A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3510/

Улсын баяр наадмынхаа нээлт дээр, ард түмнийхээ өмнө хуримаа хийсэн нь их азтай тохиолдол болсон

Улсын баяр наадмынхаа нээлт дээр, ард түмнийхээ өмнө хуримаа хийсэн нь их азтай тохиолдол болсон
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3510/
  • Ханийг минь “Манай Янжинлхам байна шүү дээ” хэмээн хүлээж авсан
  • Намайг энэ хүнтэй гэр бүл болно гэхэд огт эсэргүүцээгүй. "Миний охинд хань болж чадах хүн" гэж таньсан болохоор тэр

 
БНСУ-ын нийслэл Сөүл хотноо болсон World duo arts performing festival 2019-д эх орноо төлөөлөн амжилттай оролцсон жүжигчин Г.Алтангэрэл, Г.Номуун нартай ярилцлаа. УДЭТ-ын залуу жүжигчин нэг гэр бүлийн энэ хосыг монголчууд дэлгэцийн хийгээд тайзны хэд хэдэн бүтээлээр нь таньдаг болсон. Жүжигчин Г.Алтангэрэл “Зангараг”, “Ану хатан”, “Аав” зэрэг киногоор олонд танигдсан бол, Г.Номуун “Ромео Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрээр “Гэгээн муза” наадмын шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртэж байв. 


-Та хоёрын оролцсон World duo arts performing festival 2019 наадмын талаар ярилцлагаа эхэлье. Хэчнээн орны уран бүтээлч оролцов? 

-19 дэх жилдээ зохион байгуулагдсан энэ наадамд оролцож шагнал хүртсэндээ баяртай байна. Тэмцээний удирдамж энэ оны хоёрдугаар сард ирж, эхний шатны шалгаруулалт цахим хэлбэрээр явагдсан юм. Тодруулбал, оролцогчид уран бүтээлийн бичлэгээ онлайнаар явуулж, тэндээс нийт таван орны долоон бүтээлийг хоёрдугаар шатанд шалгаруулсан. Ингээд бид сүүлчийн шатанд Грек, Украин, БНСУ, Румын улсын уран бүтээлчидтэй тунаж, өрсөлдсөн. Эдгээрээс гурван багийг шалгаруулж, Special Perfor-mance хэмээх шагнал гардуулсан. Энэ тэмцээнд Монголын уран бүтээлч анх удаа оролцож буйгаараа онцлог. Олон улсын фестивальд оролцож, эх орныхоо нэрийг гаргасан амжилт үзүүлэхэд гүүр болж тусалсан “Гэгээн муза” академийн хамт олондоо баярлаж буйгаа илэрхийлье. 

-World duo arts performing festival 2019-д В.Красногоровын “Хувь заяаны хүлээс” хэмээх жүжгээр шагнал хүртсэн гэл үү. Уг жүжгийг өмнө нь тайзнаа тоглож байсан уу. Эсвэл энэ фестивальд зориулж шинээр тависан уу?

-Саяхан “Гэгээн муза” академи хоёр хүний жүжгийн улсын уралдааныг зохион байгуулсан. Бид тус тэмцээний эхний шалгаруулалтад В.Красногоровын “Хувь заяаны хүлээс” жүжгээр өрсөлдөж, сүүлийн шатанд тэнцсэн юм. Яг энэ үеэр World duo arts performing festival-д оролцох эрх авсан. Ингээд “Хувь заяаны хүлээс” жүжгийнхээ сургуулилалтыг үргэлжлүүлэн хийгээд уралдаанд оролцлоо. 

-Та хоёр тайзан дээр хоршиж тоглоод зогсохгүй амьдрал дээр ч хосууд. Хамтарч уран бүтээл хийхийн давуу талыг онцлооч?

-А: Гэр бүлийн хүмүүс нэг мэргэжлээр ажиллаж, нэг зорилго өөд хамт тэмүүлнэ гэдэг их сайхан. Нэгнийхээ алдаа, дутагдал, амжилт ололтыг хэлж, зааж, урамшуулдаг. Хэн хэндээ хамгийн ойрын, хамгийн үнэнч зөвлөх нь байж чаддаг. Гэхдээ зарим үед ар гэр, үр хүүхэд орхигдчих гээд байдаг талтай ч аль болох бүгдийг зохицуулахыг хичээдэг. Мөн аав, ээжүүд минь үргэлж дэмжиж тусалдаг.

-Н: Хэдийгээр бидний ажил цаг наргүй ч аль болох хүүхдүүдтэйгээ хамт байж, ар гэрийн амьдралаа хойш тавихгүй байхыг хичээдэг. Нөхөр бид хоёр чөлөөт цаг л гарвал гэр бүлдээ зориулж, агаар, салхинд зугаалдаг.

-Та хоёр өнгөрсөн жил Төв цэнгэлдэхэд баяр наадмын нээлт дээр хуримын ёслолоо хийж байсан нь их сонирхол татсан. Наадмын нээлт дээр хурим хийх санаа яаж төрөв? 

-А:Улсын баяр наадмын нээлт дээр, арт түмнийхээ өмнө хуримаа хийсэн нь их азтай тохиолдол болсон. Өнгөрсөн жилийн наадмын нээлтийн ёслолын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажилласан. Зургадугаар сард жүжигчдэд наадмын нээлтийн зохиолыг танилцуулахдаа “Энэ жилийн баяр наадмыг гэр бүл бат бөх байх нь төр улс орших үндэс хэмээх утгыг илэрхийлсэн зохиомжтой нээнэ. Хоёр хүн сонгож наадмын талбайд хуримын ёслол хийхээр зохиолоо бичсэн” гэв. Тухайн үед өөрсдийгөө сонгогдоно ч гэж бодоогүй. Угаасаа ойрын хугацаанд хуримаа хийх төлөвлөгөө байгаагүй юм. Гэтэл “Хуримаа төв талбайд хийх хосоор жүжигчин Г.Алтангэрэл болон түүний гэргий Г.Номуун нарыг сонголоо” гэсэн. Бид хоёр маргаашаас нь л аав, ээж найз нөхдөдөө дуулгаж, хуримын бэлтгэлээ базааж эхэлсэн. Хэдий хуримын бэлтгэлээ сар хүрэхгүй хугацаанд хийсэн ч бүх зүйл санаснаар болж, бидний амьдралд хэзээ ч мартагдашгүй дурсамж болж үлдсэн. Мөн бидний хайрын батламжийг манай багш, Ардын жүжигчин П.Цэрэндагва, гэргий Д.Мэндбаяр эгчийн хамт хийсэн. Түүнд маш их бэлэгшээдэг. 

-Н: Тийм шүү. Хуримаа гайхалтай, сайхан хийж, гэрлэх саналыг ч өвөрмөц хүлээж авсан. Түүгээр ч зогсохгүй манай нөхөр надад үргэлж гэнэтийн бэлэг барьж, баярлуулж байдаг. Надад зориулж дуу хүртэл хийсэн. Би бүсгүй хүний хүсдэг бүхнийг хүртэж яваа азтай эмэгтэй шүү. 

-Тийм үү, гэрлэх саналаа танд хэрхэн тавьсан юм бэ?

-А: “Хэлж зүрхлээгүй хайр” жүжгийн үеэр би ажлынхантайгаа ярьж тохироод, ханьдаа гэнэтийн байдлаар гэрлэх саналаа тавьсан. Жүжгийн төгсгөлд “Хүн амьдралынхаа ханийг зөв сонговол 80 хувийг нь гүйцээсэнтэй тэнцдэг гэдэг дээ. Надтай гэрлээч” гэж хэлсэн. Үзэгчид жүжгийн нэг хэсэг л гэж бодсон байх.-Н: Гэгээн хайрын баяраар гэрлэх санал хүлээж авсан. Тэр үед том хүү минь гэдсэнд байсан л даа. “Надтай гэрлээч” гэх үгийг сонсоод би өөрийгөө барьж чадалгүй шууд л уйлсан. Ер нь тэр үед үзэгчид, жүжигчид бүгд уйлсан байх. Бидний сайхан дурсамжуудын нэг. 

-Үнэхээр сэтгэл хөдөлгөм, сайхан түүх байна. Жүжигчид их бүтээлч сэтгэлгээтэй байдаг бололтой. Та хоёр яагаад жүжигчин мэргэжлийг сонгосон бэ. Мөн хоёул театрын жүжигчнээр ажилладаг нь сонирхолтой санагдаж байна. Тайзны уран бүтээлч болоход бие биедээ нөлөөлсөн үү?

-А: Миний аав хөгжмийн зохиолч Т.Ганболд гэж хүн бий. Тиймээс би дуу хөгжимтэй ойр өссөн тул дуучин болно л гэж боддог байлаа. Гэтэл нэг өдөр аав минь “Жүжигчин бол дуулж ч, бүжиж ч чаддаг баялаг мэргэжил” гэж энэ мэргэжлээр сурахыг зөвлөсөн. Тэр үеэс жүжиг үзэж, жүжигчин болох сэдэл төрсөн юм. Улмаар СУИС-д тэнцэж, орсон цагаасаа л театрын жүжиг үзэж, “Би энэ дүр дээр ажиллаж, энэ тайзан дээр гарна” гэж зорьж, хөдөлмөрлөж ирсэн. Ер нь зорьсон зорилгодоо үнэнч байна гэдэг их сайхан чанар. Заавал эргээд хариу нь ирдэг гэж боддог.

-Н: Миний ээж УДЭТ-т ажилладаг. Тиймээс би багаасаа жүжиг үзэж, театрын амьдралтай ойр өссөн. Энэ нь жүжигчин болоход минь их нөлөөлсөн. Нэг үгээр хэлбэл, би театрын тайзан дээр тоглох гэж жүжигчин болсон. Энэ мэргэжлээр сурна гэхэд ээж минь эрс эсэргүүцсэн. Насаараа энэ салбарын арын албанд ажилласан тул жүжигчний амьдралын жаргал, зовлонг сайн мэддэг болохоор тэр л дээ. Гэвч би амьдралдаа анх удаа л ээжийнхээ үгийг сөрж, мөрөөдлөө хамгаалсан. Харин одоо намайг хамгийн сайн ойлгож, дэмждэг хүн бол миний ээж. Тоглосон дүрийг минь шүүмжилж, ур чадвараа ахиулахыг зөвлөдөг. 

-Ээж нь жүжигчний мэргэжил хэцүү хэмээн эсэргүүцэж бай-жээ. Гэтэл жүжигчин нөхөртэй болсныг гэдгийг мэдээд яаж хүлээж авсан бэ. Ер нь хоёр талын гэр бүлийнхэн нь та хоёрыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Н: Аагий надаас өмнө театрт орсон болохоор манай ээж таньдаг байсан. Намайг энэ хүнтэй гэр бүл болно гэхэд огт эсэргүүцээгүй. “Миний охинд хань болж чадах хүн” гэж таньсан болохоор тэр байх.

-А: Манай аав Хил хамгаалах ерөнхий газарт ажилладаг. Тэгээд Номууныг “Босго тотго” киноны Янжинлхамын дүрээр таньдаг байсан юм. Анх танилцуулахад “Манай Янжинлхам байна шүү дээ” хэмээн их л баярлаж хүлээж авсан. Одоо ч миний ханьд манай гэрийнхэн сэтгэл хангалуун байдаг.







A

Жижиг

A

Дунд

A

Том

Улирал бүрт тохирсон хүнс хэрэглэ

 0 сэтгэгдэл
  • Өвөл хүний биеийн галын илч их байдаг тул чанасан мах, үхэр адууны махан шимтэй хоол зохимжтой
  • Байнга жиндэж даарах нь бөөр бэлхүүсний өвчин цаашлаад хий, бадган хямарч ханиад, яс үений өвчин, судас нарийсах гэх мэт олон өвчний суурь болдог
  • Биеийн үе барилдсан хэсгүүдийг даарахаас сэргийлэх хэрэгтэй  учир нь барилдуулагч бадган буюу өрнийн анагаах ухаанд нэрлэдгээр үений шингэн байдаг. Энэ нь даарснаас болоод барагдаж бүтцэд өөрчлөлт орж, үе өвдөгөөр өвддөг болдог.

Сүүлийн үед монголчуудын идээ ундааны соёл, ал- дагдаж, явдал мөр буруудаж буй талаар уламжлалтын эмч нар ярих боллоо. Мацаг бариад нас барлаа, турах гэж хоолны дэглэм бариад бөөрний дутагдалд оржээ гэсэн мэдээлэл чих дэлсэх болов. Монголчууд эрт үеэс уламжлалт анагаах ухааны дэглэм, зарчмыг мөрдөж ирсэн ард түмэн. Бидний өвөг дээдэс хамгийн зөв амьдарч иржээ гэж уламжлалтын эмч нар ярьж байхыг хэдэнтээ сонсов. Өвлийн улиралд хэрхэн хооллох талаар “Оточ Манрамба” их сургуулийн Уламжлалт анагаах ухааны тэнхимийн багш Б.Батчимэгийн зөвлөгөөг хүргэж байна. 

Сав ертөнцөд нар өмнөдөд зорчиж байгаа нь өвлийн улирал болж, хүйтэрч буйг илтгэнэ. Энэ үед байгаль улирлыг дагаад хүний биед өөрчлөлт явагддаг. Хүйтрэхээр бие организм илчээ хурааж эхэлдэг бөгөөд шар үсний үүд хаагдаж галын илч ихэсдэг. Ингэснээр биед халууны махбодь ихсэж хоол шингэлт, бодисын солилцоо түргэн явагдаж идсэн хоол унд хурдан шингэдэг. Учир нь хоол шингээх хүч их байх үед өлсөөд байвал биеийн тамир буюу цус, мах, өөх, яс, чөмөг, дусал барагддаг учир хэт өлсөхгүй, хэт цадталаа идэхгүй байх хэрэгтэй. Аливаа хүн өөрийнхөө бие организм, нас, улирал, өдөр тутмын нөхцөлд тохируулан хоол лох нь чухал. Өвөл хүний биеийн галын илч их байдаг тул чанасан мах, үхэр адууны махан шимтэй хоол зохимжтой. Хэт өлсөж тамир хорогдвол гүнжид болон үрийн тосоор биедээ түрхлэг, иллэг хийж махны шөл, бурам, сүү зэргийг хэрэглэвэл ядрахгүй. Эрт дээр үеэс монголчууд өвөл идэш бэлдэж, мах идэн, зуны улиралд цагаан идээгээ болгодог байсан нь галын илчтэй холбогдуулан зөв хооллож байсныг илтгэнэ. Өнөө үед суурин иргэншилтэй болох тусам зөв хооллох улиралдаа тохируулан идэх зүйл ховордож ходоод, эс шингэх өвчнөөс эхлээд дотор өвчнөөр өвчлөх нь ихсэж байна. Идэж байгаа хоол чанарлаг бөгөөд шимтэй, хий шар бадганд тохирвол тамир тэнхээг тэтгэдэг төдийгүй өнгө, амт, үзэмж зэрэг нь сэтгэлд зохистой байваас эмчилгээ болж байгаа юм. Байнга жиндэж даарах нь бөөр бэлхүүс ний өвчин цаашлаад хий, бадган хямарч ханиад, яс үений өвчин, судас нарийсах гэх мэт олон өвчний суурь болдог. Гуя шилбээ хүрсэн үслэг дулаан пальто, өвдөг шагай наас дээгүүр давсан гутал, малгай өмсөж даарахгүй байх хэрэгтэй. Биеийн үе барилдсан хэсгүүдийг даарахаас сэргийлэх хэрэгтэй. Учир нь барилдуулагч бадган буюу өрнийн анагаах ухаанд нэрлэдгээр үений шингэн байдаг. Энэ нь даарснаас болоод барагдаж бүтцэд өөрчлөлт орж үе, өвдөгөөр өвддөг болно. Идээ унд, явдал мөрийг улиралтай зөв зохицуулж чадваас эрүүл байх боломжтой. Өвчингүй, эрүүл байж урт наслая гэвэл улирал бүрийн онцл огт тохирсон хоол унд хэрэглэж, явдал мөрөө зохицуулах хэрэгтэй. Аливаа өвчнийг үүсгэх дөрвөн нөхцөл байдаг. Энэ нь идээ ундаа, явдал мөр, цаг улирал, ад гэсэн дөрвөн зүйл юм. Тиймээс хоол унд, явдал суудлаа зохицуулбал өвчин тусахгүй, урьдчилан сэргийлэх бололцоотой.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Айраг исгэх зан үйлийг ЮНЕСКО-Д бүртгүүллээ

 0 сэтгэгдэл
  • Айргаар дамжуулан аялал жуулчлалын салбарыг хөгжүүлнэ
  • Бид айргаа байгалийн гаралтай, экологид хохиролгүй, бүтээгдэхүүн гэдэг утгаар нь алдаршуулж, аялал жуулчлалыг хөгжүүлэх болно

Жуулчдын Монгол руу ирэх нэг шалтгаан болдог “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл”-ийг ЮНЕСКО-ийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэлээ. Энэ сарын 11-ний өдөр Бүгд Найрамдах Колумб Улсын Богота хотноо ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах конвенцын хурлаар ийнхүү бас нэгэн монгол уламжлал дэлхийн өв боллоо. Айраг исгэх өвөрмөц зан үйлээ соёлын биет бус өвд бүртгүүлэхээр төрийн болон төрийн бус байгууллагууд сүүлийн таван жил идэвхтэй ажилласан юм. Энэхүү арга хэмжээнд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, “Байгаль, соёлын өвийг хамгаалах сан” ТББ-ын тэргүүн Н.Уртнасан нарын төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож буй. Энэхүү өв нь Монгол улсаас ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн 15 дахь өв юм. Энэ талаар БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлээс тодруулахад “Жил бүр тодорхой бүс нутагт айраг ууж, баярладаг, хийх арга барил, ахуй соёлтой нь танилцдаг томоохон фестиваль хийдэг болох зорилт дэвшүүлэн, яамнаас энэ чиглэлээр бодлого баримтлан ажиллаж байна. Айргийг ЮНЕСКО-д бүртгүүлэх ажил олон жилийн өмнөөс яригдсан. Дэлхийд шар айргаараа алдартай Герман, Польш зэрэг орнууд шар айрагны фестиваль тогтмол зохион байгуулж, жил бүр зургаан сая гаруй хүн очдог. Бид ч бас цэвэр байгалийн гаралтай, экологид хохиролгүй, хүний эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн гэдэг утгаар нь алдаршуулж, энэ салбараа цаашид бодлогоор дэмжих болно” хэмээсэн юм. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эхнэр маань хүүхдээ орхиод эрэгтэй хүн дагаад явчихсан

 0 сэтгэгдэл
  • Салалтыг хүүхэд өөр дээрээ тусгаж хүндээр хүлээж авдаг

“Засгийн газрын мэдээ” сонин мэргэжлийн сэтгэлзүйчидтэй хамтран зөвлөгөө өгч байна. Энэ удаа сэтгэлзүйч П.Буяндэлгэр уншигчдаас ирсэн асуултад хариуллаа. Хэрэв танд сэтгэл зүйн тулгамдсан асуудал байвал манай сонинд хаяглан ирүүлээрэй.

Хаяад явсан ээжээсээ болоод хүү маань архи уудаг болчлоо 

-Би эхнэртэйгээ 20 жил амьдарсан. Гэтэл гэрт байсан үнэд хүрэх бүхий л зүйлийг минь аваад явчихлаа. Нэг залуутай хамт амьдарч байгаа сураг сонсогдсон. Үүнээс болж хүү маань үгэнд орохоо больж, архи уудаг болчлоо. Хүүгээ яаж аврах вэ?

-20 жил хамт амьдарна гэдэг урт хугацаа. Танд эхнэр тань буруутай мэт санагдаж байгаа бол хүүд чинь та хоёр хоёулаа буруутай санагдаж байгаа. Хүүтэйгээ хэд хэдэн удаа гадуур хооллож, дотно ярилцаж үзэх хэрэгтэй. Салалтыг хүүхэд өөр дээрээ тусгаж хүндээр хүлээж авдаг. Тиймээс өөрийгөө хаягдсан, гологдсон, орхигдсон байдлаар мэдэрч, сэтгэл гутралд орсон байж мэднэ. Бас өөр шалтгаантай ч байж болно шүү. Тиймээс салсан ч гэсэн аавын үүрэг өөрчлөгдөөгүй гэдгийг санаж, хүүгийнхээ дотор хүнтэй нь холбогдож сэтгэлд нь дэм үзүүлж, дотно байхыг хичээгээрэй. 

Аавтайгаа уулзмаар байгаагаа ээждээ яаж хэлэх вэ

-Манай аав, ээж хоёр салаад хэдхэн сар болж байгаа ч би аавыгаа маш их санаж байна. Ээжийгээ гомдоочих байх гэж бодоод энэ тухайгаа хэлээгүй. Аав маань уулзъя гэж хэлэх хүртэл би хүлээнэ гэж боддог ч санаснаар болохгүй юм. Би яах ёстой вэ? 

-Аав чинь бас чамайг санаж байгаа гэдэгт би 100 хувь итгэлтэй байна. Тэрээр чамд хайргүйдээ биш харин чиний өмнө буруутай гэдгээ мэдэж, байгаа болохоор уулзахаас санаа нь зовж байгаа. Аав ээжийнх нь салалтад чиний буруу гэж огт байхгүй учраас хоёулаа чамд хайртай, бас ойлгоно. Тиймээс ээжтэйгээ ярилцахыг зөвлөж байна. Бас аавтайгаа ч ярилцах бүрэн эрх чамд байгаа учир уулзаад ямар их санадгаа нуулгүй хэлээрэй. Аав чинь маш их баярлах болно. 

Хүүхэдтэй болгоод хаяад явчихлаа

-Би одоо зургаан сартай жирэмсэн. Найз залуу маань хүүхэдтэй болмоор байна гэсээр байгаад хүүхэдтэй болгочихоод эцэст нь хаяад явлаа. Хүүхдээ гаргахаас өөр сонголтгүй болсон би тэр хүнийг битүүхэндээ хүлээсээр байгаа. Цаашид яавал дээр вэ?

-Нэгэнт хаяад явсан хүнийг хүлээж, сэтгэлээр унах хэрэггүй. Амь бүхэн үнэ цэнтэй, амьдрал бүхэн туулах замтай байдаг. Тиймээс эхлээд хүүхдээ эрүүл энх, сэтгэл тайван төрүүлэх нь чухал. Хүүхэд тань гараад ирэхээр та өөрийн эрхгүй жаргалтай болно. Амьдрал баян шүү дээ. Нэгэнт таныг гээд хүрээд ирсэн хүүхэдтэйгээ хамт сайхан амьдрах хэрэгтэй. Хүн бүр адилгүй учраас та хэзээ нэгэн цагт таныг гэх сайн хүнтэй учирна гэдэгт итгэх хэрэгтэй. 

Хадам ээж намайг зодсон  

-Манай хадам ээж архи их уудаг. Манай нөхөр үүнээс нь болж ээжтэйгээ муудалцаад, гар хүрчихсэн юм. Гэтэл уурандаа хадам ээж намайг зодсон. Би тэр өдөр хүүхдүүдээ авч яваад нөхрөөсөө салахаар шийдлээ. Гэтэл нөхөр маань салах хэрэггүй, ээжийг минь уучлаарай гэж гуйгаад байна. Яавал дээр вэ? 

-Эх хүү хоёр салдаггүй, эхнэр нөхөр хоёр л салдаг. Тиймээс нөхөртэйгөө энэ талаар дахин сайн ярилцаад үзээрэй. Хүн ээжийгээ сонгодоггүй, харин эхнэрээ сонгож авдаг. Цаашид гэр бүлийнхээ харилцааг хамгаалахын тулд болж өгвөл тусдаа гарах нь хамгийн зөв шийдвэр. Хадам ээждээ гомдсон гомдлоос болж нөхрөөсөө сална гэдэг маш хайран санагдаж байна. Та хоёр гэр бүл, хайрынхаа төлөө нэг тал байж бүхнийг хамтдаа даван туулах ёстой. Хоёр биеэ ойлгож дэмжиж чадвал эргэн тойронд байгаа бүх зүйл цэгцэндээ орох болно. 

Ангийнхаа хөвгүүнд хайртай гэдгээ яаж хэлэх вэ?

-Би ангийнхаа нэг хөвгүүнд сайн болжээ. Үүнийг манай найзуудаас өөр хэн ч мэдэхгүй. Өөрт нь хэлмээр байгаа ч хэлж чадахгүй юм. Эмэгтэй хүн эхлээд гуйх эвгүй санагдаад яах учраа олохгүй байна. Надад туслаач?

-Хайрыг зөвхөн үгээр хэлж ойлгуулдаггүй. Охид хайр халамжид мэдрэмтгий байдаг шиг хөвгүүд хүндлэлд маш мэдрэмтгий байдаг. Анхаарч хүндлэх, үгийг нь сонсох, түүний чухал өдрүүдийг мартахгүй байх, сонирхлыг нь дэмжих зэрэг бүгд хайрын үггүй хэлбэр. Хүн өөрийг нь анхааралтай сонсдог, хүндэлж дэмждэг хүнд татагддаг. Тэгэхээр чамд маш их боломж байна. Бүх хүнд хайрыг мэдрэх төрөлх мэдрэмж байдаг болохоор өөрт нь сайн хандаж байгаа хүнийг анзаарахгүй өнгөрдөг хүн бараг үгүй. 





A

Жижиг

A

Дунд

A

Том

Мөсөнд авиралтын спорт олимпод орвол бид медаль авах боломжтой

 0 сэтгэгдэл
  • Уулын спортод эрсдэлийг урьдчилан тооцоолох, аюулгүй ажиллагааг мөрдөх нь нэн тэргүүний асуудал
  • Дэд ерөнхийлөгч болохоор зорьсон минь мөсөнд авиралтын спорттой холбоотой. Спортын энэ төрлөөр манай улсын тамирчид Азидаа тэргүүлдэг. Энэ спортыг олимпод оруулахаар зорьж байна

Зах зээлээ сайн судлаагүйгээс уулын спортын хэрэгсэл ихээр импортлон оруулж ирж эрсдэлд орж байсан энэ бүсгүй өдгөө Олон улсын уулчдын холбоо (UIAA-International Climbing and Mountaineering Federation)-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж, уулын спортын хөгжлийн төлөө зүтгэж явна. Бизнесийн салбар дахь бүтэлгүйтэл нь түүнийг энэ спорттой учруулж, нэгэнт холбогдсон спортынхоо сайхныг олж мэдэрснээр олон хүнд хүргэх эрмэлзэлтэй болсон гэдэг. Олон улсын уулчдын холбооны дэд ерөнхийлөгч Б.Золжаргалтай ярилцлаа. 

-Та Олон улсын уулчдын холбооны дэд ерөнхийлөгчөөр ажилладаг. Энэ нь манай улсад ямар давуу талтай вэ? 

-Энэ хариуцлагатай албан тушаалыг хүлээж аваад нэг сар л болж байна. Монгол хүн энэ албан тушаалд очсоноор уулын спортын дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж алхах, аюулгүй ажиллагаа болон хичээллэгчдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх төсөл хөтөлбөрүүдэд хоцролгүй оролцох, цаашдаа спортын салбарын удирдах түвшинд монголчууд амжилттай ажиллах жим болж өгнө гэж найдаж байна. Дэд ерөнхийлөгч болохоор зорьсон минь мөсөнд авиралт гэх уулын спортын нэг төрөлтэй холбоотой юм. Спортын энэ төрлөөр манай улсын тамирчид Азидаа тэргүүлдэг. Одоогоор Монгол улсын тамирчид өвлийн олимпын аль нэг төрлөөс медаль аваагүй байна. Хэрвээ энэ төрөл олимпын хөтөлбөрт орох юм бол тамирчдад маань медаль авах нөөц хангалттай бий. Гэтэл Олон улсын уулчдын холбоо мөсөнд авиралтыг олимпод оруулах тал дээр дорвитой ажиллахгүй байна гэж үзсэн учраас энэ чиглэлд идэвхтэй ажиллаж, мөсөнд авиралтыг олимпын төрөл болгох зорилготой байна. 

-Олон улсын уулчдын холбооны Удирдах зөвлөлийн сонгуульд танаас гадна зургаан эрэгтэй нэр дэвшсэн юм билээ. Таныг эмэгтэй удирдагч гэдэг талаас нь онцлохыг хүсэж байна. Эмэгтэй тамирчдын эрх ашгийг хамгаалах, удирдах түвшний оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр төлөвлөсөн ажил бий юу? 

-Манай Олон улсын уулчдын холбооны хувьд энэ чиглэлээр тодорхой бодлого зохицуулалт байдаггүй6 Удирдах зөвлөлд надаас гадна нэг франц эмэгтэй бий. Энэ нь удирдах албан тушаалд хоёр эмэгтэй ажиллаж буй анхны тохиолдол болсон. Сая болсон Ерөнхий ассамблейн үеэр нийт 120 гаруй зочин ирснээс ердөө тав, зургаа нь нь л эмэгтэй байх жишээтэй. Уулын спортын хувьд ууланд авирагчдын хүйсийн харьцааг авч үзвэл эрэгтэй, эмэгтэй бараг тэнцүү боловч эрсдэлээс сэргийлэх, Олон улсын Олимпын хорооноос тавигдах шаардлагын хүрээнд эмэгтэй тамирчидтай хэрхэн харьцахаас эхлээд удирдлагын түвшинд квот тогтоох гэхчлэн олон ажил хийхээр төлөвлөж байна. 

-Хүмүүс энэ спортыг зөвхөн уулын оргилд гарахаар л төсөөлөөд байх шиг. Гэтэл дотроо их олон төрөл юм билээ. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу? 

-Уул байгалийн тогтоцоос хамаараад янз бүрийн гадаргуутай, мөстэй, устай, хадтай гэхчлэн олон шинж чанартай байна. Энэ бүр дээр өөр техникийн дагуу, тодорхой багаж төхөөрөмжийн дагуу авирах шаардлага тулгардаг. Иймээс дотроо Спорт авиралт, мөсөнд авиралт, байгалийн хаданд авиралт гэх мэт төрлүүд тусдаа бие даан хөгжих болсон. Одоо уулын гүйлт гэх шинэ төрөл эрчтэй хөгжиж байна. 

-Сүүлийн жилүүдэд уулын спорт хүчтэй хөгжиж, олимпод ороод байна. Танай холбооны зүгээс тамирчдаа олимпод оролцуулах, чансааг нь ахиулахын төлөө хэрхэн ажиллаж байна? 

- Уулын спортын нэг төрөл болох хиймэл хананд авиралт буюу спорт авиралт 2020 оны Токиогийн олимпоос эхлэн орсон. Манай улсад спорт авиралтын хатуу дэд бүтэц буюу бэлтгэл хийх стандартын хана, зөөлөн дэд бүтэц буюу дасгалжуулагч, шүүгч, зам тавигч гэх мэргэжлээр бэлтгэгдсэн хүний нөөц байхгүй. Холбооноос барьж буй хиймэл хананы бүтээн байгуулалтын ажил тун удахгүй эхэлнэ. Яг энэ мөчид Улаанбаатар хотод 3 хоногийн турш спорт авиралтын дасгалжуулагчийн олон улсын сургалт болж байна. Энэхүү сургалтаар урьд нь бид буруу яваад байж, арга барил маань энэ биш байж гэдгийг ойлгож байна даа. /инээв/ Мөн шүүгч, зам тавигчдыг бэлтгэх хэрэгтэй байна. Энэ төрлийг хөгжүүлэх боломж одоо л илүү сайжирч байна. 

-Ямар ч спортод эрсдэл гэж бий. Гэхдээ уулын спорт хамгийн эрсдэлтэй төрлийн нэг. Отгонтэнгэр хайрханд 17 уулчин амь насаа алдсан харамсалтай явдал болж байсан. Эрсдэлээс сэргийлэх механизм манай улсад хангалттай хэмжээнд байж чаддаг уу. Ийм хэмжээний эрсдэлтэй авиралт хийхэд албан ёсоор бүртгүүлэх, зөвшөөрөл авах механизм, нэгдсэн бодлого бий юу? 

-Уулын спорт бол экстрим төрөл учраас аюулгүй ажиллагааг маш сайн баримтлах хэрэгтэй. Хатуухан хэлэхэд хүний амь насаар, цусаар бичигдсэн дүрмүүд энэ спортод бий. Одоогоор манайд эрсдэлийг бууруулах тал дээр хууль эрх зүйн зохицуулалт алга. Осол гарсны дараа Шадар сайдын үүрэг өгснөөр ажлын хэсэг гарч БОАЖ-ын сайд болон БСШУС-ын сайд нарын хамтарсан тушаалаар “Өндөр уулын бүсэд авирах, аялах журам” баталсан. Гэвч одоогоор Хууль зүйн яамаар албажиж гарч ирээгүй байна. Тиймээс манай хийж чадах ажил нь сануулах, зөвлөх, сургалт зохион байгуулах л болоод байна. Энэ журам батлагдсанаар 2500 метрээс дээш өндөртэй оргилд авиралт хийхдээ Монголын Уулчдын Үндэсний холбоонд бүртгүүлэх, авиралт хийх хүмүүст мэргэжлийн уулын хөтөч, багийн ахлагчтай явах шаардлага тавих боломжтой болж, хариуцлагын тогтолцоо бүрдэх юм. 

-Энэ осол танай холбооны олон улс дахь нэр хүнд болон үйл ажиллагаанд ямар нэг нөлөө үзүүлсэн үү?

-Нөлөөлөлгүй яахав. Дэлхийд гуравт орох том осол шүү дээ. Уулын спортод хавтгайран орж, аюулгүй ажиллагааны дүрэм, мэдлэггүйгээр хичээллэдэг хүмүүст том анхааруулга болсон. Мөн энэ чиглэлээр холбооноос зохион байгуулж буй ажилд хүмүүс идэвхтэй оролцох хандлагатай болсон. Тамирчдыг ар гэрийнхэн нь спортоо орхихыг ятгах, тэмцээн уралдаанд явуулахгүй байх зэрэг асуудал тухайн үед үүсэж байсан ч тэр хүсэл эрмэлзлийг нь хэн ч зогсоож чадаагүй.

-Тухайн үед цасан нурангаас үүдэлтэй гэж дүгнэж байсан. Дүгнэлтэд ямар нэг өөрчлөлт орсон уу? 

-Манайд техникийн хувьд ч тэр, боловсон хүчний хувьд ч тэр тийм хэмжээний ослыг дүгнэх чадамж байхгүй. Аляскийн уулын холбоо, Цасан нурангийг судлах институт зэрэг олон улсын байгууллагуудаас ирсэн дүгнэлтээр цасан нурангаас үүдэлтэй осол гэж дүгнэсэн. Гэхдээ гэнэтийн аюулгүй ажиллагааны дүрэм тодорхой хэмжээнд зөрчигдсөн гэж үздэг. Манай холбооноос үзэж буйгаар тухайн үед Отгонтэнгэр ууланд авиралт хийхийг хориглосон БОАЖ-ын сайдын тушаал гаргаж, сонгуулийн шоу хийсэн нь буруу. Энэ тушаал нь албажаагүй байдаг юм. Гэвч нутгийн иргэд авиралт хийхийг эсэргүүцэж, чулуу шидэх, дайрах үйлдэл гаргаж байсан нь уулчдад бэрхшээл учруулж, цаг агаарын тохиромжгүй нөхцөлд авиралт хийх шалтгаан болсон байх талтай. Нэг ёсондоо нутгийн иргэд зуслангаасаа буусан, эргэн тойронд нь хүн байхгүй үед боломжийг ашиглаж, хулгайгаар явсан гэсэн үг. Хориглосноор хэзээ ч асуудлыг шийдэхгүй. Харин тодорхой улиралд зөвшөөрөл өгөх хэрэгтэй. Энэ байр сууриа бид БОАЖЯ-д удаа дараа илэрхийлсэн. 

-Мөнх цаст уулаа хайрлах, байгаль орчноо хамгаалах асуудал тулгамдаад байна. Уулчид байгаль орчинтой хамгийн ойр байдаг хүмүүс. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр нөлөө та бүхэнд мэдрэгдэж байна уу? 

-Уулын спорт байгаль орчин хамгаалал болон аялал жуулчлалын салбартай салшгүй холбоотой. Аялагчид, орон нутгийн иргэдийг соёлжуулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг кампанит ажлууд хийх шаардлага зайлшгүй тулгарсан. Алтай Таван богдын мөсөн голын мөс жил бүр таван сантиметраар багасаж байна. Анх олон улсад уулын спорт бол гоё, сайхан гээд л сурталчилдаг байлаа. Гэтэл хүмүүс массаар энэ спортоор хичээллэж эхэлснээр байгаль орчинд хор хохирол учруулах болсон. Хүн байгаа газар сүйрэл явагдаж байдаг шүү дээ. Байгалийн онгон зэрлэг байдал алдагдаж байгаа учраас олон улсын түвшинд ч уул усаа хайрлах, хариуцлагатай аялах асуудал хурцаар яригдаж байна. Спорт болон байгаль орчны балансыг тогтвортой барьж, хамгаалах ажил бол бидний хамгийн чухал үүрэг гэдгийг Олон улсын холбоонд орж ажилласнаар улам ухамсарлаж тогтвортой хөгжлийн чиглэлд олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.