A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3034/

ТӨР ТРИЛЕММАД ОРОН ГАЦАВ

Монголд хамгийн тохиромжтой хэлбэр нь semi-president буюу хагас Ерөнхийлөгчийн тогтолцоо

ТӨР ТРИЛЕММАД ОРОН ГАЦАВ
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3034/


Трилемма гэдэг нь грек үг бөгөөд гарцгүй, хөдлөх үйлдэлгүй таг зогсохыг хэлнэ. Хэд хэдэн бичил нийтлэлдээ би “зэлтэрийн гацаа” гэж орчуулсан байгаа. Эртний грекийн эх сурвалжид трилеммаг "чигээрээ явбал хөлдөж үхнэ, зүүн тийш явбал морио алдана, харин баруун тийш явбаас амиа алдана" гэсэн байдаг.

УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан ҮХНӨ хэмээх төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцсэн гэх боловч тодорхойгүй (нарийндаа бол маш тодорхой) шалтгаанаар таг зогсов. ҮХНӨ зэлтэрийн гацаанд орлоо.

ҮХНӨ анхнаасаа л буруу тавилттай, мордохын хазгай байсан л даа. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхдээ тулбал Ерөнхийлкөгчийн саналыг заавал авсан байх хуулийн заалттай. Гэтэл тийм саналгүйгээр нэгдүгээр хэлэлцүүлгээ хийсэн. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, ялангуяа шинээр үндсэн хуулийн төсөл боловсруулж, ард олноороо сайтар хэлэлцэн улс орны амьдралд чанарын өөрчлөлт гаргая гэсэн урам зориг ард түмэнд байсан. Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга санаачлан УИХ-д үг хэлэхдээ “суурь шинэчлэл” гэсэн реформын чанартай концепцийг дэвшүүлсэн. Харин үүнийг овжноор ашиглах сэдлээр МАН-ын бүлэг санаачилж 62-ын бүлэглэл гэгчийг албан бусаар байгуулан ҮХНӨ хэмээх төсөл өргөн барьчихав. Өөрөө хуулийн төсөл боловсруулаад өөртөө өргөн барьсан М.Энхболдын хошин үйлдэл давтагдав. аливаа бүлэглэл үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл өргөн барих боломжийг хаасан хуулийн заалтыг ноцтойгоор зөрчив. Сандрахдаа бүлэг дотроо ярилцаад “хуульгүй цааш явчихъя” гэж үгсэн хуйвалдсан нь ил болов. яг тэр агшинд Ерөнхийлөгч төсөл-санал гэгчийг өргөн барьж бүр ч холион бантанг нь хутгаж орхилоо. Уг нь Ерөнхийлөгчийн зүгээс үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар УИХ-ын индэр дээр үг хэлэхдээ суурь шинэчлэлийн концепцийг хэлэлцэхдээ намууд, эрдэмтэн судлаачид, ард олноос маш өргөн саналууд авах тухай аргыг дэвшүүлсэн. Үүнийг нь УИХ анзаараад формат (УБХ ч юмуу) үүсгээд анхнаас нь хамтраад явбал байж болох л байсан. Харамсалтай нь сонгуулийн шоу хийх гэсэн бяцхан амбийц нь үхэлд хүргэв. Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэгч л болж байна. Ядахад яр гэгчээр эфирт цацсан хэлэлцүүлгийн дугаар бүр нь инээдтэй, мэдлэг нимгэнээс болж улайм цайм худлаа ярин цэцэрхцгээж, ард түмний доог тохуу болов. УИХ-ын гишүүд нь одоо мөрдөгдөж байгаа үндсэн хуулиа бүү хэл хэлэлцэж байгаа төслөө ч уншаагүй байв. Энэ тухай сөрөг намын зөвлөлийн лидер маш тодорхой мэдэгдлээ. Аймгуудаар явж ард түмнээр хэлэлцүүлсэн гээд ухуулаад байсан нь ор үндэсгүй худлаа байсныг сөрөг хүчин илчилж, тоо баримттайгаар нотлон шившигтэй нь хутгаж орхив. Гай газар дороос гэгчээр 62-ын бүлгийн анх оруулсан төсөл эцэстээ эзэндээ танигдахын аргаггүй  өөрчлөгдөж, төсөл өргөн барьсан 23 гишүүн бойкот хийж хуралд ирсэнгүй. Намын бүлэг шинэ  ухаан сийлж, УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон 23 суудaлд намын жагсаалтаар мандат олгох заалт оруулж ирцийг түр аргалсан. Гэвч уг заалт дэмжигдсэнгүй унав, дахиад ирцгүй болон хямрав. Ийнхүү ҮХНӨ зэлтэрийн гацаанд орлоо.

ҮХНӨ БАТЛАГДАХГҮЙ, БАТЛАГДСАН Ч АРД ТҮМЭН ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ

Нэгэнт анхны хэлэлүүлгээ хийчихсэн төслийг буцаах аргагүйд хүрэв. Тэр чигт нь зүтгүүлэхээс өөр аргыг олсонгүй, хайсан ч үгүй. Гэхдээ бүх гурван гарц эрсдэлтэй, трилеммад орчихсон гэсэн үг. Чигээрээ явбал батлагдах арга байхгүй. Сөрөг нам төслөөс гарсан, Ерөнхийлөгч энэ хуурамч жүжигт цаашид оролцохоос татгалзсан. Тэгэхээр төсөл царцах нь бүү хэл хөлдөж үхэх нигууртай. Баруун тийш эргэх гарц байгаа. Энэ нь төсөл бэлэн болсныг зарлаад тарах. Гэхдээ ирэх оны сонгуульд бэлдэх гол тактик нь ҮХНӨ дотор суучихсан байгаа гээд дотроо итгэчихсэн гишүүд ийм алхам хийхгүй нь ойлгомжтой. Үлдсэн цорын ганц гарц нь зүүн тийш явах. Өөрөөр хэлбэл ард түмэнд хандаж “санал асуулга явуулья, та нар маань батлаад өгөөч” гэж духаараа шал мөргөн сөгдөж гуйх гарц үлдсэн байна. Энэ ч бас эрсдэлтэй. Нэгд, ард түмэн энэ төслийг батлах уу? Юу л бол. Учир нь ард олны итгэл алдарч, хулгайч, ёс зүйгүй гишүүдийн хийсэн ажил яав ч олигтой юм байхгүй гэж байгаа бололтой. Ер нь л нэлэнхүйдээ тийм байгаа юм билээ. Хоёрт, ерөөсөө л анхнаасаа олон түмнээс нууцалсан, битүүлэг төслийг юу гэж мэдэж батлах юм бэ, тун ойлгомжтой асуудал. Санал асуулгад хүмүүс ирэхгүй байж мэднэ. Хэдэн арван цэцэрлэг барьчих хөрөнгөөр ганцхан асуултад хариу авахыг улсын Ерөнхийлөгч зөвшөөрсөнгүй, нэмэлт асуулт оруулахаар боллоо. Тэр нь төрийн тогтолцооны хэлбэрийг ард түмнээр шийдүүлэх зоригтой алхам юм. Энэ чиглэлээр, жирийн иргэддээ хандан зарим мэдэгдэхүүн хүргэе гэж бодсоноо дор сийрүүллээ.

Дэлхий дээр хаант засаглалтай 17, бүгд найрамдах засаглалтай 189, Ерөнхийлөгчийн засаглалтай, далайн эрх зүйтэй 10 гаруй орон, мөн хэмжээгүй эрхт диспот засаглалтай арабын хэдэн орон байна. Парламент нь засаглалаа оролдог ганцхан орон байдаг байна. Тэр нь арлын нэг улс. Отог омгийн хурлаа парламент гэж тунхаглан бүртгүүлжээ.

Тогтолцоог өөрчлөх дээрээ түлбал манай улсын газар нутгийн байршил, хүн амын нийгмийн ухамсрын түвшинд хамгийн тохиромжтой хэлбэр нь semi-president буюу хагас Ерөнхийлөгчийн тогтолцоо юм.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХАГАС ЗАСАГЛАЛ

Үндсэн хуульд төрийн хар хайрцагны бодлогыг тусгах ёстой

Сонгодог хэлбэрийн парламенттай бүгд найрамдах улсуудаас Ерөнхийлөгчийн хагас тогтолцоог үндсэн хуулиараа тунхагласан орон бол Франц. Ерөнхийлөгчийн хагас тогтолцоог заримдаа холимог тогтолцоо гэдэг. Үүнийг “холимог хуурга” шиг зүйл гэж буруу ойлгоод байх шиг. Ерөнхийлөгчийн болон парламентын систем холилдсон тогтолцоо төдийхнээр л ойлгоод байх шиг санагдана. Гэтэл агуулга нь үнэн хэрэгтээ өөр юм. Энэ бол хосолмол биш, харин ч нэгдмэл удирдлагатай төрийн цогц байгууламж. Орчин үеийн нийгэм зүйд холимог тогтолцоог бүгд найрамдах засаглалын төгс хэлбэр гэж үзэж, улс орнууд реформ хийцгээж байна. Энгийнээр тайлбарлавал, төрийн байгуламжийн хөндлөн ба босоо тэнхлэгийн огтлолцол дээр Ерөнхийлөгч зогсож байх загварыг хэлж буй. Хөндлөн тэнхлэг гэдэг нь парламентын дээд танхим, босоо тэнхлэг гэдэг нь парламентын доод танхим юм. Тэнхлэгүүдийн огтлолцлыг Ерөнхийлөгч нь цэрэг арми, хууль цаазын хүчээр зохицуулж, ард түмний аюулгүй байдал, тав тухтай амьдралыг хангаж байдаг харилцаа аж. Эндээс Ерөнхийлөгч нь гүйцэтгэх засаглалдаа биечлэн тусалж, хамжилцсанаар том эрх эдлэн, парламентын доод танхимд нөлөөлдөг, эргээд дээд танхимын өмнө хариуцлага хүлээдэг давуу талтай юм. Парламент нь ард түмний шууд төлөөллийн дээд танхимтай, хууль боловсруулан барих мэдлэг чадвартай гишүүд бүхий доод танхимтай, хүчтэй Ерөнхийлөгчтэй тогтолцоо бүрдэнэ гэсэн үг. Зарим орны төрийн байгууламжийн жишээг харахуйд улам ойлгомжтой болно.

СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН ҮР ДАГАВАР НЬ ТУЙЛШРАЛ

Дэлхийн улс орнуудын төр ер нь ямар тогтолцоотой байдаг юм бол? гаднын орнуудын төрийн тогтолцоо, засаглалын хэлбэрийн талаар цөөнгүй хүн сонирхож байсан тул үүнийг дурдахаар шийдлээ.

Парламент нь төлөвшсөн, төгс хэлбэрээ олчихсон аль нэг орныг жишиг болгон сонгож дагах нь зайлшгүй. Гэхдээ нэг зүйлийг анхаарах ёстой. Туйлын сайн судалж, Монголын нийгмийн байдал, түүхэн уламжлалт соёл, зорих ирээдүйгээ бодолцож сонгох ёстой байх. Төр Монголд анх үүссэн гэдэг. Тэгвэл энэ түүхэн уламжлалаа сэргээх концепц гаргаж, төрийн хар хайрцагны бодлогыг үндсэн хуулийн preamble (угтлага бичээс) болгон тавьж, төрийн бодлогын залгамж чанарыг хангах ёстой. Энэ талаар нухацтай бодох цаг нь одоо ирчихээд байна. Францын тавдугаар үндсэн хуулийн preamble хэсэг нь яагаад Напелеон бонапардын гаргасан хууль байдаг юм бэ? америк улс яагаад үндсэн хуулиа өөрчилдөггүй юм бэ? бодох л асуудал.

Манай улс НҮБ болон олон улсын конвенцуудын үзэл санааг бүдүүлгээр зөрчиж эхэллээ

Үндсэн хуулийн preamble хэсэг нь eрөнхий зүйл, оршил, малгай үг огт биш. Үндсэн хуулийн агуулгын товчоо ч биш, зүйл анги бүр ч биш. Үндсэн хуулийн preamble нь Монголоор бол үндсэндээ төрийн хар хайрцагны бодлого, төрийн уламжлалт залгамж чанарыг зангидан товчоолсон бичвэр юм. Өдгөө мөрдөж байгаа үндсэн хуулийн гол алдаа нь preamble-г ор тас орхигдуулсан явдал мөн. Үндэсний уламжлалт чанараа үндсэн хуульд орхигдуулсан нь монгол хүн үндэсний соёлын кодоо мартаж, хүн чанараа алдах суурь болсон. Төрийн хар хайрцагны бодлогын үндэсний үзэлтэй холбогдох хэсэг шинэ үндсэн хуулийн толгой хэсэгт preamble болон тусгалаа олох ёстой.

Нөгөө талаас, өнөөгийн төрийн хямралаас гарах арга замаа бодон сэтгэл хөдлөлд автах, эсвэл бусдыг даган дуурайх хандлагаар 70 нөхөөстэй дээл шиг болгож болохгүй. Ийм хандлагын уршиг эргэж нөхөгдөхгүй гэдгийг анхаарууштай.

ДЭЛХИЙН ОРНУУДЫН ТӨРИЙН ТОГТОЛЦОО

Дэлхийн бүх орны төрийн байгууламжийг хоёр хэлбэрт хуваадаг. Хаант засаглалтай 30 орчим орон бий бол үлдсэн нь бүгд найрамдах улсууд юм. Монгол Улс хаант засаглалтай байсан ч 1924 энэ тогтолцоог халсан. Мэдээж өнөөдөр эргээд хаант засаглал тогтоох боломж, нөхцөл байхгүй. Гэхдээ төрийн уламжлалт чанарыг хадгалах, хууль цаазын уламжлалыг сэргээх зорилгоор шинээр боловсруулах үндсэн хуульд төрийн хар хайрцагны бодлогын зарим агуулга тусгалаа олох ёстой гэдгийг дахин дахин сануулъя!

Бүгд найрамдах засаглал улс орнуудын хувьд Ерөнхийлөгчийн болон парламентын гэсэн хоёр хэлбэртэй байдаг гэж монголчуудад ойлгуулчихсон юм шиг. Үнэн хэрэгтээ бол эх газрын эрх зүйтэй улс орнуудад Ерөнхийлөгчийн засаглалтай улс гэж байхгүй. Харин Ерөнхийлөгчпарламентын эсвэл Парламент-Ерөнхийлөгчийн холимог засаглалтай орнууд л бий. Далайн эрх зүйтэй улсуудад Ерөнхийлөгчийн, эсвэл туйлын Ерөнхийлөгчийн засаглалтай орнууд зонхилж байгаа. Монгол Улс бол ром-германы эрх зүйгээр явдаг бүгд найрамдах улс учраас далайн эрх зүй тохирохгүй. Үндсэн хуульд тэндээс сэтэрхий тэвнийн чинээ ч зүйл тусгаж болохгүй.

МАНАЙД ХУУЛЬ БОЛОВСРУУЛАХ НЭГДСЭН КОНЦЕПЦ БАЙГААГҮЙ, ОДОО Ч БАЙХГҮЙ

Миний хувьд Ц.Элбэгдорж, Х.Тэмүүжин нарын санаачилгаар гол хуулиудад орсон бүх заалтыг шүүрдэж цэвэрлэх ёстой гэж боддог. Далайн орнуудын эрх зүйгээс бараа сонгож буй мэтээр хандаж, зарим нь ашиг сонирхолдоо хөтлөгдсөөр Монголын хууль, хууль эрхийн актуудыг ноорхой тэрлэг шиг далан нөхөөстэй болгосон. Манайд хууль боловсруулах нэгдсэн концепц байгаагүй, одоо ч байхгүй. Соёл иргэншилтэй улс орнуудад юу болоод, ямар реформ хийгээд байгааг анзаардаггүй, мэддэггүй хүмүүсийн гараар улс орны оршин тогтнох эрх зүйн орчин занганд орсон гэж бодохоор аймшигтай. Тогтолцоо болохгүй байна гэж төрийн эрх үүргийг зохицуулах нормативдаа будаг нялж, шинэ жилийн гацуур мод шиг болгосон. Эцэстээ нэгдсэн зохицуулалтгүй болж, төрийн өндөрлөгт хүн амын 90 хувь, гишүүдийн олонх нь итгэхгүй байхад ч зайлуулж чадахгүй болтлоо завхарчээ. Энэ бол Монголын хуулийн гажуудал, завхрал.

ТӨР ЗАСГИЙН ЦАГ БАЙДЛЫН ТУХАЙД

Монгол Улсын төрд бодитойгоор нүүрлэсэн хямрал эх захаа алдаж, савнаасаа халин НҮБ болон олон улсын конвенцуудын үзэл санааг бүдүүлгээр зөрчиж эхэллээ.

1. НҮБ ардчилал дор олонхын шийдлийг цөөнх нь дагаж хэрэгжүүлэх агуулга оршиж буйг олон удаа анхааруулсан байдаг. Ардчиллын амин чухал зүрх нь угтаа бол энэ юм. Гэтэл парламент олонх, цөөнх болон хуваагдаж, цөөнх нь төрийн тамга, спикер, УИХ-ын танхимд сууж байгаагаараа, сүүлийн 20 жилийн туршид өөрсдөдөө зориулж баталсан хуулиудаараа бамбай хийж, цөөнхийн явуургүй, бусармаг үзэл бодлыг олонход тулган шаардаж, заналхийлж эхэллээ. Ардчилал гэгч Монголд ийн үнэт зүйлээ алдав. Aзийн ардчиллын од гэгдэж нэг хэсэг дэлхийг гайхуулж явсан Монгол Улсыг сүйрүүлж чадсан хэсэг бүлэг олигархиуд, тэдний гар хөлүүд эвсэн ардчиллын үнэт зүйл рүү довтлож байна. НҮБ үүнийг зүгээр хараад суухгүй, ийм “өвчин” бусад улс оронд халдварлахаас сэрэмжлэх нь тодорхой.

2. НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн дүрэмд хүний амьд явах эрхийг санаатайгаар тасалдуулсан аллагын гэмт хэрэг, түүний дотор төр, нийгмийн зүтгэлтний амь насыг тодорхой зорилготойгоор зэрлэгээр хөнөөсөн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа байж болохгүй гэж заасан байдаг. Уг конвенцод нэгдсэн эсэхээс үл хамааран НҮБ-ын гишүүн орнууд уг заалтыг үндэсний хууль тогтоомждоо тусган хэрэгжүүлэхийг зөвлөсөн юм. Монгол Улс энэхүү конвенцын үзэл санааг сөрж, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг зэрлэгээр хөнөөсөн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгавар болгон хэргийг хаалаа. НҮБ-ын аюулгүйн зөвлөл гаргасан шийдвэрээ зөрчиж байгааг зүгээр хараад суухгүй нь ойлгомжтой.

3. НҮБ өөрийн салбар институц, олон улсын конвенциудад төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх вотум гэдэг зарчмыг маш тодорхой заан тайлбарласан байгаа. Парламентын гишүүдийн олонх, нийт сонгогчдын дийлэнх олонх нь итгэл хүлээлгэхгүй бол спикер тэр даруй огцорсон тухайгаа мэдэгдэж, импеачмент гэх зарчмаар хуулийн байгууллагын мэдэлд шилжиж, хүлээх хариуцлагын түвшингээ тогтоолгох учиртай юм байна. НҮБ-ын гишүүн хэрнээ энэ зарчмыг бүдүүлгээр зөрчөөд сууж болохгүй. Хэрэв үндэсний хуулиар огцрох эрх зүйн орчин үүсэхгүй байгаа л бол үндэсний хууль тогтоомж НҮБ-ын зарчмыг зөрчиж баталсан хууль байна гэж үзэн хуулиа өөрчлөх шаардлагатай юм. Үндсэн хуулийг дордуулсан долоон заалт гэдэг шиг УИХ 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд шинэ жилийн баярын босгон дээр өөрчлөлт оруулж, спикер нь хэзээ ч огцрохгүй, гишүүд нь хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээхгүй байхаар зохицуулсан заалтуудыг эргэж үзэн, хүчингүй болгох ёстой.

4. Парламентын цөөнх үүрээ хөндүүлсэн шоргоолж аятай сандралдаж, хагас солиорол (эйфорын байдал)-д орж, эцэстээ өөрсдийн өдүүлсэн бүх хэргийг Засгийн газарт тохон огцруулах аргад шилжив. Засгийн газрыг огцруулах ажиллагааг дахин явуулна гэж шинэ гишүүн Н.Амарзаяа хэллээ.

5. Засгийн газрын тэргүүнд хандаж хэлэх миний үг бол “хурд бол хүч!” алгуурлах бүрт эсрэг тал чинь маневрлах аргаа олчихоод байна. Цорын ганц гарц нь гэвэл, УИХ-ын гишүүн сайд нартаа дилемма (ацан шалаа) хийх. Өөрөөр хэлбэл, бүрэн эрхээсээ татгалзаад сайдын ажлаа сайн хий, эсвэл УИХ-даа үлдээд сайдын суудлаа чөлөөл гэж хэл. Ингэж байж Засгийн газраа парламентын гадна гаргаж, улс төржилтөөс зайлсхийхгүй бол өөр гарц харагдахгүй байна. Tэртээ тэргүй хуралдаа биш бойкотонд сууж байгаа биз дээ?

6. Залуу улстөрчдөд ч хандаж хэлэх үг байна. Хэт тулган шаардах нь тийм ч сайн арга биш ээ. УИХ-ын олонх болсон давуу талаа ашиглан зохион байгуулалтад орж, хурлаа хийн даргаа сонгож, УИХ-ын олонх нь бага хурлын горимд орж ажиллах болсноо дэлхийд зарлах нэг гарц байна. М.Энхболд, түүнийг тойрон хүрээлэгчдийн “тогтолцоо” ажиллагаагүй болно гэсэн үг. НҮБ-ын selfdetermination зарчим бий учир юунаас ч айх хэрэггүй. Манайд бага хуралтай байсан уламжлал бий. Тэд шинэ үндсэн хуулийн төслийг боловсруулах даалгаврыг гардаж авах ёстой, ард түмэн ойлгоно. Гэхдээ УИХ-ыг тарааж хэрхэвч болохгүй, өртөг нь арай л дэндүү өндөр тусна. Эс бөгөөс арай гэж Монгол руу хандах чигтэй байгаа гаднын хөрөнгө оруулагчид бүгд нүүрээ буруулж, дахиж хэзээ ч энэ талаар ярих хэрэггүй болно. Эдийн засаг макро түвшиндээ суларч, ард түмний амьдрал улам доройтно. Өөр ч олон эрсдэл бий.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Төр тогтуун ч түшээд тонгочсон 2019 он

 0 сэтгэгдэл

М.Энхболдыг чөлөөлж, оронд нь Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилсноос бусдаар төр дээд төвшиндөө тогтуун жил байлаа. Засгийн газрыг огцруулах операци өрнөсөнгүй, сайд нарыг “шүд сугалах” гэж тэвдүүлсэнгүй. УИХ-ыг тараах санаачилгыг улсын Ерөнхийлөгч, эсвэл өөр субьектээс идэвхтэй дэвшүүлсэнгүй. Төрийн гурван өндөрлөг үзэл бодол нийлж, үйл хэргээ нэгтгэсэн жил байсан гэхэд болно. Гэхдээ энэ нь улс төр аядуу тайван байсан гэсэн үг биш. Гадаадад дипломатууд сахилга бат алдаж, дотоодод гишүүд толгой дараалан гэмт хэрэгтэн болох шахлаа. Улс төрийн зүтгэлтэн Төрийн ордонд учир битүүлгээр нас барсан бол өдгөөгөөс 21 жилийн өмнө өөд болсон өөр нэгэн төрийн зүтгэлтний аминд халдсан хэрэг хамгийн их анхаарлын төвд орсон жил байв. С.Зоригийн хэргийн эргэн тойронд ял авсан хүн гэрч болж, яллагдагч нь гэмт хэрэгтэн болсон хачин үзэгдэл Монгол оронд өрнөв. Гэхдээ Монголын улс төрийн амьдрал дандаа бараан байсангүй. Дөрвөн ч парламентын зорилго болоод байсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын ард энэ удаагийн УИХ гарч чадсан нь энэ жилийн онцлох үйл явдал яах аргагүй мөн. Ийнхүү төр тогтуун ч түшээд тонгочсон улирч буй 2019 оны үйл явдлуудыг онцоллоо.

Улс төрийн тогоонд бөмбөг тэслэх шахсан уул уурхайн лицензүүд 
Уул уурхайн компаниуд хүндхэн жилийн ард гарч байна. Байгалийн баялгийг олигархуудаас хураан ард түмэнд өгнө гэсэн Ерөнхий сайдын мэдэгдлийн араас Салхитын мөнгөний орд, “Сауд Гоби Коал Транс”-ын нүүрсний ордын тусгай зөвшөөрлүүд, Архангай, Булган, Төв, Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтий зэрэг аймгийн алтны шороон ордуудын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгов. Урьдчилсан байдлаар албан ёсны зөвшөөрөлтэй 2900 орчим тусгай зөвшөөрлийг шалгаж, “но” илрүүлэх үүрэгтэй Ажлын хэсгийнхний хийсэн судалгаагаар бараг 20-30 хувь нь бүдэрсэн гэдэг. Харин уул уурхайн салбар дахь энэ ажиллагаа улс төрийн тогоонд “бөмбөг” болон тэсрэх магадлалтай тул “но”-той бүхэн рүү ноцож чадсангүй. 2019 онд ашигт малтмалын 141 лиценз цуцалсны 56 нь ашиглалтын лиценз байсан юм. Гэхдээ үр дүнд нь цуцлагдсан лиценз бүхий талбайнууд руу нутгийн иргэд, нинжа нар дайрч эхэлсэн. Тэднийг хувин, хүрз барьсан хүмүүс гэж эндүүрэв. Тэд уулыг нурааж, усыг ч эргүүлж чадах хүнд машин техникээр өвч бүрэн тоноглосон “мэргэшсэн” нинжа нар билээ. 

Гишүүд парламентийн нэр хүндийг түүхэнд байгаагүйгээр унагав
УИХ-ын гишүүд парламентын нэр хүндийг Монголын түүхэнд байгаагүйгээр гутаасан бараан он шувтарч байна. УИХ-ын хоёр ч гишүүн садар самууны хэрэгт холбогдож, Д.Гантулга ял авч шоронд орсон нь оны онцлох хар толбо. Үүн дээр парламент ЖДҮХС-гаас нэн хөнгөлөлттэй зээл авсан хэрэгт Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг шалгах Ерөнхий прокурорын хүсэлтийг үл ойшоож, улайран хамгаалсан нь УИХ-ын нэр хүндийг харлуулсан онцгой хар үйл явдал байв. Тэдний араас 40 гаруй гишүүн тус сангаас “хамаатан”-даа болон өөртөө зээл авсан шуугиан дэгдэж, зарим нь хүлээн зөвшөөрч, уучлалт гуйсан нь иргэдийн итгэл рүү “ус цацсан” бүр ч увайгүй явдал болов. Энэ хэрэгт сайд асан Б.Батзориг буруутай гэдгээ хүлээж, бусдынхаа өмнөөс бүрэн эрхээ түдгэлзүүлэх санал болон ялын тогтоолоо хүлээж сууна. Нэг санг цөлмөсөн дуулиан намжаагүй байхад УИХ-ын гишүүдэд хамаатай олон хуулийн этгээд ХЭДС-гаас зээл авсан шуугиан дэгдэж, сайдаар ажиллаж асан бас нэгэн гишүүн яллагдагчаар татагдсан нь УИХ-ын нэр хүндийг бүр ч шороотой хутгав. 

Төрийн оронд амиа алдсан Г.Батхүүгийн хэрэг замхрав


АН-ын дэд дарга Г.Батхүү тавдугаар сарын 17-ны орой Төрийн ордны нэгдүгээр давхарт учир битүүлгээр амиа алдсан нь олон нийтийг цочирдуулав. Тэрбээр Монголын Автомашин, мотоциклын спортын холбооны ерөнхийлөгчийн хувиар олон улсын авто уралдаан зохиох хуралд оролцож яваад ийн амиа алдсан юм. Түүнийг хуралдааны танхимаас гараад Төрийн ордны хоёрдугаар давхарт МАН-ын гишүүдтэй таарч заримынх нь өрөөнд саатсан гэх мэдээлэл бий. Тухайн үед болсон үйл явдлын талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Г.Батхүү агсантай хамгийн сүүлд уулзсан хүмүүсийн нэг нь би. Тэр үед манай өрөөнд орж авто спортын холбооны талаар ярилцсан” хэмээн хэлснээрээ хардлагын гол бай болоод байна. ЦЕГ хэргийн талаар албан ёсны мэдээлэл гаргаагүй ч “тархинд цус харвасан, нүүрэнд гавлын ясны цууралтын улмаас хөхрөлт үүссэн” гэсэн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Түүний амиа алдсан шалтгааныг үнэн зөв тодорхойлох хүсэлтийг АН-ын удирдлага, ар гэрийнхэн нь хүсэж ОУПХ-ны хүний эрхийн хороонд хандаад буй билээ. 

Монголын дипломатчид улсынхаа нэрийг Европт хараар тамгалав 
“Цагаан тахал” хэмээн дэлхий нийтээрээ нэрлэж, тэмцлээ улам эрчимжүүлж байгаа энэ цаг үед мансууруулах бодис тээвэрлэн борлуулах ажилд манай дипломатчид толгой дараалан холбогдсон нь 2019 онд Монгол Улсыг Европ тивд хараар будлаа. Туркийн Истанбулд суугаа Ерөнхий консулын газрын дипломат ажилтан Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар 70 кг герион албаныхаа машинаар тээвэрлэж яваад ХБНГУ-ын Дрезден хотын хил, гаалийнханд баригдан, шүүх хурал нь өдийд үргэлжилж байна. Дээрх хоёр хүнээс гадна ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газрын эрх бүхий ажилтан М гэгч хэдэн сарын өмнө ХБНГУ-ын хууль сахиулах байгууллагынханд мөн саатуулагдан шалгуулж буй мэдээлэл батлагдаад буй. Тэрбээр бас л багагүй хэмжээний мансууруулах бодис тээвэрлэж яваад баригдсан.Улсаа төлөөлөн гадаадын улс оронд сууж буй албан тушаалтнууд мансууруулах бодисын хууль бус наймаанд донтож, дипломат эрх ямба, эд зүйлээ ашиглан хүчин зүтгэж буй нь харамсалтай.

Яллагч, яллагдагч талуудын байр солигдсон нь 
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт Ц.Амгаланбаатар, Б.Содном-даржаа, Т.Чимгээ нарыг буруутган, гурван шатны шүүхээс 24-25 жилийн хорих ялаар шийт гэсэн билээ. Гэвч 2019 он гарахаас хэдхэн хоногийн өмнө Ц.Амгаланбаатар мэдүүлгээсээ буцаж, энэ талаараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид захидал хүртэл бичсэнээр уг хэргийн учиг зангилаа нь олдохгүй үйл явдлууд энэ жилийн турш өрнөлөө. Улмаар Ц.Амгаланбаатар гэрч, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хохирогч болон харин Тагнуулын ерөнхий газар, Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газрын алба хаагчид, тэр дунд Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын есөн хүн яллагдагч болон хувирсан нь шүүхийн түүхэнд урьд өмнө байгаагүй үзэгдэл болов. Тэднийг бусдыг эрүүдэн шүүсэн, уг ажлыг зохион байгуулсан, оролцсон гэх эрүүгийн хэрэг тулгаж, шүүх ажиллагаа эхэлсэн. Одоогоор нотлох баримт хангалтгүй гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаад байгаа энэ асуудалд Олон улсын парламентын холбоо ч анхаарлаа хандуулж буйгаа анхааруулаад байна. 

В.Путин манайд айлчилж, Халх голын 80 жилийн ойг тэмдэглэлээ 
Халх голын дайны ялалтын 80 жилийн ой энэ онд тохиож, Монгол Орос хоёр улс хамтран ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Монгол Оросын эрдэмтэд хамтарсан эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, Халхын голын дайны тактик стратегид шинжлэх ухааны дүгнэлт өгөв. Мөн Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулан ОХУ-ын “Оросын баатрууд” буюу сөнөөгч Су-30СМ загварын байлдааны онгоцоос бүрдсэн уран нислэгийн баг Хүй 7-н худагт агаарын шоуг анх удаа монголчуудад сонирхуулав. Мөн цэргийн парад, хоёр орны хамтарсан урлаг, уран сайхны арга хэмжээнүүд... Энэ бүхний дараа буюу есдүгээр сарын 3-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монголд айлчилсан нь 2019 оны онцлох үйл явдлын нэг байлаа. Түүний айлчлалын өдрийг Засгийн газраас бүх нийтийн амралтын өдөр болгож, замын хөдөлгөөний болон бусад аюулгүй байдлыг өндөр дээд хэмжээнд хангасан билээ. 

60 тэрбумын хэргийнхэн ял авав 
2016 оны сонгуулиар эхэлсэн 60 тэрбумын хэргийн дуулиан, Ерөнхийлөгчийн сонгуулиар өндөр авсан ч энэ онд шийдэгдэж хоёр хүнд шүүхээс ял оноов. Оны эхэнд УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг 60 тэрбумын хэргийг мэдэж байсан гэх үндэслэлээр буруутгаж албан тушаалаа өгөхийг шаардан албан тушаалаас нь чөлөөлснийг сануулъя. Мөн энэ хэргийн талаар МАН-ын одоогийн удирдлагууд ч мэдэж байсан, схемтэй танилцсан тухай зураг, баримт ил болсон. Гэвч арваннэгдүгээр сард Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ц.Сандуй, А.Ганбаатар нарт сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулсан үндэслэлээр дөрвөн жилийн хорих ял оноосон юм. Тэд шүүхийн шийдвэрийг давж заалдаагүй боловч МАН-ын зарим гишүүн шүүх нотлогдоогүй хэргийн төлөө тэдэнд хилс хэрэг тохож хэлмэгдүүлсэн гэх байр суурийг илэрхийлсээр байгаа. Мөн схемийг зохиосон гэх Г.Доржзодов ч хариуцлага хүлээх ёстой гэсэн үндэслэлийг зарим хуульч гаргаад байгаа билээ. 

Оюутолгойд монголын эрх ашгийг хангуулах тогтоолыг батлав 
Өнгөрсөн хавар Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг парламентаар хэлэл цэхээс өмнөхөн гишүүн Д.Дамба-Очир Рио Тинто болон Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч талд шалгалтын дүнг задалсан нь Монголын талд хүндээр тусав. Улмаар парламент ажлын хэсгээс гаргасан 86 заалттай зөвлөмжийг яаралтай хэрэгжүүлэх үүднээс “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолыг батал сан юм. Тус тогтоолоор Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээрийг сайжруулах, ордын нөөцийн үнэлгээг дахин хийсэн ТЭЗҮ-ийг боловсруулах, байгаль орчны үнэлгээг шинэчлэх, Монголын талын төлөөлөгчийн чадавхыг сайжруулах зэргийг багтаасан. Мөн Монголын талд оногдох ашиг 2041 он хүртэл хойшилсонтой холбоотойгоор 34 хувиа АМНАТ болон бүтээгдэхүүн хуваах гэрээний аль нэгээр солих бололцоог тогтоолд тусгаж өгсөн юм. Харин саяхан “Рио Тинто” компани УИХ-ын тогтоолыг дэмжин, цаашид яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн нь ордын хувьцааны ханш олон улсын хөрөнгийн биржид өсөх гол нөхцөл боллоо. 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа
Гурван парламент дамжин “дуншсан” эцэг хуулийн өөрчлөлтийг хийж чадсан нь энэ оны төдийгүй одоогийн УИХ-ын түүхэнд тэмдэглэх онцлох үйл явдал боллоо. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тэргүүтэй 62 гишүүний өргөн барьсан төсөл тийм ч амар “зам”-ыг туулаагүйг зун, намрын үйл явдлууд харуулна. Төслийг УИХ дөрвөн сарын турш, 36 удаагийн хуралдаанаар ярилцан, гурван удаагийн хэлэлцүүлгээр баталсан юм. Ингэхдээ эрх баригчид процедурын алдаа гаргаж Ерөнхийлөгчийн хоригоор залруулсан гэдгийг энд дурдах нь зүй. Мөн сөрөг хүчин АН хэлэлцүүлгээс хоёр удаа гарч, эцсийн хэлэлцүүлэг болон хууль батлах үйл ажиллагаанд оролцоогүй гэдгийг онцлох хэрэгтэй. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 24 зүйлийн 52 заалтыг хөндсөн бөгөөд онцлох заалтаас дурдвал 50 нас хүрсэн иргэнийг нэг удаа, зургаан жилээр Ерөнхийлөгчөөр сонгох, Үндсэн хууль зөрчсөн гишүүнийг эгүүлэн татах, Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх, байгалийн баялгийн сангаас иргэд хувь хүртэх, шүүхийн сахилгын хороог ажиллуулах, Эрдэнэт, Дарханыг хотын статустай болгох зэрэг хөгжилд хөтлөх олон заалтыг баталсан.  











A

Жижиг

A

Дунд

A

Том

Шөнийн дулаан хуримтлуулах хэрэгслийг $5.6 саяар суулгана

 0 сэтгэгдэл
  • “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-д 12 сая ам.долларын санхүүжилт авна
  • Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 30 жил, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа таван жил, зээлийн хүү 1.25 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаа­жуулсны шимтгэл 0.5, үйлчилгээний хураамж 0.75 хувь байх аж
  • Манай улсад үйлдвэрлэх боломжгүй болон өндөр өртөгтэй үйлдвэрлэгдэх 366 нэр төрлийн барааг сонгон авч, үндэсний хөнгөлөлтийн жагсаалтыг гаргасан байна 


Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хийлээ.Монгол Улс энэхүү хэлэлцээрт орох хүсэлтээ 2009 онд илэрхийлжээ. Харин 2011 оноос уг хэлэлцээг эхлүүлсэн байна. Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийн гишүүн улсууд хоорондоо хөнгөлөлттэй тарифаар солилцдог бараа бүтээгдэхүүнээс манай улсад үйлдвэрлэх боломжгүй болон өндөр өртөгтэй үйлдвэрлэгдэх 366 нэр төрлийн барааг сонгон авч, үндэсний хөнгөлөлтийн жагсаалтыг гаргасан байна. Монголын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 64.7 хувь, экспортын 90, импортын 30 хувийг энэ бүсийн орнууд эзэлдэг аж. Уг хэлэлцээрт нэгдэн орсноор гадаад худалдааны зэх зээлийг тэлэх таатай орчин бий болно гэж Засгийн газар үзжээ. Тухайлбал, манай экспортын бараа бүтээгдэхүүн БНХАУ, БНСУ-ын зах зээлд дунджаар 40 хувийн хөнгөлөлт эдлэх боломж бүрдэх юм байна. Уг хуулийн төслийг хэлэлцэхийг тус байнгын хорооны гишүү дийн олонх дэмжсэн юм. Мөн энэ өдөр Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциац хооронд байгуулах “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн зөв шилцөх асуудлыг хэлэлцлээ. Энэ төсөл дэлхийн банкны 15 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2012 оноос хэрэгжиж байгаа. Төслийн зорилго нь гэр хорооллын хэрэглэгчдийг утаа бага гаргадаг халаалтын хэрэгслээр хангах, улмаар хөгжлийн түншүүдтэй хамтран Улаанбаатар хотын утааг бууруулах зорилгоор дунд хугацаанд зорилтот арга хэмжээнүүд хэрэгжүүлэхэд чиглэсэн. Төсөл хэрэгжих хугацаанд гэр хорооллын айл өрхийн галлагаанаас үүдэлтэй нарийн ширхэгт тоосонцор (РМ2.5)-ыг бууруулах зорилгоор богино хугацаат арга хэмжээнүүд хэрэгжүүлж, тодорхой ахиц дэвшил гаргасан. Төслийн хэрэгжилтийн хугацаанд сайн үр нөлөө үзүүлсэн арга хэмжээнүүдийг өргөтгөж, цар хүрээ болон ашиг хүртэгсдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-д Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацаас 12 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн нэмэлт, санхүүжилт олгохоор харилцан тохироод байна. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 30 жил, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа таван жил, зээлийн хүү 1.25 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5, үйлчилгээний хураамж 0.75 хувь байх аж. Харин уг асуудлыг хэлэлцэх үеэр гишүүд зөвхөн түүхий нүүрсийг хориод агаарын чанар сайжрахгүй гэдэг байр суурийг илэрхийлж байлаа. УИХ-ын гишүүн А.Ундраа “Агаарын бохирдлыг бууруулахын тулд олон талын арга хэмжээ авах шаардлагатай байгаагийн нэг нь халаалтын асуудал. Гэр хорооллын хэрэглэгчдийг утаа бага гаргадаг халаалтын хэрэгслүүдээр хангавал агаарын чанарт эергээр нөлөөлнө. Нийтдээ хэчнээн өрхийг халаалтын хэрэгслүүдээр хангаж чадах вэ.” гэсэн юм. Харин нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан  “Нэмэлт санхүүжилтийн хөрөнгөөр 5.6 сая ам.доллараар шөнийн дулааны хуримтлууртай халаалтын хэрэгслийг тодорхой айл өрхүүдэд буюу зорилтот өрхүүдэд олгоно. Эрчим хүчний яам, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба хамтраад өнгөрсөн жилүүдэд нийт 220 мянган айл өрхийн 42 мянга гаруй өрхөд дулаанаа шийдвэрлэх бололцоог олгосон. Мөн холбогдох байгууллагуудын хүрээнд ногоон зээлийн эх үүсвэр олгох боломжийг эрэлхийлж байгаа” гэлээ.








A

Жижиг

A

Дунд

A

Том

Б.Энх-Амгалан: 1072 хувьцааны ногдол ашгийн талыг нь зарцуулаагүй

 0 сэтгэгдэл
  • Гашуунсухайт чиглэлийн төмөр замын санхүүжилтийг бүтээгдэхүүн урьдчилан борлуулах замаар шийднэ
  • Хөгжлийн банкнаас зээл  авч хилийн наана нүүрс тээврийн жолооч нарт зориулсан хоёр том кемп байгуулна

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангаас цаг үеийн зарим асуудлаар тодруулга авлаа.

-Танай намын бүлгээс сонгуулийн хуулийн төслийг эргэж харахаар шийдвэрлэсэн байна. 

Тийм. Эргэж ярья гэсэн. УИХ дахь бүлэг болон Удирдах зөвлөлийн хүрээнд эргэж харахаар болсон. 

-Аль заалтыг нь эргэж харахаар байгаа вэ? 

-Сонгуулийн тогтолцоо буюу 50+26 хувилбар. Ер нь бол УИХ- ын гишүүнийг ард түмэн өөрөө сонгодог байя л гэсэн санаа. Тэгэхгүйгээр намын нэрийн ард нуугдаж байгаад дахин сонгогддог байж болохгүй. 

-МАН-ын дэргэдэх Стратеги бодлогын хүрээлэнгээс авлигын хэрэгт нэр холбогдсон хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх санал хүргүүлсэн гэж үнэн үү? 

-Би Удирдах зөвлөлийн гишүүн биш болохоор сайн мэдэхгүй байна. Гэхдээ энэ асуудал зарчмын хувьд зөв. Аливаа хэрэг төвөгт холбогдсон хүмүүс намын олон мянган гишүүнээс дахин нэр дэвшиж таарахгүй шүү дээ. 

-Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар ЭТТ ХХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийн талаар сонсгол хийлээ. Иргэдэд очих байсан ногдол ашгийг танай салбарын бүтээн байгуулалт руу шилжүүлсэн. Санхүүжилтэд ямар хяналт тавьж байна вэ?

-Ноднин “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид шийдвэр гаргаад ногдол ашгийг тараахгүйгээр улс орны бүтээн байгуулалтад зарцуулъя гэсэн. Нийт 750 орчим тэрбум төгрөгийг Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зориулж байна. Энэ ажил одоо ч үргэлжилж байгаа. Гэхдээ бүх мөнгийг зарлагадсан уу гэвэл үгүй. Энэ жил хийсэн ажлын хэмжээгээр уг мөнгөний тал орчим хувь нь бүтээн байгуулалтад зарцуулагдсан гэж ойлгож байгаа.

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг эхэлж хөдөлгөх нь эдийн засгийн үр ашигтай байсан юм биш үү?

-Бид аливааг хоёр талаас нь харах хэрэгтэй. Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашигтай юу гэвэл ашигтай. Яагаад гэвэл шууд гарцтай. Энэ чиглэлийн төмөр замын суурь бүтэц нь 70- 80 хувь тавигдсан. Гэхдээ бид хоёр талын гарцтай болъё гэж зорьсон. Хоёрдугаарт, Тавантолгой орчмын 37 ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлага, хэрэгцээ байсан. Мөн эдгээр ордын үнэ цэнийг өсгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол 200- 400 орчим км газарт машинаар нүүрс зөөх гээд байна. Говийн хөрсөнд ч энэ нь таарахгүй. Бас нэг чухал зүйл нь энэхүү бүтээн байгуулалтыг үндэсний компаниуд өөрсдөө хийнэ. Тавантолгойн нүүрсний үндсэн хэрэглэгч Бугатын төмөрлөгийн үйлдвэр. Энэ нь Хангимандалын цаахна байгаа. Тиймээс цаашид Зүүнбаян-Хангимандал чиглэлийн төмөр замаар гаргана. Өөрөөр хэлбэл, эдийн засгаа тэлэх бодлогын хүрээнд энэ чиглэлийн төмөр замыг тавьж байгаа юм. Гэхдээ “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр зам барих ажлыг ЭТТ, Тавантолгой төмөр зам компани хамтарсан консерциум байгуулаад эхлүүлсэн. Үндсэндээ Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орно. Цаашид Зүүнбаян-Хангимандал чиглэлийн төмөр зам ч ашиглалтад орох ёстой. Энэ бол улсын эдийн засгийн хөгжилд ихээхэн нэмэр болох төслүүд. 

-Санхүүжилтийн асуудлыг нь хэрхэн шийдэж байгаа вэ? 

-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын санхүүжилтийг бүтээгдэхүүн урьдчилан борлуулах замаар шийднэ. Манай нүүрсний үнийг урьдчилан төлөх байдлаар төмөр замын санхүүжилтийг босгоно. Харин бид төлбөрөө нүүрсээр төлнө гэсэн үг. 

-Өмнө нь бариад орхисон даланг яах вэ?

-Тэр суурин дээр төмөр замын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн хийх бололцоо бий гэж үзсэн. Гэхдээ олон жил энэ хэвээрээ байж болохгүй. Удах тусам далан эвдэрнэ. 

-Тавантолгойн нүүрс тээвэрлэгч жолооч нарын асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? 

-Төмөр замаа тавиад дуусахаар жилд 30 сая тонн нүүрсийг төмөр замаар хил гаргана. Мөн 30 сая тонн нүүрс автомашинаар гаргах асуудал бий. Тэгэхдээ дөрвөн урсгалаар. Хойд талаас концессын гэрээний дагуу ачаатай машины даацын замын асуудал бий. Тэгэхээр нийт 60 орчим сая тонн нүүрс гаргах бололцоо бий. Мөн цаашид олон жилийн насжилттай, даац нь хэтэрсэн хятад машинуудыг шахах бодлого барина. Үүнээс гадна монгол жолооч нар Хятад руу гарч усанд ордог, автомашинаа засварладаг байдал бий. Хөгжлийн банкнаас зээл авч хилийн наана нүүрс тээврийн жолооч нарт зориулсан хоёр том кэмп байгуулах юм. Хувийн компаниуд ч гэсэн зөвшөөрөл авахын тулд заавал кэмп байгуулсан байх шаардлага тавьж байгаа.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Дараагийн парламент олон жил үргэлжлэх барилгуудынхаа асуудлыг шийдэг гэж үзсэн

 0 сэтгэгдэл
  • Төсөвт хөрөнгө оруулалтын хавсралтад 386 барилга барихыг ерөнхийлөгч "болохгүй" гэж үзсэн

2020 оны төсөвт хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцэн, нийгмийн даатгалын сангийн орлого бүрдүүлэх, зардал гаргахтай холбоотой хэсгийн хоригийг хүлээж авахаар болов. Өөрөөр хэлбэл он гараад хоёр хувиар нэмэгдэх НДШ-ийн нэмэгдэл дээр тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг холбогдох байнгын хороо дэмжсэн гэсэн үг. 

Монгол Улсын 2020 оны төсвийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувийн нэмэгдлээс 174.2 тэрбум орчим төгрөг төвлөрүүлэхээр тусгаад байв. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос тодруулсан юм.

-2020 оны төсөв болон түүнийг дагалдан баталсан зарим хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Төсвийн байнгын хороо хүлээж авсан. Тэгэхдээ НДШ-ийн нэмэгдэлтэй холбоотой хэсэг нь дэмжлэг хүлээж, бусад нь уналаа. 

-2020 оны төсөвт хөрөнгө оруулалтын хоёрдугаар хавсралтад 386 барилга барихыг Ерөнхийлөгч "болохгүй" гэж үзсэн. Яагаад гэвэл эдгээр барилгыг 2020 онд эхэлж 2021, 2022 онуудад дамжуулан барина. Гэвч 1.4 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй барилгуудыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж Байнгын хорооны гишүүдийн олонх үзлээ. 

-Өндөр өртөгтэй, он дамжин баригдах барилгуудын талаар тодруулахгүй юу?

-УДЭТ-ын барилгын зураг төслийг боловсруулах, барилгын ажлыг шинэчлэн сайжруулах ажлыг 2020-2022 онд хэрэгжүүлэхэд 52 тэрбум төгрөг төсөвлөснөөс ирэх оны төсөвт хоёр тэрбумыг суулгажээ. Хоёрдугаарт, ДБЭТ-ын зураг төслийг боловсруулах, барилгыг шинэчлэх ажилд 54.6 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөс ирэх онд мөн хоёр тэрбум төгрөг суулгасан байна. Гуравдугаарт, Байгалийн түүхийн музейг 94.4 тэрбум төгрөгөөр Хан-Уул дүүрэгт шинээр барина. Сая Байгалийн түүхийн музейг нураалаа шүү дээ. Ерөнхийлөгч дуурь, драм зэрэг театрын барилгыг Байгалийн түүхийн музейтэй адилхан нураалгахгүйн тулд хориг тавьж байгаа юм. Мөнгө нь байхгүй бол нураахгүй гэж бодсон хэрэг. Гэтэл УИХ энэ хоригийг хүлээж авсангүй. 2020 оны төсөвт байгаа энэ их мөнгө бол 2018-2019 оны төсвийн үргэлжлэлүүд ч бий. Тэгэхээр Ерөнхийлөгч 2020 ондоо эхлээд тухайн ондоо дуусах болон өмнөх онуудад эхэлсэн ажлын төсөвт огт хориг тавиагүй. Нэгэнт эхэлсэн ажлаа дуусгах нь зүйтэй гэж үзсэн. Харин 2020 онд эхлээд 2-3 жил үргэлжлэх том барилгын ажлуудад хориг тавьсан. Учир нь 2020 онд сонгуулийн жил. Дараа жил сонгуулиар УИХ шинэчлэгдэнэ. Тиймээс шинэ УИХ нь олон жил үргэлжлэх том барилгуудынхаа асуудлыг шийдэг гэж үзсэн.