A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4806/

Төсөв тэлсэн учраас мөнгөний бодлогын орон зай бага байна

Төсөв тэлсэн учраас мөнгөний бодлогын орон зай бага байна
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4806/
  • Зээлийн хүүгийн дарамтад орсон байгууллагуудад татаас олгох замаар одоо хүндэрснийг дэмжих хэрэгтэй байна

Зээлийн хүүг хүчээр буулгачихвал бид өвчний шалтгааныг нь оношлохгүйгээр халуун бууруулах гэж байгаатай л адилхан зүйл болно

Санхүү, эдийн засгийн их сургуулийн багш, эдийн засагч, судлаач Ж.Дэлгэрсайхантай төсөв, мөнгөний бодлого, COVID-19 цар тахлын үед эдийн засгаа дэмжих арга хэмжээний талаар ярилцлаа.

-Төв банк мөнгөний бодлого талаас арга хэмжээ авч, бодлогын хүүгээ нэг хувиар бууруулж, 10 болгосон. Хэдий тийм боловч зарим хүмүүс бодлогын хүүг гурван хувь болгох ч боломжтой гэж яриад байна. Тийм огцом бууруулах боломж, бодлогын орон зай байгаа юу? 

-Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын үед Монголбанк, Засгийн газар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Засгийн газар буюу сангийн бодлого нь түрүүлж хөдлөөд, эдийн засгийг хамгаалах, сэргээх хөтөлбөрөө урьтаж зарлаж, хэрэгжүүлэх байсан гэж бодож байгаа. Түүнийг нь дагаж мөнгөний бодлого нь хөдөлсөн бол илүү оновчтой байсан. Харин төв банк арай хурдтай хөдөлж, олон арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Бодлогын хүүг буулгасан, зайлшгүй шаардлагатай нөөцийн хэмжээг мөн буурууллаа. Эдийн засаг агшиж байгаа энэ үед төв банк бодлогын хүүгээ 1-2 хувиар буулгах боломжтой гэж харж байсан. Харин Мөнгөний бодлогын хороо нэг хувиас илүү буулгах орон зай байгаагүй гэж үзсэн байх. Монголд төв банкны бодлогын хүүг бууруулах орон зай хоёр шалтгааны улмаас их бага. Нэгдүгээрт, төсвөө айхтар тэлчихсэн. Монгол Улсын эдийн засаг гэдэг нэг л сав. Тэр саван дотор төсөв, мөнгөний бодлого гэсэн хоёр томоохон бодлого хамтдаа багтаж, хэрэгжиж байдаг. Мөнгөний нийлүүлэлт гэж байна. Төсөв гэж байгаа. Энэ хоёр том орон зай Монгол Улсад тодорхой хэмжээнд хязгаарлагдаж байж эдийн засаг зөв зохистой мөнгөний эргэлтээ хангана. Харин тун нь хэтэрвэл валютын ханш өсөх, инфляц нэмэгдэх зэрэг сөрөг тал нь давамгайлж эхэлдэг. Одоо төсөв нэлээд тэлэлттэй байгаа учраас мөнгөний бодлогын орон зай бага байна. Хоёрдугаарт, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өнөөгийн нөхцөл эрсдэл өндөртэй. Дээрээс нь манайд мөнгө хязгаарлагдмал учраас хүү өндөр байгаа. Тийм учраас хүүг байвал зохих хэмжээнээс нь хэт доогуур аваачиж тавьбал мөнгөний шилжих урсгал явагдана. Хадгаламжаас мөнгө дайжих, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдалд алдагдах үзэгдэл болох магадлалтай. Тиймээс хүү хэт доогуур байх боломжгүй гэж үздэг. Мөнгөний бодлогын хүүг гурван хувь болгох боломжтой гэж яриад байгаа хүмүүст нарийн тооцоолсон тооцоо судалгаа ховор байх шиг харагддаг. Тэр хүмүүсээс яг ямар боломжид суурилж ингэж яриад байгааг асуух нь зүйтэй болов уу. Бидний хувьд Монгол Улсын нөхцөл байдалд тохирсон хүүгийн бодлого барих нь зөв гэж үздэг. Түүнээс биш хэн нэгэнд таалагдах гээд хүү бага байх ёстой гэж хэлж чадахгүй нь. Аливаа зүйлд шинжлэх ухаанчаар хандах хэрэгтэй. Монгол Улс мөнгөгүй, ядуу, эдийн засаг, улс төр, нийгмийн нөхцөл байдал нь тогтворгүйгээс шалтгаалж хүү өндөр байгаа. Ийм байхад зээлийн хүүг хүчээр буулгачихвал бид өвчний шалтгааныг нь оношлохгүйгээр халуун бууруулах гэж байгаатай л адилхан зүйл болно. Суурь хүчин зүйл нь сайжраагүй байхад бодлогын болон бусад хүүг хүчээр бууруулах гэж оролдвол олон гажуудал үүсэх магадлалтай гэж үздэг. 

-Бэлэн мөнгө ашиглахаа больсон, цахимаар, картаар гүйлгээ хийж байгаа үед заавал байлгах нөөцийн хувь өндөр байх шаардлагагүй гэж яриад байна. Энэ талаар та юу хэлэх вэ? 

-Заавал байлгах нөөц гэдэг мөнгө бэлэн, бэлэн бусаас хамаарахгүй. Банк итгэлцлийн байгууллага. Иргэдийн мөнгийг харилцах, хадгаламж гэх мэт олон эх сувгаар төвлөрүүлж, санхүүгийн зуучлалын арга хэрэгслээр дамжуулах буюу зээл олгох гэх мэтээр мөнгө олдог л газар. Заавал байлгах нөөцийн үндсэн зорилго нь банкуудын явуулж байгаа бизнест тодорхой хэмжээний эрсдэл тулгарвал түүнээс хамгаалах хэрэгсэл. Тиймдээ ч банкууд мөнгөнийхөө 10 гаруй хувийг Монголбанкинд байлгаж, 90 хувиар нь үйл ажиллагаагаа явуулдаг. 90 хувьд нь эрсдэл тулгарвал 10 хувиараа нөхдөг гэсэн үг шүү дээ. Гэтэл эрсдэл төлбөр тооцоог бэлэн мөнгөөр хийж байна уу, цахимаар уу гэдгээс огт хамаарахгүй. Банкны олгож байгаа зээлд янз бүрийн, одоогийнх шиг эрүүл мэндийн шалтгаанаас үүдээд эрсдэл тулгарвал түүнийг хаах хөрөнгө. Тиймээс заавал байлгах нөөцийг төлбөр тооцооны хэлбэртэй хамаатуулж тайлбарлах нь оновчтой биш. 

-Зээлийн хүүг бууруулах чиглэлээр Монголбанк огт ажиллахгүй байна гэж дайрч байна. Зээлийн хүүг бууруулах ямар боломж байна вэ? 

-Зээлийн хүүг бууруулах ёстой гэж үзэж буй хүмүүстэй санал нэгтэй байгаагаа дахин хэлье. Гэхдээ мөнгө хүүлэлт, арилжааны хүү гэдэг ойлголтыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Дэлхийн олон оронд хүүгийн тааз буюу дээд хэмжээг тогтоох бодлого хэрэгжүүлж байсан. Өндөр хөгжилтэй орнууд ч байна. Манайхан ч ийм хууль гаргах ёстой гэж яриад л байгаа. Мөнгө хүүлэлт гэдгээ эхлээд сайн ойлгох хэрэгтэй. Мөнгө хүүлэлт гэдэг нь тухайн эдийн засгийн орчинд байх боломжгүй хүүг тогтоох. Мөн эрсдэлтэй, төлж чадахгүй байж болзошгүйг мэдсээр байж тодорхой дарамт үүсгэх байдлаар тулгаж, бусдад мөнгө зээлдүүлэх замаар ашиг олохыг хэлээд байгаа юм. Энэ бараг гэмт хэргийн шинж чанартай үйлдэл. Манай банк, санхүүгийн байгууллагууд зээлдэгчидтэй ярилцаж, тохироод, өнөөгийн эдийн засгийн орчны түвшинд тохирсон хүүтэй зээл олгож, гэрээ байгуулж байгаа учраас огт өөр. Харин Нарантуул, Хархорин захад байдаг өдрийн зээл олгодог нөхдүүд байна. Наймаа хийж амьдралаа болгож байгаа хүмүүс, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд сардаа 20, 30, жилдээ 200, 300 хувийн хүүтэй зээл олгодог. Энэ бол мөнгө хүүлэлт. Иргэдийн санхүүгийн мэдлэг муутай байдлыг далимдуулж байгаа мөнгө угаагчдын үйлдлээс сэргийлэхийн тулд мөнгө угаалтын эсрэг хууль гаргаж болно. Монголд Улсад зээлийн хүү жилдээ 40, 30 хувиас давсан байвал гэж ч зааж өгч болно л доо. Түүнийгээ эдийн засгийн судалгаа хийж, нарийн тооцох ёстой. Улмаар 30 хувиас давсан байвал мөнгө хүүлэлт гэж үзнэ гээд хуульчлаад өгчихвөл ломбардуудаас эхлээд бусад байгууллагуудын зүй бус мөнгөн урсгал хаагдах магадлалтай. Харин манай зарим хүмүүс арилжааны хүү, мөнгө угаалт хоёроо ялгахгүйгээс болоод хүүгийн тааз тогтоох талаар ярьж, өндөр хөгжилтэй орнуудын жишээг татах явдал байна. Тэр хүмүүс асуудлаа сайн ойлгох хэрэгтэй. Зээлийн хүү гэдэг чинь ерөөсөө л бараа бүтээгдэхүүний үнэтэй адилхан зүйл. Талхны үнэ гэдэг шиг мөнгөний үнэ байхгүй юу. Мөнгө орон зай болгондоо тохирсон үнэтэй байдаг. Яагаад баруунд мөнгөний үнэ, зээлийн хүү бага байгаа юм гэдгийг судалж мэдэх хэрэгтэй. Дэлхий дээр Монголтой ойролцоо зээлийн хүүтэй улсуудыг ажиглахад, улс төр нь тогтворгүй, эсвэл дайн болж байгаа орон л байдаг. Манайх зээлийн хүүг бууруулъя гэвэл эдийн засгийн тогтвортой бодлого авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Иргэдээ орлоготой болго, эдийн засгаа солонгоруул. Нөгөө талд нь мөнгөний бодлого тодорхой хэмжээнд нөлөөлнө.

-Эдийн засаг хүндэрч байгаа энэ үед зах зээлд мөнгө нийлүүлэх хэрэгтэй байгаа нь мэдээж. Харин яг ямар бодлого ийм үед оновчтой вэ. Засгийн газраас НДШ, ХАОАТ-ыг зургаан сарын хугацаанд авахгүй байх гэх мэт шийдэл гаргалаа. Энэ бодлогыг та юу гэж харж байна, зөв бодлого мөн үү? 

-Цаг хугацааны хувьд хожимдсон ч гэсэн Засгийн газрын гуравдугаар сарын 27-нд зарласан, УИХ-д өргөн бариад хэлэлцүүлж байгаа энэ хөтөлбөр хүндрэлд орсон нөхцөл байдлаас иргэд, аж ахуйн нэгжүүдийг аврах, эдийн засгийг тэтгэх цогц арга хэмжээ мөн үү гэвэл мөн. Тодорхой хэмжээний сангууд үүсгэх замаар эдийн засаг руу мөнгө оруулах бололтой юм. Хамгийн гол анхаарах, байгаа онох, анхаарах ёстой хэсэг нь энэ. Эдийн засаг руугаа мөнгө оруулах ёстой юу гэвэл тийм. Хөл хорио, огцом зогсолтоос болж эдийн засаг хүндрэлд орж байгаа. Энэ цаг үед Сангийн яам Монгол Улсын эдийн засагт нөлөөлөх нөлөөллийн түвшнийг тодорхойлсон судалгааг маш яаралтай гаргаж, зарцуулах мөнгөө аль салбарт оруулж, яаж дэмжих нь зүйтэй вэ гэдгийг тодорхойлох ёстой. Дэмжих арга механизм нь банк, санхүүгийн байгууллагаар дамжих юм уу, төр өөрөө сангаар дамжуулж бодлогоо хэрэгжүүлэх үү гэдгийг шийдэх хэрэгтэй. Миний санал болгох гол хувилбар нь, энэ мөнгийг судалгаатайгаар, эдийн засгийг дэмжвэл зохих салбар руу оруулах. Өөрөөр хэлбэл, аль салбарт хамгийн их цохилт ирж байна. Аль салбараа дэмжвэл эдийн засгийн хүндрэлийг саармагжуулах, эргэн сэргээх, хурдыг нь нэмэгдүүлэх боломжтой вэ гэдгээ судлах ёстой. Энэ бол Сангийн яамны үүрэг. Энэ ажлаа л хий. Онцгой сангуудыг бий болго, бага хүүтэй зээлүүдийг олго. ЖДҮХС шиг гурван хувийн хүүтэй зээлийг олгох нь чухал. Зээлийн хүүгийн дарамтад орсон байгууллагуудад татаас олгох замаар одоо хүндэрснийг дэмжих хэрэгтэй байна. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

В.Путин Оросын нефтийн салбарыг дэмжих удирдамж өглөө

 0 сэтгэгдэл

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Засгийн газартаа хандаж, ирэх сарын 15-ны дотор нефтийн салбарыг дэмжих төлөвлөгөө гаргаж, танилцуулахыг даалгажээ. Тэрбээр хоолой ашиглалтын Транснефть болон Оросын Төмөр зам компаниудад газрын тос тээвэрлэх хөнгөлөлттэй тариф боловсруулж, мөрдөхийг санал болгов. Энэхүү арга хэмжээ ОПЕК-тэй нефтийн үйлдвэрлэлийн гарцыг танах гэрээ хэрэгжих хугацаанд үйлчлэх юм байна. Нефть үйлдвэрлэлээр Орост тэргүүлдэг Рос нефть компанийн захирал Игорь Сечин тээвэрлэлтийн үнийг зах зээлийн үнэтэй уялдуулан бууруулахыг уриалсан юм. Түүнчлэн нефтийн талбайн үйлчилгээний томоохон компаниудыг системийн хувьд амин чухал компаниудын жагсаалтад оруулж, Засгийн газраас дэмжиж магадгүй байна. Газрын тосны үнэ унасныг дагаад үйлчилгээний компаниудын ажлын захиалга 40 хувиар доошлох төлөвтэй байгааг Эрчим хүчний сайд Александр Новак Ерөнхийлөгчид танилцуулжээ. Нефтийн үнэ 20 жилийн доод хэмжээ рүү унасны дараа ОПЕК ба бусад үйлдвэрлэгчид гарцаа 10 хувиар танахаар тохиролцсон. Дэлхийн хамгийн том үйлдвэрлэгчдийн хувьд Саудын Араб ба Орос улсууд хоёр жил үргэлжлэх таналтын үлэмж хэсгийг үүрч байгаа юм. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Айсуй хүнсний хямралыг давах Сингапурын төлөвлөгөө

 0 сэтгэгдэл
  • Хотод хүнсний үйлдвэрлэлд зориулан талбай гаргах ажил хийгдэж буйн дотор олон давхар машины зогсоолын дээвэр дээр зай чөлөөлж эхлээд байна

Дэлхийд хүн амын нягтаршлаар дээгүүр бичигддэг энэ улс идэх бараг бүх зүйлээ гаднаас авдаг. 2016 оны байдлаар 5.7 сая хүнтэй арлын улсын нутаг дэвсгэрийн 0.9 хувь буюу 700 ам км газрыг тариалангийн талбай гэж тодорхойлжээ. Сингапурчууд өөрсдөө бага үйлдвэрлэдэг ч хямд, өндөр чанартай хүнсийг элбэг хэрэглэдэг. Сүүлийн хоёр жилд тус улс хүнсний аюулгүй байдлын индексээр дээгүүр жагссан боловч COVID-19 өвчлөлийн улмаас нийлүүлэлтийн сүлжээ тасалдаж, хүнсний хангамжид анхаарахаас өөр аргагүй болжээ. Дэлхийн улс орнуудад хүнсний эрэлт нэмэгдэж, 2050 он гэхэд тавь гаруй хувиар дээшлэх төлөвтэй байгаа үед Сингапурт өсөж буй хүн амаа хооллохын сацуу газрын хомсдол, уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд зохицох зорилт тулгарлаа. Ургамал судлаач Эндрю Боррелл “Бид Сингапуртай ижил төстэй орнууд юу хийж байгааг ажиглаж, тэднээс суралцаж байна. Тэд уг асуудлыг олон жил бодож төлөвлөсөн учир одоо үр шимийг нь хүртэж байгаа” хэмээв. Цар тахлын үед энд сандарч тэвдсэнээс дэлгүүрийн лангууг хоослох үзэгдэл гарсан боловч яаралтай төлөвлөгөө ба Малайзаас хүнс татах ажлыг зогсолтгүй зохион байгуулсны ачаар хангамж тасалдаагүй. Гэвч Засгийн газар ойрын 6-24 сарын хугацаанд нутгийн фермүүдийн санхүүжилтийг нэмэгдүүлж, “илүү ихээр, түргэн ургуулах” зорилтыг дэмжинэ гэж жилийн өмнө байгуулагдсан Сингапурын хүнсний агентлаг мэдэгджээ. Тус агентлаг одоо 170 улсыг хамраад байгаа хүнсний хангамжийн сүлжээг өргөтгөх асуудлыг судалж байна. Үндэсний хүнсний аюулгүй байдлын урт хугацааны бодлого нь гурван тулгууртай стратегид суурилах аж. Үүнд, хүнсний хангамжийн эх сурвалжийг төрөлжүүлэх, гадаадад тариалах компаниудыг дэмжих болон дотоод үйлдвэрлэлээ дээшлүүлэх явдал юм. Эдгээрийн сүүлийнх нь нэлээд тулгамдсан зорилт боловч хүнсний хангамжийн тасалдлаас хамгаалахад хамгийн чухал ач холбодолтой. Тодруулбал, Сингапур одоо тэжээллэгийн хэрэглээнийхээ 10 хүрэхгүй хувийг дотооддоо үйлдвэрлэж байгаа бол 2030 он гэхэд 30 хувьд хүргэхээр төлөвлөжээ. Энэ зорилгоор тус улс босоо тариалан, хүнсний хаягдлаас тэжээллэгийг ялгаж авах, шавжийг ашиглах, бичил замаг болон мах ургуулах гэх мэт уургийн өөр эх сурвалжийн технологийг хөгжүүлэхэд анхаарч байгааг Наниангийн технологийн их сургуулийн профессор Майкл Фам онцолжээ. Хотод хүнсний үйлдвэрлэлд зориулан талбай гаргах ажил хийгдэж буйн дотор олон давхар машины зогсоолын дээвэр дээр зай чөлөөлж эхлээд байна. Засгийн газар өөр төрлийн уураг үйлдвэрлэх хөтөлбөрийн хүрээнд хотод фермийн аж ахуй хөгжүүлэх судалгаанд хөрөнгө оруулахын сацуу эрэг хавийн загасчлалыг дэмжиж эхэлсэн. Түүнчлэн голдуу ногоо, загас, өндөгний чиглэлээр ажиллах зөвшөөрөлтэй дотоодын 200 орчим фермийн аж ахуйн бүтээмжийг дээшлүүлэхэд анхаарч буй. Үүний сацуу томоохон хүнсний дэлгүүрүүд хийгээд хэрэглэгчид дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжихийн тулд бүтээгдэхүүнийг нь өргөнөөр худалдан авч байгаа аж. Хүнсний нийлүүлэлтийн тасалдал Сингапурыг өөрийгөө хангахад түлхэж буй анхны тохиолдол энэ биш. 2007-2008 оны дэлхийн хүнсний үнийн хямралын дараа энгийн хэрэглээний сагсны үнэ огцом дээшилсэн тул дотоод компаниудыг дэмжих алхам хийсэн. Эрэг хавиас эхлээд дээвэр дээр хүртэл хүнсний дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь хөдөө аж ахуйн инновац ба технологийн хувьд таатай нөхцөл болно гэж Мельбурны Монаш их сургуулийн эдийн засагч Ди Лието үнэлжээ. Тэрбээр “Тэдэнд газар байхгүй ч өндөр үр ашигтай ферм хөгжүүлэх мэдлэг, ноу хау, арга хэрэгсэл бий” хэмээн өгүүлэв.  

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ажилгүйдлийн даатгалын санг мөнгөжүүлэх замаар ажлын байраа хадгалж болно

 0 сэтгэгдэл
  • Хил хаагдаж, эдийн засгийн бүх урсгал зогссон энэ үед бизнесүүд амь зогоож, ажлын байраа алдахгүй үлдэх л чухал болчихоод байхад хөрөнгө оруулалт татах, хөгжих асуудал байхгүй

COVID-­19-­тэй холбоотой нөхцөл байдал, хөдөл­мөрийн зах зээлийг хэрхэн хамгаалах талаар эдийн засагч, эрхзүйч Б.Лхагважавтай ярилцлаа. Тэрбээр Эдийн засгийн аюулгүй байдлын зөвлөлийг нэн даруй байгуулж, нэг хүний хараат макро эдийн засгийн шийдвэрүүдээс сэргийлэх шаардлагатайг ярилц­лагадаа онцлов. 

-Нэгдүгээр улиралд ДНБ 10 гаруй хувиар агшсан нь гүнзгий хямралд орсны дохио. Та энэ тал дээр байр сууриа илэрхийлэхгүй юу? 

-Үзүүлэлт ингэж гарах нь аль хоёрдугаар сард мэдэгдэж байсан л даа. Цаашдаа ч унана. Зун, намрын дараа энэ тоо улам уруудах байх. Тэгэхээр үүнийг босгох арга хэмжээ аваач, макро түвшинд бодлого, зохицуулалтаа чиглүүлээч гэдгийг байнга хэлж байна. 

-Засгийн газраас хэрэгжүүлж буй багц арга хэмжээ байгаа оносонгүй гэж судлаачид хэлсээр ирсэн. Та үүнийг хэрхэн үзэж байна вэ? 

-Засгийн газар мөнгөний бодлого, улсын төсөв, даатгал, банкны системд цогц бодлогоо явуулах ёстой. Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь энэ дөрвийг цогцоор хамарч чадаагүй. Аль аль салбарыг нь жаахан оромдсон зүйлс хийгээд байгаа учраас сайн үр дүн гарахгүй байна. 

-Цар тахлын үед иргэдийг ажлын байртай нь үлдээхийн тулд юу хийх ёстой вэ? 

-Ажилгүйдлын даатгалын санг мөнгөжүүлэх замаар ажлын байраа хадгалж болно. Үүнийг гуравдугаар сараас эхэлчихсэн байх ёстой ч өнөөдрийг хүртэл хийгээгүй байна. Гэхдээ ойрын зургаа, долоо, наймдугаар саруудад үүнийг хийхээс өөр аргагүй. 2020 онд төрийн таван даатгалын санд хоёр орчим их наяд төгрөг төвлөрнө гэж үзвэл Ажилгүйдлын даатгалын санг өндөр хэмжээнд санхүүжүүлж, ажлын байр хадгалах, цалин хөлсийг нь олгох ажлыг зайлшгүй хийх ёстой. 2020-2022 оны ирээдүйн санхүүгээ барьцаалж бонд босгох нь чухал байна. 

-Экспортын орлого тасалдах нь тодорхой боллоо. Төсвөө хэзээ тодотгож, энэ алдагдлыг зохицуулах хэрэгтэй вэ? 

-Төрийн албан хаагчийн цалинг 100 хувь олгож байгаа шүү дээ. Чөлөөт зах зээлд ажил эрхэлж байгаа нэг сая хүн байгаагаас 700-800 мянган ажилтан бүртгэлд бүрэн хамрагдаж байгаа. Цалингаасаа даатгалаа төлж байсан гэсэн үг. Эдгээр хүмүүсийн нэг сарын цалингийн 50 хувийг өгөхөд 380 тэрбум төгрөг л хэрэгтэй. Зургаан сарын хугацаанд ингэж олгоно гэвэл хоёр их наяд төгрөг шаардлагатай. Хэрэв Засгийн газрын баталсан хөтөлбөрт энэ шингэсэн бол илүү үр өгөөжтэй байх байлаа. Харамсалтай нь энэ асуудлыг тусгаж чадсангүй. 

-Монгол Улсыг “хар”, “саарал” жагсаалтад оруулсан нь банкуудад шууд мэдрэгдээд эхэллээ. Мөн бизнесүүдэд ч нөлөөлж эхлэх төлөвтэй. Энэ нь хэр сөрөг үр дагавартай вэ? 

-Энд манайх их гэнэн маягаар хандах гээд байна. Ялангуяа банкны систем дээр. Оюутолгойн Дубайн нэмэлт гэрээгээр дэлхийн 17 банктай хамтрах, тэдний санхүүжилтийг авах болж, одоогоор 6-7 тэрбум ам.доллар орчихсон явж байгаа шүү дээ. Монголын банкны систем энэ 17 банкны хараанд орсон. Хоёрдугаарт ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, банкны системд өөрчлөлт хийхээр таван хуулиа баталсан. Гаднын банкуудаас хамааралтай байх, “хар” жагсаалтад орсон асуудлыг Оюутолгойтой уяж харах ёстой. 

-Нөхцөл байдал ингэж хүндэрсэн нь хөрөнгө оруулалт татахад түвэгтэй болгосныг бизнесийн байгууллагууд хэлж байна. Ямар зорилго, төлөвлөгөөтэй ажиллавал зохистой вэ? 

-Эрүүл мэндийн салбарын хувьд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ сайн байгаа. Харин эдийн засгийн арга хэмжээнд тусгай коммис гаргах хэрэгтэй байна. Үе үеийн Ерөнхий сайд нар, холбогдох эрх бүхий хүмүүсийг хамруулж Эдийн засгийн аюулгүй байдлын коммис байгуулж ажиллах хэрэгтэй байна. Бид хэдий болтол макро эдийн засгаа ганц хүнээс хамааралтай авч явах вэ дээ. Хэнээс хамаарч буйг та бүхэн маш сайн мэдэж байгаа байх. Мөн сонгуульд зориулж маш их мөнгө хэвлэж байна. Үүний нөлөө наадмын дараа мэдрэгдэнэ. Тиймээс аж ахуйн нэгжүүд сонгуульд зориулсан мөнгө хэвлэлт, баталгаагүй бондоос үүсэх эрсдэлд долдугаар сараас эхэлж бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хил хаагдаж, эдийн засгийн бүх урсгал зогссон энэ үед бизнесүүд амь зогоож, ажлын байраа алдахгүй үлдэх л чухал болчихоод байхад хөрөнгө оруулалт татах, хөгжих асуудал байхгүй. Коронавирусээс шалтгаалаад эдийн засаг, нийгэм, улс төрийн бүх үйл явдал өөр болж байна. Үүнд зохицсон байдал руу компаниуд хурдан орох хэрэгтэй. Хамгийн наад зах нь мэдээллийн технологи, мөнгөний урсгалын асуудал, ажлын байраа хадгалахын тулд Ажилгүйдлын даатгалыг төртэй хамтарч 3-6 сар аргацааж болно. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

О.Орхон: Худалдаа, хөгжлийн банк $500 саяын бондоо хугацаанд нь амжилттай төлж, Монгол Улсынхаа нэр хүндийг олон улсын зах зээлд өргөлөө

 0 сэтгэгдэл
  • Манай Засгийн газрын бонд тухайн үед 5-6 хувийн хүүтэй байсан бол одоо зарим нь 10-аас дээш хувийн хүүтэй хоёрдогч зах зээлд арилжаалагдаж байна. Энэ бол зах зээл яаж хямарсныг харуулж байна
  • Бусад улс орнууд дефолт зарлаж байгаа энэ үед манай улс, тэр тусмаа манай арилжааны банк яг цаг хугацаанд нь үүргээ хүлээж, төлбөрөө гүйцэтгэсэн нь маш том эерэг нөлөө болж байна
  • Олон жилийн турш гадаад худалдаа, төлбөр тооцоог гүйцэтгэж, бусдаас түрүүлж алхаж явсны үр дүнд мөнгө угаахтай тэмцэх, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг ажиллагаанд банкууд харин ч олон улсын стандартад хүрсэн. Гол шалтгаан нь манай дотоодын хууль, эрх зүйн орчин, бусад салбарын далд эдийн засагтай холбоотой асуудлууд болон сүүлийн үед гадаадад өрнөөд байгаа хар тамхи, хууль бус сүлжээ гэх мэт зүйл болж байгааг ойлгох нь зүйтэй 
  • Сүүлийн үед сэргэлт удаж, уналт удаан үргэлжлэх юм байна гэдэгт санал нэгдэж эхэлж байна. Тэгэхээр манай улсын хувьд ч гэсэн хэт өөдрөгөөр төсөөлж болохгүй

Өнгөрсөн долоо хоногт олон улсын санхүү­гийн зах зээл дээр Худалдаа, хөгжлийн банк таван жилийн өмнө арилжаалсан 500 сая ам.долларын бондоо 100 хувь өөрсдийн эх үүсвэрээр бүрэн төлсөн сайхан үйл явдал болсон билээ. Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхонтой энэхүү үйл явдал болоод COVID­19 цар тахалтай холбоотой банкны салбарын нөхцөл байдал, улс орны эдийн засаг, цар тахлын дараах үеийн бизнесийн төлөв байдлын талаар хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Урилгыг хүлээн авч бидэнтэй ярилцаж байгаад баярлалаа. Худалдаа, хөгжлийн банкны хувьд тав дахь удаагийн бондын эргэн төлөлтийг эдийн засгийн хүнд нөхцөлд амжилттай төллөө гэсэн таатай мэдээллийг бид онцолж байна. Энэ том хэмжээний эргэн төлөлт хийхэд ямар хүндрэл, бэрхшээлүүд тулгарч байв? 

-Манай Худалдаа, хөгжлийн банк 2007 онд анх бонд гаргаснаас хойш тав дахь удаагийн буюу 2015 онд олон улсын зах зээлд гаргасан бондоо амжилттай төллөө. Энэ бонд өмнөх бондуудаас илүү онцлогтой байсан. 2015 онд эдийн засгийн маш хүндрэлтэй нөхцөл байдалд бид бондоо амжилттай гаргаж чадсан. Тухайн үед түүхий эдийн үнэ уначихсан, Монгол Улсын эдийн засгийн өсөлт өмнөх оныхоос 5.6 нэгж хувиар буурч, хоёр нэгж хувь болчихсон, цаашлаад бүтэн жилийн хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалт дөнгөж 64 сая ам.доллар байв. Мөн валютын нөөц нэг тэрбум ам.доллараас доошоо орчихсон байсан шүү дээ. Ийм үед анх удаа олон улсын зах зээл дээр хагас сая ам.долларын бонд амжилттай гаргасан юм. Мөн Засгийн газрын баталгаатай гаргасан хамгийн анхны бонд байсан. Түүнчлэн гаднаас оруулж ирсэн эх үүсвэрийг шууд Монгол Улсын валютын нөөцөд тушаасан. Өөрөөр хэлбэл, Монгол банктай своп хэлцэл хийж, худалдсанаар валютын нөөцийг өсгөсөн гэх мэт онцлогтой бонд болсон юм. Тухайн үед улсын өр дээд хэмжээнээс давчихсан, Засгийн газар гадаад зах зээлээс бонд босгох боломж тааруу байсан. Харин хувийн хэвшил, төр хамтран ажиллаж, хуулийн хүрээнд Засгийн газрын баталгаатай анхны арилжааны банкны бондыг гаргасан юм. Энэ нь төр, хувийн хэвшил хэрхэн хамтарч ажиллаж болдгийг харуулсан үйл явдал байв. Өнөөдөр энэхүү бондоо Засгийн газрын нэг ч төгрөг оролцуулахгүйгээр ХХБ өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж, хааж чадлаа. Энэ бол зөвхөн банкны биш, Монгол Улсынхаа нэр хүндийг олон улсад дахин баталж, сэргээсэн амжилт байлаа. Бид чадсан гэж бахархаж байна. Энэ бүх хугацаанд хамтарч ажилласан үе үеийн Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нарт мөн талархал илэрхийлье. Өнгөрсөн таван жилийн хугацаанд бид дөрвөн Сангийн сайд, Монголбанкны гурван ерөнхийлөгчтэй хамтарч ажилласан байна. 

-Энэ хүнд үед өөрийн эх үүсвэрээр бондын эргэн төлөлт хийсэн нь зөвхөн ХХБ-ны тухайд биш Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинд эерэг нөхцөл бүрдүүлж чадлаа. Хөрөнгө оруулагчдын болгоомжлол хэр байв? 

-Харамсалтай нь COVID-19 цар тахалтай холбоотой хямрал дэлхий нийтэд аль хэдийн нүүрлэсэн. Дахин санхүүжүүлж чадахгүй, бондын болон хувьцааны зах зээл тэр чигтээ уналтад орчихсон зэрэг шалтгаанаар олон улс орны Засгийн газрын бондууд дефолт зарлалаа. Хэрэв өнөөдөр бонд гаргавал маш өндөр хүүтэй л гаргах эрсдэлтэй цаг үе тулгараад байна. Жишээ нь, манай Засгийн газрын бонд тухайн үед 5-6 хувийн хүүтэй байсан бол одоо зарим нь 10-аас дээш хувийн хүүтэй хоёрдогч зах зээлд арилжаалагдаж байна. Энэ бол зах зээл яаж хямарсныг харуулж байна. Мэдээж хөрөнгө оруулагчид санаа зовж байсан. Юун түрүүнд Монгол Улсын макро эдийн засгийн нөхцөл байдал, дээрээс нь манай банкны секторын үзүүлэлтүүд, хөрвөх чадвар зэргийг хараад “энэ мөнгийг яаж төлөх бол”, “Монгол Улсын валютын нөөц нэг удаагийн том төлбөрийг даах уу”, “цаашдаа эдийн засагт нь ямар үр нөлөө үзүүлэх бол” зэрэг санаа зовоосон асуудлууд олон улсын зах зээлд хөвж байсныг нуухгүй. Бид энэ бүгдэд эерэг хариулт өгсөн гэсэн үг. Цар тахлын энэ үед манай бүс нутгийн эдийн засаг ч мөн хүнд байна. Сүүлийн 20 жилд манай улсын эдийн засаг анх удаа 10 гаруй хувийн агшилттай гарлаа. Дэлхийн санхүүгийн хямралын дараа буюу 2009 онд -1.6 хувь байсан. Гэтэл одоо эхний улирлын байдлаар ийм их хэмжээний уналттай гарч байна гэдэг бол том дохио. Хөгжингүй улс орнууд ч гэсэн recession буюу эдийн засаг нь уналтад орсноо албан ёсоор зарлаад байна. Ийм учраас дэлхий нийтийг хамарсан энэ том хямралыг Монгол Улс ямар бодлогоор хэдий хугацаанд хэрхэн давж гарах нь өнөөдрийн хамгийн чухал асуудал болоод байна. 

-Гүнзгий хямрал хэр удаан хугацаанд үргэлжлэх вэ гэдэгт бодитой хариулт хэлэх хүн цөөхөн байна. Одоогийн “10 хувийн уналт дөнгөж эхлэл ч байж магадгүй” гэж эдийн засагчид таамаглаж байна. Таны төсөөлөл ямар байна? 

-Тийм ээ, цаг хугацаа өнгөрөх тусам нөхцөл байдал амаргүй байх нь ойлгомжтой болж байна. Дэлхий нийтийн шинжээчид V хэлбэрийн огцом сэргэлт байх уу, эсвэл дунд зэргийн хурдаар сэргэх үү, эсвэл бүр ёроолдоо тулаад, тэр чигээрээ удаан хугацаанд үргэлжлэх үү гэдэгт олон янзын санал, дүгнэлт гаргаж байсан. Гэхдээ сүүлийн үед сэргэлт удаж, уналт удаан үргэлжлэх юм байна гэдэгт санал нэгдэж эхэлж байна. Тэгэхээр манай улсын хувьд ч гэсэн хэт өөдрөгөөр төсөөлж болохгүй. Мэдээж бусад оронтой харьцуулахад цар тахалд хамаагүй бага өртсөн ч эдийн засаг үүнээс үл хамаараад хямралд өртөх аюултай. Ялангуяа экспорт, дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээ буурч, ажилгүйдэл нэмэгдэж байна. Төсвийн орлого бидний төсөөлж байснаас их хэмжээгээр тасалдахаар байна. Одоохондоо экспорт, импорт нам дор түвшинд байгаа учраас валютын ханшийн нөлөө бага. Хэрэв импорт нэмэгдэж, эдийн засгийн идэвхжил сэргэвэл ханшид нөлөө үзүүлнэ гэх мэтээр илүү сөрөг, консерватив байдлаар, урт хугацааны төлөв байдлаа харж таамаглах ёстой байх. 

Зээл эргэн төлөгдөж, шинээр олгогдож байж эдийн засаг хөл дээрээ босож, хөгждөг

-Харьцангуй бядтай орнууд асуудлыг эдийн засагтаа ашигтай байдлаар шийдэх оролдлогуудыг идэвхтэй хэрэгжүүлж байна. Харин манайд хямралын үед тогтоож үлдэх арга хэрэгслүүд хангалтгүй байна. Бодлогоо юунд төвлөрүүлбэл зөв бэ? 

-Томоохон улс орнууд эдийн засгаа тогтворжуулах, уналтыг аль болох сааруулах, удаашруулах, зөөлөн газардуулах тал дээр маш их хэмжээний хөрөнгө мөнгөний дэмжлэг үзүүлж байна. Одоохондоо цар тахлын хүрээ үргэлжлэх хугацаа, түүний үр дүнг тооцох аргагүй учир зарим нь бүр хязгааргүй дэмжлэг үзүүлнэ гэдгээ ч зарласан. Гэхдээ төв банк нь өөрсдөө хөрвөх валют, ам.доллар, фунт, евро хэвлэх чадвартай улсууд учраас эдгээр дэмжлэг нь нөлөө үзүүлж магадгүй. Харамсалтай нь бидэнд ийм боломж байхгүй. Бид валют хэвлэж чадахгүй, төгрөг л хэвлэнэ. Тиймээс бусад улс орны жишгээр эдийн засаг руугаа ямар нэг хэмжээгээр мөнгөний эргэлт оруулахгүйгээр эндээс гарна гэж байхгүй. Манай улсын жижигхэн эдийн засгийн хувьд чадах чинээгээрээ хичээж, боломжит арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Гэхдээ ийм хямралтай үед эдийн засаг дахь мөнгөний эргэлтийг нэмэх гол асуудлаа орхигдуулаад байна. Иргэдийн хэрэглээний зээлээс эхлээд, жижиг, дунд үйлдвэрлэгчдийн зээл, цаашилбал томоохон аж ахуй нэгжүүдийн бизнест ч энэ байдал нөлөөлж эхэлж байна. Энэ бүх зээл эргэн төлөгдөж, шинээр олгогдож байж эдийн засаг хөл дээрээ босож, хөгждөг. Гэтэл өнөөдөр эргэлт үндсэндээ зогсох тал руугаа хандаж байна. Цаашлаад банкны секторын хэмжээнд төлбөр хойшлуулж буй зээлүүд ойролцоогоор их наяд руу тоологдож эхлэх байх. Ингэснээр шинээр олгох боломжтой зээл, эргэн төлөгдөх байсан эх үүсвэрүүд доод тал нь зургаан сар, цаашлаад үйл ажиллагааны онцлогоос хамаарч 1-2 жилээр хойшилж байна. Энэ эргэлт гацаанд орохоор шинээр зээл олгох мөнгөгүй л болно гэсэн үг. Тэгэхээр төв банк болоод төр Засгийн зүгээс мөнгөний эргэлтийг зогсоож болохгүйг анхаарах нь чухал. Шинээр зээл олгох эх үүсвэрийг зайлшгүй гаргаж өгөх хэрэгтэй. Мэдээж валютын ханш огцом өсөх, мөнгөний ханш, инфляц унах гэх мэт эрсдэлүүд байна. Гэхдээ валютын ханш, инфляц 10 хувь болохоос эдийн засаг 10 хувиар унах нь илүү хор уршигтай. 

-Бидний нэрлэдгээр “хар жагсаалт”-д орох эрсдэл санхүүгийн салбарт тодорхой нөлөө үзүүлнэ гэж шинжээчид хэлж байна. Та ямар байр суурьтай байна вэ? 

-Мэдээж нөлөө үзүүлнэ. Гэхдээ санхүүгийн сектороос болоод “саарал” болон “хар” жагсаалтад орж байгаа мэт ард түмэнд ойлголт өгөх оролдлого байгааг няцаамаар байна. Олон жилийн турш гадаад худалдаа, төлбөр тооцоог гүйцэтгэж, бусдаас түрүүлж алхаж явсны үр дүнд мөнгө угаахтай тэмцэх, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг ажиллагаанд банкууд харин ч олон улсын стандартад хүрсэн. Гол шалтгаан нь манай дотоодын хууль, эрх зүйн орчин, бусад салбарын далд эдийн засагтай холбоотой асуудлууд болон сүүлийн үед гадаадад өрнөөд байгаа хар тамхи, хууль бус сүлжээ гэх мэт зүйл болж байгааг ойлгох нь зүйтэй. Монголын арилжааны банкуудын бүх гүйлгээ төв банкаар дамждаг шиг дэлхийн бүх улсын ам.долларын гүйлгээ Америкийн банкуудаар л дамждаг. Тэнд дансгүй бол ам.долларын гүйлгээнээс үндсэндээ хасагдаж байна гэж ойлгох хэрэгтэй. Citi болон Америкийн банкууд дээр шууд харилцаатай данс нээсэн Deutsche Bank, HSBC, Standard Chartered зэрэг банкууд аль хэдийн гараад явчихсан. Европт энэ асуудал чангарснаас болж Монгол Улсад гаднын банкны төлөөлөгч болж байсан хамгийн анхны банк болох Нидерландын ING банк оффисоо татан буулгаж, Монголын бүх банкууд дахь дансаа хаалаа. Энэ мэт асуудлууд цаашдаа үргэлжлэхийг үгүйсгэхгүй. Өнөөдөр манай Монгол Улсын нийт гадаад төлбөр тооцооны 80 гаруй хувийг ХХБ дангаараа гүйцэтгэж байна. Энэ бол маш том хариуцлага, бас эрсдэл. Бид мөнгө угаах, терроризмтой тэмцэх ажилд бүхий л анхаарлаа хандуулж байна. Олон харилцагчийн гүйлгээг шалгаж явуулах, түүнтэй холбоотой зардлууд нэмэгдэж, гадаад төлбөр тооцоо нэг банкаар явдаг байсан бол одоо 2-3 банкаар дамжиж гүйлгээ хийгдэж байна. Энэ зардал чирэгдлүүд эргээд харилцагчдын нуруун дээр л ирдэг. Энэ бол зөвхөн банк, санхүүгийн салбар, төр засгийнхан анхаарлаа хандуулах ажил биш. Монгол Улсын аж ахуй нэгж, иргэн бүр үүнийг ойлгож, хамтарч ажиллаж байж “хар” жагсаалтаас гарах боломжтой. 

-Магадгүй тодорхой хугацааны дараа хямралын араас өсөлт бий болно. Цар тахлын дараах бизнесийн ертөнц хэрхэн өөрчлөгдөх бол. Ертөнцийн дүрэмд өөрчлөлт орохуйц хямрал байх болов уу. Та ямар хүлээлттэй байна вэ? 

-Хорвоо дэлхий яаж өөрчлөгдөхийг хэлж мэдэхгүй байна. Бид олон улсын түншүүдтэй байнга харилцах хэрэгтэй байдаг. Харин одоо цар тахлын нөлөөгөөр үйл ажиллагаа, гадаад харилцаа илүү түргэн шуурхай болж байна. Бүх хурал зайнаас, онлайнаар явж байна. Заавал ирж, очихгүйгээр зохицуулж болж байгаа нь өндөр зардал, цаг хугацаа, орон зайг хэмнэж байна. Мөн бид дотооддоо ч ажилтнуудаа зайнаас ажиллуулж болдог, харилцагчид заавал банкинд ирэх шаардлагагүйгээр дижитал үйлчилгээг авч сурч байна. Банк заавал 24 цагаар, амралтын өдрүүдээр ажиллах шаардлагагүйг бас харуулж байна. Энэ бүгдийг тодорхой хэмжээний дэвшил гэж хэлнэ. Харин нөгөө талаас хөрөнгө мөнгө босгох, томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, санхүүжүүлэх, хөрөнгө оруулалт хийх үйл явц харьцангуй удаашрахаар байна. Учир нь энэ бүхэн глобалчлалын эсрэг зүйл болж хувирлаа. Тиймээс тухайн улс орон бүр өөрсдийнхөө худалдаа, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, орон нутгийнхаа эдийн засгийг тэтгэхийг зорьж байна. Зарим улс орон олон улсын зах зээлд гарах, глобалчлах ажиллагаа явуулах шаардлагагүй гэх үзэл санааг ч гаргаж ирж байна. Энэ цаг үетэй давхцаад өрнөж байгаа “худалдааны дайн” гэх мэт асуудлыг харахад улс орон дамнасан том төсөл хөтөлбөрүүд буурах хандлагатай гэсэн таамаглалтай байна. 

-Цаг гарган бидэнтэй ярилцсан танд баярлалаа.