A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5685/

Түүх соёлын тонуулчидтай тэмцэхэд Монголчууд хүчин мөхөстөж байна

Түүх соёлын тонуулчидтай тэмцэхэд Монголчууд хүчин мөхөстөж байна

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5685/
  • Луу бол манай өвөг дээдсийн бэлгэдэл. Говь, тал хээрийн нутагт цөөнгүй тохиолдох аварга том үлэг гүрвэлийн ясыг харсан бидний өвөг дээдэс “Энэ аварга амьтан тэнгэрээс унасан байх. Тэнгэрт ийм аугаа том луу гэдэг амьтан байж” хэмээн сэтгэж, эл домгийн амьтныг бий болгосон
  • Археологийн дурсгал бүхий л үеийн хүмүүсийн оюун ухаан, хөдөлмөрийн үр дүнд бий болсон дурсгал учраас зүйрлэхийн аргагүй үнэ цэнтэй юм даа. Бид үнэндээ ийм хулгайтай тэмцэхэд хүчин мөхөстөж байна. Төрийн хууль цааз байгаа ч тэр нь хэрэгжихгүй байгаад би хамгийн их санаа зовдог

2019 оны “Дэлхийн шилдэг 10 археологийн нээлт”-д Архангай аймгийн Гол мод-II гэх газраас олдсон “Хүннүгийн язгууртны булш” судалгааны ажил багтаж, монголчуудын магнайг тэнийлгэж байсан цаг саяхан. Энэ судалгаанд амьдралынхаа 20 жилийг зориулсан, нэрт археологич, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Д.Эрдэнэбаатартай ярилцлаа. Тэрбээр амьдралаа археологийн салбарт зориулж, Монголын түүх соёл, үндэсний ой санамжийг хадгалахын төлөө ажиллаж яваа эрхэм. 

-Сүүлийн үеийн судалгааны ажлын сонин сайхнаас ярилцлагаа эхэлье?

-Сүүлийн хэдэн сар дэлхий даяар тархаж буй цар тахлын улмаас археологийн хайгуул, малтлага судалгааны ажил хийгдэхгүй байна. Гэвч бид зүгээр суугаагүй. 2019 оны дэлхийн шилдэг 10 судалгааны нэгээр шалгарсан ажлынхаа эрдэм шинжилгээний номыг хэвлэлд бэлтгээд тун завгүй байна. 

-Гол мод-II олдсон үнэт олдворт юу юу багтаж байгаа вэ. Зөрүүтэй мэдээлэл тархах юм?

-Манай Монгол Улсын нутаг дэвсгэр дээр Гол мод нэртэй хүннүгийн археологийн дурсгал хадгалсан газар гурав, дөрөв бий. Хамгийн сүүлд судалгаа хийсэн Гол мод-II гэх газар маань Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутагт бий. Эдгээр газар өнөөгийн Монгол нутагт тэр тусмаа Хангайн бүс нутаг, томоохон гол Орхон Тамир, Хануй, Хүний голын сав нь Хүн улсын улс төр, эдийн засгийн төв байсныг олон баттай эх сурвалжаар батлан харуулж байна. Гол мод-II судалгааны үр дүнд мөнгөн луу, алтан мич, алтан шармал, хүрэл морь гээд 12 жилд багтдаг гурван амьтан биетээр олдоод байна. Бидний малтлага судалгаанд үнэ цэнгүй олдвор гэж нэгээхэн ч байхгүй. Илрүүлэн олсон бүс давуу, мод, яс, төмөр бүхий эд өлгийн болон оюуны соёлын илэрхийлэл болсон бүх л баримт түүхийн хосгүй үнэт сурвалж болдог учраас тэр нь үнэтэй, тэр нь үнэгүй гэж эрэмбэлэх аргагүй.

- “Дэлхийн шилдэг 10 археологийн нээлт”-д багтсан Хүннүгийн язгууртны булшнаас хос мөнгөн цутгамал луу олдсон нь Монголд төдийгүй Азид анхны тохиолдол. Хүннүгийн түүхэнд Луут хот гэж нийслэл байсан гэдэг. Монголчуудын өвөг дээдэс лууг эрхэмлэж ирсэн нь ямар учиртай юм бол. Бид Хятадын бэлгэдэл гэж үздэг. Энэ талаар эх сурвалжуудад юу гэж дурдсан байдаг вэ? 

-Луу гэдэг амьтан манай өмнөд хөрш Хятадын бэлгэдэл гэхээсээ илүү бэлчээрийн мал аж ахуйн соёлыг бий болгосон манай өвөг дээдсийн бэлгэдэл гэж үзэж болно. Мэдээж луу гэдэг амьтан байгальд байхгүй. Гэвч говь, тал хээрийн нутагт цөөнгүй тохиолдох аварга том үлэг гүрвэлийн ясыг харсан бидний өвөг дээдэс “Энэ аварга амьтан тэнгэрээс унасан байх. Тэнгэрт ийм аугаа том луу гэдэг амьтан байж” хэмээн сэтгэж эл домгийн амьтныг бий болгосон. Харин манай эриний XIII-XIV зууны үед Монголын Юань улсын соёлын нөлөөгөөр энэ амьтан Хятадад нутагшсан. Хятадын домгийн нэгэн тоглолтод луу болон арслангийн хооронд тэмцэлдээн болж, тэр тэмцэлд луу бус арслан нь ялдаг. Энэ нь умардын ард түмнийг дарж байна гэсэн бэлгэдэлтэй тоглолт. Арслан бол Хятадын сүр хүчний бэлгэдэл. Эртний Хятадын түүхийн сурвалж бичигт Хүн улсын нийслэл Луут хот гэж байсан тухай бичсэн байдаг. Өнөөдөр манай Орхон голын савд Лүн нэртэй газрууд энэхүү Луут хотыг заасан байхыг үгүйсгэхгүй. Тамир, Орхон голын сав нутаг, Хүний голын савд хэд хэдэн эртний Хүн улсын хот тууриуд бий. Үүнийг нягтлан судлах хэрэгтэй.


(2019 оны “Дэлхийн шилдэг 10 археологийн нээлт”-д багтсан Гол мод-II Хүннүгийн язгууртны булш судалгааны булшнаас олдсон хос мөнгөн цутгамал луу)

-Ер нь монголчууд эртнээс ямар амьтныг дээдэлж ирсэн юм бэ. Археологийн олдворууд соёлтой холбоотой таамаглалуудын хөдөлшгүй нотолгоо болов уу?

-Бидний өвөг дээдэс бүр хүрэл зэвсгийн эрин үеэс аливаа амьтныг бодитой болон хийсвэр домгийн байдлаар дүрслэн үзүүлдэг урлагийн төрөл зүйлийг бий болгосон. Үүнийг өнөөгийн эртний судлал буюу археологийн шинжлэх ухаанд “Амьтны загварт урлаг” хэмээн тусгайлан нэрлэсэн. Хүн улс энэ урлагийг сонгодог утгаар нь хөгжүүлсэн, тийм учраас эртний Хүн улсын эдийн соёлын өвд алт, мөнгө, хүрэл, үнэт чулуун сийлбэр урлаг нь аливаа амьтныг домгийн байдлаар уран төгс үзүүлсэн байдал маш их бий. Монголчууд ирвэс, шонхор гэсэн хоёр хүчирхэг амьтныг сүр хүчнийхээ бэлгэдэл болгож байсан. Шонхор жижиг ч гэсэн эр зоригтой, хүчтэй, хурдан амьтан. Ирвэс бас тийм. Сүүлийн үеийн Засагт хан, Түшээт хан, Сэцэн ханы архивд байдаг тамгануудыг харж болно. Алтан, мөнгөн тамгануудыг ирвэсээр бариул хийгээд дүрсэлсэн нь бий. Тэр бол Хүннүгийн үеэс эхтэй бэлгэдэл. 

-Таныг “Хүрэл зэвсэг, Хүннү судлаач” хэмээдэг. Яагаад хүннүгийн үе болон хүрэл зэвсгийн үеийн олдворуудыг онцгойлох болов?

-Монголчуудын түүхийг сонирхон судалдаг дотоод гадаадын олон эрдэмтэн монголчууд хэн бэ, хаанаас ирсэн ард түмэн бэ гэдгийг маш их сонирхдог. Миний анхны судалгааны сэдэв хүрэл зэвсгийн эрин үеийн археологийн дурсгал байсан. Энэ үеийн соёлыг бүтээгчид хаанаас ч ирээгүй, хаашаа ч яваагүй, тэдний залгамж бол манай Хүн улс. Хүн улс бас хаашаа ч яваагүй, хаанаас ч ирээгүй. Өнөөгийн Монгол нутагт өөрсдийн аж ахуй, соёлын өвөө бүтээж ирсэн ард түмэн. Энэ хоёр том эрин үе хүрэл зэвсэг, Хүн улсын түүх салшгүй холбоотой учраас би хоёр үеийг салгаж судлах боломжгүй юм даа.

-Та хэдэн мянган жилийн өмнөх ертөнцийг нээхээр эрэл хайгуул хийдэг. Гэхдээ энэ урт хугацаанд дайн самуун, шуналт хүмүүсийн үйлдэл, байгалийн гамшиг олон удаа тохиож байсан. Манай археологийн үнэт олдворуудыг хэр их тонож, сүйтгэсэн байна вэ? 

-Манай улсын нутаг дэвсгэр эх газрын хуурай сэрүүн уур амьсгалтай, аливаа түүх соёлын дурсгалууд нь байгаль дээр ил задгай байх нь элбэг учраас байгалийн үзэгдэл, салхи, шуурга, бороо зэрэгт үрэгдэх эрсдэл маш их бий. Сүүлийн жилүүдэд сувдаг шунахай сэтгэлтнүүдийн хомхой халдлагад маш их өртөж буйд харамсаж явдаг. Тоногдоогүй булштай хэдхэн удаа л таарч байлаа. 

-Манай улсын палеонтологийн олон олдвор АНУ тэргүүтэй дэлхийн улс орнууд руу хууль бусаар хил давсан. Монголчууд археологийн олдвор, түүхэн дурсгалуудаа хадгалж, Трабозавр батаарын түүхийг давтах эрсдэлээс сэргийлж чадаж байна уу?

-Палеонтолгийн дурсгал бол байгалийн өөрийн бүтээсэн өв соёл. Харин археологийн дурсгал бүхий л үеийн хүмүүсийн оюун ухаан, хөдөлмөрийн үр дүнд бий болсон дурсгал учраас зүйрлэхийн аргагүй үнэ цэнтэй юм даа. Бид үнэндээ ийм хулгайтай тэмцэхэд хүчин мөхөстөж байна. Төрийн хууль цааз байгаа ч тэр нь хэрэгжихгүй байгаад би хамгийн их санаа зовдог. Төр үүргээ сайн биелүүлэх ёстой.

-Эрт цагт язгууртнуудыг оршуулахдаа хайрт хатан, албат боолуудынх нь хамт оршуулдаг байсан гэдэг. Энэ уламжлал Хүннүчүүдэд байв уу. Ер нь монголчууд эл заншлыг аль улсын үед халсан бол. "Мандухай сэцэн хатан" кинонд төрөөгүй хүүгийнхээ төлөө 1000 ингэ буйлуулж, 1000 хүүхэд уйлуулах зарлиг гаргаж буй тухай өгүүлдэг. Тэгэхээр энэ заншил олон жил уламжлагдсан гэсэн үг үү?

-Эртний энэ оршуулгын зан үйл бол бөөгийн шашинтай холбоотой үүссэн зан үйл, ёс заншил юм. Хүн нөгөө ертөнцөд ч бас амьдрах ёстой. Тиймээс тэр ертөнцөд ганцаараа очих ёсгүй гэсэн үүднээс түүнд байсан бүх зүйл түүнтэй хамт хойд ертөнцөд очих ёстой гэсэн ёс заншил. Гэхдээ өнөөгийн бид энэ ёс заншлын буянаар өнгөрсөн цаг хугацааныхаа түүх, соёл уламжлал, хөгжил дэвшлийг эх сурвалж болгон судалж байна. Жишээ нь, “Гол мод-II”-ын Хүннүгийн язгууртны булшнаас 200 гаруй язгууртны болон жирийн иргэдийн дагалдах булш олж байсан. 

-Их хаадын булшийг хаана нутаглуулсан талаар судлаачид хэдэн зуун таамаг дэвшүүлж, эрж хайсаар байгаа. Модунь Шаньюгийн булшийг олох найдлага бий юу. Магадгүй танд тийм зорилго ч байдаг байж болох?

-Өнөөдрийн археологийн шинжлэх ухааны судалгааны ажлын үр дүнд 1000 гаруй Хүн улсын хаад язгууртны булш илэрч, олдоод байна. Үүний 00,1 хувийг нь л судалж байна. Тэгэхээр тэр 1000 гаруй булшны дунд аугаа их Хүннү улсын шилдэг хаан Модун Шанью булш байж таарах болов уу.


(Өвөг дээдсийнхээ яндашгүй баян түүх, соёлын өвийг хойч үедээ үлдээхийн төлөөх бидний ажилтай эн зэрэгцэх ийм мэргэжил орчлонд байдаггүй байх) 

-Хоймортоо ном залах нь эртний нүүдэлчдийн ёс хэмээдэг. Гэтэл нүүдлийн иргэн шилтэй манай ард түмнийг Хятадын сурвалж бичгүүдэд бүдүүлэг, боловсролгүй гэх. Ер нь зэрлэгүүд гэж нэрлэгдэж байсан манай өвөг дээдэс хэл, бичиг соёлоо хэрхэн хадгалж үлдсэн бол?

-Бид үеийн үед өвөг дээдсээ нүүдэлчид гэж нэрлэн, түүхийн судалгааны ажлыг ташаа онол арга зүйгээр судлаад нэлээд удчихлаа. Монголчууд бид нүүдэлчид биш. Харин бэлчээрийн мал аж ахуйн соёл иргэншлийг хүн төрөлхтний түүхэнд бий болгож чадсан гайхамшигтай ард түмэн. Энэ ард түмний бүтээсэн аж ахуйн соёл уламжлалыг өнөөдөр байгальд огтхон ч хор нөлөөгүй соёл иргэншил гэж дэлхий даяар мэддэг болоод байна. Мал аж ахуйн соёл үүсээд 5000 гаруй жил болохдоо газар дэлхийгээ яаж хайрлаж, гамнаж дээдэлж ирсэн түүх нь манай монголчуудын түүх. Эрдэм мэдлэг, номын соёл бидний хувьд ямар ч алт, эрдэнэсээс илүү. 

-Сүүлийн үед Хүннү захтай дээл өмсөх нь түгээмэл болсон. Эртний монголчуудын өмсдөг байсан эдлэл хэрэглэл, хувцсыг хэр их өөрчилсөн бол?

-Бэлчээрийн мал аж ахуйдаа тохирсон хувцасны соёл барагтай л хувьсаж өөрч-лөгддөггүй. Монгол дээл хувцасны үндсэн загвар, төрх байдал төдийлэн өөрчлөгдөөгүй. Харин ч хамгийн их баяжиж, өнгө төрх нэмсэн гэж хэлж болно.

-Манжууд манай олон соёл, уламжлалд нөлөөлсөн гэдэг? 

-Манжууд гэхээс илүү Манжийн төрийн ёс, заншил бидэнд их нөлөөлсөн. Эрчүүд тав гэзэг тавьж, нөхөрт гарсан эмэгтэй цавуудсан эвэр хэлбэртэй үстэй болсон, Дээл хувцас эр, эмгүй босоо захтай болж, урт ханцуйтай хувцас өмсөх болсон ордны хувцасны дэг маяг дэлгэрснийг илтгэнэ. 

-Та хойд насандаа ч бас дахин археологич болно гэж хэлсэн удаатай. Яагаад ингэж хэлснийг асуумаар санагдлаа.

-Мэдээж хүний нас хэмжээтэй. Би ямар зуу наслах биш. Өөрийнхөө хамгийн дуртай ажлаасаа хүссэн ч, эс хүссэн ч хагацна. Тэр үед яана даа гэж бодоод л ингэж төсөөлж хэлэхгүй юу. Түүнээс би ямар хойд нас гэж мэдэх биш. Аугаа их өвөг дээдсийнхээ яндашгүй баян түүх, соёлын өвийг хойч үедээ үлдээхийн төлөөх бидний ажилтай эн зэрэгцэх ийм мэргэжил орчлонд ер байдаг болов уу. Би мэдэхгүй юм байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

45-69 насныхны 51 хувь нь халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэлтэй

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгааны талаар судалгаа хийснээ өчигдөр олон нийтэд танилцууллаа. Тус судалгаанд 6600 гаруй иргэнийг хамруулсан байна. Сүүлийн жилүүдэд урьдчилан сэргийлэх боломжтой халдварт бус өвчин хүн амын дунд түгээмэл байгаа нь тулгамдсан асуудал болжээ. НҮБ-ын төрөлжсөн агентлагаас 2016 онд хийсэн судалгаанаас монголчуудын нас баралтын 77 хувийг халдварт бус өвчин эзэлж буйгийн дотор 32 хувь нь 30-70 насныхан байна. Энэ удаагийн судалгаанаас харахад халдварт бус өвчнөөр өвчлөх эрсдэлгүй бүлэг нь хүн амын 3.9 хувийг эзэлж байгаа нь эрүүл мэндийн салбарынхны санааг чилээсэн асуудал болов. Архи, тамхины шалтгаант эмгэг, хөдөлгөөний хомсдол, таргалалт, илүүдэл жин гээд хүн амын 22.7 хувь халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэлтэй гэсэн судалгаа гарчээ. Мөн 45-69 насны иргэдийн талаас илүү нь буюу 51.2 хувь нь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй гарсан нь судлаачдын анхаарлыг татжээ. ДЭМБ-аас зөвлөсөн давсны хэрэглээг бууруулах стратеги үр дүнтэй байгаа ч баруун бүсийнхэн хэрэглээгээ хоногт таван грамм буюу стандарт түвшинд хүртэл бууруулах шаардлагатайг онцоллоо.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хөл хорио хавдартай өвчтөнүүдийг бухимдуулж байна

  • Таван хүн тутмын нэг нь Улсын онцгой комиссын хөл хорио эмчилгээнд нөлөөлсөн хэмээн хариулжээ
  • Орон нутагт химийн тариа тасарснаас болж хотод ирэх шаардлага гарсан гэж хариулсан байна

Энэ цагийн хамгийн хэцүү өвчин бол хорт хавдар. Манай улсад жил ирэх тусам хорт хавдрын өвчлөл нэмэгдэж, залуужиж байна

2018 онд гэхэд 6073 хүн хавдартай болох нь оношлогдож, 4412 хүн хорт хавдрын улмаас нас барсан гэсэн статистик гарчээ. Харин 2019 онд 6045 хүн хавдраар өвчилж эмнэлэгт ханджээ. Дэлхий даяар тархсан цар тахал зарим хавдартай өвчтөнийг сэтгэл зүйн дарамтад өртүүлж байна. Энэ талаар Хавдрын үндэсний зөвлөлөөс судалгаа хийжээ. Тус байгууллага хавдартай өвчтөн, тэдний асран хамгаалагч нараар COVID-19-тэй холбоотой нөхцөл байдлыг үнэлэх тест бөглүүлсэн байна. Үүнд 179 хүн хамрагдсан бөгөөд тэдний 39.1 хувь нь хорт хавдартай өвчтөн, 60.9 нь өвчтөний асран хамгаалагч байжээ. COVID-19-ын үеийн хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээ нь хавдартай өвчтөн ба тэдгээрийн асран хамгаалагч нарын 31 хувийнх нь сэтгэл санааны байдалд нөлөөлсөн нь судалгаанаас харагджээ. Мөн дөрвөн хүн тутмын нэг нь хэдэн өдрийн турш, 10 хүн тутмын нэг нь бараг өдөр бүр бухимдаж, сэтгэл санаа тогтворгүй байдаг хэмээн хариулсан байна. Түүнчлэн таван хүн тутмын нэг нь Улсын онцгой комиссын хөл хорио эмчилгээнд нөлөөлсөн хэмээн хариулжээ. Зарим хүний эмчилгээний цаг хойшилсон, эмнэлэгт оруулахгүй болсноор эмчтэйгээ уулзаж чадахаа байсан, орон нутагт химийн тариа тасарснаас болж хотод ирэх шаардлага гарсан гэж хариулсан байна. Судалгаанд оролцсон иргэний 63.1 хувь нь санхүүгийн хямралд өртжээ. Цаашид хэрхэх нь ойлгомжгүй байгаа болохоор сэтгэлийн түгшүүртэй байгаагаа 45.3 хувь нь илэрхийлсэн байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Экологийн цагдаагийн албанаас “Иргэдийн индэр” арга хэмжээг зохион байгуулна

Экологийн цагдаагийн алба нь энэ оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэйгээр байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа юм. Тус албанаас гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхийн зэрэгцээ иргэд, олон нийтэд эрх зүйн мэдлэг олгох, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн дуу хоолойг үйл ажиллагаандаа авч хэрэгжүүлэх чиглэлээр “Иргэдийн индэр” олон нийтийн арга хэмжээг хэвлэл мэдээллийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулах бөгөөд дараах хуваарийн дагуу үйл ажиллагаа явагдана.

д/д

Иргэдийн индэр ажиллах байршил

Ажиллах огноо

Ажиллах цаг

1

Сүхбаатарын талбай

2020.06.30 /Мягмар/

12:00-13:00

2

Барилгачдын талбай

2020.07.01 /Лхагва/

12:00-13:00

3

Эрх чөлөөний талбай

2020.07.02 /Пүрэв/

12:00-13:00

4

Улсын их дэлгүүр

2020.07.03 /Баасан/

12:00-13:00

Мөн цахим орчинд “Экологийн цагдаагийн алба” пэйж хуудас, ecological.police.gov.mn/вэб сайтаар хандаж болох юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ц.Наранжаргал: Надад итгэсэн хүмүүсийн итгэлийг алдахгүй юмсан гэж хичээж явна

  • Аав, ээжийнхээ, ард түмнийхээ, хайртай ханийнхаа бахархал дунд амьдармаар байна
  • Олон жил жүдогоор барилдсан хэрнээ олимп, дэлхийн аваргаас медаль авч чадалгүйгээр зодог тайлна гэж бодохоор харамсалтай санагдсан. Тиймээс харамсахгүйн тулд эргэн ирсэн
  • Юуны тулд махбодио, амьдралынхаа хагасыг золиослосон билээ. Олон хүний бахархал дунд амьдарч, хүнд хайрлагдан, түүнээсээ таашаал авна гэдэг чинь хамгийн том аз жаргал биз дээ

Монголын жүдо бөхийн спортын эмэгтэйчүүдийн хүнд жинд эх орныхоо нэрийг тив, дэлхийн тавцанд тахалж яваа цөөн тамирчны нэг нь олон улсын хэмжээний мастер Ц.Наранжаргал билээ. 2018 оны Азийн наадмаас хүрэл медаль хүртсэний дараа дэвжээгээ түр хугацаанд орхисон тэрбээр өнгөрсөн улсын аваргаар дахин жүдодоо хөл тавьсан юм. Хэвлэлд тэр бүр ярилцлага өгөөд байдаггүй Ц.Наранжаргал мастерын илэн далангүй яриаг сонирхоно уу.

-Та бол жүдод шинэ хүн биш. Хэсэг хугацааны завсарлагааны дараа их спортдоо эргэн ирлээ. Хэр хүнд байв?

-Яг үнэнийг хэлэхэд маш хэцүү байлаа. Шантарсан, ядарсан, яах гэж буцаад хүрээд ирэв дээ гэж бодох үе хүртэл байсан. Тэгээд жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсний дараа л бага зэрэг урам орсон. Надад боломж байгаа юм байна гэдгийг мэдэрсэн. Улсын аваргад барилдаж байхдаа өөрийгөө тэгтлээ суларчихаагүй, муудчихаагүй юм байна гэж бодсон. Ер нь хүүхдээ төрүүлээд амарч байх хугацаанд олон хүн намайг дахин барилдахыг зөвлөсөн, ятгасан. Монголын жүдо бөхийн холбоо, шигшээ багийн дасгалжуулагчид болон “Женко” клубын багш нар маань маш их дэм болсон. Улсын аваргад түрүүлбэл үндэсний шигшээ багт авна гэж хэлсэн юм. Би ч боломжийг алдахгүйн тулд өөрийгөө бүрэн дайчилсаны хүчинд улсын аваргад түрүүлж, нэг их удалгүй шигшээ багийн тамирчин болсон. Шигшээ багтаа орж цалин мөнгөтэй золгоно гэдэг амьдралд том нэмэр шүү дээ. “Женко” клуб маань намайг жирэмсэн байхад ч цалинг минь тогтмол өгч байлаа. Магадгүй тухайн үед намайг жүдодоо эргэн ирнэ гэж бодсон учраас цалинг минь таслахгүй өгч байсан болов уу. Тэднийхээ дэмээр би өнөөдөр дахин барилдаж байна. Хэрвээ ийм боломж олгоогүй бол би өдийд жүдог орхисон ч байж мэднэ.

-Хоёр жил гэдэг бага хугацаа биш. Энэ хооронд огт бэлтгэл хийгээгүй хүн төсөөрсөн байдаг шүү дээ. Таны хувьд?

-Бэлтгэлдээ орсноос хойш ердөө гурав хоногийн дараа самбо бөхийн улсын аваргад түрүүлсэн юм. Тэгээд түүнээс долоо хоногийн дараа жүдогийн улсын аварга болсон. Бүр шилдэг тамирчнаар тодорч билээ. Ер нь нэлээд төсөөрсөн байсан. Хөлөө ч хаана гишгэж байгаагаа мэдэхгүй. Гэхдээ 15 жил хичээллэсэн хүн туршлагаараа дотоодын том тэмцээндээ түрүүлж чадсан. Биеийн хүчнээс гадна сэтгэл зүй их нөлөөлсөн шүү. “Хэдийгээр төрсний дараа барилдаж байгаа ч би бусдыгаа бодвол олон жилийн туршлагатай шүү гэж бодсон. Цаашлаад самбоор түрүүлж чадсан юм чинь жүдогоор яагаад чадахгүй гэж” гэсэн сэтгэл зүйн асар том бэлтгэлтэй байсан учраас би дотоодын хоёр том тэмцээнд түвэггүй түрүүлсэн болов уу. Энэ жилийн улсын аваргад түрүүлээд сэтгэл маш ихээр хөдөлж, өөрийн эрхгүй баярын нулимс унагасан. Өмнө нь өчнөөн л түрүүлсэн. Гэхдээ энэ жилийнх шиг тэгж их сэтгэл хөдөлж байгаагүй. Түрүүлээд зогсохгүй шилдэг жүдочоор зарлахад өөрийн эрхгүй огшсон шүү.

-Хоёр жил завсарлаад тэмцээнд ороход арай өөр бодол, сэтгэхүйтэй болсон байна биз?

-Тэгэлгүй яах вэ. Тэс өөр болдог юм билээ. Хэрвээ би улсын аваргад түрүүлж чадахгүй бол спортоо бүрмөсөн орхиж, залуу тамирчдадаа зайгаа тавьж гэсэн бодолтой байлаа. Гэтэл түрүүлсэн учраас өөртөө итгэлтэй болсон. Дээрээс нь бүрмөсөн зодог тайлсныхаа дараа харамсахгүйн тулд эргэн ирсэн юм. Хүн харамсдаг юм билээ. Өдий олон жил жүдогоор барилдсан хэрнээ олимп, дэлхийн аваргаас медаль авч чадалгүйгээр зодог тайлна гэж бодохоор харамсалтай санагдсан. Тиймээс ямар ч байсан өөрийгөө дайчилж, боломжоо ашиглахыг хүссэн юм.

-Эргэн ирэхэд хамгийн хэцүү байсан хүчин зүйл юу вэ?

-Хүүхэд харах хүнгүй байх л хэцүү санагдсан. Харин одоо бол хоёр ээж минь хүүхэд харж, ар талыг найдвартай дааж яваа учраас санаа зовох зүйлгүйгээр бэлтгэлээ хийж байна. Ээж болсон найзуудынхаа зовлонг өөрөө ээж болсон хойноо л бүрэн ойлгож байна даа.

-Эргээд спортдоо орохдоо хэр их эсэргүүцэлтэй тулгарав?

-Эхэндээ ээж дургүйцсэн. Бас миний хань дуртай байгаагүй. Хүн хамгийн түрүүнд үр хүүхдээ л боддог юм билээ. Хүүхэд жаахан байхад орхиж тэмцээн орлоо, хүүхдээ өсгөж том болго. Чи ер нь залуу хүүхдүүдэд хожигдож онигоо болох хэрэг байгаа юм уу гэх мэтээр зөвшөөрөхгүй байсан. Харин би нөхөртэйгээ ганц л тохироо хийсэн. “Намайг самбо, жүдогийн улсын аваргад оруулчих. Түрүүлбэл миний бэлтгэл хийхийг, цаашид тэмцээнд оролцохыг битгий хоригло. Түрүүлж чадахгүй бол би сайн дураараа спортоо орхино” гэдэг дээр тохиролцсон. Ингээд би хоёуланд нь түрүүлж чадсан учраас одоо эсэргүүцэхээ больсон. Харин ч дэмжиж байна. Тэмцээн, уралдаанд явахад хоёр ээжээс гадна нөхөр маань хүүхдээ маш сайн хардаг. Гэхдээ хүний л ээж болсон хойно хаана ч явсан хүүхдээ санаж, санаа зовдог юм билээ.

-Их спортдоо эргэн ирснээс хойш анхны том тэмцээндээ оролцлоо. Тэр нь Парисын “Их дуулга” байсан. Энэ тэмцээний талаар дурсах уу?

-Сандарч үзээгүйгээрээ сандарсан, ядарсан, шантарсан. Тийм л тэмцээн болж өнгөрсөн дөө. Дэвжээн дээр гараад юу хийж байгаагаа ч мэдэхгүй байлаа. Хүүхдээ санахын хажуугаар ядарч, шантарч уйлж хүртэл үзлээ. Уйлж байхдаа “Би энд юу хийж яваа юм. Яагаад өөрийгөө ингэж зовооно вэ. Гэртээ хүүхдээ хараад, эрхлүүлээд хэвтэж байхгүй юунд дурлаж энэ хол замыг туулан ирэв” гээд л өөртэйгээ ярьж үзсэн. Тухайн үед хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа найз минь миний зүрхэнд итгэлийн галыг асааж өгсөн. Найзаасаа асар их урам зориг авсан шүү. Хэрвээ Д.Сумъяа маань байгаагүй бол тэр чигээрээ шантраад карьераа дуусгах ч байсан юм билүү, мэдэхгүй байна. Харин одоо бол бэлтгэлээ эрч хүч авч байна шүү дээ. Юун ядрах, шантрах. Улам л эрч хүчтэй болсноо мэдэрдэг. Тэмцээн хурдан болоосой л гэж бодох боллоо.

-Хоёр жилийн дараа дахин их спортдоо эргэн ирсэн Наранжаргал сандрахын зэрэгцээ баярласан болов уу. Тухайн үеийн сэтгэл хөдлөл ямар байсан бэ?

-Баярлалгүй яах вэ. Хамгийн гол нь надад итгэл өгч, том тэмцээнд авч явсан шигшээ багийн дасгалжуулагч нар их хүч өглөө. Намайг тэд заавал тэмцээнд явуулах албагүй. Хоёр жил завсарласан хүн форм муутай л байж таарна. Гэтэл тэр бүхнийг ажрахгүйгээр надад итгээд, намайг аваад явсан нь өөрөө маш том урам өгч байгаа хэрэг. Тиймээс үүнд их баярладаг. Ер нь надад итгэл хүлээлгэсэн олон хүн бий. Тэднийхээ итгэлийг л алдахгүй юмсан гэж хичээж явна. Итгэлийг нь алдахгүйн тулд өдөр бүр бэлтгэлээ эрч хүчтэйгээр хийж байна.

-Тэгвэл та спортоос хөндийрч байхдаа өөрийнхөө орон зайг алдахаас айж байсан уу?

-Миний биеийг төмрөөр хийгээгүй учраас би нэг л өдөр спортоо орхих нь тодорхой. Тиймээс миний араас залгамжилж буй дүү нар хурдан гарч ирээсэй гэж боддог. Намайг завсарлаж байх хугацаанд орлох өөр тамирчин гарч ирээд, би түүнийг үнэхээр дийлэхгүй бол зайгаа тавиад л өгнө. Надад тийм сэтгэл зүй байна. Хүний орон зайг булаах хүсэл ч байхгүй. Харин тухайн тамирчнаа тултал нь дэмжинэ. Түүнээс биш би заавал байх ёстой гэж зүтгэхгүй. Чадахгүй байгаа учраас, надаас илүү тамирчин гарч ирсэн учраас зайгаа тавьж өгөх нь миний үүрэг юм. Ийм бодолтой явдаг тул орон зайгаа алдахаас айгаагүй. Тиймээс жингийнхээ дүү нарыг цаг хугацааг сайн ашиглаж, бэлтгэл тултал нь хийж дэлхийн дэвжээнд амжилт үзүүлээсэй гэж хүсдэг.

-Коронавирусийн хорио цээр зарим тамирчинд хүнд туссан байх. Гэтэл нэг хэсэгт нь маш том боломж олголоо гэж харж байна. Тэр тамирчдын тоонд та ч бас орно. Харин та надтай санал нийлэх үү?

-Шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатар багшдаа “Хүмүүс коронавирусийг үзэж ядаж байна. Харин надад боломж олгосон юм шиг санагдаад эергээр хүлээж авч байгаа” гэсэн чинь багш “Чамд зориулаад олимп нэг жилээр хойшиллоо” гэж хэлсэн юм. Тэр үг миний толгойд шууд орж ирсэн. Энэ цаг хугацаа, орон зайг ашиглаад бэлтгэлээ сайн хийхийг эрмэлзэж байна. Надад маш том боломж олгож байна гэж харж байгаа. Хэрвээ хорио цээрийн дэглэм тогтоогоогүй байсан бол би 2020 оны олимпод оролцож амжихгүй ч байж мэднэ. Ядаж л багийн барилдаанд оролцож, нэг ялалт авах юмсан гэж чин сэтгэлээсээ хүсч, мөрөөдөж явлаа. Багийн барилдаанд бүхнээ дайчилдаг нь миний унаган зан юм. Тэгвэл одоо хувийн амжилтаа ч, багтаа ч том хувь нэмэр оруулах боломж нээгдэж байна.

-Гурван Азийн наадмаас дараалан медаль авсан жүдоч Монголд танаас өөр байдаггүй юм билээ. Тэгэхээр олимп, дэлхийн аваргаас медаль аваад зодог тайлаасай гэж хүсдэг хүмүүсийн нэг нь би юм. Дээр дурдсан хоёр тэмцээн таны ойрын зорилго мөн биз?

-Тэгэлгүй яах вэ. Зөвхөн олимп, дэлхийн аварга гэлтгүй дахиад нэг удаа Азийн наадамд зодоглох юмсан гэж шунаж байна. Тэгэхээр боломж гарвал 2022 оны Азийн наадамд барилдах хүсэлтэй. Мэдээж нэн түрүүнд олимпын эрхийн оноогоо цуглуулах хэрэгтэй. Азийн аваргад түрүүлмээр байна. Дараа нь олимпоос медаль авах тухай ярих нь зөв болов уу. Ямар ч байсан дээр дурдсан тэмцээнүүдэд амжилт үзүүлэхийн төлөө хичээх болно. Олимп, дэлхийн аваргаас медаль авч чадалгүй зодог тайлбал зөвхөн би ч биш миний эргэн тойрныхон, намайг дэмждэг ард түмэн харамсах биз. Тиймээс харамсахгүйн тулд бүхнээ зориулна даа. Би нэг л зүйлээс айж байна. Тэр нь надад итгэж байгаа энэ олон хүний итгэлийг алдах вий, урмыг нь хугалах вий гэдгээс айж байна.

-Ер нь та богино хугацаанд хувийн амьдралдаа өөрчлөлт хийж чадсан байна шүү. 2018 оны Азийн наадмаас медаль авсны дараа гэхээр?

-Азийн наадмын дараа дэлхийн аваргад оролцсон. Тухайн жилийн дэлхийн аваргаас медаль авах юмсан гэх том зорилготой байлаа. Тэр хэрээр биеэ барьж, сандарсан. Ингээд тэмцээнээ дуусгасны дараа өдий олон жил барилдсан хэрнээ олимп, дэлхийн аваргаас медаль авч чадаагүйдээ сэтгэлээр унаж, гутарсан. Тэгээд ер нь л спортоо орхиж, өөрийнхөө боловсролд анхаарч, хөгжүүлье гэж бодсон. Том тэмцээнүүд дууссан учраас хэсэг хугацаанд тархи толгой, биеэ амраахаар шийдсэн. Тэр амралтын үеэр л хүүхэд минь бэлэг болж ирсэн байсан, маш их баярлаж хүлээн авсан. Жирэмсэн болсон хойноо дахиж барилдахгүйгээр шийдсэн ч үүнээс өөр чадах зүйл байгаа билүү гэж бодсон. Монголд үнэндээ барилдахаас өөрөөр ажил хийж амьдарч чадахгүй юм билээ. Тиймээс амжилтад хүрээд, сайхан амьдрахыг хүсч байна. Юуны төлөө махбодио, амьдралынхаа хагасыг зориулсан билээ. Эх орныхоо төлөө, сайхан амьдрахын төлөө л золиос гаргаж байна. Амжилтаа үзүүлж чадвал эх орон, аав, ээж, ард түмэн, хань ижил гээд бүгдээрээ л бахархана. Олон хүний бахархал дунд амьдарч, хүнд хайрлагдан, түүнээсээ таашаал авна гэдэг чинь хамгийн том аз жаргал биз дээ. 

-Ингэхэд жүдоч болоход таны бөхийн удам нөлөөлөв үү. Эсвэл та өөрөө тэгтлээ дурлаа юу?

-Би “Молиго бүргэд”-ийн хэмээх 1932 оны наадмын түрүү бөх, улсын арслан П.Бат-Очирын удам юм билээ. Аав минь тэр хүний зээ хүү. “Молиго бүргэд” гэх хүн 43 насандаа улсын наадамд түрүүлсэн. Тэгвэл энэ удмын бөх улсын начин А.Алтанхуяг ч мөн 40-өөд насандаа улсын цол авсан шүү дээ. Тэр утгаараа манай удмынхан нас тогтсон хойноо амжилт гаргадаг юм байна гэх бодол төрсөн. Харин миний амжилт гаргах нас одоо л болж байх шиг. Ийм бодол өөрийн эрхгүй төрж, өөрийгөө тайтгаруулж явдаг. 2004 оноос жүдод хөл тавьсан. Тухайн үед спортын төв ордны хоёр давхарт нэг заалны хаалга онгойлгоход Ш.Цэвэлмаа багш угтсан. Аав минь миний ихэр Нарантогтох бид хоёрыг дагуулж очиж, багшид шавь оруулж байлаа. Энэ цагаас хойш л хоёргүй сэтгэлээр жүдод зүтгэсний ачаар чамлахааргүй амжилт гаргалаа. Одоо олимп, дэлхийн аваргаас л медаль авах үлдсэн дээ. Миний ихэр Нарантогтохын хувьд байлдааны самбоор багагүй амжилт үзүүлсэн.

-Эмэгтэй хүүхдийг барилдана, бокс тоглоно гэхээр эцэг, эхчүүд дургүйцдэг. Таны аав, ээж бас тэдний нэг байсан уу?

-Анхнаас нь л дэмжиж ирсэн. Ямар сайндаа л аав минь намайг анх барилдаж эхлэхэд өглөө бүр гүйлгэж, хичээлд явахаас өмнө өглөө бүр гар дээр суниалт 50, гэдэс таталт 50, нуруу таталт 50-ыг хийлгэдэг байлаа. Аав минь 10 гаруй жил энэ дасгалаа хийлгэсэн дээ. Бас уул өөд гүйлгэнэ. Ер нь багш шиг л бэлтгэл хийлгэнэ. Монголд болсон бүхий л тэмцээнд дагаж явна. Аав, ээжийнхээ дэмжлэгийн хүчинд л би өдий зэрэгтэй яваа юм. Манай жүдочдын олонх нь миний аавыг мэднэ. 

-Тэмцээн болохгүй ч бэлтгэлээ тогтмол хийж байгаа байх. Өдрийн хэдэн цагийг бэлтгэлд зарцуулж байна вэ?

-3-4 цагийг хүчний бэлтгэлдээ зарцуулж байна. Жүдогоор барилдахын тулд хүчний бэлтгэл маш чухал. Тиймээс Golds клубт Б.Мөнхбаяр багшийнхаа удирдлага дор хүчний бэлтгээл базааж байна. Багшийнхаа ачаар хүч маань ахиж, бэлтгэл ч их таарч байгаа учраас баярлалаа гэж хэлье. Харин шигшээ багийнхантайгаа нэгдэж чадаагүй л байна. Тэд хөдөө цугларалтад гарсан байгаа. Би удахгүй араас очно. Ар гэртээ санаа зовохгүйгээр бэлтгэл хийх нь чухал. Тиймээс хүүхэд харах хүнтэй болсны дараа шигшээ багийнхаа жүдочидтой нэгдэнэ.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Хүссэн зорилгодоо хүрч олимп, дэлхийн аваргаас медаль авахыг хүсье?

-Баярлалаа. Намайг өнөөдрийг хүртэл дэмжсэн гэр бүлийнхэн, Монголын жүдо бөхийн холбоо, “Женко” клуб, шигшээ багийнхан, Golds клубын хамт олон, дасгалжуулагч Г.Энхбаяр, Ш.Цэвэлмаа, хүчний багш Б.Мөнхбаяр, шигшээгийн дасгалжуулагч нартаа маш их баярлалаа гэж хэлье. Та бүхний надад итгэсэн тэр их итгэлийг амжилтаар хариулж, дааж явахын төлөө хичээх болно.