A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5375/

Түүхий эдийн ченж, төрийн бодлогын зөрчил малын арьс, ширийг илжрүүлж байна

Түүхий эдийн ченж, төрийн бодлогын зөрчил малын арьс, ширийг илжрүүлж байна
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5375/
  • Хэрэв технологич ирж, үйлдвэр ажиллаж эхэлбэл үлдэгдэл түүхий эдийг хоёр сарыг хугацаанд боловсруулах боломжтойг албаныхан хэлж байлаа
  • “Урд хөрш рүү адууны шир гаргахгүй байгаа нь зах зээлээ мэдрээгүй шийдвэр. Харин ч татварыг нь хөнгөлөх хэрэгтэй. Ингэж байж түүхий эд үнэд хүрнэ. Дотоодын үйлдвэрүүдийн хэрэгцээг хангаад наана нь түүхий эд илүү гардаг шүү дээ” гэв
  • БНХАУ-ын цагаан сар болж, технологич нь нутаг буцаад, хөл хорионд орсон тул үйлдвэр тодорхойгүй хугацаанд хаалгаа барихад хүрсэн байна. Үүний улмаас ченжүүд түүхий эдээ хэрхэх учраа олж ядан, давсалж, хадгалахаас өөр сонголтгүй болсон аж

Нийслэлийн иргэдийг мах, түүхий эдээр хангадаг Эмээлт төвийн ойр орчимд илжирсэн арьс, ширний өмхий үнэр ханхалж, ялаа, батгана үүрлэжээ. Хаалгаа тэлсэн хашаа бүхэнд малын арьс, шир дэлгээстэй байх бөгөөд зузаан хувцасласан хүмүүс халууныг үл ажран тун завгүй ажиллаж байлаа. Нэг хэсэг нь хөл гишгэх зайгүй эгнүүлсэн арьс ширээ ачиж, нөгөө хэд нь түүхий эдээ давсалж, агуулах руу зөөнө. Ноос, ноолуурын цагаар хөл, хөдөлгөөн ихтэй байдаг тус цэг өнөө жил нам гүм байх агаад ажилчдаас өөр хүн бараг л харагдсангүй. Малчдаас түүхий эд худалдаж аваад, үйлдвэрт нийлүүлж ашиг олдог ченжүүдийн нөхцөл байдал цар тахлын улмаас хүндэрч, малын арьс, шир илжирч байгаа талаарх мэдээлэл цахим орчинд цацагдаад буй. Гэтэл зөвхөн өнөө жил алдагдал хүлээж, аврал хүсэж байгаа бус, урьд өмнө ч хохирол амсаж, түүхий эдээ яах учраа олж ядан, дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байснаа тэд хэлж байлаа. Энэ нь адууны арьс, ширийг урд хөрш рүү гаргахыг хориглосонтой холбоотой. Түүнчлэн түүхий эдийг түүхий чигээр нь экспортлохгүй байгаагаас болж үнэ нь унасан болохыг уулзсан ченж бүхэн учирлаж байв. Харин холбогдох яам болон Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо ченжүүдээс өөр байр суурьтай байсан юм. Энэ талаар сурвалжилж, малын түүхий эд өтөнд баригдаж, өмхийрч хаягдаж байгаагийн цаад шалтгааныг тодруулахыг зорилоо. Монгол Улс бүх төрлийн арьс, шир, түүхий эдийг дотооддоо боловсруулж, экспортлох зорилго тавьсан учир 2000 оноос хойш урд хөрш рүү боловсруулаагүй түүхий эд гаргахаа больсон. Гэхдээ энэ нь зөвхөн манай улсын шийдвэр бус, БНХАУ адууны ширнээс бусад түүхий эдийг хүлээж авах хүсэлгүй болсонтой холбоотой болохыг албаныхан хэлж байлаа. Харин битүү туурайтай учир адууны ширийг авах сонирхолтой байдаг ч гадагш гаргахыг нь мөн л хориглосон аж.

Албаныхан үүнийг тайлбарлахдаа “дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингээх зорилготой учраас гадагш гаргахгүй байгаа. Гэхдээ ченжүүд чанаргүй түүхий эд бэлтгэдэг төдийгүй бидэнд тушаах сонирхолгүй байдаг” гэсэн юм. Харин ченжүүд “холбогдох байгууллагууд биднээс худалдаж авахгүй хэрнээ хилээр гаргахгүй, гацааж байна” гэсэн тайлбар өглөө. Ийнхүү түүхий эдийн ченж, албан тушаалтан хоёрын үл ойлголцлын уршгаар малын арьс, шир эцсийн бүтээгдэхүүн бололгүй “саармагжиж”, зарим нь агуулах дотор, зарим нь хогийн цэг дээр илжирч байна. Түүхий эдийн ченж Б.Нямсүрэн “18 мянган төгрөгөөр авсан шир маань одоо таван мянга ч хүрэхгүй үнэтэй болчихлоо. Муутгахгүйн тулд давсалж таарна. Давс 250-280 төгрөгөөр худалдаалагдаж байна. Адууны нэг шир давслахад хамгийн багадаа тав, ихдээ найман кг давс ордог. Үүн дээр ажлын хөлсөө шингээхээр дунджаар таван мянган төгрөг нэг ширэнд зарцуулагдаж байна. Урд хөрш рүү адууны шир гаргахгүй байгаа нь зах зээлээ мэдрээгүй шийдвэр. Харин ч татварыг нь хөнгөлөх хэрэгтэй. Ингэж байж түүхий эд үнэд хүрнэ. Дотоодын үйлдвэрүүдийн хэрэгцээг хангаад наана нь түүхий эд илүү гардаг шүү дээ. Гадагш гаргахгүй байгаагаас болж ченжүүд жил бүр алдагдалд орж байна. Өмнө жил л гэхэд 15-16 мянган шир зарагдалгүй үлдсэн. Би “Дархан нэхий” компанид үхрийн шир, хонины нэхий нийлүүлдэг. Дотоодын хэрэгцээгээ 20 орчим хувиар нь л хангадаг” гэсэн тайлбар өгсөн юм. Монгол улс жилд 10 орчим сая арьс, нэхий, шир бэлтгэдэг байна. Тодруулбал, дөрвөн сая гаруй нэхий, дөрвөн сая орчим ямааны арьс, 300-350 мянган үхрийн арьс, 200-300 орчим мянган адууны шир гардаг аж. Адууны ширнээс бусад түүхий эдийг дотооддоо хагас болон бүтэн боловсруулаад экспортлох боломжтой. Харин адууны ширийг гадагш гаргахгүй, дотооддоо цавуу буюу желатин үйлдвэрлэж БНХАУ руу гаргаж эхэлжээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн тус үйлдвэр нэгдүгээр сараас хойш бүтээгдэхүүн гаргах боломжгүй болжээ. Учир нь БНХАУ-ын цагаан сар болж, технологич нь нутаг буцаад, хөл хорионд орсон тул үйлдвэр тодорхойгүй хугацаанд хаалгаа барихад хүрсэн байна. Үүний улмаас ченжүүд түүхий эдээ хэрхэх учраа олж ядан, давсалж, хадгалахаас өөр сонголтгүй болсон аж. Хэрэв технологич ирж, үйлдвэр ажиллаж эхэлбэл үлдэгдэл түүхий эдийг хоёр сарыг хугацаанд боловсруулах боломжтой болохыг албаныхан хэлж байлаа. 

ЗГМ Тодруулга

Т.Баярсайхан: Үлдсэн арьсаа цавуу болгоход хоёр сар л шаардлагатай

Адууны ширийг боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа доголдож, ченжүүд түүхий эдээ нөөцлөхөөс өөр аргагүй болсон дээрх асуудал дээр холбогдох байгууллагууд ямар арга хэмжээ авч байгаа талаар Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайханаас тодрууллаа. 

-Адууны ширийг гадагш гаргахгүй, дотооддоо худалдаж авахгүй байгаагаас болж ченжүүд хохирч, түүхий эд өмхийрч, өтөнд идэгдэж байна. Танай байгууллага ямар арга хэмжээ авахаар ажиллаж байна вэ? 

-Өнгөрсөн жил Монгол улсад 200 орчим мянган адууны шир бэлтгэгдсэний 100 гаруй мянган арьсыг боловсруулсан. Өөрөөр хэлбэл, цавуу буюу желатин хийж, экспортолсон. Харин хонь, ямааны арьсыг боловсруулаад ерөнхийдөө дууссан. Зургаадугаар сарын 1-ний байдлаар Эмээлт дээр нэг ч хонины нэхий үлдэхгүй байхаар зохицуулж байна. Үхрийн ширийг боловсруулж байгаа ч үлдэгдэл гарахаар байна. Учир нь 50 гаруй хувь нь нядалгааны үеийн гэмтэлтэй. Адууны арьс ч ялгаагүй гэмтэл ихтэй байгаа болохоор гутал, цүнхний зориулалттаар ашиглах боломжгүй. Тиймээс үйлдвэрүүд авахгүй, үлдэгдэл гардаг. Түүхийгээр нь урд хөрш рүү гаргахгүй байгаа болохоор үлдээд байна гэдэг ташаа ойлголт. 

-Дотоодын хэрэгцээгээ хангаад, үлдсэн хувийг нь экспортлох боломжгүй юу. Түүхий эдийн нөөц хангалттай байдаг биш үү? 

-Монгол Улс нэмүү өртөг шингээж, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор түүхийгээр нь түүхий эд гаргахыг хориглосон. БНХАУ руу түүхий эд гаргах сонирхолтой байгаа ченжүүд дотоодын үйлдвэрт чанартай арьс бэлтгэж өгөх чадваргүй байдаг. Учир нь ченжүүдийг хятадууд санхүүжүүлдэг болохоор түүхийгээр нь урд хөрш рүү гаргах нь ашигтай. Хэрэв чанартай арьс бэлтгэдэг бол боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал манай улсад бий. 

-Хүчин чадал байгаа ч их хэмжээний түүхий эд агуулах, хогийн цэг дээр эгнэж байгаа нь ямар учиртай вэ? 

-2019 оны 11 дүгээр сараас эхлээд адууны арьсаар техникийн желатин хийж, БНХАУ руу гаргаж эхэлсэн. Нэгдүгээр сард БНХАУ-ын цагаан сар тохиогоод технологич нь нутаг буцсан ч, эргэж ирж чадахгүй хөл хорионд орсон. Тиймээс цавууны үйлдвэр одоогоор үйл ажиллагаагаа зогсоогоод байна. Гэхдээ хил нээгдээд, технологич ирэхээр үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Үлдсэн арьсаа цавуу болгоход хоёр сар л хангалттай. Түүхий эдийг давсалчихвал хоёр жил хадгалах боломжтой байдаг. Арьс, ширээ муутгаж байгаа нь тухайн хүний хариуцлагагүй үйлдэл. Хятад хүний хөрөнгө урсаж байгаа болоод л ченжүүд хариуцлагагүй хандаж байгаа хэрэг шүү дээ. 

-Зарим жил тодорхой хугацаанд хил нээгээд малын арьс, ширийг гаргадаг юм билээ. Энэ ямар учиртай вэ. Хил нээсэн жил түүхий эдийн хомсдол үүсдэг үү? 

-Ченжүүд хятадуудаас мөнгө аваад, Монгол Улсын Засгийн газарт нөлөөлж, техникийн зохицуулалтыг хүчингүй болгодог. Ингэснээр хэсэг хугацаанд урд хөрш рүү түүхий эд экспортлох боломж бүрддэг. Гэхдээ ийм шийдвэр гаргаснаар бид хөгжлөөсөө нэг алхам ухардаг. 2013 онд анх БНХАУ-тай хамтарсан үйлдвэр байгуулаад, бүтээгдэхүүнээ тус улсад экспортолж байсан. Гэтэл 2015 онд түүхий эдээ урд хөрш рүү гаргасны улмаас дампуурч байсан. Одоо цавууны хоёр ч үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байна. Хэрэв дахиад урд хөрш рүү түүхий эдээ гаргах юм бол дээрх түүх давтагдах эрсдэлтэй. 

Албаны хүний үг

Б.Батхүү: Адууны шир экспортлох боломжтой болсон 

Энэхүү асуудлын хүрээнд холбогдох яам ямар арга хэмжээ авч байгаа талаар ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Батхүүгээс тодрууллаа.

-Адууны ширийг дотооддоо боловсруулж, цавуу хийж байсан үйлдвэрийн үйл ажиллагаа зогссон байна. Мөн түүхий эдийг гадагш гаргахгүй байгаагийн улмаас арьс шир муудах эрсдэлд оржээ. Энэ асуудал дээр яам арга хэмжээ авч байна вэ?  

-Засгийн газрын 300 дугаар тогтоолыг түр хугацаанд цуцалж, боловсруулалт хийхгүйгээр түүхий эд экспортлох боломжтой болсон. Гэхдээ зөвхөн адууны ширийг л гаргана. Бусад түүхий эдийг урд хөрш түүхийгээр нь авдаггүй. Учир нь ченжүүд нядалгаа хийхдээ арьсыг сэг болгодог. Тиймээс нийт түүхий эдийн 70-80 хувь нь үйлдвэрийн шаардлага хангадаггүй. 

-Адууны арьс, ширийг гадагш гаргах шийдвэр гарсан гэлээ. Хэрэв цавууны үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж эхэлбэл түүхий эдийн хомсдол үүсэх эрсдэл бий юу? 

-Коронавирусийн улмаас малчид эдийн засгийн хувьд хүнд байдалд орсон. Мөн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хил, гаалийн татвар, хураамжийг бууруулах арга хэмжээ авч байна. Түүхий эдийн нөөц хангалттай бий болохоор эхлээд дотоодын хэрэгцээгээ хангаад, үлдсэн хувийг нь гадагш гаргах боломжтой. 

-Адууны арьсыг дөрөв дэх удаагаа урд хөрш рүү гаргаж байгаа юм байна. Ченжүүдийн шаардлагаар тогтоолыг цуцалдаг бололтой? 

-Адууны ширийг түүхийгээр гаргах нь ченжийн хувьд амар аргаар мөнгө олох боломж байдаг болохоор жил бүр дээрх тогтоолыг цуцлуулах хүсэлт гаргадаг. Уг нь яамны бодлого нь арьс ширний гүн боловсруулалтыг 60 хувьд хүргэх төлөвлөгөөтэй байдаг. Гэтэл үйл ажиллагаагаа явуулахад ченжүүд саад болдог.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Орон орны өвөрмөц соёл

 0 сэтгэгдэл

Дэлхий ертөнц даяаршиж бас ондоошиж байна. Хүн төрөлхтний үнэт зүйл нэг боловч амьдралын хэмнэл, өдөр тутмын соёл нь ялгаатай. Мэндлэх, хооллохоос эхлээд оршуулах ёслолд хүртэл орон бүр өөр өөрийн өвөрмөц соёлыг тээн иржээ. Усыг нь уувал, ёсыг нь дага гэдэг учир эдгээр соёлыг урьдчилан мэдэж аваад, аялал болон ажил хэрэгтээ ашиглаарай.

Турк


Хол замд явж байгаа хүнийхээ араас сайн сайхныг хүсэн ус цацдаг. Эрэгтэй хүний үсийг эрэгтэй хүн, эмэгтэй хүний үсийг эмэгтэй хүн л засдаг. Хэрвээ төрийн далбаагаа харсан л бол хаана ч байсан үнсэж хүндэтгэх ёстой.

Малайз

Малайзад дохио зангаа илэрхийлэх, зүг чиг заахдаа зөвхөн эрхий хуруу ашигладаг. Учир нь долоовор хуруу нь бүдүүлэг байдлын илэрхийлэл бөгөөд эрхий хуруугаа гаргах нь илүү эерэг гэж үздэг. 

Франц


Харин Францад амьдардаг хүмүүс уулзахаараа хацраа гурван удаа нийлүүлэн үнсэж, мэндэлдэг. Мөн үнсэлтийн тоо бүс нутгаас хамаараад өөрчлөгддөг аж. Мөн та ямар нэг үдэшлэгт оролцож байгаа бол зочдыг таньдаг эсэхээсээ үл хамааран бүх хүнтэй мэндлэх ёстой. 

Япон

Японд хооллох үедээ сорох чимээ гаргах нь тухайн хоол танд үнэхээр таалагдаж буйг илтгэдэг гэж үздэг. Тиймээс гоймон идэх үедээ сэтгэл амар сорж болно. Мөн энд нэрийн хуудас солилцох соёл маш чухал бөгөөд та нэрийн хуудсаа англи хэл дээр бичихээс гадна заавал япон хэлээр бичсэн байх ёстой.

Энэтхэг

Энэтхэгт хоолонд зүүн гараараа хүрч болдоггүй. Зөвхөн баруун гараараа хоол иддэг. Учир нь зүүн гараа ашиглахыг доромжлол гэж үздэг бөгөөд бие зассаныхаа дараа зүүн гараараа цэвэрлэгээ хийдэгтэй холбоотой. Мөн хоёр эрэгтэй хүн хөтлөлцөх нь энд нөхөрлөлийн бэлгэ тэмдэг. 

Герман

Германд уулзалт, магистрын төгсөлтийн үеэр алга ташихын оронд ширээгээ тогшдог. Мөн шар айргаа жингэнүүлэн тулгаж, Prost гэж хэлэх нь таны хүндэтгэлийг илэрхийлнэ. 

Австрали

Манайд бусдын гарыг хэт чанга атгах нь бүдүүлэгт тооцогддог бол энэ нь Австралид хүндэтгэлийг илэрхийлдэг.

Унгар

Харин Унгар улсад шар айраг, дарс зэргээ тулгадаггүй. Энэ уламжлал тус улсад 1848 оноос хойш хэрэгжиж эхэлсэн бөгөөд тухайн үед Австри Унгарыг эзлэн авч, баяраа тэмдэглэн тулган ууж, найр наадам хийж байв. Энэ цагаас хойш Унгарчууд тулгаж уухыг хориглох болжээ. 

БНСУ


Солонгост хамт ажиллагсадтайгаа оройн хоолонд орох болон караокед дуулах нь хамгийн их тархсан соёл. Ажлын амжилтаа тэмдэглэх, шинэ хүн ажилд орох, ажил хэрэгч уулзалтын дараах албан бус арга хэмжээ гэх мэт олон зүйлд энэ соёл үйлчилнэ.

БНХАУ

Хятадад бэлгийг хүлээн авахаас өмнө гурван удаа татгалздаг уламжлалтай. Тиймээс авах хүртэл нь бэлгээ үргэлжлүүлэн өгөх нь чухал. Ялангуяа бизнес уулзалтын үед хятад харилцагчдаа бэлэг бэлдэх нь түгээмэл.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Төрсний дараах сэтгэл гутралыг анхаарах төрийн бодлого алга

 0 сэтгэгдэл
  • Сэтгэл гутралд орсон эмэгтэйчүүдийн ердөө 10 гаруй хувь нь л сэтгэл зүйч болон эмнэлгийн байгууллагад хандсан байна
  • Манай улсад төрсний дараах сэтгэл гутралын талаарх судалгааг 2002 болон 2018 онд хийж байжээ. Анхны судалгаагаар, амаржсан эмэгтэйн сэтгэл гутралын тархалт 9.1 хувь байсан бол 2018 онд тус тоо 31.5 хувьд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, гурван ээж тутмын нэг нь төрсний дараах сэтгэл зүйн эмгэгтэй байдаг нь тогтоогджээ
  • Өндөр хөгжилтэй орнуудад хүн амын 10-15 хувь нь төрсний дараах сэтгэл гутралд ордог бол хөгжиж буй орнуудад 10-41 хувийн тархалттай байдаг

30 гаруй настай эмэгтэй гурван сартай бяцхан үрийнхээ хамт цонхоор үсэрч, амиа егүүтгэсэн хэрэг олон нийтийг цочирдууллаа. Хоёр халуун амь хорвоог зуурдаар орхисон харамсалтай хэргийн буруутныг нийгэм нийтээрээ шүүж, “хүүхдийнх эцэг хүчирхийлэгч байсан, бүсгүйн дүү нар ийм хэрэг хийхэд хүргэсэн, амиа хорлосон эмэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ” зэрэг элдэв мэдээлэл цахим ертөнцөд цацагдаж байна.

Гэхдээ төрсний дараах сэтгэл гутрал, сэтгэцийн өөрчлөлтийн талаар хэн ч дуугарсангүй. Нялх биетэй ээжийн сэтгэл зүйн хямрал, нярай үрийн дасан зохицох процесст анхаардаггүй гажуу тогтолцооны талаар хаана ч хөндсөнгүй. Бурхан болсон ээжийг буруутгах гэсэнгүй. Гэхдээ нялх биетэй эмэгтэйн сэтгэл зүйг анхаарч, бодлогын түвшинд өөрчлөлт хийх шаардлагатай байгааг үүнээс гадна олон жишээ батална. “Бяцхан үрээ төрүүлсэн ч баяр, жаргалыг мэдрэхгүй байна. Өөрийгөө ч, өрөөлийг ч үзэн ядаж, амьдралаас залхах боллоо” гэж анхны хүүхдээ төрүүлсэн ахимаг насны эмэгтэй цөхөрч сууна. Тэрбээр “зарим үед өөрийгөө ч, үрээ ч үгүй хиймээр санагдаж, нүгэлт бодолдоо шаналж байна” гэсээр нулимс нэрнэ. Энэ эмэгтэйтэй уулзаж, ярилцаад нэг сарын ч хугацаа өнгөрөөгүй байтал өөр нэгэн эмэгтэй үрээ тэвэрч, цонхоор үсэрсэн харамсалтай хэрэг гарсан нь сэтгэл гутралын эмгэг олон ээжид тохиолдож байгааг гэрчилж байна.

Сэтгэл гутралд орсон ээжид өөрийгөө, үрээ гэмтээх бодол төрдөг

Төрсний дараах сэтгэл зүйн хямрал нийт эмэгтэйчүүдийн 70-80 хувьд тохиолддог бөгөөд амаржсанаас хойших эхний хоёр долоо хоногийн хугацаанд үргэлжилдэг. Энэ нь дааврын өөрчлөлтөөс үүдэлтэй. Харин уг хямрал 14 хоногоос дээш хугацаанд үргэлжилбэл сэтгэл гутрал буюу сэтгэл зүйн эмгэг болж хувирдаг. Ингэснээр амьдралын баяр баясгалангүй болж, гэр бүл, найз нөхдөөсөө хөндийрч, хүүхдээ халамжлахаа больж, өөрийгөө болон үрээ гэмтээх зэрэг элдэв муу бодол төрж, архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэх хүсэлд автдаг байна. Эдгээр шинж тэмдэг илэрсэн ч эмчлэхгүй орхивол төрсний дараах сэтгэл зүйн солио тусаж, хий юм үзэж, дэмийрч эхэлдэг аж. Энэ талаар эх барих эмэгтэйчүүдийн эмч Д.Цэндсүрэн “Сэтгэл хямрал хэвийн үзэгдэл ч сэтгэл гутрал бол эмгэг. Эмчлэхгүй бол маш аюултай. Хэрэв төрсний дараа нойргүйдэх, уур бухимдалтай болох, хүүхдээ болон өөрийгөө буруутгах зэрэг шинж тэмдэг илрээд 14-өөс дээш хоносон бол яаралтай мэргэжлийн сэтгэлзүйч, сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй” гэсэн юм.

Гурван эмэгтэй тутмын нэг нь төрсний дараах сэтгэл зүйн эмгэгтэй

Манай улсад төрсний дараах сэтгэл гутралын талаарх судалгааг 2002 болон 2018 онд хийж байжээ. Анхны судалгаагаар, амаржсан эмэгтэйн сэтгэл гутралын тархалт 9.1 хувь байсан бол 2018 онд тус тоо 31.5 хувьд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, гурван ээж тутмын нэг нь төрсний дараах сэтгэл зүйн эмгэгтэй байдаг нь тогтоогджээ. Гэхдээ ээжүүд сэтгэл зүйн өөрчлөлтийнхөө шалтгааныг төдийлөн мэддэггүй учир хэн нэгэнтэй ярилцах, эрүүл мэндийн байгууллагад хандах тохиолдол ховор аж. Сэтгэл гутралд орсон эмэгтэйчүүдийн ердөө 10 гаруй хувь нь л сэтгэлзүйч болон эмнэлгийн байгууллагад хандсан байна.

Санхүүгийн байдал сэтгэл гутралд нөлөөлдөг

Гэр бүлийн нөхцөл байдал, хосуудын харилцаа, тухайн эмэгтэйн сэтгэл зүйн онцлог зэрэг олон шалтгааны улмаас сэтгэл гутрал үүсдэг. Үүнээс гадна, мөнгө санхүүгийн байдал чухал нөлөөтэй аж. Өндөр хөгжилтэй орнуудад хүн амын 10-15 хувь нь төрсний дараах сэтгэл гутралд ордог бол хөгжиж буй орнуудад 10-41 хувийн тархалттай байдгийг ДЭМБ, НҮБ-ын хүн амын сангийн хамтарсан судалгаагаар тогтоожээ. Мөн манай улсад хийсэн судалгаагаар бага, дунд орлоготой өрхийн эмэгтэйчүүд сэтгэл гутралд өртөх нь түгээмэл байдаг нь тогтоогдсон байна. Энэ талаар СЭМҮТ-ийн эмч Т.Мандхай “Бид 2018 онд АНУ-ын Рочестрийн их сургуулийн дэмжлэгтэйгээр төрсний дараах сэтгэл гутралын талаар судалгаа хийсэн юм. Түүнээс харахад, бага болон дунд орлоготой өрхийн эмэгтэйчүүдэд сэтгэл гутрал элбэг тохиолдож байсан. Мөн төлөвлөгөөгүй жирэмслэлт, ажилгүйдэл, төрөлтийн болон жирэмсэн үеийн хүндрэл зэрэг нь эрсдэлт хүчин зүйлд тооцогддог. Тиймээс төрөөс эмэгтэйчүүд рүү чиглэсэн бодлого боловсруулах шаардлагатай” гэлээ. Үүнээс гадна, барууны оронд төрсний дараах сэтгэл гутрал дээр эрүүл мэндийн байгууллагууд анхаарч ажилладаг нь элдэв эрсдлээс урьдчилан сэргийлэх гол хүчин зүйл болдог байна. 

Сэтгэл гутралыг эмчлэх төрийн бодлого дутагдаж байна

Төрсөн эхчүүдийн сэтгэл гутралыг тодорхойлох, эмчлэх нэгдсэн бодлого, тусламж, үйлчилгээ манай улсад байдаггүй. Төрөх эмнэлэгт болон, өрхийн эрүүл мэндийн төвд сэтгэлзүйчийн орон тоо хангалтгүй байдаг төдийгүй эмч, сувилагчийн аль нь ч эмэгтэйчүүдэд сэтгэлийн дэм, тусламж үзүүлэх боломж, мэдлэг, сэтгэл алга. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд нэг сэтгэлзүйч ажилладаг ч эмчлүүлж буй хүүхдийн сэтгэл зүйд голчлон анхаардаг байна. Харин Европын оронд жирэмсний хяналтад орсон цагаас нь эхлээд сэтгэл зүйд нь анхаарч, хямралтай байгаа эсэхийг тогтоох асуумж бөглүүлдэг байна. Мөн төрсний дараа эмчийн үзлэг, хяналтад орох бүрд нь судалгаа хийж, биеийн байдлыг нь, сэтгэл зүйтэй нь хамт хянадаг аж. Хэрэв ямар нэг асуудал үүссэн тохиолдолд 10-12 ээжийг хамарсан бүлэг байгуулж, мэргэжлийн эмч зөвлөгөө өгдөг аж. Япон улсад сүүлийн жилүүдэд “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг” төвд тусламж авахаар хандсан эмэгтэйчүүдийн тоо 15 хувиар өссөн тул тус улсын Засгийн газар төрсний дараах сэтгэл гутрал болон гэр бүлийн хүчирхийллийн хамаарлыг тогтоох судалгааг зохион байгуулж, судалгааны үр дүнд үндэслэн арга хэмжээ авсан байна. Гэтэл манай улсад эх, хүүхэд амиа алдаж байсан ч төр дүлий, дүмбэ оргисоор л байна.

Сэтгэл гутралд орсон эмэгтэй СЭМҮТ-д хандахаас өөр гарц алга

Сэтгэл зүйн тусламж хүссэн эмэгтэйд СЭМҮТ-д хандах эсвэл сэтгэлзүйчээс зөвлөгөө авах хоёр л сонголт бий. Хүүхдийнхээ хагас сар хэрэглэх памперсны мөнгөөр сэтгэлзүйчээс нэг цагийн зөвлөгөө авах хүн ховор. Мөн сэтгэл гутралд орсон эмэгтэй хоолны дуршил буурах, нойрны хэмнэл алдагдах зэрэг биеийн зовуурьтай байдаг тул сэтгэлзүйч үүнийг эмчлэхэд бэрх. Харин СЭМҮТ-д хандаж хэвтэн эмчлүүлэх боломжтой ч сэтгэл гутралд орсон эмэгтэй сэтгэцэд өөрчлөлт орсон гэдгээ хүлээн зөвшөөрч, тус эмнэлэгт хандах нь ховор. Энэ талаар төрсний дараах сэтгэл гутралд өртөж, СЭМҮТ-д эмчлүүлсэн эмэгтэй (нэрээ нууцлахыг хүсэв) “Төрснөөс хойш нэг жилийн турш хагас галзуу хүн шиг байсан. “Орой ямар хоол хийж вэ” гэж асуухад хүртэл уурлаж, хадмууд хүүг маань үнсэж, тэврэхэд хүртэл ундууцдаг байлаа. Өөрийгөө өөрчлөгдөж байгааг мэдэж байсан ч хүлээн зөвшөөрч чаддаггүй юм билээ. Нөхөр маань шархадны эмнэлэгт хэвтүүлэх тухай хэлэхэд жинхэнээсээ галзуурах шахсан. “Намайг галзуу гэж бодоо юу” гээд бөөн сүр болж билээ. Олон нийтийн дунд галзуугийн эмнэлэг гэсэн ойлголттой байдаг болохоор эмэгтэйчүүд тийшээ зүглэхийг хүсдэггүй” гэсэн юм. Ийнхүү эх, хүүхдийг хоёр яс салгачихвал л үүргээ гүйцэтгэлээ гэж буй эрүүл мэндийн бодлого хэдэн ээж, хэдэн хүүхдийн амийг авч одох бол. Энэ асуудал дээр анхаараагүйн улмаас эмэгтэйчүүд насан туршдаа сэтгэлзүйн эмгэг тээж, гэр бүл салж, хүүхэд өнчирч байна.

Т.Мандхай: Сэтгэл гутралын талаарх ойлголт хомс байгаа учир эрт илрүүлж чадахгүй байна

Өндөр хөгжилтэй орнууд төрсөн эмэгтэйн сэтгэл зүйг хэрхэн анхаарч, ямар арга хэмжээ авдаг талаар СЭМҮТ-ийн эмч Т.Мандхайгаас тодруулсан юм. Тэрбээр энэ чиглэлээр сургалт, судалгааны ажил хийдэг юм.

-Өндөр хөгжилтэй орнуудад төрсний дараах сэтгэл гутралд өртсөн эмэгтэй цөөхөн байдаг юм байна. Бодлогын түвшинд арга хэмжээ авдагтай холбоотой болов уу?

-Англи, АНУ зэрэг өндөр хөгжилтэй оронд ээжүүдийг жирэмсний хяналтад орох үеэс нь эхлээд л сэтгэл гутрал илрүүлэх асуумж бөглүүлдэг. Жирэмсэн үеийн сэтгэл гутрал төрсний дараах сэтгэл зүйн өөрчлөлтөд нөлөөлдөг учир урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой. Тиймээс хяналтын эмч нар ингэж ажиллах шаардлагатай байна. Мөн төрсний дараа өрхийн эмч нар гэрээр нь очиж нярайн үзлэг хийхдээ ээжүүдийн сэтгэл зүйг хянадаг байх хэрэгтэй. Эрт илрүүлэг хамгийн чухал байна. Жирэмсний хяналтын ягаан дэвтэр дээр ч төрсний дараах сэтгэл зүйн хямралын талаар ямар нэг үг, өгүүлбэр байдаггүй. Тиймээс бодлогын хэмжээнд зохицуулах шаардлагатай байна. Манай улсад сэтгэл гутралын талаарх ойлголт хомс. Үүний улмаас илрүүлж чадахгүй, хүндрүүлээд байна.

-Ээжүүдийг жирэмсний хяналтад орох үеэс нь эхлээд л сэтгэл зүйн асуумж бөглүүлдэг гэлээ. Сэтгэл гутралд орсон тохиолдол ямар арга хэмжээ авдаг бол?

-Өндөр хөгжилтэй орнуудад сэтгэл зүйн дэмжлэг үзүүлдэг өөртөө туслах бүлэг гэж байдаг. Ижил шинж тэмдэгтэй, эмэгтэйчүүд бие, биетэйгээ нэгдэж, бүлэг үүсгэдэг юм. Гэхдээ мэдээж, мэргэжлийн эмч чиглүүлнэ. Ганцаараа сэтгэл гутралд автсан бус гэдгээ мэдэх маш чухал. Мөн хоорондоо нөхцөл байдлаа ярилцаж, асуудлыг хамтдаа даван туулдаг. Нөхөрт нь ч мэргэжлийн эмч зөвлөгөө өгнө. Гэтэл манай улсад сэтгэцийн өөрчлөлттэй эмэгтэйг СЭМҮТ рүү л илгээдэг. Энэ нь тухайн эмэгтэйд тааламжтай санагдахгүй. Уг нь өрхийн болон төрөх эмнэлэг дээр сэтгэл зүйч ажиллах хэрэгтэй. Бид эмч, сувилагч нарыг сургалтад хамруулдаг ч тэд ажлын ачаалал ихтэй учир ээжүүдэд сэтгэл зүйн тусламж үзүүлэх боломж хомс. Мөн өрхийн эмч нар ажлын байраа хурдан сольдог.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Цахим спорт олимпод бүртгэгдэх нь цаг хугацааны асуудал

 0 сэтгэгдэл
  • Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, дуртай спортдоо нэрээ мөнхлөхийг хүсэж байна
  • Цахим спорт сэтгэхүйн болон харааны хурд, богино хугацаанд шийдвэр гаргаж, стратеги боловсруулахыг шаарддаг. Тиймээс төвлөрөх чадвараа сайжруулах үүднээс өдөр бүр таван км  алхаж, бясалгал хийн, сэтгэл зүйн бэлтгэлээ хангадаг

Нэгэн үе бид цахим спортыг компьютер тоглоомын газраар л төсөөлдөг байв. Гэвч өдгөө энэ спорт дэлхий дахинд хүчээ авч, Азийн наадамд бүртгэгдээд зогсохгүй олимпын төрөлд багтах нь цаг хугацааны асуудал болжээ. Саяхан манай улсын Tiger баг Азийн аварга шалгаруулах "ESL One: Road to Rio" тэмцээний аваргаар шалгарч, Weibo Cup Asian Championship-2020 тэмцээнд түрүүлж амжилтаа бататгаад буй. Ингээд энэ удаагийн залуус буландаа тус багийн тоглогч Kabal буюу Б.Бат-Энхийг урьж, ярилцлаа.

-Энэ спортыг сонирхож, хичээллэх болсон үеэс ярилцлагаа эхэлье. Эцэг эхчүүд хүүхдээ компьютероос аль болох хол байлгахыг хичээдэг. Энэ спортоор хичээллэж эхлэхэд гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авч байв? 

-Би цахим спортоор хичээллээд найман жил болж байна. Намайг энэ спортыг сонирхож эхлэх үед Монголд хөгжих гарц нь хаагдмал, хүмүүсийн ойлголт хязгаарлагдмал байсан. БНХАУ болон БНСУ руу суралцахаар явсан учраас цаашид мэргэжлээрээ ажиллана гэж төлөвлөөд спортоосоо хэсэг завсарлага авсан байлаа. Ингээд 2017 онд дахин хичээллэхээр болж, БНХАУ руу явж, өөр багт цалинтай тоглох болсноо хэлэхэд гэрийнхэн маань эергээр хүлээж авсан. Одоо бол бүгд маш сайн ойлгож, дэмждэг. 

-Саяхан болсон дэлхийн аваргын эрхийн төлөөх тэмцээнд түрүүлж, аваргын тоглолтод Хятадын Invictus Gaming багтай таарсан. Тоглолтын уур амьсгал ямар байсан бэ?

-Invictus Gaming бол өндөр чансаатай, нэлээн хүчтэй өрсөлдөгч байсан. Тоглолтод орохын өмнө бид эсрэг багаа маш сайн судалдаг. Энэ тэмцээнд ч бас бэлтгэлээ яг тийм байдлаар хангасан. Аваргын тоглолтын үеэр гал гарсан өрсөлдөөн өрнөсөн гэж хэлж болно. Гурван үе тоглосны дараа хоёр баг тэнцэж, цаг сунгасан. Эхний нэмэлт цаг дээр дахин тэнцсэн учир, хоёр дахь удаагаа цаг сунгаж тэр тоглолтод ялалт байгуулсан.

-Та өмнө нь 2016 оны Азийн аварга Mongolz багт тоглодог байсан. Яагаад Mongolz багаас гарсан юм бэ? 

-Би Mongolz багт жил гаруй тоглосон. Тухайн үед ивээн тэтгэгч байхгүй, дэмжлэг муу байсан учраас Монголынхоо өөр нэг тоглогчтой хамт Хятадыг зорьсон. Хятадад цахим спорт хурдацтай хөгжиж байгаагаас гадна тамирчдыг маш өндрөөр үнэлдэг. Манай баг гурван хятад, хоёр монгол тамирчны бүрэлдэхүүнтэй байсан. Багаар тоглодог учраас хоорондоо маш сайн ярилцаж, хурдан хугацаанд мэдээлэл солилцох шаардлагатай. Гэтэл хэлний бэрхшээлээс шалтгаалаад бүрэн ойлголцож чадахгүй байсан. Эхний жил дохио зангаагаар ойлголцож, хоёр дахь жилээсээ амжилт үзүүлж эхэлсэн ч нэг хэлээр ярьдаггүй, нэг үндэстнүүд биш учраас энэ нь сул тал болж, том тэмцээнүүдэд ялагдал хүлээх болсон. Ингээд Хятад дахь багаасаа гарч Монголдоо ирээд шинэ баг бүрдүүлсэн.

-Азийн аваргад бэлтгэж байгаа гэсэн. Цахим спортын тамирчид бэлтгэлээ хэрхэн хийдэг нь сонирхолтой байна?

-Манай багийн тоглодог төрөл биднээс сэтгэхүйн болон харааны хурд, анхаарал төвлөрөх чадвар, богино хугацаанд шийдвэр гаргаж, стратеги боловсруулахыг шаарддаг. Тиймээс төвлөрөх чадвараа сайжруулах үүднээс өдөр бүр таван км алхдаг. Мөн эрүүл хооллож, түргэн хоол, газтай ундаа зэрэг чихэрлэг хүнс хэрэглэхээс татгалзаж хоолны дэглэм баримталдаг /инээв/. Яагаад гэвэл тэмцээний үед олон цагаар сууж, тоглоод ирэхээр энергиэ алдаж, “унтарч”, эхэлдэг. Харин сэтгэл санаагаа тогтвортой байлгах үүднээс бясалгал хийж, сэтгэл зүйгээ бэлддэг. 

-Ихэнх хүмүүс цахим спортыг PC тоглоомын газруудаар хязгаарлаж ойлгодог. Манай улсад цахим спортын хөгжил ямар түвшинд байна вэ?

-Сүүлийн хэдэн жил маш эрчтэй хөгжиж байна. Өмнө нь цөөхөн хэдхэн тэмцээн болдог байсан бол одоо лигийн аварга, халз тоглолтууд гэх мэтээр олон төрлийн тэмцээн тогтмол зохиож байна. Тоглогчид байнгын бэлтгэлтэй байгаа учраас ур чадвар нь ч эрс сайжирч байна. Сая болсон Азийн аваргад гурван монгол баг оролцох жишээний. Мөн маш олон монгол тамирчид дэлхийн хэмжээний томоохон багуудтай гэрээ байгуулж байна.

-Өсвөр үеийн хүүхдүүд донтох, олон цагаар тоглох хандлагатай байдаг. Компьютер тоглоом сонирхогч, мэргэжлийн тамирчин хоёрын хооронд ямар ялгаа байдаг вэ?

-Тоглоомд хэт их донтож байгаа нь цагаа буруу хуваарилж, сөрөг сэтгэл зүйгээр тоглож байгаатай холбоотой болов уу. Бид өдөрт хамгийн ихдээ 6-7 цагийг бэлтгэлдээ зарцуулдаг. Энэ хугацаанд зөвхөн тоглохоос гадна өрсөлдөгч багаа судална, стратеги боловсруулна, хувийн бэлтгэлээ хийнэ гэх мэт олон зүйлийг амжуулдаг. Утга учиргүй тоглох бус үр дүнтэй тоглох хэрэгтэй. Донтох эсэх нь хувь хүний ухамсраас шалтгаалах байх.

-Энэ спортын ач холбогдлын талаар хуваалцахгүй юу? 

-Хамгийн түрүүнд багаар ажиллах чадвар сайжирдаг. Би анх тоглож эхлэхдээ маш дуугүй, бүрэг хүүхэд байсан. Өөр өөр хүмүүстэй баг болж тоглоод ирэхээр нээлттэй болж, харилцааны чадвар маань сайжирсан. Мөн хурдан хугацаанд шийдвэр гаргаж, стратеги боловсруулж сурдаг. Ер нь асуудлаас амархан гарч чаддаг гэж хэлж болно. 

-Танай багийг Хятадын Weibo группийн охин компани ивээн тэтгэдэг юм билээ. Ивээн тэтгэгчээ хэрхэн олж байв. Монголоос ивээн тэтгэгч олоход хүндрэлтэй юу?

-Манай багийн гишүүн Dobu бид хоёр Хятадад хоёр жил гаруй тоглосон. Энэ хугацаанд цахим спортын салбарын маш олон хүмүүстэй танилцаж, холбоо тогтоосон учраас ивээн тэтгэгчтэй болох боломж олдсон. Мөн Хятадад цахим спортыг маш сайн дэмждэг бөгөөд тамирчид нь Азидаа хамгийн өндөр цалин авдаг. Хятадад хамгийн багадаа хоёр сая төгрөгийн цалин олгодог. Намайг анх очиж байх үед Эстонийн тамирчин 25 мянган юанийн цалинтай тоглодог байсан. 

-Цахим спортын тамирчдыг ивээн тэтгэх нь ямар давуу талтай вэ. Харилцан ашигтай байх зарчим нь юун дээр суурилдаг юм бол?

-Цахим спортын том хэмжээний тэмцээнүүдийг хэдэн зуун мянгаас тэрбум хүн үздэг. Саяхан болсон дэлхийн аваргын тоглолтыг зөвхөн онлайнаар 600 гаруй мянган хүн үзсэн. Шилдэг багуудын хэрэглэж байгаа keyboard, mouse ямар брэндийнх байх вэ, өмсгөл дээр нь ямар компанийн лого байгаа вэ гэдгээс эхлээд ивээн тэтгэгчдэд олон талын үр ашигтай. Зөвхөн Youtube хуудсанд байршсан бичлэг, үзэгчийн тоо хүртэл орлогын эх үүсвэр болдог.

-Цахим спорт 2022 оны Азийн наадамд багтсан. Танай баг энэ уралдаанд оролцох уу? 

-Хоёр жилийн хугацаа байгаа учраас сайн хэлж мэдэхгүй байна. Тухайн үед яаж шалгаруулахаас хамаарна. Хэрвээ CSgo төрөл багтсан бол манай баг уригдах болов уу гэж бодож байна.

-Багийн тоглолт ганцаарчилсан тоглолтоос эрс өөр. Гишүүн бүрд тоглолтын үед гүйцэтгэх үүрэг гэж байдаг байх? 

-Тийм ээ, гишүүн бүр өөр өөрийн үүрэгтэй. Жишээ нь нэг нь багаа удирдана, нөгөө нь дэмжиж тоглоно, нэг нь снаппер буюу холоос дурандаж буудна, хоёр нь шууд буудалцах үүрэг гүйцэтгэнэ гэх мэт. CSgo төрөл олимпод бүртгүүлэхэд ойрхон байсан ч террорист гэсэн үг орсон, мөн буудалцааны үед цус гардаг учраас хасагдсан байгаа. Гэхдээ энэ алдаануудаа засчихвал боломж бий. Бусад төрлүүдийн хувьд олимп од бүртгүүлэх нь цаг хугацааны асуудал болсон. 

-Ирээдүйн зорилго, хүсэл мөрөөдөл тань юу вэ? 

-Азийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд, амжилттай оролцож, ДАШТ-д хүч сорихыг хүсэж байна. Мөн дэлхийн аваргад оролцсон тоглогчдод стикер гэж өгдөг. Энэ наалтан дээр тухайн тоглогч өөрийн гарын үсгээ үлдээж, тоглоомд нэрээ мөнхөлдөг. Тиймээс гарын үсэгтэй болж, дуртай спортдоо нэрээ мөнхлөхийг хүсэж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сард 35 мянгаар “амьдардаг” нэр дэвшигч байгаа бол хамгийн баян нь 168 тэрбумын орлоготой

 0 сэтгэгдэл
  • Б.Жавхлан, Ц.Мөнх-Оргил, Д.Мурат, Ц.Нямдорж зэрэг гишүүд бүтэн жилийн турш зөвхөн цалингаараа “гол зогоодог” хэмээн ХОМ-тээ дурджээ
  • Х.Нямбаатар гишүүн дахин "Ядуурчээ". Энэ удаа түүний жилийн орлого 416 саяар буурч, ердөө 26 сая болсон байна

Авлигатай тэмцэх газар удтал дуншсаны эцэст УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нийтэд зарлалаа. Төрийн өндөр сэнтийд суухаар горилж буй нэр дэвшигчдийн бэл бэнчин ямархуу юм, хэр их орлогтой вэ гэдэг нь эндээс харагдах учиртай. ХОМ-ийг шүүж байхад сонирхолтой зүйлс багагүй тааралдаж байна. Тэднээс заримыг нь хүргэе.

Ерөнхий сайд 1072-оос өөр хувьцаагүй

МАН-аа ахлан “тулаанд” орж буй Ерөнхий сайдын жилийн орлого 165 сая төгрөг бол гэр бүлийн гишүүд нь огт орлогогүй аж. Нийтдээ 162 саяар үнэлэгдэх нийтийн болон зуслангийн байр тус бүр нэгтэй бол 1.6 тэрбум төгрөгийн хадгаламжтай гэж ХОМ-тээ бичсэн байна. Сонирхолтой нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072-оос өөр хувьцаагүй аж.

Улстөрчдөөс хамгийн баян нь Кёкүшюүзан уу

Хэрэв ХОМ-т үндэслэн нэр дэвшигчдийг жагсаавал хамгийн баян нь Кёкүшюүзан Д.Батбаяр болж таарах нь. Түүний өөрийн орлого 601 сая төгрөг хэдий ч гэр бүлийн гишүүдийн орлого нь 13 тэрбум төгрөг аж. Үүнээс гадна 70 тэрбумаар үнэлэгдэх долоон үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг бол 1.1 тэрбумын үнэтэй таван автомашинтай аж. Мөн 1.8 тэрбумын үнэт эдлэл, 360 саяын газар, 7.5 тэрбумын хадгаламж гээд жагсаалт цааш үргэлжилнэ. Сүмоч эрхэм маань үнэхээр хамгийн баян нь уу, эсвэл хөрөнгө, орлогоо үнэнчээр мэдүүлсэн цөөн хэдийн нэг байв уу гэдэг сонирхолтой санагдаж байна. Түүнчлэн улсын гарьд Ц.Цэрэнпунцаг, УИХ-ын гишүүн Д.Дэлгэрсайхан нар жилийн гурван тэрбумын орлоготой болохоо илэн далангуй мэдүүлсэн байв. Б.Дэлгэрсайхан гишүүн үүнээс гадна 6.2 тэрбумын үл хөдлөх хөрөнгө, дөрвөн тэрбумын хадгаламжтай.

Гэхдээ Кёкүшюүзан бол жирийн л нэг "Хурган баян"

Улстөрчид дундаа Кёкүшюүзан толгой цохих ч бизнесийн төлөөлөл Б.Пунсалмаагийн хажууд тэрбээр жирийн нэг ”хурган баян”. “М Ойл” компанийн захирал, АН-аас нэр дэвшигч Б.Пунсалмаагийн жилийн орлогоо 85 тэрбум төгрөг гэж мэдүүлжээ. Гэр бүлийнхний орлогыг нь хамт тооцвол 168 тэрбум болно. Түүний үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 2.4 тэрбум бөгөөд Range Rover, Porsche зэрэг 470 саяар үнэлэгдэх гурван автомашинтай аж.

Хамгийн их ядуурсан нь Х.Нямбаатар

Өнгөрсөн жил “Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс УИХ-ын зарим гишүүний орлого 6-20 дахин нэмэгдсэнийг сэжигтэй хэмээн үзэж, Ёс зүйн дэд хороонд шалгуулах хүсэлт өгсөн ч олигтой үр дүнд хүрэлгүй тэгсгээд намжсан. Тухайлбал, УИХ-ын шинэ гишүүн Х.Нямбаатарын орлого 2015 онд 29 сая байснаа 2018 онд 442 сая болж нэмэгдсэн шалтгааныг тайлбарлуулах хүсэлт тавьж байв. Тэгвэл энэхүү хэл амнаас хойш Х.Нямбаатар гишүүн дахин “ядуурчээ”. Энэ удаа түүний жилийн орлого 416 саяар буурч, ердөө 26 сая болсон байна. Түүнтэй хамт сэжиглэгдэж байсан М.Оюунчимэг гишүүний тухайд орлогоо хав дарсангүй. Гэр бүлийн гишүүдтэйгээ нийлээд жилдээ 374 саяын орлого олдог гэв.

Зөвхөн цалингаараа амьдардаг гишүүд

УИХ-ын гишүүний сарын үндсэн цалин 1.2 сая төгрөг. Үүн дээр хууль баталсан, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан зэргээс хамааран цалин нэмэгдэнэ гэж тооцвол жилдээ 20 орчим сая төгрөг авчихна. Тэгвэл зөвхөн цалингаараа амьдардаг гишүүн цөөнгүй байгаа аж. Тухайлбал, Б.Жавхлан 26 сая, Ц.Мөнх-Оргил 32 сая, Д.Мурат 26 сая, Н.Номтойбаяр 26 сая, Ц.Нямдорж 26 сая төгрөгийн орлогоор бүтэн жилийн турш “гол зогоодог” хэмээн мэдүүлэгтээ дурджээ.

 Үгээгүй ядуусын арми УИХ руу зүтгэж эхлэв

Тоолж барахын аргагүй их хөрөнгөтэй нөхдөөс гадна амьдралын баталгаажих түвшингээс ч доогуур орлоготой байж мэдэх нөхөд цөөнгүй нэр дэвшсэн нь анхаарал татлаа. Тухайлбал, Орхон аймагт Зон олны намаас нэр дэвшиж буй Б.Амарбаясгалан гэр бүлийн гишүүдтэйгээ нийлээд жилд 900 мянган төгрөг олдог хэмээн мэдүүлжээ. Сард 75 мянган төгрөгөөр “гол зогоодог” гэсэн үг. Энэ нь амьдралын баталгаажих түвшин буюу ядуурлын улаан шугамнаас хоёр дахин доогуур дүн. Түүнчлэн 27 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт Монголын ногоон намаас нэр дэвшсэн Б.Алтанхуяг гэр бүлийн хүнтэйгээ нийлээд жилийн хоёр сая буюу сарын 166 мянган төгрөгийн орлогоор өдөр хоногийг аргацаах жишээний. Тэгсэн атлаа 43 сая төгрөгийн зээлтэй гэнэ. Энэ хүн яаж амьдраад байгааг бурхан л мэдэх байх. Ховд аймагт “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшигч Д.Алимаа мөн л “үгээгүй ядуу” нэгэн бөгөөд сарын орлого нь ердөө 125 мянган төгрөг. Гэхдээ 420 саяын байртай, хадгаламжиндаа 816 сая төгрөгтэй хэмээн мэдүүлсэн байх юм. Эдгээр хүмүүс Баянгол дүүрэгт өрсөлдөн гишүүн болохоор санаархаж буй Зон олны намын Б.Ариунсанаагийн хажууд бол баяндаа тооцогдохоор. Мань хүний жилийн орлого 425 мянга буюу сард 35 мянган төгрөгөөр амьдардаг байна. Хадгаламжиндаа ердөө 300 мянган төгрөгтэй аж. Үүнээс гадна бүтэн жилийн турш 900 мянгаар гэр бүлээ тэжээдэг А.Баасандэмбэрэл (Ховд аймаг), 700 мянгын орлоготой Б.Базарваань (Сэлэнгэ аймаг), 800 мянгаар 365 хоногийн турш амьдардаг А.Дөлгөөн (Баянзүрх дүүрэг, 23 дугаар тойрог) гээд ядуусын хорооллынхон ч өрөвдмөөр нэр дэвшигчид цөөнгүй байна.

Шинэ хүмүүсийн хэтэвч рүү өнгийвөл

Энэ удаагийн сонгуульд цөөнгүй шинэ хүн нэр дэвшиж байгаа. Дархан аварга А.Сүхбат намаасаа мандат авч чадаагүй ч түүний ах А.Батсүх ШИНЭ эвслийг төлөөлөн Төв аймагтаа өрсөлдөнө. Түүний жилийн орлого 480 сая төгрөг бөгөөд 1.6 тэрбумын үл хөдлөх хөрөнгө, 6.8 тэрбумаар үнэлэгдэх мал сүрэгтэй. МАН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн хөтлөгч П.Анужин жилдээ 390 саяыг олчихдог. Мөн 900 саяар үнэлэгдэх барилга орон сууцтай бөгөөд нэг тэрбумын үнэ бүхий 680 ширхэг малтай аж. Түүнийг амлан авч тойрогт нь нэр дэвшсэн Н.Ган-Од буюу Гамбуушийн жилийн орлого ердөө 350 мянга бөгөөд хадгаламжиндаа таван сая төгрөгтэй. АН-аас Баянзүрх дүүрэгт өрсөлдөж буй жүжигчин Ж.Баясгалан жилд 246 саяыг олдог. Мөн гурван тэрбумын үл хөдлөх хөрөнгө, 737 саяар үнэлэгдэх тээврийн хэрэгсэл, 1.2 тэрбумын мал, 1.2 тэрбумаар үнэлэгдэх түүхийн үнэт зүйлтэй хэмээн ХОМ-тээ дурджээ. Бизнесийн томоохон төлөөлөл, “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдын жилийн орлого 146 сая. Үүнээс гадна 26 тэрбумын үл хөдлөх хөрөнгө, 3.2 тэрбумын гадаад дансны хадгаламжтай гэнэ. Г.Батхүү агсны хүү, аавынхаа төрөлх нутаг Өвөрхангайд өрсөлдөж буй Б.Ганхөлөг хөрөнгө орлогоо харьцангуй даруухан мэдүүлсэн харагдана. Түүний жилийн орлого 6.4 сая төгрөг бөгөөд нэг тэрбумын үл хөдлөх хөрөнгө, 430 саяын машин, 1.7 тэрбумын зээлтэй. Гэхдээ өв залгамжлал гэсэн хэсэгт 18 тэрбум төгрөгийг мэдүүлжээ.

Бусад нь буюу анхаарал татсан эрхмүүд

Ц.Мөнх-Оргил гишүүн уг нь 5.9 тэрбум төгрөгийн хадгаламжтай. Гэвч жилийн орлогоо 32 сая төгрөг гэсэн байна. Хадгаламжийн хүүг хамгийн багаар тооцоход сард 40 орчим сая төгрөг зүгээр авчихна. Үүнийг 12 сараар үржүүлбэл жилдээ 500 шахам сая төгрөг олно гэдгийг тооцохын тулд заавал мэргэжлийн эдийн засагч, нягтлан бодогч байх шаардлагагүй. Гэвч эрхэм гишүүн энэ мөнгөө мартсан бололтой. Бизнесийн өөр нэг төлөөлөл, “Херо” группийн үүсгэн байгуулагч Х.Ганхуяг 716 саяын орлого, 1.5 тэрбумын үл хөдлөх хөрөнгө, 686 саяын авлагатай. Бангкокоос сонгуульд өрсөлдөж буй Л.Гүндалай жилийн орлогоо ердөө 24 сая гэж мэдүүлсэн ч 4.7 тэрбумын үл хөдлөх хөрөнгө, 1.2 тэрбумын хадгаламжтай гэжээ. Тэгвэл Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар цалингаас өөр орлогогүй буюу жилд ердөө 25 саяыг олдог. Гэхдээ гэр бүлийн гишүүдийн орлого нь 452 сая төгрөг бөгөөд 854 саяар үнэлэгдэх гурван байртай аж. АН-ыг төлөөлөн Дундговь аймгаас тасралтгүй сонгогдож буй Б.Наранхүү гишүүн жилийн орлогоо 32 сая гэж мэдүүлсэн ч нэг тэрбумын үл хөдлөх хөрөнгө, 1.2 тэрбумын тээврийн хэрэгсэл, 4.5 тэрбумын мал, 4.8 тэрбумын хадгаламжаа нууж хаалгүй мэдүүлэв. Тэрбээр 21 компанийн хувьцааг 100 хувь эзэмшдэг аж.