A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3503/

Улс төр “буцалсан” таван жилд улстөрчдийн нэр хүнд хамгийн их унажээ

Улс төр “буцалсан” таван жилд улстөрчдийн нэр хүнд хамгийн их унажээ
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3503/
  • Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, хөгжлийн шинэ шан татсан он жилүүд байв 

Өдгөөгөөс яг таван жилийн өмнө манай сонин анхны дугаар, эхний нүүртээ Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газраа эмхлэн байгуулсан мэдээлэл нийтэлсэн нь улс төрийн үйл явдлыг баримтад тулгуурлан олон нийтэд хүргэх зорилгын эхлэл байв. Түүнээс хойш улс төрд өрнөсөн үйл явдал, улстөрчдийн зөрчилдөөний талаар олон нийтлэл, ярилцлага, сурвалжилга, тодруулга хүргэж, түүхийн шарласан хуудсыг бүтээжээ.Таван жилээр тоймловол, Монголын улс төрд хэдэн аравнаар хэмжигдэх үйл явдлууд тохиож, эерэг, сөрөг үр дагавартай олон тохиол шилээ даран өрнөсөн сонирхолтой зураглал хөврөн үлджээ. Хэдийгээр манай сонины таван жилийн мөчлөгийн төгсгөлд тохиосон ч Үндсэн хуульд өөрчлөлтийн “салхи оруулж” чадсан улс төрийн амжилтыг эхэнд нь эрэмбэлэх нь зүйн хэрэг. Олон парламент дамжин “дуншсан” эцэг хуулийн өөрчлөлтөөр 20 гаруй жил улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хүлж, улс орны дэвшилд чөдөр болсон заалтууд, шинэ зууны хурдыг гүйцэхгүй хий эргэж байсан гацааг гаргасанд олон нийт ам сайтай байгаа. Хэдийгээр шинэ өөрчлөлт ирэх оноос хэрэгжих ч салбар бүрийн үсрэнгүй дэвшлийн шан татсан үйлдэл мөн билээ. Үүний дараа Монгол Улс ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн сан хүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлсэн нь бас л түүхэнд тэмдэглэдэг зүйл. Валютын ханш огцом нэмэгдэж, эдийн засгийн өсөлт бууран, бизнесийн орчин хумигдаж эхэлсэн үед МАН гаднаас дэмжлэг авах гарцыг ОУВС гэж харсан нь эерэг болон сөрөг олон үр дагавар авчирсан. Тэр дундаа, донор орнуудын төсөл хөтөлбөр ОУВС-гийн “хаялга” байсан гэлтэй. Харин цалин, тэтгэвэр нэмэх боломжийг хязгаарласан нь боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллагсдыг улс төрийн тэмцэлд дуудах шалтгаан байв. Түүнчлэн ОУВС-гийн шаардлагаар НДШ-ийн хувь хэмжээг нэмсэн хуулийн заалт Засгийн газарт гай тарих магадлалтайг сүүлийн үеийн эсэргүүцлүүд харуулж байна. Үүнээс гадна Монгол Улс хоёр ч удаа эдийн засгийн саарал жагсаалтад багтсан нь анти үзүүлэлт. Мөн өнгөрсөн хугацаанд УИХ-ын сонгуулиар МАН үнэмлэхүй олонх болж, төр солигдсоноос эхлээд АН гурвантаа төрийн тэргүүний сонгуульд ялалт байгуулж, шинэ Ерөнхийлөгчийг “өлгийдсөн” зэрэг сонгуулийн дуулиан дагуулсан олон зураглал бий. Ялангуяа, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль хоёр удаагийн санал хураалтаар ялагч тодорсон гэдгээрээ түүхэнд тодоор тэмдэглэхүйц онцгой юм. Сонгогч цагаан хуудсаар сонголтоо илэрхийлж болдгийг олон нийтэд ойлгуулсан улс төрийн “хичээл” байлаа. Сонгуулийн үр дүнд нөлөөлөх зорилгоор ил болгосон “60 тэрбум”-ын хэрэг өндөр авч, түүнийг дагасан дуулиан МАН-ын үнэмлэхүй олонхыг талцалд хүргэж, парламентын удирдлагаас М.Энхболдыг огцруулахад ташуур болсон юм. Энэ хэрэг Ц.Сандуй нарт ял оноосноор шувтарсан. Үр дүнд нь МАН-ын шинэ удир дагчаар У.Хүрэлсүх тодорч, Г.Занданшатар парламентын удирдлагыг гартаа авсан бол сонгуульд ялагдсан АН-ынхан С.Эрдэнийг намын даргаар сонгосон юм.С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн дуулиан 21 жил үргэлжилж, зарим улстөрчдийн “зууш” болсоор байгааг энд дурдах бас нэгэн өрнөл. Э.Бат-Үүлийг сэжигтнээр тооцож, Б.Булганыг яллагдагчаар татсан ч аль алиныг нь шүүх хуралд оруулаагүй нь шүүхийн практикт орох содон үйлдэл байлаа. Парламентын түүхэнд энэ удаагийн эрх баригчид нэр хүндээ хамгийн их алдаж, бараан толбо олныг үлдээжээ. УИХ-ын гишүүд нь хүчин, садар самууны хэрэгт нэр холбогдож, нэг нь бүрэн эрхээ хасуулсан, олон гишүүн жижиг бизнесийн бага хүүтэй зээлийг булааж мөнгө хүүлсэн, концесс, тендерт нэр холбогдсон гээд дурдаад байвал далай мэт. Бас зодолдсон талцсан, харилцан шүүхэд хандсан гээд олон хар толбо энэ парламентын түүхэнд хир халдааж сонин, хэвлэлийн тэргүүн нүүрнээс салаагүй л байна. Энэ нь олон нийтийн төрд итгэх итгэлийг сулруулсан уршигтай. Улс төрд өрнөсөн бараан үйл явдлаас гялтайх хэдэн зүйл өнгөрсөн хугацаанд тохиосны нэг нь Монгол Улс түүхэндээ анх удаа АСЕМ-ийн Дээд хэмжээний уулзалтыг эх орондоо зохион байгуулж, олон орны төр засгийн тэргүүнийг Төв Азид урьж дэлхий нийтийн анхаарлыг татсан.Ирэх таван жилд сонины нүүрэнд магтуулах улстөрч, улсын хөгжлийг мандуулах манлайлагч сонгуулиар олноороо төрнө хэмээн найдаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр шимийг улсаараа хүртэх өдрийг хүлээе.









A

Жижиг

A

Дунд

A

Том

Халдашгүй байдлын дэд хороо улстөржсөн шийдвэр гаргасан гэв

 0 сэтгэгдэл
  • Ц.Нямдорж: Ерөнхий прокурор цаашид гарах үр дагаврыг бүрэн хариуцна
  • Н.Номтойбаяр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдэх төрийн болон хууль зүйн байнгын хорооны хуралдаан УИХ-ын чуулганыг нээлттэй явуулах санал гаргав

УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх ерөнхий прокурорын саналыг хэлэлцэх хуулийн хугацаа аль хэдийн өнгөрсөн ч парламент Н.Номтойбаярын асуудлаар шийдвэр гаргаж чадаагүй л байна. Өнгөрсөн баасан гарагт МАН-ын бүлэг чуулганы хуралдаанаас хоёр цагийн завсарлага авч, энэ талаар гурван цаг гаруй ярилцсаны эцэст санал хураалт явуулалгүй нээлттэй орхиж, бүлгийн гишүүдийн олонхын саналаар бус Халдашгүй байдлын дэд хорооны хурлын шийдвэрийг дагах нь зөв гэдэг шийдэлд хүрсэн юм. Мөн хуралдаанд оролцсон МАН-ын дарга У.Хүрэлсүх Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг бүлгийнхнээсээ шаардсанаас гадна түүнд хандан өөрийн санаачилгаар бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулах санал тавьсан байна. Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хууль зөрчөөгүй, харин зодоон хийсэн асуудалдаа хариуцлага хүлээхэд бэлэн байна гэдгээ илэрхийлжээ. МАН-ын бүлгийн хурлын дараа Халдашгүй байдлын дэд хороо хаалттай хуралдаж, ерөнхий прокурор Б.Жаргалсайханы мэдээлэлтэй танилцан, Н.Номтойбаярын тайлбар няцаалтыг сонсжээ. Хоёр цаг хэлэлцсэний дүнд тус дэд хорооны таван гишүүн санал нэгтэйгээр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзсэн юм. Дэд хорооны шийдвэрийн талаар тус хорооны дарга Ц.Нямдорж “Нэг талаас Н.Номтойбаяр гишүүнийг тойрсон хардлага сэрдлэг их байгаа, нөгөө талаас албан тушаал нь гишүүнийг шалгахад саад болж байна гэх байр суурь байгаа учраас түдгэлзүүлж байгаад шалгуулж, нэрээ цэвэрлээд авчихвал гэсэн үүднээс ийм шийдвэр гаргалаа. Ерөнхий прокурор дотор нь байгаа асуудлаар нарийн мэдээлэл өгөхгүй байна. Тиймээс ерөнхий прокурор санал оруулж ирсэн учраас үүнийхээ хариуцлагыг цаашдаа хүлээх байх” гэсэн юм. Харин Н.Номтойбаяр байр сууриа илэрхийлэхдээ “Халдашгүй байдлын дэд хороо хуулийн хүрээнд нотлох баримт дээр тулгуурлах биш, улстөржсөн шийдвэр гаргадаг юм байна. Надад хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Тиймээс одоо УИХ-аар хэлэлцэх явцыг нээлттэй явуулах хэрэгтэй” гэжээ. Халдашгүй байдлын дэд хороо шийдвэрээ гаргасан учраас энэ долоо хоногт Дэгийн хуулийн дагуу Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороо хэлэлцсэний дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм. 

Н.Номтойбаяр: Г.Батхүү агсантай холбоотой мэдээллийг шалгуулахаар цагдаад гомдол гаргана

Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Г.Батхүү агсны гэр бүлийнхний хийсэн мэдээлэлтэй холбогдуулан байр сууриа ийн илэрхийлсэн юм. 

-Би хууль зөрчөөгүй учраас өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэхгүй. Г.Батхүү агсантай холбоотой хэргийн талаарх мэдээллүүдийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгаа. Сонинд нийтлэгдсэн 13 секундын бичлэг гэх мэдээллийн ард хэн байгааг шалгахад АПУ компанийн эздийн хамаарал бүхий этгээд Ж гэгч Номтойбаярыг гүтгэх гэрч хайж байгаа, иргэн Г цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүнээр дамжуулан АПУ-гийн Батсайханд хэрэг болох хүнийг нэг тэрбумаар шагнана гэсэн байсан. Дээрх мэдээлэлд дүгнэлт хийхэд талийгаачийн ар гэрийнхэн онц ноцтой гэмт хэрэгт намайг алуурчин болгож яллах арга хэмжээг зохион байгуулалттайгаар явуулж байна. Тиймээс дээр дурдагдсан хүмүүсийг цагдаагийн байгууллагад шалгуулна. Би полиграфийн шинжилгээг хоёр удаа өгсөн. Гэтэл энэ дүгнэлтийг илт худал гуйвуулсан. Полиграфийн тестийн хүрээнд талийгаачийн унасан газраар явсан уу, цохисон уу гэх мэт маш олон зүйл асуусан. Ингэхэд миний хариулт 80-90 хувь үнэн гэж гарсан. Ингэж гуйвуулж байгаагийн шалтгаан нь талийгаачийн дүү Дорнодод, хүүхэд нь Өвөрхангайд нэр дэвших гэж байгаатай холбоотой.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ч.Улаан сайд эзгүй тул Халдашгүй байдлын дэд хороо шийдвэр гаргасангүй

 0 сэтгэгдэл
  • УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг хэлэлцэхдээ өөрийг нь байлцуулах эсэхийг шийднэ
  • 48 цагийн дотор хэлэлцэх байсан ч гурван гишүүн нь гадаадад томилолттой байсан учраас өнөөдрийг хүртэл хэлэлцээгүй юм

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай ерөнхий прокурорын саналыг хэлэлцсэн юм. Гэхдээ дэд хороо Н.Номтойбаяр гишүүний хүсэлтийг танилцуулах, түүнийг хуралдаанд байлцуулах эсэх зэрэг процессын асуудлаа хэлэлцээд, өнөөдөр үргэлжлүүлэн хуралдахаар болов. Энэ талаар Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж "Дэд хорооны хуралдаан үргэлжилж байна. Маргааш Ч.Улаан сайдыг ирэхээр үргэлжлүүлэн хуралдах бөгөөд Н.Номтойбаярыг байлцуулж, маргааш шийдвэрээ гаргах байх” гэв. Тус дэд хороо таван хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ахалдаг ба бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Ч.Улаан нар байдаг. Харин Ч.Улаан сайд гадаадаас ирээгүй байгаа аж. Сануулахад, энэ сарын 16-нд Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлүүлэх саналыг өргөн мэдүүлсэн. Үүний дагуу Халдашгүй байдлын дэд хороо 48 цагийн дотор хэлэлцэх байсан ч гурван гишүүн нь гадаадад томилолттой байсан учраас өнөөдрийг хүртэл хэлэлцээгүй юм. Өчигдөр дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдсан ч, ийн шийдвэр гаргасангүй.

A

Жижиг

A

Дунд

A

Том

УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн нийт гишүүд, бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танаа

 0 сэтгэгдэл

Нээлттэй захидал

Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуулиар ард түмнийхээ итгэлийг хүлээж, ялалт байгуулан, УИХ-ын гишүүнээр сонгогдсон Та бүхэн ард иргэдийнхээ аж амьдралыг сайжруулах, улс орноо хөгжүүлэх бодлогыг амжилттай тодорхойлж, олон жил шийдвэрлэж чадахгүй байсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, уул уурхайн баялгийг эзэд болох ард түмэнд илүү хүртээмжтэй болгох, өндөр настан, ахмадуудын тэтгэвэрийн зээлийг тэглэх зэрэг олон асуудлыг зоригтойгоор, цаг хугацаа алдалгүй, богино хугацаанд үр дүнтэй шийдвэрлэж байгаа нь ард иргэд бидний талархлыг зүй ёсоор хүлээж байгаа билээ. Эдгээр үр өгөөжтэй, хөгжлийн хувьд асар их ач холбогдолтой Та бүхний батлан гаргасан бодлогын олон шийдэл, санаачилгыг өндөр үнэлэхээс илүүтэйгээр Та бүхний нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө тэмцэж буй хичээл зүтгэлийг эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэдэг Монголын ард түмэн онцгойлон талархан дэмжиж, хууль шүүхийн өмнө иргэн бүр албан тушаал, хөрөнгө орлогын хэмжээнээс үл шалтгаалан ижил тэгш эрхтэй байх жишгийг нийгэмд тогтоон төлөвшүүлж буйг дэмжиж, Та бүхнийг шударга ёсны үлгэр жишээ байх ёстой хэмээн итгэл найдвар тавин харж байна. Хууль зөрчиж, гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хөрөнгө мөнгөтэй хүмүүс нь хууль, шүүхийн асуудлыг мөнгөөр шийдвэрлэдэг, намын томилгоотой нь намаараа хамгаалуулдаг, хууль хүчний байгууллагынхан бие биендээ найр тавин өөрсдийгөө хамгаалан, асуудлыг шийддэг тэр цаг үе дуусгавар болж байна гэдгийг сүүлийн жилүүдэд энгийн иргэд бид амьдрал дээрээ мэдэрч, шударга ёсыг тогтоох үйлсэд Та бүхний манлайлал дор нэгдэн, улс эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө итгэл төгс урагшлан тэмцэж байна. Нийгмийн шударга ёсыг тогтоох аливаа тэмцэл үе шат бүхэндээ эсэргүүцэл, сорилттой тулгарч, даван туулж ирснийг бидний монголчуудын түүх бэлхэнээ гэрчилнэ. Сонгогч бидний итгэлийг авч, төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон эрхэм төрийн түшээд маань гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй олон тохиолдолд албан тушаалын халдашгүй байдлаараа халхавч хийн, хууль хүчний байгууллагуудын мөрдөн шалгах үйл ажиллагаанд ноцтой саад учруулж, хэргийг удаашруулж, улмаар мөрдөн шалгах боломжгүй болгох, хуулийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгах, хэргийг хэрэгсэхгүй болгох талаар албан тушаал, эрх мэдлийн байдлаа ашиглан нөлөөлөх зэрэг оролдлого нь иргэдийн төрдөө итгэх итгэлийг хөсөрдүүлж, хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш байх төрт ёсны суурь зарчмыг уландаа гишгэж, төрийн эрх барих дээд байгууллагын нэр хүндийг өмнө нь хэзээ ч байгаагүйгээр унагаж байна. Төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж байгаа гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй эрх баригч намын гишүүд нь сайн дураараа албан тушаалын халдашгүй байдлаасаа татгалзаж эсхүл хуулийн дагуу албан тушаалын халдашгүй байдлыг нь түдгэлзүүлж, жирийн иргэдийн адил хууль, шүүхийн өмнө ижил тэгш байлгаж, хуулийн байгууллага шалгаж үнэн мөнийг цаг тухайд нь тодорхойлж байж сая шударга ёс тогтож, сайн сайхан цаг ирэх учиртай. Монгол Ардын Намаас нэр дэвшиж, УИХ-ийн гишүүнээр сонгогдсон, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан Н.Номтойбаярт нь 3 зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, УИХ- ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий Прокуророос УИХ-д 2020 оны 1 дүгээр сарын 16-нд хүргүүлсэн байна. Үүний дагуу УИХ дахь Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж эхэлсэн боловч ирц бүрэлдээгүй гэх шалтгаанаар түр завсарласан талаар хэвлэлд мэдээлжээ. Н.Номтойбаярын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр гаргасан 3 зүйл ангийн нэг нь бидний хайрт хүү, нөхөр, аав, ах Г.Батхүү агсны талаар худал мэдүүлэг өгсөнтэй холбоотой болохыг Н.Номтойбаярын хийсэн хэвлэлд өгсөн ярилцлагаас олж мэдлээ. Бидний хайрт хүн Г.Батхүү агсан Төрийн ордонд учир битүүлгээр амь эрсдэхэд хамгийн сүүлд уулзсан хүн нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр байсан бөгөөд энэ талаараа ч тухайн үедээ өөрөө хэвлэлийн бага хурал хийж мэдэгдэж байсан. Монгол төрийн төлөө зүтгэж явсан эрдэнэт хүний амь нас Төрийн ордонд учир битүүлгээр үрэгдээд даруй 8 сар гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд хэргийн учиг тайлагдаж, үнэн мөнөөр шийдэгдэх болов уу хэмээн үрээ алдсан өндөр настай эцэг эх, нөхрөө алдсан авааль гэргий, ааваасаа өнчирч үлдсэн 4 хүүхэд, ахыгаа алдсан дүү нар нь төрийн болон хууль хүчний байгууллагад итгэж, горьдлого тээсээр өдийг хүрлээ. Хууль хүчний байгууллага уг хэргийг богино хугацаанд үнэн зөвөөр шийдвэрлэхэд саад болж буй УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхэд эрх баригч МАН манлайлан, удирдан чиглүүлж, хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш байх нөхцөлийг хангаж, шударга ёсоор цангасан ард иргэдийнхээ хүсэл зоригт нийцсэн шийдвэр гаргахыг хичээнгүйлэн хүсч байна. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хийсэн олон удаагийн танхайн сэдэлтэй гэмт үйлдлүүд, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төсвийн мөнгийг шамшигдуулсан болон түүнийгээ мөнгөөр шийдэж, хэрэгсэхгүй болгосон талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр сүүлийн жилүүдэд тасралтгүй гарч, олон түмний жигшил, дургүйцлийг ихээр хүргэж байсан. Түүний хамгийн сүүлийн хүний эрх чөлөөнд халдаж, танхайрч буй зодооны бичлэг нийгмийн сүлжээгээр тарж, түүнийг номхруулах, шударга шийтгэл оногдуулах төр, хууль, хүчний байгууллага байхгүй юм байна гэдэг ойлголт олон түмний дунд түгэж, зөвхөн хувь хүнийх нь хувьд биш, эрх барьж буй МАН, төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д итгэл алдаж харуусах, эсэргүүцэн тэмцэх уур амьсгал ард орны дунд давамгайлж эхлэх бодит аюул байна. Алдсан хүн арван тамтай гэдэг. Хайрт хүнээ алдсан бидэнд газар хатуу, тэнгэр хол байна. Бид зөвхөн үнэн зөв, шударга ёсыг л хүсч байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь зөвхөн эрх баригч намын дотор шударга ёсыг тогтоох төдий бус Монголын нийгэмд шударга ёсыг тогтоох хамгийн эгзэгтэй сорилт шалгуур болох юм. Эрх баригч МАН Монголын ард түмнийхээ талд байж, хатуу хэцүүг туулж, шударга ёсыг тогтоож чадна гэдэгт гүнээ итгэж байна. 

ТАЛИЙГААЧ ГАВААГИЙН БАТХҮҮ АГСНЫ ЭЦЭГ ЭХ, ЭХНЭР, ҮР ХҮҮХДҮҮД, ДҮҮ НАР НЬ 

2020 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 22

A

Жижиг

A

Дунд

A

Том

Г.Батхүү агсны хэргийг илрүүлэхэд УИХ-ын дэд хороо саад болж байна

 0 сэтгэгдэл
  • АН эрх баригчдыг гэмт хэрэгт холбогдсон гишүүдээ хаацайлж байна хэмээн шүүмжлэв 
  • Энэ хэргийг илрүүлж, гэм буруутанд ял оноох нь шударга ёсонд нийцнэ гэсэн хатуу байр суурьтай байгаа
  • Ёс зүйн дэд хорооны гишүүд хуульд заасан чиг үүргээ умартаж намын гишүүдээ хаацайлан, хууль бус үйлдлийг хамгаалж, бусдад бурууг тохох арга саам эрэлхийлэх замаар ёс төдий шийдвэр гаргаж байгаа

УИХ дахь АН-ын зөвлөлөөс УИХ-ын зарим гишүүний хууль бус үйлдэлтэй холбогдуулан спикер Г.Занданшатарт шаардлага хүргүүллээ. Тус шаардлагад “УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүний хууль бус үйлдэлтэй холбогдуулан Г.Занданшатар танд шаардлага хүргүүлж байна. Тухайлбал ЖДҮХС-гаас зээл авсан гишүүд, Төрийн ордонд хүний амь нас хохирсон гэмт хэрэгт шалгагдаж буй асуудал, зарим гишүүдийн хөрөнгө орлого огцом өссөн талаар хуулийн байгууллага болон төрийн бус байгууллагуудын төлөөллөөс хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгуулах, хариуцлага тооцуулахаар албан бичиг, шаардлагыг УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын болон Ёс зүйн дэд хороонд удаа дараа хүргүүлсэн. УИХ-ын бүтцийн нэгж болох Халдашгүй байдлын дэд хороо, Ёс зүйн дэд хорооны гишүүд хуульд заасан чиг үүргээ умартаж намын гишүүдээ хаацайлан, хууль бус үйлдлийг хамгаалж, бусдад бурууг тохох арга саам эрэлхийлэх замаар ёс төдий шийдвэр гаргаж байгаа нь төрийн нэр хүндийг уландаа гишгэн сонгогч иргэдийг үгүйсгэж үл хүндэтгэж буй үйлдэл гэж үзэж байна. УИХ-ын дэд болон байнгын хороодоос гарч буй шийдвэрүүд асуудлыг шийдвэрлэхгүй, хуульд нийцэхгүй байгааг анхааралдаа авч хуулийн дагуу ажиллахыг танаас шаардаж байна. Тиймээс цаашид УИХ-ын байнгын болон шуурхай шийдвэрлүүлэхээр анх удаа олон нийтэд хандаж байгаа. АН энэ хэрэгтэй холбогдуулан Олон улсын парламентын холбоо (ОУПХ) болон холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Өмнө нь ч гэсэн бид С.Зориг агсны хэрэгт ОУПХ-той хамтран ажиллаж байсан. Манай нам Г.Батхүү агсны хэрэгт холбогдуулан хуулийн байгууллагаас албан ёсны мэдээлэл гартал хэн нэгнийг буруутгах байр суурь илэрхийлэхгүй. Гэхдээ энэ хэргийг илрүүлж, гэм буруутанд ял оноох нь шударга ёсонд нийцнэ гэсэн хатуу байр суурьтай байгаа. Тийм ч учраас УИХ-ын байнгын болон дэд хороодыг хуулийн дагуу ажлаа хийхийг шаардаж байгаа юм” гэсэн юм.