A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/236/

Улс төрийн таатай нөхцөл бизнест тусгалаа олж байна

Айлчлалаар эдийн засгийн таатай коридор бий болсон

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/236/


Монголын үндэсний худал­ даа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа. БНХАУ-д хийсэн Ерөн­ хий сайд У.Хүрэлсүхийн албан айлчлалын бүрэлдэхүүнд тэрбээр орж ажилласан юм.

-Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн энэ удаагийн албан айлчлалын гол үр дүнг та хэрхэн тодорхойлох вэ. Хоёр орны эдийн засаг, бизнесийн харилцаанд хэр ахиц дэвшил гарсан бэ?

-БНХАУ-д хийсэн Ерөнхий сайдын айлчлал цаг хугацааны хувьд маш онцлог үед тохиож таарлаа. Учир нь, өмнөд хөрш намын их хурлаараа улс төрийн маш чухал шийдвэр гаргасан. Энэ нь төрийн тэргүүний эрх барих хугацааг хугацаагүй болгож, одоогийн удирдагч Ши Жиньпин бүх насаараа улсаа жолоодох эрхтэй болсон. Хоёрдугаарт, манай хоёр хөршид улс төрийн уур амьсгал нэлээд өөрчлөгдөж байна. Үүнээс гадна дэлхийн худалдааны дүрэм өөрчлөгдөж, уг дүрмийг зохиодог улсуудын хооронд тэмцэл ид явагдаж байна. Нэг ёсондоо, худалдааны дайн өрнөж байгаа энэ үед Ерөнхий сайдын айлчлал болж өндөрлөлөө. Урд хөршдөө хийсэн Засгийн газрын тэргүүний айлчлал улс төрийн ач холбогдолтой төдийгүй эдийн засгийн харилцаанд багагүй дэвшил авчирсан. Өөрөөр хэлбэл, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх, одоогийн худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд чиглэлээ. Энэ нь айлчлалын үр дүнг багагүй өргөж өгсөн.


-Хоёр орны гадаад худал- дааны эргэлт өнгөрсөн оны байдлаар 6.7 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна.

-Тийм ээ. Энэ хэмжээг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт хоёр улс хамтран дэвшүүллээ. Монгол Улсын нийт гадаад худалдааны 63 хувийг өмнөд хөрштэй хийж буй худалдаа эзэлдэг. 2016 онтой харьцуулахад өнгөрсөн онд хоёр орны худалдаа 30 гаруй хувиар өссөн. Ирэх жилүүдэд үүнээс илүү өсөлт хүлээгдэж байна. Хятадын дарга хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдол өгч байгаагаа энэ удаагийн айлчлалын үеэр илэрхийлсэн. Үүнийг ажил хэргийн түвшинд шилжсэн гэж ойлгож болно. Хоёр орны Засгийн газар уг зорилтыг биелүүлэхэд анхаарч ажиллах учиртай. Мэдээж 10 тэрбум ам.долларт хүргэхэд гол оролцогчид нь бизнесийн байгууллага, хувийн хэвшил байна. Улс төрийн айлчлалаас залгаад Бээжин хотод хоёр улсын бизнесийн форум болж, Монголын талаас 160 орчим компанийн 290 гаруй төлөөлөгч оролцлоо. Бизнесийн уулзалт өндөр хэмжээнд болсон. Улс төрийн нааштай гарсан үр дүнг шууд хэрэгжүүлэх бизнесийн байгууллага, түншүүд газар дээр нь хоорондоо уулзаж, гэрээ хэлцэл байгуулж, хамтын ажиллагаагаа шат шатаар ахиуллаа. Өөрөөр хэлбэл, улс төрийн таатай нөхцөл байдал бизнест тусгалаа олж байна. Үүнийг худалдааны эргэлт харуулах байх. Айлчлалаар эдийн засгийн таатай коридор бий болсон. Энэ коридорын хүрээнд том зорилго тавьсан.


-Гадаад худалдааны эргэлтийг 10 тэрбум буюу 3.3 тэрбум ам.доллараар өсгөхөд 2020 хүртэлх хугацаа хангалттай юу. Цаг хугацаа маш шахуу харагдаж байна?

-Энэ зорилтыг бодит ажил болгох гэж хоёр талаас 300 гаруй компанийн 600 гаруй бизнесийн төлөөлөл оролцсон. Бидний хийх ажил маш тодорхой. Худалдааны эргэлтээ 3.3 тэрбумаар ахиулахын төлөө бизнес эрхлэгчид ажиллана. Үүнийг гардан хийхийн тулд 4.6 тэрбум ам.долларын 36 гэрээ, хэлцэл айлчлалын үеэр байгуулсан. Хамгийн өндөр дүнтэй нь нийслэл хотын нэн тулгамдсан асуудал болсон төв цэвэрлэх байгууламжийн засвар шинэчлэл. Эдийн засгийн зарчим талаас бодит гэрээ, хэлцэл түлхүү байлаа. Үүнийг улс төрийн хувьд бататгасан тоо нь Хятадын даргатай Ерөнхий сайдын хийсэн худалдааны эргэлтээ 10 тэрбум ам.долларт хүргэх том зорилго байсан.


Бусдын бизнес рүү төрийн системийг ашиглаж дайрдаг үзэгдэл их байна


Хоёр улсын хувьд эдийн засгийн одоогийн харилцаагаа улам гүнзгийрүүлэх нөөц боломж байна. Экспортын барааны нэр төрлийг олшруулах, Хятадад нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн гаралтай, органик хүнсний бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд давуу тал бидэнд байгаа. Худалдааны эргэлтийг бодитой нэмэгдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэх салбар бол уул уурхайн экспорт. Тэгвэл экспортыг гацааж байгаа нь боомт. Тэнд байгаа гарцын асуудлыг шийдэх гэж Ерөнхий сайд Хятадад хийсэн айлчлалаа өндөрлөж, Гашуунсухайтын боомтоос дотоод айлчлалаа эхлүүлсэн. Уул уурхайн бүсэд төмөр зам яах аргагүй хэрэгтэй. Өмнөд бүсэд төмөр замаас гадна цахилгаан эрчим хүч, баяжуулах үйлдвэр шаардлагатай. Нүүрсээ баяжуулж, нэмүү өртөг шингээх хэрэгтэй байна.


-Хятадын талаас Монголын бизнесийн байгууллагуудтай аль салбарт хамтран ажиллах сонирхол илүү давамгайлж байна вэ?

-Зөвхөн уул уурхай гэлтгүй бусад салбарт хөрөнгө оруулалт татах боломж байна. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүч болон аялал жуулчлал, худалдаа, барилга, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хамтарч ажиллах сонирхол их байгааг энэ удаагийн айлчлалын үеэр байгуулсан гэрээ, хэлцэл, санамж бичгээс харж болно. Харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэхэд Хятадын тал бэлэн байна. Ийм хандлага, уур амьсгал бизнес уулзалтын үеэр ч мэдрэгдэж байсан.


-Сая байгуулсан гэрээ, хэлцэл, санамж бичиг цаашид хэрхэн ажил хэрэг болсныг яаж мэдэж болох вэ?

-Үүнийг Засгийн газрын түвшинд хүртэл анхаарч, хяналт тавьж ажиллана гэдгээ Ерөнхий сайд бизнес эрхлэгч нартай уулзах үедээ ч онцолж хэлсэн. Ярилцлагын эхэнд дурдсанаар, бодитой ажил болох гэрээ, хэлцэл гэж харж байгаа. Тиймээс хоосон яриа болоод өнгөрөхгүй. Энэ бол хоёр орны түвшинд, багагүй цаг хугацаа туулсан, судалгаа, тооцоолол нь нарийн тодорхой болсон, одоо бүтээн байгуулалт нь эхлэх ажил. Тиймээс үүнд санаа зовохгүй байна. Гол нь бизнесийн орчин тогтворжиж, эдийн засаг сэргэж буй таатай энэхүү агшныг хувийн хэвшил ашиглах боломжийг улстөрчид олгох хэрэгтэй байна.


-Айлчлалын үеэр байгуулсан хэлцэл, гэрээнээс аль компанийг та онцлох вэ. Эрчим хүчний үйлдвэрлэлийн салбарт хамтрах сонирхол Хятадын талд байна гэдгийг та хэллээ?

-“Шинэ Азиа” групп Завхан аймгийн Тэлмэн суманд 100 МВт-ын хүчин чадал бүхий дулааны цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэхээр болсон. Ирэх сарын дундуур тус компани төслийн нээлтээ хийхээр төлөвлөж байна. Төслийн бүтээн байгуулалт эхэлсэн өдрөөс хойш 19 сарын дараа цахилгаанаа өгч эхэлнэ. Нэг ёсондоо 2019 оны эхээр эрчим хүчний шинэ эх үүсвэр ашиглалтад орно гэсэн үг. Энэ төсөл гэнэт гарч ирээгүй. Найман жилийг туулж байж өнөөдөр бүтээн байгуулалтаа эхлүүлэхээр болж байна. Компанийн хувьд найман жил гэдэг маш урт хугацаа. Том төсөл дагасан улс төрийн эрсдэл их байдаг. Энэ болгоныг давж гарна гэдэг амаргүй. Компанийн зүгээс надад зөвшөөрөл өгсөн учраас уг төслийн талаар ярьж байна. Яагаад гэвэл, бизнесийнхэн яваад хөрөнгө оруулалт татаж, гэрээ, хэлцэл байгуулаад ирэхээр үүнийг булааж авдаг, дайрдаг байдал манайд хавтгайрлаа. Энэ байдлаас болж төслөө алдсан компани, аж ахуйн нэгж олон байна. Хийгдсэн гэрээнийхээ аюулгүй байдлыг хамгаална гэдэг аль ч компанийн хувьд үндсэн чухал асуудал болчихоод байгаа. Бусдын бизнес рүү төрийн системийг ашиглаж булааж авдаг үзэгдэл сүүлийн үед их гарч байна.


• Худалдааны эргэлтийг бодитой нэмэгдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэх салбар бол уул уурхайн экспорт.

• Худалдааны эргэлтээ харахад, 63 хувь нь БНХАУ-д ногдож байгаа. Тоон дүнгээр бол өндөр байна.

• Онцолж хэлэхэд, манай бизнес эрхлэгчид маш мэдрэмжтэй болсон.


БНХАУ-тай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах талаар хөндсөн үү?

-Манай улсын хувьд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулан гүнзгийрүүлэх, дипломат харилцааныхаа дээд шатанд шилжих бодлого баримталж байна. Харин Хятадын талаас эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах талаар байнга хандаж байгаа. Юуны өмнө гадаад худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх нь чухал байна. Мөн худалдааны бодлогоо цэгцлэх цаг болсон. Үнийн бодлого их тодорхой байх хэрэгтэй.


-Хоёр улсын бизнесийн түншлэл хэр зузаарч байна вэ. Эргээд харахад, аль салбарт хамтын ажиллагаа гүнзгийрсэн бэ?

-Худалдааны эргэлтээ харахад, 63 хувь нь БНХАУ-д ногдож байгаа. Тоон дүнгээр бол өндөр. Монголоос гарч байгаа экспорт гэвэл хэдхэн нэр төрлийн байгалийн эрсдэс баялаг л байна. Дараагийн түүхий эд нь мал аж ахуй, газар тариалангийн салбарт хамаарна. Засгийн газрын дэвшүүлж буй гурван тулгуурт бодлогын нэг нь эрүүл хүнс. Шар дагаж бяруу хоолонд хүрнэ гэдэг шиг том төслүүд дагаж дараагийн бизнесүүд цэцэглэдэг. Үүний сонгодог жишээ гэвэл эрчим хүчний салбарт шинэ төсөл эхлүүлж буй “Шинэ Азиа” групп гэхэд мөн энэ айлчлалын үеэр Тэлмэнгийн дулааны цахилгаан станцыг түшиглэн баригдах хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн паркийн 200 сая ам.доллартай тэнцэх төслийн гэрээнд гарын үсэг зурсан. Хятадын компаниуд бусдад хөрөнгө оруулалт хийх хэмжээнд ирсэн байна. Үүнийгээ дагаад компанийн өөрчлөлт эрчимтэй өрнөж байна. Нийгмийн хариуцлагыг эхэнд тавьж, компанийн засаглалд илүү анхаардаг болсон нь ажиглагдлаа. Тэдний зүгээс нэг л шаардлага тавьж байна. Тэр нь танай компаниуд засаглалаа сайжруулж, олон улсын зиндаанд хүрэх шаардлагатай гэж. Мөн төр нь бизнест хэт хутгалдах, бүх ажлыг хийнэ гээд байвал эргээд хувийн хэвшил тэлэх боломжийг боомилдог гэдгийг ч сануулж байсан. Онцолж хэлэхэд, манай бизнес эрхлэгчид маш мэдрэмжтэй болсон байна. Хоёр орны бизнесийн орчинд таатай уур амьсгал бүрдсэн. Үүнийг хувийн хэвшил үр дүнтэй ашиглах нь чухал.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ханшийн эрсдэл мөнгөний бодлогыг чангалж магадгүй

​Төсөв, мөнгөний бодлого эсрэг зүгт явахаас аргагүй боллоо​

 0 сэтгэгдэл


Мөнгөний бодлого мөчлөг сөрөхөөс аргагүй болж эхэллээ. Ирэх оны төсвийн тэлсэн бодлогын эсрэг бодлогын хүүгээ бага багаар чангалахгүй бол инфляц, ханшийн дарамт эдийн засгийг улам туйлдуулж гүйцэх нь. Эдийн засагч Х.Батсуурь төсөв, мөнгөний бодлого хоорондоо уялдахгүй байгааг тэмдэглэсэн юм. Энэ байдал ханшийг хөөрөгдөх эрсдэл гэж тэрбээр тодорхойлсон. Төсөв, мөнгөний бодлого хэт тэлэлттэй энэ хэвээр удаан явбал иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлж, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг өрдөх эрсдэл ч ойрхон байна. Үүнээс сэргийлэхийн тулд бодлогын хүүгээ эргэж харах зөвлөмжийг Азийн хөгжлийн банк болон дэлхийн банк аль аль нь Монголбанкинд байнга өгсөөр байна. Мөнгөний бодлого эдийн засагт дохио болдог. Манай улсад “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлж байгаа ОУВС мөн адил бодлогын хүүгээ өсгөж, төв банк төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулахыг хатуу хориглосон билээ. Төв банкны мөнгөний бодлогын хүү сүүлийн найман сарын турш 10 хувь дээр тогтвортой хадгалагдаж буй. Энэ оны есдүгээр сард хуралдсан Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг дээрх түвшинд хэвээр үлдээж, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор мөчлөг дагахаар шийдсэн нь ердөө хоёр сарын өмнө. Харин ирэх оны төсвийн өндөр зардлаас шалтгаалан нөхцөл байдал өөрчлөгдөж, төв банк мөнгөний бодлогын “жолоо”-гоо татахад хүрч магадгүй байна. Өөрөөр хэлбэл, урсгал сөрөхөөс аргагүй боллоо.

Эдийн засгийн өсөлт илүү эрчимжих хүлээлттэй 2019 онд мөнгөний нийлүүлэлтийг алгуур хумьж, ам.долларын ханшийг тогтоон барих амаргүй “даалгавар”-тай Монголбанк золгож байна. Инфляц, валютын ханшаа алдахгүйн тулд эс хүссэн ч тэд бодлогын хүүгээ тодотгох шаардлагатай. Төсөв өөрөө огцом тэлсэн нь ийнхүү мөнгөний бодлогын гар, хөлийг чөдөрлөж орхилоо. 2019 онд нийт 2.5 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 880 гаруй төсөл, барилга байгууламжийг Засгийн газар төсвт суулгасан. үүний тал нь он дамжин үргэлжилнэ. Энэ нь импортыг тэр хэмжээгээр тэлж, валютын гадагшлах урсгалыг нэмэгдүүлэхээр байгаа юм. Тиймээс төсөвтэй зэрэгцээд мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлэх нь төдийлэн оновчтой биш хэмээн зарим эдийн засагч үзэж байна. ДНБ царцанги байсан 2017, 2018 онд төв банк мөнгөний бодлогоо зөөллөж, эдийн засгаа дэмжихийн тулд одоогийн 10 хувьд авчирсан. Гэвч ам.долларын ханш огцом өссөн, зээлийн хэмжээ хурдтай нэмэгдсэн, хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ дорвитой буурахгүй байгаа зэрэг шалтгаан нь бодлогын хүүгээ өсгөх ээлжит тайлбар болж байна. Мөн шатахууны үнийн нэмэгдэл, нийт зээлд эзлэх хэрэглээний зээлийн өсөлт бодлогын хүүг чангатгахад “ташуур” болох нь. Тэрчлэн уул уурхайн зарим томоохон төслийн хувь заяа, гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх эсэх нь тодорхой бус хэвээр байна. Төсвийн орлогыг бүрдүүлэх учиртай эрдэс түүхий эдийн экспортын хил дээрх түгжрэл мөнгөний бодлогын “хувь заяа”-г эргүүлж мэдэхээр байгаа юм. Банкны систем дэх зээлийн долларжилт нэмэгдэх эрсдэл байна.

• Төв банкны мөнгөний бодлогын хүү сүүлийн найман сарын турш 10 хувь дээр тогтвортой хадгалагдаж буй.

• Инфляц, валютын ханшаа алдахгүйн тулд эс хүссэн ч бодлогын хүүгээ тодотгох шаардлагатай.

• Мөнгөний бодлогыг чангатгах гадаад эрсдэлийн эхэнд АНУ-ын Холбооны нөөцийн банкны хүлээгдэж байгаа шийдвэр орж байна.

Энэ болгон 2019 оны мөнгөний бодлогын сорилт төдийгүй эрсдэл болж байна. Төсөв байгаа боломжоосоо данхайсан нь мөнгөний бодлогын орон зайг хумьж, эсрэгээрээ эдийн засагт дарамт бий болгохоор байгаа аж. Нээлттэй нийгэм форумаас гаргасан төсвийн зарлагатай холбоотой судалгаанд хүртэл энэ талаар дурдсан. Мөнгөний бодлогыг чангатгах гадаад эрсдэлийн эхэнд АНУ-ын холбооны нөөцийн банкны хүлээгдэж байгаа шийдвэр орж байна. Дэлхийн зах зээл дээр ам.долларын ханш сүүлийн хэдэн сарын турш чангарах үзэгдэл ажиглагдаж байгаа. Холбооны нөөцийн банк 2008 оноос хойш хэрэгжүүлсэн мөнгөний хэт зөөлөн бодлогоо аажмаар чангаруулж, ам.долларын эсрэг улс орнуудын үндэсний мөнгөн тэмдэгт дэлхий нийтээр суларч эхэллээ. Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ шинжээчдийн таамаг, хүлээлтээс илүү хурдтай өөрчилж, нэмэгдүүлж байгаа нь хөгжиж буй орнуудад томоохон дарамт үүсгэх болсон. Тус банк 2015 оноос хойш бодлогын хүүгээ нийт найман удаа, энэ он гарсаар гурав дахь удаагаа 2.25 хувь болгож өсгөөд байна. Энэ хэрээр ам.долларын өгөөж өсөж, хөрөнгийн урсгал хөгжиж буй улсуудаас гадагшлах болсон. Дэлхий нийтээр ам.долларын нийлүүлэлт багасаж байгаа нь улс болгоны мөнгөний бодлогын өмнөх төлөвийг эвдэж байна. Мөн АНУ, БНХАУ-ын хооронд үргэлжилж буй худалдааны зөрчилдөөн дэлхийн эдийн засагт, ялангуяа Хятадаас хамааралтай бүс нутгийн эдийн засагт томоохон эрсдэлд тооцогдох болов.

Худалдааны маргаан даамжрах нь экспортын гол бүтээгдэхүүний эрэлт болон үнэ өөрчлөгдөх эрсдэл бас агуулж байгаа юм. Үүнийг 2019 оны мөнгөний бодлогод эрсдэл хэмээн үзсэн байна. Сингапурт энэ сарын 6,7-нд болсон дэлхийн улс төр, бизнесийн нөлөө бүхий тэргүүлэх эрхмүүд саатсан “Шинэ эдийн засгийн чуулган” 2020 онд дэлхийн санхүүгийн дараагийн хямрал тохиож мэдэхээр байгааг анхааруулсан. 2008 оны хямралаас давсан эрсдэл энэ үед отож байгааг сануулсан дээрх чуулганы оролцогчид валютын нөөцөө нэмэгдүүлэх, төсөв, мөнгөний бодлогоо чангатгах замаар хямралыг хохирол багатайгаар даван туулах дээр санал нэгдсэн юм. Төсөв, мөнгөний бодлогоос улбаалан компаниуд үйл ажиллагааныхаа цар хүрээг хумих, тэлэх арга хэмжээ авдаг. Эдийн засгийн өсөлтийн үед бизнесээ тэлж, зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлэхийг хувийн хэвшил хичээдэг. Эдийн засаг ийм өрнөлтэй үед хэрэглээ, хөрөнгө оруулалт тэлэх тул эрэлтийн гаралтай инфляцын дарамт ч нэмэгддэг. Энэ шалтгаанаар инфляц өсөж байгаа нөхцөлд төв банк мөнгөний бодлогыг хатууруулж, инфляцыг зорилтот түвшинд хадгалах гэж оролддог. Тэгвэл төсөв болон гадаад орчны эрсдэл давамгайлж байгаа энэ үед мөнгөний бодлогоор дамжуулан хувийн хэвшилд тэлэх боломж олдохгүй байх дүр зураг эндээс харагдаж байна. Бодлогын хүү хөдлөхөд түүнийг дагаад арилжааны банкуудын хадгаламжийн хүү, улмаар зээлийн хүүнд өөрчлөлт орох магадлал өндөр. Монголбанкны хувьд өмнө нь төсвийн тэлэлтийн эсрэг мөнгөний бодлого чангалж байсан удаатай. тэгвэл энэ явдал дахин давтагдаж магадгүй байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Инфляц эдийн засгийн дайсан биш

Япон, Евробүсийн банкуудын мөрөөдөл инфляци хэвээр байна

 0 сэтгэгдэл

Батын царай баргар байна. Өчигдөрхөн дэлгүүрт ортол махны үнийг 100 төгрөгөөр өсгөчихсөн байжээ. Сүүлийн хэдэн өдөр шил шилээ дарсан үнийн өсөлттэй нүүр тулж буй Бат бухимдангуй байна. Яг түүн шиг олон монгол иргэн үнийн өсөлт болох инфляцыг өнөө үеийн дайсан мэт үзэж байна. Мөнгөний үнэ цэнэ буурч, өргөн хэрэглээний барааны үнэ өссөнөөр инфляц иргэдийг чимээгүйхэн “торгодог” нь үнэн. Гэхдээ муу нэртэй инфляц үргэлж Монголын эдийн засгийн өсөлт дагаж ирдэг. Сүүлийн 20 жилийн эдийн засгийн өсөлт болон инфляцын өөрчлөлтийг 12 дугаар нүүрний графикт үзүүллээ. Графикаас ДНБ-ий өсөлт, инфляцын сэргэлт хоёр харилцан хамааралтай байсан нь харагдана. Тухайлбал, 2012 онд Монголын эдийн засаг 17.5 хувиар өсөхөд инфляцын түвшин 14 хувь хүртлээ галзуурч байжээ. Энэ үед Монголын эдийн засаг тив, дэлхийд гайхагдахаар өсөн дэвжиж, төсөв, санхүүгийн хүчин чадал нэмэгдсэн. 1960-1970 онд Бразил улс ДНБ-ий өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж байхад инфляцын дундаж түвшин 42 хувьтай байжээ. Энэ хугацаанд тус улсын нэг хүнд ногдох орлогын хэмжээ хурдтай нэмэгджээ.

Мөн БНСУ-ын эдийн засгийн эрчтэй өсөлтийн үед ч инфляц 20 орчим хувьд хэлбэлзэж байсан юм. Харин хямралын харанга ойртохын хэрээр инфляцын түвшин саардаг. Хамгийн ойрын жишээ нь 2016 он. Монголын эдийн засагт сүүлийн 26 жил тохиогоогүй дефляцын аюул 2016 оны гуравдугаар улиралд нүүрлэж, хэрэглээний үнийн индекс сарын дүнгээр 0.6 хувиар буурахад Монгол улсын ДНБ 1.6 хувиар агшжээ. Энэ үед ажилгүйдлийн түвшин илт нэмэгдэж, 8.6 хувьд хүрч, ажилгүй иргэдийн тоо 10 гаруй мянгаар нэмэгджээ. Одоогоос хоёр жилийн өмнө, Монголын эдийн засгийг шүргээд өнгөрсөн дефляц нь өрхийн орлого буурснаас иргэдийн худалдан авах чадвар доройтож, нийлүүлэлтийн илүүдлээс үүдэлтэй гэж эдийн засагчид тайлбарлаж байсан юм. Энэ үеэр өрхийн бодит хэрэглээ 10 хувиар буурчээ. Гэхдээ удалгүй олон улсын зах зээлд манай голлох түүхий эдийн үнэ өссөнөөс барааны үнийн уналт Монгол улсаас холдсон.

• 2012 онд Монголын эдийн засаг 17.5 хувиар өсөхөд инфляцын түвшин 14 хувь хүртлээ галзуурч байжээ.

• Хямралын харанга ойртохын хэрээр инфляцын түвшин саардаг.

• Энэ оны эхний хагас жилийн байдлаар хөгжингүй орнуудын инфляцын зорилтот хоёр хувтьай байна.

Тэгвэл дэлхийн цөөнгүй орон сүүлийн хэдэн жил дефляцтай нүүр тулсаар байна. Дэлхийн томоохон эдийн засгийн нэг болох Япон улсын өнгөрсөн 20 жилийн хамгийн том толгойны өвчин нь дефляц байв. Ялангуяа, 2007-2017 оныг олон улсын шинжээчид Японы алдагдсан 10 жил гэж нэрлэдэг. Учир нь энэ хугацаанд тус улсын макро эдийн засаг дефляцад “идэгдэж”, санхүүгийн судсаар урсах мөнгөний эргэлт саарсан. Ингэснээр Японы ДНБ-ий өсөлт удааширч, технологийн тэргүүлэгч энэ гүрний эдийн засаг царцсан юм. Өнгөрсөн 10 жилд Японы ДНБ-ий хэмжээ 200 тэрбум ам.доллараар агшиж, 4.8 их наяд ам.долларт хүрчээ. Иргэдийн худалдан авалт буурснаас тус улсын дотоодын компани, аж ахуйн нэгжийн орлого буурч, алдагдал нэмэгдсэн. Ингэснээр ажлын байр хумигдаж, иргэдийн орлого бууран, төсвийн орлого багасдаг байна. Эдийн засгийн шүтэн барилдлага, гинжин хэлхээгээр дефляцын эрсдэл ийн нөлөөлдөг. Тиймээс дэлхий даяар дефляцыг эдийн засгийн уналт гүнзгийрч, ажилгүйдэл өсөхийн шинж тэмдэг хэмээн үзэж сэрэмжилсээр ирлээ. Зөвхөн Япон төдийгүй дэлхийн эдийн засгийн нэг их тэнхлэг болох Евро бүс 2009 оны хямралаас хойш дефляцтай нүүр тулсан.

Тиймээс олон тэрбумаар хэмжигдсэн эдийн засгийг сэргээх хөтөлбөрүүдийг үе шаттай хэрэгжүүлж, мөнгө хэвлэсний үр дүнд сүүлийн 1-2 жилд дефляцын эрсдэлээс арай хийн холдоод байна. Эдүгээ Япон, Евро бүсийн банкуудын мөрөөдөл инфляци хэвээр байна. Учир нь эдийн засагт нэгэнт нэвчсэн дефляц амар арилдаггүй нь сүүлийн арваад жил багтлагдлаа. Улмаар эд эсээс бүрдсэн эдийн засгийг иргэний амьжиргаанаас эхлээд үйлдвэрлэгчдийн орлогоор дамжин, доороос нь идэж, доройтуулж эхэлдэг байна. Хэрэглээний үнэ унаснаар эхний саруудад иргэдэд ашигтай мэт харагддаг ч хугацаа уртсахын хэрээр үйлдвэрлэгчид төдийгүй иргэд хохирч эхэлдэг байна. Учир нь дефляц эхлээд өргөн хэрэглээний барааны үнийг бууруулж, улмаар иргэдийн орон сууц, автомашин зэрэг үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлж эхэлдэг байна. Дефляцтай нүүр тулсан өнгөрсөн 10 жилийн хугацаанд гэхэд Японы орон сууцны үнийн индекс 0.4 нэгжээр буурчээ. Орон сууцны үнийг жигнэн тооцдог индекс буурахын хэрээр барилга, орон сууцны үнэ буурсан гэсэн үг. Дагаад Япон иргэний өндөр үнээр худалдан авсан байрны үнэ хямдарчээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар хөгжингүй орнуудын инфляцын зорилтот түвшин хоёр хувьтай байна. Харинхөгжиж буй орнуудын хувьд таван хувьтай байна. Манай бүс нутгийн хөгжиж буй орнууд инфляцыг дэмжих хандлагатай байна.

Тухайлбал, Индонезийн төв банк өдгөө гурван хувьд хэлбэлзэж буй инфляцаа 4.5 хувьд хүргэхээр зорьж буй бол тайланд ч 1-2 хувиар өсгөн, дөрвөн хувьд хадгалахаар зорьж байгаа юм. Монголбанк бодлогын хүүгээр дамжуулан инфляцыг тогтворжуулж ирсэн. Манай улсын хэрэглээний сагсны 40 хувь нь импортын бараа тул дотоодын үнийн түвшин валютын ханшаас багагүй хамаардаг байна. Тиймээс инфляцыг тодорхойлоход дотоодын үйлдвэрлэх чадвар, эдийн засгийн төрөлжилт, аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадвар, экспорт зэрэг өндөр хамааралтай. Инфляц иргэдийн амьжиргаанд маш чухал нөлөөтэй учраас үнийн түвшний өсөлт нам бөгөөд тогтвортой байх шаардлагатай гэж Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн инфляцын богино хугацааны төсөөлөл хариуцсан эдийн засагч Ж.Энхбаяр хэлж байна. Ирэх онд төв банк инфляцын зорилтот түвшнийг найман хувьд барина гэдгээ мэдэгдээд байна. Олон жилийн турш хоёр оронтой тоогоор хэмжигдэж, өндөр савалгаатай байсан инфляцын дунджийг алгуур бууруулж буй. Гэхдээ дунд хугацаанд инфляцыг найман хувьд хадгалснаар эдийн засаг тогтворжиж, хүлээлт тогтворжих суурь нь болж, цаашид дараа дараагийн алхмыг хийх, үнийн тогтвортой байдлыг тууштай хангах илүү таатай нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Зүүн Азийн эрэлт Монголыг харуулдаж байна

Япон, БНСУ-д шинэ эх үүсвэр барьснаас Монголоос экспортолсон нь ашигтай гэнэ

 0 сэтгэгдэл


“Улс дамнаж, далай гаталсан эрчим хүчний сүлжээ байгуулна гэж хэлэхээр хүмүүс намайг шоолдог байлаа. Харин одоо тэд хүлээн зөвшөөрч эхэллээ” хэмээн “Азийн супер сүлжээ”-г санаачлагч, Softbank группийн үүсгэн байгуулагч Масаёши Со өгүүлжээ. Хэдхэн жилийн өмнө хоосон зөгнөл, хэзээ ч бүтэшгүй мөрөөдөл шиг сонсогдож, зарим хүний доог тохуу хүртэл болж байсан “Азийн супер сүлжээ” төсөл юу юугүй урагшилж эхэллээ. Дэлхийн эдийн засгийн гуравны нэгийг эрчим хүчний сүлжээгээр холбох энэ санаачилга эхнээсээ итгэл төрүүлэхүйц байсангүй. Тиймээс азийн эрчим хүчний салбарынхан энэ төслийг ам дамжин ярихаас хэтэрдэггүй байв. Гэтэл хэдхэн жилийн дотор төслийн эхний шатны судалгаанууд дуусч, олон улсын хөрөнгө оруулагчдын сонорыг хөндөж, хорхойг хүргэж эхлэв. Азийн эрчим хүчний хэрэглээний 70 хувийг “залгидаг” БНХАУ, Япон, БНСУ, ОХУ зэрэг оронд цахилгаан нийлүүлэх шийдмэг зорилготой энэхүү төслийн тооцооллыг бүс нутгийн санхүүгийн хүчирхэг тоглогч болох Азийн хөгжлийн банк санхүүжүүлж байна. Төслийн судалгааг Европын эрчим хүчний хамгийн том компани болох Францын EDF гүйцэтгэж буй бөгөөд ирэх оны тавдугаар сард бүрэн дуусна. Гэхдээ үүнээс өмнө үр дүнгүүд тодорч эхэллээ. Түрүүлж тодорхой болсон үзүүлэлтүүдээс онцлон хүргэхэд энэ судалгааны явцад монгол улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц тооцоолсноос өндөр гарчээ.

Ингэснээр төв азийн өндөрлөгт орших Монгол Улс бүс нутгийн эрчим хүчний амин зүрх, азийг гэрэлтүүлэх эх булаг байх боломжтой нь эдийн засгийн тооцоогоор батлагджээ. Монголыг азийн эрчим хүчний ирээдүйн цэнэг гэж үзэх хоёр үндсэн шалтгаан бий. Нэгдүгээрт, Монгол Улс анхдагч эрчим хүчний арвин нөөцтэй. Хоёрдугаарт, бид эрчим хүчний аварга хэрэглэгчдийн дэргэд оршдог. Эдийн засгийн энэ хоёр заяагдмал өгөгдөл монголыг азийн эрчим хүчний эх ундарга болгоход хүргэсэн хэмээн Зүүн хойд азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги төслийн удирдагч Филиппе Лиенхарт тайлбарлаж байна. Дэлхийн эрчим хүчний хамгийн том хэрэглэгч болох манай урд хөрш жилд дунджаар хоёр терраватт цахилгаан ашигладаг. Тэгвэл манай улс энэ хэрэгцээг нь зөвхөн салхины эрчим хүчний нөөцөөрөө хангах чадалтай. Харин манай нарны эрчим хүчний нөөц Хятадын хэрэглээг 2.5 дахин нугална. Монгол улсын нутаг дэвсгэрийн 40 хувьд сэргээгдэх эрчим хүчний станц барихад нэн тохиромжтой гэсэн дүгнэлт гарчээ. Үүнээс манай улсын Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Өмнөговь аймаг салхины хурд болон нарны тусгалтай байх өдрөөрөө эрчим хүчний арвин нөөцтэй бүсэд тооцогдож байна. Биднийг энэ нөөцөө ашиглаж ч чадахгүй, хилийн чанадаас цахилгаан худалдан авсаар суух зуур олон улсын байгууллагууд ийм шүлс асгаруулам үр дүнг танилцуулсаар байна.

"Азийн супер сүлжээ" төслийн судалгаа ирэх оны тавдугаар сард бүрэн дуусна

Уг нь энэ нөөцийнхөө өчүүхэн хэсгийг ашиглахад л Монгол Улс олон тэрбумын орлого олно. Хамгийн ойрын хугацаанд буюу 2035 он гэхэд бид энэ аварга төслийг эхлүүлж чадвал манай улс 20 мянган мВт эрчим хүч экспортлох боломжтой бөгөөд жилд 5-6 тэрбум ам.доллар халаасална хэмээн Францын EDF компани тооцоолжээ. Ирэх 30 жилд азийн орнуудын эрчим хүчний хэрэглээ огцом өсөх нь аль эртнээс тодорхой болсон. Японы Softbank группийн тооцоогоор Зүүн хойд азийн орнуудын эрчим хүчний эрэлт ирэх 20 жилд дэлхийн дунджаас хоёр дахин нэмэгдэх төлөвтэй. Мөн өнгөрсөн зууны турш атом болон нүүрсэнд тулгуурлан эрчим хүчээ хангаж ирсэн азийн арслан, бар орнууд уламжлалт эх үүсвэрүүдээсээ татгалзсаар байна. Тиймээс энэ эрэлтийг ойрын жилүүдэд биш юмаа гэхэд алс ирээдүйд хэрхэн хангах нь томоос том асуултын тэмдэг болчихоод байгаа юм. Алсдаа эрчим хүчний нийлүүлэлтийн хомсдолтой нүүр тулж магадгүй БНСУ, Япон зэрэг улс цахилгааны эх үүсвэр битүүхэн эрсээр өдий хүрлээ. Гэтэл Япон, БНСУ-д сэргээгдэх эрчим хүчний шинэ үүсвэр барьснаас монгол улсаас цахилгаан худалдан авах нь илүү хямд гэсэн үр дүн гарчихаад байгаа аж. Үүнд эргэлзсэн эдгээр улс ч дотооддоо судалсан ч эдийн засгийн тоо тооцоолол “монголын экспорт” гэсэн хариуг дахин өгчээ.

Тиймээс сүүлийн жилүүдэд эдгээр улсын судлаачид төдийгүй албаныхан “азийн супер сүлжээ”-г сонирхож байна. “Монголоос эрчим хүчээ авъя” гэдэг хүсэлтийг улс орнууд санал нэгтэй илэрхийлж байгаа” хэмээн монголын бизнесийн зөвлөлийн удирдах зөвлөлийн дарга Б.Бямбасайхан хэлж байна. Энэ ирээдүйтэй төсөл эдийн засгийн хувьд ашигтай нь нотлогдоод буй бол улс төрийн хүрээнд түлхэц нэхсээр байна. Энэ бүхнийг урагшлуулж, цаашид үргэлжлүүлэхэд улс төрийн ойлголцол, шийдвэрүүд шаардлагатай гэдгийг Ази, Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг-Нийгмийн комиссын Эрчим хүчний хэлтсийн дарга Хонг Пэн Лю онцоллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн есдүгээр сард болсон дорнын эдийн засгийн форумд оролцох үеэрээ уг санаачилгыг урагшлуулахыг уриалан, монгол улс бүс нутагтаа сэргээгдэх эрчим хүч нийлүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлсэн. Ерөнхийлөгчийн байр суурь томоохон түлхэц болсныг уг төслийг санаачлагчид хэлж байна. Гэхдээ бид дотооддоо нэгдэх, бэлдэх зүйл ч бас байна. Ялангуяа, энэ нөөцийг зөвхөн орчин үеийн дэвшилтэт технологи ашиглаж байж ашигтай ажиллана.

Одоогийнх шиг хуучин технологиор хол явж чадахгүй гэдгийг олон улсын судлаачид сануулсаар буй нь анхаарлын нэг тэмдэг. Нөгөөтэйгүүр, монгол улс “азийн супер сүлжээ”-нд нэгдэхийн тулд нэгж эрчим хүчний үнэ тарифаа тэгшитгэх шаардлага үүсчээ. “Үүний тулд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиа өөрчлөх зайлшгүй. Учир нь тус хуульд салхи болон нарны эрчим хүчний тарифыг хатуу заасан нь үнэ өсөх эрсдэлийг бий болгож байгаа. Тодруулбал, манай улс нэг кВт нарны эрчим хүчний үнэ 15 цент, салхиныхыг 9.5 цент. Гэтэл бусад улс оронд үнэ хэд дахин хямд болжээ. Үнийг хатуу тогтоохын оронд сонгон шалгаруулалт зарлаж, өрсөлдөөн бий болгох нь үнэ бууруулахад түлхэц болно” гэж Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан хэлсэн юм. Дотоодын эрчим хүчний хэрэглээгээ ч хангаж чаддаггүй монгол улс Зүүн хойд азид цахилгаан нийлүүлнэ гэхээр танил бус сонсогдож, хөрсөндөө буухгүй хоосон хөтөлбөр шиг санагдаж магадгүй. Гэтэл эрэлт нь жилд 3-4 хувиар тэлж, 2036 он гэхэд 100 гигаваттад хүрэх Зүүн азийн эрчим хүчний аварга эрэлт ч бас тэнгэрийн тоо, хүлээгдэж буй өсөлт. Өөрөөр хэлбэл, эрэлт, хэрэгцээ худалдан авагч нь хэдийн бэлэн болсон зах зээл биднийг хүлээж байна. Тиймээс бидний гарт буй боломжийн өөдөөс чадахгүй, мэдэхгүй хэмээн нүдээ аньж, гараа хумхиад сууж л болохгүй.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Валютын нөөц төгрөгийн дархлааг сайжруулна

​Валютын нөөцийг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлага үүслээ​

 0 сэтгэгдэл


“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд ОУВС-гаас манай улсад олгосон санхүүжилтийн дүн 217.33 сая ам.долларт хүрээд байна. Хамгийн сүүлд буюу энэ сарын 3-нд монголбанкны дансанд 36.22 сая ам.доллар орж ирснээр улсын гадаад валют чамгүй хэмжээгээр нэмэгдлээ. Өнгөрсөн онд дээрх хөтөлбөрийн хүрээнд олон улсын банк санхүүгийн байгууллага болон донор орнуудаас нийт 728 сая ам.долларын санхүүжилт хийгдсэн. Тэгвэл энэ онд "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр" болон БНСУ, Япон, Энэтхэг зэрэг орны банк, санхүүгийн байгууллагуудаас нийт 836 сая ам.долларын санхүүжилт хүлээгдэж байна. Энэ нь төгрөгт ирэх ханшийн дарамт саарна гэсэн дохио. Тэрчлэн ам.долларын ханш тогтвортой байх “мессеж” өгч байна. Хөгжлийн банкны олон улсын санхүүгийн зах зээлээс босгосон 500 сая ам.долларыг залгаад ОУВС-гийн дээрх санхүүжилт орж ирсэн нь төгрөгийн ханш сулрах эрсдэлийг хумьж байгаа юм.

Тодруулбал, монголбанкны зарласан албан ханшид сүүлийн хагас сарын хугацаанд огцом өөрчлөлт ажиглагдсангүй. Валютын орох урсгал сайжрахтай зэрэгцээд төгрөгийн ханшийн төлөв эерэг болж эхэллээ. Үүн дээр жин нэмж, монголбанкны аравдугаар сарын алт тушаалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 34 хувиар өсөв. Ингэснээр төв банк энэ оны эхний арван сард нийт 17.7 тонн алт худалдан аваад байна. Энэ нь улсын гадаад валютын албан нөөцийг ойролцоогоор 610 орчим сая ам.доллараар зузаатгахаар буй. Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд 2019 онд гадаад валютын албан нөөцийг нэг жилийн импортын хэрэгцээг хангах хэмжээнд хүргэхээр хуульчилж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ч валютын нөөцийг энэ хэмжээнд хүргэхээр хатуу болзол тавьсан. Тэгэхээр ирэх онд валютын нөөц одоо байгаагаас нэмэгдэнэ гэсэн үг.

• “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд ОУВС-гаас манай улсад олгосон санхүүжилтийн дүн 217.33 сая ам.долларт хүрээд байна.

• Хамгийн сүүлд буюу энэ сарын 3-нд Монголбанкны дансанд 36.22 сая ам.доллар орж ирснээр улсын гадаад валют чамгүй хэмжээгээр нэмэгдлээ.

• Ирэх онд гаднын зээл, тусламжаар 1.3 тэрбум ам.долларын төсөл, хөтөлбөр манай улсад хэрэгжинэ.

Өөрөөр хэлбэл, төв банк ам.долларт харам байж, зах зээлд үүсээд буй ханшийн огцом бус савлагааг намжаахад биш валютын нөөцөө илүү арвижуулахад мөнгөний бодлогоо чиглүүлэхээр байна. Энэ нь, бодлогын хүү ялимгүй нэмэгдэж, мөнгөний бодлого чангарахад хүргэж мэдэх юм. Америкийн холбооны нөөцийн банкны шийдвэр, ам.долларын түрэмгийлэл эс хүссэн ч мөнгөний бодлогоо эргэж харахад хөтөлж мэдэхээр байна. Дэлхийн тэргүүлэх эдийн засаг сэргэж, ажил эрхлэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор холбооны нөөцийн банк 2008 оноос хойш хэрэгжүүлсэн мөнгөний хэт зөөлөн бодлогоо аажмаар чангаруулж эхэлсэн. Ам.долларын өгөөж нэмэгдэж байгаа энэ үед хөрөнгийн урсгал хөгжиж буй орнуудаас гадагшлах болов. Дэлхий нийтээр ам.долларын нийлүүлэлт багасч байгаа нь валютын нөөцийг улам үнэ цэнтэй болгож байна. Монгол улсын гадаад валютын албан нөөц гурван тэрбум ам.доллар мөргөөд буй.

Энэ нь импортын бараа, үйлчилгээний таван сарын хэрэгцээг хангах дүн. Үүнийг зургаан тэрбум ам.доллар болгож байж мөнгөний бодлогын зорилт биеллээ олох учиртай. Одоогийн байгаа валютын нөөц мөнгөний нийлүүлэлтийн 40 гаруй хувьтай, богино хугацаат гадаад өрийн 89.6 хувьтай тэнцэх аж. Гадаад валютын албан нөөцийн хэмжээ үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан хэмжээнээс 42 хувиар доогуур байна. Богино хугацаат гадаад өр төлбөрийг барагдуулахад ч дээрх нөөц хүрэлцэхгүй. Засгийн газар, төв банкны гадаад өрийн хэмжээ 9.4 тэрбум ам.доллар болсон. Үүний 20.4 хувь нь богино хугацаат өр юм. ОУВС-гаас манай улсын гадаад өрийн дарамт туйлын өндөр гэж “оношилсон”. ийм нөхцөлд валютын нөөцөө нэмэгдүүлж байж ам.долларын ханшийн өсөлтөд багахан өртөх учиртай. Тэрчлэн 2020 оноос золгох өндөр дүнтэй өрийн эргэн төлөлтийг санхүүжүүлэхэд, тэр үед үүсэх ханшийн эрсдэлийг давахад валютын нөөц гол үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй. Угаасаа жижиг, нээлттэй эдийн засгийн зовлон их.

Монголчуудын өргөн хэрэглээний барааны 40 орчим хувийг импортын бараа бүрдүүлж байгаа өнөө үед валютын нөөцөөс эдийн засгийн “тусгаар тогтнол” эхэлнэ. Төв банк энэ онд 22 тонн алт худалдан авахаар зорьж байгаа. Энэ нь валютын нөөцийг 800 орчим сая ам.доллараар зузаална. Валютын зохицуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа энэ үед ам.долларын ханш тогтворжиж, монгол төгрөгийн баталгаа болсон гадаад валютын албан нөөц нэмэгдэж байна. Үүнээс гадна ирэх онд гаднын зээл, тусламжаар 1.3 тэрбум ам.долларын төсөл, хөтөлбөр манай улсад хэрэгжинэ. Азийн хөгжлийн банк дээрх санхүүжилтийн 40 гаруй хувийг бүрдүүлэх бөгөөд дотоодын эдийн засагт энэ нь сайн нөлөө дагуулна гэж Сангийн сайд онцолсон. 1.3 тэрбум ам.доллар нь ажил, үйлчилгээ болж эдийн засагт шингэх төдийгүй цөөнгүй ажлын байр шинээр бий болгохоор байгаа. Гол нь валют дотоодын эдийн засагт орж ирж байгаа нь төгрөгийн ханш дахин сулрах эрсдэлийг бууруулах давуу талтай билээ.