A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2310/

Улстөрчдөөс эдийн засгаа аврахыг элитүүд зөвлөв

Худалдааны системийг дэлхийн түвшинд хэлэлцэх цаг болсон

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2310/


ЗУРГАА ДАХЬ ШАТНЫ ҮНЭЛГЭЭГ ДОНОРУУД ХҮЛЭЭЖ БАЙНА

Зун, өвлийн завсраар заавал уулздаг санхүүгийн манлайлагчид Вашингтонд чуулж, олон улсын эдийн засгийн судсыг чагнацгаав. Дэлхийн олон оронд хавар ирж, үйлдвэр, уурхай, барилга, бүтээн байгуулалт гээд эдийн засгийн салбарууд эргэн сэргэж эхэллээ. Олон улс даяар эдийн засгийн идэвхтэй улирал ирсэн энэ үед дэлхийн мөнгө болон сангийн бодлогын элитүүдэд хэлэлцэх сэдэв, сэрэмжлэх сорилт чамгүй байв.

ОУВС-гийн 189 орчим гишүүн орны сангийн сайд, төв банкны ерөнхийлөгчдийг нэг дор цуглуулдаг энэ чуулганд Монгол Улсаас Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон төв банкны удирдлагууд оролцлоо. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Вашингтоныг зорьсон Сангийн сайд энэ үеэр манай улсын санхүүгийн донор байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, макро эдийн засгийн нөхцөл байдал болон хөрөнгө оруулалтыг хэлэлцсэн юм. Тодруулбал, “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг Монгол Улсад хэрэгжүүлээд жил хагасыг үдэж буй ОУВС болон тус хөтөлбөрт түншээр оролцож байгаа Дэлхийн банк, Европын  сэргээн босголт, хөгжлийн банк, Японы JICA зэрэг байгууллагын удирдлагуудтай уулзжээ. Энэ нь ч учиртай.

ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн зургаа дахь шатны үнэлгээ өнөө хэр хүлээгдэж буй. Үүнээс үүдэн бусад санхүүжүүлэгчид ч харзнаж, хүлээзнэсэн байдалтай байгаа бөгөөд ОУВС-гийн үнэлгээний “өнгө”-нөөс хамааран Монгол Улсад энэ онд хийхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтаа эхлүүлнэ хэмээн мэдэгдсэн юм.

Худалдаанаас орхигдохгүй байхыг шинжээчид онцоллоо

ОУВС-гийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нэйл Сакерын хэлснээр Монгол Улсын макро эдийн засгийн нөхцөл байдал ОУВС-гийн зорилтот түвшинд хүрч байгаа. Харин манай банк санхүүгийн салбарын шинэчлэлийг эрчимжүүлж, банкийг дахин хөрөнгөжүүлэх үйл явцыг хэрэгжүүлснээр дараагийн шатны үнэлгээ хийх боломж бүрдэх аж. Өнгөрсөн нэгдүгээр сард ОУВС-гийн Жэф Готтлийбээр ахлуулсан баг Монгол Улсад ажиллаж, зургаа дахь үнэлгээг эхлүүлсэн билээ. Гэхдээ өнөө хэр эцэслээгүй байна.

Монголын эдийн засгийн том тоонууд эерэг үр дүнг илтгэж байгаа ч ОУВС ирэх оны манай улсын нөхцөл байдалд санаа зовниж байна. Учир нь улс төрийн сонгууль ойртохын хэрээр улсын төсвөө байдгаар нь тэлж, олсон орлогоо үрэн таран хийчихдэг монгол төрийн үрэлгэн зан сэдэрч болзошгүй. Уул уурхайн түүхий эдийн үнэ буурч, орлого багассан сүүлийн хэдэн жилд бүсээ чангалж, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж байсан. Монгол Улсын сонгууль ойртохын хэрээр амласнаасаа буцаж, олсныхоо хэрээр цацаж эхлэх вий хэмээн ОУВС-гийн төлөөлөгчид анхааруулсаар байгаа юм.

Тиймээс Сангийн яамныхны өдгөө боловсруулж, ирэх аравдугаар сард өргөн барих 2020 оны төсвийн төсөлд зардлаа өгсөхгүй байхыг одооноос сануулсаар байгаа аж. “Засгийн газар, шийдвэр гаргагчид бодлогын тогтвортой байдлаа хадгалах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсээр ирсэн учраас ямар нэгэн ухарсан алхам гаргахгүй болов уу гэж найдаж байна” хэмээн ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч онцолж байна.

УЛСТӨРЧДИЙН ДЭГЛЭСЭН ЖҮЖИГ ЭДИЙН ЗАСАГТ СҮҮДЭР ДАГУУЛЛАА

Тэгвэл дэлхийнхээ тухай хэдэн өдөр тойрч суугаад хэлэлцсэн ОУВС-гийн хаврын чуулга уулзалтаар Монголд хамаатай олон улсын хэд хэдэн сэдэв байлаа. Тухайлбал, өнгөрсөн оноос эхлээд олон улсын анхаарлыг татах болсон дэлхийн эдийн засгийн эрсдэл, хүндрэлийг  энэ удаад ч хөндөж, чуулганд ирсэн туршлагатай шинжээч бүр энэ талаар дахин ам нээж, эмзэг байдал оршсоор буйг анхаарууллаа.

Харин сүүлийн жилүүдэд ажиглагдаагүй ширүүхэн мэтгэлцээн энэ удаад өрнөсөн нь 2019 оны хаврын чуулганыг илүү халуун болгов. Улс төрөөс ангид байсаар ирсэн санхүүгийн зарим хэсэгт улстөрчид хэт хутгалдаж, мөнгөний бодлогын бие даасан байдалд халдах болсонд мэргэжлийнхэн таагүй байв.

Тухайлбал, тэр бүр эрс шийдэмгий хурц үг унагаад байдаггүй Европын төв банкны тэргүүн Марио Драги улстөрчдийн мөнгөний бодлого дахь хэт оролцоог эрс шүүмжлэв. Зөвхөн Марио Драги гэлтгүй санхүүгийн салбарын нөлөө бүхий эрхмүүд улстөрчдийн сүүдэр эдийн засгийг хөлдөө чирч байна хэмээн хатуу шүүмжилж байна.

Учир нь бодлого тогтоогчдын нүдийг нүдээр буюу харилцан бие биеэ торгосон бодлого өнөөдөр дэлхийн худалдааг хойш чангааж эхэлсэн. АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан есөн сар үргэлжлэхэд дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг 0.2 хувиар танахад нөлөөлжээ. Харин худалдааны маргааныг цэгцэлбэл дэлхийн эдийн засгийн өсөлт 3.3 хувиас 3.6 хувьд хүрэх бүрэн боломжтой аж. Энэ мэт улстөрчдийн дэглэсэн жүжиг эдийн засагт хөгжил дэвшил бус сүүдэр дагуулсаар байна.

Иймд хагарал, хуваагдал дэлхийн эдийн засгийг улам дордуулахаас өмнө худалдаа тойрсон маргааныг нэн даруй шийдэх хэрэгтэй байгааг чуулганд оролцогчид анхаарууллаа.

• Банк санхүүгийн салбарын шинэчлэлийг эрчимжүүлж, банкийг дахин хөрөнгөжүүлэх үйл явцыг хэрэгжүүлснээр дараагийн шатны үнэлгээ хийх боломж бүрдэнэ.

• АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан есөн сар үргэлжлэхэд дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг 0.2 хувиар танахад нөлөөлжээ.

• Сангийн сайд ОУВС, Дэлхийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Японы JICA зэрэг байгууллагын удирдлагуудтай уулзжээ.

“Худалдааны системийг дэлхийн худалдааны байгууллагын түвшинд хэлэлцэх цаг болсон. Харин үүнд улс орнууд үндэсний хэмжээнд анхаарах хэрэгтэй гэж ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард сануулж байна. Ялангуяа, улстөрчид улс орны эрх ашгийг эн тэргүүнд тавьж, эн тэнцүү бус илүү ашиг хонжоо хүртэхээр тоглоомын дүрмийг өөрчилж байгаа. Энэ үед харилцан ашигтай, хэн хэндээ хожоотой худалдаа хийхийх тулд зам, дэд бүтцийн хөгжлөө сайжруулж, талцаж бус хамтарч ажиллах хэрэгтэй хэмээн шинжээчид зөвлөж байна. Эс бөгөөс дэлхийн худалдааны урсгалаас хоцрох эрсдэл улс орнуудад бий.

Үүнээс гадна дэлхийн санхүүгийн нурууг өндийлгөхгүй байгаа өр зээл өнөө хэр асуулт дагуулсаар байна. Улс орнууд иргэд, айл өрх, бизнес эрхлэгчдээ өрийн дарамтаас хамгаалж, санхүүгийн эмзэг байдлаа бууруулахад анхаарч байгаа. Монгол Улсын төв банк хэрэгжүүлж буй бөгөөд арилжааны банкны хэрэглээний зээлд хязгаар тогтоож эхэлсэн нь эмзэг байдлаа нэмэгдүүлэхээс сэргийлсэн арга хэмжээ хэмээн төв банк мэдээлж байна. Олон улс даяар эгзэгтэй байгаа энэ үед эрсдэлээс сэргийлж, дэлхийн эдийн засгийг өсгөхгүй юм аа гэхэд улам хурцатгаж, бүр дордуулахгүй байхыг энэ жилийн хаврын чуулган санууллаа.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Тайванийн Ерөнхийлөгчид өрсөлдөх Терри Гоу

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Атганд багтах технологи ХАА-н хувьсгалыг удирдана

Хятад улс технологи ашиглан хүн амаа эрүүл хүнсээр хангахаар зорьж байна

 0 сэтгэгдэл


Өвгөн Ли талбайгаа усалж байна. Гэхдээ тариан талбайд насаа элээсэн энэ буурал суваг шуудуй гаргаж, шугам хоолой татан хөл болсонгүй. Харин мойногшсон гартаа автомат удирдлага атгачихаад, дрон нисгэж, талбайгаа усаар шүршиж байна.

Орчин үеийн Хятадын хөдөө аж ахуй бидний санаанд хоногшин үлдсэн шиг борви бохис хийлгүй ажилладаг, хүний хүчээр нүдсэн хоцрогдсон салбар байхаа нэгэнт больжээ. Харин шинжлэх ухаан, технологиор хүч нэмж, бүтээмжээ зузаатган, будаг нь ханхалсан төмөр хүлэг шиг дүүхэлцэж байна. Ялангуяа өмнөд хөршийн газар тариалангийн түшиц бүсэд сүүлийн жилүүдэд шинжлэх ухаан, технологи хурдтай нэвтэрч, тариаланчид талбайнхаа захаас товчлуур дараад л тариа, будаагаа ургуулж байгаа юм.

Ер нь зөвхөн Хятад гэлтгүй дэлхийн хөдөө аж ахуй өдгөө аварга машин, тоног төхөөрөмж, асар олон хүний хөлс, хүч нэхдэг хүнд хүчир салбар байхаа больжээ. Харин машин тоног төхөөрөмж улам хөнгөн, хялбар, хэмнэлттэй болж, энэ хэрээр хөдөлмөрийн бүтээмж, ургацын гарц нь дээшилсэн урвуу хамаарал харагдах болов.

БНХАУ-ын зүүн хойд зүгийн гурван том бүсийн нэг Жилин аймгийн газар тариалан, ойн аж ахуйнууд “Жилин 1” хэмээх хиймэл дагуулыг өргөнөөр ашигладаг байна. БНХАУ-ын Changguang Satellite Technology компанийн бүтээсэн энэ хиймэл дагуул цаг гаруйн хугацаанд 200 ам километр талбайн зураглал гаргадгаас гадна үрсэлгээний түвшин, өсөлтийн хурд, хөрсний нөхцөлийг тогтмол эзэндээ “илтгэдэг” аж.

Хиймэл дагуулаас гадна алгын чинээ камераар аварга талбайг хянаж буй тариаланч ч цөөнгүй. 190 грамм жинтэй уг камер жижигхэн биедээ баймгүй их ажил амжуулдаг. Ургамлын өсөлт хөгжил, хор хөнөөл дагуулдаг хортон шавжийн байдал зэрэг тариан талбайн бүх мэдээлэл, өгөгдлийг дамжуулдаг байна. Ингээд зогсохгүй уг мэдээлэлдээ үндэслэн хэрэгжүүлж болох хариу арга хэмжээг ч санал болгодог байх юм. Тухайлбал, талбай дахь хортон шавжны мэдээллийг цуглууллаа гэхэд түүнийг устгах бүтээгдэхүүнийг санал болгох жишээтэй. Энэ төрлийн технологиуд нь бүтээмжийг өсгөж, өртөг бууруулдгийг тариаланчид онцолж байна.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хянах хөдөлгөөнт төхөөрөмжийн үйлдвэрлэл Хятадад хурдтай хөгжиж байна. Энэ нь нэг талаас бүтээмжийг дэмжихээс гадна хүнсний аюулгүй байдлыг улам бататгаж, цахим худалдаа, хөдөө аж ахуйн аялал жуулчлалыг ч давхар хөгжүүлэх давуу талтай. ASKCI Consulting компанийн тооцоогоор одоогоос дөрвөн жилийн өмнө 13.7 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан Хятадын хөдөө аж ахуйн салбарын ухаалаг технологийн зах зээл 2020 он гэхэд хоёр дахин өсөхөөр байна.

Хятадын хөдөө аж ахуйд техник технологийн асар том эрэлт бий болсныг анзаарсан компаниуд ч энэ салбарт хүч сорьж, тухайн бүс нутгийн шинжлэх ухааны институтуудтай хамтран шинэ бүтээгдэхүүн хөгжүүлж байна.

Хятадын урдаа барьдаг технологийн гол компанийн нэг Alibaba групп гахайн аж ахуйд зориулсан технологи нэвтрүүлж, эрүүл мэндийг нь хянах боломж олгож байна. Мөн цахим худалдааны JD.com компани хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний түгээлтийг сайжруулахаар зорьж байгаа бөгөөд дэлхийн хаанаас ч 48 цагийн дотор Хятадын айл өрхүүдэд жимс жимсгэнэ хүргэх боломжтой болгоно хэмээн тус компанийн удирдлагууд амлаад буй. Ингэснээр тус компани фермерүүдийг хэрэглэгчидтэй нь шууд холбосон дэд бүтцийн хэлхээ холбоо байгуулах аж. Эдгээрээс гадна Alibaba-гийн гол өрсөлдөгч болох Tencent, бидний андахгүй мэдэх болсон Huawei, Baidu гээд хөдөө аж ахуйн технологийг хөгжүүлэгчдийг нэрлээд байвал дуусахгүй.

Хятадын хөдөө аж ахуй төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд уламжлал, шинэчлэлийг хослуулан өрсөлдөх чадвараа өсгөж, улам хүчирхэгжиж байгаа. Энэ хувьсал шинэчлэлийг тус улсын төр засаг ч хүчтэй дэмжиж улам ч түлхэж байна.

1.4 тэрбум давсан иргэнийг эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь давахад бэрх даваа. Тиймээс Хятадын Засгийн газар шинжлэх ухаан, технологийн хүчийг ашиглан энэ толгойны өвчнөөсөө  салахаар зүтгэж байна. Үүний хүрээнд томоохон аж ахуйн нэгжүүдийг дэмжихээс гадна хоол тэжээлээр хангах ажлын багагүй хэсгийг орон нутгийн эгэл жирийн өрхүүдэд үүрүүлж, жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмжихээр зорьж байгаа аж.

Хамгийн гол нь ухаалаг технологиуд нь Хятадын эгэл жирийн тариаланчдад давуу тал олгож, иргэд жижиг аж ахуйгаа хялбараар эрхэлж, амьжиргаагаа залгуулахад дэм болох аж. Цаашлаад эгэл жирийн ногоочид, загасчид зэрэг орон нутгийн иргэд технологийн дэвшил ашиглан дэлхийн зах зээлтэй холбогдох боломж бүрджээ.

Ер нь дэлхийн хөдөө аж ахуй өртөг зардал, хүн хүч шаардсан нүсэр салбар байхаа больчихоод  байгаа. Энэ шинэчлэл барууны орнуудаас эхлээд Бразил, Аргентин, Австрали, ОХУ зэрэг хөдөө аж ахуйн хүчирхэг орнуудад ч биеллээ олоод байна.

• Зөвхөн Хятад гэлтгүй дэлхийн хөдөө аж ахуй өдгөө аварга машин, тоног төхөөрөмж, асар олон хүний хөлс, хүч нэхдэг хүнд хүчир салбар байхаа больсон. 

• Хятадын хөдөө аж ахуйн салбарын ухаалаг технологийн зах зээл 2020 он гэхэд хоёр дахин өсөхөөр байна. 

• Хятадын хөдөө аж ахуйд техник технологийн асар том эрэлт бий болсныг анзаарсан компаниуд ч энэ салбарт хүч сорьж байна.

Нэгэн цагт хөдөө ахуйн салбарын хөгжил нь хуучирч хоцрогдоод байсан манай хойд хөрш барууны орнуудын тавьсан хоригийн “ачаар” энэ салбартаа эргэлт хийгээд авлаа. Сүүлийн таван жилд хойд хөршийн хөдөө аж ахуйн салбар үсрэнгүй хөгжиж, өнөөдөр ОХУ дэлхийн газар тариалангийн салбарын хамгийн хүчирхэг тоглогчдын тоонд зүй ёсоор бичигдэж байна. Ийнхүү улс орнууд хүнс, тэжээлийн гол үүцээ шинэчлэн сайжруулж, ухаалаг хөдөө аж ахуйг улам цогцлоож байна.

Харин бид ямар байдалд байна вэ. Сүүлийн хэдэн жилийн шинэчлэлийг эс тооцвол энэ хэр манай газар тариалангийн салбар нүргээн ихтэй, өртөг зардал өндөртэй нүсэр тоног төхөөрөмжөөсөө салаагүй. Жилийн жилд тэнгэрийн хур, бусдын гарт хоол хүнсээ даатгадаг хоцрогдсон байдал одоо ч хэвээр. Байсхийгээд ганд нэрвэгдэж, буудайгүйн гачланд уначихна. Бадар барьж бусдаас гуйж байж, хүн амаа хоолгүй хоцрох аюулаас гэтэлгэдэг. Хэрэв аз таарч тэнгэр хангай нар, хураа харамгүй хайрлан, ногоо тариа ургалаа гэхэд ургацаа цасанд даруулчилгүй хураан авна гэдэг жил бүрийн намрын зовлон. Улс орнууд ургамал тариагаа цаг минутаар хэмжиж, ширхэг будааг ч өсгөн үржүүлэхээр зорьж байхад бид бүтэн зуны турш тэнгэрийг харж, гараа хумхиж суусаар намар нь хоолгүй хоцорчихдог. Техник технологи, инновац, шинжлэх ухааны дэвшлийг ашигладаггүй бидний гачлан энэ. Хятад 1.4 тэрбум хүнээ тэжээхээр зүтгэж байхад төв Азийн өргөн уудам нутагт оршин суудаг Монгол Улс гурван сая хүнээ эх орны хүнсээр хангачихаж чадахгүй сууна. Дээрээс нь дэлхийн шар буурцаг, тосны ургамал, сахар, үр тарианы хамгийн том хэрэглэгчийн нэг Хятад улс АНУ-тай худалдааны маргаан үүсгэсний улмаас зарим төрлийн хүнсээр гачигдаж эхэллээ.

Ийнхүү дэлхийн зах зээлийн нөхцөл байдал, дотоодын эрэлт хэрэгцээгээ бодоод үзсэн ч тэр бид хуучирч хоцрогдсон хөдөө аж ахуйн салбараа шинэчлэх шаардлага тулгарсаар байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Төр мөнгөгүйдээ бус менежмент хийж чадахгүйгээсээ алдагдалд орж байна

Гишүүдийн тойрогтоо гэсэн бүхнийг хийнэ гэвэл төсөв өрнөөс салахгүй

 0 сэтгэгдэл


Сонгуулийн өмнөх жил гэдэг утгаар энэ оны улсын нэгдсэн төсөв түүхэндээ байгаагүй хэмжээгээр тэлсэн. төсвийн хөрөнгө оруулалтын зардал өмнөх жилүүдтэй харьцуулахад бараг гурав дахин нэмэгдэж, мөнгөн дүнгээрээ 1.2 их наяд төгрөгт хүрсэн билээ. Дийлэнх нь үүнийг сонгууль гэж хардсан. Угаасаа ч сонгууль ойртсон үед хамаг нөөц, боломжоо эрх баригчид шавхдаг. Сонгуультай жилүүдэд төсвийн зардал орлогын төсөөллөөсөө давдаг болов. Харин үүнийг олон нийт байх л ёстой үзэгдэл мэтээр хүлээж авдаг болж байна. Эргэн сануулахад, сүүлийн гурван удаагийн парламентын сонгууль тохиосон жилүүдэд эдийн засгийн өсөлт саарч, төгрөгийн ханш ердийнхөөс огцом суларч байв.

Ийм үед гадаад валютын улсын нөөц дундарч, инфляц иргэдийн халаасыг холгох нь гэм биш зан болсон. Сонгуулийн мөчлөг эдийн засаг, бизнесийн орчны хэмнэлийг өөрчилж, төсвийн сахилга бат гэж ярих улам хүнд болох шинжтэй.

Нээлттэй нийгэм форум тэргүүтэй иргэний нийгмийн байгууллагууд төсөв батлах үеэр л өөрсдийн байр сууриа илэрхийлж, тухайн жилийн төсвийн алдаа, оноог шүүн хэлэлцдэг. Гэвч төсвийг тэр чигт нь батлах буюу хөндлөнгийн байгууллагын дүгнэлтийг үл тоох нь түгээмэл. 2012 оноос хойш эдийн засгийн цар хүрээ тэлж, төсвийн орлогын хэмжээ хэдэн их наядаар яригддаг болсон.

“Оюутолгой” түүчээлсэн уул уурхайн томоохон төслүүд хэрэгжих болсноор манай улсын эдийн засаг суурь бүтцээрээ өргөжсөн. Үүнийг дагаад улсын төсвийн зардал, орлого, хөрөнгө оруулалт ч 1990-ээд онтой харьцуулахад төрөл арилжсан гэж хэлж болно. Төсвөөс орон нутагт буюу аймаг, сум руу хуваарилах мөнгөний хэмжээ ч тэрбумаар тоологдож, их мөнгөний эргэлт энд үүссэн. Ингэснээр төсвийн хөрөнгө оруулалтын ажил дагасан компани олширч, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, замын тендер авна гэдэг улам өрсөлдөөнтэй болж эхэллээ.

Хамгийн гол нь төсвийн хөрөнгө оруулалт нэрээр татвар төлөгчдийн мөнгө энэ зуур үрэгдэж, үнэгүйдэж байгаа жишээ цөөнгүй. Ялангуяа, он дамжих замаар тухайн барилга, байгууламжийн өртөг үлэмж нэмэгдэх хандлага төсвийн нөөц боломжоос давж байна. Сонгуулийн дараа дуусгаагүй байшин барилга, зам, гүүр олноор үлдэж, энэ нь царцсан гэх тодотгол зүүдэг. Он дамжих барилга байгууламжийн зардал гэхэд өнгөрсөн хугацаанд 2-5 дахин өсөөд байна. Барилга, бүтээн байгуулалт угтаа хийгдэж байгаа мэт боловч төсвийн мөнгө тарамдах үзэгдэл сүүлийн жилүүдэд хавтгайрах болсон. Нээлттэй нийгэм форумын хийсэн судалгаагаар 2019 онд нийт 2.5 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 887 төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг санхүүжүүлэхээр Засгийн газар төлөвлөсөн. Үүнээс нийт 1.2 их наядын төсөвт өртөгтэй 515 төсөл, арга хэмжээг энэ онд эхлүүлэхээр байна. Шинээр эхлүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн 32.9 хувь нь ирэх онд багтаж дуусах бол бусад нь он дамжих аж.

Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын зардлын гуравны нэг нь 2019 онд тууз хайчлах төлөвлөгөөтэй байна. Энэ оны төсөвт 2010-2014 онд эхэлсэн ч дуусаагүй төслүүдийн санхүүжилтийг мөн тусгасан. Нэг талаар төсөв “чөтгөрийн тойрог”-т орсон гэж хэлж болох юм.

Төсөвт ачаалал үүсгэдэг томоохон зардлыг их засвар эзэлж байгаа. Энэ онд гэхэд нийт 84.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 75 их засварын ажлыг шинээр эхлүүлэхээр байна. Гэхдээ их засварын ажлын төсөвт өртгийн дийлэнх хувь нь зам тээврийн салбарт хийгдэхээр тусгажээ.

Манай улс энэ онд нийт 102.4 тэрбум төгрөгөөр 42 тоног төхөөрөмж шинээр худалдан авах учиртай. Хэрэв төгрөгтэй харьцах ам.доллар тэргүүтэй валютын ханш цаашид чангараад байвал энэ зардал өсөх эрсдэл бий. Судлаач Ж.Сайнзаяа “Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлэх бодлого баримтлах учиртай. Гэвч энэ бодлого алдагдсан тал харагдаж байна. Сонгуулийн өмнөх жилийн төсөв гэдэг утгаараа зардлыг хэт тэлсэн. Гэтэл он дамнах барилга байгууламж их байна. Он дамжих хэрээр төслүүдийн үнэ өөрчлөгдөж, зардал нэмэгддэг. Энэ байдал дахиад үргэлжлэх шинжтэй” гэв.

• “Оюутолгой” түүчээлсэн уул уурхайн томоохон төслүүд хэрэгжих болсноор манай улсын эдийн засаг суурь бүтцээрээ өргөжсөн. 

• Сонгуулийн дараа дуусгаагүй байшин барилга, зам, гүүр олноор үлдэж, энэ нь царцсан гэх тодотгол зүүдэг. 

• Хөрөнгө оруулалтын зардлын гуравны нэг нь 2019 онд тууз хайчлах төлөвлөгөөтэй байна.

Он дамжсан төслүүдийн өртөг зардал өөрчлөгдөж байгааг өмнө нь дурдсан. Олон жил болсон  ч дуусдаггүй 32 барилгын төсвийг 2-9 жилийн хугацаанд улсын төсөвт суулгаж ирсэн байна. Анхны төсөвт өртөг нь энэ хугацаанд 2-5 дахин өссөн барилга, ажил үйлчилгээ ч байна. Зарим нь 4-5 жил зогссон байх жишээтэй. Он дамжин удаж байгаа барилгуудын төсөвт өртөг нэмэгдэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Тухайлбал, жилд баталж байгаа төсөв нь хэт бага байгаагаас болж он дамнахад хүрдэг. Мөн тендерийн маргаан эсвэл тендер цаг хугацаандаа зарлагддаггүйгээс дээрх байдал үүсдэг байна.

Хэт олон нэн шаардлагатай бус барилга байгууламж төсвийн хөрөнгө оруулалтаар барихаар аймаг, сум болгонд зэрэг эхлүүлж, энэ нь санхүүжилтгүйн улмаас зогсох эрсдэл хамгийн өндөр байна. Төсвийн удирдлагын менежмент алдагдах болсныг эдийн засагчид хэлдэг. Тэдний үзэж буйгаар, төсвийн нийгэм, эдийн засгийн үр ашгийг нарийн тооцоолох цаг хэдийн болжээ. УИХ-ын гишүүн болгоны тойрогтоо гэсэн бүхнийг биелүүлнэ гэвэл төсөв өр, алдагдлаас өндийхгүй аж.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эрдсийн экспорт эхний улиралд өслөө

Нүүрсний экспорт өссөн ч төлөвлөсөн орлогоо олох эсэх нь өнөө хэр асуултын тэмдэг хэвээр байна

 0 сэтгэгдэл


Монголын эдийн засгийн өсөлтийн суурь болдог уул уурхайн экспорт энэ оны эхний улиралд ялимгүй өслөө. Монголын эдийн засгийг уул уурхайн хэд хэдэн төрлийн түүхий эд тэжээдэг. Эдгээр эрдсээс нүүрс болон зэсийн экспорт нийт орлогын гол орцыг бүрдүүлдэг билээ. Тэгвэл Монгол Улсын нийт экспортын орлогын ойролцоогоор 25 хувийг дангаараа бүрдүүлдэг нүүрсний нийлүүлэлт энэ оны эхний гурван сард 15 хувиар өсөж, 7.8 сая тоннд хүрсэн байна. Ингэснээр нүүрснээс бид 644 сая ам.доллар олоод байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 130 сая ам.доллараар өссөн үзүүлэлт аж.

Өнгөрсөн оны нэгдүгээр сард манай улсын түүхий эдийн нийлүүлэлтийн гол хаалга болох Гашуунсухайт-Ганцмод боомтын экспорт тасалдаж, нүүрсний гарц огцом буурсан.

Харин энэ оны эхний улиралд нүүрсний нийлүүлэлт хэвийн тогтвортой үргэлжилж байгаа аж. Гэхдээ “Бадарчин баярлах болоогүй”. Хэдийгээр оны эхний улирлуудад нүүрсний экспорт өсдөг ч жилийн сүүл саруудад БНХАУ-ын татан авалт саарч, хил гаалийн хяналт чангарснаар нийлүүлэлт багасдаг нийтлэг дүр зураг сүүлийн жилүүдэд ажиглагдах болсон. 2018 онд ч ийм үйл явдал болж, нүүрсний экспорт буурсан юм. Тодруулбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас манай нүүрсний экспорт огцом буурч, арванхоёрдугаар сард бараг зогсох дөхсөн билээ.

Өөрөөр хэлбэл, эхний саруудын өсөлт жилийн сүүлийн улиралд хөөс болсон нь энэ. Монгол Улс төсвийн орлогынхоо арван төгрөг тутмын нэгийг нүүрснээс олохоор төлөвлөсөн. Хэдийгээр нүүрсний экспорт өсөж байгаа ч энэ онд төлөвлөсөн нэг их наяд төгрөгөө олох эсэх нь өнөө хэр асуултын тэмдэг хэвээр байна.

Тэгвэл нүүрстэй дүйх орлогыг Монголын эдийн засагт авчирдаг зэсийн баяжмалын экспорт биет хэмжээгээр долоон хувиар өсөж, 361.4 мянган тоннд хүрчээ. Харин мөнгөн дүнгээр есөн хувиар өсөж, хагас тэрбум ам.долларыг манай улс улбар шар түүхий эдээс олсон байх юм.

Манай зэсийн баяжмалын гол экспортлогч “Оюутолгой” компани гүний уурхайн хоёрдугаар босоо амны бүтээн байгуулалтыг ирэх аравдугаар сард дуусгахаар төлөвлөж буйгаа хөрөнгө оруулагч “Turquoise Hill Resources” мэдээлсэн. Тус компани экспортын зах зээлээ төрөлжүүлэхээр Япон руу зэсийн баяжмал туршилтаар экспортолсон ч тээвэр, логистикийн бэрхшээл учирч буйг “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес онцолсон байна. Монгол Улс өнгөрсөн улиралд зэсийн баяжмалаа 100 хувь өмнөд хөршид нийлүүлжээ.

Зэс, нүүрснээс гадна чамлахааргүй орлого авчирч, улсын эдийн засагт дэм болдог бусад төрлийн түүхий эдийн экспорт мэдэгдэхүйц өссөн байна. Тухайлбал, төмрийн хүдрийн экспортын орлого 66 хувиар өсөж, 106.5 сая ам.доллар гэж үндэсний статистикийн хороо мэдээллээ. Үүнээс гадна жоншны экспортын орлого 62 хувиар өсөж, 40.5 сая ам.долларт хүрсэн байна. Өнгөрсөн улиралд манай улс 110.6 мянган тонн жонш экспортолжээ. Жоншны экспортын 69 хувь БНХАУ, 30 хувь нь ОХУ-ыг чиглэсэн байна. Харин ердөө нэг хувийг БНСУ-д нийлүүлжээ.

Засгийн газар хайлуур жоншны үйлдвэрлэл, экспортыг дэмжих зорилтот хөтөлбөрийг 2019-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Геологи хайгуулын судалгаа нь олборлолтоосоо хоцрох болсон энэ салбарын жоншны нөөцийг нэгтгэн тогтоох, нөөцийн татварыг шинэчлэх шаардлагатай гэж салбарынхан үзэж байна.

Тэгвэл цайрын экспортын орлого мөнгөн дүнгээр дөрвөн хувиар өсөж, 62.6 сая ам.доллар болжээ. Лондоны металлын биржид цайрын ханш энэ он гарсаар эргэн сэргэж, 19 хувиар өсөөд байна. Нэг тонн цайрын фьючерс ханш 2928 ам.доллар болжээ. Одоогоор цайрын экспортын 75 орчим хувийг “Цайрт минерал”, үлдсэнийг нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “шин шин” компани экспортолж байна.