A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3200/

Угаарын хий бол тэнэмэл хий

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3200/
С.Батсайхан /ЗГМ

Дараагийн хувьсгал нь газ, эсвэл цахилгаан халаагуур болж орж ирнэ

И.Цэрэнхүү
Социологич, памфлет нийтлэлч

Монгол орон хүйтний улирал руу шилжин орох яг энэ үед нийслэлчүүдэд гэнэтийн гамшиг тохиолдлоо. УБ-ын 260 мянган яндантай угаарт хордсон өрхийн тоог харьцуулаад үзэхэд юү ч биш байх л даа. Үнэндээ нүүрс хэрэглэгчдийн 0,01 хувь нь л угаарт өртлөө гэх хүн байна. Гэтэл нэг биш жирийн иргэний алтан амь золигт гарлаа. Цаашид ч эрсдэлтэй хэвээр байна. Энэ бол гамшиг, хүний амь эрсдлийг тоогоор үнэлж болох уу. Яагаад ийм байдалд хүрэв.

Нэг. Тогтолцооны буруу. Инноваци, шинэ технологийн буруу гэж юу байхав дээ, дэлхий даяар л мөрдөгдөж байгаа технологи. Тэгээд ч ДЭМБ-ын тусгай зөвлөмж дор хийгдэж байгаа ажил. Үнэндээ бол монголчуулын түлш хэрэглээний салбарт хийгдэж байгаа чанарын хувьсгал, ухрах арга зам байхгүй. Технологи, түлш үйлдвэрлэлийн стандарт яг горимоороо явсан уу гэдэг дээр ч тийм гэсэн л нэг мөр хариу гарч байгаа бололтой. Аливаа удирдлагад босоо болон хэвтээ тэнхлэгийн удирдлага гэж бий. Босоо тэнхлэг нь салбарын яам, хэвтээ тэнхлэг гэдэг нь орон нутаг буюу хот юм. Салбар хийдгээ л хийж, харин хот юу ч хийсэнгүй гэсэн дүгнэлт гарч байгаа юм байна. Учир нь хотын удирдлага, шахмал түлшний хэрэглээний горимыг гаргаж мөрдүүлсэнгүй. Шинэ технологи нэвтрүүлэлтэд иргэдээ бэлтгэж чадсангүй. Үүний цаана нөгөө л босоо, хэвтээ тэнхлэгийн уялдаа байхгүй, хоёр тэнхлэгийн огтлолцол нэгдмэл удирдлага гэдэг ойлголт ерөөсөө байхгүй. Угаас дээрээ гүйцэтгэх засаглал нь 78 эзний дунд хийдэн эзгүйрсэнтэй холбоотой юм. Ганц угаар ч биш бүх ажил дээр тулж байгаа хүндрэл бол энэ. Үүнийг чагтан тогтолцоо гэдэг. Хэрэв өөрчлөөгүй нөхцөлд эрдэнэт хүний амь аль нэг салбарт цаашид ч эрсэдсээр байх болно.

Хоёр. Хариуцлага. Нэгэнт шинэ технологи нэвтрүүлэх нь жилийн өмнөөс зарлагдсан. Үүнийг сайн санаж байна. Тэгвэл хэрэглээний горимыг ч ялгаагүй мөн л жилийн өмнөөс ард иргэдийн өмнө гарган тавьж, мэдээллээр бүрэн хангах ёстой. Энэ ажил огт хийгдээгүй. Одоо ч маш хатуу төлөвлөгөө, зорилготойгоор сэтгэл гарган хандаж хийх л ёстой ажил.

Гурав. Иргэдийн ойлголт. Мэдээж шинэ зүйлд дасан зохицтол хугацаа хэрэгтэй. Гол нь үүнд байгаа юм биш. Анхнаасаа ойлголтын буруу зөрүү яваад л байсан. Шахмал түлш мэдээж илчлэг сайтай, утаа тортог гарахгүй, тээвэрлэлтийн хүндрэл байхгүй гээд олон олон давуу талтай. Гэхдээ хэрэглээний нарийн стандарт шаарддаг. Харамсалтай нь хэрэглэгч хувийн бодол шийдлээр хандаж болдоггүй эд. Энд, гарцаагүй нэг мөр ойлголт авах ёстой зарим нэг зүйлийг хэлье. Тухайлбал дэгдэмхий хий гэж буруу яриад байна. Энэ бол дэгдэмхий гээд дээшээ хөөрчихдөг гэдгээр нь биш түргэн тархдаг чанартай талаас нь ойлгох ёстой.

Тэнэмэл хий! Метантай төстэй, хаана ч очоод хургачихаж мэдэх чадвартай, нүх сүв бүрээр нэвчин тархаж чадах ер бусын хий. Амт, үнэр, үзэгдэх харагдах шинж тэмдэггүй болохоор хүн тоодоггүй, үүгээрээ утаанаас ялгаатай. Амьсгалын замаар дамжин хүний биенд нэвчин, цусанд шингэнэ. Хүний тархи хоногт 650 гр цэвэр цусны экстрат бэлдмэл шаарддаг. Угаартай орчин нөхцөлд тaрхинд очих цусан бэлдмэлийн найрлага, хүчилтөрөгчийн дутмагшлаас үүдэлтэйгээр тархи зүгээр л үхждэг юм. Хүрэн нүүрстэй харьцуулахад нэг дор бөөнөөр биш, бага багаар дасган түлэх шаардлагатай байдгийг анзаарах ёстой. Шаталтаас үүссэн хорт хийн тоосонцор үнсэнд ч агуулгадгийг ойлгох ёстой юм.

УТАА ГЭГЧТЭЙ ТЭМЦЭХ ЯРИА НЬ УГААСАА УТГАГҮЙ

Ийм ухагдахуун дэлхий дээр хаана ч байхгүй юм билээ. Утаа бол дайсан биш, тухайлбал, экологийн түлшний шаталтаас гарсан утаа хүний бие эрхтэнд ямар ч хор нөлөөгүйг агаарын бохирдолтой тэмцэх даяарын байгууллагууд олж тогтоогоод удаж байна. Монголчууд үүнийг эртнээс мэдэрсээр ирсэн үндэстэн. Аргалын утаа хортой байсансан бол өнөөдөр нэг ширхэг ч монгол хүн үлдэхгүй байлаа. Монголчууд тамирдаад уначихсан малаа хүртэл хадны хүж өвс уугиулан утаж байгаад босгоод ирдэг уламжлалтай ард түмэн.

Утаатай тэмцэх, утаагүй зуух, угааргүй нүүрс...үргэлжилсэн энэ утгагүй яриагаа зогсоогоосой гэж их хүлээлээ. Зогссонгүй, бүр санхүүжүүлэх тал руугаа явчихлаа. Тэвчээр барагдахдаа, шүүмжлээд нэмэр болохгүйг мэдэх хойно, ДЭМБ-ын тусгай зөвлөмж (Indoor air pollution)-г ядаж битгий зөрчөөсэй гэсэндээ үүнийг анхааруулж байна.

Тэр зөвлөмж бол бизнес хийх гэсэн манай хэдэн инженер, судлаачдын суртал, улс төрийн хоол хүнс биш, Азийн хэд хэдэн орон, түүний дотор Монголд хийсэн гүнзгийрүүлсэн судалгаанд суурилсан, дэлхийн нэртэй (зарим нь нобелийн шагналтай) эрдэмтдийн тархиар бүтээгдсэн баримт бичиг. Шууд аваад хэрэглэх гарын авлага, бодлого боловсруулах суурь мэдээлэл, гишүүн улс орнуудын заавал мөрдөх эрхийн хэм хэмжээ юм шүү дээ. Тэр зөвлөмжийг түгээмлээр хэрэгжүүлэх, нарийвчилсан судалгаа явуулах, хяналт тавих үүрэг бүхий "Aгаарын бохирдол даяарын холбоо" НҮБ-ын дэргэд ажиллаж байдгийг дашрамд мэдээлье.

УТААТАЙ ТЭМЦЭХ БИШ УГААРТАЙ ТЭМЦЭХ ЁСТОЙ

Дэлхий даяар нэгэнт тогтсон ойлголт нь утаа биш агаарын бохирдол (air pollution). Дэлхийн бүх улс орнуудад нийтлэг мөрдөгддөг ухагдахуун нь энэ. Нүүрсний утаан дотор нүдэнд үзэгдэж харагдах утаа майнаас гадна түүнээс хэдэн мянга дахин илүү хортой нүдэнд үл үзэгдэх бодис, химийн хортой нэгдлүүд агуулагдаж байдгийг ДЭМБ-аас тогтоосон.

Өчүүхэн жижиг Монгол Улс наад захын тусламж зөвлөгөө авах гэтэл ойлголтын зөрүү гарах учраас дэлхийн байгууллагатай зөрчилдөөд нэмэргүй л дээ. Цаашлаад, ДЭМБ-ын түгээмэл зөвлөмжийг зөрчсөн, утгыг нь гуйвуулсан гэдгээр орж ирэх торгуулийг манай төсөв даахгүй. Хятад болон Европын жишгээс гэнэт санаа аваад, агаар бохирдуулсны төлбөр нэхвэл ДЭМБ л лавтайяа бидний талд зогсохгүй, “айл хэсэгчид” үүнийг нэг дэнслээд үзээрэй.

АГААРЫН БОХИРДЛЫН ИНДЕКСИЙГ ДОЛООН ТҮВШИНГЭЭР ГАРГАДАГ

0-50 бол эрүүл (ногоон)

51-100 бол байж болох эрүүл (шар)

101-150 бол мэдрэмтгий хүнд эрүүл бус (бор)

151-200 байвал нийтлэг эрүүл бус (улаан)

201-300 болохоор хортой (нил ягаан)

301-500 гэхээр нэн хортой (саарал)

500-аас дээш гарвал гамшиг гэж үзэж хараар тэмдэглэдэг байна.

ДЭМБ утааны асуудлаар 2014 онд тусгайлан хуралдаж, “агаарын бохирдол” (аir pollution) гэж нэрлэж байхаар тогтсон юм билээ. Хурлаар агаарын бохирдол ихтэй Хятад, Энэтхэг зэрэг улс орнуудад хийсэн судалгаануудаас гаргасан дүгнэлтийг авч хэлэлцсэн юм байна. Тэнд, зуухны тухайд ч тусгайлан асуудал болгон хэлэлцсэн байдаг. Зууханд нүүрс түлснээс гарах утааны хор нь уушги, дотор эрхтнийг цагийн дотор 400 ширхэг янжуур татсантай тэнцэх хэмжээнд хордуулдаг гэсэн дүгнэлтийг Калифорны Их сургуулийн профессор Кирк Смитт илтгэж олныг алмайруулсан байдаг юм. Агаарын бохирдлоос дэлхий дээр жилдээ долоон сая хүн, түүний тал нь угаараас үүдсэн хорт хавдраар үхэж байна гэдэг статистик бас л хирд хиймээр сонсогдож байна. Энэтхэг улс 700 сая яндантай, (манайх нийслэлдээ 240 мянган яндантай), үүнийг орон сууцжуулах aргаар шийдэх техникийн боломж байхгүй гэдгийг Делийн Их сургуулийн профессор Калпана Балакришан илтгэсэн, маш тодорхой технологи шаадлагатай байгааг санал болгосон байдаг юм. Манайх одоо байгаа хүчин чадлаараа 240 мянган янданг орон сууцжуулна гэвэл 20 жилийн хугацаа шаардлагатай.

Хурлаас, дэлхийн хөгжиж байгаа орнуудын төвшинд зориулсан тусгай зөвлөмж (Indoor air pollution) гарсан. Тэр нь эрх зүйн хэм хэмжээний статустай юм байна. Хөгжиж байгаа орнууд заавал хэрэгжүүлэх ёстой. Эс бөгөөс торгууль орж ирэх үндэслэлтэй. ДЭМБ-ын хурлыг хүндэтгэн НҮБ-аас, SE4All, "Экологийн түлш" даяарчилсан холбоо гэсэн хоёр төсөл хэрэгжүүлэхээр болжээ. НҮБ, ДЭМБ-ын хүчин чармайлтын үр дүнд хоёр том дүгнэлтэд санал нэгдэцгээсэн байна.

1. Зуух ямар байх нь хамаагүй, гагцхүү шаталтаас гарсан хорыг тархаахгүй тусгай шүүлтүүрээр авч үлдэх ёстой.

Шүүлтүүрийн тухай хэн нэгэн ярих л ёстой гэж би маш их хүлээсээн, хэн ч энэ талаар ганхийсэнгүй. Улаанбаатарт байгаа 240 мянган янданг бүгдийг нь шүүлтүүртэй болгох ёстой. Шүүлтүүрийн үйлдвэр яаралтай барьчихвал гаднаас оруулснаас хямд төсөр байх болно. Яндангаа стандартын болгоод, айл өрхүүд зуухныхаа хүхээгийг яндандаа тааруулах ёстой болно. Тэгэхээр зуух бол чухал биш. Гоёмсог зуухтай байх нь төрийн биш хувь хүн, айл өрхийн асуудал. Харин шүүлтүүртэй яндантай байх нь л бодлогын асуудал болж таарлаа.

Барууны орнуудад, жишээ нь Австрид жижиг, том оврын зуухны яндангийн шүүрийг тодорхой хугацаанд тусгай хүмүүс сольдог юм билээ. Багтай, иргэний хамгаалалтын хувцастай сүртэй юм болно. Хичнээн их хортой байдгаа нь эндээс ойлгомжтой. Гэрийн зуух, их бага оврын уурын зуухнууд, ДЦС-ын яндан...бүгдийг хуу шүүлтүүртэй болгох ёстой. Авто машины янданд хүртэл шүүлтүүр тавьж, мэргэжлийн хяналтыг чангатгах хэрэгтэй болно.

2. Түлш ямар байх нь хамаагүй биш, гагцхүү экологийн түлш хэрэглэх.

Шууд мэдээж хэрэгжихгүй, гэхдээ хэрэгжих боломжтой. Хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ бол энэ. Манайд бол боломжтой, бас уламжлал бий. Аргал, хотны хөрзөн оруулсан био-экологийн шахмал түлш үйлдвэрлэх боломжтой. Нүүрсний энд дөхөж очих элчтэй био түлшний стандарт технологи бий ч үнэтэй тусна. Түгээмлээр хэрэгжих боломжгүй сөрөг талтай. Тэгэхээр шахмал түлшинд нүүрс заавал орж таарч байна. Нүүрсний гүйцэд шаталт дээр ойлголтын зөрүү бий. Хүрэн нүүрсийг технологийн зуух ашиглан гүйцэд шатаах нь угаараас хэд дахин давсан хортой үнсэн тоосонцор ялгаруулдаг болохыг ДЭМБ-ын судалгааны хэсгээс тогтоочихсон. Тэгэхээр утаагүй зуухны гайхамшгийг орхих хэрэгтэй болж байна. Ер нь бол, үнсээ тусгай зориулалтын хүүдийд хийж зайлуулах шаардлагыг манай ЭМЯ яаралтай хэрэгжүүлэх ёстой. Агаарт үй олноор нь хөнөөх цианы хүчлийн тоосонцор илэрсэн нь үнстэй холбоотой. Харин өөрөө гүйцэд шатдаг нүүрсийг шахмал түлшинд оруулж ашиглах гарц байгаа юм. Энэ чилэлээр сайд Ц.Даваасүрэнгийн “аажимдаа коксжсон нүүрсний хэрэглээнд алхам алхмаар шилжих бодлого барина” гэсэн санаа зөв өө.

Агаарт үй олноор нь хөнөөх цианы хүчлийн тоосонцор илэрсэн нь үнстэй холбоотой

Монголоороо байна гэж элийрээд, элийрэлдээ солиороод асуудалд алийн болгон дандаа хэрэглээ рүү далжийсан ахуйн сэтгэлгээгээр хандах ёстой юм бэ.

Европын соёл бол буутай соёл гэж үздэг УИХ-ын гишүүн байна. Элийрэл биш үү. Бүгдээрээ орон сууцаараа эмнэлэг хийчихээд бөмбөгөр цагаан гэрт гарч амьдарцгаая гэж тулгадаг, болохгүй гэсэн бүхнийг тархины тураалтай гэж доромжилдог. УИХ-ын гишүүн байна, солиорол биш үү. Утаагүй (угааргүй?) зуух байгаа гэж итгүүлэхийг оролддог УИХ-ын гишүүн байна, балайрал биш гэж үү. Дэлхийтэй зөрчилдөөд бид хаачих юм бэ. Дэлхий даяарын алеяансуудын зөвлөгөөг сонсч, дэлхийтэйгээ, ялангуяа Европын соёлтой нэгэн голдиролд багтаж амьдрах ёстой шүү. Механизм нь гэвэл технологийн дэвшил, өөр гарц байхгүй.

УТААНД АГУУЛАГДДАГ ХОРТ БОДИС

ДЭМБ-ын хуралдаан дээр маш их сонирхол татсан зүйл бол утааны хорны илрэх шинжийн тухай асуудал байсан юм билээ. Учир нь аль ч улсын оршин суугчид нүдэнд харагдсан утаа гэдгээр нь тэмцээд нүдэнд харагдахгүй нэн хортой бодисыг анхаарлын гадна орхих хандлагатай холбоотой юм. Манайхан, УИХ-ын гишүүд яг энэ байдлаар хандаж, дэвшлээс хоцрогдож, ард түмний тархийг угааж байна. Шинэ зуух, муух болсноо нүүрс түлж үзүүлчихээд утаа үнэртэж байна уу, “Үгүй”. Утаа нүдэнд харагдаж байна уу, “Үгүй”. Шийдлээ, цэг! Ингэж л хандаж байна.

Манай хэд хэзээ шинжлэх ухаанч болох вэ гэдгийг хүлээх хэрэггүй. Учир нь асуудал хуримтлагдаж, даамжирвал энэ хэдийн сэтгэлгээний өөрчлөлтийг хүлээхгүй. Хурлын гол бичиг баримтын дагалдах хавсралт материалуудаас иш болгоод хамгийн хортой гэсэн хэдэн бодисын тухай мэдээллийг энд хавчууллаа. Голдуу нүдэнд харагдахгүй, хамарт үнэртэхгүй бодис байдаг юм байна.

1. Угаарын хий (СО).

Өнгөгүй, үнэргүй, аймшгийн хортой, нягтралтай тунгаар бол үхлийн аюултай! Түүхий нүүрс, нүүрсний дутуу шаталтаар үүссэн угаарын хий амьсгалын замаар дамжин цусанд нэвчиж хемоглобинтой урвалд орон, цусанд хүчил төрөгч орох сувгийг бөглөнө. Аажмаар хордуулна, цусаар удам дамжина.

2. Угаарын хий (СО2).

Үхлийн аюултай. Уушгины багтраа үүсгэнэ, цусанд нэвчинэ.

3. Угаарын хий (SO2).

Маш хортой, уушины архаг өрөвсөл үүсгэнэ, хорт хавдрын голомт, эд эсийг сэрээнэ. Утаагүй технологийн зуух гэх манайхны яриад байгаа зуухыг соёл иргэншилтэй орнуудад хуулиар хязгаарласан, заримд нь бүр хориглочихсон юм байна. Түүхий нүүрс гэж яриад байгаа хүрэн нүүрсийг технологийн өндөр даралтаар гүйцэд шатаасны дараа хэд хэдэн төрлийн үй олноор хөнөөх химийн хорт бодис үнс болон үлддэг, тэр нь агаарт дэгддэг юм байна.

1. Үндсэн дэх азотын нэгдлүүд (NO, NO2).

Дэгдсэн тоосонцор нь үнэргүй, нүдэнд харагдахгүй. Үхлийн аюултай, жирэмсэн эхчүүдийн үр зулбуулна.

2. Цианы хүчлийн тоосонцор.

Агаарт дэгдэмхий, өнгө, үнэргүй, үй олноор хөнөөх химийн хорт бодис. Химийн зэвсэгт найрлага болон орно. УБ-ын агаарт илэрсэн юм билээ, УИХ-ын хаалттай хуралдаан дээр хэлэлцсэн байдаг, ард түмнээс нуусан.

3. Хар тугалганы дэгдэмхий хий (Pb).

Асар хортой, хорт хавдар үүсгэнэ, үр зулбуулна. Манайд бас л илэрсэн, УИХ ард түмнээсээ нуусан. Хар тугалганы хорноос үүдэлтэй эмчилгээгүй өвчний жагсаалтыг ДЭМБ-аас эрхлэн гаргасан. Зах зухаас нь жишээлэн дурдлаа, ер нь наснаасаа урьтаж үхэгсэдийн 72 хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй гэж ДЭМБ тогтоочихсон юм.

Нийслэлчүүд том хохирол амслаа, цаашдаа ч эрсдэл байсаар байна. Мэдээж энэ бол том сургамж, нэгийг эсвэл нэг хэсгийг буруутган унагах гэж далим хийн муйхарлах нь гарц биш ээ.

1. Шахмал түлш хэрэглээд хэвшчихсэн европын орнуудад, гэр доторх угаарын хийн аваарийн дохиот аппаратыг нүүрс түлдэг айл бүрт энгийн хэрэглээ болгох шаардлагатай. Үүнийг яаралтай ханган нийлүүлэх ёстой. Нийт агаарын бохирдлыг, агаарын найрлагад байгаа угаарын хийний түвшинг Монголын радио, цэнхэр дэлгэцээр өдөр бүр мэдээлж байх ёстой. Агаарт угаар байна гэдэг нь оршин суугчдын цусанд ямар нэг хордлого байнаа л гэсэн үг. Гэртээ ороод жаахан нэмэхэд л аюул ирнэ гэж ойлгох нь чухал.

2. Европын орнуудад яндан хөөлөгчид гэж бүхэл бүтэн арми байдаг. Европод ирсэн, зочилсон хүн бүхэн үүнийг мэднэ. Гудманд яндан хөөлөгч таарахаар бушуухан товчоо чимхэж зогсож өнгөрөөдөг, аз жаргал авчирдаг хүмүүс гэж хүндэлдэг. Галын манаач болохоор нь тэр байх.

3. Шахмал түлш төслөөс хэрхэвч ухарч болохгүй. Учирсан саад хүндрэлийг даван туулаад урагшлах л хэрэгтэй. Дараагийн хувьсгал нь газ, эсвэл цахилгаан халаагуур болж орж ирнэ. Энэ ажилд зүтгэж байгаа бүх мэргэжилтнүүдэд амжилт хүсье.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Энэ жил томуугийн В хүрээний вирус дэгдэх магадлалтай

Томуугийн тандалтын 45 дахь долоо хоногийн мэдээгээр 50 сорьц шинжлэхэд хоёрт нь В вирус илэрчээ

 0 сэтгэгдэл

Томуу нь амьсгалын замаар дамжин тархаж, бүх насны хүмүүсийг өвчлүүлдэг цочмог халдварт өвчин юм.

Хүйтний эрч чангарч, томуугийн дэгдэлтийн үе эхэлж байгаа тул дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжихийг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд амбулаториор 200 мянга орчим хүн үйлчлүүлсний 4.3 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа бол нийслэлд 3.6 хувьтай байгаа аж. Энэ нь өмнөх онтой харьцуулахад бага үзүүлэлт боловч цаашид нэмэгдэх хандлагатай талаар мэргэжилтнүүд анхаарууллаа. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Томуугийн тандалтын 45 дахь долоо хоногийн мэдээгээр 50 сорьц шинжлэхэд хоёрт нь В вирус илэрсэн. Тиймээс энэ жил томуугийн В хүрээний вирус гарах хандлагатай байна” гэв. Томуу нь амьсгалын замаар дамжин тархаж, бүх насны хүмүүсийг өвчлүүлдэг цочмог халдварт өвчин юм. Томуугийн үүсгэгч нь А, В, С гэсэн үндсэн гурван хэв шинжид хуваагддаг. В вирус нь улирлын томуугийн дэгдэлтийн үндсэн шалтгааны нэг болдог ч хувьсан өөрчлөгдөх шинж чанар багатай. Халдвар нь агаар дуслын зам (халдвартай хүн ханиах, найтаах, ярих үед вирус шүлсний дусалтай хамт агаарт цацагдах), бохир гар (халдвартай хүний нус, шүлсээр бохирлогдсон эд зүйлст хүрэх)-аар дамжин халдварлана. Томуу өвчний үед илрэх үндсэн шинж тэмдэг нь халуурах. Томуугийн В вирусийн халд-варын үед гэнэт өндөр халуурах боловч А вирусийн халдварын үеийн халууралтаас бага зэрэг хөнгөн байна. Насанд хүрэгсэд бага насны хүүхдүүдийг бодвол бага зэрэг халуурдаг тул бие сульдах, ядрах, биеэр шархирч өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Түүнчлэн халуун буурах үед ханиалгах, хамраас нус гоожих, хоолой өвдөх шинж илрэх бөгөөд зарим тохиолдолд маш хурдан хүндэрч, уушгины хатгалгаа болдог. Эмнэлзүйн шинж тэмдгүүд ихэнхдээ нэг долоо хоногийн дараа арилах хэдий ч, ханиалга намдахгүй 2-3 долоо хоног үргэлжилж болно. Мөн дотор муухайрах, бөөлжих, хоолонд дургүй болох зэрэг ходоод гэдэсний хямралын шинж тэмдэг илэрч болох юм. Үүнээс гадна риновирус, короновирус, бокавирус, аденовирус зэрэг томуугийн вирусүүд давхар эргэлтэнд байдаг. Эдгээр вируст бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд илүү их өртөх эрсдэлтэй.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Өвөлтэй цуг үхэл айсуй юу

Утаа үзэгдэхгүй ч агаарын найрлага дахь хорт бодисын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 2-3 дахин ихэссэн байв

 0 сэтгэгдэл


Нийслэлээс шахмал түлшний асуудлаар нээлттэй сонсгол хийсэн. Зуухны судалгаа хийгээгүй, мэдээллээр хангаагүй байж шахмал түлшийг хэрэглээнд шууд нэвтрүүлсэн нь олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох шалтгаан болжээ гэдэгт үндсэндээ санал нэгдэв.

АГААРЫН ЧАНАРЫН ИНДЕКСИЙН БУДЛИАН ҮҮГЭЭР ДУУСАХГҮЙ. 0-50 БУЮУ “ЦЭВЭР” ГЭХ ҮЗҮҮЛЭЛТ ДОТОР АГААР ДАХЬ АЛЬ НЭГ ХОРТ БОДИСЫН ХЭМЖЭЭ 0-12 НЭГЖ БАЙХ ЁСТОЙ ГЭЖ ҮЗДЭГ БАЙСНЫГ ОДОО МӨРДӨГДӨЖ БАЙГАА ХЯТАД СТАНДАРТААР 0-35 БОЛГОЖЭЭ.

Энэ долоо хоногоос хүйтний эрч чангарч, “Түлшний багийнхан” жинхэнэ дүнгээ тавиу­лах цаг ирлээ. Энэ багт Ерөнхий сайдаас эхлээд “Тавантолгой түлш” үйлдвэрийн ажилтан, борлуулагч гээд өргөн фронтоор хүчин зүтгэдэг. Түүхий нүүрсийг халж, шахмал түлшинд шилжсэн зоригтой алхамд золиос байх ёстой гэж үзэх нэгэн ч бий. Тэгвэл өнөөдрийн байдлаар мянга шахам иргэн угаартаж, 10 хүн амь насаа золиослоод байна. Гэхдээ хохирогчид бүгдээрээ муу зуухтай, яндангаа хөөлөөгүй, хаалтаа хаасан, тэр бүү хэл түлш түлчихээд зуухнаасаа яндангаа салгаж унтсан гэх мэтээр өөрсдийн буруугаас болж хорвоог орхисон гэж буй. Сенсаацын дархлаатай монголчууд өнгөрсөн амралтын өдрүүдэд 35 иргэн угаарын хийн хордлогын улмаас эмнэлэгт хандсан тухай мэдээллийг огтхон ч ойшоосонгүй. Өвөл айсуй гэдэг үг “үхэл айсуй” гэсэн заналхийлэл шиг сонсогдох болсон энэ цаг үед иргэд галлагаандаа хариуцлагатай хандаж, гэр бүлээ хамгаалах нь чухал гэдгийг эрхбиш ойлгосон байх. Нүүрс асаж дуусаад, цогших үед нь дулааныг хадгалах зорилгоор хаалтаа хаадаг нь үхэлд хүргэх гол шалтгаан болж байгааг судлаачид туршилтаар гаргаж ирснийг онцолъё.

ШАХМАЛ ТҮЛШ ТӨГСГӨЛДӨӨ ХАМГИЙН ИХ СО ЯЛГАРУУЛДАГ


Бидний хэрэглэж заншсан хүрэн нүүрсэнд нүүрстөрөгчийн агуулга 60 хувь, дэгдэмхий бодисууд 40 хувь байдаг бол сайжруулсан шахмал түлш хийсэн чулуун нүүрсний 80-­90 хувийг нүүрстөрөгч үлдсэн хувийг нь дэгдэмхий эзэлдэг. Энэ нь шаталтын үеийн хаталт, хагарал, дэгдэлтийн процесс харилцан адилгүй явагдах шалтгаан болж байна. Химийн инженер, “Монгол нүүрс” ассоциацийн тэргүүн Ж.Золжаргал нарын эрдэмтэн Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнд уламжлалт зууханд түүхий нүүрс болон шахмал түлшийн шаталтын процесст шинжилгээ хийжээ. Есдүгээр сард манай сонинд тус хүрээлэнгийн захирал Б.Жаргалсайхан ярилцлага өгөхдөө хийн анализатор нь эвдэрсэн гэж байв. Харин судлаачид Агаарын чанарын албанаас хэмжигч багаж авч, туршилтаа хийсэн аж. Гурван цагийн турш үргэлжилсэн шаталтын төгсгөлд буюу цогшоод ирсэн үедээ түүхий нүүрсний ялгаруулж буй CO буюу нүүрстөрөгчийн дутуу исэл 860 ppm байсан бол шахмал түлшнийх хоёр дахин их буюу 1713 ppm байжээ. Энэ үед иргэд дулаанаа хадгалах зорилгоор зуухны хаалтаа хаадаг нь угаарын хий дотоод орчинд тархаж, үхэлд хүргэдэг гэх урьдчилсан дүгнэлт гаргав. Гэхдээ ийм туршилт 5­-10 удаа хийж байж, дундаж үзүүлэлтээр судалгаанд ашиглах боломж­тойг ШУТИС­ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн хими, инженерийн салбарын дэд профессор Д.Илчгэрэл онцолсон. Төгсгөлдөө хоёр дахин их угаарын хий ялгаруулж байгааг дутуу шаталттай холбон тайлбар­лаж буй. Шахмал түлш төгсгөлдөө ялгаруулсан үнсэн бүрхүүл дотроо дутуу шатаж, СО үүсгэдэг. Хуучин цагт эмгэд галын шилээврээр гуравхан татаад л үнсийг нь буулгаж, уугиж буй галаа дүрэлзтэл асаадаг байсныг энд дурдалтай ч биш дээ. Өнөөгийн гэр хорооллын иргэд галаа ч түлж чадахгүй болсны жишээ энэ.

УГААР МЭДРЭГЧИЙН СТАНДАРТЫГ ТҮРҮҮЛЖ ГАРГААРАЙ


Нийслэлээс шахмал түлшний асуудлаар нээлттэй сонсгол хийсэн. Зуухны судалгаа хийгээгүй, мэдээллээр хангаагүй байж шахмал түлшийг хэрэглээнд шууд нэвтрүүлсэн нь олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох шалтгаан болжээ гэдэгт үндсэндээ санал нэгдэв. Угаартаж үхэх аюулаас сэргийлэхийн тулд нийслэлээс 6.6 тэрбум төгрөгөөр айл бүрт CO мэдрэгч (дитектор) суурилуулах шийдвэр гаргасан. Арваннэгдүгээр сарын 1­-ний өдөр гэхэд суурилуулах чиглэл өгсөн ч 30­-ны өдөрт багтаан тараахаар хугацааг сунгажээ. Харин угаарын хийн дитекторыг эхэлж туршаад, дохио дуугарах хугацаа, хэмжээнд нь стандарт тогтоож, иргэдэд мэдээллийг сайтар хүргэхийг хэлэлцүүлгийн үеэр эрдэмтэд анхааруулсан юм. Тог тасарсан, цэнэг дууссан, мэдрэгч нь бохирдсон гэх мэт шалтгаанаар дитектор ажиллахгүй байх тохиолдолд дахин олноороо угаартах эрсдэлээс сэргийлэхийг онцгойлон анхааруулсан юм. Гэвч сар дундаа орж байхад энэ талын мэдээлэл “хар авдрандаа” хав дарагдаастай л байна. Агаарын бохирдлоор мөнгө хийж ирсэн, хийх гэсэн хүсэлтэй албан тушаалтнуудын лобби үүний цаана хүчтэй яваа талаар эх сурвалж хэлж байв. Товлосон хугацаа ирэхэд цэгцрэхгүй байх ч магадлалтай тул иргэд өөрсдөө пийшингийнхээ ан цавыг битүүмжилж, яндангаа хөөлж, аюулгүй байдлаа хангах хэрэгтэйг мөн онцолсон.

УТАА ГУРАВ ДАХИН БУУРСАН НЬ ИНДЕКСИЙГ ХОЁР ДАХИН ЗӨӨЛЛӨСӨНТЭЙ ХОЛБООТОЙ

“Утаа үнэхээр багасчихлаа” гэж баярлах нэгэн байхад, “гадуур явахад сонин юм үнэртээд, толгой өвдөөд байна” гэх хэсэг байна. Харин агаарын чанарыг хэмжих багаж өөр зүйл “хэлж” байна. Утаа үзэгдэхгүй ч агаарын найрлага дахь хорт бодисын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 2­3 дахин ихэссэн байв. Тухайлбал, хүхрийн давхар исэл (SO2) 2018 оны аравдугаар сард стандартаас давсан тохиолдлын тоо дөрвөн хувийг эзэлдэг байсан бол өнгөрсөн долоо хоногт 57 хувь болж өсжээ. Ийм үзүүлэлт долоо хоног бүрийн тайланд давтагдаж байна. Түүнчлэн PM10 тоосонцор 75 хувьд нь стандартаас давж байсан бол 89 хувь болж, нэмэгдсэн байна. 2018 оны аравдугаар сарын 10­-ны өдөр БОАЖ­-ын сайд Б.Цэрэнбатын тушаалаар “Агаарын чанарын индексээр агаарын чанарыг үнэлэх, мэдээлэх журам”­д өөрчлөлт оруулсан билээ. Энэ өөрчлөлтөөр 101­-200 нэгжийг “бага бохирдолтой” гэж, 201­-300 нэгж байвал “бохир долтой”, 301-­400 бол “их бохирдолтой”, 400-­500 бол “маш их бохир долтой” гэж тооцохоор зөөллөв. Энэ нь урд хөршид мөрдөгддөг стандарт аж. Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандартыг АНУ болон Европт мөрддөг. Үүгээр бол 101-­150 нэгж нь “бага бохир­долтой”, 151­-200 нь “бохир­долтой”, 201-­250 нэгж болоод ирэхэд “их бохирдолтой” гэж улаан өнгөөр аюултай байдлыг илэрхийлдэг. Гэтэл энэ нь манайд дөнгөж бохирдол эхлэх хэмжээ болсон юм. Агаарын чанарын индексийн будлиан үүгээр дуусахгүй. 0-­50 буюу “цэвэр” гэх үзүүлэлт дотор агаар дахь аль нэг хорт бодисын хэмжээ 0-­12 нэгж байх ёстой гэж үздэг байсныг одоо мөрдөгдөж байгаа хятад стандартаар 0-­35 болгожээ. Энэ зөрүү 23 нэгжид хамаарах бохирдлын хэмжээ, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн судалгаа одоогоор огт алга. Учир нь дор хаяж 3­6 сарын турш хэмжилт хийснээр илэрхийлэх боломжтой аж. Ингээд ил харагдах тоогоор ч, түүн дотор илэрхийлэх нэгжээр ч дахин дахин “зөөлрүүлж”, хорт бодисын хэмжээг аюулгүй гэж ойлгогдох бүхий л ажиллагааг хийжээ. Үнэхээр дэлхийн стандарт хэт “сүржигнэсэн” байгаад, манайд мөрдөж байгаа нь онц хохиролгүй бол аштай юу. Нөгөө талаас Б.Цэрэнбат сайд бас их “буянтай” шийдвэр гаргасан. Ядаж л бид “бага бохирдолтой” гэж бодоод сэтгэл санаагаар тайван аажмаар хор дож байгаадаа баярлах ёстой юм шиг байна.



Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодисын агууламж дахь хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2) өмнөх оны мөн үеийнхээс 2.1-3.5 дахин их байна.



A

Жижиг

A

Дунд

A

Том

Хүн төрөлхтөн тэнэгэрч буйн учир

Орчны бохирдол багатай дүүргийн сургуулийн сурагчдын оюуны чадавх дээгүүр гарсан байна

 0 сэтгэгдэл


Сүүлийн хагас зуун жил хүн төрөлхтөн ерөнхийдөө тэнэгэрсэн гэж эрдэмтэд дүгнэв. 1970­-аад оны дундаас IQ үзүүлэлт дараагийн үеийнхэн тутамд дунджаар долоон оноогоор буурчээ. Зарим судлаач үүнийг хүний хувьсалтай холбож үзсэн бол зарим нь генетикийн зүй тогтолтой, гуравдагч хэсэг нь технологийн үсрэнгүй хөгжлөөс шалтгаалсан гэж тайлбарладаг. Дээд палеолитын үеийн хүмүүс ба неандертальчуудын тархи биднийхээс том байсан. Тухайн үед эрэгтэй хүний тархи 1500 шоо сантиметр хэмжээтэй байсан бол одоогийнх 1425. Тэд өнөөгийн homo sapiens­ээс ухаантай байсан уу гэдэг нь маргаантай асуудал. Гэхдээ зарим судлаач тархины хэмжээ ба оюуны чадамжийн хооронд бага ч гэсэн эерэг хамаарал байдаг хэмээн нотолдог. Ант­ропологич Станислав Дробы­шевский эртний хүмүүсийн тархины хэмжээ амьдралын хатуу ширүүн нөхцөлөөс болсон гэж бичжээ. Кроманьон ба неандерталь хүмүүс бүх амин чухал мэдээллийг тархиндаа хадгалахаас өөр аргагүй байв. Тэр үед мэдээлэл хадгалах хиймэл хэрэгсэл ном бүтээг­дээгүй, амьдралын ажиглалт, туршлагатай өндөр настан маш ховор байжээ. Дундаж наслалт богино байсан хэрэг. Харин орчин үеийн хүмүүсийн хувьд эсрэгээр бараг хүлэмжийн нөхцөлд амьдардаг. Хувцас, хүнс, мэдээллийг бэлэн хэлбэрээр авч, олон үеэр хуримтлагдсан мэдээллийг хиймэл тээгчид хадгална. Ийм тохиолдолд хүний биеэс ялгардаг эрчим хүчний 20 хувийг хэрэглэдэг “ховдог” тархи хэрэггүй.

Иймээс сүүлийн 25000 жилд хүний тархи аажмаар хатах үйл явц үргэлжилж байж магадгүй юм. Түүнээс өмнөх арван мянган жилд бас таван хувь жижгэрчээ. Хөдөө аж ахуйн хөгжил, хотуудын үүсэл, анагаах ухааны дэвшил зэрэг нь байгалийн шалгарлыг бараг үгүй хийв. Хүн амын дунд ДНХ-­ийн муу мутацитай бодгаль олширсон байна. Үүний улмаас дундаж хүний оюуны чадамж доошилж эхлэв. Гэтэл ХХ зуунд оюуны чадам жийн түвшин дээшлэх хандлага ажиглагдсан юм. Америкийн сэтгэл зүйч Жеймс Флинн уг үзэгдлийг илрүүлсэн бөгөөд 1932-­1978 оны хооронд АНУ­-ын дундаж IQ 14 нэгжээр дээшилсэн хэмээн 1984 оны судалгаандаа онцолжээ. Энэ дүгнэлтийг дараа нь олон оронд баталсан байна. Гэвч өнгөрсөн жил Норвегийн эрдэмтэд 700 мянга орчим хүний тестийн үр дүнд анализ хийгээд 1970­-аад оноос хойш оюуны чадамжийн дундаж үзүүлэлт дараа гийн үе бүрд долоон нэг жээр буурч байгаа гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тухайлбал, 1969 онд төрөгсдийн IQ тэднээс долоон насаар ах хүмүүсийнхээс гурван баллаар их буюу тус бүр 102.3 ба 99.5 байгаа юм. Үүнээс хойш хандлага өөрчлөгдөж, сайн дурынхнаас авсан тестээс үзэхэд 1989 онд төрөгсдийн дундаж үзүүлэлт 99.4 балл болсон байлаа. Энэ хандлага гэр бүлд хүртэл ажиглагдаж, ах нар нь дүү нараасаа илүү өндөр оюуны чадамжтай байв. Үүнээс үзэхэд учир шалтгаан нь хүн ам зүйн төлөв буюу азгүй гений тархалтаас хамаарахгүй бололтой гэж эрдэмтэд бичсэн байна. IQ буурах үзэгдэл нэг талаас амьдралын технологийн хөгжил, хэв маяг, хүмүүжил, боловсролын өөрчлөлтөөс шалтгаалах боловч нөгөө талаас тест өөрөө орчин үеийн хүнийг үнэлэхэд нийцэхээ больсон байж магадгүй юм. Үүнээс гадна орчны бохирдлын улмаас хүний танихуйн чадамж буурсан байж болзошгүй гэж Испанийн эрдэмтэд таамаг­лажээ. Тэд Барселоны 39 бага сургуулийн орчны агаар дахь хорт бодисын хэмжилт хийж үзээд дараа нь сурагчдаас тест авсан аж. Орчны бохирдол бага тай дүүргийн сургуулийн сурагчдын оюуны чадавх дээгүүр гарсан байна. Түүнчлэн Британийн Ланкастерийн их сургуулийн судлаачид 18000 сурагчдын дунд мөн адил тест явуулахад агаарын бохирдол ихтэй дүүргийн сурагчдын дунд оюуны хоцрогдол илүү байгааг илрүүлжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ё.Ганболд: Нөхөн үржихүйн эрхтэн хадгалах хагалгааг Монголд анх удаа хийсэн

 0 сэтгэгдэл
  • Өсөлтгүй жирэмслэлт, үрэвсэлт өвчин ихэссэнээс үүдэн умайд хийх ажилбар нэмэгдсэн
  • Нөхөн үржихүйн эрхтнийг үлдээж, аварна гэдэг эхчүүд эмэгтэйчүүд, цаашилбал гэр бүлд нь хамгийн том баяр баясал үлдээж байна гэсэн үг


Ихэс түрүүлэх, ихэс шигдэх эмгэгийн хүндрэлийн үед эрхтэн хадгалах хагалгааг Монгол Улсад хийдэг болжээ. Эмчилгээний энэхүү шинэ аргыг нэвтрүүлсэн нийслэлийн “Амгалан” амаржих газрын Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, Ё.Ганболдтой ярилцлаа.


-Та бүхэн ихэс түрүүлэх эмгэгийн хүндрэлээс үүдэлтэй эрхтэн хадгалах хагалгааг анх удаа хийжээ. Энэ хагалгааг өмнө нь ямар шалтгааны улмаас хийх боломжгүй байсан бэ?

-Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд кесарево (кесар) буюу хийсвэр хагалгаагаар төрөх явдал ихэссэн. Манай оронд ч энэ хагалгаагаар төрөх давтамж нэмэгдэж байна. Уг хагалгааны давтамж нэмэгдсэн, эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин ихэссэн, умайд хийх ажилбарын тоо өссөн зэргээс үүдэн ихсийн буруу байрлалт буюу ихэс түрүүлэлт жирэмслэлтийн цөөнгүй тохиолдолд илэрдэг болсон. Тэр тусмаа олон удаа кесар хагалгаанд орсон эмэгтэйчүүдийн сорви руу буруу байрласан ихэс наалдаж улмаар давсаг руу шигддэг. Энэ бол эхийн амь насанд аюултай хүндрэл. Ихэс умайн ёроол буюу их биед байрлах үед хамгийн зузаан гурван давхар булчинд бэхлэгдэх ёстой. Гэтэл умайн доод хэсэг буюу умайг тагласан хэсгийн булчин маш нимгэн байдаг. Тиймээс эмчилгээний энэ арга барилыг бид нэвтрүүлэхээр шийдэж, амжилттай хэрэгжүүлээд байна. Өмнө нь ийм эмчилгээ нэвтрээгүй байсан учраас энэ хагалгааг Монголд хийдэггүй байсан. Харин энэхүү эмчилгээг нэвтрүүлсэн нь НЭМГ-аас жил бүр олгодог “Сайн туршлага” арга хэмжээний Эмчилгээний шинэ арга технологи төрөлд дэд байр эзэлсэн. Бид хагалгааны арга аргачлал, өөрсдийн багахан туршлагаа түгээхээр ажиллаж байна.

-Хагалгааны аргачлалыг хэрхэн нэвтрүүлэв. Баг хамт олныхоо талаар танилцуулбал?

-Би 2016 онд Москва хотод сургалтад суусан юм. Тэр үеэр энэ хагалгааг хийж эхлэх санаа төрсөн. Улмаар гадны орнуудаас туршлага судалж 2019 оны гуравдугаар сараас ихэс түрүүлсэн, ихэс шигдсэн үед умайг өөлж, эрхтэн хадгалах хагалгааг хийж эхэлсэн. Жирэмсний эмгэгийг эмчлэх тасгийн эмч Ч.Хонгорзул, Н.Төгсбаяр, Эрчимт эмчилгээний эмч Б.Бямбадагва, Б.Батсайхан болон миний бие баг болж, ажиллаж байна. Ур чадвар нэлээд шаарддаг, эрсдэл өндөр хагалгаа учир нэг баг болж ажиллаж байж л эмчилгээг амжилттай хийж байна. Түүнээс гадна хагалгааны сувилагч, нярайн эмч, эх баригч гээд арваад хүний бүрэлдэхүүнтэй баг ажилладаг.

Ихэс түрүүлэх үед доод тал нь 3 литр цус алдах эрсдэлтэй


-Одоогоор хэчнээн эхэд эрхтэн хадгалах хагалгаа хийсэн бэ. Нөхөн үржихүйн эрхтэн хадгалах хагалгааны ач холбогдлын талаар ярихгүй юу?

-Одоогоор арав гаруй хагалгаа хийсэн. Энэ хагалгаа хэд хэдэн төрлийн ач холбогдолтой. Тухайн эмэгтэйн бүх эрхтэн бүрэн бүтэн үлддэг. Дахин төрөх боломжтой, цус алдалт багасна, ор хоног цөөрнө гэх мэт. Хагалгаа хийсэн тохиолдлуудаас хүндэрсэн, дахин хагалгаа хийсэн үзэгдэл гарсангүй. Шинэ зүйл учраас эрсдэл байгаа. Харин бид цаашдаа улам боловсронгуй болгож, нутагшуулахаар ажиллаж байна. Тэр ч үүднээс бид оюуны өмчийн газар материалаа илгээсэн.

-Хагалгааны аргачлалыг энгийн үгээр тайлбарлаж өгөхгүй юу?

-Түрүүлсэн ихэс гадагшаагаа судасжилт үүсгэж, зэргэлдээ эрхтэнд шигддэг. Өөрөөр хэлбэл, ихэс умайгаас хальж, түүний улмаас судасжилт үүсэж, эрхтэн гэмтэх аюултай. Хүүхдийг кесар хагалгаагаар авахын тулд умайд 12-18 см зүсэлт хийнэ. Гэтэл энэ үед умайн судсаар минутад 700 мл цус эргэлдэж байдаг. Тэгэхээр цус алдах эрсдэл үүснэ гэсэн үг. Хагалгаа эхлэх үед үүссэн бүх судаснуудыг боож, умайн ёроолд зүсэлт хийж хүүхдийг авч, умайн доод талын нимгэрсэн хэсэг буюу эвэрхий үүссэн хэсгийг өөлж, ихсийг гарган, нөхөн сэргээх мэс засал хийнэ. Ихэс түрүүлэх үед доод тал нь 3000 мл цус алдах эрсдэлтэй байдаг. Энэ бол нэлээдгүй аюултай, эрсдэл дагуулсан хагалгаа. Эмэгтэй хүний хамгийн ариун эрхтэн бол умай. Эмэгтэй хүн анх сарын тэмдэг ирэхэд баярлах ёстой бол үүний дараа үр хүүхдээ хараад баяр баясал үздэг. Хүнд илүү эрхтэн гэж байхгүй. Энэ эрхтнийг үлдээж, аварна гэдэг эхчүүд эмэгтэйчүүд, цаашилбал гэр бүлд нь хамгийн том баяр баясгалан үлдээж байна гэж болно.

-Ихэс түрүүлэх, шигдэх эмгэг үүсэхэд олон хүчин зүйл нөлөөлдөг үү. Яг энэ эмгэгийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юү. Гол төлөв ямар шалтгааны улмаас энэ төрлийн хүндэрдэг юм бол?

-Сүүлийн үед өсөлтгүй жирэмслэлт, амьгүй төрөлт, эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин ихэссэнээс үүдэн умайд хийх мэс ажилбар нэмэгдсэн. Умайд ямар нэг ажилбар хийж, салст бүрхэвчинд нь өөрчлөлт орсон учраас ихэс умайн доод хэсэгт буюу буруу газар бэхлэгдэж байна. Нэг хэсэг зах дээрээс янз бүрийн эм авч, ууж зулбах тохиолдлууд их гарсан. Үүнээс болж умайг цэвэрлэх ажилбар хийдэг байсан. Эдгээрээс гадна кесар хагалгааны давтамж нөлөөдөг. Жишээлбэл, тав дахь кесар хагалгаа байх юм бол нийт хагалгааны 67 хувьд нь ихэс түрүүлэх эмгэг үүсдэг гэсэн судалгаа бий.

-Ихэс түрүүлэх эмгэгийн үед жирэмсэн эхэд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Жирэмсний эхний саруудын үед цус алдах шинж тэмдэг илрэх нь бий. Ер нь эмэгтэй хүн жирэмсэн болмогцоо эхний гурван сарын дотор хяналтад заавал орох ёстой. Тухайн эх хүүхдээ тээж чадах уу, янз бүрийн халдвар байна уу, эрт хугацаанд жирэмслэлтийг зогсоох уу, эмчлэх үү гээд олон асуудал бий. Мөн жирэмсний таван сарын дотор ургийн гажгийг оношилдог. Ихэс түрүүлэлт оношлогдсон нөхцөлд эмнэлгийн онцгой хяналтад байлгадаг. Дотуур үзлэгийг ч хориглодог. Яагаад гэвэл ихэс умайн хүзүүг тагласан байдаг учраас үзлэгийн үед цус алдах эрсдэлтэй.

-Үр хөндөлтийг эмийн болон мэсийн гэсэн хоёр аргаар хийдэг. Эмийн аргаар үр хөндүүлсэн эмэгтэйчүүдэд ч бас энэ эмгэг тохиолдох эрсдэлтэй юу? 

-Үр хөндүүлэх мэс ажилбар бол хүний гарын баримжаагаар далд хийгддэг хамгийн аюултай ажилбар. Эмээр үр хөндүүллээ гэж бодъё. Доошоо юм гарч байх үед үрэвсэл үүсэж, халдвар орох юм бол мөн л умайн салстыг гэмтээнэ. Өгсөх замын халдвар орох эрсдлийг үгүйсгэхгүй шүү дээ.

-Монгол эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдох өвчлөлийг умайн хүзүүний хорт хавдар тэргүүлж байна. Гэтэл умайн үрэвсэлтэй, өмнө нь үр хөндүүлж байсан эмэгтэйчүүдэд ихэс түрүүлэх эмгэг тохиолдох нь элбэг. Эмэгтэйчүүдийн өвчлөл газар авахад ямар хүчин зүйл нөлөөлж байна?

-Эмэгтэйчүүдийн хорт хавдрын нэгдүгээрт умайн хүзүүний хорт хавдар орж байна. Манай эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд маш муу. Нэг талдаа өмнө нь оношилж чаддаггүй байсан бол лабораторийн боломж сайжирсны хэрээр өвчлөлийн тоо нэмэгдсэн. Охид эрүүл бол улс эрүүл. Нөхөн үржихүйн гол үүргийг эмэгтэйчүүд л үүрнэ. Умайн хүзүүний хавдар үүсэхэд хүний биед байдаг хөхөнцөр вирус нөлөөлдөг. Мөн бэлгийн ганцхан хавьтагчтай байх хэрэгтэй. Жилд төрөлхийн тэмбүүтэй 50 хүүхэд төрж байна шүү дээ. 

өрөлхийн тэмбүүтэй хүүхэд эмчлэгддэг үү. Цаашдаа эрүүл мэндийн ямар нэгэн асуудал, бие эрхтний хөгжилд нөлөөлөх нөлөөлөл бий юу?

-Эмчлэгдэнэ. Гэхдээ вирус эмчлэгдэх боловч насан туршдаа тээгч болж амьдарна. Хүүхэд эцэг эхдээ л гомдох байх. Нарийн судалгааны дүн байхгүй. Энэ талаар цаашид судлах хэрэгтэй.

-Эдгээр нь иргэдийн эрүүл мэндийн боловсрол сул байгаатай холбоотой юу? 

-Тийм шүү. Эмэгтэйчүүд ч гэлтгүй манай иргэдийн эрүүл мэндийн боловсрол маш муу. Эрүүл мэндийн хичээлийг стандартын дагуу орохгүй байна. Хичээлийн цагийг гүйцээхийн тулд биологи эсвэл химийн багш бүр цаашлаад биеийн тамирын багшаар эрүүл мэндийн хичээл заалгаж байна. Хичээл ороод байгаа мэт боловч үр дүн багатай. Мөн цахимаар дамжуулан ам дамжсан зүйлсийг их хэрэглэх болжээ. Шинжлэх ухааны нотолгоонд суурилсан эмчилгээ л хийлгэх хэрэгтэй. Ер нь манайхны хувьд хүний эрүүл мэнддээ анхаарах анхаарал маш сул. “Эрүүл монгол хүн”, “Элэг бүтэн Монгол хүн”, “Хавдаргүй Монгол” гээд маш олон хөтөлбөр хэрэгжиж байна. Урьдчилан сэргийлэх үнэ төлбөргүй үзлэгт ор оо гээд зарлаж байхад ирэх хүн олдохгүй. Энэ бол хувь хүн болоод эрүүл мэндийн тогтолцоотой холбоотой. Эрүүл мэндийн үйлчилгээний үнэ өртөг бага байна. Гадны орнуудад бол өвдлөө гэхэд тухайн хүний эдийн засагт маш хүчтэй нөлөөлдөг, хамаг байдгаа л өгдөг учраас өвдөхөөс өөрийгөө урьдчилан сэргийлж байдаг.

-Жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд ямар төрлийн өвчлөл түгээмэл байна вэ. Жирэмслэхээс өмнө залуу гэр бүлүүд юуг ан-хаарч, энэ төрлийн эмгэг, жирэмсний бусад үеийн хүндрэлээс сэргийлэх ёстой вэ? 

-Жирэмсэн гэлтгүй эмэгтэйчүүдийн дунд шээс, бэлгийн замын халдвар их байна. Ер нь бөөр нь өвддөггүй эмэгтэй хүн нүдний гэм болжээ. Мөн ходоод, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл их байна. Эрүүл эхээс л эрүүл хүүхэд төрнө. Бүх эрхтэн систем, сэтгэл санааны хувьд эрүүл байгаа хүнийг л эрүүл гэнэ. Түүнээс биш зөвхөн өвчлөлийн тухай ярьж байгаа юм биш. Бие нь эрүүл ч гэсэн стресстэй, сэтгэл зүйн хувьд хүчирхийлэл дарамтад өртсөн байх юм бол эрүүлд тооцохгүй. Тохиолдлоор жирэмсэн болно гэдэг өнгөрсөн зууны асуудал. Одоо бол төлөвлөж, биеэ бэлдэж байж ээж болох ёстой. TORCH буюу таван төрлийн вирусийн халдварын шинжилгээг нөхрийнхөө хамт өгөх шаардлагатай. Жишээлбэл, уруул дээр юм гарахаар манайхан “хомхоо долоолоо” гэж яриад байдаг. Энэ бол герпес гэх вирусээс үүдэлтэй халдвар. Энэ вирусийн идэвхжил өндөр, эмчлүүлээгүй эмэгтэйгээс амьгүй ураг гарах магадлал 50 хувь байдаг.