A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5552/

Урлагт хүн бүр дуртай ч урлаг авьяастайд нь илүү дуртай

Урлагт хүн бүр дуртай ч урлаг авьяастайд нь илүү дуртай

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5552/
  • Авьяасыг дөвийлгөхөөс илүү урлагийн төлөөх сэтгэлтэй, урлагт хайртай байх нь чухал
  • Найруулагчийн мэргэжил хүний мэдлэг чадварыг маш их тэлж, хүн судлал, хэл шинжлэл, түүх, байгаль гээд бүх зүйл дээр ажилладаг учир хүний зүрх үхэж, шантрах тохиолдол ч бий. Ямар нэг зүйл хэт амархан санагдвал миний сонирхлыг хэзээ ч татдаггүй
  • Би мэргэжлийн сургууль төгссөн юм чинь энэ дүр дээр ажиллаж чадна гэж үзээд, урсгалаараа явдаг, болсон болоогүй ижил дүрүүдийг кино болгонд бүтээдэг цаг шувтарч байна. Дүр бүтээх гэдэг бол шинжлэх ухаан. Энэ бол сэтгэл судлал, байнгын бэлтгэл

“Хөөрхөн шулам”, “Ану хатан” “Хөх тавилан” зэрэг киног найруулсан энэ цагийн шилдэг эмэгтэй найруулагчдын төлөөлөл Т.Алтантуяаг зочны хоймортоо урьлаа. Тэрбээр ороо босгоо цаг үеийн эмгэнэлт явдлуудын амьд гэрч төдийгүй Монголын урлагийн салбарт тэсрэлт хийж байсан “Цагааны Цэгмид-Орчин үе” театрын жүжигчнээр ажиллаж, орчин үеийн драмын жүжгийн төрөлд шинэчлэл авчирсан гэж болохуйц өвөрмөц дүрийг бүтээж байв. Түүний хамгийн сүүлд найруулсан “Хөх тавилан” арт хаус уран сайхны кино Флоренцийн кино наадмаас шилдэг продакшн, шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртсэн билээ.

-“Хөх тавилан” уран сайхны киногоо олон улсын кино наадмуудад сойж байгаа гэж дуулсан. Уран бүтээлийн сонин сайхнаар тань ярилцлагаа эхэлье?

-Төрийн соёрхолт Д.Норовын “Хөх тавилан” туужийн албан ёсны эрхийг авч, энэ зохиолоос сэдэвлэн бүрэн хэмжээний уран сайхны кино хийсэн. 2019 оны гуравдугаар сараас эхлэн Хонгконг, Бээжин, Канн, Венецийн кино наадмуудад оролцож, Канн болон Венецид шилдгийн тоонд багтсан. Хамгийн сүүлд Флоренцийн кино наадмаас шилдэг эмэгтэй жүжигчин, шилдэг продакшн гэсэн хоёр шагнал хүртлээ. Киногоо гурав дугаар сарын 6-нд нээх ёстой байсан ч хөл хорионоос болоод хойшилсон. Арт хаус чиглэлийн ийм уран бүтээлийг дэмжиж, хөрөнгө оруулах тохиолдол маш ховор байдаг ч монгол уран бүтээлийн үнэ цэнийг харуулж, олон улсад сурталчлах зорилготой энэ киног дэмжсэн киноны ерөнхий продюсер Б.Пунсалмаа болон уран бүтээлчдэдээ баярласнаа илэрхийлье. 

-“Хөх тавилан” эмэгтэй хүний амьдралыг маш өвөрмөцөөр дүрсэлсэн зохиол. Яагаад энэ туужийг сонгох болов? 

-Сүүлийн үед “Монголд сайн кино зохиол байдаггүй. Кино зохиолч алга. Гаднын киног хуулбарлаж байна” гэх мэт шүүмжлэл газар авсан. Миний хувьд багаасаа Монголын сор болсон зохиолуудыг уншиж өссөн хүн. Монголд маш олон гайхалтай зохиол бий. Д.Норов гуай бол тэдгээр суут уран бүтээлчдийн төлөөлөл нь. Энэ зохиолоос хэсэгчлэн авч, кино болгосон. Миний харснаар сүүлийн үеийн уран бүтээлүүдэд маш хурдтай монтаж орсон, жүжигчин болоод найруулагчийн санааг уртаар илэрхийлэхэд зохимжтой биш, үзэгчид эргэцүүлэх, ухаарах боломж өгдөггүй, жүжигчинд ур чадвар гаргах боломж бага өгсөн инээдмийн, гэмт хэргийн болон романтик жанр давамгайлж байна. Би найруулагчийн хувьд цөөн жүжигчинд төвлөрсөн, тухайн орон зай, цаг хугацаанд амьдарч байгааг харуулж чадсан кино үзэх дуртай. “Хөх тавилан” туужийг дэлгэцэнд буулгахад миний хүсээд байгаа эдгээр аргачлалыг тусгах боломжтой байсан нь энэ зохиолыг сонгоход нөлөөлсөн.

-Жүжигчдийн ур чадварын тухайд юу хэлэх вэ? 

-Орчин үеийн урлагт жүжигчин хүн сайн багшгүйгээр урагшлахад учир дутагдалтай болсон. Өнгөрсөн жил “Холливуд Монголд” арга хэмжээг А.Баярцэцэг санаачилж, би зөвлөхөөр нь ажилласан. Дараа нь оддын багш Ивана Чаббакийн “Дүр бүтээх увидас” номыг орчуулсан. Би мэргэжлийн сургууль төгссөн юм чинь энэ дүр дээр ажиллаж чадна гэж үзээд, урсгалаараа явдаг, болсон болоогүй ижил дүрүүдийг кино болгонд бүтээдэг цаг шувтарч байна. Дүр бүтээнэ гэдэг бол шинжлэх ухаан. Энэ бол сэтгэл судлал, байнгын бэлтгэл, жүжигчний бүх л зүйлийг толь мэт шингээдэг зүйл. Жүжигчид өөрийгөө болж байна гэж бодох биш мэргэжлийн дасгалжуулагчтай ажиллах нь чухал. Монголд төгс жүжиглэдэг гэж хэлж болох жүжигчин гарын таван хуруунд багтах цөөн байна.

-Найруулагч бол эмэгтэй хүн эзэмшихэд маш хүнд мэргэжил гэдэг. Найруулагч хийхэд хүйсийн ямар нэг давуу тал, онцлог нөлөөлдөг үү? 

-Би таны хэлсэнтэй санал нэг байна. Кино урлаг сонирхолтой боловч маш хатуу самар гэж хэлэгдэхээр ертөнц. Шуудхан хэлэхэд эрчүүд давамгайлсан салбар. Монголын кино урлаг 80 жилийн настай. Энэ хугацаанд түүхэн кино найруулсан эмэгтэй найруулагч “Ану хатан”-ыг тооцвол ганцхан байх жишээтэй. Ерөнхий найруулагч хүн тодорхой хэмжээгээр уран бүтээлчдэдээ хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой. Тийм ч учраас манай найруулагчид нас тогтсон үедээ түүхэн кино хийдэг юм билээ. Олзуурхууштай нь эмэгтэй найруулагчид олноор төрөн гарч, амжилт үзүүлж байна. Энэ миний хувийн бодол байж магадгүй. Эмэгтэй хүнд байгалиас заяасан шинж чанар нь үр хүүхэд, эх орон гэх мэт нарийн нандин зүйлстэй далд байдлаар холбогддог учраас мөнгө хөөхгүйгээр ийм төрлийн уран бүтээлд цаг зав, сэтгэл зүрхээ зориулж ажиллах нь түлхүү байж болох юм. Мөн эмэгтэйчүүд маш ажил хэрэгч, тууштай, аливааг хэт туйлшрахгүй харж чаддаг онцлогтой.

-Арван жилдээ онц сурдаг, бүлгэмийн зөвлөлийн дарга хийдэг сэнтэг охин байсан юм билээ. Тийм онц сурлагатай охин яагаад жүжигчин болохоор шийдсэн юм бэ?

-Хувь тавилан хүнийг өөр зам сонгоод явсан ч гэсэн явах ёстой тэр зам руу нь заавал буцаадаг юм болов уу гэж би боддог. Ээж маань бага байхад маш их кино, үлгэр ярьж өгдөг, өөрөө театрт ажилладаг байсан, урлагт хайртай хүн байлаа. Тийм болохоор надад нөлөөлж, урлагт дуртай болгосон. Бага байхдаа би манлайлагч, урлагт дуртай, тэмцээн уралдаанд байнга ордог хүүхэд байлаа. Гэхдээ бичих дуртай учраас сэтгүүлч, сэтгэлзүйч мэргэжил эзэмшихээр шийдсэн. Гэтэл тэр жил сэтгүүлчийн хуваарь ирээгүй. Ингээд СУИС-д шалгалт өгтөл хасагдаж, Гадаад хэлний дээд сургуулийн орчуулагчийн ангид орсон. Тэгтэл телевизээр “Цагааны Цэгмид-Орчин үе” театр байгуулагдах гэж байна, эмэгтэй жүжигчин шалгаж авна” гэсэн зар явлаа. Яагаад ч юм дотроос нэг юм хатгаад очихгүй л бол байж сууж чаддаггүй ээ. Тэр шалгаруулалтад тэнцэж, жүжигчин болох гараагаа эхэлсэн. Харамсалтай нь шилжилтийн үе таарч, удаан ажиллаж чадаагүй. Би ч төд удалгүй гадагшаа явсан.

-Та ард түмэнд жүжигчин мэргэжлээрээ танигдаж байсан. Яагаад энэ мэргэжлээсээ урвачихав? 

-Жүжигчнээр ажиллахад өөрийн гэсэн цаг хугацаа байх ёстой гэж боддог. Зарим хүнд онцгүй сонсогдож магадгүй. Чин үнэнийг хэлэхэд би 50 нас хүрчихээд 18-тай охинд тоглохыг таашаадаг хүн биш. Байж болох хэдий ч миний хувьд зохимжтой санагддаггүй юм. Би СУИС-ийг жүжигчин, найруулагч мэргэжлээр 2006 онд төгсөөд C1 телевизээс найруулагчийн гараагаа эхэлсэн. Миний багш СГЗ С.Сугар “Чи ид жүжиглэх насан дээрээ байна. Бас чамгүй сайн жүжигчний тоонд ордог. Найруулагч бол хүн бүр таниад, жүжигчид шиг алдар гавьяаг нь эдэлдэг мэргэжил биш. Бүх юмны ард үлддэг хэр нь маш их чадвар шаарддаг. Заавал найруулагчаар ажиллах хэрэг байна уу” гэж хэлж байсан. Миний хувийн зан чанартай ч холбоотой байж магадгүй юм. Би хэцүү, нууцлаг зүйлсэд дуртай. Ямар нэг зүйл хэт амархан, жаахан хичээвэл хийж болох юм байна гэж бодогдвол миний сонирхлыг хэзээ ч татдаггүй. Найруулагчийн мэргэжил хүний мэдлэг чадварыг маш их тэлж, хүн судлал, хэл шинжлэл, түүх, байгаль гээд бүх зүйл дээр ажилладаг учир хүний зүрх үхэж, шантрах тохиолдол ч бий. Хэцүү салбар учраас миний сонирхлыг татсан байх. Урлагт хүн бүр дуртай. Харин урлаг авьяастайд нь илүү дуртай гэж үг бий. Гэхдээ авьяасыг дөвийлгөхөөс илүү урлагийн төлөөх сэтгэлтэй, урлагт хайртай байх нь чухал. Намайг энэ ажил маань аз жаргалтай болгодог.

-Хэн нэгний хэлсэн үг ч юм уу, найруулагч болъё гэх сэдэлд хөтөлсөн зүйл бий юу?

-Би гадаадаас ирээд “Шинэ үе” продакшинд ажиллаж байсан. Тэр үед жүжигчин Н.Ариунболдын багш УГЗ Ч.Ганхуяг “Шинэ үе”-ийн тоглолтуудыг үзэж, санал шүүмжээ хэлдэг байсан юм билээ. Тэр жил “Амьдралын ээдрээ” тоглолтыг үзээд “Манайх найруулагчийн анги нээж байгаа. Танайх хүмүүсээ сурга. Т.Алтантуяаг сургавал яасан юм бэ” гэж хэлсэн гэсэн. Ингээд СУИС-ийг зорьсон.

-Хүн бүрийн сэтгэлд анхны дүр нь уяатай байдаг болов уу. Анхны дүр, анхны жүжгийнхээ тухай хуваалцахгүй юу?

-Тэр үед манай театр багадаа хойд эцэгтээ хүчиндүүлээд, хөл нь гэмтэж, хөгжлийн бэрхшээлтэй болсон охины тухай шинэ жүжиг тавьсан юм. “Бүү үзэгд” гэдэг нэртэй. Тэр үеийн нийгмийг үзэн ядаж, зөрчилдөж байгаа, өөрт нь тохиолдсон гунигт явдалд эмзэглэж явдаг, маш их характер шаардсан тийм дүр байсан. Дөнгөж шинэ гарч ирж байгаа залуу жүжигчний хувьд их хүнд дүр. Дээрээс нь манай аав их хатуу хүн байсан болохоор би маш хүмүүжилтэй өссөн. Тийм сэнтэг хүүхэд тайзан дээр “Намайг эзэмд” гэж орилоод л, салаавч хүртэл гаргана гэдэг надаас асар хол байсан. Эргээд бодоход Ц.Төмөрхуяг ах намайг эвдэж, өөр хүн бүтээсэн маш сайн найруулагч, маш сайн багш. Олон хүний хүч хөдөлмөрөөр тэр дүрээ бүтээж, тухайн үедээ л шуугиан тарьж байлаа. Ядаж байхад тайзан дээр бие гэрэлтсэн унтлагын хувцастай гарч ирнэ. Эцэст нь тэр охин энэ муухай амьдралаас явахаар шийдээд, өөрийн хайртай хүүхэлдэйтэйгээ ярилцаж байгаад амиа хорлодог. Маш урт монологтой. Ц.Төмөрхуяг ах жүжгийн сургуулилт дээр намайг төрлөө танихгүй болтол тамлана. Найруулагчаа мөн ч их зовоож дээ. Одоо найруулагчаар ажиллаад Ц.Төмөрхуяг ахыг урьж, кинондоо урьж, тоглуулдаг. Ингээд бодохоор хүний амьдралын учир тавилан гэж тун сонин шүү.

-“Гал хам” уран сайхны кинонд та жүжигчин Г.Эрдэнэтогтохын нууц амрагийн дүрд тоглож байсан. Нэг оронд ороод үнсэлцэж байгаа хэсгийн зургийг авахуулах тун хэцүү байсан гэж дуулсан. Цаг үе ч хатуу байсан шүү дээ. Тэр түүхээсээ хуваалцаач?

-Дөнгөж жүжигчний дөр ороод байж байтал жүжигчин Н.Оюунбилэг ах, Д.Батцэцэг хоёр “Гал хам” кинонд тоглож байгаа, кинонд явж байна гээд ярьж л байдаг. Би чинь жаахан хүүхэд байсан болохоор надад огт хамаагүй санагдаж байгаа юм. Намайг тоож тоглуулах биш ухааны юм бодоод л. Гэтэл нэг өдөр “Кино зурганд ор” гээд дуудаж байна. Гол дүрийн бүсгүйн хайртай залуугийнх нь дүрд тэр үеийн алдартай жүжигчдийн нэг Г.Эрдэнэтогтох ах тоглож байлаа. Хорооллын нэг айлын гэрт зураг авч байна. Найруулагчаар нь Ю.Наваан гуай, Д.Цэрэндарьзав эгч жүжигчдийн зөвлөхөөр ажиллаж байсан. “За, миний охин энд Г.Эрдэнэтогтохтой бүжиглээд зогсоно шүү” гэж байна. Багадаа Г.Эрдэнэ тогтох ахын кинонуудыг үзэж өссөн, ялангуяа “Таня” жүжигт нь маш их дуртай байсан болохоор сүрдээд л, тэврэлдээд л бүжиглэлээ. Тэр хэсгийг дуустал найруулагч, зөвлөх хоёр нөгөө өрөөнд ороод Г.Эрдэнэтогтох ахтай хамт, нэг оронд үнсэлцэж, тэврэлдэж байгаа хэсэгт орох хэрэгтэй гэдэг байгаа. Манай аав охин хүүхэд гэр бүлийнхээ нэр хүндийг бодох ёстой гэж сургадаг их хатуу, зарчимч хүн. Шууд л нүдэнд харагдаж байгаа юм. “Яаж тэгж хэвтэх юм. Аав, ээж хоёр минь үзвэл яана” гэж бодоод л. Д.Цэрэндарьзав эгч тайлбарлаад л надад учирлаж байна. Би ч гүрийгээд л байлаа. Найруулагч нар түмэн шидийн аргатай шүү дээ. Тэгж байснаа Г.Эрдэнэтогтох ах бид хоёрыг үлдээгээд кино групп гараад явлаа. Тэр үед Г.Эрдэнэтогтох ах надад хэзээ ч мартагдашгүй гоё үг хэлсэн. Ингээд намайг ятгаж, тэр хэсгийн зурганд орж байлаа. “Гал хам” кино эмэгтэйчүүдийн хорихын талаар анх удаа үзүүлсэн бүтээл болохоор маш их үзэгчтэй байсан. Тэр хэсэг нэг их гардаггүй ч хүмүүс чи “Гал хам”-д тоглосон уу” гэхээр нь би “Үгүй, би биш” гээд л улайн цайм гүрийчихдэг байлаа. Ер нь энэ тухай аав, ээж гээд гэр бүлийн маань хэн нь ч мэдээгүй. Саяхан телевизээр гарч байхад нь нөхөртөө хэлсэн чинь бүр гайхаад “Чи ямар сонин юм бэ. Одоо хэлж байгаа юм уу” гээд л. Би бараг өөрөө ч мартчихсан байсан. Тухайн үеийн найруулагч нарын хүлээцтэй байдал, ухааны би үнэхээр биширдэг. Бүх юм цаг нартай, мөнгө төгрөг урсаж байгаа. Тэгсэн нэг жаахан охин зургаа авахуулахгүй гээд маяглаад байх хэцүү шүү дээ. Би одоо найруулагчаар ажиллаж байна. Ийм байдалд орвол үнэхээр хэцүү байх.

-Г.Эрдэнэтогтох гуай танд юу гэж хэлж, ятгасан юм бэ? 

-Эмэгтэй хүний амьдралд мартагдашгүй үг гэж байдаг байх. Ухаантай жүжигчин учраас юу гэж хэлэхээ бодож, тооцоолсон байх. Тэр үгийг нь би хэзээ ч мартдаггүй. “Эмэгтэй хүн нөхөрт гарахаасаа өмнө өөрийн гэсэн нандин сайхан үнэртэй байдаг. Энэ үнэр нь нөхөрт гарсны дараа бага багаар арилж эхэлдэг. Чамаас маш сайхан үнэр үнэртэж байна. Ах нь чамайг ийм сайхан нандин охин гэдэгт чинь итгэж, хүндэлж байна. Энэ хэсгийн зургийг авах гээд маш олон хүн хүлээж байна. Хардалтаас үүдэж, нөхрийгөө гэмтээгээд хэзээ ч нөхөгдөшгүй харамсалт явдалд хүргэх зовлонд унаж байгааг харуулж, эрчүүд ч бас эхнэрээ гомдоохоос сэрэмжлэх хэрэгтэй маш олон хүнд сануулж, ухааруулсан санааг илэрхийлж байгаа. Тиймээс чи бид хоёрын энэ хэсэг муу муухай биш сайн зүйл” гэж хэлсэн. Энэ үг шинэ залуу жүжигчдэд ч бас сургамж, ухаарал болох болов уу.

-Монгол Улс ардчилалд шилжсэний дараахан Польшид хэрэгт холбогдсон таван залуугийн түүхээс сэдэвлэж “Цагаач” нэртэй кино зохиол бичсэн гэсэн. Энэ зохиолоо хэзээ дэлгэцийн уран бүтээл болгох вэ? 

-Миний нүдэн дээр маш олон сайхан залуусын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн эмгэнэлтэй явдал болж байсан учраас би энэ тухай кино хийнэ гэж бодож явдаг. Манай гэр бүл Польшийн Катовице хотод амьдардаг байсан. Маш олон уран бүтээлийн саналууд ирж, тэр ажлууддаа төвлөрч байгаа болохоор хараахан болоогүй. Гэхдээ “Цагаач” киногоо хийнэ гэж боддог.

-Тухайн үед болсон явдлын талаар ярьж болох уу?

-Катовицед үе тэнгийн, 19, 20 орчим насны таван сайхан залуу байр хөлсөлж амьдардаг байлаа. Маш хөөрхөн, соёлтой, боловсролтой тийм залуус байсан. Нэг нь найз бүсгүйтэй, нэг нь эхнэр хүүхэдтэй байсан санагдаж байна. Тэр үед нутаг нэгтнүүдээ дээрэлхэж, тонон дээрэмддэг атаманууд олон байсан. Бага тойргийн алдартай атаман залуу байлаа. Тухайн үед зөв амьдрах гэж хичээгээд л амьдралын төлөө зүтгэж байтал эхнэр нь найзыг нь даган хүүхдээ аваад Монгол руу буцчихсан юм билээ. Ингээд угийн атаман зантай хүний бухимдал, бачуурлыг нь хөдөлгөсөн байх. Хөөрхий тэр эмэгтэйд ч бас юу ч тохиолдсон байж мэднэ. Ингээд монгол айлуудаар орж дээрэм тонуул хийж эхэлсэн. Нөгөө таван залуугийнхаар орой болгон очиж, эгнүүлж зогсоож байгаад зодож, дарамталж, дээрэмдсэн юм билээ. Тэр өдөр би найзынхаа төрсөн өдөрт явахаар гэрээсээ гарах гэж байтал нөгөө атаманууд манайд орж ирлээ. Архи задалж өгөөд манайхаас бөөндөө гарсан юм. Гэтэл харанхуйд хаанаас ч юм олон хүн гарч ирээд өнөө хэдэн атамануудыг зодож, цохиод эхэлсэн. Юу нь ч мэдэгдээгүй. Тэгээд бүгд зугтааж найзындаа хоносон юм. Маргааш өглөө нь иртэл байрны хажууд байдаг хөлбөмбөгийн талбайг бүсэлж хаагаад, уяа татчихсан байсан. Удалгүй хаалгыг маань цагдаа нар цохиод л. Яг кинон дээр гардаг шиг битүү тусгайгийн хувцастай хүмүүс байсан. Дарга нь “Танай гадаа ази гаралтай эрэгтэй хүн хэрцгийгээр алуулсан байна. Энэ хүнийг хэн гэдгийг нь тогтоож чадахгүй байна. Энэ байранд амьдардаг цорын ганц гадаад айл бол танайх. Бидний ажилд туслаад энэ хүнийг танихад туслаач” гэлээ. Үгүй гэх ч арга байсангүй. Гэтэл өнөө атаман залуу маш хэрцгийгээр амиа алдсан байсан. Нөгөө таван залууг дээрэмдэхдээ маргааш ирж ална, дахиад зодож нүднэ гэж хэлсэн юм билээ. Бага залуу ч гэсэн эрчүүд юм болохоор тэд “Орой бүр ингэж дээрэлхүүлж, доромжлуулж байснаас тэднийг хашраая” гэж шийдээд гэртээ байсан бейсболын цохиур, хутга, заазуураар зэвсэг лээд нөгөө атаманыг нийлж байгаад зодож л дээ. Алъя гэж бодоогүй ч олуулаа хөөрсөн залуу хүмүүс санаандгүй хөнөөчихсөн байх. Польшийн цагдаа нар бүх замыг тэр дор нь хааж, тэр таван залууг баривчилсан. Монголчууд тэр залуучуудыг олон ч жил эргэж тойрсон доо. Хайран сайхан таван залуугийн амьдрал тэр өдрөөс хойш орвонгоороо эргэсэн. Мэдээж Польшийн шоронгийнхон монгол залуусыг таатай хүлээж аваагүй нь тодорхой.

-Та “Ану хатан” киног найруулсан ч зохиолч Б.Шүүдэрцэцэг таны нэрийг хасаж, нэг хэсэг шуугиан тарьсан шүү дээ. Тэр асуудал шийдэгдсэн үү?

-Үнэн юм үнэнээрээ л байх ёстой. Шинэ цагийн кино урлаг зөв голдрилоо олох гэж хичээж байна. Залуу уран бүтээлчид гэрээгээ дутуу хийх, найз нөхдийн хувьд бие биедээ хэт итгэх зэргээс үүдээд оюуны өмчийн зөрчил, янз бүрийн асуудал үүсдэг. Гэхдээ Б.Шүүдэрцэцэг бол олон жил жендэр, эмэгтэйчүүдийн эрхийн талаар бичсэн хүн. Гэнэн залуу ч биш. Найман жилийн өмнө надаас уучлал хүсээд “Би алдаагаа засна” гэж бичсэн бичиг нь одоо ч бий. Одоогоор бол алдаагаа зассан зүйл алга. Надад батлахаас илүүтэй өөртөө үнэнч байх нь уран бүтээлч хүний үнэт зүйл. Тиймээс заавал шахаж шаардаад байхыг хүсдэггүй. Гэхдээ энэ бол хамгийн бүдүүлэг үйлдэл. Энэ жишээ маш олон хүнд оюуны өмчтэй холбоотой гашуун сургамж болсон. “Ану хатан” бол АНУ-ын Lionsgate компани худалдан авсан цорын ганц бүтээл шүү дээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

А.Гантулга: Мөрөөдлийнхөө биеийг “урлах”-ын тулд олон жилийн уйгагүй хөдөлмөр хэрэгтэй

  • 2021 онд Arnold Classic тэмцээнд оролцох зорилготой байна
  • 2017 он миний хувьд амжилтын жил байсан гэхэд болно. Хотын аварга, улсын аварга болж, цаашлаад дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн сайхан жил байлаа. Үүнийг хараад өөрөөрөө заримдаа бахархдаг шүү. Энэ бүхний ард маш олон хүний хөлс хүч, хичээл зүтгэл шингэсэн байгаа
  • Тэмцээний ангиллаас шалтгаалж шалгуур нь харилцан адилгүй байдаг. Манай ангиллын хувьд аль нэг булчин том гэхээс илүү биеийн өв тэгш байдал, зөв хөгжлийг хардаг

Манай улсын хүүхэд, залуучуудын дунд эрчимтэй хөгжиж буй спортын нэг төрөл нь бодибилдинг, фитнесс юм. Монголчууд дэлхийн шилдгүүд шиг мундаг булчин, шөрмөстэй болохын тулд бус эрүүл чийрэг бие хаа, идэвхтэй хөдөлгөөн, өв тэгш биетэй болохын тулд бодибилдинг, фитнессээр хичээллэх болсон билээ. Тэр хэрээр нийслэлийн өнцөг булан бүрт фитнесс клуб үйл ажиллагаа явуулж байна. Бид энэ удаагийн зочноо үүнтэй холбогдуулан урьж, ярилцлаа. Тэр бол 2017 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Улаанбаатар хотын болон улсын аварга, Mr Olympia тэмцээний алтан медальт, үнэмлэхүй аварга, Pro Card-ийн эзэн, “Фитнесс эженси” клубийн дасгалжуулагч А.Гантулга юм. Түүнийг уншигчид манай сонины “Гоо сайхан” буланд орсноор нь таних болсон биз. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.

-Бодибилдингийн тамирчдыг харсан залуусын ихэнх нь богино хугацаанд яаж ийм гоё биетэй болох тухай боддог. Ийм мөрөөдөлтэй залууст та хамгийн түрүүнд юу хэлмээр байна вэ?

-Энэ спорт харьцангуй урт хугацааны буюу хэр тууштай байж чадна тэр чинээгээр үр дүнд хүрдэг. Тиймээс эхлээд өөртөө том зорилго тавь, дараа нь зорилгынхоо төлөө тууштай байхыг зөвлөе. Зөвхөн бодибилдинг, фитнесс гэлтгүй бусад төрлийн спорт ч адилхан. Монголын шилдэг тамирчид олон жил уйгагүй хөдөлмөрлөж ирсний үр дүнд тив, дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг мандуулж байна, овог, нэрээ дуудуулж байна. Аль ч төрлийн спорт дотроо өрсөлдөөнтэй. Тэр өрсөлдөөнд сөхрөлгүй, шантралгүй тэмцсэн тохиолдолд амжилтад хүрдэг. Өөрийгөө дайчилж, тууштай байвал гоё биетэй болно.

-Ингэхэд яг тань шиг болоход хэдий хэр хугацаа зарцуулах бол?

-Хувь хүнээс л шалтгаалах болов уу. Дээр хэлсэнчлэн урт хугацааны тууштай бэлтгэл хэрэгтэй. Миний хувьд тууштай хичээллээд таван жил болжээ. Ер нь энэ төрлийн бэлтгэл огт хийж байгаагүй хүн долоо хоногт хамгийн багадаа 3-4 удаа бэлтгэл хийвэл зүгээр. Ийм маягаар тасралтгүй гурван сар явбал биед мэдэгдэхүйц өөрчлөлт гарч эхэлнэ. Тэгээд л цааш нь хөгжүүлнэ шүү дээ. Гоё биетэй болно гэдэг утга учиргүй төмөр, штанг өргөхийн нэр биш юм. Мэргэжлийн сайн дасгалжуулагчийн удирдлагад техниктэйгээ зөв харьцах хэрэгтэй.

-Энэ спортыг сонгосон шалтгаан нь юу вэ?

-Залуучуудын л адил биеэ гоё болгох хүсэл мөрөөдөлтэй байсан. Хэд хэдэн спортын сонголт байсан ч надад илүү тохирох нь боди билдинг, фитнесс юм байна гэдгийг мэдэрсэн. Ойр дотнын найзууд маань ч энэ спортыг зөвлөсөн юм. Ингээд шийдвэрээ гаргаж, 10 гаруй жилийн өмнөөс сонирхож эхэллээ. Харин тууштай хичээллээд таван жил болж байна. Гурван жилийн өмнөөс л тэмцээнд оролцож эхэлсэн. Анх тэмцээнд ороход өдөр бүр хамт бэлтгэл хийж, дасгалжуулж байсан хүн бол миний найз Г.Барсболд. Мөн дэмжлэг болж, зөвлөгөө өгдөг найзууд ч бий. Зарим хүн хэн нэгэн алдартай хүнээс үлгэр дуурайл авч бэлтгэлээ чамбайруулдаг. Харин миний хувьд хамт бэлтгэл хийж буй найз нөхдөөсөө урам зориг авдаг.

-Та тэгвэл маш богино хугацаанд өөрийгөө өөрчилж чаджээ. Гурван жилийн өмнө дэлхийн аваргаас медаль авсан байна. Дэлхийн дэвжээнээс медаль авна гэдэг баргийн хүний чадах зүйл биш. Дэлхийн аваргаас медаль авах тэр мөчөө эргээд дурсвал?

-Маш сайхан байлгүй яах вэ. Анх би бодибилдингээр хичээллэхдээ тэмцээн уралдаанд оролцоно гэж огт төсөөлөөгүй явлаа. Зүгээр л булчингаа бага зэрэг хөгжүүлэх зорилготой байсан. Ингээд хичээллэх явцдаа энэ спортод улам их татагдсан, шунасан. Биеэ бүр гоёор хөгжүүлж, тэмцээнд оролцож үзэхийг найзууд минь санал болгож зөвлөсөн юм. Энэ мөчөөс л тууштай хичээллэсэн дээ. Тууштай хичээллэснээс хойш хоёр жилийн дараа үр дүн гарсан шүү. Өөрөөр хэлбэл, 2017 он миний хувьд амжилтын жил байсан гэхэд болно. Хотын аварга, улсын аварга болж, цаашлаад дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн сайхан жил байлаа. Үүнийг хараад өөрөөрөө заримдаа бахархдаг шүү. Энэ бүхний ард маш олон хүний хөлс хүч, хичээл зүтгэл шингэсэн байгаа.

-Коронавирусийн цар тахлын улмаас энэ онд ямар нэгэн тэмцээн болохгүй. Харин ирэх жилүүдэд та ямар зорилт тавиад байна вэ?

-Pro Card эзэмшсэнээр дэлхийн болон Азийн аварга гэх мэт тэмцээнд орох боломжгүй. Зөвхөн мэргэжлийн тамирчдын хооронд болдог олон улсын тэмцээнд л өрсөлддөг юм. Тэгэхээр миний эхний зорилго 2021 оны Arnold Classic-д хүч үзэх бодолтой байна даа.

-Нэг зүйлийг асуухгүй өнгөрч болохгүй нь. Fitness Agency клубт дасгалжуулагчаар ажиллаж байгаа юм билээ. Яагаад энэ байгууллагыг сонгов. Fitness Agency бусад клубээс юугаараа ялгаатай юм бэ? 

-Манай байгууллага мэргэжлийн багш, дасгалжуулагчдаас бүрдсэн. Монголд үйл ажиллагаа явуулж буй фитнесс клубийн бараг 80 хувь нь мэргэжлийн багштай ч заримаас нь үр дүн бага гардаг. Энэ тухай үйлчлүүлж байсан хүмүүс нь хэлдэг юм. Тэгвэл өөртөө өөрчлөлт хийхийг хүссэн хэн бүхний мөрөөдлийн биеийг богино хугацаанд “урлахад” нь мэргэжлийн үүднээс туслах зорилгоор энд ажиллаж байна. Клубийн зорилго минийхтэй адилхан учраас надад тавьсан саналаас нь татгалзаж чадаагүй юм. Энэ дашрамд, богино хугацаанд зорсон мэт биетэй болохыг хүсвэл манайхыг зориорой гээд клубээ нэг рекламдъя. Манай клуб нэг удаагийн элсэлтээр цөөхөн хүн авч, тулж ажилладгаараа онцлогтой.

-Бодибилдинг, фитнессээр хичээллэхэд олон зүйл дээр тэвчээр хэрэгтэй юм шиг санагддаг. Хоол унднаас эхлээд дэглэм барих шаардлага гарна. Таны хувьд долоо хоногт хэдэн удаа бэлтгэл хийж байна вэ. Хоолны дэглэм барьдаг уу?

-Энгийн үед долоо хоногийн зургаан өдөрт нь бэлтгэл хийдэг. Тэмцээнгүй үед дэглэм гэхээсээ илүү уураглаг, эрүүл хоол хүнсийг зохистой хэмжээгээр хэрэглэдэг. Мэдээж мэргэжлийн түвшний тамирчин учраас нэмэлт тэжээл зайлшгүй шаардлагатай.

-Тэмцээнээс хэд хоногийн өмнө жингээ хаяж булчингаа ялгаруулж, хэзээ нь бэлтгэлээ хийдэг вэ?

-Гурван сарын өмнөөс өөхний хэмжээгээ хасч, булчингаа ялгаруулдаг. Тэгэхгүй бол хүссэн амжилтаа үзүүлж чадахгүй шүү дээ.

-Ярилцлагаа чөлөөт маягаар үргэлжлүүлмээр санагдлаа. Та зөвшөөрөх үү?

-Бололгүй яах вэ. Чадахаараа хариулаад л явъя.

-“Булчингийн масс ахих бүрт толинд өөрийгөө харж, таашаал авах сайхан” гэж тантай хобби нэгтнүүд хэлдэг. Та ч үүнийг тойроогүй байлгүй...

-Мэдээж энэ спортын гол онцлог нь нүдэнд харагдах өөрчлөлт. Тэр өөрчлөлт, үр дүн гээсээ урам авч илүү хичээдэг.

-“Майк, эсвэл нимгэн цамц өмсөөд гудамжаар алхах онгироо зан надад түр хугацаанд байсан” гэж мистер Л.Баянхүү надад нэг удаа ярьсан юм. Та ч мөн адил тийм үетэй хамт “алхаж” байсан уу?

-Байсан, байсан. Удаан хугацааны хичээл зүтгэлийн үр дүнгээр эрүүл биеэ урлаж чадсан хүн чинь хааяа түүгээрээ онгирох зүгээр шүү дээ.

-Сайхан биетэй залуучуудад хүүхнүүд татагдах нь мэдээж. Танд анзаарагддаг уу?

-Үүнийг харин нэг их анзаарч байгаагүй юм байна. Тэгээд ч одоо сайхан биетэй залуус олон болсон шүү дээ. Бүгд л тодорхой хэмжээнд биедээ анхаарч, хөгжүүлэх гэж хичээдэг болсон байна.

-Тэмцээний үед сексийн асуудал чухал байдаг гэж сонссон. Энэ талаар мэдээлэл хэр нээлттэй байдаг вэ?

-Энгийнээр тайлбарлахад эр гормон нь булчинг ургуулахад гол нөлөө үзүүлдэг. Тиймээс тэмцээн болохоос сарын өмнөөс бэлгийн харьцаанд аль болох бага орох хэрэгтэй.

-Бодибилдингийн тэмцээнд булчин том байвал л сайн гэсэн үг үү. Тэмцээний гол шалгуур нь юу вэ?

-Тэмцээний ангиллаас шалтгаалж шалгуур нь харилцан адилгүй байдаг. Манай ангиллын хувьд аль нэг булчин том гэхээс илүү биеийн өв тэгш байдал, зөв хөгжлийг хардаг.

-Та аль булчингаа илүү хөгжүүлэх дуртай вэ. Максимум хэд өргөж, шахаж үзсэн бэ?

-Бүх хэсгийн булчиндаа анхаарахыг хичээдэг. 220 кг-д сууж, 200 кг шахаж байсан.

-Манай тамирчид сэтгэл зүйн тал дээр асуудалтай байдаг. Таны хувьд?

-Мэдээж сайн сэтгэлзүйчээс зөвлөгөө авдаг. Энэ тал дээр харьцангүй гайгүй байх. Уг нь сэтгэл зүйн чиглэлийн ном, гарын авлага байвал тамирчдад их хэрэгтэй юм. Харамсалтай нь, манай улсад энэ төрлийн ном, гарын авлага дутмаг байдаг.

-Спорт гэдэг залуу насны ажил. Ирээдүйд гарах хор нөлөө их, бага хэмжээгээр гардаг гэх юм билээ. Наанадаж хувийн амьдралдаа цаг зав хомс гаргасан гээд л ...

-Дасгалыг зөв техникээр хийж дадах нь хамгийн чухал. Манайд 50-иас дээш насны сайн тамирчид олон бий. Тэгэхээр дан залуу насны ажил гэж хэлж болохгүй байх. 

-Бодибилдинг бүх спортын суурь болдог гэдэг. Үүнтэй та санал нийлэх үү?

-Гол төлөв хүчний спортуудын суурь болдог.

-Энэ спортоор хичээллэдэг хүний зардал их байдаг. Таны хувьд сард хэдэн төгрөг зарцуулдаг вэ?

-Тамирчдын хувьд уураг, амин дэм, хоол хүнс гээд л тогтмол зардал өндөр. Яг нарийн тоо хэлэх боломжгүй учраас уучлаарай. Ер нь бол зардал өндөртэй спорт.

-Гадаад, дотоодын тэмцээнд оролцохдоо та зардлаа хувиасаа гаргадаг уу. Эсвэл ивээн тэтгэгч байгууллагатай юу?

-Ихэнх тохиолдолд өөрсдөө гаргадаг.

-Бэлтгэл хийж байх үед нэмэлт бүтээгдэхүүн заавал хэрэглэх шаардлагатай юу?

-Заавал хэрэглэх шаардлагагүй. Тухайн хүний бэлтгэл хийж буй зорилго, биеийн онцлог зэргээс шалтгаална.

-Ямар улиралд залуучууд бэлтгэл хийж эхэлдэг вэ. Зарим нь биеэ гайгүй хөгжүүлээд ирэхээрээ орхидог гэсэн. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Зуны улиралд бэлдэж өвөл, хавар ихэвчлэн бэлтгэл хийдэг. Дасгалаа хийхгүй орхивол булчин тань ч бас чамайг орхино л гэсэн үг.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Алтан ураг” жүжигчин Б.Амарсайхантай шүүхдэлцэнэ гэв

  • Жүжигчин Б.Амарсайхан “Алтан ураг” хамтлагийн бүтээлийг сонгуулиар ашиглаж байжээ
  • Бид заавал шаардлага тавих албагүй. Албан ёсны бүртгэлтэй учир оюуны өмчийг ашигласан бол төлбөрөө төлөөд явах ёстой

Монголын анхны фолк рок, этник рок тодотголтой “Алтан ураг” хамтлаг жүжигчин Б.Амарсайханд хандан оюуны бүтээлийг нь улс төрийн зорилгоор ашигласныг нь эсэргүүцэн мэдэгдэл гаргажээ. Энэ талаар тус хамтлагийн гишүүн М.Чимэд тогтохоос тодрууллаа.

-Жүжигчин Б.Амарсайханд хандан гаргасан мэдэгдлийнхээ талаар мэдээлэл өгөхгүй юу?  ­

-Манай хамтлагийн “Ижий Монгол” нэртэй уран бүтээлийг сонгуулийн сурталчилгаанд удаа дараа зөвшөөрөлгүй ашиглаж буйг эсэргүүцэн энэхүү мэдэгдлийг гаргасан юм. Манай хамтлаг 2004 оноос хойш уран бүтээлээ туурвиж, Монгол Улсын нэрийг олон удаа дэлхийд таниулж байсан. Энэ сарын 23-­ны өдөр гаргасан мэдэгдэл 2012 оноос эхлэлтэй. Тухайн үед “Намайг Амараа гэдэг” гээд нэг жүжигчин залуу гарч ирсэн. Тэр сурталчилгаа нь цаашдаа Б.Амарсайханы тренд болж явсан. Үүнийг амьдруулж байсан ганц зүйл нь манай хамтлагийн хөгжим. Анх бидний зөвшөөрөлгүй ашиглахад нь залуу хүн дараа нь бидэнд хэлэх байх гээд тоогоогүй. Гэтэл 2016 онд дахин ашигласан. Үүнээс болоод манай хамтлагийн уран бүтээлийг сүү болон зайрмагны сурталчилгаанд ашиглах болсон юм. Тэгээд энэ онд дахин сонгуульд ашиглалаа. Оюуны өмчийн хулгайг энэ удаа зүгээр хараад сууж чадахгүй. Манай хамтлаг байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл улс төрийн ямар нэгэн сурталчилгаанд оролцож байгаагүй. Нам бус гэж явдаг болохоор оролцохыг ч хүсдэггүй юм. Гэтэл биднийг улс төрд хүчээр оруулж ирсэн учраас дуугарахаас өөр аргагүй байлаа. 

-Сонгуулийн сурталчилгаанд гурван удаа ашигласан байна. Яагаад тухай бүрд нь оюуны өмчөө хамгаалж шаардлага тавиагүй юм бэ? 

-2010 онд BMI гээд дэлхийн зохиогчийн эрхийг хамгаалж, албан ёсоор худалдаалдаг байгууллагад “Ижий Монгол” бүтээлээ бүртгүүлсэн. Шаардлага тавиагүй гэж ойлгож болохгүй. Бид энэ хугацаанд хэр удаан ашиглахыг нь харж, баримтжуулж байсан юм. 2016 онд BMI компани бүх баримтыг цуглуулан дахин гарч иртэл нь цуглуулсаар бай гэсэн. Бид сонгуульд ашигласан улс төрийн намд хандсан. Гэтэл өнөөдрийг хүртэл үл ойшоож байна. Гэхдээ бид заавал шаардлага тавих албагүй. Албан ёсны бүртгэлтэй учир хэрэглэсэн бол төлбөрөө төлөөд явах ёстой.

-Яагаад сонгуулийн үеэр энэ тухай ярих болов? ­

-Бид албан ёсоор мэдэгдэл хүргүүлээд хариу ирэх байх гэж хүлээсэн. Гэтэл мэдэгдэл гаргасан ч тоогоогүй. Сон­гуультай холбох нь чухал биш шүү дээ. Хэзээ ч, ямар ч нөхцөлд хүний өмчийг зөвшөөрөлгүй ашиглаж болохгүй гэдэг санааг л өөрсдийнхөөрөө дэвшүүлж байгаа нь энэ.

-Тэгэхээр одоо цаашид ямар арга хэмжээ авах вэ? ­

-Монгол Улсын болон олон улсын оюуны өмчийн тухай хуулийг удаа дараа зөрчсөн хэрэг болж байна. Тиймээс манай хамтлаг BMI байгууллагатай хамтран зохиогчийн эрх, оюуны өмчийн хулгайтай тэмцэж, олон улсын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагад улс төрийн зорилгоор хулгайлан ашигласан асуудлыг нийтэд ил болгохоор болсон. Тоохгүй хэвээр байвал шүүхэд хандана.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Бейонсе хар арьстнуудын эрх чөлөөг тунхагласан шинэ дуу цацав

Америкийн цагдаа нар хар арьст Жорж Флойдын амь насанд хүрсэн нь дэлхий нийтийг бухимдуулж, өнгөт арьстнууд нэгдэж тэмцэхэд хүргэсэн. АНУ-ын өнцөг булан бүрд эсэргүүцлийн жагсаал болоод зогсохгүй урлаг, спортын алдартнууд дуу хоолойгоо илэрхийлсээр байна. Тэгвэл энэхүү эрх чөлөө, арьс өнгөний ялгаварлалыг эсэргүүцэгчдийн эгнээнд алдарт дуучин Бейонсе өөрийн шинэ уран бүтээлээр нэгдэж, Black Parade нэртэй шинэ дуугаа цацсан байна. Өмнө нь шинэ бүтээлийнхээ тухай ямар ч мэдээлэл гаргаагүй бөгөөд Бейонсе дуугаа цацагдсаны дараа “Энэ бол боолчлолыг цуцалсан өдөрт зориулсан дуу. Боолчлол хаана ч байх ёсгүй. Тэр тусмаа эрх чөлөөт Америк оронд” хэмээн ярьжээ. Тэрбээр зургадугаар сарын 19-нд дуугаа цацахдаа Америкийн түүхэнд боолчлолыг цуцалсан өдөрт зориулсан бөгөөд шинэ дуугаа хар арьст бизнес эрхлэгчдийг дэмжих санаачилга гаргасан байна. Дууны үгэнд хар арьстнуудын боолчлол, цагдаагийн харгислал, Жорж Флойдын амийг нэхсэн эсэргүүцлийн тухай хүчтэй мөрт багтжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Намайг тайзан дээр дуулж байхад муулагсад буйдан дээрээ сууж байсан

  • Шоунд орсны дараа аав, ээж маань “Охиноороо бахархаж байна” гэж хэлсэн нь амьдралдаа сонсож байсан хамгийн нандин үг
  • Дашням ахыг үлдчихлээ гэж шүүмжилсэн сэтгэгдлүүдтэй санал нийлэхгүй байна. Дашням ах үлдэх ёстой байсан учраас үлдсэн. Миний амжилтад хүрэх цаг хугацаа удахгүй ирнэ, би өндөрлөгт гарна гэдэгтээ итгэж байгаа учраас үзэгчдийн сонголтод сэтгэл өег байсан
  • Урлагийн хүн тайзан дээр гарч, уран бүтээлээ хүргэхдээ үзэгчдийг аз жаргалтай болгохын тулд бүхнээ зориулдаг. Тайзан дээр байх тэр мөчид ээж нь нас барсан уу эсвэл аавынх нь бие муу байна уу огтхон ч хамаарахгүйгээр энэ бүх мэдрэмж, шаналлаа тэвчиж, үзэгчдэд мэдэгдэхгүй байх ёстой

The Voice of Mongolia шоуны шилдэг оролцогч С.Марал-Одыг “Залуус” буландаа урилаа. Тус шоуны хамгийн бяцхан оролцогч тэрбээр ердөө 17 настай ч насандаа баймгүй авьяастай, хэрсүү гэдэг нь ярилцах зуур мэдрэгдэж байлаа. Түүнийг олон нийт шоуны дараагийн ялагч хэмээн таамаглаж байсан ч тэрбээр хагас финалын шатнаас хасагдсан нь багагүй шуугиан тарьсан юм. Түүний ертөнцөөр хамтдаа аялцгаая.

-Марал-Од багадаа ямар хүүхэд байсан бэ. Хэзээнээс дуулж эхлэв?

-Ээж маань цэцэрлэгт дуу хөгжмийн хичээл заадаг байлаа. Ээжийнхээ ажилладаг цэцэрлэгт явдаг байхдаа хичээлийнх нь CD дээр байсан дуунуудыг дагаж дуулдаг, гял цял юманд дуртай дуу, бүжгээс салдаггүй хүүхэд байсан. Хаана л дуу хөгжим тоглоно би тэнд зогсож байна. Тэр үеэс өөрийгөө дуулах авьяастай, урлагт дуртай гэдгээ мэдэх болсон. Аав, ээж маань сайхан дуулдаг хүмүүс. Бас ураг төрөлд маань урлагийн хүн олон бий.

-Өнгөрсөн жилийн ялагчийг бэлтгэсэн Ука шүүгчийн багийг сонгосон. Яагаад ийм сонголт хийсэн бэ?

-Би багаасаа Ука көүчийнхээ фен нь байсан. Уран бүтээл, хэв маяг гээд бүх зүйл нь миний сонирхол байснаас гадна өмнөх улирлын оролцогчдод сонгож өгсөн дуу, бэлтгэсэн байдал нь надад маш их таалагдсан. Дөрвөн шүүгчээс хэнийг нь сонгох вэ гээд төсөөлөхөөр хамгийн амар, надтай илүү ойр хүн нь Ука шүүгч байсан юм.

-Шалгаруулалтад орохоосоо өмнө сонголтоо хийчихсэн гэсэн үг үү?

-Тийм ээ, Blind шатанд гурван шүүгч эргэж харсан. Дууны дунд хэсэг хүртэл Ука шүүгч эргэж хараагүй. Яагаад эргэж харахгүй байгаа юм бол, эргэж харахгүй бол яанаа ч гэсэн айдас төрсөн. Яг тэгж бодох үед көүч маань эргэж харсан мөч сэтгэлд хамгийн тод үлдсэн. 

-Нэвтрүүлгийн үеэр харж байхад өрсөлдөгчдөө маш халуун дотно баяр хүргэж байсан. Финалын шатанд шалгарч хасагдахад ямар мэдрэмж төрсөн бэ. Сэтгэлээр унасан уу? 

-Өмнө нь жижиг хэмжээний тэмцээн уралдаанд орж байсан ч ийм том тайзан дээр гарч, телевизийн шоунд орж байгаагүй. Гэхдээ олон удаа ялагдаж үзсэн. Хагас финалд үзүүлбэрээ өөрийнхөө бэлдсэн хэмжээнд гүйцэтгэж чадсан болохоор хасагдсан ч гэсэн сэтгэл дүүрэн байсан. Би өөрийгөө үлдэх болов уу эсвэл Э.Дашням ах үлдэх болов уу гэж огт бодоогүй. “Юу л болбол болог. Үзүүлбэрээ үзүүлж, хамгийн чадахаараа хичээх хэрэгтэй” гэж бодсон. Хүмүүс надаас “Чи уйлсан уу, хэцүү байсан уу” гэж маш их асуусан. Надад хэцүү байгаагүй, бас сэтгэлээр ч унаагүй. Би энэ шоунд юуны төлөө оролцсон юм бэ гэдгээ өрсөлдөж байхдаа ойлгож, тэр зорилгодоо хүрч чадсан, олон зүйл сурч мэдсэн, намайг маш олон хүн хайрлаж, дэмжиж байгааг харсан учраас миний хувьд бүх зүйл сайхан байна. 

-Энэ шоунд оролцсон гол зорилгоо биелүүлсэн гэж хэллээ. Тэр зорилгыг ялалт болов уу гэж таамаглаж байсан ч өөр зүйл байсан бололтой?

-Би өмнө нь дуулдаг байсан ч урлагийн салбарт хөл тавьж, мэргэжлийн хүмүүстэй ажиллаж үзээгүй. Мэргэжлийн уран бүтээлчидтэй хамтарч ажиллаад, тэднээс суралцаж, бэлтгэл хийгээд ирэхээр урлагийн хүнд юу хамгийн чухал вэ, энэ шоугаар хязгаарлагдах биш цаашдаа амжилтад хүрэхийн тулд юу хийх хэрэгтэйг маш сайн ойлгосон.

-Шоуны хамгийн хүнд хэцүү санагдсан үеийнхээ тухай хуваалцахгүй юу? 

-Blind audition шатнаас өмнө нээлттэй шалгаруулалт болдог. Урьдчилсан шалгаруулалтад орох үед “Тэнцсэн оролцогчид руу залгана” гэж хэлсэн юм. Тэр үед би хариу ирэх хүртэл өдөр бүр залбирдаг байлаа. Ингэж их хүсэж байж орсон, тэмүүлсэн зүйл маань учраас шантарч байгаагүй. Хүнд хэцүү зүйл гарсан ч гэсэн ялархахын оронд өөрийгөө дайчилж, тэр бүхнийг сэтгэл дүүрэн давж гарсан. Харин хамт өрсөлдөж байсан найзууд маань хасагдах мөч л хамгийн хэцүү байсан. Ялангуяа, Knock out шат хамгийн хүнд. Нэг багт бэлтгэлээ хамт хийж, бие биедээ тусалж ах дүүс, найз нөхөд болчихсон 10 хүний зургаа нь хасагдсан тэр мөчид оронд нь өөрийгөө тавиад үзэхээр үнэхээр хэцүү санагдаж байсан. Бас Battle шатанд хамт дуулсан Д.Халиунаа бол миний маш сайн найз. Бид хоёр 12 жил найзалж байна. Шүүгчид биднийг найзууд гэж мэдээгүй л дээ. Нас чацуу учраас бид яах ч аргагүй оноолт таарсан. 

-Э.Дашнямыг финалын шатанд шалгарахад олон нийт сошиалаар маш их шүүмжилж байсан. Багийнхаа гишүүдтэй найз нөхөд, ах дүүсийн нандин харилцаатай байх. Түүний тухай ярьж болох уу? 

-Э.Дашням ах маань маш цайлган сэтгэлтэй, үнэхээр тусч хүн. Өөрийнхөөрөө байгаа байдал, хөгжилтэй зан чанар нь хүмүүсийн хайрыг татдаг. Бас уртын дуу дуулдаг, монголчуудын сэтгэлгээ, аархал, дотоод сэтгэлд нь хүрч дуулсан учраас л финалын шатанд шалгарч, өөрийгөө харуулсан. Хүн бүрийн цаг хугацаа өөр. Би хичээж байгаа цагт хэзээ ч амжилтад хүрнэ. Гэхдээ миний тэр цаг тэр мөч биш байсан. Олон нийт Дашням ахыг үлдчихлээ гээд янз бүрийн л сэтгэгдэл бичсэн байсныг харсан. Үнэнийг хэлэхэд тэр бүх сэтгэгдэлтэй санал огт нийлэхгүй байна. Дашням ах үлдэх ёстой байсан учраас л үлдсэн. Миний амжилтад хүрэх цаг хугацаа удахгүй ирнэ, би өндөрлөгт гарна гэдэгтээ итгэж байгаа учраас үзэгчдийн сонголтод сэтгэл өег байсан. Хүмүүс биднийг өрсөлдөгчийн нүдээр хардаг ч бид нэг гараанаас эхэлж, хамтдаа өсөж дэвжиж, амжилтад хүрэхийн төлөө хичээж ирсэн. Тайзны ард миний үсийг сүлжиж өгдөг, мэдэхгүй зүйл дээр минь тусалдаг тийм л хүн. 

-Шоуны шат бүр дээр шүүгчийн сонголтоор шалгарсан шүү дээ. Тэр бүрд үүрэг оногдсон байх?

-Сайн хичээх ёстой юм байна гэж бодсон. Бас Ука шүүгчийн багт орсондоо маш их талархсан. Шат бүр дээр шүүгчийн сонголтоор үлдэж байсан маань “Чи цаашдаа шантрах эрхгүй боллоо шүү” гэдэг үүрэг хариуцлагыг мэдрүүлж байлаа.

-Олон хүмүүс бахархаж байгаагаа хэлсэн байх. Шоуны туршид сонссон хамгийн нандин үг юу байсан бэ?

-Аав, ээжээсээ сонссон үг хамгийн нандин байсан. Тэр хоёр маань “Охиноороо бахархаж байна” гэж хэлэхэд би ялагч болчихсон юм шиг л санагдсан. Яг үнэнийг хэлэхэд аав, ээж маань намайг урлагийн хүн болохыг дэмждэггүй байсан. Шоунд оролцсоноос хойш охиныг нь олон хүн магтаж, бахархаж байгааг хараад бодол нь өөрчлөгдсөн болов уу. Бас дуртай зүйлээ хийгээд аз жаргалтайгаар жижигхэн ч гэсэн амжилтад хүрч байгааг хараад зөв сонголт хийжээ гэж бодсон байх. Хичээлээ сайн хийх үед эсвэл олимпиадаас шагнал авах үед л мундаг гэж хэлж байсан болохоос дуулахад маань хэзээ ч тийм үг хэлж байгаагүй л дээ. 

-Тэгвэл хамгийн хатуу үг юу байв. Бас тэр үг Марал-Одыг өөрчилж, ухаарал өгч чадсан уу? 

-“Энэ шоунд оролцож байх хугацаандаа бас цаашдаа бусад хүмүүсийн оронд өөрийгөө тавьж үзээрэй. Би энэ хүний оронд байсан бол яах байсан бол гэж бодож бай” гэж хэлсэн көүчийн маань үг сэтгэлд тод үлдсэн. Энэ үг намайг байгаа бүхэндээ талархахад сургаж, урам зориг, сэдэл болсон гэж хэлж болно. Би насаар хамгийн бага оролцогч байсан болохоор бүгд л намайг хайрлаж, эрхлүүлдэг байсан. Тийм болохоор энэ итгэлийг нь алдахгүйг хичээж байсан маань хатуу үг сонсохгүй байхад нөлөөлсөн байх. Шоуны баг, шүүгчид ч оролцогчдоо маш сайн мэдэрдэг. Энэ хүүхдэд бага зэрэг ташуур хэрэгтэй юу эсвэл урам хэрэгтэй юу гэдгийг мэддэг учраас оролцогчдынхоо онцлогийг мэдэрч ажилладаг.

-Сурлага сайтай, сургуулийнхаа тэргүүний сурагч юм билээ. Дуучин болох уу эсвэл өөр салбарт хүч үзэхээр төлөвлөж байна уу?

-Миний амьдралын туйлын зорилго бол дуу хөгжим. Гэхдээ мөнгөний хоёр догч урсгалтай болж, өөр салбарт хүч үзэх болбол загварын салбарт өөрийгөө сорино гэж боддог. Ирээдүйд өөрийн гэсэн брэндтэй болохыг хүсэж байна. 

-Тайзан дээр өмссөн хувцаснуудаа өөрөө урласан гэл үү?

-Battle шатныхаа хувцсыг л өөрөө оёсон. Бусад шатанд өмссөн хувцаснуудынхаа жижиг деталиудыг хийсэн. Бүгдийг нь оёогүй шүү (инээв).

-Шоу дууссан ч гэсэн уран бүтээлийн олз омог арвин байгаа болов уу гэж бодож байна. Ямар жанраар дуулахыг хүсэж байна?

-Би өөрийнхөө юу хийж чадахыг хармаар байна. Тийм болохоор аль нэг жанрт баригдахгүйгээр бүхий л төрлөөр сорьж үзнэ. Ер нь надаас юу ч гарч магадгүй. 

-Ингэхэд найз хөвгүүн бий юу. Танилцах санал их ирдэг гэж сонссон?

-Байхгүй ээ. Танилцах санал тийм ч их ирээгүй (инээв). Цаашдаа өөрийгөө хөгжүүлэхдээ илүү анхаарах учраас одоохондоо миний амьдралын чухал зүйлсэд үерхэл хараахан багтаагүй. Хүмүүсийг таньж мэдэх хүрээнд л харилцаж, нөхөрлөхийг хүсэж байна.

-Урлагийн салбар хүнд хэцүү гэдгийг тогоонд нь чанагдсан хүмүүс хэлдэг. Дуучин болох эхлэлээ тавьж буй хүний хувьд хүнд санагдаж байгаа зүйл бий юу?

-Яг одоогоор өөрөө мэдэрч, туулсан зүйл байхгүй. Гэхдээ урлагийн хүн тайзан дээр гарч, уран бүтээлээ хүргэхдээ үзэгчдийг аз жаргалтай болгохын тулд бүхнийг хийдэг. Тайзан дээр байх тэр мөчид ээж нь нас барсан уу эсвэл аавынх нь бие муу байна уу огтхон ч хамаарахгүйгээр энэ бүх мэдрэмж, шаналлаа тэвчиж, үзэгчдэд мэдэгдэхгүй байх ёстой. Тиймээс урлагийн хүнээс бие болоод сэтгэлийн тэвчээр маш их шаарддаг юм билээ. Бас маш ухаантай, зөв амьдрах ёстой гэдгийг ойлгож авсан. 

-Бид сошиалын эрин зуунд амьдарч байна. Та хүмүүсийн шүүмжлэл, сэтгэгдлийг уншдаг уу. Цахим ертөнц дэх шүүмжлэлүүдийг хэрхэн хүлээж авч байна?

-Би сайн уншдаг шүү. Тухтай сууж байгаад нэг бүрчлэн уншдаг. Сөрөг сэтгэгдлүүд маш олныг уншсан ч эерэг нь илүү олон байсан. Гэхдээ надад хүндээр тусаж байгаагүй. Яагаад гэвэл би тайзан дээр дуулж байсан. Харин тэд буйдан дээр суугаад үзэж байсан.

-Энэ шоуны тайзан дээр гарснаар та Z үеийнхний том төлөөлөл болсон. Үе тэнгийнхнээ хараад шүүмжилмээр санагддаг эсвэл засаж залруулаасай гэж хүсдэг зүйл байдаг уу?

-Би үеийнхээ хүүхдүүдийг хүрээллээ зөв сонгоосой гэж хүсдэг. Хүн урсгалаараа амьдарч болно, манлайлагч ч байж болно. Гэхдээ өөрийнхөө яг одоо байгаа газарт манлайлагч нь байж, чамаас илүү гарах хэн ч байхгүй байвал чи буруу газартаа байна гэсэн үг. Хүн өөрөөсөө илүү чадвартай хүмүүсийн дунд ороод ирэхээр өөрийнхөө түвшнийг мэдэхээс гадна тэр хүмүүсээ дагаад хөгжиж эхэлдэг. Тиймээс хүрээллээ зөв сонгож, хүсэл мөрөөдлийнхөө төлөө тасралтгүй хөдөл мөрлөөрэй гэж хэлмээр байна. 

-17 настай Марал-Одод олон зорилго, мөрөөдөл бий байх. Ойрын зорилгоосоо хуваалцаач?

-Өөрийн гэсэн уран бүтээл гаргахаар төлөвлөж байгаа. Өөрөө үгийг нь бичиж, мэдрэмжээ илэрхийлсэн дуутай болохыг хүсэж байна.