A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4235/

Улс төр хийхдээ гадаад улсын нэр хүндэд халдахгүй байхыг сануулав

Улс төр хийхдээ гадаад улсын нэр хүндэд халдахгүй байхыг сануулав

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4235/
  • Ардчилсан нам Хятадын коммунист намаас санхүүжилт авч байгаагүй
  • Монгол Улс, БНХАУ мөнхийн хөрш. Өөр өөрсдийн улсдаа намын үзэл суртлаа хийнэ


Ардчилсан намын дарга С.Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчдийн БНХАУ-ын Коммунист намын урилгаар тус улсад хийсэн ажлын айлчлалыг зарим улстөрч мушгин тайлбарлаж байгаад Ардчилсан намаас залруулж, мэдээлэл хийлээ. Тус намын дэд дарга Б.Дэлгэрмаа энэ асуудалтай холбогдуулан гаргасан Ардчилсан намын мэдэгдлийг танилцуулсан юм. Мэдэгдэлд “... УИХ-ын сонгууль ойртсон энэ үед АН-ын нэр хүндийг унагах, АН-ын гадаад харилцаа, бусад улс орны улс төрийн намуудтай хийж буй хамтын ажиллагаанд сэв сууж болзошгүй гүтгэлийн чанартай мэдээг зарим намын удирдлагууд болон нэр хаяг тодорхой бус хаягуудаас тарааж байна. АН нь бусад улс орон ялангуяа, Хятадын Коммунист намтай сайн хөршийн харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, намуудын хамтын ажиллагааг хэрхэн идэвхжүүлэх талаар аливаа уулзалт яриа хийж байгаа. Түүнээс биш сонгуулийн дэмжлэг авах, санхүүжилт татах ямар ч яриа хэлэлцээр хийгээгүй. Цаашид ч ийм агуулга бүхий харилцаа манай намын гадаад бодлогод огт үгүй болохыг хариуцлагатайгаар хатуу мэдэгдэж байна” гэсэн юм. Мөн цаашид сонгуулийн сурталчилгаа хийж, улс төрийн байр сууриа илэрхийлэхдээ гадаад улсын нэр хүндэд бүдүүлгээр халдах, ард түмнээ талцуулах, өдөөн турхирах ор үндэсгүй гүтгэн доромжлохоос ангид байж улс төрийн соёлтой, бие биеэ хүндэтгэхийг АН-ын зүгээс нийт улс төрийн намуудад уриалсан юм. Энэхүү мэдэгдлийн дараа цаг үеийн зарим асуултад тайлбар өгөв. 

-Ардчилсан намыхны БНХАУ-д хийсэн айлчлалын үр дүн юу байв. Ямар асуудлыг ярилцсан бэ?

-БНХАУ-ын төрийн эрхийг барьж байгаа Хятадын Коммунист намтай улс төрийн намууд бүгд байнга харилцдаг. Коммунист намын зүгээс ч Монголын парламентад суудалтай улс төрийн намуудтай ижил түвшинд харилцаж ирсэн. Ардчилсан намын дарга С.Эрдэнийн хийсэн айлчлал нь хоёр жилийн өмнө товлогдож, хэрэгжсэн айлчлал. 

-Ардчилсан нам бол баруун төвийн үзэл баримтлалтай. Харин БНХАУ цор ганц коммунист намтай. Энэ хоёр нам үзэл баримтлалын хувьд хамтран ажиллах боломж бий юу?

-БНХАУ-ын Коммунист нам бол эрх баригч нам. Бид үзэл бодол нийлэхгүй гээд харилцахгүй байна гэсэн ойлголт биш. Монгол Улс, БНХАУ нь мөнхийн хөрш. Өөр өөрсдийнхөө улсад намынхаа үзэл суртлаа хийнэ.

-Тэгэхээр Ардчилсан нам Хятадын Коммунист намаас санхүүжилт аваагүй гэж ойлгож болох уу?

-Улс төрийн нам гаднын аливаа байгууллагаас санхүүжилт авахыг хуулиар хориглоно. Тиймээс ямар ч санхүүгийн дэмжлэг авч байгаагүй. Намуудын хамтын ажиллагаа ямар хэлбэрээр явагддаг вэ гэвэл хамтарсан сургалт зохион байгуулах, тодорхой төлөөлөгчдөө харилцан солилцох зэргээр байж болдог юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Үндсэн хууль, парламентын эрхийн дээгүүр гишгэлсэн шийдвэрт ямар хариу барих вэ

  • Халдашгүй байдлыг үл тоон хорьдог буруу жишиг Ж.Эрдэнэбатаар дуусгавар болоосой
  • Энд Ж.Эрдэнэбат аль нам, ямар фракцын гишүүн гэдэг хамаагүй. Хэрэг хийсэн, эсэх нь ч дараагийн асуудал. Харин парламентын гишүүнийг баривчлах, цагдан хорих хязгаарыг давсанд л гол учир бий

УИХ-д сонгогдсон эрхмүүд өчигдөр Төрийн ордонд гишүүний түр үнэмлэхээ ёслол төгөлдөр гардаж авлаа. Уг нь 76 гишүүн үнэмлэхээ авах ёстой байсан ч нэг нь ирж чадсангүй. Тэр бол хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй Ж.Эрдэнэбат гишүүн. Сонгуулийн өмнөхөн, бүр тодруулбал зургадугаар сарын 12-нд түүнийг Ерөнхий сайд байхдаа үйлдсэн гэх хэрэгт нь холбогдуулан цагдан хорьсныг бид мэднэ. СЕХ-ны даргын тайлбарласнаар бол гишүүний үнэмлэхийг заавал өөрт нь гардуулж өгөх ёстой тул хэн нэгэнд дайх боломжгүй гэнэ. Тэгэхээр СЕХ-ны төлөөлөл хорих ангид очих уу, эсвэл Ж.Эрдэнэбат гишүүнийг суллах уу гэдэг нь сонирхол татаж байна. Нэгэнт гишүүнээр сонгогдсон юм чинь яаж ийж байгаад үнэмлэхийг нь өгөх байлгүй дээ. Ер нь энэ жилийн сонгууль хорих ангиас зургаан хүн нэр дэвшин өрсөлдөж, нэг нь ялалт байгуулсан гэдгээрээ түүхэнд үлдэх байх. 

Уг нь сонгуульд нэр дэвшигчийг баривчлах, хорих тохиолдолд заавал СЕХ-ноос зөвшөөрөл авна гэх хуулийн өөрчлөлтийг парламент өнгөрсөн жил УИХ-ын сонгуулийн тухай хууль батлахдаа оруулсан. Харин шүүх өөрийн шийдвэрээ “Нэр дэвшихээс өмнө мөрдөн байцаалт, прокурорын шатанд эрүүгийн хэрэг үүсгэж, түүнтэй холбоотой мөрдөн байцаалтын ажиллагаа нэгэнт явагдаж дууссан, шүүхэд хэрэг нь шилжиж ирсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа нэр дэвшигчийн хувьд хууль хэрэгжүүлэгчид урьд эхэлсэн ажиллагаандаа зөвшөөрөл авах асуудлыг зохицуулаагүй” хэмээн тайлбарласан. Ийм тайлбараар таван нэр дэвшигчдийг хорьсон шалтгаанаа зөвтгөдөг юм байж. Тэгвэл бүрэн эрх нь хэвээр байгаа УИХ-ын гишүүнийг хорьсон нь хуулийг жинхэнэ утгаар нь уландаа гишгэсэн үйлдэл болсон. Энд Ж.Эрдэнэбат аль нам, ямар фракцын гишүүн гэдэг хамаагүй. Хэрэг хийсэн, эсэх нь ч дараагийн асуудал. Харин Монгол Улсын Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуулийн дээгүүр гишгэж, парламентын гишүүнийг баривчлах, цагдан хорих хязгаарыг давсанд л гол учир бий.

Тухайлбал, Үндсэн хуулийн 29-р зүйлийн 2-т “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална” хэмээн заажээ. Мөн УИХ-ын тухай хуульд “Гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулсан, гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг УИХ-д оруулсан тохиолдолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ” хэмээсэн байна. Ийм тодорхой заалтууд байсаар атал УИХ-ын гишүүнийг баривчилж байгаа нь шүүх төрийн эрх барих дээд байгууллагын эрхэнд халдаж буйг тодорхойлчихож байгаа хэрэг биш үү. Цаашилбал хуулиар хамгаалагдсан хүн, дархлагдсан бүрэн эрхт этгээдийг чингэж “элэг барьж” чадаж байгаа юм чинь жирийн иргэдийг яадаг бол гэсэн айдсыг ч төрүүлэх нь лавтай. Нөгөөтэйгүүр гишүүнээ өмгөөлж, бүрэн эрхийг нь хамгаалах ёстой УИХ, СЕХ таг чиг өнгөрсөн нь тун ч буруу жишиг тогтох үндэс болчихлоо. Энэ янзаараа бол дургүй хүргэсэн гишүүнээ барьж аваачаад хорьчихвол хэн ч өмгөөлж хамгаалдаггүй тийм тогтолцоо бүрдэхэд гайхах зүйл алга. Хэрэв хууль, шүүхийнхэн тийм л эрхтэй юм бол УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэдэг хамгаалалтаа авч хаявал таарна.

Энэ талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан маш ойлгомжтой тайлбарласан. Тэрбээр “ Шүүх нь хараат бусаар ажиллах боломж хязгаарлагдмал өнөөгийн нөхцөлд УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг сулруулчихвал түүнийг улс төрийн явцуу сонирхлоор ашиглаж, парламентыг тогтворгүй байдалд оруулах магадлалтай. УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг өндрөөр хамгаалсан хууль нь өөрчлөгдөөгүй байхад шүүх түүнийг үл тооно гэдэг бол байж боломгүй” хэмээн ярилцлагадаа өгүүлжээ. Үүнийг бичихдээ Ж.Эрдэнэбат гишүүнийг онцгойлон үзэж, өмгөөлж, хамгаалах гэсэнгүй ээ. Аль намын гишүүн байх нь ч чухал биш гэдгийг дээр өгүүлсэн. Түүний оронд Дорж, Дондогийн хэн ч байлаа гэсэн асуудлыг хуулийн дагуу л шийдэх ёстой гэсэн санаа юм. Хэрэв ийм л үед бурууг эсэргүүцэж, дуугарахгүй бол цаашид хэн дуртайгаа барьж хорьдог буруу жишиг тогтчих гээд байна. Санаачилсан хуулийг нь дэмжихгүй бол “барьж хорьчиход ядах юм байхгүй шүү” гэж шантаажлаад л хэргээ бүтээдэг болно гэсэн үг. Уг нь ийм эрсдэл бий болгохгүйн тулд л УИХ-ын гишүүний халдашгүй байдал гээчийг гаргаж ирсэн гэж боддог юм.

Харин одоо шүүхийнхэн энэ бүх бантангаа яаж цэвэрлэх гэж байгаа юм бол. Нэгэнт УИХ-ын гишүүнээр дахин сонгогдчихсон юм болохоор үргэлжлүүлэн хориод байж чадахгүй байх. Тэгэхээр шинэ парламент бүрдсэний дараа бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал оруулах биз. Хэрэв тэр үед УИХ хүсэлтийг нь хүлээн авбал бүх зүйл зөв голдрилдоо орох учиртай. Хууль тогтоох дээд байгууллагаас ч дээгүүр эрх мэдэл эдэлж, дуртай хүнээ барьж хорьдог буруу жишиг Ж.Эрдэнэбатаар дуусгавар болоосой билээ. Мөн Үндсэн хууль, парламентын дээгүүр гишгэлсэн хуулийнхан энэ үйлдэлдээ хариуцлага хүлээх нь зүйд нийцнэ. Харин хамгийн түрүүнд дуугарах ёстой, гишүүнийхээ эрхийг хамгаалах учиртай УИХ-ын дарга Г.Занданшатар болоод гишүүд нь бүлх залгисан мэт чимээгүй өнгөрөв. Ангийнх нь нэгэн баригдахад дуугүй өнгөрсөн УИХ-ын гишүүд өөрсдийнх нь ээлж ирэхэд яах бол. Хаа очиж түүнтэй нэг тойрогт өрсөлдсөн эсрэг намынх нь нэр дэвшигч С.Баярцогт баривчилгааг буруушааж, өрсөлдөгчөө өмөөрч харагдана лээ. Эр хүн гэж магтъя.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Томсгосон мажоритар тогтолцооны сул тал асар их байна

  • П.Наранбаяр: Надад итгэж саналаа өгсөн 23,479 хүний санал гээгдчихлээ

"Зөв хүн электорат" эвслээс УИХ-ын сонгуулийн үр дүнгийн талаар байр сууриа илэрхийлэхдээ “мажоритар тогтолцоо сонгогчдын саналыг ихээр гээгдүүлдэг болох”-ыг тодотгов. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрогт "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшсэн Б.Мөнхсоёл "Томсгосон мажоритар тогтолцоо нь маш олон сул талтай. Энэ тогтолцоонд танигдаагүй улстөрч, улс төрийн хүчин өрсөлдөхөд бэрх байдаг. Сонгуулийн кампанит ажлын 22 хоногийн хугацаанд ард түмэндээ хүрч ажиллах боломж тун бага. Түүнчлэн улс төрийн намууд төлөвших боломжгүй болох буюу нэг намынхан хүртэл хоорондоо өрсөлдөх магадлалтай болдог" гэлээ. Харин 22 дугаар тойрог буюу Баянзүрх дүүрэгт тус эвслээс нэр дэвшсэн П.Наранбаяр "Надад 22 дугаар тойргийн 23,479 хүн саналаа өгчээ. Итгэж саналаа өгсөн баянзүрхчүүддээ талархаж байна. Гэвч тэдний энэ их санал гээгдчихлээ. Энэ бол томсгосон мажоритар тогтолцооны сул талын илрэл боллоо" гэв.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Шинэ засгийн газрын бүрэлдэхүүн ямар байх вэ

  • “Давхар дээлт”-ийн тооноос хэтэрсэн “эзэнтэй яам”-даа хэрхэх нь Ерөнхий сайдын толгойны өвчин болоод байна
  • У.Хүрэлсүх ахлах зөвлөх Б.Энх-Амгаландаа Барилга хот байгуулалтын яамыг, эрүүл мэндийн асуудал хариуцсан зөвлөх Н.Хүрэл баатарт Эрүүл мэндийн яамыг, улс төрийн зөвлөх Б.Цэнгэлд Зам тээврийн яамыг өгч, олон жил итгэл даан, тойрон хүрээлсэн шадар туслахуудаа мялаахаар шийдсэн гэх
  • Ерөнхийлөгчийн санал болгосноор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарыг зайлшгүй давхар дээлтэй үлдээх ёстой болоод байгаа аж. Тиймээс Ерөнхий сайд танхимынхаа бүтцийг Үндсэн хуульд нийцүүлэн оруулж ирэхдээ “эзэнтэй яам”-дыг хэрхэн багтаах талаар толгой гашилгаж суугаа

(У.Хүрэлсүх шинээр бүрэлдэх Засгийн газартаа чиг үүргийн дөрвөн яам үлдээж, “давхар дээл” өмсүүлээд, чиглэлийн яамдаас БСШУСЯ-ыг хоёр хувааж, Соёл, спортын яам болон Боловсрол, шинжлэх ухааны яам болгон “төллүүлэх” бололтой. Соёл спортын яамны сайдаар БСШУСЯ-ны дэд сайд Б.Ганбаярыг томилуулахаар санал оруулна гэсэн яриа бий)

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайдаас гадна “давхар дээлтэй” дөрвөн сайд л Засгийн газрын бүрэлдэхүүнд орж, бусдыг нь гаднаас томилохоор заасан. Шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудал сонгуулийн бэлтгэл ажлаас ч хүнд байгаа бололтой. Дөрвөн жилийн өмнө МАН-ыг үнэмлэхүй олонх болоход “олдвол өлдөнө” гэгчээр суудал булаалдсан олон лидерээ хэрхэн шингээх нь асуудал болно гэж байв. Энэ удаад ч “зовлон” давтагдаж, зоолох нь цөөн, гомдох нь олон болоод байна. Ерөнхий сайд Үндсэн хуулийн шаардлагад нийцүүлэн танхимынхаа бүтцийг шинэ парламентаар батлуулна. Одоо мөрдөгдөж байгаа Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд ерөнхий чиг үүргийн зургаан яам бий. Үүнд Батлан хамгаалах яам, Сангийн яам, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам дээр нэмээд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг ерөнхий чиг үүргийн яамд багтаасан. Харин боловсрол, зам тээвэр, уул уурхай тэргүүтэй долоон чиглэлийн яамтай ажиллахаар уг хуульд заасан байдаг. Тэгвэл одоо Ерөнхий сайд ямар нүүдэл хийж, хэнийг тулаанд сойж буй талаар таамгийг эх сурвалжуудаас авснаар хүргэе. У.Хүрэлсүх шинээр бүрэлдэх Засгийн газартаа чиг үүргийн дөрвөн яам үлдээж, “давхар дээл” өмсүүлээд, чиглэлийн яамдаас БСШУСЯ-ыг хоёр хувааж, Соёл, спортын яам болон Боловсрол, шинжлэх ухааны яам болгон “төллүүлэх” бололтой. Соёл, спортын яамны сайдаар БСШУСЯ-ны дэд сайд Б.Ганбаярыг томилуулахаар санал оруулна гэсэн яриа бий. Харин Ерөнхий сайдын үүсгэн байгуулсан Зүүний хүчний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батбаярт Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг өгөхөөр “бэлдсэн” аж. Түүнчлэн ахлах зөвлөх Батцэнгэлийн Энх-Амгаландаа Барилга хот байгуулалтын яамыг, эрүүл мэндийн асуудал хариуцсан зөвлөх Н.Хүрэлбаатарт Эрүүл мэндийн яамыг, улс төрийн зөвлөх Б.Цэнгэлд Зам тээврийн яамыг өгч, олон жил итгэл даан, тойрон хүрээлсэн шадар туслахуудаа мялаахаар шийдсэн гэх. Б.Цэнгэл нь “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаа өгч, сонгуульд өрсөлдөхөөр бэлдэж байсан ч мандат авч чадаагүй юм. Харин одоо тэрбээр яам толгойлохоор бэлтгэлээ базааж буй. Ерөнхий сайд нам доторх франкцуудад бялуу хүртээхгүй бол удаан тогтох боломжгүй. Тиймээс лидерүүд ч өөрийн хүнээ яам толгойлуулахаар зүтгүүлж байна. Сү.Батболдын фракц УИХ-д хүчтэй хэвээр байгаа бөгөөд Гадаад харилцааны яаманд давхар дээл өмсөн суух хүн нь Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил нараас гадна өөрөө ч очих сонирхолтой байгааг эх сурвалж онцолсон. Мөн генеск Д.Амарбаясгалангийн хүн гэгддэг Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга эдүгээ яамаа то-гойлохоор нэр нь орж ирэх сурагтай. Ерөнхий чиг үүргийн үлдсэн гурван яамнаас Батлан хамгаалахыг Н.Энхболдод, Сангийн яамыг Ч.Хүрэлбаатарт хуучнаар нь хариуцуулах бололтой. Харин Хууль зүй, дотоод хэргийн яамыг шинэхэн гишүүн Б.Энхбаярт өгч болзошгүй. Гэвч Ерөнхийлөгчийн санал болгосноор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарыг зайлшгүй давхар дээлтэй үлдээх ёстой болоод байгаа аж. Тиймээс Ерөнхий сайд танхимынхаа бүтцийг Үндсэн хуульд нийцүүлэн оруулж ирэхдээ “эзэнтэй яам”-дыг хэрхэн багтаах талаар толгой гашилгаж суугаа. Б.Энхбаярыг ирээдүйн Хууль зүйн сайд гэж олон нийт хүлээн зөвшөөрдөг ч Ерөнхий сайд Сумъяабазарыг яамтай нь авч үлдээд, ХЗДХЯ-ыг чиглэлийн яам болгон Ц.Нямдоржид өгөх хувилбар ч яригдаж байна. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад дэд сайд Г.Өнөрбаяр яригдаж байгаа бол Боловсрол, шинжлэх ухааны яам, ХХААХҮЯ-д фракцууд хүнээ зүтгүүлж, тодорхой тохиролцоонд хүрээгүй байгаа бололтой. Ерөнхий сайд хоёр Шадар сайдтай байх бүтэц зүтгүүлэх боловч УИХ-аар дэмжигдэх эсэхэд эргэлзэж байгаа аж. Хэрэв батлагдвал нэгийг нь Я.Содбаатарт өгөх төлөвтэй. Гэвч ЖДҮ-д холбогдож нэр муутай болсон Содоо шинэ Засгийн газрын нэр хүндийг унагах эрсдэлтэй хэмээн шүүмжлэл дагуулж буй. Ямартай ч сонгуулийн дараа бужигнадаг төрийн алба энэ удаад хөл алдахгүй, харин толгой нь хэрхэн өөрчлөгдөхийг нам доторх тохироо шийдэх нь.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ардчилсан нам 29 тойргийн хэмжээнд хяналтын тооллого хийх Ажлын хэсэг байгуулжээ

  • Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар хянан шалгах үүргээ биелүүлээгүй гэв
  • 2020 оны сонгууль иргэний сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн гэж үзжээ

Ардчилсан нам болон бусад бие даагч, эвслүүдийн зүгээс Ерөнхийлөгч Х.Баттулгад УИХ-ын 2020 оны сонгуулийн дүнг олон нийтэд ил болгох шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдэв. Энэхүү шаардлагад УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтад Сонгуулийн тухай хууль зөрчсөн үйл ажиллагаа хэрээс хэтэрч, Үндсэн хуульд Засгийн эрх ард түмний мэдэлд байна гэсэн заалтыг ноцтой зөрчиж, Монгол Улсын түүхэнд байгаагүйгээр ард түмний эрхийг зөрчиж, гутаан доромжилсон үйл явдал болсон тул дахин сонгууль зохион байгуулах нь зүйтэй гэжээ. Ардчилсан намаас УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүнд нийт 29 тойргийн хэмжээнд хяналтын тооллого зохион байгуулах ажлын хэсэг байгуулжээ. Энэхүү ажлын хэсгийн ахлагчаар тус намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Одхүүг томилсон аж. Түүний хэлснээр, нийт 29 тойрогт сонгуулийн үйл явцтай холбоотой гомдол, мэдээлэлд хяналт тавьж, 2020 оны сонгууль иргэний сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн гэж үзжээ. Ардчилсан намын мэдээлснээр, энэ удаагийн сонгуулийн санал хураалтын үеэр ноцтой зөрчил олон гарсан байна. Тухайлбал, нэг хүн олон удаа санал өгсөн, хуурамч хаяг, огт байхгүй орон сууцны хаяг ашиглаж санал өгүүлсэн, гадаадад байгаа иргэдээр санал өгүүлсэн болон нас барсан иргэний нэрийг ашиглаж санал өгүүлсэн, иргэдийн зөвшөөрөлгүй хаяг дээр нь амьдардаггүй хүмүүсийг нэмж бүртгэн санал өгүүлсэн аж. Хууль зөрчсөн эдгээр үйл ажиллагааг МАН удирдан зохион байгуулж байна гэж иргэд үзсэн тул нэн даруй үнэнийг тогтоох шаардлагатай гэж улс төрийн нам, эвслүүд болон Ардчилсан нам үзсэн байна. АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Одхүү “Бид өнгөрсөн хоёр хоногт нийт 29 тойргийн хэмжээнд мэдээлэл авч цэгцэллээ. Сонгуулийн явцтай холбоотой бүх гомдол мэдээлэлд дүн шинжилгээ хийсний эцэст энэ удаагийн сонгууль иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн үйл ажиллагаа болсон гэж үзэж байна. Тиймээс сонгуульд оролцсон гурван нам эвсэл, бие даагчдын шаардлага эсэргүүцэлтэй Ардчилсан нам санал нэгдэж, Ерөнхийлөгч Х.Баттулгад шаардлага хүргүүлж байна” гэв. Үндсэн хуулийн бус үйл ажиллагаанд төрийн алба хаагчид идэвхтэй оролцсоныг улс төрийн намууд, иргэд мэдээлж байгаа тул сонгуулийг шууд удирдан зохион байгуулсан Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газраас сонгогчдын нэрийн жагсаалт, санал тоолох машин, бусад шалгах шаардлагатай баримт материалуудыг тусгайлан авч шалгах шаардлагатай гэсэн юм. Түүнчлэн хянан шалгах үүргээ хариуцлагагүй биелүүлсэн Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрыг оролцуулалгүй, сонгуульд оролцоогүй төрийн байгууллагаар хуулийн дагуу шалгалт явуулж, дүн мэдээллийг олон нийтэд хүргэхийг хүсч байна гэлээ.