A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1973/

Төмөр замтай байж л инновац нэвтрүүлэх мөнгөтэй болно

Уул уурхайд инновац нэвтрүүлэх цаг болсныг Засгийн газар хүлээн зөвшөөрлөө

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1973/


Алдагдлаа сүүлийн хоёр жилд ашиг болгон хувиргасан “Эрдэнэс Тавантолгой” 2010 оноос хойш үүссэн гадаад, дотоод өр төлбөртөө нийт 681 сая ам.доллар төлж, энэ оноос ногдол ашиг тараах болсноо мэдэгдсэн. Тэгвэл санхүүгийн хувьд бие даах хэмжээнд ирсэн төрийн эзэмшил давамгайлсан тус компани 700 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашгийнхаа яг хэдэн хувийг нь ногдол ашигт олгох эсэхээ ирэх дөрөвдүгээр сард албан ёсоор зарлахаар болжээ. Үүнээс өмнө нарийн тоо хэлэхээс тэд цааргалж байна. Компанийн тухай хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зарлан хуралдуулснаар нэгж хувьцаанд ногдох мөнгөн дүн нь эцсийн байдлаар тодорхой болох гэнэ. Ийн 1072 ширхэг хувьцааны өгөөж олон жилийн дараа иргэдийн гарт хүрч мэдэхээр байна.

Амилж өгдөггүй хувьцааны хойноос ард түмэн 2012 оноос хойш сураг тавьж, өдий хүрсэн. Энэ хугацаанд зарим нь насны эрхээр эсвэл цаг бусаар хорвоог орхиж, хувьцаагаа үр хүүхдэдээ өвлүүлэх эсвэл бэлэглэх зохицуулалт байхгүйгээс төр буюу тус компанид үлдэх хувьцаа, түүний ногдол ашиг эзэнгүйдэхээр байна.

Үүнийг компанийн удирдлагуудаас тодруулахад, одоогоор үүнийг зохицуулсан шийдэлгүй байна. Зохицуулалт ч алга” гэв.

2017 оны цэвэр ашгаас нь өнгөрсөн онд ногдол ашиг авахаар битүүхэн хүлээлт ч үүсэж байв. Тэгвэл ирэх оны сонгуулийн өмнө хоёр дахин биелсэн ашгийнхаа тодорхой хэсгийг ард түмэнд тараах “даалгавар”-ыг Ерөнхий сайдаас авсан “Эрдэнэс Тавантолгой” нүүрсний зах зээлийн үнэ сайн байсны ачаар “бяр”тай болоод байгаа нь энэ. Цэвэр ашгаа тэр чигт нь ногдол ашиг болгон тавиад туучихгүй нь. Үүнийг тус компанийн удирдлага хэлж байна.

Сонгууль болгоны дараа удирдлага, удирдлагын баг бүхэлдээ өөрчлөгдөж, компанийн муу засаглалын бодит жишээ болдог “Эрдэнэс Тавантолгой” олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа бүртгүүлэхээр ажиллаж буй. Компанийн засаглалаа сайжруулж, дэд бүтцийн болон үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвараа ахиулж чадахгүй бол нүүрсний компанийг хөрөнгө оруулагчид ойшоохоо нэгэнт өнгөрсөн. Ялангуяа томоохон хөрөнгө оруулалтын сан, санхүүгийн байгууллагууд нүүрсний төслүүдээс нүүрээ бууруулж, аль болох дөлж байгаа. Ийм цаг үед “Эрдэнэс Тавантолгой” хувьцаагаа олон нийтэд санал болгохоор зориг шулуудсан билээ.

IPO хийхээ ам бардам зарласан тус компанийн тухай салбарын сайд нь илүү тодорхой мэдээлэл өгнө гэсэн. Угтаа компани засаглалаа сайжруулж, амжилттай IPO хийснээр 1072 ширхэг хувьцааны өгөөж, үр ашиг тэр хэрээр тэлж томрох учиртай. Гэхдээ жилийн өмнөөс ярьсан IPO, түүний бэлтгэл ажил аажим урагшилж байна. Ногдол ашгаас илүүтэй хувьцаа эзэмшигчдэд компани дэлхийн цараатай болох нь илүү чухал билээ. Ингэснээр хяналт тогтож, компанийн ил тод байдал дээшилнэ.

Олзуурхах зүйл гэвэл, “Эрдэнэс Тавантолгой”-н одоогийн удирдлагууд эрдэмтэн, судлаачдын үгийг сонсож, тэдний хийсэн судалгаа, тооцоололд анхаарал хандуулдаг боллоо. Шинжлэх ухаанд суурилсан, байгаль орчинд хал багатай, эдийн засгийн үр ашигтай үйлдвэрлэл хөгжүүлэхэд инновацын ололт ус, агаар мэт хэрэгтэй. Үүнийг төрийн өмч давамгайлсан нүүрсний компаниудаас урьтан мэдэрч, шинэ санаа, шилдэг технологийг өөртөө нутагшуулахаар “Эрдэнэс Тавантолгой” зорьж байна. Үүний илэрхийлэл болох нэгэн арга хэмжээг мягмар гарагт зохион байгуулан инновацыг онцолсон юм. Зөвлөгөөнийг нээж үг хэлсэн, Засгийн газрын төлөөлөл уул уурхайн салбарт инновац нэвтрүүлэх цаг болсныг хүлээн зөвшөөрлөө.

Хувийн хэвшилтэй харьцуулахад оройтож хөдөлсөн ч төрийн гэгдэх компаниудаас “Эрдэнэс Тавантолгой” яах аргагүй анхдагч нь. Энэ утгаараа компани хөрөнгө оруулагчдад гоё харагдах, тэдэнд бас таалагдах “имиж”-ээ үүгээр тавьж байна гэвэл дэгсдэхгүй. Өндөр технологи дэлхий нийтээр ноёрхож, уул уурхайг австрали, Канад автоматжуулж эхэлсэн. Дэлхийн уул уурхайн тэргүүлэгч компаниуд зардлаа хэмнэж, жолоочгүй тээвэрлэлт ч хийж буй. Тэдний хувьд төмөр зам бол хамгийн наад захын хэрэгцээ нь байсан. Дээрх зөвлөгөөнөөр төмөр замаас тавантолгойн “хувь заяа” шалтгаалахаар байгааг эрдэмтэд чухалчлан онцолж байна.

• Компанийн тухай хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зарлан хуралдуулснаар нэгж хувьцаанд ногдох мөнгөн дүн нь эцсийн байдлаар тодорхой болно. 

• Шинэ технологи, инновацад дорвитой мөнгө зарцуулж, компанийн ашгаа хэд дахин нэмж чадаагүй ч гахай жилийн босгон дээр “Эрдэнэс Тавантолгой” эрдэмтдийн өмнө үүд, хаалгаа нээж байна. 

• Мөнгөтэй болсон цагт л инновацыг бусдын адил нутагшуулах эдийн засгийн тамир тэнхээтэй болно.

Тавантолгойн орд метаны хангалттай нөөцтэй гэгддэг. Метаны хийг эндээс гаргаж авснаар нийслэлийн агаарын бохирдлыг ч шийд эх боломжтойг зөвлөгөөнд оролцсон эрдэмтэд хэлж байна. Мөн нүүрснээс утаагүй түлш, нийлэг хий гаргаж авах технологийг энэ үеэр танилцуулсан юм. Үүнээс гадна Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт багтсан ч хэрэгжээгүй кокс, химийн үйлдвэрийн талаар бас илтгэл хэлэлцүүлэв. Эдгээр нь шинэ сэдэв биш. Өмнө нь төслийн нэгж байгуулж, холбогдох ажлын хэсэг хүртэл гарсан ч амьдрал дээр тууз хайчилсан нь үгүй. Тооцоо, судалгаа хийж, хөрөнгө оруулалт татахад тодорхой цаг хугацаа шаардлагатай. Энэ болгоны дараа энд дурдсан төсөл хэрэгжих эсэх нь шийдэгдэх юм. Ямартай ч “Эрдэнэс Тавантолгой” дээрх төслүүдийг дахин сануулж, олон нийтийн анхааралд эргэн авчирлаа.

Амилж өгдөггүй хувьцааны хойноос ард түмэн 2012 оноос хойш сураг тавьж, өдий хүрсэн

Бүтээмж өсгөх технологийг тус компани нэвтрүүлэх хэмжээнд ирсэн ч өнөө хүртэл төмөр замын төслөө өөрөө санхүүжүүлэх хэмжээний бие даасан засаглалаар хангагдаж чадаагүй. Тиймээс дэд бүтцийн сул талаас үүдэн ашигтай ажиллах олон жилийн боломжоо тус компани алдсан билээ. Үүнд сонгууль, популизм нөлөөлсөн нь лавтай. Шинэ технологи, инновацад дорвитой мөнгө зарцуулж, компанийн ашгаа хэд дахин нэмж чадаагүй ч гахай жилийн босгон дээр “Эрдэнэс Тавантолгой” эрдэмтдийн өмнө үүд, хаалгаа нээж байна.

Дэвшилтэт технологи, бүтээмж нэмэгдүүлэх техникээр уул уурхай, тэр дотроо нүүрсний компаниуд цангаж ирсэн. Багануур, Шивээ-Овоо, Адуунчулуун зэрэг эрчим хүчний нүүрс олборлож буй төрийн өмчит болон орон нутгийн өмчит компаниуд “Эрдэнэс Тавантолгой”-н зовлонг биеэрээ туулж яваа. Өвгөрч, хуучирсан технологитой энэ зууныг угтсан компаниуд ашигтай ажиллаж байсан нь ховор. Ашиглалтын хугацаа нь дууссан техник технологи өнөөдөр ч зарим дотоодын уурхайд ажиллаж байгаа нь зардал нэмж, цаг хугацаа бараад зогсохгүй алдагдлын хэмжээг нь жил бүр нэмсээр.

Хамгийн гол нь уурхайн аюулгүй ажиллагаа энэ байдлаас үүдэн алдагдах эрсдэл олон хүний санааг чилээж байна. Канад, Австрали уул уурхайд робот, автомат машин суурилуулж, уул уурхайн хүнд ажлаа технологийн хүчээр нугалж буй. Бидний хувьд энэ орнуудын зиндаанд ирэхэд тогтвортой бодлого, тууштай засаглалаас гадна яг одоо нүүрсээ тээвэрлэх төмөр зам хэрэгтэй байна. Ингэснээр Австралид үүссэн үерийн үеэр экспортоо нэмэгдүүлэх түр боломж олдов. Мөнгөтэй болсон цагт л инновацыг бусдын адил нутагшуулах эдийн засгийн тамир тэнхээтэй болно.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Үхэл таригч улаан бурхан ихэссэнд аав ээжүүдийг буруутгав

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хэрэглээгээрээ толгой цохидог ч ашгаараа сүүл мушгисаар

Цахим ертөнцийг цаг өнгөрөөх хэрэгсэл бус орлого олдог лангуу болгон харах нь чухал

 0 сэтгэгдэл


Хэрэглэгчийн тоогоороо Хятадын хүн амыг хоёр нугалсан “их гүрэн” орчин цагийн дэлхийд үүсээд цөөнгүй жилийг үдэж байна. Хил хязгаар, арьс өнгө, шашин шүтлэгээр хүн төрөлхтнийг үл ялгаж, нэгэн дээвэр дор нэгтгэсэн нийгмийн сүлжээний Facebook цахим хуудсыг идэвхтэй хэрэглэгчийн тоо 2018 оны дөрөвдүгээр улиралд 2.6 тэрбум давжээ. Facebook-ийг улс гэж үзвэл хүн амын тоогоор БНХАУ, Энэтхэгийг нийлүүлсэнтэй бараг дөхөж очих бол эдийн засаг, зах зээлийн чадал чинээгээр дэлхийн хамгийн хүчирхэг улсад зүй ёсоор тооцогдоно. Тэгвэл нийгмийн сүлжээний Instagram цахим хуудас хэрэглэгчийн тоо дэлхийн тэргүүлэх эдийн засаг болох АНУ-ын хүн амаас гурван дахин өндөр аж. Дэлхийн газрын зурагт тэмдэглээгүй ч, хүчирхэг гүрнүүдтэй зах зээлийн хүчин чадлаар дүйх, цахим ертөнц дэх шинэ бүлэг, нэгдлүүд улам хүрээгээ тэлсээр байгаа юм.

Бид ч энэ цахим талбарын гишүүд. Өнөөдөр гурван монгол хүн тутмын хоёр нь нийгмийн сүлжээнд нэгдэж, интернэт идэвхтэй ашиглаж байна. Манай интернэт хэрэглэгчийн тоо сүүлийн 20 гаруй жилд бараг 4400 дахин өсөж, 2018 оны дөрөвдүгээр улиралд 2.2 саяд хүрснийг Hootsuite платформд дурджээ. Ер нь Монголд нийгмийн сүлжээний аль нэг хуудсанд нэгдээгүй хүн олох хэцүү болсон төдийгүй хөгшин, залуугүй идэвхтэй хэрэглэж байна.

Үүнээс үзэхэд гишүүнчлэлийн тоо, хэрэглэгчдийн худалдан авах чадлаар нийгмийн сүлжээ, цахим зах зээл яалт ч үгүй шунал төрүүлж, хорхой хүргэм, арилжааны лангуу болчихоод байгаа юм. Гэвч бид эдгээр цахим хуудаст цаг заваа хайр гамгүй үрдэг атлаа нийгмийн сүлжээ дагасан хэрэглэгчдийн төвлөрлийг ашиглан арилжаа наймаа хийх, бизнесийн зорилгоор зөв зохистой, үр ашигтай ашиглаж буй нь хэр олон бол. Мэдээж, энэ төрлийн цахим хуудасны хэрэглээ, ашиглалтаар бид бүс нутаг төдийгүй дэлхийд дээгүүрт бичигддэг.

Гэтэл үүнийг дагасан бизнес, арилжааны шинж чанартай үйлчилгээ өнөө хэр зах замбараагүй, зохицуулалтгүй өрнөсөөр байна. Цахим худалдааны талбарт хамгийн том байр суурь эзэлж буй нийгмийн сүлжээн дэх арилжаа хар зах шиг үргэлжилсээр. Зарын шинжтэй цахим хуудсаар дүүрч, чанарын баталгаагүй, үнийн зөрүүтэй бараа бүтээгдэхүүн өнөө хэр борлуулж, худалдан авагчдыг хохироосоор байна. Сар шинийн баяраар гэхэд дэлгэцээр далдалсан цахим зах зээлээс чанаргүй бараа худалдан авч, хулхидуулсан иргэн цөөнгүй байв. Уг нь технологийн хөгжил дагасан энэ төрлийн үйлчилгээний үр ашиг, хэмнэлт, хялбар байдлыг хэрэглэгчид хүртэх учиртай ч иргэдийн итгэлийг буруугаар ашиглан, ашиг хонжоо хайх, хохироох увайгүй үйлдэл гарсаар байгаа аж.

Гурван монгол хүн тутмын хоёр нь интернэт идэвхтэй ашиглаж байна

Олон улсад цахим худалдааны бие даасан платформуудад түшиглэн хөгждөг бол манайд хэрэглэгчдийн хэрэглээ даган нийгмийн сүлжээнд төвлөрч байгаа юм. Гэтэл энэ хэсэгт нь цахим худалдааны соёл, дадал борлуулагчид төдийгүй хэрэглэгчдийн хувьд ч төлөвшин тогтоогүй хэвээр байна. Энэ хэрээр манайд дижитал эдийн засаг, цахим худалдааны тэлэлт зарим улсынхаас удаан, яст мэлхийн хурдаар урагшилж байна.

Дэлхийн мөнгөний урсгал цахим ертөнцийг чиглэх болж, энэ зах зээлээс хэд бол хэдэн зуун саятан төрөн гарсаар байна. Хэд хэдэн сэтгүүлийн жагсаалтаар орчин цагийн дэлхийн хамгийн чинээлэг хүнээр тодорсон, 130 орчим тэрбум ам.долларын хөрөнгөтэй (2018 оны байдлаар) Жефф Безос интернэт худалдааны салбараас мэндэллээ. Мөн АНУ-ын хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн өндөр үнийн дүнд бүхий IPO-ийг мөн л интернэт худалдааны салбарын компани болох Alibaba арилжсан. Үүнээс үзэхэд мөнгө, өсөлт, өгөөж яах аргагүй гарт баригдахгүй ч дэлхийг сүлжсэн интернэт худалдаанд байна.

Цахим худалдаа дэлхийг хавтгай болгож, зуучлагчгүй, ченжгүй, хил хязгааргүй мөнгөний урсгал цахим дэлхийг хэрж байна. Энэ шилжилтийг Хятад, АНУ хамгийн овжин ашиглаж, худалдаа арилжаагаа огцом өсгөж байна. Манай өмнөд хөршийн цахим худалдаа дэлхийн нийт худалдааны бараг тэн хагасыг бүрдүүлэхэд ойртлоо.

Цахим түрэлт тус улсын худалдааны бүх урсгал чиглэлд нэвтэрснээс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний онлайн худалдаа 46 хувь өсөж, 32 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнийг даган хойд хөрш ч цахим худалдааг хурдтай хөгжүүлж байна. Зөвхөн 2018 он гэхэд хятадын гурван сая өрх оросоос хүнсний бүтээгдэхүүн худалдан авчээ. Тухайлбал, оросын “Красный октябрь" шоколадны үйлдвэр нийт бүтээгдэхүүнийхээ 72 хувийг онлайнаар борлуулдаг болсон байна.

Улс орнууд цахим талбарыг мөнгө болгон ашиглаж байхад бид хэрэглээ талдаа хэнийг ч дагуулахгүй атлаа өгөөж хүртэх, мөнгө олохдоо ургаа хад шиг байгаа юм биш биз. Уг нь цаг зав хэмнэж, дундын зуучлагчийг халж, түрээс, нэмэлт зардлыг тэглэх энэ төрлийн бизнес худалдан авагч төдийгүй аж ахуйн нэгжүүдэд үр ашигтай. Хүссэн хэнийг ч худалдаачин болгож, бизнес эрхлэх боломжийг олгоно. Ер нь дэлхийн бизнесийн чиг хандлагыг танигдахын аргагүй болтол нь өөрчилсөн цахим худалдааны давуу тал, үр ашгийг дурдаад байвал дуусахгүй.

2030 он гэхэд дэлхийн худалдааны 99 хувь нь онлайн хэлбэрт шилжинэ гэж томоохон шинжээчид таамаглаж байна. Гэтэл арав хүрэхтэй үгүйтэй жилийн дараа болох энэ өөрчлөлт, хувьсалд бид бэлэн үү. Хүргэлтийн үйлчилгээ, хотжилт зэрэг цахим худалдааны дэд бүтцийг хөгжүүлэх нь чухал хэмээн салбарынхан учирладаг.

Тэр тусмаа далайд гарцгүй, хоёр их гүрний дунд хавчуулагдсан Монгол Улс зах хязгааргүй зах зээл рүү хөтлөх цахим худалдааг бусдаас илүү хурдтай хөгжүүлэх нь чухал. Интернэтийн хурд, хэрэглээгээрээ монголчууд бусад улсаас дутахгүй байж болох ч үүнийг үр ашигтай ашиглах, ажил хэрэгч, аж ахуйч байдлаар хандах нь илүү чухал биш гэж үү.

Манай зохицуулах байгууллагууд цахим орчин дахь иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг аль нэг хуулиар далайлган хаах боогдуулах гэж оролддог.

• Манай интернэт хэрэглэгчийн тоо сүүлийн 20 гаруй жилд бараг 4400 дахин өсөж, 2018 оны дөрөвдүгээр улиралд 2.2 саяд хүрснийг олон улсын Hootsuite платформд дурджээ. 

• Монголд нийгмийн сүлжээний аль нэг хуудсанд нэгдээгүй хүн олох хэцүү болсон төдийгүй хөгшин, залуугүй идэвхтэй хэрэглэж байна. 

• Манайд дижитал эдийн засаг, цахим худалдааны тэлэлт зарим улсынхаас удаан, яст мэлхийн хурдаар урагшилж байна.

Гэтэл цахим орчин дахь худалдаа үйлчилгээ, бизнесийн үйл ажиллагаа оновчтой зохицуулалт, анхаарал нэхсээр байна. Гэхдээ төр энэ зах зээлд оролцохдоо иргэн болон бизнес эрхлэгчийн аль алиных нь эрх ашгийг хөндөхгүй, харин ч ээлтэй байдлаар шийдэж чадвал цахим худалдаа хөгжих хөрсийг бий болгоно. Өөрөөр хэлбэл, иргэд ч, төр ч тэр цаг өнгөрөөх хэрэгсэл бус орлого олдог лангуу болгон харах нь чухал байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Шалгуур хангасан оффисыг зах зээл хүсэж байна

Оффисын зах зээлийн эрэлт жилд дунджаар 1100 орчим аж ахуйн нэгжээр нэмэгддэг

 0 сэтгэгдэл


Үл хөдлөх хөрөнгийн салбарт орон сууцны зах зээл олон нийтийн анхаарлын төвд байдаг ч оффисын талбарт онцлох үзүүлэлт цөөнгүй байна. Эн тэргүүнд, уг зах зээлийн эрэлт нь нийлүүлэлтээсээ давж эхэлснийг “Master Properties” компани тооцоолжээ. Улаанбаатар хотод өнгөрсөн онд оффисын зориулалттай 985 мянган ам метр ашигтай талбай бүхий 215 төсөл ашиглалтад оржээ. Үүний тэн хагас нь нийслэлийн цөм болох Сүхбаатар дүүрэгт төвлөрч байна.

Тус дүүрэгт байрлах нийт оффисын 72.9 хувь нь тансаг зэрэглэлийнх аж. Гэтэл нийслэлд үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгжийн 80 гаруй хувь 20 хүртэлх ажилтантай, жижиг, дунд бизнес эрхлэгчид. Тэд хотын төвөөс холгүй, тав тухтай, боломжийн үнэтэй ажлын байр сонирхдог байна.

Өөрөөр хэлбэл, худалдан авагчдын санхүүгийн чадамж болон барилгын компаниудын нийлүүлэлтийн хооронд үнийн цоорхой үүсчихээд буй нь энэ.

Оффисын зах зээл нь эдийн засгийн өсөлт даган, өгсөж, урууддаг. Ялангуяа, Улаан - баатарын шигтгээ болсон А зэрэглэлийн, шилэн оффисуудын нийт эрэлтийн 50 хувь нь аль нэг хэлхээгээр уул уурхайн салбартай учиг холбогдож байдгийг шинжээчид онцолж байгаа юм. Тиймээс 2017 оны сүүлчээс уул уурхай, макро эдийн засгийн идэвхжил дээшилснээр оффисын зах зээлд ч сэргэлт ажиглагджээ. Нийслэлд жилд дунджаар албан тасалгаа хайсан 1100 орчим аж ахуйн нэгж шинээр нэмэгддэг. Ам метрээр тооцвол 50-60 мянган ам метр ашигтай талбайн эрэлт хэрэгцээ үүсдэг гэсэн үг. Мөн одоогоор оффис түрээсэлж буй дотоодын компаниудын 40 орчим хувь нь албан байрандаа сэтгэл ханамжгүй байдаг нь тогтоогджээ. Үүнээс үзэхэд, ирэх жилүүдэд ч оффисын зах зээлийн эрэлт огцом биш ч тогтвортой өсөх төлөвтэй. Ойролцоогоор жилд найм давсан хувиар тэлэх таамгийг үл хөдлөх хөрөнгийн компаниуд танилцуулж байна.

Тэгвэл хэрэглэгчид ямар оффис хүсэж байна вэ. Энэ асуултад дотоодын аж ахуйн нэгжүүд байршлыг хамгийн чухалд тооцдог гэж хариулсан байна. Ялангуяа, Улаанбаатарын бизнесийн уур амьсгалын холгүй хэсэгт оффис түрээслэх болон худалдан авах сонирхолтой байна. Харин үүний араас үнэ, зэрэглэл, автомашины зогсоол зэрэг хүчин зүйл жагссан байна.

Хэрэв хэрэглэгчдийн тавьж буй эдгээр босгын аль нэгийг даваагүй бол аливаа оффисын барилга эдийн засгийн эргэлтэд амжилттай орох магадлал багасдаг гэж “Тэнхлэг зууч” компани мэдээллээ. Үүнээс гадна сүүлийн жилүүдэд хөрөнгийн менежмент хэмээх хүчин зүйл чухалд тооцогдох болжээ. Ер нь эдгээр хүчин зүйл тухайн оффисын өнөөгийн төдийгүй ирээдүйн үнэ цэнийг тодорхойлохоор байна.

Улаанбаатар хотын дүүргүүд дэлхийн томоохон хотуудын жишгээр төрөлжиж эхэлсэн нь үл хөдлөх хөрөнгийн салбарт өөрчлөлт дагуулж байгаа юм. Тухайлбал, байршил банк, төрийн үйлчилгээ, худалдаа зэрэг нь төвлөрснөөр ирээдүйн бизнес болон санхүүгийн дүүргийн өнгө төрх улам тодорч эхлээд байна.

• Аж ахуйн нэгжүүд өмнө нь аль болох хотын төв цэгт байрлах гэж зүтгэдэг байсан бол одоо үүнээс 0.5- 1 километрийн радиусын зайд байр авахад бэлэн байна. 

• Улаанбаатарын шигтгээ  болсон А зэрэглэлийн, шилэн оффисуудын нийт эрэлтийн 50 хувь нь аль нэг хэлхээгээр уул уурхайн салбартай учиг холбогдож байдаг. 

• Улаанбаатар хотын дүүргүүд дэлхийн томоохон хотуудын жишгээр төрөлжиж эхэлсэн нь үл хөдлөх хөрөнгийн салбарт өөрчлөлт дагуулж байна.

Бизнесийн дүүрэг болж төвлөрөхийн хэрээр энэ төрлийн үл хөдлөх хөрөнгийн үнэ цэн автоматаар өсдөг зүй тогтлыг дэлхийн томоохон хотуудаас харж болох юм. Түүнчлэн оффисын зах зээл манайд нэг оронтой тоонд өсөж буй бол 2018 онд оффисын зах зээлийн эрэлт Ази, Номхон далайн бүсэд 24 хувиар өссөн байна. Харин АНУ-д таван хувиар тэлжээ.

ЗГМ: ТОДРУУЛГА

Автомашины зогсоолгүй оффис борлогдох боломжгүй

“Мастер пропертис” компанийн ерөнхий захирал Ц.Дашцэрэнгийн ярилцлагыг хүргэж байна.

-Оффисын зах зээлийн энэ оны төлөвийг хэрхэн төсөөлж байна вэ?

-Өсөлттэй жил болох дүр зураг бууж байна. Ялангуяа, хэрэглэгчийн шаардлага хангасан оффисын түрээсийн талбайн дүүргэлт 80-аас дээш хувьтай байна. Энэ бол эерэг үзүүлэлт. Мөн түрээсийн талбайн үнэ өсөж буй. Ер нь манайд оффисын байрны түрээсийн үнэ харьцангуй өндөр буюу хөөстэй байдаг. Гэсэн ч үнэ ханш нь өсөж буй нь эдийн засгийн идэвхжлийг харуулж буй нэг хүчин зүйл. Харин оффис худалдан авах эрэлт нэмэгдэх төлөвтэй байна. Ялангуяа, аж ахуйн нэгжүүдийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан оффисын эрэлт өсөх болов уу гэж харж байна.

-Тэгвэл борлуулалтгүй оффисын талбай тоо болон хэмжээ өмнөх жилүүдэд нэмэгдсэний шалтгаан юу вэ?

-Ер нь оффисын зах зээлд хөрөнгө оруулагчид болгоомжтой ханддаг. Шинэ төслийн тоо нь орон сууцтай харьцуулахад цөөн гэж хэлж болно. Оффисын нийлүүлэлт талаас нь харвал А зэрэглэлийн буюу хотын төвийн бизнесийн дүүрэг дэх албан тасалгааны үнэ өндөр байдаг. Энэ нь ч учиртай. Яагаад гэвэл, энэ төрлийн үл хөдлөх хөрөнгийн үнэ цэн ирээдүйд өсөх хүлээлт өндөр байдаг учраас түүнийг борлуулах сонирхол бага байдаг. Мөн энэ төрлийн оффисуудыг харьцангуй санхүүгийн чадамжтай хөрөнгө оруулагчид эзэмшдэг учраас амархан борлуулаад байдаггүй. Ам метрийн үнэ нь ч 3000 ам.доллар болон түүнээс дээш байдаг.

Харин үүнээс доош зэрэглэлийн буюу орон сууцны хорооллуудын дунд байрласан, B болон С зэрэглэлийн оффисын барилгын дийлэнх нь хэрэглэгчийн тавьж буй гол шаардлагыг хангахгүй байна. Тиймээс амжилттай борлуулах магадлал бага байгаа юм.

-Тэгвэл дотоодын компаниуд оффисын барилга түрээслэх болон худалдан авахдаа ямар шаардлага тавьж байна вэ?

-Сайн мэдээ гэвэл Монгол Улсын дунд түвшний компаниуд харьцангуй хурдтай өсөн дэвжиж байна. Энэ хэрээр эрэлт нэмэгдэх нь тодорхой. 10 жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан, эдийн засгийн хямралын үед ч татвараа зогсолтгүй төлж буй 30 мянган аж ахуйн нэгж Монголд байгаа. Эдгээр компани өдгөө ажлын байр авах болон түрээслэхдээ олон улсын стандарт руу дөхсөн, ахисан түвшний шаардлага тавьж эхлээд байна. Энэ бол сайн дохио. Ирэх жилүүдэд ч дотоодын компаниуд дэлхийн чиг хандлагыг дагасан буюу илүү чөлөөтэй, ажлын бүтээмжийг дэмжсэн барилгуудыг түлхүү сонирхох болов уу. Харин уламжлалт хэв шинжийг агуулсан оффисын хэрэгцээ зах зээлээс шахагдана.

-Барилгын компаниуд өмнө нь автомашины зогсоолыг нэмэлт зардал гэж үзэн, төсөв, төлөвлөлтөөсөө хасдаг байсан. Одоо энэ хандлага өөрчлөгдсөн үү?

-Энэ хандлага зайлшгүй өөрчлөгдөх ёстой. Ер нь автомашины зогсоолгүй оффис борлогдох боломжгүй. Өөрөөр хэлбэл, энэ шалгуур оффис худалдан авахад тавьж буй үндсэн дөрвөн шаардлагын нэг болсон. Үүнээс гадна байршил чухалд тооцогдож байна. Өмнө нь аж ахуйн нэгжүүд аль болох хотын төв цэгт байрлах гэж зүтгэдэг байсан бол одоо үүнээс 0.5-1 километрийн радиусын зайд байр авахад бэлэн байна. Хоёрдугаарт, үнэ болон төлбөрийн нөхцөлд анхаарал хандуулж байна. Хэрэглэгчдийн дийлэнх нь ам метр нь 2.5 -3.5 сая төгрөгийн үнэтэй оффисыг арилжааны банкны 10-15 жилийн хугацаатай зээлээр авах хүсэлтэй байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Дэлхийн эдийн засаг энэ долоо хоногт инфляцаа шалгана

 0 сэтгэгдэл