A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1582/

Төрийн албаны завхралд “онц” дүн тавья

Төрийн албан хаагчдаас ур чадвар биш диплом шаардаж буй нь завхрал

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1582/


Төрийн албан хаагчдын хувьд өнгөрсөн долоо хоног энэ жилийн хамгийн сэтгэл түгшээсэн хар өдрүүд болж өнгөрлөө. Засаг төр ганхсан энэ өдрүүдэд салбарын сайдаас эхлээд газар, хэлтсийн дарга төрийн байгууллагын мэргэжилтэн, жолооч, манаач хүртлээ ажлаасаа халагдах вий гэж сэтгэл зовнин нойроо хугаслав бололтой. Харин зарим сэргэлэн нь шинэ Засгийн газартай болчихвол яажшуухан албан тушаал ахих вэ гэж толгойгоо гашилгав. Үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж буй төрийн албан хаагчдыг харахад нэн өрөвдөлтэй. Сайд нь уналаа л бол түүнийг дагаад салбар нь бужигнадаг ийм байдалтай бид нэгэнт эвлэрсэн. Дээр нь эдгээр өдрүүдэд мөн төрийн албан хаагчийн шалгалт явагдаж, өөрийн чадлаар биш, улс төр, намын “лифт”-ээр өргүүлсэн нь шалгалтдаа уначих вий хэмээн айж түгшин өнгөрөөв. Энэ бүх үйл явдал Монголын төр хэн нэгэн нь хүчтэй “үлээхэд” л ганхдаг, хэврэг гэдгийг олон дахин нотолсоор. 

Нэгэн даргын эхнэр музейн захирал болох гээд өрөө нь таалагдаагүйн улмаас больсон гэх инээдтэй атлаа эмгэнэлтэй тохиолдлыг нийгмийн сүлжээнээс олж уншлаа. Зүгээр л гоё өрөөнд суугаад, дарга сэтэр зүүгээд, дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх хүсэлтэй эхнэрт өрөө таалагдаагүй нь тэр музей, музейн ажилчдын хувьд ямар их аз завшаан болоо вэ. Ер нь төрийн албанд ороод ажил хийлгүй цалин авъя гэж биеийн амрыг хардаг нь олон болсон. Ямартаа хувийн компанийн захирал нэг танил маань төрийн албанд олон жил ажилласан, туршлагатай эмэгтэйг ажилд авсан чинь өглөө ажил эхлэхэд нүүрээ будсаар цайны цаг хүргэдэг бөгөөд цайны цагаа нэг байтугай хэд хэдэн цагаар хэтрүүлдэг “төрийн албаны” муу зуршилтай ажилтантай болсноо толгой сэгсрэн ярьсан. Ер нь төрийн албанд ороод ажлаа сайн хийе, амжилт гаргая гэж зүтгэж байгаа хүнийг ажлын үр дүнг нь харалгүй зүгээр л тийм сэтгэл гаргасных нь төлөө шагнамаар болчихжээ. Хэрэв ажлыг яаж цалгардуулж, завхруулж болдгийг харуулах уралдаан зарлавал төрийн албаныхан лав манлайлж, онц дүнгээр шагнуулах байлаа. 

Төрийн албанд ороод карьер хөөнө гэвэл хэн нэгэн даргын араас цүнхийг нь бариад гүйх хэрэгтэй гэдэг нь амьдрал дээр батлагдсан. Түүнээс биш хэчнээн сайн ажиллалаа ч ур чадвар, хичээл зүтгэлээ үнэлүүлж чадахгүй, улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж хэзээ ч халагдаж мэдэх учраас цалин авч, цаг өнгөрөөх нь харин ч зөв мэт. 

Угтаа бол төрийн албан хаагч гэдэг татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж, төрийн ажлыг залгуулж байгаагийн хувьд хамгийн хариуцлагатай, мэргэшсэн хүн байх ёстой. Олон улсад ч төрийн өндөр албанд салбартаа олон жил ажиллаж, албан тушаалын шатыг алгасалгүй алхаж, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг томилдог мэрит зарчим хэрэгждэг.

Төрийн алба тогтворгүй учраас карьер хөөх боломжгүй


Тухайлбал, төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд сул орон тоо гарвал төрийн албан хаагчдаас эсхүл нөөцөд байгаа иргэдээс тусгай шалгалт авдаг. Мөн хувь хүний мэдлэг, боловсрол, туршлага, ажлын гүйцэтгэлд тулгуурлан шагнал урамшуулал олгох, албан тушаал дэвшүүлдэг зарчим юм. Хэрэв энэ зарчмыг төрийн албанд эртхэн нутагшуулж чадсан бол улс орны хөгжил хэдэн шат ахисан байх байлаа. Мерит зарчим нь АНУ-аас гаралтай бөгөөд азийн орнуудаас Өмнөд Солонгос, Японд хамгийн сайн баримтлан, хэрэгжүүлдэг. 

2010 онд төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах, мэрит зарчмыг баримталдаг болох хуулийн төсөл санаачилсан байдаг юм. Хуульчид, улс төр судлаачид олон улсын энэ жишгийг нэвтрүүлэх ёстой гэж найман жил ярьсны эцэст ирэх оны зургадугаар сараас хэрэгжихээр болсон. Гэхдээ энэ хуулийн хэрэгжилтийг хангах газар нь төрийн албаны зөвлөл. Төрийн албыг тогтвортой байлгаж, мэргэшсэн, чадварлаг албан хаагчдаар хангах үүрэгтэй тус зөвлөлийн өнөөдрийн ажлын үр дүнг харчих л даа. Өнгөрсөн долоо хоногт болсон төрийн албан хаагчдаас авсан шалгалтаар нэгэн агентлагийн албаны даргыг удирдахуйн чиглэлээр сураагүй гэж оноог нь хасаж, удирдлагын академид сурах үүрэг, даалгавар оноожээ. Угтаа диплом бол ур чадварын гол шалгуур биш. Тэгээд ч удирдах арга барил, ур чадварыг дипломоос илүү олон жилийн туршлага, хувь хүний зан чанараа хөгжүүлж байж эзэмшдэг. Салбартаа хэчнээн олон жил ажилласан, ямар амжилт гаргасан нь ч удирдлагын академийн диплом өвөртөлсөн хүний дор л орох нь байна шүү дээ. 

Өмнө нь төрийн албаны зөвлөлийг татан буулгаж байж төрийн албыг цэгцлэх ёстой хэмээн нэг хэсэг шуугьж байгаад намжсан.

• Засаг төр ганхсан өдрүүдэд сайдаас эхлээд төрийн байгууллагын жолооч, манаач хүртлээ ажлаасаа халагдах вий гэж сэтгэл зовнин нойроо хугаслав бололтой. 

• Ирэх оны зургадугаар сараас мэрит зарчмыг баримтлах хууль хэрэгжиж эхэлнэ. 

• Мерит зарчим нь АНУ-аас гаралтай бөгөөд Азийн орнуудаас Өмнөд Солонгос, Японд хамгийн сайн баримтлан, хэрэгжүүлдэг.

Цочроо авч, ажлаа сайжруулбал сайжруулах хугацаа өнгөрлөө. Гэтэл бас л хууль бусаар шүүхийн эрүүгийн хэргийн ерөнхий шүүгчийг томилсон гэх дуулиан дэгдлээ. Энэ бол төрийн албаны зөвлөл улс төр, намын нөлөөлөлд чанга хүлэгдсэн байгаагийн илрэл. 

Ашиг хуваарилах тогтолцоотой өнөөгийн төрийн албыг цэвэрлэе, тогтвортой байлгая, төрийн залгамж халааг хадгалъя гэвэл хууль нь бэлэн болчихоод байна. Харин үүнийг хэрэгжүүлэхийн тулд шинэчлэлийг төрийн албаны зөвлөлөөс эхлэх ёстой. Төрийн албыг улстөрчдийн бялууны үйрмэг мэт тарааж буй энэ байгууллагын ажил, тайлан руу өнгийвөл өнөөгийн төрийн албаны завхрал, задгайрлын уг үндэс харагдах вий.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Шүдний төв иргэдэд дугаар тараахгүй байна

Үзлэгийн цагийг нэг өдрийн өмнө олгодог болно

 0 сэтгэгдэл


Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв буюу шүдний төв таван жилийн турш сарын 22 сая төгрөгийн төлбөртэй түрээсийн байранд үйл ажиллагаа явуулсны эцэст саяхан шинэ байртай  болсон. Шинэ байрандаа ороод сар гаруй болж буй тус төвийг бид зорьж очлоо. Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 33 дугаар сургуулийн зүүн урд зургаан давхар шилэн барилгын үүдэнд энэ сарын 24-н хүртэл үйлчилгээ үзүүлэх дугаар тараахгүй гэсэн зар наасан байв. Түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байхад иргэд гадаа нь дугаарлаж хонодог байсан. Гэтэл шинэ байранд ороод ч бас л чирэгдэл ихтэй хэвээр байна гэж иргэд хэлж байлаа. Дугаар тараахгүй гэсэн зарыг харсан иргэд урамгүйхэн буцаж байгаа харагдав. Хүүхдийнхээ шүдийг үзүүлэхээр ирсэн эмэгтэй 20 хоногийн өмнө цаг авсан тухайгаа хэлсэн бол өөр нэгэн эмэгтэй заавал долоо хоногийн өмнө ирж дугаар авдаг гэв. 

Бид энэ талаар тус төвөөс тодруулахад “Шинэ байрандаа орохын тулд өмнө нь цаг авсан хүмүүсийн үзлэгийг хойшлуулсан. Мөн өнгөрсөн долоо хоногт төвийн байр -80 С-90 С хэмтэй, эмч, ажилчид осгохоор хүйтэн байсан учраас барилгын гүйцэтгэгч компани болон ажилчид нийлээд байраа дулаалсан. Үүнээс болж эмч нар үзлэгээ гүйцэхгүй байгаа тул энэ сарын 24-н хүртэл дугаар тараах боломжгүй байгаа.  Харин үүнээс хойш бид дугаар тараах, үзлэг хийх цагийг шинэ менежментээр зохицуулахаар болсон” гэж хэвлэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Ц.Байгаль тайлбарласан юм. Тэрбээр “Манай төвийн үйлчилгээ чанартай, нарийн мэргэжлийн эмч нартай учраас иргэд үйлчлүүлэх сонирхол ихтэй. Гэвч салбарын сайдын баталсан орон тооны хүрээнд л үйлчилгээ үзүүлдэг учраас ачаалал бага, дараалалгүй байна гэж байдаггүй. Бид өөрсдийн дотоод нөөц боломжоороо л үзлэгийн цагийг зохицуулах гэж хичээж байна. Тухайлбал, цайны цаг байхгүй, үзлэгийн цагийг эмч тус бүр дээр 40 минутаас нэг цагаар сунгасан” гэв.

“Эрүүл шүд, эрүүл хүүхэд” хөтөлбөр хэрэгжвэл ачаалал эрс буурна

Шүдний төвд өдөрт 100-150 хүнд үзлэгийн цаг олгодог. Өглөө 08.20 цагт ажил нь эхэлдэг ч иргэд өглөө 07.00 цагаас дугаарлаж эхэлдэг хэвээр байгаа аж. Өмнө нь энэ байдлыг зохицуулахын тулд утсаар цаг өгч байсан ч үр дүнд хүрээгүй. Нэг хэсэг нь утсаар цаг авчихаад цагтаа ирдэггүй бол зарим нь биеэр ирээгүй байхад нь цаг олголоо, ирсэн хүнд нь л өгөх ёстой хэмээн бухимддаг учраас утсаар цаг олгохоо больжээ. Харин энэ сарын 24-нөөс хойш үзлэгийн дугаарыг төв дээр ирсэн иргэдэд нэг өдрийн өмнө олгохоор болжээ. Ингэснээр иргэдийн хүлээлт багасна гэж тооцсон байна. 

Шүдний төв 72 ажилтантай, үүний 28 нь эмч. Хэдийгээр шинэ байранд орсон ч эмчийн тоо нэмэгдээгүй аж. Нэг эмчийн орон тоо нэмэхэд цалин, үзлэгийн ор, багаж хэрэгсэл шаардлагатай тул аль болох өөрсдийн хүчин чадлаа зөв хуваарилах шаардлагатай болсон гэдгийг эмч нар хэлж байв. 

Тус төв давхар бүртээ хүлээлгийн танхимтай. Үйлчлүүлэгчдийнх нь 60-70 хувь хүүхдүүд учраас шинэ жилийн баярт зориулан саа, бөмбөлгөөр чимсэн байлаа. Ер нь тус төв цаашид хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд түлхүү анхаарахаар зорьж байгаа аж. Хамгийн сүүлийн судалгаагаар хүүхдүүдийн 86 хувь нь шүдний цооролтой, дунджаар нэг хүүхдийн 4-6 шүд цоорсон дүн гарчээ. Хэдийгээр өнгөрсөн хоёр жилд хүүхдийн шүдний цоорол буурч буй ч хангалттай үр дүнд хүрэхгүй байгаа юм. Тиймээс хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шүдний эрүүл мэндийг сайжруулах төсөл хэрэгжүүлэх саналаа нийслэлийн удирдлагуудад илгээсэн юм байна. Гэсэн ч нийслэлийн удирдлагууд хариу өгөхгүй байгаа учраас тус төвийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хоёр кабинет цоожтой байлаа. 

Шүдний төв энэ оны эхний 11 сарын байдлаар 80 гаруй мянган хүнд үйлчлээд байна. Харьяалал харгалзахгүй, эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг учраас тус төвийг зоригсдын тоо буурдаггүй. Харин ирэх онд “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд хувийн эмнэлгүүд хүүхдүүдийг үнэгүй эмчилж эхэлбэл шүдний төвийн ачаалал буурахаар байгаа юм. Ингэснээр шүдний төвийн “шүдний өвчин” болсон урт дараалал арилна гэж тооцжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх үзэгдэл

Ядуурлаа өхөөрдөөд ч байх шиг

 0 сэтгэгдэл


Харьцуулалт дүн шинжилгээ хийлгэх үүднээс жүжгийн зохиомжтой адилтгая. Монголын бүх ард түмэн Бид нэгэн инээдэмт, эмгэнэлт жүжгийн гол дүрд тоглож байна. Харин дэлхийг үзэгчид гээд төсөөлчих. Жүжгийн гол санаа бол гол баатруудад эрх чөлөөг нь эдлүүлэх, зоргоор нь байлгах, юу хүссэнийг нь хийлгэх явдал. Өнөөх хэд маань эдэлж байна аа, хийж байна аа, үзэгчид алгаа нижигнэтэл ташаад л, улам дэвэргээд л байх аж. 

Ийм нэгэн жүжигт бид яг одоо тоглоцгоож байна, ард түмнээрээ.

Үндсэн сэдэв. Монгол маань нэг л өөдөлдөггүй, ямар дайрлага дайрчихсан юм бүү мэд! Эсвэл ямар тахил нь буруу өрөгдчихсөн юм бол бүү мэд! Санаатайгаар, хэний ч албадлгагүйгээр өөрсдийгөө, улс үндсээ, үр хүүхдээ, хойч үеэ сүйтгээд ч байгаа юм шиг. 

Хүн төрөлхтний дунд Монгол гэж нэг улс үндэстэн байх нь байна. Дэлхийн хамтын нийгэмлэгт хүндтэй гэмээр алдар олоод авсан, дэлхийн 187 улстай албан ёсны харилцаатай. Хязгааргүй гэмээр том нутаг дэвсгэрт 84 сая толгой малаа адуулан гуравхан саяулаа аж төрж, хөрсөн дороо хязгааргүй их баялагтай хэмээн алдаршсан, ийм нэгэн улс үндэстэн. Ертөнцөд биднийг тэгж л ойлгодог. 

Гэтэл хүн амын гуравны нэг байнга ядуу дорой, ажилгүй хүн асар ихтэй, ажилд тэнцэх хүн ховортой, байгаль орчин, хот суурин, агаар усаа санаатайгаар бохирдуулдаг, нийслэл нь машинхот болчихсон, ер нь гаднынханд бол тайлж чадашгүй оньсого таавар мэт ийм нэг улс азийн цээжин дээр хахир хүйтэн өвлийг яг одоо туулж явна.

Монгол хүн Та яагаад буруугүй юм бэ гэх “сөрсөн базаа”-г би үргэлж хийнэ

Дэлхий дахин ч бас үгссэн аятай биднийгээ зоргонд нь хаячихжээ. Яагаад зоргонд нь гэж? Монголчууд Зөвлөлтийн дарлалаас гарч, ардчиллыг сонгоод гуч дахь жилийнхээ босгон дээр байна. Энэ хугацаанд дэлхий биднийг тэгэхээс тэгэх гэж дураар нь дургиулж, дунд чөмгөөр нь жиргүүлж, ёстой тэгээд хаа хүрдэг юм түүнийг нь үзье гэсэн шиг аашилсан мэт. Монгол хүний мөс, ур чадвар, ур ухаан, ухаарал, тэнэглэлийг эцэст нь тултал харъя гэсэн шиг дургиулаад л.

Өнөөг хүртэл зөвлөлтүүд зааж зааварлаад, хүчлээд ч атугай Монголыг 70 жил аваад ирсний шанд эрх чөлөөг нь бэлэглүүлж, ардчилал, зах зээлийг сонгуулж, эцэс төгсгөлгүй дураар нь дургиулж байгаа нь тэр юм. Зааж зааварлах нэг ч гадаад “эзэн”-гүй, хувь заяаг нь өөрсдөд нь даатгаад орхижээ. 

Гэвч үр дүн нь дан муу үзүүлэлт. 1.5 сая гаруй ам.км хавтгайдаа тархан суугаад хөгжил дэвшилд хүрэх замаа жигдлэх нь үү хэмээн хартал байдаггүй. 28 жилийн турш төв рүүгээ их нүүдэл хийж, нийслэлээ утаанд хордуулаад, хөрс, ус, агаар, орчин нуль хор, хордлого. Одоо ч сэхэл авахаасаа өнгөрсөн. Улаанбаатар хотоо монголчууд өөрсдөө тартагт нь тулгаж, сөнөөтөл нь дэлхий ажиглаад суучихсан аятай. 

Улс үндэстний гол баялаг болох нийслэлийн хүн ард нь эдгэшгүй архаг өвчинд нэрвэгдсэн. Уушигны эмнэлэг олныг бариарай хэмээн гадаадын нэг нөхөр ятгаж байсан нь санаанд бууж байна. Бид өөрсдийгөө хэний ч оролцоогүй тамлаж байгаа хэлбэр нь энэ юм. Монголчуудыг тэгэхээс тэгэх гэж эцэс төгсгөлгүй дураар нь дургиулж, дунд чөмгөөр нь жиргүүлж, ёстой тэгээд хаа хүрдэг юм түүнийг нь үзье гэж байгаа бол нийслэлийн үнсэн хөх энэ их утаа униар, үнэр танар, гэр хорооллын тамын амьдрал, эмнэлгүүдийн ачаалал, замын түгжрэл нүднээ ил байна. Улаанбаатар маань дэлхийн хот байгуулалтын гашуун, муу сургамжийн томхон жишээ болон олон улсад мөнхрөв өө, хөөрхий. 

Ардчиллын жилүүдэд ганцхан чигт буюу нийслэл рүүгээ хэт их тунгаар нүүдэллэжээ. Их нүүдлийг зогсоодог ид шидтэй эрх баригч, улстөрч ганц ч заяасангүй. Хөдөө нь эзгүйрсэн, хүн тогтохоо больсон, уламжлалт малчид нь хөгширсөн. Ингээд Монголын хөдөө хаягдсан нь 28 жилийн үр дүн. Гадаадынхан гайхаад ч, учрыг нь тайлж үл чадна. Төвлөрлийг сааруулах нэртэй хэдэн төсөл сургалт хэлбэрээр хэрэгжсэн ч нэг чихээр ороод нөгөө чихээр нь гараад явчихсан. Усан тэнэг л биш бол төв суурингаас буцаж нүүнэ гэж гонж. 

Ардчиллын үнэт зүйлс, үзэл санааг нэвтрүүлж, төр засгаа сонгоод, чөлөөт сонгуулиараа гялалзаж байна уу гэтэл тэр бас байдаггүй. Монголчуудыг тэгж ингэж сонго гэсэн гаднын ямар ч зааваргүйгээр сонгуулиа явуулдаг ч эцэст нь ард түмэн улс төрөөс баахан залхаж, зүрхшээж, эрх баригчдаа үзэн ядсан үр дүнтэй байна. Гол нь тэр олон ардчилсан сонгуулийн монголчуудад өгсөн үр дүн тун бага, ядуурал, ажилгүйдлийг шийддэггүй учраас ард түмний залхалтыг хүлээн зөвшөөрч байна. 

Зах зээлд чөлөөтэй шилжих эрхийг нь өгчихсөн, бас дураар нь дургиулсаар өнөөг хүргэжээ. Зах зээл рүү яаж шилжиж, зах зээлийн ямар нийгэм байгуулдаг юм бол гэдгийг эцэст нь тултал үзэхээр даян дэлхий шийджээ. Тэгэхээс тэгэх гэж ёстой дураар нь дургиулж, дунд чөмгөөр нь жиргүүлж, юу дуртай есөн хүслийг нь биелүүлж зоргоор нь байлгалаа. Өмнөд хөршөөсөө барагдахгүй их бараа, бүтээгдэхүүн авчраад нийслэлийнхээ дэлгүүрүүдийг чигжтэл дүүргэлээ. Араас нь тасралтгүй зөөсөөр л байна. Ийм мөчлөг 28 жил үргэлжилжээ. Худалдан авагч байхгүй. Гол нь худалдан авагчдад нь мөнгө байдаггүй, гэтэл зөөгөөд байдаг, зөөгөөд л байдаг. Заавал зөөнө, заавал бараагаа зарна гэж зүтгээд, тэмцээд байдаг. Нийслэл маань дэлгүүр лангууны хот болж хувирав аа. Бараа сахисан, худалдан авагч хүсэн хүлээсэн хэдэн түмэн худалдагчтай боллоо. Орлого ашиг гэхээсээ дан гарлага, зарлага, улсад бол ямар ч хэрэггүй, ийм нэг лангуун хоттой болчихоод байж байна. Дураараа дургисаар хүрсэн нэг үр дүн нь энэ. 

Хийж бүтээснээ экспортолно гэдэг ойлголт ихэнх монгол тархинаас арчигдчих шиг боллоо. Үйлдвэрлэж, боловсруулж, нэмүү өртөг шингээж байж ашиг өгнө, тэгээд цалин нэмнэ гэдгийн эсрэг явцгаалаа, дуу нэгтэй. Ерөөсөө бэлэн байгаа “юм”-аа л тэр “бэлэн”-ээр нь хөршүүд рүүгээ зөөчихье. Одоо бол урд хөрш рүү “урсаж” байна. тэр “бэлэн юм” нь тавантолгойгоос ухаад гаргаад ирсэн нүүрс. Ямар азаар хятадтай залгаа хилийн бүсээс тэр нь олдсон юм, бурхандаа л залбирахаас.

Албаны мэдээ:
“Тавантолгойд нүүрс тээвэрлэдэг жолооч нарын гэр бүл, Монголын эрчүүдийн хөгжлийн нийгэмлэг хамтран сэтгүүлчдэд мэдээлэл хийжээ. Тавантолгой-Гашуун сухайт чиглэлд одоогоор 160 компанийн нэр дээр 13 мянган жолооч нүүрс тээвэрлэдэг. БНХАУ-д нүүрсээ хүргэх урт дараалал хэдэн арван км үргэлжилнэ. Үүнээс болж жолооч нар шатахуунаа барж, сэтгэл санааны гүн хямралд ордог. Хамгийн хүнд нөхцөлд нүүрс тээвэрлэж, ар гэрээ тэжээхийн төлөө зүтгэж яваа. Тэр бүү хэл архинд донтож, осолд орж, гэмт хэрэг үйлдэж, амь насаа алдсан золгүй тохиолдлууд ч гарах болжээ” гэжээ.


• Боловсролын салбар унасан уу, сэхсэн үү, сэхсээр яваа юу, бүр дампуурч байна уу, би ер ойлгохоо больсон. 

• 1990 онд нурж эхэлсэн энэ эх орон бүрэн нурсан, одоо арай чүү босгож байна. Даанч удаан.

• Зах зээл рүү яаж шилжиж, зах зээлийн ямар нийгэм байгуулдаг юм бол гэдгийг эцэст нь тултал үзэхээр даян дэлхий шийджээ.

Зах зээл хөгжүүлж байна гэж дураараа дургисаар хүрсэн үр дүн нь энэ л дээ. Хөөрхий 13 мянган эрчүүдээ зольчихжээ. Гэхдээ нэг логик байна. Тэднийг тэгж зов гэж, элсэн дунд харангадаж яв гэж хэн ч албадаагүй, хэн ч хөөж явуулаагүй, хэн ч дарамтлаагүй. Бас буу тулгаж жолооны ард суулгасан нэг ч тохиолдол байхгүй юм билээ. Өөрсдөө өөрсдийгөө тамлаж байгаа хэлбэр нь тэр юм. Монголчуудын ингэж зовохыг дэлхий харахыг хүсээгүй нь л лав. Гэвч дураар нь хаясны гор нь энэ болов уу? 

Хатуухан хэлбэл, Монголхятадын албан ёсны худалдааны дүр төрх байж байгаа нь энэ. Уул уурхайн салбараас төсвийн орлогын дийлэнхийг (90 хувь) бүрдүүлдэг манай улсын экспортын ихэнхи нь угаагаагүй, шороотойгоо ачигдан хэдэн арван км цуваа туулдаг тэр түүхий нүүрс юм. Ажил хэрэгчээр хамтран ажиллахын оронд бэлэн байгаа “юм”-аа зарж, солиод, түр зуурын ашиг “олохчоон” болоод дуусгана. Юун чөлөөт өрсөлдөөн, илүү ашиг! 

Нүүрс гэлтгүй бусад түүхий эд, өөр юу ч байсан бүгд л нэг иймэрхүү байгаа. “Эмээлт” захын ойролцоо малын бойн дээр мах овоорч, тэр нь өмхийрч, дотоодын махны үнийг тэндхийн хятад эзэд тогтоодог тухай зурагтаар бишгүй ярина лээ. Зах зээлд шилжсэн монголчууд өөрсдөө эрх мэдлээ өгчихсөн болохоос хятадууд дураараа дайрч орж ирээд эзэн суучихсан хэрэг ерөөсөө биш. Дураараа дургисаар нэг мэдэхнээ өөрсдийгөө, эх орноо, адаглаад махны зах зээлээ хүртэл тийм байдалд оруулчихсан. Арьс шир, ноосны зах зээл ч мөн иймэрхүү байгаа гэж сонссон. Монголын авилгачдын зах зээлд шилжиж байгаа царай нь энэ. ингээд эцэс төгсгөлгүй байнгын алдагдалтай эдийн засаг, алдагдалтай худалдаа урсана. 

Монголчуудад ардчилал амлуулж өгчихөөд тэгэхээс тэгэх гэж дураар нь дургиулж, дунд чөмгөөр нь жиргүүлж, тэгээд хаа хүрэх нь үү түүнийг нь үзье гэсэн нэг том салбар бол боловсрол. Унасан уу, сэхсэн үү, сэхсээр яваа юу, бүр дампуурч байна уу, би ер ойлгохоо больсон. Энэ салбарт ямагт хэтрүүлэг, туйлшрал нүүрлээстэй. Их дээд сургуулийн тоо 200 руу дөхсөнийг тэр үед гурван сая хүрээгүй байсан хүн амдаа хуваавал дэлхийд цойлсон үзүүлэлт гарсан. Гэтэл улсаараа нэг ажилгүй, ажилд тэнцэхгүй ромботонгуудтай болж авлаа. Гуравхан сая хүн амтай улс оронд хэдэн арван жилдээ бэлтгэхгүй ч хүрэлцэхээр “мэргэжилтэн”-үүдтэй болж авсан. Араас нь конвейроор үйлдвэрлэсээр л байна. Социализмын үед гадаад хэлтэн байтугай, орос хэлтнийг төрийн хатуу бодлогоор бэлтгэж, тэтгэж, тэр хэрээр мэргэжилтнүүд нь үнэ хүндтэй байсан. Гэтэл одоо Монгол Улсад гадаад хэлтэн дүүрсэн ч үр дүн нь улс орныхоо хөгжилд очиж огт наалддаггүй. Ядуурал, ажилгүйдэл нь байсаар л байдаг, гадаад хэлний сургалт зэрэгцэн цэцэглээд л. Зарууд дүүрэн.

Өнөөх жүжигт маань тайлал төгсгөл гэж байдаггүй. Дургиулаад л, алга ташаад л. Дургиж дургисны гол үр дүн нь ажилгүйдэл, ядуурал. Үүндээ дарлуулаад улс эх орон маань босч өндийж чаддаггүй ээ. Хамгийн аймшигтай нь дундаж давхаргаа устгачихаж. Дундаж давхарга нь баян, ядуу давхаргадаа хамаг байдгаа алдаад дууссан. 1990 онд нурж эхэлсэн энэ эх орон бүрэн нурсан, одоо арай чүү босгож байна. Даанч удаан. 

Социализмын үед Зөвлөлтийн зээл тусламж, мөнгөний гачаалын яриа тасардаггүй байтал өнөө өр тавиулдаг СССР нь нурж уначихаад байхад дахиад л зээл тусламж, мөнгөний гачаал, нэг хүнд ногдох асар их өрийн тухай яриа 28 дахь жил дээрээ тасралтгүй үргэлжилсээр. Үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын амны уншлага, тархины эмгэг, хойшдоо ч байнга ярих төлөвтэй. Улс орныхоо доройтол, ядууралд улстөрчид нь харилцан хэдэн биенээ яллана. Тэгэхлээр улстөрчид л буруутай, цаад ядуурсан хүнд өчүүхэн ч буруу байхгүй. Бүр сүүлдээ ядуурлаа өхөөрдөөд ч байх шиг. Ядууст хайртай дүрд 28 жил тоглоцгоолоо. Цаашид ч тоглоцгоох болно. Гэсэн ч ядуурал нь арилахгүй, ойрын хэдэн жилдээ. Төр буруутай гэдэгтэй би маргадаггүй, харин 100 хувийн буруу тохохын эсрэг дуугардаг. Хувь хүн, монгол хүн та яагаад буруугүй юм бэ гэх “сөрсөн базаа”-г би үргэлж хийнэ.

Бид өөрсдийгөө хэний ч оролцоогүй тамлаж байгаа хэлбэр нь энэ

Лойх, лоймол, лойно гэж хорон үгс дээхнэ их яригддаг байсан. Одоогийн залуус бол мэдэхгүй. Арчаагаа алдах, тартагтаа тулахыг нь тэгж хэлдэг байсан даа. Өнгөрсөн 28 жилд монголчуудыг тэгэхээс тэгэх гэж дураар нь дургиулж, дунд чөмгөөр нь жиргүүлж, ёстой тэгээд хаа хүрдэг юм үзье гэж хандсаны гайгаар ард түмэн маань бүхэлдээ лойчихоод байна. Бүтээдэг баялаг байдаггүй, байдаг бол тэр нь ард түмэндээ огт нялздаггүй. Мөнгө байдаггүй, мөнгө тогтоодоггүй, юу ч хүлээн авахад бэлэн нээлттэй гэнэн ард түмэн байж л байдаг. Өөрөө өөрийгөө устгахад ч бэлэн юм шиг. Хүн бол 50 хувь биологийн амьтан, 50 хувь нийгмийн амьтан. Харин монголчуудын биологийн амьтны шинж хэт их тунгаар хөгжөөд улс орон маань годройтож унасаар, бид дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсээр ёроол руугаа нэг очих байх даа?

A

Жижиг

A

Дунд

A

Том

Б.Зангад: Хийх бүтээх урам өгсөнд баярлалаа

 0 сэтгэгдэл


Нийслэлийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан, салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан Монголын Урлагийн ажилтны холбооны нарийн бичгийн дарга, МУАЖ Б.Зангад, СТӨ-ний дэргэдэх Эртний сайхан чуулгын гоцлол дуучин, МУАЖ А.Долгор, Монголын DJ, аялагч, олон улс судлаач Ж.Золбаяр нарыг өнөөдөр нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагнав.

Шагналыг НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр нар гардуулан өглөө.

Монголын Урлагийн ажилтны холбооны нарийн бичгийн дарга Б.Зангад “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагнасанд нийт уран бүтээлчдийнхээ өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье. СТӨ-ний 30 жилийн ойн арга хэмжээ саяхан болсон. Энэ ойгоор нийслэлийн удирдлагууд СТӨ-г сэргээн засварлах, үйл ажиллагааг өргөжүүлэн тэлэхэд зориулж 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаад Монголын нийт уран бүтээлчид асар их баярлаж байгаа. Бидэнд хийж бүтээх онгод хийморь, урам хайрласанд баярлалаа” хэмээв.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Онцгойгийнхны зэрэг дэв ахиж, урамшуулал авна

 0 сэтгэгдэл


Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох журам” батлагдлаа.

Журамд алба хаагчдаас жил бүр ерөнхий мэдлэг, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин, сэтгэл зүй, тусгай бэлтгэлийн шалгалт авч, зэрэг олгож байхаар тусгажээ. Мэргэшлийн зэргийг офицер, ахлагчийн гэж ангилах бөгөөд мэргэшлийн III зэргийн шалгалтад Онцгой байдлын байгууллагад таваас доошгүй жил ажилласан, II зэргийн шалгалтад III зэргийг аваад хоёроос доошгүй жил эсвэл Онцгой байдлын байгууллагад наймаас доошгүй жил ажилласан, I зэргийн шалгалтад II зэргийг аваад гурваас доошгүй жил, эсвэл Онцгой байдлын байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан алба хаагч орох эрхтэй хэмээн заасан байна.

Мэргэшлийн зэрэг нь дөрвөн жилийн хугацаатай байх бөгөөд зэргийн нэмэгдлийг тухайн албан тушаалын сарын үндсэн цалингийн 5-15 хувиар тооцож олгох юм.