхгүй, мэдсэн ч эмчид очдоггүй гэсэн үг.

Тиймээс энэ “цагаан тахал”-ын вирусийг устгахын тулд бодлогоо шинэчлэх цаг ирснийг мэргэжилтнүүд хэлж байна. Олон улсад энэ бэрхшээлийг нийгмийн халамжийн бодлогоор дамжуулан арилгахыг хамгийн тохиромжтой арга гэж үзэж байна. Тухайбал, сүрьеэгээр өвчилсөн хүмүүсийг ажлын байртай болгох, бага ч гэсэн эмчилгээгээ таслахгүй байхаар зардлыг нь халамж хэлбэрээр өгдөг жишээ байдаг аж. Түүнчлэн, орчин үеийн оношилгооны аргууд, дэвшилтэт технологийг ашиглан, эрүүл мэндийн тогтолцооны чадавх, хүртээмжийг сайжруулах шаардлагатай байгааг ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн сүрьеэ, лепрозын хэлтсийн зохицуулагч таухид ислам онцолсон юм. Ийнхүү сүрьеэ араасаа ядуурлыг дагуулсаар байгаа бол иргэд ядуурлаас үүдэн өвчнөө эмчлэхгүй, бусдад халдаах тохиолдол улам даамжирсаар байна. Тиймээс Монголд сүрьеэгийн тархалтыг бууруулахын тулд хүч хаях цаг хэдийн болжээ. Үүний тулд ганцхан төлөвшиж амжаагүй эрүүл мэндийн салбарт даатгаад орхих биш, нийгмийн халамж, хууль, санхүү, иргэний нийгэм зэрэг бусад салбаруудтай хамтрах шаардлагтай байна. Наад зах нь ядуугийн улмаас үхэлд хүргэх халдварт өвчин тээж байгаа иргэдийг илрүүлж, эмчлүүлэхэд ганц эрүүл мэндийн салбарын хүч хүрэхгүй нь.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Шалгалтаар очно, хуурамч бүтээгдэхүүнээ нууцгаа!

​ХСҮТ хямд, чанар муутай химийн тариа авдаг нь тендерийн хуулийн “харалган” заалттай холбоотой​

 0 сэтгэгдэл


Эрүүл мэндийн салбарын үйлчилгээ аливаа үйлчилгээний эхэнд тавигдах ёстойг дэлхий даяар даган мөрдөж, ягштал хэрэгжүүлж байна. Харин манай улсын төрийн бодлого түүнтэй тэрсэлдэж байдаг. Эрүүл мэндийн наад захын үйлчилгээ үзүүлэгч эмийн сангийн худалдаанд эргэлзэх зүйл цөөнгүй байна. МХЕГ-ын хяналт шалгалтынхан эмийн сангуудын үйл ажиллагаа, бараа, бүтээгдэхүүнд бүрэн хяналт тавьж чадахгүй байгаагаа ч хүлээн зөвшөөрсөн. Учир нь төрийн хяналт шалгалтын тухай хуульд МХЕГ аливаа шалгалт хийхдээ иргэн, аж ахуйн нэгжид урьдчилан мэдэгдсэн байхаар зааж өгснөөс эмийн сангуудыг хянаж чаддаггүй аж. Энэ тухай МХЕГ-ын тусгай хяналтын газрын дарга Л.Төгсбаяр “Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд зааснаар бид төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус гэсэн хоёр шалгалт хийдэг. Төлөвлөгөөт шалгалтыг өмнөх жилийн арванхоёрдугаар сарын 1-н гэхэд олон нийтэд зарладаг.

Төлөвлөгөөт бус шалгалтыг өргөдөл, гомдол, бусад газраас ирсэн хүсэлтийн дагуу хийдэг. Гэхдээ бид хяналт, шалгалтаар явахдаа тав хоногийн өмнө урьдчилан мэдэгддэг хуулийн заалттай. Тав хоногийн өмнө урьдчилж мэдэгдэхээр зөрчил илэрдэггүй. Манай байгууллагад тулгамдаж байгаа асуудлын нэг бол яах аргагүй энэ мөн. Ялангуяа, хяналт шалгалтаар очно гэдгээ урьдчилаад мэдэгдчихээр эмийн сангууд хугацаа дууссан, чанар хангахгүй бүтээгдэхүүнээ нуудаг” гэв. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн тавдугаар зүйлд “Хяналт шалгалтын байгууллага хяналт, шалгалт хийх тухайгаа шалгуулах этгээдэд таваас доошгүй хоногийн өмнө шуудангаар, утсаар, эсхүл биечлэн мэдэгдэх бөгөөд мэдэгдэлд шалгалт хийх байгууллагын нэр, шалгалт эхлэх ба дуусах хугацааг заана” гэжээ.

Танайхыг шалгана, хуурамч, хугацаа дууссан, хориглосон эмээ нуугаад аятайхан өнгөрөөхийг бодоорой гэсэн агуулгатай энэ заалтыг төрийн хяналтын гол хуульд хэн ямар зорилгоор суулгасныг шүүж үзэх л шаардлагатай. Ийм утгагүй заалт хүчин төгөлдөр үйлчилж, түүний уршгаар эрсдэл бий болсоор байгааг мэддэг атлаа хуульд өөрчлөлт оруулж төвдөхгүй байгаагийн цаана учир бий. Өвчлөл нэмэгдэх, стандарт тогтоохын хэрээр эм, эмнэлэгийн хэрэгслийн бизнес олон тэрбумаар эргэлддэг худалдааны том салбар болсон. Өрхийн эмчээс эхлээд сум, дүүргийн эмч нар эм ханган нийлүүлэх, эмийн сангийн үйлчилгээнд сүлжээ үүсгэсэн тухай хэвлэлээр бишгүй л шүүмжилж байгаа. Тэр сүлжээгээр дамжин хориглосон эм, хугацаа нь дууссан тариа худалддаггүй гэсэн баталгааг хэн өгөх юм бэ. Саяхан нэгэн танил маань эмчийн зөвлөснөөр эмийн сангаар үйлчлүүлэхэд хугацаа нь дууссан эмийн бүтээгдэхүүн заржээ.

Хуулийн цоорхойг далимдуулж иргэдэд чанаргүй эм, тариа шахсаар байна

Эмийн санчид хэлтэл авбал ав, боливол боль гэсэн шинжтэй тоогоогүй төдийгүй дараагийн үйлчлүүлэгчид хугацаа дуусан эмээ зарсан гэнэ. Эмийн худалдааг дурын хүн хийдэггүй. Гэтэл эм ханган нийлүүлэх байгууллагад ажиллагсдын хэд нь эм зүйч мэргэжилтэйг дээрх хуулийн заалтаар тогтоож дийлэхгүй нь ойлгомжтой байна. Эм, тариа бол онцгой бараа бүтээгдэхүүн. Түүнийг мэргэжлийн эм зүйч худалдан борлуулах ёстой. Гэтэл хүний амь нас, эрүүл мэндтэй шууд холбоотой онцгой барааны чанар, худалдах эрхийг хэрэгжүүлэхэд төр хяналтаа тогтоож чадахгүй байгаа нь харамсалтай. Ийм тохиолдолд иргэд хэнд найдаж, хаанаас баталгаа нэхэх вэ. Хуулийн энэ цоорхойг далимдуулж хэчнээн эмийн сан шаардлага хангахгүй эм, тариаг үйлчлүүлэгчид шахаж байгааг яаж тооцох вэ. Үүнээс ч ноцтой байж болох нөхцөл олон жил ужгирсан нь бас л төрийн харалган бодлого, хуулийн заалттай холбоотой.

Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн хими эмчилгээний тасаг чанар багатай химийн тариа ашигладаг тухай яригдсаар байгаа. Тус төвд химийн тариа нийлүүлэх тендер төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлагддаг бөгөөд хамгийн бага үнэ санал болгосон эм ханган нийлүүлэгч шалгардаг. Тэр хэрээр дэлхийд нийтлэг хэрэглэж буй химийн тарианаас хямд тариа тендерээр орж ирдэг гэсэн үг. Энэ талаар тус төвийн Клиникийн эм зүйн албаны дарга Ж.Жавхлан “Хуульд хамгийн бага үнэ санал болгосон оролцогчийг шалгаруулна гэдгээр чанаргүй эм, тариа орж ирдэг сул тал бий. Химийн тарианаас илүү үр дүнтэй эмчилгээг дэлхий нийтэд өргөн хэрэглэж байгаа ч манай эмнэлэг төсөв хүрэлцээгүйгээс нэвтрүүлж чадахгүй байна” гэж ярив. ХСҮТ-ийн төсвийг жил бүр нэмэгдүүлж ирсэн.

Харин өнөө жил 20.2 тэрбум төгрөг байсан төсвийг ирэх жил 10.3 тэрбум төгрөг болгож бууруулжээ. Төсвийг нь бараг 10 тэрбумаар хасчихаад байхад чанартай химийн тариа авна гэдэг юу л бол. ХСҮТ-ийн хими эмчилгээний тасагт сард дунджаар 450 хүн химийн тариа хийлгэдэг бөгөөд эм, тарианы хүрэлцээ муу, өвчтөнүүд хэвтэх, эмчилгээнд орох дарааллаа хүлээх гээд бэрхшээл их гардаг байна. Өнөө жил улсын төсвөөс химийн тариа худалдан авахад зориулж 1.5 тэрбум төгрөг баталсан учир хүртээмжгүй байдал үүсэж болзошгүйг эмч нар ярих юм. Тус төвийн судалгаагаар жилд хамгийн багадаа найман тэрбум төгрөгийг химийн тариа худалдан авахад төсөвлөж байж чанар, хүртээмж хангах эм, тариа оруулж ирэх боломж бүрдэх аж. Өнөөдрийн байдлаар манай улсын хавдрын эмчилгээний эмийн бүртгэлд худалдааны нэршлээр 70 гаруй, олон улсын нэршлээрээ 54 эм бүртгэлтэй байна.

Үүнээс хавдрын химийн эмчилгээнд 26 эм, тариа бүртгэлтэй аж. Тэдгээр эм тарианаас одоогийн хэрэглэж буй Энэтхэгийн химийн тариа чанарын хувьд аль хавьд үнэлэгддэгийг хэлж мэдэхгүй. Үнэ хямд гэхээр дэлхийн дунджаас доогуур байдаг нь тодорхой. Гэтэл нөгөө талдаа хууль тогтоогчид сэтгэлгүй хандсаны гайгаар хэчнээн хүн чанар багатай химийн тариа тариулж хохирсон бол. Иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийн амин чухал хэрэгцээг бал цаас, бараа материал худалдан авах ажиллагаатай адилтган хуульчилсан нь тэнэглэл гэхээс өөр юу гэх вэ. Ялангуяа, химийн тариа бол хорт хавдрын эсрэг онцгой бүтээгдэхүүн. Тийм ч учраас гадуур зарахыг хориглож, тендерт шалгарсан эм ханган нийлүүлэх байгууллагад л хилээр оруулах зөвшөөрөл олгохоор хуульчилсан байдаг.

Иргэдийнхээ амины үнэтэй зүйлээс мөнгө харамладаг төртэй байгаа нь эмгэнэл биш гэж үү. Дээрх хоёр хуулийн заалтаас болж иргэний аюулгүй эрүүл мэндийн үйлчилгээ авах эрх ноцтой зөрчигдөж байна. Үүнийг хэзээ засах нь ч тодорхойгүй. Ерөнхийлөгч хүүхэд хамгааллын чиглэлээр хяналтын байгууллагынхантай уулзах үеэрээ эмийн санг шууд шалгах эрхийг МХЕГ-т олгох хуулийн нэмэлт, өөрчлөлтийг яаралтай хийхийг анхааруулсан ч ЭМЯ, Засгийн газар хуулийн төсөл санаачлаагүй л байна. Мөн химийн тарианы чанарыг сайжруулах талаар иргэд эмнэлгийн зүгээс олон жил шүүмжлэлтэй хандаж байгаа ч төсөв нэмэх, тендерийн хуулийг өөрчлөх санаачлага бас гараагүй л байгаа юм. Иргэдийн эрүүл мэндийн аюулгүй үйлчилгээ авах эрх зөрчигдсөөр байгааг мэдсэн ч мэдээгүй царайлдаг, тооцсон ч тоолгүй өнгөрөөдөг байдалтайгаа төр ч эвлэрчээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Тавилга нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэж та урд нь бодож байсан уу?

 0 сэтгэгдэл

Бид эрүүл мэнддээ анхаарч идэж уудаг хоол хүнсэндээ хяналт тавиад эхэлсэн байна. Гэвч эдэлж хэрэглэдэг гэр ахуйн тавилгандаа түүнээс ч дутуугүй анхаарах цаг хэдийнээ болжээ.

Тэгвэл та гэрийнхээ тавилгыг зөв сонгосон уу?

Гэр ахуйн тавилгын 80-90%-ийг шахмал хавтангаар хийдэг ба уг хавтангийн бүтцэд метанолын оксидоос гаргаж авсан формальдегидийг дүүргэгч бодис болгон ашигладаг.

Мөн ууршимтгай нэгдлүүд болох цавуу уусгагч, формальдегид цавуу, фенол, меламин формальдегид гэх мэт дэгдэмхий бодисууд холигдон ордог. Дээрх бодисууд нь зөвшөөрөгдсөн хэмжээнээсээ их болоход хүний эрүүл мэндэд хор хөнөөл үзүүлдэг аж.

1. Дүүргэгч бодисууд нь халуунд ууршин хүний амьсгалын замаар дамжин хорт хавдар үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг юм. Ингэснээр гуурсан хоолой, уушигний хорт хавдарууд үүсгэдэг учраас япончууд 40 жилийн өмнөөс эдгээр бодисуудыг агуулсан хавтангуудыг чимээгүй дэлбэрэх бөмбөг гэж нэрлэх болсон.

2. Баруун Европын өндөр хөгжилтэй орнуудад Формальдегид, түүний төрлийн бодисуудыг зөвшөөрөгдөх хэмжээнээр ихээр агуулсан хавтангуудыг гэр ахуйн тавилга хийхэд хэрэглэхгүй болсон төдийгүй үйлдвэрлэхийг хориглосон.

3. Зориулалтын бус хавтанг гэр ахуйн тавилганд ашигласнаар хоол хийх явцад ууршиж хортой дэгдэмхий бодисууд нь амьсгалын замд нөлөөлж архаг бронхид, астма зэрэг өвчнүүдийг үүсгэдэг байна.

4. Хятад улс тавилгын хавтангуудад өндөр хяналт тавиж эхэлсэн бөгөөд зориулалтын бус хавтангаар хийсэн тавилгуудыг ядуу буурай иргэд нь ч хэрэглэхээ больсон байна.

Дүүргэгч бодисуудыг хэрэглэснээр тухайн хавтан нь нягт, хөнгөн болж чаддаг нь нэг талаасаа технологийн дэвшил болдог ч хэмжээнээсээ хэтэрвэл эрүүл мэндэд хортой болохыг ийнхүү тогтоожээ. Гэтэл манай улсад өнөөдрийг хүртэл энэ талын стандарт боловсруулагдаагүй түүнд тавих хяналт байхгүй учир иргэд Хятад улсаас барилгын зориулалттай дээрх шаардлагыг хангаагүй хавтангаар гэр ахуйн тавилга хийж иргэдийн эрүүл мэндийг хохироосоор байна.

Шахмал хавтанд E0, E1, E2, E3, E4 гэсэн олон улсын стандартууд байдгаас зөвхөн E0, E1 стандарт л гэр ахуйн тавилга хийх зориулалттай байдаг байна.

Анх ХБН Г улсад Е1, Е2 стандарт гэж гарсан бөгөөд энэ стандартыг Америк болон Европын өндөр хөгжилтэй улс орнууд дагаж мөрдөж эхэлжээ.

Хятад улс Е0 хавтангаар хийсэн тавилгандаа тусгай тэмдэглэгээ хийж сертификат олгодог байна.

Е0 стандартын хавтангаар хийсэн тавилганд формалдегидийн агууламж 100 гр-д 0.5 мг/л хэмжээнээс бага, байгаль орчинд ээлтэй, эко тавилга гэж тооцогддог.

Е1 стандартын хавтан нь формалдегидийн агууламж 1.5 мг/л хэмжээнээс бага, европын стандарт бөгөөд хүний биед хор нөлөө үзүүлэхгүй, формальдегидийн хэмжээ нь зөвшөөрөгдсөн хэмжээнд байдаг. Харин Е2 ≤ 5.0 мг/л хавтанг гадуур нь бүрсэн тохиолдолд тавилганд хэрэглэж болно гэж зөвшөөрөгдсөн байдаг байна.

Харин барилгын болон бусад зориулалтын, E3, E4 стандартын шахмал хавтанд формальдегидийн хэмжээ 30гр-аас дээш орсон байдаг. Энэ нь үнэ өртгийн хувьд хэт хямд байдаг учраас Монголчууд урд хөршөөс ихээр оруулж ирэн гал тогоо, шкаф зэрэг гэр ахуйн тавилга хийж нүүр хэсгийг нь өнгө үзэмжтэй хаалгаар хийдэг байна. Мөн будганд сайн орж өнгөлөг харагддаг PVC нь цэвэр химийн материал учир хүүхэд нялхаст харшил үүсгэдэг.

Эцэг эхчүүд та бүхэн хүүхэддээ болон гэртээ тавилга сонгохдоо стандартын болон эрүүл ахуйн шаардлага хангасан эсэхийг сайтар шалгаж авахыг зөвлөж байна.